Categories
мэдээ цаг-үе

М.Баасандорж: Зураг төслийг өөрчилж орон сууц барьж байсан “Нийслэл Өргөө”-г АТГ-т шалгуулна

-ОН ГАРСААР БАРИЛГЫН
ОСЛООР 11 ХҮН АМИА АЛДЖЭЭ-

Барилгын салбарын аюулгүй ажиллагааны талаар Нийслэлийн мэргэжлийн
хяналтын газрын дэд дарга М.Баасандоржтой ярилцлаа.

-Зуны
улиралд барилгын осол ихэсдэг. Энэ жил ч багагүй осол гарч байна. Ослын шалтгаан
нь юу байна вэ?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хянан шалгалтын ажлыг хоёр
үе шаттай хийсэн. Үүнээс гадна зөвлөн туслах, сургалт сурталчилгааны ажлыг цөөнгүй
хийлээ. Гэвч он гарсаар барилгын салбарт найман осол гарлаа. Нэг хүн хүнд гэмтэж,
11 хүн нас барсан харамсалтай тоо баримт байна. Эдгээрийн 50 хувийг барилга дээр
хаалт, хамгаалалт хийгээгүйн улмаас өндрөөс унасан осол эзэлж байна. 

Харин 37.5
хувь нь хөдөлмөрийн аулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаар сургалтын хөтөлбөр боловсруулж,
ажилтнуудад аюулгүй ажиллагааны мэдлэг олгоогүйгэс үүдсэн осол болж байна. Тухайлбал,
энэ оны нэгдүгээр сарын 3-нд Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг “Өндөрбуянт холдинг”
компанийн барьж байсан барилгын есдүгээр давхарт хөлдсөн паар гэсгээх үед секц задарснаас
хийн даралтад цохиулж нэг хүн нас барсан. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ нь хүчингүй,
гаг­нуурч­наар ажилд авсан хүнээр сантехникийн ажил гүйцэтгүүлж Хөдөлмөрийн тухай
хууль зөрчсөн байсан. Мөн гагнуурчин хүнийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулахдаа сургалтад
хамруулаагүй, ажлын анхан шатны зааварчилгаа өгч, шалгалт аваагүй зэрэг зөрчлөөс
үүдэж хүний амь хохирсон байна.

-Дараа
нь машин дээр барилгын төмөр унаж жолооч нь нас барсан. Бас хөдөлмөр, аюулгүй ажиллагааг
хангаагүй байсан уу?

-Чингэлтэй дүүргийн V хорооны нутагт өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны
өдөр “Макс-Өргөө” компанийн захиалгаар “Зун-Шин” компанийн барьж байгаа 22 давхар
барилга дээрээс дүүжин өргүүрийн бэхэлгээ төмөр салж, машин дээр унасан. Уг өргүүрийн
төмөр нь туслан гүйцэтгэгч “Мээж класс” компанийнх юм билээ. Ослын улмаас автомашины
жолооч газар дээрээ нас барж, дүүжин өргүүр дээр ажиллаж байсан ажилчин хамгаалалтын
бүсэн дээр тогтож, хөнгөн гэмтсэн. Энэ осол нь өргүүр өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн
бүрэн бүтэн байдлыг хангаагүй, мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж,
зохих зөвшөөрөл аваагүй. Мөн засвар, үйлчилгээ, тохируулгыг хугацаанд нь хийгээгүй
зэргээс болсон байна. Үүгээрээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай болон
Барилгын тухай хууль зөрчсөн.

-Энэ
бүгд үйлдвэрлэлийн осол уу. Эсвэл гэмт хэрэг гэж үзэх үү?

-Гэмт хэргийн шинжтэй байгаа бол цагдаагийн байгууллага шалгаад явна.
Тухайлбал саяхан “Нийслэл Өргөө” компанийн барьж байсан барилгаас гурван хүн унаж
амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

-“Нийслэл
Өргөө” компанийн тухайд хөдөлмөр хамгааллын наад захын шаардлага хангаагүй байсан
гэж байсан. Одоо ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Нийслэл Өргөө”
компанийн барьж байсан барилгын лифтний хонгилд хэв хашмал хийж байгаад гурван хүн
унаж амиа алдсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мэргэжлийн хяналтын
байгууллага мэргэжлийн талаасаа дүгнэлт гаргаж байна. Нэгдүгээрт, хөдөлмөр аюулгүй
ажиллагааны стандарт, шаардлага хангаагүй. Уг нь өндөрт ажиллах ажилчид хамгаалалтын
бүсээр хангагдаж, урьдчилан бэхлэгдсэн найдвартай бэхэлгээнээс хамгаалалтын бүсээ
бэхлэсэн байх шаардлагатай байдаг. Гэтэл хамгаалалтын бүс, бүсний бэхэлгээгүй байсан.
Мөн бороотой үед угсралтын ажил гүйцэтгэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, бороотойд
шаардлага хангаагүй тавцан дээр ажиллаж байжээ. Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг
хэрэглэсэн эсэх нь ч тодорхойгүй байна.

-Хөдөлмөр
хамгааллын аюулгүй ажиллагааг мөрдөөгүй нь тодорхой болсон юм байна. Ямар арга хэмжээ
авсан бэ?

-Мэргэжлийн хяналтын газар тухайн барилгын үйл ажиллагааг бүхэлд
нь хориглох шийдвэр гаргасан.

-Тэр
барилгын зориулалт нь цахим архивын барилга буюу офисс байсан бололтой юм. Гэтэл
орон сууцны барилга барьж байгаа гэх юм. Үүнд танай байгууллага хяналт тавьж байсан
уу?

-Яамны захиалгаар цахим архивын 10 давхар барилга барих зураг төсөл
хийлгэсэн байдаг. Гэтэл зургаан сарын дараа нэг блок нь архивын барилга, нөгөө блок
нь орон сууцны барилга байхаар зөвшөөрөл гаргуулчихсан байгаа юм. Энэ зөвшөөрлийг
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргаж өгсөн байна лээ. Ингэж барилгын
зураг төслийг дур мэдэн өөрчилсөн нь төрийн албан хаагчид нөлөөлсөн, албан тушаалаа
хэтрүүлэн ашигласан байж мэдэх асуудал. Барилгын зураг төслийг өөрчилсөн, магадгүй
улсын төсвийн хөрөнгөөр орон сууц барьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Тэнд орон
сууц барих ямар ч боломжгүй. Төрийн байгууллагын эзэмшиж байгаа газар, ойр хавьд
нь яамдууд байрладаг. Тиймээс ослоос гадна дур зоргоороо аашилж барилгын зураг төсөл
өөрчилсөн нөхдүүдийг шалгуулах асуудал яригдаж байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх
газарт энэ асуудлыг шалгуулна. Тэр үйлдэл нь тодорхой албан тушаалтнуудын үйлдэлтэй
холбоотой учраас АТГ руу материалыг нь шилжүүлж байгаа юм.

-Барилгын
зураг төслөө өөрчилсөн гэдгийг танай байцаагчид ослын дараа мэдсэн үү. Өмнө нь шалгалт
хийж, шаардлага хүргүүлж байв уу?

-Өнгөрсөн тавдугаар сард шалгалт хийж улсын байцаагчийн актаар үйл
ажиллагааг нь зогсоосон. Мөн улсын байцаагч хугацаатай үүрэг даалгавар өгч байсан.
Краныг нь зогсоочихсон байхад нууцаар ажиллуулсан. Харамсалтай нь “Нийслэл Өргөө”
компани шаардлага биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан.

-“Нийслэл
Өргөө” бол төсвийн хөрөнгөөр баригдсан цөөнгүй барилгын ажлын гүйцэтгэгчээр ажилласан.
Өмнө нь бас тус компанийн барьж байсан барилгаас хүн унаж амиа алдаж байсан. Удаа
дараа зөрчил гаргаад байхад арга хэмжээ авдаггүй юм болов уу?

-Манайхаас тухай үед нь шалгалт хийгээд Барилга, хот байгуулалтын
яам, Нийслэлийн Засаг даргад асуудал тавьж байсан. Тэр хэрэг өнөөдөр ямар шатанд
явж байгааг мэдэхгүй юм. Ямар ч байсан барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг нь
тодорхой хэмжээгээр хязгаарлах саналыг 2013 онд хүргүүлж байсан. Гэсэн хэдий ч барилгын
салбарт үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа.

-Барилгын
ажил хийж байгаа хүмүүс өөрсдөө хамгаалах хэрэгсэл, хувцас шаардаж авдаггүй. Өгөхөөр
өмсдөггүй гэж ярьдаг. Энэ бас ослын шалтгаан болж байна уу?

-Он гарсаар барилгын салбарт гарсан ослын 65 хувь нь хувь хүний зан
төлөв, буруу хэвшлээс үүдсэн байна. Харин 25 хувь нь удирдлага зохион байгуулалт,
төсөв санхүүгээс болсон гэдэг судалгаа гарсан.

-Тэгэхээр
барилгачдад мэдээлэл дутуу байгаа юм биш үү?

-Энэ асуудалд онцгой анхаарч ажилчдыг аль болохоор сургалтад хамруулахаар
ажиллаж байна. Өнгөрсөн хавар ажил олгогч 500 хүн хөдөлмөр, аюулгүй ажиллагааны
сургалт зохион байгууллаа. Зургадугаар сард “Автобустай сургалт” гээд том том компанийн
барилгын талбай дээр очиж нэг сарын хугацаатай сургалт зохион байгууллаа. Хэвлэл,
мэдээллийн хэрэгслүүд ч багагүй анхааруулж мэдээлдэг. Гэвч барилгын салбарын осол
буурахгүй байна. Ажил олгогч, ажилчид, иргэд гээд бүгд аюулгүй ажиллагааны талаар
хамтарч ажиллаж мэдээлэлтай баймаар байна. Баянгол дүүргийн Засаг дарга “Нөхөрлөл”
гэдэг ажил зохион байгуулаад хоёр, гурван хорооны барилгын ажил дээр туршилт хийсэн
байна. Үр дүнд нь Баянгол дүүргийн 12 дугаар хороонд барилгын ямар ч осол гараагүй.
Ингээд хамтраад ажиллавал үр дүнд хүрэх боломжтой.

-Мэргэжлийн
бус хүмүүс барилгын салбарт ажиллаж байгаа нь осолд нөлөөлөх юм уу?

-Сургалтын төвүүдийг цэгцлэхгүй бол осол буурахгүй байна. Түр сургалтын
чанар үнэхээр муу, зохион байгуулалтад орохгүй байна. Нэг бол Хөдөлмөрийн яам, эсвэл
Боловсрол шинжлэх ухааны яам дэргэдээ авах шаардлагатай. Сургалт зохион байгуулж
байгаа нэрийн дор шаардлага хангахгүй боловсон хүчин бэлтгэдэг. Нөгөөдүүл нь ажлын
байран дээр ирээд аюулгүй ажиллагааны наад захын мэдлэггүй байдаг. Краны дохиочны
сургалтад суугаад гэрчилгээтэй ирсэн хүн буруу дохиод аваар осол гаргадаг. Туслах
ажилчид сургалтад хамрагдсан хэрнээ өөрийгөө хамгаалах наад захын мэдлэггүй байдаг.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

“Мааз” хамтлаг: Бид дуулахаас гадна кино урлагийн салбарт амжилт гаргах болно

Сүүлийн үед хөнгөн, хөгжилтэй хэмнэлтэй дуугаараа олны танил болоод
буй “Мааз” хамтлагийн залуустай уулзаж ярилцлаа.

-Танай
хамтлаг саяхан шинэ дуу гаргасан гэж сонслоо. Үзэгчдэд хүрээд эхэлчихсэн байгаа
юу?

-Хоёрхон хоногийн өмнө үзэгчдийн хүртээл боллоо. “Candy Party” гээд
шинэ дуу маань “Youtube”-д тавигдчихсан байгааг фэнүүддээ дуулгахад таатай байна.

-“Би
дурламаар байна” дуу “Мааз” хамтлагийн анхны байх аа?

-Тийм. Ер нь царай муутай хүмүүс яагаад дуулж болохгүй гэж гэж бодоод
Төгсөө ахтай ярьж байгаад анхныхаа дууг бичсэн. Тэгээд ч бид нартай адил дурламаар,
дурлаж үзээгүй залуус зөндөө байгаа шүү дээ. Тэдний төлөөлөл болгож энэ дуугаа бүтээсэн.
“Би дурламаар байна” дуу залууст их таалагдсанд бид их баяртай байгаа.

-Хамтлаг
албан ёсоор хэзээ байгуулагдсан юм бэ. Одоо “Мааз” хамтлагийн гэх хичнээн уран бүтээлтэй
болоод байна вэ?

-Анх 2012 онд манай хамтлаг дөрвөн гишүүнтэйгээр байгуулагдсан. Манай
хамтлагийн эрчүүд багийн найзууд л даа. Тэгээд “Хэцүү анги” олон ангит кинонд хамт
жижигхэн ч гэсэн дүр бүтээсэн. Эндээс л бид хамтлаг байгуулъя гэсэн санаагаа олсон.
Одоо “Синдром”, “Би дурламаар байна”, “Сургууль минь баяртай”, “Би дурлачихжээ”
зэрэг нэлээд хэдэн дуутай болсон. Бас залуу уран бүтээлчидтэй хамтарч “Андринел”
гээд дуу гаргасан байгаа. Сая хамгийн сүүлд “Candy party” дуугаа өлгийдөж авлаа.

-Сүүлийн
үед охид, хөвгүүдийн олон хамтлаг уран бүтээл хийх болсон. Энэ дундаас та бүхэн
юугаараа онцгойрч олонд хүрэв…?

-Манай хамтлагийн хийж буй уран бүтээл ихэвчлэн хөгжилтэй, цоглог
талдаа байдаг. Энэ нь үзэгчдэд их таалагдсан болов уу. “Мааз” гэсэн хамтлагийн нэр
хүртэл инээд бэлэглэгч гэсэн утга агуулдаг шүү дээ. Тиймээс залуусын амьдралд тохиолддог
хөгтэй, хөгжилтэй явдлыг уран бүтээлээрээ тусгахыг зорьсон. Тэртээ тэргүй уянгын,
хайр харууслын талаар дуулдаг дуучид зөндөө л байгаа хойно нэг ч гэсэн хамтлаг хүмүүст
инээд хөөр, аз жаргал бэлэглэх нь зүйтэй гэж бодсон л доо. Тэр нь үзэгчдийг татсан
байх.

-Олонд
танигдсан нь уран бүтээлийн өнгө аясаас гадна та нарын дүр төрх юм шиг санагддаг.
Уншигчид ч санал нэг байгаа болов уу?

-Царай муутай, марзан төрх гэж үү. Угаасаа хүмүүс тэгдэг л дээ. Хүний
нүдэнд наалдацтай царайтай гэж (инээлдэв). Ер нь урлагийнхан, ялангуяа хамтлагийнхан
өндөр, гоо зүйн талаасаа зөв төрхтэй байдаг ш дээ. Гэхдээ бид урлагт заавал хөөрхөн,
царайлаг хүн байх ёсгүй гэдгийг илтгэх байх. Цахим хуудсанд бидний зургийн доор
нэг фэн маань “Танай хамтлагт амжилт хүсье. Танай хамтлагийг шоотой эрээн цамцтай
гурван царай муутай эрэгтэйгээр төсөөлдөг шүү” гэсэн байсан.

-Яагаад
заавал эмэгтэй гишүүнтэй болохоор шийдэв?

-Олон харчуудын дунд эмэгтэй гишүүн маань өнгө үзэмж нэмэхээс гадна
хамтлагийн уян  хатан байдалд их нөлөөлдөг
гэдэг үүднээс Минжиндээ санал тавьсан. Минжин маань ч дуулах дуртай, сайн ч хоолойтой
байсан учраас ийм шийдвэр гаргасан гэж боддог.

-Дууныхаа
үг, аяыг хэрхэн бичдэг вэ?

-Төгсбаяр ахтайгаа ярилцдаг. Үгээ хоорондоо ярьж байгаад бичдэг.

-Гадны
уран бүтээл хийгээд дотоодын ямар дуу хөгжим сонсдог бол?

-Ер нь тэр энэ гэлтгүй монгол болоод гадаадын бүхий л төрлийн уран
бүтээлийг сонсдог. Шинэ залуу ямар хамтлаг гарсан байна, ямар хамтлаг шинэ уран
бүтээл хийсэн байна гээд аль болох урлагийн ертөнцөд болж буй шинэ соргог мэдээллийг
алдахгүй байхыг хичээдэг. Энэ нь эргээд бидэнд том туршлага шүү дээ.

-Туршлага
гэснээс танай хамтлагийнхантай “Guys” хамтлагийн дуучид ажилладаг гэсэн. Хэзээнээс
хамтарч ажиллах холбоо тогтоосон юм бэ?

-“Хэцүү анги” олон ангит киноноос хойш “Guys” хамтлагийн ах нартайгаа
хамтарч ажиллах болсон. Бидний хамгийн ойр дотны багш нар. Ерөнхийдөө хамтлагийн
продюсерээр тус хамтлагийн дуучин А.Төгсбаяр ах ажилладаг. Мөн ая зохиогч Г.Хишигбүрэн
ах хөгжмийн тал дээр түлхүү ажилладаг байгаа. “Guys” хамтлагийн ах нартаа,
Imagination film “Rec Records”-ынхондоо болон хамтарч ажилладаг уран бүтээлчидтэй
баярлалаа гэж хэлмээр байна. Мөн залуу уран бүтээлчдийг дэмжиж бид бүхнийг урьсан
“Өдрийн сонин”-ы хамт олондоо талархсанаа илэрхийлмээр байна. Учир нь бидэнд хичээлийнхээ
хажуугаар уран бүтээлээ хийгээд явахад санхүүгийн хувьд маш хүндрэлтэй байдаг. Саяхан
аав, ээж найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр өөрсдийн гэсэн студитэй болсон. Ер нь манай
хамтлагтай хамтарч ажиллах сонирхолтой хэнд ч бай бид зарим залуу уран бүтээлчид
шиг их зан гаргалгүй уриалгахан хүлээж авах болно.  

-Зуны
амралтаа хэрхэн өнгөрөөв. Урлагийн чиглэлийн оюутнуудын хувьд бол амралт гэдэг шинэ
уран бүтээл гаргах том боломж байдаг болов уу?

-Тэгэлгүй яахав. Амралтаа ямартай  ч хий дэмий өнгөрөөсөнгүй.  Ирэх оны ихээр гаргах цомгийн ажилдаа их бэлдлээ.
Мөн хамтлагаараа кино уран бүтээлийн зурганд орсон. Удахгүй үзэгчдийн хүртээл болох
байх.

-Анхны
цомог чинь ирэх оны эхээр гарна гэлээ. Шинэ цомгийнхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл
өгөхгүй юу?

-Гайгүй гэсэн дуугаа сонгоод CD-гээ гаргах бодолтой байна. Ямар ч
байсан ирэх оны хоёр сараас цомог маань үзэгчдийн хүртээл болох байх.

-Цомогт
ихэнхдээ хөнгөн дуу орох уу. Арай өөр уянгын чиглэлийн ч юм уу дуу оруулах бодолтой
байна уу?

-Тийм бодол бол байгаа. Жүжигчний ангид сурдаг гэдэг утгаараа өөрсдийн
гэсэн уянгын клиптэй дуу дотроо бодоод төлөвлөсөн байгаа. Саяхан нэг уянгын талын
дууны хоолойнд орсон байгаа.

-Цаашдаа
жүжигчин, дуучин гэсэн хослолыг хамт авч явах уу. Эсвэл сургуулиа төгсөөд аль нэг
продакшны жүжигчин болно гэж төлөвлөж байгаа юу?

-Ямартай ч бид дуу хөгжимд дурласан нэг хүсэл зоригоор нэгдэж өөрийн
гэсэн уран бүтээлүүдтэй болсон. Тиймээс цаашдаа үүнээс ч илүү, чанартай, сайн уран
бүтээлийг хийсээр байх болно. Бид жүжигчин гэсэн мэргэжлээр дөрвөн жил сурч номын
дууг нь сонсоод төгсч байгаа учраас  хэзээ
ч орхигдуулах бодолгүй байна. Энэ утгаараа ямар ч дуу байсан клипийг нь цацах нь
зүйтэй гэсэн хамтлагийн бодлого баримталдаг. Харин ч үндсэн мэргэжлийнхээ дагуу
өмнөө тавьсан том зорилго бий. Гол нь бид дуулахаас гадна жүжигчин гэдэг маань уран
бүтээл хийхэд давуу тал болж өгч байгаа юм. Тэгээд ч сүүлийн үед манай хамтлагийнхан
киноны уран бүтээлд их дурлах болсон. Олон сайхан уран бүтээлд тоглох байх аа.

-Танай
хамтлагийн ги­шүүдийн гэр бүлд урлагийн хүмүүс байдаг уу?

Хамтлагийн
ахлагч Г.Жан­чив:
-Манай өвөө жү­жигчин байсан гэсэн. Тэрнээс өөр урлагийн
хүн байхгүй.

Хамтлагийн
гишүүн Р.Сүхболд:
-Ээж, аав хоёр их сайхан дуулдаг хүмүүс бий. Тэгэхээр
надад бага ч гэсэн авьяас өвлөгдсөн гэж боддог. Би “Universe best songs” наадамд
гурван ч удаа оролцож байсан.

Хамтлагийн
гишүүн И.Тө­мөрхуяг:
-Манай ээжийг нутаг усныхан нь сайхан дуулдаг гэдэг.
Миний хувьд багаасаа л хэд хэдэн телевизэд хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж байсан. “Гэр”
гээд олон ангит кино, “Хэцүү анги” зэрэг цөөнгүй киноны зурганд орж байсан. “Гэр”
кинонд Одгэрэл эгчийн том хүүгийн дүрд тоглож байсан.

Хамтлагийн
гишүүн У.Минжин:
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Гэхдээ манай өвөө
Лантуу намын төв хорооны нарийн бичиг байсан. Өвөө их зарчимч, ажил хэрэгч. Тиймээс
өвөөгийнхөө тэр занг баримталж, ирээдүйн амьдралдаа үлгэр дуурайлал авахыг боддог.

 

 Д.ДАВААСҮРЭН

О.АНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

“Адуучин-2014” тэмцээн энэ сарын 23-нд болно

Засгийн газрын хуралдаан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд наймдугаар сарын 1-нд боллоо. Тус хуралдаанаар ирэх жилээс “Адуучин” тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт тусгаж зохион байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ. 21 аймгаас шилдэг 21 адуучин эр зориг авхаалж самбаагаа сорьж, “Эр зориг” буюу уурга ташуур шүүрэх, морьтой буюу явган уургалах, бугуйлдах, эмнэг хангал булгиулах 4 төрлөөр өрсөлддөг “Адуучин” тэмцээн энэ сарын 23-нд Хүй долоон худагт болно. Ерөнхий сайдын ивээлд болдог энэхүү тэмцээнд энэ жил мөн аймаг, сумдаасаа шалгарсан шилдэг 21 адуучин оролцоно.

Монгол нүүдэлчдийн түүх соёл, ёс заншил, Монгол адууны уламжлалт соёлыг тээн хадгалж, үндэснийхээ түүх соёлыг бодитоор нотлон харуулахад энэхүү тэмцээн нь ач холбогдолтой гэж Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл танилцуулаад уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй гэж саналаа хэллээ.

Ирэх жилээс “Адуучин” тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт тусгаж зохион байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Мөн аймаг, сумын “Адуучин” тэмцээний товыг оны өмнө тодорхой болгож, аялал жуулчлалын хуанлид тусгаж байхаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Ундармаа: Үзэгчдээсээ авч байдаг эрч хүч, урам зоригийнхоо хариуг барих гэсэн юм

Анх нэгдүгээр төрхийн хүлээлгийн танхимийг хувийн хөрөнгөөрөө засварлаж байсан “Шинэ үе” продакшны жүжигчин МУСТА  Г. Ундармаагийн сайн үйлсийн аян үргэлжилж “Итгэлийн танхим” нэртэй ТББ санаачлан ЭХЭМҮТ-ийн хүүхдийн хүлээлгийн танхимийг засварлаж өчигдөр /08.01/ хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр түүнтэй хэсэг зуур ярилцсанаа уншигч таньд хүргэж байна.

-Юуны түрүүнд хувь хүнийхээ үүднээс нийгэмд тустай зүйл хийхээр сэтгэл зүтгэлээ зориулж яваад тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Энэ удаа яагаад хүүхдийн хүлээлгийн өрөөг тохижуулж өгөв?

-Маш их баярлалаа. Энэ удаагийнх миний гурав дахь ажил минь. Өмнө нь I төрхийн хүлээлгийн танхим болон Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн танхимуудыг тохижуулж байсан. Хүүхдийн хүлээлгийн өрөөг тохижуулахгүй байхын аргагүй юм. Эд нар чинь Монголын ирээдүй шүү дээ. Энд ирсэн хүмүүс үйлчилгээ авахын тулд өглөө эрт дугаар авдаг.Тэгээд өөрийнхөө ээлж болтол хэдэн ч цагаар хамаагүй хүлээх болдог. Тиймээс өвчиндөө зовиурлаж шаналж байгаа хүүхдүүдэд, сандарч тэвдсэн эцэг эхчүүдэд бага ч гэсэн сэтгэлийн дэм болох үүднээс энэ танхимыг тохижуулж өглөө.

-Хөрөнгө санхүүгээ яаж бүрдүүлдэг вэ?

-Би чинь хүнээс юм гуйх дургүй хэрнээ энэ ажилд бол ёстой нэг хамаагүй гуйна шүү дээ/инээв.сур/Ийм ажил хийх гэж байна чадахараа туслаач гээд л хаа сайгүй явж өгдөг. Монголд маш сайхан бизнес эрхлээд, туслалцаа үзүүлээд явж байгаа олон хүмүүс байна. Ер нь бол хүн бүрт эх орноо гэсэн сэтгэл байна.  Юм хийж эхэлбэл Монгол улс хэдхэн хоногийн дотор  хачин гоё өөрчлөгдөх байх гэж боддог юм.Манайхан чинь энэ тийм байна тэр ч тийм байна гээд л шүүмжлээд л явдаг уг нь өөрсдөө үлгэр дууриалал болчихвол зүгээрсанагдах юм.

undarmaa itgeliin tanhin

-Энэ удаагийн ажилаа хэзээнээс эхэлсэн бэ?

-Арван сард бид өмнөх ажилаа дуусгаад 11 дүгээр сард Эх нялхсын эмч нартай ирж уулзсан. Зураг төсөлөөгаргаад ажилаа эхлээд явж байтал надад ажил явдал гараад хэсэг завсардсан. Зургадугаар сарын 1-нээс эхэлж засвартай орсон. Хүүхдийн баярын өдөр байсан учраас бэлэгшээжажилааэхэлүүлсэн.

-“Итгэлийн танхим” төрийн бус байгууллагт нэгдсэн залуучуудынхаа талаар яриач. Тэднийг энд дурсахгүй өнгөрч болохгүй болов уу?

-Энд сэтгэлээрээ нэгдсэн маш олон  хүмүүс бий. Зарим нь өөрсдөө гар бие оролцож тусладаг бол бусад нь мөнгө санхүү гээд маш олон зүйлээр тусалж сайхан зүйлийг хамтдаа хийж яваа тусархаг залуучууд байдаг.

-“Итгэлийн танхим”-ынханцаашид ямар ажил хийхээр төлөвлөу байгаа вэ?

-Бид дараагийнхаа эмнэлгийг сонгочихсон байгаа. Зураг төсөл, төлөвлөгөөгөө гаргачихаад хүмүүст хэлнэ.

-Анх яагаад энэ ажилуудыг хийж эхлэхээр болов оо?

-Бид чинь үзэгчдийнхээ алга ташилт, хайр хүндэтгэл, урамын үгнээс маш их эрч, урам зориг авч түүгээрээ тэжээгдэн амьдарч байдаг. Тийм ч учраас тэднийхээ үйлчлүүлдэг газрыг засч, янзалж тэдэндээ бага ч гэсэн урам зориг өгч хариу барихыг л хүссэн.

-Ажил дууссаны дараах сэтгэгдэл ямар байна вэ?

-Энэ хоёр сарын хугацаанд бараг л өдөр болгон засварын ажил дээрээ туслалцах, барилгын материаланд явах гээд олон өдөр унжсан бэлтгэлийн өмдтэй муу л хувцастай ирдэг байсан. Ямар сайндаа өнөө өглөө энэ шатаар өгсөж явахдаа ингэж нэг даашинзтай ирдэг өдөр байдаг юм байна гэж дотроо бодож инээж явлаа. Үнэхээр сайхан эерэг өөрчлөлтүүдийг нэг л мэдэхэд хийгээд бүр үүндээ дурлаад явж байна.

-Энэ удаагийн төсөл дээр хэр олон хүмүүс хамтарч ажилласан бэ?

-Хүүхдийн хүлээлгийн өрөөг тохижуулахад 37 хувь хүн болон, албан байгууллагууд хандив өргөлөө. Санхүү, бараа материал, технологи, тоног төхөөрөмж, мөн өөрсдөө биечлэн оролцсон гээд маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн ажил боллоо. Хамгийн дээд тал нь 10 гаруй сая төгрөг хандивласан.

undarmaa itgeliin tanhin

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх полиникийн хүлээлгийн өрөөг тохижуулахад хандив өргөсөн “GooBayn Health” компанийн гадаад харилцаа хариуцсан төлөөлөгч Д.Үүрцайхтай хэдэн хором ярилцлаа.

-Анх энэ ажилд яагаад хамтарч ажиллах болсон талаар яриагаа эхэлье?

-Манай компанийг “GooBayn Health” гэдэг.Хар багын хоёр найзтайгаа хамтарч компаниа байгуулсан. Д.Үүрийнтуяа, Д.Уранбилэг гээд бүсгүйчүүд байгаа бид гурав гурвуулаа гадны оронд амьдардаг. Д.Үүрийнтуяа маань Ундармаа эгчийг таньдаг байсан юм билээ. Нэг өдөр ийм сайхан зүйл хийж байгаа юм байна бүгдээрээ тусалъя гэсэн санааг гаргасан бид хоёр ч дэмжсэн тэгээд л холбогдсон.

-Ямар туслалцаа үзүүлсэн бэ?

-Бид гурав хүлээлгийн танхимд тоглоомын өрөөтэй болгож тоглоомын туслалцаа үзүүлэхээр болсон. “Тоглоомны өрөөний” тоглоомуудыг Америкаас хүүхдэд ээлтэй эрүүл ахуйн шаардлага хангасан модон тоглоомуудаар чимсэн. Харин “Инээдэг толь”-ийгХятад-аас захиалсан байгаа.

-Хэр их хэмжээний зардал гарсан бэ?

-Энэ удаагийн ажилд барагцаагаар 13 сая төгрөг хандивласан. Манай компани цаашид ч хүүхэд эмэгтэйчүүдийг дэмжсэн ажилд тодорхой хэмжээгээр хамтарч ажиллаж тус дэм болно гэсэн бодолтой байгаа.

Д.АМАРТҮВШИН

Эх сурвалж www.medee.mn

Categories
онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Цагийн шалгуур

Амьдран буй нийгмээ сольцгоож, түүнээ хүлээн зөвшөөрөөд 25 дахь жилдээ орлоо. Яллаа, ялагдлаа, хямарлаа, гэнэт баяжлаа, тэгснээ бас хямарлаа. Юм юм л болоод өнгөрөв. Дөрвөн жил тутамд гурваас доошгүй сонгууль, мөн түүнээс цөөнгүй ган зуд, өн хүртэл үзээд амжсан байна шүү. Басчиг дэмий яриад улстөржөөд, иргэний дайн гаргангаа ал¬даад суугаад байсангүй. Олон сайхан барилга, үндэсний үйлдвэр, олноор төрөн гарч, 400 мянган тонн тариа, 40-50 сая мал, бүгдээрээ шахуу унах машинтай болоод авчихлаа. Хамгийн олзуурхууштай нь мисс охид, саятан бүр тэрбумтнууд нүдэнд илүүтэй өртөж, гуйлгачин, траншейнийнхан харагдахаа болио юу даа. Бөөс бүр нүдний гэм болоод удаж байна.  

Хувьсгалын жилүүдэд Монголын алтан ургийнхан хийгээд сэхээтнүүдээ 700 гаруй сүм хийдийн хамт  устгасан гэдэг шиг дээрх гэгээлгийн хажуугаар энэ хорь гаран жилд социалист бүтээн байгуулалтын үеийн нүсэр байгууламжуудын ихэнхийг  нураагаад зөөчихсөн. Улс орныг улдан чангаагч улаан толгойтнууд төрийн болон хувийн байгууллагуудаар зай­гүй шигдчихсэн байсныг  увуу цувуугаар нь огцруулаад шахаад дуусч байна. Ха­рин буудаж сөнөөгөөгүй ээ хөөрхийсүүдийг. Одоо “Цагаантны үлдэгдлийг” Алтанхуяг жанжны шинэчлэл гүйцээн цэвэрлэснээр Монгол орон дэлхийн бусад гүрэн улстай өндөр намаараа ижилсэн, ялгаагүй болох замдаа шуударлаа.

Өнөөдөр хувийн тооцоо, урьдны өс хонзонгийн сэдэлтэй л биш бол дахиад цаана нь нураах, солих, өөрчлөх шаардлага  үндсэндээ дуусч байна. Яахав анхнаасаа л ярьсаар л яваа МИАТ, Эрдэнэт, Төмөр зам зэрэг улс төр олон улсын шинжтэй асуудал бол бий. Өмнөх нийгмийн үед байгуулагдсан засаг захиргаа, албан газар, хувийн хэвшлийнхний зарим нь сохор азаар ч юм уу хөл алдалгүй өнөөдөртэй золгочихсон жишээ бас бий. Өнөө зун  ерэн жилийнхээ ойг тэмдэглэж байгаа олон сум нэг хэсэг их ядарсан даа. Энүүхэн хотын хажуу дахь Атар, Нөхөрлөл, Залуучууд, Угтаал, Баянцогт сум САА-нуудын ард иргэд нь хот суурин руу дайжин одож эмнэлэг сургууль эзгүйрэн, үүдэн шүдээ цөм цохиулчихсан мэт гудамжууд нь онгойсон. Шалтгаан нь удирдлагын муугийнх, эсвэл угаасаа амьдрах тохь тухгүй орчинд хүмүүсийг албадан цуглуулсан нь цагийн шалгуурыг даагаагүй. Тэгвэл энэ хүнд үед адилхан хажууд нь оршин буй Жаргалант, Зүүнхараа, Батсүмбэрийнхэн зах зээлд төдийлөн барьц алдалгүй тэсээд гарсан төдийгүй одоо улам өргөжин тэлж хөгжих өнгөндөө оржээ. Бүр дотогшоо нарийвчлан сонирхвоос аль 1960 оны үеийн технологитой талх, халуун усны газар нь хэдий хувьчлагдсан ч ажлаа үргэлжлүүлсээр явааг бахархахгүй байхын аргагүй. Иймэрхүү объект, субъектуудыг ашиггүй байсан ч авч үлдэн, дээр үеийн болхи хийц загварыг нь хөндөлгүйгээр түүхчилэн үлдээвэл  сая 1937 оноос шал өөр бидний хүссэн ардчилсан хувьсгалын утга илэрхийлэгдэх учиртай. Ямар юм өөрчлөх шинэчлэхийн дон туссан биш дээ. Монголын үндэсний бөхийн холбоо түүний удирдлага, бөхийн өргөө тойрсон хэрүүл, үндэсний спортын тухай хуулийг хүртэл өөрчлөн тэмцэлдэж байв. Энийг өөрчилчихвөл өөрчилчихөөр улс төрийн хүчин, жагсаал цуглаан, нам лам засаг төр зөндөө л солигдлоо. Зайлуул бүгдэд нь тэсээд гараад ирчихлээ. Одоо Нямдоржийг нь солилоо гээд юу ч сайжрахгүй ба муудахгүй. Цаашид харин уламжлалт монгол бөхийн асуудлыг эднийхэн есөн үеэрээ дамжуулаад аваад явчихвал хэн хэндээ аштай амар уу.  Хувь хүнийхээ хувьд Нямдорж тэргүүний үйл ажиллагаа маньд таалагдаггүй л дээ. Ер нь тэгээд бүх л юмс заавал надад, манайханд таалагдаж байх албатай ч биш. Бусдад таалагдах, тэдний эрх ашгийн төлөө өөрийгөө золиосолдог байсан тэр бурангуй тогтолцооноос салах гэж тэлчлээд байгаа улс шүү дээ бид чинь. Төрийн есөн туг хөхлийг ч хэн нэгэн айл дагнаад явчихвал бас л нэг уламжлал. Хожим иймэрхүү түүх соёлын чигийн зах зээл ашигтай болоод ирэхийн цагт урьдынх шиг баахан дууриамлууд гараад ирэхийг байг гэхгүй. Одоо энэ номын сан, музей дэх ховор нандин эд зүйлийг үндэсний баячуул, арилжааны банкны эзэд давхар маналцдаг, шаардлагатай бол гэр орондоо байршуулах, хэрэглэх, арилжих эрхийг ч өгсөн нь дээр дээ.

Гандан ба түүний удирдлагыг тойрсон хэрүүл үе үе босч ирдэг. Тэрнийг л шинэчлэхгүй үлдээчихвэл улс орон болохоо байчих юм гэнэ дээ. Орчлонгийн хамаг хүнд суртал энэ дэнж дээр тунараад хоцорсон бол одоо бандан тас. Энэ олон өөрчлөлт хувьсгалын аль нэгнээр тэр муу шар феодалуудыг арчаад хаячихгүй юугаа хийж байсан юм.

Эрүүл мэнд, боловсрол, цэрэг, гадаад харилцаа,хөдөө аж ахуйг удирдддаг төрийн яамд байгууллага, төрийн ордон засгийн газарт бүх цаг хугацааны турш тогтвортой нэг ажлаа хийсээр буй ажилтнуудын ажлаа үргэлжлүүлэх баталгаа гаргаж, улмаар боломжтой бол үр хүүхдэд нь өвлүүлдэг болговол энэ улс чинь сая л нэг бүрэн гүйцэд өөрийн гэсэн онцлог голомт, уламжлал нь бүрэлдэх юм. Харин тэр шүүх цагдаа, НАХ, чигийн школ тогтолцоог өөгшүүлэн үлдээвэл арай ч хэтрэнэ ээ.  Суманд насаараа ажиллаж байгаа сумын нарийн бичгийн дарга, зарим багийн даргыг одоо сольж яах гээд байгаа юм. Хонзонтой юу, өөр нам уу?. Тэр одоо өнгөрсөөн. Ажлаа муу буруу хийдэг байсан ч ийм олон жил тэр мээстэн дээр донхойж үлдсэн бол одоо сэтэрлэхээс өөр яахав. Ямар нэгэн асуудал гарахад дараа нь компьютерийн файлнаас яаж доор байдаг юм. Хэвлэл мэдээллийн салбарт гэхэд өдөр тутмын сониноос “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, телевизээс “Улаанбаатар”, “ТВ-25, “ТВ-5”,”ТВ-9” сувгууд өөр өөрийн үзэл бодол, үйл ажиллагаагаа цагийн эргүүлгэнд солилгүйгээр унаж босон арав хорин он жилийг туучин энэ өдөртэй золгосон юм.Тэдэнд өөрийн гэсэн үзэгч уншигч, үзэн ядагч аль аль нь бий. Тиймдээ л сайхан шүү дээ.Интернэт сайт тэргүүтэй бусад мэдээллийн хэрэгслүүд дээрх хэд шиг тогтвортой ажиллаж хараахан амжаагүй, дархлаа суусан гэх баталгаагүй, мөн цөөнгүй нь цагийн аясыг даган хамелион шиг өнгөө өөрчилж , эздээ сольж  ашиг сугалаа хөөцөлдөн нэр нүүрээ барцгаасан байдаг. Одоо эдний дотоод хэрэгт оролцон төрөөс хууль санаачлан улс төрдөө ашиглахаар санаархан бужигнуулах нь хорвоогийн бүх өргөсийг түүж барахтай ялгаагүй хэрэг. 

Өнөөдрөөс эхлээд дахиж холио солио хийхгүй гэвэл ёстой муухай луйвар чинь тэр л болох байх. Тэгээд ч дараа нь өөр улс төрийн хүчин гарч ирээд улам л заналтайгаар авч хаях байлгүй. Би энд зөвхөн бүх цаг хугацааны турш тэсч үлдэгсдийг л хөндөж байгаа юм. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 2000 оноос өмнө бий болсон, байсан мөртлөө одоо “амьд мэнд” яваа сайн муу ололтуудыг өнгө алаглуулан хэвээр нь орхимоор байна. Дөрвөн жил ч юм уу жаахан байж байгаад л энэ улс орон час улаан, эсвэл гүн хөх өнгөтэй болоод байвал ард түмэн аяыг нь даахгүй. Ер нь одоо дараагийн сонгуулиас хэтэрхий лут мөрийн хөтөлбөр гаргаж улам жаргаана гэдгээ болих хэрэгтэй. Тийм амьдралаас тасарчихсан юм гэж юу байдаг юм. Амьдрал ямар ч драмгүй диваажин мэт байх нь мөн л зовлон болдгийг хөгшин Европ хэлдэг боллоо.  

Бид 1990 онд эрх чөлөө¬гөө шинээр тунхаглаж өөрч¬лөлт хийхийн сацуу Чингэсийн Монголын үеийн уламжлалуудаа сэргээх гэсэн чинь эзэн хааны өрөөсөн оймс ч үлдээлгүй өмнөх үеийнхэн маань устгаад хаячихсаныг харамсаад бардаггүй.  Одооны энэ түүхэн зураг хөрөг хөшөө дурсгал бүгд шал худлаа фантазууд. Эртний хаадын сэрэг дүрийг гэхэд л Мандир гэдэг нөхөр нэг амьсгаагаар санаанаасаа зохиогоод зурчих луу яалаа. Дахин дахин ингэж худлаа явмааргүй байна. Өнгөрөгч 25 жил нь дундад зууны үедсэн бол зуу, 200 жилд ч амжимгүй бүтээн байгуулалт, эвдэн сүйтгэлт цуг чихэлдээд өнгөрлөө. Уг цаг хугацааны шалгуурыг шувтлан гарсан, тэсэн үлдсэн тохиолдол тийм ч элбэг бишээ. 

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Сангийн яам “Салхит” төслийг шагналаа

Монгол улсад хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний хамгийн анхны салхин паркийн төсөл АНУ-ын Сангийн яамны нэр хүндтэй шагнал хүртсэн байна.  “Салхит” салхин паркийн төсөл нь хүнсний аюулгүй байдал хангах, ажлын байр бий болгох, дэд бүтцийн хөгжил болон боловсрол, эрүүл мэндийн салбаруудыг дэмжих талаар дорвитой хувь нэмэр оруулсан өөр зургаан төслийн хамтаар шалгарсан юм.  АНУ-ын Сангийн яам нүүрсний цахилгаан станцаас ихээхэн хамааралтай Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг агаарын бохирдол хамгийн өндөртэй хот гэж онцолжээ. 

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Булганд хуралдав

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдсан Засгийн газрын хуралдаан өндөрлөлөө.  Хуралдаанд Засгийн газрын танхимын сайдууд бүгд оролцжээ. Сайд нараас гадна  Хөвсгөл, Булган аймгийн Засаг дарга нар, авто зам тавьж байгаа компанийн удирдлага, сумын иргэд оролцсон байна.

Хэлэлцсэн асуудлын дийлэнх хувь хөдөөгийн хөгжилтэй холбогджээ.  Энэ үеэр Ерөнхий сайд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас-Хөвсгөл аймгийн Мөрөн сум хүртэл тавьж байгаа авто замын ажлыг энэ онд багтаан ашиглалтад оруулах үүргийг талуудад өглөө.

Түүнчлэн Хутаг-Өндөр сумын иргэдийг орон нутгаа хөгжүүлэхэд саналаа хэлж, ямар ажил хийх нь илүү иргэдэд тустай болохоо ярилцаж хөгжлөө төлөвлөн төсвөөс өгч байгаа таван  тэрбум төгрөгийг зөв зохистой ашиглах ёстойг хэллээ. “Шинэ сум” төслийн хүрээнд Хутаг-Өндөр суманд таван тэрбум төгрөг хуваарилагдсан байна. Үүгээр тус сумынхан сумын төвөө шинэчлэн тохижуулах юм. Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаа Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хийсэн нь тус суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа, аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил тус сумыг дайран өнгөрч байгаа тул тохиромжтой газар хэмээн үзэж сонгожээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс аялал жуучлалаар 77-д жагсав

Олон улсын “The Henley & Part- ners” компаниас  гаргасан судалгаагаар манай улс  аялал жуучлалын эрх чөлөөгөөр 77 дугаар байранд оржээ. Тус компани нь  дэлхийн  улс орнуудын аялж жуучлах эрх чөлөөний  судалгаа хийж, чансааг гаргадаг аж. Энэхүү чансааг гаргахдаа  тухайн улсад аялах жуулчдын аюулгүй байдал, тав тух, эрсдэл , тэдэнд үйлчилгээ үзүүлж буй байдал, визний асуудал гээд олон зүйлийг  харгалзаж үздэг ажээ.  Орос 29 дүгээр байрт жагссан бол Хятад 45-д оржээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Оны сүүлээр инфляци бууна

Улсын хэмжээнд инфляци 14,6 хувьтай байгаа бол Улаанбаатар хотод  15,1 хувьтай байна. Монголбанкны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ оны сүүлч гэхэд инфляци 10 хувь руу дөхөж очих гэнэ. Учир нь өчигдөрөөс Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 1,5 хувиар нэмж 12 хувь болгосон юм.  Энэ нь инфляцийг бууруулахын тулд авч байгаа нэг арга хэмжээ аж. Энэ оны эхний хагас жилийн статистикаас харахад иргэдийн хэрэглээний бүтцэд өөрчлөлт орж махнаас бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт харьцангуй буурчээ. Харин хүнсний бус бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт давамгайлах хандлагатай байгаа юм. Нэмж дуулгахад өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар инфляцийн түвшин улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатарын хэмжээнд 12.3 хувьтай гарч байсан юм. 

Categories
мэдээ нийгэм

Төөрсөн геологич амиа алджээ

Ашигт малтмалын газрын геологичид Баянхонгор аймагт төлөвлөгөөт шалгалтаар ажиллаж яваад сураггүй болсон билээ. Тэдний хоёртой нь нутгийн иргэд таарч амийг нь аварсан бол нэг нь өнөөдрийг хүртэл олдоогүй байсан юм. Баян-Өндөр сумаас 120-130 км зайд “Идрэнгийн нуруу” -ны ойролцоо машиных нь гурван дугуй хагарч явах боломжгүй болоход  геологич 27 настай М GPS төхөөрөмжөөр зам хайхаар яваад нөгөө хоёроосоо холбоо тасарчээ.  Эрлийн ажиллагаанд нийт 60 орчим хүн, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилласан аж.  Эрлийн баг АМГ-ын төөрсөн ажилтны цогцсыг өнөөдөр 10 цагт Баян-Өндөр сумын Цэнхэрийн баруун үзүүр, Хар дов гэдэг газраас олжээ.