Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алтанхуяг осолд орж, Солонгос руу эмчилгээнд явах гэж байна

Ерөнхий сайдын албаа өгөөд удаагүй байгаа Н.Алтанхуяг осолд орж, биеийн байдал нь хүнд байгаа гэнэ. Тэрбээр дөрвөн дугуйтай мотоцикльтойгоо “Хаан жимс” жуулчны баазын орчимд онхолдож, гэмтсэн байна. Ослын улмаас түүний эгэм нь хугарч, тархи нь нуруу нугасандаа гэмтэл авсан гэх мэдээлэл байна. Түүний гэмтлийг Монголд эмчлэх боломжгүй учраас яаралтай гадаад руу явах хэрэгтэй гэж эмч нар зөвлөсөн гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээллээр экс Ерөнхий сайд хөнгөн бэртсэн ч Солонгост шинжилгээ хийлгэхээр болсон гэнэ. Тэрбээр 17 цагийн онгоцоор нисэх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“БИ ЭХ ОРОНТОЙ ХҮН”

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН АКАДЕМИЧ ХАВТГАЙН НАМСРАЙД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН “ЧИНГИС ХААН” ОДОН ГАРДУУЛЖ ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Чингис хааны одонт Эрхэмсэг нөхөд өө,
Хүндэт хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж Монгол түмний сүлд хийморийн билэгдэл Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнөөс Их Эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ойг даширлуулан “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг хүргэн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Мөн энэхүү бахархалт өдрийн баярын мэндийг дэлхий даяар тархан суурьшсан монголчууддаа болон манай улстай найрсаг харилцаатай улс орон, олон улсын байгууллагын элч төлөөлөгчид, Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө хамтран зүтгэж байгаа хүн бүрт хүргэе.

Монголчууд бид Их Эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн тэгш ойгоос эхлэн их хааныхаа мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж, бүх нийтээр ёслон тэмдэглэж ирлээ. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгдэлт сайн өдөр өндөр дээдсийнхээ билиг сургаал, өв соёл, үүх түүхийг хэлэлцэн бахархаж, өрнөх ирээдүйн зам мөртөө сүүн цацал өргөн Монгол бахархалын өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Бидний их өвөг дээдэс “Эцгээс үүдэж эхээс унасан өдрөө олж хүндэлж яв” хэмээн сургасан. Монголчууд гурван цагт амьдарч, сэтгэж, бүтээдэг ард түмэн. Бид үлгэрлэн дагах, бахархан дуурсах их өвөг дээдэс, баялаг түүхтэй хүмүүс. Бидний бахархал бол Монгол үндэстний үе үеийнхний бүтээсэн үнэт зүйл, өвөрмөц түүх соёл юм. Бидний бахархал бол манай эх орон, тусгаар тогтнол, хөгжил дэвшил юм. Бидний бахархал бол өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй үе маань юм. Ийм учраас бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр Их өвөг дээдэстээ залбирч, өнөөдрөө цэгнэж, ирээдүйгээ шинждэг юм.

Монгол түмний хаан бахархал бол Их Эзэн Чингис хаан билээ. Чингис хаан бол газрын зовлонг гаталж тэнгэрийн заяаг олсон Монгол хүн. Чингис хаан буман сумны зэвнээс тодрох ганц алтан зэв мэт цагийг нэвтлэн, цагийг эзлэн оршсоор байна. Чингис хаан сайн бүхнээ Монголдоо үлдээсэн. Бидний их өвөг Чингис хааны суу билиг Монгол Улсын их түүх, Монгол төрийн уламжлал, дэг жаяг, монголчуудын ёс заншил болон үлдсэн. Чингис хааны байгуулсан төр нь сүлдтэйгээ, тамгатайгаа, эзэдтэйгээ өнөөдөр ч мандаж явнаа.

Их хааны эрдэм сургааль, үнэт өв, суу алдраас үр хойч монголчууд бид үеийн үедээ өвлөн суралцаж, бахархаж явах учиртай. Чингис хаан муу санаатны хатгаасанд үл автан улсаа хурааж, хүчээ нэгтгэн байж тулгамдсан хэцүүг давдаг байсныг Та бид сайн мэднэ. Өнөөдөр ч их хааны маань энэ өв эрдэм монголчууд бидэнд чухал хэвээр байна. Чингис хаан түмэн ардынхаа нэгдмэл эрх ашгийг сайхан орд харш, өндөр суудал, ихэмсэг ямбанаас илүүтэй эрхэмлэдэг байсныг өнөөгийн манай бодлого тодорхойлогчид санаж явах хэрэгтэй. Чингис хаан бол өсийг мартсан өвийг эрхэмлэсэн удирдагч байсан. Тэр бусдад өс санаж, цаг үедээ гомдоллож, цаг үеэ хорлож яваагүй. Манай их өвөг дээдэс сайн төрийн чимэг бол сайн дэг журам, хууль ёс, сайн түшмэл гэж сургасныг өнөөгийн бид үл мартах учиртай.

Аливаа үндэстний бахархал бол тухайн үндэстний бүтээсэн сайн өв юм. Тэр сайн өв бол цагийн урт, хүний заяаг үл ялгаж оршдог. Үндэсний бахархлаа хүмүүс бүтээдэг. Үндэсний бахархал бол хүнээр дамжин хүнд үлддэг сайн өв, сайн соёл юм. Өнөөдөр ч монголчууд үндэсний бахархлаа бүтээсээр яваа. Монгол Улсад үндэснийхээ бахархал болсон олон хүн бий. Тэр хүмүүсийн хүндэт төлөөлөл ч өнөөдөр энд хүрэлцэн ирсэн байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол төрийн дээд хүндэтгэл Чингис хааны одонг Монгол түмний бахархалт хүмүүнд гардуулж байхыг Монгол Улсын Их Хурлаас хуульчлан тогтоосон юм. Энэхүү хүндэтгэлийг Пунсалмаагийн Очирбат, Бямбасүрэнгийн Шарав, Дашийн Бямбасүрэн, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Нацагийн Багабанди, Дамдиний Дэмбэрэл, Думаагийн Содном нарт Монголын төр үзүүлсэн билээ.

Өнөөдөр Монгол төрийн энэхүү гүн хүндэтгэлийг Монгол Улсын төрийн соёрхолт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Хавтгайн Намсрайд үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Хавтгайн Намсрай бол шинжлэх ухаанд зүтгэгч манай иргэдийн чимэг болсон эрдэмтэн. Академич Намсрай гуайд хүртээж буй энэхүү шагнал бол Монголын төр үеийн үед шинжлэх ухааныг эрхэмлэж түүнд хувь нэмэр оруулж байгаа эрдэмт иргэдээ үнэлж ирсний эрхэм илэрхийлэл юм. Мөн энэхүү шагналыг олон ахмад эрдэмтдийнхээ шинжлэх ухаанд зориулсан нөр их хичээл зүтгэлийн үнэлгээ болгож Намсрай гуай танд төлөөлүүлэн олгож байна. Дээр нь эрдэм оюун, судалгаа, шинжлэх ухаанд шамдагч залуу үеийнхнээ шинэ нээлтэд уриалан дуудаж, тэдэнд урам хайрлах зорилгоор буурал академич Танд хүртээж байгаа юм.

Хавтгайн Намсрай бол дэлхийн шинжлэх ухаанд данстай манай улсын цөөхөн эрдэмтдийн нэг. Өнөөдөр бол Таныг тэдний үлгэр дууриал, бахархал, оргил нь ч гэж хэлж болно. Нэрийг нь латинаар бичээд хайхад олон улсад үнэлэгдсэн нээлт бүтээл, ном нь шууд олддог Монголын алдартай эрдэмтэн бол Та. Хавтгайн Намсрай бол олон арван Нобелийн шагналтан, олон зуун шилдэг эрдэмтдийг нэгтгэсэн дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн эрдэмтэн юм. Харин тэднээс хамгийн бахархалтай нь дэлхийн шилдэг эрдэмтдийн нээлт, бүтээлийг үнэлэх шинжээчдийн хүндэт эгнээнд Монгол Улсаас зөвхөн академич Хавтгайн Намсрай гуай багтдагийг энд бахархан тэмдэглэхийг би хүсэж байна. Дэлхийн шинжлэх ухааны шинэ нээлтэд Улаанбаатар хотдоо суугаад дүн тавих, үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй эрдэмтэн байна гэдэг бол яах аргагүй Монгол Улсын бахархал юм.

Хавтгайн Намсрай бол Завхан нутгийн Цагаанхайрханд эгэл малчны гэр бүлд төрж өссөн хүн. Тэрээр өндөр уул, өргөн ширэг, тунгалаг уст гол булаг, элсэн манхан, хангай говь хосолсон нутгийн хүн. Монгол газрын чимэг болсон тэр нутгаас дэлхийн чимэг болон тодорсон их эрдэмтэн Таны хичээл зүтгэлд энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм зочид бид бүхэн чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Та бол бүтэцгүй гэгдэж ирсэн эгэл бөөмсийн урсгал ямар бүтэцтэй болохыг олж тогтооход дэлхийн судлаачдаас хамгийн их ойрхон очсон эрдэмтэн. Таны тэр нээлтийг “Намсрайн дөхөлт” гэж дэлхийд нэрлэдэг. Одоо таны энэхүү нээлт дэлхийн шинжлэх ухаанд “Намсрайн онол” гэж нэрлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх их замдаа явж байгааг бид мэднэ.

Таны олж нээсэн физик математикийн нийлмэл томъёог өнөөдөр олон орны эрдэмтэн, судлаачид, оюутан сурагчид Пифагорын теорем адил ашиглаж байгаа нь юутай бахархууштай. Бүтцийг нарийн тооцох математик аргачлалын эцсийн хариуг Намсрайн томъёог ашиглаад шууд олдог гэсэн үг. Академич Намсрай гуайн шинжлэх ухаанд зүтгэж байгаа 46 жилийн үр дүн болох 40 гаруй сурах бичиг, туурвил бол хүн төрөлхтний оюуны бүтээлд оруулж байгаа Монгол эрдэмтний хувь нэмэр юм. Танаас болон таны шавь нараас, таны бүтээлд шимтэн суралцагч орон орны эрдэмтдээс Монгол түмэн, хүн төрөлхтөн олон шинэ нээлт, шийдэл хүлээж байгаа гэдгийг би энд нэмж хэлье.

Академич Хавтгайн Намсрай гуайн тухай уншиж, эрэл хайгуул хийж байхад надад таны хэлсэн нэг үг онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Намсрай гуайд дэлхийн олон орноос урилга ирүүлсэн байдаг. Ирүүлсээр ч байгаа. Манай улсад ирж ажиллаж амьдраач, нөхцөл боломж олгоё, ногоон карт, удаан оршин суух эрх олгоё гэж. Ер нь тэдний зарим нь иргэншлээ хүртэл Намсрай гуайгаас харамлахгүй гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. Тэр бүхний өөдөөс Намсрай гуай “Би эх оронтой хүн” гэж хариулдаг. Ийм хүнээрээ, ийм иргэнээрээ, ийм эрдэмтнээрээ, ийм “нутаг амьтай” Намсрай танаар Монгол Улс өнөөдөр бахархахгүй бол хэнээр бахархах билээ.

Ингээд Хавтгайн Намсрай Танд Монгол түмний бахархалт энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон – Чингис хааны одон гардуулах төрийн ёслол эхэлж байгааг ийнхүү зарлаж байна. Намсрай гуай танд болон таны гэр бүл, үр хүүхэд, ойр дотныхон, шинжлэх ухаанд шамдагч бүх эрхэм хүмүүст баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол түмний билиг оюуны ундарга үргэлж арвин байг ээ.

Categories
мэдээ спорт

Монгол бахархлын өдрөөр бөхийн барилдаан үзээрэй

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу өнөөдөр тохиож байна. Уг ойд зориулан 11 дүгээр сарын 21-ний баасан гаригийн 10.30 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны “А” танхимд эрдэмтэн, судлаачид “Дундад зууны монголчуудын амжилтын үндэс” сэдвээр лекц уншсан.

11 дүгээр сарын 23-ны 10.00 цагт Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол, 10.40 цагт Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслолболлоо.

Мөн 11.40 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг дэлхийд нэртэй эрдэмтэн, академич Х.Намсрайд гардуулсан юм. Их эзэн Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд 13.00 цагт болж, хүчит 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд 14.00 цагт эхлэх юм.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Академич Х.Намсрайд Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одон гардуулав

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайг өнөөдөр Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагнав. Шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэргийн хамт, Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонтнууд, төр, нийгэм, шашны зүтгэлтнүүд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Академич Хавтгайн Намсрайд гардуулан өгсөн юм. Эрдэмтэн Х.Намсрай ийнхүү Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан найм дахь хүн болов. Уг ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Академич Хавтгайн Намсрай нар үг хэллээ.

Мөн Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудын найрал хөгжим, найрал дуучид “Дөрвөн цагийн тал”, “Халуун элгэн нутаг” дуунуудаар ая барьж оролцогчдод хүндэтгэл үзүүллээ.

Categories
гадаад мэдээ

Малид 10 хүүхэд хулгайлсан хэрэг гарлаа

Малид үл таних этгээдүүд 10 хүүхэд хулгайлсан байна. Энэ үеэр хоёр хүүхэд эсэргүүцэл үзүүлсэн тул амийг хороосон тухай мэдээллээ. Энэ хэрэг 2012 оноос хойш лалын дайчид хяналтандаа аваад буй Кидал хотод гарсан байна. Малигийн зэвсэг хүчний албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр лалын дайчид хүүхдүүдийг хулгайлж халааг нь авах цэргүүдээ бэлтгэдэг аж.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ цаг-үе

Академич Х.Намсрай

Академич Х.Намсрай шинжлэх ухааны салбараас Чингэс хааны одон авч байгаа анхны эрдэмтэн. Физикийн шинжлэх ухаантай хагас зуунаар холбогдсон тэрээр Завхан аймгийн Цагаанхайрхан сумынх. Малчин аав ээжийн хүү өдгөө хорьдугаар зууны гарамгай эрдэмтэн болжээ.

Тэрээр 1968 онд Москвагийн их сургуулийг төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш эрдэм шинжилгээний ажилд шамдан амьдралынхаа ихэнх цагийг судалгааны ажилд зориулжээ. Тэрээр ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргасан эрдэмтэн хүн. Эгэл бөөмс тодорхой – гэсэн уртаар илэрхийлэгддэг бүтэцтэй гэж үзсэнээр бичил буюу микро ертөнцийг зураглан бичдэг квант механик, квант орны онолд математик тооцооны хувьд тохиолддог хүндрэл бэрхшээлийг арилгах арга замыг нээсэн байна. Их эрдэмтэн Х.Намсрай энэхүү бүтээлээрээ орчин үеийн физикийн шинжлэх ухааны тэргүүний салбар болох бодисын бүтцийн квант орны онолоор физикийн цоо шинэ чиглэл гаргасан төдийгүй цэгэн бус үйлчлэлтэй эгэл бөөмсийн харилцан үйлчлэлийн онолыг боловсруулж, байгалийн гайхамшигтай физик тогтмолуудын нэг болох эгэл уртын тухай ухагдахууны бөөмийн хөдөлгөөнийг бичихэд хувь нэмрээ оруулжээ. Түүний бүтээл дэлхийн олон орны ном, сэтгүүлүүдэд хэвлэгдэж, эрдэм шинжилгээний ажлын гол үнэлгээ болсон ишлэлийн 6 гэсэн өндөр рейтинг авч байсан байна. Онолын физикийн салбарт “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт”, “Намсрайн арга, схем”, “Намсрайн хязгаарлалт” гэсэн нэр томъёо гарсан нь түүний бүтээлийг дэлхийн мэргэжил нэгт эрдэмтэд, судлаачид хүлээн зөвшөөрч буйн илрэл юм.

Тэрээр хөгжиж буй орны Дэлхийн Академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Англи улсын Кэмбридж хот дахь Шинжлэх ухааны мэдээллийн олон улсын институтийн шалгаруулалтаар XX зууны гарамгай эрдэмтнээр тодорсон. Мөн онолын бүтээлүүдийг туурвихын зэрэгцээгээр эх орныхоо боловсрол мэдлэгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж нийт 21 ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлж олны хүртээл болгожээ.

Математикийн салбарт Интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулсан байна. Түүний эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл нь дэлхийн олон улсад хэвлэгджээ. Х.Намсрай судалгаа, шинжилгээний бүтээл хийхийн сацуу шавь нараа бэлтгэн залуу эрдэмтдийг сургаж буй эгэлгүй багш хүн. Тэрээр ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжлэх ухааны нэгдсэн институт, АНУ-ын Сиракусын их сургууль, Английн Лондоны их сургууль, Швейцарь улсын Женев хот дахь Европын цөмийн шинжилгээний лаборатори, Герман улсын Хайдельберг,Гамбургийн их сургууль, Италийн Триест хот дахь Олон улсын онолын физикийн төв зэрэг газруудад ажиллаж байжээ.

Х.Намсрайн гэргийг Ж.Цэрэндулам гэдэг. МУИС-ийг төгссөн. Эднийх хоёр охинтой. Том охин Нямцэрэн нь аавынхаа мэргэжлийн өвлөсөн эрдэмтэн. Москвагийн их сургуулийн физикийн ангийг мөн төгссөн. Бага охин Цэдэвсүрэн МУИС-ийг төгссөн, хэлний мэргэжилтэн. Эрдэмтэн аавын хоёр охин өдгөө Итали улсад ажиллаж амьдарч буй ажээ.

Х.Намсрай 1997 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Харин тулгар төр байгуулагдсаны 2223 жил, их эзэн Чингэс хааны мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Хавтгайн Намсрайг Чингэс хааны одонгоор шагнахаар болсон билээ.

Төрийн дээд, тэргүүн зэргийн уг одонг анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Улсын бага хурлын дарга, анхны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, соёл урлагийн салбараас Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав нарын хүмүүс хүртэж байлаа.

Д.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрөөр хүмүүжсэн доктор профессоруудын нэг анги

“Биднийг оюутан ахуй цагт улс орон даяар ургац хураалт, мал төллөлтөөс авахуулаад хөдөө орон нутагт хашаа хороо, байр сууц барих, худаг ухах зэрэг ажилд биднийг дайчилдаг байж билээ. Гэхдээ одоогийн хэллэгээр бол “албадлагын” маягаар л биднийг ажиллуулдаг байсан хэдий ч бүгд л намар хаврын ажилд явахыг хүснэ. Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг байж дээ. Бүр ажилдаа дурлана гээч. Ер нь нэг анги хамт олны дотор бүлээн дулаан уур амьсгал бүрэлдэн тогтох, нэгнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй байх гээд одоогийн хэллэгээр жинхэнэ “супер” анги бий болоход хичээлээс гадуурх хөдөлмөр маш их нөлөөлдөг гэдгийг бид биеэрээ мэдэрсэн улс. Хөдөлмөр хүнийг бий болгосон гэдэг яах аргагүй үнэн. Хүн хөдөлмөрч, уйгагүй зан чанарынхаа ачаар орчин үеийн өнөөгийн нийгмийг бүтээж чадсан. Үүнийг одоогийн хүүхэд, залуус хэр ойлгодог юм бол. Одоогийн хүүхдүүд ч ажил гэхээр охид нь бол шал арчиж аяга угаахыг, хөвгүүд нь түлээ хагалж, ус зөөх төдийхнийг ойлгодог болж дээ” хэмээн ярилцах тэд бол одоогоос 40 гаруй жилийн өмнө буюу 1978 оны МУИС-ийн Хэлбичгийн факультетын Монгол хэл-уран зохиолын ангийг төгсөгчид. Хөдөлмөрөөр “хүмүүжсэн” тус ангиас профессор цолтон дөрөв, докторын зэрэг хамгаалсан гурван ч эрдэмтэн төрөн гарсан нь тус ангийнхны чансааг илтгэнэ.

Ойрын хэдэн жил уулзалдаагүй учраас нэг ангийнханд ярих зүйлс мундахгүй. Тэд өөр хоорондоо сонин хачин болгож ярих зүйлс нь ихэнхдээ хэдэн жил, сарын өмнө болоод өнгөрчихсөн байх жишээтэй. Гэтэл бидний хажуу ширээнд суусан залуус “Паах, аль есдүгээр сард гадаадаас ирсэн, дөрөв таван жилийн өмнө бид тэгж уулзалдсан эсвэл жилийн өмнө ингэж тэгж эмнэлэг домнолгоор явсан гээд улирч, баларсан зүйлсийг өнөөдөр, өчигдөрхөн болсон үйл явдал мэтээр их чухал ярьцгаах юм. Мөн чиг хачин улс юм аа” хэмээн жиг жуг хийцгээв. Арга ч үгүй биз. Тэднийг оюутан ахуй үед гар утас гээч байгаагүй учраас анги дээрээ л уулзалдаж, сонин хачнаа хуваалцдаг байж. Хэрэв хэн нэг нь сум орон нутаг руу удаан хугацаагаар явбал захидлаар харилцдаг байсан санж. Хижээл насанд нь гар утас, интернэт бидний хэрэглээнд нэвтэрч, түүнд дасталаа чамгүй хугацаа зарцуулсан нь лавтай. Гэхдээ даслаа даслаа гээд тэдний ихэнх нь твиттер, фейсбүүк, мэссенжир хаяггүй л болов уу. Тиймээс тэд нэг нэгнийхээ нүд рүү харж, зэрэгцэж суугаад зовлон жаргал, баяр хөөрөө хуваалцах буюу одоогийн залуусыг бодвол илүү “амьд” харилцааг эрхэмлэдэг байсан, одоо ч хэвээр. Цаашид энэ хэвшил нь юу гэж өөрчлөгдөх билээ. Ямар сайндаа нэг нь “Манай ач хүү сая сургуульд ороод оо. Хичээл нь тарсныг мэдэхийн тулд хүүтэйгээ гар утсаар ярих юм байх оо. Эхний хэд хоног нь хүргэж өгчихөөд хоёр цагийн дараа ангийнх нь хаалгыг сахиад суучихдаг байлаа. Тэгсэн чинь тартал нь нэгээс хоёр цаг хүлээнэ. Заримдаа бүр гурван ч цаг хүлээдэг байгаа. Тэгсэн намайг чинь ядраад сүйд боллоо гээд утас авч өгсөн юм. Яаж залгах, дугаараа хэрхэн хийхийг нь зааж өгөөд байтал эхэндээ будилаад манаргаж өгдөг байсан одоо арай зүгширч байгаа. Энэ “дөрвөлжин хараар” ач хүүгээ хичээлийг нь тарсан эсэхийг л мэддэг төдий. Харин та хэдтэйгээ бол уулзаж ярилцахгүй л утасны цаанаас ярьж ч чадахгүй юм билээ” гэх билээ.

Нэгдүгээр курст элсэн оруутаа намар нь тэд Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн Загдал тасгийн тарианы үтрэмд ажиллажээ. Тэднийг багш нь болох хожим 1992-1996 онд УИХ-ын гишүүн,Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, академич, нэрт түүхч Ж.Болдбаатар хариуцан явжээ. Ингээд л өдөр шөнийн ээлжинд гарч, тариа буулгаж, цэвэрлээд, сортлон Улаанбаатар руу ачуулаад байх нь тэр. Тэд ядарсан үедээ бороо орохыг тэсэн ядан хүлээнэ. Учир нь хааяа нэг бороо, цас орвол хэд хоногоор амарч нуруу нь тэнийнэ. Гэхдээ л тэд бүрхэг тэнгэрийн дор майхандаа өдөржин дуулж, хуурдан, ном зохиол уншиж” заримдаа бүр намрын хүйтэн бороонд хүн малгүй зутарсан малчил айлд хүртэл тусалдаг байж. Энэ байдлыг нь багш, сургуулийн захиргаа нь сайн ойлгохгүй учраас хааяа нэг нууцаар Загдал тасгийн улаан буланг нэг сайн “доргиодог” санж. Тэдний хувьд “доргих” гэдэг ойлголт тэс ондоо. Шөнийн 12 цаг хүртэл бүжиглэж, дуулж, хөөрөлдөөд л болчих нь тэр. Их л сайндаа хөвгүүд нь саахалтын эзэгтэйг панаалдаж ганц литр нэрмэл олж, хувааж ууцгаана. Мэдээж эрүүл саруул улс өөр хоорондоо зодоон цохион хийнэ гэж байхгүй. Тэгтэл нэгэн удаа Болдбаатар багшдаа гардуулах нь тэр. Багш нь “За, манай тэр хэдэн сэгсгэрүүд болиорой! Сайхан мэдээрэй. Та нар хөдөөний залууст буруу үлгэр үзүүллээ, үдэшлэг дээр бус, хотод хэдэн найз нар цуглаад дарс шимэнгээ хийдэг бүжгийг энд хийлээ” гэж ирээд л сүрхий загнасан гэдэг.

Гуравдугаар дамжаагаа төгсдөг жил буюу 1976 оны зун тэд ангиараа Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн үхэрчин Хөдөлмөрийн баатар Данзандаржаагийнд ажиллахаар явжээ. Оюутны зуны барилгын ажил гэдэг долдугаар сард өрнөдөг их бүтээн байгуулалтын аян аж. Тийм ч учраас “ОСХГО” буюу “Оюутны социалист хөдөлмөрийн гавшгай отряд” гэж барилгын ажилд туслах цоллоно. Тэд эзгүй хээр, нүцгэн уулын аманд алдарт үхэрчний хонь үхрийн угаалгын ванныг барьж өгсөн аж. Бас хажууд нь худаг ухаж өгч. Ойр хавьд гол байхгүй, зуны халуун шатам халуунд чармай нүцгэн шахуу л ажиллаад байх нь тэр дээ. Хааяа Хэрлэн гол руу явж усанд орно. Сумын захиргаанаас нэг үхэр, хэдэн хонь ямаа өгснийг өөрснөө төхөөрч махаа бэлтгэнэ. Гурил, цагаан будаа, гоймон, давсаар хангалттай хангана. Тэр зун Улс хувьсгалын баяраар МАХ-ын 55 жил, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 45 жил, Тэмцэл нэгдлийн 20 жилийн ойн баярыг зэрэг тэмдэглэжээ. Хөвгүүд нь сумын төв орж барилдацгааж. Зодог шуудаггүй учраас цээж нүцгэлж байгаад өмд гуталтайгаа үзэж тарж дээ. Найдандорж, Зоригт нар нь гурав давж, сумын бөхчүүдийг багагүй сандаргаад авсан сурагтай. Бас дэмбээ хурууны тэмцээнд Д.Цэмбэл шөвгөрчээ. Наадмын үеэр ангийн анд, хожмын доктор Л.Бэгзжав агсан заяаны хань АУДС-ийн оюутан, Аварга хэмээх нутгийн бүсгүйтэй учирсан гэдэг. Ингэхээр тэр зуны наадам монгол хэл-уран зохиолын ангийнханд өгөөмөр хандсан байгаа биз.

Дараа жил нь тэднийг орос хэлний орчуулагчийн ангийнхантай нийлүүлэн ОСХГО болгоод Надя хэмээх орос мэргэжилтэн багшид даатгаад Хэнтий аймгийн Биндэр сум руу илгээжээ. Биндэрт дутуу баригдсан клубийн барилгыг гүйцэх даалгавартай. Тэднийг явахаас нь өмнө “Биндэрийн буриадууд айхтар аюултай, хамт ойр дотно нөхөрлөж, наргиж цэнгэж болохгүй. Алуулна гэж мэд” хэмээн баахан ятгажээ.Ихэвчлэн охидууд байсан учраас айж сандрахад хөвгүүд нь харин ч тоосон шинжгүй байжээ. Д.Баярхүүгээр толгойлуулсан Ю.Мөнхамгалан, Л.Бадраа, Д.Цэмбэл нар Ононгийн голд сэлж аваад сумын төв рүү гараад гишгэчихэж. Багш нарынх нь хэлдгээр сумын төвийн болдоггүйчүүдийн нэг болох Оргодол гэж нөхрийнд очиж хуруудаж хоножээ. Гоочилж, айлгасан хүн таарсангүй. Харин ч тэр зун буриад зоны өглөгч сэтгэлийн ачаар цөцгий, махаар тасраагүй гэдэг. Намар, хаврын ажилд дайчлагдаад дунджаар 200-300 төгрөгийн цалин авдаг байсан. Тухайн үедээ л их мөнгө. Харин энэ удаад зуны ажлын хөлс гэж 25 төгрөг өгчээ. Тэд дор хаяж 200 төгрөг өгнө гэж бат итгэчихээд зарим нь бүр тэр мөнгөө юунд зарцуулахаа ч хүртэл урьдчилаад дэвтэр дээрээ ярайтал биччихсэн байсан гэдэг. Гэсэн хэдий ч тэд мөнгөний төлөө биш өөрөө өөрсдийгөө олохын төлөө, насан туршийн найз нөхөдтэй болохын тулд, тэсвэр хатуужилтай болохоор ажлын хөлсөө огтхон ч голоогүй гэдэг.

Өдгөө тэдний ангиас олон доктор профессоруудаас гадна магистр цолтой олон бий. Тэд өдгөө их сургуулийн багш, судлаач, улс төрч, урлаг судлаач, япон, хятад хэлний орчуулагч хийж, салбартаа тэргүүлэгчид нь болон цойлжээ. Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, профессор цол хүртсэн Д.Дэмбэрэлдорж, Өмнөд Солонгосын Дангук их сургуульд багшилж буй профессор Ю.Мөнх-Амгалан, ШУА-ийн Олон улсын судлалын хүрээлэнгийн Хятад судлалын секторын эрхлэгч агсан, доктор Л.Бэгзжав, Күнзийн соёлын төвийн монгол талын захирал, нэрт дуун хөрвүүлэгч, доктор М.Чимэдцэеэ, Арабад суугаа Монголын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан профессор, улс төр судлаач, нийтлэлч Д.Баярхүү, МУИС-ийн Япон хэлний багш Л.Энхсайхан, СУИС-ийн багш Ц.Бурмаа, Радиогийн япон хэлний редакцийн анхдагч, үүсгэн байгуулагчийн нэг, нэрт орчуулагч бий. Д.Цэмбэл, Монгол дахь энэтхэг судлалын үндсийг тавилцсан судлаач Ч.Сийлэгмаа, Монголч эрдэмтэн, Монголын нууц товчоог Франц, Румын хэл дээр орчуулсан Родика зэрэг салбар бүрийнхээ тэргүүлэгчид нь болжээ, тэд. Түүнчлэн тэд судалгаа шинжилгээнийхээ чиглэлээр тус бүрдээ өөрсдийн бүтээлийг олны хүртээл болгожээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Сайханбилэг 28 дахь Ерөнхий сайдаар томилогдлоо

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхлэх байсан ч бүтэн цаг гаруй хүлээлгэсний эцэст эхэлсэн юи. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын нэгдүгээртМонгол Улсын Ерөнхий сайдын томилгооны асуудал байв. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 44 гишүүний ирцтэйгээр эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй юм. Учир нь МАН-ын Удирдах зөвлөл Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн тул тэд ийн оролцсонгүй. Тэгвэл пүрэв гаригийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох асуудлыг хэлэлцэн дэмжээд байсан билээ. Чуулганы хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн танилцуулгыг уншиж танилцуулсан. Төрийн тэргүүн “Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, хариуцлага, ёс зүйг дээдэлж, улс орныхоо эрх ашгийг урьтал болгон тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаачилгатай, эрч хүчтэй, бусадтай гар нийлэн ажиллаж чадна гэдэгт итгэж байна. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг УИХ-аас хүсье” гэсэн юм.

Түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей байнгын хорооны санал дүгнэлтийг уншиж танилцууллаа. Дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгээс асуулт асууж үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Эдийн засгийн хямрал, улс төрийн хямралтайгаа хослоод эхэллээ. 1990-ээд оны түүх давтагдах гээд байна уу үгүй юу. Өмнөх Засгийн газрын сайдууд давхар дээлтэй байсан. Хэрвээ улс төрийн хатуу сорилыг давж чадахгүй, бүлэглэлийн эрх ашгаар төсөөлөөд байвал улс орныхоо ачааг авч явж чадахгүй. Мэргэжлийн баг бүрдүүлээд ажиллавал, ачааны ард гарна. Тэгж чадахгүй бол хар түүх давтагдана. Өмнөх Ерөнхий сайдын танхимд давхар дээлтэй хүн байсан. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлыг харахадхүнд нөхцөлийг давж чадахааргүй нугарч байгаа тал харагдаж байна. Н.Алтанхуяг эдийн засгийн хямралыг үүрээд явчихаагүй. Уг нь Ерөнхий сайд болох хүнийг эдийн засагч мэргэжилтэй байх болов уу гэж бодож байсан. Та өөрийн сул талаа хэрхэн нөхөх вэ. Өнөөдөр багаа яаж бүрдүүлж явах вэ. “Давхар дээл”-гүй байх уу танай танхим. Мэргэжлийн багаар Засгийн газраа бүрдүүлэх үү.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Эдийн засгийн хямрал улс төрийн хямрал болж магадгүй гэсэн таны болгоомжлолтой санал нэг байна. Үүнээс гарахын тулд ажил үйлс, шийдлээрээ, үр бүтээмжтэй ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Аливаа ажлыг сайн менежер хийдэг.

Би хуульч хүний хувьд сайн менежер байж Засгийн газрыг үр дүнтэй ажиллуулна.

УИХын гишүүн О.Баасанхүү: -Байнгын хороо процедурын алдаагаа яагаад зассангүй вэ. Ерөнхий сайдыг огцруулахдаа процедурын алдаа гаргасан шүү дээ. Өнөөдөр Ерөнхий сайд томилогдвол тамгаа Шадар сайдаас авах болоод байна.Мөн тогтвортой байх гэдэг утгаараа парламент дахь бүх намуудаас танхимаа бүрдүүлнэ гэж байна. Өмнөх бүрэлдэхүүнээсээ танхимаа бүрдүүлэх үү. Нэрлэх боломж байна уу.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Үндсэн хуулийн тухайн заалтын хоёр дахь нөхцөлөөр явж байгаа. АН-ын ҮЗХ-ноос парламентад суудалтай бүх намуудтай зөвшилцөх чиглэл өгсөн. Харин хамтрах эсэхээ намууд өөрсдөө шийднэ. Шинэчлэлийн үйл явцыг үргэлжлүүлэн ажиллах болно.

УИХын гишүүн Л.Эрдэнэчимэг: -Гэр хорооллын иргэдийн амьдралд анхаарах хэрэгтэй. Өнөөдөр тэтгэврийн хөгшид сард 210 мянган төгрөгөөр амьдарч байна. Та Ерөнхий сайд болоод тэтгэвэр тэтгэмжийг яаж нэмэх юм бэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Эдийн засгийн уналтыг зогсоож цаашид эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Саяхан баталсан ирэх оны төсөвт цалин тэтгэврийг 500 тэрбумаар нэмэхээр болсон.

УИХын гишүүн Г.Уянга: -Би Ч.Сайханбилэгийгдэмжихгүй. Учир нь нам төрийн дээр байна. Таныг Ерөнхий сайд болгохын төлөө таны урд сууж буй таны найз С.Баярцогт их гүйсэн. Оюутолгойн 34 хувийг байхгүй болгох вий гэхээсайж байна. Ямартай ч та миний саналтай саналгүй томилогдох юм байна. Гэхдээ олонхи таныг дэмжихгүй байгаа.Та ялагдаж томилогдсон. Монголын ард түмэнд хохиролтой байсан Оюутолгойн гэрээг цааш үргэлжлүүлэхюм байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Би улс төрд 20 гаруй жил ажилласан. Би өөрийгөө багийн тоглогч гэж боддог. Ерөнхий сайдаар томилогдвол Сайханбилэгийн гэх Засгийн газрыг байгуулна. Миний төлөө ганц найз минь зүтгээгүй. АН-д байгаа бүх гишүүд найз нар минь гэж боддог. Цаашдаа бид багаараа амжилт гаргана. Оюутолгой, Тавантолгой гэдэг хоёр том төслийг шийдэхээс өөр аргагүй. Харин хэрхэн, яаж, хэзээ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Таны саналыг хүндэтгэж үзэж байна. Би хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа шийдлээрээ Монголын ард түмэн ялах байх гэж бодож байна.

УИХын гишүүн Х.Болорчулуун: -Монголд баялгийн хараал нүүрлэлээ. Энэ нь урагшгүй ноёдтой улсад нүүрлэдэг юм. Өнөөдөр том том орд, гэрээнд дээр бид дандаа алдаж байсан. Оюутолгойн ордод найман төрлийн татварыг 30 жилийн хугацаатай царцаасан. Оюутолгойн татварыг нэмж Эрдэнэт шиг 18 хувийн татвартай болгож чадах уу?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Эрдэнэт, Оюутолгой хоёр ордыг хооронд нь жиших аргагүй. Сүүлийн 25 жил төрийн маш том хөнгөлөлт чөлөөлөлттэй явж ирсэн. Оюутолгой дээр дахин хэлэлцээрийн ширээнд суух шаардлагатай.

УИХын гишүүн М.Батчимэг: -Хуулиа батлах биш сандал ширээний асуудлаар УИХ бүрэн эрхийн хугацаагаа алддаг. Ерөнхий сайд танхимаа нэгтгэж удирдах боломжгүй хуультай байна. УИХ томилж байгаа цагт “давхар дээл”-ний асуудлыг шийдэж чадахгүй.Ерөнхий сайд нь танхимаа мэдэж бүрдүүлдэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг та дэмжих үү. Өмнөх Засгийн газрын үед гадаад харилцааны тал дээр анхаарал хандуулдаг хүний хувьд урам хугарч байсан. Засгийн газрын нэгдмэл байр суурь биш фракцын зөрчлөөс бол өөр өөрийн төслөө барьж гүйдэг, сайд нар протоколын гадна ажиллаж байна. Сайд нар протоколгүй гадаадынхантай уулздаг нөхцөлийг зогсоож чадах уу. Та амаргүй нөхцөл байдалд Засгийн газрыг тэргүүлэх гэж байна. Японд Ерөнхий сайд нь үйл ажиллагаа нь буруу байвал огцрох хүсэлтээ гаргалаа. Та үүнийг юу гэж үздэг вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Ер нь эхний асуудлын хүрээнд Үндсэн хуулийг улам сайжруулъя, парламентат ёсыг сонгодог утгаар нь хөгжүүлье гэсэн бодолтой байгаа. Гадаад бодлогын төрөөс баримтлах үзэл баримтлалыг баталсан. Танхимаараа үйл ажиллагааг явуулна. Засгийн газар нь саналаараа огцордог, танхимаа тараадаг тогтолцоо руу явах ёстой. Нэгдсэн бодлого гаргахын төлөө хамтарч ажиллана гэж бодож байна. Нөхцөл байдал хүнд байгаа.

УИХын гишүүн Д.Ганбат: -Эдийн засгийн амаргүй үед энэ Засгийн газар ажиллах нь. Иргэдийн амьдрал хүнд байна.Хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ. Хөрөнгө оруулагчид татарлаа. Хөдөө орон нутагт ямар ажлууд хийгдэх бол?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Бид хөрөнгө оруулагчийн итгэлийг алдсан. Бидэн сайн хууль байгаа ч гадныхан итгэхгүй байна. Итгэлийг нь олох бодлогыг боловсруулж шийднэ. Бүх зүйлийг нээлттэй шийднэ. Хөшигний ард ямар нэг зүйлийг хийхгүй. Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хамааралгүй, эдийн засгийн хувьд солонгорсон бодлого явуулна.

УИХын гишүүн Г.Баярсайхан: -Монгол Улсын Ерөнхий сайд ялаад, ард түмэн ялагдана гэсэн ойлголт байхгүй. Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Ч.Сайханбилэгээс сонсъё гэсэн үгээ сонсож байгаа. Бүгдэд таалагдах албагүй. Шинэчлэлийн Засгийн газрын ямар ажлуудыг цаашид хэрэгжүүлээд явах вэ. Монгол Улсад төрийн өмч их байна. Төрийн өмч байгаа газруудад мөнгө угаах бодлого их явж байна. Төрийн өмчийн хувьчлалын асуудлыг яаралтай хийх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбарт реформ хийх хэрэгтэй.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Шинэчлэлийн Засгийн газрын шийдлийг хадгалж ажиллахаас өөр аргагүй. Эрүүл мэнд, боловсролын шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлнэ. Үнэ тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлснээр үр дүнгээ өгсөн. Үнэ тогтворжуулахад төр, Монгол банкны оролцоог байхгүй болгоно. Нийгмийн салбар дахь хувьчлал, тэр дундаа эмнэлэг, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шийднэ. Зөв өрийн удирдлагын тогтолцооны шинэ хуулийг УИХ-д өргөн барьж бодлогоо тодорхойлно.

УИХын гишүүн С.Одонтуяа: -Монгол Улс мөнгөгүй болж төрийн нүсэр аппаратаас саллаа. Яамд аж ахуйн ажил хийсээр хоёр жил өнгөрлөө. Бодлогын ямар ч асуудлыг шийдсэнгүй. Иргэд хямралаас гаргаж чадах эсэхийг л хүлээж байна. Бид эдийн засгийн онц байдлыг яаралтай тогтоох ёстой. 2015 оны төсөв хямралаас гарахгүй. Сумдад 40 гаруй соёлын төв барихаар баталсан нь хямралын үеийн төсөв мөн үү. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хаясан. Энэ салбарыг бүгдийг нь хувьчилж болохгүй. Засаглалыг нь сайжруулах ёстой, хагас бие даасан байх ёстой. Уул уурхайн салбарыг нээлттэй болгох асуудлыг шийдэх үү?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Сэхээнд орсон эдийн засагт авах арга хэмжээг яаралтай хийж ажиллана. 2015 онд орлого бүрдэхгүй бол царцаахаас өөр аргагүй болно. Эрүүл мэндийн шинэчлэлээр эмнэлгийн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй хамтарч, бодлого боловсруулж ажиллана. Шинээр томилогдох эрүүл мэндийн сайд шинэчлэлийг зоригтой хэрэгжүүлж ажиллана.Бид баялгийн сангаа байгуулах замаар эдийн засгийн сууриа тавина.

Ийнхүү гишүүд асуулт асууж дууссаны дараа гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

УИХын гишүүн Ц.Даваасүрэн: -Оюутолгой 118 тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ, үүнээс 8.7 тэрбумыг татвараар өгнө. 34 хувийг нь зарчихъя гэвэл нүгэл болно. Тийм юм руу явж болохгүй шүү. Өнөөдрийнхөөрөө хүн амьдарч болохгүй, фракцын сэтгэлгээнээс гарах цаг болсон. Чи, бид төрийн мөнгөөр гадаадад суралцсан. Нэг удаа олон түмнээ бод. Энэ үгийг санаж яв, найз нөхдөдөө хэл. “Одоо чадахгүй” гэж. Манай улстөрчдөд нэг алдаа бий, албан тушаал эрх мэдэлд хүрэхээрээ олон түмэнд амласнаа мартдаг. Олон түмнийг харахаараа гэнэн цайлган ард түмнийг хардаг, нэг өдөр үнэнд гүйцэгдэнэ. Ардчилсан намынхан фракцын сэтгэлгээнээсээ гараад, улс орны хэмжээнд сэтгэгдэг болохгүй бол энэ хямралын ард гарахгүй. Нэг бол живнэ, ард нь гарвал том лидер болно. Тийм том хариуцлага өмнө чинь хүлээж байна.

УИХын гишүүн З.Баянсэлэнгэ: -Намын дарга, фракцынхаа эсрэг картаа сугалж байсан хүн бусдыгаа урвагч гэж дуудаж байгаа нь буруу. Бидэнд эв нэгдэл, итгэлцэл хэрэгтэй байна. Хувийн эрх ашгийг хойш тавьж, улс эх орныхоо төлөө гэдэг эв нэгдэл хэрэгтэй байна. Найз нөхөд, намын дотроо урвадаг байдлыг байхгүй болгомоор байна. Ард иргэдийг ядуу амьдралаас бид л гаргаж чадна. Бид нийтийн эрх ашгийн төлөө бодлого хэрэгжүүлмээр байна. АН-аасфракцын хямралаас гараасай гэж бодож байна.

УИХын гишүүн Д.Ганхуяг: -Сонгуулиас бусад цагт хэтэрхий их улстөржиж байна. Тэр нь УИХ-аас үүдэлтэй байна. Төрийн түшээд улстөржих тусмаа бүтээлч үйл ажиллагаа маш бага байдаг. Хэд хэдэн чухал асуудлыг шийдмээр байна. УИХ-ын гишүүд бидэнд хуримтлагдсан асуудал их байна. Өнөөдөр бид хоёр төсөвтэй байна. УИХ таван тэрбум ам.долларын бонд гаргаж өгч болно гээд хоёр, гурван төсөвтэй болгосон. Намын санхүүжилтийг ил тод болгомоор байна.

УИХын гишүүн С.Одонтуяа: -Зоригтой шийдмэг Ерөнхий сайд байгаасай. Хариуцлагын асуудал яригддаггүй юм байна. Нэг албан тушаалтан, сайдад хариуцлага тооцъё гэхээр намын эв нэгдэл, хагаллаа бутаргалаа гэдэг. Улс орны эрх ашгийг тэргүүнд тавьдаг болох ёстой. Томилгооны асуудал дээр нэг хүн оруулж ирчихээд шахдагаа болих хэрэгтэй. 2-3 хүн оруулж ирдэг болох. Олон жил нам, фракц гэсээр даахаа болилоо. Хямралаас үүдэлтэй төрийн байгууллагын орон тооны цомхотголоос маш олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ. Гудамжинд гардаг, моргейжийн зээлээ төлж чадахгүй болох вий, анхаараарай. Шоугүй Засгийн газар байгаарай.

УИХын гишүүн Д.Арвин: -Хоёр хөрштэй байгуулсан гэрээ хэлэлцээрийг маш зөв авч явна шүү. Хөршүүд Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэж ярьдаг. Орлогогүй гээд бүх юмыг хувьчлахгүй шүү. Ингэвэл Монгол Улс өөрөө хувьчлагдана. Оюутолгойг Монгол Улсын эрх ашгийг бодож ажиллаарай гэж хүсэх байна. Оюутолгойтой холбоотой бүх улстөрчдөд анхааруулъя, бид хөрөнгө мөнгөө аваад үхэхгүй. Бидний удам үр хүүхэд, Монгол Улс мөнх шүү.

УИХын гишүүн Ч.Улаан: -Энэ богино хугацаанд санасан бүхнээ гүйцэлдүүлж чадахгүй. Тулгамдсан асуудлыг шийдэх нь чухал. Сангийн яам таны гал тогоо. Хоолгүй бол хүн ямар байдалд орох вэ гэдгийг сайн бодоорой. Хөл алдаж, гүйж болохгүй. Засгийн газраас, Ерөнхий сайдаас их зүйл хүлээгээд нэмэргүй. Ийм боломжийг цаг хугацаа, нөхцөл бололцоо нь хязгаарлачихсан. УИХ өөрөө маш хязгаарлагдмал орчин бий болгосон. Дотоод, гадаад нөхцөл байдал туйлын хязгаарлагдмал. Баруун тал хоосон байгаа чинь дэмжлэг биш. Оюутолгой бидний толгойны хорт хавдар болсон. Хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Амьдрал залгуулах нь нэн тулгамдсан асуудал болсон. Хямралын үед ажиллаж сурах хэрэгтэй.

УИХын гишүүн А.Бакей: -Холыг харж, зангарагтай ажиллаарай. Казах түмэн эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулж ирсэн, одоо ч оруулж байгаа. Үндэсний цөөнхийн тулгамдсан асуудал маш их байна. Үүнд онцгой анхаарал хандуулж төр засгийн шийдвэр гаргах төвшинд үндэсний цөөнхийн оролцоог нэмэгдүүлэх талд анхаарахыг хүсье гэх мэтээр гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж дууссан юм. Түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 44 гишүүнээс 42 нь буюу 95.5 хувь нь уг саналыг дэмжив. Г.Уянга гишүүн эсрэг кноп дарсан бол Х.Баттулга гишүүн санал хураалтын үед чуулганы танхимд байсангүй. Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр санал хураахын өмнө гишүүдийн картыг тоолж яваа нь содон туссан юм. УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Цог, С.Ганбаатар нар гадаад томилолттой байсан. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Болор нар энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд суугаагүй юм.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг чуулганы танхимын индэр дээрээс үг хэлсэн юм. Тэрбээр “Хүн бүр янз бүрээр ярьж маргалдаад байгаа хүндрэлтэй байдал, хэцүү байдал,эдийн засгийн эсхүл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эцэс төгсгөлгүй маргаанаа орхиод одоо улс орон хямралтай байна гэдгээ юуны өмнө шууд хүлээн зөвшөөрцгөөе. Шинээр байгуулагдахЗасгийн газрын тэргүүлэх гол чиглэл юу байх вэ. Эдийн засгийн энэ асуудлын угтвар нөхцөл нь улс төрийн тогтвортой байдал, харин дагавар үр дүн нь ард иргэдийн аж амьдрал байх болно. Шинэ Засгийн газрын гол шинж нь дэмжлэгтэй Засгийн газар, Шийдлийн Засгийн газар, шуурхай Засгийн газар байх болно.

Энэ хямралаас бид зөвхөн олон жил хурсан хүнд асуудлуудыг шийдэж байж л гарна. Хүнд шийдвэрүүд гаргахад хүссэн хүсээгүй парламент дахь дийлэнх олонхид л бид тулгуурлах учиртай. Бидний гарах шийдвэрийг хэзээ ч 100 хувь алга ташин хүлээж авахгүй нь ойлгомжтой. Зарим шийдвэр өнөөдөр утгагүй, алдаатай мэт санагдавч маргааш нь үр дүнгээ өгөх шийдвэрүүд ч хүлээж байна. Улс төрөөс болж олон жил хойш тавьсан, хулгасан, халгасан хэцүү шийдвэрүүдийг бид гаргаж гэмээнэ хямралаас гарах хугацааг наашлуулна. Гол нь шийдэл гаргах чадвар, зориг зүрх бүхий л шийдлийн Засгийн газар бий болох учиртай. Танхим шуурхай ажиллах ёстой. Эдийн засгийн чухал асуудлуудыг штабын маягийн зохион байгуулалт, хурдаар шийдэх учиртай. Шинэ Засгийн газарт цаг хугацааны “Аль болох хурдан” гэдэг ганцхан хэмжээс үйлчлэх болно. Ерөнхий сайдын зүгээс өдөр тутмын салбарын асуудлуудын эрх мэдлийг сайд нарт бүрэн шилжүүлж зөвхөн эдийн засгийн асуудлуудад гол анхаарлаа хандуулна. Иймд сайд болгон салбартаа Ерөнхий сайд нь байх учиртай.

Бид үүсээд байгаа хямралаа зөв оношлох хэрэгтэй бөгөөд энэ нь мэдээж гадаад хүчин зүйлтэй холбоотой эхэлсэн. Манай гол экспортлогч Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саармагжсан, нүүрс, төмрийн хүдрийн үнэ унасан, саяхнаас алтны үнийн огцом уналт байдлыг улам дордуулж байна. Гэхдээ энэ хямралын гол буруутан нь бид өөрсдөө. Хямралаас гарах үйл ажиллагаагаа хоёр түвшинд авч үзэх ёстой. Нэгдүгээрт, урт болон дунд хугацаанд хийх ажил. Бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон. Нартай өдөр найрлаж, бороотой өдрүүдэд бэмбэгнэж суудаг байдлаасаа гарцгаая. Бороотой өдрүүд эхлэхэд хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрсдэлийн шуурхай удирдлагатай эдийн засгаа одооноос бий болгоцгооё. Хоёрдугаарт, энэ ажлын үндсэн суурь нь 2014 онд баталсан УИХ-ын 34 дүгээр тогтоолд заасан арга хэмжээнүүдийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх үйл ажиллагаа болох учиртай. Юуны өмнө Хөрөнгө оруулалт, Хөнгөлөлттэй зээл хоёрын зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгоно” гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдын тамга шилжүүлэх ёслол боллоо. Ерөнхийлөгч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт баяр хүргэн хэлсэн үгэндээ “Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилогдсон Ч.Сайханбилэгийн ажилд нь амжилт хүсье. Таныг улс орныхоо эрх ашгийн төлөө хариуцлагатай, хууль, ёсзүйг дээдлэн, бусадтай гар нийлж, шуурхай, нээлттэй ажиллаж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Амжилт хүсье” гэлээ.

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хамгаалалтгүй хамгаалагч

АТГ-т шалгагдаж байгаад ял сонссон олны танил нэгэн хүний өмгөөлөгчөөс ярилцлага авахыг хүсэхэд “Уг нь ярих, хэлэх юм их байна. Даанч өөрийнх нь алдааг хэлчихээр АТГ-ын байцаагчид биднийг заначихдаг юм. Прокурор, шүүхийнхэн ч “Чи сонин хэвлэлээр олон юм ярьсан билүү. Түүний чинь хариуг өгнө” гэсэн байдлаар ханддаг. Ингээд л намайг төдийгүй үйлчлүүлэгчийн минь эрх зүйн байдлыг дордуулдаг. Дараа дараагийн үйлчлүүлэгчид минь ч сөрөг хандлага үзүүлээд эхэлнэ. Тагнаж, чагнана. Тийм учраас хэлэх үг байсан ч дуугүй байсан нь өлзийтэй” гэж учирласан юм. Бас олны анхаарал татсан хэрэг дээр ажиллаж байгаа цөөнгүй өмгөөлөгч “Миний утсыг чагнаад байгаа”, “Намайг дагадаг болсон” гэж ярихыг сонссон. Энэ мэт бусдад хууль зүйн туслалцаа үзүүлж, эрхийг нь хамгаалахаар ажиллаж байгаа өмгөөлөгчид өөрөө эмээсэн, болгоомжилсон, яахаа мэдэхээ больсон, бусдын ая талыг харсан хандлагатай болж байгаа нь нийгэмд айдас төрүүлэх боллоо. Хүн бүр хуульч биш. Иргэн бүр хууль мэдэх шаардлагагүй. Шаардлага гарвал эрхээ хамгаалуулахын тулд өмгөөлөгчид ханддаг. Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ хууль эрх зүйн тусламж үзүүлж, эрхийг нь хамгаалдаг. Аливаа хэрэгт өмгөөлөгч мөрдөн байцаагч, яллагч, шүүгчийн нэгэн адил оролцоотой байх учиртай. Гэтэл манай өмгөөлөгчид “Шүүх хуралдаанд өм­гөөлөгчийн өмгөөллийг авч хэлэлцсэнгүй. Өмгөөлөл хийж байхад шүүгч өөр зүйлд анхаарал хандуулсан” гэж гомдоллох нь бий. Өөрийнхөө болоод үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалаад хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хандсан нэгнийг нь цагдан хорино, торгоно гэж айлгадаг буруу тогтолцоо манайд байгааг үгүйсгэх аргагүй. Ойрын жишээ гэвэл, “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт шалгагдаж байгаа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг цагдаагийн байгууллагад шалгуулах болсноо АТГ-аас мэдээлсэн билээ. Үйлчлүүлэгчдээ бичсэн гэх захидлыг нь олон нийтэд дэлгэж “Төрийн өндөр албан тушаалтнаар дамжуулж мөрдөн байцаалтад саад хийх гэж байна” гэж зарласан. Тэр захидал дээр юу бичсэн нь чухал биш. Гагцхүү хоёр хүний хоорондох, тэр дундаа өмгөөлөгч үйлчлүүлэгч хоёрын дундах захидал харилцааны нууцыг задалж байгаа нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. Арваннэгдүгээр сарын эхээр болсон эл үйл явдлын хүрээнд олон хүн үзэл бодлоо илэрхийлэхдээ “Монголд хүний эрхийг хамгаалах, өмгөөлөгч хийх нь өөртөө эрсдэл үүрч байгаагийн жишээ болж. АТГ өмгөөлөгчийг шалгуулна гэснээрээ хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд нь саад учруулж байна. Харин захидлыг нь дэлгэснийхээ хариуд тэр байгууллага өөрөө хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэ тухай “Хорь гаруй жилийн хугацаанд бий болгосон ардчиллаасаа ухарсан үйлдэл боллоо. Өмгөөлөгчийнх нь эсрэг эрүүгийн хэрэг санаачилж байгаа нь хүний эрхийг уландаа гишгэсэн үйлдэл мөн” гэж мэдэгдсэн билээ. Л.Гансүхийн гэх хэрэг улс төртэй холбоотой, холбоогүйдээ биш. Харин иргэн хүн өмгөөлүүлэх эрхээр хэрхэн хангаж байна, өмгөөлөгчийн үйлчилгээний баталгаа нь хэр байна гэдэгтээ хүний эрхийн хамгаалагчдын анхаарлыг татаж буй юм.

“Долдугаар сарын 1”-ний гэх хэргээр цагдаагийн хурандаа нарыг шүүх үеэр хоёр өмгөөлөгчийг нь шүүхийн танхимын гадна хоёр цаг гаруй саатуулсан. Дараа нь тэднийг шүүх хуралдааныг орхин гарлаа гэж 14 хоног баривчилсан юм. Шүүхэд удаа дараа хүсэлт гаргасныг нь хүлээж аваагүй, Үндсэн хуулийн Цэцэд хандсан байхад асуудлыг хэлэлцлээ гэх үндэслэлээр хоёр өмгөөлөгч шүүх хуралдааны танхимаас гарсан нь хоригдох үндэслэл болсон талаар өмгөөлөгчид хэвлэл, мэдээллийн хэрэгс­лээр мэдээлсэн. Тухайн үед Монголын өмгөөлөгчийн хол­боо “Үндсэн хуульд заасан хүний эрхийн язгуур, дээд үзэл санаа амьгүй болж, түү­­ний баталгааг хангах, мэр­гэж­лийн туслалцаа үзүүлэх ажиллагаанд ноцтой аюул занал учрахад хүрсэний но­толгоо боллоо” гэж мэдэгдэл гаргаснаас өөр өмгөөлөгчийн эрхийг хангах талаар яригдалгүй өнгөрсөн билээ.

Энэ мэт өмгөөлөгчийн эрхийг ямар нэгэн байдлаар хөндсөн жишээ олон. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Өмгөөлөгчид хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь дарамт, шахалт үзүүлэх буюу хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулах, заналхийлэхийг хориглоно”, 40 дүгээр зүйлийн 40.5-д “Хуульчдын холбоогоор уламжлуулан хүсэлт гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллага өмгөөлөгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан үндэслэлгүйгээр мөрдөх, эрхийг нь хязгаарлахаас хамгаалах арга хэмжээ авна” гэж заасан байдаг. Гэвч өмгөөлөгчид тэр бүр гомдол гаргаад, эрхээ хамгаалуулах гэж хөөцөлддөггүй. Үйлчлүүлэгчийнх нь эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлнө гэдэг болгоомжлолоос үүдэж хэл ам хийдэггүй.

Хүний эрхийг хамгаалахын төлөө ажилласнаараа чичлүүлж, нийгмийн дуу хоолой болж, эрх мэдэлтнийг шүүмжилсний хариуд эрүүгийн хэрэгтэн болоход ойрхон хүмүүс бол сэтгүүлчид. Сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, заналхийлэх, бие болоод эрүүл мэндэд нь халдах, хууль эрх зүйн сул байдлыг ашиглан үндэслэлгүй мөрдөн мөшгих зэргээр мэргэжлийн эрхэд халдсан тохиолдол 2005 оны аравдугаар сараас 2013 оны аравдугаар сарыг дуусах хугацаанд “Глоб интернэшнл” төвд нийт 300 бүртгэгдсэн байна. Энэ бол бодит тоо биш. Цаана нь дарамтнаас айсан, нэг удаа юм байна хэл ам хийгээд яахав гээд өнгөрсөн олон тохиолдол бий. Дарамт, шахалт үзүүлэхээс гадна сэтгүүлчийг ихэвчлэн бусдыг гүтгэсэн, доромжилсон гэх үндэслэлээр эрүүгийн хуулиар хэдэн сар, жилээр шалгаж хэргийг нь шүүхэд шилжүүлдэг. 2011-2014 онд шүүхээр бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан гэсэн үндэслэлээр иргэний 37 хэрэг, эрүүгийн найман хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгджээ. Үүнээс эрүүгийн зургаан хэрэгт сэтгүүлчийг буруутгаж, ял оноосон бол хоёр тохиолдолд цагаатгасан. Эсрэгээрээ сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулсан, дарамталсан гэх хэрэг шүүхээр шийдэгдсэн талаар мэдээлэгдээгүй.

Хүний эрх, эрх чөлөөний төлөө ажилладаг өөр нэг салбарынхан бол иргэний нийгмийн байгууллагууд. Монгол хүний эрхийн төлөө ажилладаг 30 гаруй төрийн бус байгууллага бий гэсэн албан бус тоо бий. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдаж, Тахарын алба байгуулагдахаас өмнө хүчирхийлэлд өртөгчдийн эрх тэдгээр байгууллагуудын нуруун дээр байсан гэхэд хилсдэхгүй. “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн ажилт­нууд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг хамгаалалтандаа авсны төлөө өөрсдөө дарамтлуулсан тохиолдол нэг биш удаа гарч байсан. Төрийн бус байгууллагууд манай улсад хүний эрх хэрхэн хангагдаж байгаа талаар судалж, олон улсын байгууллагуудад илтгэл, мэдээлэл хүргүүлдэг. Гэтэл төрийн байгууллагууд нууцад хамааралгүй мэдээллээ гаргаж өгөхөөс цааргалдаг, хүлээж авдаггүй гэх зэрэг саад их бий.

Энэ мэт хүний эрхийг хам­гаа­лагчид өөрсдөө хамгаалалтгүйгээсээ болж эрсдэлд орж байгаа нь нийгэмд айдас төрүүлж байгаа юм. Ардчилсан улсуудад хүний эрхийг хамгаалагчдын эрхийг онцгойлон үздэг. Хууль эрх зүйн хувьд хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах асуудлыг тусгайлан зааснаас гадна олон улсад мөрдөгддөг тунхаглалыг баримталдаг юм байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1998 онд “Хүний эрхийг хамгаалагчдын тухай тунхаглал” батлан гаргасан. Уг тунхаглалд”Хүн бүр бие даан дангаар буюу бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүндэтгэн биелүүлэх явдлыг хөхиүлэн дэмжих, түүний төлөө тэмцэх эрхтэй” гэж заажээ. Энэ тунхаг нь хүний эрхийн төлөө ажилладаг хүмүүс ямар нэгэн хөндлөнгийн оролцоо, саад бартаа, айлган сүрдүүлэг, заналхийлэлгүйгээр ажиллах боломжтой болсон үед л биелэгдэх боломжтой гэдгийг НҮБ-ын гишүүн орнууд хүлээн зөвшөөрсний илрэл аж. Уг тунхаг нь төрөөс хүний эрхийн хамгаалагчдын ажилд шаардлагатай эрхүүдийг хамгаалахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчноороо хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалалтандаа авахыг шаарддаг гэсэн үг. Манай улс НҮБ-ын гишүүний хувьд энэ тунхаглалыг дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэлхүний эрхийг хамгаалагчийг хамгаалах нь шинэ зүйл, дадал болоогүй гэх хандлага байсаар байна. Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хууль эрх зүйн орчинд энэ асуудлыг тусгах саналыг хэлсээр байгаа. Жишээлбэл, Гэмт хэргийн тухай хуульд хүний эрхийг хамгаалж ажилласных нь төлөө хохирогч болгосон бол гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тусгайлан зааж өгөх санал оруулжээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд ч ийм үзэл санааг тусгахыг зорьсон аж. Хуульд тусгахаас гадна хүний эрхийг хамгаалагч өөрөө хамгаалалттай байх ёстой гэсэн хандлагыг хэвшүүлэх нь чухал байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

Сурагчид Мишель Обамад “талархав”

Америкийн талархлын өдрийн өмнө сургуулийн сурагчид тус орны тэргүүн хатагтайд тааруухан үдийн хоолны төлөө “талархал” илэрхийлж эхэлжээ хэмээн St-Louis Todayмэдээлэв.

Мишель Обамагийн буянаар АНУ-ын засаг захиргаа хүүхдүүдийн илүүдэл жинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрт өөрчлөлт оруулан сургуулийн үдийн хоолны цэсийг өөрчилсөн юм. АНУ-ын сургуулиудад 2012 оноос эхлэн үдийн хоолонд нь ихээхэн хэмжээний жимс, ногоо, будаа оруулах болжээ.

Одоо Twitter дэх сүлжээнд “ThanksMichelleObama” гэсэн мэдээлэл ихэд түгж байна. Сурагчид “тааруухан” үдийн хоолны төлөө түүнд талархаж байна. Эдгээр мэдээллээс будааны усан шөл, алимтай үдийн хоолны зураг хамгийн ихээр тарж байгаа гэнэ.