Categories
гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Хойд Солонгост айлчилж магадгүй

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-д айлчилж магадгүй байна. Энэ тухай Японы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч мэдэгдлээ. Саяхан Стокгольм хотноо хоёр талын хэлэлцээ хийж 1970-1980-аад онд БНАСАУ-ын тусгай албаныхны хулгайлсан Японы иргэдийн асуудлыг дахин шалгахаар тохиролцжээ. Үүний хариуд Япон 2006 онд БНАСАУ-ын эсрэг тавьсан хоригийг  хэсэгчлэн хүчингүй болгох санал дэвшүүлсэн байна. Түүгээр ч зогсохгүй Пхеньян хотноо байнгын төлөөлөгчийн газраа нээх асуудлыг ч хэлэлцсэн аж. Хэрвээ Японы Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ Хойд Солонгост айлчлах юм бол тус улсын удирдагч Ким Жөн Унтай уулзах нь гарцаагүй гэнэ. 

Categories
гадаад мэдээ

Украинд хоёр онгоц сөнөөжээ

Донецкийн Славянск хотын ардын журамт цэргийнхэн мягмар гаригт Украины нисэх хүчний хоёр онгоцыг сөнөөсөн билээ. Нэг онгоцыг сөнөөсөн нь тоосгон заводын орчим унасан байна. Нисгэгч нь шүхрээр буугаад зугтсан аж. Нөгөө онгоцыг нь Семеновка сууринд руу дайрсан учраас сөнөөжээ. Донецкийн сайн дурын журамт цэргийн төлөөлөгчийн мэдэгдлийн дагуу энэ сарын  3, 4-ний өдрүүдэд хоёр онгоц, хоёр нисдэг тэрэг дөрвөн хуягт техникийг устгажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Валютын нөөц хангалттай байгаа гэв

Валютын нөөцийг гурван сарын өмнөх байдлаар мэдээлэх хуулийн заалт байдаг аж. Ийм шалтгаанаар валютын нөөцийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл  энэ оны хоёрдугаар сарын сүүлийн байдлаар бид хэчнээн доллартай байснаа мэдэх боломжтой. Хоёрдугаар сарын сүүлээр валютын нөөц 2.2 тэрбум ам.доллар байж. Чингис бонд босгосны дараа валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ. ОХУ-ын Их өрийг төлсний дараа болон 1990-ээд онуудад валютын нөөц 160 сая ам.доллар болж, огцом буурч байж. 2.2 тэрбум долларын нөөцийг албаныхан ийм хүнд үед хангалттай нөөц хэмээн хэлж байгаа аж. 

Categories
гадаад мэдээ

Их долоогийн уулзалт эхэллээ

Бельгийн нийслэл Брюссельд Их долоогийн уулзалт өчигдөр эхэллээ. Сүүлийн 17 жилд анх удаа тус бүлгийнхэн чуулж байна. Оросын эрх баригчид Крымыг бүрэлдэхүүндээ  нэгтгэх болсноо мэдэгдсэн. Үүний дараа Их наймын гишүүн орнууд Оросыг гишүүнчлэлээсээ хасах тухай шийдвэр гаргаж байсан. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 24-25-ны хооронд Гааг хотноо болсон цөмийн аюулгүй байдлын асуудлаар Их долоо хуралдахдаа ийн шийдсэн. Төлөвлөгөө ёсоор Их наймын уулзалт Сочи хотноо болох байсан ч Крым, Украины асуудлаас үүдэн дээд хэмжээний уулзалтыг Их долоо болгож Брюссельд явуулахаар болсон билээ. Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтад тэргүүлэгч орны төрийн тэргүүнүүд гадаад бодлого, эдийн засаг, худалдаа болон эрчим хүчний аюулгүй байдлын тухай асуудлаар хэлэлцэнэ. Гэвч энэ удаагийн гол асуудал нь Украины хямрал болон тус улс ОХУ-тай харилцах харилцааны тухай хөндөх аж. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Европт хийх айлчлалаа Польшоос эхлүүлсэн. Тэрээр  Варшав хотноо Украины Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан П.Порошенкотой уулзсан байна.  Талууд Киевт үзүүлэх эдийн засгийн тусламжийн талаар хэлэлцжээ. Б.Обама, П.Порошенко нар Польшид коммунизм нурж унасны 25 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох үедээ ийн уулзсан аж. Петр Порошенко ирэх ням гаригт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх билээ. Уг ёслолд 20 гаруй орны Ерөнхийлөгч оролцох бөгөөд энэхүү арга хэмжээнд ОХУ-ын төрийн тэргүүнийг уриагүй байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ долоо хоногт ХБНГУ-ын канцлер А.Меркель, Их Британийн Ерөнхий сайд Д.Кэмерон, Францын Ерөнхийлөгч Ф.Олланд нартай уулзах юм. Тэрээр өнөөдөр Парис хотыг зорих бөгөөд дараа нь Нормандид холбоотны цэрэг буусны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм. Ажиглагчдын онцолж буйгаар энэхүү арга хэмжээний үеэр ганцаардаад буй Орос харилцан буулт хийсэн тохиолдолд буцан Их наймд нэгдэх боломжтой ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Academy awards”-ийн бүтээлийн бүртгэл явагдаж байна

Кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia 2014” наадам энэ сарын 14-нд зохиогдоно. Өчигдөр наадмыг зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ жилийн кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia” наадамд 2013 оны зургадугаар сараас 2014 оны зургадугаар сарын 8-ны хооронд нээлтээ хийсэн шинэ уран бүтээлүүд өрсөлдөх юм.  Одоогоор бүтээлүүдийн бүртгэлийг авч байгаа аж. Тус наадам нь шинээр дэлгэцнээ гарсан бүтээлүүдийг олонд түгээх, сурталчлах, уран сайхны, баримтат, богино хэмжээний киног архивт бүртгэж, шилдэг уран бүтээлчдийг тодруулж алдаршуулах зорилготой. “Academy awards Mongolia 2014” нь “Монгол шилтгээн”-д болох бөгөөд 10, 11-нд наадамд өрсөлдөж буй бүтээлийн үзлэг болох аж. Энэ удаагийн наадамд шилдэг кино, шилдэг эрэгтэй, эмэгтэй дүр, шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүр, шилдэг найруулагч, шилдэг зураглаач, зураач, хөгжим, дуу, монтаж, шилдэг дууны найруулагч, зохиол, дүрсний эффект, шилдэг нүүр будалт, баримтат кино, хөрөнгө оруулагч, богино хэмжээний кино гэсэн номинациудыг шалгаруулна.

Э.ЭРДЭНЭ

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос алсын тусгалтай пуужин бүтээнэ

Өмнөд Солонгос “газар-агаар” ангиллын алсын тусгалтай “L-SAM” пуужинг бүтээх ажилдаа орсон талаар “Кореа Таймс” сонин өчигдөр мэдээллээ. Түүнийг бүтээхийн тулд дотооддоо ашигладаг “L-SAM” системийг үндэс болгох гэнэ. Тус техник нь  40 км-ээс дээш өндөр дэх пуужинг онох чадалтай байх гэнэ. Уг төсөлд долоон жил зарцуулах бөгөөд 2023 он гэхэд армийн хэрэгцээнд ашиглахаар төлөвлөж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

“Авто машингүй өдөр” 7-нд болно

Жил бүр Улаанбаатар хотын төв замыг хааж, “авто машингүй өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Эл өдөр энэ бямба гаригт буюу 7-нд тохиож байна. Өнгөрсөн оны байдлаар бүртгэгдсэн нийт осол гэмтлийн шалтгаант нас баралтын 20.7 хувийг зам тээврийн осол эзэлжээ. Хүүхэд, өсвөр үеийнхний дунд бүртгэгдсэн осол гэмтэл 2008 онд 10 мянган хүн амд 311.4 байсан бол 2013 онд 533.7 болж өсчээ. Мөн авто машины тоо нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн хөдөлгөөний ачаалал буюу замын түгжрэл, агаарын бохирдол ихсээд байна. Эдгээр асуудлыг бууруулах зорилгоор энэ өдөрлөгийг зохион байгуулах юм. 

“Автомашингүй өдөр” марафон гүйлт, хүүхдийн талбайн зургийн уралдаан, дугуйн парад, дугуй роликны уралдаан, экстрим үзүүлбэр, урлагийн арга хэмжээ, Zumba бүжиг, хийн дасгал болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалт зохион байгуулагдах аж. Энэ өдөр “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг мөн зохионо. Уг тэмцээнийг “Бидний гудамж Бидний сонголт” уриатайгаар тэмдэглэх аж. Нэг өдөр авто машины хөдөлгөөнийг хязгаарласнаараа агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог тодорхой хувиар бууруулж чадна гэсэн зорилттой байгаа гэнэ. 

Б. ТЭРГЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс, БНХАУ-ын харилцааны өөрчлөлт, хөгжил

Баабар ингэж өгүүлэв

-“ХЯТАД БА ХӨРШ ОРНУУД” ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ-

МОНГОЛ УЛСЫН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААНЫ ТАЛААР ТОВЧХОН

Монгол Улс эдүгээ 157 улстай дипломат харилцаатайгаас 10 улстай түншлэл тогтоогоод байгаа ба гурав нь стратегийн түнш улс юм. Хятад, ОХУ, Япон улстай стратегийн түншлэл тогтоосон ба АНУ, БНСУ, Герман, Энэтхэг, Түрэг гэсэн таван улстай иж бүрэн түншлэл, Австрали, Канад улстай өргөтгөсөн түншлэл тогтоон хөгжүүлж байгаа нь манай гуравдагч хөршийн бодлогын хүрээнд багтаж буй орнуудтай байна. 

Монгол Улсын стратегийн түншлэл тогтоосон орнуудтай харилцаж буй байдлаас ажиглавал дараахь онцлогтой байна. Үүнд: 1) Өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжих, 2) Эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, 3) Иргэдийн солилцоо, соёлын харилцаа нягтрах, 3) Бүс нутаг, олон улсын асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн үндсэн агуулгатай байна.

Иж бүрэн түншлэл тогтоосон орнуудыг харвал хэдийгээр иж бүрэн гэж нэрлэж буй ч одоогийн байдлаар аль нэг салбарт түлхүү хамтран ажиллаж буй хандлага байна. Тухайлбал АНУ-тай батлан хамгаалах салбарт, БНСУ-тай эдийн засаг, соёлын салбарт, Энэтхэг, Түрэгтэй нийгэм соёлын салбарт түлхүү харилцаа хөгжүүлж байгаа бол харин Герман улстай бүх салбарт жигд сайн харилцаа хөгжүүлж байна.

ТЭНЦВЭРТЭЙ ГАДААД БОДЛОГЫН ЧУХАЛ ЦЭГ – ХЯТАДТАЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА

Монгол Улс хоёр хөрштэйгээ стратегийн түншлэл тогтоон хөгжүүлж байгаа нь учир шалтгаантай. Монгол Улсын хоёр хөрш оронтойгоо харилцах бодлого Монголын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлд шууд нөлөө үзүүлдэг. Иймд ЗХУ задарсны дараа олон улсын харилцааны шинэ нөхцөл байдалд хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцахыг гадаад бодлогын тэргүүн зорилт болгосон юм. Монгол Улс 1990-ээд оны эхээр шинээр тодорхойлсон гадаад бодлогодоо энэ тухай зааж, Хятадтай хэрхэн харилцах тухайд бодлогын хоёр гол суурь баримт бичигт тусгаж өгсөн билээ:  

1. Үндэсний аюулгүй байд¬лын Үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ … бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ” (3.1.1.4),

2. Гадаад бодлогын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ” (14.1) хэмээн заажээ. 

Энэ суурь баримт бичгүүдийн дагуу эдүгээ хоёр хөшртэй улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, нийгэм соёл гээд бүх салбарт жигд хамтран ажиллаж, хоёр талын харилцаагаа гүнзгийрүүлж байгаа билээ. Ингээд Монгол Улс 2009 онд ОХУ-тай, 2011 онд БНХАУ-тай стратегийн түншлэл тогтоожээ.

Монгол Хятад хоёр улс 1994 онд Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш 17 жилийн дараа Стратегийн түншлэл тогтоосон байна. Энэ хооронд хоёр улс сайн хөршийн найрсаг харилцаагаа сайн хөршийн харилцан итгэсэн түншлэл (2003 онд) болгон дээшлүүлж, улмаар стратегийн түншлэл (2011 онд) болгосон билээ. 

Энэ хугацаанд буюу сүүлийн 20 гаруй жил хоёр талын харилцаанд дараахь өөрчлөлтүүд гарчээ. Үүнд: a) Хоёр талын харилцаа улс төрийн салбараас эхлээд бусад бүх салбарт жигд байдалтай хөгжих болсон. b) Эхэн үед аюулгүй байдлын хүчин зүйл давамгай байсан бол харилцааны шат ахихад эдийн засгийн хүчин зүйл давамгайлж ирж байна. c) Бүс нутаг дахь хамтын ажиллагаа улам идэвхжиж ирэв.

Ийнхүү хоёр улс стратегийн түншлэл тогтоосноос хойш хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хөгжсөнөөс гадна Монгол, Хятадын харилцаанд тулгардаг асуудлын хүрээ ч хумигдаж иржээ. Стратегийн түншлэл тогтоохоос өмнө Хятадын тал 2000-аад оны эхэн, дунд үед хоёр улсын харилцаанд тулгарч буй асуудалд хоёр орны иргэдийн итгэлцэл дутмаг, Монгол Тайваний харилцаа, Монгол АНУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэргийг оруулдаг байсан. Харин эдүгээ зөвхөн иргэдийн итгэлцэл болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг дэвшүүлэх болов. 

ДҮГНЭЛТ

Монгол Улс, БНХАУ харилцаагаа бүрэн сэргээгээд хорь хүрэхгүй жилийн дотор стратегийн түншлэл тогтоон хөгжүүлж байгаа нь томоохон амжилт билээ. Монгол, Хятад хоёр улс тус тусын гадаад бодлогодоо үндэслэн стратегийн түншлэл тогтоосон, өөрөөр хэлбэл ашиг сонирхлын давцлын илрэл юм.

Монгол Улс, БНХАУ хоёр стратегийн түншлэлийг гурав дахь жилдээ хөгжүүлж байгаа буюу харьцангуй залуу харилцаа гэж хэлж болох бөгөөд хоёр талын хамтын ажиллагаанд анхаарах зүйлс бий. Гэсэн ч энэ хугацаанд хоёр улсын харилцаанд тулгамддаг асуудлын тоо хэмжээ өмнөхөөс цөөрч, агуулга нь язгуур эрх ашгийг хөндсөн сэдэв гэхээс илүү хоёр талын хөгжил цэцэглэлтэй холбоотой нийгэм, эдийн засгийн сэдэв байх боллоо. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн “Монгол, Хятадын харилцаа түүхийнхээ хамгийн сайн үед байна”, мөн Хятадын дарга Си Зиньпиний хэлсэнчлэн “Өнөөгийн Монгол, Хятадын харилцаа тус бүс нутгийн хамгийн эв зохицолтой харилцааны нэг болж чаджээ”.

2014.5.26

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Г.Тогтохбаатарыг томилж магадгүй нь

Монголын хөрөнгийн биржийн өнөөг хүртэл эзэнгүй байгаа гүйцэтгэх захирлын суудлын асуудлыг төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтаар шийдвэрлэхээр болсон. ТӨХ-ноос биржийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад долоон хүн өрсөлдсөнөөс О.Сайнжаргал хамгийн өндөр оноо авсан юм. Биржийн захирлаар хэн нэгнийг томилох шийдвэрийг Сангийн яам гаргадаг бөгөөд АТГ болон СЗХ-ны дүгнэлтийг үндэслэдэг аж. ТиймээсТөрийн өмчийн хорооноос сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан, тус хорооны мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сайнжаргалын тухай мэдээллийг АТГ болон СЗХ- нд хүргүүлсэн байна. Харин АТГ- аас түүнийг сонгон шалгаруулалтын зарим шаардлагыг хангаагүй гэдэг тодорхойлсон гаргасан аж. Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ үзүүлэх мэргэжилтний эр хаваагүй гэж дүгнэжээ. Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар О.Сайнжаргалын дараа орсон хүнд Монголын хөрөнгийнбиржийн гүйцэтгэх захирлаар томилогдох боломж нээгддэг байна. Г.Тогтохбаяр оноогоороо хоёрдугаарт орсон гэнэ. Тэрээр Монголбанкинд 15 жил ажилласан юм байна. Г.Тогтохбаяр 2007 оноос хойш Монгол банкны Дотоод аудитын газрын захирлаар ажиллаж байгаа аж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монголчууд аливаад үнэнч хандана гэдгийг мэддэг болов уу?

Аливаад чин үнэнчээр хандаж, өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг гаргана
гэдэг “уул шугамандаа” бол сайнсан. Гэвч манайхан хэзээд ч чин сэтгэлээ бусдад үзүүлж,
хэн нэгэнд мэдрүүлдэггүй. Дандаа л худал хуурамч сэтгэлээ олны өмнө дэлгэж, нэг
л их өө сэвгүй цэвэр цэмцгэр хүн болж хувирах нь бий.

Үнэн чанартаа чин сэтгэл гэдэг юугаар ч үнэлшгүй эрдэнэ байдаг. Ингэхэд
“юугаар ч үнэлшгүй” гэдэг үг бас буруу юм. Хэн нэгэн найрагчийн ухаандаа,билэг туурвилын
төлөө шаналж явдаг миний бүтээл туурвилыг алт, эрдэнэстэй зүйрлэвэл би лав дургүйцнэ.
Ядмаг амьтан даа гэж байгаа ч юм шиг юм нэг л ёозгүй санагдана биз дээ.

Саяхан даа, зохиолчдын гар бичмэлийг хавсаргасан “Монгол найргийн
сувдан шастир” гэсэн ном гарсан. Уг номонд энэ цагийн бүхий л нэртэй зохиолчид шүлэг
найргаа гараар бичиж оруулсан байна лээ. Харин Д.Урианхай зохиолч л гар бичмэлийн
анхны хувилбар гэдгийг нь үнэнчээр гаргасан байгаа юм.

“…Аялгуу сайхан монгол хэлээр хүмүүс ярьж л байвал би амьд явна

Тэр хэлэнд би хачин их хайртай

Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна

Тэр оронд би хачин их хайртай

Хайраар би амьдардаг аа” гэх “Мөнхийн шалтгаан” шүлгийнхээ эх нооргийг,
балласан, зассан, шинээр сэргээсэн бүгдтэй нь номонд хэвлүүлжээ. Бусад нөхөд маань
шүлгийнхээ эх нооргийг бус зүгээр л шүлгээ хуулаад, гараараа бичээд л өгсөн байна.
Үүнээс нэг зүйл нэвт шувт уншигдсан хэрэг л дээ. Манайхан аль ч салбартаа үнэнч
байна гэдэг худлаа болжээ. Бүгд л хуурамч, нэг л цэмцгэр гялтганаж, гялалзсан гоё
ганган хээнцэр хүмүүс. Уран бүтээлчдийн гараар бэлдээд өгсөн бүтээлээс Д.Урианхайн
баллаж цохлосон эх ноорог ямар үнэн, ямар гоё, ямар хайр хүрмээр харагдсан гэж санана.

Н.ГАНТУЛГА