Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг 21 хүүхдийг шалгарууллаа

Олон улсын болон  улс, хотын чанартай олимпиад, уралдаанд тэргүүлж, нэрээ гаргасан нийслэлийн 21 тэргүүний сурагчийг өчигдөр Улаанбаатар хотын  Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч, Засаг дарга Э.Бат-Үүлийн нэрэмжит шилдэг хүүхэд шагналыг гардууллаа. Тэдгээр сурагчдын хамгийн бага нь Франц  улсад зохион байгуулагдсан  төгөлдөр хуурчдын 17 дугаар “Гранд-Прикс”  уралдаанаас   алтан медаль авсан СБД-ийн “Хобби” сургуулийн II ангийн сурагч Э.Цогт,  тус уралдааны  дөрвөн гарын хослолын гранпри шагналт ХУД-ийн “Америк” дунд сургуулийн V ангийн сурагч  Г.Амарсанаа  нар байв.   Харин бусад 19 шилдэг сурагч нь  бүгд төгсөх ангийн хүүхдүүд байснаараа онцлог байлаа. Эдгээр хүүхдүүдээс дөрөв нь улсын олимпиадад тэргүүн байр эзэлсэн бол, 15 хүүхэд нь өнгөрсөн онд хотын  олимпиад, уралдаанд аварга болсон сурагчид юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Academy awards”-ын бүтээлийн бүртгэл явагдаж байна

Кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia 2014” наадам энэ сарын 14-нд зохиогдох гэж буй. Өчигдөр наадмыг зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ жилийн кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia” наадамд 2013 оны зургадугаар сараас 2014 оны зургадугаар сарын 8-ны хооронд нээлтээ хийсэн шинэ уран бүтээлүүд өрсөлдөх юм.  Одоогоор бүтээлүүдийн бүртгэлийг авч байгаа аж. Тус наадам нь шинээр дэлгэцнээ гарсан бүтээлүүдыг олонд түгээх, сурталчилах, уран сайхны, баримтат, богино хэмжээний киног кино архивт бүртгэж, шилдэг уран бүтээлчдийг тодруулж алдаршуулах зорилготой. “Academy awards Mongolia 2014” нь “Монгол шилтгээ”-нд болох бөгөөд 10, 11-нд наадамд өрсөлдөж буй бүтээлийн үзлэг болох аж. Энэ удаагийн наадамд шилдэг кино, шилдэг эрэгтэй, эмэгтэй дүр, шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүр, шилдэг найруулагч, шилдэг зураглаач, зураач, хөгжим, дуу, монтаж, шилдэг дууны найруулагч, зохиол, дүрсний эффект, Шилдэг нүүр будалт, баримтат кино, хөрөнгө оруулагч, богино хэмжээний кино гэсэн номиниацуудыг шалгаруулна. 

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит бус хурал үргэлжилж байна

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн үүрэг амлалт аваад буй Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх асуудлаар ээлжит бус хуралдааныг ойр ойрхон зарлаж хийх болсон. Энэ удаагийн хурлаараа дараах асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ №26

Хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

 

Хэлэлцэх
асуудал

Засгийн
газрын гишүүн

1.   
 

Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт
оруулах тухай хуулийн төсөл*

Д.ТЭРБИШДАГВА

2.   
 

Монгол, Оросын дунд хугацааны
хөтөлбөрийн тухай

Л.БОЛД

3.   
 

Аж ахуйн нэгжийн орлогын албан
татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналын тухай

Ч.УЛААН

4.   
 

“Дэмжлэг үзүүлэх захидал”-ыг
гаргахыг зөвшөөрөх тухай*

Ч.УЛААН

5.   
 

Эрдэнэт-Арц суурь боомтын чиглэлд
төмөр замын шинэ шугамын тухай

А.ГАНСҮХ

6.   
 

Тогтоол, тогтоолын хавсралтад
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай * (Төмрийн хүдэр)

       
Д.ГАНХУЯГ

7.   
 

Таван толгойн ордын талаар авах
зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл*

Д.ГАНХУЯГ
Н.БАТБАЯР

8.   
 

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Арьс шир)

Д.ГАНХУЯГ

9.   
 

Зээлийн шугам нээх тухай

Д.ГАНХУЯГ

10. 

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн
тухай хуулийн төслийн тухай*

Н.БАТБАЯР

11. 

Чөлөөт бүсийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийн тухай*

Н.БАТБАЯР

12. 

“Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг
хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл*

Н.БАТБАЯР

13. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй
холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төслийн үзэл баримтлалын төслийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

14. 

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус
хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

15. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачлан боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн төсөлд  Засгийн
газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*

Х.ТЭМҮҮЖИН

16. 

“Засгийн газарт чиглэл өгөх тухай”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газраас өгөх санал,
дүгнэлтийн тухай*

 Д.БАТ-ЭРДЭНЭ

 

Танилцуулах
асуудал

 

17. 

Авто зам, барилгын ажлын явцын
тухай

А.ГАНСҮХ

18. 

Авто замын засвар, арчлалтын явцын
тухай

А.ГАНСҮХ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Бямба гариг автомашингүй өдөр

Дэлхий даяар жил бүрийн 09 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Харин манай улс зургадугаар сарын 7 буюу ирэх бямба гаригийг “Авто машингүй өдөр” болгожээ. Энэ жилийн автомашингүй өдрөөр хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн олон ажил хийхээ Эрүүл мэндийн яамныхан хэвлэлийн хурлын үеэр онцлов. 

Энэ өдөрт зориулан “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулж, “Our Street Our Choice” буюу “Бидний гудамж Бидний сонголт“ гэсэн уриатайгаар тэмдэглэх гэж байна. 

“Авто машингүй өдөр”-өөр марафон гүйлтээс гадна талбайн зургийн уралдаан, дугуйн парад, дугуй роликны уралдаан, экстрим үзүүлбэр, урлагийн арга хэмжээ, Zumba бүжиг, хийн дасгал болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалт хийхээр төлөвлөжээ.Энэхүү арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн замын цагдаагийн газар зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулах аж. 

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл ордог юм. 

Сүүлийн жилүүдэд авто машины тоо нэмэгдэж, зам тээврийн хөдөлгөөний ачаалал ихэсч байгаатай холбоотой, замын түгжрэл, агаарын бохирдол тулгамдсан асуудлын нэг болоод байна. 2013 оны байдлаар нийт бүртгэгдсэн осол гэмтлийн шалтгаант нас баралтын 20.7 хувийг зам тээврийн осол эзэлж байна. Ялангуяа өсвөр үеийнхний нас баралтын дийлэнхи хувийг зам тээврийн ослын тохиолдол эзэлж байгаа юм. 

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНЭУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-ын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла Бин Зайд Аль Нахъяныг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад айлчлан ирсэнд нь АНЭУ-ын Гадаад хэргийн сайдад талархал илэрхийлж тавтай морилохыг хүслээ. Уулзалтын үеэр Монгол Улс, АНЭУ-ын хооронд сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нар 2001, 2007 онд АНЭУ-д айлчилж байсан, мөн Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүн тус улсад айлчилсан бол АНЭУ-ын зүгээс ч сайд нар Монгол Улсад айлчлан ирж байсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр үзүүлснийг онцоллоо.

Монгол Улс, АНЭУ-ын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа цаашид өргөжин хөгжих боломжтой талаар уулзалтын үеэр ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнх нь чин сэтгэлийн халуун мэндчилгээг Эрхэм дээд Эмир Шейх Халифа Бин Зайд Аль Нахъянд уламжлахыг уулзалтын төгсгөлд АНЭУ-ын Гадаад хэргийн сайдаас хүсэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарыг няцаав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлын үеэр “888 төсөлд шалгарсан төслийг зарна” гэсэн зар ор үндэсгүй гэж хэлээд “Орон нутгийн иргэдэд анхааруулах нь зүйтэй” хэмээн санууллаа. Засгийн газар 2014 оныг “Монголдоо бүтээцгээе” уриан дор үйлдвэрлэлийг дэмжих жилээр зарласан. Энэ хүрээнд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн төслийн уралдаан зарлахад 1150 төсөл ирсэн. Зорилгод нийцээгүй төслүүдийг хасч, 888 төсөл үлдсэн байна. 

“7,8 саяас 2 тэрбум төгрөг хүртлэх зээл хүссэн 579 төсөл бий. Эдгээр төслүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, аймаг, дүүргийн  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд Чингис бондоос тус бүр 1 тэрбум төгрөг шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэрлэлийн төслүүдээ санхүүжүүлэх учиртай” гэж Ерөнхий сайд хэллээ.

 Нийслэл, аймгуудад “Гудамж” төслийг хэрэгжүүлэх, 9 аймагт дулааны станц байгуулах, 16 суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэх, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар Улаанбаатар хоттой холбох, аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууц барих зэрэг ажлуудыг Ерөнхий сайд нэрлээд, эдгээрт онцгой анхаарал тавьж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгожээ. Энэ үеэр мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Аль болох үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авах, шаардлагагүй зарим импортын хэрэглээг багасгах”-ыг зөвлөлөө.

Categories
мэдээ улс-төр

Наадам хүртэл махны нөөц хангалттай гэв

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал 11-11 төвд ажиллалаа.

“Энэ жил улсын хэмжээнд 286.6 мянган га талбайд үр тариа, 10.0 мянган га талбайд төмс, 5.5 мянган га талбайд хүнсний ногоо, 65.0 мянган га талбайд тосны ургамал тариалжээ. 16.1 сая мал төллөснөөс 16 сая төл бойжиж байна” гэж тэр хэллээ.   

Өнгөрсөн намар 14.546 мянган тонн мах нөөцөлснөөс 9200 тонныг борлуулжээ. Наадам хүртэл махны нөөц хангалттай гэлээ.

Уламжлалт мал аж ахуйн салбараас гадна мах, сүү, ноосны чиглэлийн үүлдэр угсааны малын эрчимжсэн аж ахуйг түлхүү дэмжих бодлого баримталж байгаа. Газар тариалангийн салбарт ногоочдын үйл ажиллагааг механикжуулах, хүнсний ногооны зоорь барих зэрэг төслийг дэмжинэ. Хөнгөн үйлдвэрийн салбарт ноос, ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүн, ферм, хүлэмжийн аж ахуйд зориулж 270 тэрбум төгрөг, арьс ширний үйлдвэрлэлд 140 тэрбум төгрөг батлагдсаныг олгож эхлээд байна гэлээ.    

Малчдыг эдийн засгийн мэдлэгтэй болгоход анхаарч, түүхий эдээ Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулдаг болгож байна. Малчдын бүх гүйлгээ  тухайн хүний “Малчин данс”-аар дамжин хийгдэх бөгөөд ингэснээр бүх төрлийн зээл, хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болох юм гэж төрийн нарийн бичгийн дарга ярьсан юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалыг Засгийн газрын 11-11 төвд ажиллах үеэр 3000 орчим хүн холбогдож мэдээлэл авчээ.  

Categories
мэдээ улс-төр

Ногоон хөгжлийн үндсийг тавина

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  хуралдаанаар Ногоон хөгжлийн бодлогод анхаарал хандуулав. 

 “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан төслийг товч танилцуулсан.

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Иймд манай улсын хувьд ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлох зайлшгүй шаардлага тулгарч байгаа гэдгийг Байнгын хорооны дарга онцолсон юм.

Хэлэлцүүлгийн шатанд Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар Байнгын хороонд оруулж буй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд “Ногоон хөгжлийн үзэл баримтлал” болон “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр” гэсэн нэр томьёог нэгтгэн “Ногоон хөгжлийн бодлого” болгон өөрчлөх саналыг гишүүдийн олонх дэмжлээ. “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд стратегийн зургаан зорилтыг тодорхойлсон байна.

Бодлогын зорилго нь ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болоход оршиж байгаа аж.

“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хоёр үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. Нэгдүгээр үе шат нь Ногоон хөгжлийн үндсийг тавих үе буюу 2014-2020 он, хоёрдугаар үе шат Ногоон хөгжилд шилжих үе буюу 2021-2030 он хүртэлх хугацааг хамрах юм. Ингэснээр нэгдүгээр шатанд, өөрийн орны нөхцөлд тохирсон ногоон хөгжлийн загвар, хэм хэмжээг эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт бий болгож, ногоон хөгжлийг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй өрнүүлнэ. Мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж, бүс нутагтаа өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжиж, мэдлэгт суурилсан эдийн засаг төлөвшиж, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмаар байгальд ээлтэй, үр ашиг өндөртэй ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цэвэр үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж, нэгж бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Хоёрдугаар шатанд, хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, экосистемийн үйлчилгээний үр өгөөжийг ухаалгаар хүртэж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, өндөр үр ашигтай ногоон эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй тогтолцоо төлөвшсөн байна. Эдийн засгийн бүтцэд өндөр технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлж, ногоон эдийн засагт шилжих зорилт тавьжээ.

Хуралдаанаар тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал болон найруулгын шинжтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж дууссаны дараа төслийг бүхэлд нь дэмжих саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл танилцуулахаар болов. Тус байнгын хорооны хуралдаанаар мөн  “Малын индексжүүлсэн даатгал”-ын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.  

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 07-нд нийслэлийн төв замуудын хөдөлгөөнийг хаана

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийн “Автомашингүй өдөр” энэ бямба гаригт буюу зургадугаар сарын 07-нд тохиож байна.   энэ өдөр Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунел дотогш 08-17 цагийн хооронд автомашингүй бүс болгох юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа автомашинаас бусад тээврийн хэрэгсэлд энэ бүсчлэл хамаарагдана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Брюссельд Их долоогийн уулзалт эхэллээ

Брюссель хотноо Их долоогийн уулзалт эхэллээ. 17 жилийн дараа анх удаа дэлхийн тэргүүлэгч гүрнүүд ОХУ-гүйгээр уулзаж байгаа юм. Их наймын уулзалт Сочид болох ёстой байсан боловч Крымийн асуудлын улмаас  цуцлагдаж Их долоогийн төлөөлөгчид Бельгийн нийслэлд уулзахаар тохиролцсон билээ. Энэ үеэр улс төр, эдийн засаг, худалдаа болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангах асуудлаар хэлэлцэхээр болсон. Түүнээс гадна Украины хямрал болон ОХУ-тай харилцах харилцааны асуудлыг ч хэлэлцэх юм. 

Ю.ДЭЛГЭР