Categories
мэдээ нийгэм

Туул голын дагуух хайрга, дайрганы компаниудыг шалгажээ

МХЕГ-аас Туул голын дагуу барилгын хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа явуулж буй компаниудыг шалгасан байна.

Энэ шалгалтаар 37 аж ахуйн нэгж хамарснаас тусгай зөвшөөрөл аваагүй хэд, хэдэн газар байжээ. 10 гаруй иймэрхүү ажиллагаатай компанийг 200-600 мянган төгрөгөөр торгосон аж. Зөвшөөрөлгүй байсан “Баясгалант өргөө” ХХК 920 мянган төгрөг, “Гравел Стоун”, ” Сигма бетта”, “Баялаг бийлд” зэрэг компани 250 мянган төгрөг, “Мон элс”, ” Мерсү” компани 400 мянган төгрөгөөр тус тус торгожээ. “Монстрой”, “Тэсийн хурд” компаниудын зөрчлийг арилгуулж, цаашид ажиллах эсэхийг шийдэхээр болжээ. “Шижир хайрга” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийд өгсөн байна. “Дабль мөнх” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг нийслэлд хүргүүлсэн зэрэг зөрчлийг МХЕГ-аас илрүүлж, зохиох арга хэмжээ авснаа мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

“Фенобарбитал” эмэнд хордсон хэргийн шүүх хурал болж байна

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нь 2014 оны 08 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд тус эмийн санд жор баригчаар ажиллаж байхдаа “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосноос болж 16 хүүхэд цочмог хордлого бүхий хүнд зэргээр хордсон юм.

Уг гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Дүүргийн II прокурорын газраас 2014 оны энэ сарын 3-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Харин яг одоо Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд уг хэргийг хэлэлцэж байна. Шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгийн бүртгэл үргэлжилж байна

Галт зэвсгээр гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох, нуугдмал, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх “Зэвсэг-2014” үйл ажиллагаа үргэлжилж байна.

2014 он гарсаар галт зэвсэг ашиглан 22 гэмт хэрэг үйлдэгдсэн тоо баримт байна. Үүнээс хүний амь нас хохирсон хоёр, гэмтсэн тав, хууль бусаар авч явсан хоёр, галт зэвсэг ашиглан танхайн гэмт хэрэг үйлдсэн, мал хулгайлах гэмт хэргийг галт зэвсэг ашиглан үйлдсэн нэг, хууль бус бусаар ан агнасан 10 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Харин өнгөрсөн онд 37 гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Хүний амь нас хохирсон 6, гэмтсэн хоёр, галт зэвсэг ашиглан дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нэг, танхайрах гэмт хэрэг үйлдсэн нэг, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэрэг гурав, хууль бусаар ан агнасан 16 гэмт хэрэг гарчээ.

Галт зэвсгийн бүртгэлийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Галт зэвсгийн бүртгэл улс орон даяар явагдаж байгаа. Бүртгэл хэзээ дуусах вэ. Ер нь манай улсад хэчнээн галт зэвсэг бүртгэлтэй байдаг юм бэ?

-Улс орон даяар явагдаж байгаа галт зэвсгийн бүртгэл ирэх арванхоёрдугаар сарын 4-нийг дуустал нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Одоогийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 13190 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас эхний 14 хоногийн байдлаар 3284 галт зэвсэг бүртгэгдээд байна.

-Галт зэвсгээ бүртгүүлэх иргэд хаана хандах вэ?

-Галт зэвсэг эзэмшиж буй иргэд харьяа дүүрэг, сум, багийнхаа цагдаагийн байгууллагад очиж бүртгүүлэх ёстой. Ингэхдээ заавал тухайн галт зэвсгээ авч очих шаардлагагүй. Бүртгүүлэхээр очихдоо иргэн та иргэний үнэмлэх, бууныхаа гэрчилгээтэй ирэхэд л хангалттай. Хэрвээ иргэн та галт зэвсэгтэй л бол бүртгүүлэх, гэрчилгээжүүлэх ёстой гэсэн үүргээ биелүүлээрэй.

-Өмнө нь бүртгүүлчихсэн байсан галт зэвсгээ дахин бүртгүүлэх шаардлагатай юу?

-Тийм ээ. Нийслэлийн хэм­жээнд бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүд урьд нь бүртгэлтэй байсан галт зэвсгүүдийг бүртгэж байгаа. Ер нь иргэд нуугдмал буюу өвөг дээдсээсээ уламжилж ирсэн галт зэвсэг байвал галт зэвсгийн бүртгэл үргэлжлэх хугацаанд амжиж гэрчилгээжүүлэх хэрэгтэй гэдгийг анхааруулмаар байна.

-Бэлгэнд авсан галт зэвс­гийг гэрчилгээгүй зэвсэг хадгалж байсан гэж үзэх үү?

-Гэрчилгээгүй гээд тухайн иргэний галт зэвсгийг ху­раах­гүй. Бүртгэл явагдах нэг са­рын хугацаанд л нуугдмал галт зэвсэг байвал гэрчилгээжүү­лэх хэрэгтэй. Түүнчлэн ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авахгүй. Харин бүртгүүлээгүйн улмаас асуудал үүсвэл захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно. Тиймээс иргэд харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэс эсвэл Нийслэлийн хэв журам хамгаалах газарт ирж, гэрчилгээжүүлж болно.

-Иргэдэд эзэмших эрх олгох боломжгүй галт зэвсэг гэж байдаг уу?

-Монгол Улсын иргэн армийн зэвсэглэлд байхгүй, тусгай албанд ашиглагдаагүй зэвсэг эзэмших эрхтэй байдаг. Ер нь иргэд галт зэвсгийг аюулгүй орчинд хадгалах ёстой. Тухайлбал, галт зэвсгийн замаг, сум, бууг нь тус тусад нь хадгалах шаардлагатай байдаг. Галт зэвсгийг аюулгүй орчинд хадгалаагүйгээс болж санаандгүй байдлаар хэрэг гарах тохиолдол байдаг. Тиймээс аливаа осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд галт зэвсгийг найдвартай хадгалах хэрэгтэй.

Та галт зэвсэгтэй л бол бүртгүүлэх, гэрчилгээжүүлэх ёстой гэсэн үүргээ биелүүлэхээ иргэд та бүхэн бүү мартаарай. Үүргээ ухамсарлан энэ үйл ажиллагааны хүрээнд амжиж бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид Афганистан улсыг зорино

Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэргийн I ротыг үдэх ёслол өнөөдөр болно. Тус ажиллагаанд манай улсаас 120 энхийг сахиулагч оролцохоор Афганистаныг зорино. Манай энхийг сахиулагчид НАТО болон Эвслийн цэргийн хүчний явуулж буй Афганистан улс дахь аюулгүй байдлыг хангах, тогтворжуулах цэргийн ажиллагааны II шат буюу “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа” –нд оролцох ажээ.

Categories
мэдээ улс-төр

Шинжлэх ухааны салбарт японы технологийн хүрээлэнтэй хамтарч ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны яам, Япон Улсын Үндэсний технологийн хүрээлэн Монгол Улсад чадварлаг инженер, технологийн боловсон хүчин бэлтгэх шаардлага байгааг харгалзан, КООСЭН төрлийн сургалтыг өөрийн Улсад хөгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү Санамж бичгийг байгуулснаар Монгол, Японы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн хамтаар Монгол, Японы КООСЭН сургууль хоорондын шууд хамтын ажиллагааг тогтох, хоёр орны КООСЭН сургуулиудын гэрчилгээг харилцан зөвшөөрөх, КООСЭН сургууль хоорондын туршлага мэдээлэл солилцох, багш оюутан солилцоог хэрэгжүүлэх боломжийг ч бий болгож байгаа билээ.
Санамж бичиг нь таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд Талууд энэхүү Санамж бичигт тусгагдсан үйл ажиллагааны санхүүжилтийг харилцан тохиролцох замаар шийдвэрлэх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улс долларын хоёр тэрбумтантай болжээ

Манай улсад гадны хөрөнгө оруулалтгүй, хувийн хэвшил дундаа толгой цохидог нь “MCS групп”, “АПУ” ХК, “МАК” ХХК, “Гачуурт” ХХК, “Ажнай” корпораци юм. Сингапур дахь WealthX компани, Швейцарийн UBS корпораци хамтран 2014 оны Дэлхийн тэрбумтануудыг тодруулсан судалгаагаар манай улсаас хоёр ч долларын тэрбумтан тодорч, нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн бичигджээ.

Монголдоо л номер нэг гэгддэг “MCS групп”-ын ерөнхийлөгч Ж.Оджаргалын хувьд яахын аргагүй долларын тэрбумтаны нэг гэгдээд буй. Түүний нийт хөрөнгө 2.5 тэрбум ам.доллар гэх бөгөөд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 20 жилийн түүхтэй “MCS групп”-ээс “Интерпресс”, “Медимпекс”, “Анун”, “Грандхаан Айриш Паб” компаниуд бие даан гарсан байна. Энэ онд “MCS групп” 208 тэрбум төгрөгийн татварыг улсад төлжээ.

Харин хоёр дахь долларын тэрбумтан хэн бэ гэдэг асуулт гарч ирэх нь мадаггүй. Энэ онд “MCS”-ээс гадна “АПУ” ХК 157 тэрбум, “МАК” ХХК 86.4 тэрбумын татварыг тус тус төлсөн аж. Тэгэхээр хоёр дахь тэрбумтан Монгол улсдаа топ компаниудын нэгд тооцогддог “АПУ” компанийн захирал П.Батсайхан байх магадлалтай юм.

Түүний хөрөнгийг 500 сая ам.доллар гэж хэдхэн жилийн өмнө баримжаалж байсан бол өнөөдөр тэрбум ам.доллар хүрснийг үгүйсгэх аргагүй. Ер гаруй жилийн түүхтэй үндэсний томоохон үйлдвэрлэгч компанийн зүгээс хувь нийлүүлэгчиддээ 1.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан цаг саяхан.

“МАК”-ийн захирал Н.Нямтайширыг хоёр дахь тэрбумтан болов уу гэх магадлал бий юм. Тус компани өнгөрөгч онд гэхэд 130 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн бөгөөд энэ нь улсын төсвийн 4 хувийг дангаараа бүрдүүлсэн үзүүлэлт. “МАК” компани Германы ХЕРЮЗ компанийн Хонконг дахь салбар руу алтны экспорт хийдэг. 2003 онд БНСУ-ын “Самсунг” корпорацитай Алт худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Монголбанкны хяналт дор Швейцарийн Цюрих дахь UBS банкны нөхцлөөр алтаа экспортод гаргаж эхэлсэн гэдэг. Түүний хөрөнгийг 1.8 тэрбум ам.доллар гэсэн албан бус мэдээлэл ч бий.

Энд “Ажнай” корпорацийн Б.Бат-Эрдэнийг дурьдахгүй байх аргагүй. Тэрээр Монголын топ баячуудын нэгт тооцогддог. Түүнийг 8 сая ам.долларын үнэ бүхий Нүхт цогцолбор, Германд 150 сая еврогийн харштай ч гэж ярьдаг. Мөн Лондонгийн төв цэцэрлэгт хүрээлэнд байрлах Даши Намдаковын бүтээлийг 2 сая ам доллараар худалдан авсан гэсэн мэдээлэл бий. Эх орон телевиз Б.Бат-Эрдэнийн эзэмшлийнх. Түүний нийт хөрөнгө тэрбум гаруй ам.доллар гэсэн албан бус мэдээлэл байна.

Юутай ч Монголоос долларын тэрбумтан тодорсон нь цөөн хүн амтай манай улсын хувьд дэлхийд дотоодын үйлдвэрлэлээ ямар түвшинд авч явж байгааг харуулж буй явдал юм. Эдгээр эрхмүүдийн хувьд гадны хөрөнгө оруулалтгүй, зуун хувь дотоодын хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг компанийн эзэд билээ.

Эх сурвалж: Мэдээ.мн

Categories
мэдээ улс-төр

“Монгол контент” хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 54.4 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 140 орчим телевиз үйл ажиллагаа эрхэлдэг байна. Гэвч цацагдаж байгаа нэвтрүүлгийн дийлэнх хувь гадаад контент эзлэх болсон аж. Иймээс телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлэг тэр дундаа хүүхдэд зориулсан бүтээлийн дийлэнх хувь Монгол Улсад бүтээгдсэн мөн монгол агуулгатай байх шаардлага тулгарч байна гэж үзэн, дээрх хуульд өөрчлөлт оруулахаар болсон.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хуульд оруулж байгаа өөрчлөлтийг харахад түүхийг гуйвуулсан, бүдгэрүүлсэн, улстөржсөн агуулгатай нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн байвал түүнийг хэрхэх вэ гэдэг шалгуур хангагдаагүй байна” гэж хэлсэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Арилжааны телевизүүд өөрсдийгөө аваад явж байна. Энэ үед таван тэрбум төгрөгийн авлигын уралдаан зарлах ямар хэрэг байна. Дэлхийн сонгодог урлаг, кино гэж бий. Ийм зүйлүүдийг заавал оруулна гэж яривал дэмжинэ. Түүнээс төр нь “Ресторануудын хоолны цэсний 60 хувь нь монгол хоол байя гэж ярих нь утгагүй. Энэнийхээ оронд Буриадаас орж ирж байгаа жуулчдыг татах ямар арга хэмжээг Соёлын яамнаас хэрэгжүүлэх вэ, дэлхийд монголын соёлыг сурталчлаад алтан медаль, гранпри хүртсэн урлагийнхнаа яаж дэмжээд байгаа юм. Дээр нь казиногийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар бодлогоо оруулж ир. Ийм хууль оруулж ирэхийг дэмжихгүй” гэж шүүмжиллээ.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Монголд 142 телевиз үйл ажиллагаа явуулж байна, үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг нь 50. Тэдэнд реклам өгдөг компаниуд нь хэд билээ. Эдгээр телевизүүд 1990 оноос өмнө хийсэн монгол киногоо сар эргүүлээд дуусаж байна. Хуульд өөрчлөлт оруулах шаардлага байлаа ч зохицуулалт нь буруу яваад байна. Соёлын яаман дээр лобби явна, 5 тэрбумыг хуваахаар 140 телевизийн аманд ч үгүй, хамарт ч үгүй дуусна. Үүнийхээ оронд салбарын зохицуулалтад нь оруул, салбар нь өөрийн бодлогоо гарга. Төр кино, нэвтрүүлэг хийх гээд хэрэггүй. Төрийн хийж байгаа кино, нэвтрүүлэг нохой шиншлэх аргагүй юм болдог. Ийм байдлаар асуудалд хандвал эргээд социализм руугаа буцаж орно” гэсэн юм.

Гэвч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Мөн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.

Завсарлагааны хугацаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хуралдах юм байна. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороог хуралдуулах чиглэлийг УИХ-ын дарга өглөө.

Categories
гадаад мэдээ

Испанийн сайд авилгын хэргээр огцорчээ

Испанийн Эрүүл мэндийн сайд Ана Матог хууль бусаар мөнгө санхүүжүүлсэн хэргээр шүүх буруутгаж, албан тушаалаас нь огцруулжээ. Түүний экс нөхөр Иисус Сепульведа Ардын намынхны оролцсон авилгын томоохон хэрэгт холбоотой болох нь тогтоогдоод буй. Мато сайдыг авилгын хэргийн албан ёсны сэжигтэн гэж зарлаагүй ч шүүхийн сонсголд дуудсан гэж Испанийн хэвлэлд мэдээлэв. Харин сайд өөрөө “Би энэ хэрэгт холбоогүй ч гэсэн Засгийн газрын сайн сайхны төлөө суудлаа тавьж өгч байна” гэж хэлжээ. Шүүгчид “Гьюртел сүлжээ” гэж нэрлэгддэг намд хууль бусаар мөнгө хандивласан хэргийг мөрдөн шалгаж байна. Энэ нь Испанийн Ардын намын албан тушаалтнууд оролцсон түүхэн дэхь хамгийн том авилгалын хэрэг юм.

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын нэгдсэн нам байгуулна

Залуучуудын нэгдсэн намыг хэсэг залуус байгуулжээ. Нам байгуулах анхдугаар их хурлаа тэд ирэх оны хоёрдугаар сард хийх гэнэ. Мөн үзэл баримтлалаа тодорхойлох юм байна. Улс орноо хөгжүүлэх зорилгын дор 18-аас дээш насны ямар ч хүн энэ намд нэгдэж болох аж. Гишүүдээ тэд насны хязгаараар биш, сэтгэлгээгээр нь үнэлнэ гэв. Мөн ямар нэг улс төрийн хүчин, улс төрч, бизнесийн бүлэглэл нь ард нь байхгүй гэдгийг тус намыг үүсгэн байгуулагчид хэллээ.

Categories
мэдээ нийгэм

НАТО-ийн Энхийн төлөө шинжлэх ухаан-Монголд

Монгол Улсын Засгийн газар 2012 онд НАТО-той түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ШУА-тай НАТО-ийн Энхийн төлөө шинжлэх ухаан хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж эхлээд хоёр жил болж байгаа билээ. Хоёр талын хамтарсан төслийн танилцуулга, үр дүнгийн хурал өнөөдөр 10.00 цагт Corporate зочид буудлын гурван давхрын хурлын танхимд болно.
НАТО-гийн энэхүү хөтөлбөр нь иргэний болон улс орны аюулгүй байдалд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх бөгөөд аюулгүй байдлын хүрээнд терроризмтэй тэмцэх, хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг багасгах, кибер аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний аюулгүй бөгөөд тогтвортой байдлыг хангах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах НҮБ-ын Аюулүй байдлын хорооны зорилт зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.
Энэхүү хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Батлан Хамгаалах Яам, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам зэрэг байгууллагатай хамтран хоёр төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл нь Монголын кибер аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг бууруулах гэсэн үндсэн хоёр чиглэлд хэрэгжиж байна.

Кибер аюулгүй байдлыг хангах төслийн хүрээнд ШУА-ийн Информатикийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.
Орчны бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй анхны төсөл нь “Цэргийн зориулалттай газар нутгийн экологийн эрүүл ахуйн геомэдээллийн сан байгуулах нь” сэдвийн хүрээнд Словакийн Байгаль Орчны Агентлагтай хамтран ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, Батлан хамгаалах яам, Байгаль орчны мэдээллийн төв зэрэг байгууллагуудын хамтын оролцоотой хэрэгжиж байна. Төслийн хүрээнд урьдчилсан байдлаар манай улсад цэргийн зориулалтаар ашиглаж байсан 17 байршлыг тогтоож, тухайн газарт газрын доройтол, хөрс, усны бохирдолыэ судалгаа хийж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн сурвалж болон хээрийн судалгааны дүнгээр цэргийн зориулалттайгаар ашиглаж байсан байршлуудад барилгын материал, нефтийн бүтээгдэхүүний бохирдол их байгаагийн зэрэгцээ дэлбэрэх, тэсрэх бодис, зэвсэг их хэмжээгээр илэрч байгааг тогтоосон.
Цаашид Энхийн төлөө шинжлэх ухаан хөтөлбөрийн хүрээнд дээр дурьдсан хоёр чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2014 оноос энэхүү хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлэх болсон нь бидний хамтран ажиллах хүрээг өргөжүүлж буй хэрэг юм. Ойрын ирээдүйн хамтын ажиллагааны хүрээнд бохирдсон газрыг саармагжуулах, бохирдлын нэр төрлөөс хамааруулан газрыг нөхөн сэргээх замаар энхийн зориулалттай ашиглах нөхцлийг бүрдүүлэх дэвшилтэд технологийг нутагшуулах, мэдээллийн аюулгүй байдал, цахим довтолгооноос сэргийлэх ухаалаг системийг бий болгох зэрэгт чиглэж байна.