Categories
мэдээ нийгэм

Нүүрстэй ордын хайгуулын ажлыг эхлүүлнэ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” болон “Noble Group” хамтран Нүүрстэй ордод өрөмдлөг хийж эхлэх гэж буйг proactiveinvestors.com.au цахим хуудсанд мэдээллээ. Ордын хойд хэсэгт нийт 20 цэгт (дунджаар 100 метрийн гүнд) өрөмдлөг хийх бөгөөд үүнд 500.000 ам.доллар зарцуулах тооцоо гарчээ. Өрөмдлөгийн үр дүнг “Нүүрстэй” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг бэлтгэхэд ашиглах юм байна. Уг ажлыг энэ сард эхлүүлэн есдүгээр сард дуусгах аж. Улмаар лабораторийн шинжилгээний дүнг дөрөвдүгээр улиралд хүлээн авах гэнэ.

Нүүрстэй орд нь Мөрөн сумаас баруун урд зүгт 10 орчим км зайд, “Aspire Mining”-ийн эзэмшлийн коксжих нүүрсний Овоот ордтой ойролцоо байрладаг аж. “Aspire Mining”-ийн охин компани “Northern Railways” нь Эрдэнэт-Овоотыг холбосон 547 км төмөр замыг концессийн гэрээгээр барих зөвшөөрлийг Засгийн газраас хүлээж буй юм. Нүүрстэй ордын “хар алт”-ыг Мөрөн, Эрдэнэтийн хооронд барьж буй (ирэх оны эцсээр ашиглалтад орох) авто болон төмөр замаар тээвэрлэх боломжтой юм байна. Дээрх мэдээлэл цацагдсаны дараа тус компанийн хувьцааны ханш өчигдөр 5.2 хувиар дээшлэн, 0.040 ам.доллар болсон байна.

“Aspire Mining” нь “Эх говийн чулуу” компанийн 50 хувийг “Xanadu Mines”-аас өнгөрсөн зургадугаар сард худалдан авсан билээ. “Эх говийн чулуу”-гийн үлдэх 50 хувийг “Noble Group” эзэмшдэг байна. “Noble Group” нь “Нүүрстэй” төслийн 60 хувийг эзэмшдэг бөгөөд дээрх тоог 90-д хүргэх боломжтойг өмнө нь мэдээлж байв.

Categories
мэдээ спорт

“Poland open” тэмцээн өнөөдөр эхэлнэ

Польш улсын Домброва Гурнича хотод Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан эрэгтэй чөлөөт бөхийн ХХIII дахь болон эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХYIII дахь уламжлалт олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57кг, 65кг, 74кг, 97кг, эмэгтэй чөлөөт бөхийн 48кг, 55кг, 60кг, 69кг, хоёр дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61кг, 70кг, 86кг, 125кг, эмэгтэй чөлөөт бөхийн 53кг, 58кг, 63кг, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно. Жин тус бүрт түрүүлсэн бөхчүүдийг алтан медаль, өргөмжлөл, 3000 евро, хоёр, гуравдугаар байр эзэлсэн бөхчүүдийг мөнгө, хүрэл медаль өргөмжлөлөөр урамшуулах юм байна.

48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг Э.Даваачимэг, Э.Сумьяа, 55 кг П.Орхон, 58 кг Б.Шоовдор, 60 кг Т.Мөнхтуяа, С.Цэрэнчимэд, 63 кг жинд С.Батцэцэг, 69 кг жинд Б.Одончимэг, 75 кг-д О.Бурмаа нар зодоглоно.

Categories
мэдээ эдийн-засаг

Бороогийн ордод 14.265 унци алт үйлдвэрлэжээ

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Энэ хугацаанд тус компани 31.7 сая ам.долларын алдагдал хүлээснийг marketwired.com цахим хуудсанд мэдээлэв. “Centerra Gold” 92.124 унци алт үйлдвэрлэснээс 77.860 нь Кыргызийн Кумтор, 14.265 нь Бороогийн ордод ногджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 99.426 унци алт үйлдвэрлэснээс буурсан үзүүлэлт гэнэ.

Бас өмнөх оны хоёрдугаар улиралд Бороогийн ордод 27.061 унци алт үйлдвэрлэж байсантай харьцуулахад хоёр дахин багассан үзүүлэлт юм. Хоёрдугаар улиралд “Centerra Gold”-ын орлого 119.5 сая ам.доллар болж доошилсон нь өмнөх жилийнхээс 8.7 саяар буурсан дүн бөгөөд энэ нь бүтээгдэхүүний борлуулалт муудан, үнэ хямдарсантай холбоотой аж. Бас бүтээгдэхүүний борлуулалтын зардал нь 29 хувиар өссөнийг тайландаа дурджээ.

Дашрамд дурдахад, энэ оны эхний хагаст “Centerra Gold” компани нийт 208.794 унци алт (2013 онд 214.646 унци байсан) үйлдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд өнөөдөр 100 орчим Хятад иргэд суулт хийхээр цуглав

Өнөөдөр өглөөний  8.30 миунтын үед 100 орчим Хятад иргэд Чингисийн талбай цугларчээ.

Хятад иргэдийн ийнхүү цуглах болсон шалтгаан нь “Бэрэн” ХХК-иас цалингаа авч чадаагүйтэй холбоотой гэнэ. Тэд цалингаа өгөхгүй байгааг эсэргүүцэж суулт хийхээр Чингисийн талбайг зорьсон бололтой.

Цагдаагийн албан хаагчид энэхүү үйлдлийг нь болиулан Хятадын элчин сайдын яаманд нь хүргэжээ. Цагдаа нараас гадна Босоо хөх монгол, Хас монгол,Ногоон хас зэрэг бүлгийн гишүүд ч оролцсон юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сайн өдрийн зах ажиллаж байна

Баянзүрх дүүрэгт өнөөдрөөс эхэлж буюу наймдугаар сарын 02-ноос арваннэгдүгээр сарын 01-нийг хүртэл долоо хоног бүрийн бямба, ням гарагт дүүргийн “Сайн өдөр”-ийн зах ажиллахаар болжээ. Сайн өдрийн захууд Засаг даргын Тамгын газрын өмнөх талбай, Жуковын талбай, 13 дугаар хорооллын автобусны буудлын зүүн талд Торгоны зам дэлгүүрийн өмнөх талбай, Сансарын тунелийн талбай гэсэн дөрвөн цэгт ажиллах юм байна.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, иргэд, худалдан авагчиддаа ченжгүй худалдан авалт хийхэд нь зориулж, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Сайн өдөр”-ийн зах ажиллуулах захирамж  гаргасан хэмээн дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн.

Өнөөдөр 09.00 цагаас эхлэн долоо хоног бүрийн хагас, бүтэн сайнд дээрх дөрвөн байршилд гарах асар бүхий захад худалдаа үйлчилгээ хийх иргэдийн бүртгэлийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст авч байгаа юм байна.

Тус хэлтэст бүртгүүлсэн үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг, эх орны хөрсөндөө тарьсан хүнсний ногоо тариаланчид болон сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаачид “Сайн өдөр”-ийн захад худалдаа хийхдээ ямар ч түрээс, шимэтгэл төлөхгүй бөгөөд харин тухайн долоо хоногийн бямба гарагийн өглөө хамгийн түрүүнд ирсэн иргэд хамгийн сайн байрлалд зогсож худалдаа эрхлэх боломжийг авах эрхтэй гэдгийг зохион байгуулагчид анхааруулж байсан.

 Харин худалдан авагчдын хувьд үндэсний үйлдвэрлэлээ үйлдвэрлэгчийн гараас нэмэгдсэн үнэгүйгээр худалдан авч байгаагаараа онцлогтой юм байна. Тиймээс иргэд та бүхэн ирэх бямба гарагаас эхлэх сайн өдрийн захаас өөрийн хэрэгцээт бараагаа цуглуулахдаа бэлтгээрэй.

Баянзүрх дүүрэгт гарч байгаа “Сайн өдөр“-ийн зах дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмнөх талбай, Жуковын талбай, 13 дугаар хорооллын автобусны буудлын зүүн талд Торгоны зам дэлгүүрийн өмнөх талбай, Сансарын тунелийн талбай гэсэн дөрвөн цэгт гарах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Богд Жавзандамба хутагтын өргөөний шав тавих ёслол болно

Үндэсний бүтээн байгуулалт Их Майдар төслөөс II  Богд Лувсандамбийдонмэгийн мэндэлсний 290 жилийн ойг тохиолдуулан Монголын анхны шашин төрийг хослон баригч, Монголын бурханы шашныг үндэслэгч Богд Жавзандамба хутагтын өргөөг байгуулахаар болжээ. Уг өргөөний шавыг тавих ёслол энэ сарын 4 буюу ирэх даваа гаригт болно. Шав тавих ёслолын үеэр Майдар эко сити төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болох юм.

Ёслолд МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Гавж          Д.Чойжамц, Ламын гэгээний 8-р дүр Данзанжамбалчойжишэнин,  Манзушир хутагтын 7-р дүр Данзанжамъян, Одсэр ринбүүчи, Далай ламын Найчин Чойжин Түвдэн Готов нар морилон саатаж сүсэгтэн олонд айлдвар сургаалиа айлдана. Мөн үеэр Ламын гэгээн болон Манзушир хутагтын лаврангийн шав тавих ёслолыг зохион байгуулах юм. Ёслолд зориулан бэсрэг наадам зохион байгуулах бөгөөд Төв аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээн, хурдан дааганы уралдаан, халх сурын харваа болж, түрүүлсэн адуучин болон дааганы уяачид Майдар бурхан гардуулна.

Шав тавих ёслол Төв Аймгийн сэргэлэн сумын нутаг, Их Майдар төслийн бүтээн байгуулалтын талбайд болно. Жавзандамба хутагтын өргөөний шав тавих ёслол-бэсрэг наадамд сүсэгтэн олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг Их Майдар төслийнхөн урьж байна.

МАНЗУШИР ХУТАГТЫН ӨРГӨӨНИЙ ШАВ ТАВИХ ЁСЛОЛ, МАЙДАР ЭКО СИТИ ТӨСЛИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 

Хэзээ:             2014 оны 08 дугаар сарын 04, Даваа гарагт

Хаана:            Төв аймаг, Сэргэлэн сум, Их Майдар Цогцолбор, Майдар эко сити төслийн төлөвлөж буй газарт, Улаанбаатар хотоос 50 км

Хүндэт зочид:

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ЕТГ-ын төлөөлөл

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц

Брайбүн хийдийн хамба Гэвш Лхаарамба Лувсандамба

Ламын Гэгээний VIII дүр Данзанжанбалчойжишийнэн

Манзушир хутагтын VII дүр Данзанжамьяандорж

Далай ламын Найчин Чойжин Түвдэнготов

Богдын лаврин төвийн Одсэр Ринбүүчи, Түгсээ Ринбүүчи

Жавзандамба хутагт төвийн төлөөлөл

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам

Барилга, Хот Байгуулалтын Яам

Төв аймгийн ЗДТГ, ИТХ, Төв аймгийн Сэргэлэн сумын ЗДТГ, ИТХ

Европын холбооны хот төлөвлөлтийн RSAА компаний төлөөлөл

Германы WDRтелевизийн баг

Бурханы шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл

Сүсэгтэн олны төлөөлөл

 

ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР:

Нээлт:

 

11:30   Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж үг хэлнэ

11:40   МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их Хамба лам гавж Д.Чойжамц нээж үг хэлнэ

11:48   Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар хутагтаас IX Богд Жавзандамбахүртэлх хутагтуудын түүх намтрын танилцуулга, Ламын Гэгээний түүх намтрын танилцуулга

12:00   Их Майдар төслийг санаачлагчУГЗ зураач, дизайнер Д.Эрдэмбилэг нээж үг хэлнэ

12:02   Их Майдар төслийнтанилцуулга видео

12:15   Төв Аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан нээж үг хэлнэ

12:17   Майдар Эко сити төслийг төлөвлөлтийн багийн ахлагч Stefan Schmitz (PhD) танилцуулна

 

Шашны зан үйл:

 

12:20   Богд Жавзандамба хутагтын Лавринг төлөөлж Одсэр ринбүүчи ламтан ном айлдана

12:25   X Богд Жавзандамба хутагтын түргэн залрахын залбиралыг лам хуврага нар уншина

12:45   Дээрхийн Гэгээн XIVДалай ламын Найчин Чойжин Түвдэнготов ном айлдана

12:50   Шав тавих, газар хөндөх ёслол

13:30   Майдарын ногоон морь сэтэрлэх зан үйл

 

Урлаг соёлын арга хэмжээ:

 

13:40   Морин хуур

13:45   Хүрээ цам-108 цамын бүжиг

14:00   Богд багшид өргөх дуу”дуучин Ариунбаатар /Аялгуут Галбингаа ТББ/

14:05   Зуун лангийн жороо луус”дуучин Ариунбаатар /Аялгуут Галбингаа ТББ/

 

Адуучин тэмцээн:

 

14:30   Хурдан дааганы уралдааны бариа

14:50   Халх сурын харвааны сум тавих

15:10   Аймгийн аварга шалгаруулах АДУУЧИН тэмцээн

            /Адуу бугуйлдах, эмгэг сургах/

Хаалт:

 

16:10   Хурдан дааганы уралдааны айргийн таван даага цоллох, шагнал гардуулах

16:20   Аймгийн аварга шалгаруулах АДУУЧИН тэмцээний 1, 2-р байрны шагнал гардуулах

16:25   Орон нутгийн удирдлагуудад талархал гардуулах

16:30   Их Майдар төслийн хандивлагч иргэд, байгууллагуудад талархал гардуулах

Categories
мэдээ нийгэм

Албадан саатуулах байрны талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газраас “Саатуулах байрны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг ЦЕГ-ын хурлын танхимд  зохион байгууллаа.

Уг нээлттэй хэлэлцүүлэгт ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга туслах комиссар Д.Батжаргал, ОНАБХГ -ын дарга туслах комиссар Ж.Амгалан, Нийтийн хэв журам хамгаалах газрын Төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий болон Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага, Дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дарга нар, Нийтийн хэв журам хамгаалах газрын тасгийн дарга, Саатуулах байрны эмч зэрэг нэр бүхий 70 орчим алба хаагч оролцож өөрсдийн санал бодлыг солилцсон юм.

“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-д 2013 оны долдугаар сарын 05-нд орсон нэмэлт өөрчлөлтөөр албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллага хариуцан гүйцэтгэхээр заасан байдаг.

Мөн түүнчлэн Саатуулах байрны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх бодлого, арга зүй, үйл ажиллагааны стратеги, стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмжийг боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах чиг үүргийг Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар хариуцан хэрэгжүүлэхээр Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7.1. дэх хэсэгт хуульчилсан.

Харин Хууль зүйн сайдаас өгсөн хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлд:

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1-д заасаныг үндэслэл болгон өөрийн үйлдлээ удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөх,

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийг албадан саатуулах чиг үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан одоогийн ашиглаж байгаа эрүүлжүүлэх байрыг албадан саатуулах байрны зориулалтаар өөрчлөн зохион байгуулах, мөн баривчлах, албадан саатуулах төвийн байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийг албадан саатуулж байх, саатуулагдсан этгээдэд хордлого тайлах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн ажилтныг ажиллуулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяа  цагдан хорих байранд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн хүрээнд саадгүй хүлээн авахыг заасан байдаг.

Энэ хэлэлцүүлгийн хүрээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж зөрчил гаргасан иргэнийг  албадан саатуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ  24 цаг дотор зөрчлийг шийдвэрлэх, согтуу хүмүүсийг эрүүл хүмүүстэй хамт байлгахгүй байх талаар арга хэмжээ авах, дүүргүүдийн саатуулах байрны ачаалалыг тэнцвэржүүлэх ажлыг зохион байгуулж цаашлаад саатуулах байрны үйл ажиллагааг хүний эрх, эрх чөлөөг дээдлэн олон улсын жижигт ойртуулах зэрэг олон чухал асуудлыг нээлттэй байдлаар хэлэлцсэн юм. 

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар өмчлөх хандалт 4.519.586-д хүрчээ

Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийг эрчимжүүлэх, мөн төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, ил тод, шуурхай хүргэх зорилгоор өчигдрөөс эхлэн газар өмчлэх иргэдийн хүсэлтийг онлайн хэлбэрээр хүлээн авч эхэлсэн. Гэвч www.umch.ub.gov.mn сайтын  “Цахим бүртгэл” хэсэг рүү орж бүртгүүлэх явцад Үндэсний Дата төвд байрлах сервер гацан, иргэд бүртгүүлж чадалгүй, бухимдал үүссэн юм. Ийм хүндрэл үүсэхэд ачаалал их байсан нь нөлөөлжээ.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас өгсөн мэдээллээр газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлснээс хойшхи наймдугаар сарын 1-ний 16.00 цагийн байдлаар тус вэб сайт руу хандсан хандалт нийт 4.519.586-д хүрчээ. Өөрөөр хэлбэл, энэ нь тандалт ямар хэмжээнд байсныг харуулсан тоон үзүүлэлт юм.

Тиймээс иргэдийг яарч сандралгүй бүртгүүлэх боломжтойг тус газраас мэдээлж байна. Газар өмчлөх хүсэлтийг дээр дурдсан цахим хаягаар энэ сарын 15-ныг хүртэл бүртгэх аж.

Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мэдээллийн технолгийн газар болон Үндэсний Дата төвийн холбогдох хүмүүс газар өмчлөлийн цахим систем байрлах серверийн хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллааг хангах үүднээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа юм байна. Үндэсний Дата төвөөс ирүүлсэн Газар өмчлөлийн цахим хуудсанд хандсан хандалтын тухай мэдээг танилцуулья.

 

Газар өмчлөлийн цахим хуудсанд хандсан хандалтын тухай

2014.08.01                                                                                                      Улаанбаатар хот

2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12:00-16:00 цагийн хооронд Газар өмчлөлийн цахим хуудас руу хандсан нийт хандалт 4’519’586 байна. Зураг-1 дээр харуулав.

                     Нийт сүлжээний хандалт                              Зураг-1

 

Мөн энэ хугацаанд тухайн цахим хуудасны сервер рүү үүссэн сүлжээний холболтыг зураг -2 дээр харуулав. Үүнээс харахад 2017.08.01 өдрийн 12:00 цагаас эхлэн огцом өссөн нь ажиглагдаж байна. Хамгийн оргил үедээ 1 секунтэнд 1000 холболт үүссэн байна.           

                       Нэг секунтенд хандах  холболт                     Зураг-2

 

Та www.umch.ub.gov.mn сайтын сайтын  “Цахим бүртгэл” хэсэг рүү орж, гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлөх хүсэлтэй байгаа газрын байршлыг сонгоно уу!

 

Categories
мэдээ улс-төр

Зарим аймаг, сумдад үр тарианы агуулах байгуулна

Засгийн газрын хуралдаан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд наймдугаар сарын 1-нд боллоо.

Тус хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Засгийн газар дараах шийдвэрийг гаргалаа.

Арьс ширний гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг арьс ширний бэлтгэлтэй уялдуулан шуурхай зохион байгуулан энэ оны 11 дүгээр сард багтаан үр дүнг нь танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарт даалгалаа.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус салбарт хэрэгжүүлэх “Сүүний хөргөлтийн төв” байгуулах, “Хөдөө аж ахуйн трактор, техник худалдан авах”, “Үр тарианы элеватор байгуулах” төслүүдийн тусгайлсан гэрээ байгуулах бэлтгэл хангахыг Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаярт үүрэг болгов.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг ханган БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 15, Сэлэнгийн Баянголд 16, Увсын Баруунтуруун, Хэнтийн Өмнөдэлгэр, Дорнод аймагт тус бүр 20 тн-ын агуулах барих “Үр тарианы элеватор байгуулах” төслийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Ш.Түвдэндорж сайдад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Categories
мэдээ цаг-үе

Алтны төлөөх ЗЭРЛЭГШИЛ (2)

Түрүүч нь ¹181(4821) дугаарт

АМЬСГАА МИНЬ НИНЖА БОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ НИНЖА ШИГ БАЙ

Цахилгаан моторын чихэнд чийртэй дуу, хүмүүсийн хараал цухлын үгс, тачигнатал инээх инээд нарийн шар тоостой тэнгэрт хөөрөх гэснээ газар унах мэт тэр хэсэгхэн газарт чимээ тасарна гэж огтоос үгүй. Тийм ч байхын аргагүй. Очсон газрынхаа орчин тойрныг нүдээрээ дахин нэгжиж суутал “Амьсгаа минь нүхний амнаас зайл” гэх дуу чихэн дээр тасхийтэл дуулдав. Эргээд хартал “Чи нинжа юм уу” гэхээр нь “Тийм” гэтэл “Харагдаагүй нүүрний арьс байна. Чам шиг ганган нинжа байдаггүй юм. Нинжа болох гэж байгаа юм бол нинжа шиг бай” гээд амнаасаа чихээ хүртэл ямар нэгэн зүйлд зүсүүлсэн сорвитой залуу хэллээ. 

Алтан дээр дуугүй байгаа хүн хэн ч биш. Дуугүй байсныхаа шанд бондгор ч үгүй үлдэнэ. Махлаг байрын эгч нэг бондгор газраар чирээд явж байна. Чулуун дээгүүр чирсээр байгаад өнөө бондгор нь ч шуудайны цоорхойгоор урсаж байсан юм. Өнөө эгчийн чулууг үүрээд хүүгийнх нь мотоцикл руу хүргэж өглөө. Хүү нь нүхэн дотроос нэг бондгор гаргаж өгөөд өөрөө буцаад орсон нь энэ аж. Ганц бондгор зөөж өгөхөд л өмссөн хувцас шороо шигж ерөнхийдөө нинжа нараас дутахааргүй болж эхэлж байгаа юм. Нинжа нарт хамгаалалтын хэрэгсэл гэж огт байдаггүй. 10 гаруй метрийн гүн рүү молдокоо бариад орно. Гайгүй алтны чулуутай газраа булаацалдан бие биенээ алах дөхнө. Тэнд очоод олон жил уулзаагүй нутгийн ах нар, хамаатнууд, 10 жилийн нэг ангийнхантайгаа таарав. Ер нь бол уулзаагүй хүмүүстэйгээ уулзах газар ч гэж хэлж болохоор аж. 

Алтны нүхэнд гар барин мэндийн үг солилцов. Алтандаа хүрсэн нүхнүүд бүгд газар доогуур судлаа дагаж явсаар байгаад нийлчихсэн. Халган халган нүх рүү ортол харин ч сэрүүхэн аж. 

Цаашаа мөлхсөөр арай гэж багтах нүхээр гулсан дахин гурван метр гаруй доошоо орлоо. Амьсгал давчдаад ирлээ. Тэнд хичнээн ч хүн байгаа юм бүү мэд. Алт сайн гарч байгаа судал дээрээ маргалдаж байна. Бие биенээ байж болох бүхий л хараалаар харааж байх юм. “Чи нинжа юм бол нинжа шиг байгаарай. Наад жаахан юм аа хувааж авч чадахгүй бол нэвт сүлбэнэ шүү” гэж сүрдүүлнэ. Харин нөгөөх нь айж байгаа ч юм алга. Хорь орчим минут болоод нүхэнд удаан байж сураагүй мань мэт нь бушуухан гарахын түүс. Агаар тун бага газар тэд байгаад сурчихаж. Тамхи татдаг хүмүүс нь тамхиа татах гэж шүдэнзээ хавирсаар байгаад арай гэж асаах юм билээ. 

Агаар муутайгийн нэг тод жишээ нь толгой өвдөх. Нүхнээс татуулж гараад халуунд ч гэсэн дээрээ сууж байх нь жаргал юм. Гэхдээ нүх рүү орж чулуу нүдээгүй хүмүүстээ бусад нь тийм ч таатай хандахгүй. Учир нь нүхэн дээрээс чулуу татаж гаргаснаас газрын гүнд молдок бариад хөлсөө цувтал чулуу балбах амаргүй ажил. Газрын гүнд бага багаар нь чулуугаа овоолж аваад шуудайны тал болгоод дээш нь татуулахад өөрийнх нь бригадын хүн байхгүй бол өөр хүний олз болно. Хүмүүс газрын гүнд амьдарч байна. Тэндээ хуушуураа зөөлгөн, архиа уугаад нүхээ ухаж байна. Нүх рүү нэг орсон бол 4-5 цаг болж байж гарвал арай их чулуутай болчихно. 

Арай сэргэлэн нэг нь хүмүүсээр ажил хийлгээд тэндээс нь тавин хувийг нь авна. Баруунхараагийн “тэсэргээ” хочит Энхболд тэндээ нэлээд хэдэн нүх эзэмшдэг юм билээ. Өөрөө ухахгүй хэрнээ бусдаар ухуулан шороогоо гаргаж ирэхээр нь тэдэн бондгор авна гээд тэрийгээ аваад явна. Бие томтой болоод ч тэр үү хүмүүс түүн рүү халдахгүй. 

Нударга зөрүүлэхээс өмнө алтны нинжа нар ам зөрүүлнэ. Хэн илүү хэрэлдэж амаараа айлгасан нь ялалт байгуулах маягтай. Бүр болохгүй бол түмний нүдэн дээр хэн нь атаман болохоо харуулна. Атаман болсон бол нүхний босс болно л гэсэн үг. Энэ өдрийн орой улаан шороо боссон шуурганы дараа тэнгэр нүргэлсэн чимээтэй цахилгаан цахиж аадар асгав. Бороо ширүүсэх тусам хүмүүс үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг цахилгаан цахих гэрэлд харагдаж байсан юм. Зарим нэг нь нүх рүү унаж байгаа харагдав. Усан хулгана болтлоо норон машиндаа ирээд бороо намжихыг хүлээлээ. Зарим нэг хүмүүс нүхнээсээ огт холдохгүй усан борооноор ч гэсэн ажиллаж байгаа нь тэдний духан дээрээ тогтоосон гэрлээс илтэд мэдрэгдэж байсан юм. Бороо намжих үед машин руугаа уралдаж байсан хүмүүс нүх рүүгээ дахин уралдацгаав. Тэдний дунд орон солих хувцасгүй очсоны гайгаар норсон хувцсаа сольж чадаагүй тэр хүмүүстэй зэрэгцэн нүх ухах ажилд ханцуй шамлан орлоо. Өглөөний наран уулын сугаар гэгээ цацах мөч хүртэл нойтон хувцсаа хаттал ажиллацгаалаа. Тэдэнд амралтын цаг гэж байхгүй. Хэн өрсөж хөдөлсөн нь алтандаа хүрэх тул нойргүй олон хоног ажилладаг юм билээ. Ядарлаа гэж нэг нь ч хэлэхгүй юм. Монгол орны бүтээн байгуулалтад ингэж оролцдог бол гэх бодол төрнө. 

“АМЬГҮЙ ЛАЛАРУУД МИНЬ ЗАЙЛЦГАА” БУЮУ ШОРОНГИЙНХНЫ ДЭЭРЭМ

Алтны нинжа нарын хамгийн түгээмэл хэрэглэдэг үг нь “амьгүй лалар” юм билээ. Том жижиг, хөгшин залуугүй уурлахдаа ч, зүгээр хоорондоо харьцахдаа ч ингэж ярьцгаана. Зургаа долоо хоног нүх ухаад алтны судалдаа хүрээгүй хүмүүс цагдаа нарын хөөх сургаар хөдөлгөөнд орж олон хоног үйлээ үзэж ухсан нүхнийхээ үр шимийг үзэж чадалгүй өөр нүхнээс атга шороо гуйхаар гүйлдэнэ. Нар буух үед халамцуу голдуу арав гаруй хүн ирж манай ухаж буй нүхний хажуугийн алтны судал сайтай гэгдэж байсан нүхний дэргэд ирж хүмүүстэй маргалдав. Сүүлд нь халзан нөхөр толгой дээрээ ногоон алчуур тавиад алхаж явна. Нинжа нар Зүүнхараагийн шоронгийн атаман “Маам” хочит Т.Эрдэнэбаатар болохыг таньцгаав. Шоронгийн 400 хоригдлын ахлагчаар ажиллаж байсан юм байна. Түүний араас цээж нүцгэн шорттой нөхөр ирээд таарсан хүн болгонтой маргаж байсан нь “Том Болор” хочит Салхитын Болорсүх байв. Энэ мэтчилэн шоронгоор олон жил явсан нөхдүүдээр эгнээгээ бүрдүүлсэн нэг бригад ийн нэмэгдэв. 

Тэд аль сайн гарч байгаа нүх рүү шууд орно гээд өөрсдийн гарын доорх хүмүүсээ нүх рүү илгээв. Төд удалгүй нэг нүхнээс 10 гаруй залуу п…… дуудсаар гарч ирлээ. Шоронгийн атаманы хүмүүс алттай хэсэгт очиж хөөсөн хэмээн үглэцгээнэ. “Том Болор”, “Маам” нарын далбаан дор дагаж яваа нөхдүүд мөн ядарсан иргэдээ дээрэлхэх маягтай байна. Зарим нинжа нар дургүйцлээ илэрхийлэн ганц нэг алгадуулах юм билээ. Тэд шоронгоор нэлээд олон жил явсан тул хүмүүс айдаг аж. Алт гайгүй гардаг нүхэн дээр хоёр өдөр овоорч байсан хүмүүс шоронгийнхны сүр бараанаар холдож эхэллээ. Тэдний ноёрхол ингээд үргэлжлэв. Алт ихтэй нүхэн дээр энэ мэт үйл явдал үргэлжлэх бөгөөд судал багатай, судалдаа арай хүрээгүй нүхэн дээр “хурган” дээрэм явагдана. Барьсан болгоноороо “ална” хэмээн сүрдүүлэх бөгөөд нүх рүү ордог 10 гаруй настай жаалууддаа “Ингэж байхгүй бол давардаг юм амьгүй лаларууд. Хэнээс ч айж болохгүй. Сантиметрт хуульгүй байдаг юм” гэхчилэн олон муу зүйлийг зааж байсан юм. Монголын ирээдүй алтны нинжа нарын дунд ингэж л өсч байна. Амь амиа бодохын хуулиар нэг бригадын нөхдүүд нүхэнд байгаа хэсгээ хаяад шууд гэрийн зүг машинаа асаагаад хөдөлж байгаа харагдав. Хаа очиж настай, ядарсан иргэд нь бусдаасаа арай дөнгүүр юм билээ. 10 жилийн сурагч байхдаа үерхлийн зурвас атгуулж явсан бүсгүй минь нинжа болжээ. Зүгээр ч нэг нинжа биш нэлээд дээгүүр зиндааны том гарын нинжа болсон байлаа. Нэг нүхэн дээр нэг хүүхэн учиргүй орилж хашгичин уурлаж байгаа дуу хадахаар нь яваад очтол тэр байлаа. Ойр орчмоо анзаарах сөхөөгүй хэрүүл хийнэ. Нэлээд дөхөөд очтол гайхсан байртай нэг харснаа чимээгүй болон суугаад өгөв. Малгайгаа доош нь дарлаа. Амандаа маск зүүлээ. Магадгүй ичиж байгаа байх гэж бодоод мэнд мэдэх гэж байснаа больсон юм. Ер нь алтны нүх болгон нэг эмэгтэй хүнтэй бөгөөд нүхэн дээр маргаан гарах үед эмэгтэйчүүд нь хэл амаа билүүдэн хэрэлдэх л ганц үүрэгтэй. Харин эрчүүд нь нүхэнд орж алтаа ухна.  

БОНДГОРЫНХОН

Алт гарсан газар бүр “бондгорынхон” гэж хэсэг эмэгтэйчүүд бий гэнэ. Бондгорынхон гэдэг нь тал шуудай алттай шороогоор биеэ үнэлдэг хүүхнүүд аж. Манай нүхний дэргэд нэг “Ах аа чулуу өгөөч” хэмээн бүсгүй ирэв. “Чулуу алга аа. Нүхээ л ухаж байна” гэхэд хэзээ гарахыг нь асуув. “Болоогүй” гэтэл дөхүүлээд ирнэ ээ” гээд яваад өглөө. Гэтэл хажуу нүхний ах “Бондгорынхноор яах нь уу” хэмээн жоготой асуув. Тэгснээ “Эд чинь нэг бондгороор биеэ үнэлдэг хүүхнүүд байхгүй юу” гэв. Тэд хоёр цагийн нэг бондгор бөгөөд бүтэн шөнийг өнгөрүүлэхэд 50 кг-ын шуудайтай чулуугаар явдаг гэлээ. Тэднийг ажиж суутал өөр нэг нүхнээс нэг залуугаар бондгор үүрүүлэн нэг нь дагуулан одлоо. Хэсэг алга болж байгаад буцаад ирэв. Сүрхий дотно болох маягтай шүү. Өнөө хүүхэн нь нөгөө залуугийнхаа бугуйнаас тас атган инээд алдаж байна. Дахин нэг бондгорыг өнөө залуу үүрэн одлоо. Харин нүхнээс гарч ирсэн залуу нь бондгорынхны нэгтэй нэг шуудай чулуу аваад явсныг дуулаад нэлээд уурлав бололтой хэд хараагаад араас нь чулуу өшгичин явлаа. 

Дэргэд тамхи татаж суусан гурван залуу “Энэ муу дөрөв Дарханы өмнөх гурваас миа юм байна. Яасан гэж бондгороор явдаг юм” гэхчилэн өнөө бүсгүйчүүдийг толгойноос хөл хүртэл нь морь шинжиж буй аятай нэгд нэгэнгүй ярьцгааж байв. Бондгорынхон жижиг тэрэгтэй ирсэн байсан бөгөөд зарим залуустай машин дотроо учраа олж байсан юм. Харин алтны нинжа нарын дээхэн талд Дарханаас ирсэн гэр, майхан байсан бөгөөд тэнд бүх үйлчилгээ явагдана даа хэмээн нинжа нар ярьцгаана. Энэ үед нэг бүсгүй ирээд яриа хөөрөө дэлгэх үед хамт яваа найз минь “Ингэж явах сайхан байдаг юм уу. Ажил хий” гэсэнд “Үүнээс өөр ажил алга. Тийм л сүрхий юм бол ажил олоод өг л дөө чи” гээд амаа ар дээрээ гартал алгадуулав. Энэ мэтчилэн хэд хоног гэрээсээ хол яваа зарим нэг эрчүүд хөлсөө дуслуулж олсон бондгороо хөнжлийн хүүхнээр солих нь дэмий ш дээ хэмээн үглэх хүн ч байсан юм. Бондгорынхон бондгор л авч байвал хөгшин залуу гээд нас хамаагүй, харин бондгор дээрээ мурихгүй байх хэрэгтэй гэж байв. 

Э.ЭНХБОЛД

Үргэлжлэл бий>>