Categories
мэдээ спорт

Азийн наадам эхэллээ

БНСУ-д зохион байгуулагдаж
буй “Инчон 2014” Азийн наадамд өчигдөр
Улаанбаатарын цагаар 19 цагт Асиад цэнгэлдэх
хүрээлэнд нээлтээ хийлээ. Азийн
наадам 17 дахь удаагаа болж
байгаа бол Монгол Улс
10 дахь удаагаа тамирчдаа илгээгээд
байгаа нь энэ юм.
Манай орны хувьд энэ
удаагийн Азийн наадамд спортын
23 төрөлд 233 тамирчин оролцож байна. Энэ
удаагийн Азийн наадмын Монголын
багийн ахлагчаар УИХ-ын гишүүн
Б.Бат-Эрдэнэ
томилогдсон.

Уг наадамд Ази тивийн
45 орны 9535 тамирчин 36 спортын төрөлд 439 багц
медалийн төлөө хурд, хүчээ
сорих бөгөөд аравдугаар сарын
4-нд өндөрлөнө. Мөн Азийн Паралимпийн
хоёр дахь удаагийн “Инчон-2014”
наадам аравдугаар сарын 18-24-ний хооронд болох
юм. Өмнө нь манай
орон Азийн наадмаас 14 алт,
22 мөнгө, 64 хүрэл медаль хүртэж
байсан билээ.

Энэ удаагийн Азийн наадмын гимнастикийн
төрөлд М.Ариунбат, П.Отгонбат, Г.Эрдэнэ­болд,
Э.Батмаа, Б.Соёлсайхан, Б.Ичинхорлоо нар
өрсөлдөнө. Гимнастикийн тамирчдаас Сингапурын хүүхдийн олимпийн аварга Г.Эрдэнэболдод
нэлээд итгэл хүлээлгэж буй
бөгөөд өөрөө ч түүнийгээ
ухамсарлаж яваа гэж байсан
юм. Туялзуур сэлэмний төрөлд найман тамирчин
оролцож байгаа бөгөөд эхний
тулаанаа өнөөдөр хийхээр болжээ.
Азийн наадмын таеквондогийн тэмцээнд
эрэгтэй гурав, эмэгтэй гурван
тамирчин өрсөлдөх аж. Харин усанд
сэлэлтийн төрөлд эрэгтэй дөрөв,
эмэгтэй таван тамирчин өрсөлдөх
юм байна. Тэдний усан
замд өнөөдрөөс эхлэн гарах бөгөөд
тэмцээнээ ирэх сарын гуравны
өдөр өндөрлүүлэх аж. Бадминтоны тамирчид
өнөөдрөөс талбайд гарах бол
энэ төрлийн тэмцээн 29-нд
өндөрлөх юм гэнэ. Монгол
Улс анх удаа Азийн
наадамд гольфийн баг тамирчдаа оролцуулж
байгаа юм. Түүнчлэн эрэгтэй,
эмэгтэй багийн төрөлд өрсөлдөх
бол тэмцээн 25-27-ны өдрүүдэд болно.
Манай баг хэсгээсээ шалгарч
чадвал 28-ны өдөр финалд
өрсөлдөнө.

Ази тивийн аварга Т.Энхжаргалаар ахлуулсан дугуйн долоон тамирчин
замд гарна. Дугуйн тэмцээн
өнөөдөр эхэлж 29-нд дуусах юм.
Мэдээж Т.Энхжаргал манай
дугуйн тамирчдын гол найдлага байх
нь гарцаагүй. Эрэгтэй зургаа, эмэгтэй
дөрвөн боулингийн тамирчин Азийн наадамд оролцож
байгаа бол М.Бадрах,
Б.Оюунбат нараар
ахлуулсан теннисний эрэгтэй тав, эмэгтэй
дөрвөн тамирчин Инчонд өрсөлдөх аж.
Монголын Үндэсний олимпийн хорооны дэргэд байрлах
бейсболын талбайдаа удтал бэлтгэлээ базаасан
13 бейсболч 20-24-ний өдрүүдэд урьдчилсан
тоглолтдоо оролцох бол хагас
шигшээ, финалын тоглолтууд 27-28-ны
өдрүүдэд болох гэнэ.

Энэ удаагийн тивийн олим­под
хамгийн хүчтэй бүрэл­дэхүүнтэй
оролцож байгаа баг мэдээж
жүдо бөхийн тамирчид байх
юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд
сар гаруйхны өмнө дэлхийн аварга
болсон олон улсын хэмжээний
мастер Ганбатын Болдбаатар барилдах бол Гран при,
гранд слам тэмцээнүүдийн аварга
Д.Төмөрхүлэг 66 кг-д, 73 кг-д
Д.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн,
90 кг-д Л.Отгонбаатар
нар татамид гарна. Харин
-100 кг-ын жинд олимпийн
алт, мөнгөн медальт, Монгол
Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр
тата­мид хүч үзнэ.
+100 кг-д Өлзийбаярын Дүүрэнбаяр
барилдах юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн
48 кг-д дэлхийн аваргын
мөнгөн медальт, гавьяат тамирчин Мөнхбатын
Уранцэцэг, 52 кг-д А.Цолмон, 57 кг-д Д.Сумъяа, 96 кг-д Б.Мөнгөнчимэг, -70 кг-ын жинд
Наранжаргал, -78 кг-д Баттулгын
Мөнхтуяа нар эх орноо
төлөөлөн барилдахаар болоод байна. Эмэгтэй
багийн хувьд дэлхийн аваргад
оролцсон бүрэн бүрэлдэхүүнээрээ орж
байгаа аж. Харин багийн
барилдаанд гавьяат тамирчин М.Бундмаа эмэгтэйчүүдийнхээ багийн
бүрэлдэхүүнд орж барилдах юм
байна. 

Монголын буудлагын баг тамирчдын ахлаг­чаар тус холбооны
ерөн­хий­лөгч Э.Мөнх-Очир, дасгал­жуулагчаар Л.Ундралбат, С.Адил­биш нар
Инчонд очоод байна. Гавьяат
тамир­чин, Хөдөлмөрийн баа­тар О.Гүндэгмаа,
Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар эмэгтэйчүүдийн төрөлд
цэцээ сорих бол Э.Даваахүү, Б.Сайннасан, А.Алтанхуяг нар эрэгтэйчүүдийн төрөлд
оролцож байна. Тэдний тэмцээн
өнөөдөр эхэлж байгаа бөгөөд
30-нд өндөрлөх юм. Б.Энхжин,
Э.Тэлмэн нараар
ахлуулсан софт теннисний тамирчид
Инчонд очин бэлт­гэл­ээ базааж байгаа
гэнэ.

Азийн спортын XVII наа­дамд оролцох
сагсан бөмбөгийн эрэгтэй баг өнөөдөр
Хонконгтой тоглох юм. Өмнө
манай эрэгтэй баг 2012 оны
Азийн оюутны сагсан бөмбөгийн
тэмцээнээс хүрэл медаль хүртэж
байсан билээ. Харин ширээний
теннисний тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй
гурван теннисчин оролцоно.

Харин манай ширэн бээлийтнүүд
энэ удаагийн наадамд эрэгтэй 10, эмэг­тэй гурван боксчинтой
орол­цож байна. Ширэн
бээлийт­нүүдийн тэмцээн есдүгээр
сарын 24-нөөс урьдчилсан шатны
тоглолт эхэлж аравдугаар сарын
3-нд медальтнууд тодорно. Эрэгтэйчүүдийн 49 кг Г.Ган-Эрдэнэ, 52 кг Х.Энхдэлгэр,
56 кг-д Лондонгийн олимпийн
мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, 60 кг Д.Отгонжаргал,
64 кг Б.Чинзориг, 69 кг
Б.Түвшинбат, 75 кг
Н.Шинэбаяр, 81 кг
С.Эрдэнэбаяр, 91 кг
Д.Отгонбаяр, +91кг
Б.Энхбаяр нар
рингнээ гарна.

Азийн наадмын хүн­дийг
өргөл­тийн тэмцээн ес­дүгээр сарын 20-26-ны
өдрүүдэд болох бөгөөд нийт
15 багц медалийн эзэд тодорно. Эмэгтэйчүүдийн
69 кг Б.Оргилсайхан, 94 кг
А.Амартөгс, 105 кг
Т.Төмөрбаатар нар
оролцох бол эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Анхзаяа,
О.Баярцэцэг, 58 кг
А.Отгонжаргал, Б.Дэнсмаа, +75 Ц.Ариунжаргал нар
өрсөлдөнө.

Монголын багийн ахлаг­чаар
Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч
Долгорсүрэнгийн Дагвадорж оролцоно. Эрэгтэй­чүүдийн 57 кг-ын жинд Ази
тивийн аваргын хүрэл, залуучуудын
ДАШТ-ий мөнгөн медальт
Б.Номин, 61 кг-д  Т.Түвшинтулга, 65 кг Азийн аваргын
хүрэл медальт Б.Батмагнай,
74 кг-д Азийн спортын
болон Ази тивийн аваргын
хүрэл медальт Д.Гомбодорж,
86 кг Азийн спортын наадмын
хүрэл медальт П.Өсөхбаатар,
96 кг-д Оюутны зуны
универсиад наадмын хүрэл, Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээ­ний алт, хошой
хүрэл медальт Д.Хүдэрбулга,
125 кг-д Азийн спортын
наадмын мөнгө, Ази тивийн
аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дөрвөн хүрэл
медальт Ж.Чулуунбат нар
дэвжээнд гарна. Сонго­мол
барилдааны 59 кг-д өсвөрийн
Ази тивийн аварга П.Эрдэнэбилэг оролцох аж.

Харин эмэгтэй багийн хувьд
48 кг-д тивийн аваргын
мөнгөн медальт Э.Нарангэрэл,
55 кг С.Бямбацэрэн, 63 кг-д саяхан дэлхийн
аваргын алтан медаль хүртсэн
олон улсын хэмжээний мастер
С.Цэрэнчимэд, 75 кг-д ДАШТ-ий
мөнгө, хошой хүрэл, Азийн
наадмын хүрэл, Ази тивийн
аварга шалгаруулах тэмцээний хоёр мөнгө, гурван
хүрэл медальт гавьяат тамирчин
Очирбатын Бурмаа нар оролцоно.
Чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй,
эмэгтэй аль аль баг
нь өндөр амжилт үзүүлэх
боломжтой юм. Ялангуяа эмэгтэй
тамирчид илүү амжилт гаргах
байх гэсэн таамаг хөвөрч
байна.

Тэгвэл шинэ тутам хөгжиж
буй триатлоны спортын төрөлд эрэгтэйчүүдэд
Ч.Гансүх, Н.Тэмүүлэн, эмэгтэйчүүдэд Э.Сүрэнням, Т.Хүслэн нар оролцож
байна. Харин үшү­гийн
төрөлд эрэгтэй 56 кг-д Б.Мягмарсүрэн, 70 кг-д Т.Отгонзаяа, эмэгтэй тамирчдын бүрэлдэхүүнд
52 кг-д С.Амгаланжаргал,
60 кг-д А.Зууннаст
нар тулалдана. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-нд эх орондоо
анх удаа гандболын олон
улсын тэмцээнийг хүлээн авч байсан
манай орон Азийн наадамд
14 хүний бүрэлдэхүүнтэй багаа илгээжээ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ улс-төр

Цагт 60 мянган өндөг ангилж савлах цогцолбор нээгдлээ

500 шахам мянган шувуутай “Баян шувуу” шувууны аж ахуй Төв аймгийн
Баянчандмань суманд өнөөдөр нээлтээ хийлээ. 300 гаруй мянган өндөглөгч,
100 гаруй мянган дэгдээхэйтэй, цагт 60 мянган ширхэг өндөг ангилж савлах
хүчин чадалтайгаар эхний ээлжинд ашиглалтад орж байгаа энэ цогцолборыг
үндэсний НВЦ компани өөрийн хөрөнгөөрөө хоёрхон жилийн дотор барьж
босгожээ.Ерөнхий сайд Н.Алтанхуяг цогцолборын
нээлтэд оролцохдоо “1953 онд Монгол Улс анх удаа 30 мянган өндөглөгч
тахиатай аж ахуй нээж, түүнээс хойшхи 50 жилийн хугацаанд нийтдээ 350
мянган өндөглөгч тахиатай болжээ. Харин өнөөдөр манай улсын хагас зуун
жилийн түүхэнд бүтээснээс илүү хүчин чадалтай орчин үеийн том
цогцолборыг үндэсний компани богино хугацаанд босгож байна. Монголчууд
жилд 100 сая ширхэг өндөг хэрэглэдэг бол энэ үйлдвэр бүрэн хүчин
чадлаараа ажиллаж эхлэхэд дотооддоо 200 сая ширхэгийг үйлдвэрлэж, хоёр
дахин илүүг хэрэглэх боломжтой болно. Энэ том бүтээн байгуулалтыг дагаж
хамгийн орчин үеийн технологи, ноу хау орж ирж, үйлдвэрлэлийн өртөг
зардлыг бууруулахаас гадна гадаадаас өндөг авдаг байсан 20 сая
ам.долларыг эх орондоо үлдээнэ. Ийм жишгээр Монголдоо бүтээх санаа,
төсөл бүрийг Шинэчлэлийн Засгийн газар дэмжих болно” гэлээ.

Өндөгний импортыг 90%, өндөгний
үйлдвэрлэлийн өртгийг 30% хүртэл бууруулах, энэ хэрээрээ улсын эдийн
засагт жинтэй нөлөө үзүүлэх энэ цогцолборыг барьж босгоход төр бодлогын
дэмжлэг үзүүлж, НВЦ компани нийт 55 тэрбум төгрөгийн хөрөнгөө зарцуулж
байна. Тус аж ахуй нээгдсэнээр орон нутгийн 200 хүн ажлын байраар
хангагджээ.

“Баян шувуу” аж ахуй ойрын 4 жилд 1 сая
толгой өндөглөгч шувуутай, жилд 200 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин
чадалтай том үйлдвэр болж, 2018 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана.
2015 онд мax боловсруулах үйлдвэр, шингэн өндөгний цех, 2016 онд
тэжээлийн болон биогазын үйлдвэр, 2017-2018 онуудад нэмж тус бүр 300
мянган өндөглөгч, 100 мянган дэгдээхэйн байрыг тоног төхөөрөмжийн хамт
барьснаар Европын томоохон аж ахуйнуудтай эн зэрэгцэхүйц техник
технологи, хүчин чадалтай томоохон цогцолбор болно.

Хог хаягдлаа дахин боловсруулж бүрэн
ашиглах энэ цогцолбор экологид ээлтэй үйлдвэрлэлийн жишгийг Монголд
тогтооно. Шувууны аж ахуйгаас гардаг гол хаягдал сангасаар түлш
үйлдвэрлэж, хэрэглээний эрчим хүчээ хангаад, үлдсэн хэсгээр хөдөө аж
ахуйд өргөн ашиглагдах сайн чанарын бордоо үйлдвэрлэнэ. Энэ мэт олон
сайн жишиг нэвтрүүлэх үйлдвэрийн хүрд нийслэлээс 75 км зайд, дэд бүтэц
сайн хөгжсөн бүсэд өнөөдрөөс эргэж эхэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны хороолол дотор 5 байршилд ус зайлуулах шугам барьжээ

Энэ онд нийслэл хот орон сууцны хороолол дотор болон нийтийн зам талбай
орчмын таван байршилд нийт 3,5 км борооны ус зайлуулах шугам хоолойг
угсрах ажилд Замын сангийн хөрөнгөөс 2.6 тэрбум төгрөг зарцууллаа.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эдгээр ажлын тендер зохион
байгуулалтыг оны эхний хагаст багтаан дуусгаж шуурхай ажилласан байна.
3-5 сард шалгарсан компаниудын гэрээ байгуулагдсан бөгөөд өнөөдрийн
байдлаар гүйцэтгэл 100 хувь дуусч, комисст хүлээлэн өгчээ.  
Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамжаас Жигжиджавын гудамж
орчимд “Наран тойром” ХХК, Баянгол дүүргийн 3-р хороо, Төмөр замын ЗЦГ,
Ган зам зочид буудлын орчимд “Нэмэх сүлжээ” ХХК, Баянзүрх дүүргийн 13-р
хороолол, 21-р байр орчимд “Гэрэлт ой” ХХК, Чингэлтэй дүүргийн 5, 6-р
хорооны нутаг дэвсгэрт “Есөн талст оргил констракшн” ХХК,
Амгалан-Ботаникийн троллейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэл
“Набсан” ХХК  тус тус борооны ус зайлуулах шугам хоолойг суурилуулж
дуусгалаа. Ингэснээр тус хэсэгт борооны ус тогтохгүй, шавар шалбааг
үүсч, нарийн тоос шороо босохооргүй болжээ.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалтай өдөр таксигаар үнэгүй үйлчлүүлнэ

“Хьюндэй моторс” компанийн зүгээс өчигдөр буюу есдүгээр сарын 19-ны өдөр
Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Зарим телевизийн
сувгуудаар “Соната 8” автомашиныг худалдаж авбал дугаар хязгаарлалтад
хамаарахгүй” гэсэн агуулгатай мэдээлэл цацагдсан. Энэхүү асуудлаар
“Хьюндэй моторс” компанийн зүгээс өчигдөр (09.19) мэдээлэл хийлээ.

“Хьюндэй моторс” компанийн маркетингийн менежер А.Амартүвшин “Бид
өнгөрсөн долдугаар сараас эхлэн “Соната-8” авто машины талаарх
мэдээллийг иргэдэд хүргэж эхэлсэн. Ингэхдээ уг авто машиныг худалдан
авсан худалдан авагч дугаарын хязгаарлалттай нэг өдөр авто машины
хязгаарлалтад ажлаа амжуулах бүрэн боломжтой боллоо.” гэсэн мэссэжийг
тараасан. Энэхүү мэссэж олон нийтэд хүрснээс хойш сошиал ертөнцөд
тархсан. Харин зарим телевизийн твиттер дээр бичигдсэн үгээс үндэслэн
буруу ташаа мэдээлэл таржээ. Телевизийн твиттер хуудас дээр ““Соната 8”
машиныг худалдаж авснаар дугаарын хязгаарлалтад хамаарахгүй” гэж бичсэн
байсан. Твиттер хуудасны зайны хэмжээнээс хамааран мэдээлэл дутуу
хүргэгдсэн байна. Текстийг уншихад “Дугаарын хязгаарлалтад
хамаарахгүйгээр ажлаа амжуулах бүрэн боломжтой боллоо гэсэн утгатай
байсан” юм. Харин нийгмийн сүлжээгээр буруу мэдээлэл тарсан учир
тайлбарыг хүргэж байна. “Хьюндэй моторс” нь “Улаанбаатар” такси
компанитай гэрээ хийсэн. Энэхүү гэрээний зорилго нь “Соната-8” худалдаж
авсан хүн гурван сарын хугацаанд тухайн авто машинаа гардаггүй өдөр
өөрийн жолоочтой өөрийн машинтай явж байгаа юм шиг “Улаанбаатар” такси
компанийн такси болон жолоочийг бүтэн өдөр үнэ төлбөргүй хөлсөлж явна
гэсэн үг. Гурван сарын хугацаанд гэхээр нийтдээ 12 удаа энэ хөнгөлөлтийг
эдэлнэ. Ингэхдээ нэг өдөр 80 км-ээс хэтрүүлж явахгүй бөгөөд хэтэрсэн
тохиолдолд таксины мөнгийг нь төлөх аж.  Энэ үйлчилгээ нь машин худалдаж
авсан үнэдээ багтсан. Харин зарим телевизээр гарсан мэдээллийн дагуу
буруу ойлголт иргэдэд хүрсэн бололтой. Энэ бол “Хьюндэй моторс” компаний
маркентинг, чөлөөт сэтгэлгээ байсан юм. юм гэв.

Мөн тэд Бид авто машины улсын дугаараар хязгаарладаг замын хөдөлгөөний
зохицуулалтыг эсэргүүцээгүй юм. Бид нийгмийн хариуцлагаа алдаж,
Нийслэлээс, Замын цагдаагаас авч буй үйл ажиллагааг дэмжихгүй байна
гэсэн үйлдэл биш юм. Бид дугаарын хязгаарлалтыг дэмжиж байгаа. Нийгмийн
хариуцлагатай үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж ирсэн.” гэв.

Categories
мэдээ нийгэм

Зарим ажил үйлчилгээний зардлыг танана

Улсын төсвийн орлого найман сарын
байдлаар 623.4 тэрбум төгрөгөөр тасарчээ. Тиймээс зарим ажил
үйлчилгээний зардлыг хумих талаар Сангийн яамнаас анхаарах болсон байна.
Төсвийн хөрөнгөөр худалдан авахаар есдүгээр сарын 19-нөөс хойш гэрээ
байгуулсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй
байх, төсөвт байгууллагуудын санхүүжилтийн болон зарцуулалтын мөнгөн
хөрөнгийг бууруулж олгох, шинээр өр төлбөр үүсгэхгүй байхыг Сангийн
сайд, Төсвийн бүх шатны эрх захирагч нарт даалгасан байна. Одоогийн
байдлаар 85.6 тэрбум төгрөгийн дүнтэй хөрөнгө оруулалтын 75 төсөл, арга
хэмжээ, барилга байгууламжийн тендер зарлагдаагүй, гэрээ
байгуулагдаагүй, ажил нь эхлээгүй байгаа аж.

 О.САР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрыг цомхотгоно гэснээс хойш улстөрчдийн амбиц сэргэжээ

Засгийн газарт цомхотгол хийж есөн яамтай болно гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ нь баттай мэдээлэл биш гэдгийг эх сурвалжууд өгүүлж буй. Харин нэрээ нууцлахыг хүссэн засгийн газрын гишүүний өгсөн баттай мэдээллээр эхний ээлжинд дөрвөн яамыг хөдөлгөх бололтой. тодруулбал, эдийн Засгийн  хөгжлийн яамыг сангийн яамтай нэгтгэж, эрчим хүчний яамыг уул уурхайн яамтай нэгтгэх юм байна. тиймээс өнөөдөртөө засгийн газрын түвшинд сайд н.Батбаяр, Ч.Улаан болон Д.Ганхуяг, М.Сономпил нарын хэн нь яамаа толгойлж үлдэх вэ гэдгийг л ярилцаж байгаа аж.

засгийн газар дээр ийм өөрчлөлт хийх болсонтой холбоотойгоор Ч.Улаан Н.Батбаяр хоёрыг хоёуланг нь явуулж о.Чулуунбат Сангийн яамыг толгойлохоор болсон гэх мэдээлэл ч бас байгаа юм. Энэ үнэний ортой байж магадгүй аж. учир нь МаХн-ынхан солонгос улсад зорчиж намынхаа даргатай уулзан засгийн газарт орох өөрчлөлтийн талаар зөвшилцөх болсон нь магадлалыг лавшруулж буй. Энэ мэтээр Н.Энхбаяр дарга засгийн газрын цомхотгол, бүтцийн өөрчлөлтөд гар бие оролцож байгаа нь мэдрэгдэж эхэллээ.

Яригдаж буй дөрвөн яамны араас зарим яамыг “татан буулгах” магадлал бий гэдгийг ч эх сурвалжууд үгүйсгэхгүй байна. сүүлийн өдрүүдэд сайд нар хэвлэлд ярилцлага өгч, телевизээр байнга шахам гарах болсон нь үүний нотолгоо болж магадгүй. Ц.оюунгэрэл сайд л гэхэд Лениний музейтэй холбоотой нэг сая ам.доллар, өөр олон сэдвээр ярилцаж харагдана. Олон жил шийдэгдээгүй Оюу толгойн асуудал ч зөвхөн энэ л цаг үед гацаанаас гарч байгааг дэд сайд нь мэдэгдлээ. Мөн тэнгэрт хадаад буй ам.долларын ханш газардана гэлцэж байна. учир нь Монголбанкны Ерөнхийлөгч н.золжаргалыг хүчтэй донгодохоор тохирсон учраас арга хэмжээ авах нь бололтой.

Ингэж Ерөнхий сайд н.алтанхуягийн “засгийн газарт цомхотгол хийнэ” гэсэн мэдээлэл яам, агентлагуудыг хүчтэй ташуурдсан хэрэг болжээ. энэ эрчээрээ аравдугаар сарын нэгэн гэхэд Засгийн  газрын ажил овоо өрнүүн байж олон асуудлыг нааштайгаар шийдчих бололтой. уг нь эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийг зарлахдаа л “Ажиллаж чадаагүй нэгнийг нь өршөөлгүй явуулна” гээд хэлчихсэн бол өнгөрсөн хугацаанд мөн ч ихийг амжуулах байж дээ.

засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор бас нэг хөдөлгөөн мэдрэгдэж байгаа нь улс төрийн хүрээнийхний амбиц сэргэсэн тухай. нэг сайдын өгүүлж буйгаар Засгийн газрын гишүүдээс бусад улстөрчид бүгдээрээ Засгийн газрыг унагахаар оролдож эхэлжээ. тэрээр хэлэхдээ “Биднээс бусад бүх хүн засгийн газрыг унагаж, улс төр хийхийг эрмэлзэж, хүчтэй оролдож эхэллээ. Тэд шөнө нойргүй, өдөр хоолгүй зүтгэж байна. Үүнээс нь л эмээж байна” хэмээн өгүүлж байгаа юм.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Су.Батболд: Хэрэг хийсэн хүний асуудлаар олон юм яримааргүй байна


УИХын гишүүн Су.Батболдтой ярилцлаа.

Удахгүй намрын чуулган эхлэх гэж байна. МАнын гишүүд амрахгүй гээд танай бүлгийн дарга мэдэгдсэн.Тиймээс завсарлагааны хугацаанд та бүхэн завгүй байв уу?

-Чуулганы завсарлагаа бол УИХ-ын гишүүдэд тойрогтоо ажиллах хугацаа олгодог л доо. УИХ-ын гишүүн иргэд сонгогчидтойгоо уулзаж, УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрийг танилцуулж, санаа бодлыг нь сонсдог.Энэ жишгээр л тойрогтоо ажиллалаа. Аймаг, сумын ойд ч оролцлоо.

Манай намын бүлгийн хувьд “Эзэн 100” хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах тал дээр нэлээд сайн ажилласан. Ажлын хэсэг гаргаж, энэ хөтөлбөрийн аль зүйл, заалт дээр үр дүн гарав гэдгийг тулгасан. Орон нутгаар явж судалгаа хийсэн.Энэ тухайгаа манай бүлэг хэвлэл мэдээллээр зарласан.Намын ажлын хувьд хэд хэдэн бүсчилсэн зөвлөгөөн хийлээ.Намын дотоод ажиллагааг сайжруулах чиглэлийн эдгээр ажлуудад оролцлоо.

ТанайхЭзэн-100” хөтөлбөрийг хангалтгүй гэж дүгнэсэн. Засгийн газар болохоор 100 хоногийн дотор эдийн засгийг сэргээнэ гэж хэлээгүй. Энэ хугацаанд эрх зүйн чухал баримт бичгүүдийг гаргасан нь амжилт боллоо гэж дүгнээд байгаа?

-100 хоногийн дотор эдийн засгийг өөд нь татаад бүгдийг сайхан болгочихно гэж байхгүй л дээ. Ямар утгаар 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлнэ гэж зарласныг мэдэхгүй. Мэдээж бид лав үүнээс тодорхой үр дүн гарахгүй гэдгийг ойлгож байсан. Үндсэндээ “Эзэн-100” гэдэг хөтөлбөр бол цаг хожсон арга хэмжээ гэдгийг нь мэдэж байлаа. Тиймээс хамгийн гол нь Засгийн газар хүндрэлтэй нөхцөл байдалд хүрэхээс өмнө өөрийнхөө үйл ажиллагааг илүү оновчтой зохион байгуулах шаардлагатай байсан. Болохгүй байгаа салбараа, түүнийг удирдаж байгаа сайдын асуудлыг шийдэх хэрэгтэй байлаа. Эрх зүйн орчноо ингэж сайжруулаач, ийм хууль гаргаач гэдгийг сөрөг хүчний хувиас шаардаж л байсан шүү дээ. Үүнийг “Эзэн-100” хөтөлбөртэй хөтөлбөргүй УИХ-аар оруулж ирэх нь нээлттэй байсан.Гэхдээ одоо манай намын гаргаж тавьсан баримт, Засгийн газрын ярьж байгаа хоёрыг ард түмэн ялгаж салгаж дүгнэлтээ хийх байх аа.

Үнэхээр үр дүн харагдахгүй байна уу эсвэл сөрөг хүчин юу ч байсан шүүмжлэх ёстой гэдэг өнгөнөөс хандаад байгаа юм уу гэдгийг бас ялгах хэрэгтэй байх л даа?

-Засгийн эрхийг олон жил барьсан хүчний хувьд манай нам харин ч асуудалд хүлээцтэй хандаж байгаа шүү. Болно биз, хийх байлгүй, анхаарах байх гэсэн байдлаар яваад байгаа. Зарим намын удирдлагууд “МАН их хүлээцтэй хандаж байна” гээд түрүүчээсээ яриад эхэлсэн байна. Тэр битгий хэл манай нам өөрсдийнхөө гишүүдэд ч зэмлүүлдэг. “Та нар шүүмжлэхгүй, эрх баригчдад юм хэлэхгүй байна” гэж. Гэтэл нөгөө талд эрх баригч хүчин “Биднийг ажил хийлгэхгүй байна” гэх юм. Тэгж яривал өмнө нь биднийг эрх барьж байхад АН-ынхан ёстой ажил хийлгэдэггүй байлаа.Бойкотолно, үймүүлнэ.Өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэхийн төлөө явдаг байв. Харин манай нам ийм үйлдэл гаргахгүй байгаа. Хэлж буй бүхэн минь улс орны эрх ашгийн төлөө байгаа. Өнөөдөр яалт ч үгүй эдийн засгийн аюулгүй байдал, төрийн бодлогын залгамж чанар эрсдэлд орчихсон учраас анхаараач ээ л гэж байна. Түүнээс биш эрх баригч муу байх тусам бидэнд сайн гэдэг зарчмаар явсан бол чимээгүй суугаад байж чадна. Тэр тохиолдолд бүгд нураад дампуурна шүү дээ. УИХ дахь манай намын гишүүдийн чуулган, байнгын хороонд хэлсэн үгийг шүүгээд үзээрэй. Бид өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг ямагт анхааруулсан байдаг.Тэр бидний хэлж байсан зүйлүүд өнөөдөр батлагдаж байна шүү дээ.

-“Эзэн 100” хөтөлбөрийн хүрээнд гарсан эерэг зүйлүүд их болсон. Ядаж л хоёр хөршийн дарга манайд ирлээ. Энэ нь эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтад ихээхэн нөлөө үзүүлнэ гэж дүгнэх хүмүүс бий

-“Эзэн 100” хөтөлбөрийн үр дүнд хоёр хөршийн дарга айлчиллаа гэж ярьж болохгүй л дээ. Гадаад айлчлал өөрөө тодорхой давтамжтай. Мэдээж хоёр хөршийн төрийн тэргүүн манайд айлчилсан явдал бол чухал. Харин одоо дээд түвшинд ярьсан зүйлүүдийг ажил хэрэг болгох дээр Засгийн газар анхаарах хэрэгтэй. Яам, тамгын газрууд төлөвлөгөө гаргаж, айлчлалын үеэр яригдсан үг, өгүүлбэр бүрийн араас хөөцөлдөх хэрэгтэй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тодорхой албан тушаалтан “Монголын тал өмнө нь ярьсан зүйлүүдээ хийдэггүй. Ажил хэрэг болгохгүй байгаа шүү” гэж мэдэгдэж байна лээ. Хятадын хувьд ч ялгаагүй. Тэднийхээс өмнө нь авсан зээл бусад асуудлаа шийдэж чадаагүй л байгаа шүү дээ. Тэгэхээр айлчлал гоё сайхан боллоо гэж хөөрцөглөж гүйхээсээ урьтаж, айлчлалын үр дүнг бодох хэрэгтэй.

Хоёр хөршийн даргыг ирэхэд МАН жинхэнэ сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж, шүүмжлэлээ өрнүүлэх байтал тал засч гүйлээ гэдэг шүүмжлэл байлаа

-Олон улсын харилцаанд тал засах тухай ойлголт байхгүй шүү дээ. Манай нам туршлагатай улс төрийн хүчний хувьд улс орны эрх ашгийн асуудал дээр хариуцлагатай хандах ёстой. Тэр байр сууриар асуудалд хандсан. Айлчлалын үеэр Засгийн газрыг огцруулах ч юм уу, ээлжит бус чуулган хийх асуудлыг тавихгүй байя гэсэн юм. Үүнийг хүмүүс яаж ч ойлгож болно.

Оюу толгой, Таван толгойг энэ намар гацаанаас гаргана гэдгээ Засгийн газар зарлачихлаа. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Энэ хоёр том төслийг өнөөдрийг хүртэл ярилаа. Гэвч шийдэж чадахгүй байна.Энэ бол манай улсын байгаа байдлыг л харуулж байна.Одоо боллоо, энэ намар, энэ өвөл төслийг явуулна гээд байнга ярьдаг. Гэвч өдий хүртэл бахь байдгаараа л байна.Оюу толгой бол Монголд орж ирсэн барууны хамгийн том хөрөнгө оруулалт.Тийм учраас урагш нь явуулах ёстой. Оюу толгой төсөл яаж явахаас дараагийн төслүүдийн хувь заяа шийдэгдэнэ. Ажлын хэсэг байгуулаад Таван толгойг гацаанаас гаргана л гэх юм. Гэхдээ хэцүү. Таван толгой төслийг явуулж болох тааламжтай цаг хугацааг алдчихсан шүү дээ. Одоо хичнээн зарлаад Таван толгойг хэн сонирхох юм бол доо. Нүүрсний үнийн байдал, прогнозыг харахаар надад итгэл төрөхгүй байна.

Таван толгойд хөрөнгө оруулах гэж хүлээсэн компани олон байгаа юм биш үү?

-Мэдэхгүй. Тэгж хүлээж, бужигнаж байсан үе бий.Гэхдээ тэр үеийн боломжийг бид алдчихсан.

Тэгж бужигнаж байх үед нь эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалтаа бэхжүүлээд авах бодлого явуулаагүй гэдэг шүүмжлэл байдаг?

-М.Энхболд, С.Баяр, С.Батболдын Засгийн газрын үед эдийн засаг дандаа өсөлттэй байлаа. Гэтэл хэдхэн улстөрчийн санаачилгаар тодорхой хөрөнгө оруулагчдад хориг тавьсан хууль батлаад бүгдийг нь нураасан шүү дээ. Тэр хүртэл бүх юм зөв байсан. Тухайн үед тэр хуулийг батлуулсаннэр бүхий улстөрчид өнөөдөр ч байна. Зарим нь сайд болчихсон явж байна. Оюу толгойг хэн эсэргүүцэж байлаа. Тэр хүмүүс сайд дарга болчихсон байна шүү дээ.

Намрын чуулган эхлэхээр Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой. Гэхдээ Ерөнхий сайд танхимдаа сэлгээ хийнэ гээд зарлачихлаа. Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Дэгийн тухай хуулиар бол УИХ-аар нэгэнт хэлэлцсэн асуудлыг дуусгаж байж дараагийн асуудал руу ордог. Тэгэхээр Н.Батбаярын асуудлыг хэлэлцэх учиртай.Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн асуудал оруулна гэж байх шиг байна. Үүнийг хоёр талаас нь харж байгаа. Засгийн газрыг анх байгуулагдахад нь манай бүлгээс ч миний зүгээс ч нүсэр бүтэцтэй байна. Ийм олон яамны хэрэггүй. Тэр тусмаа энэ олон сайд чинь УИХ-аасаа байх хэрэггүй” гэдгийг хэлж байлаа. Ер нь Монгол Улсын Засгийн газар есөөс арван яам, 12-13 сайдын бүтэцтэй явахад болдог. 1990-2012 он хүртэл ингэж л явж ирсэн уламжлалтай.

Хоёр том нам нийлээд ч юм уу эсвэл үндэсний тодорхой асуудлыг шийдэх үүднээсээ заримдаа бүтцийг өргөжүүлж болно. Үүнийг хуульчла х л хэрэгтэй. Нөгөө талаар Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ тэргүүлэх чиглэлээ тодорхойлдог.Жишээ нь энэ дөрвөн жилийн хугацаанд манай Засгийн газар уул уурхайг тэргүүлэх чиглэл болгоно гэвэл тусгай яам байгуулах жишгээр явдаг. Харин энэ Засгийн газрын бүтэц арай хэтэрсэн.Тодорхой нэр бүхий хүмүүст суудал хуваарилж, бялуу хуваах маягаар явсан шүү дээ. Үүнийг цэгцлэх нь зөв.Гэхдээ бүтцийн өөрчлөлт гэдэг нь өөрөө эрсдэл дагуулна. Дахиад бужигнана. Шинэ хүмүүс томилно гээд тав, зургаан сарын асуудал болно. Угаасаа өнөөдөр төрд ажиллаж байгаа алба мэргэшээгүй. Ажлаа мэддэг хүн тэнд байхаа больсон. Ийм байхад дахиад солио хийнэ гэдэг төвөгтэй. Тиймээс бүтцийн өөрчлөлт гэхээсээ илүү сайд нарынхаа асуудлыг цэгцлэх замаар энэ сэлгээг хийх хэрэгтэй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан хүний хувьд ингэж бодож байна. Тэгэхгүй бол муу дээр муу муухай дээр улцан гэгч л болох байх даа.

Ардын нам АНын аль нэг фракцитай нэгдээд Засгийн газрыг түлхэн унагах төлөвлөгөө зохиосон гэх мэтийн ярианаас үүдээд Ерөнхий сайд асуудлыг гартаа авч байгаа юм болов уу гэдэг таамаг ч бий

-Ер нь сайд бөгөөд Засгийн газрыг огцруулах нь ердийн асуудал. Угаасаа биднийг засаг барьж байхад ч огцорч л байдаг. Бусад улс орныг хараад байхад Засгийн газар нь өөрсдөө санаачлаад огцордог. Нэг сайд нь хариуцлага алдвал Ерөнхий сайд нь саналаараа огцордог. Сонгуулийн өмнө рейтингээ харж байгаад муу байвал Ерөнхий сайд нь танхимаа унагаж, шинэ баг бүрдүүлдэг байдлаар явдаг.Харин манайхан болохоор Засгийн газрыг огцруулж хүний мууг үзэх гээд байна гэдэг. Мэдээж Засгийн газар олон дахин огцроод байх нь сайн зүйл биш л дээ. Гэхдээ болохгүй байгаа бол халаа сэлгээ хийж болно. Харин Ерөнхий сайд юу бодож ийм асуудал оруулж ирж байгааг мэдэхгүй юм. Цаг хожихын тулд өнгөн өөрчлөлт хийж, хүмүүсийг хуурах гэж байгаа бол буруу. Үлдсэн хоёр жилд алдаагаа засаад цомхон чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлнэ гэж байгаа бол хамаа алга. Ер нь АН-ыг ойлгож байна. Засгийн эрхэнд олон жил гарч үзээгүй. Нэг гарсан болохоор тэр олон фракцийн гишүүдээ ажилтай болгох гэснээс асуудал үүссэн байх. Одоо үүнийгээ цэгцлээд улс орныхоо эрх ашгийн үүднээс явъя гээд оруулж ирвэл сайн л хэрэг.

Хэн дуртай хүн нь Засгийн газрыг огцруулах бичиг барьж гүйхээс сэргийлж, өөрөө асуудал оруулж ирж байгаа юм болов уу даа?

-Тэгвэл сайн л байна. Ер нь Ерөнхий сайд гэдэг хүн хүчтэй байх ёстой. Манайх сонгодог парламентын засаглалаа бий болгож чадаагүй болохоор харамсалтай нь Ерөнхий сайд нь тийм хүчтэй байж чаддаггүй.Тиймээс бараг муудалцсан сайдаа огцруулна гээд бичиг бариад гүйх хандлага давамгайлах шинжтэй болоод байна. Тэгэхээр Засгийн газрын гишүүнийг хэн огцруулах эрхтэй юм, Ерөнхий сайд Засгийн газрын өмнө, парламентын өмнө ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг эрх зүйн хувьд боловсронгуй болгох хэрэгтэй байна. Үгүй бол одоогийн байдлаараа л явна. Энэ бол тусдаа асуудал.

Харин өнөөдрийн Засгийн газар бол арай дэндүү хариуцлагагүй байгаа. Асуудлыг шийдэхээсээ илүү шоудах, эсрэгээр тайлбарлах чиглэл рүү анхаарлаа хандуулаад байна. Өөрсдийгөө их сайн ажиллаж байна гэдэг.Гэхдээ ийм их хэмжээний өр тавьчихаад ингэж ажилллана гэвэл ямар ч Засгийн газар чадна. Бондын мөнгөөр тавьсан зам Засгийн газрын ажил биш шүү дээ. Төсөв, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нь тэдний ажил.Гэтэл баахан өр тавьчихаад ийм хэмжээний ажил хийснийг нь харахаар чамлалтай санагдаад байна.

Өрийн хязгаарыг нэмэгдүүлэх асуудлыг намрын чуулганаар дахиад ярих юм шиг байна лээ

-Одоо арай хэтэрлээ. Гадагшаа гаргадаг түүхий эдийн үнэ олигтой өсөхгүй байна. Тийм учраас энэ их өрийг төлөхөд хүндрэлтэй, өрийн дарамтад орох нь байна. Үүнийг бид ч хэлээд байгаа юм биш. Олон улсын санхүүгийн байгууллага, судлаачид, эдийн засагчид анхааруулаад байна.

Зээл авахгүйгээр өргөждөг бизнес байхгүй ч гэдэг

-Зээлийг хэр зөв зүйлд зарцуулж байна гэдэг нь чухал шүү дээ. Өмнө нь манай авч байсан зээлүүд удаан хугацаатай, хүү багатай байлаа. Гэтэл бондын өр богино хугацаатай байна. Таван жилийн хугацаатай зээл авсан бол тэр хооронд ашиг олох төсөлд мөнгөө зарцуулах хэрэгтэй байсан.Тэгэлгүйгээр манай танилын, ах дүүгийн компани гэдэг зарчмаар мөнгөө тараагаад байна уу, үгүй гэдэг дээр аудитын газар анхаарал тавих хэрэгтэй.

Эцэст нь танаас УИХын гишүүн асан Д.Дондогийн талаар асуух гэсэн юм. Түүнээс эхлээд танай намын гишүүд ял аваад шоронд ороод эхэллээ. Гэтэл яагаад Ардын нам дуугарахгүй байгаа юм бэ?

-Ер нь гэмт хэрэг үйлдсэн, үйлдээгүйг шүүх тогтоодог. Үнэхээр сүүлийн үед манай намын гурав, дөрвөн хүн хуулийн хариуцлага хүлээж байх шиг байна. Гэхдээ энд улстөржилт явж байгаа.Хэргийг шийдвэрлэх үед ч энэ нь харагдсан. Манай нам улс төрийн үүднээсээ дүгнэлт гаргаж зохих байгууллагад хандаж байгаа шүү дээ. Энэ бол хэлмэгдүүлэлт. Хэргийг үнэн шударгаар шийдэх хэрэгтэй гэдэг үүднээс хандаж байгаа. Өнөөдөр намаар нь ялгаварлан шалгаж, хэрэг үүсгэдэг. Хэрэг үүсгэлээ гэхэд энэ намын хүмүүсийг шийтгэх ёстой гэдэг байр сууринаас хандаад байна. Үүнийгээ таслан зогсоох хэрэгтэй.

Та УИХын гишүүн асан Д.Дондогтой хамт Төв аймгийн тойргоос УИХд хэдэнтээ сонгогдож, мөр зэрэгцэж явсан нөхөр нь. Тиймээс таныг энэ талаар дорвитой юм хэлэх хүн гэж хараад байна л даа?

-Хууль хяналтын байгууллага дээр явж байгаа асуудал руу хөндлөнгөөс оролцох ёсгүй. Д.Дондог гишүүн хү-мүүсээс мөнгө аваад ид-чихсэн биш. Хөндлөнгийн хүн нэрийг нь ашигласан.Тодорхой хэмжээний мөнгө зээлсэн бол түүнийгээ буцаагаад төлчихсөн юм билээ. Тэр бол хувь хүнийхээ ч, улстөрчийнхөө ч хувьд ноён нуруутай. Улсыг болоод хүнийг хохироогоод явах хүн биш. Ер нь бол улс төрийн үйл ажиллагааны мөнгийг УИХ-ын гишүүний хувьд тусдаа хуулиар зарцуулдаг. Нэг тойргоос сонгогддог гэдэг утгаараа цуг байдаг гэдэг ойлголт байхгүй.

Ардын намыг эрх барьж байх үед УИХд суудал авч ирж байсан гишүүнээ тоохгүй хаячихлаа гэдэг ойлголт хүмүүст байх шиг байна

-Энэ тухай задалж яриад яах вэ. Хувь хүний, хэрэг хийсэн хүний асуудлаар сониноор дамжуулаад олон юм ярих нь дэмий. Чамд ч гэсэн тэнэг байгаа биз дээ. Тэнэг асуулт байгаа биз дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын багийн медалийн салхийг буудлагынхан хагаллаа

Өмнөд Солонгосын Инчон хотод болж буй Азийн зуны спортын XVII наадмын
нээлт ёслол төгөлдөр боллоо. Энэ удаагийн наадмын нээлт 60 мянган хүний
суудал бүхий “Incheon Asiad main stadium” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.

Энэ удаагийн наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын
36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Манай улсын хувьд 23
төрөлд 231 тамирчнаа илгээсэн юм.

Монголын тамирчдын тэмцээн туялзуур сэлэм, буудлага, жүдо бөхийн
төрлөөр өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр өглөө эмэгтэйчүүдийн хийн гар бууны
10 метрийн дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа,
олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар онч сорив. Уг
дасгалд 14 багийн тамирчин буудсанаас Монголын мэргэн муучид 1140
оноогоор хүрэл медаль хүртэж, “ИНЧЁН -2014” Азийн наадмаас Монгол Улсын
анхны медалийг авчирлаа. 
Хувийн дүнгээр О.Гүндэгмаа найм, Ц.Мөнхзул ес, Т.Баярцэцэг 15 дугаар байр эзлэв. 
Дашрамд дурьдахад, энэхүү хүрэл медаль нь хийн гар бууны төрөлд Азийн
наадмаас авсан буудлагын анхны хүрэл медаль болж байна. Эмэгтэй буучид
хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс
спорт гар бууны 25 метрийн дасгалд мөнгөн медаль хүртсэн билээ.
Одоо энэ цаг үед туялзуур сэлэмний эрэгтэйчүүдийн тэмцээн үргэлжилж
байгаа бөгөөд манай улсаас Г.Батхүү, Б.Дөлгөөн нар өрсөлдөж байна.
Харин 14.00 цагт жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн
48, 52 кг-ын жингийн барилдаан болно. Дээрх жингүүдэд манай улсаас
дэлхийн аварга Г.Болдбаатар, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг,
дэлхийн аварга М.Уранцэцэг, олон улсын хэмжээний мастер А.Цолмон нар
барилдах юм.
Мөн сагсан бөмбөгийн баг тамирчид өнөөдөр Хонконгийн багтай тоглоно.  
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /Инчён хотоос мэдээлэв/
Categories
мэдээ нийгэм

Ажиа Гэгээний эмнэлгийн орчимд мод тарина

Монголын
Залуучуудын холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубынхан байгуулагдсан
цагаасаа эхлэн унадаг дугуйн аялал, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг
дэмжиж дугуйн парад зохион байгуулах, иргэдийг эко тээврийн хэрэгсэл унахыг
уриалах зэрэг ажлыг зохион байгуулж байгаа. Тэгвэл тус клуыбнхан маргааш Ажиа
Гэгээний санаачлан байгуулсан “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн эргэн
тойрныг ойн төгөл болгохоор эхний моддыг тарих юм байна. Энэхүү ажилд
“Цэцэрлэгжилт” ХХК 700 мянган төгрөг үнэтэй модны үндсээр туслалцаа үзүүлж
байгаа бөгөөд мод тарих зааварчилгааг ч өгөх юм аж. Залуу дугуйчин клубынхан
тарьсан модоо Эх нялхсын эмнэлгийн хамт олонд хүлээлгэн өгөх юм байна.

Categories
мэдээ улс-төр

“888” -тай холбоотой санал хүсэлтийг авахаар болжээ

“Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-өөс хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэр,
мал аж ахуй, газар тариалангийн салбарын төслүүдийг дэмжигдсэн жагсаалтыг
хүргэснээс хойш гүйцэтгэсэн ажлын явцыг дүгнэх, оролцогч талуудын уялдааг
сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн төсөлд шаардагдах зээл олголтыг
эрчимжүүлэх, учирч буй саад бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тодорхойлох
зорилгоор санал хүсэлт авч байгаа аж.

Саналыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны байрны нэгдүгээр давхарт байх санал
хүсэлтийн хайрцагт хийж болох гэнэ. Санал хүсэлтийн дагуу хийсэн ажил,
шийдвэрлэсэн асуудлыг бичгээр биелэн хүргүүлэх буюу яамны вэб сайтад байршуулах
юм байна.