Categories
гадаад мэдээ

Их долоо ОХУ-д шаардлага хүргүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Европын орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Белгийн нийслэл Брюссель хотноо “Их 7” уулзалт зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Тус уулзалт хямралыг далимдуулж Крымийг өөртөө нэгтгэсэн Оросыг буруутгасан өнгө аястай үргэлжилжээ. Тэд Крымийг Украинд нэгтгэх нь зөв хэмээн үзэж, Орост шаардлага хүргүүлсэн байна. Канцлер Ангела Маркел “Путин зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Хэдий бүх нийтийн санал асуулга явагдаж Крым Оросын их газартай нэгдсэн ч Путин тус газар нутгийг Украинд  өгөх хэрэгтэй. Бидний саналыг эсэргүүцсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах болно” гэжээ. Герман, Франц, Канадын удирдлагууд Орост шинэ хориг тавих санал гаргасан байна. Харин АНУ, Японы удирдлагууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах санал гаргасан гэнэ. Их гүрнүүдийн уулзалтад сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа ОХУ оролцсонгүй. 

Categories
мэдээ нийгэм

“Зэс-Эрдэнийн хувь” ХХК Хөгжлийн банкнаас 40 сая ам.доллар хүсчээ

“Зэс-Эрдэнийн хувь” ХХК Орхон аймгийн ИТХ-ын дарга болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагуудад хүсэлт тавьжээ. Тус компани катодын зэс боловсруулах үйлдвэр барих бөгөөд үүний техник, эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын Бээжин хотын уул, уурхай, металлургийн судалгааны ерөнхий институттэй хамтран боловсруулсан байна. Жилд 5000 тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх урьдчилсан тооцоо байгаа бөгөөд энэ үйлдвэрийг барихад 40 сая ам.доллар шаардлагатай аж. Энэ мөнгийг Хөгжлийн банкнаас хүсэхэд, тус банк юуны өмнө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байр сууриа нэгтгэ гэжээ. Учир нь барих гэж буй үйлдвэрийн нийт зардлыг “Зэс Эрдэнийн хувь” ХХК дангаараа гаргах уу, эсвэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтрах уу гэдгээ эхлээд зөвшилцөх шаардлагатай ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: www.medee.mn 

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах наадам хүртэл дуусахгүй

Улсын хэмжээнд энэ жил нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн. Ирэх долдугаар сарын дунд хүртэл нөөцийн махаар хангана гэж албаныхан хэлж байна. Оны эхэнд нөөцийн махны борлуулалт муу байсан бол сүүлийн үед сайжирч эхэлжээ. Нэг кг үхрийн махыг 5950 төгрөг, ямааны махыг 4900 төгрөг, хонины махыг 5750 төгрөгөөр худалдаж байгаа аж. Одоогоор нийт бэлтгэсэн нөөцийн махны 66 хувийг худалджээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд борлуулалт нэмэгдэж, өдөртөө 100-120 тонн нөөцийн мах борлуулсан дүнтэй байна. Нөөцийн махыг  Улаанбаатар хотод 350 цэгээр, Дарханд 110, Эрдэнэтэд 33 цэгээр худалдаж байна. Мөн долоо хоног бүрийн баасан, бямба, ням гарагт томоохон худалдааны төвүүдэд өртгөтгөсөн худалдаа зохион байгуулж, нөөцийн махыг гулуузаар болон жижиглэнгээр худалдаж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатарын өмгөөлөгчид халджээ

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг АТГ-аас цагдан хориод хоёр сар гаруй болж байна. Энэ хугацаанд түүний ар гэрийнхэн болоод өмгөөлөгч, хамтран ажиллаж байсан хуульчид Цогтбаатарыг заавал цагдан хорих шаардлагагүй, хүний эрхийг зөрчиж байна хэмээн мэдэгдэж ярилцлага өгч байсан билээ. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Баянбилэг рүү үл таних этгээд дайрч, толгой нүд рүү хүчтэй цохиод зугатжээ. Үүний улмаас өмгөөлөгчийн зүүн нүд  болон тэр орчмын яс нь бэртэж гэмтсэн байна. Гэмтлийн эмч нар Г.Баянбилэгийг яаралтай эмчилгээ хийлэхгүй бол хараанд нь нөлөөлөхийг анхааруулжээ. 

Дашрамд дуулгахад, Д.Цогтбаатарыг хэдэн хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа боловч жил гаруйн хугацаанд аль нь нотлогдоогүй байгаа юм. 

Categories
мэдээ нийгэм

“Хонхны дуу”-гийн Цогоогийн хөшөөг Булганд сүндэрлүүлнэ

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлч, Хөгжмийн зохиолч С.Цогтсайхан агсаны гэрэлт хөшөөг Булган аймгийн Булган суманд байгуулахаар болжээ. Энэхүү ажлыг Булган аймгийн Ардчилсан холбооны анхдагчид 2010 оноос санаачилснаар зураг төсөл, газрын асуудал нь шийдэгдсэн байна.  1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны хүйтэн жавар, салхитай өдөр дуулж байх үеийн түүхэн зургаас сэдэвлэн хөшөөний зураг төсөл, макетийг гаргажээ. Хөшөөний суурийн дээд голд МоАХ-ны анхны тэмдэг болон түүний хоёр тал руу далавчилан намирах хадган дээр дууны давалгааг дэмжин босож буй хүмүүсийн дүрсийг илэрхийлжээ. 

Тэмдэгний доор “Хонхны дуу”-ны үгийг бүрэн эхээр нь МоАХ-ны тэмдгийн хамт алталсан үсгээр бичих аж. Уг хөшөө нь суурийн хамт 7,3 метр өндөртэй байх нь. Зохион байгуулах ажлын хэсгийнхний зүгээс МоАХ-ны гишүүд, дэмжигчдээс журмын нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулж сэтгэлийн хандив өргөхийг уриалж, хандивын аян өрнүүлж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Амарсайхан агсантай холбоотой шүүх хурлыг хойшлууллаа

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхт Их хэмжээний мөнгө угаасан, авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад байгаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх хурал эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу хурлыг зургаадугаар сарын 11 хүртэл хойшлууллаа. Нүүх хурал өнгөрсөн сарын 21-нд болох байсан ч шүүгчдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон юм. Энэ хэрэгт Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нарын дөрвөн хүнийг шүүгдэгчээр татаад байсан билээ.  Шүүхээс А.Чандманыг батлан даалтад гаргахаар болсон байна. 

Categories
мэдээ нийгэм

Импортын тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө

УИХ-ын өнгөрсөн сарын 9-ний өдөр Баянзүрх дүүрэгт барих Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсан. 

Энэ хуульд уг дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батлахаар зохицуулсан байна. Хуулийг 12 дугаар  сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх юм байна. 

Categories
мэдээ нийгэм

“Саусгоби сэндс”-ийг аль улсын компанид зарах нь тодорхойгүй байна

“Саусгоби сэндс” -ийг  Хятадад  зарж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж буй. Тус компанийн зүгээс  “Саусгоби сэндс” компани алдагдалд орж үйл ажиллагаа нь доголдож эхэлсэнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигч “Туркоиз Хилл ресурс”  хувьцаагаа зарах тухай мэдэгдэл гаргасан нь үнэн гэдгийг баталж байна. Гэхдээ хэн авах нь тодорхойгүй байгаа аж.   

Categories
мэдээ нийгэм

Батаарыг хулгайлсан америк эр гурван сарын хорих ял авлаа

70 сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн ясыг манай улсаас хууль бусаар гаргаж, АНУ-д сая гаруй ам.доллараар худалдах гэж байсан  Эрик Прокопид НьюЙорк мужийн шүүхээс гурван сар хорих ял оноосон байна. Э.Прокопиг 2012 оны аравдугаар сард баривчилсан юм. Тэрээр  хоёр сарын дараа хэргээ хүлээжээ. Э.Прокопи шүүх хуралдааны үеэр “Буруу зүйл хийснээ хүлээж байна. Хийсэн хэргээ хэчнээн муу үр дагавартайг тооцоолоогүй нь миний буруу” гэжээ. Америк эр  Батаараас гадна Тиранозаврын төрлийн өөр нэг үлэг гүрвэлийн бүрэн шахам арга яс, нисдэг үлэг гүрвэлийн чулуужсан яс зэрэг палеонтологийн 18 үнэт олдворыг хууль бусаар зөөвөрлөж, дамлан худалдсан байна. 

Categories
гадаад мэдээ

Хил зөрчигч хүүхдүүд Обамагийн санааг зовоож эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-Мексикийн хил дээр үүсээд буй хямралыг шийдвэрлэх зорилгоор төсвөөс нэмэлт хөрөнгө гаргах саналыг өнгөрсөн даваа гарагт Конгресст гаргажээ. АНУ-ын хил хамгаалах байгууллагын гаргасан тайланд Өмнөд Америкийн орнуудаас эцэг, эх хараа хяналтгүй хүүхдүүд хил зөрчих явдал огцом өсч, сүүлийн наймдугаар сард хил зөрчигч хүүхдүүдийн тоо 47 000  болжээ. Тэд нөхцөл байдал хямралын түвшинд хүрсэн гэж дүгнээд байгаа юм.  

Одоогийн байдлаар тус улсын хилийг зөрчин орж ирсэн 60 мянга орчим хүүхдийг байрлуулах, хооллох, гэр оронд нь буцааж илгээхэд зориулан 2.8 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ тоо цаашид эрчимтэй өсөх хандлага ажиглагдсан учраас нэмж 1.4 тэрбум доллар хэрэгтэй байгаа аж. Ийм шалтгаанаар конгресст ханджээ. Хил зөрчигч хүүхдүүдийг одоогоор цэргийн хоёр ч баазад түр байрлуулж байна. Хүүхдүүдийн ихэнх нь АНУ-д хууль бусаар оршин сууж буй эцэг, эхийгээ зорьж ирдэг гэнэ. Эцэг, эхийг нь  олж уулзуулсны дараа тэднийг АНУ-аас албадан гаргадаг байна. Хил зөрчигч хүүхдүүдийн 90 орчим хувь нь Хондурас, Гуатемала, Эл Салвадор зэрэг орноос ирдэг аж.