Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элэгний вирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?


Элэгний вирусээс хэрхэн урьдчилан сэргийлж, халдвар авахгүй байх арга замуудын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Мэндсайханаас  тодрууллаа. 

-Манай улс дэлхийд элэгний В, С вирусийн халдвар хамгийн өндөртэй оронд тооцогдож байгаа гэсэн. Хүн амын хэдэн хувь нь элэгний вирусийн халдвартай вэ?

-Манай оронд 2013 оны байдлаар нийт хүн амын дунд гепатитийн С вирус 15.6 хувь, элэгний В вирус 11.8 хувь, Д буюу дельта вирусийн халдвар 4.8 хувийн тархалттай байна. Энэ нь дэлхийн дунджаас зургаа дахин өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, арван таван хүн тутмын нэг нь элэгний  С вирусээр халдварласан гэсэн үг. Энэ бол аюул. Өндөр хөгжилтэй оронд элэгний вирустэй бол ХДХВ халдвартай адилтгаж үздэг. Эмчлэх бүхий л арга хэрэглэдэг юм билээ. Манайд даанч ард иргэд маань, эрүүл мэндийн байгууллагынхан үүнд дасал болчихсон байна.

-Элэгний В, С вирус хүнд ямар замаар халдварлаж байна вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

-Ерөнхийдөө элэгний үрэвсэл үүсгэдэг есөн төрлийн вирус (А,В,С,D,Е,G,F,TT)  байдаг. Эдгээрээс манай оронд А,В,С,D вирусийн халдварууд зонхилон тохиолддог. Элэгний В.С.Д /дельта/ вирус бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр, мэс заслын үед, зүү тариураар ихэнхдээ халдварладаг. 

-Дээр үед зүү,  тариур буцалгаж хэрэглэдэг байхад зүүнээс халддаг байсан. Одоо тийм зүйл байхгүй болсон гэж хүмүүс ойлгож байгаа. Тэгвэл одоо ч зүүнээс халдвар тарах эрсдэл бий гэсэн үг үү?

-Тиймээ. Ялангуяа мэс ажилбар  хийх, шүд авахуулах, хануур хийлгэх, зүү тавиулах, шивээс хийлгэх, гоо сайхны мэс засал хийлгэх гээд энэ бүхний цаана элэгний вирус халдварлах магадлал маш их байдаг. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн багаж хэрэгслийг олон удаа дамжуулан хэрэглэх, ариутгал дутуу хийгдсэнээс ийм эрсдэл гардаг. Тэгэхээр иргэд шүдээ авахуулахаасаа өмнө ямар байна, сарын дараа ямар байна вэ гэдгийг харьцуулж үзсэн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Шүд авахуулахаасаа өмнө С  вирус  байхгүй  байж  байгаад  сар,  зургаан  сарын  дараа  вирус  илэрвэл шүдээ авахуулахад нь халдвар дамжсан гэсэн үг. Мөн хагалгаанд орохоос өмнө С вирусгүй  байлаа.  Гэтэл  хагалгааны дараа  гурав  юм уу,  зургаан  сарын дараа вирус  илэрвэл  хагалгаанд  орохдоо  мэс  ажилбараас халдвар авсан гэж мэдэх боломжтой. 

-Хүмүүс элэгний вирусийн халдвар  аяга, бохир гараар дамжиж байна гэж ярьж байна.  Ялангуяа айраг уухдаа нэг аягаар дамжуулснаас болж халдвар авч байна гэсэн яриа гарсан байна лээ. Ийм замаар халдвар тарах уу?  

– А, В, С, Д вирусийн халдвар өөр өөр замаар халдварлана. А вируст гепатит  өвчтөний биеэс өтгөнөөр нь ялгаран гарч, хөрс, ус, хүний гар, ахуй орчны эд юмс, хүнсийг бохирдуулж тэдгээрээр дамжин эрүүл хүний хоол боловсруулах замаар орж өвчлүүлдэг. А вируст гепатитын эсрэг вакцин тариулах, гараа бохирдсон тухай бүрт нь тогтмол угаах, хувийн эрүүл ахуй, ариун цэврийг сахих, түүхий ус, цэвэрлээгүй жимс ногоо хэрэглэхээс зайлсхийх, ил задгай газарт худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх зэргээр анхаарч болно. Харин В, С вируст гепатит өвчнийг үүсгэгч вирус нь шинжилгээгүй цус, цусан бүтээгдэхүүнээр, бохир буюу хангалтгүй ариутгасан эмнэлэг, гоо сайхны багаж хэрэгслүүд, шүдний сойз, сахлын хутга бусад хувийн хэрэглээний багажийг дамжуулж хэрэглэх явцад шарх, шалбархайгаар дамжин халдварладаг. Мөн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох бас вирус тээгч, өвчтэй эхээс урагт дамжин халдварлана. Тиймээс тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх, хамгаалалт хэрэглэх нь чухал юм. Гадаад орчинд элэгний В, С вирус тэсвэргүй байдаг тул бохир гараар дамжихгүй. Аяга, сав суулгаар дамжихгүй гэсэн үг. Харин анхааруулж хэлэхэд эмэгтэйчүүд чихээ цоолуулах, хөмсөг шивүүлэх, арьсаа татуулах гээд гоо сайхны хагалгаа хийлгэхдээ тухайн үйлчилгээний газраас  багаж хэрэгслээ ариутгасан эсэхийг асууж, зохих  шаардлагыг тавьж байх нь чухал. Нэмж хэлэхэд хүүхдүүдээ А, В вирусийн вакцинд хамруулснаар урьдчилан сэргийлж чадна. 

-Элэгний вирус эдгэрдэггүй гэдэг. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Элэгний вирус бие махбодид орчихсон л бол ханиадны вирустэй адил эм уугаад дарагдана гэж байхгүй. Элэгний вирусийн хамгийн аюултай нь үүнд байгаа юм. Нэгэнт орчихвол насан туршид нь байж байгаад тэр хүнийг элэгний хавдартай, эсвэл хатууралтай болгоно. Тиймээс вирус орсон тохиолдолд идэвхжүүлэхгүй, тогтоож барих нь чухал. 

-Элэгний өвчлөл аль насныханд элбэг байна вэ?

 -1996 он  хүртэл бид дандаа буцалгасан тариур хэрэглэж байсан. Тэр үеийн халдвар авсан хүмүүс одоо 50, 60 настай болсон.  Дунд болон дундаас дээш насныхан дунд  С вирусийн тархалт их байна гэсэн үг. Энэ насныхан маань одоо элэгний хавдартай ангилалд орчихож байна. 1991 оноос эхлэн В вируст гепатитын эсрэг вакцинаар шинээр төрсөн бүх хүүхдийг  тарьж дархлаажуулж эхэлснээс хойш бага насны хүүхдийн өвчлөл эрс буурсан боловч залуу насны хүн амын дунд уг вирусийн халдвар их байна. Мөн А вируст гепатит халдвар жил бүрийн есөөс арванхоёрдугаар сард дэгдэлт хэлбэрээр гарч 2-15 насны хүүхдүүд зонхилон өвчилж байна. 2012 оноос эхлэн А вируст гепатитын эсрэг вакциныг нэг нас хоёр сартай болон хоёр настай хүүхдэд товлолын дагуу дархлаажуулдаг болсон нь үр дүнгээ өгч байгаа. Харин С вирусийн вакцин байхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм. 

-Манай улсын хүн амын дунд хамгийн элбэг байгаа элэгний С вирусийн эсрэг одоо ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Одоо манайд альфа интерферон рибаварин гэсэн эмийн хослол хэрэглэж байгаа. Хэрэв идэвхжилгүй эмчилгээ хийхгүй гам барих ёстой. Хамгийн их гам алддаг зүйл бол архи, даарч хөрөх, ханиад томуу тусах гэх мэтээр дархлаагаа сулруулах явдал. Мөн шарсан хайрсан өөх тостой хоолноос татгалзах хэрэгтэй. Түүнчлэн стресс вирусийг идэвхижүүлдэг гол хүчин зүйл.  

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Чойжамц: Улс үндэстний ёс суртахууны ундарга нь шашин суртал байдаг


Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцлаа.

НЭГ. БУРХАНЫ ШАШИН БОЛ ЖАРГАЛЫН ТУХАЙ СУРГААЛ

-Яриа эхлэхийн өмнө нэг юм тохирох уу,

-За, юу юм бол доо?

-Та бид хоёрын яриа  хүүх­дийн хүмүүжлээс цөмийн зэвсэг, ариун цэв­рийн үзлэг, ер нь юу руу ч орсон ч бурханы шашинтай холбогдоно.

-За тэгж таарна.

-Тийм болохоор жирийн бид бүхэн цөмийн зэвсэг, ариун цэвэр мэтийг ярихдаа  хэрэглэдэг энгийн үг хэллэ­гээр хариулт өгөөрэй гэж танаас хүсэх байна.

-Тэгэлгүй яах вэ? Угаасаа бурханы шашин чинь олон түмэнд л зориулагдсан, жирийн хүнээс төгс гэгээрэгч, нүгэлтнээс буянтан болох зам мөрийн сургааль хөтөлбөрийн цогцлол шүү дээ.

-Бурханы сургааль юуны тухай өгүүлдэг талаар асуух нь ухаалаг биш гэдгийг ойл­гож байна. Мэдээж ни­гүүлсэнгүй сэтгэл, энэрлийн ту­хай сур­гааль гэж бид хар­даг. Гэхдээ л ингэж асуумаар санагдаад байна. 

-Ингэж асууж бололгүй яах вэ, асуух ч цаг мөн. Яагаад нигүүлсэх хэрэгтэй, энэрэх учиртай байгаагийн цаад учир шалтгаанаас яриагаа эхэлье л дээ. Ухаант хүмүүний амьдралын зорилго нь жар­галтай амьдрах явдал билээ. Харин жаргалтай амьд­рахын тулд жаргал гэж юу болохыг таньсан, түүндээ хүрэх зөв арга замыг олсон байх учиртай. Түүнчлэн жар­галаас хагацуулагч зовлон гэж юу болох, түүнээс зайлсхийх арга учрыг мэдэх хэрэгтэй болно. Энгийнээр хэлэхэд, хорвоогийн амьтны хүслэн болсон аз жаргал гэж юу бо­лохыг Таних, түүнд хүрэхийн тулд зовлонгоос гэтлэх, ул­маар төгс гэгээрэлд хүрэх зам мөрийн тухай сургаал гэж Бурханы шашныг ойлгож болно.

Чи жаргамаар байгаа юм чинь бусад ч бас тэгмээр байгаа. Та зовлонгоос сала­хыг эрмэлзэж байгаа шиг хорвоогийн олон амьтан гачаал бэрхшээлээсээ гармаар байгаа. Чи бие хэл сэтгэлээрээ төгөлдөршиж, хамаг бүгдийг нигүүлсэн хайрлахын хэрээр өөрөө бусдын хайр энэрэлд багтана.  Бурханы шашин  гэдэг бол зөвхөн зөвшөөрөөд, дагавал болчих үзэл суртал огт биш. Гэгээрэлд хүрэх замнал, хүний сэтгэлийг төгс төгөлдөр болгох тодорхой дэс дараа, шат эрэмбийг агуулсан хөтөлбөр юм.

-Загалмайн шашинтан хүнд библи хэмээх ариун судар буй. Түүнийг л уншаад шү­тээд явахад болдог. Ха­рин бурханы шашин болохоор боть ботиороо тавиур дүүрэн, сан дүүрэн судар байх юм. Буддист болохыг хүссэн энэ бүхнийг хараад шантармаар байх юм биш үү?


-Бурханы шашин товч­хондоо хүрвэл товч. Бурхан багш “итгэл бишрэл”,“үйлийн үр” гэдгийг зөвшөөрч байгаа бол бурхны шашинтан болох тухай сургадаг. Харин үйл гэж юу болохоос эхлээд үр нь яаж гардаг хүртэл, сэтгэлийн гэм нисванис хэмээгчээс эхлээд түүнийг яаж дарахыг ойлгуултал, зөв сэтгэл төлөв­шүүлэх арга барилаас  эхлээд гэгээрэлд дөтлөх хүрэх замын хөтөлбөрийг хүртэл олон аймаг савыг багтаасан мэдлэг дадлагын их ертөнцийг баг­таахад дэлхий дүүрэн ном бичсэн ч хүрэлцэхгүй шүү дээ.

Зовлон гэж юу болохыг таниад, түүний шалтгааныг  олоод, түүнээс гарах учиртайг ухаараад, гаргах арга замаар нь замнах ийм дөрвөн үнэний чанадад нэг номоор, нэг курс дамжаагаар хүрчих аргагүй. Мэдлэгт хүрэхэд хугацаа орно, мэд­лэг нь дадал болоход бас хугацаа орно. Ийм болохоор бур­ханы шашны номыг нялх багаасаа эхлээд насан турш үзэж судлаад ч дуусгаж, эц­сийн шатанд хүргэж бардаг­гүй. Энд хуврагийн замналаар явах тухай ярьж байгаа шүү дээ. 

Шинжлэх ухааныг бүгдийг нь ганц номонд багтаагаад бүрэн мэдээд авахаа байг гэхэд дунд сургуульд үзэж мэдвэл зохих зүйлийг ч нэг ботид чихэж ойлгуулах аргагүй.

Тийм болоод хүүхдүүд 10 гаруй жил дунд сургуульд сурч байж дундаж иргэний боловсролын дундаж шатыг дүүргэдэг биз дээ. Харин Бурханы шашныг ойлгох, судалж эхлэхэд дөхөм болох номууд “Бодь мөрийн зэрэг” , “Гэгээрлийн зам мөрийн тухай сургааль” зэргээс эхлээд бишгүй байдаг.

-Тэгвэл лам болж амьд­ралаа зориулаад ч чинадад нь хүрдэггүй номын үр шимийг гэр орноо тэжээх, үр хүүх­дээ өсгөхийн хажуугаар ухаарч ойлгох аргагүй юм биш үү?

-Юмыг ингэж харвал хув­рагууд л гэгээрээд бусад нь угаасаа зовох тавилантайгаар мунхагийн харанхуйд үлдэх учиртай гэсэн шиг төөрөгдөл болно. Хүн болгон жаргах хүсэлтэй бөгөөд жаргах эрх­тэй. Жаргахын тулд бие хэл сэтгэлээ ариусгаж буянтай сайн үйлийг бүтээх учиртай. Зөв сайн үйл буюу буян үйл­дэхийн хэрээр түүний сайн үр боловсорч, хүсээд байгаа аз жаргал чинь ирнэ. Тэгэхээр өнөө “Хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйлс” гэлээ гэдэг шиг буддизм бол амьд бүгдийн үйл хэрэг. Тийм учраас бурханы шашинтнууд “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” хэмээн зорилгоо тодорхойлдог юм байна гэж ойлгож болно.

Харин тодорхой бүлэг хүн эх болсон зургаан зүйл хамаг амьтанд тусын тулд энэ насаа зориулахаар хувраг болдог. Бичиг үсэг сурах нь доктор болох хүнд ч хэрэгтэй, жолооч болох хүнд ч хэрэгтэй байдаг. Бурханы шашныг ингэж ойлгож болно.

-Бурханы шашин шүтэхэд баахан түвэг уддаг шашин юмуу гэсэн ойлголт байна. Үнэхээр ч  “Нөхөр Буддад илтгэх нь. Миний бие өнөөдрөөс эхлээд танай талд орлоо” гэхээр л болчихгүй. Чи эхлээд үйлийн үрийг ойлго, дараа сэтгэлээ номхотго…гэх мэтээр ахиад явчихдаг явдал бас байна аа.

-Дээр ярьсан. Үр яах гэж байна вэ, ургаж цэцэглэхийн тулд. Оюун ухаан яах гэж байна вэ, ухааран гэгээрэхийн тулд. Оюун ухаантай төрсөн атлаа төөрөгдлийн мананд явсаар үхвэл үр болж бүрэлд­сэн атлаа ургах цэцэглэхээ үзэлгүй шувуунд идүүлэхтэй адил юм. 

Юун өмнө Буддын шашин мэдлэгээр дамжсан итгэл үнэмшил дээр суурилсан ша­шин гэдгийг хэлмээр байна. Шүтлэгтэй байхад боловсрол мэдлэг чухал. Бурханы шашин мухар сүсэгтэй байхыг буруушаадаг. Бурханы номыг ухаарах, үнэнд хүрэх хамгийн сайн арга бол эргэлзээ гэж сургадаг. Нэг талд “Миний үгийг дагахгүй бол баларна” гэж номлож байхад “Миний сургаалийг эргэлзээгээр шалган бататгаж бай” гэх бурханы сургааль энэ талд байна. 

Яаж ч бодсон бурханы ариун сургаалыг бишрэн дагах нь буян мөн. Буян учраас сайн үр гарна. Гэвч Бурханы шашинтан байх нь түүнд хамаг юмаа даатгаад, өмгөөлөл хамгаалалд нь багтаад явахаас хамаагүй дээгүүр утгатай. Түүний сургаалийг ойлгож, явсан замнал, заасан замыг нь да­га­саар төгс гэгээрэлд хүрч орчлонгийн зовлонгоос ангижрах тухайд болж буй яриа юм. Баян хүн өөрийгөө дагасан, зарагдсан улсаа тэтгэн, амь зуулга залгуулах нэг утгатай. Харин өөрийг нь дагасан улсад аж төрөх ухаан зааж, өөр шиг нь дутагдах гачигдахын зовлонгүй болгоод байна гэвэл бас өөр. Баахан болхи жишээ л боллоо, гэхдээ иймэрхүү маягаар гэгээрлийн замыг бүдүүвчилж бас болно.

ХОЁР. “ДЭЭР”-ЭЭС ЗУРСАН ТАВИЛАН ГЭЖ БАЙДАГГҮЙ

-Хувь тавилан, заяа зураг гэдэг ойлголт тэгэхээр их сонин болоод ирж байна.

-Зовох жаргах нь чиний урьд өмнийн сайн ба муу үйлийн үр боловсорсны дүн гэж Бурханы  номд сургадаг. Тийм учраас дээрээс, ямар нэг дээд хүчнээс зурагдсан хувь тавилан гэж байхгүй.  Харин чи өөрөө хувь тави­лан­гийнхаа зохиогч, заяа  төөргийнхөө зураач нь юм. Ингээд үзэхээр хүний хувь тавиланд нөлөөлдөг, дээрээс чиглүүлдэг “бүтээгч эзэн” байхгүй болохыг бурханы сургааль хэлдэг. Чи жаргаж байгаа нь хэн нэгний шид нөлөө бус урьд өмнө хийсэн сайн үйлийн чинь үр. Иймд өөрөөрөө бахархахын сацуу сайн үйлд улам шамд. Зовж байгаа нь дээд хүчний шийт­гэл, хэн нэгний хорлол бус чиний үйлдсэн нүгэлт үйлийн үр боловсорсон хэрэг. Иймд бусдыг буруутгахын оронд үнэнийг ухааран сэхээрч, зовлонгоос салах, жаргал болж боловсрох сайн үйлийн үрийг соёолуулах учиртай.

-Ингээд бодохоор улс үндэстний хувь тавилан гэдэг нь иргэдийн үйлийн үрийн нийлбэр юм уу гэж бодогдож байна. 

-Тэгж үзэж болно. Наа­надаж л бурханы шашин­тай, түүнийг номлох лам хув­рагтай, буяныг цэцэг­лүүлэхийн тө­лөөх өглөгийн эзэнтэй газар төрөхүйц буян үйлдсэн бо­лоод л бид энд төрөл олсон хэрэг. Шашин номоо түймэрдэж, багш хуврагуудаа хөнөөсөн харанхуй үеийн ард гарч, шашин суртал сэргэсэн ардчилалтай золголоо. Эрх чөлөөнд хүрэх нь ховор сайхан боломж бөгөөд түүнийг хайрлаж, энхрийлэх учиртай гэж гэгээн мэргэд сургасан. Шива Лха гэгээн “Эрх чөлөө олдохын цагт түү­нийг энхрийлэн хамгаа­лаарай. Эрх чөлөөгөө хам­гаалж чадахгүй бол нүгэл хилэнц, зовлонд унана” гэж сурган айлдсан байдаг юм. Ардчилал, эрх чөлөөг тогтоож эдлэхийн тулд хичээх, зүтгэх учиртай. Өнөөгийн дэлхийд эрх чөлөөтэй байх боломж олдоод байхад түүнийг тогтоож чадахгүйн жишээ олон харагдаж байх юм. 

-Эрх чөлөөгөө яаж хам­гаалах вэ гэсэн асуултад хүн бүр л нэг хариу хэлэх байх. Харин бурханы шашны үүднээс харвал ямар санаа бууж байна.

 -Сэтгэлээ хянах нь эрх чөлөөгөө хамгаалах суурь болно. Сэтгэлд боловсорсон бүхэн хэл, биеэр дамжин хэрэгждэг. Жишээлэхэд, хүн сэтгэл санаа буруутаад эхлэхээр биеэ авч яваа байдал, харц нь нэг биш болоод ирнэ. Тэр хэрээрээ  бусдын хүндлэл хүлээх аргагүй, хүлээн зөв­шөөрөгдөхөд амаргүй нэгэн болж эхэлнэ. Цаашлаад дүр төрх нь нийтийн зэвүүцэл, дургүйцлийг төрүүлээд эхэл­дэг. Улмаар үг хэл буруутаад ирдэг. Хүнд “Чи яадаг хулгайч вэ” гэж хэлж байгаа хүний өөдөөс сайхан үг хэлэх арга­гүй. “Та сайхан зусч байна уу” гэсэн мэнд яавч гарахгүй. Харин уур цухал шингэсэн “Хуц, чамд ямар хамаатай юм бэ” гэхчлэнгийн үг л гарна. Ингээд хүмүүсийн сэтгэл харилцан самуурч хэрэлдээд ирэхээр амар тайван амьдрал алга болно. Амар тайван амьдралыг дагаад эрх чөлөө алга болно. Оронд нь бие, хэл, сэтгэлээрээ эвдрэн, догширсон ааштай хүмүүст л таарсан тийм орчин бүрэлдэнэ.

-Там, диваажин гэдэг ойлголт олон шашинд оршиж, суртал ухуулгынх нь гол хэрэгслэл болж ирсэн. Төр нь хууль зөрчвөл шоронд хийхээр далайлгаж, шашин нь нүгэл үйлдвэл тамд унахаар айлгадаг.

-Мөрөөрөө явсан хүнийг  эрлэгийн элч ирээд чирч аваачаад тамд хийчихдэг юм биш. Тамыг бид өөрснөө бүтээж, түүндээ унадаг. Заримдаа, нүдэн дээр, сайн сайхан элбэг хангалуун амьдарч байсан айл гэнэт өөрчлөгдөөд эхлэх нь байдаг даа. Эхлээд эцэг эхийнх нь зан авир сонин болно. Энэ нь сэтгэлд гарсан хувирлын үр шүү дээ. Гэрийн эзэн гэнэт архи уугаад эхэлдэг ч юмуу, эхнэр нь арай л биш болоод явчихна. Улмаар амьдралын хэмнэл өөрчлөгдөж мөнгө цаасаар гачигдана. Хүүхэд нь сургууль дээрээ юунаас юм болж гадуурхагдан тэнэмэл золбин болно. Улмаар тран­шейны зуугуулуудтай нийлнэ. Гэнэт гэрийн эзэн хүнд өвчинд нэрвэгдэж улмаар нийгмийн ёроолд хаягдана. Там гэж энэ л биз дээ.

Зөв сайхан үйлийн үрээр нүдэн дээр цэцэглээд амьдрал нь сайхан болоод хүссэн унаа тэргээ хөлөглөөд, үр хүүхэд сайн сайхан сургуульд ном үзэж, баяр дээр нь баяр нэмээд, дээр нь олны ам ч зөв гэж жигтэйхэн явж байгаа айл бас л бишгүй. Диваажин ингэж л сайн үйлийн үрээр бүрдэж байгаа юм биш үү?

-Бурханы шашны дайс­нууд гэж хэн бэ, тэднийг хэрхэн дарах вэ?

-Бурханы шашны дайсан бол нисванис. Эд бол ямар нэг улс үндэстэн, өөр шашинтны нэр биш. Харин хүний сэт­гэлийг хорлож байдаг, зовлонгийн шалтгаан болж өгдөг хүчин зүйлсүүдийн нэр. Сэтгэлдээ байгаа нисванисын хорлолыг дарж чадаагүйн гайгаар л буруу зам мөрт орж, алдаатай суртлыг да­ган, аврал гэгээрлийн за­маас төөрдөг. Дайсан гадаа биш дотор сэтгэлд бий гэж сургадгийн учир энэ. Бурханы сургааль зөвхөн өөрийгөө шүтсэн, дагасан улсыг аврахын тулд бус “эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээх нэршилд багтаан амьд бүгдийг авран зөв зам мөрт хөдлөх нь бурхан шашны зорилго гэж үздэг. 

-Бурханы шашин болбоос амьдралын идэвх­гүй зарчим баримталдаг учраас хөгжлийн тушаа бол­дог. Харин өрнөдийн орнууд христосын шашинтай учраа хөгжсөн. Таны олонтаа сонссон байж болох мөрүүд байгаа биз?

-Тиймээ ингэж их суртал­чилдаг байсан. Энэ нь ХХ зууны гучаад онд шашин, бурханаа сүйтгэснээс хойшхи үед өрнөдөд боловсрол эзэмшсэн, христосын шашны эсрэг атеизм үзсэн, бурханы шашныг огт мэдэхгүй хүмүү­сийн гаргасан яриа, ойлголт. Удаах нь яалт ч үгүй өөрийн шашнаа сурталчилах ажлын хэсэг. Үнэн хэрэгтээ Христийн шашин л шинжлэх ухааны танин мэдэхүйтэй зөрчилдөж байснаас биш буддын шашин тэгээгүй. Буддын шашны судлагдахуун нь ертөнцийн үүсэл гарлын тухай сургааль хийгээд ерөөс байгалийн шинж­лэл биш. Бурханы ша­шин хүний сэтгэлийн тухай, зөв амьдралын тухай номлол сургаал. Тийм учраас дэлхий бөөрөнхий байх нь, нар явдаг­гүй дэлхий эргэдэг тогтоцтой нь, орчлонгийн гүнд хар нүхтэй эсэх нь Буддын сургаалийг хөндөхгүй, хор болохгүй, зөрчилдөхгүй. Харин ч 18 дугаар зууныг хүртэл харанхуй бүдүүлэг, ядуу зүдүү явсан Европт шинжлэх ухаан ялалт байгуулснаар хөгжил дэвшлийн үүд нээгдсэн юм шүү.

ГУРАВ. АЛИВ ҮНДЭСТНИЙ БУСДААС ЯЛГАРАХ НҮҮР ЦАРАЙ НЬ ШАШИН,  УЛАМЖЛАЛ НЬ БАЙДАГ

-Дэлхий даяараа ижил­сэж байгаа өнөө үед улс үндэстний ялгарах нүүр царай нь уламжлалт шүт­лэгээс үүдэлтэй үндэсний ёс заншил л боллоо, мөн үү?

-Бид наанадаж 300 жил, цаанадаж хоёр мянган жил бурханы шашинтай амьдар­сан. Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, зан заншил, ааш аягт Бурханы шашин нэвт шингээстэй байдаг. Хорвоод мэндлэх шинэ хүнийг угтахаас эхлээд айл гэр болж голомтоо бадраах хүртэл, өвөг дээдсээ үдэх, уламжлалт шинэ оноо ёслохоос өгсүүлээд найр наадам хийх дэг ёсыг оруулаад бурханы шашны бэлгэдэл, итгэл бишрэл шингээстэй.

Хүүхдийг эхийн хэвлийд олдохоос эхлэн хорвоод ирсэн насыг нь тоолж, одоогийнхоор бол сурлага, хүмүүжлийн ажлыг нь эхлүүлдэг. Хэвлийдээ үр тээж яваа эх нь муу юм бодохгүй, муухай үзэгдэл харахгүй, сэтгэл төвшин, баяр баясгалантай байж байгаад амаржих учиртай. Орчин тойр­ныхон нь ч гэсэн ийм үүрэг хариуцлагыг хуваалцана. Өнөө­гийн хөгжингүй орнууд саяхнаас үүнийг  ойлгож хэрэгжүүлэх болж. 

Төрсөн хүүхдийг угаах, нэр өгөх бүгд утга учир­тай. Нэр өгөхөд хэдэн зүй­лийг анхаардаг. Юуны өмнө эцгийн нэр, овогтой хоршихуйц дуудлага үетэй байх. Ухаандаа, Рад­наа­сүм­бэрэлийн Гончигдорж гэхэд маш нийцтэй хэлэгдэж байгаа биз. Түүнчлэн гарсан гариг өдөртэй уялдуулан нэрлэдэг. Өвчин ороодог, хүүхэд тогт­доггүй айлд мэндэлсэн бол тохиолдож болох аюул заналаас зайлхийсэн нэр өгөх нь бий.  

Хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь хүний үлдсэн амьдралын хэрэг. Өтлөх насны аз жар­галын утга нь үр хүүхэд сайн сайхан явахад байдаг. Иймд хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь маргаашийнхаа аз жаргалын үрийг тарьж байгаа хэрэг. Андашгүй дээ, сайхан дээл хувцас өмсөөд, инээд хөөр дүүрэн яваа ахмадуудтай уул­за­хад үр хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлсэн, тэднийхээ сайн яваагаар бахархсан улс бай­даг. Гундуухан яваа, хүнтэй уулзахаас бэргэсэн хөгшчүүлийг асуухад хүү­хэд нь өрд нь орж байрыг за­раад үрчихсэн, архинд ороод хамаг юмаа зараад уучихсан, тэднийгээ олигтой хүмүүжүүлээгүйн горыг амссан хөөрхийс харагддаг. Хүүхдээ муу хүн болгоё гэж хэн бодох билээ, гагцхүү түүнд тавих анхаарлаа цалгардуулсан, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ дутуу ухамсарлаж зөнд нь орхисны л үр шүү дээ. 

-Нүүдэлчин айлын хө­вүүд охид гэрлэх уламжлалт ёсон тодорхой байдаг. Харин хот сууриныхан өрнөдийн ёсоор хуримлаж байна. Энэ шинэчлэл хувиралд буддистууд хэрхэн өөрийн онцлогоо хадгалан зохицох ёстой юм бол?

-Амьдрал бол үргэлж баяжин шинэчлэгдэж байдаг зүйл. Хорвоогийн агшин зуур хувиран өөрчлөгдөж байдаг тэр чанарыг л бурхан шашин голлон хэлж өгдөг юм. Уудам тавиу нутагтаа цөөхүүлээ, цаг зав ихтэй амьдран сууж байхад хэвшин тогтсон зарим ёс зан үйл  хотшин суурьшсан өнөөгийн амьдрал шинэчлэл нэхэх нь зүй тогтолтой зүйл.  Жишээлэхэд, цай сүүнийхээ дээжийг тэнгэр хангайдаа өргөх нь өвөг дээдсийн ариун ёс мөн. Гэхдээ орон сууцныхаа цонхоор шанага шанагаар өргөл цацал үйлдэх нь гудамж талбай бохирлохоос эхлээд хүний толгой руу юм асгах, машин тэргийг нь муухай болгох сөрөг үр дагавартай. Хичнээн сайхан үйл гэж бодож хийлээ ч бусдыг уурлуулж, хүнийг хохироож үйлдвэл юуны буян байх билээ.

Жишээлэхэд, манайх дээжүүдээ жижигхэн данханд хурааж байдаг сүүлхэнд нь гадаа, хээр өргөдөг юм. Гол нь хоол цайныхаа дээжийг тэнгэр хангай байгаль дэлхийдээ өргөх сэтгэл байгаа болохоор болоод явчихна.

Манай хийдэд хуримын ёслол хийсэн хосууд ирж ёсолдог сайхан заншил бий болоод байна. Энэ нь өвөг дээдсийн шүтээн, зан заншилд хүндэтгэл илэрхийлж байгаа сайхан хэрэг. Дэмжин зохион байгуулах учиртай гэж үзэж байгаа. Хуримыг бид эхлээд Жанрайсиг дуганд ёслуулж үзсэн. Зун болоод байвч хүйтний улиралд халаалгагүй учраас бэрх юм билээ. Одоо тэргүүн хамбын өрөөнд хийж байгаа. Өрөөний хэм­жээнд захирагдаад хүргэн, бэрийн талын голлох цөөн хэдэн зочныг оруулдаг. Тэд­ний өөрсдөө сонгож авсан, эсвэл бидний зүгээс гэрлэгсдийн жил, гаригийг шинжин санал болгосон гэр бүлийн шүтээн бурханыг аравнайлан гардуулдаг. Мөн эхнэр нөхөр, улмаар эцэг эх, эмээ өвөө болох ариун барилдлагын учир, үүрэг хариуцлагыг сурган хэлж, ерөөл бэлгэдлийн шинжтэй ёслол үйлддэг болсон. Энэ улам өргөжих байх.

-Хурим хийхэд тохи­ромж­той өдөр ховор бол­той. Зарим ховор сайн өдрөөр Хуримын ордонд 24 цагийн турш ёслол болох нь бий юм гэсэн.

-Өдөр судрын хувьд бол цөөхөн хэдэн өдөр манайхны ой санамжид үлдсэнтэй  холбоотой. Шашин бурхан хориотой, өдөр судар харуулбал үзсэн үзүүлсэн хоёр хэрэгт ордог хатуу бэрх үед хүмүүс нийтээрээ мэддэг хэдхэн “хурим хийхэд сайн” өдөр байсны нэг нь намрын дунд сарын 17 юм. Тэрнээс биш сайн өдөр олон, аргагүйдсэн үед хийх засал нь буй. Гагцхүү манай зурхайчид хамтарч нэгдсэн ойлголтод хүрэх замаар шийдэх асуудал олон байгаагийн нэг нь. 

Өвөг дээдсээ нутаглуулах­даа булшлах, хайлуулах, агаарт хайлуулан өргөх ёсууд уламжилж ирсний дотроос ил тавихыг шүүмжлэх нь их болж. Уул нь амьдралынхаа сүүлчийн мөчид газар дэлхийг ухаж төнхөхгүй байх хүсэл, бие махбодио араатанд хаяж өлийг дарснаар юун түрүүн амьтан цатгах, улмаар түүнд идүүлэх ээлжтэй байсан нэг амьтныг аварч буян үйлдэх утгатай эд л дээ. Өнөөдөр шүүмжлэл нэлээн дагуулж байгаа. Гэхдээ зарим хөгшчүүл өөрснөө ингэж нутаглуулахыг гэрээслэдэг учраас амаргүй байдаг юм билээ.

-Монгол хүний баатарлаг дайчин чанарыг сэргээх цаг боллоо гэж уриалах боллоо. Номой дорой бол­госны буруутан нь… гээд орхихоор та тэртэй тэргүй гүйцээн ойлгоно. Би ч “амаар үйлдэх” нүглээс зайлах ач холбогдолтой юм.

-Тиймээ, социализмын үед буддын шашныхаа мөн чанарыг ойлгоогүй хүмүү­сийн гаргасан суртал нэвт­рүүлгийн үг ярианы хэсэг байна. Гол хариулт нь бид­ний өмнөх ярианд гарсан. Харин орхигдсон санааг үр­гэлжлүүлэн ярихад, амьд­рал үргэлж сайжирч, хорвоогийн олон амьтан орчлонгийн хүрдээс аврагдах, гэгээрэх боломж руу улам бүр дөтөлсөөр байгаа цаг юм, өнөөдөр. Ямар ч үндэстэн түүх судраараа бахархалгүй л яахав. Гэхдээ дайнч түрэмгий явсан үеэ ид бах болгож, тийм араншингаа  сэргээх юм ярьж байх юм. Гэтэл цагийн юм цагтаа л байдаг. Олон зууны тэртээд цэрэг зэвсгээр гайхуулж явахад тийм араншин зохидог байсан биз, харин өнөөдөр үгүй. Хоёр хэт их гүрний дунд хоёр сая гаруйхан тоотой монголчууд догшин түрэмгий байгаад амьтны дургүй хүргэхээс өөр юунд хүрэх вэ. Харин амьтны эвийг олж, бодолтой амьдарч байж ардчилал, тусгаар тогтнолоо үргэлжлүүлэн хамгаалах цаг. Зөөлөн нь хатуугаа идэж, ус чулуугаа элээдэг гэж өвөг дээдэс сургасан.  Нэг сагсуу бодлогогүй хүний хийсэн үйлдлийн балгаар мөрөөрөө яваа өч төчнөөн гэмгүй монгол хүн хохирч үлддэг нь бишгүй. Эх оронч үзэл гэдэг бол хаана ч явсан үндэстнийхээ нэр төрийг бодож, миний хийсэн бодлогогүй явдлын балгаар миний араас яваа монгол ах дүү минь хэлмэгдэн хохирох вий гэж сэрэмжлэн явахын нэр юм байгаа биз дээ. Ардчиллын зарчимд “Нэг хүний эрх чөлөө бусдын эрх  чөлөөгөөр хязгаарлагдана” гэж сургадаг даа.  

-Монголыг монгол бол­гож харуулдаг бас нэг зүйл наадам, цагаан сар хоёр байна. Даяаршиж ижилссэн энэ цаг үед биднийг “Энэ бол монголчууд” гэж  ялга­руул­даг. Наадмын өдөр цөмөөрөө монгол дээлээ өмсөөд, наадмын хуушуураа идэх үнэхээр сайхан.

-Тиймээ, цагаан сар, наа­дам хоёр монгол хүнийг монгол харагдуулдаг. Хуучин оны сүүлийн өдрүүд их учиртай. Өвлийн адаг сарын 29-н гэхэд өр ширээ барагдуулж, үнс тоосноосоо салж, харин битүүнд ам зөрсөн улстайгаа хөөрөг зөрүүлэн цайруулж, эв найраа сэргээдэг. Бид “талархлын өдөр” гэж гадаа­дынхныг дуурайн тэмдэглэж байна. Муухай гэх гэсэн биш. Харин өвлийн адаг сарын битүүнийг “бие биенээ ууч­лах”, “гэмээ цайруулах” үндэс­ний өдөр болгож яагаад болохгүй гэж. Ийм өдөртэй байх нь гэмээ цайруулах, нэгийгээ уучлах гээд завдаж чадахгүй яваа улсад сайхан боломж шалтаг болж өгнө.  Ингэснээрээ хуучин жилийн сайн, муу бүхнийг хуучин онд нь үлдээж байгаа хэрэг. Тэгээд шинийн нэгэнд аж төрлөө цоо шинээр, улам сайхнаар эхэлнэ.  Мөрөө шинээр гаргаж байгаа нь ийм учиртай, гэм алдаа, элдэв бүхнээ хуучин ондоо үлдээгээд амьдралаа шинээр эхлэн анхны ариун мөрөө гаргах бэлгэдэл шүү дээ.

-Тасарсан бүхэн эргэн залгалдахад гардаг завсар зааг, уяа холбооны зөрүүг бид 1990 оноос хойш хан­галт­тай амслаа. Энэ үе бол тасарсан шүтлэг, тасалдсан зах зээл, тасалдаж орхисон зүй ёсны хөгжлийн замтай­гаа эргэн залгагдах үе байсан.

-Бид урагшилж байна. Шашин номоос нь салгаад хаячихсан ард түмэн яаж төөрөх, будилах ёстой вэ, бид түүнийг л дайрч байна. Өнөөгийн лам хувраг, сүм хийдийг хориод жилийн өмнөхтэй зүйрлэшгүй болсон. Сүсэгтнүүд ч мөн адил. Гадаад хэ­лээр болоод төрөлхи хэлээр гарч байгаа бурханы ном сургаалийг уншиж судал­сан сүсэгтнүүдтэй харь­цаж байгаа манай лам хуврагуудын шашны болоод иргэний боловсрол ч хамаагүй ахисан.

Хүн ард ч өөр болсон. Бид ерээд онд хогоо үүдэндээ асгаад, гэр доторхио гоёж эхэлсэн. Гоё тавилгатай гэрээ­сээ гарах, орохдоо хогон дундуур явдаг байсан. Түүнийгээ анзаарч ухаараад орцоо цэвэрлээд жижүүртэй болоод эхэлсэн. Одоо үүд орчноо хамтаараа тохижуулж, хот маань өнгө зүсээ улам л засаж байна. Бусдын юмыг хайрлаж байж өөрийн юм сайхан болно гэдгийг бид ухаараад явж байна. 

Жолооч нар бие биедээ ямар найрсаг болж, яарсан нэгэндээ зам тавьж, урдуураа оруулаад өгдөг болж эхэлсэн нь юутай сайхан. Манайхны зарим нь урдуур нь машин орохоор бөөн уур болоод түрүүнд нь гарч байгаад тоормосоглох зэргээр аягла­даг нь үнэхээр муухай. Ямар ч учир шалтгаантай яарч явж байж болно оо доо. Зайлуул, эмнэлэгт хэн нэгэн бие нь муудаад эмч нь “Уулзах учиртай хүн байвал одоо дууд” гэснийг дуулаад хагас ухаантай амьтан яарч явж болно. Зовлон хэнийг ч тойрохгүй шүү дээ.

-Шашны хэрэгт төр орол­цохоо больсонд таа­гүй байдаг гэж дуулаад их гайхсан. Ямар учиртай юм бол?

-Шашныг хянаж цагдаж байсан үеийг мөрөөссөн юм бол биш. Ер нь үндэснийхээ шашин мөргөлийг тэтгэх үүднээс төрийн халамж чухал болохыг хэлсэн юм. Энэ нь дотор нь ороод сүм хийдийн хэргийг хөтлөхдөө биш.

Сүм хийд оршин тогтноход хөрөнгө хэрэгтэй. Өглөг харамжаас бүрдэж буй сан нь сүм дуганаа өөд татахад , зан үйлийн хэрэгцээг хангахад хүрэлцэж байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Ингэж чадаагүй сүм хийд харамжаа нэмнэ. Харамж нэмэгдээд сүсэгтний боломжоос давбал тэд сүм хийдээс зайгаа бари­на. Эцсийн дүндээ шашин сүм хийд хүний сэтгэлийг зөөлрүүлж ариусгах үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ. Тэр хэрээр үндэстний сэтгэл эвдэрч хямарна. Тэгэхээр шашны оршин тогтнол нь яах аргагүй төрийн хэрэг. Тийм учраас Германд гэхэд 10 хувийн татвар авч түүнээ сүм хийдэд зориулдаг байх жишээний. Өнөөдөр хот, ялангуяа нийслэлд байгаа сүм хийд оршин тогтнох хэмжээний өргөл, хандивтай байгаа. Харин хөдөө нутгийн сүм хийдүүд цагаан сараар цуглардаг жаахан харамжаас өөр юмгүй. Тэд хамбын цалин дөчөөд мянга, ламынх хорь гучин мянга орчим гэж надад хэлдэг.

-Та Монгол Улсын ардчил­сан шинэ Үндсэн хуулийг баталсан депутатуудын нэг. Хуулийг баталж дуу­сах ёслолын үеэр яг юу бодогдов?

-Лам хуврагууд ХХ зууны эхний хоёр хувьсгалд оройлж, хамтарч орж тусгаар тогтнолоо сэргээлцсэн. Харин Монголд тогтсон улаан засаг тэднийг хамгийн түрүүн цаазалж, хэлмэгдүүлэн, улс төрийн эрх чөлөөг нь хассан. Харин шинэ Үндсэн хуулийг батлалцаад  гарахад юуны өмнө  Монголын лам хуврагууд 1937 онд эрх чөлөөгөө хасуулнаар эхэлсэн харанхуй үе өнгөрснийг мэдэрсэн. Лам хувраг хүн ард түмнийхээ төлөө үг хэлж,  улс орныхоо хэрэгт оролцож болдог үе эхэлснийг харж бахадсан даа.

Ярилцсан Б.ЦЭНДДОО

Categories
гадаад мэдээ

Украин руу явахгүй байхыг анхааруулав

АНУ-ын Төрийн Департаментаас ард иргэддээ хандан Украин ялангуяа тус улсын зүүн нутаг руу явахгүй байхыг анхааруулга гаргасан байна. Уг мэдэгдэлд бичсэнээр Украины цэрэг болон Оросын талыг дэмжигчдын хооронд Луганск, Донецк мужуудад зэвсэгт мөргөлдөөн гарсаар байгааг дурджээ. Украины зүүн нутгийн оршин суугчдын дунд Америкийг үзэн ядсан үзэл нэлээд байгаа нь АНУ-ын эрх баригчдын санааг ихэд зовоож байгаа тухай ч уг мэдэгдэлд онцолсон байна.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

С.Мөнхбат: Угсраа мэх хийсэн нь хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлчихлээ

Монголд банкны салбар үүсч хөгжсөний 90 жил, Аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт болж өнгөрсөн. Үзүүр түрүүний барилдааны үеэр аварга С.Мөнхбат харцага Ц.Содномдоржийг унагахдаа толгой руу нь цохиж, нэдэрсэн гэх шуугиан бөх сонирхогчдын дунд өрнөөд байна. Цахим мэдээллийн хэрэгслээр барилдааны бичлэг тавигдаж аварга С.Мөнхбатыг бу­руут­гаад байгаа. Дээрх барилдаанд үзүүрлэсэн Ц.Содномдорж өмнө нь Улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшиж, дөрвөн сар барилдах эрхээ хасуулсан юм. Тэрбээр дөрвөн сар барилдалгүй байж байгаад өнгөрсөн амралтын өдөр барилдаж үзүүрлэхдээ толгой руугаа цохиулсан асуудалд нэр холбогдсон. Үүнийг аваргын сануулга гэж ярих хүн ч олон байна. Энэ талаар хоёр бөх дараахь хариултыг өглөө. Эхлээд Монгол  Улсын аварга С.Мөнхбаттай холбогдож хариулт авсан юм. 

-Таны Ц.Содномдорж харцагатай барилдсан барилдаан шуугиан тариад байна.  Уначихаад байхад нь толгой руу нь нэдэрч албаар цохисон гээд Бөхийн өргөөнд бөх үзэж байсан болон дараа нь барилдааны бичлэг үзсэн хүмүүс ярьж байна. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ? 


 -Санаатайгаар толгой руу нь цохисон асуудал байхгүй ээ. Санаандгүй тийм зүйл болчихсон. Ц.Содномдорж харцага бид хоёрын дунд ямар нэгэн үл ойлголцол, муудалцсан юм байхгүй. Сайхан найзалж, нөхөрлөөд л явдаг. Спорт тэр тусмаа бөхийн барилдаан гэдэг мэхээ даацтай сайн хийхгүй бол болохгүй гэдгийг бөх сонирхогчид мэдэх байх. Мэхээ гүйцээж хийхгүй бол уналгүй босоод ирэх байх гээд залгаа мэх хийсэн. Тэр нь хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлчихсэн байна лээ. Түүнээс санаатайгаар тийм зүйл болоогүй гэдгийг хэлмээр байна. Өмнө нь нэг барилдаан дээр өрсөлдөгч бөхөө уначихлаа гэж бодоод үргэлжлүүлж мэх хийгээгүйгээс болж алдаа гаргаж байсан. 

-Ц.Содномдорж  хар­цага Улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшсөн гээд дөрвөн сар барилдах эрхээ хасуулж байсан. Сүүлийн үед бөхчүүд дэвжээн дээрээ ёс зүйгүй авир гаргах болсон. Таны барилдааныг бас үүнтэй холбох хүмүүс байна. Бүр барилдах эрхийг нь хасах ёстой гэж яригдаад байгаа?


-Би нэг л зүйлийг бодож явдаг юм. Аварга хэмээх эрхэм хүндтэй цолонд  хүрлээ. Аварга цол хүртсэн бөх хүн бусдадаа үлгэр дуурайлал, манлайлал нь байх ёстой. Ард түмний хүндлэлийг дааж явах учиртай. Харин үндэсний бөхийн үзэгчдийн хувьд бөхчүүд рүү сүүлийн үед хэт их дайрч доромжилдог болоод байх юм. Энэ зүйл их ажиглагдаад байгаа шүү” гэв. 

Ц.Содномдорж: Аварга санаатай тэгээгүй байх

Дээрх барилдааны талаар харцага Ц.Содномдоржоос тодруулахад “Аварга санаа­тай­гаар тэгээгүй байх. Барилдааны үед тийм зүйл зөндөө л гардаг. Санаандгүй зүйл болсон гэж бодоод тоохгүй байгаа” гэв.   

Э.БААТАР

Categories
булангууд мэдээ томилолт

Өмнөд Монголын залуус Монголоороо бахархдаг

Өмнөд Монголын нийслэл Хөх хот руу редакцийнхаа томилолтоор явлаа. Тэндхийн залуусын амьдралыг сурвалж­лахаар яваа нь энэ. Хэн нэгэн дарга дагаагүй учраас очоод хэнтэй уулзаж ямар сурвалжлага хийх вэ гэдэг чөлөөтэй. Өмнөд Монгол залуустай уулзаж нэг өдрийг хамт өнгөрөөхөөр гадагш гарлаа. Их сургуулийн ойролцоо залуучууд их байх гэж бодоод Хөх хотын үндэсний дээд сургуулийн тэр хавиар жаал алхав. Гудмаар явж байтал шилэн хаалган дээр урт үстэй рок хамтлагийнхны зурагтай хуудас наачихаж. Эндхийн хамтлаг байх нь гэж бодсоор дөхөөд очтол манай “Харанга” хамтлагийнхан байдаг байгаа. Тавдугаар сарын 17, 18-нд Хөх хотод тоглох зар байна. Зар наасан газар нь “Хас-Уянга” нэртэй номын сан ажээ. Дотогш орлоо. Эрэгтэй, эмэгтэй хоёр оюутан ном уншаад сууж байна. Уншиж буй ном руу нь өнгийгөөд хартал босоо монгол бичигтэй юм.

“Сайн байна уу” гээд мэндлэв. Хоёул зэрэг ухасхийн босоод “Та монгол хүн үү” гэв. Тиймээ гэтэл эмэгтэй нь хүрч ирээд тэврээд авахаас наагуур юм боллоо доо.

Хөөрч, баярлаад бүр сүйд. Манай номын санд яаж яваад ороод ирэв. Энд амьдардаг юм уу гэж асуугаад л. Харь холын нутагт хамаатан садантайгаа таарч байгаа мэт дотносож байна. Яг л эртний сайн найзтайгаа, эсвэл олон жил уулзаагүй эгчтэйгээ уулзаж байгаа мэт халуун дотноор танилцлаа. Эмэгтэйг нь С.Цоморлиг, эрэгтэйг нь Б.Алмааз гэдэг ажээ. Хоёул Хөх хотын Үндэсний дээд сургуулийн гадаад хэлний салбарын сургуулийн англи хэлний сурган хүмүүжүүлэх ангийн нэгдүгээр курсийн оюутан юм байна. Хичээлээ тарж ирээд номын санд сууж байгаа гэлээ. С.Цоморлиг богино ханцуйтай цамц, жинсэн өмд өмсч үсээ ардаа шуугаад боочихож. Манай оюутан охид шиг нүүр ам, хумс хуруугаа будаж чамирхсан юм алга. Өмссөн хувцас нь ч гэсэн янз бүрийн хээ хуар, хурц тод өнгөгүй. Б.Алмааз ч бас жинсэн хүрэм, өмд өмсөж. Илүү дутуу зүйлгүй энгийн даруухан хувцаслажээ. “Харанга хамтлаг манай улсад тоглолтоо хийхээр ирчихсэн байгаа. Өнөөдөр Ордост тоглож байгаа байх. Тавдугаар сарын 17, 18-нд Хөх хотод тоглоно” гэв. Тоглолтын тасалбар нь суудлаасаа хамаарч 200-350 юань байдаг юм байна. Манайхаар 60-100 мянган төгрөг болно. Хөх хотод ирсэн манай уран бүтээлчид голдуу Одон телевизийн цагаан сарын баярын концерт болдог гурван мянган хүний суудалтай танхимд тоглодог ажээ. Харанга гээд ярьтал өнөө хоёр маань “Тоглолтыг нь үзэх юмсан” гэлээ. Б.Алмааз 

Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам 

Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам 

Толин хулын төвөргөөнд 

Тугаа өргөсөн Монгол оо” гээд нүдээ тас аньчихаад дуулж гарав. Үгийг нь яасан сайн мэддэг юм гэж бодож зогстол яг энэ хэсгийг дуулаад зогслоо. Нүдэнд нь нулимс цийлэгнэжээ. “Би энэ дуунд хайртай. Ар Монголд очиж үзээгүй ч тэндхийн наадмыг дотроо төсөөлж бодоод дуулдаг. Шинэ жилээр хүмүүс янз бүрийн гадаад дуу дуулдаг бол би “Толин хул”-аа л дуулдаг. Гадаа цастай байхад би хөх ногоо униартсан уудам талыг сэтгэлдээ төсөөлж мөрөөддөг. Миний энэ насны мөрөөдөл тусгаар тогтносон Монгол Улсад очиж үзэх” гэлээ. Түүний чин сэтгэлийн мөрөөдлийг сонсоод С.Цоморлиг “Нэг үндэстэн хоёр улсад байх ямар хэцүү гээч. Би таныг танихгүй мөртлөө төрсөн эгч шигээ санаж байна” гэв. Тэгснээ гэнэт нэгийг санав бололтой “Хүүе нээрээ С.Сэрчмаа сайн уу. Хүүхэд нь том болж байгаа юу. Ар Монголдоо тоглолтоо хийгээд, дуугаа дуулсаар явна уу” гэлээ. Манай хамтлаг, дуучдыг л асуугаад байх юм. Ice top өнгөрсөн өвөл тоглолтоо хийсэн биз дээ. Та үзэв үү, гар утсаараа бичлэг хийсэн бол үзүүлээч гээд л. Хамтлаг, дуучид, хошин урлагийнхныг маш сайн мэдэх юм. Бүр реппер Gee, Ice top, Lumino, The Lemons гэж нэрлэж байгаад шинэ гаргасан дуу бүрийг зааж өгөх нь холгүй юм боллоо. Эндхийн залуус орой үдшийн цагаар интернэтээр манайхны уран бүтээлийг байнга үздэг юм байна. Нэг хэсэг Монголын үндэсний олон нийтийн телевизээр “Тусгай салаа” олон ангит кино гарч байхад “Уулын буга нь урамдах цагаар…” гээд тус киноны Дэндэвийн дуу моодонд оржээ. Ерөөс хөгшин залуу гэлтгүй хүн бүрийн гар утсанд тус дууны ая эгшиглэж байсан байна. Одоо харин “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа ай хө Гэнэ гэнэхэн сэтгэл минь чамайг харахаар догдлоод байна аа” гээд дуучин Д.Намсрайноровын “Дурлан дурлан хайрламаар” дуу хит болж байгаа ажээ. Бас нэг хэсэг “Ice Top” хамтлагийн “Гандан буурахгүй” дуу залуусыг жинхэнэ байлдан дагуулжээ. Одоо ч бас дуулсаар л байгаа юм билээ. Б.Алмааз “Энэ дуу маш гоё үгтэй. Сонсохоор хийморь сэргэх шиг болдог. Би үеийнхээ зургаан залуутай нийлдэг. Бид хэд нийлэхээрээ за хийморийн сангаа тавья гээд дуулж гарна даа. 

Мандах нар мэт хийморьтой, омог бардам эр хүн би 

Тиймээ би монгол хүн, тэнүүн ухаант аавын хүү 

Асах гал мэт халуун цустай омог бардам эр хүн би 

Амьдралд сөгдөхгүй, гандан буурахгүй” гээд л дуулна” гэв. Энэ дуунаас хойш залуучуудын дунд гандан буурахгүй гэдэг үг дэлгэрчээ. Юм л бол гандан буурахгүй шүү гэнэ. Аливаа хариуцлагатай ажлын өмнө, эсвэл хэн нэгэндээ ерөөл хэлэхдээ гандан буурахгүй шүү л гэх болжээ. 

Хас-Уянга номын сангийн жижигхэн өрөөнд бид хэсэг ярилцлаа. Манай хоёр үдээс хойш хичээлгүй учраас номын санд сууж жүжгийн зохиол уншихаар ирцгээжээ. Хоёулаа хөтлөгч болох хүсэлтэй. Тиймээс уран зохиолын ном, шүлэг яруу найраг, жүжгийн зохиол унших дуртай юм байна. Манай сор болсон яруу найрагчдыг шүтдэг ажээ. Пунцагийн Бадарч, Дөнгөтийн Цоодол, Бавуугийн Лхагвасүрэн гээд аваргуудын шүлгийг цээжээрээ уншиж байна. Шинэ зүйл сурсан цэцэрлэгийн хүүхдүүд шиг л би нэг шүлэг уншиж өгөх үү, дуулж өгөх үү гэсээр бид номын сангаас гарч ойролцоох хоолны газар руу явлаа. Оюутнууд ер нь барагтай бол гадуур хооллодоггүй гэсэн. Онцгой тохиолдолд л гадуур хооллоно. Бусад үед дотуур байранд хоолоо иднэ. Бид нэг, нэг таваг хоол аваад ширээний ард суулаа. “Энд тэнд хоол идэхдээ болж өгвөл монголчууд бөөнөөрөө сууцгаадаг. Зодолдож нүдэлдэх юм залуу хүмүүс хойно гаралгүй яахав. Хэн нэг нь зодуулчихсан байвал хариуг нь заавал авна. Тэр хүнийг таних танихгүй нь хамаагүй зодсон залууг очоод нүдчихнэ. Болохгүй бол олуулаа нийлж байгаад ч болтугай зодолдоно. Сургуулийн орчинд нэгнээ өмөөрсөн иймэрхүү зодоон байнга гардаг гэж ирээд л хуучлав. Яагаад ингэж ярих болов гэхээр би санаандгүй “Та нар их томоотой юм. Барагтай бол зодоон гардаггүй байлгүй” гээд асуучихсан юм. 

Эндхийн сургуулийн нэг жилийн төлбөр дунджаар 3500 юань. Дотуур байр, хоолтойгоо нийлээд жилд долоон мянган юань төлнө. Манайхаар хоёр сая орчим төгрөг. Хичээл ихтэй. Оюутнууд нь ч мэрийлттэй. Өглөө найман цагаас хичээл эхэлж 14 цагийн үед тарна. Гадуур сэлгүүцэж, эсвэл гэртээ харина гэсэн юм байхгүй. Аль нэг номын санд очиж судлах зүйлээ уншсаар 18 цаг хүргэнэ. Оройн хоолоо идчихээд хөтлөгчийн, эсвэл жүжгийн сургалтад яваад 21 цагийн үед дотуур байрандаа ирдэг байна. 

Бид гурав хоолоо идэж дуусчихаад цүнхнээсээ уруул өнгөлөгч гаргаад иртэл С.Цоморлиг “Таны уруулын будаг хаанахынх вэ. Орифлэймынх уу” гэлээ. Эндхийн охид нүүр амаа учиргүй будаад байхгүй ч эмэгтэй хүн л болсон хойно гоо сайхны хэрэгсэл сонирхоно. Голдуу Хятадын бүтээгдэхүүн авдаг юм байна. Нэг хэсэг харин ар монголоос “Орифлэйм” орж иржээ. Охид хүүхнүүд ч өдөр шөнийн тос, биеийн шингэн саван, хумсны будаг, уруул өнгөлөгч, үнэртэй ус авч хэрэглэдэг байсан гэнэ. Өмнөд монголчуудад овоо танигдаад, нэр хүндтэй ч болж байтал захиалга авдаг хүний холбоо тасарчээ. Хааяа нэг Хөх хот руу явдаг байсан нөхөр л Орифлэймийн каталоги өгөөд захиалга аваад байсан шиг байгаа юм. Дөрөв таван сар захиалга авч, хүргэлт хийж байгаад өнгөрсөн өвлөөс сураггүй болжээ. Шинэ бүтээгдэхүүн хэрэглээд дасаж байсан хүүхнүүд нэг хэсэг Орифлэймээ үгүйлж байгаад одоо эргээд хятад бүтээгдэхүүндээ орсон гэсэн. Эндхийн охид, хүүхнүүдийн нүүр царайгаа арчлах арга манайхантай төстэй. Оройд нүүрээ угаагаад сүүн шингэн, чийгшүүлэгчээрээ арчаад тосоо түрхэнэ. Гадуур явж байхад нүүрээ будсан хүн бараг таарахгүй юм. Нүдээ теньдэж, уруулаа өнгөлсөн бүсгүйчүүд хааяа нэг таарсан ч хятадууд байх ажээ. Манайх шиг хуурай, ширүүн уур амьсгалтай биш учраас сайртана гэж санаа зовох хэрэггүй. Тэгээд ч уур амьсгал нь чийглэгдүү, зөөлөн талдаа болохоор нүүрээ будлаа ч халуунд урсчихдаг байлгүй. Бас Өмнөд Монгол хүүхнүүд гангалж гоодож сураагүй бололтой юм. 

Бид гурав номын сан руу буцах замдаа Хөх хотод байдаггүй мөртлөө Улаанбаатарт байдаг, бас Улаанбаатарт байдаггүй хэрнээ Хөх хотод байдаг үйлчилгээний газрын талаар ярилцав. Хөх хотод ломбард байдаггүй бололтой юм. Зээл өгдөг газар бий ч гар утсаа, эсвэл зүүж яваа алт, монетон ээмэг бөгжөө барьцаанд тавиад мөнгө авдаг гэхээр өнөө хоёр маань гайхаад болдоггүй. Гэнэт мөнгө хэрэг болвол зүүж яваа монетон бөгжөө 20 мянган төгрөгөөр барьцаалж болдог гэж байж сая нэг үнэмшүүлэв. Хөх хотод бас эрүүлжүүлэх байдаггүй гэсэн. Хүмүүс тасарч унатлаа архи уух нь ховор. Хаа нэг ухаан мэдрэлээ алдсан согтуу хүн явж байвал цагдаа нар эмнэлэгт хүргэж өгөөд тэндээ дусал залгаад хонуулдаг гэнэ. Харин манайд сүүлийн үед ихэнх барилгын булан тохойд нээгдээд буй фитнес Хөх хотод ховор байдаг юм билээ. Орон сууцнуудын дунд болон нийтийн эзэмшлийн талбайд хэдхэн алхаад л цэцэрлэгт хүрээлэнтэй, тэндээ бялдаржуулах хэрэгсэлтэй учраас заавал мөнгө төлж биеэ чийрэгжүүлэх шаардлагагүй. Бас сургуулийн дотуур байрны дэргэд гүйлтийн зам бүхий чийрэгжүүлэх газартай болохоор залуус нь фитнест явдаггүй гэсэн. Фитнест хэн явах вэ гэхээр голдуу төрийн албан хаагчид. Эсвэл баян айлын гэрийн эзэгтэй нар чөлөөт цагаа өнгөрүүлдэг юм байна. 

Хаа газрын охид хүүхнүүдийн ярианы сэдэв болсон турах асуудал ч энд байна. Бүсгүйчүүд турах гээд хоолоо сойхоос гадна төрөл бүрийн эм бэлдмэл их хэрэглэнэ. С.Цоморлигийн найз охид ч бас янз бүрийн тураах эм уудаг гэсэн. Хөх хотын эмийн сангуудаар юу л байна тураах эм байдаг учраас хоол идэж байгаа юм шиг л эм хэрэглэдэг ажээ. Өрөөнийх нь охин бүр 01, 02 цаг хүртэл орон дээрээ унтахгүй суугаад байдаг гэсэн. Хана налж суугаад толгойгоо дохиод л. Тэгсэн хэрнээ хэвтээд унтахгүй. Хэвтэхээр таргалчих гээд. Бүрэн унтахгүй, сууж байвал ходоод нь ажиллаад турна гэх ойлголттой байдаг ажээ. “Турах гэж байгаа хүн харин ч эсрэгээрээ сайн унтаж байх ёстой шүү дээ” гэтэл хүлээн зөвшөөрдөггүй ээ. Унтчихаар хүний бие эрхтэн дагаад унтана. Тэгэхээр турах явц зогсоно гэж үздэг юм байна. Яаж ч маргаад дийлсэнгүй. Ингэж унтахгүйгээр турна гэж боддог охид шөнө 01, 02 цагийн үед орондоо орж унтаад үүр цайхаар дахиад л босоод суучихдаг гэнэ. Зарим нь бүр нойр, хоолгүй явсаар гадаа гарч гүйх ч тэнхэлгүй болдог ажээ. Гэхдээ байнга ийм байхгүй. Улирлын чанартай аяглана. Гадаа дулаарч хөнгөн нимгэн хувцсандаа орох үедээ турах талаар ярина. Зунжингаа иймэрхүү маягаар өөрийгөө ядрааж жингээ хассан болоод намар эргээд хамаа замбараагүй идэж эхэлдэг гэж байгаа. Тэгээд л өвөлжин хуримтлуулсан таргаа зун нь хасах гээд шөнө ч бүтэн нойртой хонож чадахгүй өөрийгөө зовоодог байна. Бас хажуугаар нь хэрэгтэй хэрэггүй тураах эм, бэлдмэлд хамаг мөнгөө үрээд хачин юм болдог ажээ.   

Өндөр гоолиг С.Цоморлиг хүртэл турах талаар ярих юм. Би 170 см өндөр, 55 кг жинтэй. Надтай чацуу өндөртэй хэрнээ миний тал шиг харагдахаар туранхай. Тэгсэн мөртлөө Улаанбаатарын хүүхнүүдийн турах аргыг асуугаад байх юм. “Хоолоо сойдог уу. Олон давхар хувцас өмсөж хөлсөө гаргаж байна уу” гээд л. Хэт туранхай байх юу нь сайхан байна вэ гэхэд “Эрэгтэй хүний нүдэнд арьс хүртэл зузаан харагддаг гээ биз дээ” гэж байна шүү. Бараг л хөх мах нь харагдахаар тийм туранхай байвал гоё байж, эрчүүдийн нүдэнд сайхан харагдах юм гэнэ. Бас яс арьс болсон бие хаатай байвал ямар ч хувцас зохидог талаар ярилаа. Зун цагт ганган хувцаслахдаа зориулж ийн биеэ бэлддэг ажээ. Ганган хувцас гэснээс тэндхийн охид хүүхнүүд энэ зун моодонд ороод байгаа дэрэвгэр хормойтой даашинзаар гоёж байна. Бас шөвгөр хоншоортой гадсан өсгийт жийнэ. Ерөнхийдөө тэгш, майга ямар ч хөлтэй байсан богинохон дэрэвгэр даашинз өмсдөг болжээ. Зохисон зохиогүй моодоо дагаж байгаа нь тэр.    

Хоолны дараа  хотын залуусын оройдоо цуглардаг газар болох Шар гудамж руу явлаа. Тэнд караоке, баар, хоолны газар, тоглоомын төв гээд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх газрууд бий.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Гоо сайхан үргэлж дэлгэрэг

 “Blue Moon Art gallery ”-д нэн сайхан үзэсгэлэн нээгдэв. Австрали, Индонез, Өмнөд Африк, Канад, Шинэ Зеланд, Исланд, Хятад, Танзанийн үзэсгэлэнт нутагт очих бөлгөө. Ер бусын гайхамшигт амьтдын нь ертөнцийг тольдох ажгуу. Эгшин хормын гоо үзэсгэлэн, энгүй энгийн гоо сайханд зочлох билээ л.

Үзэсгэлэнгээс хамгийн түрүүнд мэдрэх нь, хязгаар, бөглүү алсын нутгийн хэн ч үл сонсох боловч, ер бусын ялгуун чимээ, сонгийн дэвэлт, болжморын жиргээ, шумуул дэлэнчийн шунгинаан билээ. Гэрэл зургийн хорхойтон, эгшин, хормыг эзэгнэж, давтаг­дашгүйг нээх хүсэлтний гэгээн шунал билээ. Гэрэл зургийн хальсанд орчлон хорвоон өнгө, яруусал, хувьсал, баяр гунигийг хээлэх өөрөө үлэмжийн гэрэлт үйл. 

Африк нутгийн үзэсгэлэн. Энэ үзэсгэлэнгийн, энэ үзэсгэ­лэнг бүтээгчийн эдлэн. Эрээн тахь, эгэлгүй анааш, эрээн бар, илбийн гөрөөсүүд энэ бүхэн гайхалтай. Танзанид, Исландад, Шинэ Зеландад хүссэнээрээ явах амаргүй. Явлаа гэхэд имэрч, илтэслэж үзэх нь бүр ховор. Гэвч тэдгээр нут­гийн наран мандахыг, жар­га­хыг, дахин дахин мэдэрч үзэх бололцоог олгожээ, энэ үзэсгэлэн.

 Амгалан талын аяс хөндөж 


Алдуурсан унага шиг одод харвана хэмээсэн Долгорын Нямаа гуайн сайхан мөр бий. Эл үзэсгэлэнг үзэжээ явахад ийм сайхан шүлгийн мөр санаанд бодогдож, ээрэм талд хулангийн цавчаалд элс нурах шиг төсөөлөгдөнө.

Онгон зэрлэг байгалийн түрхэрээнт эрчим хүч, зүйрлэшгүй ярууг үзэсгэ­лэнгээс үзэж болно. Хөх алаг угалз, хөөрхөн бялзуухай, барын найрсаг шивнээ, шувуу­дын гоог чухамдаа билгийн нүдээр хараачлан буулгасан нь бишрэл төрүүлэм. Эх нутаг­таа шүтэж, үзэсгэлэн гоог ууургалж, өөрийн жаргалыг бусдад халдварлуулах зохиог­чийн чин сэтгэлд бахархалтай. Үзэсгэлэн гоо гэдэг хэрэг дээрээ байгальд л, бас хүний сэтгэлд буй. Энэ  л хоёрыг сүлэлдүүлж, эрчилбээс магадын сайхан бүтэхүйг гэрэл зураг нотолж байна.

Зураг авах гэдэг догдлол, баяр баясгалан, эрсдэл. Үүнийг гэтлэж, гоо сайхныг, зургийг бүтээхүй нь дээд буян, яруу сайхан болой. Байгаль , орчлон хорвоо нь өөрөө диваажин юм. Тэрхүү диваажиндаа, байгальдаа хайртай байхуй нь учиг дүүрэн, ерөөл талбиун зохионгуй. Эл үзэсгэлэнгээс үүнийг мэдрэх. 

Бүтээл амилуулах, тэр тусмаа гэрэл зургийг цогцлооно гэдэг уйгагүй эрэл, гайхам зүтгэл. Бас тэр тусмаа, сармагчингийн нов ногоон “оюу” төмсгийг харах, гэрэл зурагт буулгах хүртэлх эрэл өөрөө ховор. Гэрэл зургийг, байгалийн гоо үзэсгэлэнг бүтээхүй нь дээд төвшний мэдрэмж, урлал юм. Байгалийг, гоо сайхныг бүтээсэн иргэнээс л эх орны тухай үнэн тодорхойлолтыг нэхмээр санагддаг. Эл үзэсгэлэнг үзээд энэ бодол улам лавширсан.

Үзэсгэлэнд тавигдсан зургууд: Г.Батсүхийн бүтээлүүд

Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас 

Хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ хэмээн Инжиннааш хэлжээ. Урлал төгс, амьд халуун, бүтээлч судаслаг зүйл барьж авсан хэн боловч үүнийг гүн бодолтой. Сайхан бүтээл, олоогүйг олох, үзүүлээгүйг үзүүлэх нь эрхэм дээд.

Орчлонг хайрлах нь яруу сайхныг олж харах. Яруу сайхан зүйлд дурлаж, олж харж, урлах нь ер бусын үйл. Иймийг бүтээгч, олж харагч нь билгийн мэлмий мянгантаа нээгдсний илрэл юм.

Сайн сайхан, гоо яруу зүйлд нийгмийг урвуулагч нь хамгийн гайхамшигт урвуулагч юм. Нэн ялангуяа өнөөдрийн бүгчимлэг нийгэмд. Гэвч цаг үе болгон өөрийн дархлаагаа, сэрээгчээ, сэрүүлэгчээ бас бүтээдэг байна. Бидэнд ертөнцийн өнгө, яруу сайхныг, үлэмж гоог, хязгаарлагдашгүйг, бишрэлийг, үнэнийг, өнгийг амтлуулан, имрүүлэн, тольдуулсан эрхэм Г.Батсүх, хатагтай Л.Алимаа та бүхний эрхэмсэг, яруу тод, эгшиглэнт сэтгэл мэлмий ашид гийхүйн ерөөл өргөе. Цаг хугацаа, эгшин хором бүрт гоо сайхан буй. Түүнийг эрхшээхүй нь бидний билгийн мэдэл, цагалбар. Гоо сайхан үргэлж дэлгэрэг. 

Б.ЗОЛБАЯР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад албан тоот хүргүүлжээ

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, С.Ганбаатар нар “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх санал тавих тухай“ албан тоотыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт өчигдөр хүргүүлсэн байна. Уг албан тоотод, “ УИХ-ын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний чиглэл”-д Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, тодотгол оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхдээ төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжүүлэх зарчим баримтлахыг Засгийн газарт чиглэл болгосон.

Энэ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2013-2014 оны гурван талт хэлэлцээрээр нэгэнт тохирсон Төрийн албан хаагчдын цалин, ахмад настан, эх үрс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 2014 онд нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлж, энэ арга хэмжээнд зориулж нэмэгдэл санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэх боломж олгож буйг Ерөнхий сайд танд сануулж байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2014 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 1.0 хувь, оны эхнээс 4.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 12.3 хувиар өсчээ. Нөгөө талаар 2012 оны 3 дугаар улирлаас 2014 оны 2 дугаар улирлын хооронд хэрэглээний үнийн индекс 37 хувиар өссөн нь төрийн албаны ажилтан түүний дотор төрийн болон үйлчилгээний бага тушаалын ажилтнууд, тэтгэврийн ахмадуудын худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж тэдний амьжиргааны түвшин улам бүр доройтоход хүрч байна.

Иймд энэ нэмэлт эх үүсвэрийг зөвхөн төрийн албан хаагчийн цалингийн сүлжээний бага ангилал, зэрэглэлд хамаарах ажилтны цалин, бага тэтгэвэр тогтоогдсон өндөр настнуудын тэтгэврийн хэмжээг нэн яаралтай нэмэгдүүлэхэд зориулах нь зүйтэй гэсэн дээрх саналыг хүргүүлж байна. Асуудлыг нэн даруй шийдвэрлэж, хариу ирүүлнэ үү” гэжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд мал аж ахуй эрхлэх журамтай боллоо

Монгол улсын хот байгуулалтын хүрээнд хүн амын нутагшилт, суурьшил болон хот төлөвлөлтийн дагуу хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлж хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд төр, аж ахуй нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам гаргалаа.

Тус журмыг Монгол улсын үндсэн хууль, Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Их  хурлын тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Төрөөс  мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого, Монгол мал  хөтөлбөр болон эдгээртэй нийцүүлэн гаргасан байна.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ыг товч танилцуулахад:

Журамд тусгасны дагуу нийслэлд бэлчээрийн мал аж ахуй, хагас бэлчээрийн мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, хагас эрчимжсэн аж ахуй гэсэн хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Багануур, Багахангай, Налайх  дүүргийн зарим хэсэг болон таталцлалын бүсэд бэлчээрийн, хагас бэлчээрийн, хагас эрчимжсэн мал аж ахуйг эрхлэн явуулна. Харин нийслэлд  дараахь зөвшөөрөгдсөн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг үйлдвэржсэн хэлбэрээр эрхлэн явуулах юм.

– Багануур, Багахангай, Налайх дүүргийн зарим хэсэг, Сонгинохайрхан  дүүргийн Жаргалант, Хан-Уул дүүргийн 12,13,14, Баянзүрх дүүргийн Улиастай орчмын нутгийг эрчимжсэн мал аж ахуй фермерийн аж ахуйн  бүс нутаг болгон хөгжүүлэх

– Сонгинохайрхан дүүргийн 21,32, Хан-Уул дүүргийн 12,13, Баянзүрх дүүргийн 11, 20, Налайх дүүргийн 3, 5 хороо, Багануур дүүрэгт  Сүү, махны үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэх үхрийн цогцолбор аж ахуйг шинээр байгуулах;

– Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны 361-ын гарам, Хан-Уул дүүргийн 13-р хорооны Туул тосгон, Багануур, Налайх дүүргийн зарим хэсгийн  бүс нутагт тахиа, гахайны цогцолбор аж ахуй эрхлэх;

– Багануур, Налайх дүүрэгт мах-ноосны чиглэлийн хонины эрчимжсэн аж  ахуйг өргөтгөх, мах сүүний эрчимжсэн аж ахуйг шинээр байгуулах;

 Зөвшөөрөгдсөн бүс нутагт Эрчимжсэн мал аж ахуйг цогцолбор хэлбэрээр  үйлдвэржүүлэн хөгжүүлэхийн тулд  дараахь  шалгуурыг хангасан байна.

– Мах, сүүний фермийн аж ахуй нь бод малд шилжүүлснээр 50-с доошгүй  толгой малтай /хээлтэгч/ байх

–  Гахайн аж ахуйн ферм нь  80-с  доошгүй мэгжтэй байх

–  Шувууны аж ахуйн ферм нь  25000-с доошгүй  өндөглөгчтэй байх

 Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс:

Энэ бүсэд хотын төвийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийт хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр, Богд уул хамрагдана. Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хилийг хавсралт зургаар нарийвчлан зааж өгнө.

                                               

                                                Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх бүс:

Энэ бүсэд Налайх, Багануур Багахангай дүүрэг Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12,13, 14 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороодын нутаг дэвсгэр хамрагдана гэж тогтоожээ. Дээрх журмын хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хяналта тавин ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Фортуна Н.Батбаяр эмийн чөлөө авлаа

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах бичгийг Ардын намынхан өргөн барьсан билээ. Хуулиараа бол бичиг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор УИХ асуудлыг хэлэлцэж эхлэх ёстой. Тэр хугацаа нь өнгөрсөн лхагва гаригт дуусчихлаа. Уг нь энэ өдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдах товтой байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшилсон юм.  Гэвч хуулийн хугацаандаа амжаагүй тул асуудлыг хэлэлцэхгүй гэдэг дүрэм байхгүй.  Тиймээс Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдах байх хэмээн хүмүүс харж байв. Гэтэл асуудлын эзэн өөрөө эзгүй байгаа юм байна.  Учир нь Н.Батбаяр сайд  эмчийн акт үзүүлж, Ерөнхий сайдаас хоёр хоногийн чөлөө авчээ. Түүний даралт ихэсч бие нь муудсан гэнэ. 

Ямартай ч Н.Батбаяр сайдын чөлөө өнөөдрөөр дуусч байгаа юм байна. Залгуулаад амралтын өдрүүд үргэлжлэх учраас Н.Батбаяр сайд нэг мөсөн даваа гаригт ажилдаа ирэх бололтой. Ерөнхий сайд гадагшаа томилолтоор явах тул бямба гаригт Засгийн газрын хуралдаан ч болохгүй. Тэгэхээр Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх хугацаа ирэх долоо хоногоос наашгүй болжээ. УИХ-ын хууль зөрчсөн үгүйн асуудал ч ирэх долоо хоногт оволзох бололтой. 

Я.ЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

“Railbus” өнөөдрөөс эхлэн иргэдэд үйлчилнэ

Өнөөдрөөс эхэлж төмөр замын автобус буюу “Railbus” иргэдэд үйлчилж эхэлнэ. Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа энэхүү унааны үнэ нь 2000 төгрөг юм байна. Харин оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн үйлчлэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Тус төмөр замын автобус нь Амгалан, Толгойт, Таван шар, Барс-2, Вокзал, Дундгол, Нарантуул, Улаанхуаран гэх найман байршилд зогсолт хийн зорчих ажээ.