Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засгийн хямралаас гарахад монголчуудад эх оронч санаачилга хэрэгтэй

Хөрөнгийн биржийн ажилтнууд өөрсдийн санаачилгаар цалингаа 30 хувиар бууруулжээ. Энэ бол хямралын үед улсынхаа төлөө хийж байгаа иргэн хүний хамт олноороо нэгдэж гаргасан эх оронч санаачилга.

Монгол Улсын эдийн засаг хямралтай, улс маань хямарч байна. Бид энэ хямралаас гарахын тулд эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, түүний төлөө зовох зүрхтэй байх ёстой. Монгол Улсынхаа төлөө бид л санаа тавихгүй юм бол өөр хэн санаагаа чилээх юм. Түрүүчээсээ санаа тавьж эхэлж байгаагийн илрэл нь Хөрөнгийн биржийнхний дээр дурдсан санаачилга юм. Энэ бол хямралын үеийн баярт мэдээ.

Дэлхийн улс орнууд хямрал нүүрлэхэд яадаг вэ. Хямралыг янз бүрээр даван гарч ирсэн олон түүхэн жишээ бий. Дэлхийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн нь Америкийн 1929 оны аравдугаар сарын 29-ний их хямрал. Ажилгүйдэл, ядуурал, хоосрол, гэмт хэрэг ар араасаа хөвөрч зовлонгийн гинжин хэлхээг үүсгэсэн тэр үед Франклин Рузвельт АНУ-ын Ерөнхийлөгч болмогцоо хямралыг давахын тулд ажлын өргөн фронт бий болгосон байдаг.

Ажилчдын лагерууд олон тоогоор үүсч хүмүүс юун амрах, зугаацах зөвхөн ажлын төлөө, хямралаас гарахын тулд морь, нохой мэт зүтгэж сардаа ганцхан удаа амсхийж, олсон хэдэн доллараа ар гэр рүүгээ илгээнэ. Дайны угтвар үед төрийн захиалгыг хүнд үйлдвэрүүдэд өгч зэвсэг, техник хийлгэсэн нь ажилгүйдлийг арилгах, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болсон гэдэг. Дараа нь нефтийн болон хөлөг онгоц босгох салбаруудад хөрөнгө оруулалтыг дэмжиж ажлын байрыг олноор нь бий болгосон нь арваад жил үргэлжилсэн хямралын хар үеийг цайруулахад асар их нөлөө үзүүлснийг эдийн засагчид тодотгодог. Энэ үед бүтээгдсэн тайз, дэлгэцийн уран бүтээл, зохиолуудад ажилчин хүн гол дүр нь байдаг. Ариун цагаан хөдөлмөрөөр нь эх орон нь шалбаагнаас өндийж, ажилчин хүний сэтгэлийн хатаар зовлонт замаас салж байгаа тухай өгүүлсэн олон арван роман, туужууд туурвигдсан билээ, тэр үед.

Нөгөө нэг жишээ бол БНСУ. 1960-аад оныг хүртэл хэрхэн хөгжих, яаж хүчирхэгжих ухаанаа олохгүй мунгинаж өөр хоорондын улс төрийн хэрүүл тэмцэлд сульдаж байсан Солонгос орон хамтын оролцоогоор сэргэн мандлын замдаа орсон гэдэг. Пак Чон Хи генерал хүн амын 80 хувийг эзэлж байсан ядуусын армийн хүчийг ажлын фронт руу татаж чадсан. Загасны аж ахуй, тариалангаас өөр юм эрхэлдэггүй байсан улсаа орчин үеийн үйлдвэржсэн орон болгохын тулд олон талт өргөн цар хүрээтэй ажлууд сэдсэн нь амжилттай болсон билээ. Хүнд үеийг хамтдаа туулаад гараад ирсэн энэ ард түмэн сүүлд нь дахин эдийн засгийн хямралд өртсөн. Солонгосыг загасчны тосгон, ядуу буурай орон биш, харин дэлхийн хэмжээний, Азийн бар улс хэвээр нь үлдээхийн тулд бүх ард түмэн нь өөрт байгаа алт, монетон бөгж, гинж, ээмэг, зүүлт зэргээ хуримтлуулж улсынхаа сан хөмрөгийг нэмэгдүүлсэн. “Би эх орныхоо төлөө ингэж сэтгэл гаргаж байна” гэдгээ нотлохын тулд солонгос эмэгтэйчүүд бусдаас урьтан улсын сан хөмрөгийн байрны гадна үүр цүүрээр очиж дугаарлан зогсч байсан гэдэг. Ингэж энэ ард түмэн эх орныхоо төлөө байгаа бүхнээ өгч байлаа. Солонгос эрчүүд алтан ээмэг, алмаазан бөгжгүй гээд бүсгүйчүүдээ хайрлахаа болиогүй. Харин ч эрэлхэг зоримог хүүхнүүдээрээ бахархаж хүндэтгэсэн талаар тухайн үед сонин хэвлэлүүдээр бичиж, кино ч хүртэл зориулж байсан билээ.

Дэлхийн II дайны дараа үнсэн товрого дундаас хүчирхэг Герман орныг босгосон түүх нь ажилгүйдлийг устгасан түүхээс өөр юу ч биш гэцгээдэг. 1945 оны сүүл гэхэд Германы төр үндсэндээ устгагдчихсан байсан бөгөөд ихэнх германчууд ялагдлын гутралд орчихсон гутранги үе байжээ.

Герман төдийгүй бүх Европ хэрэгцээнээсээ хамаагүй бага үйлдвэрлэл явуулж дээр нь их хэмжээний өрөнд баригдсан, хэн ч, юу ч худалдан авч чадахгүй болтлоо дампуурсан байж. Дайтаж явсан хэдэн зуун мянган цэрэг эрс, юу ч үгүй болтлоо сүйдэж балгас болсон хотууд, сэтгэл санааны гүн дарамттай, идэх хоол, өмсөх хувцасгүй ард түмнийг хэрхэн, юугаар хооллож, ирээдүйгээ яаж бий болгох вэ гэсэн хүндхэн асуултын хариуд Конрад Аденауэр “Ажлын байр бий болгох” гэсэн товчхон шийдэл олсон байдаг. Босоо болгоныг нь танкаар индүүдсэн баруун герман, аравхан хувь нь бүтэн үлдсэн Берлин хотыг шинээр барилгажуулж, унасан эдийн засгаа сэргээнэ гэдэг ямар ч найдваргүй мэт сэтгэгдэл төрүүлж байжээ. Тэгтэл германчууд босч чадсан. Ажилчид нь хуучин үйлдвэрийнхээ буурин дээрээс суурь машинаа эд ширхэг бүрээр нь түүж, сэлбэж эвлүүлсэн гэдэг. Ажилчид нь эздэдээ үйлдвэрээ ингэж үнэгүй байгуулж өгсөн байдаг. Нэгэнт ажиллаж эхэлсэн үйлдвэрээ хөл дээр нь босох хүртэл ажилчид нь хөлсгүй зүтгэж, олон сарын дараа цалинтайгаа золгосон түүх бий. Үйлдвэр нь өдөр өдрөөр дэвжихийн хэрээр ажилчдын амьдрал, цалин нь нэмэгдэж яван явсаар Герман улс хүчирхэгжсэн. Одоо ямар байгааг хүн бүр мэднэ.

Яг үүн шиг бид эдийн засаг хямарч, яваандаа уналтад ч орж мэдэхээр болж байгаа энэ үед эх орныхоо төлөө санаачилга гаргах хэрэгтэй болж байна. Хямралыг давж гарахын тулд одоо байгаа албан байгууллагууд, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээ нүдний цөцгий мэт хайрлан тэсч авч үлдэх ёстой болоод байна. Яагаад гэвэл хэрвээ дампууруулаад хаалгыг нь бариулчихвал эргээд ажлын байрны хомсдол үүснэ. Эдийн засаг сэргэхийн цагт буцаад орох байгууллагагүй олон мянган хүн гудамжаар ажил эрэх нь тодорхой.

Байгууллагаа дампууруу­лахгүйн тулд ажилчид нь цалингаасаа тануулаад ч болтугай хэн нэгнийгээ халуулахгүйгээр бүгд ажилтай байж хямралыг давах гарц бий. Бусад үед цалин нэмэгдээсэй гэж хашгирдаг бол хямралын үед цалингаа бууруулах шийдвэр гаргах замаар байгууллагаа дампууруулчихгүй авч үлдэх нь эх оронч зан. Хямралын энэ үед багахан шиг цалин аваад үйлдвэр, аж ахуйн нэгжээ хөл дээр нь тогтоож, тэсч үлдэхэд мэдээж зориг гаргах шаардлагатай. Бага цалин авч байгаа нь хувь хүнд хохиролтой ч байгууллагаа алга болгочихгүй, галыг нь алдуулахгүй үйл ажиллагааг нь хэвийн авч явах ажилдаа хайртай хүний хийх зоригтой алхмуудын нэг.

Ажлын газраа дампуу­руулчихгүйн тулд тэсч үлдэх л хэрэгтэй.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ улс-төр

Буриадын Ардын хурлын дарга Улаанбаатарт айлчилж байна

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Ардын хурлын дарга М.М.Гершевич Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга Д.Баттулга Бүгд Найрамдах Буриад улсын Ардын Хурлын дарга М.М.Гершевич болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, хөгжил дэвшлийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга Буриад улсын төлөөлөгчдөд хурэлцэн ирсэнд талархал илэрхийлж, НИТХ-ын бүтэц, зохион байгуулалт, шийдвэрлэж буй асуудлуудыг танилцуулж, хоёр орны жуулчны компаниудын форумыг Улаанбаатарт зохион байгуулах саналыг тавив.

Харин ноён М.Гершевич “Орос Монгол улсын Ерөнхийлөгчийн уулзалтын дараа хоёр орны харилцаа шинэ түвшинд гарч, сүүлийн жилүүдэд бага зэрэг бүдгэрээд байсан худалдаа наймаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжих нөхцөл бүрдэж байна. Танай улстай хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

Цаашид Буриадын талаас Улаанбаатар – Улаан-Үд хооронд 20 хүний суудалтай нислэгийг сэргээхээр хэлэлцэж, төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийллээ. Түүнчлэн автозамын логистикийг хамтран хөгжүүлэх, байгалийн хий хийжүүлэх, Монголоос Улаан-Үдийн махкомбинатад мах нийлүүлэх асуудалд хамтран ажиллахад бэлэн байгааг онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эболатай орнуудаас Монголд ирэх жуулчдын тоо буурчээ

Эболагийн халдвар гарсан баруун Африкийн бүс нутгаас Монгол Улсад долоо, найм, есдүгээр сард 12-15 хүн иржээ. Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр эбологийн халдвар гарсан орноос зорчих визийн хязгаарлалт хийснээр зорчин явах хүний тоо багассан байна. Визийн хязгаарлалт хийснээс хойш манай улсад баруун Африкийн орнуудаас 2-3 хүн компаниудын урилгаар ирсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

“Монгол Улсаас Өмнөд Судан улсад энхийг сахиулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Энхийг сахиулагчид эболагийн голомттой газарт ажиллаагүй бөгөөд ойрын үед 68 хүний бүрэлдэхүүнтэй баг ирнэ.

Аюулгүй байдлыг хангах үүднээс тэдэнд өндөр түвшинд шинжилгээ хийж, шаардлагатай бол тодорхой хугацаанд тусгаарлан ажиглалт хийсний дараа нэвтрүүлнэ” хэмээн Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Нарангэрэл ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Хүний биед таагүй нөлөөтэй нэмэлт бүтээгдэхүүнүүд

Хүнсний үйлдвэрлэлд ашигладаг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг нийтэд нь Е үсгээр тэмдэглэдэг. Эдгээр бүтээгдэхүүний талаар мэдээлэл хүргэе.

Е101 – E180 нь хүнсний будагч бодисууд

Эдгээр бодис нь бүтээгдэхүүний хүссэн өнгөөр будах, эсвэл боловсруулалтын үед алдагдсан өнгийг нь дахин сэргээх зорилгоор ашигладаг. Жишээлэхэд, хиамын чанах үед мах саарал өнгөтэй болно. Тэгэх ч ёстой. Гэвч саарал өнгөтэй хиам нь худалдан авагчид таашаадаггүй, борлуулалт нь муу байдаг тул будагч нэмж улаан ягаан өнгөтэй болгодог. Гэхдээ бета каротин гэх мэтийн биологийн гаралтай будагчид бас байдаг. Ийм будагчийн нөлөөгөөр жишээлэхэд, лууван байгалиасаа улаан өнгөтэй болдог.

E200 – E229 нь консервантууд буюу хадгалалтын хугацааг уртасгадаг бодисууд. Элдэв мөөгөнцөр, нянгийн үржлийн дарамтлах замаар бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлдэг.

E300 – E399 нь антиоксиданд, исэлдэхээс сэргийлэгч бодисууд. Бүтээгдэхүүнийг гашилж, исэлдэн өнгө нь муудахаас хамгаална. Заримдаа С витамин, Е витамин гэх зэрэг байгалийн нэгдлүүд байдаг бол заримдаа химийн аргаар гаргаж авсан бодисууд байдаг.

E400 – E499 нь тогтворжуулагч бодисууд. Бүтээгдэхүүний нягтрал алдагдахаас сэргийлэх наалдамтгай, нийлэмтгий чанарыг нь нэмэгдүүлнэ.

E500 – E599 нь эмульгаторууд. Эдгээр бодисууд нь ус ба тос гэх мэтийн байгаль дээр хэзээ ч нийлдэггүй шингэнийг нийлүүлсэн нэгэн жигд шингэн гаргаж авахад тусладаг. Мөн хөвсгөр болгодог.

E600 – E699 нь амт, үнэрийг хүчтэй болгогч бодисууд. Өөрөөр хэлбэл ийм бодисуудыг нэмсний дараа бүтээгдэхүүний үнэр, амт нь хадгалалтын явцад алдагдана гэж айлтгүй.

E900 – E999 гялалзуулагч бодисууд. Бохь гэх мэт зарим бүтээгдэхүүнийг харахаар нэг их гоё гялалзаад байдаг даа. Гурил гэх мэт бүтээгдэхүүний чанар алдагдахаас сэргийлнэ.

Е1000 нь сүүлийн үед гарч ирсэн шинэ нэмэлтүүд.

Categories
мэдээ улс-төр

АН, МАН-ын гишүүд хамтарч ажиллах эсэх талаараа мэдээлнэ

Засгийн газарт хамтрах асуудлаар зөвшилцсөн АН, МАН-ын ажлын хэсгийнхэн зөвшилцлийнхөө үр дүнгийн талаар өнөөдөр 17.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ. Хоёр намын ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд нар хамтран мэдээлэл хийх юм байна. Хоёр намын ажлын хэсэг засагт хамтрах асуудлаар өчигдөр орой хуралдаж шийдвэрээ гаргасан билээ.

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсгүүдийн зөвшилцөл үргэлжилж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан Засгийн газарт хамтран ажиллах асуудлаар УИХ-д суудалтай нам, эвслүүдтэй зөвшилцөх ажлын хэсэг өнгөрч буй долоо хоногт ИЗНН, МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслийн бүлэг, МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгүүдтэй уулзалт, зөвшилцөл хийлээ.

Тус Ажлын хэсэг ИЗНН, “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсэгт 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулсан хамтын ажиллагааны гэрээндээ зарим шаардлагатай тодотгол хийж, Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа дахин нотолсон.

АН-ын Ажлын хэсэг мөн МАН-ын намын Ажлын хэсэгтэй ойлголцлоо нэмэгдүүлэх, тодорхой асуудлаар зөвшилцөлд хүрэхийн тулд дөрвөн удаагийн уулзалт зохион байгуулав. Хоёр намын ажлын хэсэг улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа үед УИХ-д суудалтай улс төрийн намууд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтвортой хөгжлийн үндсийг тавих ойрын болон дунд хугацааны хөтөлбөрийг хамтран баталж хэрэгжүүлэх, Оюутолгой, Тавантолгой болон уул уурхай, дэд бүтцийн бусад томоохон төслүүдийг холбогдох хууль, УИХ-ын шийдвэрийн хүрээнд ил тод, харилцан хяналттайгаар урагшлуулах, ажил хэрэг болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Мөн эдийн засгийн чиглэлийн хүлээгдэж буй олон хууль тогтоомжуудыг батлан гаргах талаар хамтын хүчин чармайлт гаргаж ажиллахаар ойлголцлоо.

Ажлын хэсгүүд улс төрийн тогтвортой байдлыг хангах, парламентын засаглалаа улам боловсронгуй болгох, улс төрийн намыг бодлогын байгууллага болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг нь ил тод, хуулийн нарийн зохицуулалттай болгох, бүх шатны сонгуулийн зардлыг бууруулах, шударга сонгууль явуулах нөхцөлийг баталгаажуулах зэрэг асуудлаар санал солилцов. Эдгээр асуудлаар дэлгэрэнгүй ярилцсаны дүнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиудыг батлах чиглэлд УИХ-д суудалтай бүх улс төрийн намууд цаг алдалгүй зөвшилцөж, хамтран ажиллах нь чухал гэж үзлээ.

Зөвшилцлийн Ажлын хэсгүүдийн уулзалт ирэх долоо хоногт Засгийн газар байгуулах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах зэрэг тодорхой асуудлуудаар үргэлжлэх бөгөөд эдгээр хэлэлцээрт МАН-ын Ажлын хэсэг оролцох эсэх нь тус намын Бага хурлаас гарах шийдвэрээс хамаарахаар байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас манайд мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Машиндаа эд зүйлсээ орхихгүй байхыг сануулав

Машиндаа цүнх, түрийвч, электрон бараа, үнэт эд зүйлсээ мартаж орхисноос алдах явдал цөөнгүй гарах болсныг ЦЕГ-аас сануулж байна. Баянзүрх дүүргийн 30 дугаар байрны гадна тавьсан автомашинд хулгайч орсон байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад, тус байрны иргэн М-ийн эзэмшлийн Bighorn маркийн автомашины зөв талын хаалганы жижиг шилийг нь хагалж эд зүйлсийг нь хулгайлж байсныг цагдаагийн алба хаагчид газар дээр нь илрүүлсэн аж. Түүнчлэн “Өгөөмөр” захын зогсоолд тавьсан автомашинаас эд зүйлээ алдлаа гэсэн мэдээллийг шалгахад ISTANA маркийн автомашины цонхыг хагалж, компьютер, процессор, автомашины халаагч найман ширхэг алдагдсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж эзэн холбогдогчийг нь тогтоосон байна.

ЦЕГ-аас гаргасан мэдэгдэлд “Өдөр бүр шахам ийм хэрэг гарч байгаа тул иргэд та бүхэн өөрийн автомашиндаа эд зүйлсээ орхилгүй, сонор сэрэмжтэй байж, харуул хамгаалалттай газар автомашинаа байрлуулахыг онцлон анхааруулж байна” гэж онцолжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын хурал хаалттай үргэлжилж байна

Нээлттэй болно хэмээн зарласан ч хаалттай үргэлжилж байгаа МАН-ын бага хурлын дундуур зөвшилцөх ажлын хэсгийг ахалсан Су.Батболд мэдээлэл хийжээ. Ажлын хэсгийнхэн эдийн засгийн хямралаас гарах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр зөвшилцөлд хүрчээ. Оюутолгой төслийн тухайд нөхцөлийг бууруулахгүйгээр хуулийн хүрээнд асуудлыг урагшлуулах боломжтой гэж үзсэн бол гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хүндрэлээс гарахтохироо хийсэн байна. Мөн Үндсэн хуулийн болон сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр нээлттэй хамтарч ажиллахаар болсон аж. МАН-ын бага хурал хаалттай үргэлжилж байна. Бага хурлын өмнө хуралдсан удирдах зөвлөлийн хурал дээр санал хураалт явуулахад 94 хувь нь хамтарч засаг байгуулахыг дэмжсэн байна. Энэ өдрийн хурлын гол шуугиан нь экс Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нар Бага хурлыг орхин гарсан явдал байлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр твиттерт жиргэсэн юм. Ц.Нямдорж гишүүн өмнө нь МАН, АН-тай хамтарч Засгийн газарт орох юм бол намаасаа гарна гэжээ. МАН-ын Шинэчлэлийн хорооныхон тодорхой найман шаардлагыг хангасан тохиолдолд МАН АН-тай хамтарч Засгийн газар байгуулах боломжтой гэдгийг илэрхийлсэн аж.

Categories
мэдээ улс-төр

АН, МАН-ын ажлын хэсэг танилцуулгаа хойшлууллаа

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд нар өнөөдөр 17.00 цагаас ямар шийдэлд хүрсэн талаараа Төрийн ордонд хэвлэлийн хурал хийхээр товлосныг мэдээлсэн. Гэвч уг хэвлэлийн хурлыг хойшлуулжээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгээс зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулсан билээ. Тус намын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг ахалж байгаа аж. Ажлын хэсэг МАН-ын ажлын хэсэгтэй арваад удаа уулзалт хийсэн байна. МАН-ын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Су.Батболд ахалж байгаа юм. Хоёр намын ажлын хэсгийнхэн шинээр байгуулагдах Засгийн газарт хамтрах эсэх, улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох зэрэг асуудлаар хэлэлцээ хийгээд байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-д хар баасан гариг эхэлжээ

АНУ-д жил бүр Зул сарын баярын өмнө “Хар баасан гариг” болдог. Дэлгүүр, худалдааны төвүүд бараагаа онцгой хямдруулдаг өдрийг ингэж тодотгодог юм. Тодруулж хэлбэл онцгой хямдралын өдөр нь Талархлын баярын өдөр тохиодог билээ. АНУ даяар өчигдөр “Хар баасан гариг” эхэлж иргэд хүссэн бараагаа онцгой хямд үнээр худалдаж авч байгаа аж. Томоохон худалдааны төвүүд бараагаа бараг л үйлдвэрийнх нь үнээр худалдаалснаар тэдний мөнгө хурдан эргэлдэж, хуучин бараанууд нь борлогдож дуусдаг. Өнгөрсөн онд тохиосон Талархлын баярын долоо хоногт нийт 52.5 тэрбум ам.долларын худалдан авалт хийгдсэн юм.