Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-аар… /2014.06.09/


09:00 цагаас УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

•   Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан  “А” танхимд;

•  Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

•  Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Ажлын хэсгүүдийн хуралдаан:

10:00 цагаас Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

13:00 цагаас “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “А” танхимд;

13:00 цагаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан  “Б” танхимд;

13:00 цагаас Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;

15:00 цагаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Б” танхимд;

15:00 цагаас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд;

15:00 цагаас Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар зарим хэргийг гомдлын дагуу хянан хэлэлцэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэж байгаа эсэхийг судлан үзэж шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

16:00 цагаас “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Б” танхимд;

16:00 цагаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд;

17:00 цагаас Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд тус тус болно.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гүүгл” Монголд салбараа нээнэ

“Гүүгл” компани төлөөлөгчийн салбараа Монголд нээх гэнэ. Тодруулбал,Улаанбаатар хотын хамгийн чинээлэг газар болох Зайсанд оффисоо байгуулах болсон талаар “Time”-д өчигдөр мэдээлжээ. Монгол дахь салбарыг менежер Э.Түвшинбат удирдах юм байна. “Фэйсбүүк” сүлжээний экс ажилтан түүнийг “Гүүгл” копмани өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол дахь салбарын тэргүүнээрээ сонгосон аж. Тус байгууллагад ажиллах ажилтнуудын жагсаалтыг удахгүй шалгаруулах юм байна. 

“Монгол улс нь Азийн төв орон. Тиймээс бидэнд интернэт хэрэглэгчид, зөвлөх, түншээ өргөжүүлэх боломж ирлээ” хэмээн Төв Азийн Гүүглийн удирдах газрын дарга Жулиан Персау мэдэгджээ. Азийн Дижитал Маркетингийн холбооны шинжээчдийн үзэж буйгаар 800 мянган интернэт хэрэглэгчидтэй тус улс 2016 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэх болно гэсэн байна. 

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ улс-төр

Зарим хөрөнгийг дуудлагаар худалдана

 “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол, “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ийм шийдвэр гаргасан байна.

Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас баталжээ.

Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дуудлагын худалдааны орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороон дарга А.Цогтбаатар нарт даалгасан байна.     

Энэ тогтоол хэрэгжсэнээр төрийн өмчийг эзэнжүүлэх, ашиглалтыг сайжруулах, төсвийн дарамтыг багасгаж, төсвийн орлого бүрдүүлэхэд зохих үр дүн гэж үзэж байгаа аж.   

Categories
мэдээ улс-төр

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина

Засгийн газар өчигдрийн /VI.07/ хуралдаанаараа Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж,  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Хуулийн төсөлд гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд өөрийн шууд асрамжид байгаа 18 хүртлэх насны хүүхэдтэй эрэгтэйчүүд, ял эдэлж байхдаа хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж, тахир дутуу болсон хүмүүс, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгасан байна. Харин хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн ялаас хоёр болон гурван жилийг өршөөн хасахаар тусгажээ.

Зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас, зарим захиргааны зөрчил гаргасан этгээдийг шийтгэлээс чөлөөлж байгаа нь алдаж эндсэн иргэндээ төрөөс онцгой итгэл хүлээлгэж байгаагийн илэрхийлэл бөгөөд энэ нь тэдний цаашдын засрал хүмүүжилд эергээр нөлөөлнө гэж хууль санаачлагчид үзэж байна.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн 2014 оны олон улсын тэмцээний хуваарь


Зургаадугаар сар

1. Ази тивийн залуучуудын аврага шалгаруулах тэмцээн /гурван төрлөөр/

Монгол улсын Улаанбаатар хот, Зургаадугаар сарын 5-8

2. Германы “Гран-При” олон улсын тэмцээн /эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан/

  ХБНГУ-ын Дортмунд хот, Зургаадугаар сарын 27-29 

Долоодугаар сар

1. Испанийн “Гран-При” олон улсын тэмцээн /эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан/

  Испани улсын Мадрид хот, Долоодугаар сарын 5 

1. Оюутны ДАШТ /гурван төрлөөр/

Унгар улсын Печ хот, Долоодугаар сарын 6-12

2. Х.Алиевийн дурсгалд зориулсан “Алтан Гран-При” олон улсын тэмцээн /гурван төрлөөр/

Азербайжан улсын Баку хот, Долоодугаар сарын 24-27

Наймдугаар сар

1. “Poland Open” олон улсын тэмцээн /эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх/

Польш улсын Даброво хот, Наймдугаар сарын 2-3

1. Залуучуудын ДАШТ /гурван төрлөөр/

Хорват улсын Загреб хот, Наймдугаар сарын 13-18

2. Залуучуудын зуны олимпийн наадам /гурван төрлөөр/

БНХАУ-ын Нанжин хот, Наймдугаар сарын 25-27

3. Ахмадын ДАШТ /эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан/

Серби улсын Белград хот, Наймдугаар сарын 26-31

Есдүгээр сар

1. Насанд хүрэгчдийн ДАШТ /гурван төрлөөр/

Узбек улсын Ташкент хот, Есдүгээр сарын 8-14

2. Азийн спортын наадам /гурван төрлөөр/

БНСУ-ын Инчеон хот, Есдүгээр сарын 19-Аравдугаар сар 4

Аравдугаар сар

1. Д.Коркиний нэрэмжит олон улсын тэмцээн /эрэгтэй чөлөөт бөх/

ОХУ-ын Якутск хот, Аравдугаар сарын 3-5

2. Рамзан Кадыровын Цомын төлөө А.Вараевийн нэрэмжит олон улсын тэмцээн /эрэгтэй чөлөөт бөх/

ОХУ-ын Чечень улсын Грозный хот. Аравдугаар сарын 10-13

3. Б.Сайтиевийн нэрэмжит өсвөр үеийн олон улсын тэмцээн /хөвгүүд/

ОХУ-ын Красноярск хот. Аравдугаар сарын 24-26

Арван нэгдүгээр сар

1. Европийн үндэстнүүдийн Цомын төлөө “Московские звёзды” олон улсын тэмцээн /гурван төрлөөр/

ОХУ-ын Москва хот, Арван нэгдүгээр сарын 7-10

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Ганцэцэг: Анх “Чи бидэн хоёр” дууны клипт тоглочихоод зурагтаар гарахад нь их ичиж билээ

“Өдрийн сонин”-ы №130 (4770) дугаарт нийтлэгдсэн Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Доржийн Ганцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Доржийн Ганцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Саяхан “Гэгээн муза” 11 дэх наадам болж өнгөрлөө. Энэхүү наадмын өмнөхөн театр долоон най¬руулагчийн долоон өөр жүж гийн төслийг эхлүүлсэн. До лоон жүжгээс Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн “Хэрээт төгөл” жүжиг салхи хагалж хамгийн түрүүнд тайз наа тавигдаж үзэгчдийн хүртээл боллоо. “Хэрээт төгөл”-д Ч.Алтан-Өлзий, П.Цэрэндагва ах болон Г.Урнаа эгч, мөн А.Чингүн, Г.Алтангэрэл зэрэг театрын залуу уран бүтээлчидтэй хамтран тоглосон. Миний хувьд гуталчин охины дүр бүтээсэн. Гол дүр. Тайзан дээр жүжиг эхлээд дуустал тайзнаас нэг алхам ч холддоггүй дүр л дээ.

-“Хэрээт төгөл” үзэгчдэд хэр хүрсэн гэж бодож байна?

-Долоон жүжгээс хамгийн түрүүнд “Хэрээт төгөл” үзэгч¬дэд хүрсэн, үзэгчид ер нь ам сайтай байсан шүү. Зохиолч А.Вампилов “Хэрээт төгөл” жүжгээ 1960 онд бичиж байсан юм билээ. Мөнхөө багш долоон жүжигт “Хэрээт төгөл” жүжиг орсонд их баярлаж “Би аль эрт энэ жүжгийг тайзнаа тавих юмсан гэсэн бодол өвөрлөж ирсэн. Азаар театраас ийм төсөл хэрэгжүүлж энэ жүжгээ тайзнаа амилуулах боллоо” гэж ярьж байсан. Сайн ухаж төнхвөл жүжигчид маш их зүйлийг ойлгож авах юм шиг санагдсан. Бас нэг онцлог нь олон жил тайзнаа гараагүй манай ахмад жүжигчдийн нэг Алтан-Өлзий ах бидэнтэй хамт “Хэрээт төгөл”-д тоглосон. Мөнхдорж найруулагч ах жүжигчин Алтан-Өлзийд санал тавьсан юм билээ. 

-Одоо долоон жүжгээс хэдэн жүжиг үлдсэн байгаа вэ?

-Гурав, дөрвөн жүжиг үлдсэн байх аа.

-Саяхан драмын жү¬жигч¬дийн шилдгийн шилдгийг тодруулдаг “Гэгээн муза-2014” наадам болж өнгөрсөн. Энэ жил та яагаад нэр дэвшсэнгүй вэ?

-Уг нь нэр дэвших магадлалтай байсан хэдий ч манай жүжгийн төрөлд өөр өрсөлдөгч байхгүй гээд наадамд оролцоогүй. 

-Ямар жүжгээр өрсөлдөх байсан гэж?

-Өнгөрсөн намар манай театр “Эцсийн зогсоол зөвхөн чи” гээд инээдмийн жүжиг тавьсан шүү дээ. Энэ жүжиг маань Музад нэр дэвших гэсэн чинь инээдмийн төрөлд өөр өрсөлдөх уран бүтээл байгаагүй юм билээ. Хэдий наадамдаа өрсөлдөөгүй ч гэсэн өнөө жилийн “Гэгээн Муза” олон улсынх гэдэг утгаа раа их сайхан болж өнгөрсөн.

-Таны хувьд театрт ороод хэр удаж байна?

-Одоо зургаан жил болж байна. Кино драмын ангийн оюутнуудын гол зорилго, хүсэл мөрөөдөл бол театрт орох. Би ч гэсэн бусдын адил театрт орох хүсэлдээ хөтлөгдсөн. СУИС төгсөөд аз тохиож шалгалтад тэнцээд театрт ороод ирсэн. Ямартай ч энэ сайхан уран бүтээлчдийн дунд сурч, суралцаж л явна. 

-Энэ хугацаанд театрын хэчнээн уран бүтээлд тоглосон байна. Ахмад уран бүтээлчид драмын сонгодог жүжигт тоглоно гэдэг тухайн жүжигчинд бас нэг өөр орон зайг бий болгодог гэдэг юм билээ. Залуу уран бүтээлчийн хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Миний үзэл бодлоос тэс хөндлөн орон зай бий болох нь хаашаа юм. Ер нь сонгодог гэлтгүй ямар ч уран бүтээлд тоглосон өөрөөсөө зайлсхийнэ.  Аливаа дүрийг амилуулж үзэгчдэд хүргэнэ гэдэг амаргүй. Гол нь сэтгэл зүйгээ бэлддэг. Тэр дүрийн гадаад байдалд хандах хандлагаас илүүтэй дүрийнхээ дотоод ертөнцийг амилуулж гаргах чухал байдаг. Дүр бүтээхдээ өөрийгөө орхиж дүрдээ орно, дараагийн дүрд орохын тулд бас л дээрх зарчмаар явна. Одоогийн байдлаар миний хувьд театрын тайзан дээр гол болоод туслах дүрд тоглосон 20-иод уран бүтээл бий. Энэ дундаас миний хамгийн их хичээж ажилласан нь “Эсрэг дурлал” жүжгийн япон бүсгүйн дүр. 

-“Х-Түц” продакшны жүжигчин Туяа, “Эмоци” продакшны Тэмүүжин гээд танай ангийнхан ихэвчлэн хошин урлагийн жүжигчид. СУИС-ийн хэдэн оны төгсөлт билээ?

-Манай ангийнхан СУИС-ийн кино драмын ангийн 2007 оны төгсөлт. Манай ангийнхан мэргэжлээрээ амжилттай явж байгаа. Телевизээр гарч байгаа “Гурван найз” олон ангит кинонд тоглосон Тэмүүжин манай ангийн дарга. Энэ кинонд тоглосон Анхбаяр, Эзэнмөнх бас л манай анги. Мөн “Маск” продакшны жүжигчин Алдар, Чулуунцэцэг, “Х Түц”-ийн Туяа байна. Хараад байхад манай ангийнхан үеийнхнээсээ арай илүү чадварлаг авьяастай хүүхдүүд санагддаг. Өдий зэрэгтэй яваа нь багшийн минь л гавьяа шүү дээ.

-Ангийн тань багш хэн билээ?

-Ардын жүжигчин Лхамхүү багш.  Анх бид оюутан болохдоо мэргэжлээ хүртэл сонгож чадахгүй, зүг чиггүй хүмүүс л байлаа. Тэр үед бидний замыг зааж, нүдийг маань нээж өгсөн хүн бол багш. Тиймээс багшдаа танай сониноор дамжуулаад ангийнхныхаа өмнөөс үргэлж талархаж явдгаа илэрхийлье. 

-Таны тоглосон нэлээд хэдэн дууны клип байдаг. Оюутан байхдаа тоглосон уу?

-Тийм ээ. Анх нэгдүгээр курст байхдаа Ширмэнтуяа, Амаржаргал нарын дуулсан “Чи бидэн хоёр” дууны клипт дээд ангийнхаа ахтай тоглож байсан юм байна. Ширмэнтуяа эгч дууныхаа клипт тоглох санал тавьж байсан. Би ч уухайн тас “тэгье” гээд хэлчихсэн. Тэгээд багшдаа хэлэлгүй нууцаар явж зурганд орж байсан. Анх камертай харьцаж чадахгүй ичнэ. Уг нь клипт миний дүрс л гарахаас биш дуу авиа гарахгүй, юм ярихгүй шүү дээ. Дараа нь клип цацагдаад эхэлсэн чинь өөрийгөө хараад зурагтаар ямар сонин гардаг юм бэ гээд ичээд, үзэхээрээ яс хавталздаг байсан. Дээрээс нь “Чи бидэн хоёр” дуу нэг хэсэгтээ л хит болж байнга зурагтаар гарахыг нь яана. Дараа нь Эрдэнэтунгалаг эгчийн “Ханьсахын жаргал” дууны клип гээд хэд хэдэн дууны клипт тоглоод овоо дасаад ирсэн. Анх бол маш том зориг гаргаж багшийнхаа үгнээс зөрж байж тоглож байсан юм даг.

-Багш тань хориглож байсан юм уу?

-Ер нь оюутан байхдаа ямар нэгэн кино, клип зэрэг уран бүтээлд тоглохыг багш хатуу хориглодог байсан. Хүүхдүүд СУИС-д элсээд тэр сургуулийн хаалгаар оронгуут л өөрийгөө “од” болчихсон мундаг хүн юм шиг боддогтой нь холбоотой гэсэн. Би ч гэсэн тэгж л бодож байсан. СУИС-ийн хаалгаар дөнгөж ороод л өөрийгөө жүжигчин болчихсон юм шиг бодож хөл дээрээ тогтохгүй хөөрч байлаа. Багш биднийг “Та нар элдэв кино зураг авалт зэрэг янз бүрийн юманд тоглохгүй шүү. Шал түүхий гэдгээ мэдэх үү, та нар” гэж хэлнэ. Тэгээд бас та нар нэгдүгээр курст ардын жүжигчин, хоёрт гавьяат, гуравт соёлын тэргүүний ажилтан, дөрөв төгсөхдөө хэн ч биш гэдгээ мэдэх болно гэж ирээд л захина. Үнэхээр сургуульд ороод нэг хэсэгтээ л хөөрч өөрсдийгөө ард түмний танил болчихсон юм шиг бодож  хичээл номонд дарагдаад ирэхээрээ жүжигчин болох чинь ийм хэцүү юм уу гэж бодож шалдаа бууна. Ёстой дөрөв төгсөхдөө “За больё би ер нь жүжигчин болж чадахгүй, хэн ч биш юм байна” гэж боддог юм билээ. 

-Анх дэлгэцээр өөрийгөө хараад ичиж байсан хүн чинь харин ч дэлгэцийн уран бүтээлд чамгүй амжилт гаргаж нэлээд хэдэн кинонд тоглоод амжсан. Анх ямар кинонд тоглож байв? 

-Хамгийн анх Казахын ард түмний “Гэрээс” гэдэг түүхэн кинонд тоглосон. 2007 онд “Сарны нулимс” олон ангит кинонд тоглосон. “Сарны нулимс”-аас хойш ер нь дэлгэцээр олон ангит кино гарч эхэлсэн ш дээ. Дараа нь мөн “Өдөр өдрийн нар” олон ангит кино болон “Аз ойрхон”, “Аравт”, “Улаан дөрвөлжин” зэрэг нэлээд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон шүү.

-Залуухан, тэгээд эмэгтэй жүжигчний хувьд уран бүтээлийг тань үзээд сэтгэл алдраад ч юм уу үзэгчдийн зүгээс сэтгэлээ илэрхийлж гэнэтийн бэлэг барих тохиолдол гардаг уу. Танихгүй мөртлөө цэцэг бэлэглэдэг ч юм уу?

-Нээрээ нэг хэсэг тийм зүйл болсон юм байна. Эзэнгүй цэцэг ирдэг байсан. Шинэ уран бүтээлийн нээлт, баярын тоглолтын үеэр ч юм уу хэнээс нь мэдэгдэхгүй цэцэг илгээмжээр ирдэг байсан. Би бүр гайхаад хэн гэдгийг нь мэдэх юмсан гэж боддог байсан ч хэн болохыг мэдээгүй. Их л гоё санагддаг байсан. Яг л “Үл таних эмэгтэй” кинон дээр гардаг шиг юм болсон.

-Одоо тэр цэцэг ирж байгаа юу?

-Үгүй. Одоо чинь бас фэйсбүүк зэрэг цахим ертөнц түгээмэл хэрэглээ болчихсон болохоор намайг дэмждэг, миний уран бүтээлийг үзсэн хүмүүсээс урмын үгтэй сэтгэгдлүүд их ирдэг шүү. Хүн чинь урмаар амьдардаг юм хойно их сайхан эрч хүч ороод явчихдаг юм.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Татвараа төлөөгүй жолоочийг 25 мянгаар торгоно

Энэ оны тавдугаар сарын 31-нийг хүртэл авто тээврийн татвар, автозам ашигласны төлбөрийг хураах ажил нийслэлийн хэмжээнд болсон бөгөөд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварыг  13,5 тэрбумийг төвлөрүүлнэ гэж төлөвлөснөө давуулан биелүүлж 13,9 тэрбум, авто зам ашигласны төлбөрт 4,3 тэрбумийг хураана гэж төлөвлөснөөс 3,5- тэрбумийг,  агаарын бохирдлын төлбөрт 588 сая төгрөг хураахаас 588 сая 603 мянган төгрөгийг хураасан байна. Дээрх татварыг төлөөгүй бол зургадугаар сарын 10-24 хүртэл Замын цагдаагийн газраас шалгалт явуулж 25 мянга хүртэлх төгрөгөөр торгох гэнэ. Түүнчлэн энэ жилээс гурвалжин наалтыг ашиглахыг болсон бөгөөд зөвхөн үүнээс  66 сая төгрөгийн хэмнэлт хийсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ жил 2.2 тэрбум төгрөгөөр наадна

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нийт зардлыг 2,2 тэрбум төгрөгөөр баталлаа. Үүнээс 369,9 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн төсвөөс, 57 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, дутагдаж буй 1,2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Наадмын нийт зардлын 921,2 сая төгрөг буюу 13,1 хувь нь бай шагналд, 946 сая төгрөг буюу 42,8 хувь нь урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд, 494 сая төгрөг буюу 22,4 хувь нь тохижилт, үйлчилгээний зардалд, 142,5 сая төгрөг буюу 6,4 хувь нь хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 333,9 сая төгрөг буюу 15,1 хувь нь наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулагдах ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний сургагч багш” бэлтгэх сургалт болж байна

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Спорт бүхний төлөө” Олон улсын холбоо /TAFISA/, Монголын Үндэсний Олимпийн хороо, ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төв хамтран Олон Улсын Олимпийн хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу нийтийн биеийн тамирын арга зүйчдийн сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Сургалт энэ сарын 09-13-ны өдрүүдэд Монгол Үндэсний Олимпийн хорооны хурлын танхимд өглөө бүр 09.00-17.00 цагийн хооронд болох юм. Сургалтад аймаг, дүүрэг, харъяа байгууллага, спортын хороод, их дээд сургуулиас сонгогдсон 30 арга зүйчийг суралцуулж “Үндэсний сургагч багш” сертификатыг гардуулах юм байна.

Сургалтанд TAFISA олон улсын байгууллагаас ХБНГУ-ын иргэн, доктор, Профессор Капустин Петер Константин , Австрали улсын иргэн Диксон Бэлинда Жэин, ССАЖЯ-ны харъяа СБТ-ийн Биеийн тамир, спортын албаны дарга Ж.Тунгалаг, МҮОХ-ны мэргэжилтэн П.Тунгалаг нар сургалтыг удирдан зохион байгуулж оролцож байна.

Энэхүү сургалтаар спортын нийгэмд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, иргэдийг спорт, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл мэндээ бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга зүйчдэд дэлхий нийтийн спортын өнөөгийн чиг хандлагын талаархи мэдлэг, мэдээллийг өгөх, орчин үеийн арга зүйг эзэмшүүлэх ажээ. Энэхүү сургалтыг TAFISA олон улсын байгууллагаас энэ жил Малайз, Иран, Тринидад Тобаго, Монгол, Дани, Турк, Гуамгэсэн дэлхийн долоон оронд зохион байгуулсан бөгөөд ССАЖЯ-ны хүсэлтээр Монгол Улсад анх удаагаа зохиогдож байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн асуудлаар Боловсролын сайдад хандана

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар өнгөрөгч баасан гаригт МУИС-ийн Багш нарын болон үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүсэлтээр нь хүлээн авч уулзсан юм. Тэд дээд боловсролын салбарт ажиллаж явсан, энэ салбарын жаргал зовлонг сайн мэддэг гишүүдтэй санал бодлоо солилцож байгаадаа талархсанаа илэрхийлэв. Улсын оюуны цөм болсон ууган сургуульд хийгдэж буй бүтцийн өөрчлөлтийг багш нар дэмжиж байгаа ч хэрэгжүүлж буй арга зам, арга барил, удирдлагын багийнханд сэтгэл дундуур байгаа бөгөөд эрэмбэ дараалал алдагдсан, судалгаа шинжилгээгүй, хүчээр явуулж байгаа талаар багш нар мэдээллэв.

Багш нарын холбооныхон сургуулийн удирдлагууд болон БШУ-ы сайдад олонтаа шаардлага хүргүүлж, оюутнууд хүртэл гурван удаа жагссан боловч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас хандаж болох бүхий л албан тушаалтанд байр сууриа хүргэхээс өөр аргагүй болоод байна гэж онцлов. МУИС-ийн 700 гаруй багш, ажилчдын дунд судалгаа явуулахад одоогийн захирал болон түүний багийнханд итгэл үзүүлэх боломжгүй гэж 80 орчим хувь нь илэрхийлсэн байна. Тус сургуулийн хувьд өмнө нь тэнхимийн эрхлэгч, салбар сургуулийн захирлыг хамт олных нь саналаар томилдог байжээ. Гэтэл захирал А.Галтбаяр ажлаа авснаас хойш Эрдмийн зөвлөлийн бүх эрх мэдлийг үгүй болгож, тэнхимийн эрхлэгчээс эхлүүлээд бүх хүнийг албан тушаалд шууд томилдог болж, санхүүгийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн гэж багш нар ярилаа. Мөн бүтцийн өөрчлөлттэй уялдуулан Дээд боловсролын хуулийг өөрчлөх шаардлага үүсч байгааг тэд хэлэв.

Бүтцийн өөрчлөлтөөс болж өөр сургууль, өөр ажил руу шилжин ажиллах багш нар ч цөөнгүй байгааг дуулгалаа. Энэхүү үл ойлголцлоос болж багш нараа, яваандаа оюутнуудаа ч алдаж болзошгүй байдал үүсээд байгаа учир асуудлыг багш, ажилчид, оюутнуудад ашигтай байдлаар шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын гишүүдээс хүслээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол МУИС дээр өрнөж байгаа та бүхний ярьсан асуудлыг улс төржүүлэхгүйгээр аль болох шийдэх талаас нь хандах ёстой гэв. Тэрээр “Монголын оюуны нөөц дээр тулгуурласан шинэчлэл хийх ёстой. Шинэчлэлийг хэнд зориулж хийж байгаа, юуг нь өөрчлөх ёстой нь чухал гэдгээ бодох ёстой. Харамсалтай нь шинэчлэх зарчим нь тодорхой биш байгаа учраас маргаан их гарч байгаа юм байна. Өнөөдөр дэлхий дахинаа боловсролын хямралыг хүлээн зөвшөөрч мэдлэгийн нийгэмд шаардлагатай хүнийг бэлтгэх тухай ярьж байна. Монгол залуучууд чадвартай, авьяастай. Сургуулиуд тэрхүү авьяас чадварыг хөгжүүлэх мэдлэгийн орчин болж хувирах ёстой.

МУИС-ийн бүрэлдэхүүнд байсан олон сургуулийг хооронд нь нэгтгэж, мэргэжлийн ангиудыг нийлүүлсэн, багш нарын саналыг аваагүй  гэх мэт олон асуудлыг ярьж байна. Багш, хамт олны олонхи нь удирдлагаа хүлээн зөвшөөрөхгүй, шинэчлэлийг энэ хүн хийж чадахгүй гэж үзээд өөрчлөх хүсэлтээ Боловсролын сайддаа тавьсан юм байна. Бид БШУ-ы сайдад хандаж, тус сургуулийн хамт олны дэмжлэгийг хүлээж чадахгүй байгаа удирдлагын томилгооны асуудлыг эргэн харах, ирэх хичээлийн шинэ жилээс өмнө асуудлыг цэгцлэх талаар санал солилцоно” гэж хэллээ. Мөн МУИС-ийн ректорыг томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалтын ардчилсан зарчмаар сонгууль явуулахыг санал болгох тухайгаа ч хэлсэн юм.

Ч.Хүрэлбаатар гишүүн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар тус сургуульд үүсээд буй асуудлыг багш, оюутнуудын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэх боломжтойг онцлов. Тэрээр их сургуульд багшилж байсны хувьд багш нарын эрх ашгийг хамгаалахын төлөө дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.