Categories
мэдээ нийгэм

Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашиглах төлбөрийг нэмэгдүүллээ

Мод, модон материалын зах зээлийн
одоогийн үнэ ханшийг 2005 оныхтой харьцуулахад бүх төрлийн банз 5.6 дахин, дүнз
5.3 дахин, түлээний мод 1.7 дахин нэмэгдсэн байна. Гэвч хэрэглээний мод, түлээ
бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ 2005 оноос хойш өөрчлөөгүй.

Иймд ойгоос хэрэглээний мод, түлээ
бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг үйлдвэрлэлийн зориулалтаар сайн чанарын мод
бэлтгэж зах зээлд нийлүүлэн ашиг олох тохиолдолд харьцангуй өндөр, арчилгаа,
цэвэрлэгээний огтлолт хийж, ойн чанарыг сайжруулах ажлын үед бага байхаар
шинэчлэн тогтоожээ.

 Ойгоос хэрэглээний мод, түлээ
бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосноор ойн нөөцийн экологийн
болон нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үнэ цэнийг бодит байдалд ойртуулж, ой
хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардалд зарцуулагддаг улсын татаасыг багасгах
зэрэг олон талын ач холбогдолтой гэж холбогдох албаныхан үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Үхрийн махны үнэ өсөлттэй байна

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр
 хонины ястай махны үнэ өмнөх
сарынхаас 4.9 хувь,  адууны махны үнэ 2.4
хувь, ямааны махны үнэ 2.3
хувиар буурч, үхрийн
ястай махны үнэ 1.0
хувь, үхрийн
цул махны үнэ 9.9
хувиар өссөн байна.

Үүнийг өмнөх долоо
хоногийнхтой харьцуулбал үхрийн цул махны үнэ 4.8 хувиар өсч, хонины ястай
махны үнэ 3.8 хувь, ямааны махны үнэ 0.2 хувиар буурч, бусад махны үнэ
өөрчлөлтгүй гарсан үзүүлэлт юм.

Тодруулбал,  нэг кг хонины ястай мах дунджаар
6270 төгрөг, үхрийн ястай мах 7665 төгрөг, үхрийн цул мах 9700 төгрөг, адууны
мах 5560 төгрөг, ямааны мах 5580 төгрөгийн үнэтэй байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нийтийн дуучдын нэгдсэн тоглолттой




“Намар намрын намар” нэртэй нийтийн дуучдын
нэгдсэн тоглолт өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нд буюу 19.00 цагаас Монгол
бөхийн өргөөнд болох гэж байна.  

Энэ намрын хамгийн
анхны нээлтийн тоглолтод Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, Б.Сийлэгмаа
болон Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалаг, Б.Батболд, Э.Оюумаа,
Л.Банзрагч, Д.Бурмаа, Д.Намсрайноров, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ нарын уран
бүтээлчид оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

“Автобус-1, 3”, “Цахилгаан тээвэр”-ийг татан буулгаж, нэгтгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Татан буулгах ажлыг зохион байгуулах
комисс томилох тухай” А/778 дугаар захирамж гаргалаа. “Зорчигч тээврийн
нэгтгэл”  байгуулж байгаатай холбогдуулан “Автобуснэг”, ”Автобус-3”,
“Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг  татан буулгаж, чиг үүрэг, эд хөрөнгө, өр
авлагыг шинээр байгуулагдаж буй “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т
шилжүүлэхийг Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Харин татан буугдаж
байгаа эдгээр байгууллагуудын балансад бүртгэлтэй хөрөнгийг хүлээн авч,
хүлээлгэн өгөх, татан буулгах ажиллагааг зохион байгуулах комиссыг байгууллаа.
Тус комиссын даргаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал
хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллана.

Дээрх байгууллагуудыг татан буулгаж, “Зорчигч тээврийн нэгтгэл”  ОНӨААТҮГ
байгуулагдаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, аж ахуйн
нэгжтэй холбогдох өр, авлагыг тооцоо нийлсэн дүнгээр баталгаажуулах үүргийг комисст
өглөө.Нийслэлийн Засаг даргын үүргээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг
улсын бүртгэлд бүртгүүлэх, харилцах дансыг төрийн сан болон арилжааны банкинд
нээлгэх зэрэг шинээр байгуулагдахтай холбоотой ажлыг зохион байгуулах ажлыг
нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс,Өмчийн
харилцааны газар зохион байгуулна. Харин байгууллагын бичиг баримтыг архивлан
нийслэлийн Архивын газарт шилжүүлэхийг “Автобуснэг” ОНӨААТҮГ, “Автобус-3”
ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ын удирдлагуудад даалгажээ.

Categories
мэдээ нийгэм

Ченжүүд “Авто худалдааны цогцолбор ” руу нүүх боломжгүй гэв

Нийслэлийн
ИТХ-ын
тэргүүлэгчдийн хурлаар 2014 онд батлагдсан “Авто
худалдааны цогцолбор ” барьж байгуулах тухай 29 дүгээр тогтоол, Нийслэлийн
Засаг даргын 2013 оны “Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээнүүдийн
тухай” А/980 дугаар захирамжийг хэрэгжүүлэээр болсон. Уг ажлын хүрээнд ирэх
сарын 1-ний дотор ил задгай автомашин худалдан борлуулагчдыг заагдсан талбайд
нүүлгэх шийдвэр гарсан билээ. Дээрх шийдвэртэй холбоотойгоор авто машин, авто
сэлбэг борлуулагчдын эрх ашгийг хамгаалах “Их тэнгэрийн хас” үндэсний
нийгэмлэг дөнгөж сая  мэдэгдэл хийлээ. Тэд “Худалдааны
цогцолбор бүтээн байгуулах, нүүлгэн шилжүүлэх ажлыг дэмжиж буй хэдий ч
өнөөдрийн байдлаар тухайн газарт бүтээн байгуулалтын ажил хангалтгүй, зам
харилцаа муутай, ажиллах орчин нөхцөл бүрдээгүй байгаа тул ирэх сарын 1-нд ашиглалтанд
орох эсэхэд итгэл муутай байна” гэлээ. Нөхцөл байдал ийм байгаа учир ажиллах
орчин нөхцөлийг бүрэн бүрдүүлж борлуулагчид болон худалдан авагчдад
наад захын хэрэгцээг нэг дор төвлөрүүлж өгөхийг хүслээ. Тиймээс ч ирэх сарын 1
гэхэд бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй, дээр дурьдсан ажиллах орчин нөхцөл
бүрэн бүрдээгүй тохиолдолд нүүх боломжгүй болохоо мэдэгдсэн юм. Улмаар тус
цогцолборт нэг машины зогсоолыг суудлын авто машин дөрвөн сая, том оврын авто
машин есөн сая төгрөгийн үнэлгээтэйгээр тус тус худалдаалах шийдвэрээ мөн эргэн
харахыг хүсч байгаа гэнэ. Учир нь нэг ченж дунджаар 50-80 сая төгрөгийн
эргэлтийн хөрөнгөтэй, банк болон банк санхүүгийн байгууллагад зээлтэй, голдуу
гэр бүлээрээ тухайн бизнесийг эрхэлдэг гэсэн судалгаа байдаг байна. Иймд эргэлтийн
хөрөнгийхөө тал хувийг авто зогсоол худалдан авахад зарцуулах юм бол тэдний үйл
ажиллагаа зогсонги байдалд орох төдийгүй ар гэр, үр хүүхэд гээд олон хүний эрх
ашиг хөндөгдөх тухайгаа учирлан ярьж байлаа. Тиймээс зогсоолын төлбөрийн нөхцалийг
уян хатан, урт хугацаагаар зээлээр олгох эсвэл түрээсийн хэлбэрээр
ашиглуулах зэрэг саналыг дэвшүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Балдорж” шагналыг “Хүрээлэн” төслийнхөн хүртлээ

 “Балдорж” шагналын 2014 оны шилдэг 10 сэтгүүлч

 1. МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Оюунчимэг “Чингүүн” баримтат кино, “Аман түүх” соёлын өвийн баримтат цуврал

2. “Үндэсний
шуудан” сонины сэтгүүлч Г.Отгонбаяр “MCS-ийн Оджаргалыг дэмжье”, “Дэлхийн төвөөс татах геополитик”

3. “Үндэсний
шуудан” сонины сэтгүүлч С.Гандөл “Гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү” цуврал нийтлэл

4. “Өнөөдөр”
сонины сэтгүүлч Т.Энхбат “Доллараар цангаах Золжаргалын стратеги”, “Шинэ төмөр зам тавих хүсэл ба шинэчлэлийн тэргүүний хясал”

5. МҮОНТ-ийн сэтгүүлч Р.Хонгорзул “Сэрүүн Сэрхрээний эзэд”, “Хүйн холбоо сүүн хэлхээ” нэвтрүүлэг

6. “Гэрэг”
сэтгүүлийн сэтгүүлч Ж.Тэгшжаргал “Тань руу нүүж явна”, “Нас бол тоо, ер нь юу ч биш” нийтлэл

7. “Үнэн”
сонины сэтгүүлч Х.Пүрэвтогтох “Хэрэв Сото үнэн бол бид яах юм” нийтлэл

8. “Өдрийн
сонин”-ы сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр “Дүүгээ аврахын тулд долоон настай охин голоо тасартал тэмцжээ”, “Тувад монгол бүсгүйг шатаасан хэргийн мөрөөр” эрэн сурвалжилсан цурвал сурвалжлага

9. “Өнөөдөр”
сонины сэтгүүлч Д.Заяабат “Төрийн алба төрлийн алба болсон уу” цуврал нийтлэл

10. “Гэрэг”
сэтгүүлийн сэтгүүлч У.Бямбаням. “Зарлаагүй дайны төгсгөл буюу командлагчийн урвалт”, “Монголын нэн шинэ үеийн нэг өдөр” нийтлэл

Сэтгүүлзүйн шилдэг
бүтээл шалгаруулах “Балдорж” шагналын 2014 оны эздийг тодруулах ёслолын ажиллагаа
өчигдөр боллоо.

Монголын сэтгүүл зүйн
нэрт зүтгэлтэн Ц.Балдорж агсны төрсөн өдөр есдүгээр сарын 20-ны өдөр тохиодог бөгөөд
энэ өдөр Монголын сэтгүүлзүйн сор болсон бүтээлийг бичиж, туурвиж байгаа сэтгүүлчдийн
бүтээлийг үнэлдэг уламжлалтай болоод зургаа дахь намраа үдэж буй юм.

Уламжлал болсон энэхүү
ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын Улсын 26 дахь
Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд, Г.Уянга, О.Содбилэг нарын
төрийн түшээдээс гадна Мон­голын сэтгүүлзүйн үе үеийн түүхийг бүтээгч сэтгүүлчид
хүрэлцэн ирсэн байв. 

Шагнал гардуулах ёслолын
ажиллагааг Ц.Балдорж сан­гийн Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд асан С.Баяр
нээж үг хэлсэн бөгөөд тэрээр “Балдорж бол Монголын сэтгүүлзүйн түүчээ тогоруу, чөлөөт
сэтгүүлзүйн гэрэлт тугийг баригч, Монго­лын хэвлэл мэдээллийн аливаа шинэ бүхний
шанг анхлан татагч байсан. Түүний гэгээн үйл, дундаршгүй бүтээл, хүсэл эрмэлзлэл
нь дуусашгүй оршихын хутаг оршиж байгаагийн илрэл нь энэхүү шагнал гардуулах ёслол”
хэБүтэн жилийн турш шалгаруулалт нь үргэлжилдэг энэхүү уралдаанд өнөө жил 76 сэтгүүлч 286 бүтээлээ нэр дэвшүүлжээ. Тэдгээр бүтээлүүдийг найман хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн тунгаасан аж.

Шагналд нэр дэвшүүлсэн сэтгүүлчдийн дунд 2008 онд анх зохион байгуулагдаж эхэлснээс хойш тасралтгүй оролцож буй сэтгүүлчид ч байсан юм. 
Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс өнөө жил бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн талаас илүү хувь нь залуу сэтгүүлчид байгааг онцолж, Монголын сэтгүүлзүйд шинэ эрин үе ирсэн гэдгийг сануулж байна хэмээж байлаа. Мөн энэ удаа шагналд нэр дэвшсэн бүтээлүүдийн хувьд асуудал дэвшүүлсэн, эрэн сурвалжилсан нийтлэл ихэнх хувийг эзэлж байгаа бол улс төрийн, хөрөг нийтлэлийн төрлөөр бичсэн нийтлэл тун цөөн иржээ.

Тэдгээр 76 сэтгүүлчээс сүүлчийн шатанд шилдэг 30 сэтгүүлч тунаж үлдсэн бөгөөд тэднээс энэ орой шилдэг 10 болон Дэд байр, Гранпри шагналтан тодорсон билээ. Ингээд шагнал гардуулахад Гранпри шагналын эзнээр “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгийг бэлтгэж үзэгчдэдээ хүргэсэн уг төслийн ахлагч, гэрэл зурагчин У.Ганбаяр, сэтгүүлч М.Буянбадрах нар тодорлоо.

Харин дэд байрт “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Болормаа “Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан” нийтлэлээрээ шалгарсан юм.

Харин шилдэг арван сэтгүүлчийн нэгээр манай сонины эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр эрэн сур­вал­жилсан цуврал сурвалж­лагуудаараа тодорсон билээ.

Дашрамд хэлэхэд, манай сонины сэтгүүлчид энэхүү шагналд үргэлж тэргүүлэх байрт шалгарч ирсэн уламжлалтай билээ. Тодруулбал, 2011 онд манай сэтгүүлч Ж.Гангаа “Балдорж” шагналын Гранпри шагналын эзнээр тодорч байсан бол сэтгүүлч Н.Гантулга, Г.Дэлгэрцэцэг, Э.Хүрэлбаатар нар шилдэг сэтгүүлчийн шагналтан болж байлаа.

“Гранпри” шагналын эзэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уламжлал ёсоор шагнал гардуулсан бөгөөд Төрийн тэргүүн энэ үеэр “Би энэ ёслолд оролцохыг үргэлж боддог юм. Тиймээс ч жил бүр нэг гол санаа хэлэхийг хүсдэг. Өнөө өглөө бодож байхад энгийн санаа надад орж ирсэн. Ер нь Ерөнхийлөгчийн алба бол сэтгүүлчийн мэргэжилтэй их төстэй. Бусад мэргэжилд байдаггүй хоёр онцлог Ерөнхийлөгчийн болон сэтгүүлчийн ажилд байдаг. Ерөнхийлөгч гэдгийн цаана төрийн албанд зүтгэж байгаа олон хүнийг хэлж байгаа юм. Ижил төстэй хоёр зүйл нь сайныг дэмждэг, саарыг үл дэмждэг ажилтай. Энэ бол их хэцүү ажил гэж би хувьдаа боддог. Байнга сайныг бичээд сурталчилаад явахын хажуугаар болохгүй байгаа зүйлийг хэлж, засч, нэг ч гэсэн хүнд сайн сайхныг авчрахын төлөө зүтгэж явдгаараа та бүхний ажил их ойрхон юм байна гэж бодсон” хэмээсэн юм.

“Грапри” шагнал хүртсэн сэтгүүлч М.Буянбадрах: БИД ЭНЭ БИЕДЭЭ АХАДСАН ЗОРИЛГО ТАВЬСАН

Анх нэвтрүүлэг хийх санаагаа хэрхэн олж байсан бэ?

-Монголынхоо байгаль, зэрлэг амьтдын санг монголчууд өөрсдөө бүрдүүлье гэсэн энэ биед ахадсан том зорилго тавиад бидний хэдэн нөхөд аялалдаа гарсан юм. Биднийг хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явахад тусалдаг байгууллага хамт олон, найз нөхдөдөө баярлалаа. Бид Монголынхоо байгалийн сайхныг, зэрлэг амьтдын өнөөгийн байдлыг харуулсан нэвтрүүлгийг маань тухлан үзэж байгаарай. Энэ шагналын нэр хүндийг өндөрт өргөж явахын тулд хичээн ажиллаж болно.

Шилдэг сэтгүүлчээр шалгарсан “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.ЦЭЦЭГДЭЛГЭР: АХ, ДҮҮГИЙН ХАЙРЫГ МЭДДЭГ УЧИР СЭДЭВ МААНЬ НАДАД ИХ ОЙР БАЙСАН

Шагнал авсан бүтээл болох эгч нь дүүгийнхээ амийг хэрхэн аварсан талаар бичихдээ та уйлж байсан гэдэг?

-Би өөрөө гурван хүүхэдтэй хүн. Манай хоёр хүүхэд хоорондоо гурван насны зөрүүтэй. Тиймээс ах нь дүүгээ хэрхэн хайрлаж, энхрийлж байдгийг мэдэж байсан болохоор надад их ойр байсан. Ааваар нь яриулаад бичиж байхад яг л миний хүүхдүүд шиг санагдаад, гурван хүү маань нэгнийхээ төлөө хэрхэн тэмүүлдгийг санаж бичсэн дээ. Миний нийтлэл гарсны дараа долоон настай охинд туслах аян нийгэм даяараа өрнөж, аав нь баярлалаа гээд уйлж байхад надад их сайхан санагдаж байсан. Ерөөс сэтгүүлч болсны маань зорилго биелэсэн юм шиг л санагдаж байсан. Энэ дашрамд, миний ийм амжилтад хүрэхэд үргэлж дэмжиж тусалж байсан “Өдрийн сонин”-ы хамт олондоо юуны түрүүнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. 

Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ нийгэм

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүлээн авах хугацаа хойшиллоо

Нийслэлийн
нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл
хүссэн өргөдөл хүлээж авах ажил нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон болохыг
 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдэгдэж байна.
Иргэдээс өргөдлийг дахин авч эхлэх үед тус газрын цахим хуудас болон бусад
хэвлэл мэдээллийн байгууллагаар 3-5 хоногийн өмнө мэдэгдэн хүлээн авах болно.
Иргэд шаардлагатай мэдээллийг 11-318003 утсаар авах боломжтой гэж Нийслэлийн
Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

МАН Г.Алтангаас сая ам.долларыг ямар хэлбэрээр авсан бэ?

Төр эргүүлэн авахаар  шүүхийн
шийдвэр гарсан Нийслэлийн МАН-ын байр буюу
Лениний музейг  МАН-ынхан нэг сая
ам.долларын барьцаанд тавьчихсан байсан гэнэ. Барьцаанд
авсан хүн нь Г.Алтан аж. 2012 оны
арван­нэгдүгээр сарын 6-ны өдөр
МАН-ын Ерөнхий нарийн
бич­гийн дарга Г.Занданшатар, болон иргэн Г.Алтан нар гарын
үсэг зурж баталсан Зээлийн
болон барьцааны гэрээ  дэлгэг­дэв. Зээлийн гэрээг
“Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу,
Улаанбаатар-11, Тусгаар тогтнолын ордон
хаягт орших 8082001001 тоот улсын бүртгэлийн
гэрчилгээтэй 8488908 тоот регистрийн дугаартай
Монгол Ардын нам, нөгөө
талаас Боргочууд овогт Г.Алтан
нар зээлийн гэрээ байгуулжээ.

Ардын нам дотоод үйл
ажиллагаандаа зарцуулахаар Г.Алтангаас найман
сарын хугацаатай  нэг
сая ам.доллар зээлсэн
уг гэрээг Ардын намыг
төлөөлж тус намын Сан
хөмрөгийн хэлтсийн дарга Балжир засаг
овогт Жамбаагийн Тамир,  иргэн
Г.Алтанг төлөөлж
хуулийн зөвлөх нь болох
Лхамжавын Сарангэрэл нар байгуулсан  байна. Зээлийг нэг
сая ам.долларын сарын
хүү 2.9 хувь байхаар тохирчээ.
Энэ нь Ардын нам
Г.Алтанд сар
бүр 29 000 /хорин есөн мянга/
ам.долларын хүү төлөхөөр болсон
гэсэн үг.  Энэ
гэрээг хийхдээ МАН-ынхан
зөвхөн Лениний музейг барьцаалаагүй
байна. Музейн дээрээс нэмж
Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, зургадугаар хороолол
дахь Ү-2202002678, 000133314 гэрчилгээний болон улсын бүртгэлийн
дугаар бүхий 7550 мкв талбайтай оффис
үйлчилгээний зориулалттай байрыг 0231960, 154/0135 гэрчилгээний болон улсын бүртгэлийн
дугаартай 4712 мкв газрын хамт
Г.Алтангийн барьцаанд
тавьжээ.

 Гэвч МАН
Г.Алтангаас зээлж
авсан  нэг
сая ам.доллараа төлөөгүй
байгаа гэнэ. Үүнээс болж  шүүхийн
хаалга  татахдаа
хүрээд буй бололтой.  Хэвлэлд гарсан мэдээллээс
харвал МАН Г.Алтан
хоёрын хэн нь  шүүхдэлцэх гээд байгаа нь
ойлгомжгүй харагдаж буй юм. Учир
нь МАН Г.Алтан
хоёрыг салгаж харах хүн
гарахгүй л байх. Г.Алтангийн бизнесийн уналт амжилт  МАН-ынхантай холбоотой
байсаар ирсэн. САПУ шатахад,
“Зоос” банкийг дампууруулж Төрийн
банк болоход ч Г.Алтангийн хадгаламжин дахь их хэмжээний
мөнгийг эрх барьж байсан
МАН-ынхан гаргаж өгсөн
гэдэг. Энэ талаар тухайн
үед  хэвлэлээр
шуугиж  байлаа.
Тэгэхээр МАН болон Г.Алтан хоёрын энэ
гэрээ өнөө­дөр яагаад
хэвлэлээр гарах болов гэдэг
анхаа­рал татна. Шүүхийн  аль
ч шатанд Нийслэлийн
төрийн өмчийн  хороо  Лениний
музейг мэдэлдээ авах тухай ярьж
байхад дээрх сэдэв огт
сөхөгдөөгүй.   Ингээд
шүүхийн шийдвэр гарч Лениний
музейг төрд шилжүүлж, Батаарын
музей болгосон. Зарим нэгний үзэж
байгаагаар дээрх гэрээ   Г.Алтан МАН
хоёрын дунд хийсэн Лениний
музейн ерөнхий түрээслэгчийнх байсан
байж болзошгүй гэж үзэх ч
хүн байна.  Ерөнхий
түрээслэгчээр Г.Алтан  гэрээ хийж харин
энэ ажлыг түүний хүн
гүйцэтгэсэн байх. Аж ахуйн
компани албан ёсоор хийсэн  түрээс
биш болохоор  хэдий  хэмжээний
ашиг олсныг олж мэдэх
аргагүй. Шууд тайлан тооцоо
гэж гарч ирэх боломжгүй
гэж хардах хүн ч
байгаа юм.

 Дээрх гэрээ
бодитой байлаа гэхэд тэр
сая ам.долларыг МАН
ямар хэлбэрээр Г.Алтангаас авсан
бэ гэдэг нь сонин
байх бололтой. Түүнээс нь хөөх
юм бол САПУ, “Зоос”
банк дампуурч, Олон Овоотын уурхайд  хүртэл
нэр холбогдож  явсан
Г.Алтангийн  бизнесийн байдалд, 2012 онд МАН-тай  хийж
байсан дээрх гэрээ хүртэлх
замыг нягтлахыг  санал
болгох эдийн засагчид мундахгүй
гарах нь.

Г.Алтан 2009 оны сүүл  2010 оны эхээр “Зоос
банк” дампуурсны дараа Увс аймгийн
нэр дээр МАН-ын
Бага хурлын гишүүн болсон
түүхтэй. Бага хурлын гишүүн
болсноосоо хоёр жилийн дараа
ийн  гэрээ
цаг хугацааны хувьд үзэглэгдсэн бололтой.  Үүнийг  2012 оны  Орон
нутгийн сонгуультай зарим хүн холбож
үздэг юм билээ. Ямартай
ч МАН, Лениний
музей, Г.Алтан гэсэн
гурвалсан холбооны учир начир  цаашид өрнөх үйл
явдлуудаас  илүү
тодорхой харагдах биз ээ.

Г.ОНОН

Categories
мэдээ нийгэм

“Сайра” лаазалсан загаснаас шимэг хорхой илэрчээ

Баянзүрх
дүүргийн “Норжин” худалдаан төвөөс иргэн “Сайра” лаазалсан загасыг худалдан
автал дотор нь олон тооны үхсэн улаан өт байжээ. Иргэний гомдлын дагуу
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний үндэсний лавлагаа лабораторид дээрх
сайра загасыг шинжилэхэд загасанд шимэгчилэн амьдардаг шимэгч хорхой болох нь
тогтоогдсон байна.

Тиймээс
26595 ширхэг лаазалсан “Сайра” загасыг худалдаанаас татсан болохыг Нийслэлийн
Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Мэдээллийн
дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.

 

Categories
мэдээ нийгэм

Монголын уран бүтээлчид Японд тоглолтоо хийнэ

Монгол,
Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ  сарын 23-нд болно.
Уг ойг тохиолдуулан Улаанбаатар хотод гаргасан Монгол, Япон бичгийн уран
татлагын “Тэнгэр, нар түншлэл” үзэсгэлэн  арваннэгдүгээр
сард Японд дэлгэгдэх аж.  Мөн Японы нэрт зураач Ш.Шикандайгийн уран
бүтээлийн үзэсгэлэн наймдугаар сард Улаанбаатарт гарсан бол аравдугаар
сард Монголын 20 зураач Японд очиж “Фүжи уулын 14 төрх” уран бүтээлийн аялалд
оролцох бөгөөд тэд Фүжи уулыг тал талаас нь харан зурж, үзэсгэлэн гаргах юм.

40
жилийн ойд зориулсан гол арга хэмжээ нь “Билгүүн ундарга”
төвийн жүжигчдийн Японд хийх тоглолт юм. МУГЖ, Төрийн шагналт Д.Сосорбарамын
удирдсан уран бүтээлчид Японы Урлагийн их наадмын нээлтийн арга хэмжээнд уригдсан
юм. Тэд ирэх сарын нэгэнд Японы Үндэсний төв театрт, 2-15-нд Яманаши, Шизүока,
Ойта, Токүшима муж, Изү-Санно хотод тоглоно. Манай жүжигчдийн бүрэлдэхүүнд
“Домог”, “Увертюра” хамтлаг, уртын дуучин Э.Болормаа, Г.Энхбаатар, бүжигчин
Д.Энхгэрэл, Д.Баярбат, нугараач Г.Нямгэрэл нар багтжээ.