Categories
мэдээ спорт

9999 шатарчид өрсөлдөж байна

Завхан аймагт өнөөдөр монголдоо анх удаа гэж болох “Өсвөрийн 9999 монгол
шатарчид” тэмцээн эхлээд байна. Дөрөв хоног зохиогдох энэхүү тэмцээнийг
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачилсан гурван
тулгуур бодлогын хүрээнд зохион байгуулж байгаа аж. Тус аймгийн 24 сумын
31 сургуулийн хүүхдүүд оролцож буй энэхүү тэмцээний анхан шатны тоглолт
өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх юм.

Завхан аймгийн Баянтэс сумын хувьд нийт
405 хүүхэд нийт таван насны ангилалаар шатрын тэмцээнд оюун ухаанаа
сорьж байна. Тодруулбал, 5-7 насны ангилалд 21 хүүхэд, 8-9 насны
ангилалд 36 хүүхэд, 10-12 насны ангилалд 138 хүүхэд, 13-15 насны
ангилалд 143 хүүхэд, 16-18 насны ангилалд 67 хүүхэд оролцож байгаа юм.

Бүх шатны тэмцээн “швейцари систем”-ээр
таван өрөг тоглож, онооны дарааллаар байр эзлүүлэх бөгөөд анхан шатнаас
шалгарсан сурагчид 22-23-нд Улиастай хотод зохиогдох шигшээ тоглолтод
оролцох юм.

Дашрамд дуулгахад, Олон улсын Шатрын
холбооны ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч  асан
Кирсан Илюмжинов, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, БСШУЯ болон ССАЖЯ-ны
төлөөлөл маргааш тус аймгийн Баянтэс, Тэс сумдад хүрэлцэн ирж, тэмцээний
явцтай танилцах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын Политехник коллежийг Алтан гадас одонгоор шагнав

Жаран жилийн ой нь тохиож байгаа Барилгын Политехник коллежийг Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Алтан гадас одонгоор шагнав.
Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж, Алтан
гадас одонг тус сургуулийн туганд зүүж өгөв.

Барилгын Политехник коллежийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
Алтан гадас одонгоор шагнах тухай зарлигт “Монгол Улсын барилгын салбарт
мэргэжилтэй, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд хүч хөдөллмөр, авьяас
чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан
хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Барилгын Политехник коллежийг
Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн
үгэндээ “Монгол Улсын барилгын салбарын хөгжлийн түүхэнд улс эх орондоо
их бүтээн байгуулалтыг цогцлоож ирсэн танай сургуулийн үе үеийн багш,
сурган хүмүүжүүлэгч, төгсөгч, ажилтан, ажилчдад түүхт 60 жилийн ойн
баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 

Монголчууд бидний өвөг дээдэс барилга, архитектурын баялаг уламжлалтай 
ард түмэн байсныг одоогийн бидний амьдран буй гэр, түүгээр ч зогсохгүй
Хүннүгийн үеэс үлэмж хэмжээтэй булш, онго, тахилын байгууламжийг барьж
байгуулж байснаас харж болно. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө Египетийн
хаад газрын гадаргаас дээш пирамид босгож байсан бол манай өвөг дээдэс
газрын гүн рүү хаад язгууртныхаа булш, онго, тахилын байгууламжийг барьж
байгуулж байжээ. Иймд Монголчуудын барилгын салбарын түүх нэгэн жарнаар
хязгаарлагдахгүй эртний уламжлалтай гэдгийг энд онцлон хэлэхэд таатай
байна.

Монгол Улсын хөгжлийн тэргүүн эгнээнд барилгын салбарын хөгжил байх
ёстой. Барилгын салбарын хөгжлийн чиг хандлагыг ажихад байгаль орчин,
нийгэмд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай байхыг
шаардах болжээ. Тиймээс бүтээн байгуулалтыг өрнүүлэх, барилга барих
мэргэжилтэн олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадварлаг байх ёстой гэдгийг
төр, засгийн зүгээс сүүлийн жилүүдэд онцгой анхаарч байна. Энэ
шаардлагад хүрэхийн тулд багш, сурган хүмүүжүүлэгч, суралцагчдын
ажиллах, сурах орчин нөхцөлийг өрсөлдөхүйц түвшинд хүргэх, барилгын
үйлдвэр технологийн уламжлал шинэчлэлийг шинжлэх ухааны үндэстэй
хослуулахыг цаг үе шаардах боллоо.

Цаг үеийн шаардлага, дэлхийн жишигт хүрэх нь Та бидний бэлтгэн гаргасан
мэргэжилтэй ажилтан, багш нарын ур чадвараас ихээхэн шалтгаалах болно.
Барилгын Политехник Коллежоос олон арван алдар суутай чадварлаг ажилтан,
боловсон хүчин бэлтгэгдэн гарч байсныг бид мэднэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Барилгын Политехник Коллежийн 60
жилийн ойг тохиолдуулан, улс эх орныхоо нийгэм эдийн засаг, бүтээн
байгуулалтын салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж төрийн дээд
шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.

Түүхт 60 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа танай хамт олонд болон 
барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргахад эрдэм мэдлэгээ
зориулсан үе үеийн багш, удирдлага, төгсөгч, суралцагчиддаа сайн сайхныг
хүсэхийн ялдамд барилгын салбарт амжилт бүтээлээрээ жигүүрлэн манлайлах
их үйлсэд тань амжилтыг хүсье” гэлээ.

Categories
мэдээ спорт

Ёкозуна Харүмафүжи нүдэндээ гэмтэл авч, аки башёг орхив

Мэргэжлийн сумогийн Аки башё буюу
есдүгээр сарын барилдаанд Ёкозүна Хакухо, Какурюү, маэгашира Ичиножёо,
Кёкүтэнхо нарын Монгол бөхчүүд нэг ч унаагүйгээр хошуучилж байна.
Өчигдөр Ёкозуна Харүмафүжи өчигдөр Ёзиказэтэй барилдахдаа нүдэндээ хүнд
гэмтэл авснаас тэмцээнийг орхив. Исэгахама ояката “Барилдах ямар ч арга
байхгүй. Нүднээс нь цус гоожоод өчигдөр шөнө тогтсонгүй” гэж сэтгүүлчдэд
мэдээлжээ. 

Categories
мэдээ нийгэм

“Miss World Mongolia-2014” тэмцээний финалын шалгаруулалт болно

“Miss World Mongolia-2014” тэмцээний финалын шалгаруулалт өнөөдөр 18.00
цагаас УДЭТ-т болно. Шилдэг арван миссээс нэг нь үндэсний ялагч болж,
дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

Дэлхийн миссийн тэмцээнд оролцох Монголын арав дахь мисс өнөөдөр УДЭТ-ын тайзнаас тодрох юм. Шилдэг арван мисстээ амжилт хүсье!

Categories
мэдээ нийгэм

“Сайра” лаазалсан загасыг худалдаанаас эргүүлэн татлаа

“Норжин” худалдааны төвөөс лаазтай загас
автал улаан өтнүүд байна ямар учиртайг шалгаж өгнө үү” гэсэн иргэний
мэдээллийн дагуу 2014 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх
Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид “Сонгинохангай” ХХК-ийн
“Миний дэлгүүр-102” салбарт худалдаалагдаж байсан “Монгол саплай чэйн”
ХХК-ийн ОХУ-ын “Титан” ХХК-аас импортоор оруулж ирсэн 2013 оны 12 дугаар
сарын 13-ны өдөр үйлдвэрлэгдсэн, 4680009030015 цувралын дугаартай
“Сайра” нэрийн нөөшилсөн загасны дээжийг МХЕГ-ын хүнсний үндэсний
лавлагаа лабораторид шинжлүүлэхэд паразитлогийн шинжилгээнд оруулжээ.
Ингэхэд /”Асоnthocepha-laeocantpcepala” скребни/ нэртэй загасанд
шимэгчилэн амьдардаг шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна.

Иймд “Сонгинохангай” ХХК-д улсын
байцаагчийн акт хүргүүлэн дээрх үйлдвэрлэсэн огноо, цувралын дугаартай
нөөшилсөн “Сайра” загасны худалдаалалтыг хориглож, 26595 ширхэг сайра
загасыг худалдааны сүлжээнээс татан авахуулж, олон нийтэд сэрэмжлүүлэг
хийсэн байна. Уг цувралын бүтээгдэхүүн нь 2014.04.15-нд ОХУ-аас
Алтанбулаг боомтоор 36000 ширхэг орж ирсэн байна. Татан авсан
бүтээгдэхүүнээс давтан түүвэрчилэн дээж авч, МХЕГ-ын хүнсний үндэсний
лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв
лаборатори, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн тев лабораториудад нийт
110 дээж шинжлүүлсэний 20 ширхэг бүтээгдэхүүнд буюу 18.1%-д дахин шимэгч
хорхой илэрсэн байна.

Тиймээс МХЕГ-аас экспортлогч ОХУ-ын
Улаан Үд хотын Титан ХХК-д энэ талаар мэдээлж, харилцан зөвшилцсөний
үндсэн дээр МХЕГ-ын даргын 1/2376 тоот албан тоотоор нөөшилсөн загасыг
экспортлогч ОХУ-ын “Титан” компанид буцаах шийдвэр гарчээ. Ингээд 2014
оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Монгол саплай чейн” ХХК-ий түгээлтийн
нэгдсэн төвд битүүмжилсэн 26220 ширхэг бүтээгдэхүүнийг Монгол Улсын
хилээр гаргаж байгаа аж.

Тус шийдвэр нь хамтын шийдвэр байсан
бөгөөд МХЕГ, үйлдвэрлэгч тал, импортлогч тал харилцан зөвшилцсөний
үндсэн дээр шийдвэрлэсэн асуудал юм байна. Үйлдвэрлэгч тал болон ОХУ-ын
хяналтын байгууллагын зүгээс тайлбарлаж байгаагаар тухайн үхсэн шимэгч
хорхойн хүний биед сөрөг нөлөөгүй гэж тайлбарлаж байгаа аж, Гэвч олон
улсад мөрдөгдөж байгаа САС-ын стандартаар нөөшилсөн хүнсний
бүтээгдэхүүнд гадны хольц байхгүй гэсэн заалтыг үндэслэн тухайн
үйлдвэрлэгчийн технологийн алдаанаас үүдэлтэй гэж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Уламжлалт “Номын баяр” болж байна

Соёл, спорт аялал жуулчлалын яам, “Номын
соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй “Номын баяр”
өнөөдөр Чингисийн талбай дээр болж байна.

Уламжлал ёсоороо 16 дахь баярын хүндэт зочид нь ахмад зохиолчид байх
бөгөөд хүндэтгэлийн улаан хивсний ёслол юм. Мөн харааны бэрхшээлтэй
иргэдийн номын сангийн эрх зүйн орчин, номын сангийн шинэлэг үйлчилгээ,
номын зах зээл сэдвээр илтгэл тавигдана.

“Номын баяр” өдрөөр тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулах, үнэт
ховор номын үзэсгэлэн, хамгийн их уншлагад гарсан, уншлагад гараагүй
номын үзэсгэлэн, Ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, хамгийн их
уншигддаг уран зохиолын номын рейтингийг тогтоох юм. Мөн номын сангийн
шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт
дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив, зохиолчдын гарын
үсэгтэй худалдаа, шинэ номын нээлт, зохиолчидтой хийх уулзалт зэрэг ном
тойрсон олон олон үйл явдал болж байна.

Ахмад зохиолчид өөрсдийн ном бүтээлээ сурталчлан оролцож, гарын үсэгтэй
худалдаалах юм. Мөн ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50%
хямдруулан худалдаална. Зохион байгуулагчдын зүгээс төрийн болон
бизнесийн байгууллагуудад хандан номын салбарын хөгжилд хувь нэмрээ
оруулж, ном худалдан авч, тархи оюунаа цэнэглэн оюундаа хөрөнгө
оруулахыг уриалж байгааг дуулгалаа.

“Номын баяр” өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны 11.00-19.00 цагийн хооронд болно.

Categories
мэдээ спорт

“Өсвөрийн Монгол шатар-9999” тэмцээн эхэллээ

Дэлхий нийтээр шатрыг оюуны их спорт хэмээн хүлээн зөвшөөрөх болсон.
Бид ч бас сүүлийн жилүүдэд хүүхдэд суурь боловсрол төлөвшил олгох,
нөгөөтэйгүүр өв соёлоо хөгжүүлэн уламжлуулах зорилгоор энэхүү спортод
ихээр анхаарах болсон. Үүний нэг жишээ нь Завхан аймаг юм. Хөдөлмөрийн
сайд Я.Санжмятав тус аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хэрэгжүүлж
эхэлсэн гурван тулгуурт бодлогын хүрээнд тус аймагт шатрын спорт
харьцангуй хөгжиж хүүхэд багачууд шатрын спотроор хичээллэх болсон
байна.

Тэгвэл энэ өдрүүдэд Завхан аймгийн 24 сум шатрын спортоор амьсгалж,
9999 шатарчин хүүхэд оюунаа уралдуулах “ӨСВӨРИЙН МОНГОЛ ШАТАР – 9999”
тэмцээн бүх суманд нэгэн зэрэг нээлтээ хийлээ

Дэлхийд анх удаа зохион байгуулагдаж буй “ӨСВӨРИЙН МОНГОЛ ШАТАР -9999 ”
тэмцээн нь шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, хүүхэд залуусын
авьяас билгийг хөгжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц шинэ залуу
мастеруудыг төрүүлэн гаргах зорилготой юм.

“ӨСВӨРИЙН МОНГОЛ ШАТАР –9999” тэмцээн 24 суманд 2014 оны 9-р сарын
20-21-ны өдрүүдэд явагдаж дүнгээ гаргах бөгөөд шалгарсан хүүхдүүд
Улиастай хотноо 22-23-ны өдрүүдэд шигшээ тоглолтонд оролцож  оюун
ухаанаа уралдуулах юм.

Тэмцээнийг Хөдөлмөрийн яам, Боловрсрол шинжлэх ухааны яам, Соёл спорт
аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж, Олон Улсын Шатрын Холбоо
/FIDE/ болон Монголын Шатрын Холбооны /МоШХ/-ны дүрмийн дагуу зохион
байгуулж байна. Дэлхийд анх удаа 9999 шатарчин нэгэн зэрэг оюунаа
уралдуулж байгаа тус тэмцээнд ОУ-ын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан
Николаевич Илюмжинов өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцох юм. Бүх шатны
тэмцээн “Швейцарь систем” -р 5 өрөг тоглож, онооны дарааллаар байр
эзлүүлнэ. Хэрэв оноо тэнцсэн тохиолдолд

• Бух гольц
• Цэвэр хожил
• Бергер зэрэг чанарын үзүүлэлтийг харгалзан үзэх юм.

Насны ангиллын хувьд 7 хүртэлх нас , 8-9 нас, 10-12 нас, 13-15 нас,
16-18 нас ангиллаар зохион байгуулагдах бөгөөд шүүгчээр Монголын шатрын
холбоог төлөөлж ирсэн шатрын их мастерууд оролцох юм.

Дашрамд сонирхуулахад Завхан аймгийн 24 сумаас тэмцээнд оролцож байгаа
хүүхдүүдийн тоогоороо Улиастай хотын Чандмань эрдэнэ цогцолбор сургууль
1001, Их уул сум 999 шатарчин хүүхэд оролцуулж байгаа бол Улиастай хотын
цэцэрлэгээс 5 настай 38 хүүхэд оролцож байгаа мэдээ байна.  Мөн бусад
сумдаас оролцож байгаа хүүхдүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг http://shatar.zavkhan.gov.mn  сайтаас авах боломжтой юм.

Ийнхүү Завхан аймаг эдгээр өдрүүдэд шатрын спортоор амьсгалж, гурван
тулгуурт бодлогын хэрэгжилт тус аймагт хэрхэн явагдсаныг дүгнэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол орон ядахдаа мал аж ахуйгаа хөгжүүлье

Сая Путин ирээд явахдаа Монголоос мах авч болох юм гэсэн. Сибириэс нааш арав гаруй сая хүн амьдарч байгаа. Энэ бүс нутгийн иргэд бүгд мах иддэг. -45-50
хэм хүртэл хүйтэрдэг. Зарим тохиолдолд -60 хүрэх нь ч бий. Тэр их хүйтэнд мах идэхгүй гээд ч яахав дээ. Бас хахир хүйтэнд дулаан хувцас өмсөх хэрэгтэй. Тэгэхээр Сибирийнхэнд дулаан хувцас, ноос ноолуур, нэхий, малын мах амин чухал. Манайх Сибирь рүү эдгээрийг гаргах боломжтой. Хүргэх унаа болох хагас зуун жил ажилласан Орос Монголын хамтарсан төмөр зам бэлэн байж байна. Тээвэрлэлт асуудалгүй гэсэн үг. Путины хэлснээр бол Монголоос Орос руу мах гаргах улс төрийн тохироо бүрдсэн гэж хэлж болно. Ингэхээр тээвэр бэлэн, бид махаа Орос руу гаргая. Гэхдээ өнөөдөр мах нь алга, мал аж ахуй нь алга.

60 сая малтай, эртнээс мал маллаж ирсэн малчин ард түмнийг мал аж ахуйгүй гэж хэллээ гэж хэлэх хүн олон л байх биз. Бэлчээрийн 60 сая малын махыг оросууд турж үхэж байсан ч авахгүй. Путин ч авч болох юм гэснээс шууд авчихгүй байгаа нь учиртай. Дэлхийн стандартад монгол малын мах нийцэхгүй байна. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Ерөөсөө монгол малын мах дэлхийд гарч чадахгүй байгаагийн гол шалтгаан энэ. Бүгд л өвчтэй малын мах идэхгүй гэдэг. Яаж ч рекламдаад, амт сайхныг яриад тэд хүлээж авахгүй. Хэн өвчтэй малын мах идэж өвчинд тарчилж үхэхийг хүсэхэв. Оросын мэргэжлийн байгууллагууд “Манай ерөнхийлөгч тэгж хэлсэн. Гэхдээ Оросын Ерөнхийлөгч хуулиа дагах ёстой, Оросын иргэд эрүүл байх ёстой, эрүүл малын мах идэх ёстой. Тэгэхээр танайх мал эрүүлжүүл, дэлхийн стандартад нийцүүл” гэдэг шаардлагаа хэлсээр байгаа. Ганцхан Орос ч биш, өөр улсын зах зээлд гаргах гэхээр яг л ижил шаардлага тавьдаг.

Азербайжан, Афганистан,

Казахстан, Балбад бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг. Дээр нь манайх нэмэгдэнэ. Нэрийг нь харахад л ямар улс бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа нь тодорхой. Харин хөгжилтэй орнууд бүгд эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байна. Эндээс харахад бид өөрсдийн хүслийг тулгах бус, дэлхийн шаардлагад нийцмээр байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч “Хөдөө аж ахуйн салбарт шинэ эрин үе эхэллээ, эрчимжсэн мал аж ахуй буюу газар тариаланг хослуулъя” гэж Монголын хөдөө аж ахуйн ирээдүйг тодорхойлсон үг хэлнэ лээ.

Австралийн хонь гэж ирээд л ярьцгаадаг. Нэг айл 10-20 мянган хоньтой, хоёр хүн таван нохой л мал хариулах үүрэг гүйцэтгэнэ. Тэгээд тусгай бэлчээр тусгай саванд ноос ноолуур, мах, сүү, арьсыг нь авахын тулд чиглэл чиглэлээр нь үржүүлж байна. Арьс нь ганц нүхгүй, ноос нь шивтэр шивхэггүй, мах нь өвчингүй. Бүх мал нь хүн шиг эрүүл ахуйн бүртгэлтэй,

эрүүл ахуйн шаардлагыг 100 хувь хангасан байх жишээтэй. Манайх хориод мянган малыг хориод өрх буюу дунджаар нэг айлыг гурван хүнтэйгээр тооцвол хөдөлмөрийн насны 60 хүн дээрх тооны мал хариулж байна. Тэгээд эдийн засгийн үр өгөөжийг нь тооцох юм бол үр дүн нь талийгаад өгнө биз дээ. Мөн бэлчээр булаацалдаж хэрүүл тэмцэл хийхгүй. Дорж гуайн хонь эрүүл байлаа ч Балдангийн өвчтэй хоньтой нэг бэлчээрт бэлчиж л явдаг энэ байдлыг халах цаг болж.

Манайд суурьшсан нэг канад нөхөр фермерийн аж ахуй эрхэлж хэдэн жил болоод хотын томоохон ресторанууд Австралиас мах захиалахгүй эднийхээс үхрийн мах авдаг болсон байна лээ. Малаар баян гэх Монгол гаднаас мах авахгүй болж. Гэхдээ гадаад хүн Монголд ирээд эрүүл малын мах өндөр үнээр зараад сүлжээ үүсгэчихсэн сууж байна шүү дээ. Монгол хүн яагаад ингэж чадахгүй гэж.

Бразилийн хөндийд хэдэн арван мянган үхэр битүү бэлчдэг. Калифорнийн хөндийд хар тарлан үхэр хэдэн мянгаараа бэлчиж байдаг. Шоргоолжны үүрэнд орсон мэт л их. Гэвч өөрийн эзэмшил газраас нь ганц үхэр гарахгүй, гаднаас хэн нэгэн Жоны үхэр энд ирж бэлчихгүй. Тэгээд мах сүүний фабрик. Нэг үхрээс авах ашиг шим хамаагүй их. Монгол үнээнээс жилд
800-1200 орчим литр сүү авдаг бол эрчимжсэн мал аж ахуйн сүүний чиглэлийн

үнээнээс жилд дунджаар
8000-12000 литр сүү авч байна. Монгол шүдлэн үхрийн гулууз 150кг орчим байхад ижил насны махны чиглэлийн лимузин, ангус үхрийн гулууз нь 300-400
кг байх жишээтэй. Эрчимжүүлсэн аж ахуйн 24-30 сартай махны чиглэлийн үхрийг нядлахад арьс шир, дайвар бүтээгдэхүүнүүд ороод дор хаяж 10 мянган ам.долларын ашигтай.

Ийм эрүүл малын махыг шүүрхийгээр нь дөнгөж гадна талаас нь борлуулах төдий л болгоод иддэг. Манайд бүрэн болгож л идэхгүй бол бруцеллёз өвчин тусчих хамаг үе мөч нь хавдаж сүйд болно. Ийм махыг хэн авахав

Нэг айлын малд шинжилгээ хийхэд зарим нь эрүүл байлаа гэхэд нэлээдгүй нь өвчтэй гардаг гэж мэргэжлийн хүн хэлнэ лээ. Тэгэхээр бидний хэлээд байгаа бэлчээрийн, нүүдлийн мал маллах арга бол мал аж ахуй биш юм. Үүнийг зарим хүмүүс их эсэргүүцдэг. Монгол ахуй соёлыг өөрчлөх гэлээ, бэлчээрийн малын мах илүү амттай, нүүдэлчин ахуйгаараа байя гэцгээдэг. Дэлхий биднийг бүдүүлэг гэж л үүнийг нь сонирхдог болохоос үнэхээр сонирхдог

бол монгол малын махыг авах л байсан шүү дээ.

Харин бид ёс журмаар нь дэлхийн жишигт нийцсэн мал аж ахуй байгуулах бүрэн боломжтой. Сибирийн тэр цас мөсөн дунд мал үржүүлэх амаргүй. Хятадад ч Өвөр Монголоос бусад газар мал үржүүлэхэд амар биш. Бусад улс орон үхрийн бааснаас сэжиглээд малд хавьтдаггүй. Монголд ингэж сэжиглэх хүн бараг байхгүй. Ямар сайндаа л морин уралдааныг спорт болгосон япончууд монгол хүмүүсээр уралдааны морьдоо сургаж, хомоолыг нь цэвэрлүүлэхээр аваачиж байхав дээ. Тэгэхээр хүний газар очиж зарагдаж суухаар Монголдоо мал аж ахуйгаа хөгжүүлэх бүрэн боломжтой. Монголд мал өсөх хамгийн таатай орчин. Цаг уурын хувьд ч дөрвөн улиралтай, халуун орныг бодвол чийглэг биш. Хуурай, хүйтэн, халуун ээлжилж байдаг. Хангалттай газар нутагтай. Тэгэхээр сумын төвийн дайтай том, том фермерийн аж ахуйтай болчихвол болоод явчихаж байгаа юм. Ингэж чадвал Монгол Улс уул уурхайгаас илүү малаасаа ашиг олж болно. Одоо манай мянгат малчид чинь фермерийн аж ахуйтай гадныхны хажууд гайхуулаад байх ч юм биш. Нэг айл арван мянган үхэртэй, хорин мянган хоньтой байж л байдаг. Ийм болоход хэцүү юм ер байхгүй. Сүүлийн үеийнхэн суурин амьдрах дуртай болсон. Сайхан цэлгэр тал байна. Нийтээрээ улс төрийг хоол болгож хэрэлдэн тэмцэлдэж байхаар эртнээс нааш хийж ирсэн ажлаа арай өөр арга барилаар л хийж сураад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлбэл боломж бидэнд байна.

Categories
мэдээ спорт

Монголын тамирчин хүрэл медаль хүртжээ

ОХУ-ын Якутск хотод оюутны дэлхийн
аварга шалгаруулах боксын VI тэмцээн боллоо. Тус тэмцээнд 20 орчим орны
140 гаруй тамирчин өрсөлджээ. Харин Монголыг төлөөлж оролцсон Хилийн
0184 дүгээр ангийн тамирчин, спортын мастер М.Гүндэгмаа 60 кг-ын жинд
хүрэл медаль хүртжээ.

Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах
тэмцээн нь энэ жилээс эхлэн эмэгтэйчүүдийг төрлийг нэмсэн бөгөөд 19-28
насны тамирчдыг оролцуулж байхаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Төв, Булган аймагт галзуу өвчин гарчээ

Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн малчин А-гийн азарга
галзуурчээ. Уг азарга унага татаж байсан хүний бугалганаас  хазаж
гэмтээсэн байна. Галзуурсан азарганд хазуулсан хүн Улаанбаатар хотод
эмчлүүлж байгаа аж. Харин галзуу өвчний сэжигтэй үхсэн азарганаас дээж
авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлжээ. Уг
азарга өнгөрөгч долоодугаар сарын нэгэнд чононд ноцуулсан аж. Тухайн үед
уг чоныг авлан тархи, хэл, ходоод, засаа зэргийг нь хэд хэдэн хүн авч
хэрэглэсэн мэдээтэй байна.

б

Үүнээс гадна Булган аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн малчны үхэр
үхсэн дуудлагын дагуу энэ сарын 17-ны өдөр малын эмч газар дээр нь
ажиллан, галзуу өвчний шинж тэмдэг болохыг оношилжээ. Улмаар сумын
Гамшгаас хамгаалах штабаас албаны бүрэлдэхүүн гарч, үхсэн үхрээс дээж
авч аймгийн мал эмнэлгийн лабораторид хүргүүлэн, үлдэгдлийг заавар,
журмын дагуу шатаан булж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.
Шинжилгээний дүнгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг
даргын захирамжаар энэ сарын 18-наас 14 хоногийн хугацаатай
хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна.