Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Өндөр байшин барих шийдвэр гаргасан бүх хүмүүст эрүүгийн хариуцлага тооцъё

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байр

Нийслэлийн дүүргийн Засаг дарга нар хийгээд бусад олон дарга эрх мэдэлтнүүд арав давсан давхартай, шилэн барилгадаа тухлах моод дэлгэрээд удаж байна. Бараг л хэн нь өндөр барилга барих вэ гэдэг марафон болоод байгаа юм шиг харагдах болов.

Гэтэл дүүргийнх нь хич­нээн зуун иргэн хэвтээд эмч­лүүлчих ­эмнэлэггүй байна. Ийм тооны өвчтөн багтчих хэмжээний зайтай өрөө тасалгаандаа эдгээр эрх мэдэлтнүүд төөрөх нь холгүй холхин байхад дүүр­гийнх нь нэгдсэн эмнэлгүүд өвчтөн, өвдөж буй хүүхдүүдээ хэвтүүлэх өрөөгүйдээ хонгилд хөнжил дэлгээд хэвтүүлэн эмчлүүлж байгаа дүр зургийг та бүхэн харж байна. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл. Эмнэлгийн үүдээр ороход л хөл гишгэх зайгүй давчуухан талбайд гадуур хувцсаа нөмөрсөн “Хөтөч” гэсэн хаягтай сувилагч сууна. Энд их хүйтнээс гадна шавар шавхай болсон бохир орчин “ноёлно”. Ирсэн өвчтөнүүд түүнээс хаана очих, ямар эмчид үзүүлэхээ нэгд нэгэнгүй заалгаж аваад дээших давхруудад гарах ажээ. Харин дээд давхартаа том хүн, хүүхэд багачуудгүй чихцэлдэж байна лээ. Биднийг очих үед үдийн 13 цаг болж байсан бөгөөд биднийг ирэхээс өмнө тасгийн хонгилд багтахгүй хүүхдүүд хаалганы гаднах цахилгаан шатны үүдэнд хэвтэж байсан тухай тэнд хэвтэн эмчлүүлж буй ээжүүд хэлж байсан юм.

Биднийг тасаг руу ороход 80 хүүхэд хэвтүүлэх ёстой хоёр тасагт 150 гаруй хүүхдийг хэвтүүлчихсэн эмчилгээ хийж байна. Хатгаа нь хүндэрч, амьсгалж ч чадахгүй байгаа 0-4 насны бяцхан үрсийг харж өрөвдөхдөө эмч, сувилагч нар нь өөр тасгуудаас ор гуйж авчирч байгаа дүр зураг нүднээ тусах нь энүүхэнд. Төд удалгүй тасгийн ор дууссан, одоо газар хэвтүүлэхээс өөр арга байхгүй гэсэн яриа хөвөрнө. Тэгснээ тасгийн эрхлэгчийн утас хангинаж “Сэхээнээс гурван хүүхэд энгийн тасагт шилжүүлэх боллоо. Ор бэлд” гэх. Эмч “За” гээд утсаа салгаснаа “Одоо яах вэ” хэмээн сувилагч руугаа харахад нөгөөх нь “Шалыг нь арчаад гудас дэвсье. Өөр яах билээ” гэх. Ийм л дүр төрх дүүргийн эмнэлгүүдэд байна.

Харин ч үдээс хойш болж ганц, нэг хүүхэд эмнэлгээс гарч, “дотор” ор суларсан тул тэднийг тасгийн хонгил руу шилжүүлсэн байх юм. Хонгилоос хонгилд шилжсэн тэдгээр хүүхдүүд дулаан хонгилд шилжсэнээрээ л давуу талтай болж байгаа тухай тасгийн сувилагч хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл, өмнөх өдөр эсвэл арай түрүүнд ирсэн нэг нь өрөөнд орж, дараа ирсэн нь тасгийн хонгилд, дөнгөж ирсэн нь тасгийн гадаах шалан дээр гэрээсээ гудас авчраад хэвтэж байна.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл

Аргаа барсан эмч, сувилагч нар нь өөрсдийн өрөөгөө суллаж өгөөд сар гаруй хугацаа өнгөрчээ. Одоо тус тасагт сул байгаа ганцхан өрөө нь тарианы өрөө л байна лээ.

Өмнөх жилүүдийг бодвол өнөө жил томуугийн халдвар маш их тархаж байгаа бөгөөд аль ч эмнэлгийн хүүхдийн тасаг өөрийн хүчин чадлаасаа хоёр, гурав дахин олон хүүхэд хүлээн авч эмчилж байгаа тухай тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг хэлж байв.

Тус эмнэлгийн хувьд өнгөрсөн жилээс эхлэн хүүхдийн тасагтай болсон бөгөөд өнөө жилээс эхлэн дүүргийнхээ 19 хорооны 17 мянган хүүхдүүдийг хүлээн авч эмчлэх болжээ. Энэ нь өмнөх жилийнхийг бодвол хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нөгөө талаас энэ намар, өвөл томуугийн тархалт онцгой их байгаа нь байдлыг улам хүндрүүлж байгаа юм байна.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын байр

Ийнхүү өвдөж буй хүүхдүүдийг хонгилд хэвтүүлж байгаа нь барилгын хүрэлцээ хангамж муугийнх. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг гэхэд ердөө хоёрхон тасгийн 20 хүрэхгүй өрөөнд өвчтөнүүдээ хэвтүүлдэг. Эмнэлгийн удирдлагын хувьд шинэ эмнэлэг барих тухай 2007, 2008 оноос эхлэн ярьсан. Одоогийн байгаа байр нь ч эмнэлгийн бус бөгөөд социалист нийгмийн үед Цалин хөлсний хороо байрлахаар бариулж байсан юм билээ. Өдгөө тус барилгын дэргэд хуучин Өр барагдуулах алба байрлаж байгаад одоогоор эмнэлгийн өргөтгөлийн зориулалтаар ашиглаж байгаа байр бий. Үүний оронд 15 давхар бүхий орчин үеийн нэгдсэн эмнэлэг бариулахаар эмнэлгийн удирдлага жил бүр л хөөцөлддөг ч ажил хэрэг болж байгаа зүйл үгүй. Уг нь бол зураг төсөл нь аль хэдийнэ гарчихсан юм билээ. Харамсалтай нь барилга барих 35 орчим тэрбум төгрөг “байхгүй”. Үүнийг ч иргэд ойлгожээ. Учир нь тэд “Жил бүрийн төсөвт оруулахаар саналаа өгдөг ч асуудлыг шийдэх үүрэгтэй эрхэм дарга нар энгийн иргэдийнхээ өвчин зовлонг огт ойлгодоггүй. Учир нь дүүргийн нэгдсэн эмнэлэг бол хоёрдугаар шатлалынх. Тэгэхээр дарга нар хэрхэн үүгээр ирэх билээ. Тиймдээ ч тус эмнэлэгт байдал ямар байгааг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй суугаа биз” хэмээн ярих нэгэнтэй ч таарч байлаа.

СЭТГЭЛ БАЙВАЛ ХИЙЖ БОЛДГИЙН ЖИШЭЭ ЭНЭ БАЙНА

Хэвтүүлэх өрөөгүйдээ хонгилд гудас дэвсээд өвчтөнүүдээ хэвтүүлж байгаа эмнэлэг байхад тун саяхан есөн давхар, орчин үеийн стандартын шаардлага хангасан нэгдсэн эмнэлэгтэй болсон дүүрэг ч байх юм. Энэ бол Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг. Тус эмнэлэг өнгөрөгч сарын 16-ны өдөр шинэ байрандаа оржээ. Үүдээр нь ороход л улсын томоохон эмнэлгүүдээс ч илүү тохижилттой, амар амгалан, цэвэр цэмцгэр, найрсаг харилцаа угтана. Энэ бол тухайн дүүргийн болоод эмнэлгийн удирдлага сэтгэл гаргаж чадвал хийж болдгийн тод жишээ юм. Ерөөс Баянгол дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлын тэргүүлэгчид нь өөрсдөө тухтай байранд оръё гэхээсээ илүүтэйгээр өвчиндөө шаналж буй хүмүүст тусалъя гэсэн үнэлж барамгүй сайхан сэтгэл өвөрлөжээ. Тэдний дээр мөн тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэг бий гэсэн. Дахин хэлэхэд энэ бол сайн сайхан үйлийг амаар биш биеэр хийж болдгийн илэрхийлэл. Гэтэл бусад дүүргийн иргэд яг л баянголчууд шиг өөрсдийн төлөөллөө УИХ, Засгийн газарт явуулсан. Гэтэл тэднээс эргэж харсан нь үгүй. Бүр эсрэгээрээ тэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын олон арван давхар шилэн барилгыг барихад дэмжлэг үзүүлсэн гэх нь ч сонстох шиг.

Баянгол дүүргийн эмнэлгийг барихад долоон тэрбум 768 сая төгрөг зарцуулжээ. Тус эмнэлэг нь сүүлийн 25 жилд нийслэлд эмнэлгийн зориулалтаар баригдсан ганцхан цогцолбор гэсэн тодотголтой тухай тус эмнэлгийн дарга Ө.Батжаргал хэлнэ лээ. Түүний хэлснээр эмнэлэг өөрийн гэсэн есөн давхар байртай болсноор өмнө нь ажиллаж байсан тасгууд дээрээ яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээний тасгийг бие даасан тасгийн хэмжээнд ажиллуулах боломжтой болсон байна. Түүнчлэн өдөрт 500-700 хүнд үйлчлэх хүчин чадалтай болсон бөгөөд энэ нь дүүргийн иргэдэд бүрэн хүрч үйлчлэх боломжтой гэсэн үг ажээ.

Хэдийгээр эмнэлгийн зураг төсөл 2008 онд гарсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд барилгын ажил идэвхтэй явагдаж, сарын өмнө бүрэн хүлээлгэн өгсөн байна. Дүүрэг орчин үеийн эмнэлгийн шаардлага хангасан эмнэлэгтэй болсноор өөрийн гэсэн дотоод дүрэм, журам, зохион байгуулалт бий болгочихсон, энэ нь ч иргэдийнхээ сэтгэлд хүрсэн үйлдэл болж байгаа ажээ. Тодруулбал, тус эмнэлэг гурван өнгөтэй. Өнгөтэй гэдэг нь өрөөний доторх эд зүйлс болоод таних тэмдэг бүгдээр нэг ижил өнгийнх гэсэн үг. Тухайлбал, эмнэлгийн хоёр, гурав, дөрвөн давхар нь үзлэг, амбулаторын хэсэг бөгөөд хананд өлгөөтэй мэдээллийн самбараас авахуулаад бүгд цэнхэр өнгөөр ижилсжээ. Харин тав, зургаа, долоон давхар нь улбар шар өнгөтэй. Энэ нь эмчилгээний тасаг байрлаж байгааг илтгэж байгаа юм. Түүнээс дээш буюу найм, есдүгээр давхар нь ногоон өнгөтэй. Энэ нь тайван амгаланг илтгэх бөгөөд хурал, зөвлөгөөний өрөөнүүд ажээ.

Энэ бүх өнгөний тайлбарыг эмнэлгийн үүдээр ормогц дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн нь иргэдийг эмнэлгийн дотор явахад хөтөч болохоор юм. Энэ зохион байгуулалтыг бусад эмнэлгүүд ч гэсэн хэрэгжүүлэхэд болохгүй юмгүй санагдана.

Цэвэр, тохилог байртай болсноор иргэд ч их соёлтой болж, аль болох улавч өмсөх, гадуур хувцсаа тайлж орохыг эрхэмлэдэг болсон шүү хэмээн тус эмнэлгийн дарга Ө.Батжаргал сэтгэл хангалуун хэлж байсан билээ.

ИРГЭДЭД НЭГ, ХОЁР ДАВХАР Л ХАНГАЛТТАЙ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээр ч мөн орлоо. Тус эмнэлэг нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг бодвол 125 ортой ч энд өмнөх буюу Чингэлтэй дүүргийн эмнэлгээс ч олон хүүхэд ханиалгах, халуурах зэргэцэн хонгилдоо ч багталцахгүй хэвтэж байна. Энд байх ёстой хүүхдийн тоо хэдийнэ хоёр, гурав дахин нэмэгджээ. Бусад тасгууд ч хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор ачаалал нь үлэмж ихэссэн тухай эмнэлгийн эмч, сувилагч нар хэлж байв. Тус эмнэлэг нь дүүргийнхээ 135 мянга гаруй хүн амд эмнэлгийн хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.

Өвчтэй байгаа хүүхэд, томчуудаа багтааж чадахгүй байгаа эмнэлгийн цонхоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын олон давхар, шилэн барилга сүндэрлэн харагдах тул тус байрыг зорьлоо. Дотогш орвол хоёр давхар шилэн хаалгатай “пүн” хийсэн дулаан орчин угтах аж. Иргэдэд үйлчлэх нэг цонхны үйлчилгээний 20 гаруй цонх бүхий үйлчилгээний хэсэг нэгдүгээр давхарт байрлаж байна. Иргэдийн хувьд зөвхөн тэдгээр цонхоор л үйлчлүүлээд гардаг тухай хэлж байсан юм. Харин тус барилгын хоёр, түүнээс дээших давхарт чухам юу байдгийг мэддэг хүн тун ховор байх хэмээн “Нэг цонх”-ны үйлчилгээ аваад гарч байсан тус дүүргийн иргэн Д.Цэрэннадмид гуай хэлж байсан юм. Үнэхээр л энгийн иргэдэд хоёр, гурав, түүнээс дээш давхарт гарах шаардлага огт байдаггүй байна. Гэтэл дүүргийн удирдлага шинэ барилга барьсан шалтгаанаа “Иргэдэд үйлчилгээ илүү ойр, нэг дороос олон цонхоор үйлчилгээ үзүүлдэг болсон” гэж тайлбарлах. Харин уг цонхнууд нь барилгын зөвхөн нэг, хоёр давхарт нь байдаг юм.

Гэтэл бусад давхруудыг юунд зориулж, хэн тухлах гэж барьсан юм бол. Эмнэлэгт нь хөөрхий багачууд хэвтэх ч шалгүй шахцалдаж байхад тус дүүргийн хоёроос дээш давхрууд ялангуяа долоо, наймдугаар давхарт дөрөв, таван хурлын заалыг хэн ч ашиглахгүй, түгжээтэй байлгаж байна. Хэрэв тэдгээр зааланд өвдөж буй бяцхан хүүхдүүдийг оруулбал хичнээн зуун хүүхэд ортойгоо, юутай хийтэйгээ орчих бол оо.

Зөвхөн Сүхбаатар гэлтгүй Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын тансаг сайхан өргөө байна. Энд мөн л нэг, хоёрдугаар давхар нь л иргэдэд хангалттай. Харин бусад нь дарга, хэлтсийн гэж нэрлэгдэх хурган дарга нар, түүний туслах, мэргэжилтнүүдийнх.

Саяхан шинэ байрандаа орсон Засаг дарга нарыг харж байхад байрныхаа хамгийн дээд давхарт нь, хамгийн том талбай эзлэн суудаг юм билээ. Тэд уулзалтын, амралтын, өөрийн гэсэн хэд хэдэн өрөөтэй. Тэдгээрт бүгдэд нь том ширээ, зөөлөн сайхан буйдан байх. Тэр ч бүү хэл бараг зарим яамдын сайд нар шиг нууц өрөө, тансаг жакузтай ч байж магад.

Харин Засаг даргын доод давхарт нь дүүргийн орлогч дарга нар тухална. Тэд мөн л өөрийн, уулзалтын, амралтын гээд хэд хэдэн өрөөтэй. Бас болоогүй туслахын гээд үүдэнд нь бас нэг том өрөө бий.

Ингээд л давхар буурах тусам өөрийн гэсэн өрөөнд тухалсан “жижиг” дарга нар олширно доо. Дарга нараас яаж дутахав, хэмжээ нь жаахан бага ч гэсэн мэргэжилтнүүд ч гэсэн өөрийн гэсэн өрөөтэй. Зарим үед тэд ганцаарддаг ч байж мэдэх юм гэсэн бодол төрж байлаа. Дүүргийн ЗДТГ-ын байрны дүр төрх ийм л байна.

Ийнхүү Засаг даргын туслахын өрөөтэй тэнцэхүйц хэмжээтэй өрөөнд жирийн иргэдийн хорин хэдэн хүүхэд хөл, толгойгоо нийлүүлэн хэвтэцгээж байгаа сурвалжлагыг бэлтгэлээ. Өөрсдийнхөө тав тух, тансаг орчныг бодож, бусдын жаахан үрсийн амийг өтний чинээ ч бодохгүйгээр тансаг харш бариулах шийдвэр гаргуулахын төлөө үхэн хатан тэмцсэн бүх хүмүүст эрүүгийн хариуцлага тооцъё. Тансаг харштай байж болно, тэгвэл бас эмнэлэг бариулахын төлөө тэгж тэмцэх хэрэгтэй гэдэг давхар хариуцлага бас тэднээс нэхье.

Т.ГЭРЭЛМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Энхбат агсны хэргийг яагаад шалгахгүй байгаа юм бол?

Саяхан Хойд Солонгосын тагнуулынхан Францад сурч байсан өөрийн иргэнээ хулгайлахыг завдсан байна. Гэвч Францын тал мэдсэн учраас тэдний ажиллагааг таслан зогсоожээ гэдэг дуулиан олон улсад түглээ. БНАСАУ-ын тусгай албаныхны хулгайлах гээд байгаа залуу нь Францын Барилгын инженерийн дээд сургуулийн оюутан Хан. Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны хүргэн ах байсан Чан Сон Тэкийн хүү юм шиг байна. Ким Жөн Ун 2013 онд хүргэн ах Чан Сон Тэкийг цаазаар авсан билээ. Учир нь түүнийг өмнөдтэй нийлэх атгаг санаа өвөртөлж явсан гэдэг үндэслэлээр буруутгасан байдаг. Тэгвэл одоо хүүг нь баривчилж, ял тулгахаар шийдсэн бололтой. Хэрэв түүнийг Франциас амжилттай хулгайлсан бол аавтай нь адил цаазлах байсан биз. Гэхдээ Ханд аз таарлаа.

Хэдхэн хоногийн өмнө Францад болсон энэ үйл явдал одоогоос 11 жилийн өмнөх манай тагнуулынхны ажиллагааг эргэн санууллаа. Тэр үед Монголын тагнуулынхан Францын хөдөөгийн нэг хотод очоод танил хүүхнээр нь Д.Энхбатыг дуудуулж авчран цохиж унагаад хулгайлчихсан гэдэг. Ингээд түүнийг хэд хэдэн улсын хил гааль дамжуулан Монголд авчраад С.Зориг агсны хэрэгт гүтгэж, хилс хэрэг тулгасан байдаг. Эцэст нь Д.Энхбат амиа алдсан юм.

Энэ бол улс төрийн ашиг хонжоо хайх зорилгоор найруулсан жүжиг байлаа. Ц.Нямдорж, Н.Энхбаяр нарын сонгуульд ялахын тулд бодож олсон зохиомол хэрэг байв. Бүр тодруулбал АН-ын дарга М.Энхсайханд С.Зоригийн хэргийг тохож, ял үүрүүлээд намыг нь эзэнгүй, хүчгүй болгож сонгуульд дарж авах л тэдний төлөвлөгөө байсан гэдэг. Тухайн үед Ц.Нямдорж ч өөрөө “Даргагүй нам сонгуульд ялахыг харна аа” хэмээн хэлж байсан нь үүнийгээ баталсан гэлцдэг. Ямартай ч сонгуулийн дараа зохиомол байсан нь тодорхой болсон энэ хэргийн золионд гэм зэмгүй энгийн ард Д.Энхбат өртөж алтан амиараа хохирсон юм.

Үнэндээ талийгаач Д.Энхбатад саяын хойд Солонгосын залуу шиг аз таараагүй. Франц улс хойд Солонгосын тусгай албаныхныг барьсан шигээ тэр үед манай тагнуулынхны ажиллагааг зогсоосон бол өнөөдөр Д.Энхбат агсан амьд мэнд байх байлаа. Хэдийгээр тэр өөд болсон ч хэрэг хуучраагүй.

Үүнийг одоо санасан дээрээ шалгамаар байна. Ер нь ч ардчилсан хүчин ялж, төрийн толгойд гарсан байж хүний эрх зөрчиж асар том хэлмэгдүүлэлтэд өртүүлсэн энэ хэргийг яагаад шалгахгүй байгаа юм бол. Энэ бол зайлшгүй шалгах ёстой хэд хэдэн хэргийн нэг яах аргагүй мөн. Гэмгүй иргэдийнхээ амийг зольсон улс төрийн тоглоомыг дахин гаргуулахгүйн үүднээс заавал шалгах ёстой. Үүнийг Францад болсон хойд Солонгосын тагнуулынхны ажиллагаа бидэнд сануулаад өглөө.

М.УНДРАМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид чинь хүн болж таарлаа

Манай монголчууд мөн ч авьяастай, мөн ч их юм зохион бүтээдэг ард түмэн юмаа. Ийм юм хийчихлээ, тийм юм зохиочихлоо гэсэн мэдээ тасарна аа гэж үгүй.

Саяхан монгол инженерүүд моторыг нь ажиллуулж чадвал яваад байдаг автомашин зохиосон гэнэ. Цаашлаад нисгэж чадвал хөөрдөг онгоц, живэхгүй бол хөвдөг завь гээд юу эсийг туурвисан гэх вэ?

Ердөө өчигдөр уржигдархан л монголчууд Жи Пи Эс хэмээх навигацийн багажийг дуурайлган хийж чадсан тухай мэдээ интернэтийг чимэглэн дурайж байна.

Тэрний урд өдөр монгол хүний гараар хийсэн анхны түмпэн гарлаа, гадаад сав суулгад томоохон цохилт боллоо гэж зарлаад байсан.

Тэрний урьдын урьд өдөр бас зүгээр байгаагүй ээ, нүүрснээс гал гаргаж чадлаа ч гээд байл уу?

Сүүлийн арваад жил Монголын шинийг сэдээч нар халдаггүй мөртлөө утаа гаргадаггүй зуух хичнээн ч олныг хийв дээ. Үнэхээр гал түлэхгүй бол утаа гаргахгүй байсныг экспертүүд тэмдэглэсэн байсан шүү.

Эдийн засагчид эдийн засгийг хямралгүй удирдах арга олсон байна. Үнэхээр хямрал тохиолдохгүй л эдийн засаг хямрахгүй байгаа нь тэндээс ажиглагджээ.

Банкны мэргэжилтнүүдийн нээсэн “хэрэв инфляц тохиолдохгүй бол мөнгөний ханшийг унагаахгүй барьж болдог” туршлага байна. Мөн тэдний санаачилсан “мөнгийг зарахгүй бол тооны хувьд хорогдохгүй” тухай гаргалгаа ч ардын эдийн засгийн гол зарчим хэвээр байна.

Гэхдээ монголчуудын нээлтүүдэд ч чанарын өөрчлөлт гарчээ. Ромбу гаригтай уулзаж, лусын эзэдтэй танилцаж, хорвоогийн тайлагдашгүй нууцыг харж, газар хөдлөлтийг урьдчилан хэлэх гээд байхаа улам бүр болж байна.

Нарийн биш анзаарвал хүний хийсэн юмыг л дахин хийгээд байгаа юм шиг харагдаад байгаа биз. Харин нарийн анзаарвал тийм биш нь мэдэгдэнэ.

Нөгөө талаас бид нээлт хийх тусмаа өөрсдийгөө бурхан сахиус, үгүйдээ л хүний үүлдрийн онцгой ашиг шим бүхий хөх толбот омог энэ тэр биш гэдгийг таньж байна. Бид бусадтай л адилхан хувийн сонирхолтой, шуналтай. Асуудлыг юун түрүүнд хувьдаа ямар унац гарахыг танддаг. Авчихмаар дэл сул юм тааралдвал ер буцахгүй жирийн л нэг амьтан гэдгээ таньж байна. Энэ бүхэн бидний, шунаг сувьдаг амьтас, муу муухайн үүр гэхээсээ илүү энэхүү нүгэлт хорвоогийн нэгэн хэсэг болохыг харуулаад байна.

Бид утаа багасгах гэхээр утаа ашиглаад ямар ч бизнесийг тийш чиглэсэн утгатай болгож чадаж байна. Энэ бол хүний л хийж чадах шунал. Хурга барихаар гарсан чоно больчихоод байнга ишиг олоод байх арга нээгээд харьдаггүй. Ховдог нохой байхаас шуналтай нохой байдаггүй, цусанд дуртай ч гэсэн авлига авах, луйвар хийх чоно байдаггүй. Харин бид хүнтэй л адилхан шуналтай юм байна.

Хамгийн гол нээлт нь хүний асуудлыг шийдэхэд бус асуудлаар дамжуулан хувийнхаа амьжиргааг сайжруулах мэтийн шал өөр талын юм нээгээд явдаг гэдгийг олж харсанд байна. Утааг арилгахын тулд бус утааг удаан байлгаж, түүний далбаан доор мөнгө хөрөнгөө арвижуулаад авах боломжийг л бид олж хардаг. Утаа багасгах хүрээнд дээвэр туурга, дулаан оймс, хөл халаадаг улавч гээд юу эсийг сэтгэсэн гэх вэ? Энэ нь монголчууд муу муухай гэсэн үг биш, харин ч бид хүн төрөлхтний хүсэл шуналын нэг хэсэг гэсэн үг.

Хүн төрөлхтөн хүсэл шуналаа хэрхэн тогтоон барьдаг, хувь хувьсгалаа хослуулсан ямар менежмент байдаг, тэр бүгдийг дагахаас өөр замгүй юм байна гэдгийг л харуулж байгаа хэрэг.

Нээлт хийхийн хэрээр бид тэнгэрийн амьтан, газрын идтэн, бурханы онцгой бүтээл биш гэдгээ харж байна. Бид хүний хийж чадахыг л хийхээс биш хүн хийшгүйг бүтээх увидастан бус гэдгээ мэдэрч байна. Бидний хамгийн том нээлт бол зүгээр л “бид хүн юм байна” гэсэн дүгнэлтэд өдөр өдрөөр хүрч байгаа явдал. Бага юм биш ээ.

2010 оны 5 сарын 26

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бусдыг муулах гэж байгаа бол амаараа дүүрэн баас үмхэж байна гэж төсөөл

Гандан хийдэд хүн хүлээж суух завсар хуулан бичлэг хийв. Далай ламын “Ухамсар”-ын тухай сургаал хананд байсан нь анхаарал татах нь тэр. Бусдын мянган алдааг олж харснаас өөрийнхөө нэг гэмийг ухамсарлах нь танд ашигтай. Өрөөл бусдыг өөлж гоочиллоо гээд эв найрыг бусниулах хагарал зөрчлийг нэмэхээс цаашгүй. Тэрийг байгаагаар нь хүлээн ав. Бусдын тухай ярих гэвэл сайн сайхныг нь л ярьж бай. Хэн нэгнийг гутаан доромжлох гэвэл амаараа дүүрэн баас үмхэж байна гэж өөрийгөө төсөөл. Муу зуршлыг чинь таслах үр дүнтэй арга шүү. Дээрхийн гэгээн XIV Далай лам гэжээ. Далай лам ч бас хэзээ нэг цагт амаараа дүүрэн баасны тухай төсөөлж байсан ч байж мэдэх нь. Харин энгийн бид энэ зарчмыг мөрдөх бол таагүй төсөөллийг нэг бус удаа ургуулах хэрэгтэй болох вий. “Итгэл найдвар”-ын тухай өөр нэг хэсэг зөвлөгөөнд анхаарлаа хандуулахад илүүдэхгүй.

Хүний сэтгэлд мянга мянган итгэл найдварын цэг бий. Нэг нь унтарлаа гэхэд бүгд унтрах албагүй. Нэгээхэн бүтэлгүйтлээс болж амьдрах итгэлээ алдсан хүмүүстэй би цөөнгүй таарч байсан. Гэхдээ хүний амьдрал баялаг оюун санаа цаглашгүй гэдэгт би итгэдэг. Ганц найдвар дээр хамаг амьдралаа тавих нь харалган явдал. Хэрвээ тэр найдвар чинь нурвал бүх амьдрал чинь сүйрэхэд хүрнэ. Ийм осолтой байдалд өөрийгөө оруулах хэрэггүй гэнэ шүү. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд үр хүүхдэдээ эсвэл нөхөртөө хамаг найдвараа тавих нь нийтлэг дутагдал ч байж мэднэ. Ээж маань охиндоо их л найдвар тавьж байсан. Харин би хүссэнд нь хүрээгүй. Хүүхдүүдээ хүнээс илүү яваасай гэж би хүсдэггүй зүгээр л хүний дайтай амьдраасай гэж хүсч байна.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

“Монос”-ын ажилтнуудад ял оноосон байна

“Фенобарбитал” буюу люминал эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан гэх “Монос” эмийн сангийн ажилтнуудын хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ИЙшүүхэд шүүж эхэлсэн тухай мэдээлсэн.

Тодруулбал, нярай хүүхдүүдэд тус эмийг олгохдоо том хүний тунгаар олгосон “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноосон байна. Гэвч тэрээр жирэмсэн байгаа тул хорих ялыг хоёр жилээр хойшлуулжээ. Мөн “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсд нэг жилийн хорих ял өгч, ялыг тэнсэн болгосон байна.

Шүүх хуралд мөн тус эмэнд хордсон 16 нярайн эцэг эх, ар гэрийнхэн оролцсон бөгөөд эцэг, эхчүүд “Бидний хүүхдүүд эмэнд хордсоноос хойш байнга өвдөж, эмнэлэгт үзүүлж, хэвтэн эмчлүүлж байгаа. Цаашид ямар ч хүндрэл үүсэхийг хэлж мэдэхгүй тул айдастай амьдарч байгаа” хэмээн ярьжээ.

Categories
мэдээ улс-төр

НАТО-гийн төлөөлөгчид Монголд айлчилж байна

НАТО-той Монгол Улсын засгийн газар 2012 онд түншлэлийн гэрээ байгуулж байсан билээ. Энэ хүрээнд ШУА-тай НАТО-гийн “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ сарын 25-29-ны өдрүүдэд НАТО-гийн албаны төлөөлөгчид манай улсад НАТО-ийн төслийг хамтран хэрэгжүүлж буй хүрээлэн болон бусад хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар хүрэлцэн иржээ.

НАТО-ийн төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан өнөөдөр ШУА, Гео-экологийн хүрээлэнгээс НАТО-ийн Энхийн төлөө Шинжлэх Ухааны хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Нээлттэй өдөрлөгт НАТО-ийн албаны төлөөлөгчид, НАТО-ийн гишүүн орнуудын элчин сайдын яам, Гадаад Харилцаа Эдийн Засгийн Яам, ШУА-ийн хүрээлэнгүүд, Батлан хамгаалах яам, Байгаль орчны мэдээллийн төв, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 50 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн аж. НАТО-гоос манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн байна

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Арваннэгдүгээр сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарчээ.

Шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа бөгөөд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур,орчны хүрээлэнгээс онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын дулаарал онгоцны ачааг багасгахад нөлөөлнө

Дэлхийн цаг агаар дулаарч байгаагийн улмаас нисэх онгоц хөөрөхөд хүндрэлтэй болж, онгоцонд суух хүний тоо, ачааг яг тодорхой хэмжээгээр хязгаарлаж магадгүй тухай судалгаа шинжлэх ухааны “Science” сэтгүүлд нийтлэгджээ.

Агаарын температур нэмэгдэхээр агаарын нягтаршил сийрэгжиж, онгоцны далавчны өргөх хүчийг бууруулдаг аж. Үүний улмаас онгоц хурдаа авахад хүндрэлтэй болж, цаг агаар дулаан байхад онгоц хамгийн бага хурдаар хөөрөхдөө нисэх, буух зурваст илүү урт зам туулдаг гэнэ.

Гэхдээ нисэх, буух зурвасын талбай хангалттай урт байсан ч онгоцууд ачаагаа багасгах шаардлагатай болох ажээ.

Categories
мэдээ спорт

Японы холбоог гишүүнчлэлээсээ хасав

Японы сагсан бөмбөгийн холбоог сагсан бөмбөгийн олон улсын удирдах байгууллага гишүүнчлэлээсээ хаслаа. Учир нь улсынхаа хоёр лигийг өгсөн хугацаанд амжиж нэгтгээгүйн улмаас ийн хасагджээ.

Аравдугаар сарын эцэс гэхэд эрэгтэйчүүдийн хоёр лигээ нэгтгэхийг ЯСБХ-д Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИВА/ үүрэг болгосон байжээ.

Улсдаа сагсан бөмбөгийн бүрэн засаглалыг хангах чадваргүй байна гэж Японы холбоог ФИВА буруушаасан байна. Олон улсын ямар нэг байгууллага Японы спортын нэг ч байгууллагын эрхийг урьд нь ингэж хасч байгаагүй ажээ.

Categories
гадаад мэдээ

Уурхайн ослоор 24 хүн амиа алджээ

Хятадын Ляонин муж дахь нүүрсний уурхайд осол гарсны улмаас 24 уурхайчин амиа алдаж, 52 хүн бэртжээ.

Уурхайн эзний мэдэгдэж буйгаар, 1.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа уурхайд нуралт болж, гал гарчээ. Энэ үеэр уурхайн гүнд 89 хүн ажиллаж байсан аж. Аврах ажиллагаа дуусч, гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргээд байна.

Жилд хэдэн мянган уурхайчин амиа алддаг Хятадын уурхай дэлхийд хамгийн аюултайд тооцогддог. Үүний өмнө аравдугаар сарын 25-нд Урумч хотын ойролцоох нүүрсний уурхайд дэлбэрэлт болж 16 хүн амь насаа алдсан байна.