Categories
мэдээ нийгэм

”Макс”-ын ах дүүс Говь-Алтайд наадам хийхээр болжээ

Моринд дуртай “Макс” группын захирлууд буюу Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нар анхны тод манлай уяач ах дүүс гэдгээрээ ялгардаг. Тэд олон жил морь уяж байгаа бөгөөд Асгат саарал, Жигүүр хул, Том сарт хүрэн зэрэг олон алдартай хүлгүүдийн эзэд юм.

Тод манлай уяач цолыг Д.Ганбаатар 2009 онд, Д.Цэрэнжигмэд 2012 онд тус тус хүртэж байв. Тэгвэл уяач ах дүүс тод манлай уяач цолны хүндэтгэлийн наадам зохион байгуулахаар болжээ.

Тэдний хүндэтгэлийн наадам энэ сарын 9-нд Говь-Алтай аймгийн наадмын талбайд болох ба хурдан морь, хүчит бөхийн барилдаан, халх сурын харваа гэсэн гурван төрлөөр явагдана хэмээн зар тараажээ. Ийнхүү нэгэнтээ Азийн баячуудаар нэрлэгдсэн ах дүүс өөрсдөө наадам зохион байгуулахаар болж, бай шагнал нь ч өндөр байгаа сурагтай. 

Categories
мэдээ нийгэм

Эрээний үйлдвэрүүд зогссоноос цементийн үнэ өсчээ

Валютын ханш өсөх тусам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ
нэмэгдэж буй. Бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед гол
түүхий эд болох цементийн үнэ ч дагаад өслөө.

Валютын ханш өдрөөр биш цагаар өсөж байна. Импортын цементийн үнийн
75 хувийг валютаар төлдөг. Тиймээс валютын ханшаас шууд хамааралтай.

Ялангуяа, наадмын өдрүүдэд тонн цементийн үнэ 200.000 төгрөгт дөхсөн
нь энэ жилийн дээд рекорд байв. Барилгын материалын захуудад зарж буй
цементийн жижиглэнгийн үнэ 10.000-13.000 төгрөг болсон. Баярын өмнөхөн
7500-9000 төгрөг байснаа гэнэт ингэж нэмэгдсэнийг худалдаа эрхлэгчид
бүтээн байгуулалтын улирал эхэлж, эрэлт нэмэгдсэн болон валютын ханшийн
өсөлттэй холбон тайлбарлаж байв.

Сүүлийн долоо хоногт энэ үнэ тодорхой хэмжээгээр буурсан ч цаашид
нэмэгдэх хандлагатай байна гэж худалдаа эрхлэгчид хэлсэн. Ингэж гаднын
хүчин зүйлээс болж тогтворгүй байдаг үнийг бууруулах хамгийн зөв гарц нь
үндэсний үйлдвэрлэл.

Өнөөгийн нөхцөлийг өөрчилж, импортоос хамааралтай үнээс 2015 онд
сална гэж тооцоолж буй тухай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
хэлнэ лээ. Тэрбээр “Манай улс жилд нэг сая тонныг үйлдвэрлэх чадалтай
цементийн үйлдвэртэй боллоо. Дараагийнх нь хоёр ч үйлдвэрийн эх
үүсвэрийг шийдлээ. Иймээс бид 2015 оноос импортоор цемент авахаа болино”
гэсэн. Үнийн өсөлт юунаас шалтгаалав, цаашид хэрхэх талаар төрийн болон
төрийн бус байгууллагын байр суурийг сонирхлоо. Мөн энэ өсөлт барилгын
компанид ямар дарамт учруулж буйг тодруулсан юм.

ДОТООДЫН НИЙЛҮҮЛЭГЧИД ОЛШИРВОЛ ҮНЭ ТОГТВОРЖИНО

Б.Цэдэнсамба (Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга):

 -Импортолсон нэг тн цементийн үнэ өдгөө 200.000 орчим төгрөг байна.
Эх орны үйлдвэрийнх 170.000 орчим төгрөг. Зах зээлд импортын цемент
голлож байгаа. Манай улсын аж ахуйн нэгжүүдийн цементийн хэрэглээ жилээс
жилд өсөж, дунджаар 2-3.5 сая тн цемент хэрэглэж байна. Эрэлт байгаа
тул импортоор цемент авахаас өөр аргагүй. Валютын ханш өссөнтэй
холбоотойгоор энэ төрлийн бизнес эрхлэгчид үнээ зориуд нэмсэн. Бодит
байдалд одоогийнхоос арай хямд байх боломж бий. БНХАУ-ын үйлдвэрүүд
цементийн үнээ тодорхой хэмжээгээр өсгөсөн сураг бий. Одоогоор сайн
судлаагүй байна.

Засгийн газар өнгөрсөн жил үнэ тогтворжуулах хөтөлбөр гаргаж,
цементийн үнийг тогтоон барьсан. Үүний дүнд өнгөрсөн оны мөн үед тн
цементийн үнэ 145.000 төгрөг байлаа. “Бараа бүтээгдэхүүний үнийг зах
зээлийнх нь жамаар байлгахгүй, хүчээр барилаа” гэхээс эхлээд үнэ
тогтворжуулах хөтөлбөр нэлээд шүүмжлэлд өртсөн тул энэ жил хэрэгжүүлэхээ
больсон. Үүнээс шалтгаалан цементийн үнэ зах зээлийнхээ жамаар өсөж
байна. Хөтөлбөр хэрэгжүүлэхийн оронд дотоодын цементийн үйлдвэрээ дэмжих
шийдвэр гаргасан. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг ашиглалтад
оруулсан. Тус үйлдвэр манай улсын цементийн хэрэглээний 50 хувийг
нийлүүлэх боломжтой. МАК компани үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал ирэх
оноос дотоодын цементээр улсынхаа хэрэгцээг бүрэн хангаж, үнэ тогтворжих
боломж бүрдэх юм. Тиймээс үнэд онцгой анхаарал тавилгүй, дотоодын
нийлүүлэгчдийнхээ тоог нэмэх зорилт тавьж, эргэлтийн хөрөнгийн зээл
олгоно. Дотоодын нийлүүлэгчид олширвол үнэ аяндаа тогтоно.

ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨСӨЛТИЙГ ДАГААД ЦЕМЕНТИЙН ҮНЭ ХЭД Ч БОЛЖ МАГАДГҮЙ

Б.Баатар (Монголын цементийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга):
-Валютын ханшийн өсөлт цементийн үнэ өсөх шалтгаан болж байна. Мөн урд
хөршийн үйлдвэрүүд зогссон нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. БНХАУ-аас
цемент оруулж ирж буй хүмүүс бүгд Эрээн хотын “Тайго”, “Мэнго”, “Тунхуй”
гэх гурван үйлдвэрээс авдаг. Энэ гурван үйлдвэр өнгөрсөн зургадугаар
сарын дундуур үйл ажиллагаагаа тав хоног зогсоож, цемент ховордон, үнэ
нь нэмэгдэн, тн нь 195.000 төгрөг болсон. Үйлдвэрүүд буцаад ажиллахдаа
цементийнхээ үнийг нэмлээ. Мөн тухайн үед цемент ховордож, өдөрт долоон
вагон ирж байсан.

Одоо 40-50 вагоноор оруулж ирдэг болж, үүнийг дагаад үнэ бууран тн нь
175.000 төгрөг боллоо. Энэ жишгээр цементийн үнэ наймдугаар сарын дунд
үе хүртэл бага зэрэг буурч, тогтвортой байна. Учир нь иргэд найр наадам
гэж яваад, наймдугаар сарын дундаас бүтээн байгуулалтын ажлаа эхэлдэг.
Энэ үеэс цементийн үнэ дахиад нэмэгдэнэ. Валютын ханш өдрөөр биш цагаар
өсөж байна. Импортын цементийн үнийн 75 хувийг валютаар төлдөг. Тиймээс
валютын ханшаас шууд хамааралтай. Ханшийн өсөлтийн хязгаар хэд болохыг
бид мэдэхгүй учир цементийн үнэ хэд ч болж магадгүй.

ҮНИЙН ӨСӨЛТ БАРИЛГЫН ҮНЭД НӨЛӨӨЛНӨ

Э.Өсөхболд (“Өндөр буянт” компанийн хангамжийн инженер)
-Эдийн засгийн хямралын энэ үед цементийн үнэ нэмэгдэх нь нэлээд дарамт
болох нь мэдээжийн хэрэг. Бэлэн мөнгөөр бус бартераар л худалдаа хийж
байна. Ганц манайд бус салбарын хэмжээнд ийм байдалтай байгаа.

Манайхны цемент авдаг Эрээн хотын үйлдвэрүүдийг БНХАУ-ын мэргэжлийн
хяналтын байгууллага шалгаад чанарт нь асуудал гарсан учир хэд хоног
хаасан юм билээ. Энэ үед манайхан Эрээнээс хол газраас цемент авахад
тээврийн зардал нь өндөр гарсан тул үнээ нэмсэн гэсэн. Холбогдох
байгууллагууд нь хэрхэн бууруулах тал дээр анхаарлаа хандуулахгүй бол
энэ маягаараа байвал барилгын үнэд нөлөөлнө.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны яамны баруун урд уулзварыг хаалаа

Сүхбаатар дүүрэг, I хороо Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас I эмнэлэг хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил долдугаар сард эхэлсэн.

Тус ажлын гүйцэтгэгчээр “Ди Вай Кэй Би” ХХК шалгарсан бөгөөд замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны баруун урд талын авто замын уулзвараас Улсын I төв эмнэлэг хүртэл хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр оройн 23.00-аас хаасан бөгөөд  наймдугаар сарын 16-н хүртэл үргэлжлэх юм.

Энэ хугацаанд 141 м газарт дулааны шугамыг шинэчлэн солиж, хучилтын хавтан хүчитгэх ажлыг хийх аж. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа энэхүү замыг ирэх аравдугаар сарын 30-нд ашиглалтад өгөх гэрээтэй ажээ.

Categories
мэдээ нийгэм

ШХАБ-ын цэргийн сургуулилалт Өвөрмонголд болно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын зэвсэгт хүчнүүдийн цэргийн сургуулилалт энэ сарын 24-29-нд Өвөрмонголд зохион байгуулагдана.

БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Яньшэн өчигдөр мэдэгдэл хийхдээ “Энэ удаагйн “Энх тайвны үүрэг хариуцлага-2014” терроризмийн эсрэг нэгдсэн цэргийн сургуулилалтын бэлтгэл ажил бэлэн боллоо. Сургуулилалтад оролцох улс орнуудын армиуд хуурай зам, төмөр зам, агаарын замаар цугларна” гэжээ.

ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалах яамны 2014-2015 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд дурдсанаар цэргийн сургуулилалтад Казакстан, БНХАУ, Киргизстан, ОХУ, Тажикстаны зэвсэгт хүчин оролцно.

Тэд алан хядах ажиллагааг урьдчилан таслан зогсоох, террористуудад цохилт өгөх, онц чухал иргэний байгууламжуудыг хамгаалах гэм мэт сургуулилалтуудыг хийх аж. 

Categories
мэдээ нийгэм

Хурд хэтрүүлснээс болж онхолджээ

Хурд хэтрүүлснээс үүдэлтэй ослууд гарсаар байна. Яг одоо гэхэд долоон буудал руу явдаг замд УНИ 49-89 улсын дугаартай Приус маркийн автомашин осолдоод байна. Уг машин төмөр хашаа мөргөн  онхолдож дээшээ харжээ. Холбогдох албаныхан хурд хэтрүүлэхгүй, дүрмээ барьж явахыг зөвлөж байна. 

Б.Нямдорж

Categories
мэдээ нийгэм

Ийм газруудад цахилгаан хязгаарлаж байна

Өвөлжилтийн
бэлтгэлийг хангахтай холбоотойгоор эрчим хүчний салбарын хэмжээнд урсгал завсар
хийж байгаа учраас өнөөдөр дараах газруудад цахилгааныг түр хязгаарлажээ.

Баянзүрх
дүүрэг

10:00-18:00 цагийн хооронд:  1, 2, 7-р хороо 15-р хороолол Доржийн 18-2,
16, 30-р байр орчмоор, КТМС, Эрүүл мэндийн 10-р төв, Билгүүн трейд ХХК

Сонгино-хайрхан  дүүрэг
10:00-18:00 цагийн хооронд: 22-р хороо Баянголын ам, Хилчиний 29-34, Толгойтын
77-89-р гудамж
10:30-11:00, 11:30-12:00 цагийн хооронд: 18-р хороо Драгоны арын хэсгээр
/сөөлжиж тасарна/

Төв аймаг  
09.30-17.00 цагийн хооронд: Баян, Баянцагаан, Баянжаргалан сумын бүх хэрэглэгч,
Жоншны уурхай, Ноён Гари, Рео Геологи Гучин-Ус, Хүдрийн уурхай орчмоор.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн өмгөөлөгчид АТГ-ыг хууль бусаар ажилласан гэв

АТГ-аас өнгөрсөн долдугаар сарын 29-ний орой Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг гурван залуугийн хамт баривчлан Төв аймгийн урьдчилан хориход хоёр сарын хугацаатайгаар саатуулаад байгаа. Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, Ц.Баасандорж, А.Зүмбэрэл (Төмөрбаатарын өмгөөлөгч), Ц.Шаравнямбуу (Мөнгөнтуяа, Даваахүү нарын өмгөөлөгч) нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Өмгөөлөгчид Л.Гансүх нарыг үндэслэлгүйгээр цагдан хорьсон гэж үзэж байгаа юм. Тэд “Үйлчлүүлэгчтэй уулзах эрхийг хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн өмгөөлүүлэх, өмгөөлөх эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн” хэмээн мэдэгдэв. Л.Гансүхийг хоригдсоны дараахан өмгөөлөгч Л.Цэндсүрэн үйлчлүүлэгчтэйгээ уулзахаар очсон ч Төв аймгийн хорих ангийн удирдлагууд АТГ-аас уулзах зөвшөөрлийн бичиг заавал авчир гээд уулзуулаагүй аж. Л.Цэндсүрэн “Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан хийхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа хэмээн хэвлэлээр худлаа мэдээлэл өгөөд байна.  Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүүлэхдээ нэг ч төгрөг төсвөөс гаргаагүй. Мөн  “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөтөлбөрт Засгийн газар гарын үсэг зурснаас Л.Гансүх гэдэг хүн ямарч шийдвэр гаргах эрхгүй.  Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан болохоос ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргах эрх мэдэл энэ хүнд байгаагүй. Мөн нэг тонн 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллынхон 80 мянган төгрөгөөр авсан.  Гэр хорооллынхонд дор хаяж 120 мянган төгрөгийн хямдралтай нүүрс олгох ажлыг хариуцаж ажилласных нь ингэж хэлмэгдүүлж болохгүй” гэж ярив. АТГ-аас явуулж байгаа үйл ажиллагаа Засгийн газрын бодлогыг харлуулах гэсэн улс төрийн хэсэг бүлэг хүмүүсийн явуулга гэж үзэж байгаагаа ч өмгөөлөгчид нуусангүй. 

Categories
мэдээ нийгэм

Г.Буяндоржид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх дээр хоёр өдрийн турш хэлэлцсэний эцэст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Нийслэлийн прокурорын газраас Г.Буяндоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Тахарын офицерууд тангараг өргөлөө

Тахарын алба хуульд заасны дагуу  албаны тугийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс Тахарын албаны дарга Ц.Азбаяр хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.  Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа эхэлсэн 8 тойргийн нийт 160 орчим төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэх хууль сахиулагчид нэгэн зэрэг Төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөн цол, үнэмлэх, албаны тэмдэгээ хүлээн авсан юм.  Ийнхүү Тахарын офицерүүд хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлэх эрх нь нээгдэж байна. 

Categories
мэдээ нийгэм

Монгол банк Х.Тэмүүжинд талархав

УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд Монголбанк талархал ирүүлжээ. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/ чуулганаараа Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдлуудаа зассан хэмээн үзэж өөрийн хяналтаас гаргах болсноо албан ёсоор Монголбанканд мэдэгдсэн байна. Олон улсад ийнхүү үнэлэгдэхэд Хууль зүйн яам, түүний удирдлага ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хэмээн төв банкны удирдлагууд үзсэн байна.