Categories
мэдээ нийгэм

Хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй 34 журмын зохих заалтуудыг хүчингүй болгуулав

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 7 аймаг, 123 суманд ажиллах үеэр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах асуудлаар 54 албан бичгийг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэв.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн 24 албан тушаалтанд хариуцлага тооцсон талаар хариу мэдэгдсэн байх бөгөөд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон боловч төрийн захиргааны албан тушаал хашиж байсан 10 албан тушаалтныг давхар эрхэлж байсан ажил үүргээс нь чөлөөлжээ.

Түүнчлэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн 7 захирамж, тушаал болон хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй 34 журмын зохих заалтуудыг хүчингүй болгуулах арга хэмжээг авлаа.

Categories
мэдээ спорт

МХБХ-ны ээлжит бус их хурал бямба гаригт болно

Монголын хөлбөмбөгийн холбооны(МХБХ) ээлжит бус их хурал ирэх бямба гаригт буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр болно.

МХБХ-ны байранд болох тус хурал хэвлэл, мэдээллийн байгууллагуудад нээлттэй явагдана. Гэхдээ, хурлын явц, зохион байгуулалтанд хөндлөнгийн саад учруулахаас сэргийлж, мэдээлэл авах хүсэл сонирхолтой байгууллагууд нь өнөөдөр(11.20) албан хүсэлтээ ирүүлэхийг Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

iPhone 6 борлуулалт шинэ амжилт тогтоогоод байна

iPhone 6 болон iPhone 6 Plus утаснуудын борлуулалт худалдаанд гарсан эхний 3 өдрөө 1000 илүү гарлаа.

Өнгөрөгч баасан гарагт Монголд албан ёсоор худалдаанд гарсан iPhone 6 болон iPhone 6 Plus гар утас борлуулалтаараа Монголын гар утасны борлуулалтын түүхэнд шинэ амжилт тогтоогоод байна. Худалдаанд гарсан эхний 3 өдөрт 1000 гаруй ширхэг худалдаалагдсан нь өнгөрсөн жилүүдэд худалдаанд гарч байсан iPhone 5, iPhone 5S гар утаснуудын борлуулалтаас илүү гарчээ.

2014 оны 11-р сарын 14-ний өглөө 9 цагт Тэди төв нээгдэхэд дэлхий дахинд борлуулалтаараа тэргүүлээд байгаа шинэ гар утсыг худалдан авахаар хэдийнэ дараалал үүсээд байсан бөгөөд энэхүү дараалал одоо ч үргэлжилсэн хэвээр байгаа юм.

Мобиком Корпорацийн хувьд албан ёсны баталгаатай гар утаснуудаа бусад худалдааны газрууд, сайтуудаас харьцангуй хямд үнээр санал болгосон нь хэрэглэгчдийн эрэлтийг бий болгоод байна. Мөн хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа бас нэг арга хэмжээ нь Мобикомын дугаарыг 10-н жилээс дээш барьсан үнэнч хэрэглэгчиддээ iPhone 6 утсыг Мобикомоос худалдаалж байгаа хөнгөлөлттэй үнээс дахин 10% хямдруулж, 1,450,000 төгрөгөөр авах урамшууллыг 10 хоногийн хугацаатай зарлажээ. Үнэнч хэрэглэгчиддээ зориулсан энэхүү урамшуулал энэ бүтэн сайн өдөр дуусна.

Дашрамд дурдахад, борлуулагдсан нийт утасны 74%-ийг iPhone 6, 26%-ийг iPhone 6 Plus эзэлж байгаа юм байна. Өнгөний хувьд Gold (алтлаг), Silver (мөнгөлөг) болон Space Grey (саарал) гэсэн сонголттойгоор худалдаалагдаж байгаа бөгөөд Space Grey өнгөны сонголт тун удахгүй дуусах төлөвтэй байна.

Мобиком Корпораци Apple-ын шинэ загварын утаснуудаа борлуулж эхэлсэнтэй холбогдуулан iPhone 5, 5S, 5C гар утаснуудыг худалдан авч 1 жилээс дээш iPhone багц ашигласан хэрэглэгчиддээ iPhone 6 гар утас авах цоо шинэ боломжийг тун удахгүй танилцуулах болно.

Categories
мэдээ нийгэм

Ч.Мөнгөндалай удахгүй Улаанбаатарт ирнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ Монгол орныхоо баруун аймгуудаар 5500 км аялах зорилготой нийслэл Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн Ч.Мөнгөндалай тун удахгүй нийслэлдээ буцаж иэрэхээр болжээ. Тэрбээр 6000 км аялаад Шарын гол суманд ирчихээд байгаа юм. Нийслэл рүү ирэх замдаа Зүүнхараа, Борнуур сумаар дайран долоо хоногийн дараа гэхэд ирсэн байна гэдгийг мэдээллээ.

Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт Монголын Залуучуудын Холбооны салбар холбоод хүлээн авч, хоол ундаар дайлж, зочид буудал, хоноглох газрыг шийдэж, мөнгөн хандив өргөж байсан байна. Дугуйчин маань аяллынхаа туршид өөрийн Facebook хуудсандаа мэдээллээ тасралтгүй хийж МЗХ-ны хамт олондоо баярлалаа гэсэн үгийг харамгүй хайрлаж байсан юм. Зургаан сарын турш унадаг дугуйгаар тасралтгүй аялж байгаа тэрээр нилээн турсан харагдсан гэхдээ явсан газар бүртээ эмнэлгийн тусламж авч, дусал залгуулан эрч хүчээ сэлбэн туулах замаа үргэлжлүүлсээр байсан эр зоригтон юм.

Categories
мэдээ спорт

1911 оны Хувьсгал ба соёл урлаг сэдэвт ЭШХ болно

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид бид 2014 оны 12 сарын 27,28,29-нд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгийг тайзнаа толилуулахаар ажиллаж байна. Тус уран бүтээлийн хүрээнд “1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хувьсгал ба соёл урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын ҮДБЭЧуулгын тайзнаа 11 сарын 24-ны 11:00 цагт зохион байгуулах гэж байна.

Тус хурлын зорилго нь: 1911 оны Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хувьсгал, түүнд чухал үүрэг нөлөө бүхий оролцсон Богд хаан ба энэ үеийн дэвшилтэт үзэлт ноёд язгууртануудын түүхэн гавъяаг ард түмэнд сурталчилан таниулах хийгээд дээрх түүхтэй холбогдох соёл урлагийн зарим содон баримтуудыг дэлгэн ард түмэнд таниулах, сурталчилах, түүхэн үйл явдлыг тодруулах юм.

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих эрдэмтэн судлаачид:

  1. Улаанбаатар сургуулийн багш, Шинжлэх ухааны доктор СГЗ.Д.Цэдэв

Сэдэв: “Богд хаант Монгол улсын сүлд дууны тухай”

  1. СУИС-н ТУС-н тайз дэлгэцийн профессорын багийн ахлагч доктор Ph.D профессор Н. Ганхуяг Сэдэв: YIII Богд хааны дүр монголын тайз дэлгэцийн урлагт”
  2. ШУА-ийн Олон Улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор,проффессор О.Батсайхан “1911 оны монголын үндэсний хувьсгал ба VIII Богд Жавзандамба хутагт”
  3. Богдын хааны ордон музейн захирал, МУИС-н урлаг судлалын тэнхимийн докторант О.Мэндсайхан VIII Богд хаан болон Дондогдулам хатны өв соёл
  4. Монгол улсын шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор, проффессор Борын Пунсалдулам , МУИС-н Монголын түүхийн тэнхим багш, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Урангуа Сэдэв: “1911 оны Үндэсний хувьсгалын монголын түүхэнд эзлэх байр суурь”
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Чимидийн нэрэмжит шагналыг бий болголоо

“Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг бий болголоо. Энэхүү шагналыг дурдсан бүтээл туурвисан нэг хүн, эсхүл нэг судлаачдын багт жил бүр олгох юм.

Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 тоот захирамжаар баталсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг үндэслэн “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2015 оны шалгаруулалтыг зарлаж байна.

1.Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлд тавигдах шаардлага

-судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл байх;

-дотоод, эсхүл гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлэгдсэн, эсхүл бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн байх;

-бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн шинэ санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх.

2.Дараах байгууллага шагналд нэр дэвшүүлэх хүсэлт ирүүлэх боломжтой:

-эрдэм шинжилгээний байгууллага;

-их, дээд сургууль;

-төрийн болон төрийн бус байгууллага.

3.Хүсэлт гаргах байгууллага нь шагналд нэр дэвшүүлэх бүтээлийн талаар дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ:

-нэр дэвшүүлж хүсэлт ирүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах, төв байгууллагын хурлын протокол, шийдвэр;

-нэр дэвшигчийн эрдэм шинжилгээний бүтээлийн баталгаажсан жагсаалт;

-нэр дэвшиж байгаа бүтээлийн товч танилцуулга, гарсан үр дүн;

-нэр дэвшсэн бүтээлийн талаар тухайн салбарын хоёр эрдэмтний шүүмж;

-нэр дэвшсэн бүтээлээс дотоод, эсхүл гадаадын судалгааны бүтээлд эшлэл авсан тухай баримт;

-нэр дэвшигчийн анкет;

-ажил байдлын тодорхойлолт.

Нэр дэвшүүлсэн байгууллагын ирүүлсэн хүсэлт, протокол, тодорхойлолт, холбогдох бусад барим бичиг нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий байна.

4.Материал хүлээн авах, шалгаруулах хугацаа

Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаарх материалыг 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор Улсын Их Хурлын Тамгын газар доор дурдсан хаягаар хүлээн авч, 20 хоногийн дотор шалгаруулалтыг явуулна:

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар

Төрийн ордон

Харилцах хүн, утас: П.Амаржаргал, 264903

5.Шагнал урамшуулал

“Б.Чимидийн нэрэмжит шагнал” нь Монгол Улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, 5,000,000.00 (таван сая) төгрөгийн мөнгөн урамшууллаас бүрдэх бөгөөд шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Төрийн ордонд гардуулна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Аймгийн аварга тогооч тодорлоо

Хүн ардынхаа эрэлт хэрэгцээг олон төрлийн амт, чанар, шим тэжээл сайтай эрүүл хоол, бүтээгдэхүүнээр хангаж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт өндөр ур чадвар гаргаж яваа тогоочдын дунд “Аймгийн аварга тогооч шалгаруулах” тэмцээн болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээн нь тогоочдын авъяас ур чадвар, мэдрэмжийг сорьсон, харилцан туршлага солилцох нөхцөл боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай байв. Тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгрын газраас МХГ, Сүхбаатар МСҮТөвтэй хамтран зохион байгууллаа. Ажил мэргэжлийн гэж хэлж болох тэмцээнд Сүхбаатар сумын зоогийн газруудын тогоочдоос гадна Сайхан, Цагааннуур, Ерөө, Шаамар сумдын тогоочид ирж оролцсон юм. Хоол үйлдвэрлэлийн шилдгүүд энэ удаа 5 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөж дүнгээ гаргасан бөгөөд тэмцээний тэргүүн байранд “Сэлэнгэ” зоогийн газрын тогооч Э.Сумъяа шалгарч “Аймгийн аварга тогооч” боллоо. Удаах байранд “Сэлэнгэ” зоогийн газрын тогооч н.Батбаатар, “Монголжин” зоогийн газрын тогооч н.Энх-Амар, “Монгол зоог” зоогийн газрын тогооч н.Энхтөр нар шалгарлаа. Тогооч хүний ур чадвар, сэтгэл зүтгэлээр бүтсэн зоог хүн ардынхаа хэрэгцээг хангаж, эрүүл, эрч хүчтэй амьдрах үндэс суурь нь болж байдаг билээ.

Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой гэр бүл” аян цаашид үргэлжилнэ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооноос залуу гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлагаа ухамсарлахад чиглэсэн сургалт, зөвлөгөө өгөх, залуу гэр бүлийг дэмжих зорилготой “Тогтвортой гэр бүл” өдөрлөгийг өчигдөр зохион байгуулсан аж. Өдөрлөгт МЗХ-ны УХАГ-ын дарга Б.Эрдэнэбат, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны дарга, УБИС-ийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ, ХАХНХЯ-ны Хүн Амын Хөгжлийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Г.Мөнхтүвшин, Залуучуудын Гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүлэгч гишүүн, гэр бүл судлаач Ц.Одгэрэл нар оролцсон байна.

Энэ үеэр залуу гэр бүлүүддээ “Гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага”, “Хэвлий дэх хүүхдийн тань хэлэх үг”, “Залуу гэр бүлд өгөх сэтгэлзүйн зөвлөгөө” сэдвээр сонирхолтой сургалт, зөвлөгөөг хүргэсэн аж. Түүнчлэн оролцогч хосууддаа “Даймонд” гэрэл зургийн студи, “Мишка” орос өлгийн дэлгүүр, Нярайн асаргааны зөвлөмж DVD, хүүхдийн угаадаг даавуун живх, Тод дэлгэц эмэгтэйчүүдийн эмнэлэгт үйлчлүүлэх зэргийг хөнгөлөлтэй үйлчлүүлэх эрх гардуулан өгчээ.

Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэг, хариуцлага үүрч улс эх орны үндэс, суурь нь болж өгдөг. Гэр бүлийн хүчирхийлэл, салалт нэмэгдэж энэ хэрээр хүүхдийн хүмүүжил доголдож асуудалтай гэр бүлийг үүсгэх нөхцөл бий болоод буй өнөө үед тогтвортой гэр бүлийг бий болгоход залуусын үүрэг оролцоо чухал байгааг сануулсан сонирхолтой арга хэмжээ боллоо хэмээн уг өдөрлөгт оролцсон залуус маань онцоллоо.

Дашрамд дуулгахад, “Тогтвортой гэр бүл” өдөрлөг цаашид үргэлжилэн Улсын Нэгдүгээр амаржих газарт очиж дээр дурьдсан төрөл бүрийн хөнгөлттэй үйлчүүлэх эрхийн бичгүүд болон Залуу гэр бүлд зориулсан гарын авлагыг хүргэх аян өрнүүлэх ажээ.

Categories
мэдээ спорт

Ургацын баярт зориулсан барилдаан болно

Төв аймгийн ургацын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан өнөөдөр (11.20) 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Энэхүү барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, Төв аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнд суртал үүсгэж буй заалтуудыг хүчингүй болгуулав

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 7 аймаг, 123 суманд ажиллах үеэр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах асуудлаар 54 албан бичгийг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэв.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн 24 албан тушаалтанд хариуцлага тооцсон талаар хариу мэдэгдсэн байх бөгөөд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон боловч төрийн захиргааны албан тушаал хашиж байсан 10 албан тушаалтныг давхар эрхэлж байсан ажил үүргээс нь чөлөөлжээ.

Түүнчлэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн 7 захирамж, тушаал болон хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй 34 журмын зохих заалтуудыг хүчингүй болгуулах арга хэмжээг авлаа.