Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: АТГ хүний эрхийг дээдэлж ажиллах ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

АТГ-тямар учраас шаардлага өгөх болсон юм бэ?

-АТГ үйл ажиллагааныхаа тайланг Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн. Үүнтэй нь танилцаад УИХ-ын гишүү­нийхээ зүгээс шаардлага хүр­гүүл­сэн. Яагаад гэвэл АТГ-ыг би УИХ-ын дэргэдэх байгууллага гэж ойлгодог. Тийм учраас УИХ-ын гишүүд энэ байгууллагатай нягт хамт­ран ажиллах ёстой. Тэд муу ажиллабал буруу нь УИХ дээр тохогдоно. Сайн ажиллабал УИХ-ын нэр л гарна.

Тэдэнд ямар шаардлага тавив?

-Нэгдүгээрт, Амарбатаа, Энхтөрөө хэвлэл мэдээллийн ажилтан байхаа болио. Хоёрдугаарт, өмгөөлөгч нарыг битгий ад үзээд бай.Хууль зөрчсөн гэвэл өнөөдөр нэг л өмгөөлөгч хууль зөрчсөн байх. Нийтээрээ хууль зөрчсөн юм байхгүй. Тэгээд ч өнөөдөр нэг хүн мянган өмгөөлөгчтэй байсан ч болно. Энэ бол хүний эр­хийн асуудал. Гуравдугаарт,бусдыг аль болох цагдан хорьдоггүй байгаач гэдэг гурван зүйлийг л шаардаж байна.

Таны шаардлагууд нарийн үндэслэлүүдтэй байх…

-Тэртэй тэргүй өнөөдөр олон нийт АТГ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ аль ч байгууллагад алдаа, оноо байдаг. Албан тушаалаа ашиглаж, хууль бусаар эд мөнгө олохын эсрэг тэмцэх нь зөв. Харамсалтай нь АТГ-ын өнөөдрийн нөхцөл байдал үнэхээр хачирхалтай байна. Яагаад гэвэл АТГ-ыг хянах эрх хэнд ч алга. Хуучинпрокурорын дэргэдэх мөрдөх албанд АТГ-ын мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч болон тодорхой албан тушаалтнуудыг шалгах эрх байлаа. Гэвч одоо алга болсон. Тиймээс АТГ өөрөө өөрийгөө шалгадаггүй л юм бол өөр хэн ч тэднийгшалгахаасаа өнгөрсөн. Та нар анзаарсан байх. Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын өмнөх өдөр АТГ-ынхан прокурорын байгууллагатай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ бол маш ноцтой. Шууд улс төрийн зорилготой гэдэг нь илт байна. Өнөөдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар бол мөрдөн байцаагч тухайн этгээдийг яллах болон цагаатгах баримтыг цуглуулах ёстой. Гэтэл зөвхөн яллах талын баримтнотолгоог хөөцөлдөж, түүнийхээ талаарх мэдээллийг олон нийтэд цацаж байна. Энэ нь хүмүүст айдас, түгшүүр төрүүлээд байна. Хамгийн гол нь чиглэл өгөх эрх бүхий албан тушаалтнууд нь прокурортойгоо нийлээд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй хэргүүдийн тухай олон нийтэд мэдээлээд байгаа нь аюултай байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчихсан бол хамаа алга. Энэ хэргийг ийм зүйлүүдээр нотоллоо гээд эрх бүхий албан тушаалтнууд зарлаж болно. Н.Энхбаяр даргыг ганбөмбөлөг, tv9-ийг завшсан гээд зарлаад байсан.Гэтэл шүүх дээр үгүйсгэгдсэн шүү дээ. Ийм хариуцлагагүй, хүний нэр төрд халдаж болохгүй л дээ. АТГ ямар зорилгоор ийм балай юм хийгээд байдгийг ойлгохгүй байна. Өнөөдөр Тагнуул, Цагдаагийн байгууллага мэдээллээ зөвхөн хэвлэл мэдээллийн ажилтнаараа дамжуулж цацдаг. АТГ-т ийм үүрэгтэй мэдээллийн ажилтан байдаг юм билээ. Харамсалтай нь тэр хүн хэвлэлийн бага хурал хийж байсныг хэн ч хараагүй. Харин чиглэл өгөх эрх бүхий албан тушаалтнууд нь сар бүр ажлынхаа үйл явцыг танилцуулахнэрээр дуулиан тарьсан хэргүүдийг зарлаж, тэр тэндээс тэдэн төгрөг идсэн, уусан гэх мэтээр яриад байгаа нь зохисгүй.

Хоёр дахь үндэслэлийн тухайд?

-АТГ өмгөөлөгч нартай хамтарч ажиллаж чадахгүй байна. Өмгөөлөгч бол өмөө­рөгч биш хууль хэрэгжүүлэгч. Харамсалтай нь өнөөдөр өмгөөлөгчийг хамгаалахаас өөр гарцгүй болчихсон тогтолцоо руу шилжчихлээ. Өмгөөлөгчийг буруутгах, өмгөөлөгч рүү дайрах хандлага их байна. Үнэндээ өмгөөлөгч гэдэг бол хөндлөнгийн хүн. Тухайн этгээд хэрэг хийсэн үү, үгүй юу хамаагүй. Хуулиа хэрэгжүүлж, хүний эрхийг л дээдлэх үүрэгтэй. Мөрдөн байцаагчид хуулиа мөрд гэдэг шаардлагыгтавих үүрэгтэй хүн. Ийм учраас дэлхийн жишгээр бол өмгөөлөгчид давуу эрх олгодог. Тийм учраасөмгөөлөгч авсан л бол хэн чтайвширдаг. Гэтэл манайд тийм зүйл алга. Өмгөөлөгч нь өмгөөлөл хүсэхэд хүрчихээд байна. Намайг өмгөөлөгч хийж байхад ч тийм байсан. Одоо ч хэвээрээ. Өмгөөлөгчийн холбоо гэдэг хиймэл бүтэц өмгөөлөгчөө өмөөрч чадахгүй байснаас болж аль ч үгүй боллоо. Хуульчдын холбоо нь яагаад үүнийг анхаарахгүй байна. Ийм учраас л АТГ-т шаардлага хүргүүлсэн юм.

АТГ гэдэг бол хуучны НАХЯ болчихлоо гэдэг шүүмжлэл сүүлийн үед их гарч байна л даа?

-Яахав АТГ-ыг бий болсноос хойш нэг үеэ бодвол эрээ цээргүй идэж уудаг байдал багасч, айхгүй ч гэсэн аягүй гэгч болсон байж магадгүй. Гэхдээ хэмжээгүй эрхтэй болчихоод байна. АТГ-ын дээр хөх тэнгэр байдаг болчихсон юм уу гэмээр байна.АТГ-ынхан шүүгчийг, прокурорыг хянаж байна. Тиймээс ард түмэн шүүмжлээд байгаа байх л даа. Миний хувьд нэг зүйлийг ерөөсөө ойлгохгүй байна. Яагаад хүмүүсийг 461-тхориод байгааг нь ойлгохгүй юм. Хүн амины хэрэгтэй бол хорьж болно. Дээрэм, хүчин буюу бусдын амь нас, бие эрхтэнд халдсан бол тухайн этгээдийг нийгмээс тусгаарлах ёстой. Харин тодорхой эрх бүхий албан тушаалтан хэрэг хийсэн бол ажлаас нь түдгэлзүүлж байжшалгах ёстой. Хэрэв буруугүй нь тогтоогдвол ажилд нь буцаагаад тавьдаг. Буруутай бол шоронд хорьдог ийм л тогтолцоо үйлчлэх ёстой. Гэтэл хэн нэгнийг шууд 461-т аваачаад бүтэн жил хорьсны дараа шүүхээр гурван жилийн ял өгч байгаа тохиолдол байна шүү дээ. Юу гэсэн үг вэ. Бүтэн жил тэр хүнийг хорьж, залхаан цээрлүүлснийхээ дараа гэм буруутайг нь тогтоож байна. Ийм аргаар хүнийг залхаан цээрлүүлээд зогсохгүй, хүний аминд хүрч байна. Амарсайхан гэдэг хүн нас барсан байх аа. Эс үйлдлээрээ хүний аминд хүрч байна гэдгээ АТГ-ынхан ойлгох ёстой.

АТГ-ынхан тайландаа нүүрс хөтөлбөрийн хэргээр шалгагдаад байгаа Тулга гэдэг хүний тухай дурдсан байна лээ. “20 гаруй хоног эм ууж, явах дасгал сайн хийгээд дахин ир гэдэг эмчийн шийдвэрийг үндэслэн цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүллээ” гэсэн байна. Хаашаа юм дасгал сайн хийл гэсэн учраас 461 рүү явуулж байгаа юм уу. 461 гэдэг чинь фитнессийн газар юм уу. Эсвэл эмнэлэг болчихсон юм уу. Ийм үндэслэлээр хүнийг шоронд хийж болохгүй биз дээ. Өнөөдөр бид олон улсын авлигын эсрэг байгууллагуудтай холбогдчихлоо.

Хүний эрхийг дээдлэх уриан дор ардчиллыг хөгжүүлж байна. Энэ тохиолдолд ийм байж болохгүй. Чин үнэнийг хэлэхэд Монгол Улсын хүчний байгууллагууд дотроос хамгийн их хангамжтай, өндөр цалинтай хүмүүс бол АТГ-ынхан. Тиймээс тэд хайр даах ёстой. Зөвхөн Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль,хүний эрхийг дээдэлж ажиллах ёстой, Монгол Улсын төлөө зүтгэх үүрэгтэй хүмүүс. Үүнийгээ ойлгохгүй тохиолдолдшүүмжлэл тасрахгүй ээ. Ер нь бол АТГ-ынхан УИХ-ын тогтоолоор томилогдсон. Шаардлагатай гэвэл тэднийг дахиад тогтоолоор өөрчилж болно.

Ер нь АТГ-т шаардлага хүргүүлээд нэмэр байгаа юм уу. Тэгснээс УИХ-аар асуудлыг шийдүүлж болдоггүй юм уу?

-АТГ-ынханд алдаагаа засах боломж олгож байна. Тэд хариу ирүүлэх ёстой. Танышаардлагын дагуу бид ийм арга хэмжээ авлаа гэдгээ мэдэгдэх ёстой. Үнэнийг хэлэхэд Амарбат, Энхтөр нарыг хэвлэлийн курс төгсөөд хэвлэлийн ажилтан болчихсон юм болов уу гэсэн чинь үгүй юм билээ. Тийм учраас төсвөөс цалин аваад сууж байгаа хэвлэлийн ажилтнаараа ажлыг нь хийлгэх хэрэгтэй.

Хүнийг шууд хориод байгаа асуудал дээр хүний эрхийн байгууллагууд ярихаас цаашгүй юм шиг санагддаг?

-Хүний эрхийн комисс зэрэг байгууллагууд ярьж л байдаг юм. Гэхдээ өрөвдмөөр шүү дээ. Ямар ч эрх мэдэл байхгүй. Хуучин чинь хүний эрх зөрчвөл 200 мянган төгрөгөөр торгодог байсан. Тийм л маягтай явдаг шүү дээ. Ер нь бол хүний эрхийн байгууллага энэ албан тушаалтан хүний эрх зөрчсөн байна гээд баримт нотолгоотой гаргаж ирээд саналаа оруулж ирээд шийдүүлдэг болмоор байгаа юм. Тэгж байж төгс ардчиллын тухай ярина л даа. Гэтэл одоо эрх мэдэл нэг хүнд төвлөрөөд нэг эзэн дор захирагдах хандлага давамгайлчихлаа. Тийм учраас ний нуугүй хэлэхэд АТГ бол бэлтгэгдсэн албан тушаалтнуудыг төрүүлж байна.

Үүнийг яаж өөрчдөх ёс­той юм бэ. Улс төрийн нө­лөөллөөс ангид байлгахын тулд яах вэ?

-Тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Эрх зүйн шинэчлэл хийж, өмгөөллийн эрх зүйг сайжруулах шаардлагатай. Би өмгөөлөгч авчихсан юм чинь гүтгүүлнэ гэж байхгүй гэдэг сэтгэлгээг хүмүүсийн тархинд суутал өөрчлөлт хийх хэрэгтэй. Америк юм уу дэлхийн хөгжилтэй орнуудад тийм л байна. Мөрдөн байцаагч зөвхөн яллах нотолгоог цуглуулдаг. Цагаатгах нотолгоог өмгөөлөгч цуглуулаад шүүх дээр мэтгэлцдэг зарчим дэлхийн жишигт үйлчилж байна. Энэ чиглэл рүү л орох ёстой. Харамсалтай нь манай хуульд тийм зүйл алга. Үүнийг 100 хувь өөрчилж байж, АТГ хэл аманд өртөхгүй. Шүүгч хардуулахгүй. Прокурор шүүмжлүүлэхгүй. Үгүй гэвэл Монгол Улс нэг ширхэг ч өмгөөлөгчгүй болох хэрэгтэй. Өмгөөлөгч нь ямар ч эрхгүй байхад хэн амар тайван байх юм бэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

М.Тулгын ээж М.Эрхэмхүү: Б.Болдсайхан эмчид миний өвчтэй хүү мөнгө л болж харагдсан

Нүүрс хөтөлбөр”-ийн гэх хэргээр АТГ-т шалгагдаж байгаа М.Тулгын ээж М.Эрхэмхүүтэй ярилцлаа. М.Тулга өнгөрсөн долдугаар сарын 29-нөөс хойш цагдан хоригдож байгаа билээ. Ярилцаад сууж байхад М.Эрхэмхүү гуай уйлсаар байсан юм.

Хүүгийн тань бие гайгүй юу. Цагдан хорих хугацааг нь дахиад сунгачихжээ?

-Прокурор нь цагдан хорих хүсэлт гаргасны дагуу өчигдөр (уржигдар) шүүх хурал болоод цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгачихжээ. Хүүгээ хоригдсоноос хойш өргөдөл хүлээж авах болов уу гэсэн хүн бүрт хүсэлт гаргаж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар миний хүсэлтийг хүлээн авч өнөөдөр хүүтэй минь уулзлаа. С.Ганбаатар гишүүнтэй хамт хүүтэйгээ уулзахаар очоод нүд халтирлаа. Суумгай, дээр нь турж эцээд нүд нь хонхойчихож. Өнгөрсөн баасан гаригаас өлсгөлөн зарласан гэнэ. Бие нь муу байгаа дээр өлсгөлөн зарлахаар муу хүү минь тэсэх юм уу.

Хүүгээ өлсгөлөн зарлах гэж байсныг нь мэдээгүй юм уу?

-Өлсгөлөн зарлах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт хорихын эмч нарт өгөхөд “Бие муутай учраас өлсч болохгүй” гэсэн гэнэ. Гэсэн ч хүүд минь өлсгөлөн зарлаж, өөрийнхөө төлөө тэмцэхээс өөр арга үлдээгүй. Арга ядахдаа хүүдээ “Миний хүү өлсгөлөн зарлаад муудсан биеэ эргээд тэнхрүүлж чадахгүй шүү дээ. Бид мөнгөтэй бол гадагшаа яваад эмчилгээ хийлгэнэ. Гэтэл бидэнд тийм боломж байхгүй. Ээжийгээ, ханиа бодоод өлсгөлөнгөө боль” гэж уйлаад гуйлаа. Би хоёрхон хүүтэй. Нэгийг нь шоронд тахир дутуу болгочихвол яах билээ гэж бодохоор л хэлэх үг олдохгүй юм. Хүн бүр үр хүүхдээ эрдэнэтэй зүйрлэдэг. Надад хоёрхон эрдэнэ бий. Нэг нь шоронд ийм байдалтай байхаар наашаа гэсэн бүхэнд л зовлонгоо тоочоод гүйхээс аргагүй байна. Өглөө босоод л “Хаашаа явах уу”, “Хаана очиж хэнд өргөдөл өгөх үү” гэж бодно, орой хариад л бал цаас бариад сууна. Надад өөр чадах зүйл алга.

М.Тулга нурууны хууч өвчтэй гэж сонссон. Хэзээнээс нуруу нь өвдөж эхэлсэн юм бэ?

-Нурууных нь дөрөв, тавдугаар үе нь дискний мултралтай. Диск нь цүлхийж гараад зүүн талынхаа мэдрэлийн судсыг нь дардаг учраас үе үе хөл нь мэдээ алдчихдаг. Шоронд ороод гэнэт хөл нь мэдээгүй болчихсон юм биш. 2010 оноос хойш өвдөж байгаа. Гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж байлаа. Тэнд үзүүлэхэд мэс засал хийлгэ гэхээр хүү минь айсан юм билээ. Боломжтой болоод гадагшаа явж мэс засал хийлгэе гэж төлөвлөж байсан. Ингээд шоронд орчихно гэж яаж төсөөлөх билээ.2010 онд “Сонгдо” эмнэлэгт ч зураг авахуулж байсан. Хөл нь мэдээ алдчихаад Хойд Солонгосын эмч дээр очиж зүү тавиулж, төөнүүр хийлгэдэг болсон. Дөрвөн жил ийм байдалтай явсан. Шоронд байхад хянагч нь хойноос нь өшиглөснөөс болоод тэр өвчин нь сэдэрчихсэн. Өвдөж эхэлснээс хойш 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хоёр ч удаа хэвтсэн. Өвдөөд эхлэхээр яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол хөл нь мэдээ алдчихдаг учраас эмчлүүлэх хүсэлт маш олон удаа гаргасан. Тэр бүрт “Танай хүүхэд жүжиглэж байна” гээд тоодоггүй байсан. Өвчин нь даамжирсаар есдүгээр сарын 30-наас хөл нь мэдээ алдаж эхэлсэн.

Тэгээд “Сонгдо”-д шилжүүлсэн юм уу. Тэнд эмчлүүлэх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан уу?

-АТГ өөрөө “Сонгдо”-г сонгосон. Аравдугаар сарын 6-нд байцаагч нь над руу яриад “Хүүхдийг чинь эмчилгээнд хамруулахаар боллоо. “Сонгдо”-д шилжүүлэх гэж байна” гэсэн. Эмнэлгийн бараа харуулах гэж байна гэхээр эх хүний хувьд үнэхээр баярласан. Тэгээд ч “Сонгдо”-г нэртэй эмнэлэг гэж төсөөлдөг байсан. Тэгтэл нуруу, нугасны мэргэжлийн эмчтэй эмнэлэг нь “Гранд мед” болж таарсан. Тийм учраас “Гранд мед”-д үзүүлье гэтэл АТГ-аас хүлээж аваагүй. Ямар ч байсан шоронгоос эмнэлэгт гаргах гэж байна гэж баярлаад “За тэгвэл Сонгдо-д очъё” гээд л хүүгээ үүрээд тийшээ явсан. Очтол Б.Болдсайхан эмч үзлэг хийхээр болсон. “Б.Болдсайхан зүрх судасны эмч шүү дээ, мэргэжлийн эмчид үзүүлье” гэтэл мөрдөн байцаагч өрөөнөөс хөөгөөд гаргачихсан. Ингээд хүү минь, мөрдөн байцаагч, Б.Болдсайхан эмч гурав өрөөнд үлдсэн. Шинжилгээ хийснийхээ дараа Б.Болдсайхан эмч “Эмнэлэгт яаралтай хэвтэж эмчлүүлэх шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан.

Тэр дүгнэлтийн дагуу “Сонгдо”-д хэвтүүлсэн үү. Ямар эмчилгээ хийсэн бол?

-Ийм бичиг хийж өгсний дараа хэд хонож байж хэвтүүлэхээр болсон. Эмнэлэгт хэвтэж байхад нь хүүгийнхээ бие ямар байгаа, ямар эмчилгээ хийлгэж байгааг асуухад хувь хүний нууц гээд хэлж өгдөггүй. Эмнэлгээс гарахын өмнө өмгөөлөгчөөр нь дамжуулж байж өвчтөний түүхийг харсан. Гэтэл өвчин намдаах, булчин суллах тариа, хордлого тайлах дусал төдий л эмчилгээ хийсэн байсан. Хөдөлгөөнгүй хэвтэрт байх өвчтэй хүнд дасгал хийлгэх эмчилгээ бичээд өгчихсөн. Мултарч гарсан диск нь байнга өвдөлт өгч байгаа. Хөдлөх тутам өвчин нь ихэсч, хөл нь мэдээ алддаг. Гэтэл Б.Болдсайхан эмч дарамтлаад төмөр тулуулаад явуулаад байдаг байсан.

Өвчтөнөө юу гэж дарамталсан юм бол?

-“Зүгээр байгааг чинь мэдэж байгаа шүү. Бос. Битгий эмнэлгийн нэр хүнд гутаагаад бай” гэж өдөр болгон дарамталдаг байсныг хүү минь хэлсэн. Тэр бүү хэл орж ирэх бүртээ п… гэсэн хараалаа хэлээд л загнадаг байсан байна. Дасгал хийхээр өвдөөд босч чадахгүй. Дасгал хийхгүй бол тэр шорон руугаа яв гэж загнадаг байсан гэсэн. “Шоронд хоригдож байгаа юм чинь би яаж ч хандсан яадаг юм” гээд л дарамталж байсан байх. Б.Болдсайхан эмч яаж дарамталж байсныг батлах баримт бидэнд байхгүй болохоор хаана, яаж хандах билээ. Зөвшөөрлийн дагуу нэг удаа эргэлтээр ороход хүү минь “Өдөр болгон дарамтлаад. Өвчин улам хүндрээд байна. Эндээс гаръя” гэж надаас гуйсан. Хүүгээ ингэж хэлэхээр би өөрөө Б.Болдсайхан эмчтэй уулзлаа.

Та уулзахаар Б.Болдсайхан эмч юу гэх юм бэ?

-Дарамтлаад байна гэхээр нь би Б.Болдсайхан эмчтэй уулзахад “Танай хүүхдийг хэд хоног амраад аваг, хоолой нь идээлчихсэн байна хоолойг нь эмчилье гэж бодоод аваад ирсэн. Түүнээс нуруу нь зүгээр байгаа. Нурууных нь диск мултарсан хэсгээр нугас явдаггүй учраас мэдээ алдах ёсгүй. Хадаас хатгасан ч зүгээр” гэсэн. Бас насыг нь харчихаад “Ийм нусан жулдрай Ерөнхий сайдын туслах хийнэ гэж юу байдаг юм” гэлээ. Эцэг хүний хувьд хүүг минь бага, залуу байна гэдэг утгаар хэлж байна даа гээд тоогоогүй. Хүн гуйж байгаа хүн юм чинь тэгж хэлснийг нь ч тоолгүй, хууч өвчтэй юм, цагдан хорих хугацааг нь сунгуулахгүйгээр сайн эмчлээд өгөөрэй гэж гуйгаад л байсан. Тэгтэл намайг тэгж гуйхаас өмнө мөрдөн байцаагчид “Энэ хүн зүгээр” гэдэг тодорхойлолт бичээд өгчихсөн байгаа юм. Шүүх Б.Болдсайхан эмчийн тодорхойлолтыг үндэслээд л цагдан хорих хугацааг сунгах шийдвэр гаргачихсан. Шүүх шийдвэрээ гаргасны дараа бэртэйгээ хамт дахиад Б.Болдсайхан эмчтэй уулзсан. Тэр хүн нөгөө л “Хадаас хатгасан ч зүгээр” гэдгээ тайлбарласан. Бэр маань “2010 оноос хойш бид эмчилгээ хийлгэж байгаа. Өвчнийг нь мэдэж байхад та худлаа яриад байна шүү дээ” гэхэд “Зүгээр байсан юмыг авчраад хэд хоног хэвтүүлчихье гэсэн гай боллоо. Гай болохыг нь мэдэж байсан юм” гээд уурлаж эхэлсэн. Хүн гуйж орсон бид маргаад хаана хүрэх билээ. “Миний хүү эмнэлэгт хэвтээд засарсангүй. Эргээд суумгай явлаа. 461 дүгээр ангид очоод дахиад өвдвөл яах билээ” гэтэл “Би яаж мэдэх юм. Би бөө биш. Эмээ уугаад л хэвтэж байна биз” гэсэн. Тангараг өргөсөн эмч хүн, дээр нь хүн эмчилнэ гэж мөнгө авчихаад ингэж хандсанд үнэхээр гомдолтой байгаа.

-“Сонгдо”-д хэвтээд биеийн байдал нь сайжирсан уу?

-Хоолойных нь идээ л гайгүй болсон. Өөр ямар ч өөрчлөлт гараагүй. Үүрүүлж ирээд л үүрүүлээд шорон руу явсан. “Сонгдо”-д хэвтүүлнэ гэхэд бид хөл дээр нь босгох нь л гэж найдсан. Гэтэл хорихын эмнэлэгт хэвтсэн, өндөр төлбөртэй Сонгдо-д эмчилсэн ямар ч өөрчлөлт гараагүй. Хэрвээ миний хүүгийн бие зүгээр байсан бол Б.Болдсайхан эмч АТГ-ынханд “Та нарт гай болно шүү. Эмнэлэгт хэвтүүл” гэж яах гэж өөрийнхөө эмнэлэгт авчруулсан юм бэ. Анхнаасаа жүжиглээд байна гэхгүй яасан юм бэ. Эмнэлэгтээ эмчилнэ гэж авчирчихаад яах гэж дарамтлаад байсан юм бэ. Хөл дээр нь босгож чадахгүй болохоор бухимдаад байсан нь тэр.

Хэд хоног хэвтээд, хэдий хэмжээний төлбөр төлсөн юм бэ?

-Арав хоногийн төлбөр гэж гурван сая 100 мянган төгрөг нэхсэн. Үүнийг сонсоод үнэндээ л ухаан алдах шахсан. Хоолойны идээгээ эмчлүүлэх гэж хэвтээд ийм төлбөр төлөх үү. Ухаан алдах гэж байсан ч хүний мэдэлд, шоронд байгаа хүүгийн минь байдал дордох вий гээд юу ч хэлээгүй. Дахиад гурав хоногийн төлбөр 900 гаруй мянган төгрөг болсон. Шинжилгээний мөнгө 800 гаруй мянган төгрөг болсон. Ингээд нийтдээ таван сая төгрөг болчихсон. Хүү минь “”Дарамтлаад байна. Гаръя” гэхээр нь прокурорт нь мэдэгдээд тэр хүн нь бичиг цаас хийх гэсээр байтал дахиад гурав хоночихсон.Эмчилгээ хийхгүй гурав хоног тэнд хорьсны төлбөр 300 гаруй мянган төгрөгийг одоо ч нэхсээр байгаа. Таван сая төгрөг авчихаад одоо дахиад 300 гаруй мянган төгрөг нэхэж байна. Шинжилгээний мөнгийг нь хасаад дөрвөн сая төгрөгөөр 13 хоног хэвтүүлсэн байна лээ. Тэр мөнгөөр “Гранд мед” эмнэлэгт мэс засалд орчих боломжтой байсан. Тэгсэн бол хүү минь хөл дээрээ босчихсон байх байсан гэж харамсах юм. Б.Болдсайхан эмчид миний өвчтэй хүү ерөөсөө л мөнгө болж харагдсан. Хэрвээ хүүг минь мөнгө болгож хараагүй бол, таван сая төгрөг авч арав гаруй хоног дарамтлаагүй бол, эмч хүн шиг хандсан бол өдийд үүрүүлчихсэн өвчиндөө шаналсан царайтай ээжтэйгээ уулзахгүй байсан гэж бодохоор л гомдоод байх юм. “Сонгдо”-д авсан зургийг гадагшаа эмнэлгүүд рүү явуулахад бүгд “Яаралтай мэс засал хийлгэ” гэсэн хариу ирүүлдэг. Гэтэл Б.Болдсайхан эмч “Зүгээр. Баашилж байна” гэснээс болж хөл дээрээ явж чадахгүй байгаа хүүг минь хорих хугацааг сунгасаар байна.Хүн баашиллаа гэхэд дөрвөн сар баашлах уу.

Өөр эмнэлгийн эмч нарт хүсэлт тавиад үзүүлэх боломж байхгүй юу?

-Бид өдөр бүр хүсэлт тавьж байгаа. Хүүгээ “Сонгдо”-д хэвтэж байхад “Гранд мед” эмнэлгийн эмч нартай уулзахад зургийг нь хараад “Дурангийн хагалгаа хийлгэх хэрэгтэй. Гэхдээ өвчтөнөө үзэж байж дүгнэлт гаргана” гэж байсан. Б.Болдсайхан эмч зүгээр гэж хэлсний дараа би Эрүүл мэндийн яаманд хандлаа. Эрүүл мэндийн яам Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн юм билээ. Мэргэжлийн хяналтынхан газрынхан “Гранд мед” эмнэлэгт очиход Б.Болдсайхан эмчийг өмөөрөөд “Мэс засал хийлгэх шаардлагагүй” гэсэн байна лээ. Салбарынхан нь эмчийгээ өмөөрдөг юм байна. Гуравдугаар эмнэлгийнхэн ч ийм байдлаар хандсан. Одоо бид үнэндээ хаана хэнд хандахаа мэдэхгүй байна. Монголд миний хүүг хүлээж авах эмнэлэг алга. Гомдол, зарга хийгээд явъя гэхээр хүүгийн минь эрхзүйн байдал улам дордчих вий гэж айх юм. Эмчилгээ хийдэг байсан Хойд Солонгосын эмч нь хүртэл “Визний асуудалтай. Шоронд очиж болохгүй” гээд халгаахгүй байна. Бид баян тарган, нэр хүндтэй бол хүүхдээ гаргаад авчихсан байх байж гэж хүртэл бодох юм. Би Солонгост Тулгынхаа дүүг дагуулж очоод олон жил ажил хийсэн. Тэнд байсан хүмүүс хүртэл “Хүүхдээ дагуулсан ээж” гэж ярьдаг байсан. Гурав, дөрвөн жил ингэж ажиллаж ирээд энд нарийн боовны цех нээгээд хүнээс гуйхгүй амьдарсан. Гадаадад ажиллаж байхад Тулга минь энд ганцаараа сургуульд сурдаг байлаа.

Сургуулиа төгсөөд л Н.Алтанхуяг гишүүний туслахаар ажиллаж эхэлсэн үү?

-Төгсөөд банкинд нэг жил ажиллаад Н.Алтанхуяг гишүүний туслахаар ажиллах болсон. Нүүрс хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд судалгааг нь хийж байсан юм билээ. Үнэндээ хүү минь ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Л.Гансүх зөвлөхтэй уулзахад “Тулга, Төмөрбаатар (Н.Алтанхуягийн туслах) хоёрт ямар ч хамаагүй асуудал. Бид гэмт хэрэг хийсэн биш. Улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байна” гэсэн. Ингээд ярихаар олон хүн “Арван хэдэн тэрбум төгрөг идчихээд энэ авгай ингэж ярьж байна” гээд зүхэж эхэлнэ. Ээж хүний хувьд би өөр яах билээ. Над шиг шаналж байгаа, цаашид шаналах олон ээж байна энэ ороо бусгаа нийгэмд. Ерөнхийлөгч “Хүнийг гэм буруутай нь нотлогдоогүй байхад хорьж цагдаж байгаа нь гэмт хэрэг” гэж ярилцлагадаа хэлснийг нь онцолмоор байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ спорт

Рио-де-Жанейрогийн олимпийн бэлгэдлийг танилцууллаа

Бразилийн Рио-де-Жанейро хотноо 2016 онд болох зуны олимпийн наадмын албан ёсны хоёр бэлгэдлийг өнгөрөгч даваа гаригт танилцуулсан байна. Тэдгээр нь тус улсын амьтны болон ургамлын ертөнцийг бүхэлд нь илэрхийлжээ. Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос энэхүү бэлгэдлийг гаргаж ирснээр залуучуудыг хүн төрөлхтний энэхүү наадамд идэвхтэй оролцоно гэж найдаж байгаа аж. Харин Бразилийн иргэд энэ хоёр бэлгэдлийн нэрийг интернэтээр сонгох юм байна. Мөн энэхүү танилцуулгын нээлтийн үеэр өмнөх наадмуудын бэлгэдлийг олон нийтэд танилцуулжээ.

Рио-де-Жанейро нь Испанийн Мадрид, Японы Токио, АНУ-ын Чикаго хотуудтай өрсөлдөн зуны олимп зохион байгуулах эрхийг олж авсан юм. XXXИ дэх зуны олимпийн наадам 2016 оны наймдугаар сарын 2-21-ны өдрүүдэд болох юм.

Categories
мэдээ спорт

Монгол-Туркийн спортын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийн талаар ярилцжээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий Консул Э.Мөнх-Очир энэ сарын 24-ний өдөр БНТУ-ын Залуучууд, спортын дэд сайд Метин Иылмазтай уулзжээ. Тэд хоёр орны залуучууд, соёл, спортын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын ССАЖЯ-ны төлөөлөгчдийн БНТУ-д хийх албан айлчлалын бэлтгэлийг хангах тухай санал солилцсон байна.

Мөн хоёр улсын хооронд спортын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийн талаар ярилцжээ.

Categories
мэдээ нийгэм

Бохир ус хөрсөнд ил задгай асгахгүй байхыг анхаарууллаа

МХЕГ саяхан ус цэвэрлэх байгууламжуудын цэвэршүүлсэн гэх усны байдалд хяналт шалгалт хийжээ. Энэ шалгалтад аймаг, хот, хөдөөгийн ус цэвэршүүлэх 40 гаруй байгууламж хамрагдсан байна.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж гэхэд олон улсын төрөл бүрийн технологиор үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүд эвлүүлэн суурилуулснаас эвдрэл гэмтэл их гарах шалтаг болжээ. Нийслэлийн бүх цэвэрлэх байгууламжууд бохир усаа шууд Туул гол руу нийлүүлсээр байна. Сонгины гүүрний орчимд гэдэсний савханцар үүсгэгч их хэмжээгээр гарчээ. Аймгуудын төвийн цэвэрлэх байгууламжууд эмнэлгийн бохир усыг шууд гол, булаг руу нийлүүлж байгаа зэрэг нийтлэг дутагдал илэрсэн байна. Мөн бохир ус хөрсөнд ил задгай асгахаас зайлсхийхийг МХЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх ажээ.

09:00 цагаас

1. Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

2. Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийн тухай, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

3. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.БОЛДтанилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

4.Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

5.Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Л.ГАНТӨМӨР танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

6.Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 3 гишүүн 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнЖ.БАТСУУРЬ танилцуулна.

7.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна;

8.Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.ЭРДЭНЭ танилцуулна;

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” захад үр зулбуулах эм хууль бусаар худалдаж байсныг илрүүлэв

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар,Цагдаагийн газартай хамтран Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” захын нутаг дэвсгэрт үр зулбуулах эмийн хууль бус худалдааг илрүүлэх, хууль бус эмийн наймааг таслан зогсоох шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтаар “Нарантуул” зах дээр худалдаа эрхэлдэг нэгэн эмэгтэй лангуун дээрээ үр зулбуулдаг цагаан өнгийн хайрцагтай хуурамч эм зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсныг илрүүлж, харъяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанд хүлээлгэн өгсөн байна. Мөн тус зах дээр энэ төрлийн худалдаа хийж байсан 2 иргэнийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагч нар 7, 8 дугаар саруудад тус тус илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Ийм учраас нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол улсын эмийн бүртгэлд ороогүй, баталгаагүй, хятад улсад үйлдвэрлэсэн, хятад хэлээр бичсэн, хадгалалт тээвэрлэлт хэрхэн хийгдсэн нь тодорхойгүй эм, эмийн бэлдмэлийг хувь хүний гар дээрээс авч амь нас эрүүл мэндээ хохироохгүй байх, эм, эмийн бэлдмэлийг баталгаатай эмнэлэг, эмийн сангаас авч эмчийн хяналтан доор хэрэглэх талаар анхаарууллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголчууд” сонсдог номын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцов

УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор Д.Өлзийбаатарын туурвин бүтээж, хөтлөн өгүүлсэн “Монголчууд” сонсдог номын нээлт өчигдөр боллоо.

УИХ-ын дарга З.Энхболд номын нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ үед улс үндэстэн бүрийн ялгарах зүйл нь түүх юм. Бид дэлхийн түүхийг удирдаж явсан, Монгол шиг баялаг түүхтэй улс дэлхийд байхгүй. Доктор Д.Өлзийбаатар сүүлийн хэдэн жил түүхийг олон нийтэд таниулах тал дээр ажиллаж байгаа эрдэмтэн. “Монголчууд” хэмээх энэ сонсдог номонд түүхийг байгаагаар нь гаргасан. Энэ сайхан ном Анхдугаар Үндсэн хууль баталсны 90 жилийн ойн өдрөөр нээлтээ хийж буй нь бэлгэшээлтэй юм” гэв.

ГХЭЗХАЯ-нд болсон “Монголчууд” (цахим түүх) номын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, ГХЭЗХА-ны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлэв

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас охид бүсгүйчүүдэд хандаж сэрэмжлүүлэг гаргалаа.

Сүүлийн үед монгол охид, бүсгүйчүүд интернет дэх Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр гадаадын иргэнтэй танилцан, улмаар тэдний гэрлэх санал, өндөр хөгжилтэй оронд урьсан урилгад нь хууртан мөнгө төгрөгөө залилуулах явдал нэлээд гарч байгаа аж. Тухайлбал, сайхан амлалтанд хууртан орон байраа зарж мөнгө төгрөгөө гадаадын хүнд шилжүүлж, цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол ч гарч байгаа тул эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсахаас сэргийлж, танихгүй хүнтэй харилцахдаа хянуур, болгоомжтой хандахыг сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэмтэд агаарын бохирдлыг бууруулах гарцыг эрэлхийлнэ

Монгол Улсын ШУА, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОНХЯ-тай хамтран “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулна. Уг хэлэлцүүлэг яг одоо Зайсан дахь БОНХЯ-ны Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд эхлэх гэж байна.

Хурлын нээлтэд ШУА-ийн академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, БОНХ-ийн Сайд, УИХ-ын гишүүн С.Оюун, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны НБД Ж.Эрдэнэцогт нар болон холбогдох хүмүүс оролцох ажээ.

Хурал- хэлэлцүүлэг “Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний технологийн үр ашгийг дээшлүүлэх”, “Шинэ технологи, дэвшилтэт арга”, “Нийслэлийн агаарын бохирдлын төлөв байдал” гэсэн үндсэн гурван чиглэлээр явагдах юм.

Улмаар агаарын бохирдлыг эрдэмтэн, судлаачдын гаргасан судалгаа шинжилгээн дээр тулгуурлан бууруулах арга замыг эрэлхийлэх аж.