Categories
мэдээ нийгэм

Галдан бошигт хааны 300 жилийн ойг тэмдэглэнэ

Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой энэ онд болох юм байна. Уг ойд зориулан “Галдан бошигт-370” баруун бүсийн “Их хурд” наадам “Галдан бошигт хаан” дуулалт жүжиг, 370 бий биелээч, 100 уран нугараач, угсаатны өв соёлын наадам, үндэсний хувцастай 500 морьтны үзүүлбэр зэрэг урлаг соёлын үйл ажиллагаа явагдана. Энэхүү ойг ирэх долдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Ховд хотын Өв соёлын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Эдгээрээс гадна Олон улсын хөөмийн гуравдугаар их наадам, “Галдан бошигт дуулал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болох ажээ. 

Categories
гадаад мэдээ

Р.Рейганы таалал төгссөний 10 жилийн ой болж байна

АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейганы таалал төгссөний 10 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм. Энэ ой болж байгаатай холбогдуулан талийгаачийн эхнэр Нэнси Рейган түүний оршуулсан газар нь очиж цэцэг өргөсөн байна. Өдгөө 93 настай Нэнси Рейган нөхрийнх нь дурсгалыг хүндэтгэл ёслолд оролцохдоо одоо болтол түүнтэй зүүдэндээ уулздаг хэмээн ярьсан нь цугларсан хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ.

Ю.ДЭЛГЭР

Categories
булангууд мэдээ

Н.Гэрлээ: Жамц баяны дүрийг бүтээхдээ нагац ахынхаа амьдралаас санаа их авсан байх

 “Миний аав” буланд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Найдангийн том охин Гэрлээг урьж оролцууллаа. “Хүргэн хүү” киноны Жамц, “Хөдөөгийн баясгалан” кинонд Ширнэн­гийн дүрээрээ алдаршсан Доржийн Найдан гуайг мэдэхгүй хүн ховор билээ. Түүний охин Гэрлээ өдгөө 70 нас шүргэж явна. Тэрбээр аавынхаа тухай ийнхүү дурслаа. 

-Гавьяат жүжигчин Д.Найдан гуайн бүтээсэн дүрүүд монгол хүн бүрийн сэтгэлд их ойр санагддаг. Аав, өвөө минь юм шиг тийм дотно сайхан мэдрэмж төрүүлдэг. Аавынхаа намтрын талаар ярихгүй юу. Бага залуудаа юу хийж байв?

 -Угаасаа миний аав чинь их сайхан хүн байсан юм. Кинонд тоглосон дүр, амьдрал дээр байгаа хоёр нь ялгаа байхгүй дээ. Амьдрал дээрээ тийм аядуу, зөөлөн зантай, уурлаж, уцаарладаггүй. Хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг. Бас их алиа хошин, найрсаг зантай хүн байсан юм. “Хөдөөгийн баясгалан”-д Ширнэн өвөөгийн дүрээр залуу үеэ халамжлан хүмүүжүүлж, мал маллах нарийн ухааныг харуулж, хөдөөдөө жаргаж байгаа тэр дүр нь яг л гэртээ, хүүхдүүдтэйгээ байгаа юм шиг. Гэртээ орж ирээд цайгаа уугаад сууж байгаа тэр дүр төрх нь одоо ч нүдэнд минь харагдаж байна. Хүүхдэд их хайртай. Хүүхдийг загнана гэж мэдэхгүй тийм хүн байлаа. Тиймээс би Ширнэн өвөөгийн дүрд нь их хайртай байдаг юм.  

Аавын минь бага залуу нас мал дээр өнгөрсөн. 1917 оны долдугаар сарын 13-нд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 21 нас хүртлээ мал маллаж байгаад 22 насандаа ээжтэй маань ханилан сууж, тэр жилдээ цэрэгт явсан юм. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 20 дугаар морьт хо­роонд хуваарилагдаад, цэр­гийн клубт уран сайханчид бүртгүүлэхэд аав маань хам­гийн түрүүнд нэрээ бичүүл­сэн гэдэг. Тэгээд 1941 оноос урлаг руу орсон юм. 1945 онд Ховд аймгийн төвд театрчилсан клуб бай­­гуу­лагдахад аав маань анхны дуучин, жүжигчнээр орж  байлаа. Тэндээ 1969 он хүртэл 24 жил ажилласан юм. 

-Урлагт их дуртай байж дээ?

-Угаасаа урлагт их ойр хүн байсан юм. Бага залуу нас нь мал дээр өнгөрсөн ч өөрөө их авьяастай байж. Монгол ардын уртын дууг их сайхан дуулна. Залуу зандан цагтаа нутаг хошуундаа ган хоолойтой Найдан гэж нэрлэгддэг байв. Их сайхан нарийхан хоолойгоор дуулдаг учраас цэрэгт байхдаа ардын цэргийн клубт дуучнаар орсон. Нутгийн ард түмэн малчин Найдан, дуучин Найдан, ерөөлч Найдан гээд Найдангийн халаасанд мөн ч олон Найдан байгаадаа гэж хошигнодог байсан гэдэг. Өөрөө тамхи их татдаг байсан юм. Тэгээд тамхинаас болоод дуулж чадахаа байлаа гэж  ярьдаг байсныг санаж байна. “Амны тамхи дуучин хүнд их хэрэггүй эд дээ. Намайг уртын дуу дуулж байсан гэхэд одоо хүмүүс бараг шоолно биз.  Юуны ган хоолой байхав, сөөнгө хоолойтой Найдан л гэх байлгүй” гэж хошигнож ярьсан байдаг. Ер нь дууг сайхан дуулахаас гадна сэтгэлээрээ дуулах ёстой гэдгийг аав маань багшаасаа суралцсан. Сэтгэлээсээ дуулдаг байсан тэр мэдрэмж  нь жүжигчин болоход нь дэвсгэр болсон юм болов уу. Ховдын театрт ажиллаж байхдаа их олон жүжгийн дүрийг бүтээсэн. Бид нар аавынхаа тоглосон жүжгийг үзэх гээд театрт очно. “Далан худалч”, “Тожоо жолооч” зэрэг олон драмын жүжиг, С.Гончигийн зохиол Д.Лувсаншаравын хөгжим “Цэцэгт нуурын хошуунд” хөгжимт бүжгүүдэд тоглосон. Тэгээд хот руу орж ирээд кинонд тоглож эхэлсэн юм. Нэг дүү маань өвдөөд Улаанбаатар хотод очиж эмчлүүлэх шаардлагатай болсон. Хотод ирээд шууд л Улсын драмын театрт жүжигчнээр орж  олон кинонд сайхан  дүрүүдийг бүтээсэн.  Нийтдээ улсад 33 жил ажилласан байна. 

-Залуудаа гавьяат жүжиг­чин цол хүртсэн юм билээ?

-Тиймээ. 1954 онд Ховд аймгийн театрын урлагийн арван хоногоор Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан.  Ардын хувсгалын 50 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд “Хүргэн хүү” киноны Жамцын дүрээр Тусгай шагнал хүртсэн. Бас залуу үеийн хүмүүжүүлэгч, тэргүүний ажилтан зэрэг ойн медаль тэмдэг, сайшаалын үнэмлэх, диплом, баярын бичгээр шагнуулж байсан.  1971 онд Москвад болсон олон улсын кино наадамд оролцсон. Тэнд гадаадын олон урлаг судлаач, үзэгчид ирж Жамцын дүрийг өндрөөр үнэлсэн гэдэг. 

-Аавтайгаа байсан дур­самжуудаасаа хуваалцахгүй юу. Одоо ч санаанаас гардаг­гүй захиас байдаг байх?

 -Аавтай маань холбоотой их олон сайхан дурсамжууд бий. Их завгүй байсан нь санаанаас гардаггүй юм. 1954 онд Ховдын театрынхан Хятад руу ажлаар явсан. Аавыг явсан хойгуур ээж маань алдарт эхийн нэгдүгээр одон авдаг юм байна. Дээр үед орон сууц гэж байх биш. Аавын ах нь манайхтай нэг хашаанд байлаа. Ээж маань одон авч байхад аав байдаггүй. Тэгээд яахав, аавын ах нь ээжид минь баяр хүргэж, чихэр жимс авчирч өгөхөд би нээх их баярлаж билээ. Ер нь тэгээд цаг наргүй ажилладаг байсан даа. Бас нэг өдөр ээж төрөх гээд  гэнэт өвдлөө. Тэгсэн аав ажилдаа яваад байдаггүй. Намайг шалавхан яваад аавыгаа дууд гэлээ. “Ээж төрөх гээд байна” гэж хэл гээд захив. Тэгээд би театр руу очоод аавд сандраад хэлэв. “Ээж төрөх гээд өвдөөд байна” гэсэн чинь “Өвдөх барих юу байдаг юм. Цаашаа очоод улсуудад хэлээд эмчид үзүүлээд төрж бай. Би жүжигт гарах гээд байна. Энэ чухал ажлыг хаяж болохгүй. Очиж чадахгүй” гээд орчихлоо. Ажилдаа дуртайгаас гадна асар их хариуцлагатай байдаг байсан. Тэр үе санаанаас гардаггүй юм.

-Жамц баяны дүрд монголчууд их хайртай байдаг. Энэ дүрээр баян хүн бүр муу биш гэдгийг харуулсан. Дүрээ хэрхэн бүтээснээ юу гэж ярьдаг байв?

-Яг тэр дүрийг ингэж бүтээж байсан гэж хэлж байсныг нь санахгүй байна. Хүүхэд байсан болохоор нарийн ширийн юм ойлгохгүй байсан болов уу даа. Ямар ч байсан их завгүй, хөдөө гадаа явдаг. Шөнөжин суугаад жүжиг, киноныхоо дүрийг гаргах гээд дэвтэр бариад суудаг. Монгол бичгээр их сайхан бичдэг хүн байсан. Аавын маань ээжийн дүү баян Базар гэж хүн байсан юм. Аав тэр ахтайгаа их ойр өссөн байх. Мал хуй ихтэй баян хүн байсан. Тиймээс баян хүний зовлон бэрхшээлийг сайн мэддэг учраас “Хүргэн хүү” киноны Жамцын дүрийг бүтээхэд дөхөм байсан болов уу. “Хөдөөгийн баясгалан”-гийн Ширнэн, “Хүргэн хүү”-гийн Жамцын дүрээс гадна  драмын жүжгийн олон туслах болон гол дүрийг бүтээсэн. Тэгээд 1969 оноос хойш “Эр цэргийн жирийн өдөр”, “Хатанбаатар”, “Говь Хянганд тулалдсан нь”, “Цэрэг эрийн дууль” гэх мэт кинонд тоглосон.  

-Тэтгэвэртээ хэдэн онд гарсан бэ. Тэтгэвэртээ гараад юу хийж байв?

-1978 оноос өндөр насны тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэртээ гарсан ч гэсэн урлагийнхаа ажлыг хийсээр л байсан. Тэр нь “Ахмадын цуурай” нэвтрүүлэг юм. Энэ нэвтрүүлгээ хийж, хот, хөдөөгийн хооронд их явна. Нэг ч зүгээр суухгүй байсаар 1990 онд өөд болсон доо.   

-Та ах, дүү хэдүүлээ вэ?

-Би ээж, ааваасаа арвуу­лаа. Аав, ээж маань таван хүү, таван охин төрүүлж өсгөсөн. Одоо амьд сэрүүн байгаа нь зургаа байна. 

-Аав тань ямар хүнтэй ойр байж, хэнийг хүндэлдэг байсан бэ?

 -Үеийнхээ нөхдүүдтэй сайхан нөхөрлөнө. Залуучууд­даа үлгэр дуурайл болж, ахма­дуудыг их хүндэлдэг бай­сан. Манайхаар орж гарсан хүмүүс бүгд л жаажаа жаажаа гээд хүндэтгэлтэй хандана. Цагаан сар, улсын баяраар театр, урлагийнхан бүгд л ирнэ шүү дээ. Тэр бүгдийг тоочоод барахгүй биз. Миний санаж байгаагаар жүжигчин Дамчаа гуайтай их найз байсныг санаж байна. Өөрөө их алиа хошин хүн байсан болохоор аавыг минь явсан газар болгонд бөөн инээдэм ханиадам болдог байлаа.  

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
булангууд мэдээ өд-бэх

Хойд мөсөн далай руу түрхэрэгч Идэрийн гол

 “Хангайн сайхан нуруунаас эх авсан  Идэрийн сайхан гол өндөр уулнаас буусан тул урсгал түргэн түргэн эрэг дээр сууж чагнахуйяа бас хөгжим мэт” гэж их зохиолч Д.Нацагдорж нэгэн өгүүллэгээ эхэлснийг  хүүхэд бага балчир насны сэтгэлд хоногшсон байх юм. Эх орны минь нэгэн гайхалтай чимэг болсон Идэрийн гол уртаараа дэлхийд тавдугаар байранд ордог гэдгийг өдий болтол мэдээгүй явж. Үүнийг манай газарзүйчид яагаад мэдүүлээгүй, хүмүүсийн чихэнд хүргэхгүй байсаар өдий хүрсэн юм бол? Энэ тухайд Америкийн адтай жуулчин Дон Кронер гэгчийн “Монгол орны хоймор нутгаар” номоос л мэдлээ. Энэхүү номонд гоё ганган,  гялбуур хуурай  үг нэг ч байсангүй. Үгийн сэрэл, үгийн мэдрэмж, үгийн  сэтгэмж гэж  юм бий. Тэр чигээрээ үгийн утгазүй сэрэл, сэтгэмжийг шингээсэн энгүүн, ончтой, амтлаг, утгат,  зохист найрууламжтай сэтгэлд нэн таатай бууж байгаа нь  зохиогчийн чадвар гэж болох ч орчуулагч Л.Амарбатын эх хэлний найруулгын  ид шид, дүйцүүлэн буулгах чадалтай холбомоор байна. Үгийг тод өнгө, зохист эгшиглэнтэй нь хам хөрвүүлэгч ийм орчуулагч бусдын хараанд өртөлгүй чимээгүй даруу хаагуур явсан юм бол? Корнерийг адтай жуулчин гэдэг үгийг зөнд нь  зүгээр унагасангүй. Хойд мөсөн далайн ай савд хамгийн түрүүн цутгаж хүрдэг Енисей мөрнөөс хөөн Ангар, Сэлэнгэ, Байгаль гэж туучуулан яван  явсаар хамгийн цаад тулгарах эхийг олох гэж зориглосоор мэтгэсээр түүний эх нь Идэр гэдгийг “алх цохих” мэт  тогтоожээ. Утга зохиол судлаач  нэг үг, өгүүлбэрийн хойноос  эрэл болдог бол, газарзүйн шинжээчид ингэж уул уул, мөрөн мөрөн, гол гол дагаж явсаар нээлт хийдэггүй юмаа гэхэд баталгаа нотолгоог бий болгодог  байна. Сонирхлыг өдөөгч энэхүү ном болоод “Бөхөн шарын нурууны” аяллаас олсон олз гэвэл энэ. Идэр голын хөвөө эрэг дээр шарз шимсхийн зогсож байхдаа энэ ертөнцийн цэвдэг умард туйл хязгаар Хойд мөсөн далайн эцэс дээр зогсч байна гэхээс говийн хүний хувьд сэтгэл хөдлөхөөс өөр аргагүй байв. 

Ертөнцийн  юмс бү­хэн  цаанаа учир шалтгаацал­тай. Үндэснийхээ эх хэлээ хайрласан, бахархан хөгжүүлсэн, баяжуулсан хувьсгалын эхэн хаанаас үүдэлтэй вэ? гэдгийг чангаар дуулгах цаг ирж байна. Тэгвэл Идэрийн голоос гэж болно. “Оюун санааны Идэрийн гол” жилээс жилд, хавраас хаварт  монгол газар нутгийнхаа зүүн, өмнөд, хойд руу салаалан урсан орон даяар дархаж эхэллээ.Энэ бол жил бүрийн хавар гол мөрөн мөсөн баринтагаа тайлж, цэцэг ногоо жигдэрч, хүн малын зоо тэнийсэн байгаль цагийн уур амьсгал уясан газраас манан дэгдэн хөөрөх үеэр зорьдог байна. Энэ бол Завхан аймгийн Идэр сумын харьяат  монгол хэлний нэрд гарсан багш сурган хүмүүжүүлэгч  Лутын Лхагважавын нэрэмжит эх хэл бичгийн олимпиад юм. Улс орон даяар хүчээ авч байгаа энэ сайхан үйлсийн эхлэл багш шавийн ариун  барилдлага дороос анх сэдэгдэн гарчээ. “Шинэ Ази” группийн ерөнхий захирал Лхамсүрэнгийн Төрбаяр нөхдийн хамт багшийнхаа нэр алдрыг өргөх зорилгоор үүсгэсэн эрдмийн өглөг бэлэг юм. Манайханд ямар нэгэн үйлсийг сүржин эхлээд даржин хаячихдаг гэм бий. Урлаг, уран зохиол, соёлыг бишрэн хүндэтгэдэг, түүний хамаг нандин гоо сайхны ертөнцийг  өөртөө шингээсэн энэ эрхэм  сэдсэн бүхэндээ тангараг тавьсан мэт үнэнч явдаг нэгэн гэж хүмүүс ярьж байна.  Эх орны газрын зураг дээр эх хэлнийхээ тунгалагшилын тугийг хатгажээ. Зөв хүний бүх зүйл зөв, тэр тусмаа наргиж хошигнохдоо ч зөв байх юм. 

Үүнийг бичигч “За даа, энэ олимпиад ч зөвхөн баруун бүсийнхний явдал биз ээ” гэж боддог байснаа нуух юун. Гэтэл “Монгол эх хэлний  хувьсгал” Идэрийн голын эрэг хөвөөнөөс  нүүн нүүсээр хаа тэртээ говийн аймагт хүрч очжээ. “Эх хэл ядуурлаа, сүйрлээ, мөхлөө” гэж олон жилийн туршид хашгирсаар ирсэн боловч үнэндээ олныг цочирдтол, түмнийг дэнсэлтэл, шаагиж нижигнэтэл зуурч авсан нь цөөхөн  шүү дээ.  Уг нь манайхан эрдэмтдээр дутаагүй,  хэлбичгийн ухааны  докторуудын нэг хүнд ногдох тоогоор дэлхийд дээгүүр  давхинаа. Эх хэлний үгийн сан хомсдож, утгазүй саарч, монгол хэл сэтгэлгээ захаасаа хуурайшиж намагшиж байгаа нь үнэн. “Төсвийн өсөлт явагдаж байна, авлига төрийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа, тэмүүлэл рүү явах, магадлал өндөр байгаа тийм зарчим руу хатуу явах, дасгалжуулалт авах, 240 обьектын хөрөнгө оруулалтыг царцааснаар, төсвийг царцааснаар, тоглоомын дүрэм, зар сурталчилгаа хүмүүсийн үг ярианы цэвэршилтийн түвшинг ихэсгэж, багасгадаг, эерэг хүлээн зөвшөөрөлт, ойрын үед цаг агаарын муудалт болно, аягүй гоё арга хэмжээ, дээрэмчин маань, ДОХ маань, хулгайч маань, эдийн засгийн солонгорол, эдийн засгийг долларжуулах” зэрэг албархаг хэллэгийн  хив хорхой хаа сайгүй гүйлдэж байдаг. Гадаадад хэдэн арван жил суралцсан гэх зөв ч бичиж чаддаггүй төрийн алба хашдаг  эрхмүүдийн албан бичгийн найруулгын наад захын зүйл бол  энэ. 

Ийн атал эх хэл соёлын хүрээлэл бүснээс хол, харь  хамаагүй өөр мэргэжлийн гэж болохоор Л.Төрбаяр бизнесмен шууд өөрөө үлгэрлэж, өөрөө нөлөөлж, өөрийн биеэ болон өөрийн мөнгө санхүүгээ харамгүй шидэн байж энэхүү “эх хэлний хувьсгалыг” эхлүүлжээ. “Хувьсгал” гэдэг үг сүржин сонсогдож магад. Гэвч ядаж л өнөөгийнхний амны уншлага болсон  ”ногоон, цагаан хувьсгалаас” дутахгүйгээр түргэн зуур түгэх нигууртай нь мэдэгдэж мэдрэгдээд байна лээ. Газрын хол, замын урт  хамаагүй болсон нь энэ жил Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Эрдэнэт, Дархан, Дундговь  аймгаас монгол хэлбичгийн олимпиадад 100 гаруй  багш, 500-аад сурагчид монгол бичгээр зөв сайхан бичих, яруу сэтгэе нэрийн дор шүлэг зохиох, уран сэтгэмжийн эсээ бичлэгийн зэрэг дөрвөн төрлөөр  оюун ухаанаа сорилоо. Маш хатуу даваа давдаг аж. Энэ даваанд багш нар ч, сурагчид ч, шүүгчид ч долоо хоногийн турш өдөр шөнөгүй үзэлцсээр сульдахыг харлаа. Мань мэт нь гэхэд л шилдэг эсээ шалгаруулахад 150 сурагчийн бүтээлийг нэг бүрчилэн уншив.  Талдаа 1200 км туулаад ирсэн Дундговийн багш, сурагчидтай уулзаад “Тэртээ говь  нутгаас та нар анх удаа иржээ. Энэ жил ч  ганзага хоосон буцаж магадгүй шүү. Сэтгэлээр бүү унаарай. Идэрийн голын уснаас амсаад, магнайдаа хүргээд буцахад алсдаа учиртай. Хамба гэгээн, Ялгуулсан хутагт гээд төр шашныг хослон баригч  Богд хаан Жибзундамбаас адислаж, жанлайлавласан хоёрын хоёр халхын тамгатай хувилгааныг төрүүлсэн энэ баян хангай газрын Бөхөн шарын нуруу, Сэвжидбалбар хайрхандаа мөргөж сүшиглээд гарна бизээ” гэсэн чинь юу вэ? төдөлгүй амаа алгадуулав. Ядаж энэ үгээ журмын нөхдийн өмнө хэлчихсэнийг хэлэх үү? Дундговь аймгийн Сайнцагаан сумын III дунд сургуулийн монгол хэлний багш Б.Отгонсүрэн урд жилүүдийн  аваргуудыг ханаруулан шуудхан түрүүлчихлээ. Энэ чинь одоо цолгүй ирээд улсын заан болоод явчихлаа гэсэн үг. Энэ олимпиадын маш чухал нэгэн онцлог байна. Шударгаас шударга, чанадаас чанд, журамлагаас журамлаг, цэгцээс цэгцлэг, үнэнээс үнэн гэсэн  баримтлал хууль шиг үйлчилж байнаа. Отгонсүрэн багшийг аян замд үдэгсэд ингэж хэлж байжээ. “За даа, тээр хол яваад нэмэр байна уу даа. Тэрүүгээрээ л болоод өнгөрнө шүү дээ” гэжээ. Үнэндээ ч одооны уралдааны тэмцээн ямархан болсон билээ??? Цул хуйвалдаан, нутгархал, талцал, найзархал,  бүлэглэл дунд болдогийг хэн хүнгүй мэднэ. Нууцлалыг дээд зэргээр хангаснаараа  хаанахын хэн ч түрүүлж болдгоороо гайхалтай бөгөөд, шүүж тунгаах үйлдэлд бас нэгэн хувьсгал гаргаж байгааг харлаа.  Тэртээ холоос шавар шавхай, тоос тортог  болчихсон, хүүхдүүд нь  бүр борлож харлачихсан ирсэн орос “Пургоныхон” маань дорхноо сэргээд гялалзаад ирэв.”Орос пургон” энэ олон “Land”, “Лексусын” дунд бараг өнгө зүс ороод “янцгаах” шахаж байв.  Түрүүлсэн багш гурван сая төгрөг, араас байр эзлэгсэд хоёр, нэг сая төгрөгийн шагнал хүртсэн нь ерөөсөө оюуны хөдөлмөрийг ингэж үнэжүүлж, ингэж мандуулж, ингэж бадруулсныг  би л лав дуулаагүй, үзээгүй. Говь-Алтайн Сүнжидмаа багш энэ олимпиадын анхны аварга гэсэн бууриа хадгалсаар энэ удаа хоёрдугаар байрт орлоо. Нууц л байх даа, хэл ам загатнаад болдоггүй, энэ удаа  150 сая  төгрөгийг зарлагадсан гэсэн үг чих шүргэсэн. Улсын хэмжээний монгол хэлний  олимпиадад ийм хэмжээний  хөрөнгө мөнгө зарж чадах уу?   Төрбаяр захирал үгээ бодож хэлдэг, бодож амладаг, бодож гүйцээдэг хааш хаашаа Хангай нуруу шигээ ханатай эр юм билээ. Ингээд оюун руу, эрдэм мэдлэг рүү, шинжлэх ухаан руу хөрөнгө мөнгөө хаяад урлаг соёлыг дээдлэгсэд  хошуураад, өрсөлдөөд ирвэл Монгол орон маань ямар гоо үзэсгэлэнтэй сайхан харагдах болоо? Эх орны маань байгалийн ховор гоо үзэсгэлэнгээс гадна оюун ухаан, шинжлэх мэдлэгийн үзэсгэлэн бүүр ч илүү  гайхамшиг шүү дээ.

Хөдөөний багачуудыг ажлаа. Зургаа, долоо, наймдугаар ангийн  хүүхдүүд гэхэд тохойн чинээ  жаахаан амьтад юм. Нүд нь цогтой, гар нь борхон, хацраас бараг цус дуслам улаан аж. Яахлаараа хүүхдүүдийн бие хаа  ингэтлээ жижгэрээ вэ? гэхлээр үнэндээ зургаан настайгаасаа сургуульд ордог л доо гэдгийг сүүлд санав. Яруу сэтгэлгээ, эсээ бичлэг гээд олон зүйлийг шалгав. Эсээ бичлэгийг гэхэд л  үг бүрийг барихыг хичээв. Их эрдэмт Д.Урианхай, Д.Галбаатараар гар дамжуулан шүүлгэв, энэ цагийн зохист аялгууны дархчуул Х.Чилаажав, Г.Мөнхцэцэг, Б.Золбаяр Н.Гантулга нараар дахин дахин дамжуулан шалгуулав. Тархинд гадны вирус нэвтрээгүй, эх онгон байгалийнхаа уснаас амсаж, аав ээжийнхээ эх хэлээс хөхөж, хөх борог  өвсөн дээгүүр хөл нүцгэн гүйж, адуу малынхаа хойноос хөөцөлдөж гүйснийхээ үрээр “хэл нь ээдрээгүй, хөл нь солбиогүй, үг нь алт, үйлс нь тостой” юм. Хэзээний зохиолч шиг уран дүрслэлтэй, утга төгс санаатай, урамтай сайхан найруулгатай маш олон эсээ шалгаруулсан ч 146 нь хоосон үлдэх нь харуусмаар ч юм шиг.  

Гоо бүсгүйн гишгэсэн мөрөөр галбараа цэцэг ургадаг гэсэн мөр бий. Бичгийн билэг авьяастан, уран үгийн дарчхуул, урлагийн бурхад, хүчит бөхчүүд багтсан энэхүү “Бөхөн шарынхны” явсан газар,туулсан зам мөрөөр цас бороо холилдон орж байгаль дэлхий сэргэж, төд удалгүй  үүлний цаанаас хурц нар гялбан гарч ирээд  цас мөсийг хайлуулж, урд намрын цасан доороос гарч ирсэн хөвд, хаг өвсний дороос нялх ногоо, яргуй цухуйж байв. “Дөрвөн улирлын дөрвөн өнгийг” долоохон хоногийн дотор бүрэлдэх юмаа гэлцэж байлаа. Монголоо, үндэсний уламжлалаа, эх хэлээ гэсэн сэтгэл байгаль дэлхийг ч баясгаж тэнийлгэх шиг санагдлаа. Адис дээдсийн маань сэтгэлийн чилээрхэл, төөнөрч хурсан атираа тэнийх шиг болов. 

Энэхүү оюуны чуулганы эзэн багш Лутын Лхагважав гуайн намхан бие улмаа ханхайж, хүрэн бор царай сүлэгдэн, магнай тэнийж, үг хэллэг нь улмаа цэцэн болж, “Дараа жил ч хол байна шүү. Газар газраас та нар минь  давхиад л  ирнэ дээ, хүүхдүүд минь. Говь, тал, уул хангай зүг зүгийн замын тоос харж зогсдог болсон шүү, өвгөн багш нь…” гээд хэдэн өдрийн турш  галтай цогтой гялалзаж байсан нүдэнд ялигүй гуниг тунарах шиг болсон. Байгаль дэлхийн дэлэгнэл, уулнаас хайлан буусан хур цасны шар ус Идэрийн голыг улмаа өргөн арвин, улмаа хүчтэй болгож шаагин шуугин тэртээ хол руу гялалзан урсахыг хараад эх хэлний маань ч гол мөрөн ингэж сэлбэгдэн гадаад далай тийш урсах болноо гэж бодогдсон билээ.

До.ЦЭНДЖАВ

Categories
мэдээ нийгэм

С.Энхтуяа: Монгол хэл бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ-д орох эрхээ авч буй хэрэг


Энэ сарын 14-нд улс орон даяар Элсэлтийн ерөн­­хий шалгалт эхлэх гэж бай­гаа­тай хол­бог­дуулан Боловс­ролын үнэлгээний төвийн элсэлтийн бүрт­гэл, улсын шалгалт хариуц­сан хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхтуяа­гаас энэ талаар тодруулав. 

-Энэ хичээлийн жилээс ЭЕШ-нд орол­цогсод хам­гийн түрүүнд монгол хэл бич­гийн шалгалт өгс­нөөр ЭЕШ өгөх эрх нь нээгдэнэ гэл үү?

-Тийм ээ. Энэ жилийн ЭЕШ-д оролцох эрхээ монгол хэл бичгийн шал­галт өгснөөр авч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл энэ шал­галт маань ЭЕШ-ийн монгол хэлний урал­даант шал­галтаас тусдаа гэсэн үг. Тийм ч учраас энэхүү шалгалтыг ЭЕШ-аас өмнө буюу зургадугаар сарын 14-ний 12:00 цагт орон даяар нийт төгсөгчдөөс авах бөгөөд шалгалтын дүн ЭЕШ-нд ямар нэгэн байдлаар нөлөө­лөхгүй. Цаашид энэхүү шал­гал­тын дүн дараагийн их дээд сур­гуу­лиудад элсэхэд нөлөөл­дөг болгох чигийг барим­талж байгаа. Хам­гийн гол нь эх хэлээ бүрэн төгс эзэмшсэн хүн дараа дараагийн шатны боловсролыг эзэм­шиж чадна гэх зар­чим дэлхийн аль ч оронд баримталдаг гэдгийг энд хэлэх нь зүй­тэй болов уу. Монгол хэл бичгийн жишиг даал­гаврыг монгол хэл, уран зохиол хичээлийн агуулгын хүрээнд, мон­гол бичгийн унших чад­варыг сорьсноос гадна тест багтаасан жишиг даал­гавруудыг БҮТ өөрийн цахим хуудаснаа өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлээр байр­шуул­сан. Татаж аваад ажиллах бүрэн боломж­той. Тиймээс тус шалгал­тыг анх удаа авч байгаа хэдий ч шалгуулагчид энэ талаар аль хэдийн төсөөлөлтэй болчихсон байгаа. Тест бөглөх, эх зохиох, богино хариул­таар нөхөх гэх мэт даал­гав­руудаас бүрдэнэ. Шал­галт нэг цаг 40 минут үргэлжилнэ. 

-Энэ жилийн ЭЕШ-ын дүрэм, журамд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-Монгол хэл бич­гийн шалгалтыг бүх элсэг­ч­дээс авахаар болс­ноос гадна шалгалтын х­ур­аамж 5800 төгрөг бо­лж нэмэгдсэнээс өөр өөрчлөгдсөн зүйлгүй. 

-­Өнгөрсөн жилийн ЭЕШ-тай холбоотой ямар санал гомдол зон­хилон ирсэн бэ?

-ЭЕШ-тай холбоотой гомд­ол саналд тул­гуурлан өөрс­дийн үйл ажиллагаа үргэлж сайжруулж, засч зал­руу­­лах ажлыг цаг алдал­­гүй, тухай бүрт нь хийж ирсний дүнд жил ирэх тусам ЭЕШ-тай холбоотой санал гомдол харь­цангуй багассан. Тухайл­бал өнгөрсөн жил авсан оноогоо шал­галтын материал­тайгаа тулгаж үзэхийг хүссэн хэдхэн санал ирсэн. Шалгуулагчид маань шалгалтын журамтай­гаа н­эг бүрчлэн сайн танил­цаа­гүйн улмаас өөрийн дугуйл­сан хариултаа баллаж, өөр хариулт давхардаж дугуй­лах нь элбэг байдаг. Гэтэл гараар биш машинаар засдаг учраас буруу гэж бодоод дугуйлсан хариултаа баллаж эсвэл дээрээс нь дарсан ч машин хариулсанд тооцоод уншчихна. Ингээд л өөрийн зөв гэж бодоод дугуйлсан хариулттай нь нийлээд хоёр хариулт болж таарах учраас тус даалгаврын хариуг хүчингүйд тооцдог. Ер нь шалгалтын материалыг засахад хүний гар оролцолгүй, машинаар засч байгаа учраас алдаа мадаг гардаггүй. 

-ЭЕШ-ын үеэр улс орон даяар бүх ангийг камержуулах боломжтой юу?

-Өнгөрсөн жил таван аймгийн төвийг камер­жуул­сан. Хотод нилээн хэдэн шалгалтын цэгт камер байр­шуулсан. Хөрөн­гө санхүүг нь ший­дээд өгчихвөл улс орон даяар ЭЕШ явагддаг бүх анги тан­химийг камержуулах бүрэн боломж­той. Гэхдээ камер байрлуулаагүйн улмаас ингэчихлээ гэх гомдол санал одоогоор ирээгүй байгаа нь өнөө маргаашгүй яаралтай хэрэгцээтэй эд биш гэсэн үг. 

-Энэ жилээс дол­дугаар сарын 1-нээс өмнө ЭЕШ-ын нэгдсэн дүнг гаргах боломжтой гэж байсан үнэн үү?

-Жил бүрийн элсэл­тийн шалгалтыг зохион байгуулж байгаа гэх утгаараа мэргэ­жилтнүүд маань ажилдаа гаршихын хажуу­гаар бид­ний хэрэг­лэдэг техник, прог­рамм хангамж сайжирч бай­­гаа. Тиймээс цаашид дол­­дугаар сарын 1-нээс өмнө нэгдсэн дүнгээ бүрэн гаргах боломжтой гэж үзэж байна. Дүнгээ гарсан даруйд нь шал­гуулагчийнхаа гар утас, имэйл хаягаар дүнг нь явуулна. 

-Энэ жилийн шалгуу­лагч­дад юуг онцгойлон анхаа­руул­маар байна вэ?

-Монгол хэл бичгийн шал­галтаа өгсөн бол бүртгэлийн хуудас дээр нь галограмм буюу тусгай тэмдэгтийг наалгах ёстой. Ингэснээр ЭЕШ-таа орох эрхээ авч байна гэсэн үг. Бүх шалгуулагчид өгөх ёстой шалгалтыг өгөөгүй тохиолдолд ЭЕШ-д орох эрхгүй болно гэсэн үг. Энэ жил 38332 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. 

-Кем­брижийн хөтөл­бөрөөр сургалтаа явуул­даг дунд, ахлах сургуулиудын элсэл­тийн ерөнхий шалгалтын бүртгэлийг БҮТ зохион байгуулж байгаа гэл үү?

-Кембрижийн хөтөл­бөрөөр сургалтаа явуул­даг “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн дунд ахлах сургуулиудад элсүү­лэх шалгал­тын бүрт­гэлийг энэ жилээс БҮТ-өөс зохион бай­гуу­лахаар болсон. Бүртгэл уржигдраас эхэлсэн бөгөөд 6-ныг хүртэл БҮТ-ийн байранд тав хоног үргэл­жилнэ. “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулиуд дунд ангийн сурагчдыг элсүүл­дэг бол “Монгол тэмүү­лэл” нь ахлах ангид элсэлт авдаг. Өмнө нь дээрх сургуулиудын элсэл­тийн шалгалт найм­дугаар сард болдог байсан бол энэ жил зургадугаар сарын 7-нд болгож урагш­луулсан. Сурагчид бүртгүүлэхдээ дүнгээ хувийн хэрэг дээрээ бүрэн тавиулж, дүнгийнхээ дунд­жийг бодуул­сан сургуу­лийн захиргааны тодорхой­лолт, төрсний гэр­чил­гээгээ хуулбарын хамт өөрийн биеэр авчрах шаардлагатай. Мөн үр хүүх­дээ энэ шалгалтанд оруулж өгөхийг хүссэн эцэг, эхийн өргөдөл байх ёстой. “Монгол тэмүүлэл” сургуу­лийн есдүгээр ангид элсэгчдийн найм­дугаар ангийн дүн нь 80 буюу түүнээс дээш, “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуульд элсэ­хийг хүссэн сурагчдын дөрөвдүгээр ангийн дун­даж үнэлгээ 90 буюу түүнээс дээш хувьтай байх ёстой.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний усны үнэ нэмэгдэх бололтой

Орон сууцны айлууд болон аж ахуй нэгж, байгууллагуудын хэрэглээний усны үнийг  тодорхой хэмжээгээр нэмэх шийдвэр гарчээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Ус сувгийн удирдах газрынхан өнөөдөр хуралдаж орон сууцны айлууд болон аж ахуй нэгжүүдийн хэрэглэж байгаа усны үнийг нэмэхээр шийдсэн байна. Гэхдээ яг хэдэн төгрөгөөр нэмэхийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа аж. 

Ус сувгийн удирдах газар болоод Хот суурин газрын усан хангамж ариутгах татуургын үйл ажиллагааг зохицуулах хорооноос орон сууцны айлууд литр усыг 32 мөнгөөр авч байгааг 55 мөнгө болгон нэмэгдүүлэх санал гаргаад байгаа гэнэ. 

Categories
мэдээ эдийн-засаг

11 тэрбумын батлан даалт гаргажээ

Зээлийн батлан даалтын сангаас Нэгдсэн үндэстний байгууллага, Хөдөлмөрийн яамтай хамтран “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхэд зээлийн даалтын үүрэг, оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад 120 орчим олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, банк, санхүүгийн салбарынхан оролцож буй аж. Хурлын үеэр оролцогчид уг сангийн үйл ажиллагааг тэлэх, орон нутагт салбараа байгуулах, сангийн хөрөнгийг төрөөс нэмж өгөх хэрэгтэй талаарх санал бодлоо чөлөөтэй солилцжээ.  

 Монгол Улсад одоогоор 55 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 44 мянга орчим  буюу  80 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрүүд юм. 

 Эдгээр  ЖДҮ эрхлэгчид банкнаас зээл авахад зээлийн барьцаа хөрөнгө хангалтгүйгээс санхүүжилт авч чадахгүй байдаг. Өнгөрсөн оноос эхлэн уг асуудлыг шийдвэрлэхийн тулд төрөөс 60 хүртэлх хувийн батлан даалт олгодог болоод буй. Энэ хугацаанд  169 аж ахуйн нэгж, иргэний 27 тэрбум төгрөгийн зээлд 11 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байгааг Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг хэлжээ.

Categories
мэдээ спорт

Далай аварга цолыг хасах хуулийн төслийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүн Р.Гончигдорж нарын өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 60.1 хувь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Төсөлд далай аварга цолыг хасах тухай заалт бий аж. Эл асуудалтай холбогдуулж, асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Categories
мэдээ нийгэм

Монгол хүн Нобелийн шагнал хүртлээ

Монгол Улсын иргэн НҮБ-ын зэвсгийн шинжээч, доктор, Доржпаламын Эрдэнэцогтыг даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Нобелийн Энхтайваны төлөөх шагналаар шагнасан байна.

Д.Эрдэнэцогт НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр ажилладаг. 

Дээрх байгууллага нь 1998 онд байгууллагдаж, 96 улс нэгдэн орсон бөгөөд конвенцийн дагуу шинээр химийн зэвсэг үйлдвэрлэхийг хориглож, 2017 он гэхэд дэлхийн хэмжээнд химийн зэвсгийг устгаж дуусах юм байна.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Гурван сая тасалбар худалджээ

Удахгүй Бразилд эхлэх гэж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчид болон Олон улсын хөлбөмбөгийн холбооноос тэмцээний гурван сая тасалбар худалдсан тухай мэдээллээ. Зарагдсан тасалбарийн 60 хувийг нь бразилчууд үлдсэн 40 хувийг нь гадаадын иргэд авсан байна. 

Ю.ДЭЛГЭР