Categories
мэдээ нийгэм

Ахлах байцаагч авлигын хэрэгт холбогдов

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын албан тушаалтан авлигын хэрэгт холбогджээ. Хуучнаар Гадаадын иргэн харьяатын газар буюу ИХШХЕГ-ын улсын байцаагч нар гадныханд үйлчилдэг гэсэн хардлагад байнга өртдөг байсан. Тодруулбал, визийн хугацаа дууссан болон өөр зориулалттай визээр орж ирээд хар ажил хийж буй харийнхнаас хахууль аваад хугацааг нь сунгадаг, визийнх нь зориулалтыг өөрчилж өгдөг гэсэн мэдээлэл байдаг ч тэр бүр баталж чаддаггүй. Харин энэ удаад АТГ-ынхан дээрх хардлагыг баталсан хэргийг илрүүлсэн гэнэ.ИХШХЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч П гэх хүн албан тушаалаа урвуулан ашиглаж бусдыг далайлган сүрдүүлж, хахууль авсан гэх гомдлыг АТГ-ынхан шалгасан юм байна. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр нэгэн компанийн ажилчин хятадуудыг шалгаад нэлээд олон ажилчин нь жуулчны виз авч Монголд ирээд хар ажил хийж байгааг тогтоосон гэнэ. Улмаар өндөр торгууль тавьж, ажилчдыг албадан гаргана гэжээ. Нөгөө компанийнхан нь үүнийгээ нуун дарагдуулахын тулд нэгэн албан тушаалтан нь улсын ахлах байцаагчид таван сая төгрөгийн хахууль өгсөн нь шалгалтын явцад тогтоогдсон бололтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн томилгоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн зарим байгууллагуудын удирдлагыг чөлөөлж, шинээр томилсон шийдвэр гаргалаа. Үүний дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тушаалаар Б.Ариунсанг Тагнуулын Ерөнхий газрын даргын үүрэг ажлаас нь чөлөөлж, Татварын Ерөнхий газрын даргаар томилжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргаар Б.Билэгтийг, Цагдаагийн Ерөнхий газрын даргаар Р.Чингисийг, Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Ариунсанг үүрэгт ажлаас нь чөлөөлж АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурцыг Тагнуулын Ерөнхий газрын даргын албан тушаалд томиллоо.

Categories
мэдээ нийгэм

Хэрэв Монголд Эбола орж ирвэл гэр хорооллын жорлонгууд хамгийн эмзэг цэг болно

“Дэлхийн 00-ын өдөр” монголчууд ч дуугүй суусангүй. Эрүүл мэндийн яаманд энэ өдөрт зориулсан хэвлэлийн хурал болж, хүн амын эрүүл мэнд, ариун цэврийн байгууламжийн асуудлаар ажилладаг мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм. Тав тухтай 00-ын өрөө гэдэг хүнийамьдралын салшгүй хэсэг. Гэсэн ч хүн амын талаас илүү хэсгийн хувьд энэ бүхэн мөрөөдөл төдий зүйл хэвээр байна.Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2011 онд хийсэн судалгаагаарнийслэлийн хүн амын 63 хувь нь гэр хороололд амьдардаг агаадтэдний 85-89 хувь нь стандартын шаардлага хангаагүйэнгийн нүхэн жорлонтой аж. Дэлхийн 00-ын өдрийг зүгээр ч нэг бий болгоогүй. Олон оронд энэ өдөр 00-ын асуудалдаа анхаарал хандуулж, ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ муутай хэсэгтээ тусламж үзүүлэхээр хандив цуглуулдаг юм билээ. Дэлхий дээр өнөөдөр 1,1 тэрбум хүнил задгай бие засдаг гэхээр энэ сэдэв зөвхөн монголчуудын асуудал биш. Ийм байдалтай орнуудад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл хамгийн өндөр байдаг нь бидэнд ч хамаатай сэдэв.

ЭМЯ-ны Нийгмийнэрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Бохир гарын өвчин гэж халдварт шар өвчингболовсон байдлаар нэрлэдэг ч үнэндээ өтгөн мөрийн замаар дамждаг” гэлээ.Бие зассаны дараа гараа угааж заншаагүй, иргэд, хүүхдүүд халдварт өртөмтгийгэсэн үг л дээ. Суулгалт, харшил, уушгины замын өвчнүүд ч мөнөөх гар угаадаггүй зуршлаас үүдэлтэй. Тэр ч байтугай дэлхий нийтийг түгшээсэнЭболагийн халдвар Монголд орж ирвэл гэр хорооллын жорлон эрсдэлт хүчин зүйл гэнэ. Учир нь Эбола хүний өтгөн, шингэнээр дамждаг гэж байгаа.Эхний ээлжинд мэргэжилтнүүд мөнгө зарахгүйгээр өөрийгөө хамгаалах энгийн аргуудыг иргэдэд зөвлөв. Бие зассаны дараа гараа савандаж угаах нь өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалах эхний алхам. Өвөл болохоор гэр хорооллын гудамжинд хальтирч, гэмтсэн хүмүүс Гэмтлийн эмнэлгийг зорих ньолширдог. Ядаж л гэр хорооллын оршин суугчид саарал ус буюу угаадсаа үнсэндээ шингээн хөлдөөж, хогийн машинд ачуулах хэрэгтэйг мэргэжилтэн санал болгов. Гэр хорооллынхон жорлон, муу усны нүх шинээр ухах газаргүйн улмаас угаадсаа гудамжиндаа асган өөрсдөдөө түвэг уддаг. Улаанбаатарын хөрс, агаар, усны бохирдолд “жинтэй хувь нэмэр оруулж байгаа” гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг шийдэх дорвитой арга шийдвэр гаргагчдад одоохондоо алга.

ХаринACFолон улсынбайгууллагынхан гэр хорооллын жорлонг сайжруулах арга замын эрэлд хатжээ. Тэдний санал болгосон “Эко жорлон” хүний өтгөн, шингэнийг тус тусад нь саванд ялгаж авдаг. Хүний ялгадсыг тэд компост бордоо болгохоор ажиллаж буй.Олон оронд ялгадсыг бордоо, метан хий болгож хувиргах арга нэвтэрсэн ч Монголын өвөл мэргэжилтнүүдийн толгойн өвчин болжээ. Герман, Хятадын эрдэмтэдтэй хамтран Монголын хүйтэн сэрүүн нөхцөлд өтгөнийг боловсруулж, хөрс сайжруулагч бордоо гаргаж авахаар 2010 оноос хойш ажиллажээ. Ялгадаснаас бордоо үйлдвэрлэх тэдний жижиг цех шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхийн тулд шинэ стандарт бий болгохоор ажиллаж буй. ДЭМБ-ын 2006 онд гаргасан”Ялгадсыг бордоожуулах зааварчилгаа”-г дагаж мөрддөг гэнэ шүү. Бордоо үйлдвэрлэх ажилтнууд төсөлд хамрагдсан өрхүүдээс түүхий эдээ цуглуулж авах шинэ ажилтай болсон. Иргэд харинүйлдвэрийн шаардлага хангасан түүхий эд гаргаж авахын тулд өтгөнөөр бие зассаны дараа үртэс, шороо хийх, жорлонд ямар нэг химийн бодис болон ариутгах, цэвэрлэх бодис хийхгүй байх үүрэг хүлээжээ. Эко жорлон 500 гаруй мянган төгрөгийн өртөгтэй бүтдэг нь гэр хорооллынхны хувьд хэцүү. Гэсэн ч эрүүл мэндэд зарцуулсан нэг доллар нь найман долларын ашиг үзүүлдэг тооцоог эрүүл мэндийн эдийн засагчид хийсэн. Эрх баригчдын хувьд ч халдварт өвчний дэгдэлтийн дараа эмчлэхээр хүчээ барахаар урьдчилан сэргийлэхэд мөнгөзарцуулсан нь өлзийтэй шүү дээ. Одоогоор ACFөтгөн, шингэн ялгах зориулалт бүхий жорлонгийн суурь хэсгийн зардлыг дааж, оршин суугчид кабины хэсгийг өөрсдөө хийх буюуүнийг нь төлөх байдлаар сайжруулсан жорлонтой болох ажил явж байна. Өдгөө Сонгинохайрхан дүүргийн 200 гаруй өрх “Эко жорлонтой” болсон агаад төслийн шугамаар дөрвөн ч компанийг сайжруулсан жорлон үйлдвэрлэхэд сургасан амжилттай.Хэрэв ялгадас бордоо болж хувирбалцаашдаа энэ ажил олон улсын байгууллагындэмжлэггүйгээр явна гэж ACF-ийнхэн найдаж байна. Түүхий эд нь Улаанбаатарын гэр хороололд арвин байх уг шинэ бизнес шинэ ажлын байрнууд бий болгох юм.Төрийн зүгээс сайжруулсан жорлонг санхүүжилтээр дэмжих, энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлбэл иргэд өөрсдөө ч гэр хорооллын жорлонгийншинэчлэлийг өртөөлөн авч явах нь дамжиггүй.

Нийслэлийн зүгээс Гэр хорооллыг дахинтөлөвлөх төсөлдөө найдвар тавьж байгаа учраасжорлонг сайжруулах санааг ойшоогоогүй юм билээ. Иргэдийн зүгээс ч газраа байраар солихын хооронд жорлондоо мөнгө үрэх хэрэг байна уу гэсэн хүлээлт ажиглагдах болжээ. Үнэндээгэр хороолол бүхэлдээ орон сууцны хороолол болж хувирах, эсвэл дэд бүтцэд холбогдох дэврүүн мөрөөдөлд автвал олон хүний нас хүрэхгүй байж мэднэ. “Дэлхийн 00-ын өдөр”-ийн уриа нь “Бид хүлээж чадахгүй”. Дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь бие засах газаргүйн улмаас охид бүсгүйчүүд ичгүүртэй байдалд орох, хүчирхийлэлд өртөх эрсдэлд амьдардаг. Ил задгай бие засах байдлыг яаралтай эцэслэн шийдвэрлэхэданхаарах хэрэгтэй гэдгийг дэлхий нийтэд ойлгуулахаар ийм өгүүлбэр шигтгэжээ. Монголын нөхцөлд ч хотын захынхорооллынсургуулийн сурагчидгадаах нийтийн жорлон ашиглаж, дотуур байрныхүүхдүүд ичиж айх зовлон амсдаг. Сургуулийн жорлон хүрэлцээ муутай гэсэн судалгааны дүнг сонсоод,зургаан настнуудад санаа зовж байх чинь. Гадаах жорлонгийн эвгүй үнэрээс болоод хүүхэд ухаан алдаж унасан тохиолдол ч гарчээ. НҮБ-ын Хүн амын сангийнхны хувьд ариун цэврийн шаардлага хангасан жорлонгийн загвар гаргах, стандарт боловсруулах ажилд засагт тусалж байгаа гэнэ лээ.

Гэсэн ч гэр хорооллынхонд ч бас асуудлаа шийдэл болгон хувиргах боломж байна. Жорлонгийн шийдэл эргэж магадгүй нь. ACF-ийн мэргэжилтэн Ц.Батцэрэн “Төвлөрсөн шугам сүлжээ нөөцийг асар их хэмжээгээр хэрэглээд бохирдлоо яах вэ гэсэн асуулт үлдээдэг. Тогтвортой ариун цэврийн байгууламж ус хэрэглэдэггүй. Өтгөн, шингэнийг бордоо болгон хувиргадаг учраас бохирдол үүсгэхгүй” гэлээ. Байгалийн юмс эргээд байгальдаа шингэх энэ тогтолцоог “Ариун цэврийн байгууламжийн хоёр дахь хувьсгал” хэмээн нэрлэх болжээ. Органик хаягдлыг компост бордоо болгох, саарал усыг дахин цэвэршүүлж ашиглах, хур борооны усыг ашиглах нь байгальд ээлтэй технологи.

Монголчуудын хувьд ч дэлхийн шинэ хандлагаас хоцрохгүйгээр жорлонгийн хувьсгал хийх боломж бий.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Залуучууд шинэ нам байгуулах санаачилга гаргав

Улс төрийн шинэ нам байгуулах хүсэлтэй хэсэг залуу өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх, эрх чөлөөгөө эдлэн Монголын залуучуудын нэгдсэн намыг үүсгэн байгуулахаар ийн санаачилжээ. Мэдээллийн эхэнд “Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь залуучууд байдаг. Гэтэл тэд улс төрийг ойлгохдоо сөрөг талаас нь хүлээж авдаг. Улс төрийн нам, улстөрчдөд үл итгэх байдал давамгайлах боллоо. Энэ нь шинэ залуу үеийнхний улс төрд хандах хандлага, ухамсар, төлөвшихөд таагүй нөхцөл байдал үүсгэж байна. Залуучууд бид ардчилал, эрх чөлөөний төлөө өчүүхэн төдийч оролцоогүй. Ухаан орсон цагаасаа чөлөөт зах зээлийн нийгэмд өсөн торнисон. Тиймээс залуус бид хүсэл зорилгоороо эвлэлдэн нэгдэж нам байгуулах нь Монголын ардчилалд оруулж байгаа хувь нэмэр гэж ойлгож болно” гэлээ.

Тэдний ярьж байгаагаар намын нэршлийг анхдугаар хурлаараа эцэслэн батлах юм байна. Ирэх 2015 оны хоёрдугаар сард хуралдуулахаар төлөвлөж буй анхдугаар хурлаараа намын нэр, бэлгэдэл, дүрэм, удирдах зөвлөл, хяналтын хороогоо байгуулах ажээ. Хэрэв дээд шүүх энэхүү отгон намыг бүртгэж, гэрчилгээ олговол үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод явагдана гэв. Ингээд 1992 оноос хойш Монголд бүрэлдэн тогтсон улс төрийн талаарх буруу хандлага ойлголтыг өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй гэж тэд зорилгоо тодорхойлно лээ.

Монголын залуучуудын нэгдсэн нам гэхээр хэд орчим насныхныг эгнээндээ багтааж, сонгуульд хэрхэн оролцох тухайд тэд “Манай нам 18-аас дээш насны иргэдэд үргэлж нээлттэй байна. Нам байгуулагдаж, албан ёсны гэрчилгээгээ авлаа гэхэд 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй. Зөвхөн орон нутгийн сонгуульд оролцоно. Учир нь өнгөрсөн хугацаанд иргэдэд тогтсон улс төрийн талаарх тааггүй хандлагыг өөрчилж, улс төрд итгэх итгэлийг сэргээхээр орон нутагт түлхүү ажиллана” гэлээ. Тодруулбал, залуучууд өөрсдийн төрж, өссөн сумандаа тухайн нутаг дэвсгэрийнхээ иргэдийг төлөөлж байж, дараа дараагийн төлөөллийг хэрэгжүүлж чадна гэж үзжээ. Энэ хугацаанд уг улс төрийн нам хэлбэржин төлөвшинө гэж бодож байгаа юм байна.

Энэ намын ард хэн нэгэн эрх мэдэлтэй нууц ноёнтон байхгүй гэдгийг тэд онцлов. Одоогоор нам байгуулах санаачилгад 100 орчим залуу нэгдээд байгаа ажээ.

М.МӨНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Айдас

Бяцхан хүү Сайнбаяр багшаасаа айна. Хичээлээсээ биш багшаасаа. Баяр ёслол тэмдэглэх, анги засах, нийтийн арга хэмжээ гээд багш нь хүүхдүүдээс байнга мөнгө нэхнэ. Хүүд ийм мөнгө байхгүй. Ээжид нь ч байхгүй. Багш хүүг энэ хэргээр байнга дарамтална. Сайнбаяр их айдастай яваа.

Лутбаяр өвөө хороон даргаасаа айна. Тэтгэвэр нь хүрдэггүй энэ өвгөнд олон улсын тусламжаар хааяа ирдэг гурил будаа маш чухал. Үүнийг хороон дарга үзэмжээрээ тараадаг юм. Хоёр ч удаа өглөгөөс хасагдаж байсан. Солонгост харласан хүү нь хааяа нэг удаа утсаар ярихдаа Ардчилсан намд саналаа өгөөрэй гэж захисныг нь биелүүлж байгаад хороон даргад баригдчихсан юм. Ингээд зуултанд оржээ. Өвгөн одоо даргыг царайчлан харцаар нь хөдөлнө. Лутбаяр их айдастай яваа.

Батбаяр үзүүлдэг эмнэлгийнхээ сувилагчаас айдаг. Тэр чихрийн шижинтэй. Ийм хүмүүст улсаас сар болгон инсулин болон тариур өгдөг юм.Сувилагч үүнийг ядахнаа л хайрцаг шоколадаар сольдог. Дондог группэд байдаг болохоор цалин мөнгөгүй. Гар хоосон очихоор сувилагч эм тариа нэгэнт дууссан гэж хариулдаг. Батбаяр их айдастай яваа.

Уламбаяр цагдаагаас үхтлээ айна. Тэрээр нэг удаа халамцуугаар машин барьж яваад цагдаад баригджээ. Удтал ярьж байж хахуульд 300 мянган төгрөг өгөхөөр тохирсон аж. Харин тэр мөнгө нь түүнд байхгүй учир гол гаргачиж. Үүнээс хойш цагдаа түүнийг дарамтлан, явах болгонд нь өө хайн торгосоор одоо нэгэнт тэр хэрийн мөнгө төлжээ. Гэвч цагдаа түрүүн амласан хахуулиа нэхсээр. Уламбаяр их айдастай яваа.

Ганбаяр дүүргийн хорины цагдаагаас айдаг. Захын хороололд байдаг жижиг түцэндээ тэр архи нууцаар зардаг юм. Үүнийг нь цагдаа мэднэ. Харин цагдаа архи хэрэг болохоороо шууд нэхээд авчихдаг. Нэг удаа харамласнаас болж зодуулсан төдийгүй шоронд суулгана гэж заналхийлжээ. Ганбаяр их айдастай яваа.

Дандаабаяр мэргэжлийн хяналтынхнаас сүнсээ зайлтал айдаг. Тэрээр дунд зэргийн гуанзтай. Зэргэлдээ байранд байрлах дүүргийн мэргэжлийн хяналтынхан эдний гуанзанд өдөрт дор хаяж нэг удаа үнэгүй хооллодог. Баяр ёслолоор хамт олноороо ирж шөнөжин наргина. Мэдээж үнэгүй. Дандаабаяр мундахгүй паакттай. Иймээс торгуулиас эхлээд гуанзаа хаалгах хүртэл түмэн ял түүнийг хүлээж байгаа. Дандаабаяр их айдастай яваа.

Эрдэнэбаяр даргаасаа их айдаг. Гаалийн байцаагчийн ажилд ороход 10 сая төгрөгийн хахуулийн ханштай боловч дарга нь түүний үнэ төлбөргүй авчээ. Дараа нь түүний захиалгаар олон операцид орж гэнэт баяжсан. Баригдвал шоронд орно гэдгээ тэр сайн мэдэж байгаа. Гэвч даргын дарамтанд тэр яаж ч чаддаггүй.Эрдэнэбаяр их айдастай яваа.

Отгонбаяр хотын захиргааныхнаас их айдаг. Тэрээр хахууль өгч байж Туулын эрэг дээр газар аваад нэлээд том байшин эхлүүлжээ. Гэтэл дарга солигдоод шинэ ирсэн нөхөр нь түрүүнийөгснөөс их хахууль нэхээд эс өгвөөс тогтоолыг хүчингүй болгоно гэж заналхийлж байгаа. Отгонбаяр их айдастай яваа.

Эрхэмбаяр өрсөлдөгч компаниасаа их айдаг. Тэрээр тэндэрт хавтгай авлига тарааж байж өндөр хүчдэлийн шугам татах эрх олж авсан юм. Зориулна гэсэн өртгийнхөө 20 хувиар шугамаа бариад хүлээлгээд өгсөн боловч тэр нь нэг шуурганаар юу ч үгүй нуран унажээ. Үүнийг аргалаад байгалийн сүйрэл гэж тайлбарлан дахин улсын төсвөөс мөнгө гаргуулж янзалсан боловч тэндэрт ороод ялагдсан нөгөө компани гомдол гарган дарамтлаад байгаа. Эрхэмбаяр айдастай яваа.

Одбаяр хэвлэлээс их айдаг. Арай гэж УИХ-ын гишүүн болоодохсон чинь түүний урьдын явдал, шорон оронд орж байсан, хүчин хулгайн асуудлыг нь сонингууд нээчих гээд л,нээчих гээд л байдаг. Тэдний амыг хаахын тулд олон төгрөг үрсэн. Одбаяр их айдастай яваа.

Сонинбаяр эсрэг фракцынхаасаа их айдаг. Эрдэнэтэд тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг сүүлийн таван жил гардсаны хувьд олон сая доллар хүүдийлсэн. Үүнийг нь мэдэхгүй хүнгүй болсон төдийгүй түүнийг луйварчнаар нь дуудаж байгаад нөгөө фракцынхан энэ бизнесийг нь булааж авах гээд байгаа юм. Сонинбаяр их айдастай яваа.

Давхарбаяр УИХ-ын гишүүдээс их айна. Арай гэж сайд болсон түүнийг, түүний багтаж байгаа Засгийн газрыг эд үргэлж огцруулна гэж заналхийлдэг. Давхарбаяр их айдастай яваа.

Очбаяр төрийн тэргүүнээс их айдаг. Дээд шүүхийн бүрэлдэхүүнд орох гэж тэр их ч хөдөлмөр их ч хөрөнгө хаясан. Гэвч түүнийг дуртай цагтаа ажилгүй болгож болно. Сэрэмжлэх арга хэмжээ авч багагүй долигонож даалгаврыг нь илүү гартал биелүүлж байгаа ч гэсэн хэзээ ч халагдах магадлалтай. Очбаяр айдастай яваа.

Эзэнбаяр эднээс бүгдээс нь айдаг. Ерөнхийдөө айдаг. Ялангуяа Сайнбаяр хүүгээс бүр ч их айдаг. Яагаад гэвэл тэрний гарт ирээдүй байгаа. Яагаад гэвэл тэр хожим ялын тогтоол уншина. Яагаад гэвэл тэр жаал энэ айдсаар хучигдсан илжирч ялзарсан нийгмийг нураана. Эзэнбаяр их айдастай яваа.

Айдас анх бурхныг буй болгожээ. Айдас дараа нь толгойлогчийг буй болгосон. Тэгээд дарангуйлагчийг буй болгосон. Айдас эцэст нь эзнийг буй болгожээ. Эзэнбаяр! Эзэн айдсан дунд айдсын тогтолцоо буй болгожээ. Тэр өөрөө хамгийн том айдастай хамгийн их айж байгаа хүн нь. Тэр өөрийн буй болгосон айдсын тогтолцооноосоо минут секунд тутам айж амьдардаг. Айдас дунд амьдрах юутай там. Идэх хоолгүй, өмсөх хувцасгүй явсан нь айдсын хүлээсэнд амьдарснаас хавьгүй дээр. Айдас айлгаж буй юмаа алга болоосой гэж хүсдэг. Сонинбаяр хүү багшийгаа ажилдаа битгий ирээсэй гэж хүснэ. Лутбаяр сувилагчийгаа ажлаасаа халагдаасай гэж хүснэ. Сонинбаяр эсрэг фракцынхныгаа бөөнөөрөө осолд ороосой гэж хүснэ. Очбаяр тэргүүнийгээ шоронд ороосой гэж хүснэ. Эзэнбаяр жаал хүү Сонинбаярыг турж үхээсэй гэж хүснэ. Айдаст автсан эдгээр хүмүүс хүслээ ажил болгохоор хөдлөх болно. Айдас хүнийг хамгийн балмад ажиллагаа руу түлхдэг. Аймхай хүн өөрийнхөө айдсыг бусдад нялзаадаг. Бүгдээрээ айж байвал гоцлон айгчид яльгүй ч гэсэн тайвширдаг. Нийгмээрээ айдсаас өөр айх юмгүй болж авна. Аймхайчууд эрх мэдэлтэй зууралддаг, учир нь тэрнээсээ салбал үхэл гэсэн үг.

Айдсын ханыг нураах амархан. Гагцхүү бид нураахаасаа айгаад байна. Нураалтаас үүсэх дуу чимээнээс, тоос шорооноос, үймээн сандралдаанаас бид айгаад байна. Энэ ханыг нураахад мэдээж бөөн бужигнаан үүснэ. Хэсэгтээ үнэр танар нь дийлдэхгүй юм болно. Гэвч бид айдсаас чөлөөлөгдөх болно. Нэгэнт айдасгүй болчихвол сонгох зам аяндаа тодроно. Харин бидэнд одоо ямар ч сонголт алга. Бид айдастайгаа зууралдсаар. Бидэнд айдаснаас өөр айх юм алга. Бидэнд айдсын ханыг нураах цор ганц сонголт л байна.

2009.4.25

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Олдохоороо өлдөнө өө гэж…

Монголчууд оны сүүлээр гурван баяр тэмдэглэдэг боллоо. Нэг нь улс тунхагласны баяр. Нөгөө нь Монгол бахархлын өдөр. Гурав дахь нь үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр. Уг нь тусгаар улс байхын омогшил, бусдаас хараат бус оршихын үнэ цэнийг мэдрүүлсэн утга учиртай сайхан өдрүүд л дээ. Өчигдөр улс тунхагласны баяр болов. Энэ өдөр МАН-ынхнаас бусад нь баярлаж сүйд болсонгүй. Тэд л бөх барилдуулж анхдугаар Үндсэн хууль батлагдсан түүхт өдрийг тэмдэглэцгээв. Өмнө нь улс тунхагласны баяраар нийтээрээ амарч энэ өдрийн үүх түүхийг өөр зуураа хөөрөлдөж өнгөрөөдөг байв. Харин жил гаруйн өмнө 11 дүгээр сарын 26-ныг баярын өдрөөс хасч, Чингисийн мэндэлсэн гэх өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг “Монгол бахархлын өдөр” болгож нийтээр амрахаар хуульчилсан юм. Өнөө “бахархал”-ын өдөр нь энэ жил бүтэн сайнд таарсан учраас монголчууд амарсангүй. Амрах ёстой өдөр нь бямба, ням таарвал иргэдээ нөхөж амраадаг бусад улсын жишиг манайд үйлчлэх биш. Хуулиараа амрахыг зөвшөөрсөн нэг өдөр маань ингээд “будаа”. Монгол бахархал энэ тэр ч ярьж хөөрсөнгүй. Ихэнх хүн “азгүй юм аа, амралтын өдөр таарсангүй” гэсгээдэнэ өдрийг өнгөрөөв.

Ирэх сард бас нэг баяр бий. Албан ёсоор амрахыг зөвшөөрсөн өдөр. Тусгаар тогтнолоо сэргээж, Богдыгоо хаан ширээнд залсан арванхоёрдугаар сарын 29-нийг хэлээд байна л даа. Амралтын биш ажлын өдөр байна лээ. Гэхдээ арванхоёрдугаар сарын сүүлийн өдрүүдэд яадаг билээ. Шинэ жил гэж бужигнасан л улс байдаг. Юун үндэсний эрх чөлөөний хувьсгалын үүх түүх ярих.Амралтын өдөр болгож хуульчлах хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Тэгсэн тэгээгүй л амралтын байдал руу шилжчихдэг өдрүүд гэдгийг дээр дооргүй мэднэ. Ингээд бодохоор олдохоороо өлдөнө гээчийн үлгэр л харагдаад байгаа юм даа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа

Зөвхөн үнэнийг л хэлж байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарын онцлох сурвалжлагаар ачааллаа даахгүй байгаа дүүргийн эмнэлгүүд өвдөж, халуурсан бяцхан хүүхдүүдээ хонгилд хэвтүүлж байхад Засаг дарга нар тансаг сайхан харшид төөрөх нь холгүй холхиж байгааг зэргэцүүлэн сурвалжиллаа. Эрх мэдэлтнүүдийн тухлан байгаа тэр байрны зай талбайд хичнээн зуун хүн ая тухтай хэвтэн эмчлүүлж болох бол. Энэ талаар та уншихыг хүсвэл манай сонины өнөөдрийн дугаарыг тухлан уншаарай.

Түүнчлэн өнөөдрийн манай тэргүүн нүүрээс Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын “Намайг явуулахын тулд энэ салбарыг нураах хэрэггүй” гарчигтай ярилцлагыг нийтэллээ. Н.Тэгшбаяр дарга юуны тулд ийн “уурласан” юм бол.

Мөн манай нэгдүгээр нүүрт сайхан сэтгэлт Өмнөдмонгол бүсгүй монгол хүүгийн төлөө 6.4 сая төгрөг цуглуулсан талаарх гэрэл гэгээтэй мэдээллийг уншаарай.

Шинэ Засгийн газар байгуулагдах гээд улс төр бужигнаан ихтэй байна. Өчигдөр л гэхэд шинэ Ерөнхий сайд маань хуулийн салбарын шинэ дарга нарыг томиллоо. Чухам ямар хүмүүс, аль газрын дарга нар болсон талаарх мэдээллийг манай сонины хоёрдугаар нүүрээс уншаарай. Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн “Намайг хичнээн муулж зүхсэн ч Архины хяналтын хуулийг батлуулна” гарчигтай ярилцлагыг уншина уу.

Дугаарынхаа гол материалыг нийтэлдэг гуравдугаар нүүртээ энэ удаа нэр фельтонч Б.Цэнддоогийн “Бид чинь хүн болж таарлаа” нийтлэлийг хүргэж байна. Түүний нийтлэлийг уншихыг үргэлж хүлээж байдаг уншигчдад маань уг нийтлэл таалагдана гэдэг тун итгэлтэй байна.

Түүнчлэн манай сонины эрэн сурвалжлах албаны сэтгүүлчид “Вьеьнам авто засварын газрууд бүгд шалгалтад бүдэрлээ”, “Г.Сарангэрэлийн эдлэх ялаас дөрвөн сарыг хаслаа” зэрэг хэрэг зөрчлийн мэдээ мэдээллүүдийг хүргэж байна.

Мөн манай сонины спорт буланд “Туялзуур сэлэмний спорт монголын цусан дахь тулаанч зантай зохицдог” ярилцлагыг хүргэж байна. Энэ төрлийн спорт сонирхогчдод маш сонирхолтой ярилцлага болсон гэдэгт итгэлтэй байна.

Ийнхүү нүүр бүртээ унших мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагаар дүүрэн “Өдрийн сонин” танд хүрч байна. Та тухлан сууж уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Ажаа Гэгээн монголчуудад зориулж ном хурна

Монголын хүүхэд багачуудын төлөө сэтгэл зүрхээ зориулан цусны эмгэг, хавдрын эмнэлгийг байгуулсан Ажаа Гэгээн энэ сарын 30-нд буяны хурал хурах гэж байна. АНУ-ын Оакландад хурах энэхүү хуралд Түвдийн гурван том хийдийн нэг Сэра, Монголын Занабазар төвийн лам нар оролцох аж. Монголын ард түмний сайн сайхны төлөө уг хурлын үеэр “Дарь эхийн мандал шива” хурж, “Хийморийн сан” тавихаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

838 нэрийн эм улсын бүртгэлгүй байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмийн үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад эм үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн 27 эмийн үйлдвэрийн давхардсан тоогоор нийт 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 71,3 хувь буюу давхардсан тоогоор 838 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байжээ.Харин гурван үйлдвэрийн таван цуврал эм чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарчээ.

Мөн эмийн үйлдвэрүүдийн 70 хувь нь үйлдвэрийн барилга байгууламжийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тохирох байршилд, зохистойгоор төлөвлөж бариагүй, агааржуулалтын нэгдсэн системгүй гэх зөрчил илэрсэн байна. Манай улсын хэмжээнд галены бэлдмэл, үрэл, шахмал, тосон түрхлэг, тарилгын эмийн хэлбэрийн 20, биобэлдмэлийн 2, уламжлалт эм, эмийн ургамлын 5, эмнэлгийн хэрэгслийн 1, ариутгалын бодисын 2 нийт 30 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, үүнээс хувийн хэвшлийн 29, төрийн өмчийн 1 эмийн үйлдвэр төрийн захиргааны төв байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аван нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах ажлыг эхлүүлжээ

Нийслэлийн Засаг дарга “Хотын үндсэн дүрмийг батлах ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг эхлүүлэхээр болжээ.

Налайх хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооны даргаар Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд, Багануур хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооны даргаар тус дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргалыг тус тус томилж, хороодын ажлын төлөвлөгөөг баталлаа. Энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, зохион байгуулах хороонд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг Багануур, Налайх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд даалгажээ.