Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжийг өнөөдөр хаана

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн зам хаахаар болжээ.

Ингэхдээ ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийхээр болсон байна.

Замын хөдөлгөөнийг 10 хоногийн дараа нээх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван шар мэнгэтэй улаан бич өдөр

Аргын тоолын 9 сарын 28. Билгийн тооллын давхардсан 28. Бага морь одтой
улаан бич өдөр.Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан 16 цаг 56
минутад жаргана. Тухайн өдөр
хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур
хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг
наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах дарханы үйлд сайн. Хувцас эсгэх
буюу, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь
хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт
мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулхад тохиромжгүй.

Categories
мэдээ спорт

Монголын баг эхний хоёр өдрийн байдлаар долоон медаль хүртлээ

Азийн спортын XVII их наадмын эхний
өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн
66 кг-д дэлхийн залуучуудын
хошой мөнгөн медальт, ОУХМ
Т.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн
48 кг-д дэлхийн аварга,
Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар
алтан медаль авлаа. Харин
эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ
Г.Болдбаатар мөнгөн
медалт хүртсэн юм.  Мөн эмэгтэйчүүдийн хийн
гар бууны 10 метрийн дасгалд 14 багийн
тамирчин буудсанаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
О.Гүндэгмаа, олон
улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул,
Т.Баярцэцэг нар
1140 оноогоор хүрэл медаль хүртсэн.
Хувийн дүнгээр О.Гүндэгмаа
найм, Ц.Мөнхзул ес,
Т.Баярцэцэг 15 дугаар
байр эзлэв. Ийм дүнгээр
тэмцээний эхний өдөр Монголын
баг тамирчид дөрвөн медальтайгаар багийн
дүнгийн гуравдугаарт жагссан. “Бид нэг Ази”
уриатай уг наадмын эхний
өдөр 18 багц медалийн эзэд
тодорсон. Хоёр дахь өдөр
нь жүдо, буудлага, хүндийг
өргөлт зэрэг найман төрөлд
24 багц медалийн эзэн тодорсон билээ.

Үүнээс манай жүдочид мөн  нэг
мөнгө, хоёр хүрэл медаль
хүртлээ.  Тодруулбал,
тэмцээний хоёр дахь өдөр
эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд
хүч үзсэн Г.Одбаяр
мөнгөн медаль, 81 кг-ын жинд
Н.Дагвасүрэн хүрэл
медаль, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд
хүч үзсэн Д.Сумъяа
хүрэл медаль авсан юм.
Ингэснээр  эхний
хоёр өдрийн байдлаар манайх
зөвхөн жүдо бөхийн төрөлд
нийт зургаан медалтай болов.

Эрэгтэйчүүдийн
73 кг-ын жинд хүч
үзсэн Г.Одбаяр аваргын
төлөө Японы бөх Акимото
Хираюүкитэй барилдан, юүко үнэлгээгээр ялагдаж
мөнгөн медаль хүртсэн бол
81 кг-ын жингийн төрөлд  зодоглосон
Н.Дагвасүрэн торгуулийн
тойрогт Ардчилсан Солонгосын бөх Пак Хон
Виг ялж, Казахстаны бөх
Азизтай хүрэл медалийн төлөө
барилдаж ялсан юм. Харин
эмэгтэйчүүдйин 57 кг-ын жинд
хүч үзсэн Д.Сумъяа
хүрэл медалийн төлөө Туркменистаны бөх
Зухра Мадраимовтой барилдаж, ялалт байгууллаа.

 

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

МУБИС “шилэн цэцэрлэгтэй”-тэй болно

Монгол Улсын Боловсролын их сургууль
энэ жилээс дэргэдээ ахлах сургуультай болжээ. Уг ахлах сургуульд эхний
удаад  20 гаруй сурагч элсүүлэн хичээлийг нь эхлүүлээд байна. Ахлах сургуулийн сурагчдад МУБИС-ийн эрдэмтэн профессорууд
хичээл зааж байгаа ажээ. Ийнхүү ирээдүйд багшийн мэргэжил эзэмших хүүхдүүдийг дунд
сургуулиас нь эхлэн чанартай, гүнзгийрүүлсэн сургалтаар бэлдэх болжээ.

 Түүнчлэн МУБИС дэргэдээ
лаборатори цэцэрлэгтэй болохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа гэнэ. Энд  ирээдүйд цэцэрлэгийн
багш болохоор суралцаж буй оюутнууд дадлагаа хийж байх юм. Үүний зэрэгцээ уг
лаборатори цэцэрлэгт түшиглэн эрдэмтэн багш нар болон оюутнууд туршилтын ажлаа
хийх гэнэ.

 Тухайлбал, уг цэцэрлэгийн зарим анги нь гаднаасаа нэвт харагддаг шилэн
ханатай байх бөгөөд багш хүүхдүүдтэйгээ ажиллаж, сургалтын үйл ажиллагаа явуулж
байх үед гадна талаас нь хүүхдүүдийг ажиглан, тэдний зан төлөв, нас сэтгэхүй,
бие бялдрын онцлогийн талаар төрөл бүрийн судалгаа хийх боломжтой юм
байна. Хүүхдүүдийн анхаарал хэдэн минут төвлөрч байгаа, ямар сэдвийг
ярихад илүү сонирхож байна гэх мэтээр ажиглалт хийх ажээ. Ингэснээр багш нар
сургалтын үйл ажиллагаагаа амьдрал, практикт ойр, илүү бодитой болохоос гадна
сургалтын хөтөлбөрийг мөн түүнд нийцүүлэн боловсруулах нь.

Categories
мэдээ нийгэм

Галзуурсан адуу хүн хазжээ

Төв аймгийн Алтанбулаг суманд галзуурсан адуу хоёр хүнийг хазжээ. Мал эмнэлгийн эмч нар уг адууны тархинаас дээж аван лабораторийн шинжилгээнд оруулсан байна. Сүүлийн үед тус суманд байгалийн голомтод галзуу өвчин хэд, хэд бүртгэгдсэн аж. Бүр тус сумынхан галзуурсан байх магадлалтай чонын мах хувааж идэж байсан тухайгаа ярьжээ. Чонын мах идсэн хүмүүст галзуугийн вакцин хийсэн гэнэ.

 Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн сүлжээгээр зарлагдсан бүх хүүхэд олдсон гэв

Олон нийтийн сүлжээгээр “Хүүхэд алга болсон тул олж өгч тусална уу” гэсэн зурагтай зар явдаг. Хүмүүс түүнийг цааш түгээсээр байдаг билээ. Гэтэл face­book, twittereer хайгаад байгаа хүүхдүүд аль хэдийнэ олдсон аж. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийхдээ “Сүүлийн үед хүүхэд хайж байна гэсэн зурагтай зар олон нийтийн сүлжээгээр дамждаг болсон. Жишээлбэл, есдүгээр сарын 4-нд алга болсон гэх хүүхдийг цагдаагийн алба хаагчид тэр өдрөө олоод эцэг, эхэд нь өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл 10 гаруй мянган хүн цааш түгээгээд явж байна. Олон нийтийн сүлжээгээр алга болсон гэж зарлагдсан бүх хүүхэд олдсон. Гэтэл хэдэн, сар жилээр интернэт орчинд хайж байна гэсэн зар яваад байгаа нь хүүхдэд өөрт нь эрсдэл бий болж байгаа юм. Ангийнх нь найз нөхөд тэр зарын талаар эвгүй үг хүүхдэд хэлбэл яах билээ. Цахим сүлжээгээр өөрийнх нь тухай мэдээлэл түгээд байгааг мэдсэн хүүхэд цочролд орох эрсдэлтэй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ талаарх мэдээллийг түгээхдээ цагдаагийн алба хаагчидтай зөвлөхийг хүсч байна” гэсэн юм. Мөн сүүлийн үед хар машинтай хүмүүс хүүхэд хулгайлах боллоо, эд эрхтэнг нь авч байна гэсэн эх сурвалжгүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарах болсон. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ “Өнөөдрийн байдлаар манай улсад хүүхдийн эд, эрхтэнг худалдаалах зорилгоор хулгайлсан гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Facebook хуудас дээр хар машинтай хүмүүс хүүхдийг хулгайлах гэж байгаад туранхай байна гээд машины цонхоор шидсэн гэх мэдээлэл тарж байгаа. Ийм мэдээлэл түгээсэн иргэн “Манай найзын хүүхдэд ийм зүйл тохиолдлоо” гэсэн нь хүмүүст айдас төрүүлсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан. Бид мэдээллийн дагуу шалгахад эх сурвалж тодорхойгүй, мэдээлэл түгээсэн иргэн нөхрийнхөө хамт ажилладаг хүний хажуу айлд хоёр сарын өмнө тохиолдсон явдлын тухай бичсэнээ хэлсэн. Цагдаагийн байгууллага энэ аман яриаг шалгаж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн энх тайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил
бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг Олон улсын энх тайвны өдөр болгон
зарласантай холбогдуулан Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар,
шашны болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүд 2001 оноос
хойш энэ өдрийг хамтран тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.

Олон улсын Энх тайвны өдрийн 2014 оны
үйл ажиллагаа нь “Хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн оршин эрхтэй”
хэмээх уриан доор явагдаж байгаа бөгөөд Монгол Улсад уламжлал ёсоор
есдүгээр сарын 21-нд Чингисийн талбайн урд цэцэрлэгийн Энх тайвны хонхон
дээр тэмдэглэх гэж байна.

Уг арга хэмжээнд эв нэгдэл, энх тайвны
төлөөх мөргөл залбирал, үзэл санаагаараа нэгдэхээр Монгол дахь шашны
төлөөллүүд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, төр засгийн болон олон
нийтийн төлөөлөл оролцох аж. Арга хэмжээг нээж НҮБ-ын суурин зохицуулагч
бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин
Синаноглу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүний илгээлтийг
уншиж танилцуулаад, зул өргөж, Энх тайвны хонхыг цохих юм байна. Дараа
нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашнуудын төлөөлөл Хинду,
Иудей, Буддын шашны төлөөлөл Дашчойлин хийд, Шинто шашны Оомото Монгол
Төв, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоо, Христийн шашны төлөөлөл
Католик Сүм, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Бахай шүтлэг зэрэг
шашнууд үүсэл, он дарааллынхаа дагуу энх тайван, амар амгалангийн төлөө
мөргөл залбирлаа уншин зул өргөж, Энхтайвны хонхыг цохих ёслолыг
үйлдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Дүнжингарав төвд “Органик монгол” өдөрлөг болж байна

Дүнжингарав худалдааны
төвд “Органик монгол” өдөрлөг болж байна. Монгол Улсын Засгийн газраас “Намрын
ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээг хүн амын хүнсний хангамж, аюулгүй
байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо,
хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх,
сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд,
хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох
зорилгоор уламжлал болгон 9 дэх жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа
нь энэ юм. Энэхүү өдөрлөлгийг МҮХАҮТ-ын
Органик Монгол үндэсний хөдөлгөөн, Фэйсбүүкийн Органик Монгол хөтөлбөр группын
хамт олон зохион байгуулж байгаа юм. 

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжийг 10 хоног хаана

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй
тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м
гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд энэ сарын 22-ноос эхлэн
зам хаахаар болжээ.

Ингэхдээ ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн
хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийхээр болсон
байна.

Замын хөдөлгөөнийг 10 хоногийн дараа нээх аж.

Categories
мэдээ спорт

Гандболлын баг эхний тоглолтоо хийлээ

Азийн спортын 17-р наадам өчигдөр(09.20) БНСУ-ын Инчён хотноо эхэлсэн.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр Монгол Улсын Гандболлын эрэгтэй баг
эхний тоглолтоо Бахрайны багтай хийж, 14-57-ын харьцаагаар ялагдлаа.
Өнөөдөр Монголын баг хоёр дахь тоглолтоо Саудын Арабын багтай хийнэ.

Азийн наадмын Гандболын тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 9 улсын баг
өрсөлдөж байна. Монгол Улсын эрэгтэй баг Бахрай, Саудын арабын багуудтай
“А” хэсэгт багтсан билээ. Одоогоор Монголын баг нэг тоглолт хийгээд
байна.

Гандболын тэмцээн Инчон хотын “Seonhak”, Суван хотын Сувон спортын
ордонд болж байна. Тэмцээн есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 2-ны
хооронд болно.

Монгол Улсын гандболлын багт Д.Бадрал, П.Юмчиндорж, Д.Эрдэнэ-Очир,
Б.Мөнхбилэг, Д.Цогтбаяр, С.Нямдорж, Г.Цэнгүүнбаяр, Б.Баатарсүрэн,
Б.Бэлгүтэй, Х.Нарангэрэл, Л.Загдсүрэн, Н.Ганчөдөр, Б.Бадамсэд,
Б.Дарханбаатар нарын тамирчид багтжээ.