Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гадныхны гайхшралыг төрүүлдэг монгол зан

Энэ ертөнцөд хот, хөдөөг хослуулан амьдрах боломж, амьдралын хэмнэл зөвхөн монголчуудад заяажээ. Монголчууд элгэмсүү ард түмэн. Ах дүүсэг, нэг нэгнийхээ төлөө амиа тавьдаг. Боломж нь олдвол байраа, машинаа ч төрсөндөө зүгээр өгчихдөг. Нэг нь өвдлөө гэхэд байгаа бүхнээ ямар ч эргэлзээгүй зориулдаг. Ийм ард түмэн дэлхийд их цөөхөн. Монголчуудын сэтгэл зүрхэнд байдаг энэхүү онцгой шинжид хамаарах бас нэг үзэгдэл нь нэг айлын хоёр хүүхэд байлаа гэхэд нэг нь хотод, нөгөө нь хөдөөд амьдарна. Хот сууринаас хамааралтай хүүхдийн сургууль соёлын асуудал, эрүүл мэнд… гэхчлэн олон асуудлыг нь хотод байгаа нь хөдөөд байгаа нөгөөдөө шийдэж өгдөг. Хөдөө мал дээрээ байгаа нь хот сууринд суух нэгнийхээ идэш уушаас эхлээд өөрөөс шалтгаалах бүхнийг хариуцна. Энд маш сонин хийгээд том эдийн засаг оршин байдаг нь аав ээжээс адилхан тасалж өгсөн хотод байдаг ах дүүгийнхээ малыг хөдөөд байгаа нь бүрэн хариуцдаг явдал юм. Хотын нөхөрт малыг маань хариулж байгаа юм гээд цалин хөлс өгөх тухай ойлголт байдаггүй. Хөдөөд амьдардаг нь “Би муу ахынхаа, эсвэл дүүгийнхээ хэдэн малыг 100 хувь хариуцан маллах ёстой. Юун цалин хөлс…” гэсэн ухамсартай. Хэрэвзээ ах дүү хоёрын хооронд цалин хөлсний асуудал босч ирвэл аав ээж дундуур нь шууд орж ирнэ. Олон хөлийн газар амьдрах гэж яваа муу ахаасаа юм нэхлээ, энэ хэдэн малыг нь хариулж өглөө гээд чиний махнаас чинь мах, яснаас чинь яс уначих гээд байна уу гэж ирээд хөдөөд байгаа дүүг нь баллах шахна. Ийм учраас хотын нөхрийн мал байнга өсч байдаг нь /эзэн нь огт оролцохгүй байж шүү/ сонин. Ийм нэгэн өвөрмөц харилцаа монголчуудын дунд өнөөдрийг хүртэл байсаар ирсэн нь гадныхны гайхшралыг төрүүлсээр иржээ. 

П.ХАШЧУЛУУН

Categories
мэдээ нийгэм

ZTE корпорацийн албан ёсны мэдэгдэл

ZTE CORPORATION OFFICIAL STATEMENT


STATEMENT FROM ZTE CORPORATION

The company noted recent inaccurate and misleading reports published by some media in Mongolia that were hurtful to our reputation. ZTE requests that individuals and groups responsible for the reports should immediately halt their activities against the company. ZTE reserves the right to pursue legal action against those responsible in order to protect the interests of the company, our customers and other stakeholders.

As a global company with business operations in more than 160 countries, ZTE and its subsidiaries comply strictly with local laws and regulations in Mongolia and in all markets where we conduct business. Since ZTE started operations in Mongolia more than 10 years ago, we have been making significant contributions to the development of the local telecommunications industry.

ZTE Corporation 

МЭДЭГДЭЛ ГАРГАХ НЬ

Өнгөрсөн хугацаанд ZTE корпорацийн талаар сөрөг, гүтгэн доромжилсон мэдээллүүд хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо. Энэ үйлдэл нь ZTE корпорацийн бизнесийн нэр хүндэд халдаж, зах зээлд байр сууриа эзлэх гэсэн хэн нэгний явуургүй үйл ажиллагаа болох нь илт байна. 

ZTE корпораци нь дэлхийн 160 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг, өөрсдийн нэр хүнд, хэрэглэгчээ эрхэмлэдэг байгууллага юм. Тэр дундаа Монголын хэрэглэгчид, харилцагчдынхаа итгэл, хамтын ажиллагааг юу юунаас илүүтэйгээр эрхэмлэн, хүндэтгэдэг хамт олон. 

ГЭТЭЛ  хэн нэгэн явуургүй, гүтгэн доромжилсон захиалгат үйл ажиллагааг удаа дараалан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийх болсон. Тэвчишгүй нь тэд энэхүү хууль бус, бусармаг үйлдэлдээ ZTE корпорацийн харилцагчдыг ор үндэслэлгүйгээр дайран доромжилж, гүтгэн ашиглах болсон нь бидний хувьд энэхүү мэдэгдлийг гаргах тэргүүн шалтгаан боллоо. 

Иймд цаашид ZTE корпорацийг болон түүний хэрэглэгчдийг ул үндэслэлгүйгээр гутаан доромжилсон, гүтгэх аваас хуулийн дагуу Монгол улсын холбогдох шүүхэд хандан нэр төрөө сэргээлгэх, хохиролоо барагдуулах болохыг үүгээр мэдэгдэж байна. 

ZTE Корпораци

Categories
мэдээ цаг-үе

Монголчууд Prius-ээс өөр машин дийлж унахаа байжээ

Монголын автомашины дистрибьютерүүдийн ассо­циаци гэж бий. Тус газраас “MAДA” нэртэй автомашины үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Тус үзэс­гэлэнд “Вагнер ази автомотив”, “Таван богд моторс”, “Монгол хьюндай автомотив”, “Киа моторс”, “Моннис моторс” гэсэн таван газар оролцож буй ажээ. Нэгдсэн үзэсгэлэн худалдаа болохоор худалдан авагчдад таатай нөхцөлүүд санал болгож. Автомашины үнээ хямдруулахаас эхлээд банкны лизинг, даатгалд хамруулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, баталгаат засвар үйлчилгээгээ танил­цуулах, оргиналь сэлбэгийн хямдралтай худалдаа зэр­гийг нэг дор сонирхох боломжоор хангаж өгчээ. Хьюндай дээр л гэхэд 2013  оноос хойш үйлдвэрлэсэн машинууд байна. Бүгд 2014 оны загварууд гэсэн. Аксент, элентра, соната, азера, таксон, старекс зэрэг 16 төрлийн машин байв. Бас эмнэлгийн, сургуулийн хүүхэд зөөх зориулалттай, давхар кабинтай ачааны, хөргөгчтэй гэхчлэн тусгай зориулалтын машинууд ч байлаа. Эднийх БНСУ-ын Хьюндай мотор компанийн албан ёсны  дистрибьютер учраас эх орныхоо цаг агаар, орчинд тохируулсан автомашин захиалан оруулж ирдэг юм байна. Эдний машинууд 34.5-138 сая төгрөгийн үнэтэй байсан. 2014 оны аксент 34.2 сая, элентра 40.5 сая, велостер 45.8 сая, таксон 55.9 сая төгрөг ажээ. “МАДА” үзэсгэлэнд зориулаад ачааны Портер машиндаа 1-1.5 сая төгрөгийн хямдрал зарлажээ. Хэрэв эднийхээс машин худалдаж авбал лизингд хамрагдаж болно. Урьдчилгаа төлбөргүй, гурван жилийн хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй гэсэн. Бас даатгалд хамрагдах бол “Практикал” даатгалынхан 30 хувийн онцгой хямдралтайгаар үйлчлэх ажээ.

Вагнер Азийнхан ч бас Форд, Ланд Ровер машинуудаа хямдралтай үнээр борлуулж байна. Фордын нэг машин авбал дараагийн машиныг нь 50 хувь хямдруулж өгөхөөр болжээ. Харин Ланд Ровер брэндийн машинуудаа 10 сая төгрөгөөр хямдруулжээ. Эднийхээс машин авах хүсэлтэй хүмүүс урьдчилгаа 10 хувиа төлөөд таван жилийн хугацаатай лизингд хамрагдаж болох юм байна. Хэрэв “Хаан” банкны лизингээр авбал сарын 1.4-1.7 хувийн хүү төлөх ажээ. Гэхдээ машины үзэсгэлэнгийн эхний өдөр үйлчлүүлэгч харьцангуй бага байв. Борлуулагчтай уулзахад “Өнгөрсөн есдүгээр сараас машины борлуулалт муудсан. Гэхдээ өндөр үнэтэй машины борлуулалт хэвээрээ байгаа. Дундаж үнэтэй машины борлуулалт бага зэрэг муудсан” гэж байлаа. Эднийд байгаа хамгийн хямд машин Форд рэнжер. Үнэ нь 55 сая гэсэн. Харин Форд раптор 140 сая, “Land rover discovery” 212 сая, Рэнж ровер спорт 229 сая төгрөгийн үнэтэй байсан юм.  

Харин монголчуудын хамгийн их унадаг Японы “Тоёота”-гийн албан ёсны дистрибьютор компани болох “Таван богд моторс”-ынхон Land Cruiser-200, Прадо, Хайлюкс, RAV-4, Camry зэрэг машин оруулж ирдэг. Эдгээр машин нь манай орны нөхцөлд тохирсон тусгай тоноглолтой. “Land Cruiser-200” 116-176 сая төгрөгийн хооронд байв. Харин “Camry” 80 сая, “Hilux” 72 сая, “Land Cruiser Prado” 103-110 сая төгрөгийн үнэтэй ажээ. Эднийд 200-гаад төрлийн машин бий гэсэн. “Land Cruiser-200” л гэхэд бүх загвараас нь, бүх өнгө нь байгаа ажээ. “МАДА” үзэсгэлэнгийн хүрээнд “Volkswagen”-ы машинаа таван хувь, “Тоёота”-гийн машинаа нэг сая төгрөгөөр хямдруулж байгаа юм байна. Бас урьдчилгаа төлбөргүй, сарын 1.4-1.7 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай лизингээр авч болох ажээ. Дунджаар 140 сая төгрөгийн үнэтэй “Land Cruiser-200” авлаа гэхэд сар бүр 2.6 сая төгрөг төлнө гэсэн үг. Өдөрт дунджаар 86 мянган төгрөг. Эдийн засаг хямарсан үед иймэрхүү зээл авч машин авах хүн ховор байгаа нь үзэсгэлэнгийн үеэрх хөл хөдөлгөөнөөс мэдэгдэж байлаа. Үнэтэй машинуудын үзэсгэлэнгээс гараад циркийн хажуугийн автомашины худалдааны зогсоолоор орлоо. Энд дандаа жийп машин зардаг байсан. Тус зогсоолд автомашин зардаг С.Баяраатай уулзлаа. Тэрээр “Манай эндхийн зогсоолд жижиг машин зардаггүй. Дандаа жийп буюу үнэтэй машин зардаг. Гэтэл сүүлийн үед машин зарагдахаа байлаа. Эдийн засаг хямарч байгаа нь аль ч салбарт мэдрэгдэж байна. Уг нь өдөрт биш юмаа гэхэд долоо хоногт гурав дөрвөн машин зарчихдаг байсан. Гэтэл миний хувьд л гэхэд өнгөрсөн гуравдугаар сараас хойш ганц ч машин зарсангүй. Манай эндхийн хүмүүс Америкаас машин оруулж ирдэг. Одоо бол Япон явъя, Prius оруулж ирье л гэж ярьж байна. Эдийн засаг хямарчихаад байгаа өнөө үед хүмүүс 20-30 литр шатахуун зарцуулдаг машин унаж чадахгүй байна” гэлээ. Энэ үеэр түүний найз Л.Галбадрах ярианд оролцов. “Би Лексус-570-тай. Хот дотор 20 литр бензин иддэг. Хөрөнгө санхүү муудаж байгаа үед машинаа унаж чадахгүй байна. Машиныхаа бензинийг дийлэхээ байсан. Эдийн засаг энэ чигээрээ унаад байвал “Prius-20” авч уная гэж бодож байна. Үнэхээр хаа, хаанаа хэцүү байна шүү дээ” гэлээ.

“Хүлэг” авто худалдааны төвийн борлуулалтын менежер Б.Магнайтай холбогдоход мөн л машины борлуулалт эрс муудсан талаар ярив. “Үнэтэй жийп машинуудын хувьд ярилтгүй. Угаасаа зарагдахгүй болоод удаж байна. Уг нь дулаараад, зун эхлэхээр жийпүүд зарагддаг байсан. Гэтэл энэ жил асууж байгаа ч хүн алга. Жижиг япон тэргүүд л ганц нэг зарагдаж байна. “Prius-20” л гайгүй борлуулалттай байх шиг байна. Эдийн засгийн байдал хүндхэн байгаа учраас бензин бага иддэг машин л сонирхож байна. Уг нь суудлын тэргээс Mark-2 гайгүй зарагддаг байсан. Гэтэл бензин их иддэг гээд авахаа больчихлоо. Ер нь хүмүүс бензин 10 дотор иддэг машин л сонирхдог болсон” байна гэлээ.

С.АЛТАН

Categories
булангууд мэдээ цаг-үе эх-орон-сумаас-эхэлнэ

Чулуут голын цуурай


“Циркчин” сарлаг

Төв Азийн өндөр уулархаг нутаг, Балба, Бутан, Монгол, Хятад, ОХУ, Пакистан, Энэтхэг зэрэг улсад сарлагийг өсгөн үржүүлсээр иржээ. Үүнээс хамгийн олон сарлагтай нь Хятад улс юм. Харин манай улс 700 мянга орчим сарлагтайгаараа дэлхийд хоёрт ордог.

Энэ жилийн мал тооллогын дүнгээр Архангай аймгийн Чулуут сум 38321 үхэр тоолуулж үхрийн тоогоор улсад хоёрдугаар байр эзэлсэн ба бүх үхрийн 93 хувь сарлаг бөгөөд энэ үзүүлэлтээр улсын хэмжээнд хамгийн олон сарлагтай сум болсон юм. Энэ ч үүднээс Хангайн нурууны салбар, Хатан Чулуутын ай сав нутгийг “Сарлагийн орон” гэж хэлэлцдэг. Одоо тус суманд 400, 500 сарлагтай айл цөөнгүй бий.

Урьд Шиваа ширээтийн хүрээнд жил бүрийн зуны дунд сард Майдар бурхан эргэж, шашны цам дэглэхэд “сургуультай” сарлагийн цагаан, хар бухыг цамын дэгэнд гаргаж сүсэгтэн олныг гайхуулж бишрүүлдэг байсан тухай Чулуут нутгийн ахмад буурлууд хуучилдаг байсан нь маш сонирхолтой юм.

Гэтэл Монгол Улсад орчин үеийн циркийн урлаг үүсч хөгжин, анх сарлагийг тоглуулахад Чулуут сумаас авчирсан “Хургаа” гэдэг бөртэ цагаан сарлаг таарсан нь санамсаргүй хэрэг биш бололтой. Ерөөс сарлагийг ачилга уналгад өдөр тутам хэрэглэж, “сургаж” ирсэн энэ нутгийн ард түмний арга ухаан уламжлагдсан нь лавтай.

Энэ тухай 2004 онд улсын циркийн амьтан маллагчаар 30-аад жил ажилласан Бүрээгийн Дашбал гуай “Одоо манай циркт Билүүт, Асгат, Уянга гэдэг хоёр сарлаг, нэг хайнаг тоглож байна. Урьд нь Архангайн Чулуут сумаас авчирсан Хургаа, Их тамир сумын үржлийн станцаас авчирсан Тайхар гэдэг хоёр сарлаг байлаа. Энэ хоёр сарлаг бөгсөөрөө суудаг, бөмбөг түрдэг, бүжиглэж буй мэт тойрч давхидаг үзүүлбэр үзүүлдэг. Орос, Чех, Польш, Дани зэрэг улсад тоглож байсан. Манай Хургаа их номхон, ягаандуу бөөртэй цагаан сарлаг байсан юм” гээд тухайн үед Хургаагийн Оросын хэвлэлд гарсан зургийг надад үзүүлж билээ.

Нөгөөтэйгүүр, Сарлагийн сүү шимээр амь амьжиргаагаа залгуулдаг энэ нутгийн ард түмний бахархалт амьтан, бэлгэ тэмдэг бол яахын аргагүй сарлаг юм.

Баян Гочоо дайчингийн “зэрлэг” явсан түмэн бор сарлагийн удам улам улам, түм түмээр үржих болтугай

“Чулуут Чулуут” гэхийн учир

Эртнээс Сайн ноён хан аймгийн Цэцэн чин ван (Чулуут)-гийн мэхээртэй тос, Шивээ ширээт (Чулуут)-ийн ааруул хурууд, Далай чойнхор вангийн шар тос, Сүжигт бэйс, Ачит гүн, Зоригт гүний хошууны гүний айраг амт чанараараа нутаг усандаа төдийгүй хот хүрээ, зах зээлийн газраа их алдартай байжээ.

Социалист нийгмийн үед, Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ-Амьдрал” нэгд­лийн саальчид нэг үнээнээс 464-507 литр сүү саахын зэрэгцээ сүү тосны заводод тос масло боловсруулж төлөвлөгөө нормыг цаг тухайд нь давуулан биелүүлсэн амжилтаараа улс аймагтаа тэргүүлж байв. Мөн нэрт үхэрчин Ш.Ядамсүрэн ЗХУ(тухайн үеийн нэрээр)-ын “Алатау” үүлдрийн үхрийг сарлаг, хайнагийн үнээтэй эрлийзжүүлэн малын жин, сүүний гарцыг 70-80 хувиар нэмэгдүүлжээ. Ш.Ядамсүрэн гуайн, сарлаг, хайнагийн үнээг Алатау үүлдрийн бухаар хээлтүүлж, төлийнх нь мах сүүний гарцыг нэмэгдүүлж болох эсэхийг туршиж санаачилсан нь, манай улсад сарлаг үхрийг өндөр ашиг шимтэй үхэртэй эвцэлдүүлэх эх үүсвэр болсон юм.

Улмаар 1980-аад он гэхэд Чулуут сум түмэн сарлагтай болж, Шинэ-Амьдрал нэгдэл аж ахуйн хувьд бэхжиж, иргэдийн ахуй амьдрал сайжирч, манай улсын тэргүүний нэгдэлд тооцогдох болсон нь яах аргагүй энэ нутгийн ажилсаг түмний нөр их хөдөлмөрийн үр шим билээ.

Одоо ч Чулуутынхан энэхүү сайхан өв уламжлал, арга технологио алдалгүй сарлагийн өтгөн шаргал сүүгээрээ 30 гаран төрлийн цагаан идээ бэлтгэж, сарлагийн сүү, цагаан идээ үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлж, жил бүр нийслэл хотноо үзэсгэлэн худалдаа гаргаж хөдөлмөрчин олныхоо хүнс, цагаан идээний хэрэгцээг хангадаг сайхан уламжлалтай болжээ.

Энэ жил сумынхаа 90 жилийн ойд зориулж, сумын ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл “Чулуут-90” цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь нийслэлчүүдийн талархлыг хүлээсэн сайхан ажил боллоо.

Малчид цагаан идээгээр гурил будаа, хувцас хунар зэрэг ойрын хэрэглээний зүйлээ худалдан авахын зэрэгцээ илүүчлэн хураасан идээ цагаагаа зарж борлуулахад дундаж айл жилд 10 орчим сая төгрөгийн орлого олж байна.

Сүүлийн үед, цагаан идээг гэр ахуйн хүрээнд хийгээд зогсохгүй Чулуут суманд цагаан идээний жижиг дунд үйлдвэрлэлүүд буй болсон нь нэн чухал юм. Үүний нэг, Ч.Чимэддэлэг захиралтай “Ар Тусгалт” нөхөрлөл сүүлийн арав гаруй жилийн хугацаанд жилд дунджаар 30 гаруй тонн хэвийн болон хорхой ааруул үйлдвэрлэн аймаг нийслэлчүүдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ нутгийн залуусыг ажлын байраар хангах, амьдрал ахуйг дээшлүүлж буй шиг сайн жишээ улам олон болтугай.

Тал эвдэрвэл тамын ёроол сахина

Бараг л Чулуутынханд үлдсэн нэгэн биет бус соёлын өв бол эртний монголчуудын анд бололцох ёсны ул мөр болох “Тал бололцох ёс” юм.

Анд бололцох (тал бололцох) гэдэг нь төрөл садан бус боловч дотно итгэлцсэн хүмүүс хоорондоо ах дүү барилдах ёсыг хэлдэг байна. Тухайлбал:

“Бум-Эрдэнэ” туульд: Хажир хад, Бум-Эрдэнэд

“Хоёр төрсөн чи бид хоёр салах бүү хэл

Нэг төрсөн эрүү толгой хоёр салдаг” гэж,

Бум-Эрдэнийн эх Хажир хард

Алтан уургийг

Ариун цагаан хундганд хийгээд

Хар нүдний минь хараа болсон

Халуун зүрхний минь цусан болсон

Харах үрийн минь мах болсон

Хайрт сайн үр минь

Миний үртэй адил сайн үр болж

Алтан шар уургийг минь ид ид……гэж

МНТ-ны 181 дүгээр зүйлд: Тэмүүжин Сэнгүмд

Дээлтэй төрсөн хөвүүн би ажгуу

Нүцгэн төрсөн хөвүүн би ажгуу хэмээн хэлдгээс анд бололцох ёсны утга учрыг илүү ойлгох биз ээ.

Тал бололцох ёсыг үйлдэхдээ: Урьдаар тэдний аав ээж төрөл садангийн хүмүүс зөвшөөрч, өдөр судраа тохирч, товлосон өдөр аль дүү нь ахмадынхаа гэрт түрүүлэн очиж андын тангараг өргөж монгол ёс дагуу хоёул гарынхаа эрхий хурууг улаан утсаар холбон боож, эмээлийн тохмон дээр өвдөг нийлүүлэн суулгаж,

Тал эвдэрвэл тамын ёроол сахина

Сал эвдэрвэл далайн ёроол сахина хэмээх андгайн үгийг хэлж Эвийг засах хуурай Эвлүүлж наах даавуу Татаад тасрахгүй сур, морь (улаан ногттой цагаан зүсмийн) тэргүүтнийг солилцож тангарагладаг. Мөнхүү ёсыг гүйцэтгээд өргөн дэлгэр найр үйлддэг.

Бие биеэ “тал аа, тал ах аа”, талынхаа аав ээжийг “талын аав”, “талын ээж” гэж авгайлан дуудаж ажил төрөл, амьдрал ахуйдаа харилцан туслалцдаг ах дүүс манай нутагт олон. Энэ бол Чулуутынхны бие биеэ дэмжиж ирсэн нэгэн онцлог юм.

Чулуут голын цуурай, их хөдөлмөрийн уриа

Чулуут гол хангай нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч, Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч “Чулуут гол” болон 415 км урсаж, Идэр голын баруун талд очиж нийлнэ. Чулуут гол Тээлийн голын адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 50-60 м орчим хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана. Үүнийг Чулуутын хавцал гэж нэрлэдэг.

Чулуут гол, Чулуутынхны тухай нутгийн үргэлжилсэн үгийн зохиолын нэрт авьяастан О.Цэндийн “Эгийн саарал” роман, “Дулмаа олонтой нутаг”, Идээ сайхантай нутаг”, Чулуут голоор” өгүүллэг, Сарлагийн тухай дуу (Л.Ванганы хамт), Ардын уран зохиолч С.Эрдэнэ “Чулуут голын цуурай”, Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн “Чулуут голынхон”, Б.Бааст “Ар булангаар нутагтай ангууч Бэлэгтийнд”, зохиолч Ч.Уламбаяр “Хурал болох нутаг”, Жамцын Шагдар “Цэвэлдорж” зэрэг нийтлэл тэмдэглэлээс гадна А.Самбалхүндэв, Ч.Мягмарсүрэн, Ц.Бавуудорж зэрэг яруу найрагчдын шүлэг нутгийнхан төдийгүй нийтийн дуртай дуу болон хүн ардын сэтгэлд уянгалсаар байна.

Чулуут гол, Чулуут сумынхаа нэрийг үеийн үед цуурайтуулж яваа Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Доржпалам, Д.Дашжоо, Р.Зинээмэдир, гавьяат багш Н.Биндэръяа, хүний гавьяат их эмч Г.Дуламжав, В.Пунцаг, Д.Дагвасүмбэрэл, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Намбар, гавьяат механикжуулагч Х.Самбага, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Ренчинсамбуу, төрийн соёрхолт хүний их эмч Б.Батчулуун, төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид, Улсын аварга малчин Т.Маргид, Ш.Ядамсүрэн, Д.Дашжоо, Б.Авирмэд, Д.Гунгаабуу төлчин Б.Дуламжав, эрдэмтэн доктор Г.Ренчинсамбуу, Б.Бэхтөр, Б.Дамдинсүрэн, Г.Буянтогтох, Н.Аминдаваа, Г.Ёндонгомбо, В.Дагвийхорол, Ц.Эрдэнэчулуун, Б.Пүрэвдорж, Ц.Чимэдлхам, зохиолч О.Цэнд, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Монгол Улсын арслан С.Лундаажанцан, улсын заан Н.Мэнтэг, П.Ванчигжав, Д.Ванчинсүрэн, Д.Даваасүрэн, Т.Зундуй, улсын начин Г.Сүхбаатар, П.Моломжамц, Б.Амарзаяа нараараа нутгийн ард түмэн бахархаж явдаг юм.

Мөн Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Бүх цэргийн жанжны нэгдүгээр орлогч, Улс төрийн газрын дарга, Бүх цэргийн ерөнхий комиссар, Цэргийн яамны дэд сайд О.Дашчирав, Дотоодыг хамгаалах газрын орлогч дарга, партизан Сэрээнэнгийн Гиваапил, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, Ой мод, аж үйлдвэрийн яамны орлогч сайд асан Д.Сэд-Очир, Үйлдвэр худалдааны сайд асан С.Баярбаатар, УИХ-ын гишүүн Б.Болор нарын зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд энэ голынх оо.

МУИС-ийн багш Ч.БАТТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Ц.Ухаанзаяа: Болдог бол хүүхэд бүрийг баярлуулах юмсан


Хэнтий аймгийн Хэрлэн I сургуулийн 7а ангийн сурагч, дуучин, бүжигчин, уран нугараач Ц.Ухаанзаяатай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн сарын 19-нд “Ачийг тань хариулъя” нэртэй хандивын тайлан тоглолтоо Хэнтий аймагт хийж, орлогоороо аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн 16 орыг шинэчлэн, эмнэлэгт хэвтэж байсан хүүхдүүдэд гарын бэлэг, бусад зүйлсийг өгсөн юм.  

-Хүүхдийн баярын мэнд. Сайхан баярласан уу. Өнгөрсөн сард болж өнгөрсөн хандивын тайлан тоглолтын чинь талаар яриагаа эхэлье. Тайлан тоглолтын орлогоо аймгийнхаа төрөх эмнэлэгт хандивлах болон хүүхдүүдийг баярлуулах санаагаа хэрхэн олсон бэ?

-Сайхан баярласан. Жил жилийнхээс илүү онцлог, гоё баяр болж өнгөрлөө. Учир нь, баярлуулсан хүүхдүүд, найзууд болон ээж, аавууд нь утсаар болон мессэжээр баярын мэнд ээлж дараалан хүргэсэн. Тоглолтын хувьд аав, ээж хоёр маань миний тайлан тоглолтыг хийнэ гэж дандаа ярьдаг байсан юм. Тэгээд бид гурав нэг орой тэр талаар ярьж суутал аав “Охиныхоо тайлан тоглолтыг зүгээр нэг тоглолт болгоод өнгөрүүлмээргүй байна. Сэтгэлд нь хоногшсон, олон жил дурсан санах сайхан тоглолт хийе” гэсэн. Тэгсэн ээж маань “Тэгвэл тоглолтын зардлаа хүүхүүдэд болон аймгийнхаа зарим хэрэгтэй газарт хандивлая. Хүмүүст тус хүргэж, баярлуулсан баяр учраас хэзээ ч мартагдахгүй шүү дээ” гэсэн. Тэгээд л бид гурав тоглолтын орлогоо хандив болгоё гэж ярилцсан юм. Тэр үед зурагтаар “Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор” гээд мэдээ гарч байсан. Тэгээд бид аймгийнхаа эмнэлгийн төрөх тасагтай танилцахад дээр үеийн, муудсан, пүрштэй ортой байсан. Тэгээд л орлогоороо орыг нь сольж өгье гэж шийдсэн. 

Бас хүүхдүүдэд бэлэг бэлэглэж, тоглоомын өрөөг нь тохижуулсан гэсэн үү?

-Өрөө тохижуулж чадаагүй ээ. Боломж байсан бол тохижуулж, гоё болгоод өгөх юм зөндөө байна лээ. Гэхдээ “Хүүхдийн тасаг”, Уламжлалт анагаах ухааны төвийн дэргэдэх Хоол тэжээл, сэргээн засах сувилалд 300.000 төгрөгийн долоон төрлийн 22 тоглоом, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн түрдэг тэргэнцэр бэлэглэсэн. “Ачийг тань хариулъя” тоглолтын маань орлого 2.6 сая төгрөг болж, төрөх тасгийн 23 орны 16-г нь модон, шинэ ороор сольж өгсөн. 

-Тоглолтынхоо нэрийг яагаад “Ачийг тань хариулъя” гэсэн юм бэ?

-Аав, ээж, багш, ах, дүү хамаатан садныхан болон найз нөхдийнхөө хүчинд өдий зэрэгтэй боллоо. Тоглолт хийж, юу сурсан, мэдсэнээ харуулахын зэрэгцээ бусдад тусалж ачийг нь хариулъя гэж бодсон учраас ийм нэр олсон. Гэхдээ үүнийг бас аав, ээжтэйгээ ярилцаж шийдсэн. 

-Хэрвээ тоглолтын орлогоо хандивлахгүй байсан бол хамгийн түрүүнд юу авах байсан бэ?

-Тоглолтын хувцас. Тэгээд аав, ээж хоёртоо мөнгөө өгнө. Бас дугуйлангийн найзууддаа бэлэг авч өгөх байсан. 

-Мянга мянган хүүхэд болон томчууд чам шиг бусдад туслахыг хүсч, мөрөөдөж байгаа байх. Чамайг дуулдаг,  бүжиглэдэг бас уран нугардаг олон авьяастай, шилдэг сурагч гэж байсан. Авсан шагнал, оролцож байсан тэмцээн, уралдаануудаасаа дурдвал?

-Би нийслэлийн “Шилдэг сурагч”, Хэнтий аймгийн 2013 оны “Шилдэг сурагч”, Эрүүл мэндийн салбарын “Эх, хүүхдэд ээлтэй” сурагч болоод байгаа. Мөн Монголын Хүүхдийн төлөө үндэсний газрын “авьяас” алтан медаль, Монголын хүүхдийн ордны “эрдэм” алтан медаль, Монголын сурагчдын холбооны “авьяаслаг сурагч” алтан медаль, “Цэцгэн шүүдэр” уран нугаралтын улсын уралдааны хошой “алтан” медаль хүртсэн. Харин сонирхлын хувьд дуулж, бүжиглэж, нугардаг. Гурван настайгаасаа дуулж, ээж маань намайг “Алтан цом” улсын уралдаанд оролцуулж, тэргүүн байр эзлээд Хөх хот руу аялан тоглолтоор явснаар урлагт дуртай байх гараа маань эхэлсэн гэж боддог. Үүний дараа таван настайгаасаа уран нугаралтын дугуйланд явж, нугарч эхэлсэн. Бас цэцэрлэг, сургуулийн урлагийн арга хэмжээнд бүжиглэдэг. Уран нугаралтаараа ОХУ, БНСУ, Хөх хот зэрэг газруудад удаа дараа тоглолтоор явсан. Би Ц.Банзрагч багштай “Дэлбээ” хамтлагийн нугараач. Бас хулсан хуураар хуурддаг. 

-Чи Хэнтийд сургуульд сур­даг мөртлөө Улаанбаатар хо­тод байгаа нугаралтын дугуйландаа яаж явдаг юм бэ?

-Би гэртээ нугаралтаа давтдаг. Хагас, бүтэн сайн өдрөөр ихэвчлэн хот орж, дугуйландаа явдаг. Аав, ээж хоёр маань намайг нугарах дуртай болохоор  аль болох хүргэж өгөхийг хичээдэг. Эхэндээ хол явж дугуйланд хичээллэх хэцүү санагддаг байсан ч одоо бүр дасчихсан. Тоглолттой үеэр хотод байж дасгал, сургуулилтаа хийдэг. 

-Хотод хандивын тоглолтоо хийе гэж бодож байсан уу. Хүмүүст туслах, хүүхдүүдийг баярлуулахад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Хүмүүсийг баярлуулах л хамгийн гоё. Эмнэлэгт хэвтэж байсан хүүхдүүдэд бэлэг өгө­­хөд тэд чин сэтгэлээсээ баяр­лаж байгаа нь мэдрэгдэж, на­дад сайхан байсан. Тэгээд болдог бол хүүхэд бүрийг баярлуулж байх юмсан гэж бодогдсон. Хүүхдийн баяраар хүртэл хашаандаа тоглож байгаа хүүхдүүдийг хараад бэлэг өгөх юмсан, баярлуулах юмсан гэж бодогдсон. Хотод тоглолт хийх тухай бодоогүй юм байна. Ер нь цаашдаа бусдад тусалж, бусдыг чин сэтгэлээсээ баярлуулдаг бүхнийг хийнэ гэж бодож байгаа. Бас том болоод би эмч болно. 

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Л.Энэбиш агсаны хөшөөний байршлыг өөрчилнө

Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зарим хөшөөг шилжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосон байна. Энэ дагуу Баянгол дүүрэг 3,4-р хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчлэхтэй холбоотойгоор   Л.Энэбиш агсаны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 м орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар болжээ. Тус уулзварыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр ахуйн үйлчилгээний одоо байгаа тойрог замыг өөрчлөн 4 замын уузлвар болгож аль аль тал руугаа шууд гарах боломжтой болох юм.

Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг хуучин сууринаас баруун тийш  шилжүүлэн суурийг өндөрлөж, харагдах байдлыг илүү сүртэй болгохоор шийдвэрлэсэн хэмээн Нийслэлийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 метр урт, 1 чиглэлдээ 3 эгнээ нийт 6 эгнээ авто зам барихаас гадна Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ 3 эгнээтэй 0,74 км гүүртэй болох юм. Мөн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийднэ. Л.Энэбиш агсан болон залуу жанжин Ж.Лхагвасүрэн нарын ар гэрийнхэнтэй хотын ерөнхий менежер уулзан,  бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор хөшөөг шилжүүлэх, хаана, хэрхэн буцаан байршуулах талаар санал солилцож зөвшилцсөн гэнэ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элэгний С вирусын шинэ эмийг хямдралтай үнээр нийлүүлэхээр ярилцав

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн урилгаар элэгний C вирусын шинэ эм бүтээсэн “Gilead Sciences” компаний төлөөлөгч нар Монголд иржээ. Дэд сайдын АНУ-д хийсэн айлчлалийн хүрээнд хепатит вирусын эсрэг эмчилгээнд шинээр ашиглаж эхэлсэн эм/Sofosbuvir/, эмчилгээг манай улсад хямд үнээр нийлүүлэх давамгай эрх олгосон юм.

Өнөөдрийн уулзалтын үеээр “Sofosbuvir” эмийг хэрхэн Монголд бүртгүүлэх, шинэ эмийг гуравдагч улсад дамжуулан худалдаалахгүй байх талаар хэлэлцэж, эмийн үнийг 44 дахин хямдралтай худалдан авах тухайгаа дахин баталгаажууллаа.

Элэгний С вирүс нь Монголын хүн амын 15 хувийг хамарсан архаг халдварт өвчин юм. Тус эмийг манай улсад нэвтрүүлснээр С вирусын эмчилгээгээр дэлхийн хэмжээнд хүрч ажиллах боломж нээгдэж байгаа юм. “Sofosbuvir” эмийг манай улсад худалдаалагдах үнийг тооцохдоо нэг сарын эмчилгээ нь 300 доллар, 3 сарын эмчилгээ нь 900 доллар, 6 сарын эмчилгээ нь 1800 доллар болохоор тооцоолсон бөгөөд тухайн эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь 3 болон 6 сараар байх аж. Харин АНУ-ын зах дээлд зарагдаж буй үнэ нь 84 мянган доллар юм.

Уулзалтын үеэр “Гилеад сайнс” компани нэг нөхцөл тавьсан нь энэхүү эмийн төлбөрийг тусгай программын дагуу Монгол Улсын Засгийн газраас гаргуулах хүсэлтэй байна хэмээлээ. Үүнтэй холбоотой олон асуудлууд урган гарч ирэх бөгөөд үүнийг ЭМЯ  хууль, дүрэм журмийн дагуу нэн даруй шийдэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд дэд сайд “Монгол улсын одоогийн нөхцөл байдлыг харгалзан, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, манай улсад чухал хэрэгцээтэй байгаа элэгний С вирусын “Sofosbuvir” эмийг хямдралтай үнээр олгохоор болсонд талархал илэрхийллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр Улаанбаатарт бороо орно


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн дэд сайдад биеэ үнэлэгчээс мессэж иржээ

9911…, 9910, 9191…, 9111-тэй дугаар эзэмшигчдийн “эчнээ танил” болоод буй “Өргөө”-гийн биеэ үнэлэгч Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян руу мессэж бичжээ. Дэд сайд “Өргөө дээр дуудаад Ккк, би ичээд эхнэрээсээ айгаад” хэмээн жиргэсэн байна. 

Categories
гадаад мэдээ

Дөрвөн настай хүү аавынхаа гадаад паспортыг “засварлажээ “

Хятадын бизнесмэн Чен гэх залуугийн 4 настай хүү аавынхаа гадаад паспорт дээр зураг зурж, цээж зургийг нь танихын аргагүй болгосноос болж тэрээр Өмнөд Солонгост саатжээ. Чен хүүгийнхээ “уран бүтээлийг” хилийн шалган дээр л олж мэдсэн байна. Өмнөд Солонгосын гаалийн ажилтнууд түүнийг хил нэвтрүүлэхээс татгалзсан бөгөөд одоо тэрээр маш хэцүү байдалд ороод байгаа юм. “Уурлах ч хэцүү, инээх ч хэцүү байдалд орчихлоо. Гэхдээ хүү минь намайг учирч болзошгүй аюулаас сэргийлсэн гэдэгт би итгэж байна” гэж Чен хэлжээ.