Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжив

УИХ-ын пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг эргүүлэн татсаныг мэдэгдэв. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “2013 оны Үндсэн чиглэлийн талаар байнгын хороо санал дүгнэлтээ гаргасан байна. Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дүгнэлтээс харвал хариуцлагагүй ажилласан гэж дүгнэсэн байна. Н.Алтанхуяг даргаас намын даргын хувьд хариуцлагын  асуудлыг яаж шийдвэрлэх ёстой юм бэ. Төсвийн байнгын хорооны дарга хуулиараа хяналт тавих ёстой. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хяналтаа тавьж чадахгүй, хариуцлага хүлээхгүй байна. Цаашид хариуцлагын тогтолцоог яах ёстой вэ” гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ерөнхийдөө санал нэг байна. Төсвийн байнгын хорооны дарга биш. Хуучин хуулиар бол Төсвийн хяналтын дэд хороо Ж.Эрдэнэбат ахалж байгаа. Өөрөөр хэлбэл, цөөнхийн бүлгээс ахлаад хяналт тавиад явдаг хуультай. Ж.Эрдэнэбат гишүүн ажлаа сайн хийх ёстой” гэлээ. УИХ-ын гишүүн Д.Арвин “Эдийн засгийн уналт манай улсад ашигтай. Яагаад гэвэл цаашид зөв төлөвлөлт хийх боломжийг олгож байгаа юм. “Эрдэнэс-Тавантолгой”  компанийн хувьцаагаа аваагүй иргэд хэзээ авах вэ” гэсэн асуултад Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрдэнэс-Тавантолгой” компанид Монгол Улсын иргэд хувьцаа эзэмшдэг. Төмөр замын царигийн асуудал шийдэгдсэний дараа хувьцаа өсөх хандлагатай байгаа. “Эрдэнэс-Тавантолгой”-г хэрхэн хөрөнгө оруулагчаа тодорхой болгохоор ажиллаж байгаа” гэлээ.  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “2013 оны Үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй байгаагаа юу гэж дүгнэж байна вэ. Хариуцлага хүлээх ёстой, хангалтгүй ажиллаж, үүргээ биелүүлж чадаагүй гурван яам, агентлагийг нэрлэнэ үү. Эдийн засгийн хөгжлийн сайдад хариуцлага тооцох асуудлыг яах вэ” гэсэн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гурван муу яам, агентлагийн тухайд та бүхэн дүгнэлтээ хий. Хариуцлага тооц гэдэгтэй санал нэг байна. Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүст хариуцлага тооцоод явна. Н.Батбаяр сайдын хувьд өчигдөр өвчний улмаас чөлөө аваад явсан. Хүн өвчтэй байхад нь ажлаа өг гээд байлтай нь биш. Харж байна” гэсэн хариултыг өгөв. Түүний дараа гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Үндсэн чиглэлийн биелэлт маш муу байсан. 1,5 триллион төгрөгийн төсвийн орлогоо бүрдүүлж чадаагүй. Өнгөрсөн онд 1830 км автозам барьсан гэсэн 280 км шинэ зам тавигдсан. 1500 км зам өмнөх Засгийн газрын үед эхэлж байсан замууд. 280 км авто зам шинээр барьчихаад 1800 км зам барьсан гэж худлаа ярьдгаа хэзээ болих вэ. Мөн Засгийн газар тэнгэрээс авсан тоотой ажиллахаа болиоч ээ. Золбин бөөгийн тойргоосоо хурдан гараач, ичиж үхмээр байна.  Ажлаа зөв зохицуулж чадахгүй байна. Бид харлуулж яриад байгаа юм биш. Долларын ханш иргэдийн халааснаас мөнгө авч байна. Монголбанктай хайр дурлалын ажлаа хэзээ зогсоох вэ” хэмээн ширүүхэн хэлчихээд чуулганы танхимыг орхин гарав. Энэ мэтчилэн гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг  хэлэлцэж, зарим арга хэмжээ авах талаар санал хураасан ч 61 гишүүнээс 30 зөвшөөрч, Засгийн газар зарим арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзлээ. Үүний дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслийг Засгийн газраас тавдугаар сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 оны арванхоёрдугаар 31-ний өдөр хүртэл сунгах шаардлагатай байгаа юм байна. Хуулийн төслийг Засгийн газраас батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх санал оруулж ирсэн ч ажлын хэсгийн зүгээс төсвийн хуультай уялдуулан 2015 оноос хэрэгжүүлэх ёстой гэсэн санал гаргажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Энэ хуулийн хэрэгжилтийг яагаад ирэх оноос хэрэгжүүлэхээр болсон юм бэ. Батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлж болохгүй юу” гэсэн асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Ажлын хэсгээс энэ саналыг оруулж ирсэн. Энэ саналын дагуу Төсвийн хуультай уялдуулан татварын орлого бууруулахаар бол хуулийн хэрэгжилтийг ирэх жилээс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасны дагуу хугацааг ирэх он болгосон” гэв. Ажлын хэсгээс гаргасан санал буюу хуулийн хэрэгжилтийг 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэх үү эсвэл батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх үү гэсэн санал хураалт явуулж нийт гишүүдийн олонхи нь хуулийг батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр үдээс өмнөх чуулган завсарлав.  

Чуулганы хуралдааны үеэр шилдэг агентлаг шалгаруулах ёслолоос авсан жааз, өргөмжлөлийг эргүүлэн өгч 10 сая төгрөгөө эргүүлэн авах ёстой. Дахин ийм шалгаруулалтад оролцохгүй байхыг анхааруулна гэдгийг  Ерөнхий сайд мэдэгдсэн юм. 

КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ  БАТЛАВ

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцээд батлав.  Дараа нь Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Бэлчээрийн доройтол эмгэнэл болчихсон байна. Цөлжилт доройтлын талаар, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг бий болгохын тулд  ямар бодлого барих вэ гэдгийг тодруулсан гишүүдийн асуултад  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун ингэж хариулав. “Байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлсэн бол татвараас чөлөөлөх бодлого барьж байна. Ийм санаачилгуудыг цааш нь өргөжүүлэх талаар хөтөлбөрт тусгасан. Мөн байгаль орчныг бохирдуулсан бол торгодог байх заалтыг ч оруулсан. Ногоон хөгжлийн бодлогыг баталсны дараа Засгийн газар төлөвлөгөө гаргана. Тэгэхдээ  санхүүгийн  асуудлыг шийднэ. Бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг Олон улсын байгууллагаас авах асуудал яригдана. Төсөв санхүүгээс илүү салбар бүрийг ногоон хөгжлийг шигтгэж өгөхийн төлөө энэ хөтөлбөр чиглэнэ. Ядаж одоо тавхан хувь байгаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 20 хувь хүргэх гэх мэтийн зорилтууд тавьчихсан байна” гэв. Үүнээс цааш гишүүд юу хэлснийг товч хүргэе. УИХ-ын Б.Бат-Эрдэнэ: Энэ хөтөлбөрийг баталбал Монголын төр маргаашнаас ногоон болно гэдэгт итгэхгүй байна. Ногоон хөгжлийн яамыг тусгайлан байгуулсан хэдий ч ногоон гэж яриад байгаагийнхаа эсрэг үйл ажиллагаа явуулаад байна. Та нар хүрэн бодлого явуулж байна. Тиймээс би дэмжихгүй, саналаа өгөхгүй” гэхэд нь УИХ-ын дарга “Бат-Эрдэнэ гишүүн ногоон биш хүрэн эдийн засгийг дэмжиж байгаа юм байна” гэлээ. 

Энэ баримт бичигт байгаль орчны нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтын хувь хэмжээг 20 хувьд хүргэхээр тусгасан байна. Ногоон хөгжилд зарцуулах хөрөнгийг ДНБ-ий хоёр хувьд хүргэх зорилтыг ч оруулжээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Зөв асуудал тавиад байна. Сангийн яам ногоон болох хэрэгтэй. Төсвийн байнгын хороо энэ асуудалд анхаардаг болох хэрэгтэй. Тэгж байж энэ асуудал урагшаа ахина. Ерөнхийдөө бидний сэтгэхүй ногоон биш байна” гэсэн юм. Энэхүү хөтөлбөрт тусгасан заалтуудыг өөрчлөхөөр байнгын хорооноос оруулж ирсэн саналуудаар санал хураав. Тухайлбал, энэхүү ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм байна. Эхнийх нь 2014-2020 он. Дараагийн шат нь 2021-2030 онд хэрэгжих гэнэ.  Энэ хугацаанд байгаль орчны чиглэлээр олон улсын жишигт нийцсэн чанартай боловсон хүчнийг эх орондоо бэлтгэнэ. Иргэдийг мэргэжлийн боловсролын сургалтад хамруулж, амьдралд нь хүрэлцэхүйц цалин олгоно. Бэлчээрийн даацад тохирсон санаачилгатай ажил хийсэн малчдыг урамшуулна. Уур амьсгалын хэтийн хандлагаас урьдчилан сэргийлж,  хэт төвлөрөлтийг саармагжуулна. Өөрөөр хэлбэл, жижиг хот  тосгодын амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм байна. Улаан¬баатар болон бусад хот суу­риныг дахин төлөвлөж, ногоон байгууламжийн хэмжээг 30 хувьд хүргэнэ. Байгальд ээлтэй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний хэмжээг 2030 он гэхэд  40 хувьд хүргэнэ. Байгальд ээлтэй нийтийн тээврийг хөгжүүлнэ. Явган хүний болоод  дугуйн замыг эзлэх хэмжээг нэмнэ гэх мэ¬тийн 13 санал байлаа. Эд­гээр саналыг гишүүд дэмж¬сэн учраас тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр холбогдох байнгын хороо руу нь шилжүүлснээр хуралдаан өндөрлөлөө. 

Я.МӨНГӨН

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зам салаалаг байснаас ухаалаг байсан нь дээр

Утас, телевиз гээд бүх зүйл ухаалагжсан энэ үед төр хүртэл ухаалаг болно гэж яриад эхэлсэн. Яг одоо ухаалаг болгохоос аргагүй  нэг зүйл байна. Тэр нь машин явдаг засмал зам. Сүүлийн үед тавьж байгаа замууд нэг л биш ээ. Бүр даанч яав даа гэмээр сонин сонин замууд хаа сайгүй. Ямар ч хэрэггүй, хэн ч явдаггүй газарт зам бариад байх юм. Уг нь зам барина гэдэг тоглоом биш. Өчнөөн тэрбум төгрөгөөр бүтдэг эдийг хэн нэг нь дээшээ харж байгаад тавиад байж боломгүй санагдана. 

Зуунмод Улаанбаатар чиглэлийн засмал  замыг Мэргэжлийн хяналтынхан “Ашиглаж болохгүй” гээд бүр тусгайлан дүгнэлт гаргасан байна лээ. Өнөөдөр тэр замаар машин цувсаар байгаа. Явахаас аргагүй гол замуудын нэг болохоор аюултай гээд хаана гэж юу байхав. 

Налайх Зуунмодыг холбосон шив шинэхэн нэг зам байна аа. Тэр замаар өдөрт хаа нэг ганц, хоёрхон машин л явдаг. Яах гэж барьсан нь ойлгомжгүй. Яаж ч бодоод эдийн засгийн ашиг харагдахгүй нэг хачин зам тэнд байна.  Гэтэл Налайх Улаанбаатарыг холбосон зам баригдаад хэчнээн жил болсон билээ. Лав л дөчөөд жил болж байгаа. Гар хүрч засч янзалсан юмгүй тэр замаар өдөрт хэдэн зуун машин зорчдог. Өглөө ажил эхлэх, орой тарах үед бол машинууд Налайх хүртэл түгжирдэг болсон. Налайхаас нийслэлд ажил хийдэг хүн жилээс жилд нэмэгдэж байгаа болохоор цаашдаа бүр ч олон машин цувна. 

Шуудхан хэлэхэд Налайхын зам өнөөдөр хүн алдаг зам болчихсон.  Нарийхан гэж жигтэйхэн энэ замын энхэл донхол, нүх энэ тэр бол бүр дэндсэн. Энэ замаар нүүрс ачсан портер тасралтгүй цувж байдаг. Налайхад амьдраад хотын төв рүү ажилладаг улс  өдөр бүр өглөө, оройд зорчоостой. За тэгээд зун болохоор олширдог Цонжин болдог, Тэрэлжийг зоригсод байна. Тэд мөн л Налайхын “алуурчин” замаар зорчдог. Нарийнхан зам дээр хурдлах машинууд засвар зай гарвал л нэгнийгээ гүйцэж түрүүлэх гэнэ, өөдөөс нь явж байгаа нь бас хурдан явах гэж булталзаастай. Налайхын зам дээр гардаг ослууд нэг иймэрхүү шалтгаантай. Энэ зам дээр долоо хоног бүр хүн амиа алддаг гэсэн тоо бий. Саяхан гэхэд л өмнөх машинаа гүйцэж түрүүлэх гэсэн жижиг машин өмнөөсөө ирж байсан портертой мөргөлдсөнөөс болж урд талынх нь суудал дээр хүүгээ тэврээд сууж явсан бүсгүй амиа алдсан. Ээждээ тэврүүлсэн хэдхэн сартай нялх ч эндсэн. Ийм сэтгэл эмзэглүүлсэн ослууд өчнөөн гараад байхад өнөөдрийг хүртэл Налайхын замд санаа зовсон хүн алга. 

Жилд нэг л удаа, тодруулж хэлбэл наадмаар явдаг зам байна. Тодруулж хэлбэл Хүй долоон худгийн зам. Тэнд нэг биш бүр нэжгээд зам барьчихсан. Хүй долоон худаг руу очдог зам гэхэд л дөрөв. Хойшоо нь уруудаад Рашаант ордог нэг зам бий. Тавын таван замыг жилд ганцхан удаа ашиглахын тулд тавьсан байх юм. Эрх мэдэлтэй улсуудын хувийн хүслээр баригдсан уу, цөөхөн хэдэн хүний эрх ашиг нөлөөлөөд ийм олон замд өчнөөн мөнгө зарсан уу бүү мэд. Өөр ч шалтгаан байж мэдэх юм. 

Уг нь зам гэдэг аль болох олон машин цувж л байвал ашгаа өгнө. Толийсон сайхан засмалаар салхи татуулах машинууд элэгдэж сүйд болохгүй. Тэр хэрээр эзнийхээ хэтэвчин дэх хэдийг хэмнэнэ. Зөв газраа барьсан саадгүй замаар түмэн амьтан холхино.  Дэлгүүрийнхээ барааг татах нь татаж, байшин барих нь барилгын материалаа зөөж, аймгийн төвд  үйлдвэр ажиллуулдаг нь бүтээгдэхүүнээ хотод авчирч мөнгө болгож, зам дагуу байгуулсан үйлчилгээний газрууд нь хөөрхөн мөнгөжинө. Монголын хөдөөг зорих жуулчдын тоо ч зам баригдах хэрээр нэмэгдэнэ. Хөвсгөлд гэхэд л далай үзэхээр гарсан жуулчин энхэл донхолтой хэцүү замаас нь болж нисдэг тэрэг дуудаад уйлж буцсан жишээг жуулчин тээвэрлэдэг нэг жолооч ярьж байсан. Хэрвээ Хөвсгөл хүртэл жирийсэн саадгүй замтай байсан бол өнөө уйлж буцдаг нөхөр далай үзчихээд дараа жил нь дотны хэдэн хүндээ Монголын Хөвсгөл рүү очихыг зөвлөх л байсан. Зам эдийн засгийн хөгжилд хэрэгтэй гэж яриад байдаг нь ийм учиртай. 

Тэгэхээр одоо замаа салаалаг биш ухаалаг л болгомоор байна. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ээжийн захиас

Автобусанд. Ар талын суудалд настайвтар эмэгтэй сууж явлаа. Хүүтэйгээ утсаар ярина. “За миний хүү ээж нь Төв аймаг руу гарч байна. Маргааш өглөө очно. Захиргаагаар нь явж нөгөө ажлаа хөөцөлдөхөөс. Пагмаа эгчийнд хононо.  Миний хүү шалгалтаа яав. Дажгүй юу. Ээж нь сая гарахдаа гоймонтой шөл хийсэн. Аягалаад тавьчихсан. Орой адууны махтай цуйван хийж идээрэй. Хөлдөөгчинд цэнхэр гялгар уутанд мах байгаа. Хоолондоо сармис хийгээрэй. Хөргөгчний хоёр дахь тавиур дээр байгаа. Байна уу, байна уу…байна уу” гэснээ “Өө, утас тасарчихлаа” хэмээн өөр өөртэйгээ ярина. Тэгснээ дахиад хүүтэйгээ холбогдоно. 

“Хоёр дахь тавиур дээр ногоон тагтай саванд нухсан сармис байгаа. Тэрнээс нэг халбагыг хийгээрэй. Их хийвэл гашуурчихна. Үзэм авсан. Орой унтахдаа гурван литрийн нөгөө шилэн савандаа буцалсан ус хийгээд үзмээ дэвтээгээд хонуулчих. Үнээний зурагтай дундах саванд нь шүү” гээд л ярьж гарлаа. Эргэн тойрны бүх хүн эмэгтэйн яриаг сонсоно. Арваад минут ийн ярьсан юм. Утас нь тасрав бололтой “Байна уу, байна уу…миний хүү сонсч байна уу” гэнэ. Тэгтэл урд суусан залуу эргэж хараад “Айдасын даваа даваад гар утасны сүлжээ тасардаг юм. Аль түрүүн л сүлжээгүй болчихсон шүү дээ” гэхэд эмэгтэй “Тэгэхээр би өөр өөртөө л захиж хэлээд байжээ” гээд инээж билээ. 

Хэний ч ээж ялгаагүй. Ээжүүд хаашаа ч явсан үр хүүхдэдээ анхаарал хандуулж, санаагаа чилээдэг улс. Утасны сүлжээ тасарсныг мэдэлгүй ганцаараа баахан ярьсан ээжийн яриаг хэн ч таслаагүй нь бүгд л ээжээсээ захиасын үг сонсдог, дуулгавартай хүүхдүүд байсны шинж л дээ. 

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан хальс” олон улсын андерграунд кино наадам болно

Манайд кино, дэлгэцийн урлаг сүүлийн жилүүдэд нэлээд хөгжих болсон ч авангард, андерграунд, эксперименталь чиглэлийн кино тэр бүр хөгжөөгүй, олонд танигдаагүй төрөл билээ. Тэгвэл “Алтан хальс” холбооноос энэ төрлийн киног  олонд танилуулах, сурталчилах үүднээс “Алтан хальс андерграунд кино наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг кино наадмын талаар холбооныхон хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө. Тус арга хэмжээ өнгөрсөн жил “Монголын анхны андерграунд, эксперименталь, бэсрэг киноны уралдаанаар зохион байгуулагдаж байжээ. Тэгвэл уг наадам энэ жил хүрээгээ тэлж, “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” нэрийн дор болох гэж байна. Кино наадамд оролцох видео бүтээлийг зургадугаар сарын 9-13-ны хооронд “Улаан гэр” галерейд (Хүүхдийн 100-Хаан банкны төв салбарын 1 давхарт) 14.00-18.00 цагийн хооронд хүлээн авах аж. Бүтээлд тавигдах гол шаардлага нь тухайн бүтээл шинийг эрэлхийлсэн содон хийцтэй, ямар нэг байдлаар давтагдаагүй, дууриамал бус, өвөрмөц байх ёстой. Үргэлжлэх хугацаа 20 минутаас хэтрэхгүй. Мөн тухайн бүтээл өмнө нь Монголд зохиогдсон ямар нэг кино уралдаанд оролцоогүй, интернетэд тавигдаагүй байх ёстой аж.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн долоон чиглэлд автобус явж эхэлнэ

 Нийслэлийн тээврийн газраас зургадугаар сарын 9-ний өдрөөс эхлэн зуслангийн долоон чиглэлд микро  автобусуудыг явуулахаар төлөвлөөд байна. 

Автобусууд Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, Гоодой- Тэнгис кино театр, Баянбулаг-Тэнгис кино театр чиглэлүүдэд явах гэнэ. Харин Долоон буудалаас  Майхантолгой, Яргайтын богино, Яргайт хуурай мухарын чиглэлд бага багтаамжийн автобус үйлчлэх аж. Их багтаамжийн автобусны тоо ес, бага багтаамжийн тоо ес байхаар нийт 18 автобус явуулах юм. Мөн нэг чиглэлдээ 3-5 автобус ажиллах ба үнэ тарифын хувьд өндөр настай хүмүүс болон албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн цагдаа, оюутан нар үнэмлэхээ үзүүлж явж бол бусад нь  том хүн 600 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм байна. Ажлын өдөрт 07.00 цагаас, амралтын өдөр 08.00 цагаас эхлэнэ.

Э.АНУЖИН

 

Categories
мэдээ нийгэм

Нохойн үзэсгэлэн яармаг болж байна

Амралтын өдрүүдэд “Нохойн үзэсгэлэн яармаг-2014” болох гэж байна. Анх удаагаа болж буй уг үзэсгэлэнг Монголын нохой судлалын холбоо “Мишээл” экспо төвтэй хамтран зохион байгуулж байгаа ажээ. Үзэсгэлэнгийн үеэр Монголын нохой судлалын холбооны гишүүн арав гаруй үржүүлгийн газар нохдоо танилцуулах юм байна. Бас Гаалийн ерөнхий газар, ИНЕГ, Хил хамгаалах ерөнхий газрын сургуультай, албаны ноход оролцохоор болжээ. Үзэсгэлэнгийн үеэр сургуультай нохдыг танилцуулахаас гадна хоол тэжээл, дагалдах хэрэгсэл худалдаалж, үржлийн газрын эмнэлгийнхэн үйл ажиллагаагаа танилцуулах гэнэ. Үзэсгэлэнд ирсэн хүмүүс Монголын нохой судлалын холбооныхонтой уулзаж цэвэр цусны нохой худалдаж авах боломжтой ажээ.      

Categories
мэдээ улс-төр

МАН-ыг айлгах Засгийн газрын нууц төлөвлөгөө гэж байхгүй

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Ерөнхий сайдын оролцоотойгоор хийгдсэн “Монгол Ардын намыг айлгах Засгийн газрын нууц төлөвлөгөө” ил боллоо хэмээн МАН-ын бүлгийн зарим гишүүдийг хамруулсан төлөвлөгөө гэгчийг цацаж байгаа нь ямар ч үндэслэлгүй зохиомол зүйл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бодит баримтгүйгээр ийм гүтгэлэг үргэлжилвэл хууль хяналтын байгууллагад хандах болно гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ш.Түвдэндоржийг томилуулах саналыг УИХ-ын даргад өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Шаравдоржийн Түвдэндоржийг томилуулах саналыг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр  өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд ийнхүү өргөн мэдүүлж байна.

Ш.Түвдэндорж нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд нийслэлийн 5-р дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр, 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг хуульч өмгөөлөгч мэргэжлээр, 2000 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус төгссөн байна. Хуульч, улс төрч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор.

Тэрбээр 1984-1990 онд Ардын армийн 124-р ангийн салааны захирагчаар ажиллаж байгаад 1992-1996 онд МҮАН-ын дүүргийн дарга, 1996-1999 онд МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан байна.

Ш.Түвдэндорж 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХ-ын сайд, 2003-2008 онд МОАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МОАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Нийслэлийн Ардчилсан намын даргын албыг тус тус хашиж байгаад 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар  Хуульзүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байна.

  Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Алтан Гадас одон,  АН-ын дээд шагнал-Чингис Хааны одонгоор тус тус шагнагджээ.  

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд 50 тэрбум төгрөгөөр юу юу хийснээ танилцуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн зарцуулалт, ажлын гүйцэтгэлийнхээ талаар мэдээлэл хийв.

Замын цагдаагийн торгуулийг тасалбарын системд шилжүүлж нийслэлийн 350  цагдаад гар компьютер,  хэвлэгч машин авснаар цагдаа, жолооч хоорондын маргаан шуурхай шийдэгдэж, мэдээлэл сайжирсан. Энэ ажилд 1.795 сая төгрөг зарцуулсан бол төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй шуурхай болгохоор GPS төхөөрөмжтэй 8 автомашин чингэлгийн хамт авахад, гэр хорооллыг ухаалаг шуудангийн хайрцгаар хангахад 1.929 сая төгрөг зарцуулжээ. Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад битүү зах, худалдааны төв барихад 9.768 сая төгрөг зарцуулснаар 1800 орчим худалдаачид  дулаан тохитой орчинд ажиллаж орон нутгийн иргэд тав тухтай үйлчлүүлэх болсон байна. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт цогцолбор, дугуйн зам барихад 5.335 сая, Залуучуудын соёлын төвийг сэргээн засварлахад 1.762 сая төгрөг зарцуулжээ. Түүнчлэн жирэмсэн эхчүүд болон ураг, нярайд яаралтай тусламж үзүүлэх, эрүүл мэндийн шуурхай үйлчилгээг нэг цэгээс авдаг болох зорилгоор  Улаанбаатар хотод эх, ураг, нярайн тусламж үйлчилгээний төв байгуулахад 2.220 сая, 11 аймагт  эрүүл мэндийн оношилгооны төв бий болгоход 23.696 сая төгрөгийн төсөвт ажлуудыг тус тус дуусган хүлээлгэж өгчээ.

Нийт 50.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 34 төсөл арга хэмжээнээс 32 төсөл буюу  45.9 сая төгрөгийн гэрээт ажлыг хүлээлгэн өгсөн аж. Төслийн ажлыг Худалдан авах ажиллагааны газар болон дээрх төслүүдэд холбогдох Замын цагдаагийн газар, Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх хариуцан ажилласан юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Амгалангаас Толгойт хүртэл 3500-аар зорчино

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, түгжрэлийг багасгах зорилгоор Толгойт-Амгалан чиглэлд Төмөр замын Railbus-ийг үйлчилгээнд явуулахаар болж, өнөөдөр анхны зорчигчдоо тээвэрлэлээ. Тус Railbus нь өдөрт 3 удаа тээвэрлэлт хийх бөгөөд нэг буудлаас нөгөө буудал хүртэл явахад 500 төгрөгөөр зорчих юм байна. Харин Толгойт, Таван шар, Хархорин, Төмөр замын төв буудал, Дунд гол, Нарантуул, Амгалан гэсэн нийт долоон буудалд зогсож, иргэдийг тээвэрлэх бөгөөд Амгалангаас шууд Толгойт хүрэхэд зорчигчид 3500 төгрөг төлөх юм байна.