Categories
мэдээ нийгэм

Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс, нийслэлийн төвийн зургаан дүүргийн ЗДТГ-ын Худалдаа үйлчилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу шалгалт хийхээр болжээ. Шалгалтаар үйлчлүүлэгчийн хувцас, эдлэлийг чанарын шаардлага хангахааргүй цэвэрлэсэн бол хохирлыг хэрхэн барагдуулдаг зэргийг шалгах юм. Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, зориулалтын толбо арилгагч хэрэглэдэг, лабораторийн шинжилгээ хийлгэсэн, зохих мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан байх гэх мэт нийтлэг шаардлагуудыг хангасан байх ёстой. Шалгалтыг энэ сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ний өдрийг хүртэлх хугацаанд явуулах аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гандангийн хашаанд баригдаж байгаа барилга өмнө нь төсвийн 12 тэрбум төгрөгийг “залгижээ”

“Эдийн засаг хямарсан үед Гандангийнхан 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилт төсвөөс авлаа” гэсэн шүүмжлэл дагуулсан барилгын талаар лам нар өөрсдөө ч сайн мэдэхгүй байна. Учир нь хэргийн эзэн хэнгэргийн дохиур барилга Гандангийн хашаанд л баригдаж байгаа болохоос биш захиалагч нь Соёл, спорт аялал жуулчлалын яам гэнэ. Гандангийн хашаанд баригдаж байгаа барилга үнэхээр нүсэр том юм билээ. Гэнэт энэ жил л тус барилгад таван тэрбум төгрөг хийчихсэнгүй. Анх 2008 оны төсөвт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Гандантэгчинлэн хийдийн өргөтгөлийн барилга босгох мөнгө” хэмээн төсөвт суулгасан байдаг. Өнөөг хүртэл энэ барилгад улсын төсвийн 12 тэрбум төгрөг оржээ. Зовлон үзсэн энэ барилгыг анх төсөвлөхдөө барилгын материалаа хямдхан байхаар тооцсон ч барилгын норм, дүрэм өөрчлөгдөж, барилгын өртөг нэмэгдэж орхижээ. Ирэх жилийн төсөвт суулгасан 5.9 тэрбум төгрөг барилгыг дуусгахад арай ядан хүрэлцэх гэнэ.

Бурхан шашны музей байгуулах уг цогцолбор барилга нь архив, судар номын сан, ёслолын танхимуудтай байх юм. Уг барилга төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан ч менежментийг нь олон нийтийн байгууллага буюу Гандангийнханд хариуцуулах ажээ. Гадаадын жуулчдад үзүүлж харуулах газруудын нэг Гандангийн хашаанд үзэж харах юм нэгээр нэмэгдэх нь Монголын аялал жуулчлалын орлогод ч нөлөө үзүүлэх биз ээ. 1080 лам хурах “Их цогчэн дуган” гэсэн бичигтэй самбар барилгын гадна үзэгдэнэ. “Энэ барилгыг дуусгахгүй бол соёлын өвөө эргэлт буцалтгүй алдах гээд байна” гэж Ц.Оюунгэрэл сайд хэлсэн. Ганданд соёлын өвийн тооллого хийсэн нь ийнхүү болгоомжлоход хүргэжээ. Тус яамныхан Ганданг бүхэлд нь соёлын өв гэж үзээд, бурхдыг нь үзмэр гэж тооцоод, тоолж эхэлжээ. Энд хадгалагдаж буй соёлын дурсгалууд үнэхээр олон, байрны хүртээмж муугаас олон дурсгалт зүйлсийг овоолж тавьсан, өрөөнүүдийн булан мөөгөнцөртсөн, судар ном гэмтсэн, ариутгах шаардлага тулгарч байгаа гэнэ. Ариутгалын бодис, цэвэрлэгээний материал ихээр шаардагдаж байгаа энэ орчинд тооллогынхон хамгаалалтын хувцсаар тоноглохдоо тулдаг. 2013 онд эхэлсэн тооллого өнөө хэр үргэлжилж буй. Үе үеийн Соёлын сайдад тус хийдийнхэн хүсэлт тавьж, судар номууд зориулалтын хадгалах газаргүй үрэгдэж байгаад анхаарал хандуулахыг хүссэн байдаг юм билээ. Сүүлийн долоо, найман жилд германчууд ариутгал, сэргээж засах ажил хийсэн байна. Германы сэргээн засварлагчдын зүгээс “Аятайхан барилга байшин бариулж, зориулалтын дагуу хадгалахгүй бол ийм чийгтэй орчинд эдгээр соёлын дурсгалууд үрэгдэх нь” хэмээн дүгнэлт гаргасан удаатай. Бурхад, торго хатгамал, соёлын өвүүд нүд хальтирам байгаад гадаадынхнаас гадна Монголын сэргээн засварлагчид ч сануулга өгчээ. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд шатаагдсан 600 гаруй сүм хийдээс үлдсэн эд зүйлс, дурсгалуудыг яаж ийгээд Ганданд ирүүлсэн байдаг аж. Барга, Буриадын түүхэн дурсгалууд ч энд хүргэгдэн иржээ. Коммунизмын хэцүүхэн он жилүүдэд нууж дарсан бурхан шашны эд зүйлсээ хүмүүс Ганданд л өргөсөн. Ийм ч учраас Гандан асар их түүх соёлын дурсгалт зүйлсийн агуулах болж хувирчээ. Эдгээр түүх, соёлын өвийг нийтэд дэлгэн харуулах үүднээс Бурханы шашны музей байгуулахаар шийдсэн гэнэ.

Гандангийн дээвэр тэр чигээрээ тагтааны сангаст идэгдэхэд хүрсэн нь соёлын өвийн хувь заяанд санаа зовох бас нэг шалтгаан болов. “Таны буянд даган баясъя” төрийн бус байгууллагын ажилтан С.Отгонцэцэг ярихдаа “Гандангийн дээвэр сангасанд идэгдээд хонхор үүссэн. Жанрайсагийн дээврийг цэвэрлэхэд 50-60 шуудай сангас гарсан” хэмээн ярилаа. С.Отгонцэцэг Гандангийн хашаанд будаа зарсан гэх залуу эмэгтэйтэй их л нухацтай ярих үеэр нь гэрч болчихов. Будаа зарсан эмэгтэй хоёр бага насны хүүхэдтэй тул мэргэжлээрээ ажиллах боломжгүй. Хүүхдүүд нь ханиад, хатгаатай эм, хоол, түлээ авах шаардлагатай болоод будаа зарахаас аргагүйд хүрсэн хэмээн мэдүүлсэн. С.Отгонцэцэг дүүргийн холбогдох түшмэдүүдтэй ярьж, мөнөөх эмэгтэйн хүүхдүүдийг цэцэрлэгт оруулахаар болжээ. Хоол, эм, түлээ авах мөнгө олж өгч, ажилд оруулсны дараа дахин будаа зарахгүй гэж ам авахаар тэр хичээж байв. Тус байгууллагын тооцоогоор арван хүүхэд болон хөгшид, группт байдаг хүмүүс нийлсэн 40-өөд хүн Гандангийн хашаанд будаа зарж байсан агаад тэдэнтэй хэл үгээ ололцохоор хичээж буй гэнэ.

Гандантэгчинлэн хийдийн их шанзодба (сан хөмрөг баригч) А.Амаржаргал ярихдаа -: Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд цэвэр шашны байгууллага гэхдээ олон нийтийн өмчлөлтэй. Батцагаан цогчин дуган барья гэж олон жилийн өмнөөс бид мөрөөдөж ирсэн. Уламжлалт сүм дуганаас бүтнээрээ хоцорсон барилга байхгүй. 1990 оноос хойш сайхан цаг ирлээ гэж сүсэгтэн олон түмэн бүгдээрээ баярласан даа. Энэ асуудлыг зөвхөн энэ жил тавиагүй. Арваад жилийн өмнөөс олон газарт шат дараатай асуудал тавьж ирсэн. Өнөөгийн засаг шашин хийдэд хохирол учруулчихаагүй ч Монголын ард түмэн оюун санаагаараа хохирсон. Тэр хохирлыг төлж байгаа мөнгө гэж бид ойлгохгүй байгаа. Гэхдээ төр засаг шашин номдоо хахир хатуу хандсан үе бий. Нэг удаа эргэж харъя гэсэн юм болов уу даа гэж боддог. Эдийн засгийн хямралтай үед ч хэдэн төгрөг тавиад, энэ барилгыг гүйцээчихье гэсэн. Засаг энэ барилгад музей хийнэ гэж байгаа. Мөнгө төгрөг зарцуулах эрх мэдэлтэй нь бид биш. Хариуцсан яам нь мөнгө санхүүжилтийг нь хариуцаж байгаа. Бид газар манайх гэж харамлаагүй. Ард түмэндээ хэрэгтэй л юм барьж байгаа бол барьж үз дээ гэсэн. Хүмүүсийг шашнаар дамжуулж, сэтгэлийг нь засахгүй бол дээрээ ч доороо ч сэтгэл дэндүү эвдэрчихээ юу гэсэн бодол төрдөг. Энэ бол Батцагаан дуганы хэлбэртэй цогцолбор барилга. Засаг төрийнхөн Гандан хийд жигтэйхэн юм хадгалсан газар байна. Үүнийг нь ард түмэнд дэлгэж харуулъя гэсэн бас нэг ухаан байна. Үнэхээр зөв, ард түмэн үүнийг нь үзэх ёстой. Төр засгийнхан ч, гадаадынхан ч ирж үздэг, улс орны нүүр царай болсон газар яах аргагүй Гандан хийд мөн. Түүнийгээ тордож, сайжруулж явах учиртай. Аль ч улс орон бахархах юмтай байдаг. Бахархах юм руугаа хялайж харах учиргүй. Коммунист орон гээд байгаа Хятад гэхэд Лхасын өндөр уул руу хэдэн тэрбум доллараар төмөр зам тавиад, дуган бариад, лам хуврагуудад цалин өгөөд, аялал жуулчлалаас өөрсдөө ч ашиг хүртдэг юм билээ гэв.

Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга С.Даваапүрэв “Аливаа улс орон соёл заншлаараа нэгддэг юм. Ард түмнийг эвлүүлж нэгдүүлдэг зүйл шашин гэдгийг бүх улс орны удирдлага хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тийм учраас эндээ анхаарал тавьдаг төрийн ёс байдаг юм байна. 11 дүгээр сарын 16-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин голлох шашин, Орост байсан Үнэн алдартны шашин хэлмэгдсэн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Оросын ард түмний сэтгэл зүрхийг нэгэн зүгт чиглүүлж чадах ганцхан зүйл энэ юм байна гэсэн үндэслэлээр улсын төсвөөс жил бүр мөнгө гаргах шийдвэр гаргасан. Төр нь шашнаа тордож додомдох ёс Хятадад ч байна. АНУ-д ч байна. ОХУ-д ч байна” гэв.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Монголын боловсрол судлалын хөгжлийн асуудлууд

Манай орны сурган хү­мүүжүүлэгч ахмад эр­дэмтэд ХХ зууны эхнээс БНМАУ-д орчин цагийн сургуулийн сис­темийг үүсгэн хөгжүүлэхдээ түүний су­дал­гааны үндсийг зэрэг тавьсан байна. Монголын боловсролын судалгаанаас биднийүед ирсэн уламжлал нь өнгөрсөн зууны 90-ээд оноос эхэлсэн Монгол Улсын боловсролын ээл­жит шинэчлэл, өөрч­лөлтийн урьдач нөхцөл, түүний нэг үндсэн хэсэг нь болов. Манай орны боловсролыг Дэлхийн олон улсын боловсролын нийтлэг хандлагыг тоо­цож хөгжүүлэх үйлсийн гараа болсон 1990-ээд оны эхэнд шинэ дэг сургуулиар үүсч хөгжсөн боловсрол судлал өнөөдөр Монголын нийгмийн оюуны амьдралд орон зайгаа баттай эзэлж, нийгмийн шинжлэх ухааны бие даасан чиглэл болон хөгжиж байна.

Нэг. БОЛОВСРОЛЫН СУДАЛГААНЫ ӨВ

БНМАУ-ын боловсролын үзэл баримтлал нь Ази, Дорно дахины болон Орос, Зөвлөлтөөр дамжин орж ирсэн европын боловсролын хөгжлийн онол, сургаалийн аль алинд нь суурилсан байв. Төвд, монгол, бусад хэлээр бичигдэж үлдсэн монголын иргэний болон шашны уран зохиолын дурсгалуудад эртний энэтхэгийн гүн ухаан, ертөнцийг үзэх үзлийн нөлөө тод мэдрэгддэг. Ардын аман зохиол дахь хүний асуудал, амьдрал, ертөнцийн зүй тогтлыг үзэх үзлийн жанжин шугам нь үндсэндээ буддын философид тулгуурласан байв.Монгол хүний хөгжил, төлөвшлийн асуудалтуссан эртний түүх, уран зохиолын дурсгалуудад , мөн хожуу үеийн То Вангийн сургаал болон Дандаа Чинсан, Ч.Бат-Очир агсаны ном, бүтээлд Кунзийн сургаалийн үзэл санаа, хэллэг, томъёолол таарах нь бий. Мөн 1905, 1917 оны Оросын хувьсгалын дараагаар Монгол Улсад дагаар орж ирсэн буриад нарын дотор оросын сурган хүмүүжүүлэх ухааны боловсролтой хүмүүс цөөнгүй байсан нь европын сургалтын онол, суртал манайд нэвтрэхэд нөлөөлсөн байна.Ардын хувьсгалын жилүүдэд манай боловсролын хэрэгт орос боловсролтой олон хүн ирж ажилласан нь ч үүнд нөлөөлөв.

Монгол хүн төлөвшлийн асуудлаарх манай ахмад үеийн Д.Равжаа, Б.Тогтохтөр, Ч.Дандаа, Ч.Бат-Очир нарын үэзл санаа нь шинэ үеийн П.Хорлоо, Ш.Гаадамба, Д.Дашжамц, Б.Бор, Х.Дарамбазар, Ж.Лувсандорж, Ш.Сүхээ, Л.Түдэв, Ц.Санжжав, Л.Шагдарсүрэн, Х.Нямбуу, Х.Сампилдэндэв, Г.Эрдэнэ-Очир, Д.Шагдар нарын зэрэг эрдэмтдийн сурган хүмүүжүүлэх үзэл санаа төлөвших суурь болсон гэж үзэж болно. Мөн Х.Бадамсэд, Г.Рэнцэндорж, С.Цагаан, Б.Оргой, М.Цэрэнханд, А.Оюунханд,С.Бадамханд, Н.Даваажав, Ш.Зулхүү, Ш.Оюун, Д.Ганчимэг нарын зэрэг гавъяат, алдартбүтээлч багш нараас манай оронд тодорхой хичээлийн заах аргыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсныг тэмдэглэх хэрэгтэй. Монгол хүний хөгжил, төлөвшлийн асуудлаарх доктор Ч.Жүгдэр, Г.Сүхбаатар, Д.Гонгор, Ц.Балхаажав, Д.Дашжамц, Х.Сампилдэндэв, Ш.Сүхээ, М.Төмөржав, Н.Эрдэнэцогт, Г.Эрдэнэ-Очир, Л.Дашням, Р.Батаахүүнарын зэрэг эрдэмтдийн судалгаа нь ХХ зууны эцэст боловсролын шинэ үзэл санаа, хандлага төлөвшихөд үнэтэй хувь нэмэр, урьдач нөхцөл болов. БНМАУ-д 1956 онд БНМДИ нэрээр байгуулагдсан Боловсролын хүрээлэн нь БНМАУ-д 1960-1990 онд хэрэгжсэн боловсролын 3 удаагийн томоохон шинэчлэлийн онол, аргазүйг гардан боловсруулж хэрэгжүүлсэн бөгөөд хүрээлэнгийн эрдэмтдээс дээд, дунд сургуулийн багш, судлаачдын оролцоотойгоор энэ чиглэлээр хийсэн судалгаа, туршилт, гаргасан бүтээлүүд нь манай орны боловсролын судалгааны бүхэл бүтэн үеийг төлөөлдөг. Сургалтын онол, аргазүйн чиглэлээр судалгаа хийж, амжилт гаргасан олон арван эрдэмтэн хүрээлэнд ажиллаж байв. Манай улсад боловсролын асуудлаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан 24 эр­дэмт­ний 19 нь, улсын хэмжээгээр боловсрол судлалын философийн доктор зэрэг хамгаалсан 300 гаруйхүний 70 нь эдний дундаас төрж гарсан гээд бодоход монголын боловсрол судлалын хөгжилд тус хүрээлэнгийноруулсан хувь нэмэр багагүй. Хүүхдийн сурган хүмүүжүүлэх ухаанаас боловсрол судлалын хэмжээнд хүрч хөгжин өнөөг хүрсэн энэхүү судлал нь монголын ард түмний боловсролын хөгжлийн түүчээ, сургалтын системийг боловсронгуй болгох үйл явцын үндэс болж ирсэн нь тухайн цаг үед боловсролын салбарт ажиллаж ирсэн судлаач, эрдэмтэд,аргазүйчид, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын бодлого боловсруулагчид, хүүхэд залуучуудын хамтын үйл ажиллагааны үр дүн юм.

Хоёр. БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ

Хүний нийгэм байгалын үргэлжлэл. Хүн нэг талаасаа байгалын амьтан, нөгөө талаас нийгмийн бүтээгдэхүүн, боловсролын үйл ажиллагааны үр дүн. Байгаль эх хүнийг хар, шар, цагаас арьстай гэж ялгалгүй бие бялдар, оюун ухааны ижил потенциальтай төрүүлдэг. Харин улс үндэстнүүдийн хөгжлийн түвшний ялгаа нь юуны өмнө тэдний боловсролын чанар, үр дүнтэй салашгүй холбоотой. Боловсрол цаг хугацааны дагуу өнгөрснөөс ирээдүйг чиглэн, үе үеийнхний бий болгосон мэдлэг, чадвар, хандлагыг шинэ үеийнхэнд уламжлуулан өвлүүлдэг нийгмийн механизм. Иймээс байгаль, цаг агаарын өвөрмөц нөхцөл, соёлын өөр орчинд бүрэлдэж тогтсон боловсролын тогтолцоог нөгөө газар, өөр нөхцөлд шууд хуулбарлаж нутагшуулахад бэрхшээлтэй байдаг. Хүн нийгмээ байгаль, цаг агаарынхаа онцлогт тохируулан байгуулдаг, боловсрол нь тэр мэдлэг, туршлагыг уламжлуулдаг нийгмийн дэд систем гэж үзэх нь судалгааны энэ онолын суурь болно. Боловсролын үйл явцыг өсөлт, хөгжлийн түгээмэл зүй тогтлын чиг хандлагаас судалдаг генетик хандлага (биологийн амьтан), хүний хөгжлийн зүй тогтолд эерэгээр нөлөөлдөг нийгмийн хүчин зүйл гэж үздэг антропологийн (хүн)хандлагаБарууны орнуудад их түгжээ. Боловсролыг хүний нийгэм-соёлын хөгжлийн зүй тогтлын чиг хандлагаас судалдаг соёл судлалын хандлага (соёлт хүн), хүний үнэт зүйлсийн хөгжлийн зүй тогтол талаас нь авч үздэг аксиологийнхандлага (үндэстэн), хүний үйл ажиллагааны зохион байгуулалт талаас нь авч үздэг үйл ажиллагааны хандлага (нийгмийн гишүүн), хүн бодит байдлыг танин мэдэх зүй тогтол талаас нь судалдаг танин мэдэхүйн хандлага (хүний хөгжил) Дэлхийн янз бүрийн бүс нутагт өөр өөрийн өнгө аястай хөгжсөн байна.Өнөөдөр гадаад орнуудад боловсрол судлалын холбоод ажиллаж, олон улс, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Боловсрол судлалын тодорхой чиглэлүүдээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн 300 гаруй сэтгүүл хэвлэгдэж байна. Боловсролын чанар үнэлгээ, боловсролын удирдлага, мэргэжлийн боловсрол, ёс суртахууны боловсрол зэрэг боловсролын бүхий л чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг судалгаа, аргазүйн чиглэлээр өрнүүлж, боловсролын хөгжлийн цаашдын чиг хандлагыг хамтын шийдлээр тодорхойлох зорилготой мэргэжлийн холбоодыг ажиллуулах хандлага өргөжиж байна.

Манайд 1990-ээд оноос өмнө боловсролын асуудлыг хүүхдийг сургаж хүмүүжүүлэх ухаан, сэтгэц судлалын хүрээнд, голдуу ЗХУ-ын эрдэмтдийн нийгмийн хүчин зүйлийн онолыг баримталж авч үздэг байв.Харин АБЯ-ны дэргэд 1990 онд байгуулагдсан Мэргэжлийн боловсролын аргазүй, судалгааны Төвийн эрдэмтэд Монгол улсад боловсрол судлалын шинжлэх ухааныг шинэ агуулга, аргазүйгээр хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулав. Боловсрол судлал гэдэг шинжлэх ухааны шинэ чиглэлийн тулгуур ухагдахуунуудыг манай оронд анх түрүүн эдгээр эрдэмтдийн нийтлүүлсэн бүтээлд хэрэглэсэн юм.Одоо манай оронд монголын боловсролыг Эртний үе, Буддын философийн үе, БНМАУ-ын үе, Шинэ Монгол Улсын боловсролын үе гэж 4 үе шатанд хувааж авч үзэж судлаж байна. Боловсрол судлалыг хүн судлал, сэтгэц судлал, боловсролын философи, боловсролын түүх, социологи, агуулга, аргазүй, үнэлгээ, эрхзүй, эдийн засаг, менежмент зэрэг 20 шахам суурь болон хавсарга ухаан бүхий шинжлэх ухааны нэг бие даасан салбар гэдгийг нийгэм хүлээн зөвшөөрлөө. Их, дээд сургуулиудад 1993 оноос боловсрол судлалыг бие даасан судлагдахууны хэмжээнд үзэж,мөн оноос боловсрол судлалаар эрдмийн зэрэг хамгаалуулж, энэ хугацаанд олон арван бүтээл гарлаа. Өнгөрсөн 20-иод жилд монголын боловсрол судлаач эрдэмтдийн нэгэн шинэ үе өсч бойжив.Зөвхөн 2011 оны 4-р сараас 2014 оны 5-р сарын хооронд 73 хүн боловсрол судлалын салбарт эрдмийн зэрэг хамгаалаад байна.

Дэлхийн олон улсад болж байгаа боловсролын шинэчлэлийг харахад хүүхдийг сургуульд бага наснаас сургаж, мэргэжлийн боловсролыг дунд боловсролын түвшинд оруулж ирж байна. Ингэснээрээ дээд боловсрол эзэмших насыг доошлуулж, нийгмийн идэвхтэй хөдөлмөр эрхлэх насыг уртасган, тэтгэврийн дараах насанд ч хүн идэвхтэй сурах бололцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа байдал харагдаж байна. ЮНЕСКО-ийн 2011 оны мэдээнд 207 улс, орон хамрагдсаны 128-д нь бага боловсролыг хүүхдэд 6 жилийн сургалтаар, 107 улс, оронд ерөнхий суурь боловсролыг 9 жилийн, бүрэн дунд боловсролыг 12 жилийн сургалтаар эзэмшүүлж байгаа ба 2012 оны мэдээгээр 155 оронд хүүхдийг 3-6 насанд нь сургуульд суулгаж байна.Дэлхийн улс, орнууд 2030 он гэхэд боловсролыг төлбөргүй болгож, хүн амд насан туршид нь үйлчлэх боловсролын тогтолцоог төлөвшүүлэхээр зорьж бай­на. Хүүхэд, залуучуудын эх болон олон хэлний бо­ловсролд их ач холбогдол өгч, тэдний иргэний төлөв­шил, хөдөлмөрийн ур чад­варт илүү анхаарч байгаа байдал ажиглагдаж байна.

Монголынхоо боловс­ролыг гадаад орнуудынхтай харьцуулж үзэхэд манай улсад сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа, нэг хичээлд ногдох хугацаа бусад орнуудтай харьцуулахад богино, төв суурин газарт сургуулийн ачаалал, хичээлийн ээлж их тул сургууль дээр хүүхдийн хүмүүжлийн ажил явуулах боломж Япон, Хятад зэрэг орныхоос 2 дахин бага байна.Гадаад орнуудад орчны өөрчлөлтийг хурдан мэдэрч, хариу үйлдэл, шийдвэрээ оновчтой түргэн гаргадаг, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, глобаль соёлын орчинд зохицон амьдрах иргэнийг төлөвшүүлэхэд боловсролыг чиглүүлж байхад манайд боловсролыг мэдлэгийн түвшинд эзэм­шүүлдэг, сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн боловсролын шинэчлэлд залуу үеийнхний хүмүүжил, төлөвшлийн асуудал орхигдсон гэж шүүмжлүүлж байна. Мэргэжлийн болон дээд боловсролын сургалт нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагаас хоцорсон, сургалт судалгааны нэгдэл алдагдсан байдалтай байна. Манай төгсөгчид мэргэжлийн чиглэлээрээ онолын бэлтгэлтэй ч практик ур чадвар дутагдалтай, мэргэжилтний ёсзүй, хариуцлагын мэдрэмж хангалтгүй гэж ажил олгогчдод гологдож байна. Мэргэжлийн боловсролыг ажиллах хүчний түр сургалтын хэмжээнд үзэх байдал газар авлаа. Төрөөс дээд боловсролын үүргийг зөвхөн ажиллах хүчин бэлтгэх эдийн засгийн функц талаас нь хардаг, дээд боловсролын байгууллагад болон магистр, докторын сургалтын агуулгад тавих шаардлага, стандарт тодорхойгүй хэвээр байна. Дээд боловсролын сургалтын байгууллагууд оюутны сургалтын төлбөрийн барьцаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бүхэн нь сүүлийн жилүүдийн судалгааны үр дүн, цаашид шийдвэрлэх асуудал болон тавигдаж байна.

Гурав. ЦААШИД ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД

Ийнхүү боловсрол судлал Монгол улсад богино хугацаанд шинжлэх ухааны бие даасан чиглэл болж, хөл дээрээ зогссон чтүүнийг монголын нийгмийг шинэ зуунд төлөвшүүлэн хөгжүүлэх үндсэн зүтгүүр болсон боловсролын хөгжлийн онол, аргазүйн шинжлэх ухаан гэдэг утгаар нь өндөр дээд шатанд гарган хөгжүүлэх дараагийн их зорилт та бидний үеийнхэнд ногдож байна.

Монголын боловсролын хөгжил нь юуны түрүүнд өөрийн өнгө аястай хөгжлийн философитой байхаас эхэлнэ. Системийн хөгжлийн ерөнхий зураглалгүй явж ирсэн нь манай боловсролын эмзэг тал юм. Нийгмийн хөгжлийн төлөвлөлтгүй монголын нөхцөлд мэргэжлийн болон дээд боловсрол зохицуулалтгүй зах зээлийн эрэлтэд хөтлөгдсөөр, тогтвортой хөгжих боломжгүй байсаар байна. Өнөөдөр төрөлжсөн сургалттай ахлах сургуулиудыг байгуулах, энэ чиглэлээр баримтлах бодлогыг гаргах, системийг түүнд бэлтгэх асуудал тулгамдаж байна. Бусад орнуудад ерөнхий ба мэргэжлийн боловсролын залгамжийг ахлах сургуулийн агуулгаар хангаж, хөдөлмөрийн зах зээл дээр 9 жилийн (ахлах сургуулийн 3, бакалаврын 4, магистрын 2)мэргэжлийн бэлтгэлтэй хүн гаргаж байхад манай улсын 4 жилийн бакалаврын дипломтой хүн тэдэнтэй ажлын байрны төлөө өрсөлдөхөд хүрч байна. Бусадтай өрсөлдөх боловсролын зах зээлийг өөрийн хөрсөнд бий болгох нь энэ цаг үеийнхний үүрэг болоод байна.

Монголын боловсрол суд­лалын хөгжлийн зураглалыг гаргаж, судалгааны чиглэлийг нарийвчлахнь ойрын зорилт. Монгол хүн судлал, монгол хүний хөгжилд үзүүлэх нөлөөлөл, монголчуудын менталитетийнсудалгаанд суурилжмонголын хүүхэд, залуучуудын хөгжил болон сурах чадварыг судлан тогтоох, монголын боловсролын философийг томъёолох, монголын хүүхэд, насанд хүрэгчид, өндөр настнуудыг сургах технологио шинэчлэн боловсруулах явдал чухал юм. Судлаачдаа бэлтгэж мэргэшүүлэх, судалгааны дэвшилтэт аргазүй эзэмшүүлэх, мастер, доктор бэлтгэх сургалтын чанарыг эрс дээшлүүлэх, судалгаа, сургалтын нэгдэлийг хангах, гадаад орнуудтай хамтарсан судалгаа хийх, судалгааны ажлын шинжлэх ухааны түвшинг дээшлүүлэх асуудал бидний ойрын зорилт болж байна. Судалгаа, сургалтын нэгдмэл ажиллагааг шинжлэх ухаан, боловсролын салбарт хангах, ШУТ-ийн бодлого, төсөл, хөтөлбөр, судлаач бэлтгэлийн нэгдсэн бодлогыг уялдуулах нь одоо бүрдсэн шинжлэх ухааны нөөцийг үр ашигтай ашиглах зохистой арга зам мөн. Эдгээр зорилтыг шийдвэрлэж чадвал ойрын жилүүдэд монголын боловсрол судлалын чадавхибусадтай өрсөлдөх хэмжээнд хүрч хөгжих боломж бүрдэнэ.

Академич Н.БЭГЗ

Categories
мэдээ улс-төр

Гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх гэж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл өнөөдөр хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжээд байгаа юм. 2013 онд Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар, Г.Уянга, Ц.Оюунгэрэл, З. Баянсэлэнгэ нарын гишүүд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа бөгөөд энэхүү хоёр хуулийн төслийг нэгтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг Л.Эрдэнэчимэг гишүүн тодотголоо.

Өнөөдөр 2-5 насны 247100 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос 80000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагаас гэртээ байгаа юм байна. Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхэд тус бүрт улсаас 116 мянган төгрөгийг сар бүр төсөвлөн өгч байгаагийн зэрэгцээ эдгээр хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол олж авах боломжоор хангагдаж байгаа. Гэтэл цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдэд энэ бүгд хаалттай байгаагийн зэрэгцээ эцэг, эхийн аль нэг нь гэртээ хүүхдээ харж ажил хийхгүй байснаас нэг айлын өрхийн орлогод нөлөөлж, ядууралд хүргэх нэг шалтаг болж байгааг тэрээр хэлсэн. Мөн хүүхэд харах үйлчилгээ бол нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр. Энэ хуулийг гаргаснаар цэцэрлэгүүд үүдээ барьж, сургуулийн өмнөх боловсролын систем байхгүй болох гэж байна гэсэн шүүмжлэл нэлээд дагуулж байгаа ч хууль батлагдсанаар хүүхэд харах төвүүд олноор нээгдэж, хүүхдийн аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан үйлчилгээний цэвэр өрсөлдөөн бий болно гэж харж байгаа. Хүүхэд харах үйлчилгээг тодорхойлохдоо, хүүхдийг асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах, хөгжүүлэх цогт ажиллагаа байх ёстой гэж үзэж байна.

Энэ үйлчилгээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хариуцах бөгөөд сургуулийн өмнөх боловсрол олгож буй одоогийн цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байх болно. Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс болон гишүүдийн зүгээс гарч байгаа санал, шүүмжлэлд хүүхэд харах үйлчилгээний төвийн стандартыг яаж хангаж байгаа болон аюулгүй байдлыг хэрхэн хангах асуудлыг байнга хөндөж байгаа. Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын яамны харьяанд аймаг, нийслэл, дүүрэгт салбар, хэлтэстэй Хүүхдийн төлөө газар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн орон нутагт ажиллаж байгаа Хүүхэд, гэр бүлийн газар хүүхэд харах үйлчилгээг хариуцаж стандартыг бий болгон, хяналтаа тавиад явна. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газар давхар хяналт тавихын зэрэгцээ тухайн хороо, багийн нийгмийн ажилтан хяналт тавьж, өрхийн эмнэлгүүд хамтарч ажиллана. Хамгийн гол нь эцэг, эхийн хяналт чухал гэдгийг хуулийн төсөлд оруулж өгсөн. Ингэснээр эцэг, эхчүүд тухайн Хүүхэд харах төв дээр эцэг, эхийн зөвлөл байгуулж тодорхой хяналт тавих боломж бүрдэх юм. Гадаадын олон улс оронд хүүхэд харах үйлчилгээгээр сургуулийн өмнөх насны хүүхдийн асуудлыг шийддэг гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлийн ялыг хөнгөрүүлжээ

Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис бүлэглэн хэрэглэсэн болох нь тогтоогдож 1.6 жилийн ялаар шийтгэгдээд байсан Г.Сарангэрэл нарын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянаж, ялыг хөнгөрүүлжээ.

Улсын дээд шүүх хэргийг хянаад Г.Сарангэрэлд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 1.6 жилийн ялыг нэг жил болгон хөнгөрүүлжээ.

Г.Сарангэрэл нь нийт найман сарын хугацаанд саатуулагдаад байгаа бөгөөд хугацаанаас өмнө магадлангаар суллагдах боломжтой гэж өмгөөлөгчид нь үзэж байгаа бололтой.

Categories
гадаад мэдээ

АНУ-д эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна

fergusonӨнгөрсөн зун АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотноо 18 настай афроамерик Майкл Браун хүүг буудан хөнөөсөн цагаан арьст цагдаа Даррен Уильсоны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн тогтоолыг эсэргүүцсэн жагсаал АНУ-д үргэлжилсээр байна.

Фергюсоны дагуул хот болох Сент-Луист эсэргүүцлийн жагсаалд оролцогчид замын хөдөлгөөнийг хэдэн цагаар саатуулжээ. Уг хотыг Иллинойс мужтай холбодог Миссисипи гол дээрх гүүрийг хаасан тул цагдаагийнхан нулимс асгаруулагч хий хэрэглэж, жагсаалд оролцогчдоос баривчилжээ.

Нью-Йоркын Таймс-сквер талбай болон түүний ойр орчмын гудамжуудад хэдэн мянган жагсагч цугла, “Бүү бууд!” гэсэн бичиг бүхий зурагт хуудсыг гараа дээш өргөн барьцгаажээ. Энэхүү үйлдэл нь тохиолдлын бус бөгөөд цагдаа Уильсоныг буудах үеэд өнгөт арьст хүү Браун гараа дээш өргөн зогсож байжээ.

Вашингтон, Чикаго, Филадельфи, Атланта, Лос-Анжелес, Сан-Франциско болон бусад олон хотуудад жагсаал болсон аж. Тус улсын хэвлэлүүдэд мэдээлснээр, АНУ-ын 50 мужийн 37-д нь энэхүү эсэргүүцлийн жагсаал болжээ.

ferguson

Categories
гадаад мэдээ

Япончууд усан дор барилга барина

Японы барилгачид усан дор хотхон барих ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Shimizu компанийн уран бүтээлчид усан доорх эко-хотын зураг төслийг танилцуулсан байна. Сууринд 5000 хүн амьдрах гэнэ.

Төслийг 2030 он гэхэд уг компани хэрэгжүүлж дуусах ажээ.

Төслийн өртөг нь 25 тэрбум ам.доллар болох аж. Гурван хэсэгт хуваагдсан усан доорх хотод орон сууц, буудлууд, үйлдвэр байх ажээ.

15 км-ийн мушгиа суурин дээр орон сууц, буудлууд байрлах юм. Мушгиагийн доод хэсэг нь далайн ёроолын судалгааны төв байх бөгөөд далайн гүн рүү 3-4 км ухагдсан сууринд байрлах юм байна.

Байгууламжийн доод хэсэгт байрлах үйлдвэр нь нүүрс хүчлийн хийнээс метан гаргах болно. Мөн далайн дулааныг цахилгаан эрчим хүч болгох технологийг тэнд хэрэгжүүлэх гэнэ. Усан доорх хотууд нь газар хөдлөлт, цунамийн аюулд бараг өртөхгүй байх аж. Энэ төсөл олон компаниудын дэмжлэг авч байгаа гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Содномдоржийн Цэцэгмаа: Миний аав Монголын орчин үеийн хүүхдийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг

Монголын үе үеийн хүү­хэд багачуудын дуулж, уншиж өссөн “Жигмэд, Тогмид хоёр”, “Норовын намтар” туульсын найраглал зэ­рэг гайхамшигт уран бүтээлүүдээрээ уншигч­дын дунд мөнхөрсөн МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч, хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн том охин С.Цэцэгмааг “Миний аав” булангийнхаа хойморт урилаа.

-Таны аавын шүлгийг нь бичсэн “Жигмэд, Тогмид хоёр” дууг дуулж өсөөгүй хүүхэд гэж үгүй. Том болсон хойноо ч хүүхдүүдтэйгээ мөн л дуулж сууна. Энэ дууг аав тань ямар учрал тохиолоор зохиож байсан юм бол оо?

-Аав анхны номоо 1956 онд “Гол дээр”, “Энх” гэсэн нэртэйгээр дан шүлгийн ном болгон гаргаж байсан гэдэг. Хоёр номоо гаргачихаад урам орсон залуу зохиолч жимсэнд явсан Жигмэд, Тогмид хоёрын бяцхан адал явдлаас сэдэвлэн хүний нүдэнд тусаж, сэтгэлд буухаар шүлэг бичсэн нь “Жигмэд, Тогмид хоёр” байсан юм. Хожим аавын энэ шүлгийг Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн, зохиолч Л.Түдэв “Энэ шүлэгт ямар нэгэн ёс суртахууны сургаал, номлол байхгүй. Гэвч бяцхан уншигчдаа өөрийн хэмжээнээс нь илүү сургамж өгдөг. Энэ шүлгийн бас нэг онцлог нь үйл явдалт чанартаа байна” хэмээн дурссан байдаг юм.

Шүлэг гарснаас хойш нэг их удалгүй аавын нутгийн хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар аяыг нь хийсэн. Хэдийгээр энэхүү уран бүтээл нь дуу ч гэлээ тухайн үеийн хүүхэд багачуудын уран зохиолын баатар болж чадсан гэдэгт би итгэлтэй байдаг. Тиймээс ч хүүхдийн аман зохиолд амилсан ардын аман зохиолын Боролдой хүү, атгаалжин хар мангас зэрэг цөөхөн баатрууд дээр Жигмэд, Тогмид хоёр нэмэгдсэн гэж би боддог юм. Одоо хоёр жилийн дараа энэ дуу нь 60 нас хүрэх нь ээ.

-Таны аавын талаар ярихад шууд л сэтгэлд буух өөр нэг зохиол бол “Норовын намтар”. Энэ зохиолыг мөн л уншаагүй хүүхэд байхгүй биз ээ. Бидний үеийнхэн ч таны аавын зохиолын баатраар хичээлдээ шамддаггүй нэгнийгээ “Норовын намтар” гэж хочилдог байж билээ…

-Аав “Жигмэд, Тогмид хоёр” дуугаа бичсэнийхээ дараахан буюу 1957 онд “Норовын намтар”-аа бичжээ. Норов хүүгийн хичээл номондоо хайнга, нямбай бус байдлыг шоглон өгүүлж, өөрийнхөө дутагдлыг эцэст нь ойлгож байгаагаар дүрслэн үзүүлсэн бэсрэг найраглал нь тэр даруйдаа л сургуулийн сурах бичгүүдэд хэвлэгдсэн гэдэг. Түүнээс хойш 50 жил тэр байрандаа байж, сургуулийн багачуудад хүрсээр байсан юм. “Норовын намтар” гарснаас хойш үнэхээр л хүүхдүүд бие биенийгээ шоолдог байсан шүү. Хичээлдээ тааруу, нямбай бишийн дээр Норов нэртэй нэг хүүг ангийнхан нь чиний тухай биччихсэн байна гэж хэлээд уйлуулж байсан тохиолдол ч бий хэмээдэг юм. Ерөөс энэ бүхэн нь уг найраглалын хүүхдийн хүмүүжилд нөлөөлж, айж ичих мэдрэмжийг төрүүлж чадсанаараа туйлын ач холбогдолтой гэж хэлж болохоор санагддаг юм.

-Ерөөс таны аав эргээд хүүхэд болж байж зохиолоо бичсэн мэт санагддаг. Ер нь яагаад хүүхдийн зохиол бичих болсон юм бол?

-Миний аав Хэнтий аймгийн Мөрөн сумын хүн. Аав сумынхаа сургуулийг төгсөөд 1945 онд Улаанбаатар хотод ирж Аж үйлдвэрийн техникумд суралцан нарийн төмөр замчны мэргэжилтэй боллоо. Тэгээд нэг хэсэгтээ мэргэжлээрээ ажиллаж, станцын жижүүр, сумчнаар ажиллаж байв. Энэ үед нь Налайх, Хонхор дахь цэргийн ангийн цэргүүд аав руу ирж, охидод өгөх захиагаа бичүүлдэг байсан байгаа юм. Ингэхдээ бүр эхлэл, төгсгөлийг нь хэмээн “захиалан” бичүүлдэг байсан гэж байгаа. Энэ үед л аавын шүлэг бичих авьяас анзаарагдаж эхэлжээ.

Ингээд аав маань нэг хэсэг нийслэлд ойр зуурын ажил хийж байгаад нутаг буцаж, аймгийн клубт найруулагчаар ажиллажээ. Энэ үед харин урлагийн авьяас нь ил гарч, хэд хэдэн жүжигт тоглож, улаанбуланд болдог үдэшлэгүүдэд баяан хөгжим дарахаас гадна өөрөө их сайхан дуулдаг байсан гэнэ лээ. Тэгээд бас зав чөлөөгөөр нь өөрийн зохиосон шүлгээ уншиж, энд тэндхийн уулзалт ч хөтөлж байсан удаа бий гэдэг. Энэ үед хүмүүс алга ташин баяр хүргэхэд их урам ордог байж билээ хэмээн хожим бидэнд ярьж байсан.

1950-аад оны үед “Цэцэг”, “Дурлал”, “Аянчин” гэсэн гурван шүлэг нь аймгийн сонинд хэвлэгдэж ихэд урам орсон залуу найрагч 1951 онд “Солонго” дуугаа зохиосон нь олны дунд ихэд түгсэн дуу болж чадсан.

Ингээд л сурагчийн дэвтэр дүүрэн бичсэн шүлгээ бариад тухайн үед хийж байсан аймгийн номын худалдааны даргаасаа хэд хоногийн чөлөө аваад нийслэлийг зорьж. Тэгээд Зохиолчдын хороогоор орж тэр үед дарга байсан Ц.Дамдинсүрэн гуай дээр оржээ. Тэгэхэд нь Ц.Дамдинсүрэн гуай орлогч дарга Д.Сэнгээгээ дуудан “Шүлгийг нь үзээд, шийдэж өг” гэж гэнэ. Гэтэл Д.Сэнгээ гуай аймгийн сонинд хэвлэгдсэн, олонд түгсэн дууг нь “Чиний шүлэг дотор болсон шүлэг нэг ч алга. Чи ер нь бодож сэтгээгүй, санаанд орсон болгоноо тоочиж бичсэн байна. Шүлгийг маш их бодож, бүр толгойгоо өвдтөл бодож байж бичдэг юм. Хоёулаа ажиллаад үзье” гэж гэнэ. Хэдхэн хоногийн чөлөөтэй ирснээ аав хэлэхэд Д.Сэнгээ гуай шууд л утас цохиод зохицуулчихсан гэсэн. Ингээд л аав маань Д.Сэнгээ багшдаа шавилсан юм. Багш нь ааваар “Цэцэрлэгийн багачууд” шүлгийг нь уншуулаад, одоо харин чи өөрөө цэцэрлэгээр явж үзээд ир гэсэн байгаа юм.

-Тэгвэл энэ үеэс эхлэн хүүхдийн ертөнцөд “орсон” байх нь ээ?

-Тийм ээ. Аав маань ингэж л хүүхдийн гэх тодотголтой болсон юм. Д.Сэнгээ багшийнхаа хэлснээр хэд хэдэн цэцэрлэгээр орж үзэхэд урьд нь бичсэн шүлэг нь таамаг төдий зүйл байсан гэдэг. Тэгээд нөгөө шүлгээ дахин бичиж өгчээ. Багш нь дахиад бич гэж. Аав дахиад л бичив. “Болоогүй байна. Дахин зас. Сайн бод” гэсэн үгсийг хэдэнтээ сонссоны эцэст “Энх” шүлгээ бүтээсэн түүхтэй юм.

Үүний дараа Д.Сэнгээ багшаараа удирдуулан хүүхдэд зориулсан дараагийн бүтээлүүд болох “Цолмон хүүгийн цоохор даага”, “Гол дээр”, “Аз жаргалын эрэлд” зэрэг сор болсон бүтээлүүдээ туурвисан хүн дээ, миний аав.

-“Аз жаргалын эрэлд” гэдэг чинь хүүхдийн анхны дуурь бил үү?

-Тэгэлгүй яахав. Энэ дуурь 1961 онд Пеонерийн ордны тайзнаа 70 гаруй багш, сурагчийн хүч, авьяасаар бүтэж байсан юм. Дуурийн хөгжмийг “Жигмэд, Тогмид хоёр” дууны ая зохиогч Ц.Сүхбаатар бичиж, найруулагчаар нь пеонерийн ордын багш Н.Чүлтэмсүрэн, Н.Дарьсүрэн нар ажиллаж байжээ.

Энэ дуурь их сонин түүхтэй. Аав өөрийгөө их чамлаж байж бичсэн гэнэ лээ.

-Түүхийг товчхон сонирхуулаач?

-1960-аад оны үед Ардын гэгээрлийн орлогч сайд П.Хорлоо дараа жил нь болох Монголын пеонерийн байгууллагын 40 жилийн ойд зориулан хүүхдийн жүжиг бичих үүргийг тухайн үед “Долоодой хүү”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Далан худалч” зэрэг хэд хэдэн жүжиг биччихсэн байсан Ч.Ойдов, манай аав хоёрт өгчээ. Аав ч өөрийгөө чамлаж, “Би ер нь чадахгүй байх аа” гэж хэлж үзсэн гэж байгаа. Гэтэл орлогч сайд аавд “Чи чадна, хүн эхлээд чадаж байж хийдэггүй юм” хэмээжээ. Ингээд аав маань хэд хоног бодсоны эцэст Боролдой хүү ээждээ болон хүмүүст мөнхийн усыг эрж хайж олоод урт наслуулж удаан жаргуулахаар алсын замд гарч байгааг өгүүлдэг зохиолоо бичсэн гэдэг. Бичиж дуусаад яаманд танилцуулахдаа аав өөрөө жүжгийнхээ дүрд тоглон, дуулж, бүжиглэж үзүүлжээ. Энэ бүхний эцэст орлогч сайдаас “Сайн бүтээл болжээ. Нийтэд хүргэе” гэсэн шагналын үгсийг сонссон гэдэг.

Дуурийг анх тоглоход одоогийн гавьяатууд болох Лхасүрэн, Отгон, Цээнямбуу, Ичинхорлоо нар хүүхэд ахуйдаа Хүүхдийн ордны тайзан дээр тоглож, урлагийн хүн болох анхны гараагаа эхэлсэн юм.

Аавын дуурийг тухайн үеийн утга зохиол судлаачид хүүхдийн аялгуут жүжиг, аялгуут цомнол, дуулалт жүжиг гэх мэт янз бүрээр нэрлэсэн байдаг ч “Монголын хүүхдийн анхны бүтээл” хэмээн номзүйн бүтээлүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм. Тэр ч утгаараа судлаач, доктор Д.Оюунбадрах “Д.Содномдорж “Аз жаргалын эрэлчин” дуурийн цомнолоороо шинэ үеийн хүүхдийн утга зохиолд шинэ төрлийн эхлэл хийсэн хүн” хэмээсэн нь бий.

Түүнээс хойш аав маань “Чин хүсэл” хөгжимт жүжиг, “Маргад эрдэнэ” хүүхэлдэйн жүжиг, “Орхон түшээ гүн” дуурь зэрэг жүжгийн төрөл, “Цэцэгт нугын эрвээхэй”, “Учран золгохын ерөөл” зэрэг дууны шүлэг, “Барилгачин Баяраа”, “Төмөр гутал”, “Дэвтрийн ар дахь Дэндэв” зэрэг олон арван зохиол бичиж байсан хүн дээ. Ерөөс миний аав Монголын орчин үеийн хүүхдийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг байсан билээ.

-Таны аав дэлгэцийн уран бүтээл хийж байсан уу?

-“Улаан дарцаг” кино бол миний аавын дэлгэцийн бүтээл л дээ. Уг киног Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин гуай найруулж, 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор үзэгчдэдээ хүргэж байсан гэдэг. Уг нь уран бүтээлчид хамтран “Улаан туг” нэртэй хоёрдугаар ангийг нь хийхээр төлөвлөж байсан ч хийж чадаагүй юм билээ.

-Таны аавын найзууд ямар хүмүүс байсан бэ. Р.Чойном найрагчтай их ойр байсан гэж сонссон. Тэр үнэн үү?

-Тэд бол нэг нутгийн хүмүүс. Аймгийн номын дэлгүүрт хамт ажилладаг байсан гэнэ лээ. Р.Чойном гуай орос номын тасагт нь ажилладаг байсан бол аав монгол номын тасагт худалдагч хийж байжээ. Хожим аав Р.Чойном гуайг Улаанбаатарт дагуулан ирж их утга зохиол руу алхахад нь нөлөөлсөн гэж Р.Чойном гуайн ээж нэгэн сонинд ярилцлага өгөхдөө дурсан ярьсан байна лээ.

Аав Р.Чойном гуай хоёрын сайхан нөхөрлөдөг байсны нэг нотолгоо нь Р.Чойном гуай аавд зориулан их олон зураг, шүлэг бичсэн байдгаас харагддаг юм.

Түүнчлэн Монгол Улсын төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Л.Түдэв, Төрийн шагналт зохиолч Д.Гармаа, зохиолч Ж.Дашдондог, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Д.Давааням, Д.Сосорбарам, Ш.Энхбаяр, Л.Ожгоош, С.Бодоош зэрэг нэр цуутай олон найрагчтай найзалж, нөхөрлөж явсан даа.

Түүгээр ч зогсохгүй гадаадын олон зохиолчид аавын бүтээлийг орчуулан хүүхэд багачууддаа хүргэснийг би бахархан ярих дуртай байдаг юм. Аавын “Шуурган дундуур” өгүүллэг казах хэлээр гарсан бол “Норовын намтар” найраглал Өмнөд Монголд, мөн хэд хэдэн шүлэг нь болгар, чех, буриад хэлээр орчуулагдаж байсан юм. Мөн захидал бичин нөхөрлөдөг байсан оросын алдарт зохиолчид ч бий. К.И.Чуковский, Агния Барто, С.Михалков, Лев Ошанин гэх мэт дурдаад байвал олон нэр хөвөрнө.

-Аавын тань овог Дамдинцоо гэж таны эмээгийн нэр гэсэн бил үү?

-Аав 1928 онд З.Наваанлувсан гэдэг айлын ганц хүү болон мэндэлсэн юм. Дөрвөн настай байхад нь өвөө маань Улаанбаатар явсан байдаг. Нийслэл рүү явсан үе нь 1932 он. Лам хүн учраас их хэлмэгдүүлэлтээс зугтсан хэрэг. Тэр цагаас хойш сураг тасарсан гэдэг. Тиймээс эмээ хүүгээ Дамдинцоо гэж өөрөөрөө овоглосон гэнэ лээ.

-Аав, ээж хоёр тань хэзээ гэр бүл болсон бэ?

-Миний ээж ааваас 10 насаар дүү л дээ. Ээж маань Б.Баасан гэж тухайн үеийн циркийн жүжигчин хүн байлаа. Гэхдээ аавтай ханилснаас хойш мэргэжлээ бүр мөсөн орхиж, гэрийн эзэгтэй, халамжит ээж болсон юм. Миний дээр нэг ах байх байсан ч хүн болж чадаагүй гэдэг. Түүнээс хойш аав, ээж хоёр маань хоёр охин, хоёр хүүтэй болсон нь өдгөө өнөр олуулаа болжээ.

-Аав тань хүүхдийн зо­хиолч учир хүүхдүүдтэйгээ их ойр байсан уу?

-Бид бүр заримдаа аавыг найз шигээ л боддог, тоглодог байлаа. Ямартаа л зарим хүмүүс ээжийг маань таван хүүхэдтэй хэмээн шоглодог байж билээ. Аав яг л жаахан хүүхэд шиг тоглодог болохоор тэр л дээ. Гэрт зочид ирэхээр бид концерт тоглоно оо. Аав зарлагч, хөгжимчин, дуучин гээд л гол дүрд нь тоглоно. Ирсэн зочид маань ч алга ташилт харамгүй хайрлана.

Хүүхэд насны нэг сайхан дурсамж сэтгэлээс гардаггүй юм. Аав нэг удаа бид дөрөвт цаас, харандаа өгөөд “Хүссэн зүйлээ зураарай, хамгийн гоё зурсанд нь шагнал өгнө” гэнэ. Бид чадлынхаа хэрээр зурсан ч дөрвүүлээ нэгдүгээр байр эзэлсэн. Гэхдээ бид тухайн үед “Дөрвөн сайхан зураг” шүлгийн гол баатар болж байсан гэдгээ яахин мэдэх билээ дээ.

Аав маань “Хүүхэд бол том болохын хүсэлтэй байдаг. Гэтэл хүүхдийн зохиолч бол бага болохын хүсэлтэй байдаг. Хоёр тэс өөр энэ хүслийн нэг нь биелж, нөгөө нь биелдэггүй ч хүүхдийн зохиолч бол юуны түрүүнд, бичсэн зохиолоороо, санаа сэтгэлээрээ, ааш араншингаараа, их мөрөөдлөөрөө ямагт хүүхэд шиг байдаг” гэж нэгэн гар бичмэлдээ дурдсан байдаг юм. Мөн “Хүүхдийн зохиолчийн номыг амтархан уншиж байх шиг өндөр шагнал, уншихгүй байх шиг хатуу шийтгэл байхгүй” хэмээн хэлсэн нь ч бий.

-Та өөрөө ямар ажил эрхэлдэг вэ?

-Миний аав Хүүхдийн төв номын сангийн захирал байсан учир аавынхаа үйл хэрэг, айл үйлсийг нь үргэлжлүүлж, хүүхдийг номтой нөхөрлүүлэх, зохиолч, ном, хүүхэд гурвыг холбох зорилгоор “Сод номун” төв төрийн бус байгууллагыг байгуулан, явуулын номын сан ажиллуулж байна. Анх 2004 онд гэрээсээ 300 ном авчирч, номын сангаа байгуулж байлаа. Тэр үеэс эхлэн хүүхдийн зохиолчидтой хамтарч, сангаа арвижуулан өдгөө зөөврийн номын сангаа ажиллуулж байгаа. Монгол гэрт байрлах энэхүү номын сан маань хөдөөд бол нийслэлийн захын хорооллын хүүхэд багачуудыг ном уншуулах эрхэм зорилготой ажилладаг юм.

Т.ГЭРЭЛМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түвдэнпэлжээлин хийд дэргэдээ цэцэрлэг, эмнэлэгтэй болжээ

-ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГЭЭС ГАДНА ШИНЭ ХҮҮХДИЙН УГААЛГА ҮЙЛДЭХ,

ДААХЬ ҮРГЭЭХ “БЭЛГЭ ДЭМБЭРЛИЙН ӨРГӨӨ” НЭЭЛТЭЭ ХИЙВ-

Монгол зурхайн Түвдэнпэлжээлэн хийд дэргэдээ цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, уламжлалт зан үйлийн өргөө байгуулсныхаа нээлтийг “Монгол бахархлын өдөр” хийлээ. “Зээ-Маа” цэцэрлэгт 110 хүүхэд хүмүүжих боломжтой. “Лонад гүнсэл” эмнэлэг нь хүүхдэд үйлчлэхээс гадна арьс, харшлын эмчилгээ хийдэг юм билээ. Харин уламжлалт зан үйлийн “Бэлгэ дэмбэрлийн өргөө”-г шинэ хүүхдийн нэр хайрлах, угаалга үйлдэх, даахь үргээх зэрэг ёслол үйлдэхээр тохижуулжээ. Хийдийн дэргэд хүүхдэд зориулсан ийм бүтээн байгуулалтад нэг тэрбум шахам төгрөг зарцуулсан аж. Сүсэгтэн олны өргөсөн өргөлийг хойч ирээдүйнхээ сайн үйлст зориулж байгаа нь үлгэр дуурайл болохуйц харагдаж байв.

Түвдэнпэлжээлэн хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн “Хүүхдийг угаах, нэр өгөх зан үйлийг сэргээх, дараа нь цэцэрлэгтээ хүмүүжүүлэх, өвчин зовлонгүй байхын тухайд эмнэлэг үйлчилгээ үзүүлэх, хийдэд хурал ном хурах гээд үйл ажиллагаагаа өргөн хэмжээнд хүргэх зорилго тавьсандаа хүрлээ. “Зээ-Маа” буюу Үзэсгэлэнт эх цэцэрлэг, “Лонад гүнсэл” буюу Өвчин бүхнийг анагаагч гэсэн утга бүхий нэртэй эмнэлэг, Оюуны шүтэн барилдлага гэсэн утгатай “Бэлгэ дэмбэрлийн өргөө”-гөө нээсэн маань нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй нэг хэлбэр” гэж ярьсан юм. “ЗЭЭ-МАА” ЦЭЦЭРЛЭГТ НЭГ ОЙГООС ДЭЭШ НАСТАЙ ХҮҮХЭД АВНА ГЭВ

Түвдэнпэлжээлин хийдийн хойд талын хаалгаар ороход “Зээ-Маа” цэцэрлэг бий.

Яслиас эхлээд ахлах бүлэг хүртэл таван ангитай. Яслид нь нэг ойтойгоос хоёр нас хүртэлх хүүхдүүд хүмүүждэг юм билээ. Ой дөнгөж хүрсэн хүү ороо засах гэж оролдож байгааг харахад бие даасан гэж жигтэйхэн. Ясли ангид тав, зургаан хүүхэд хүмүүжиж байв. Ой гаруйтай хүүхдийг асрахад хэцүү биз гэж багшаас нь асуухад “Аав, ээж нь солих живхийг нь авчраад өгчихнө. Хүүхдүүд үеийнхэнтэйгээ байхад уйлж сүйд болохгүй. Нэг ангид хоёр багш ажиллаж байгаа болохоор хүүхдүүд маань зутрахгүй” гэв. Анги нь улсын цэцэрлэгийн ангийн талбайтай бараг ижилхэн саруулхан юм. Харин хүмүүжих хүүхдийн тооны хувьд дээд тал нь 25 гэж байсан. Шинээр нээгдэж байгаа учраас одоо ясли ангид тав, зургаа, дунд, том ангиудад 20 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа гэсэн. Ариун цэврийн өрөө, урлагийн заал нь том тохьтой юм билээ. “Зээ-Маа” цэцэрлэгийн эхлэгч Н.Оюунцэцэг “Цэцэрлэгийн зөвшөөрөл маань маш хурдан хугацаанд гарсан. Өрөө, тасалгаа, тоглоом наадам гээд бүгд стандартад нийцэж байна гэсэн үнэлгээ авсан. Бид хүүхдүүдээ өглөө 7.30 цагт хүлээж аваад үдэш 19.30 цагт аав ээжид нь хүлээлгэж өгдөг. Өдрийн таван хоолтой. Сургалтын хувьд хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх шатар, даамны дугуйлан, авьяас билгийг нь нээх дуу бүжгийн сургалт явуулдаг. Үүнээс гадна дэргэдээ эмнэлэгтэй учраас эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулдаг. Зан заншил уламжлалт ахуй соёл, ёс жаяг, хүндлэх дээдлэх, хайрлах, харилцах соёлд сургахыг мөн чухалчилдаг” гэж цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг танилцууллаа.

Уг цэцэрлэгийг тохижуулахад 200 орчим сая төгрөг зарцуулжээ. Хувийн цэцэрлэг учраас төлбөртэй гэдгийг тайлбарласан юм. Нэг сарын төлбөр нь 200-250 мянган төгрөг аж.

“ЛОНАД ГҮНСЭЛ” ЭМНЭЛЭГ ТОМЧУУДАД Ч ҮЙЛЧИЛНЭ

“Лонад гүнсэл” эмнэлэг нь хүүхдүүдийн тодотголтой. Гэхдээ томчуудын харшил, астам эмчилдэг юм билээ. Орчин үеийн эмчилгээнээс гадна уламжлалт бариа заслын эмчилгээ хийдэг. Үзлэг, эмчилгээ, бариа засал, амрах гээд дөрөв, таван өрөөтэй. Ханиад шуухитнаагаас эхлээд харшил, тархины даралт гээд хүүхдийн өвчинд өдрийн эмчилгээ хийдэг аж. “Лонад гүнсэл” эмнэлгийн захирал Д.Оргилмаа “Манай эмнэлэгт харшил, астамаар дагнаж арав гаруй жил ажилласан Д.Оюунчимэг эмч ажиллаж байгаа. Бид хоёр хоёулаа хүүхдийн эмч. Тийм ч учраас хүүхдүүддээ үзлэг хийхээс гадна физик эмчилгээ хийдэг. Тоног төхөөрөмжийн хувьд орчин үеийн шаардлагад нийцсэн” гэсэн юм.

ХҮҮХДЭД НЭР ХАЙРЛАЖ, УГААЛГА ҮЙЛДЭХ ӨРГӨӨ

Шинэ төрсөн хүүхдийг угаах, нэр хайрлах ёс нь хамгийн хүндтэй зан үйлийн нэг бөгөөд монгол түмэн эрт цагаас эрхэм дээд үйл болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Хүүхдийн угаалгыг зарим нутагт төрснөөс нь хойш гурав хоногийн дараа, зарим газарт эхийнх нь бие тэнхэрсний дараа буюу 7-15 хоноод хийдэг. Орчин үед хүүхдийн угаалга хийх ёс алдагдах болсон гэх юм билээ. Шинэ хүүхдийнхээ угаалгыг хийлээ гэхэд ах дүүгээрээ цуглаж найрлаад өнгөрдөг болсон ёс жаяг гэхээсээ илүү баярлаж, цэнгэхийн нэр болгосны илрэл. Орхигдож, алсарч буй эл уламжлалыг сэргээхийн тулд “Бэлгэ дэмбэрлийн өргөө”-г нээсэн гэдгээ Түвдэнпэлжээлин хийдийнхэн ярьсан. Тус өргөөнд шинэ хүүхдийн төрсөн өдөр, цагаар нь зурхайн зурлагыг зурдаг аж. Зурхайн зурлагад тохирсон өдөр, цагт нь хүүхдийн угаалга үйлдэх, нэр хайрлах ёслолыг хийдэг юм байна. Өргөөний хойморт хүндэтгэлийн суудал зассан байх агаад түүнд аав, ээж хоёр нь хүүхэдтэйгээ суух гэнэ.

Хүндэтгэлийн суудлын өмнөх олбог дээр лам нар сууж, хүүхдийн буян заяаг дэлгэрүүлэх ном хурдаг юм байна. Мөн хүүхдийн төрөл төрөгсөд, хамаатан саднуудыг суулгах сандал засчээ. Шинэ хүнд номын дуу сонсгосны дараа багш лам, эсвэл аав нь нэр хайрладаг гэнэ. Угаалга үйлдэх зэс, мөнгөн таваг байрлуулжээ. Аав ээж нь аль тавганд угаахыг хүснэ түүнд нь угаалга үйлдэх гэнэ. Эрүүл мэндэд тустай 25 ургамлын дээжээр утлага хийж, тусгайлан зассан орон дээр өлгийдөх юм байна. Энэ мэт зан үйлийг гүйцэтгэсний дараа зочдод босоо хүлээн авалт хийх танхим хүртэл тохижуулжээ. “Бэлгэ дэмбэрэл”-ийн өргөөнд мөн даахь үргээх ёслол үйлдэх юм байна. Монголчууд даахь үргээхдээ зандан модоор үсэнд нь хүрдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу зандан мод бэлтгэж тавьжээ.

Шинэ хүүхдийнхээ угаалга үйлдэх, даахь үргээх ёслолыг “Бэлгэ дэмбэрлийн өргөө”-нд хийхийг хүсвэл захиалга өгөх юм байна. Үнэ ханшийн хувьд одоогоор нарийвчилж тогтоогүй байгаа гэдгийг хийдийнхэн ярьсан.

Ц.ӨРНӨХ

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Л.Хүрэлбаатар: “Нефромон” бэлдмэлийг ОХУ-д хүлээн зөвшөөрүүлэхийн тулд таван жил зарцууллаа

Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн бөөр хамгаалах “Нефромон” бэлдмэл ОХУ-ын худалдаанд гарч эхэлсэн. Энэ талаар “Монос” группийн ерөнхийлөгч, төрийн шагналт, эмзүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатараас тодрууллаа.

-ОХУ бол өөрөө эм бэлдмэлийн том зах зээлтэй, үйлдвэрлэгчтэй орон. Гэтэл яагаад Монголын эмийг сонирхох болов?

-Оросын эмийн зах зээл дээр байгаа эмүүдийг судалж үзсэн л дээ. Хамгийн их борлогдож байгаа нь Германы “Канефрон” гэх эм бэлдмэл юм байна. Тэр бэлдмэлээс манай “Нефромон” эмчилгээний идэвхиэрээ дутахгүй юм байна гэж үзсэн. Ингээд бид Оросын “Фармамед” компанитай хамтарч ажиллахаар болж цаашид дахиад өөр төрлийн эм бэлдмэл гаргахаар төлөвлөгөө гаргачихаад байна.

Германы “Канефрон” бэлдмэл нь манай “Нефромон”-той төстэй. Харьцуулаад үзэхэд манай эм түүнээс дутахгүй гэдэг амбийцтай, зоригтой төлөвлөгөө гаргаад байна.

-Тэгэхээр Орост бөөрний өвчнийг анагаах чиглэлийн эмүүдийг Германы “Канефрон” эм одоогоор тэргүүлж байгаа байх нь?

-Тэргүүлэх зэргийн эм нь болчихоод байна. Тэр эмтэй нь бид өрсөлдөнө гэж үзээд зорилго тавьчихсан байгаа. Бусад эмүүдийг нь өрсөлдөгч гэж үзэхгүй байгаа. Учир нь үйлдлээрээ манай эм илүү сайн. Германы эмнээc дутахгүй, бусдаас нь илүү гэж үзэж байгаа болохоор бид “Фармамед” компанитай хамтраад “Нефромон” бэлдмэлээ Орост үйлдвэрлэж байгаа.

-Аль хотод нь?

-Санкт-Петербург хотноо.

-“Нефромон” эм Монголын зах зээл дээр гараад хэдэн жил болж байгаа юм бэ?

-Дотоодын зах зээл дээр гараад 13 жил болж байгаа бүтээгдэхүүн. ОХУ-д анхны жилдээ гарч байна. Тус улсад “Нефромон плюс” гэсэн нэрээр гарч байгаа. Монголын зах зээл дээр гарсан нь спиртэн хандтай. Спиртэн ханд нь спиртэнд харшилтай хүмүүс уухад түвэгтэй, гаж нөлөөтэй байдаг. Мөн хүүхдэд өгөх боломжгүй. Тийм болохоор бид Орост сироп хэлбэрээр гаргаж байгаа. Уг бэлдмэлийг бид сироп хэлбэрээр гаргаж авах гэж олон жил ноцолдсон. Спиртээр хандалж авсан хандаа өтгөрүүлэхээр цавуу шиг хатуурчихаад хуурайшуулах юм уу, сироп хийх боломж байхгүй байсан. Тэгээд бид сүүлийн үеийн тусгай органик уусгагч олж авсан. Тэр уусгагчаараа хамгийн сүүлийн үеийн хандлагч аппаратан дээр бэлдмэлээ хийсэн. Монголд байхгүй багаж л даа. Тийм болохоор Орост үйлдвэрлэж байгаа. Технологио бид зуун хувь өөрсдөө үйлдвэрлэчихээд маркетингаа оросуудтай хамтарч хийж байна.

-Орос хүмүүс энэ эмийг уугаад хэдэн сар болж байна вэ?

-Дөнгөж эхэлж байна. Гэхдээ урьдчилаад клиник туршилтаа хийчихсэн. Тэр туршилт нь үр дүнтэй болсон болохоор оросууд хамтарч ажиллая гэж санал тавьсан.

-“Нефромон”-ы гол найрлагад юу орсон бэ?

-Зөвхөн Монголын говьд ургадаг, өөр улсад бараг байдаггүй тийм ургамлаар хийсэн.

-Энэ бэлдмэлийг бөөрний ямар өвчлөлийн үед уудаг юм бэ?

-Ерөнхийдөө бөөрний үрэвслийн олон төрлийн өвчин байдаг. Бөөрний үрэвсэлт өвчний үед бөөрний эд эсүүд үхэждэг. Энэ бэлдмэл нь тэр үхэжсэн эд эсүүдийг шинээр нөхөн төлжих үйл ажиллагааг идэвхижүүлдэг. Бөөр нь хүний биед байгаа хорт бодисыг шүүж гадагшлуулдаг. Тэр үйл ажиллагааг нь нэлээд дэмжиж өгдөг бэлдмэл.

-Аливаа улс гаднаас эм бэлдмэл авахдаа нарийн шалгалт, хяналт тавьдаг. Та бүхэн нэлээд олон шалгуур давсан байх?

-Тэгсэн л дээ. ОХУ-д энэ бүтээгдэхүүнээ бүртгүүлэх гэж, тэнд эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрүүлэхийн тулд таван жил орчим зарцуулсан. Монголд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн буюу олон улсын лицензтэй лаборатори байдаггүй болохоор бидний хийсэн бүх туршилтыг Санкт-Петербургт дахиж хийсэн. Тэрэнд хоёр жил хэртэй хугацаа зарцуулсан. Бүх нарийн туршилтуудыг даваад “За одоо боллоо” гэхээр хүн дээр туршилт хийдэг. Тэр клиник туршилтыг нь амжилттай давсан.

Манай “МОНОС” гэдэг нэр чинь “Монгол оюун санаа” гэсэн үгсийн товчлол. Монгол оюун санааг олон улсад зөвшөөрүүлэх нь бидний гол зорилго. Бид оюуны өмчийн хувьд үүнийгээ патентлуулсан. Тэр патентын дагуу “Фармамед” компанид үйлдвэрлэж байгаа гэсэн үг. Өөрөө хэлбэл бид тэнд үйлдвэрлэхэд нь технологийн хувьд зөвлөгөө, түүхий эдээ өгч бүхий л талаар хамтарч ажиллаж байна. Хэтийн төлөвлөгөөгөө хүртэл хамтарч гаргасан байгаа.

ОХУ, Беларус, Казахстаны хооронд “ОХУ-д бүртгэгдсэн эм бэлдмэлийг Беларус, Казахстан улсад зарж болно” гэсэн гэрээ байдаг. Ингэхээр гурван улсад бүтээгдэхүүнээ зэрэг борлуулах боломж нээгдэж байгаа юм.

-“Нефромон”-ыг монголчууд хэр хэрэглэдэг юм бэ?

-Монголчууд хэрэглэдэг. Гэхдээ спиртийн харшилтай хүмүүс хэрэглэхэд хэцүү. 50 градусын спиртэнд хандалсан учраас харшилгүй хүн уухад ч хатуу. Тийм болохоор хүүхдэд өгөх боломжгүй. Тийм учраас бид эм бэлдмэлийг шинэ хэлбэрээр Орост бүтээгээд байна. Эмийн хэлбэр нь өөрчлөгдсөн болохоор материалаа дахиж бүрдүүлээд Монголд бүртгүүлж, зөвшөөрөл авна. Шинэ хэлбэрт нь эмчилгээний идэвхи нь илүү сайжирсан гэх мэт давуу талууд байгаа.

-Монголчууд өөрсдийн бүтээсэн эм бэлдмэлээ гадаад улс оронд албан ёсоор гаргаж байгаа анхны тохиолдол нь энэ болж байна уу?

-Бид “Нефромон”, “Салимон” хоёроо л Орост бүртгүүлчихье гэж хөөцөөлдөөд байсан юм. Ямартай ч эхлээд “Нефромон” маань бүртгэгдчихлээ. Манай гоо сайхны бүтээгдэхүүнүүд болох “Биомон” ОХУ, Герман, Хятад, Шри Ланка руу бага хэмжээтэй гардаг. Эмний хувьд анхных болж байна.

Монголчуудын хувьд “Панкипсин” эмээ гаргаж байсан. Гэхдээ тусламжийн журмаар. Чернобылийн дэлбэрэлт болсны дараа шархтай хүмүүст тусламж болгож явуулж байсан юм билээ. Энэ эм чинь төрийн шагнал авсан бэлдмэл шүү дээ, “МОНЭНЗИМ” компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн. “Панкипсин” тусламжийн журмаар гарч байсан бол тухайн улсдаа албан ёсоор бүртгэгдээд худалдаанд нь гарч байгаа анхны тохиолдол нь “Нефромон” эм болж байна.

Д.САРУУЛ