Categories
гадаад мэдээ

НҮБ эболатай тэмцэх тусгай алба байгууллаа

НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн дараг Бан Ги Мун эболатай тэмцэх тусгай алба байгуулсан тухай
мэдэгдлээ. Тэрээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр энэ тухай мэдэгдэхдээ
энэ сарын сүүлч гэхэд тус алба нь ажлаа эхлүүлэх бөгөөд үндсэн таван зорилготой
юм байна. Үүнд: өвчний тархалтыг зогсоох, өвчтэй хүмүүсийг эмчлэх, эмнэлгийн
үйлчилгээ үзүүлэх, нөхцөл бадлыг тогтворой болгох, ирээдүйд өвчин дахин
гарахаас урьдчилан сэргийлэх явдал аж.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгчийн хүү Донбасст байлдаж байгаа

Украины төрд
хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүсийн хүүхдүүд бүгд Донбасст эх орныхоо
төлөө байлдаж байгаа тухай тус улсын хэвлэлээр мэдээллээ. Ерөнхийлөгч
П.Порошенкогийн хүү ч зэвсэг мөргөлдөөн гарч байгаа нутагт байгаа гэнэ.
Тодруулбал Украины төрийн тэргүүний ууган хүү 29 настай Алексей сайн дураараа
Донбассыг зорьжээ. АНУ-д айлчилж буй П.Порошенко CNN-д ярилцлага өгөхдөө ийнхүү
хэлсэн байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч“Шонхор” морин циркийн захирлыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
өнөөдөр БНСУ-ын Чэжү арал дахь монгол жүжигчдийн “Шонхор” морин циркийн захирал
Г.Баатархүүг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Г.Баатархүү хэлэхдээ
“Дэлхийд өв соёлоороо гайхуулсан морьтны гайхамшгийг үзүүлж байгаа залуус
бидэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ зун, улсын их баяр наадмын үеэр гаргасан
“Монголчууд морио унацгаая”, “Олуулаа болцгооё” гэсэн уриа их урам зориг өгч Монголдоо
ирэх их хүсэл зорилготой болсон.

Адууны соёлын амьд дархлааг бий
болгох гэж Чэжү арал дээр монгол жүжигчидтэй хоёр морин цирк байдаг. Түүний нэг
нь манай цирк юм. Манай цирк өдөртөө 3500-5000 жуулчдад Монголынхоо өв соёлыг
сурталчилж тоглолт хийдэг. Тоглолт дээр Чингис хаан есөн өрлөг баатартайгаа
гарч ирэн “Монгол Улс мандан бадраг” гэж тунхагладаг. Түүндээ бид их омог
бардам байдаг.

Ирэх жилээс би баруун аймгийн
хүүхдүүдээс циркийн жүжигчин болгон сургаж бэлтгэх бодолтой байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Шонхор”
морин циркийн жүжигчдэд амжилт хүсэн ерөөж, “Монголчууд морио унацгаая”,
“Олуулаа болцгооё” уриаг нь дэмжиж, Монголдоо ирэх гэж байгаад нь талархал
илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Утаатай бүсэд “Багц цахилгаан станц” барих ажлыг судална

Энэ
оны тавдугаар сард болсон “Energy Mongolia 2014 ” олон улсын хурал,
үзэсгэлэнгийн үер Солонгосын “Asia Holding”, “Hyundai Heavy Industries”,
“Meritz Securities” байгууллагуудтай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг
бууруулах, гэр хорооллын цахилгаан ба дулаан хангамжийг сайжруулах зорилгоор
Багц Цахилгаан Станцыг (PPS)-ыг барьж байгуулах, ашиглах боломжийн талаарх
судалгааны төслийг хамтран хэрэгжүүлэхээр “Харилцан ойлголцлын санамж бичиг” ийг
байгуулсан юм. Энэ санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын
хамгийн их утаатай тодорхой байрлалуудад Монгол орны нөхцөлд хямд өртгөөр
дулаан цахилгааныг хослон үйлдвэрлэдэг Багц цахилгаан станцыг суурилуулах
техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг эхлүүлэхээр ЭХЯ-ны харъяа
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Солонгосын “Asia Holding”компанитай
хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Судалгааны
ажлыг 90 хоногийн хугцаанд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд судалгааны үр дүнгээс
шалтгаалж Монгол Улсад зөөврийн багц цахилгаан станцыг барьж байгуулах, дулаан,
цахилгаан үйлдвэрлэх асуудал шийдэгдэх юм. Дашрамд дурдахад ЭХЯ-ны харъяа Эрчим
хүчний эдийн засгийн хүрээлэн нь судалгаа, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүд
хэрэгжүүлэх, эрчим хүчний зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг
төрийн өмчит үйлдвэрийн газар юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баатаржав: Н.Энхбаярт зарлан дуудах бичиг илгээгээгүй, БНСУ-аас ч албан бичиг ирээгүй

Монгол Улсын
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт  эрүүгийн хэрэг
үүсгэн шалгаж буй. Энэ хүрээнд  түүнээс  байцаалт тодруулга авах хэрэгцээ шаардлага гарсан
тул  эх орондоо ирж байцаалт өгөх шаардлагатай
гэсэн утгатай зарлан дуудах бичиг илгээсэн гэж сар гаруйн өмнө мэдээлж байв. Харин
өчигдөр “БНСУ-ын эмч нараас манай цагдаагийн байгууллагад албан бичиг, тайлбар ирсэн.
Уг бичигт Н.Энхбаярын өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, “Үргэлжлүүлэн эмчлүүлэх
шаардлагатай. Хэрэв эмчилгээг тасалвал амь насанд нь халтай гэсэн утгатай” зүйл
бичсэн гэж мэдээлэгдэж байна. Твитmерт “Н.Энхбаярын гэр бүлийнхэн гадаадын иргэншилтэй
болж байгаа” гэж жиргэх болов.  Дээрх мэдээллүүдийн  аль нь үнэн худал болох нь мэдэгдэхгүй байгаа
бөгөөд  хуулийн байгууллагынхан ч албан ёсоор  байр сууриа илэрхийлээгүй өнөөг хүрсэн. Иймд  Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржаваас  энэ тухай тодрууллаа.

-БНСУ-д эмчлүүлж буй гэх Н.Энхбаярт  зарлан дуудах бичиг явуулсан. Тэр бичгийн хариуг
эмч нар нь  манай хуулийн байгууллагад ирүүлжээ
гэх мэдээлэл хэр бодитой вэ?

-Н.Энхбаярт эмчилгээ хийж байгаа эмч нараас
нь  албан бичиг ирээгүй. Энэ  ташаа мэдээлэл.

-Танай байгууллагаас албан ёсоор бичиг
ер нь явуулсан юм уу?

-Явуулаагүй, огт тийм зүйл байхгүй.

-Тэгээд яагаад ийм мэдээлэл  цахим мэдээллийн хэрэгслүүдээр яваад байна вэ?

-Яагаад  ийм мэдээлэл яваад буйг хэлж мэдэхгүй юм. Энэ
тухай бичиж буй хүмүүс нь л хариулах байх.

-ЦЕГ-ын даргын хувьд та энэ  мэдээллүүдийг цаанаа учир шалтгаантай гэж бодож
байна уу?

-Учир шалтгаан ч юу
байх вэ. Энэ бол нөгөө улс төр гээч нь юм болов уу даа.

-Дээрх мэдээллүүд
албан ёсных бус гэдэг нь тодорхой болж байх шиг байна. Тэгэхээр Н.Энхбаярт эрүүгийн
хэрэг үүсгэн шалгаж байгаа нь ч худлаа юм уу?

-Хуулийн байгууллага
Н.Энхбаяртай холбоотой нэг асуудлыг шалгаж байгаа нь үнэн. Гэвч өнөөдрийг болтол
ямар нэгэн байдлаар БНСУ руу Н.Энхбаяртай холбоотой асуудал болон түүнд  зарлан дуудах бичиг явуулаагүй. Эмч нараас нь  бичиг ирүүлээгүй гэдгийг хэлье гэв.

 

 Г.ЯЛГУУН

Categories
гадаад мэдээ

Либерид очиж биечлэн танилцахыг хүсэв

Холливуудын
нэрт жүжигчин Брэд Питт эбола вирус хурдацтай тархаж буй Либери улсад очиж,
нөхцөл байдалтай биечлэн танилцахыг хүссэн тухай “TMZ” сайт мэдээлжээ.
Тэрбээр Либери улсад очих хүсэлтээ ДЭМБ-ын удирдлагуудад гаргасан ч татгалзсан
хариу авчээ.  Өнгөрсөн долдугаар сарын 14-нд Либерийн Засгийн газар
эболагийн халдварын улмаас улсынхаа хилийг хаасан юм. Мөн АНУ-ын Засгийн газар
Баруун Африкт ажиллаж буй бүх иргэнээ татсан билээ.

Жүжигчин
залуу Либери улсад халдвар авсан хүмүүстэй уулзаж, тус улсын Эрүүл мэндийн
яаманд хандив өргөхийг хүсчээ. Харин тус улсын Засгийн газар эболагийн халдвар
хурдтай байгаа учир гадаадын жуулчин хүлээн авах боломжгүй хэмээн мэдэгдсэн
байна. Брэдийн хэвлэлийн төлөөлөгч “Жүжигчин нөхцөл байдалтай биечлэн
танилцахгүйгээр ямар ч тусламж үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр Либери
улсад очихдоо хувийн бэлтгэл, аюулгүй байдлаа сайн хангахаа амласан” гэж
хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд Чингисийн талбайг цэвэрлэнэ


Сүхбаатар дүүргийн Засаг даргын
Тамгын газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны холбоо хамтран өнгөрсөн жил
Чингисийн талбайг угааж, цэвэрлэн нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахыг уриалж
байсан.

Тэд энэхүү ажлаа маргааш буюу есдүгээр сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Уг ажилд
ХААИС-ийн 2000 оюутан оролцож Чингисийн нэрэмжит талбайг угааж цэвэрлэх юм.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан
нийгэмд хандсан бүтээлч үйл ажиллагаа явуулж буй залуусыг дүүргийн Засаг даргын
Тамгын газраас дэмжин ажиллаж байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шотландыг тусгаар тогтносон улс болохыг эсэргүүцэгчид ялжээ

Шотландын бүх нийтийн санал асуулгын дүн гарчээ. Энэ санал асуулга нь Шотланд
улсыг Их Британи улсын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтносон улс болох эсэхийг
шийдвэрлэх түүхэн санал асуулга билээ. Тэгвэл өчигдөр болж өнгөрсөн тус санал
асуулгын дүнгээр Шотландыг тусгаар тогтносон улс болохыг эсэргүүцэгчид 
ялсан байна. Тэд хэдийнэ баяраа тэмдэглээд эхэлжээ. Албан ёсны мэдээллээр
тооллогын ажил бүрэн дуусаагүй ч талаас илүү хувь буюу засаг захиргааны 32
нэгжийн саналын хуудсыг тоолж дуусаад байна.
Урьдчилсан байдлаар “Үгүй” хэмээх хариулт 55.42 хувьтай буюу давамгайлж байгаа
бол “Тийм” гэсэн хариултыг сонгогчдын 44.58 хувь нь сонгожээ. Өөрөөр
хэлбэл,  1 539 920  хүн “Тийм” гэж хариулсан бол “Үгүй” хэмээх
хариултыг 1 915187 хүн дугуйлсан байна. Ийн санал асуулгад эсэргүүцсэн
хүмүүсийн тоо илт давамгай байгаа бөгөөд Засгийн газрын тэргүүн Алекс Салмонд ч
улсынх нь оршин суугчид тусгаар тогтнолыг эсэргүүцсэнийг хүлээн зөвшөөрчээ

Categories
мэдээ нийгэм

Иргэд ирэх дөрөвдүгээр сараас цахим картаар автобусанд үйлчлүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийтийн тээврийн “Ухаалаг Улаанбаатар”
төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан “Дата Карт консерциум”-ын удирдлагуудтай 
хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын талаас Тор групп,
Нама-Оч, Дата карт сервис, Жи-Мобайл, Худалдаа хөгжлийн банк, БНСУ-аас Зэус, Амола,
Форэс, КСЦЦ компаниуд нэгдэж  “Дата Карт консерциум” –ыг байгуулсан бөгөөд
“Ухаалаг автобус” төслийг хэрэгжүүлэх юм.
Тус төслийн хүрээнд Нийтийн тээврийн хяналт удирдлагын систем, Мэдээллэх
систем, Автомат төлбөр хураалт гэсэн гурван дэд
төслийг хэрэгжүүлнэ. Энэ нь нийтийн тээврийн автобусуудад  ГПС 
суурилуулж, хаана, хэдэн цагт, ямар маршрутаар явж байгаа талаар бүрэн
мэдээллийг нэгдсэн төвөөс авах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр автобусны чиглэл,
маршрутыг эдийн засгийн үр ашигтай, оновчтой байдлаар төлөвлөх боломжтой болно.
Мөн автомат төлбөр хураалтын системийг хэрэгжүүлсэнээр автобусны билетийг цахим
карт болгож, тодорхой хугацаатайгаар цэнэглэн автобусаар үйлчлүүлэхдээ картаа
уншуулан төлбөрөө төлдөг байх зарчимд шилжинэ. Энэ үйлчилгээтэй холбоотойгоор
цахим төлбөрийн картыг цэнэглэх, борлуулах цэгийг  автобусны буудлын
ойролцоох хүнсний дэлгүүр, сонин борлуулах мухлаг зэрэгт байгуулах юм.
Төслийг хэрэгжүүлсэнээр автобусны жолооч нарт эвдрэл, саатал гарсан тохиолдолд
товчлуур даран үйлчилгээний төв рүү мэдээлэл илгээх, бууж сууж байгаа болон
доторхи бүх зорчигчдоо бүрэн хянах, хаалга онгойх, хаагдах мэдээлэл ирэх зэрэг
давуу талтай. Харин зорчигчдод автобус буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит
мэдээллээр хангагдаж, автобусан дотор чиглэл, буудлын нэрийг зарлах, цагийн
хуваарь графикийн дагуу үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Төслийн хүрээнд нийтийн
тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобус, автобусны буудлыг камержуулж орчин
үеийн нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр бүрэн хангана гэж төсөл
хэрэгжүүлэгч тал онцолж байгаа юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Нийтийн
тээврийн үйлчилгээгээр номер нэгд тооцогддог БНСУ-д нийтийн тээврийн
шинэчлэлтийг хийсэн томоохон компаниуд энэ төсөлд оролцож байгаад таатай байна.
Нийслэлийн хөгжлийг нийтийн тээврийн үйлчилгээгээр дүгнэж болно. Энэ төсөл
хэрэгжсэнээр иргэд ухаалаг автобусаар үйлчлүүлэх боломж бүрдэж, үнэлгээ
нэмэгдэнэ гэдэгт итгэж байна” гэдгийг онцлон хэлсэн юм.
Төслийн санхүүжилтийг хэрэгжүүлэгч консерциум хариуцаж байгаа бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сараас иргэд цахим төлбөрийн картаар ухаалаг
автобусаар үйлчлүүлнэ

Categories
мэдээ нийгэм

Есөн дүүргийн цагдаагийн дарга нарыг ажлаас нь түдгэлзүүллээ

ЦЕГ-ын шинэ дарга, тэргүүн
комиссар С.Баатаржав албан тушаалаа авсаныхаа дараа Хууль зүйн сайд
Х.Тэмүүжингийн эсрэг хөдөлсөн гэх хурандаа нарыг албан тушаалаас нь чөлөөлж,
цолыг нь хураан авсан.

Тухайн үед ЦЕГ-аас албан
тушаалын халаа сэлгээ үргэлжлэхгүй гэж мэдэгдэж байсан ч С.Баатаржавын халаа
сэлгээ зөвхөн хурандаа нарыг ч дайраад өнгөрсөнгүй.

Тодруулбал, С.Баатаржав даваа
гаригт тушаал гаргаж, есөн дүүргийн цагдаагийн газрын дарга нарыг үүрэгт ажлаас
нь түр түдгэлзүүлжээ.

Шинэ томилогдох дарга нарыг
нэрс ирэх долоо хоногт  тодорхой болох
аж. Харин чөлөөлөгдсөн
дарга нарыг ЦЕГ-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлжээ.

Мөн есөн дүүргийн цагдаагийн
газрын дарга нарыг халаад зогсохгүй Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх
газрын хэд хэдэн даргыг
ажлаас нь чөлөөлжээ. Тэдний дунд, Хар тамхи, биеэ үнэлэлттэй тэмцэх газрын
дарга н.Батзориг, Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн хэлтсийн дарга н.Энхтөр нар
багтаж байгаа аж.