Categories
мэдээ цаг-үе

Ш.Гунгаадорж: Ардын нам ард түмний нийтлэг эрх ашгийг хөндсөн зүйл дээр байгаа онож буудах хэрэгтэй

Монгол Улсын
Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржтой ярилцлаа.

-Таныг Ерөнхий
сайдаар ажиллаж байсан хүний хувьд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын та­лаар
асуумаар байна. Хоёр хөршийн төрийн тэр­гүү­ний айлчлал гээд хэд хоног л хөл хөдөлгөөн
болох шив?

-Монгол Улсын хувьд
өнөө жил маш онцлог жил болж байна. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд 10 гаруй хоногийн
зайтай айлчилж цаашдын томоохон хүрээний асуудлуудыг ярилцлаа. Энэ бол манай орны
хувьд том дэвшил гэхээс өөр юу гэхэв. Айлчлалаар Монгол Улсын эрх ашиг, ирээдүйн
хөгжил ямар байх вэ гэсэн манай орны эрх ашигт нийцсэн онцлох үйл явдал болох шив.
Аль аль талдаа олон чухал асуудлуудыг шийдвэрлэлээ. Ялангуяа хойд хөрштэйгээ бид
сүүлийн жилүүдэд эдийн засаг, худалдааны харилцаа жаахан холдох маягтай бай­сан.
Манай хоёр орон олон томоохон боломжоо ашиглаж чадалгүй өдий хүрснийг ОХУ-ын Ерөнхийлөгч
В.Путины айлчлалаар шийдэх замд нь оруулсан. Монгол Улс хоёр хөрштэйгээ ойр дотно
байна гэдэг нь манай орны амин чухал асуудал. Цаашид стратегийн олон түншлэлийн
хүрээнд хамтран ажиллах, ярьсан хэлсэн зүйлсээ ажил хэрэг болгох шаардлагатай. Д.Медведев,
В.Путин нар өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа манай оронд айлчилж олон асуудлуудыг
ярьж хэлэл­цээд явж байсан. Тухайн үед ярьж байсан уран, ашигт малт­малыг ашиглах,
Асгатын мөнгөний орд, төмөр зам гээд нэлээд хэдэн асуудлууд сая ч гэсэн давтагдаж
байх жишээтэй. Тэр үедээ за гээд явсан ч түүнээс хойш зургаан жил болоход өнөө асуудлуудаа
дахин тавьж байгаа бол энэ манай талын хариуцлагагүйн шинж. Бид
ярьснаараа юм бүтчихлээ гэж асуудалд ханддаг нь буруу. Энэ бүгдээс сургамж авч ажлын хэсэг, холбогдох яамд ажиллаж байгаа байх. Өдөр шөнөгүй хэлэлцсэн асуудлуудынхаа хүрээнд ажиллаж хоёр хөрштэйгээ хамтран ажиллах хэрэгтэй. Хоёр хөршийнхөө аль нэгийг тэргүүн эгнээнд тавилгүй яг ижил түвшинд харилцаагаа өрнүүлэх хэрэгтэй. Бидэнд тэнцвэртэй бодлого шаардлагатай байна. Тэгээгүйгээс болж алдаж байсан гашуун сургамж ч бий. Нэг алдсан бодлогыг олон жилийн хугацаанд засахад хүнд байдаг. Хоёр хөрштэйгээ сайн байна гээд гуравдагч хөршөө цааш нь түлхэж болохгүй. Хөрш орнуудтайгаа сайн байна гэдэг нь бусад орнуудыг биднээс холуур бай гэсэн үг биш гэдгийг санах ёстой.

Манай хоёр хөрш чинь Монгол Улсын гуравдагч хөршид тийм ч тааламжтай ханддаггүй гэдэг шүү дээ?

-Энэ бол эмзэг асуудал. Хоёр хөрш маань манай гуравдагч хөршид тааламжгүй ханддаг гэдгийг юугаар батлах вэ гэдгээс эхлээд бодох юм байна. Гуравдагч орнуудтайгаа эдийн засаг, улс төрийн түвшний харилцаагаа хэвээр хадгалах шаардлагатай. Ер нь бол донжийг нь тааруулж харилцах нь зөв. Гуравдагч хөрштэйгээ харилцахдаа хоёр хөрштэйгээ харилцаагаа муутгах хэрэггүй. Энэ нь тактикийн асуудал. Дэлхий нийтээр глобалчлагдаж байгаа үед хэн нэгэнд бус бүгдтэй нь сайн байх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Аль нэг улсыг өмнөө тавьдаг цаг өнгөрсөн. Аль нэг улсад илүү таатай хандах цаг ирж магадгүй. Тэр үед бид болгоомжтой хандах нь чухал. Бекерийг манай оронд ирэхэд Ерөнхий сайд байхдаа уулзахад гуравдагч хөршийн тухай анх ярьж байсан. Тэгэхэд “Гуравдагч хөрш гэж байж болно. Гэхдээ танай улсын хоёр талынхаа том хөршийг дайрч гарч байж л гуравдагч хөрштэйгээ харьцана. Монгол Улс хоёр том айлын дунд байгаа” гэдгийг хэлж байсан. Дэлхийн хэмжээний политик хүн Монгол Улс шинэдэж хоёр хөршөө хаяад алдах вий дээ гэдгийг анхааруулж хэлсэн хэрэг. Тэр цаг үеийг бодоход өнөөдөр цаг өөр болсон. Тиймээс энэ бодлогыг төр засгийнхан зөв тэнцвэрийг олох хэрэгтэй.

Монгол орны эдийн засгийн байдал дээр ямар бодолтой байгаа вэ. Эдийн засаг мөд сэргэхгүй нь л гээд байна?

-Яахав ээ, хүмүүс янз бүрээр л ярьж байна. Шинэчлэлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа олон ажил бий. Хийх ёстойгоо хийж чадахгүй ч байгаа зүйлс харагдах юм. Олон асуудлын дундаас зөвийг нь барьж хийх ажил гэж байна. Зөвийгөө барьж авсан уу гэдэг дээр бодох хэрэгтэй. Түүнээс болоод нэг хэсэгт нь юм хийж байгаагаар нөгөөд нь Засгийн газар юм хийхгүй байгаа тийм л дүр төрх харагдаад байна. Юм хийж байгаа үгүйг ажил хийсэн, хийгээгүй гэдэг хэрүүлээр бус ард түмний амьдралаар хэмждэг юм. Ард түмнийхээ амьдрал руу орох хэрэгтэй. Энэ талаас харвал хөдөө монголчуудын амьдрал хүнд байгаа. Хэн хэдэн машинтай байна вэ гэдэг нь хэмжүүр биш. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаад хэр дүн шинжилгээ хийж байгаа юм бол. Дээгүүрээ бид зам, барилга барьж байна гээд л байдаг. “Барилгыг чинь хоосон хүн хоол болгож иддэггүй юм байгаа биз дээ” гэж сэтгүүлч Ц.Дашдондов бичсэн байдаг. Үнэн ш дээ. Засаг төрийнхөн ард түмэн айх аюулгүй, дутагдах гачигдах зүйлгүй амьдарч байна уу гэдэг толинд л өөрсдийгөө харж байх хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр ард түмнийхээ толинд харалгүй дээр өлгөөтэй байгаа толийг хараад байх юм. Алтан нарыг алгаараа хааж болдоггүйтэй адил бодит зүйлсийг харах хэрэгтэй.

Гадаадын хөрөнгө оруулалт, ам.долларын урсгал чинь бүгд цаанаа учир шалтгаантай. Үүнийг л зөв гаргах хэрэгтэй. Гуравхан сая монголчуудад өнөөдөр эв хэрэгтэй байна. Эв нэгдэлтэй байна гэдэг нь халаас халаасаа нийлээд мөнгө зувчуулна гэсэн үг биш. Нам эвсэл, нас шүдээрээ талцаад байвал энэ улс өөдлөхгүй. Үндэсний эв нэгдэл дээр л бид нэгдэж чадвал хөгжлийн зам эхэлнэ.

Манайд улс төрийн уламжлал гэдэг зүйл хаягдан шороотой хутгалдсан. Өмнөх Засгийн газраас авах, хаях зүйл бий. Гэтэл аль ч нам нь гарсан түрүүчийнхээ дөрвөн жилийг үгүйсгэж байх юм. Урд урдын сайн зүйлсийн суурин дээр бид байшин барих ёстой. Нэг нь гарч ирээд барьж байшин барилгыг нь нураагаад дахин шинээр хундаам цутгаж тоосгоо өрдөг. Ингэсээр байтал хамаг цаг хугацаа, сайн сайхан бүхнээ алдаад дууслаа. Ийм л замаар үе үеийн Засгийн газар учраа олохгүй яваад байх юм. Нийтлэг асуудал дээрээ нэгдэж чадахгүй байна. Эрх мэдлийн хуваарилалтаа цаашид хэрхэх вэ гэдгээ ярихгүй бол цаашаа явахад бэрх л дээ. Манай сонгууль явагдаж буй арга системийг бүтнээр нь өөрчлөхгүй бол болохгүй болчихож.

Юу нь болохгүй байна гэж?

-Сонгуульд орохын тулд намууд асар их хэмжээний мөнгө зардаг. Түүнээс болоод төрийг аваад явчих хэмжээний чадвартай залуу, дунд насныхан орж чадахгүй байна. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс Их хуралд сууж байгаа нь нүдэн дээр ил болчихсон. Жинхэнэ улстөрчид оръё гэхээр бөөн мөнгөтэй үзэх болдог. Мэдлэг, чадвараараа өрсөлдөх хэмжээний хүмүүс байх хэрэгтэй. Харамсалтай нь мөнгөгүйгээсээ болоод гарч чадахгүй юм. Сонгуулийн энэ тогтолцоог өөрчлөх ёстой.

Оюу толгой, Таван толгой төсөл зогссоноос болоод хөрөнгө оруулалт байхгүй болчихлоо. Гадны хөрөнгө оруулагчид хоёр толгойг харсан байдалтай байна. Цаашид хэрхэх нь зөв бол?

-Монгол Улсыг хөгжүүлэхэд уул уурхай, эрчим хүчний салбар зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ манай орон уул уурхайг түшиглэж хөгжинө гэсэн явцуу бодлогын хүрээнд 20 жил явлаа. Энэ хоёр толгойг 10 гаруй жил мөлжих гэж үзээд мэрсээр байгаад таарлаа. Уул уурхайн салбар уналтад орох үед түүнийг нь нөхөж байх бусад салбаруудаа орхичихсон. Монгол Улсын хөдөө аж ахуй гэдэг чинь бидэнд мэдрэгдэхгүй байгаа болохоос өнөөдрийг хүртэл тэжээгээд л яваад байгаа эд. 2008 онд дэлхий нийтээр эдийн засаг хямрахад бид өлсөөгүй, гаднаас махаа зөөгөөгүй. Уул уурхайн хажуугаар бусад салбараас хөрөнгө оруулалт татах ажлаа хийх хэрэгтэй. Бусад салбаруудаа дэмжээд явчихсан бол, үйлдвэрүүд барьчихсан бол, хөрөнгө оруулалтаа хийчихсэн бол арьс ширээ боловсруулаад экспортлон, гадны хөрөнгө оруулалтыг татчихсан байх байлаа. Гэтэл манай хөрөнгө оруулалт ганцхан “толгой” руу л яваад байдаг. Энэ хоёр толгойгоос дутахгүй баялаг манайд бий. Малаас амьсгаанаас бусдыг нь ашигладаг. Үхрийн хөөвөр, адууны дэл, сүүл, тэмээний ноос, зогдор зэрэг хамгийн үнэтэй бүтээгдэхүүнүүдийг боловсруулаад валют болгож байгаа юм алга. Гадныхантай хамтар л даа, хамаагүй. Өнөөдөр “Говь” шиг хэд хэдэн үйлдвэр байхад уул уурхайн эдийн засгийн хажуугаар том жийрэг болно. Үүнийгээ бодолцохгүй л хоёр толгой гэсээр байгаад толгойны өвчин болчихсон. Хөгжлийн бодлогодоо тусгах ёстой. Уул уурхайг л өнөөдөр хөгжүүлье. Мал аж ахуй тийм ч жинтэй зүйл биш гэж байна. Улс орныг хөгжүүлэх урт хугацааны концепц манайд алга. Их хурлын дараа З.Энхболд ноднин Их хурлаар оруулж шийднэ гэсэн. Гарсан юм юу ч алга байна.

Таныг Ерөнхий сайд байхад хөгжлийн концепц гэж юу байв?

-Хуучин бол тав, 10 жилийн хөгжлийн бодлого явж байсан. Япон улс гэхэд 20 жилийн дараа Япон улс ямар болох уу гэсэн хөгжлийн бодлоготой байна шүү дээ. Ингэж юмаа төлөвлөхгүйгээр дайралдсанаа барьж аваад байсны гай, өнөөдрийн хөгжлийн удаашрал нэгдсэн бодлогогүйгээс болсон. Тавдугаарт хийх ёстой асуудлыг нэгдүгээрт хийгээд байхаар хөгжлийн удаашрал болоод байгаа юм. Шийдэх асуудлуудынхаа эрэмбэ дарааллыг зөв тогтоох ёстой. Ингэж явсаар байтал 2015 он гарна. Тэгээд л долоо, наймдугаар сараас сонгуулийн сурталчилгаа эхэлчихнэ. Энэ Засгийн газарт идэвхтэй ажиллах нэг жилийн хугацаа л үлдсэн. Сибирийн Алс Дорнод гэдэг хязгааргүй хэрэглээ байна. Өнөөдрийн нийт малынхаа 30 хувийг гаргаад ч хэрэгцээг нь хангаж чадахгүй. Тиймээс энэ цаг мөчийг алдалгүй Оростой мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хамтдаа боловсруулах хэрэгтэй. Үүнийг сэргээе л дээ. Сибирь Алс Дорнод руу ноос, ноолуураар хийсэн хивс, дээл, ноосон хувцсаа гарга. Эдийн засгийн том боломж байна. Тэгэхгүйгээр бид үүнийг давж хараад хоёр толгой руу хошуураад байгаа юм. Хоёр толгойн наагуур урсаж байгаа мөнгийг бид харахгүй байгаа нь харамсалтай. ОХУ-тай худалдаа эдийн засгийн харилцааг өндөр түвшинд гаргана гээд ярьчихсан. Тиймээс бид боломжийг алдах ёсгүй.

Өнөөдрийн Засгийн газарт та ямар үнэлэлт өгөх вэ. Хүмүүс бол янз бүрээр л ярьж байна. Ерөнхий сайдын хувьд мэдэгдэл хийж яамдын тоог цөөлнө гэдгээ мэдэгдсэн?

-Манайхны хоёр гурван жилийн дараагийнхыг харж чаддаггүй бодлоготой нь холбоотой. Анхнаасаа Засгийн газар байгуулахад ийм олон яамыг дагаад орон тоо нэмэгдэж байна гэсэн. Хэрэгцээ шаардлагатай гээд байсан. Хоёр гурван нам нийлж олонх болоод авсан. Намуудаас гадна олон фракцынх нь эрх ашгийг харгалзан олон яам байгуулсан. Энэ бол жижиг асуудал. Үүний цаана том эрх ашиг бий. Энэ буруу байж гэдгийг Ерөнхий сайд сая харж л дээ. Тиймээс бүтцийн өөрчлөлт хийхээс өөр аргагүй. Саналаа гаргах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Н.Батбаяр, Д.Ганхуяг сайдыг гэдэгтээ гол нь биш. Сайд нарыг нь огцруулах нь тийм ч том зүйл биш бөгөөд хамгийн чухал нь Засгийн газрын бүтэц данхайсан. Тэр олон сайдууд нь парламентад үйл ажиллагаа явуулахад саад бэрхшээл учирдаг. Эдийн засаг хүнд байгаа энэ үед Ерөнхий сайдын уг алхмыг би зөв гэж харж байна.

Ерөнхий сайдын шийдвэр хожимдсон уу?

-Анхнаасаа Засгийн газар байгуулахад л ингэх шаардлага байгаагүй. Цомхон бүтэцтэй 11-12 яамтай байсан бол болох байсан. Ерөнхий сайд ядаж жилийн өмнө ийм шийдвэр гаргасан бол байдал арай дээр байх байлаа. Тэгсэн бол Н.Алтанхуягт өөрт нь түвэг бага байх байсан юм. Оргүйгээс оройтсон нь дээр гэдэг шиг түргэн хугацаанд чадварлаг бүтэцтэй ажиллах хэрэгтэй болчихлоо. Үүнд болохгүй зүйл байхгүй. Ерөнхий сайдын мэдэгдэл гэнэтийн байсан тул шуугиан дэгдээж байх шиг байна. Ерөнхий сайдын шийдвэр оройтсон ч гэсэн буруу зүйл биш ээ. Ерөнхий сайд нэгэнт ам гарчихсан юм чинь Их хуралд асуудлуудаа оруулж таарах байх.

МАНын үйл ажиллагааны талаар ямар дүгнэлт өгөх вэ. Ардын нам залуусаар эгнээгээ бүрдүүлсэн тул үйл ажиллагаа нь тааруу байгаа харагдах юм. Намын дарга, генсекийн хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Намын дарга хааяа дуугарч л байна. Аймаг орон нутгаар бүсийн зөвлөгөөн хийгээд ажиллаж байх шиг байгаа юм. Гэхдээ нам эрчимтэй ажиллаж чадахгүй байна. Сөрөг хүчин үргэлж сөрдөг юм биш. Улс орны эдийн засгийг хэрхэн сэргээх вэ гэдэг дээр хэд хэдэн саналыг тавьж байна лээ. Ажиллаж байна гэдгийг аль утгаар нь ойлгох юм. Үргэлж хуралдаж, хашгичаад байгааг ажиллаж байна уу гэх үү. Намынхаа бодлогыг боловсруулаад ард түмэнд танилцуулж байгаа бол ажил хийж байна гэх үү. МАН бүр ажиллахгүй байна гэж би хэлж чадахгүй. Хангалттай хэмжээнд ажиллах цаг үе ирчихлээ. Одоо нам идэвхжих шаардлагатай.

Их хуралд байгаа намын бүлэг Удирдах зөвлөлтэй хамтран ажиллаж бүлэг парламент дээр ямар байр суурь барих вэ гэдгээ эргэж харах ёстой. Шүүмжлэх зүйл гаралгүй яахав. Хамгийн гол нь шүүмжлэх зүйлээ зөв олж, ард түмний нийтлэг эрх ашгийг хөндсөн зүйл дээр байгаа зөв онож буудах хэрэгтэй. Түүнээс биш зөв, буруу аль ч зүйл дээр шаагиад байх нь сөрөг хүчний нэр хүндэд сайн зүйл биш. МАН тактикаа зөв боловсруулж чадахгүй байгаа тул дотор нь хутгалдаад шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаа юм шиг харагдаад байна.

Манай нам залуу боловсон хүчнээр эгнээгээ бүрдүүлсэн нь тийм ч муу зүйл биш. Яахав дадлага туршлага дутаж байгаа зүйл нэлээд байна. Эртнээс ахмад, дунд, залуу үе гэсэн гурван хэлхээг өнөөдөр хэр залгаж байна вэ гэдгийг харах ёстой. Ярихдаа алтан хэлхээ гээд байгаа юм. Ахмад үе нь хэлэх зүйлээ хэлээд явна. Тэглээ гээд ахмад үеэ удирдлагадаа оруул гэж байгаа юм биш. Ахмадуудынхаа үгийг сонс. Дунд, залуу үеийнхний харьцаа зөв байх хэрэгтэй. Өнөөдөр энэ харьцаа жаахан алдагдаад байгаа юм биш үү гэсэн бодолтой явна. Ахмадуудынхаа үгийг сонсч өдөр тутмын ажилдаа бодолцож явах тал дээр учир дутагдалтай байна. Ардын намынхан доошоогоо буюу анхан шатныхантайгаа холбоо муу байгаа тухай үргэлж ярьж байгаа. Амьдрал дээр ийм зүйл байгаа болоод л хэлж байна. Энэ мэтчилэн зүйлс нам цаашдаа амжилттай ажиллах, 2016 оны сонгуульд сайн орохын эх үүтгэл юм. Нам бүр идэвхгүй болсон юм байхгүй.

Та хөдөө аж ахуйн салбарт бүхий л насаа зориулж яваа. Өнөөдрийн хөдөө аж ахуйн салбарын тухай ямар бодолтой байна вэ. Салбарынхан нь нэг талдаа, яамд тамгын газрууд нь нөгөө талдаа гараад суучихсан харагдах юм?

-Хөдөөгийн хөгжлийн бодлого үндсэндээ орхигдчихсон. Өнөөдөр хөдөө гэдэг үг нь ч тэр анхаарлын төвөөс холдчихлоо. Уул уурхай гэсэн сэтгэхүй яваад байна. Хөдөөд зах зээлийн орчныг бий болгох хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг, зам, орчин үеийн бүхий л зүйлийг хийж хөдөөд байгаа хүнээ тойрсон ажил хийх ёстой. Анхнаасаа үүнийг цогцоор нь авч үзээгүй. Их хурлаар бодлого гарсан гэх байх. Харамсалтай нь цогцоор шийдэж чадаагүй. Одоо хөдөөгийн 30 гаруй хувь нь нийслэлд ирээд шигдчихсэн. Энэ нь хөдөөгийн бодлого алдагдсанаас л болж байна. Түүнээс хөдөөнөөс уйдаад, хөдөө ажиллахгүй гээд хот руу ирээд байгаа юм биш. Хөдөөгийн иргэдэд наалдсан бодлого явуулж чадахгүй байгаа. Яагаад заавал хөдөөнийхөн хотод ирж эмнэлэг, сургуульд хамрагдах ёстой гэж. Орон нутагт жижиг, дунд үйлдвэр гэж 20 жил ярилаа. Тийм үйлдвэр гэж юу байдгийг ч мэдэхгүй хүмүүс зөндөө байна. Мах, сүү, ноос, ноолуурыг анхан шатанд нь боловсруулах үйлдвэр бариад өгчихвөл хөдөөгийн хөгжил тэндээ явагдаад л байх юм. Мал, газар тариалан л гэдэг. Үүнийг чинь хүн эрхлэн явуулдаг. Яагаад Улаанбаатараас дутуугүй орон сууцыг хөдөө барьж болохгүй гэж. Сургууль, цэцэрлэг цогцоороо бий болоогүй үед хөдөөгийн хөгжил гэдгийг мал, газар хоёроор тодорхойлж болохгүй.

Монголын мал 20 сая байхдаа ч, 25 сая байхдаа ч Монголын ард түмнийг тэжээсээр ирсэн. Мал аж ахуйн салбарт төрийн бодлого үгүйлэгдэж байна. Их хурлаас гарсан бодлого бий л гэх байх. Тэр нь амьдралаас эх булаг авч чадахгүй байгаа тул начир дээрээ хэрэгжихгүй байгаа юм. Бэлчээрийн мал аж ахуй цаашид яах юм. Хязгааргүй өсгөсөөр байгаад 100 саяд хүргэх юм уу. Эсвэл 50 сая дээр нь бариад чанаржуулах уу гээд бодлогын асуудлууд хэрэгтэй. Монголын мал зохих хэмжээний хязгаарт байх ёстой. Тооны хувьд хязгаартай өсгөж чанарыг сайжруулах шаардлага бий. Малын ашиг шимийг нэмэгдүүлнэ гэхээр эрлийз малын тухай асуудал хөндөгдөнө. Гэхдээ монгол мал аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгтэй. Бэлчээрийн мал аж ахуй үеийн үед байна. Өвөлжөө хаваржаандаа байшин бариад өвлийн хэцүү гурван сарыг тэндээ давчихдаг байх хэрэгтэй. Энэ хугацаанд малчид нь мал шигээ биш сонин хэвлэл уншчихдаг, телевиз үзчихдэг болох ёстой. Хотын иргэдтэй ойролцоо амьдардаг болчихвол болох юм. Өвлийг суурин байдлаар давчихаад хавар нь бэлчээрт гараад явчихдаг болчихвол болох гээд байна. Ардын селекциэр бий болсон баяд хонь, Галшарын адуу ч гэдэг юм уу энэ бүхнийг сэргээж бэлчээрийн нөхцөлд ашиг шимийг нь нэмэгдүүлмээр байгаа л даа. Байгалийн нөхцөл сайтай Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй.

Газар тариалангийн салбарт ямар процесс явагдаж байна гэж харж байгаа вэ. Улаанбуудайн үнээс эхлээд асуудлууд аль аль талдаа гарч байх шиг байна?

-Газар тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх хэрэгтэй. Газар тариалан мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх шаардлагатай гэдэг нь тодорхой харагдаж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард Төрийн гурван өндөрлөгт газар тариалангийн салбарт төрийн ийм бодлого баримталмаар байна гэсэн саналаа бичиж өгсөн. Харамсалтай нь төрийн өндөрлөгүүд одоог хүртэл чимээгүй л байна. Бодвол миний бичсэн саналууд тэдэнд хүрээгүй нэг даргын ширээний нүдэнд байгаа юм байлгүй. Ямартай ч надад цаашид ингэж тэгж дамжуулж өглөө гэсэн зүйлийг мэдэгдсэнгүй. Тиймээс миний санал хүрээгүй байх. Харамсалтай л байна. Өнөөдөр манай төрийнхөн мэргэжилтэй хүмүүсийнхээ үгийг сонсч бодлогодоо тусгаж байх хэрэгтэй. Улаанбуудай бол ард түмний гурилын хэрэгцээг хангадаг стратегийн чухал бүтээгдэхүүн. Энэ утгаараа газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд салбар яам нь бодлогоо зөв бариагүйгээс болоод буруу яваад эхэлж байна. Хэдэн жилийн өмнөөс эхлээд улаанбуудайны талбайд арабс гээд тосны ургамлыг оронд нь тарьдаг болчихлоо. Арабсыг цаашид ихээр тарих хандлага ажиглагдаж байгаа нь бодлогын том алдаа. Төр бизнесийн салбарт хутгалдаж болохгүй ч стратегийн холбогдолтой зүйл дээр хатуу байх хэрэгтэй. Улаанбуудайг авахгүй юм бол рапсаа тарилаа гэдэг тариалан эрхлэгч байж таарахгүй. Тариалан эрхлэгчид үндсэндээ хэний газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Газар төрийн өмч шүү дээ. Төр засагтаа захирагддаггүй, төрийн бодлогыг баримталдаггүй тариаланч байж болохгүй. Тариаланчдын зовлонг би мэдэхийн дээдээр мэднэ. Үнэрхэж тунирхлаа гээд цаана нь байгаа гурван сая ард түмнийхээ хэрэгцээг боож болохгүй. Тарисан рапсаа 800 мянгаар урд өгдөг гээд улсын дотор улс байгуулаад байж таарахгүй. Рапсыг битгий тарь гэж байгаа юм биш. Тарихдаа тусгай талбайд тариад бүтээгдэхүүнийг нь дотооддоо боловсруулдаг байх шаардлагатай. Рапс, улаанбуудайн харьцааг зөв тооцож тарих нь чухал.

Газар тариалангийн бүтээгдэхүүнийг борлуулах борлуулалтын систем гэж байх хэрэгтэй. Жилийн жилд тариалсан улаан буудайгаа гурилын үйлдвэрт өгөх гэж тариаланч гурвалжин дөрвөлжин хэрүүл болж байна. Бүтээгдэхүүн борлуулдаг систем нь зах зээлийн шугамаараа явах ёстой. Тариалан дэмжих сан гэж үе үеийн сайд нарын шохоорхлыг татдаг сан байдаг.

Тэр нь ямар учиртай сан юм?

-Мэдэхгүй. Салбарын сайд бүр их л сайн байдаг юм. Тариалангийн хуулинд сан байгуулах тухай заасан. Би “Сан байг хамаагүй. Харин яамнаас нь салга” гэдэг юм. Яамнаас гаргаад төр хувийн хэвшил оролцсон бие даасан нэгж болгох ёстой. Тариалан дэмжих сан нь тариаг ийм үнээр авна гээд жишиг үнэ зарлачихдаг. Тэр үнэ нь улсын үнэ болоод бөөн маргаан үүсдэг. Яам жишиг үнэ гэж зарлахгүй, сангаа тусад нь гаргачихдаг зах зээлийн системд орох ёстой. Үнэ тогтоож байгаа нь буруу. Тариа тарьж байгаа авч байгаа хоёр нь үнээ тохирдог байх хэрэгтэй. Энэ жилийн хэрүүл үүнээс болсон. Яам нэг тонн улаан буудайн жишиг үнийг 500 мянга гэчихсэн. Яам зарласан зарлаагүй энэ үнэ боломжийн үнэ шүү дээ. Дээр нь 100 мянган төгрөгийг урамшилд өгөхөөр 600 мянган төгрөг болно гэсэн үг. Тариаланчид жаахан ургац гарчихсан үедээ давуу тал олох гэсэн эрх ашгаа хэтрүүлсэн шаардлага тавиад байгаа юм уу гэж бодоод байна. Бүтээгдэхүүний өөрийн өртгийг маш нарийн тооцох ёстой. Өөрийн өртгөөс үндэслэн үнэ үүсдэг. Би яаманд “Тариалан эрхэлдэг газруудыг бүсчилээд дундын байгууллага гаргаад судалгаа явуул” гэсэн. Ургац нэмэгдэх тусам бүтээгдэхүүний өөрийн өртөг багасдаг. Урамшууллыг хавтгайруулан өгч болохгүй. Урамшууллын 100 мянган төгрөгийг улсад тушаасан товарын улаан буудайнд л олгоно.

 

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

АТГ, Цэц хоёр тохиролцов бололтой

Б.Хурцыг  2011 онд  АТГ-ын дэд даргаар
томилсныг хүмүүс санаж байгаа
байх. Гэвч энэ томилгоо
Үндсэн хууль зөрчсөн гэж
үзээд   “Хос
дэнс”  залуу
хуульчдын клубийн гишүүн  А.Гантөмөр Цэцэд
хандсан билээ. Түүний Цэцэд
өгсөн мэдээллээр бол  АТГ-ын дэд даргын
албан тушаалд Авлигын эсрэг
хуульд заасны дагуу ийм
л  хүн
томилогдох ёстой байж.  Мэргэжлийн болон зохих нөхцөл
шалгуур хангасан. Авлига, албан тушаалын
хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Төрийн
албанд арваас доошгүй жил
ажилласан. Эрх зүйч мэргэжилтэй,
гүйцэтгэх болон мөрдөн байцаах
ажлын мэдлэг, туршлагатай. Сүүлийн
таван жил улс төрийн
албан тушаал   эрхлээгүй
байх ёстой юм байна.
Гэтэл Б.Хурцыг төрийн
албанд арваас доошгүй жил
ажилласан эсэхийг нягтлаагүй. Авлига,
албан тушаалын хэргээр шалгагдсан үгүйг
нь ч тодруулалгүйгээр АТГ-ын дэд даргаар
томилсон.  Энэ  нь  Үндсэн
хуульд заасан хууль дээдлэх
төрийн үйл ажиллагааны үндсэн
зарчмыг зөрчсөн байх магадлалтай.Тиймээс хянан шийдвэрлэж
өгөхийг иргэн А.Гантөмөр   Цэцээс
хүсчээ.                                      

Цэц энэ мэдээллийг хүлээж
аваад Д.Сугарт хуваарилжээ.   Д.Сугар А.Гантөмөрийн
гарга­сан мэдээллийг нягтлаад
Цэ­цэд маргаан үүсгэхээр
асуу­дал биш гэж
үзсэн бай­на. Тэрээр
“Иргэн А.Гантөмөрийн мэдээллээр
Үндсэн хуулийн Цэцэд маргаан
хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэл тогтоогдохгүй
байна.  Маргаан
шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсугай” гэдэг тогтоол үйлдэж,
гарын үсгээ зуржээ. Үүнийг
санамсаргүй зүйл гэх үү,
үгүй. Цэц анхнаасаа энэ
асуудлыг Д.Сугарт хариуцуулсан
нь зориуд байж таарах
нь. Байнга хэрэгт шалгагдаж,
дуудагдаад шаналж яваа Д.Сугарыг АТГ-тай
эвээ олог гэсэн юм
байна.

Ер нь манай эрх
баригч нам дотроо олон
фракцид хуваагдсан байдаг. Тэр бүлэглэлүүд
нь өнөөдрийн  төрийн
институциудыг  өмчлөөд
авчихсан учраас малгай тавьсан
бол манайх гэдэг зарчмаар
ханддаг.  Төрийн
байгууллагууд ч эздийнхээ  эрх ашгийн төлөө
өргөсөн тангаргаа умартан, үхэн хатан  зүтгэдэг.  Жишээ
нь ТЕГ Засгийн газрынх.  Тэгвэл
АТГ өөр эзэнтэй. Тиймээс
энэ хоёр байгууллага хөлөө
жийлцэн толхилцдог. ЦЕГ ч өөр
эзэнтэй учраас  сайдынхаа
эсрэг сөрөн зогсдог биз.  Монголбанк  ч
ялгаагүй.  Засгийн
газрыг л хорлох гэж   долларын
ханшийг өсгөж тоглоом наадам
хийдэг байх .  Яагаад
гэвэл энэ байгууллага УИХ-д харьяалагддаг юм.
Гэх мэтчилэнгээр төрийн байгууллагуудын аль
нь хэний дохиогоор хөдөлдөг
тухай бичээд байвал жишээ
олон. Яг үүн шиг
сонирхолтой үзэгдэл  иргэн
А.Гантөмөрт өгсөн
Цэцийн хариунаас харагдаж байна. АТГ-т
шалгагдаж байгаа Д.Сугар
Цэцээс өөрт нь өгсөн
боломжийг овжин ашиглалаа. Үндсэндээ
Б.Хурцын томилгоо
хууль зөрчөөгүй гэж үзээд түүнтэй
холбоотой маргааныг Цэцээр авч хэлэлцүүлэхээргүй
болгож тал засчихлаа. Харин
одоо Б.Хурц хариу
нүүдэл хийх л үлдэх
шив дээ. Явж, явж
АТГ, Цэц хоёр тохиролцчих
шиг боллоо шүү.

Я.МӨНГӨН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Канген ус” хэр баталгаатай вэ?

Сүүлийн үед нийслэл хотын
хай сайгүй “Канген ус”
гэсэн хаяг харагдах болжээ.
Япон улсын төхөөрөмж ашиг­лан гаргаж авч
буй энэхүү ус нь
хүний биед маш сайн
үйлчилгээ үзүүлж, усаар дамжуулан
бүхий л өвчний эдгэрэлтэд
сайнаар нөлөөлнө гэсэн сурталчилгаа бас
давхар харагдана. Үнэхээр энэ ус
хүний биед ямар ач
тустай вэ, япончууд өөрсдөө
“Канген ус”-ны ач
тусыг мэдэрсэн болов уу. Ер
нь Японд үйлдвэрлэсэн гэх
төхөөрөмжөөр монголын крантны усыг шүүж
гаргаж авсан энэ ус
ямар “ид шид”-тэй
вэ гэсэн олон асуултууд
урган гарсан тул тал
талын мэдээлэл өгөх үүднээс дэлгэрэнгүй
сурвалжиллаа.

Дэлгүүр, цайны газар, эмийн
сан, худалдааны жижиг газруудын нэгээхэн
буланд байрласан “Канген ус”-ны
“төв”-үүдэд орж үзлээ.
Ингэхэд төвийн шугамын крантны
цоргоос жижигхэн аппарат холбожээ.  Тэрхүү аппарат нь
нөгөө талаасаа мөн гурван цоргонд
холбогдсон байх юм. Өөрөөр
хэлбэл, крантаас гоожсон ус тэрхүү
гурван дав­хар шүүлтүүр
болон канген аппаратад байх
шүүлтүүрээр давхар шүүгдсэнээр “Канген
ус” буюу худалдаачдын хэлж
буй хасах цэнэгтэй, зөв
бүтэц­тэй ус иргэдэд
хүрч байгаа ажээ.

             

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД
ШАЛГАЖ ТОГТООГООГҮЙ БАЙНА

Хаа сайгүй байх уг
төвүүд үйл ажиллагаа явуулах
эрхтэй эсэх, энэхүү ус
нь иргэдийн эрүүл мэндэд хэр­хэн нөлөөлөхийг манай
энэ төр­лийн мэргэжлийн
байгуул­лагууд шалгасан эсэхийг
тодруулсан юм.

Эхлээд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг
зорьж, тус хүрээлэнгийн ахлах
ажилтан И.Болормаатай уулзлаа.
Харин тэрээр “Канген усны
найрлагыг судалж тогтоосон зүйл
одоогоор байхгүй учир ямар
нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн
юм.

Ингээд хүний эрүүл мэндэд
нөлөөлөх нөлөөллийг судалж байж, худалдах
зөвшөөрлийг нь өгдөг Нийслэлийн
мэргэж­лийн хяналтын газарт
хандлаа.

Ингэхэд тус газрын Усны
асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн н.Баясгалан мөн л ямар
нэг судалгаа, шинжилгээ хийгээгүй байгааг хэллээ. Хэдийгээр
сүүлийн үед олны анхаарлыг
татаад байгаа ч шууд
шинжлэн судлах боломжгүй байсан
ажээ. Учир нь шинээр
мөрдөж буй “Төрийн хянан
шалгах тухай” хуулийн дагуу
төлөвлөгөөт шалгалтын хуваарь гаргадаг байна.
Өөрөөр хэлбэл, тухайн оны
арванхоёрдугаар сарын 1-ны дотор
дараагийн жилд шалгах байгууллага,
үйл ажиллагаа, бүтээгдэхүүний жагсаалт гардаг аж. Гэхдээ
иргэдээс гомдол ирсэн тохиол­долд төлөвлөсөн, төлөвлөөгүй
шууд шалгалт явуулах эрх
нь тус газарт бий.
Тиймээс “Канген ус”-ны
талаар иргэдээс ойрын өдрүүдэд гомдол
нэлээд ирж байгаа тул
тун удахгүй удирдамж гаргаж,
шалгалт явуулах болно гэдгийг
н.Баясгалан мэргэжилтэн
хэлнэ лээ.

Ийнхүү улсад маань орж
ирээд, аль хэдийнэ иргэдэд
хүрээд буй ус цэвэршүүлэгч
гэмээр уг төхөөрөмж нь
Мэргэжлийн хяналтын газрын ямар нэг
шалгалтад ороогүй бол бүр
хилээр орж ирэхдээ ямар
зөвшөөрөлтэй орж ирсэн болж
таарах вэ. Энэ талаар
Хилийн мэргэжлийн хяналтын газраас лавлахад “Хүний
биед ямар нөлөөтэйг манайх
шалгаж, дүн шинжилгээ хийдэггүй.
Бид зөвхөн гадаад худалдааны
бичиг баримтыг нь шалгаад л
оруулдаг. Харин хилээр нэвтрээд
иргэд бүтээгдэхүүнийг нь ашиг­лаж
эхэл­сэн тохиолдолд дүүргүүдийн
мэргэжлийн хяналтын хэлтэс хариуцах ёстой”
хэмээсэн юм.

Ийнхүү “Канген ус”-ыг
мэргэжлийн байгууллагууд судалсан гэх ямар ч
мэдээлэл олсонгүй. Өөрөөр хэлбэл, канген
ус нь хүний биед
хэрэгцээтэй эрдэс бодис, улмаар
хасах цэнэг, зөв бүтэц
агуулж байгаа гэдгийг нь
судалж тогтоосон эрдэмтэн, мэргэжилтэн хараахан байхгүй байна. Түүгээр
ч зогсохгүй худалдаа
явуулах эрхийг ч мэргэжлийн
байгууллагаас огт өгөөгүй байгаа
ажээ.

КАНГЕН УС” НЬ ЯПОНДОО СҮЛЖЭЭНИЙ
БИЗНЕС АЖЭЭ

“Канген ус”-ыг япончууд
хамгийн ихээр хэрэглэдэг” хэмээн
худалдаачид сур­талчилж байгаа.
Энэ үүднээс япончуудын хэрэглээний
усны талаар мэдээлэл хайж
үзлээ. Ингэхэд үнэхээр японы
цахим ертөнцөд энэ усны талаар
маш их мэдээлэл байв.
Гэхдээ тэд бүгдээрээ канген
ус нь эрүүл мэндэд
ямар ч нөлөө байхгүй,
зөвхөн сүлжээний бизнес гэдэг талаас
нь бичиж, тайлбарласан байх
юм.

Тухайлбал,
Токио хотноо монгол хэлний
орчуулагчаар ажилладаг Итаго хэмээх бүсгүй
хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллүүдийг нэгтгэн монгол хэлээр
өөрийн фэйсбүүк хуудаснаа кангены талаар бичжээ.
Тэр ч мөн энэ
нь ердөө л сүлжээний
бизнес хэмээсэн байна. Өнөөдрийн байдлаар
Япон улсдаа уг төхөөрөмжийг
худалдахыг түр хориглоод байгаа
тухай ч мэдээлсэн байгаа
юм.

Итаго болон бусад япончуудын
хэлснээр канген ус нь
нэг төрлийн электролиз ус
гэнэ. Электролиз гэдгийг хамгийн энгийнээр
тайлбарлавал усан дотор цахилгаан
гүйдэл гүйлгэж химийн урвал
явуулах процесс аж. Хэрэв
усан дотор ямар нэгэн
давс, эсвэл кальцийн гидроксид
зэргийг уусгаад электролиз явуулбал
эерэг электрод дээр хүчиллэг ус,
сөрөг электрод дээр шүлтлэг ус
болж задардаг байна.

Ингэж нэгэнт хүчиллэг болсон
усанд бактери үржих боломжгүй
тул уг усыг япончууд
эмнэлгийн салбартаа ариутгалын зориулалтаар ашиглах нь олонтаа
байдаг ажээ. Энэ нь
монголчуудын тогоондоо хужир хийж угаадаг
байсан шиг угаалгын бодис
болгон ашигладагтай агаар нэг ойлголт
юм. Энэ утгаараа хүн
өдөр тутмын амьдралдаа бактери
устгахуйц хэт шүлтлэг, хүчиллэг
ус уугаад байх нь
ховор тул эмнэлгийн болон
үйлдвэрлэлийн зорилготой электролиз устай ялгаж салгаж
ойлгож хэрэгтэйг ч энд сануулсан
байгаа юм.

Гэрийн нөхцөлд гаргаж авсан
электролиз усны тухай түүхийг
япончууд ярихдаа 1950-аад оноос эхлэлтэй
гэж үздэг юм билээ.
Учир нь тухай үед
“Шин-ноул ус” хэмээн
нэрлэсэн усыг гоо сайханд
үлэмж нөлөөтэй, аливаа өвчин эмгэгийг
эдгээдэг хэмээн сурталчлан энгийн
иргэдэд худалддаг байжээ.

Харин үүнийг нь Японы
мэргэжлийн байгууллагаас шинжилгээ хийж үзэхэд биеийн
өвчин эмгэгийг сайжруулах үйлчилгээ байхгүй гэдэг дүгнэлт
гарчээ. Харин ходоод эвгүй
үед монголчууд бид амны хужир
уудаг шиг онолын хувьд
ходоодны хүчлийг дарах үйлчилгээ
бол байж болно гэдгийг
хэлсэн байна. Гэхдээ 10 литр
ус ууж байж нэг
ширхэг ходоодны эм уусантай тэнцэх
хэмжээний үйлчилгээ үзүүлнэ гэдгийг нь
судлан тогтоожээ.

Ийм мэдээлэл гарнаас хойш нэг
хэсэгтээ “Шин-ноул ус”-ны тухай бараг
мартсан ч дахин “Ионжуулсан
ус” гэх ус Японд
дэлгэрсэн байна. Улмаар эрүүл
мэндэд ямар ч таатай
нөлөө үзүүлэхгүй тэрхүү усыг гаргагч
төхөө­рөмжийг худалдан авсан
олон иргэд улсынхаа Ардын
ахуй амьдралын төвд олноороо өргөдөл
гаргасан тохиолдол ч бий ажээ.

Гэтэл энэхүү “ионжуулсан ус”-ны бизнесээс хүмүүс
сэжиглэж эхлэхээр зарим компани түүнийг
“канген ус” гэж нэрлээд
гаргаад  ирсэн
нь өдгөө манайд худалдаж
буй ус аж.

Канген гэж япон хэлээр
ангижруулах гэдэг үг ажээ.
Электролизын процессоор усан дахь хүчилтөрөгчөөс
ангижруулсан гэдэг утгатай аж.
Өнөөдөр зарагдаж байгаа төхөөрөмжийн дийлэнх
нь кальцийн лактатыг уусмал болгож ашигладаг.
Тэгэхээр электролизын улмаас кальцийн гидроксид
буюу боловсруулсан шохойтой ус бий болно
гэсэн үг.

Гэхдээ Япондоо бол электролиз
усыг худалдах, ахуйн зорилгоор электролиз
ус бүтээх төхөөрөмжийг үйлдвэрлэн
худалдахыг хууль тогтоолоор хориглоогүй
нь тун сонирхолтой. Учир
нь төхөөрөмж үйлд­вэр­лэгч
үйлдвэрүүдийн суртал­чил­гааyд итгэж худалдан
авалт хийх нь тухайн
хүний эрхийн асуудал байдаг
байна.

Н.СОДНОМПЭЛ:
КАНГЕНЫГ ЯМАР НЭГ ЭМ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ

“Канген ус”-ны талаарх
мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс энэ
төрлийн бизнес эрхлэгч “Нэг
дэлхий, эв нэгдэл” төрийн
бус байгууллагын тэргүүн Н.Содномпэлтэй
ярилцсан юм.

Та
ямар учраас канген усны худалдаа эрхэлж байгаа юм бэ?

-Манай “Нэг дэлхий эв
нэгдэл” төрийн бус байгууллага
нь 2010 оноос эхлэн усны
зөв хэрэглээний талаар иргэддээ ойлголт
өгөх зорилгоор ажиллаж ирсэн. Улмаар
тэр жилдээ Япон улсын
эрдэмтэн Масару Эмотог урьж
авчран, “Хариулт нь усанд
бий” хэмээх лекцийг бүх
нийтэд үзүүлж байсныг иргэд
санаж байгаа болов уу.

Канген бол японы “Enagic” фирмийн
бүтээгдэхүүн. Канген хэмээх аппаратыг
1974 онд анх гаргасан. Ингэхдээ
эхний 10 гаруй жилийн хугацаанд
далайн усыг цэвэршүүлж, ариутгалын
ус гаргаж авч байсан.
Үүний дараа тус компанийн
зүгээс иргэдийнхээ дунд судалгаа явуулсан
байдаг. Ингэхдээ ихэвчлэн өндөр настнууд амьдардаг
Окинаво арлыг зорьж, энэ
арлын хүмүүс яагаад өндөр
насалж байгааг судалсан байдаг.
Ингээд үзэхэд Окинаво аралын
бүх уснууд нь хасах
цэнэгтэй байжээ. Улмаар дэлхий
дээр өөр хаана ийм
ус байгааг судлахад Мексик,
Лондон зэрэг дэлхийд алдартай
рашаанууд бүгдээрээ хасах цэнэгтэй, зөв
бүтэцтэй ус байсан байгаа
юм. Тиймээс тус компани
ийм ус гаргаж авахаар
зорьж, шинэ төхөөрөмж зохион
бүтээсэн.

Өөрөөр хэлбэл, канген аппарат
дотор долоон давхар цагаан
хавтан бий. Үүний нэг
хавтан нь л 750 ам.долларын үнэтэй. Энэ хавтангуудаар
дамжин, электролиз явагдаж крантнаас орж
ирж байгаа усыг хасах,
нэмэх цэнэгтэй болгон ялгаж байгаа
юм. Өөрөөр хэлбэл, усыг
зөв болон буруу бүтэцтэйгээр
нь ялгаж, хоёр хоолойгоор
гоожуулж байгаа юм.

Энэ аппарат өнгөрөгч найм­дугаар сараас эхлэн
манайд орж ирсэн. Анх
нэг залуу чихрийн шижин
өвчтэй аавдаа зориулж ахуйн
хэрэглээндээ хэрэглэх зорилгоор оруулж ирсэн байдаг.
Ойр тойрны хүмүүс ч
гэрээс нь зөөж уух
болсон гэсэн. Яг үүнтэй
зэрэгцээд өөр нэг хүн
японоос оруулж ирснээр өнөө
жилийн гурав, дөрөвдүгээр сараас
эхлээд канген шопууд түгж
эхэлсэн юм. Би ч
тэдний л ижил.

Канген
усыг уух нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Хүн гэдэг амьтан ганцхан
төрлийн өвчинтэй. Энэ өвчин нь
эс бохирдох өвчин. Өөрөөр хэлбэл,
ямар ч өвчин эс
нь бохирдсоноор үүсч байгаа юм.
Эс бохирддог, цангадаг. Хүний биед 108 триллион
эс байдаг. Тэдгээр эс
бүрт ус байна. Эсэнд
маш жижиг молекултай, хасах
цэнэгтэй, зөв бүтэцтэй ус
байдаг. Гэтэл бидний хэрэглэж
байгаа ус нь нэмэх
цэнэгтэй, том молекултай, бүтэц
нь эвдэрсэн байдаг учир эсэн
дотор ордоггүй. Канген аппаратаас гарч
байгаа ус нь энгийн
крантаас гарч байгаа уснаас
зургаа дахин жижиг молекултай,
хасах цэнэгтэй, зөв бүтэцтэй ус
байдаг учир янз бүрийн
мэдээллийг өндөр хэмжээнд задалснаар
ямар нэгэн буруу мэдээлэлгүй
учир шууд эсэд очиж
байгаа юм. Ингэж бохирдож,
цангасан эсэд шинэ ус
ороод ирэхээр хүн өөрөө
залуу, шинэ болж байгаа
юм.

Үүнийг бид ямар нэг
эм гэж хэлэхгүй. Ямар
нэг зүйлийг засна, сайжруулна
ч гэж хэлэхгүй.
Гэхдээ эрүүл мэндийн ус.
Ерөөс бидний уух ёстой
ус л гэж хэлнэ.

Энэ
төхөөрөмжийг яг таны хэлж буй усыг гаргадаг гэдгийг та яаж нотлох юм бэ?

-Энэ төхөөрөмж олон улсын байгууллагуудаас
маш олон шагнал авсан
бүтээг­­дэхүүн. Тухайлбал, Япо­ны эрүүл мэндийн
яам­ны анагаа­хын
тоног төхөөрөмж гэсэн албан ёсны
нэршилтэй. Түүнчлэн олон улсын байгуул­лагын байгальд ээлтэй
төхөө­рөмж, АНУ-ын
усны чанарын холбооны гишүүн,
үйлдвэрлэгч компани нь 2011 оны
дэлхийн шилдэг 100 компанийн нэг зэрэг маш
олон шагнал авч, чанар
нь нотлогдсон бүтээгдэхүүн.

Канген
усыг үнэхээр хүний биед нөлөөтэй эсэ­хийг албан ёсоор судалж мэ­дээ­гүй байгаа юм билээ?

-Дээр хэлсэнчлэн зөв усыг түгээгээд
эхлэнгүүт монголчууд дээр үед усны
зөв бүтцийн тухай ярьж
байсан н.Шагж докторыг
дараад унагасантай ижил биднийг ч
гэсэн шүүмжилж, элдвээр доромжилж байна.
Бид наанадаж олон тооны ажлын
байр бий болгож байна.
Цаанадаж усны зөв хэрэглээтэй
болж байна. Өнөөдөр манай
крантнаас гарч байгаа ус
чинь бараг хөгжилтэй орны
нойлын устай ижил бохирдолттой,
асар өндөр хэмжээний хлортой
байна. Ийм байхад кангенууд
гарч ирээд хүн амыг
эрүүлжүүлж байхад сүлжээний бизнес,
японы нойл цэвэрлэдэг ус
гэх мэтээр муучилж байна.
Үүнийг би муухай монгол
зан л гэж хэлнэ.
Нэг ёсондоо атаархал явагдаад
байгаа юм.

Жишээлбэл
танай төв канген усыг худалдах ямар зөвшөөрөлтэй вэ. Танай усыг мэргэжлийн байгууллага судалсан уу?

-Мэргэжлийн
хяналтын газраас зөвшөөрөл авах
гээд очтол эхний ээлжинд
усны шинжилгээний бичиг шаардлагатай гэсэн.
Тий­мээс ч Нийслэлийн
мэргэж­лийн хяналтын газрын
лабо­раторийн шинжилгээ хийлгэсэн, шаардлагатай бүх баримт бичгүүд
бий.

Тэгвэл
Мэргэжлийн хянал­тын газрын ажлын байр­ны зөвшөөрөл бий юу?

-Тийм зөвшөөрөл хараахан байхгүй. Ямар ч байсан
усны шинжилгээний бичгээ бэлдчихээд л
байж байна. Өөрийнх нь
лабораторийн шинжилгээний бичиг байгаа юм
чинь болох байлгүй дээ.

Ер нь “Enagic” нь тун удахгүй
ирэх юм билээ. Тиймээс
би тэдэнд санал тавьж,
албан ёсны зөвшөөрлийг нь
авч өгөх байлгүй гэж
би бодож байгаа. Миний
хувьд ямар ч байсан
хүний биед хортой ус
худалдаагүй гэдгээ албан ёсоор
шинжилгээгээр нотолчихсон. Нэгэнт компани орж
ирж байгаа учир тэд
өөрсдөө зөвшөөрлөө авах байлгүй дээ.

Та
сурталчилгааны самбар дээрээ албан ёсны төлөөлөгч гэжээ. Канген усыг зарж байгаа хүн бүр тус компанийн төлөөлөгч үү?

-Үгүй. Хүн бүр тусдаа
шүү дээ. Монголдоо хэдэн
зуугаараа ажиллаж байгаа канген
шопын эзэд тус бүртээ
зөвшөөрөл авна гэвэл бүтэхгүй
асуудал болно шүү дээ.

Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Уур амьсгалын
өөрчлөлтийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гардуулах
ёслол өчигдөр Байгаль Орчин,
Ногоон Хөгжлийн Яамны “Хаан танхим”-д боллоо. Зарлиг гардуулах ёслолд
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Амьдрах орчин,
ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, БОНХ-ийн сайд С.Оюун, БОНХ-ийн
сайдын зөвлөх, Байгаль орчны гавьяат ажилтан З.Батжаргал, ҮХАА-н сайд
Ш.Түвдэндорж болон албаны бусад хүмүүс, тус салбарын голлох эрдэмтэн судлаач,
салбар шинжлэх ухааны байгууллагын ахлах ажилтан, төлөөлөгчид оролцов.

Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн
төлөөлөгч С.Эрдэнэболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын Газрын дарга П.Цагаан БОНХ-ийн сайд С.Оюун, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж
нарт гардуулан өгч зарлигийн хэрэгжилтийг хангах ажил хэрэгт нь амжилт хүсэв.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан
хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Төрийн тэргүүн
болсон цагаасаа байгаль орчны асуудалд нухацтайгаар анхаарал хандуулсаар
ирснийг дурдаад ард иргэд, эрдэмтэн мэргэдийн саналыг тусгаж Уур амьсгалын
өөрчлөлтөд ард иргэдийг бэлэн байлгахад чиглэсэн энэхүү зарлигийг гаргасныг
онцлов. Мөн БОНХ-ийн сайд С.Оюун НҮБ-ын Байгаль орчны Асамблейн даргаар
томилогдсон хоёр жилийн хугацаандаа дэлхий нийтийн сайн туршлагыг Монгол
орондоо нутагшуулах, өөрийнхөө орны сайн туршлагаар бусад орнуудад дорвитой
хувь нэмэр оруулахаар зорьж байгаа гэдгийг хэлж зарлигийг хэрэгжүүлэх болон
цаашдын ажил үйлсэд нь амжилт хүссэн юм.

Зарлиг гардуулах ёслол өндөрлөсний дараа
Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр хүрэлцэн
ирсэн төлөөлөгчид болох тус салбарын голлох эрдэмтэн судлаач, салбар шинжлэх
ухааны байгууллагын ахлах ажилтнуудын Ерөнхийлөгчийн зарлигийн талаарх
сэтгэгдэл, санал санаачилгыг сонсон, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт
өгөв.

Ирэх долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Асамблейн ээлжит
чуулганы өмнө буюу есдүгээр сарын 23-ны өдөр Нью-Йорк хотноо болох Уур
амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Төр, засгийн тэргүүн нарын Өндөр дээд
хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, дугуй
ширээний уулзалтыг даргалах юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Төв аймгийг зорилоо

Монгол
Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутагт ажиллахаар болж өнөөдөр өглөө
Улаанбаатар хотоос мордлоо.

Шувууны
аж ахуйг хөгжүүлж, өндөгний импортыг 90 хүртэл хувиар бууруулах зорилгоор Төв
аймгийн Баянчандмань суманд 500 мянган шувууны аж ахуй байгуулагдсан байна. Уг
аж ахуйн нээлтийг өнөөдөр хийх бөгөөд Ерөнхий сайд оролцох юм.

Categories
гадаад мэдээ

Шотландын санал асуулгын дүнг өнөөдөр зарлана

Шотландад
өчигдөр бие даан тус­гаар тогтносон улс бо­лох эсвэл Их Британийн бүрэлдэхүүнд
хэвээр үлдэх эсэхийг шийдвэрлэх бүх нийтийн санал асуулга явагдлаа. Саналын
хуудас зөвхөн нэг асуулттай бөгөөд тэр нь “Та Шотландыг тусгаар тогтносон улс
болохыг зөвшөөрч байна уу”. Сонгогчид тийм, үгүй гэсэн хоёр сонголтоос зөвхөн
нэгийг нь сонгож, санал өгөх юм.
Нийт 4285323 хүн санал өгөх эрхтэй бөгөөд түүхэнд байгаагүй өндөр ирцтэй санал
асуулга болох төлөвтэй байв. Улс даяар 2608 сонгуулийн штаб ажиллаж, иргэд орон
нутгийн цагаар өглөөний 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгчээ. Энэхүү
асуулгын дүн өнөөдөр тодорхой болох юм. Саналыг Шотландын 32 захиргааны нэг­жийн
бай­ранд тоолж, дүнг холбогдох ажилт­нуудад мэдээлэх бөгөөд Эдинбургийн санал
тоол­логын комисс мэдээллийг нэгтгэн тус комиссын дарга Мэри Питкейтли эцсийн
дүнг  Эдинбургийн шилтгээний өмнөх талбайд зарлах аж. Тэрбээр асуулгын
дүнг баасан гарагийн өглөөний цайныхаа цагаар зарлах болно гэж хэлжээ.
Тиймээс Шотландын сонгуулийн уламжлалын да­гуу өнөөдөр 06.30-07.30 цагийн үед
олонд мэдээлэх магадлал хамгийн өндөр байгаа талаар BBC агентлаг мэдээллээ.
Учир нь 2010 оны Их Британийн парламентийн сон­гууль, 2011 оны Шотландын
парламентийн сон­гуулийн санал хураалтийн дүнг энэ цагуудад зарлаж байсан юм
байна. Бүс нутгуудын санал асуулгын дүн өглөөний 03.00-06.00 цагийн хооронд
санал тооллогын комисст ирнэ гэж төлөвлөжээ. Түүнчлэн түүхэндээ байгаагүй олон
хүн санал өгөх учраас дэг журамд тооллогын ажилтнууд хяналт тавьж ажиллахаар
болсон бөгөөд цаг агаарын байдал,  алслагдмал нутгуудын саналын хайрцаг
товлосон цагаас оройтох магадлалтай учир усан онгоц, нисдэг тэрэг зэрэг
тээврийн хэрэгслийг ашиглан саналын хайрцгуудыг тээвэрлэх ажлыг зохион
байгуулжээ. Энэ санал асуулгаар Шотландын иргэд Их Британийн эзэнт гүрний
бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнохыг дэмжвэл 2016 оны гуравдугаар сарын 24-ний
өдөр тус улс тусгаар тогтнолоо албан ёсоор зарлана гэж төлөвлөөд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Харилцан визгүй зорчих хэлэлцээрийг баталжээ

Монгол-ОХУ-ын
иргэд харилцан зорчих нөхцөл, хууль бусаар оршин сууж буй иргэдийг буцаан
шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг Засгийн газар өчигдрийн
хуралдаанаараа баталсан байна. Хоёр орны иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай
болон хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн
газар хоорондын хэлэлцээр, хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай протоколыг
Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн
дэмжээд, ОХУ-ын төрийн тэргүүний манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр үсэг
зурсан билээ.

Хэлэлцээрийн
дагуу хоёр орны иргэд 30 хүртэлх хоног, ингэхдээ 180 хоногт 90 хоногоос дээшгүй
хугацаагаар харилцан визгүй зорчих боломжтой. Харин хууль бусаар оршин сууж
байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хэлэлцээр нь нэг талын улсын хууль
тогтоомжийг зөрчиж нутаг дэвсгэрт нь зорчсон нөгөө улсын иргэнийг шилжүүлэн
өгөх, хүлээн авахтай холбоотой харилцааг зохицуулсан юм.

Шаардлагатай
дотоодын журмаа биелүүлсэн тухайгаа талууд харилцан мэдэгдсэнээс хойш 30
хоногийн дараа хэлэлцээр тус бүр хүчин төгөлдөр болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Соната 8” автомашинд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

“Хьюндэй моторс” компани 2014
оны есдүгээр сарын 17-ны өдөр зарим телевизийн бизнес мэдээгээр
“Соната 8 автомашиныг худалдаж авбал дугаарын хязгаарлалтад хамаарахгүй” гэсэн
утгатай сурталчилгааг олон нийтэд түгээжээ. 
Автомашины улсын дугаараар хязгаарладаг замын хөдөлгөөний зохицуулалт нь
НИТХ-ын 2012 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах
зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай “4/14 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг
даргын 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “ Улаанбаатар хотын автозамын хэт
ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай”  А/532 дугаар
захирамжийн хүрээнд хэрэгжүүлсэн зохицуулалт юм.
Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх тогтоол, захирамжид заасанчлан “Нийтийн
тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси,
тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон /түргэн, цагдаа, онцгой байдал,
шуурхай алба/  тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалт хамаарахгүй” гэснээс
бусад тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалтын зохицуулалт тэгш үйлчилдэг
зарчимтай. Энэхүү шийдвэрийг нийслэл дэх төрийн болон төрийн бус байгууллага,
аж ахуй нэгж, хөдөө орон нутгийн аль ч төрлийн тээврийн хэрэгсэлд үйлчилдэг,
нийтээр дагаж мөрддөг.
Гэтэл “Хьюндэй моторс” компани нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөж
буй дээрх зохицуулалтыг үгүйсгэж байгаа мэт үйлчлүүлэгчдээ эргэлзээнд оруулсан,
олон нийтийг төөрөгдүүлсэн хариуцлагагүй сурталчилгааг телевизүүдээр цацсанд
харамсч байна. Тиймээс тус компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж шударга
өрсөлдөөний зарчмаа дээдэлж олон нийтийн төөрөгдлийг нэн даруй арилгахыг үүгээр
мэдэгдье гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас
мэдээллээ.

 

Categories
мэдээ нийгэм

Монголын электро бүжгийн холбооны тэмцээн болно

“Монголын
электро бүжгийн холбоо”-ны таван дахь удаагийн улсын аварга шалгаруулах
“Vertifigt Mongolia” тэмцээнийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Уг бүжгийн тэмцээнд түрүүлсэн
оролцогч нь олон улсын “Vertifigt World Championship”-д Монгол улсаа төлөөлөн
оролцох юм байна. Энэ нь электро бүжигчдийн уралдаан
бөгөөд амжилттай оролцсон бүжигчин тусгай нэршил, цолтой
болдог аж. Энэхүү тэмцээн энэ сарын 20-нд болох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын төлөөлөгчөөр Ш.Батцэцэгийг томилжээ

    Монгол Улсаас
Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэгийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр
Шагдарын Батцэцэгийг томилсон байна. Тэрбээр Монгол Улсаас Бүгд Найрамдах
Индонези улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаа
юм. Энэ бүс нутгийн улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Зүүн өмнөд Азийн орнуудын
нийгэмлэг /Association of Southeast Asian Nations/ буюу АСЕАН-ы бүсийн чуулганд
манай улс 1998 онд оролцож, 2005 онд Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд
нэгдэн орсон ба цаашид АСЕАН-тай яриа хэлэлцээний түнш болох зорилт тавьж
байна. Харин АСЕАН-ы дэргэд сууж байсан Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдоржийг
өнгөрөгч дөрөвдүгээр сард эгүүлэн татжээ.