Categories
мэдээ нийгэм

Монголын 196 иргэн гадаадад гэмт хэрэгт холбогджээ

Энэ оны эхний найман сард хилийн чанадад манай улсын нийт 196 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газарт ирүүлжээ. Энэ хугацаанд БНХАУ-д 116, БНСУ-д 28, Турк-д 6, Хонконг-6, АНУ-д 13, ОХУ-д 6, Чех-д 4, Польшид  4, Сингапурт  5, Тайваньд 3, Унгарт  2, Австри, Англи, Франц Улсад тус бүр 1 иргэн саатуулагдсан байна.

Хэргийг төрлөөр нь авч үзвэл хулгай 102, хүний амь нас хохироосон 2, хориотой бараа хилээр нэвтрүүлэх, хил гаалийн журам зөрчсөн 22, визийн хугацаа хэтрүүлэн оршин суух журам зөрчсөн 22, биеэ үнэлсэн 10, танхайн хэрэг 16, хүчин 9, хар тамхи биедээ авч явсан, хэрэглэсэн 4, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 хэрэгт монголчууд сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байгаа аж.

Үүнээс гадна гадаадын 21 оронд 148 иргэн ял эдэлж байгаа бөгөөд тэдний 36 нь хар тамхи, 33 нь хулгай, 12 нь танхай, үлдэх 67 нь бусад хэргээр ял хорих ял эдэлж байна.  Харин ялтан шилжүүлэх гэрээний дагуу БНСУ-аас 2, Чех улсаас нэг иргэний үлдсэн хугацааны ялыг эх оронд нь эдлүүлэхээр шилжүүлэн авчирчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЦЕГ-ын шинэ дарга С.Баатаржав анхны тушаалаараа Х.Тэмүүжингийн эсрэг хөдөлсөн хурандаа нарыг шалгах үүрэг өгчээ

ЦЕГ-ын шинэхэн дарга тэргүүн комиссар С.Баатаржав анхныхаа тушаалыг гаргалаа. Өнгөрсөн пүрэв гаригт Засгийн газрын хуралдаанаар томилогдож, баасан гаригт тэргүүн комиссар цол авсан С.Баатаржав ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрыг хуралдуулав. Ингэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн эсрэг хөдөлсөн гэх хурандаа болон зарим газар хэлтсийн дарга нарыг шалгах асуудлыг ярилцсан байна. Улмаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдлын хэлтэст хурандаа нарыг шалгах үүрэг даалгавар өгчээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын дарга Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, УМБГ-ын дарга Ц.Батсүх, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх нарыг шалгаж эхэлсэн аж. 

Тэрээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбогдсон  Г.Сарангэрэлийг дээрх хурандаа нар зориуд хөдөлгөсөн хэмээн үзэж байгаа бололтой. 

Categories
мэдээ нийгэм

Болгарын Благоевград мужид суух өргөмжит Консулын газрын нээлтийн үйл ажиллагаа болов

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсын Благоевград мужид суух Өргөмжит консулын газрын нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Софи хотноо болов. Тус мужид суух Өргөмжит консулаар Эдийн засгийн ухааны доктор, БАЛКАН Консалт компанийн тэргүүн Пенчо Иванкин томилогдсон юм. 

Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Л.Дүгэржав, Гадаад харилцааны яамны Ази, Австрали, Номхон далайн газрын захирал Ангел Обецов, Өргөмжит консул Пенчо Иванкин нар үг хэлж, Өргөмжит консулд түүний патент, тамга зэрэг шаардлагатай материалуудыг гардуулан өгч, ажлын өндөр амжилт хүсэв.

Өргөмжит консул Пенчо Иванкин нь Болгар Улсын Благоевград мужид ажиллах Монгол Улсын анхны Өргөмжит консул бөгөөд тэр бээр тус мужид ажиллаж, амьдарч, сурч буй Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Монгол-Болгар хоорондын  бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсыг Болгар Улсад сурталчлах ажилд  өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахаа  илэрхийлэв.

Өргөмжит консулын газрын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Болгар Улсад суугаа Элчин сайд Л.Дүгэржав, Зөвлөх Д.Ганболд, Гуравдугаар нарийн бичгийн дарга А.Амартүвшин, Болгар Улсын Гадаад харилцааны яамны Ази, Австрали, Номхон далайн газрын захирал Ангел Обецов, тус газрын Зүүн өмнөд азийн хэлтсийн дарга Краснодар Колев, Өргөмжит консул Пенчо Иванкин болон Болгар Улсын төр, засгийн байгууллагын холбогдох албаны хүмүүс, бизнесийн салбарын төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.

Categories
мэдээ улс-төр

Их хурлын дарга сонгосон мэргэжилдээ эзэн байхыг хүслээ

Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд өнөөдөр 9 цагт Барилгын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тэрбээр нээлтэд оролцохдоо “Аливаа улсын хөгжлийг аж үйлдвэргүйгээр төсөөлөхийн аргагүй, чадварлаг технологийн ажилчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймээс Монгол Улс ч дэлхийн хөгжлийн өрсөлдөөн дунд өөрийн байр суурийг эзлэхийн тулд технологийн салбарын ажилчин, ажилтнуудынхаа өөрөөр хэлбэл та бүхний боловсрол онцгой анхаарах шаардлагатай. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага технологийн чиглэлээр мэргэшиж байгаа залуус та бүхэнд оногдож байгаа. Манай улс 1980-аад онд нэг жилд 40-50 мянган метр квадрат барилга ашиглалтад оруулахаас хэтэрдэггүй байсан бол 2013 онд энэ тоо нэг сая метр квадрат талбай хүрсэн. Оюутан залуус та бүхэн суралцах хугацаандаа зөвхөн технологийн мэргэшил, дадлагатай болох төдийгүй ажил хөдөлмөрийн чанд сахилга бат, өндөр ухамсартай иргэн хүн болж төлөвшихийг УИХ-ын даргын хувьд, эцэг хүний хувьд, бас инженер хүний хувьд зөвлөе. Сонгосон мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмшиж Монголын ирээдүйг бүтээн босгох хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэхийг эрхэм дүү нартаа хүсье” гэсэн юм. Харин тус сургуулийн захирал П.Нарандалай шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэн нийт оюутнууддаа сурлагын амжилт хүслээ. Энэ өдөр шинээр оюутны ширээнд сууж буй Н.Батмаа мөнгөн хонхыг цохисноор шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ. Түүний дараа Их хурлын дарга З.Энхболд тус сургуулийн Токарийн дадлагын газарт зочилон оюутнуудын хийж буй ажилтай танилцсан юм. 

Э.ЭНХ

Categories
мэдээ спорт

Чөлөөтийнхөн өнөөдөр Ташкентийг зорино

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн эрэгтэй 44 дэх, эмэгтэй 25 дахь удаагийн тэмцээн энэ сарын 8-14-ний өдрүүдэд Узбек Улсын нийслэл Ташкент хотын “Gymnastics Palace” спортын цогцолборт болно. Энэхүү тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордох гэж байна.

Баг тамирчдыг МЧБХ-ы тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумьяабазар ахлан оролцохоор болсон. Тэмцээний 61 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 65 кг-д МУГТ Г.Мандахнаран, 70 кг-д ОУХМ Б.Анхбаяр нар хүч сорино. Мөн  74 кг-ын жингийн ангилалд ОУХМ П.Өнөрбат, 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер, 125 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат нар барилдана. Эрэгтэй багийн дасгалжуулагчаар МУГТ Ц.Цогтбаяр Б.Баяраа, МУГТ О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар оролцоно.

Харин эмэгтэй багийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ ахална. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн ангилалд ОУХМ Э.Нарангэрэл, 51 кг-д Э.Сумьяа, 55 кг-д ОУХМ А.Батцэцэг, 58 кг-д МУГТ Т.Мөнхтуяа, 60 кг-д ОУХМ С.Цэрэнчимэд нар хурд хүч, уран мэхээ уралдуулахаар болжээ. Түүнчлэн 63 кг-д МУГТ С.Батцэцэг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Одончимэг, 75 кг-д  МУГТ О.Бурмаа нар хүч үзнэ. Эмэгтэй үндэсний  шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар дасгалжуулна.

Categories
мэдээ цаг-үе

Хүний зовлонт хорвоог чонын зоригоор туулсан найрагч

Монголын яруу найргийн их ертөнцөд

“Өндөгний минь хээ

Өөрчлөгдөшгүй

Хурууны минь хээ

Хувиршгүй

Алганы минь хээ

Арилшгүй

Миний хээ

Минийх…” хэмээн өөрийн өвөрмөц сэтгэлгээний шүлгүүдээ
уянгалуулан орж ирсэн Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж Хэнтий
аймгийн Батширээт сумын нутаг Бүрхийн төгөл хэмээх газар 1934 оны аравдугаар сарын
12-нд айлын ууган  хүү болон мэндэлжээ. Нутгийн
зон олон Н.Нямдорж найрагч болон түүний эцэг Ч.Нямбуу баавайн тухай ч олон сайхан
дурсамж хүүрнэдэг. Найрагчийн өөрийн гараар бичсэн гурван үеийн намтраас толилуулахад
эцэг Ч.Нямбуу болон өвөг эцэг Цэрэнгийн Чойдог нар нь тухайн үеийн ЗХУ-ын Буриадын
АССР-ын Ярууна нутгийн хүмүүс байжээ. Өвөг эцэг Цэрэнгийн Чойдог нь Шоохон овогтой
Жигжидийн хоёрдугаар хүү ажээ. Түүнийг зургаан настайд нь авга ах Цэрэн нь үрчилж
авчээ. Ц.Чойдог нутгийн охин Балдангийн Сэживтэй гэр бүл болж хоёр хүү, нэг охин
төрүүлж өсгөсөн байна. Тэднийх Ярууна нутагтаа мал маллан амьдарч байгаад 1926 онд
Ульхан харуулын нутгаар Монгол нутагт нүүдэллэн ирж, улмаар Хэнтий аймгийн Биндэр
суманд суурьшжээ.

Найрагчийн эцэг Ч.Нямбуу 1915 онд ЗХУ-ын Буриадын АССР-ын Ярууна
нутагт төржээ. 1930 онд Онон голын хошууны түр сургуульд суралцаж төгсөөд нутагтаа
агентийн туслах, ХЗЭ-ийн ухуулагч зэрэг ажлуудыг хашиж байсан гэдэг. Тэрээр нутгийн
бүсгүй Намдангийн Дулмаатай ханилж хоёр хүү төрүүлсэн байна. Айл болж, шинэхэн гэрийнхээ
өрхийг татаад байсан залуу хос анхны үрийнхээ зулайг үнэрлэн хязгааргүй баярлажээ.
Аав ээждээ баяр бэлэглэн ирсэн тэр хөвүүн нь хожмоо нэрт яруу найрагч болон алдарших
хувьтай байв.

Арван хоёр нас хүртлээ өвөг эцэг Чойдог, эмэг эх Сэжив нарын хайр
халамжид өлгийдүүлж өссөн Нямдорж хөвүүн Онон хатан ээжийнхээ хөвөөнд хурга ишигтэй
хөөцөлдөн ахуй үедээ

“Цалгих долгио таслаагүй

Өргөн Ононой урсгал

Цагийн уртад замхраагүй

Өнө холын дуртхал

Хашин харын хатирсан

Хаа эртний харгуй

Хаврын эхээр дэлгэрсэн

Хавтай цэнхэр яргуй

Ураг садан өвгөдийн

Омог алдарт өлгий

Урьдаас надад тавилантай

Онон хатан эжий” гэсэн яруухан уянгыг сэтгэлдээ хөглөж явсан
нь хожим уугууль Батширээт сумын төвд өөрийнх нь нэрэмжит сургуулийн үүдэнд гэрэлт
хөшөө болон сүндэрлэсэн билээ. “Ононгийн тухай ярихад Н.Нямдорж санагдаж, Н.Нямдоржийн
тухай ярихад Онон гол санаанд буудаг” хэмээн төрийн шагналт яруу найрагч, ардын
уран зохиолч Д.Цоодол бичсэн нь бий. Хожмын их найрагч маань  1944 онд Хэнтий аймгийн Биндэр сумын бага сургуулийн
босгыг алхаж билэг танхай найрагч Ринчиний Чойномтой нэг ангид тохой нийлүүлэн сууж,
эрдмийн моринд дөрөөлцгөөжээ. Эрдмийн моринд дөрөөлөхөөс гадна эрийн ёсоор нөхөрлөж
яв­сан гэнэм. Энэ тухай Чойном найрагч “Буриад” найраглалдаа

“…Дайны талбарт нэг нэгнээ үүрэх

Дайчны ёсоор тэр бидэн хоёр

Ярайсан шүлгэн сумаа бүсэлж

Яруу найргийн талбарт гарсан юм.

“Натгархан жаахан Сэмжүүхэйд минь

Зуун зүрх тэмүүлээ юм биз

Найзаас минь хойш

Ерөн ес нь шархлах юм биз” гэж

Хэнтийн дунд сургуулийн

Хээгүй найз минь хэлсэн сэн.

Заяаныхаа оргилыг байлдан эзлэх

Замаа тэндээс эхэлсэн сэн” гэж тодорхой дурдан бичсэн байдаг.
Нямдорж Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын дунд сургуульд суралцаж, зургадугаар
ангиасаа Улаанбаатар хот руу шилжин, нийслэлийн тавдугаар сургуулийг төгссөн байна.
Дунд сургуулиа төгсөөд 1957 онд тухайн үеийн ЗХУ-ын нийслэл Москва  хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд
сургуульд элсчээ. Чухам л энд сурч байхдаа яруу найргийн “Үүлэн бор” хэмээх анхны
номоо 1959 онд хэвлүүлсэн нь цагаан шүлгээр үерлэж асан Монголын утга зохиолд уянгын
яруу найргийн давалгаа цалиглуулсан гэж өнөө ч судлаач шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг.
Уянгын яруу найргийн хаан, дорнын их найрагч Бэгзийн Явуухулан “Би уянга гээч юмыг
Н.Нямдоржоос л сурсан” гэж ярих дуртай байсан нь үүний тод жишээ юм.

Утга зохиолын дээд сургуулийг төгсч ирээд “Хөдөлмөр” сонинд утга
зохиолын ажилтан, Өмнөговь аймагт мэргэжлийн зохиолч, Ардын боловсролын яамны хэвлэлийн
хэлтэст хэвлэлийн редактор зэрэг алба хашиж байхдаа бичсэн

“Энэ Өрнө биш. Дорно

Эрдэм соёлтой эртний их Дорно

Зуу зуун жил барууныхан шунаж

Зуур замдаа акулд бариулж явж

Тэмүүлэн зүтгэдэг байсан

Тэр сайхан Дорно!

Дорно дахинд соёлыг түгээх нэртэй

Дотно царайлагч Англичууд

Хамаг баялгийг нь тонон зөөж байсан

Харь Голландын онгоцныхон

Завхайран согтуурч тэнэгээр доромжлогчдын

Зарц нь болж гутлыг нь цэвэрлэж суусан ч

Сэтгэл ахуйгаар нөлөөлөгдөн тэдэнд автаагүй

Цэвэр үлдсэн өвөрмөц сайхан Дорно!

Өрнө Дорноо хөгжлөөр хол хаясан ч

Өндөр их урлагт нь өнөө ч хүртэл хавьтаагүй

Өрнөдөд өөрөө сүжиг ч үгүй, шүтээ ч үгүй

Өөрөө бүтэн биеэ даасан Дорно

Энэ эртний их Дорно

Энэ энэрэнгүй их Будда

Энэ манхайн цайх үүр

Энэ мандан гарах нар

Энэ Дорно!”  шүлэг,
“Бурхан Будда шүтээнтэй буурал ээж минь хөөрхий” хэмээх шүлгийнхээ мөрүүдээс буруутан
үзэл суртлын харгис цагдаа нарын чанд хараа хяналтад орон хэлмэгдсэн нь туйлын гунигтай.
Ингэж тэр хувь заяаны ээдрээт замд бэдрэхдээ Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо
суманд багш, Сүхбаатар  аймгийн “Сүхбаатарын
зам” сонинд сурвалжлагч, Эрдэнэт хотын хивсний үйлдвэрт мастер зэрэг ажлыг хашиж
явсан байна. Энэ талаар найрагчийн гарын шавь, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч
Ломбын Нямаа “Тэр хувь хүнийхээ хувьд номхон дөлгөөн, хорхойд хоргүй хүн байсан.
Харин шүлэг зохиол нь догшин, халгиа цалгиатай хүн байсан учраас хойно сургууль
төгсөж ирснээсээ хойш, ардчилалтай золгох цагаан морин жил хүртэл насаараа үйлээ
үзсэн. Энэ жинхэнэ яруу найрагчийн тавилан. Гутлын үйлдвэрт эсгий, ноос үүрэгч,
Эрдэнэтэд манаач хүртэл хийж байсан” хэмээн дурссан байдаг. Ямар ч ажил эрхэлсэн
тэрээр яруу найраг гэдэг яс махны хөдөлмөртөө үнэнч байв. “Зовлон бол сэцэн хүний
багш” гэсэн үг байдагчлан Н.Нямдорж ардынхаа бор амьдрал, дэлхийн сонгодог найргаар
алс харгуйн газарч хийж онгод билгийн оргил өөд мацсан чин зоригтон билээ. Анхил
залуу насандаа нутгийн бүсгүй Дуламхандтай гэрлэж долоон хүүхэд төрүүлж өсгөсөн
өнөр бүлийн тэргүүн тэрээр ханьдаа зориулж

“Миний хань нар сар биш

Мэдээж цэцэг навч ч биш

Хайлган цайлган долоон үрсийн эх

Хайрлаад хайрлаад хариулж боломгүй ач.

Хөөрхий хань минь зовлон их үзсэн дээ

Хөөрхөн хэдэн үрсийнхээ сэтгэлийн өд ургуулсан даа

Боломж муутай надтай болон бүтэн амьдрах гэж

Бор зүрхний минь чулууг хайрын илчээр хайлуулах гэж

Амьдралын тэнцвэр алдсан ханиа хань шиг байлгах гэж

Ариун цайлган сэтгэлээр эрийн заяа түшсэн

Цагаа болоогүйд бууралтсан

Цал буурал хань минь

Үндэст мод найгана аа найгана, итгэ, итгэ.

Өдөт шувуу жиргэнэ ээ жиргэнэ, итгэ, итгэ.

Үрт хүн жаргана аа жаргана, иргэ, итгэ” гэж сүслэн залбирч,
амьдралын зовлонт үеэ хамтдаа туулсан нь бахархалтай, бас гунигтай. 

Хэлмэгдэн цөлөгдсөн хатуу бэрх аж төрөл дунд тэрээр чонын зоригоор
хатуужин амьдрахдаа бүтээн туурвихуйн их онгодоор яруу найргийн арван дөрвөн ном
хэвлүүлж, 1992 онд шилдэг шүлгүүдээрээ Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн юм. Жинхэнэ
яруу найрагчийн амьдралаар амьдарч, уран бүтээлчийн зовлон, жаргалыг эдэлж явсан
энэ найрагчийн шүлгүүд Монголын яруу найргийн далайд нэгэн том цутгалан болсон гэдэгтэй
хэн ч маргахгүй. Тэрээр 1996 оны өвөл тэнгэр зүг одсон юм.

“Онон мөрөн Монголын их мөрөн. Онон үгүй бол дэлхийн их усны ай сав
хуруу дундрах байсан. Түүн лүгээ адил Н.Нямдоржийн яруу найраггүй бол Монголын яруу
найргийн мөрөн алд дэлэм дундрах байлаа” хэмээн түүний уран бүтээлийг үнэлсэн байдаг.
Түүний номуудын нэр нь ч гэсэн нутаг устай нь холбоотой. “Онон хатан ижий”, “Онон”,
“Хөвч”, “Сайхан булаг”, “Төгөл”, “Дэлүүн болдог” гээд л. Есдүгээр ангид байхдаа
анхны шүлгээ тэрлэсэн гэдэг.

“Онцын хөөрхөн хүүхэн гэдэг

Зүрхний их хулгайч юм

Олон эрсийг шаналгах

Сэтгэлийн тулааны талбар юм.

Энгүй сайхан түүнд

Зуун зүрх тэмүүлж

Эцэс  хойно нь болоход

Ерэн ес нь шархалдаг юм” хэмээсэн тэрхүү шүлгээрээ Монголын
яруу найрагт нэгэн авьяас билэгтэн Ононы урсгал мэт хүч түрэн орж ирж байгаагаа
тунхаглан зарлажээ. Тийм ч учраас Чойном анд нь Н.Нямдоржийн авьяасыг анх таньж,
хэн хэндээ урам хайрлаж явсан нь ойлгомжтой. “Үзэл бодлоосоо болж амьдралаараа хохирсон
хүн” гэж хэлэгдсэн ч энэ тэнгэрлиг найрагч “Чоно голын чоно” шүлэгтээ

“Үхэлтэй бүр дүйж очихоор

Үхэлтэй бүр дайж очихоор

Тэвчимгүй хатуу амьдрал

Тэнэмэл чононд заяасан ч

Тэр хахир ширүүн амьдралтай

Тэмцэн тэнцэн аж төрөх

Тэнгэрлиг золбоо бас бий” гэж бичсэнчлэн чонон нийгэмд хүн
чанараа хадгалж, чонын зоригтой найрагчийн тавилангаар амьдарсан хувь заяа зөвхөн
түүнд харьяалагдах бүлгээ. Тиймээс ч сод билгүүн яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн
наян насны ойд зориулсан “Онон хатан эжий” яруу найргийн баяр ирэх сарын есний өдөр
төрөлх Батширээт суманд болохоор товлогдоод байгаа аж.

“Тэр бол Явуухулангаас хойших амьд байгаа хамгийн том яруу найрагч.
Явуухулан ч амьд сэрүүндээ үүнийг хүлээн зөвшөөрдөг байсан” гэж төрийн шагналт,
ардын уран зохиолч С.Эрдэнэ хэлсэн
байдаг юм.

ЯВЛАА ДАА…

Явлаа даа…
            явлаа даа…
                       явлаа даа…
Яагаад ч сэтгэл минь тогтохгvй нь
Унасан нутгийнхаа хавартай
Учрахаас нааш болохгvй нь
Нарлаг сайхан нутаг минь
Намайгаа гэнэт дурсав уу
Єегшин дассан газраа би
Єєрийн эрхгvй vгvйлэв vv
Яагаад ч сэтгэл минь тогтохгvй нь
Явлаа даа…
            явлаа даа…
                       явлаа даа…
Буцлаа даа…
             Буцлаа даа…
                           Буцлаа даа…
Бухимдсан сэтгэл минь тогтохгvй нь
Бууралхан ээжийнхээ дугараанаас
Булхаж л гарахгvй бол болохгvй нь
Сэтгэлээр сайхан ээжий минь
Сэмхэн намайг дурсав уу.
Уулаас санах ээжийгээ би
Ухаандаа гэнэт vгvйлэв vv.
Бухимдсан сэтгэл минь тогтохгvй нь.
Буцлаа даа…
             Буцлаа даа…
                          Буцлаа даа…
Харилаа даа…
                Харилаа даа…
                               Харилаа даа…
Хайрхан сэтгэл минь тогтохгvй нь
Халуухан насныхаа амрагтай
Харалцахаас нааш амрахгvй нь
Гэнэхэн насны минь дурлал
Гэнэтхэн намайгаа дурсав уу
Арванхан хэднийхээ дурлалыг
Алагхан зvрх минь vгvйлэв vv.
Алагхан зvрх минь
Хайрхан сэтгэл минь тогтохгvй нь
Харилаа даа…
               Харилаа даа…
                               Харилаа даа…

МИНИЙ АРД ТYМЭН

Босгоны ёроолд
Боол мэт
Бохирч суухаа больж,
Хаалганы аманд
Харц гэгдэж
Хавсарч суухаа байж
Хувьсгалаар хувьсаж
Хувь заяандаа эх орондоо
Дархан эрхт эзэн болон
Дархлагдсан миний ард тvмэн!

Мєнгєн цагаан гэрийнхээ
Мєєгєн хvрээ шиг зайд
Цэцэн цэлмэг ухаанаар
Цэвэр тунгалаг сэтгэлээр
Дундгvй дvvрэн
Дутмаггvй хангалуун
Ахиухан хийж
Арвихан авч
Амьдралаан тєгс утгаар нь
Авч явах боллоо.
Хvvхэд бvхэн маань сургуульд,
Хєгшид бvхэн маань тэтгэмжинд
Нам тєр маань ард иргэдээ
Нар шиг халуун ивээж байна.
Хайр ихт тєрийнхєє
Халамж хvртээгvй хvн vгvй.
Энх энэ засгийнхаа
Энэрэлд ивээгдээгvй зон vгvй.
Хvн бvхний
Хvсэл сэтгэл
Хvчтэй болж
Хvндтэй болж
Ард бvгдийн
Ажил vйлс
Ахицтай болж
Алдартай болж
Ажилласан бvхэн
Ахуй цагийнхаа бахархал баатар
Олныхоо омгорхол болон яригдаж
Олныхоо сvр болон дуулагдаж байна.
Эд нар цєм
Их нэр тєрийг
Хулгайлж олоогvй
Худалдаж аваагvй
Хуйвалдаж гараагvй
Энгvvн их зvтгэлээрээ
Илvv тод ялгарсан юм.
Ажилласан бvхэн
Ахуй цагийнхаа бахархал баатар болон
Нvvр бардам алхалж
Нvд дvvрэн харагдаж
Сэтгэл дvvрэн санагдана.
Хэлсэндээ ч эзэн
Хийсэндээ ч эзэн
Хариуцсандаа ч эзэн
Хаа ч эзэн болж
Яавал хєлсєє, хvчээ гаргаж
Яавал ихийг бvтээх вэ гэсэн
Яруухан омог санаа хvн бvхний
Яс маханд хадаастай бий.
Миний ард тvмэн
Ийм л улс
Миний эх орон
Ийм л иргэдтэй орон.
Ажлыг алдаршуулсан
Ажилчин бvгдийг алдаршуулсан
Алдар гавьяаны их зуун
Агуу их vе минь мандтугай.

ИРЭЭДYЙ

1.
Ирээдvй – энэ цохигдоогvй туйпуу
Ирээдvй – энэ засагдаагvй чулуу
Ирээдvй – энэ нээгдээгvй уурхай
Ирээдvй – энэ vндэслээгvй хот
Ирээдvй – зуун зуунаар цуварч
Ирээдvй – миний урд байна
энэнийг би барьж босгоно
Ирээдvй – хvvгий минь урд байна
тэрнийг хvv минь барьж босгоно.
Ирээдvй – ач гуч нарын минь гарт байна.
Тvvнийг ач гуч нар маань барьж босгоно.
Хvн нийгмийн тэмvvлэлт хєгжил
Хvрч очих туйлын сайханд
Аж тєрєх хязгааргvй азтай
Алс зууны цуут иргэн танд
Атаархнам баярланам.

Огт санаанд оромгvй
Ой ухаанд багтамгvй
Гайхамшигт дэвшилт давшилт
Ганцхан – хvний цуут ухаанаар
Гал мэт илчит гараар бvтэх бvхнийг
Тєрєєгvй ач нарын гарыг
Тэдний vр саданы гарыг
Санан санан хvлээнэ
Саатан саатан хvлээнэ.
Yелэн цуврах зуун зуун жилvvдэд
Yнэтэй дуун, яруухан дуун болон
Санаагаар биш хvний гараар бvтэх
Сайхан ирээдvй єєд
Омголуун хєлєг шиг дугтран тэмvvлнэм
Оргилсон булаг шиг халгилан тэмvvлнэм
Оволзсон зvрх шиг догдлон тэмvvлнэм
Єтлєх гэгчийг мэдэлгvйгээр
Yхэл гэгчийг vзэлгvйгээр
Ухаант нийгэмтэйгээ цуг
Улиран мєнхрєхийг хvснэм.

2.
Зvvн нь vгvй бол баруун нь vгvй
Зvрх нь vгvй бол судас vгvй
Yр нь vгvй бол удам нь vгvй
Цагийн явц цаашлах хууль ийм билээ
Ирээдvй – энэ євгєрч яваа та
Ирээдvй – энэ єсєж яваа би
Ирээдvй – энэ анхны бэрийн гал
Ирээдvй – энэ єлгийн уян дуу
Ирээдvй – энэ шинэ нээгдэх сургууль
Ирээдvй – бидний байгуулж буй нийгэм
Барьж байгаа барилга
Бас нэмж босгох бvхэн
Ингээд босоход ирээдvй гэдэг маань
Их л наанаас эхэлнэ.
Харцны минь доорхиноос
Хамрын минь vзvvрхнээс
Харгилан урсах шиг
Хавтгайран єргєжих шиг…
Єдєр єдрийн явцуу хvрээнд эргэж
Єнє холын их хэргээ мартвал
Єнєр орны иргэн болж тєрсєн
Єндєр алдар минь унах нь тэр…

3.
Улс хєгжнєє гэж сайхан юм
Урьдын бvхнээ мартаж
Зоогоо vvрд тэнийлгэх юм.
Нусгай банди явсан
Нуруугаа зодуулж байсан
Євгєд єнєє vлгэр адил
Єнгєрсєн цаг харуулна.
Зовхи нь буусан
Зол нь буурсан
Хуучин vеийн
Хєх Монголыг
Эндээс
Эрэгт далайгаас алс тєв Азиас
Эрээд дэмий. Цагийн гарз.
Энэ нь Монгол улс сєнєсєн ч гэсэн vг биш
Эх орноо хаяад нvvсэн ч гэсэн vг биш
Тэмдэг ч vгvй болтлоо хєгжлєє гэсэн vг
Эрин цагийн
Иргэн бид
Хийх гэснээ хийж
Хэлэх гэснээ хэлж
Хvслийн уртад боогдохгvй болжээ.
Хvний доор орохгvй болжээ.


Л.БАТЦЭНГЭЛ  

Categories
мэдээ цаг-үе

З.Батбаяр: Хуулийг улс төрийн хэлмэгдүүлэлт болгож ашиглахаа зогсоохгүй бол 1937 он давтагдаж эхэллээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар тус намын нарийн бичгийн дарга
З.Батбаяртай ярилцлаа.

-Танай
намаар сонин сайхан юу байна. Дарга чинь хэзээ Монголд ирэх вэ?

-МАХН-ын үйл ажиллагаа хэвийн явж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын
хувьд биеэ эмчлүүлэх, сувилуулах шаардлагатай байгаа. Энэ хүрээнд БНСУ-д эмчлүүлж
байна.  Яг одоо  манай нам УИХ-ын намрын чуулганы өмнө, 2012 оны
УИХ-ын сонгуульд оролцохын тулд амлаж байсан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх цаг хугацааны
дунд үед ирж байгаа тул  бүсүүдийн  чуулган зохион байгуулж байна. Төвийн, хангайн,
баруун бүсийн чуулган  саяхан боллоо. Би уржигдар
хангайн бүсийн чуулганаас   ирлээ. Ерөнхийдөө
орон нутгийн намын байгууллагынхаа үйл ажиллагаа, иргэдийн санаа бодол,  өнөөгийн УИХ, Засгийн газрын явуулж буй бодлого
тэр дундаа манай намын бүлэг, МАХН-аас Засгийн газрын бүрэлдэхүүнд оролцсон гишүүдийн
ажил ямар байна. Цаашдаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд ямар ажлыг эрчимжүүлэх
шаардлагатай байна гэдэг талаараа гишүүд дэмжигчидтэйгээ ярилцаад ирлээ.

-МАХН-ынхан
Н.Энхбаяр даргатайгаа холбоотой байгаа байх. Сүүлийн үед Н.Энхбаярт эрүүгийн хэрэг
үүсгэлээ гэх мэтээр янз бүрийн мэдээлэл  гарах
болж. Энэ талаар байр суурийг тань сонсох гэсэн юм?

-Н.Энхбаяр даргатай өдөр тутмын биш гэхэд  байнгын холбоотой байгаа.  Сүүлийн үед манай намын даргатай холбоотойгоор
МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэлээ эсвэл сэжигтнээр тогтоолоо гэх
мэтээр мэдээлэл гарч байна. Үүнийг бид хоёр янзаар харж байгаа. Нэгдүгээрт нь
1937 оноос эхэлсэн тэр улс төрийн их хэлмэгдүүлэлт Монгол Улсад дуусаагүй үргэлжилж
байна. Хэлмэгдүүлэлтийн шинэ үе Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт тулгаснаар үргэлжилж  байна гэж 
харж байна. Хоёрдугаарт худал зүйлийг олон удаа ярих юм бол үнэн болгож харагдуулдаг
юм байна гэдгийг орчин үеийн хэлмэгдүүлэлтийг хар PR-аар  хийж  байн
байн хэвлэлээр гаргаж  тавьдаг болж. Өмнө
нь Монголын төрд зүтгэж явсан энэ хүнийг яаж хорьж, ямар болгосон байлаа. Үүнийг
монголчууд харж байсан, халаглаж байсан. Дахин хэрэгт буруутгах гэж оролдож байна.

-Та
нар албан ёсоор МАХН-ын даргад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээллийг авсан уу?

-Ийм хэрэгт ингэж шалгаад эрүүгийн хэрэг үүсгэлээ гэдэг мэдээллийг
бид албан ёсоор аваагүй. МАХН-ын удирдлагуудад албан ёсоор мэдэгдсэн зүйл ч байхгүй.

-Н.Энхбаяр
даргатай холбоотой байгаа гэсэн. Тэгэхээр Н.Энхбаяр Монголд юу болж өөрийнх нь талаар
ямар мэдээлэл явж байгааг мэдэх байх. Энэ асуудалд өөрөө ямар байр сууринаас хандаж
байгаа бол?

-Н.Энхбаяр даргын нэг хэлсэн үг бий. “Би айхгүй. Бид нар айхгүй.
Хэрвээ  бид айгаад эхлэх юм бол энэ нь айлгахыг
хүсч байгаа, ард түмнийг баялгийг гартаа 
оруулахыг  хүсч байгаа,  тэр хүмүүс хожих болноо” гэж хэлж байсан. Тэр
байр суурин дээрээ одоо ч хэвээрээ байгаа. Ямар нэгэн байдлаар айж ичих юм уу эсвэл
урдаа тавьсан зорилгоосоо  няцах зүйл огт
байхгүй. Эцсийн эцэст үнэн ялна гэсэн байр сууринаас бүх асуудалд дарга хандаж байгаа.
Одоогийн энэ мэт хэвлэлээр гарч байгаа асуудлыг тайвнаар хүлээж авч байгаа байх.
Харин манай намын гишүүд дэмжигчид Н.Энхбаяр даргыг бус намын удирдах албан тушаалтан
биднийг хэтэрхий тайвнаар  асуудлыг хүлээж
авч байна. Ингэж  болохгүй. МАХН нэрээ дахин
сэргээж авсных МАХН энэ хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох ёстой байсан. Таслан зогсоох
үйл ажиллагаанд төдийлөн идэвхтэй хандахгүй байна гэж шүүмжилж байна. Энэ шүүмжлэлийг
ч бид хүлээж авч байгаа.

-Шүүмжлэлийг
хүлээж авч байгаа юм бол ямар нэгэн арга хэмжээ авна гэсэн үг үү?

-Тухайн  хэрэгт холбогдож буй
хүн нь улс төрийн шалтгаанаар өөрийгөө гэж хэлэх болсон хэргүүд сүүлийн үед шил
даран гарах боллоо. Ерөөсөө Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэдэг
хүнээс эхлүүлээд УИХ-ын гишүүн байсан хэдэн хүн аавын хаалга татав. Хэдэн хүнд эрүүгийн
хэрэг үүсгэж шалгав гээд үзэх юм бол хэлмэгдүүлэлтийн цоо шинэ давалгаа үүсчихжээ
гэдгийг харж болохоор байгаа юм. Тэр хэлмэгдүүлэлтүүдийг аваад үзэх юм бол  гуравхан зүйл ангиар буруутган шалгасан байдаг.
Эрүүгийн хуулийн 148 буюу бусдын эд хөрөнгийг 
завшсан, 150 буюу өөрийн хариуцсан эд хөрөнгийг завшсан, 263 буюу албан тушаалын
байдлаа урвуулан ашигласан.

 Хүн болгон адилгүй хүлэг болгон
жороогүй гэгчээр хүн бүр адилхан зүйл ангиар зүйлчлэгдэнэ гэдэг бас л нөгөө хэлмэгдүүлэлт
байна гэдгийг харуулж байгаа хэрэг. 1937 онд бол ганцхан Маршалын тушаалаар хэнийг
ч баривчилж болно гэдэгтэй адилхан, агаар нэг сонсогдож байна. Тийм учраас энэ шинэ
хэлмэгдүүлэлтийг бид таслан зогсоох Монгол Улсын төр засгийн эрхийг барих эрхийг
зөвхөн ардчиллын зарчим, шударга ёсонд нийцүүлж, нээлттэй явуулах ёстой гэсэн зарчим
дээр хатуу зогсох учиртай юм.  Ийм байхыг
манай намын гишүүд, дэмжигчид ч шаардаж байна. Цаашдаа МАХН-ын үйл ажиллагаа ч  хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө тууштай
явна.

-Өмнө
нь  хэрэг үүсгэн шалгаж байсан. Тэгээд одоо
дахиад яагаад бас нэгэн хэрэг үүсгээд гаргаад ирэв. Учир шалтгаан нь юундаа байна?

-Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэлээ. МАХН-ын
байрыг хураалаа битүүмжиллээ гэдэг энэ яриа нэг талдаа хэнд хэрэгтэй вэ. Нөгөө талдаа
хэнд ашигтай вэ гэдэгт дүн шинжилгээ хийгээд үзэх хэрэгтэй.

-Хэн
ашигтай байхав?

-Хөдөө орон нутагт бүсийн чуулган хийж явахад ч иргэд Н.Энхбаяр даргатай
холбоотой гарч буй мэдээллүүдийг авсан байна. Тэдний ярьж байгаагаар бол ерөөсөө
2011 оноос яригдаж эхэлсэн улс төрийн бүлэглэл МАНАН-д ашигтай гэнэ. Энэ МАНАН сарнихын
даваанд ирээд байгаа юм байна. Үүнийг  улс
төрийн намуудын судалгаануудаас  харж болох
юм. Иргэд аль ч намд итгэхээ больсон гэдгийг тэр судалгаануудаас харж болохоор болсон
байна. Энэ тохиолдолд улс төрийн гуравдагч хүчнийг дэмжих, шинэ эсвэл хуучин лидерийг
эргэж авчрах дохио байдаг.  Тийм ч учраас
хөдөө орон нутагт МАХН-ын нэр хүнд өсч байна. Намын нэр хүнд өсөхийн хажуугаар МАХН-ын
дарга Н.Энхбаярыг эргэн ирүүлэхийг иргэд хүсч байгаа нь харагдсан.  Иргэдийн энэ итгэл, намын нэр хүндийг унагаах  зорилгоор Н.Энхбаяр гэдэг хүнийг дахиад оролдож
эхэлж байна. Болж буй үйл явдлууд үүнийг л харуулж байна.

-Танай
намын байртай холбоотой хэрэг мандлаа ч энэ нь иргэний журмаар маргаан үүсгээд шийдэж
болох асуудал. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэсэн нь ямар учиртай вэ гэдэг асуудлыг олон
хүн ярьж байна. Та юу гэж харж байна?

-Дотор нь ангилаад үзье л дээ. Одоогоос хоёр жилийн өмнө юм шиг байгаа
юм. Монголын хөрөнгө оруулалт­тай нөгөө нь гадаадын хөрөнгө оруулалттай хоёр компани
хоорондоо гэрээ байгуулаад худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр нэг байшинг
худалдаж авчээ. Энэ гэрээнд ямар маргаан гарч болох вэ. Гэрээгээр худалдаж авсан
мөнгөө төлсөн төлөөгүй гэсэн асуудал л гарч болох юм. Нөгөөтэйгүүр гэрээнд заасан
үүргээ биелүүлсэн биелүүлээгүй гэдэг маргаан гарч болно. Үүнийг иргэний хэргээр
шийдэх учиртай. Гэтэл нэг гадаадын иргэний гомдлоор гэрээнд заасан мөнгөө авсан
нь үнэн, гэхдээ дээрээс нь тэдий хэрийн мөнгө өгөх ёстой байсан гэдэг гомдлоор эрүүгийн
хэрэг үүсгэнээ гэдэг нь хэрхэн хуулийг уландаа гишгэж байгааг харуулж байгаа юм.
Нэгдүгээрт хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн үү гэдэг тал дээр дүгнэлт
гаргах ёстой. Үүнд  шүүхийн байгууллага эсвэл
арбитрын шүүх дүгнэлт гаргадаг. Цагдаагийн байгууллага ямар үед эрүүгийн хэрэг үүсгэх
боломжтой вэ гэхээр шүүхээс эсвэл Монгол Улсын Эрүүгийн хуульд хийж болохгүй гэсэн
үйлдлүүдийг хийсэн тохиолдолд  хэрэг үүсгэдэг.
Гэвч гэрээгээр заасан үүргээ биелүүлсэн компани дээр улс төрийн намын лидерийг татан
оролцуулаад эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь ерөөсөө л улс төрийн зорилготой юм.

-Н.Энхбаярыг
сэжигтнээр яг тооцсон юм уу?

-Үнэхээр сэжигтнээр тооцсон юм уу гэдэг нь ч өнөөдөр бүрхэг байна
л даа. Тийм мэдээлэл гараад байгаа болохоос хаана тэр хэрэг нь байна гэдгийг ч мэдэхгүй
байна. Нэгэнт уучлал үзүүлсэн тохиолдолд өмнө нь хийсэн хэргийг нь дахин шалгах
ёсгүй байдаг. Тэр уучлал гарсан өдрийг улс төрийн хэлмэгдүүлэлт дууссан өдөр болгон
тэмдэглэе гэж бодож байтал араасаа ийм зүйлсийг дагуулах боллоо. Боловсрол нимгэн  зарим хуульчид  уучлалыг өршөөлтэйгөө адилтгаж үзээд байна.

-МАХН-ын
байрыг тэгээд  хуулийн байгууллагынхан битүүмжилсэн
юм уу?

-Би намынхаа байрнаас сая ирлээ. Намайг гарахад байрыг маань битүүмжилсэн.  Хураасан зүйл болоогүй. Ийм зүйл болно эсвэл болох
гэж байгаа талаар өнөөдрийг хүртэл ямар ч газраас албан ёсоор хандаагүй.

-Байр
хураасан гэдгээс гадна Н.Энхбаяр оргон зайлсан, интерполоор эрэн сурвалжилна гэх
яриа ч тэнэж явна. Удаан хугацаагаар гадаадад эмчлүүлж байгаа болохоор ийм яриа
гараад байна уу?

-2013 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол төрийн уучлалыг Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярт үзүүлсэн. Дахин тодорхойлж хэлэхэд Монгол
төрийн уучлалыг үзүүлсэн. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурсан ч
энэ бол Монгол төрийн уучлал. Тэгээд Н.Энхбаяр дарга эсийн задрал гэдэг оноштойгоор
БНСУ руу явсан.  Хэдийгээр жил гаруй эмчилгээ
сувилгаа хийгээд тодорхой хугацаа өнгөрч биеийн байдал нь сайжирсан ч гэсэн эмч
нараас өгч байгаа зөвлөгөөний дагуу ирэхгүй байна. Н.Энхбаяр дарга өөрөө бол гадаадад
байгаа монгол хүн учраас ирэхийг яарч байгаа. Улс эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил
цэцэглэлтэд оролцохыг хүсдэг. Тэр тусмаа 
Н.Энхбаяр дарга шиг өөрийн ухамсарт амьдралынхаа 25  жилийг Монгол Улсын төлөө зориулсан хүнд тэвчиж
суухын аргагүй байгаа. Өөрөө ч Монголдоо хурдан очих юмсан гэж  хэлдэг. 
Нэгдүгээрт эмч нарын зөвлөгөөг дагаж байна. Хоёрдугаарт энэ хэлмэгдүүлэлтээ
үргэлжлүүлчих вий гэдэг эмзэглэл МАХН-ын бидэнд бас байна.

-Хэлмэгдүүлэлт
үргэлжлүүлчих вий гэдэг эмзэглэл зөвхөн Н.Энхбаяртай холбоотой утгаар нь та хэлэв
үү?

-Н.Энхбаяр гэдэг хүнийг  зөвхөн
хэлмэгдүүлээд байна гэдэг зүйл биш. Ерөөсөө л шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхэлчихэж.
Агуу хүнийг хорих нь хүртэл ард түмэнд хэрэгтэй байдаг гэдэг шиг. Зөвхөн Н.Энхбаярыг
хэлмэгдүүлэх биш. Хуулийг   улс төрийн хэлмэгдүүлэлт
болгож ашиглахаа  зогсоохгүй бол 1937 он давтагдаж
эхэллээ.

-МАХН-ын
дарга  тэдийд ирнэ гэсэн таамаг байна уу?

-Н.Энхбаяр ирнэ. Түүнийг ирэхтэй хамт Монгол Улсад айдасгүй амьдрах
орчин, сайн сайхан амьдрах иргэдийн  итгэл
хамт ирнэ гэж хэлэх байна. Эмч нар нь  зөвшөөрвөл
дарга маргааш ч ирэхэд бэлэн. Миний ойлгосноор бол хэд хэдэн удаагийн шинжилгээ,
эмчилгээ дутуу байгаа.

-БНСУ-д
эмчилгээнээс өөр юу хийж байгаа вэ, МАХН-ын дарга?

-Би хэд хэдэн удаа очиж уулзсан. Бурханы шашинтай холбоотой судалгаа
хийж байгаа юм билээ. Ганжуур Данжуурын судар хэдэн хэл дээр орчуулагдсан байна.  Орчуулагдсан орчин цагийн тухайн улсын хэлээр
хэрхэн буусан байна. 16 настай хүү  сонирхоод
уншихад ойлгомжтой байж чадаж байна уу гэдэг дээр судалгаа хийж байна лээ. Ярилцаад
сууж байхдаа Монгол Улсын хөгжлийн гарц чухам юу юм бэ гэдэг асуудал дээр маш том
судалгаа хийгээд эхэлсэн гэдгийг нь олж мэдсэн. Хотуудыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ
гэх мэтээр олон даацтай судалгааны ажлуудыг хийж байна.

-Орчин
үеийн улс төр гэж юу юм бэ. Энэ талаар бид бас бодох ёстой болчихсон мэт санагддаг
л даа. Та  энэ бүх үйл явдлуудаас орчин үеийн
улс төрийг арай өөр хэв маягтай болгох гэдэг ч юм уу санаа оноо бодож явдаг зүйл
бий юү?

-Улс төр гэдэг бол судалгаан дээр үндэслэсэн байх ёстой. Түүнээс
төрийн эрх мэдлийг өөртөө авах гэсэн. Сонгуульд ялахын тулд эсвэл улс төрийн намууд
нь Засгийн эрхийг авахын тулд оршин тогтнодог сонгуулийг бид хаах ёстой. Улс төрийн
намуудын үндсэн зорилго нь Монголын ард түмэн дээр очдог, тэднийг  амар тайван сайхан амьдруулахад чиглэх ёстой.
Гэтэл улс төрийн намууд сонгуульд яаж ялах вэ гэдгээ л боддог болсон.

 Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: Хууль, дүрмээ зөрчдөг даргатай, ийм Ерөнхий сайдтай улс өөдөлнө гэдэгт би итгэхгүй байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-Таны
хувьд байнгын хорооны мэдээлэл сонсч байхад цэцэрлэгийн асуудал дээр нэлээдгүй бухимдаж
байгаагаа илэрхийлж байсан. Тавь гаруй мянган хүүхэд одоогоор цэцэрлэггүй байгаа
гэсэн мэдээллийг холбогдох хүмүүс хэлж байсан?

-Өнөөдөр манай улсад гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж
чадахгүй байна. Социализмын үед Монголын бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулдаг байсан.
Зах зээлийн шилжилтийн үед цэцэрлэг барьж чадахгүй 10 гаруй жил болсон. Хүн амын
тоо нэмэгдэж, цэцэрлэгийн хүрэлцээ муудсан. Сүүлийн тав, зургаан жил Монгол Улсын
эдийн засаг харьцангуй дээшилсэн. Энэ нь хүүхдийнхээ, цэцэрлэгийнхээ, сургуулийнхаа
асуудлыг шийдэх боломжийг Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа гэж бид харж
байна. УИХ-аас багагүй мөнгийг цэцэрлэг, сургууль барихад тавьж байгаа. Энэ жил
149 барилгын ажлыг эхлүүлэхээр байсан ч 95 нь санхүүжилт аваагүй. 42 барилга эхлүүлэх
байсан ч 40 нь эхлээгүй байна. Сангийн яаман дээр тавигдсан, төсөвт суусан мөнгийг
манай яамд, төсвийн ерөнхийлөн захирагч нар ашигласангүй. Цэцэрлэг, сургуулийг ганц
төсвийн хөрөнгөөр бус хувийн хэвшлийн хөрөнгөөр, концессоор олон улсын банк санхүүгийн
байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулах бололцоо хангалттай байна. Өнөөдрийн байдлаар
гурван цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. 27 цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн,
32 цэцэрлэгийн барилгын тендер зарлагдсан гэсэн байдалтай явна. Концессоор хийгдэх
ёстой барилгын ажил нэг нь ч хийгдээгүй байна даа. Зарим нь газар чөлөөлөлтөөс болж
зогссон тул олон мянган эцэг эхчүүд бухимдаж, олон хүүхдүүд энэ жил цэцэрлэггүй
үлдэх нь. УИХ-ын цөөнгүй гишүүд гэрээр хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг
санаачилсан боловч өнөөдрийг хүртэл УИХ батлахгүй байгаа.

-Уг
хуулийн төслийг гишүүд эргүүлэн татаад Засгийн газраас дахин өргөн барихаар болсон
шүү дээ?

-Засгийн газар нь ч энэ хуулийнхаа араас эрчимтэй хөөцөлдөхгүй байгаа.
Хэдхэн хүүхдийнхээ асуудлыг шийдэх боломж, бололцоо хангалттай байна. Харамсалтай
нь дүнхүү, увайгүй Засгийн газраас болж энэ асуудал шийдэгдэлгүй хоёр жил боллоо.

-Хэдий
хугацааны дараа Монголын хүүхдүүд бүгд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох вэ. Таны
хувьд мэдээлэл сонсч байхдаа салбарын сайдыг ажлаа хийгээчээ гэдгийг нэлээд ширүүхэн
хэлж байгаа харагдсан?

-Монгол Улсад төсвийн хөрөнгөөр барих барилгын зураг, төсөв Эдийн
засгийн хөгжлийн яаман дээр бараг ашиглагдахгүй хэвтэж байна. Сангийн яаман дээр
хөрөнгө нь байгаа. Харамсалтай нь байгаа нөөц бололцоогоо салбарын сайд, салбар
яам нь орон нутгийн удирдлагуудтайгаа хамт бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна.
Өөрөөр хэлбэл удирдлага зохион байгуулалт муугаас болоод цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг
сайжруулах ажил тааруу явж байна гэдгийг л хэлээд байгаа юм. Тиймээс би Л.Гантөмөр
сайдад хандаж “Ажлаа сайн хий. Монгол орны хөгжилд хурд шаардагдаж байна. Таны хурдаар
биш хөгжлийн хурдаар Монгол орон урагшлах ёстой” гэдгийг хэлмээр байна.

-Эдийн
засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН 100” хөтөлбөрийг та хэрхэн дүгнэж байгаа вэ. 100 хоногийн
хугацаа дууссан ч үүн дээр дорвитой тайлбар өгчих хүн гарахгүй юм…

-Албан ёсны үнэлэлт, дүгнэлтийг УИХ өгнө. Ард түмний амьдрал улам
бүр хүндэрч байна гэдэг нь тодорхой. Олон компани хаалгаа барьж олон хүн ажилгүй
болж байна. “ЭЗЭН 100” хөтөлбөрийн зорилго нь энэ байсан гэж бодохгүй байна.

-Ямар
үр дүн гарав?

-Олон мянган хүн ажилгүй боллоо. Монгол төгрөг үнэгүйдлээ.

-Ам.долларын
ханш 1905 төгрөгөөс 1830 төгрөг руу орсон байна. Ам.долларын ханш өсөх, буурах болсон
шалтгаан юу байсан юм бол. Засгийн газар анхаарал хандуулж, Монголбанк интервенци
хийсний үр дүн мөн үү. Эсвэл Хятадаас валют орж ирэх сургаар буугаад эхлэв үү?

-Ам.долларын ханшийн өөрчлөлтөд
хэд хэдэн зүйл нөлөөлдөг. Сураг ажиг, реклам сурталчилгаа бага зэрэг нөлөөлнө. Хамгийн
их нөлөөлөл үзүүлэх зүйл нь эдийн засгийн өсөлт, бүтээмж байдаг. Монголд эдийн засгийн
өсөлт, бүтээмж харагдахгүй байгаа юм. Энэ тохиолдолд ам.долларын ханш цаашид тогтвортой
бууна гэдэгт би итгэхгүй байна.

-Түр зуурын үзэгдэл гэж ойлгож болох уу?

-Түр зуурын л үзэгдэл. Бид зөв
бодлого явуулахгүй бол төгрөгийн ханшаа алдана. Эдийн засаг улам хүндэрнэ. Хятадтай
байгуулсан хэдхэн гэрээний үр дүн амьдрал дээр бодитоор гарах хүртэл гурваас таван
жилийн зай бий.

-Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Монголын эдийн засаг
жижигхэн тул хагас жилийн дотор сэргэх боломжтой гэдгийг хэлж байсан. Таны харж
байгаагаар хэр хугацаа бидэнд хэрэгтэй байна вэ. Оюутолгой, Тавантолгойн гэрээний
асуудал чимээгүй байсаар байна?

-Бид баялгийн хуваарилалтаа зөв
хийх хэрэгтэй. Зах зээл эдийн засгийн шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих ёстой.
Монголын зах зээл дээрх хэдхэн компанийн монопольчлолыг таслан зогсоох шаардлагатай.
Тэгвэл Монгол Улс хөгжинө. Монополь, олигархиудад дарлуулсан эдийн засаг хэзээ ч
өөдлөхгүй. Мөнгө хүүлдэг хэдэн банкуудаа татан буулгах хэрэгтэй. Банкны зах зээлийн
чөлөөт өрсөлдөөнийг бий болгох ёстой. Дэлхийн дундаж зээлийн хүү таван хувь байна.
Харин Монголд 20 хувь байдаг. Ийм байхад эдийн засаг, бизнес хөгжих боломж байхгүй.
Мэдээж уул уурхайн томоохон ордуудаа эргэлтэд оруулах хэрэгтэй. Үүний тулд гадаадын
хөрөнгө орууралтыг дээд зэргээр дэмжих шаардлагатай юм. Гадаадынхныг хөөдөг, тэднийг
ирэхээр бөө мөргөл ярьдаг хэдэн сайд нараасаа салах хэрэгтэй. Тэгж байж л Монгол
өөрчлөгдөнө. Эдийн засгийг эрүүл сэтгэлгээтэй хүмүүс авч явдаг. Түүнээс биш эргүү
солиотой нь мэдэгдэхгүй, бөө мөргөл шашин шүтлэгтээ автчихсан хүн улс орныг удирддаггүй
гэдгийг хэлмээр байна.

-Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт орж ирэх
боломж байна уу. Саяхан Тавантолгойн цахилгаан станцын төсөл дээр Оюутолгой, Монголын
Засгийн газар хоёр гарын үсэг зурлаа. Үүнийг харсан хүмүүс Оюутолгой наашилж байна
гэж бодоод байна?

-Оюутолгойн асуудлаар бид хангалттай ярьж байгаа. Энэ хүрээнд Засгийн
газарт үүрэг чиглэл өгсөн.

Ямар ч Засгийн газар төрийн бодлогын үргэлжлэлийг хангах ёстой байдаг.
Өмнөх Засгийн газрынхаа сайныг нь үргэлжлүүлж, алдааг нь засч явах үүрэгтэй. Н.Алтанхуягийн
Засгийн газраар Монголын амьдрал эхлээгүй, дуусаагүй. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй.
Оюутолгой хөдлөх ёстой. Тавантолгой эргэлтэд орох ёстой. Асгат, Цагаан суварга гэсэн
ордыг стратегийн эргэлтэд оруулахыг цаг үе, нөхцөл байдал биднээс шаардаж байгаа.
УИХ-аас уул уурхайг дэмжсэн хөрөнгө оруулалтуудынхаа шийдвэрүүдээ гаргасан.

Хэрэгжилтийг Засгийн газар хангах ёстой.

-Үр
дүн гарахгүй л байна даа?

-Засгийн газар 100 хоногийн дотор үр дүн гарганаа гэж УИХ-д амласан.
Өнөөдөр хараахан нааштай үр дүн ажиглагдахгүй байна. Гэхдээ ирээдүйдээ итгэхгүйгээр,
ирээдүйгээ гэгээлгээр төсөөлөхгүйгээр улс орон хөгжихгүй. Би Монголын ирээдүйд итгэж
байгаа.

Н.Алтанхуягийн Засгийн газраас өөр Монголыг аваад явчих боловсролтой,
сэхээтэн шинэ Засгийн газар байгуулагдана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-Засгийн
газар солигдлоо гэхэд гадны хөрөнгө оруулагчид тогтворгүй төр засагтай улсад хөрөнгө
оруулах юм уу?

-Японд Засгийн газраа хоёр жил болоод сольдог. Дэлхийн ардчилсан
улс орнууд ажил хийж чадахгүй Засгийн газартаа тогтмол хариуцлага тооцдог. Хариуцлага
шударга ёс байгаа газар хөгжил ирдэг. Хариуцлагаа нөхдүүдээ хаацайлдаг, хамгаалдаг,
шударга ёсыг уландаа гишгэдэг газар улс орон хэзээ ч хөгжихгүй.

-Хаврын
чуулганы үеэр танай бүлгийн дарга “Дорвитой ажил хийхгүй бол бүлгийн зүгээс Засгийн
газарт хариуцлага тооцно” гэдгээ мэдэгдэж байсан. Ардчилсан намын бүлэг хариуцлага
тооцох уу?

-Манай бүлгийн дарга бол бөөрөнхий хүн. Өөрийн толгойгүй хүн. Тэр
хүний үгэнд итгэх хэрэггүй.

-Цаашид
бид хэрхэх ёстой вэ. Гарц юу байна?

-Ардчилсан нам УИХ, Засгийн газрын олонхийг бүрдүүлж байгаа. Ардчилсан
нам дотоод шинэчлэлийг хийх хэрэгтэй. Ардчилсан намд ардчилал байхгүй болсон. Ардчилсан
нам дотооддоо ялзарч дууссан. Их хурал, ҮЗХ-гоо хуралдуулах ёстой. Тулгамдаж буй
улс орны нийгэм, эдийн засгийн асуудлуудыг, намынхаа асуудлуудыг ил тод ярих хэрэгтэй
гэж зөвлөмөөр байна.

-ҮЗХ
хуралдалгүй нэлээд хугацааг ардаа үлдээлээ. Уг нь жилд хоёр удаа хуралдах ёстой
байдаг биз дээ?

-Ардчилсан намын их хурал дөрвөн жил тутам хуралдах ёстой байтал
зургаа, долоон жилд нэг ч хуралдсангүй. ҮЗХ жилд хоёр удаа хуралдах ёстой. Хуралдалгүй
хоёр, гурван жил боллоо. Хууль, дүрмээ зөрчдөг ийм даргатай, ийм Ерөнхий сайдтай
улс орон өөдөлнө гэдэгт би итгэхгүй байна. Тиймээс Ардчилсан намын гишүүд хөдөлгөөнд
орох шаардлагатай. Энэ ганцхан намын асуудал биш. Улс орны асуудал. Хоёрхон жилийн
дараа биднийг сонгосон хүмүүс Ардчилсан намд дүнгээ тавина. Тиймээс намын шинэчлэлээ
одоо хийхгүй бол цаг биднийг хүлээхгүй.

-ҮЗХ
удахгүй хуралдах байх гэсэн хүлээлт байна. Танд мэдсэн зүйл байна уу. Мөн Ардчилсан
намын журмын нөхдөөс гээд Төрийн гурван өндөрлөгт хандсан мэдэгдэл хүртэл гарсан
шүү дээ?

-Барууны орнуудад дүрмээ зөрчдөг улс төрийн намуудыг татан буулгадаг.
Дүрмээ зөрчдөг намын даргыг шүүхийн шийдвэрээр шууд огцруулдаг. Энэ маягаар Ардчилсан
намын дарга намынхаа дүрмийг зөрчөөд явах юм бол, энэ ялзрал удаан үргэлжлэх юм
бол Ардчилсан намын гишүүд бид шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрнэ гэдгийг
хэлмээр байна.

-Та
Ардчилсан намын гишүүн. Тэгсэн хэрнээ намаа багагүй шүүмжилдэг. Танд ямар нэгэн
дарамт шахалт ирдэггүй юм уу?

-Намайг дарамталж чадахгүй.

-2016
оны сонгуульд ядахнаа нэр дэвшүүлэхгүй гэвэл яах юм бэ?

-Амь биш заяа биш дэвшүүлэхгүй байсан ч болно. Заавал дэвших алба
ч бас байхгүй.

-Тантай
ингээд ярилцаад сууж байхад нэлээд бухимдалтай байгаа нь анзаарагдлаа. Таны бухимдал
юунаас үүдэлтэй вэ?

-Надад бухимдаад байх юм алга. Дэлхий уужим. Монголчууд эрүүл саруул
ухаантай. Асуудлыг шийдэж чадна. Гэхдээ бухимддаггүй хүн гээд улс орны амьдрал хүнд
байхад инээгээд явах эрх надад алга. Инээхгүй байгаа нь зарим хүмүүсийн хувьд бухимдалтай
байгаа мэт харагдаж магадгүй. Нийгмийн амьдрал, ард түмний амьдрал хэцүү байхад
худал маасайтал инээх шаардлага надад байхгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ спорт

Жүдогийн ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн баг мөнгөн медаль хүртлээ

ОХУ-ын Челябинск хотод болсон жүдо бөхийн ДАШТ өчигдөр дууслаа. Долоон өдөр үргэлжилсэн тус тэмцээний эхний өдөр манай эрэгтэй тамирчдаас 60 килограммын жинд “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубийн тамирчин, ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон билээ. 

Өчигдөр болсон тэмцээний  сүүлийн өдрийн барилдаанд манай эмэгтэйчүүдийн баг тамирчид шөвгийн 16-д Польшийн багийг 3:2-ын  харьцаатайгаар хожсон. Харин финалийн тоглолтод Францын багтай аваргын төлөө  барилдсан ч 2:3-ын харьцаатай хожигдож мөнгөн медаль хүртлээ. Алтан медалийн төлөөх барилдаанд 57 килограммын жинд Д.Сумъяа болон 63 килограммын жинд Б.Мөнгөнчимэг нар ялж оноог адил хоёр болгосон бөгөөд шийдвэрлэх барилдаанд Б.Мөнхтуяа 70 килограммын жинд  барилдан цэвэр ялагдсан юм. Ийнхүү манай улсын эмэгтэйчүүдийн баг “Челябинск-2014” ДАШТ-ийг мөнгөн медаль хүртсэнээр өндөрлүүллээ. 

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Автобуснууд хуучин маршрутаараа явж эхэллээ

Замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 22-ноос эхэлж автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулсан билээ. Мөн энэ үеэр нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршиж, маршрутыг нь өөрчилсөн юм. Тухайлбал, иргэд нэг өдрийн турш 500 төгрөгийн тасалбараар зорчиж эхэлсэн. Иргэд 500 төгрөгний тасалбарыг дэмжиж байсан ч, шинэ маршрутад шүүмжлэлтэй хандаж байсан тул өнөөдрөөс эхлэн туршилтын хугацааг зогсоож байгаа юм. Өнөөдрөөс эхлэн автобусууд хуучин маршрут, үнээрээ, дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө иргэдэд үйлчилж байна.