Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Төв аймгийн урьдчилан хорих төвд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дагуулах очиж хорихын даргын өрөөнд Л.Гансүхтэй уулзжээ. Ерөнхий сайдын энэ уулзалтыг АТГ-аас бичиж авсан аж. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Сэжигтэнтэй холбогдуулан мэдэгдэл гаргах, хөндлөнгөөс янз бүрийн шахалт дарамт ирэх зэргээр үйлдлүүд гарч байна. Ерөнхий сайд хууль зөрчин уулзсан учраас бид албан ёсоор хариу мэдэгдэл гаргаж байна. Ерөнхий сайдыг очиход хорих ангийн ажилчид бүгдээрээ жагсч байгааг та бүхэн бичлэгээс харж болно. Сэжигтнээр хоригдож байгаа хүн гарч ирээд хорих ангийн даргын өрөөнд очсон” гэж өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ ярьсан юм. Авлигатай тэмцэх газраас уг уулзалтын талаар гаргасан мэдэгдэлд “Мөрдөн байцаалтын шатанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өөрийн туслахаараа ажиллаж Н.Даваахүү, Ш.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин З.Мөнгөнтуяа, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Н.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Төмөрбаатар нартай хамтран “Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн өмчит компани олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан” гэж онцолжээ.
Month: August 2014
Энэ сарын 9-нд “Цонхон дээр суусан ялаа” төслийн CD-ны нээлт Парк-н завин дээр болох гэж байгаа билээ. Төслийн клипийг “Хаган филмс” бүтээж, клипний спонсороор “Монгол лайк” хуудас ажилласан байна.
Цомогт багтсан Анидча дууны клип дээр дуучин Ц.Тэмүүлэн (A SOUND) нүцгэлсэн байна. Урлаг соёлын одод, тэр тусмаа эмэгтэй оддын нүцгэн зургууд сүүлийн үед үзэгдэхээ больж бараг нүдний гэм болоод байгаа энэ үед дуучин залуугийн үйлдэл хэр цагаа олсон үйлдэл болохыг клип цацагдсаны дараа хамтдаа дүгнэцгээе.
Дэлхийн шатрын 41 дүгээр олимпиад өнөөдөр Норвеги улсын Тромсо хотноо эхэлж байна. Энэ сарын 14 хүртэл үргэлжлэх тус олимпиадад оролцох манай баг тамирчид өчигдөр эх орноосоо мордсон юм. Энэ удаагийн тэмцээнд оролцох монголын багийг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, спортын мастер Ч.Чулуунбаатар ахалж байна. Харин эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, их мастер Д.Шаравдорж, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар Ч.Чулуунбаатар нар ажиллаж байгаа юм.
Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
1. Их мастер Ц.Батчулуун (Үндэсний шигшээ баг)
2. Их мастер Б.Гүндаваа (Үндэсний шигшээ баг)
3. ОУ-ын мастер Г.Мөнхгал (Өвөрхангай аймаг)
4. ОУ-ын мастер Н.Баттулга (Хангарьд спорт клуб)
5. Их мастер Б.Хатанбаатар (Завхан аймаг)
Эмэгтэй:
1. Их мастер Б.Мөнгөнтуул (Үндэсний шигшээ баг)
2. Их мастер Т.Батчимэг (Үндэсний шигшээ баг)
3. ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн (Хан Алтай шатрын клуб)
4. ОУ-ын мастер Б.Анхчимэг (Архангай аймаг)
5. Спортын мастер Б.Баярмаа (Ховд аймаг).
“Автобус 3” компанийн үйл ажиллагаагаа доголдсоны улмаас хэвийн ажиллах боломжгүй болж, хаалгаа барих гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Улмаар тус компани албан ёсоор дампуурлаа зарласан тохилдолд ажилтнуудаа цомхотгож, тээврийн хэрэгсэлүүдээ “Автобус 1”, “Цахилгаан тээвэр” зэрэг компаниудад хувааж өгч магадгүй талаар тус компанийн ажилчид хэлж байна.
Ямартай ч өнөө өглөөний байдлаар “Автобус 3” компанийн ээлж шугамандаа гарсан бөгөөд үйл ажиллагаагаа зогсоох талаар мэдэгдэлийг удирдлагууд нь ажилчиддаа албан ёсоор мэдэгдээгүй байгаа аж.
Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас, МҮОНТВ хүртлэх 2.52 км замыг 2007 онд өргөтгөн шинэчилж нийт 14 метр өргөнтэй, дөрвөн урсгалтай болгосон. Замын ажлын гүйцэтгэгчээр “Мон Агаар” ХХК шалгарч 2007 оны 12 дугаар сард ашиглалтад өгчээ. Энэхүү зам нь гэрэлтүүлэг, хоёр талаараа 2.25 см өргөнтэй явган зорчигчийн замтай байхаар төлөвлөгдсөн боловч газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж чадаагүйгээс зарим хэсэгт явган зорчигчийн замыг дутуу орхин ашиглалтад өгчээ.
Харин “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс тухайн хэсэгт явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүргийг холбогдох албаныханд өгснөөр энэ сарын 30-наас явган зорчигчийн зам тавих ажил эхэлсэн байна. Зам тавих ажлыг Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн “Баруун салбар” хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор долоон айл хашааны газраа хоёр метр орчим татсан байна.
Энэ хэсгийн замын зурваст нийтдээ 67 айлын хашаа, үл хөдлөх хөрөнгө байснаас 50 гаруйг нь чөлөөлж, замын баруун хэсэгт найман айл газраа чөлөөлөөгүйгээс явган зорчигчийн зам хийгээгүй бол, замын зүүн хэсгээр 4-5 айл газраа чөлөөлөөгүйгээс явган хүний замыг гүйцээж чадаагүй байсан юм. Ирэх долоо хоногт үлдсэн хэсгийг гүйцээж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Архангай аймгийн Засаг дарга долоодугаар сарын 30-ны өдөр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Сум, багийн Засаг дарга нар, Төв суурин газрын албан байгууллагуудын удирдлагад тус бүр арван заалт бүхий албан даалгаврыг хүргүүлжээ.
Тус албан даалгаварт аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг аравдугаар сарын 15-ны дотор бүрэн хангуулах, улсын болон аймгийн орон нутгийн хөгжлийн сангаар бэлчээрийн худаг гаргах тендерт шалгарсан компаниудын ажлын явц, чанарт хяналт тавьж, гэрээт хугацаанд худгийг хүлээн авах, намрын ургац хураалтын техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг графикт хугацаанд нь хийж ургац хураалтын ажлыг богино хугацаанд дуусгах арга хэмжээ авах, аймгийн төвийн аж ахуй, нэгж, байгууллага, орон сууцнуудад үзлэг хийж орц хонгилын хаалга, цонхны битүүмжлэлийг сайжруулан дулааны алдагдлыг багасгах арга хэмжээ авах зэрэг 30-аад заалтыг сумдын Засаг дарга, төвийн аж ахуй нэгжийн удирдлагууд, ҮХААГ-т ангилан хүргүүлсэн байна.
Мөн аймгийн 2014 онд бэлтгэх байгалийн хадлан тэжээлийн төлөвлөгөөг 19 сум тус бүрээр тооцоолон хавсралтаар илгээжээ.
Эль-Кувейт хотноо 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталснаа Кувейтийн тал манайд энэ оны 7 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэнээр хэлэлцээр нь түүний заалтын дагуу мөн өдрөөс хүчин төгөлдөр боллоо.
Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол Улсын болон Кувейт Улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд зургаан сарын хугацаанд 90 хоног харилцан визгүй зорчих боломжтой юм.
Зуны амралт ид үргэлжилж байна. Долдугаар сард найр, наадам хэсээд
завгүй өнгөрдөг бол наймдугаар сард амралт, сувилалд яваад таардаг. Амрангаа биеэ
сувилуулах гэж байгаа хүмүүст зориулан рашаан, сувиллын газруудын мэдээллийг хүргэе.
“АВАРГА ТОСОН”
Тус рашаан, сувилал нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт оршдог.
Улаанбаатар хотоос 230 км засмал замаар яваад, Жаргалтхаан сумаас 40 км сайжруулсан
шороон замаар явж хүрдэг юм байна.
“Аварга тосон”-гийн рашаан, шаврыг арьсны харшилд сайн гэдэг. Арьсны
харшлаас гадна мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд, дотоод шүүрэл, бодисын солил-цооны
эмгэг, хоол шингээх эрхтэн, яс булчин, үе холбох нэхдэсийн эмгэгүүдийг тус сувилалд
эмчилдэг юм байна. Мөн үе мөчний архаг үрэвсэл, гэмтэл бэртлийн дараах үед ч Аварга
тосонгийн эмчилгээ үр дүнтэй байдаг аж. Харин зүрх судасны дутагдалтай, хордлогот
бамбай, бөөрний дутагдал, хорт хавдар, сэтгэл мэдрэлийн өвчтэй, халдварт өвчтэй
хүмүүст үйлчлэх боломжгүй юм байна. Мөн жирэмсэн эмэгтэй, бөөрний хурц үрэвсэлтэй
болон сүрьеэ өвчтэй хүмүүсийг эмчлэхийг хориглодог юм билээ. Ерөнхийдөө Аварга тосонгийн
анагаах шавар, Аураг рашаан, тосон нуур эмчилгээний гол хэсэг болдог.
“Аварга тосон”-гийн рашаан, сувиллын захиалга авах төв нь Баянзүрх
дүүргийн XIV хорооны нутаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ойролцоо “Хан-гарьд”
төвийн гуравдугаар давхарт байдаг аж. Үнийн хувьд өрөө, байрныхаа тохь тухаас хамаараад
өөр, өөр юм. Зочид буудлын люкс өрөө хоногийн 100 мянга, хагас люкс өрөө нь 80 мянган
төгрөг байх жишээтэй. Дүнзээр барьсан байрны люкс өрөө хоногийн 49800 төгрөг бол
жирийн байрны люкс өрөө нь 41800 төгрөгийн үнэтэй. Хагас люкс өрөө сонгох бол нэг
хоногт 32800 төгрөг төлнө. Дээрх өрөөнүүд хоёр ортой. Харин 2-4 ортой зочны байр
нэг хүний 27800, 4-5 ортой энгийн өрөө 23800 төгрөгийн үнэтэй аж. Зочны гэр
26800, энгийн гэрт 23800 төгрөг төлөөд амарч болох юм байна. Хоёр нас хүртэлх хүүхэд
хоногийн таван мянган төгрөгийн хоолны мөнгө төлөөд аав, ээжтэйгээ хамт унтаад амрах
боломжтой. Харин 2-12 хүртэлх насны хүүхдүүд ор авахгүй бол өрөөний зэрэглэлээс
хамаараад хоногийн 12800-15800, ортой бол 12800-38800 төгрөг төлнө. Эмчилгээ хийлгэхдээ
илгээх хуудсан дээрээ оношоо бичүүлсэн байх учиртай. Мөн сувилалд мэргэжлийн эмч
үзээд шаардлагатай эмчилгээг нь хийж өгөх аж. Тухайлбал, халуун шавар, рашаан нууранд
орох, рашаан уух, бариа засал, биеийн тамирын эмчилгээ, татлага, физик эмчилгээ,
зүү төөнүүр, чийрэгжүүлэх фитнес эмчилгээ хийдэг юм байна.
“Аварга тосон”-гийн рашаан, сувилал руу захиалгын төвөөс мягмар,
пүрэв, бямба гаригуудад автобус явдаг. Сувиллын автобусаар явах бол ирж очихын
30 мянган төгрөгийн зардал төлөх аж.
Холбоо барих утас: 70153032, 70153033, 99098060, 95829916
“ШАРГАЛЖУУТ”
“Шаргалжуут рашаан сувилал”-ын газар нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Хангайн
нурууны өмнө хэсэгт Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойно
60 км зайд оршдог. Анх 1954 онд анагаах чанаараараа дэлхийд хосгүй Шаргалжуутын
бүлэг рашааны орд газрыг түшиглэн байгуулагдсан ба өнөөг хүртэл 57 жил тасралтгүй
ард түмэнд үйлчилж байгаа. “Шаргалжуут рашаан сувилал” нь байгалийн эмчилгээний
хосгүй бүтээл болох Шаргалжуутын 108 төрлийн
рашаан, Үүдийн нуурын анагаах шаврыг дорнын уламжлалт эмчилгээ болох бариа засал,
зүү төөнүүр, аппаратын эмчилгээ болох физик эмчилгээ, төрөл бүрийн усан эмчилгээ,
биеийн тамир эмчилгээ зэргийг хослуулан хэрэглэж эмчлэн сэргээх үйлчилгээг үзүүлдэг.
Тус рашаан сувилал нь Эрүүл мэндийн яамаар батлагдсан 400 ортой, магадлан итгэмжлэгдсэн
улсын үйлчилгээтэй сувиллын нэг.
Эмчилгээ сувилгаа
• Рашаан уух эмчилгээ- Байгалийн жамаараа газрын гүнээс ундран гарч
байгаа рашаануудыг эх ундрагаас нь шинээр нь уух нь онцгой сайн.
• Рашаан ваннд орох эмчилгээ- Өвчний заалтаар төрөлжүүлж орох олон төрлийн рашаан ваннтай.
• Рашаан утлага эмчилгээ – Уушигны рашааны бүтэц найрлагад өөр хаана
ч байдаггүй олон төрлийн эрдэс болон радон агуулагдсан байдаг учир үрэвсэл намдааж
хоолойн хаван буулгах, цусан хангамжийг сайжруулж тайвшруулах үйлчилгээтэй байдаг.
• Халуун шавар эмчилгээ-Өндөр эрдэсжилттэй, радонтай анагаах шавраар
эмчилгээ хийдэг.
• Замаг эмчилгээ – Шаргалжуутын рашаан дотор ургадаг +960 хэмийн
халууныг тэсвэрлэх чадалтай хар халтар, улбар шар, ногоон, улаан зэрэг замгуудыг
өвчний заалтаар тавьж эмчилнэ.
• Рашаанаар цөс, ходоод, гэдэс угаах эмчилгээ – Элэг, цөс, ходоодны
болон нарийн гэдэсний рашаанаар угаах эмчилгээ хийнэ.
• Халуун рашаанаар бигнүүр, ороолт хийх, шавших, зайлах эмчилгээ-Гадуур
эмчилгээний зориулалттай олон төрлийн халуун рашаануудаар бигнүүр ороолт хийх, зайлах,
дусаах, шавших, жин тавих зэрэг рашаанаар эмчилнэ.
• Эмэгтэйчүүдийн эмчилгээ-эмэгтэйчүүдийн рашаанаар хийнэ.
• Халуун чулуун бигнүүр эмчилгээ-Дотроосоо рашаанаар халдаг энгийн
бус хад чулуунуудаар ууц нуруу, бөөр давсагны өвчний үед бигнүүр эмчилгээ хийнэ.
• Агаар эмчилгээ-10 га талбайг хамран урсах 160 гаруй халуун рашаан
булгуудаас үүсдэг уур манан нь сувиллын орчинг бүхэлд нь эрдэсжилт радонтай эмчилгээний
био уур амьсгалтай болгодог. Шаргалжуутын агаарт сөрөг ионы хэмжээ нь 1м3 20
сая (ион/ м3) хүрч байгаа нь хаана ч байхгүй агаар эмчилгээ болно.Агаар дахь сөрөг
ионы агууламж өндөр байх тусам эмчилгээний шинж чанар өндөр болдог. Сөрөг ион нь
цус цэвэрлэх эд эсийг сэргээх, дархлааг сайжруулах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг
сайжруулах үйлчилгээтэй байдаг.
• Араматерапия эмчилгээ – Даралтны рашааны урсацыг дагаж зүрх судас,
даралтны өвчний эмчилгээнд хэрэглэдэг эмийн ургамлууд ургадаг. Рашааны халуун урсац
эмийн ургамлаас ялгарах эфирийн тос фитонцидийн хэмжээ нь их байдаг учир радонтай
рашааны уур, эмийн ургамлын эфир нь нийлээд онцгой үр дүнтэй Араматерапия эмчилгээ
болдог. Үнийн хувьд хоёр ортой хагас люкс нь 45000, 2-4 ортой бол 40000, 3-4 ортой
нь 36800, 2-4 ортой зуны байр 31000, гурван ортой гэр 31000 төгрөг ажээ. Эрүүл мэндийн
даатгалын дэвтэр болон илгээх картгүй бол хоног тутам 11000 төгрөг нэмж төлөх юм
байна. Дээрх үнэд өдрийн таван удаагийн хоол, эмчилгээ, байрны зардал бүгд багтсан.
Харин тус сувиллын газрын унаагаар явах бол нэг талын замын зардал 32000 төгрөг
ажээ.
Холбоо барих утас: 70003034, 70003032, 95829918
“ХУЖИРТ”
Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт далайн түвшнээс дээш 1600
метрт, Улаанбаатараас 380 км-т оршдог. Нийслэлээс гараад л засмал замаар давхисаар
байгаад очно. Тэндээ интернэт, утасны сүлжээтэй гэдгээрээ онцлогтой. “Хужирт” рашаан,
сувилал захиалгын төвөөрөө дамжуулж захиалга авдаггүй юм байна. Харин өрх, дүүргийн
эмнэлгээс илгээх хуудсаар очиход хангалттай аж. Илгээх хуудсаа аваад нийслэл дэх
төлөөлөгчийн газраас автобусандаа суух учиртай. Төлөөлөгчийн газар нь “Тэнгис” кино
театрын автобусны буудлын баруун талд, “Неткапитал” компанийн хоёрдугаар давхарт
байдаг аж. Автобусны билет нэг талдаа 18 мянган төгрөгийн үнэтэй. Даваа, лхагва,
баасан гаригуудад автобус явдаг аж. Харин үйлчилгээний үнийн хувьд өрөөний зэрэглэлээс
хамаарч хоногийн 20-50 мянган төгрөгийн үнэтэй. Хүүхдийн хувьд 10-35 мянган төгрөгийн
үнэтэй юм байна. Энэ дүндээ физик, рашаан, шавар, усан эмчилгээнүүд нь багтана.
Мөн өдрийн таван хоолтой юм билээ. Ходоод, үе мөч, мэдрэл, гэмтлийн дараах эмчилгээнд
Хужиртын рашаан өндөр үр дүнтэй аж.
Холбоо барих утас: 98100090
“НАР-ЭЛС” СУВИЛАЛ
Баруун аймгуудад цөөхөн сувилал байдгийн нэг нь “Нар-Элс” юм. Тус
сувилал Говь-Алтай аймгийн Бигэр суманд байрладаг. Халуун элс, ингэний хоормогт
голлосон эмчилгээ хийдэг аж. Бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт
халуун элсний эмчилгээ чухал байдаг. Тиймээс энэ төрлийн өвчнүүдийг манхны халуун
элс, ингэний хоормог, үзэмний шүүсний эмчилгээг физик эмчилгээтэй хослуулан хийдэг
аж. Үнийн хувьд хоногийн 20 мянган төгрөг. 6-11 насны хүүхэд бол хоногийн 10,
2-5 насных бол таван мянган төгрөг юм байна. Энэ үнэд эмчилгээ, өдрийн таван хоол
багтдаг.
Холбоо барих утас: 99082710, 99082703
“ӨВӨР ЖАНЧИВЛАН”
Нийслэлээс 75 км зайтай тус рашаан сувиллын хувьд нэг ээлжиндээ
100 хүн хүлээн авдаг. Долоо хоногийн даваа, мягмар гаригуудад ээлж сольдог. Үйлчлүүлэгчдээ
долоогоос дээш хоногоор хүлээж авдаг. Жилийн турш үйл ажиллагаагаа явуулдаг ч зуны
гурван сардаа ачаалал нь эрс ихэсдэг аж. Захиалгын төвд бүртгүүлж илгээх хуудсаа
аваад сувилалдаа очоод төлбөрөө төлөх боломжтой. Үнийн хувьд өрөөний зэрэглэлээс
хамаараад нэг хоног 20-30 мянган төгрөг аж. Захиалгын төв нь МҮЭ-ийн Соёлын төв
ордны гуравдугаар давхар 306 тоот өрөөнд байдаг.
Холбоо барих утас: 88001511
АР ЖАНЧИВЛАНГИЙН
РАШААН СУВИЛАЛ
Энэхүү сувилал нь нийслэлээс 60 км-ийн зайд Төв аймгийн Эрдэнэ сумын
нутагт байрлана. Рашаан, шавар, бариа засал, уламжлалт болон физик эмчилгээ хийдэг.
Мөн халуун лаа, коктейлийн эм¬чилгээ хийж гүүний саам, цагаан ямааны сүү уулгадаг
аж.
Дээрх эмчилгээнүүд нь ходоодны архаг үрэвсэл, нойр булчирхай, бодисын
солилцоо, төмөр дутал, цус багадалтын эсрэг хэрэглэхэд тохиромжтой гэнэ. Уг сувиллын
энгийн ор нь хоногт 21000-22000 төгрөг, люкс нь 26000 төгрөгийн үнэтэй. 3-8 настай
хүүхэд хоногийн 10500, люкс 13000 төгрөг юм байна. Хэрэв эрүүл мэндийн даатгалгүй
бол үндсэн төлбөр дээрээ өдөр бүр дөрвөн мянган төгрөгийн нэмэгдэлтэй аж. Магадлан
итгэмжлэгдсэн. Тус сувиллын бааз руу долоо хоног бүрийн даваа, пүрэв гаригт “Тэнгис”
кино театрын баруун урд зогсоолоос 11 цагт автобус явах бөгөөд нэг талдаа дөрвөн
мянган төгрөгийн замын зардал төлөх юм байна.
Харилцах утас: 99041639
ӨВӨР ЖАНЧИВЛАН ДАХЬ
“ЗАДГАЙ ЦАГААН” РАШААН СУВИЛАЛ
Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана.
Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ
хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай
аж.
Харилцах утас: 99156155
БАГАНУУР СУВИЛАЛ
Багануур сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд байрладаг. Нөхөн
сэргээх үйлчилгээтэй бүхий л эмчилгээг хийдэг. Долдугаар сарын сүүлчээс эхлэн гүүний
саам, цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээг давхар хийдэг юм байна. Мөн архаг
өвчин, үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулсан тусгай эмчилгээ хийдэг аж. Тус
сувиллын энгийн ор өдрийн 13000, хагас люкс 18000, люкс 30000, супер люкс 80000
төгрөгийн үнэтэй юм байна. Магадлан итгэмжлэгдсэн.
Харилцах утас: 93049261, 93049274, 70210109
ХАЛЗАН УУЛЫН РАШААН СУВИЛАЛ
Уг рашаан сувилал нь нийслэлээс 200 гаруй км зайд Дорноговь аймгийн
Даланжаргалан сумын нутагт оршино. Рашаан, нөхөн сэргээх, физик эмчилгээ, бариа
засал зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр эмчилгээ нь дотор болон хоол боловсруулах
эрхтэн, сахарын өвчинд тустай.
Харилцах утас: 70522742, 99733001
АРХАНГАЙН ШИВЭРТ
РАШААН СУВИЛАЛ
Тус рашаан сувилал нь нийслэлээс 510 км зайд оршино. Тэнд халуун
рашаан, шавар, нөхөн сэргээх эмчилгээ буюу бариа засал, зүү төөнүүр, бумба тавих
зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Халуун рашаан нь хүний биед зайлшгүй шаардлагатай
натри, кали гэх мэт эрдэс агуулсан байдгаараа нэлээд онцлогтой юм байна. Энэхүү
рашаан нь үе мөч, яс, арьсны өвчинд тустай
аж.
Харилцах утас: 9865 3212, 94963212
ОТГОНТЭНГЭРИЙН РАШААН
СУВИЛАЛ
Энэхүү рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 1080 гаруй км зайд Завхан аймгийн нутагт байрладаг. Халуун шавар,
рашаан, уламжлалт эмчилгээ, бариа засал, хануур, төөнүүр хийх, зүү тавих эмчилгээ
хийдэг байна. Тэндхийн рашаан нь хавдраас бусад бүх өвчинд тустай гэнэ. Тухайлбал,
үе мөчний өвчин, мэдрэл, нүд, зүрх, бөөр, ходоод гэх мэт эрхтэн бүрт тусгайлсан
рашаантай юм байна. Төлбөрийн хувьд энгийн ор өдрийн 10000, люкс 12000 төгрөг. Хүүхэд
0-1 нас үнэгүй. 1-7 нас өдрийн таван мянган төгрөг, 8-15 нас өдрийн найман мянган
төгрөг юм байна. Эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэд үндсэн төлбөр дээрээ өдөр
бүр 2-5 мянган төгрөг нэмж төлөх юм байна. Рашаан сувилал хүртэлх унаа пүрэв гариг
бүр Улиастайгаас явдаг бөгөөд нэг талдаа
10000 төгрөгийн зардалтай юм байна.
Харилцах утас: 99051478, 93036701
ХАСУ ХАНДГАЙТ ХУУРАЙ
РАШААН СУВИЛАЛ
Нийслэлээс 27 км зайд Хандгайтын аманд байрлана. Уг рашаан сувилал
нь хуурай рашаан хэрэглэж өвчнийг анагаадгаараа онцлогтой юм байна. Энэ нь Түвдийн
өндөрлөг ууланд ургадаг эмийн ургамлын найрлага бүхий ванн эмчилгээ аж. Энд мөн
халуун чулуун буюу бэгнүүрийн эмчилгээ хийдэг гэнэ. Эдгээр эмчилгээ нь ядаргаа болон
хордлого тайлах, бодисын солилцоо сайжруулах үйлчилгээ үзүүлдэг байна.
Харилцах утас: 99027314, 99096938
Өнөө жил зуу гаруй сум 90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. Мөн таван аймагт даншиг наадам болж өнгөрсөн. Дээрх ойн баяр наадмуудаар улсын цолтой бөхчүүдийн хэтэвчийг зузаалж, ард түмний сэтгэлийг гонсойлгосон барилдаанууд болж өнгөрч байна. Түүхт 90 жилийнхээ ойн баярыг тэмдэглэж байгаа зуу гаруй сумын наадамд улсын цолтой бөхчүүд барилдахаар данайтал яваад очицгоосон байна. Зурагтаар барилдааныг нь харж шимтдэг бөхчүүд ойн баяр наадамд ирж барилдаж байгаад сумын иргэд “Бөхийн өргөөнд болдог гал гарч, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн барилдаан сумын наадмын талбай дээр болох нь” гээд хөөрч баярласан нь олон гэнэ. Гэтэл барилдахаараа яахаас ч буцахгүй зүрх зоригтой, уран барилдаант улсын начин, харцага, заан, гарьд цолтой бөхчүүд залуу бөхчдүүдэд өвдөг шороодох болжээ. Сумдын ойн баяр наадмын бөхийн барилдааны “найраа”-ны талаар манай сонины редакци руу хөдөө орон нутгийнхан холбогдож мэдээлэл өгч байна. Бүр нэр ус, хэдэн төгрөг өгч, авалцсан талаар, бэлтгэл сургуулилт хийж байгаагүй болов уу гэмээр наранд бие нь ч борлоогүй залуу бөх улсын цолтой бөхчүүдийг ээлж дараалан унагаад аав, ээжийнхээ сумын ойн бөхийн барилдаанд түрүүлж байгаа гэх иргэдийн мэдээлэл ар араасаа цуврах ажээ. Ингээд таван аймагт болсон даншиг наадмын бөхийн барилдаан хэрхэн болж өнгөрсөн талаарх мэдээллийг уншигч та бүхэнд хүргэж байна.
Д.РАГЧАА, Б.ГОНЧИГДАМБА НАР СУМЫН ЗААНУУДЫГ ДИЙЛЭХГҮЙ БОЛСОН УУ?
Өмнөговь аймаг өнөө жил Батмөнх даян хааны мэндэлсний 550 жил, аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн хүрээнд 512 бөх барилдуулжээ. Өмнөговь аймаг бусад аймгаас ялгарах онцлог нь уул уурхайн олон компани үйл ажиллагаа явуулж буй. Иймд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд даншиг наадамд хандив өгсөн байна. Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл даншиг наадамд зориулж их хэмжээний мөнгө босгож чаджээ. Харин даншиг наадамд мөнгө хандивласан уул уурхайн компаниуд нэрийнхээ өмнөөс босон барилддаг залуу бөхчүүдээ аймгийн цолонд хүргэхээр хоорондоо тэмцэлдэж эхэлсэн байна. Уг нь Өмнөговь аймгийн даншиг наадамд одоо ид барилдаж байгаа улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, заан Д.Баасандорж, Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, харцага Ө.Бат-Орших, начин Б.Чинзориг, Ш.Уламбаяр, Т.Энхтуяа, Ж.Отгонбаяр, Э.Энхбат, Л.Нямсүрэн, Л.Цэрэнтогтох, Л.Сумъяа зэрэг бөхчүүд барилджээ. Д.Рагчаа, Б.Гончигдамба, Б.Батмөнх, Ч.Санжаадамба, Ө.Бат-Орших зэрэг бөхчүүд заал танхимын барилдаанд төдийлөн сайн барилдаад байдаггүй аймгийн заан, начин, сумын заануудад унажээ. Шөвгийн дөрөвт аймгийн начин Л.Отгонбаяр Б.Гончигдамба гарьдыг давсан байна. Ингээд Өмнөговь аймагт болсон даншиг наадамд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат аймгийн заан П.Баярхүү түрүүлж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн начин Л.Отгонбаатар аймгийн заан цол хүртжээ. Мөн Өмнөговь аймгийн Баяндалай сумын харяат сумын заан Төгсдөлгөөн, Ноён сумын Б.Хэрлэн, Дундговийн сумын заан С.Дашдондов нар улсын цолтой бөхчүүдээр тав даван аймгийн начин цол хүртжээ. Тавын давааны ам авах үед улсын цолтой бөхчүүд асар дотор муудалцаж “Би тэрийг начин болгоно. Чи тэрийг амлан авч болохгүй” гээд хэрүүл маргаан болсон гэнэ. Бөхчүүдийн амлан авсан байдлаас болж сумын заан залуус “Та намайг цол ахиулна гэсэн биз дээ. Би мөнгөө авмаар байна” гэж орж ирээд улсын цолтнууд нь сандралдаж гүйлдсэн гэнэ. Бөхчүүдийн энэ маргаанаас болж наадмын үйл ажиллагаа тасалдсан талаар наадамчин олон гомдолтой байна. Өмнөговь аймгийн даншиг наадмын бөхийн барилдааныг үзсэн иргэд “Эдийн засгийн хямралд орчихоод байна гэсэн, бэлэн мөнгө нь сумын заануудад байсан байна. Эдийн засгийн хямралд хамгийн их өртсөн хүмүүс нь улсын цолтнууд юм байна” зэрэг яриа гарчээ.
ХӨВСГӨЛИЙН ДАНШИГ ХЭРҮҮЛ МАРГААНААР ӨНДӨРЛӨВ
Хөвсгөл аймгийн 83 жил, Жалханц хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 140 жил, “Хотгойдын хурд 3” хангайн бүсийн даншиг наадамд мөн л 512 хүчтэн зодогложээ. Арслан Х.Мөнбаатар, харцага Г.Элбэг, Ц.Содномдорж, Г.Ганхуяг, начин Б.Бадрал, У.Балжинням тэргүүтэй бөхчүүд барилдсан байна. Хөвс¬гөл аймгийн даншиг наад¬мын долоогийн даваанаас эхлэн хэрүүл маргаан гарч наадамчин олон үймэлдэж эхэлжээ. Долоогийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн начин Б.Даваа-Очирт өвдөг шороодов. Харин улсын харцага Ц.Содномдорж Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн начин Д.Ууганбаярт унав. Үүнээс үүдэн наадамчин олны дунд үймээн үүсэх үед аймгийн начин Д.Ууганбаяр аймгийн арслан Н.Ганхуягтай барилдах үедээ буруу халж хориглосон мэх хийж эхэлсэн байна. Үүнийг харсан бөхийн хөлийн цэц харцага Г.Элбэг Д.Ууганбаярт сануулга өгөх үед харцага Ц.Содномдорж өмөөрч хэрүүл маргаан үүссэн байна. Наадамчин олны хэлж буйгаар Ц.Содномдорж Д.Ууганбаярыг нутгийнхаа наадам түрүүлүүлэх гээд харин Хөвсгөл аймгийн бөхчүүд шинэ аймгийн арслантай болох гээд маргажээ. Ингээд наадамчин олон Ц.Содномдорж харцага руу дайрч “Ална. Эндээс зайл” хэмээн хэл амаар доромжилж зодох дээрээ тулжээ. Хамгаалалтад ажиллаж байсан цагдаа нар Ц.Содномдоржийг “Танаас болж үймээн дэгдээд байна. Та эндээс яв” гэсэн байна. Ингэж бужигнаан намдаж Цагаан-Үүр сумын харьяат аймгийн заан Н.Баттүвшин түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Мөн найман сумын заан улсын цолтой найман бөхөөр тав даван аймгийн начин цол хүртжээ.
БАЯНХОНГОР АЙМГИЙН ДАНШИГ МАРГААНГҮЙ БОЛЖЭЭ
Баянхонгор аймагт зохиогдож буй Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 375 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдсанаас Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат улсын начин Дугардоржийн Батбаяр түрүүлж, Ламын гэгээний нутгийн хүү, Бууцагаан сумын харьяат улсын начин Жаргалсайханы Чулуунбат үзүүрлэв.
Их шөвөгт Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат улсын начин Саруултуяагийн Багахүү, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү нар үлдлээ. Б.Эрдэнэхүү аймгийн арслан Н.Золбоотой тунаж давснаар их шөвөгт үлдсэн юм. Дунд шөвөгт улсын харцага Д.Батболд, улсын харцага Ж.Амартүвшин, улсын начин Л.Гантулга, аймгийн арслан Н.Золбоо нар шалгарсан байна. Баянхонгор аймгийн даншиг наадам аймгийн заан, начин цолтныг төрүүлсэн ч ямар нэгэн маргаангүй болжээ.
АВАРГУУД “НАЙРАА”-НД ОРЖ ТАХИМАА ӨГСӨН ҮҮ?
Монгол Улсын Тусгаар тогтнол, газар шорооны төлөө тууштай тэмцэгч, Ойрад Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн Галдан Бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, “Баруун бүсийн хурд” хурдан морьдын уралдаан даншиг наадам Ховд аймагт болж өнгөрсөн. Энэхүү түүхт баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дархан аварга, А.Сүхбат, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр тэргүүтэй бөхчүүд барилдсан. Баруун бүсийн даншиг наадмын бөхийн тавын даваанд дархан аварга А.Сүхбат харцага Т.Амартүвшинд өвдөг шороодож, С.Мөнхбат аварга аймгийн заан Д.Бадамгаравт, аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан О.Хангайд унасан нь Ховд аймгийнхан “найраа” хийлээ хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Үүнийг ч үнэний ортой гэж ярих хүмүүс олон байна.
Э.БААТАР
Хавдар судлалын үндэсний төв нь “Хавдар судлалын тулгамдсан асуудал-Нойр булчирхайн хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт олон улсын симпозиумыг ирэх сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Бүтээлийн хураангуйг зөвхөн дээрх сэдвээр хязгаарлахгүйгээр ямар ч төрлийн хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр хүргүүлэх боломжтой аж. Бүтээлийн хураангуйг ирэх сарын 1-ний өдөр хүртэл Хавдар судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалтын албанд хүлээн авах юм байна.