Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааны авлага 209.5 сая ам.доллараар өсчээ

Монголбанк 2014 оны эхний зургаан сарын төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг гаргалаа.   Урсгал тэнцэл 603.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 62 хувиар буюу 1,004.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд  барааны гадаад худалдааны дансны алдагдал 113 хувиар буурч 86.0 сая ам.долларын ашигтай гарч, үйлчилгээний худалдааны алдагдал 11 хувиар буурч 649.8 сая ам.долларт, орлогын дансны алдагдал 51 хувиар буурч 143.4 сая ам.долларт, урсгал шилжүүлгийн ашиг 81 хувиар өсч 103.5 сая ам.долларт тус тус хүрсэн нь нөлөөлжээ.

Хөрөнгө, санхүүгийн тэнцэл 29.8 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 97 хувиар буюу 884.9 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг 70 хувиар буюу 873.2 сая ам.доллараар багасч, бусад хөрөнгө оруулалтын дансны алдагдал 129 хувиар буюу 465.5 сая ам.доллараар өссөнөөр тайлбарлагдаж байна. 

Бусад хөрөнгө оруулалтын алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ийнхүү өсөхөд аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаад худалдааны авлага 209.5 сая ам.доллараар өсч, гадаад зээл цэвэр дүнгээр 187.3 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. 

Categories
мэдээ нийгэм

Түгжрэлтэй бүсэд оршин суугчдаас судалгаа авна

Улаанбаатар
хотын ерөнхий менежер өнөөдөр дараах шуурхайн үүргийг өглөө. 

  1. Улаанбаатар хотын түгжрэлтэй бүсэд оршин суугч иргэдийн авто
тээврийн хэрэгслийн дугаар, хаяг байршлын судалгааг наймдугаар сарын 7-ны дотор
гаргаж Нийслэлийн тээврийн газарт хүргүүлэх. /ЧД, СБД, БЗД-үүдийн ЗДТГ/

2. 2014-2015 оны өвөлжилтын бэлтгэл ажлын явцын тайлан мэдээг
2014 оны 08 дугаар сарын 15-ны дотор Захирагчийн ажлын албаны ИБХ-т
ирүүлэх. /Дүүргүүдийн ЗДТГ, Харьяа газар /

3. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2014 оны А/133 дугаар
“Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангуулж
ажиллах.     /Дүүргүүдийн ЗДТГ/

4. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/648 дугаар “Хог хаягдлын
зориулалтын уут тараах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн хэрэгжилтийг
хангуулж ажиллах,

  • хог хаягдлын зориулалтын уутыг
    тараах зохион байгуулалтын схемийн дагуу бэлтгэл ажлыг зохион байгуулах,
  • хороо, СӨХ, худалдаа, үйлчилгээ
    эрхлэгчид, супермаркет, ус түгээх байруудаар дамжуулан уутыг тараах ажлыг
    09-р сарын сарын 01-нээс эхлүүлэх. /Дүүргүүдийн ЗДТГ, Ус сувгийн
    удирдах
    газар/

 

5. Дүүргийн өмчид бүртгэлтэй усан оргилуур болон байгууллага,
аж ахуйн нэгжүүдийн усан оргилууруудын хэвийн үйл ажиллагааг хангуулах, 
хяналт тавих талаар зохион байгуулсан ажлынхаа тайланг 2014 оны 09 дүгээр сарын
01-ний өдрийн дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ТХХУХ-т 
албан бичгээр ирүүлэх.

Жич: Зохион байгуулсан ажлын талаарх нэгдсэн тайланг Улаанбаатар
хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, холбогдох арга хэмжээ
авна.  

     

Categories
мэдээ нийгэм

Геологичийг хайх эрэл үргэлжилж байна

Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд Идрэнгийн нурууны орчимд Ашигт малтмалын газрын гурван ажилтан энэ сарын 24-нд төөрч, хоёр хүн нь олдож нэг ажилтан нь ор сураггүй болсон. Эрлийн багийнхан АМГ-ын геологчийг олоогүй байгаа аж. Эрэл үргэлжилж байгаа юм байна.  Өчигдөр геологичийн мөр болон зарим хувцсыг олсон боловч эрэлд дөхөм болоогүй гэнэ. Машиных нь гурван дугуй хагарах үед нэг мэргэжилтэн нь GPS буюу байрлал тогтоогч аван “Шинэжинст ойрхон байна” гээд түрүүлж алхаад холбоо тасарчээ.  

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаан Булган аймагт болж байна

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөө өглөө 10.00 цагаас эхэлсэн хуралдаанаар арав шахам асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Аймгуудыг Улаанбаатар хоттой холбох авто замын ажлын явц ямар шатанд байгаа талаар мэдээлэл сонсох аж. Мөн “Шинэ сумын төв” төслийн хэрэгжилт, дулаан хангамжийг хэрхэн шийдэж байгаа, хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар хэлэлцэнэ. Үүнээс гадна Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэхээр болжээ. Засгийн газрын хуралдаанд бүх сайдууд оролцож байна. 

Categories
гадаад мэдээ

Филадельфид буудалцаан болжээ

АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфи хотод буудалцаан болж нэг хүн амиа алдаж хоёр хүн шархадсан байна. Цагдаагийн газраас мэдээлсэнээр гурван үл таних этгээд гал нээсэн бөгөөд тэднийг хууль сахиулах байгууллагынхан хайж байгаа гэнэ. 

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

Хүндэтгэлийн чуулган энэ сарын 20-нд болно

Наймдугаар сарын 20-нд УИХ-ын хүндэтгэлийн чуулган болох юм байна.  БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлахтай холбоотойгоор хүндэтгэлийн чуулган зарлах гэнэ. Одоогоор УИХ-ын даргын ээлжийн амралт дуусаагүй тул хүндэтгэлийн чуулган зарлах захирамж гараагүй байгаа аж. Спикер ирэх долоо хоногт ажилдаа ороод албан ёсоор захирамж гаргах бололтой. Хүндэтгэлийн чуулганы дараа ээлжит бус чуулган хуралдана гэсэн мэдээлэл ч байна.  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ухаалаг эзэнтэй редакци л төрд дээрэмдүүлсэн иргэдээ өмөөрдөг

Сүүлийн үед төр хувийн хөрөнгийг дээрэмдэхдээ “уучлаарай” ч гэхгүйгээр иргэдийнхээ эрхэнд халддаг болж. Жишээ татвал өчнөөн баримт жагсаах хэрэг гарна. Саяхны жишээ гэхэд л өнгөрсөн хавар хэд хэдэн ТҮЦ-ийг  эвдэлж нураагаад хамаг барааг нь гаргаад шидэлж байв. Гэртээ амраад өглөө ирэхэд нь хамаг юмыг нь сүйдлээд хаяхдаа манай төр харин ч нэг гаршсан даа. Зүй нь эзнийг нь байхад хэл үгээ ололцоод асуудлыг нэг тийш нь шийдэх учиртай. Хөрөнгөө гаргаж барьсан ТҮЦ-ийн чинь мөнгийг өгье, үлдсэн барааг чинь худалдаж авъя гэдэг ч юм уу, заавал дээрэмчин царайлахгүйгээр асуудлыг шийдэх түмэн гарц төрд бий. Бидний үлгэрлэн дуурайх дуртай, бидэн шиг чөлөөт зах зээлийн эдийн засагтай, бидэн шиг ардчилсан засаглалтай  Америк, Германд лав төр нь ийм дээрэмчин авир гаргадаггүй.   

Яг ийм хүнд бэрх үед нь иргэдэд хэн тусалдаг вэ? Үнэнийг хэлэхэд ганцхан хэвлэл мэдээллийн хэрэгсэл л тус болдог. Саяхан твиттерт бичсэн байна лээ. “Төр хувийн хөрөнгийг дээрэмдэх үед  хэн ч танк хөдөлгөж эсэргүүцэхгүй, ард түмэн өмөөрөхгүй, хэвлэл мэдээлэл л тус болдог” гэж. Гэхдээ яг ийм үед хэвлэл бүхэн тус хүргэж чаддаггүй. Хэвлэлийн эзэн нь өөрөө хөрөнгө мөнгөтэй, зах зээлийн жамыг бие сэтгэл, амьдралын түүхээрээ мэдэрсэн  ухаалаг хүн байвал тэр редакци төр хувийн хэвшлийг луйвардах явдлыг тууштайгаар эсэргүүцдэг. “Энэ муу баячууд” гэж хөрөнгөтэй  хүмүүсийг адлах сэтгэлгээгүй, ямар ч хүнийг хөрөнгө мөнгөөр нь ялгаж үздэггүй эзэнтэй редакци л хувийнханд тусалдаг. Харин ард түмэн бол өөр. Хувийнхны хөрөнгийг хураахад “Муусайн баячуудыг тэгж байвал таарна, хохь нь” гэцгээдэг. Ингэж ид бахаа хангаж байхдаа хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь хөрөнгө рүү төрийн дээрэм орох вий гэж болгоомжилдоггүй. Өнөөдөр Батын хөрөнгө рүү дайрсан төр маргааш Дондогийн хөрөнгө рүү дайрахыг үгүйсгэх аргагүй тийм л хандлага сүүлийн үед газар аваад байна. Ердөө сар гаруйн өмнө манай сонинд “Хүрз шороо даахгүй ганц бие хөгшин хаашаа ч нүүх юм билээ” гэсэн гарчигтай сурвалжлага нийтлэгдсэнийг  уншигчид маань санаж байгаа байх. Чингэлтэй дүүрэгт хашаа, байшиндаа аж төрж суусан ганц бие хөгшин нүүхгүй гэж хэлснийхээ төлөө төрийн дарамтанд орсноо манай сурвалжлагчид ярьж байв. Төр ямар ч мөнгө төлөхгүйгээр цэцэрлэг барина гэж хашаа руу нь дайрсан, элдэв хүмүүс явуулж дарамтлуулсан гэх өвгөний яриатай сонины хуудас шарлаж ч амжаагүй байна. Насны эцэст ганцаараа амьдарч яваа хөгшинд нэг өрөө байрны түлхүүр гардуулаад газрыг нь авна гэсэн бол төр дээрэмчин гэж хэлүүлэхгүй байлаа. 

Ер нь ухаалаг эзэдтэй хэвлэлийн редакци л “Өнөөдөр энэ хүний хөрөнгийг хураалаа, маргааш таны хөрөнгийг хураах магадлал өндөр байна шүү” гэж сануулж эхнээс нь эцсийг нь хүртэл тууштай мэдээлдэг.  

 Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол мэргэшсэн байгууллага. Өөрийн гэсэн орон зай, өөрийн гэсэн уншигч, мэргэшсэн хамт олонтой мэргэжлийн байгууллага. Ямар ч үйл явдлыг мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээ, мэргэжлийн ур чадвар гээд ер мэргэжлийн өндөр  түвшинд олон нийтэд хүргэдэг. Иргэдээ тэр энэ гэж ялгалгүйгээр ядарсан цагт нь, төрийг зах зээлийн хэм хэмжээнээс хэтэрсэн үйлдэл гаргаж иргэнээ дээрэмдэх үед нь  олонд үнэн бодитоор мэдээлж, өмгөөлж, эрх ашгийг нь хамгаалах бол хэвлэл мэдээллийн оршин тогтнох  үндэс. Саяхан гэхэд л шог зураач С.Цогтбаяр тэргүүтэй өчнөөн хүний гарааш руу  төр халдаж эвдэж сүйтгэснийг манай сонин газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн. Энэ удаа тоглоомын талбай, цэцэрлэг сургууль гэсэн нийгэмд хэрэгтэй объект биш, хэн нэгэн эрхэмд үйлчилгээний газар барих боломжийг нь олгох гэж төр нь иргэдийнхээ өмч рүү дур мэдэн бүдүүлгээр халдсан. Үүгээрээ өмнөх жишээнүүдээс ялгаатай. Уг нь “дахиад өөр газар гарааш худалдаад авчих, тэр мөнгийг чинь өгье ч” гэдэг юм уу, ядаж л гарааш барьсан зардлыг нь нөхөн олгочихсон бол төр дээрэмчин шиг харагдахгүй байв. Төр нь дээрэмдэж, иргэд нь хохирч буй иймэрхүү үйл явдлыг ганц удаа сурвалжлаад орхихгүй, дахин дахин дуугармаар л байгаа юм. Учир нь зах зээлийн жамыг сонгосон энэ нийгэмд иргэдийнхээ өмчид халдахгүй байх нь  төрийн зайлшгүй хүлээх үүрэг билээ. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын банк орон сууцны ипотекийн зээл олгож байна гэв

Улаанбаатар хотын банкнаас орон сууцны зээл олгож байгаа талаараа мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Улаанбаатар хотын банк нь Монгол улсын Засгийн газар, Монгол банкнаас хэрэгжүүлж буй жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг өөрийн салбар, нэгжээрээ дамжуулан хэвийн хэмжээнд олгож байгаа. Гэтэл хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлээр тус банкийг жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн мэтээр үндэслэлгүй, ташаа мэдээ, мэдээлэл цацагдаж байгаад харамсаж байна.Тус банк нь цаашид харилцагч нарын эрэлт хэрэгцээнд нийцсэн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй, найдвартай, эрсдэлгүйгээр хүргэн ажиллах болно” гэжээ. 

Categories
гадаад мэдээ

Марсаас хүчилтөрөгч гаргаж авах гэнэ

NASA  буюу Америкийн сансар судлалын агентлаг нь Марс нэгэн ер бусын төхөөрөмжийг илгээхээр ажиллаж байна. Түүний тусламжтайгаар зургаан жилийн дараа Марсаас хүчилтөрөгч гаргаж авах гэнэ. “Марс 2020” төслийн хүрээнд хийгдэх ажлын тусламжтайгаар Марс гаригийн талаар олон зүйл тодорхой болох юм байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь хүн зодож танхайрлаа

Шинэчлэлийн засгийн газрын сайн ажиллаж байгаа Засаг дарга нарын нэг болох Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ажлын өрөөндөө төрийн бус байгууллагын хэд хэдэн хүнийг зодож танхайрсан байна. Энэ талаар зодуулсан иргэд нь гомдолтой байгаагаа мэдэгдэж хуулийн байгууллагад хандсанаа мэдэгдлээ. Түүнчлэн түүний өрөөндөө хэрхэн авирласан талаар зодуулсан иргэд мэдээлэл хийхээр болжээ.