Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг самбо бөхийн дэлхийн хошой аварга болжээ

JudoЯпоны Нарита хотноо самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Монгол Улсын шигшээ баг тамирчдаас өчигдөр зургаан бөх дэвжээнд гарч барилдсан.

Монгол Улсын гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдөгч бөхчүүдээ илүүрхэн ялж алтан медалийн төлөө ОХУ-ын тамирчинг ялж самбо бөхийн дэлхийн аварга болжээ.

Categories
гадаад мэдээ

Анжелина Жоли кинонд дахин тоглохгүй

Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли “Du Jour” сэтгүүлд ярилцлага өгсөн байна. Түүндээ хэдэн кинонд тоглоод жүжигчний ажлаа бүрмөсөн орхихоор шийдсэн тухайгаа ярьжээ. Тэрээр гэр бүлдээ бүх цаг заваа зориулж, кино найруулагчаар ажиллах гэнэ. Гэхдээ чухам хэдийнээс гэдгээ хэлсэнгүй. Хамгийн их орлоготой жүжигчнээр тодорсон А.Жоли яг одоо нөхрийнхөө хамт “Далайн эргэд” нэртэй кинонд тоглож байгаа.

А.Жоли бараг 30 жил жүжигчнээр ажиллах хугацаандаа 40-өөд кинонд тоглосон. 1999 онд туслах дүрээрээ Оскар хүртсэн. Нэрт жүжигчин 13 жилийн өмнөөс НҮБ-ын сайн санааны элчээр ажиллаж байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Б.Обама хууль бусаар ирсэн 4.4 сая хүнд цагаачлах боломж олгоно

АНУ-ын Ерөнхийлөгч өчигдөр өглөө ард иргэддээ хандан үг хэлэхдээ цагаачлалын асуудалд шинэчлэл хийхээр шийдсэн тухайгаа мэдэгдсэн байна. Гэхдээ энэ асуудлыг шийдэхийн тулд Конгрессоор оруулахгүй байхаар шийджээ. Саяхан болсон Конгрессын сонгууль Бүгд Найрамдах нам ялалт байгуулж олонх болсон. Тиймээс Б.Обамагийн цагаачлалын бодлогод шинэчлэл хийх санал хууль батлах дээд байгууллагаас дэмжлэг хүртэх магадлал тун бага юм.

АНУ-ын Ерөнхийлөгч уг асуудлыг шийдэхийн тулд тогтоол гаргажээ. Ингэснээр тус улсад хууль бусаар орж ирсэн 4.4 сая хүн цагаачлах эрхтэй болох юм. Эдгээр хүмүүс нь Америкт олон жил амьдарч байгаа бөгөөд хууль дүрэм зөрчөөгүй гэдгийг төрийн тэргүүн онцлов. Түүнээс гадна АНУ-д төрсөн цагаачдын хүүхдүүдэд тус улсад түр оршин суух эрх олгох гэнэ. Ерөнхийлөгчийг ард иргэддээ хандан үг хэлэхээс өмнө Цагаан ордноос мэдэгдэл гаргахдаа хууль сахиулах байгууллагууд юуны түрүүн аюул заналхийлж хийж буй террористуудтай холбоотой цагаачид илүү анхаарал хандуулан ажиллах ёстой гэдгийг онцлов.

Categories
мэдээ нийгэм

14 компанид 12.3 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл олгожээ

mahГаалийн холбооны орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх хүссэн найман компани шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлаа арилгаж эхэлсэн талаар Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 12 үйлдвэр хамрагдсан байна. Үүнээс “Эрдмийт”, “Преком” компаниуд ОХУ-д мах экспортлох зөвшөөрөл авсан бол хоёр компанид татгалзсан хариу өгчээ.

Харин үлдсэн найман компанид махаа шулах, савлах орчны ариун цэврийг сайжруулах шаардлага тавьжээ. ҮХААЯ-наас мэдээлснээр ОХУ-ын Хяналтын байгууллага үйлдвэрүүдийн мал төхөөрөх орчин шаардлага хангасан талаар онцолсон байна. Монгол Улс ОХУ, БНХАУ, Вьетнам болон Кувейт улсуудад малын мах экспортолж байгаа юм. Түүнчлэн Япон улсад дулааны аргаар боловсруулсан мах экспортлох гэрээ байгуулсан. Энэ оны II улирлын байдлаар нийт 14 компанид 12.3 мянган тонн мах экспортлох зөвшөөрлийг салбарын яамнаас нь олгосон байна. Харин III улирлын хувьд компаниудаас 37 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлт ирсэн гэж ҮХААЯ-аас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

“Ертөнцийн миссис-2014”-ийн ялагч тодорлоо

АНУ-ын Мэриленд мужид болсон “Ертөнцийн миссис-2014” тэмцээнд Белоруссийн гоо бүсгүй Марина Алексейчик шалгарчээ. Тус тэмцээний гол шалгуур нь тухайн оролцогч нөхөрт гарсан байх, хүүхэдтэй байх, мөн эх орондоо улс төр, нийгмийн амьдрал болон буяны үйлсэд идэвхтэй оролцсон байх ёстой аж. Найман өдөр үргэлжилсэн энэ удаагийн тэмцээнд 35 бүсгүй зөвхөн гадаад төрхөөрөө төдийгүй, авьяас билгээ уралдуулж, хэр сайхан хоол хийдэг болон бүжиглэх зэрэг олон төрлөөр өрсөлджээ. Тэмцээний ялагч 31 настай Алексейчик бүсгүй дөрвөн жилийн өмнө гэрлэсэн нэгэн. Тэрээр телевизийн хөтлөгч, дуучин аж. Уламжлал ёсоор тэмцээний эцсийн шалгаруулалтад 10 бүсгүй үлддэг бол энэ удаад 11 бүсгүй авхаалж самбаагаа сорьжээ. Тодруулбал, сүүлчийн шалгаруулалтад Польш, Өмнөд Африк, Белоруссь, Парагвай, Филиппин, АНУ зэрэг олон орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн байна.

“Ертөнцийн миссис” тэмцээнийг 1985 онд явуулж эхэлсэн. Дэлхийн олон оронд зохион байгуулсан уг тэмцээн зөвхөн Оросод гэхэд гурван удаа болж байжээ. Ирэх жилийн тэмцээн Хятадад болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Агаарын чанарыг хянах ухаалаг систем нээгдлээ

Орчных нь агаарын бохирдол ямар түвшинд байгааг иргэд шууд харах боломж бүрдүүлэх, энэ чиглэлээрх үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох, нөгөөтэйгүүр төрийн байгууллагууд хийж буй ажлаа нэгдсэн мэдээллийн сангаас харж дүгнэх нөхцөл бүрдүүлсэн “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийг өчигдөр нээлээ.

Agaar.mn вэб сайт, гар утасны аппликэшн, гудамжинд байрлах LED дэлгэцийг хослуулсан цогц ухаалаг систем 30 минут тутамд агаарын чанарын мэдээллийг шинэчлэн олон нийтэд хүргэнэ. Агаар.мн сайтад хандсанаар, эсвэл ухаалаг программыг гар утсандаа татаж авснаар иргэн та цаг агаарын мэдээ, амьдарч буй орчныхоо агаарын чанарыг хянаж чадна.

Мөн эндээс дараах мэдээллүүдийг авч болно.

  • Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтийг өдөр, сар, жилээр харуулсан график;
  • Бүрэн шаталтат зуухны тархалтыг айл өрхийн хаяг байршлаар харуулсан бүртгэл;
  • Засгийн газраас айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа хийн зуухыг хэрэглэх заавар, борлуулалтын цэгүүдийн байршил, хамрагдах зааварчилгаа;
  • Төрөөс үзүүлж байгаа цахилгааны үнийн хөнгөлөлтийн талаарх мэдээлэл, хөнгөлөлтөд хамрагдах зааварчилгаа;
  • Тээврийн хэрэгслийн оношилгооны дүн мэдээлэл, экологид ээлтэй хэрэглээг дэмжсэн бодлого зохицуулалт;
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, түүний хэрэгжилтийн үр дүн, тайлан;
  • Зарцуулсан төсөв, хөрөнгө оруулалтын тайлан;
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглээлээрх бодлого, шийдвэр, эрх зүйн баримч бичгүүд, цаг үеийн үйл ажиллагааны мэдээлэл;
  • Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс хамгаалах эрүүл мэндийн зөвлөгөө;
  • Бүх төрлийн статистик, баримт судалгаа зэрэг холбогдох бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.

    Мэргэжлийн энэ системийг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийн эх сурвалжаа болгон ашиглаж болно. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Засгийн газрын бүрэн эрхэд шилжиж ажилласнаас хойш агаарын чанарын мэдээг иргэдэд ил тод, нээлттэй хүргэхэд чиглэсэн олон ажил хэрэгжүүлсний нэг үр дүн энэхүү ухаалаг систем юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан ус” кино нээлтээ хийв

Реппер Gee, Rokit bay нарын голд дүрд нь тоглосон “Алтан ус” уран сайхны кино өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нд Тэнгис кино театрт албан ёсны нээлтээ хийлээ.

Киноны зураг авалтын ихэнх хэсгийг элсэн цөлд авсан гэдгээрээ онцлогтой болсон байна.

Зохиолын санааг МУГЗ Ц.Нацагдорж гаргаж, Э.Оргил зохиолч, найруулагчаар ажилласан “Алтан ус” киног “Keystone Films”, “Khagan Films”, “Nu producing” нар хамтран бүтээжээ.

Хялбар аргаар баяжих санаа олсон хоёр найз алтны төлөө нөхөрлөлөөрөө дэнчин тавина.

Тэдний өмнө нь алтаа аваад үхэх үү, алтаа хаяад амьд үлдэх үү гэсэн хоёр сонголт гарч ирснээр киноны үйл явдал өрнөх юм.

Нэгэн цагт үй зайгүй найзууд юуны тулд бие биенээ үзэн ядах болов, олзоо булаацалдах тэр л мөчид нөхөрлөл гэдэг зүйл хий хоосон яриа болон хувирч байгаа талаар энэ кинонд өгүүлэх юм.

Киноны нээлтийн ажиллагааны үеэр реппер Gee-гийн сэтгэгдлээс хуваалцсан юм. Тэрбээр “Кино маань олон залуусын хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болсон. “Алтан ус” кинонд би Баганаа гэдэг залуугийн дүрийг бүтээх гэж оролдсон. Хэрэв та бүхэнд таалагдвал магтаалаа харамгүй хайрлаарай, урам болно. Харин таалагдахгүй бол шүүмжлэлээ харамгүй хайрлаарай. сургамж болно” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Египетийн Ерөнхийлөгч асанд цаазын ял оноож магадгүй

Египетийн Прокурорын газраас шоронд хоригдож буй төрийн тэргүүн асан М.Мур­сид цаазын дээд хэмжээ оноохыг шаардаж байна. Түүнийг улсын нууц мэдээллийг гадны тагнуулчдад өгсөн гэж буруутгаж байгаа аж. Египетийн Прокурор Эмад эль-Шаравигийн онцолсноор М.Мурси төрийн эрх барих хугацаанд түүнийг дэмжигчид гадаадын тагнуулчдад тэр дундаа Ираны тагнуулын албанд улсын чухал бичиг баримтууд өгсөн. Мөн ла­лын хэт даврагчидтай сүл­бэл­дэн, Египетэд тогтворгүй байдал бий болоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ. Уг хэрэгт Египетийн Ерөнхийлөгч аснаас гадна Лалын ахан дүүс хөдөлгөөний 35 гишүүнд ийм ял ногдуулах гэнэ. М.Мурсиг шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 16-наас эхэлсэн.

Харин дараагийн хурал энэ сарын 26-нд болох бөгөөд тэрээр өмгөөлөгч авалгүйгээр өөрий­гөө өмгөөлөх гэнэ. Сануулахад, М.Мурсиг өнгөрсөн оны дол­дугаар сарын 3-нд Ерөнхийлөгчийн суудлаас нь түлхэн унагаасан. Уг үйл явдлын дараа армийнхан Засгийн эрхийг авч, генерал Абдул Фаттах аль Сиси Ерөнхийлөгч болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Хуучин сэлбэгийг дахин боловсруулах талаар ярилцана

ШИТУС-ийн, Монголын автомашины ресайклийн нийгэмлэг хамтран Азийн автомашины ресайкл эрхлэгчдийн VII форумыг зохион байгуулж байна. Өнөөдөр ШУТИС-ийн Номын сангийн 604 тоотод эхэлж буй уг форумд автомашины ресайкл хөгжсөн Азийн улс орнууд болон Австрали, Америк, Герман зэрэг улсуудын ресайклийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, форум зохиогдож байгаа улсын эрх бүхий байгууллагын албан тушаалтнууп оролцох аж.

Энэ удаагийн форумд Япон, Солонгос, Хятад зэрэг улсын Автомашины ресайкл эрхлэгч төрийн болон төрийн бус байглага болон хувийн хэвшлийхэн автомашины ресайклийн талаар тухайн улсад хийгдсэн ажлын тайлан, энэ чиглэлд шинээр бий болсон технологийг сурталчилах бусдад түгээх зорилготойгоор оролцож байна. Уг форумын үр дүнд хэрэглээнээс гарсан автомашины сэлбэг хэрэгсэл, эд ангиуд, ашиглалтын шингэн зэргийг хүн, байгальд хоргүй байдлаар саармагжуулах, дахин боловсруулах (ресайкл) технологийг Монголд нэвтрүүлэх зорилготой юм байна. Форум маргааш өндөрлөнө.

Categories
гадаад мэдээ

Лондонд эсэргүүцлийн жагсаал боллоо

Их Британийн нийслэлд оюутнуудын эсэргүүцлийн цуглаан боллоо. Тус улсын эрх баригчид боловсролын салбарын төсвийг танасныг ийнхүү эсэргүүцсэн байна. Жагсагчид мөн сургалтыг төлбөргүй болгох шаардлага тавьжээ. Энэ үеэр Лондон хот дахь Консерватив намын байрыг хамгаалж байсан цагдаагийн ажилтан руу халдсан хоёр оюутныг баривчилжээ. Жагсаалын үеэр нийтдээ 11 оюутныг саатуулсан байна. Уг арга хэмжээ тайван жагсаалаар эхэлсэн боловч Парламентын талбай дээр очоод хамгаалалтыг сэтлэхэд эмх замбараагүй байдал үүссэн байна. Тэд “Starbucks” кофены газар руу дайрахыг завджээ. Дэлхийн улс орнуудад сүлжээтэй “Starbucks” нь Их Британид төлөх ёстой татвараа өгөхгүй байгаагаас оюутнууд ийнхүү дургүйцлээ илэрхийлсэн байна.

Уг арга хэмжээг зохион байгуулагчдын нэг Аарон Килигийн ярьснаар оюутнууд ирэх онд болох бүх нийтийн сонгууль хүртэл эсэргүүцлийн арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Ингэх үндэслэл ч бий гэдгийг тэд дурдсан байна. Их Британид нэг оюутан дунджаар 40 мянган фунт стерлингийн өртэй аж. Тэд их, дээд сургуульд суралцахын тулд сургалтын төлбөрийн зээл авдаг бөгөөд үүний улмаас тэдний амьдрал нэлээд хүнд байдаг аж.