Categories
мэдээ цаг-үе

Ж.ШАРАА: Зангад маань “Хар ус нуур”-ыг ёстой л сэтгэлдээ сэтгэж, хүнд харагдахаар агуу сайхан дуулсан даа

Монгол Улсын урлагийн гавьяат
зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараатай ярилцлаа.

-Алдарт “Хар ус нуурын шагшуурга” дуунаас
тань яриагаа эхэлье дээ. Таны “Хар ус нуурын шагшуурга” бол ардын дуу шиг мөнхийн
бүтээл. Давтагдашгүй чанар нь эгшиглэгээний дотоод гоо зүйдээ байна уу?

-Би анх “Хавар ирлээ
шүү, хүүхнүүд ээ” дуугаа 1962 онд бичсэн юм шүү дээ. Намайг хөгжим бүжгийн сургуульд
хийлийн багшаар ажиллаж байхад Зангад Ховдын театрт нэг жил ажиллаад ирсэн юм. Зангад
бид хоёр 35, 36 гэсэн тоот зэргэлдээ өрөөнд суудаг байлаа. Хоёулаа хорин хэдтэй
залуучууд, ерөөсөө л юм хийхийн хүслэн байсан юм биз дээ. “Хавар ирлээ шүү, хүүхнүүд
ээ” дуугаа биччихээд Зангадад өгсөн. Дараа нь “Чиний минь хайр” гэдэг дуугаа бичсэн,
мөн л Зангад дуулсан. Гурав дахь дуу маань “Хар ус нуурын шагшуурга” юм л даа. Энэ
дууг бичсэн түүх сонин шүү.

-Б.Явуухулан гуайн номоос шүлгийг нь авсан
уу?

-Үгүй. Яруу найрагч
Намжимын Очирбат нэг өдөр манай сургууль дээр гүйгээд ирлээ. Чи энэ шүлэгт ая хийгээдэхээч,
миний багшийн шүлэг байгаа юм гээд үг барьчихсан ирлээ. Явуухулан гуайн  “Хар ус нуурын шагшуурга”  нэртэй шүлгийн түүвэр нь гарчихсан байсан юм байна.
Тэндээс нь гараар хуулж бичээд надад авчирчээ. “Багш энийг дуу гэж бичээгүй. Гэхдээ
ая хийж болох болов уу, үгүй болов уу” гэчихээд яваад өгсөн. Уншлаа. “Шагшуурга”
гэдэг үгийг нь би мэдэхгүй.  Хар ус нуурыг
нь ч үзээгүй. Гэсэн ч ая хийгээд жин тан болгочихоод Зангадад сонсголоо. Зангадаасаа
шагшуурга гэж юу юм гэж асуусан ч үгүй. Тэгэхэд Явуухулан гуай Зохиолчдын хорооны
Яруу найргийн секторын эрхлэгч байв. Залуу ч байж, их ч зоригтой байжээ, би. Жижүүрийн
утсаар Явуухулан гуайтай холбогдлоо. “Таны шүлэгт би ая хийлээ. Та ирээд сонсохгүй
юу” гэсэн. “Тэгье, тэгье. Би одоохон яваад очъё” гэж байна шүү, ээ, бурхан зүг минь
ээ. Төдөлгүй л ороод ирлээ. Анх удаа Явуухулан гуайг харж байгаа минь тэр. Миний
“Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Чиний минь хайр” хоёр дууг сонсчихсон юм байна
л даа. Дуугаа сонсголоо. “Сайхан дуу болжээ” гэж байна. Зориг ороод “Явуухулан гуай,
энэ шагшуурга гэдэг чинь юу гэсэн үг вэ” гээд асуучихсан. “Чи хө, Шараа,  энэ Туулын голоор явсан уу” гэж асуудаг юм. Туулын
шугуй ямар гоё найгаж байдаг билээ, би анх хотод орж ирээд биширч байснаа түрүүн
хэлсэн. Явуухулан гуай Хар ус нуураа, шагшуурга гэдгээ нүдэнд харагдтал дүрсэлж
тайлбарлаж өгөөд “Чи нэг ёсондоо Туулын бургасаа л бодчих” гэсэн дээ. Илүү гоё төсөөллийг
өгсөн байхгүй юу. Тэгмэгц “Нэг, хоёр, гурав, нэг хоёр” гэсэн солигдмол хэмнэлийг
эхнээс нь төгсгөл хүртэл хэрэглэсэн. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. 1964 онд Хөгжмийн
зохиолчдын анхдугаар их хурлын илтгэлд орсон л доо. “Хар ус нуурын шагшуурга” бол
Монголын орчин үеийн дуунд шинэчлэл хийсэн бүтээл” гэж тэр илтгэлд онцолжээ. Яагаад
гэвэл, солигдмол хэмнэлийг анх удаа оруулж ирсэн байх нь. Тэр хэмнэл, тэр үгэндээ
л хүний сэтгэлд хүрэх учир нь байгаа байхгүй юу. Үгийг нь уншиж байхад надад “Хотон
шувуудаа явчихаар

Зүүн гараас Шараа, Н.Очирбат, Явуухулан, Ш.Цогт, Б.Зангад, Дарьсүрэн
зохиолч Ш.Шагдар

Хатан Хар ус уйдаа
юу” гэсэн хоёр мөр их сайхан санагдсан. Энэ бол хүн байгалийг холбосон гүн ухааны
үг. Сэтгэл их хөдөлгөсөн л дөө. Явуухулан гуай хажууд суугаад өөрөө ярьж өгсөн болохоор
би тэр дор нь хэмнэлээ өөрчилж засварласан юм. Зангад маань өөрөө Ховд нутгийн хүн.
Хар ус нуураа мэддэг учраас ёстой л сэтгэлдээ сэтгэж, хүнд харагдахаар агуу сайхан
дуулсан даа. Тэгээд болоогүй ээ. Зангад бид хоёр 1964 онд хөгжмийн зохиолчдын анхдугаар
их хуралд оролцов оо. Хоёулаа их хурлын төлөөлөгчөөр сонгогдлоо. “Хар ус нуурын
шагшуурга”-тай хамт “Чиний минь хайр”, “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Миний ээж”
гэсэн гурван  дуу маань илтгэлд сайшаагдаад
орчихсон. Нөгөө их хурлын төлөөлөгчид чинь “Улаанбаатар” ресторанд хүлээн авалт
хийв ээ. Зангад бид хоёр залуухан хоёр, үүд хавиар л байв.  Зохиолч Бямбын Ренчин гуай, Цэндийн Дамдинсүрэн
гуай, Бэгзийн Явуухулан гуай гэсэн томчууд хоймроор яриа хөөрөө дэлгэсэн шиг байцгаана.
Тэгж байтал Явуухулан гуай хундагатайгаа барьчихсан ирж явна аа. Ирээд “Хар ус нуурын
шагшуурга” бол дахин давтагдашгүй бүтээл. Үүний төлөө хундага өргөе. Та хоёрын цаашдын
бүтээлд амжилт хүсч байна аа” гэв ээ. Сүүлд бодох нь ээ, энэ бол хаанаас ч хэзээ
ч олдохгүй өндөр шагнал байсан байна.

-Бага насныхаа дурсамжаас сонирхуулахгүй
юу?

-Би Сүхбаатар аймгийн
Асгат сумын уугуул хүн дээ. Жаахан шаргын нутаг шүү дээ. Аав ээжийнхээ есөн хүүхдийн
хамгийн бага нь. 1948 онд аравтайдаа Асгат сумынхаа бага сургуульд орсон. Манай
ангийн багш Шагдарсүрэн гэдэг сайхан эмэгтэй Халзан сумын долдугаар ангийг төгсөөд
ирсэн байлаа. Тэр үеийн долдугаар анги төгссөн хүн гэдэг чинь одоогийн их дээд сургууль
төгссөн хүнтэй л адил байлаа л даа. Бадарчийн Сүхбаатар гэж мөн л Халзан сумын долдугаар
ангийг төгсөөд ирсэн ийм хоёр сайхан багшаар бичиг ном заалгасан. 1952 онд сургуулиа
онц төгслөө. Онц төгссөн гээд манай ангийн Шүхэрдорж, Цэнд-Арслан бид гуравт Офицерийн
сургуулийн хуваарь өгөв өө. Зун нь эгч минь намайг шуудангийн машинд суулгаад хот
руу үдэж өглөө. Гурав дахь эгч Дарьсүрэн маань Улаанбаатар хотод амьдардаг байв.
Шуудангийн машин ховор байсан. Намайг хотод авчирсан Цээсүрэн гэдэг жолоочийг би
одоо ч санадаг юм. Тэр хүн Сүхбаатар аймгаас өглөө гараад орой нар жаргаж байхад
Улаанбаатар хотод 22-ын товчоон дээр ирж байсан даа. Би дөнгөж дөрөвдүгээр анги
төгссөн, хот мэдэхгүй, аймгийн төвийг дөнгөж зам зуур дайраад ирж байгаа. 22-ын
товчоо гэдэг  машин тэрэг гэж жигтэйхэн, нар
жаргаад л их л гоё санагдаж байж билээ. Туул гол дээр сал урсаад л. Нөгөө алдартай
Туулын шугуй гэдэг чинь зогсоо хүн харагдахгүй тийм гоё байсан юм. Анх удаа хотын
зах харж байгаа хөдөөний жаал надад гайхалтай гоё сэтгэгдэл төрсөн дөө. Нөгөө жолооч
намайг эгчийнд авчирч өгөхөд эгч танихгүй байж билээ. Хотод ирээд удаж байсан болохоор
тэр л дээ. Нэлээн харж байснаа таньж, миний дүү байна шүү дээ гээд үнсч билээ. Эгч
тэгэхэд нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байсан юм. Гэр нь Чойжин ламын сүмийн хажууд
хашаанд ганц гэр, хойхнотоо нь нэг дан байшин байсан юм. Би нэг морин хууртай, нэг
төмөр лимбэтэй хотод ирсэн. Сургуульд орохоосоо өмнө сонсголоороо морин хуур тоглож
сурсан. Дараа нь сумын клубийн эрхлэгч Буд гэдэг хүн надад лимбэ зааж өгсөн юм.
Эгч ажилдаа явахдаа хар цай чанаж, баахан гамбир хайрч тавьчихаад явна. Би гэрт
нь ганцаараа, хот газар гэрээсээ гарч болохгүй гэсэн захиастай, морин хуур, лимбээ
тоглоод үлдэнэ.

-Офицерийн сургуульдаа очиход ямар байв?

-Тэр сургуульд ороогүй.
Манай хойд хашаанд цэргийн хувцастай хүмүүс ирээд, дуулж хуурдаад л байдаг байсан
юм. Нэг өдөр эгч тэр айлд оржээ. Айлын хүн эгчээс намайг ямар сургуульд ирснийг
асууж л дээ. Тэр үед дөрөвдүгээр анги төгссөн хүүхэд техникумд ордог байсан үе.
Эгч Офицерийн сургуульд ирсэн л гэж.  Гэтэл
нөгөө хүн “Миний бодлоор энэ хүүхэд урлагт их сонирхолтой хүүхэд шиг байна. Уран
сайхны сургууль гэж байдаг юм. Тэнд сард 120 төгрөгийн цалинтай” гэжээ. Хожим мэдэх
нь ээ тэр хүн эрхэм уран зохиолч Цэнд-Очир гуай байсан юм билээ. Тэгээд Цэнд-Очир
гуай намайг дагуулаад явлаа.  Цэнд-Очир гуай
Урлагийн хороонд ажиллаж байсан юм байна. Ажил дээрээ ирээд нэг боровтор царайтай
хүнд намайг хөтлүүлээд Уран сайхны сургуульд шалгуулахаар явууллаа. Хуучин циркийн
ар талд тэр сургууль байсан юм. Нэг хаалга онгойлгосонд цоохордуу царайтай хүн сууж
байна. Уран сайхны сургуулийн захирал Түдэв гэдэг хүн байж. Намайг хөтөлж очсон
хүнийг жигтэйхэн уриалгахан хүлээж аваад 
“Манай дээр шалгалт авахгүй байгаа. Хөгжимт драматик театр дээр авч байгаа.
Та тэнд очоод шалгуул” гэв. Нөгөө хүнтэйгээ хөтлөлцөөд Хөгжимт драматик театр дээр
нь ирсэнд энд тэнд хөгжим дуугарсан хонь хурга нийлж байгаа юм шиг л шуугиан дунд
ороод ирлээ. Нэг өрөөнд яваад ортол ёстой л лусын дагина шиг сайхан эмэгтэй байна
аа.  “Лусын дагина гэдэг л ийм байдаг байх
даа” гэж дотроо бодож зогслоо. Нөгөө лусын дагина чинь бид хоёрыг дагуулаад өөр
нэг өрөө рүү орлоо. Өрөөний буланд их гоё гялтганасан хар авдар байна. Амьдралдаа
ер үзээгүй, ямар гоё хар авдар вэ гэж бодоод л зогсч байлаа, би. Тэгж байтал нэг
хүн өнөө хар авдарныхаа тагийг онгойлгосон чинь хар цагаан хоёр юм ярааж байна аа.
Мандолинаас өөр юм мэдэхгүй хөдөөний хүүхэд амьдралдаа анх удаа харсан гайхсан юм
л тэр байлаа. Миний сонсголыг шалгалаа. Дараа нь нөгөө лусын дагина шиг эмэгтэй
нь гар хурууг минь үзээд, цээжийг минь хоёр тийш нь эргүүлж үзчихээд за боллоо,
түр гадаа хүлээж бай гэв. Төд удалгүй дагуулж очсон хүн маань инээчихсэн гарч ирлээ.
Тэнцчихжээ. Эргээд Урлагийн хороо руугаа явах замдаа нөгөө шалгасан гурван хүний
тухай ярьж өглөө. Сүүлд мэдэхэд, алдарт морин хуурч Жамьян, удирдаач Ж.Чулуун, нөгөө
лусын дагина шиг эмэгтэй нь удирдаач Ц.Намсрайжав гуайн гэргий Цэрэндолгор гэдэг
хийлч байжээ. Тэгж тэр агуу хүмүүс хөгжмийн ертөнцөд алхах алтан шар замыг минь
нээж өгсөн юм. 1955 он хүртэл Уран сайхны сургуульд сураад хойшоо Орос руу Мусоргскийн
нэрэмжит Уралын Консерваторид хийлийн ангид явсан л даа.

-Тантай хамт хэн явж байв?

-Бэгз бид хоёр явсан
юм. Тэр жил тэндээс Новиков гэдэг багш өвөл ирж дуулаачдыг шалгаруулж аваад, хийлийн
хоёр хүүхэд авахад Отгонбаярын Бэгз бид хоёр тэнцээд, дуучдаас Пүрэвдорж гуай, Банди,
Цэвэлсүрэн гуай,  Цэрэнсодном, Дарьсүрэн гээд
Монголоос анхны оюутнууд дээд сургуульд сурахаар явсан. Биднийг очиход Урал хаалттай
хот байсан. Гадаадын хүн ер хүлээж аваагүй байсан үе юм байна.

-Яагаад хаалттай байсан юм бол?

-Дайны үед бүх том
том үйлдвэрүүдээ Уралд төвлөрүүлчихсэн учраас хаалттай хот байж л дээ. Галт тэргээр
бараг арваад хоног явж байж Уралд хүрсэн юм даг. Энд тэнд очоод зогсчихно. Тэгж
явсаар Свердловскт шөнө орой очсон юм. Бид хэдийг жигтэйхэн сайхан угтаж авлаа.
Цагаан толгойтой өндөр хүн “Волга” машинтай зогсч байна. Бид хэл мэдэхгүй. Пүрэвдорж
гуай “Энэ чинь Уралын Консерваторийн проректор байна гэж байна. Нөгөө том хүн чинь
“За, та нар олон хоног явж ядарсан байх. “Урал” зочид буудалд байрлуулна аа. Манай
оюутны байр засвартай байгаа” гэж байна шүү. Шөнө унтаж байтал халуураад, хамаг
бие загатнаад, сэрье гэвч сэрж чаддаггүй, үхэх нь ээ. Тэндээс Пүрэвдорж гуай сэрж,
гэрэл асааж харчихаад “Пээ, бясаанд эзэмдүүлээд үхлээ шүү дээ” гэдэг юм. Би тэр
бясаагий нь мэдэхгүй. Орны цагаан даавуун дээр баахан улаан юмнууд гүйлдэж байх
юм. Дайны дараа анх удаа гадаадын хүмүүс хүлээж авч байгаа учраас бидний орох байрыг  засварлаж байж л дээ. Өглөө нь босоод Банди маань
чемоданаа таксинд мартаад буучихсанаа санадаг юм. Одоо ч өнгөрлөө гэж байтал нөгөө
жолооч чемоданыг нь аваад ирсэн. Тэр үеийн хүмүүс ийм л сайхан байлаа. Тэгж хөглөж
Свердловскт очоод зургаан жил сурсан.

-Арван долоотой, хэлийг нь мэдэхгүй газар
ямархуу байв?

-Хэцүү ч гэсэн залуу
хүүхэд учраас хэл сурахад бас ч гайгүй байсан. Гадаадынханд орос хэл заадаг мундаг
сайхан багш байсан юм. Тэр хүн бол бидэндтэй маш их ажилласан. Ерөөсөө л эх хүн
шиг чин сэтгэлээсээ ажилласан даа. Гуанзанд орно. Авдаг хоол нь котлет, хар талх,
цай гурав. “Котлет, чёрный хлеб, чай” гэсэн гурван үг мэднэ. Тэрийгээ хэлээд авдаг,
котлет талх идсээр байгаад жигтэйхэн мариалаад ирж билээ. Уралын консерваторид бид
60 рублийн цалинтай, дээрээс нь онц сурсны нэмэгдэл авдаг байлаа. Гадаадаас анх
удаа оюутан очсон нь бидний монгол оюутнууд байв. Дараа нь Политехникийн дээд сургууль
нь манайхаас оюутан авч, тэгж үргэлжилсэн түүхтэй л дээ.

-Аав ээжийнхээ тухай дурсахгүй юу?

-Хөдөөний л малчин
хүмүүс байсан даа, миний ээж аав хоёр. Аав минь ан гөрөө хийдэг, тухайн үедээ хоршооныхоо
төлөвлөгөөг биелүүлдэг хүн байсан. Ан хийхдээ бууддаггүй, дандаа хавхаар авладаг
байсан.

-Анчид буу хэрэглэдэггүй байсан үе юм
уу?

-Манай нутагт зарим
хүмүүс цахиур буу хэрэглэдэг байсан. Аав, ээж минь үнэхээр ажилсаг хүмүүс байсныг
би одоо хүртэл санадаг юм. Аав бэлтгэлийнхээ тарваганд явна. Намар орж ирнэ. Тарваганы
махыг далбайтал хатаагаад, томоо цагаан хайрцганд дүүрэн давхарлаад ирдэг сэн. Тарваганыхаа
тосыг шар тос болгоод яг есийн тос шиг болгочихно. Өвөл нь тэр тосоор нь шарвин
хийнэ. Хатаасан тарваганы махаа иднэ. Дараагийн өвөл хүртэл бараг түүгээрээ хооллочихдог
байсан сан.

-Та анхны зохиолоо хэдийд, ямар зохиол
бичиж байв. Бодвол, Уралд бичээ байх, тийм үү. Хаана тоглуулж байв?

-“Монгол аялгуу” гэж
хийл, төгөлдөр хуурын бүтээл байгаа юм. Дөрөвдүгээр курст байхдаа бичсэн. Манай
багш Наум Абрамович Шварц гэж тэндээ их нэр хүндтэй профессор байв. Шалгалт болоход
багш намайг тэр зохиолоо тогло гэдэг юм. Ж.Чулуун багшийн Ардын хоёр дууны найруулга,
Билигийн Дамдинсүрэн гуайн “Хэнтийн өндөр ууланд”, мөн БНХАУ-ын хөгжмийн зохиолчийн
нэг зохиолыг тоглосон л доо. Тэгээд сонгодгоос нэг зохиол тоглосон. Багш намайг
өөрийнхөө зохиолыг хөтөлбөртөө оруулаад тогло гэсний дагуу би “Монгол ялгуу”-гаа
тоглосон л доо. Шалгалтын дүн гарлаа, сайн авлаа. Тэр үед гурав авбал ер нь боллоо
л гэж баярлана. Багш тэгэхэд надад их урам зориг өгсөн шүү. Шалгалтын дараа “За,
би чиний зохиолыг авч тоглоё. Чи дараагийн хичээлд ирэхдээ клавериэ аваад ир” гэдэг
юм. Би ч дотроо эргэлзэж байлаа. Багш намайг даапаалж байна даа. Ийм том профессор
хүн миний зохиолыг тоглоно гэж юу байхав гэж л бодсон. Тэгээд клавериэ авч очсонгүй.
Багш дараагийн хичээлд ирэхдээ “Хаана байна, нөгөө  клавер чинь” гэж байна аа. Уучлаарай, би мартчихаж
л гэсэн. Тэгвэл дараагийн хичээл дээр аваад ирээрэй гэхээр нь сая л итгэж эхэллээ
л дээ. Удаа ч үгүй, сар ч болоогүй байтал багш “За, би чиний зохиолыг тоглоод Свердловскийн
радиод бичүүлчихсэн шүү. Маргааш радиогоор явна, чи сонсоорой” гэлээ. Тэнд нь доцент
Багомаль гэж мундаг концертмейстртэй хамт багш тогложээ. Нөгөөдөхөө сонслоо. Тэр
том профессорын тоглосон, миний тоглосон хоёр гэдэг чинь газар тэнгэр шиг л хол
зөрүүтэй юм байхгүй юу. Багшдаа баярлалаа л гэсэн, өөр юу хэлэхэв дээ. Зун болж
нутаг явах боллоо. Би ч зориг орчихсон, нөгөө бичлэгээ багшаар хуулуулж аваад ирсэн.
Тэр бичлэг манай Радиогийн алтан фондод орсон юм. Тэр чинь 1961 он юм. “Монгол аялгуу”
нэртэй хийл, төгөлдөр хуурын тэр бүтээлээрээ би хөгжмийн урлагт хөл тавьсан хүн
дээ. Нийтийн дуугаар ороогүй. Төгсч ирээд би Хөгжим бүжгийн дунд сургуульд хийл
хөгжмийн багшаар, Бэгз маань Улсын Филармонид хөгжимчнөөр орсон юм. Тэгэхэд хөгжим
бүжгийн сургуульд Зөвлөлтийн мэргэжилтэн 30 гаруй хүн байлаа шүү дээ. Монгол талаас
би анх удаа хийлийн ангийг хүлээж авч байлаа.

-Таны дууны санд Ж.Бадраа гуайн шүлэг
хэд хэд бий. Бадраа гуайн шүлгүүдэд монгол хэлний яруу тансаг сонсголон, утга агуулга
хоёр онцгой гайхалтайгаар зохицон нийцсэн байх юм л даа. Хөгжмийн чамгүй боловсролтой,
судлаач хүн. Та хоёр хэрхэн хамтарч байв?

-Нэг сайхан ая орж
ирлээ. Ноотолчихоод Бадраа гуайд үзүүллээ. Бадраа гуай их айхтар. Баян хуур хөгжимтэй.
Ноотоо ч мэднэ. Шууд баян дээрээ тоглож үзээд “би хийе ээ” гэж байна. Хэдхэн хоногийн
дараа ирж үгээ аваарай гэж байна. Очсон чинь “Мөрөөдөл” гэдэг сайхан шүлэг биччихэж.

Цэцэгтэй хөндийгөөр

Цэнгэлтэй ч явж билээ

Амраг хайрт чамтайгаа

Ахин яаж учирна вэ… гэсэн сайхан шүлэг бичжээ. Зангад маань
дууллаа. Дараа нь Найдалмаа дуулсан. Энэ дууг романс гэдэг л дээ.  Бадраа гуайтай дуу хийх болсон минь ингэж эхэлсэн
дээ. Хэдэн сайхан дуу хийсэн. Бадраа гуайн хөгжмийн торгон мэдрэмж, монгол хэлний
үгийн тансаг сайхан аялгуу гэдэг чинь ёстой л дахин давтагдашгүй, сайхан.

-“Монгол аялгуу” хийл, төгөлдөр хуурын
зохиолыг тань хожим нь манай хөгжимчид тоглосон уу?

-Монгол хөгжимчид
миний дан хөгжмийн бүтээлүүдийг ер тоглоогүй. Энд миний буруу бий.  Би клавериа өгөөгүй болохоор хэн тоглох вэ дээ.
Дандаа Оросын хөгжимчид тоглосон. Москвагийн Консерваторийн профессор, олон улсын
шагналтай Шихмаразаева миний “Цоглог аялгуу”-г тоглосон, “Монгол аялгуу”-г Шварц
багш тоглосон. “Элегия”, Ноктюрн эд нарыг дандаа Оросын хөгжимчид тоглосон. Манай
Радиогийн алтан фондод бүгд тэдний тоглосноор байгаа юм. Би ойрдоо зөвхөн хийлийн
бүтээлүүдээрээ цомог хэвлүүлэх бодолтой. Өмнө нь төрийн шагналт хөгжмийн зохиолч
Ц.Нацагдорж агсан, судлаач, миний шавь Батжаргал хоёр “Эх орны уянга” нэртэй дууны
түүврийг минь гаргаж өгсөн. Харин дан хөгжмийн бүтээлээрээ “Эх орны уянга-2” нэртэй
цомог гаргана. Ирэх арав юм уу арваннэгдүгээр сард гаргачих байх.

 Н.ПАГМА

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр: Тэр хүн намынхаа болон сонгогчдынхоо итгэлийг алдсан байна. Ял шийтгэлээ эдэл л дээ

-АН Засаглаж чадахгүй бол Ерөнхий сайдынхаа суудлыг манай намд өгчих-

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед Засгийн газрын талаар гишүүд өөрсдийн байр
суурийг илэрхийлж байна. Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын талаар та
ямар бодолтой байна вэ?

-2012 оны УИХ-ын сонгуулийн дараагаас дөрвөн намын төлөөлөл бүхий
Шинэчлэлийн Засгийн газарт урд хожид байгаагүй таван том боломж хангагдсан.

-Тэр нь ямар боломжууд байсан гэж?

-Эхнийх нь парламентын хяналт тавих дархлааг сулруулсан нь УИХ-ын гишүүн
Засгийн газрын гишүүний албыг давхар хашсанаас үүдэлтэй. Энэ нь тэдний хувьд
маш том боломж. Өөрсдийн хүссэнээр ямар ч хуулийг Их хурлаар батлуулах
боломжтой байлаа. Одоо ч гэсэн тэр боломж нь нээлттэй. Дараагийн дугаарт
Шинэчлэлийн гэх энэ Засгийн газар өмнө нь байгаагүй хамгийн их мөнгөтэй Засгийн
газар байгуулсан. Зөв бодлого, бизнесийн олон шинэлэг санаа байгаад мөнгө нь
байхгүй бол хэцүү байдаг. Гэтэл мөнгөтэй хирнээ буруу бодлоготой байсан
болохоор ажил болгож чадаагүй. Гуравдугаарт нь, саяхан хоёр хөршийн Төрийн
тэргүүнүүд айлчилсан. Хоёр хөрш асар том худалдан авагч тул маш том зах зээл
байх нь гарцаагүй. Айлчлалын хүрээнд хоёр хөршийн Төрийн тэргүүн бүх боломжийг
нээгээд өгчихлөө. Тэгвэл дөрөв дэх боломж нь УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж буй
МАН-ын бүлгийн 26 гишүүний дунд дадлага, туршлагагүй хүн гэвэл тун ховор. Бүгдээрээ
салбар хариуцаж байсан, ихэнх нь сайд явсан. Гадаад дотоодын их дээд
сургуулиудад суралцаж мэргэшсэн. Цөөхүүлээ ч гэсэн мэргэжлийн ур чадамжийн
хувьд маш сайн баг. Алдааг нь хэлэхэд хүлээж аваад эргэцүүлэх ухаантай байх
хэрэгтэй. Анхнаасаа ухаантай байсан бол цөөнхөө хүндэтгэж, үгийг нь сонсдог
парламентынхаа ёсны дагуу явах байсан юм. Ухаантай хүн заавал алдаж биш бусдын
алдаан дээр сурч болно шүү дээ. Бид өөрсдийгөө зүгээр нэг хөөргөж байгаа юм биш
шүү. Ардын намын 26 үнэхээр мэргэшсэн улстөрчид. Өмнө нь Ардчилсан нам цөөнхийн
үүргийг гүйцэтгэж байхдаа тийм ч мэргэшсэн байгаагүй. Өнгөрсөн хоёр жилийн
хугацаанд эдийн засаг эрчимжлээ алдсан. Тэгвэл гадаад өр багатай, Хөгжлийн
банкны үлдэгдэл 650 сая ам.доллар байсан. Бид энэ Засгийн газрыг мөнгөтэй
үлдээсэн. Энэ таван том боломжийг ашиглаж чадсангүй дээ.

Сүүлийн 24 жилийн 22 жилд нь Ардын нам ганцаараа Засаг толгойлж байсан мэт
ярих юм. Үнэндээ 10 жилд нь хамтарсан байдаг. Найман жилд нь Ардын нам
дангаараа Засаг барьж, зургаан жилд нь Ардчилсан нам Засгийн эрх барьсан.
Тиймээс аливаа ололт амжилт бид бүгдийнх л байхгүй юу. Түүнээс биш Ардын нам,
Ардчилсан намын асуудал гэж чихэж болохгүй. Бид бүгдийнх. Хувь хүний хувьд
баримтлах зарчим маань хэрээс хэтэрсэн улс төржилтөө зогсоомоор байна.

-Танай, манай гэлтгүй бүх нам л улс төржөөд байна даа?

-Дэндүү улс төржиж байна. Улс төржих гэдэг үг маань эрүүл мэтгэлцэх гэсэн
үг. Энэ хийх гэж байгаа зүйл чинь тийм эрсдэл дагуулна. Харин үүн дээр ийм
хувилбар байна гэдгийг олуулаа мэтгэлцэж хамгийн эрсдэл багатай зөв шийдвэрийг гаргадаг
төрийн тогтолцоотой. Парламент гэдэг чинь энэ. Улс төржилт хэтрэхийн хувьд
хэрээс хэтэрсэн. Бид өөрсдийн хэлэх үгээ хэлээд явж байсан. Гэхдээ хэлсэн үгийн
ард хувь хүний жижиг ашиг сонирхол явж байгаагүй юм.

-Эдийн засгийг эрчимжүүлэхээр нэлээдгүй хуулийн төслийг
баталсан ч өнөөдрийг хүртэл яагаад үр дүнгээ өгч чадахгүй байна вэ. “ЭЗЭН 100”
хоногийн тал дээр ямар дүн тавих вэ. Өнөөдөр биш юмаа гэхэд цаашид үр дүн гарах
уу?

-Өнөөдрийн байгаа энэ тогтолцоогоор цаашид ч гэсэн эерэг үр дүн гарахгүй. Өр
ширэндээ баригдсан, яах нь тодорхойгүй хүнд Засгийн газрыг бид Ардчилсан намд
тамгатай нь гардуулж өгөөгүй. Хөдөө орон нутгаар явж байхад иргэд Засгийн эрх
барьж буй Ардчилсан намд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, итгэх итгэл нь алдарсан
байна. Тэглээ гээд “Номтойбаяраа та УИХ-д цөөнх шүү. Сөрөг хүчин шүү. Сайн
тэмцэж, хэрэлдээд байгаарай” гэж нэг ч хүн надад захиж хэлэхгүй байна. “Та нар
минь цаашид сайн ажлаарай” гэж байсан. Бид ажил хэрэгч, санаачилгатай байх
ёстой юм байна. Ардын намын давуу тал мэдлэг, боловсрол, дадлага туршлага.
Үүнтэй хэн ч маргахгүй. Алдаатай, хуудуутай зүйлс байсан. Гэхдээ тэр нь цөөн юм
даа. Ганц нэг хувь улстөрчийн хариуцлагагүй алдаанууд байгааг бүгдэд нь нялзааж
болохгүй.

Манай төрийн албан хаагчид цалингаа төсвөөс авдаг. Төсвийг хэн бүрдүүлдэг
юм, татвар төлөгчид. Жинхэнэ баялаг бүтээгчид татвар төлдөг. Тэд өнөөдөр маш
хүнд байдалд орчихсон. Цалинг нь өгч чадахаа байгаад цалингүй чөлөө өгөөд,
халж, цомхотгож байгаа олон байгууллага байна. Байдал ямар ч хүнд байсан хууль
журмынхаа дагуу татвараа төлж байгаа. Тэдний төлөө юу хийж ямар гавьяа
байгуулсан болоод өнөөдөр баялаг бүтээгчдийн бүрдүүлсэн төсвийн мөнгөөс бид  цалингаа авч байгаа юм. Би хувьдаа ичиж байна.
Миний цалин хугацаандаа ороод л байна лээ. Манай улс төрчид, төрийн албан
хаагчид ичих цаг нь болсон. Баялаг бүтээгчдийн төлөө юу ч хийгээгүй. Ичихгүй
тэр олон хүний хөлс хүчээр бий болсон мөнгөөр цалингаа аваад, тансаглаад явах
юм. Манайд ичих булчирхай гэж юм байхаа больсон юм уу. Би бол өөрийгөө зөвтгөх
ганц зүйл нь би ч бас татвар төлөгч шүү дээ л гэж бодох юм байна шүү дээ.

-Та бүлгийн дэд дарга болоод ямар асуудлуудыг шийдэж
байна вэ?

-УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын хувьд санаачилгатай байх тал дээр
анхааран ажиллаж байгаа. Үүний тод жишээ өнгөрөгч баасан гаригт хийсэн
хэвлэлийн хурал. Хөдөлмөрийн яамны анхаарах ажлууд их байгаа ч ахицтай яваа
ажлууд ч байна. Нэг зүйлийг онцлон хэлэхэд буруу үйл ажиллагаанд нь бид дүн
тавих шаардлагатай. Энэ нь тухайн хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Дахиад
энэ алдааг давтахгүйн тулд л дүгнэж байгаа юм. Бид дандаа сөрөг хүчин байхгүй.
Нэг л өдөр Засгийн эрхийг авна. Ардчилсан нам жишээлбэл хөдөлмөрийн салбар,
эдийн засгийн тал дээр ямар бодлого хэрэгжүүлэв түүнийх нь үр дүн муу байсан
гэх юм бол дахиж бид түүнийг нь хийхгүй шүү дээ. Их хурал дээр зарим сайд нарыг
шүүмжилдэг. Гэтэл хувийн харьцаагаар үүнийг хүлээж авдаг. Коридорт таарахаараа
дуугарахгүй өнгөрч байх жишээтэй. Энэ миний мууг үзэх гээд байна гэж боддог. Тийм
зүйл огт байхгүй. Хувь хүний асуудал өнөөдөр юу юм. Юу ч биш. Нийгмийн маш том асуудлын
хүрээнд яригдаж байгааг ойлгоосой. Нэг шүүмжлэлтэй зүйл хэлэхээр өстөн дайсан
мэт хардагаа болих ёстой. Ялангуяа залуучуудад энэ үг хамаатай. Бид юм
хийчихье, бүтээчихье гээд улс төрд орж ирсэн. Хэвлэлийн хурлаараа Хөдөлмөрийн
яаманд хандсан зүйл бол эхлэл. Дараа нь бид ХАХНХЯ руу орж ажиллана. Ажил
эхэлсэн. Байгаль орчны тал дээр ч гэсэн анхаарч ажиллах зайлшгүй шаардлага бий.
Хоёр хөршийн Төрийн тэргүүн айлчлаад асар том боломжийг бий болгосон. Цаашид
яах юм. Энэ утгаараа Гадаад харилцааны яам руу анхааран ажиллана. Дашрамд
хэлэхэд гуравдагч хөршийн бодлогыг бид алдаж болохгүй. Хоёр хөрштэйгээ эдийн
засаг, бизнесийн салбар гээд бүх салбарт “win, win”
буюу хоёулаа ялагч болох нь зөв. Гэхдээ гуравдагч хөршөө
гадаад харилцаа, стратеги, бодлогын хүрээнд хэн нь хэзээ ч мартаж болохгүй.

-Ерөнхий сайд Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулна
гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн үед есөн яамтай болох тухай мэдээлэл цацагдаж байна. Бүтцийн
өөрчлөлтийн талаар юу бодож яваа бол?

-Засгийн газар тамгаа гардаж авсан хоёр жил нэг сарын хугацаанд буруу
ажилласнаа хүлээн зөвшөөрөх ёстой.

-Ерөнхий сайдын мэдэгдлээс тэр нь тодорхой харагдаж
байгаа юм биш үү?

-Тийм л юм бол тодорхой хэлэх хэрэгтэй. Дэндүү том нүсэр бүтэцтэй, үрэлгэн
ажиллаж ирсэн маань буруу байж ээ. Энэ Засгийг тэргүүлж яваа хүний хувьд ийм
зүйл дээр би алджээ. Алдаагаа засъя гэж Ерөнхий сайд хэлэх шаардлагатай. Үүнд
хоёр туйл бий. Ардчилсан намын зарим гишүүдийн ярилцлагаас харахад “Алдаа
гаргасан бол чемоданаа баглаад буцах цаг болсон” гэж байсан бол зарим нь
“Алдаагаа сайжруулаад илүү сайн ажиллах нь чухал” гэсэн байна лээ. Аль аль
талдаа бодох зүйл их байна. Монголын Засгийн газрын газрыг хүнээр авч үзэхэд
байж болох хэм хэмжээндээ байдаг за гэвэл “ёо”-гүй ноён нуруутай байвал дотоод,
гадаадын хөрөнгө оруулагчид итгэж эхэлнэ. Хүний харьцаатай яг ижилхэн. Өнөөдөр
нэг юм яриад маргааш нь тэс хөндлөн зүйл ярьдаг бол ямар ч хамтын ажиллагаа
өрнөхгүй. Үерхэж байгаа хоёр хосын дунд ч гэсэн байдаг л зүйл. Үүнтэй яг
ижилхэн.

-Гадны хөрөнгө оруулагчид орж ирэх таатай боломжийг нээх
үүднээс нэлээдгүй хуулийг баталсан болов ч өнөөдөр бахь байдгаараа л байна. Засгийн
газарт эсхүл хуулинд буруу байна уу. Эсвэл салбар хариуцсан сайддаа асуудлын
гол нь оршиж байгаа юм болов уу?

-Гадна, дотны хөрөнгө оруулагчдын итгэлийг татах асуудал нь ганцхан хуулиар
хийчихдэг зүйл биш. Хамгийн эхэнд түншлэл, итгэлцэл гэдэг зүйл утгаа алдсан. Би
Оюутолгой гэж ярих үнэн дургүй. Гэсэн ч Монгол Улсын хэтийн хөгжилд асар том түлхэц
өгөх стратегийн чухал зүйл. Гадны хөрөнгө оруулагчид Монголын төр Оюутолгойд
хэрхэн хандаж байгаагаар загвар болгон хардаг. Би Оюутолгойг хамгаалах талдаа
байдаг хүн. Олон Их хурлын гишүүд үүнийг эсэргүүцдэг. Монголын төр 100 хувь
байх хэрэгтэй гэж манайхан ярьдаг. Бид өнөөдөр 34 хувь эзэмшдэг ч гэсэн ноогдол
ашгаа авч чадсан уу. Чадаагүй. Өнөөдөр татвараа ч авч чадахгүй байна. 130 сая
ам.доллартай тэнцэх татвараа авах ёстой. Гэтэл 100 сая ам.доллар нь больчихож
байгаа юм биш үү. Ийм заваарсан юм хийх хэрэггүй. Чөлөөт ардчилсан нийгэмд
шилжсэн юм бол эдийн засаг нь сонгодог утгаараа шилжмээр байна. Төр нь татвараа
л сайн авчих. Саяхан улс төрийн томоохон албан тушаалтай хүний ярилцлагыг унших
байхад “Татвар төлөх соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй байна” гэж байгаа юм. Нэг
талдаа зөв. Татвар төлөгчдийг соёлтой болгох гэж тэмцэж байхаар татвар
төлөгчдийн хөлс хүчээр бий болсон мөнгийг өөрсдөө зөв зарцуулах соёлд сурах
хэрэгтэй. Бид өгсөн татварын төлөө төрийн үйлчилгээг авах ёстой. Эрүүл мэнд,
боловсрол, дэд бүтэц, батлан хамгаалах гээд 
төрийн үйлчилгээг бид авч чадаж байна уу гэвэл үгүй. Нэг том сургууль,
эмнэлэг баригдав уу. Хэрэв баригдсан бол хаана байгаа юм. Татвар төлөгчдийн
хөлс хүчээр бүрдэж буй төсвийг зөв зохистой зүйлд нь захиран зарцуулж төрийн
үйлчилгээ үзүүлдэг зүй тогтол руугаа ормоор байна.

-Та хөдөлмөрийн харилцааны талаарх тоон үзүүлэлтүүдийг
буруу гэж байсан нь ямар учиртай юм бэ?

-Би хөдөлмөрийн салбарын тоон үзүүлэлтүүдийг дурьдаагүй. Учир нь тэр
тоонууд худлаа. Миний хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа ч гэсэн энэ тоонуудад
итгэдэггүй байсан. Тоогоо буруу гаргасан болохоор төлөвлөлт, арга зам бүгд
буруу болоод байгаа юм. Харамсалтай нь миний дэд сайдаар ажилласан хугацаа
даанч таван сар л байсан. Худлаа тоо гаргачихаад хэнийгээ хуурах гээд байгаа
юм. Тоо буруу болохоор төлөвлөлт буруу. Тэгэхээр төсвийн мөнгийг захиран
зарцуулж байгаа нь ч гэсэн буруу болчихож байна. Өнөөдөр хөдөлмөрийн үнэлгээ
асуудалтай байгаа. Сэтгүүлчийн нийгэмд хүлээх хариуцлага асар өндөр. Сэтгүүлч
хүн бол соён гэгээрүүлэх үүрэгтэй нийгмийн багш шүү дээ. Тэгсэн хирнээ дундаж
цалин нь 400 мянга. Нэг талдаа эрүүл сэтгүүлзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж
байна уу гэвэл үгүй. Яагаад үгүй гэхээр хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс нь бага
байна. Аль ч салбар ийм л байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн бүтээмж, хариуцлагыг нэмэгдүүлэх
зорилгоор хөдөлмөрийн үнэлэмж, цалин үнэлгээний системийг бүхлээр нь өөрчлөх
цаг болсон. Өнөөдөр 2.9 сая хүн амд 150 мянган төгрийн албан хаагч үйлчлэх юм
уу, хэд байх ёстой вэ гэсэн тооцоогоо хамтдаа гаргая. Монголын хүн амд 150
мянган төрийн албан хаагч их байна гэж хувьдаа үзэж байгаа. Үүнийгээ бодитоор гаргаад
бүтээмж, хариуцлага дээр нь анхааръя. Түүний дараа цалин урамшууллыг нь
хангалттай шийдээд өгье л дөө. Орон сууцны бодлоготой уялддаг, ирээдүйн
хуримтлал үүсгэх боломжийг нээцгээе. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний
үнийн савлагаанд өртөөд байхааргүй болох хэрэгтэй байна. Манайхан амьжиргааны
доод, дунд түвшинд гээд яриад байдаг. Монгол хүний амьдралын баталгаажих түвшин
нь хэдэн төгрөг байх ёстой юм гээд асуудлууд байна. Хүмүүсийн худалдан авах чадвар
муу байвал хичнээн үйлдвэрлэл үйлчилгээ явуулаад борлуулалт байхгүй. Наадмаар
яагаад тав хоног амраасныг мэдэж байна уу. Олон хоног амрахаар ядаж дотоодын
аялал жуулчлал хөгждөг байхгүй юу. Хүмүүс дэлгүүр, захаар явж юм авч худалдан
авалт хийдэг. Энэ бүхэн цаанаа эдийн засгийн углуургатай зүйл. Эдийн засгийн
хөшүүрэг, эргэлдэх цикл рүү зөв орох гээд байгаа хувилбар юм.

-МАН-ын бүлгээс цаашид Засгийн газарт ямар акциуд тавих
вэ?

-Бид цөөнх. Хяналт тавих үүрэгтэй. Манайхан Их хурлын индэр дээр илтгэл
тавьж байна. Чуулган дээр минутаа авч үгээ хэлж, хэвлэлийн хурал зарлаж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байна. Байр сууриа илэрхийлж байгаа
байдал нь ийм л байгаа. Бүлгийн дэд даргын хариуцлагатай ажлыг авснаар аливаа
зүйлсийг газар дээр нь очиж ажиллая гэж байгаа юм. Хаана асуудал байна тэнд нь
очиж ажиллахгүй бол Төрийн ордонд суугаад байвал амьдралаас улам бүр тасарна. Тавантолгойн
том асуудал гээд байх юм. Газар дээр нь очиж үзье. Тавантолгой дээр очоогүй
байж хүмүүс олон юм яриад байдаг юм билээ. Тэр салбар, мэргэжлийн онцлог тэр
бүхнийг очиж үзэх ёстой. Миний ажиллах байр суурь газар дээр нь очиж ажиллах
явдал.

Магадгүй бидний шүүмжлэл буруу байхыг үгүйсгэхгүй. Яагаад бидний үг зөв
байх ёстой гэж. Сайдуудын хийх гээд байгаа ажил нь салбартаа хамгийн зөв байж
болно шүү дээ. Зөвийг нь дэмжиж, буруу зүйл дээр нь улс төрийн боекот хийе. Номтойбаяр
гэдэг хувь хүн, Ардын намын бүлэг, Ардын намын гишүүд, намайг сонгосон тойргийн
гишүүн гэдгээрээ асуудалд хандаж болохгүй. Улс төрчдийг чиглүүлэгч сум нь нийгмийн
хүсэлт, хүлээлт, тэмүүлэл, ажил, амьдралд нь тулгамдаад буй хясал шүү дээ. Энэ
бидний баримтлах алтан зарчим байхгүй юу. Гэтэл зарим нь ард түмний нэрийг бариад
худлаа солиороод яваа сонин үзэгдэл манай Их хуралд байна. Тэгж болохгүй.

-Сүүлийн үед Ардын нам Лениний музейг нэг сая ам.долларын
барьцаанд Г.Алтанд үлдээсэн гэх мэт мэдээлэл гарах боллоо. Үүн дээр байр сууриа
илэрхийлэхгүй юу?

-Энэ тал дээр байр суурь илэрхийлэх хангалттай мэдээлэл одоогоор алга. Бүх
зүйл хуулийн дагуу явах ёстой. Үнэхээр буруу бол байх ёстой газраа байг л дээ. Өмч
хөрөнгө булаацалдаад байгаа нь дэмий л байгаа юм. Миний хувьд өмч хөрөнгөтэй
холбоотой асуудалд хошуу ч дүрдэггүй.

-Улс төрийн намуудын тухай хууль маань юу болж байгаа бол.
Та ажлын хэсэгт нь байгаа байх аа?

-Одоохондоо сураггүй л байна. Улс төрийн намуудын гэсэн олон тоон дээр
боловч Ардын нам руу л чиглэсэн хууль юм биш үү. АН, МАН хоёулаа ард түмний
захиалгаар бий болсон. Монгол Улсыг гэр гэвч авч үзвэл тооныг нь тулах хоёр
баганын нэг нь МАН. Гэтэл хоёр баганынаа нэгийг нь унагах гээд байх юм. Эдийн
засгийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай, Газрын тухай гээд таг
болчихсон хуулиуд зөндөө л байна.

-Эдийн засгийн хямрал хэр удаан үргэлжилэх юм шиг байна?

-Удахгүй намрын чуулган эхэлнэ. Энэ байдлаараа бид яваад байвал эдийн
засгийн хямралаас маш олон зүйлийг хийж, цаг хугацаагаа алдаж байж гарна. Олон
жилийн хөгжлөөрөө хохирно. Заавал энэ бүхнийг даамжруулан тултал нь явах ямар
шаардлага байгаа юм. Эрсдэлийн менежментийн төлөвлөгөө гаргая гэж бид хэлж
байсан. Манайхан урьдчилан харна гэдэг зүйл дээр алдаж байна. Аливаа зүйлийг
урьдчилан харах арга нь Монгол хүнд байдаггүй юм уу хаашаа юм. Өвөл болно гээд
урьдчилаад хадлан тэжээлээ бэлддэг биз дээ. Төрийн бодлого яагаад тэгж
болдоггүй юм. Ийм салбаруудад тийм эрсдэл гарах тул бид урьдчилан энэ арга
хэмжээг авахгүй бол болохгүй гээд хийдэг байх ёстой. Тэгэхгүйгээр заавал алдаж
байж арга хэмжээ авах гээд зовоод байгааг гайхдаг.

-Манайхан хэт хаширладаг юм байлгүй дээ…

-Бид зөндөө л хаширлаа. Яасан ч хаширч ханадаггүй юм. Энэ бүхнийг
эргэцүүлэн бодохоор нэг этикийн асуудал гарч ирээд байна. Үнэхээр Монгол Улсыг
хөгжүүлье гэсэн сэтгэл улс төрчдөд байна уу. Зөвхөн өөрийнх нь хүүхдүүд нь идэх
хоол, өмсөх хувцастай, гадаадад сургах мөнгөтэй байвал болж байна гэж хараад
байвал уучлаарай гэж хэлье. Та зүгээр л зайлаад өгөөрэй.

-Та тэгээд Их хурлын гишүүдийг юу гэж харж байгаа юм?

-Би бол дийлэнхийг нь сэтгэлгүй л гэж харж байна. Юм хийж бүтээе гээд
тэмцэж улайраад явж буй хүн цөөхөн байгаа. Харин ярьж байгаа нь маш олон. Мань
мэт ярьж л байна. Одоо ч гэсэн ингээд ярьж л байна. Ярьсаар байтал одоо
бухимдаж байна шүү дээ. Би харин бага ярьдаг байх шүү. Яриад л, яриад л,
хуралдаад л, хуралдаад л байдаг. Ярьдаг яриа, шүүмжилдэг тоо, зохион байгуулсан
хурлаараа Монгол Улс гиннесийн номонд орно шүү. Яасан ч их хуралддаг юм, үр дүн
нь хаана байна. Яахав мэдэхгүй юм аа мэдээд зөв зүйл байгаа байх. Гэхдээ үр
дүнгүй хурлууд их болох юм. Заримдаа ч чуулганы хуралдаан дээр ч гарч байгаа
биз дээ. Хааяа ийм юманд суугаад хайран ч цагаа үрэх гэж дээ хэмээн бодох л юм.

-УИХ-ын гишүүн болсондоо харамсдаг юм биш биз дээ?

-За яалаа гэж дээ. Хувь хүний хор шар байна. Би хэр баргийн зүйлд бууж
өгөөд байдаг хүн биш. Буруутай зүйл дээрээ бууж өгөлгүй л яахав. Бухимдах зүйл олон
бий. Тэглээ гээд хойш суугаад байж таарахгүй. Би 13 насандаа улс төрд оръё гээд
л өөрийнхөө хэмжээнд шийдвэрээ гаргаж л байсан. Тодорхой хэмжээнд өөрийгөө
бэлтгэчихээд орох ёстой юм байна гэсэн бодлыг тээж явлаа. Надад шантарч
бухимдана гэсэн зүйл байдаггүй. Миний оронд хүмүүс 43 43 гэсэн хоёр гутланд минь
ороод явбал ихэнх нь шатрах байх даа. Би элдвээр л бичүүлж, гөвүүлж,
доромжлууллаа гээд нэг ч сэтгүүлчтэй ам мурийж байсангүй. Нэг талдаа энэ нь
хүнийг улам хөдөлгөөд, хөдөлмөрлүүлээд байдаг юм.

-Таныг орон нутгаар явж байгаад ирсэн гэсэн. Ардын
намынхан орон нутгаар явж МАХН-ы гишүүдэд албан тушаал амлан намдаа татаж байна
гэх юм?

-Ганц нэг жишээг нийгмийн жишээ болгож болохгүй. Үнэхээр бид улс төрд
байгаа юм бол хариуцлагатай байх ёстой. Бид хэзээ нэгэн цагт ялна. Би явсан
газар болгоноо нэг зарчмын асуудлыг хөндөж байлаа. Тэр нь юу вэ гэхээр бид ялж
болно. Яллаа гээд ард түмний өмнө хариуцлага хүлээгээд төрийн ажлыг зөв
зохистой авч явж чадах чадамж байгаа юу. Ялах бол нэг асуудал. Ялсныхаа дараа
бид яах ёстой юм бэ. Ардчилсан нам шиг хаанаа хөл толгойгоо хийхээ мэдэхээ байгаад
явах юм уу. Улс төрийн соёл, боловсрол, төлөвшил хамгийн чухал асуудал. Хар л
даа. АН-ынхан яасан их хоорондоо хөлөө жийлцэж, өш хонзон өвөртөлж байнаа. Ингэж
болохгүй, арай дэндүү байхгүй юу. Ардын нам 2012 онд ялагдсан учир шалтгаан юу
байв. Тэр алдаагаа давтахгүй байх нь бидний үүрэг, хариуцлага. Авлига албан
тушаалын асуудал байсан уу байсан.

Дургүй ламыг дарж байгаад сахил хүртээнэ гэгчээр МАХН-ын ганц нэг
нөхдүүдээс татаж чангаана гэдэг худлаа. Би өөрийнхөө найз нөхдүүдийн нэгийг нь
ч наашаа орооч гэдэггүй. Тэр нь хувь хүний итгэл үнэмшил, сонголт байдаг. Өөрөө
улс төрийнхөө шийдвэрийг гаргаад сурч мэдсэнийг бусдад зориулъя гэсэн хүмүүс нь
ороод ирэг л дээ.

-Танай бүлгийнхэн хамтарсан Засгийн газар байгуулах гээд
байна уу. Хамтарвал орохгүй гэж байсан хүмүүс яаж ч магадгүй тухай яриад байна?

-Хувь хүний байр сууриа илэрхийлье. Би НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг
гүйцэтгэгч, бүлгийн дэд дарга, МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүний
хариуцлагатай албан тушаалыг хашиж байна. Бид хамтарсан Засагт орсноороо үүсээд
буй хүндрэлд гарч шийдэл олоод явах улс төрийн таатай нөхцөл бүрдэх үү. Энэ
хямралаас гаргаад бодит хөгжлийг бий болгочих юм уу. Харин дангаараа МАН чадна.

-Хамтрахаараа яачих гээд байгаа юм?

-Хамтарна гэдэг чинь ямарваа нэгэн зүйлд хамааралтай болно гэсэн үг. Чин
сэтгэлээсээ нэгдээд бодлого үйл ажиллагаа явуулж чадах юм уу. Үгүй. Нэг хөнжилд
орсон ороогүй бид улс оронд хэрэгтэй, ард түмэнд хөгжил болоод ирэх хууль
эрхзүйн орчныг бид дэмжээд л явж байгаа. Харин энэ нөхдүүд бидний өргөн барьсан
хуулийг чуулганаараа хэлэлцэлгүй ард түмнийг хохироож байна. 2012 онд ард түмэн
арай илүү суудлыг Ардчилсан намд өгсөн. Тэднийг Засгаа байгуулаад яв гэсэн. Галзуу
хөгжүүлнэ гээд л гарч ирсэн. Ардын нам ялагдсан нь аргагүй үнэн. Бид ялагдах
болсон шалтгаануудаа засч чадсан юм уу. Зассан гэхэд хэцүү. Харин алдаагаа засч
байгаа. Намын зарим удирдлагууд ард түмний амьдралаас хэт тасарч зарчмын том
алдаанууд гаргасан. Олон нийтийн өмнө гарахаараа зангиагаа шахаад, хоолойгоо
засаад явдаг дарга стиллийн имиж арилсан уу гэх мэтчилэн зүйлс байна. Би л
хувьдаа хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмий л гэж бодож явна. Тал
еэвэнгийн онигоо байдаг даа. Бидэнд арай жижигрүүлсэн тал еэвэн л өгөх гээд
байна. Салбараа мэддэг мэргэжлийн хүмүүс л сайдаар тавь л даа. Салбартаа мэргэшсэн,
алдаа оноогоо үзчихсэн, шүүлтүүрээр орчихсон, ёс зүйн хувьд төлөвшсөн, зарчмын
доголдол гаргахгүй хүмүүс зөндөө байна. Тэднээр салбараа удирдуулаач. Их хурал
нь хяналтаа тавьчихдаг эрүүл улс төрийн тогтолцоог л би хүсээд байгаа юм. Энэ
Засгийн газар мэргэжлийнх биш. Хаана нь ямар мэргэжлийн хүн тавигдсан юм бэ. Учиргүй
улс төржсөн, популизм хөөсөн нөхдүүд байгаа биз дээ. Ичихгүй тэгээд хувийн
хэвшлийнхний хийсэн зүйл дээр очиж тууз хайчлах юм. Яасан их тууз хайчилдаг юм
бэ. Тууз хайчилдаг хайчийг нь ч үйлдвэрлэж үзээгүй. Замд нь байгаа тахир
хадаасыг тэгшилээд ашиглаж үзээгүй хүмүүс бол улстөрчид. Ямар ч аж ахуйн
сэтгэлгээгүй байж бүгд өөрсдийгөө мундаг гэж боддог. Хадаас үйлдвэрлэдэг,
баялаг бүтээдэг хүмүүсийнхээ дуу хоолойг сонсдоггүй. Засгийн газар зөвлөл
байгуулсан гэсэн. Ямар хүмүүс байгааг нь би мэдээч үгүй, сонсоо ч үгүй юм байна
лээ. Тэр хүмүүс нь татвар төлөлтөөрөө хаана жагсдаг, ямар ажлын байр бий
болгосон нөхдүүд байгаа юм бүү мэд. Тэд дуу хоолой болж чадахгүй байна. Дууг нь
сонсох ч үгүй байгаа юм чинь.

Албан тушаал дээр очоод тамга барихаараа, зангиа зүүхээрээ, сайдын сэнтийд
залрахаараа мундаг болчихдог юм биш. Тэр чинь хүн. Тийм болохоор чадахгүй зүйл
зөндөө байгаа. Түүнийгээ ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. Худлаа популизм хөөсөн
улс төрчид яам толгойлоод дэмий л байх. Бодоод сууж байхад хариуцлага гэдэг
утга алдагдчихсан юм шиг байна.

-Ямар утга илэрхийлж байна гэж?

-Хариуцлага гэдэг чинь хатуухан сонсогддог ч гэсэн асар том зарчмын үг. Монгол
хэлний үгсийн санд энэ үгийн утга тодорхой байдаг. Хариуцлага гэдэг үгийн утгыг
улс төрийнхөн алдагдуулж байна. Хэтэрхий их улс төрийн талаас асуудалд хандаж
ажил явуулж байгаа.

-Нэгэн цаг үед МАН-ын сонгуулийн зардлыг шийдэж явсан гэх
гишүүн асан Д.Дондогт 10.1 жилийн ял оноосон. Араас нь танай намын Д.Сугар
явчих гээд дэн дун байна. Нам хуучин гишүүддээ хайргүй байгаа юм уу даа?

-Би энэ хүмүүсийг мэднэ. Эрүүгийн хуулийн зүйл, заалтуудыг зөрчсөн болохоор
л шоронд сууна шүү дээ. Хүн чанар талдаа гэвэл харамсах юм байна. Олон хүний
өмнө хариуцлага хүлээсэн хүн гэдэг утгаараа хатуухан хэлэхэд үүнийг зөв гэж
бодож байгаа.

-Шоронд явуулж байгааг нь зөв гэж байгаа юм уу?

-Тийм. Хууль зөрчсөн юм бол ял шийтгэлээ эдлэл дээ. Тэр хүн намынхаа болон
иргэд сонгогчдынхоо итгэлийг алдсан байна. “Ээ хөөрхий минь төрийн өндөр албан
тушаал хашч байсан юм” гээд толгойг нь илэх юм бол хариуцлага гэдэг үг байгаад
яах юм. Хууль журам батлаад яах юм. Төр төмөр нүүртэй гэж ярьдаг. Төмөр нүүрээ
жирийн ард түмэндээ гаргаад төрийн өндөр албан тушаал хашиж байсанд нь зөөлөн
арьсаар хандаад байж болохгүй. Үнэхээр хууль зөрчин албан тушаалаа урвуулан
ашиглаж идэж уусан юм бол “Уучлаарай зөв шийдвэр гаргажээ” л гэж хэлнэ. Цаашдаа
ч тийм байх хэрэгтэй. Би улс төрд тийм л хатуу зарчимтай байна. Хичнээн журмын
нөхөр анд найз маань хууль зөрчин ямар нэгэн гэмт хэрэг хийсэн бол найз нөхдийн
харилцаа хэвийн ч зарчмын асуудал тусдаа гэж хэлнэ. Би хууль хүчний
байгууллагад ажиллаж байсан хүний хувьд зөв л гэж бодож байгаа.

-Намынхныгаа анхаарал тавих болов уу гээд та нарыг харж л
байгаа байх даа?

-Хамт мөр зэрэгцэн сууж байсан гишүүдээсээ эхлээд эргэж очих ёстой л доо. Энэ
хүн чанарын асуудал. Хүн чанарын асуудлыг зарчмын асуудалтай битгий хутгаачээ л
гэж байгаа юм. Жирийн гэр бүлээр жишээ авахад айлын сахилгагүй хүүхэд буруу юм
хийчихээд байхад аав нь толгойг нь илээд байвал яах вэ. Ээж нь толгойг нь илээд
байвал тэр хүнийг улам л буруу тийш нь явуулна. Үүнээс ялгаа юу байгаа юм. Шинэ
үеийн залууст үлгэр дууриал болог л дээ. Хууль зөрчвөл ял шийтгэл ийм байдаг
шүү гэдгийг залуус мэдэг. Залуучууд болгоомжил л дээ. Ингэчихвий тэгчихвий
гэсэн хар муу санаатай яваг л дээ.

-Газрын тосны тухай хуулийг Дорнодынхон хэр хүлээн авч
байна вэ. Х.Болорчулуун гишүүн “Дорнодоос сонгогдсон Номтойбаяр гишүүн дэмжсэн
бол батлах байсан” тухай ярьж байсан?

-Буруу хуулийн төсөл байсан юм чинь яаж дэмжих юм. Үүний цаана асар том геополитикийн
асуудал бий. Хятад ч бай хаанах ч бай тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт
хийчихсэн. Түүнийг нь төр шууд булааж авна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ц.Нямдорж
гишүүн ажлыг нь хэсгийг нь ахлаад Газрын тосны хууль батлагдсан. Бид асуудлыг
олон талаас нь харах ёстой. Ямархуу газар зүйн байрлал, геополитикийн байршилд
байгаа билээ. Гадны хөрөнгө оруулсан нөхдүүдтэй иймэрхүү байдлаар харьцаад
байвал бидний ирээдүй яах юм. 2001 онд далай ламд виз өгөхөд хятадууд хоёр
хоног хил хаагаад манайд юу боллоо. Тэр үед манайд 75-хан цагийн хүнсний нөөц
байсан. Одоо өслөө гэхэд 90 цагийн л байгаа биз дээ. Тэр хуулийн төсөл дээр нь
ноцтой асуудлууд байсан. Байгаа бодит нөхцөл байдлаа бодох хэрэгтэй.

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганхуяг: Татварын маргаан таслах зөвлөл Оюу толгойн асуудлыг шийдсэн гэж үзэж байна

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

-Монголын
уул уурхайн орчин нөхцөл ямар түвшинд байна. Хөрөнгө оруулалт зогссон, уул уурхайн
компаниуд зогсонги байдалд байгаа гэх мэтээр таагүй мэдээллүүд бий?

-Ямар ч байсан энэ Засгийн газрын уед Уул уурхайн салбарын эрх зүйн
орчинг урт хугацаанд, ойлгомжтой, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүллээ. Энэ бол  манай улсын хөгжилд чухал ач холбогдолтой ажил
хэрэг гэж үзэж байна.

Тодруулж хэлбэл, 2025 он хуртэлх хугацаанд  Монгол Улс “Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг
УИХ баталсан. Үүгээр газрын хэвлийн болон геологийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй
болгох,  хөрөнгө оруулагчдыг өмчийн хэлбэрээр
ангилахгүй байх, төрийн оролцоог зохистой түвшинд байлгах, боловсруулах аж үйлдвэрийг
хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг байнга дээшлүүлэх зэрэг олон асуудал, зорилтуудыг  тодорхой болгож, цэгцэлж чадсан. Үүнээс гадна  хууль санаачлагчийн хуулийн төсөл, судалгаанд
үндэслэн зөвлөмж гаргах, эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоод
гадаадын зах зээл дээр энэ салбарын үйл ажиллагааг сурталчлах зорилго бухий олон
талын оролцогчдоос бүрдсэн Бодлогын зөвлөлийг байгуулах болсон. Мөн долдугаар сарын
1-нд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиар энэ Бодлогын
зөвлөлийг хуульчилсан.

-Лиценз
олгож эхлэх, Урт нэртэй хуулийн хүрээнд хохирсон компаниудын нөхөн олговор гэх мэт
асуудлууд хэрхэн шийдвэрлэгдэж, ажил хэрэг болж байна?

-“Стратегийн ач холбогдол бухий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай
аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах хууль, Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх
Засгийн газрын тогтоол, 106 тусгай зөвшөөрлийн асуудал” зэрэг шийдвэрүүдээс болж  уул уурхайн орчин тогтворгүй болсон байсан. Урт
нэртэй хуулийг хэрэгжүүлэх 2012 оны зургадугаар сарын Засгийн газрын тогтоолоор
нийт 1336 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байдаг.
Үүний 30 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Гэхдээ Урт
нэртэй хуулийг хэрэгжүүлэх нь буруу байсан гэж хэлэх гээгүй юм шүү. Хэрэгжих учиртай
хууль. Гол нь ийм хууль гаргахаасаа өмнө хөрөнгө оруулагчдад төрөөс тусгай зөвшөөрөл
олгож тэдний хөрөнгийг  хайгуулд зарцуулуулсан
нь буруу байсан. Энэ нь холыг харсан бодлогогүй явж ирсэнтэй холбоотой. Одоо ч гэсэн
нөхөн төлбөрийн асуудлыг шийдэж чадаагүй байна.

Мөн 2012 оны гуравдугаар улирлаас хойш өнөөг хүртэлх нүүрсний зах
зээлийн үнэ уналттай хэвээрээ байна. 2014 онд төмрийн хүдрийн зах зээлийн үнэ  нэлээд унаж байна. Энэ хоёр төрлийн ашигт малтмал
маань манай улсын экспорт болон төсвийн орлогод 
голлох байр суурийг эзэлдэг. Ер нь тухайн ашигт малтмалын зах зээл тааруу
байхад тэр салбарын хөрөнгө оруулалт буурах нь нийтлэг хандлага. Эрдэс баялгийн
түүхий эдийн зах зээл мөчлөгтэй, хэлбэлзэл ихтэй байдаг. Тиймээс манайх түүхий эдийг
боловсруулж нэмүү өртөг шингээх, аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт
тавин ажиллаж байна.

-Хоёр
хөршийн төрийн тэргүүн айлчиллаа. Ямар үр дүнтэй үлдэв?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар  хоёр хөршийн төрийн тэргүүн айлчиллаа. Энэ үйл
явдал нь дэлхийн улс орнуудын удирдагчид болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол
руу чиглүүлж чадлаа. Түүнчлэн БНХАУ- ын даргын айлчлалын үеэр төмөр замын тээвэр,
транзит тээврийн тариф, далайд гарах боомтууд, бараа эргэлтийн төсөөлөл зэргийг
тохирч гэрээ, хэлэлцээрүүдийг байгууллаа. Эдгээр ажил нь түүхэн шинэ алхам бөгөөд
хөгжлийн олон боломжуудыг бүрдүүлж өглөө. Сүүлийн хэдэн сар Монголд хөрөнгө оруулах
сонирхол нэмэгдэж байна. Ер нь заавал айлчлалын хүрээнд гэлгүй ашигт малтмал үнэтэй
байх үед бэлэн мөнгө тараалгүйгээр төмөр замаа тавьчихсан бол өөр байх байсан. Ойролцоогоор
800 км төмөр зам тавих мөнгийг бэлнээр тараасан гэдэг. Үүнээс болж жилд 200-300
сая ам.долларыг тээврийн зардлын зөрүүгээс алдаж байх шиг байна.

-Эдийн
засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийн хүрээнд танай салбартай холбоотой олон
асуудлыг цэгцлэх шиг болсон. Ямар үр дүнд хүрэв?

-Энэ арга хэмжээгээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгод
олон нийтийн анхаарлыг чиглүүлж чадсан нь гол үр дүн болов уу. Мөн төр, хувийн хэвшил
идэвхтэй хамтарч ажилласан. Энэ арга хэмжээ цаашдаа ч улам идэвхтэй үргэлжлэх учиртай.
УИХ уул уурхай, газрын тосны салбарын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тооцон
хоёр чухал  хуулийн теслийг өмнөх чуулганаар
баталж өгсөн. Эдгээр хуулиудын хэрэгжилтийг хангахын тулд наадмын дараахан тав хоног
амарсныг эс тооцвол яам, агентлаг тасралтгүй ажиллаж байна. Удахгүй аравдугаар сарын
1-нд УИХ- ын ээлжит чуулган эхэлнэ. Тэгэхэд Засгийн газраас хөтөлбөрийн хэрэгжилтийн
явцыг танилцуулаад дүгнэх байх.

-Хөрөнгө
оруулалтын хуулийг баталсан. Үр дүн гарах нь уу?

-Энэ чухал хууль гарсан. Монголд хөрөнгө оруулалтын баталгаа, хамгаалалт
сайжирсан гэсэн ойлголт олон улсын хэмжээнд бий боллоо. Мөн Монголд хувийн хэвшлийн
аж ахуйн нэгж хөрөнгө оруулахад ямар нэгэн цензургүй болсон гэж ойлгох учиртай.
Хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаанаас хамааруулан хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой
байлгах гэрчилгээ олгохоор болсон. Тэрчилэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт
оруулах хуулийг өнгөрсөн чуулганаар баталсан. Энэ хуулийг төрөөс эрдэс баялгийн
салбарт баримтлах бодлогод нийцүүлж гаргасан. Энэ хууль нь төрөөс тогтоосон газар
нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг солбилцлоор олгож эрдэс баялгийн
албан ёсны нөөцийг нэмэгдүүлэн эдийн засгийн дархлаа, баталгааг сайжруулах, хариуцлагатай
уул уурхайг хөгжүүлэх, эрдэс баялгийн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг урт хугацаанд  тогтвортой, өрсөлдөх чадвартай болгох зорилттой.

-Саяхан
Оюу толгой гацаанаас гарлаа гэсэн мэдээлэл цацагдлаа. Яг ямар үйл явдал болов?

-Шинэчлэлийн Засгийн газар далд уурхайн санхүүжилтийг анхнаасаа дэмжсээр
ирсэн. Өнөөдөр ил уурхайн үйлдвэрлэл, олборлолт, экспорт борлуулалтын үйл ажиллагаа
хэвийн явагдаж байгаа. Сүүлийн хагас жилд Оюу толгой компанийн хувь нийлүүлэгчид,
ТУЗ энэ асуудал болон бусад асуудлыг есдүгээр сарын 31-ний дотор шийдэхээр идэвх
санаачилгатай хамтарч ажиллаж ирсэн. Татварын маргаан гарснаар энэ асуудал жаахан
сунжирч байна гэж ойлгож болно.

-Манай
татварынхан 130 сая ам.доллар нэхдэг. Тэгээд 30 тэрбум болгож буурууллаа гэсэн мэдээлэл
бас гарсан. Татварын энэ асуудал дээр манайх л буулт хийхээр болж байх шиг ээ?

-Монгол Улс хуулийн засаглалтай орон. Татварын асуудал тусдаа хуулиар
зохицуулагддаг. Татварын маргаан бол аль ч 
оронд байнга л гардаг. Гэвч  Оюу толгой
төсөл нь Монгол орны тухайд ихээхэн томд тооцогддог. Нөгөө талаас олон улсын хөрөнгө
оруулагчдын анхааралд  орсон төсөл учраас
нэлээд шуугиан тарилаа. Бүх талын оролцоотой, хараат бус оролцогчтой Татварын маргаан
таслах зөвлөлөөр энэ асуудлыг нэг тийш нь шийдсэн гэж үзэж байна. Татварын маргаан
бол хуулийн заалт, орлого болон зардлын баримтад үндэслэгдэн явагддаг. Ийм учраас
хуулийн засаглалтай, нээлттэй Монгол Улсад татварын маргаанаар аж ахуйн нэгжийг
үндэслэл, баримтгүйгээр хохироох боломжгүй гэж бодож байна.

-Оюу
толгойнхон та нарт нэг ч ам.доллар өгөхгүй. Хэрвээ акт тавиад мөнгө нэхвэл арбитрт
хандана. Улмаар хоёр дахь шатны ашиглалтын ТЭЗҮ-г өгөхгүй гэж шантаажлаад байгаа
юм биш үү?

-Дээр ч хэлсэн. Татварын асуудал тусдаа хуулиар зохицуулагддаг. Нэмэлт
санхүүжилт бол гэрээ, компанийн тухай хуулиар зохицуулагдана.

-Татварынх
нь асуудал шийдэгдэж магадгүй байна. Тэгвэл Оюу толгойн хоёр дахь хөрөнгө оруулалт
яг хэзээ шийдэгдэх юм? 

-Гол нь Монгол Улс хөрөнгө оруулагчтайгаа аливаа асуудлыг хууль,
байгуулсан гэрээнийхээ дагуу шийдвэрлэж, учраа олдог орон гэдгээ бататгана. Хөрөнгө
оруулалтын эрх зүйн орчин урт хугацаанд  тогтвортой,
өрсөлдөх чадвартай болсон энэ үед ийм мессеж их чухал байх болов уу. Нөгөө талаас
2010-2012 онд энэ төслөөр жил бүр орж ирж байсан хөрөнгө оруулалт нөхөгдөж, өөр
хөрөнгө оруулалтууд ч нэмэгдэнэ. Мөн Оюу толгой компанийн нийт нөөцийн 70 орчим
хувийн нөөцтэй далд уурхай хугацаандаа ашиглалтад орно гэдгийг хэлье. Одоогоор нөөцийн
тайлангаа өгсөн тул шинжээчид ажиллаад дүгнэлтээ гаргачихсан байгаа. Компанийн зүгээс
удахгуй ТЭЗҮ-гээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ирүүлээгүй байгаа.

-Бас
Эрдэнэс Таван толгой компани оператор компаниа хөөгөөд гаргачихлаа. Өнөөдөр үйл
ажиллагаагаа зогсоосон байгаа. Энд юу болоод байна вэ?

-Энэ бол  цэвэр бизнесийн маргаан
гэж бодож байна. Засгийн газар, Уул уурхайн яам компанийн хуульд заасны дагуу төрийн
өмчит компанийн дотоод асуудалд оролцохгүй байгаа.  Зүүн цанхи дээр олборлолт явуулдаг оператор компанийн
үйл ажиллагааг гадаадын хөрөнгө оруулалттай “Macmohan” компани явуулдаг. Баруун
цанхи дээр дотоодын компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр  компаниудын олборлолтын өртөг зардал нь харьцангуй
зөруутэй  байдаг. Тиймээс нүүрсний үнэ уналттай
байгаа учир өртөг, зардлыг бууруулах шаардлагын үүднээс гарсан маргаан. Мөн Эрдэнэс
таван толгой компанийн хувьд зээлээ төлж байгаа, нүүрс хямдарсан  тул орлого ч хангалттай бус байгаа нь мэдээж юм.
Энэ тохиолдолд гэрээлэгч, маргалдагч талууд харилцан хүндэтгэлтэй хандаж учраа олох
нь зохистой юм.

-Гадныхан
Таван толгойг хэр сонирхож байгаа юм бол. Нүүрсний үнэ унасан гээд энэ чиглэлийн
хөрөнгө оруулалтыг яаран хийхгүй юм биш үү?

-Таван толгойд хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд хангалттай байгаа.
Шинэчлэлийн Засгийн газар нүүрсний үнэ уналттай, уналт үргэлжилж байсан учир Таван
толгойн ордыг тойрсон дэд бүтцийг барьснаар Эрдэнэс Таван толгой компанийн үнэлгээ
нэмэгдэнэ гэж үзсэн.  Таван толгой-Гашуун
сухайтын чиглэлийн төмөр зам, Таван толгой ордод цахилгаан станцыг барих хөрөнгийн
тодорхой хэсгийг бондын санхүүжилтээс гаргасан. Эдгээр ажил эрчимтэй урагшилж байна.
Эрчим хүчний яам Таван толгойн ордод баригдах цахилгаан станцыг барих, санхүүжүүлэхэд
хамтарч ажиллахаар Рио Тинто компанитай гэрээ байгууллаа. Гашуун-Сухайт боомтын
20 орчим км төмөр зам барих болон санхүүжилтийг хариуцан ажиллах Гашуун-Сухайт ХХК
байгуулагдаж, энэ төмөр замыг 2014-2015 онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Хятад
улстай тээвэр, транзит тээврийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан. Ингэснээр Таван
толгой ордыг ашиглахад шаардагдах дэд бүтэцтэй холбогдсон бүх шийдвэрүүд гарсан.

Мөн Засгийн газраас УИХ-аас гарсан  шийдвэрийн дагуу Таван Толгойн ордод дотоод, гадаадын
хөрөнгө оруулагчдыг сонгох хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж
байна. Ажлын хэсгийг Ч.Сайханбилэг дарга ахалж байгаа.

-Манайхан
шинэ нөхцөл тавьсан гэсэн. Хөрөнгө оруулагчдад ямар нөхцөл тавиад байгаа юм?

-Гол нь коксжих нүүрсийг урт хугацаанд тогтвортой худалдан авах,
яаралтай шаардлагатай байгаа зарим төмөр замыг барихад хөрөнгө оруулах нөхцөл байгаа
болов уу.

-Өнөөдөр
бас нэг асуудал байгаа нь Засгийн газрыг цомхотгох тухай?

-Өнөөгийн байдлаар яг хэрхэн цомхотгох талаар надад мэдээлэл алга.

-Цомхотголтой
холбоотойгоор Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нийлүүлэх тухай яригдаж байна.
Энэ асуудалд таны байр суурь?

-Энэ асуудлыг шийдвэрлэх саналаа УИХ-д оруулах эрх нь холбогдох хуульд
зааснаар Ерөнхий сайдад байдаг. Хэрэв асуудлыг шийдэхээр болбол намын шийдвэр гаргах
бүтэц болон УИХ дахь намын бүлгийн хурлаар урьдчилан ярилцах үед л асуудал тодорхой
болно байх. Ер нь  улс орны хөгжилд  ч, эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг
уул уурхайн салбарын тухайд ч  улс төрийн
болон эрх зүйн орчны тогтвортой байдал чухал байдаг. Гэхдээ энэ нь  илүү үр дүн авчрах шинэчлэл өөрчлөлтөөс татгалзана
гэсэн үг биш юм.

-Ер
нь хоёр яам нийлэх магадлал өндөр байна. Энэ тохиолдолд та өөрийгөө хамтарсан яамыг
удирдах эрхтэй гэж бодож байна уу. Эсвэл зайгаа тавих уу?

-Энэ асуудлыг би ганцаараа ийм тийм гэж хэлэх боломжгүй. Улс төр
бол багийн тоглолтын дүрэмтэй байдгаараа онцлогтой.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд итгэмжлэх жуухаа барьжээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мозамбик Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Одонжил тус улсын Төрийн Тэргүүн Эрхэмсэг ноён Армандо Гуэбузад Итгэмжлэх жуух бичгээ барив. Энэ үеэр Элчин сайд Б.Одонжил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Мозамбикийн төрийн тэргүүнд уламжилсан бөгөөд Монгол, Мозабикийн хооронд  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлж, ирэх 2014 онд тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд тодорхой ажил, арга хэмжээнүүд  хэрэгжүүлэх талаар болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Мозамбикийн Ерөнхийлөгч Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд Мозамбикийн тал Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэв.   Элчин сайд Б.Одонжил Итгэмжлэх жуух бичгээ барьсантайгаа холбогдуулан Мапуто  хотноо Мозабикийн Гадаад хэргийн яамны орлогч сайд, холбогдох газрын удирдлага, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, тус улсад суугаа зарим орны дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай ажлын уулзалт хийв. Элчин сайд Мозамбикт ажиллах үеэрээ тус улсад  ажиллаж, амьдарч буй манай иргэдийн төлөөлөлтэй уулзаж тэдний амьдрал ахуйтай танилцан, санал бодлоо солилцов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Мозамбик Улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Б.Одонжил тус улсад итгэмлэх жуухаа барьж буй манай улсын анхны  Элчин сайд  юм.

Categories
мэдээ нийгэм

Ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр батлагдлаа

Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг НИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн энгийн болон эрүүл ахуй, онцгой дэглэмийн бүсэд хяналт хийж, хашаа хайс, харуул хамгаалалтыг сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Ундны усны эх үүсвэрийн бүсэд  барилга байгууламж барьж, айл өрх дураараа буухыг зогсоон, амралт, рашаан сувилал, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй газруудад байгаль орчны нөлөөллийн үнэлгээг дахин явуулах юм. Мөн Туул голын сав газарт хууль зөрчин ашигт малтмал хайсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна.  Ундны усны эх үүсвэрийг гадны халдлагад өртөх, санаатай болон санамсаргүй хүчин зүйлийн нөлөөллөөр бохирдохоос сэргийлэх зорилгоор хяналтын сүлжээг бүрэн автомат системд шилжүүлснээр мэдээлэл удирдлагын шуурхай байдлыг хангах юм.

Гадаргын болон  газрын доорх усанд аюулгүй байдлын шинжилгээ судалгаа хийн нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийн нөөцийг шинэчлэн тогтоож  нэгдсэн үнэлгээтэй болгон  байгаль орчныг хамгаалах хөтөлбөртэй уялдуулна.  Ундны усыг олборлох, боловсруулах, нөөцлөх, түгээх шат дамжлагад гарч буй зардлыг тооцон гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авснаар хэрэглэгчдийг усаар гачигдахаас хамгаалах зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээг байгуулах зураг төсвийг хийн, гэр хорооллын айлуудад хүргэж буй ундны усны чанар хүртээмж, чанар аюулгүй байдалд үнэлгээ хийж, хүрэлцээг нэмэгдүүлэн, чанар аюулгүй байдалд тавих  хяналтыг өндөржүүлэн, ус дамжуулах, түгээх шугам хоолой, хадгалах савны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, угаалгын чанарыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Ингэснээр хэрэглэгчдэд хүрэх ундны усны чанар сайжирч, нөөц бүрдэн хүн амын эрүүл аюулгүй  амьдрах эрх хангагдах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтйэ иргэдэд зориулсан автомашины зогсоолтой болжээ

Дорнод, Ховд, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн нисэх буудлууд хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан авто машины зогсоолтой болжээ. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжийн дагуу ИНЕГ-аас нисэх буудлуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ бий болгох үүднээс эхний ээлжинд авто машины зогсоолыг тусгайлан тэмдэгжүүлэх, нисэх буудалд орох, гарах тусгай зам тавих ажлуудыг хийгээд байгаа аж. 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийг нисэх буудлын орох хаалганаас угтан авч агаарын хөлөгт суух хүртэл тухайн зорчигчийн хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээг стандартчилах, зохицуулах талаар “Угтах үйлчилгээ”-ний зааврыг боловсруулсан байна. 

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн яамнаас мэдээлэл хийнэ

Өнөөдөр Уул уурхайн яам болон, Ашигт малтмалын газраас Хайгуулын тусгай зөвшөөрлийг солбицлоор олгох асуудалтай холбогдуулж  хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн бага хурал 11:30 цагт Уул уурхайн яамны байранд болно.

Categories
мэдээ нийгэм

Дээд гурилын үнэ өсчээ

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ. Судалгаагаар махны дундаж үнэ өмнөх сарынхаас 4.9 хувь, адууны мах 2.4 хувь, ямааны мах 2.3 хувиар буурсан байна. Харин үхрийн ястай мах нэг хувь, үхрийн цул мах 9.9 хувиар өсчээ. Дээд гурилын үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өсч бусад гурилын үнэ өөрчлөгдөөгүй байна. Цагаан будааны өмнөх сартай харьцуулахад 1.5 хувь, элсэн чихэр 7.9 хувиар өсчээ. 

Categories
мэдээ спорт

Л.Отгонбаатар хүрэл медалийн тавцанд зогсоно

“Инчон-2014” наадмын Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд барилдсан ОУХМ Л.Отгонбаатар өчигдөр орой хүрэл медалийн төлөөх барилдааныг Ираны бөх Жамали Мухамедтай хийж, яллаа. Тэрбээр хэсгээ тэргүүлсэн боловч хагас шигшээд өрсөлдөгчдөө ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.

Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-д барилдаж байгаа ОУХМ Б.Мөнхтуяа хүрэл медалийн төлөө барилдана.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Утаанаас амжиж уушгиа цэвэрлэж авцгаая

Намрын шар нар ээсэн өдрүүд үргэлжилж байгаа ч шөнөдөө агаарын хэм хасах градус зааж жиндүүхэн хонож байна. Өглөөгүүр Долоон буудал, Баянхошуу тийш хөх утаа хэдийнэ суунаглах болжээ. Тун удахгүй өнөөх хөх утаа нь хар өнгөтэй болж, юу ч харагдахаа больдог цаг ирэх нь. Түүндээ ч дарга, цэрэг, том, бага, хүүхэд, хөгшидгүй хордоод эхэлнэ. Тиймээс тэр “утаат” цаг хугацаанаас амжиж уушгиа цэвэрлэж авцгаая, хүмүүс ээ. 

Хүний уушгийг цэвэр агаараар нэг удаа “дүүргэсэн” байхад 30 хоног “цэнэгээ барьдаг” гэсэн яриа бий. Тэгэхээр цэвэр агаартай байх цөөхөн хэдхэн хоногийг ашиглан амралтынхаа өдрүүдээр гэр бүл, байгууллага хамт олон, найз нөхдөөрөө хөдөө гарч, явган аялал хийцгээе. Уулын оргил булаацалдаж, дугуй хүрээ зурж байгаад эр, эмгүй барилдъя. Хаашаа л харсан өндөр барилгаар хүрээлсэн давчуу орчноос гарч их хүйтэн, нүд хорсгосон утаанаас урьтаж хоолой мэдэн хашгирч, уушги мэдэн амьсгалъя л даа.  

Т.ГЭРЭЛМАА