Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын төр зандалчдын буу, бөмбөг, салаавч, занал зүхэл доромжлолын бай биш

Төр гэдэг аугаа. Төр гэдэг гүн хүндэтгэл юм. Монгол улс мөнх байсан шиг монгол төр мөнх байсан. Чингис хааны ч, Цэдэнбалын ч. Үе үеийн Монголын төрд өвөг дээдэс минь ноён, цэрэг, ард хийж урт түүхийг туулж ирэв. Монголчуудын хамгийн дээд шүтээн, хамгийн том шашин бол төр “Төрийн сүлд” байсан болов уу. Миний ээж, эмээ бичиг үсэг мэдэхгүй бүдүүлэг улс л даа. Гэхдээ л тэд ганцхан бурхантай. Тэр бурхан нь “Төр” байсан юм. Яаж ч яргалууллаа гэсэн монголчууд төрдөө тэрсэлдэггүй. Гэр бүлийнх нь эр хүйстэй болгоныг баривчлан авч яваад буудчихсан коммунист төрийн үед ч гэсэн “Төрийн сүлд өршөө” гээд л үлдэж байсан гэдэг. Ардчилалд суралцан ядаж яваа Монголд маань төрөө зүхэхгүй хараахгүй, муулахгүй, салаавч өгөхгүй, доромжлохгүй иргэн үгүй болжээ.

Коммунист  төртэй байсан үед харааж зүхэх, буудаж бусниулах байтугай, даргын өөдөөс хуц гэвэл, орос зөвлөхийг дурак гэвэл тэгээд л үхдэг байсан юм. Эдүгээ хэт даврагчид, заналчид, рекетчид, зандалчид Төрийн ордон руу халдаж төрд сонгогдсон төлөөлөгчдийг харааж зүхэж, салаавч гаргах нь битгий хэл гэгээн цагаан өдрөөр буу сум, гар бөмбөг, гранат агсан бужигнуулав. Өнөөгийн Монголын төрийг Бээжин ч, Москва ч томилоогүй монголчууд бид саналаа өгч байгуулсан юм. Цөөнхөд таалагдахгүй хүн, Ц.Мөнхбаяр нарт таалагдахгүй бодлого байж болно. Нэгэнт л ард түмний олонхи нь сонгоод төрөө байгуулчихсан бол тэр төрийг  буу сум агсан айлган заналхийлж, зандалчилж, буу гранат бүслэн төрийн эрхийг  авдаг тэр цаг өнгөрсөн. Ард түмний байгуулсан ардчилсан төрийг дэндүү доромжилж байгаа юм биш үү. Ц.Мөнхбаяр зэрэг мөнгөнд улайрсан, зандалчин, рекетчин хүмүүс “Иргэний хөдөлгөөн”-ий нэр барьж олон жил даварсан даа. Манай хууль цагдаа, тагнуулынхан ч тэдний толгойг нь илж улангасуулсан. Сүүлдээ  “Иргэний хөдөлгөөн”-үүдээр овоглосон дээрэмчид олон болжээ. Тэд Төрийн ордны өмнөх төв талбайг адууны зүчээ гэж андуурсан уу, малын баас болгон дайрчих шахан танхайрсан. Төрийн ордон руу нум сумаар харваж ч байв. Төрийг, төрд сонгогдсон Ерөнхийлөгчийг ч, гишүүдийг ч алуурчин талуурчин гээд хэлэх хэлэхгүй үгээр булна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг ээлж дараалан рекетлэж, занаж зандалчилж, мөнгө хийж байв. Манай тагнуул, цагдаа хүчний байгууллага мэддэг үү гэвэл мэддэг байсан. Гэсэн ч террор хийхэд бэлтгэсэн зэрлэгүүдээс айгаагүй ч ард нь хамгаалаад байгаа улстөрчдөөс айгаад байсан юм. Монгол төрийн эрхийг хууль бусаар авч ард түмний дунд цус үзүүлэх, буудалцуулах гэсэн гадаадын байгууллага, дотоодын улс төрийн зарим хүчин энэ зандалчдыг хаацайлж турхирч байгаа. Азийн нэг орон, Америкийн нэг байгууллага “Монголын байгалийг хамгаална” гэж ер нь юу байсан юм. Монгол төрийг хорлон сүйтгэх, ард түмнийг нь алалцуулах гэсэн гадаадын байгууллага яахаас ч буцахгүй эрүүгийн элементүүдийг удаа дараа санхүүжүүлж байсан юмдаг. Тэдэнд доллар гэдэг ногоон мөнгөө зуу зуун мянгаар нь өгч, шагнаж урамшуулж төрийнх нь өөдөөс нь буу зэвсэг бариулж чадаж байгаа нь энэ. Эдүгээгийн Монголын төр бол дарануйлагч төр биш. Ард түмэн бидний сонголтоор байгуулагдсан төр. Нэгэнт сонгосон л бол бас хэнд ч доромжлуулахгүй, хэнээс ч айхгүй байх эрхийг сонгогч бид эдлэх эрхтэй биз дээ. Захын нэг нөхөр, Иргэний хөдөлгөөний нэр барьсан хэдэн юмнууд, төр рүү нулимна, салаавч үзүүлнэ. Буу зэвсэг барина. Энэ чинь юу болоод байгаа юм бэ. Ц.Мөнхбаяр нарын зандалчдыг турхирагч эзэд нь одоо УИХ-д гэмгүй царайлан эх орноо хамгаалагчийн дүрд тоглоод зогсч байна. Манай уншигчид санаж байгаа байх. Тэр жилийн зун бөх, моринд дуртай гишүүдийн шар нь тайлагдаагүй долдугаар сарын 16-ны өдөр “Урт нэртэй хууль” гэнэтхэн батлагдсан юм. Тэр өдөр Их хурлын чуулган чуулсан уу даа, үгүй юү мэдэхгүй. Лав л ийм хуулийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн тэр үеийн Засгийн газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын санал бичиг, судалгаа, байхгүй байсан юмдаг. 

Хөгжил буурай орны уугуул оршин суугчид, хөрөнгө оруулагчдын дунд мөнхийн дайнд хүргэдэг ийм хуулийг улсын наадмаар гэнэт баталсанд хамаг учир нь байгаа юм. Урт нэртэй хууль захиалагчдаа олз авчирсан. Монгол улстөрчид хагарав. Нутгийн индианууд хөрөнгө оруулагчдын хооронд мөргөлдөөн болов. Яваандаа иргэний дайн болно. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөсөн баахан эх орончид тодров. Гадаадын хөрөнгө оруулагчдыг рекетлэн хөөж туун гишүүн болсон хүн ч нэгээр тогтохгүй бий. Гадаадын хөрөнгө оруулагч, ашигт малтмалын бизнес эрхлэгчидтэй гэрээ хийсэн баахан “урвагч”-аараа дуудуулсан улстөрчид бий болов. “Урт нэртэй гэдэг энэ хууль хэзээ ч хэрэгжих боломжгүй, мөн ч олон Засгийн газрын толгойг авна даа” гэж Ерөнхий сайд хийж байсан томоохон улстөрчийн үг санагдана. Монгол төрийг, ардчилсан сонголтыг доромжилсон нэр бүхий зандалчдыг ямар нам санхүүжүүлдэг, ямар телевиз, сонинууд дэмждэг билээ. Ямар улстөрчид тэднийг үндэсний баатар мэт өргөмжилж сонгуульд гарын үсэг зуран орсон билээ. Манай уншигчид мэдэж байгаа байх. Өөрийнхөө сонгосон төрийг хамгаалах, ямар ч зандалчдаас айхгүй тайван амьдрах эрх ард түмэнд байгаа. Төр нь засаглах шиг засаглаж, заналчид, зандалчдыг дарж байх ёстой. Хар л даа. Иргэний хөдөлгөөнийхөн гэж хар хүний өмнөөс хар хүн болж шар хүний өмнөөс шар хүн болсон хэсэг нөхөд дэндүү их газар авч бүүр сүүлдээ солиорч тэсрэх бөмбөг тэвэрч гүйлээ. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн жирийн бүтээгч иргэдийг яриулахгүй мөртлөө, иргэний хөдөлгөөний нэр зүүсэн тэднийг хоймортоо залж дэмий үгээр нь тархи угаана. 

Монгол төр гэдэг салаавч гаргаж, занаж зүхэж, буудаж тэсэлж дэлбэлэхийг санаархсан зандалчдын бай биш юмсан.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 8 хэм дулаан

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг.Төв,зүүн зүгийн нутгийн хойд  хэсгээр  хур тунадас, уулаараа цас орно. Бусад нутгаар  багаввтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс хойш эргэж    секундэд  түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. бусад нутгаар баруун хойноос секундэд    7-12 метр.Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар  4-9 градус, говийн бүсийн  өмнөд хэсгээр 12-17 градус, Дорнодын тал нутаг, Халх,Нөмрөгийн голоор 17-22 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр,  Хүйтэрч    7-9  градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын гурван жүдоч алт, мөнгөн медаль хүртлээ



БНСУ-ын Инчон хотноо Азийн спортын их
наадам өчигдөр нээлтээ хийсэн билээ. Энэхүү их спортын наадмын эхний өдөр
Монголын гурван жүдоч медаль хүртлээ. Тодруулбал,  эрэгтэйчүүдийн 66 кг-ын
жинд Д.Төмөрхүлэг алтан медаль, 60 кг-ын жинд Г.Болдбаатар мөнгөн медаль,
эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг алтан медаль тус тус хүртсэн юм.
Ийнхүү эхний өдрийн байдлаар Монголын жүдо бөхийн баг тамирчид хоёр алт, нэг
мөнгөн медальтайгаар тэргүүлж байна.
Инчон хотноо болж буй Азийн наадмын жүдогийн барилдааныг үзэж, тамирчдаа
дэмжихээр тус улсад ажиллаж амьдарч буй олон монголчууд хуран чуулсан байв. Тэд
тамирчдаа медаль гардах үед ихэд сэтгэл хөдлөн Төрийн дууллаа түрэн дуулж
байлаа.

Ц.БУЛГАН

Categories
гадаад мэдээ

“iPhone”-ууд худалдаанд гарлаа

Энэ
оны хамгийн их хүлээлт
үүсгэсэн “Apple” компанийн
“iPhone 6”, “iPhone 6
plus” гар утас өчигдөр Нью-Йорк, Пало Алто хотод
анх худалдаанд гарлаа.
Калифорни дахь дэлгүүрийг “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк нээсэн байна.
Тэрбээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах
мөч хамгийн сайхан байдаг. Хэрэглэгчид манай гар утсыг тэсэн ядан хүлээж байгаа
тэр мэдрэмж бидэнд маш сайхан юм. Шинэ гар утас олон дэвшилтэд технологи, давуу
талыг олгосон учраас зах зээлд шуугиан тарьж чадна” гэжээ.
“iPhone 6”, “iPhone 6 plus” гар утас худалдаанд гарахаасаа өмнө дөрвөн сая
ширхэг захиалга авсан нь компанийн бүтээгдэхүүний түүхэнд шинэ амжилт болсон
билээ.

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжийг ирэх даваа гаригаас бүтэн хаана

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж
байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 метр гүүрийн өргөтгөл,
шинэчлэлтийн ажлын хүрээнд
2014 оны есдүгээр сарын 22 буюу
ирэх даваа гаригаас эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг
бүтэн хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийнэ.
Замын хөдөлгөөнийг
10 хоногийн дараа нээхийг мэдэгдэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнхийн реп” эргэн нэгдэв

Цагтаа “Зөөлөн гуниг”, “Энэ хайр байж,
“Хайрын эзэн” зэрэг дуугаар залуусыг байлдан дагуулж байсан “Мөнхийн
реп” хамтлагийнхан 2006 оноос хойш уран бүтээлээ завсарлаад байсан. Тус
хамтлагийнхан энэ жилээс эргэн нэгдэж, ирэх арванэгдүгээр сард тоглолтоо
хийхээр төлөвлөж байгаа аж. Хэрвээ амжихгүй бол 2015 оны хоёрдугаар
сард 13 жилийнхээ ойн тоглолтыг хийх юм байна.
Ойн тоглолтын үеэр тус хамтлагийнхан
бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарч, гаргаж байсан гурван цомгийнхоо бүх
дууг дуулах аж. Түүнээс цааш Батух, Мийгаа, Лхагваа гурав нэгдэж, уран
бүтээлээ үргэлжлүүлэх юм байна. Тэд өөрсдийн хэв маягийг алдахгүйгээр
цаг үетэйгээ хөл нийлүүлэн, шинэлэг санаа, дуугаралттай дуунууд
хүргэхээр төлөвлөж буй аж

Categories
мэдээ нийгэм

Монголын сагсчид эхний хожлоо авлаа

Азийн спортын 17-р наадам БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж байна. Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэллээ.

Эрэгтэй 20 баг өрсөлдөж байгаагаас Монгол Улсын шигшээ баг Хонг Конг,
Мальдив БНУ, Кувейт улсын багууд урьдчилсан шатны “А” хэсэгт багтсан.

Манай сагсчид өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Хонконгтой хийж, 86:77-ын
харьцаагаар хожлоо. Энэ тоглолтод Т.Санчир 31 оноо, 13 самбар,
Б.Билгүүн 27 оноо, 7 самбар, О.Ууганбаяр 12 оноо, 5 самбар, О.Сэргэлэн 7
оноо, 5 самбар авсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд Чингисийн талбайг угааж байна

Яг одоо оюутнууд Чингисийн талбайг угааж байна. Өнгөрсөн жил Сүхбаатар
дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны
холбоо хамтран Чингисийн талбайг угааж, цэвэрлэн нийслэл хотоо цэвэр
цэмцгэр байлгахыг уриалж байсан. Энэ удаа тус сургуулийн оюутнууд
санаачилга гарган Чингисийн талбайг угааж, цэвэрлэхээр шийдсэн нь ийнхүү
биелэлээ оллоо. Энэхүү үйл ажиллагаанд тус сургуулийн 2000 оюутан
оролцож юм байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд
оролцохоор өнөөдөр Улаанбаатараас мордов.

Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт,
Хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай
чуулган, Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр
түвшний бүгд хурал зэрэг олон улсын хэд хэдэн уулзалт, арга хэмжээнд
оролцохоос гадна бусад улс, олон улсын байгууллагын тэргүүн нартай хоёр
талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Бусад Тов тогтоолгохоор хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан
боловсруулсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн
төслийг холбогдох бичиг баримтын хамт УИХ-ын Бусад шийдвэрийн төсөл
боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу УИХ-ын Тамгын
газрын Ерөнхий нарийн бичгийн даргад тов тогтоолгохоор хүргүүллээ.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн
төслийг УИХ-аар хэлэлцүүлэн  батлуулснаар Монгол Улсын урт хугацааны
эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, эрдэс баялгийн нөөц
шавхагдаж, эрдэс баялгийн орлого буурах үед уг бууралтын тодорхой
хэсгийг нөхөх хуримтлалын санг бүрдүүлэх юм.

Баялгийн сангийн механизм нь макро эдийн
засгийн менежментийн илүүтэй ухаалаг, урт хугацааны тогтолцоог
бүрдүүлэн, улс орны тогтвортой хөгжлийн шинэ загварыг бий болгоно.
Үүнээс гадна хөрөнгө санхүүгийн хадгаламжийг хуримтлуулж,  үе хоорондын
баялгийн зөв хуваарилалтын механизмыг тогтоох юм. Мөн дэлхий дахинд
болон дотоодын эдийн засагт учирч болзошгүй эдийн засаг, санхүүгийн
хямралын эсрэг дархлааг сайжруулан, эрсдэлээс зайлсхийх боломжийг
илүүтэй хангаж өгөх юм.