Categories
мэдээ спорт

Чөлөөтийн эмэгтэй баг ААШТ-д түрүүллээ

“Буянт-Ухаа” спортын ордонд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид багаараа тэргүүн байр эзэллээ.  

Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг гурван барилдаанд өрсөлдөгчдөө илүүрхэн хожин түрүүлж, Азийн өсвөрийн төдийгүй залуучуудын аварга гэдэг цолны эзэн болов. Тэрээр энэ жил дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Харин 63 кг-ын жинд барилдсан Б.Нямгэрэл мөнгөн медаль энгэртээ зүүсэн ч багш нар нь баруун гараараа уургалж барьж болохгүй гэж олонтаа анхааруулсаар байтал мөн барьцыг авч 4 онооны илүү явсан ч Казахстаны бөхийн дархан мэхэнд орж, мушгиулж цэвэр ялагдан үзэгчид, дасгалжуулагч нарынхаа сэтгэлийг гонсойлгов. 72 кг-ын жинд зодоглосон П.Номин-Эрдэнэ хоёрдугаар тойрогт Японы бөхөөс бяр тэнхээгээр илүү байсан ч бэргэн хойш сууж барилдаанаа гаргаж чадахгүй, ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчөө илүүрхэн хожиж, Азийн өсвөрийн аваргын хүрэл медалиа залуучуудын аваргын хүрлээр баяжууллаа.

А.Батцэцэг, Б.Нямгэрэл нар өнгөрсөн жил авч байсан хүрэл медалиа зэрэг ахиулж алт, мөнгө болгож Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой медальтнууд болсон юм.

Манай эмэгтэй багийн 8 бөхийн 7 нь медаль, түүний дотор 1 алт, гурван мөнгө, гурван хүрэл авч гол өрсөлдөгч Японы багийг ардаа орхилоо. Манай эмэгтэй баг тамирчид ийнхүү өнгөрсөн жилийн дөрөвдүгээр байраа нэгдүгээр байраар ахиуллаа. Эмэгтэй багаа хариуцан оролцсон “Хасу-Мегастарс” багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан алтан цом гардан авч түүхэн амжилт гаргалаа. Манай бөхчүүд Японы бөхчүүдтэй 6 барилдаан хийж ялалт, ялагдлын харьцаа 3:3 болж тэнцсэн бол хоёрдугаарт байрт орсон Казахстаны бөхчүүдтэй 3 барилдаан хийж ялалт, ялагдлын харьцаа 1:2 байв. Японы баг 3, БНАСАУ-ын баг 2, Казахстан, Монгол, Энэтхэгийн багууд тус бүр 1 алтан медаль авчээ.

Эрэгтэй 50, 120 кг-ын жинд барилдсан Ц.Мандалсүрэн, Э.Мөнхбаатар нар хүрэл медалийн төлөө барилдаандаа хийморлог байж хоёулаа өрсөлдөгчдөө цэвэр ялж спортын ордныг доргиосон.

Энэ өдрийн барилдааныг УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл ирж үзэж бөхчүүдээ дэмжлээ.

Өнөөдөр тэмцээний сүүдийн өдөр эрэгтэй 55, 60, 66, 74, 84, 96 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Эмэгтэй чөлөөт бөх

44 кг                       1. Жин Хуанг Пак /БНАСАУ/

2. Зухра Отамуродова /Узбек/       

3. Лхагвагийн Баттогтох /Налайх дүүрэг/

3. Эльвира Абылкайрова /Казахстан/

Энэ жинд 7 бөх барилдсанаас манай бөх Л.Баттогтох нэгдүгээр тойрогт японы бөх Акари Итотой таарч 10:0 онооны харьцаагаар ялж узбекийн бөх Зухра Отамуродовад 8:9 онооны харьцаагаар хожигджээ.

48 кг               1. Хуёнг Гуёнг Ким /БНАСАУ/

                        2. Я Хье /БНХАУ/

                        3. Ирина Борисова /Казахстан/

3. Риту /Энэтхэг/

5. Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо/

Энэ жинд 8 бөх барилдсанаас манай бөх Г.Отгонжаргал нэгдүгээр тойрогт узбекийн бөх Зухра Мустановаг 1-:1 онооны харьцаагаар ялж хоёрдугаарт тойрогт хятадын бөх Я Хьед 1:12 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд казахстаны бөх И.Борисовад 0:7 онооны харьцаагаар дийлджээ.

51 кг               1. Вениш /Энэтхэг/

                        2. Гунг Ёнг Сун /БНАСАУ/

3. Батбаатарын Мөнхтуяа /Дархан-Уул аймаг/

3. Сонгфенг Ким /БНХАУ/

Энэ жинд 9 бөх барилдсанаас манай бөх Б.Мөнхтуяа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Ардчилсан Солонгосын бөх Гунг Ёнг Сунд 1:12 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд Өмнөд Солонгосын бөх Ю Жин Кимийг,  хүрэл медалийн төлөө японы бөх Фубуки Сакагамийг дараалан цэвэр даржээ.

55 кг               1. Алтанцэцэгийн Батцэцэг /Дархан-Уул аймаг,

   “Хасу-Мегастарс клуб/

2. Руми Хиросе /Япон/

3. Миаомиао Зхао /БНХАУ/

3. Лалита /Энэтхэг/

Энэ жинд 8 бөх барилдсанаас манай бөх А.Батцэцэг нэгпүгээр тойрогт казахстаны бөх Аыгуль Нуралимийг 12:1, дараа нь хятадын бөх Миаомиао Зхаог 10:0 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө японы бөх Руми Хиросетэй барилдаж 10:2 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ.

59 кг               1. Юу Сакано /Япон/

2. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/

3. Мадина Бакбергенова /Казахстан/

3. Дханда Поожа /Энэтхэг/

Энэ жинд 6 бөх барилдсанаас манай бөх С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Ху Жеонгтой таарч 16:6 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд энэтхэгийн бөх Дханда Поожатай барилдаж 8:2 онооны харьцаагаар дийлж японы бөх Юу Саканаотой барилдаж 5:6 онооны харьцаагаар ялагджээ.

        63 кг               1. Екатерина Ларионова /Казахстан/

2. Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

3. Вэн Линг Чэнь /Тайвань/

3. Кона Сузуки /Япон/

Энэ жинд 7 бөх барилдсанаас манай бөх Б.Нямгэрэл нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Саритаг 11:1, хоёрдугаар тойрогт тайваны бөх Вэн Линг Чэнийг 9:2 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө казахстаны бөх Екатерина Ларионоватай барилдаж цэвэр ялагджээ.

67 кг               1. Аяна Гембей /Япон/

2. Отгонбатын Оюунгэрэл /Дархан-Уул аймаг/

3. Улбоссун Козамберд /Казахстан/

Энэ жинд 5 бөх барилдсанаас манай бөх О.Оюунгэрэл эхлээд энэтхэгийн бөх Манишатай таарч 11:0 онооны харьцаагаар, дараа нь хятадын бөх Янхиа Вангийг 6:0, казахстаны бөх Юбоссун Козамбераг 6:0 онооны харьцаагаар ялж японы бөх Аяна Гембейд 1:5 онооны харьцаагаар ялагджээ.

72 кг               1. Саито Мукку /Япон/

                        2. Замила Бакбергонова /Казахстан/

3. Пүрвээгийн Номин-Эрдэнэ /Өмнөговь аймаг/

3. Поожа /Энэтхэг/

Энэ жинд 6 бөх барилдсанаас манай бөх П.Номин-Эрдэнэ нэгдүгээр тойрогт узбекийн бөх Лобар Кобыловаг 11:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд японы бөх Саито Муккуд 1:11 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалиййн төлөө Өмнөд Солонгосын бөх Чае Паркийг 12:2 онооны харьцаагаар хожжээ.

Багийн дүн

                        Нэгдүгээр байр                     Монгол, 67 оноо

Хоёрдугаар байр                   Казахстан, 63 оноо

Гуравдугаар байр                  Энэтхэг, 60 оноо

Дөрөвдүгээр байр                 Япон, 57 оноо

Эрэгтэй чөлөөт бөх

50 кг               1. Шаризьани Сабер Ханжани /Иран/

                        2. Азамат Тайбек /Казахстан/

3. Цэдэвийн Мандалсүрэн /”Алдартан” клуб/

3. Чол У Сан /БНАСАУ/

Энэ жинд 10 бөх барилдсанаас манай бөх Ц.Мандалсүрэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт узбекийн бөх Жинтитин Тасымовыг онооны харьцаагар ялж казахстаны бөх Азамат Тайбект 4:8 онооны харьцаагаар дийлдсэн ч Өмнөд Солонгосын бөх Мин Хуек Юныг цэвэр ялж ялж хүрэл медаль авчээ.

120 кг             1. Тахери Амин /Иран/

                        2. Акбар /Казахстан/

3. Энхтөрийн Мөнхбаатар /Говь-Сүмбэр аймаг/

3. Такики Ямомото /Япон/

Энэ жинд 7 бөх барилдсанаас манай бөх Э.Мөнхбаатар нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ираны бөх Тахери Аминд 6:16 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд хятадыг бөх Кианг Таог цэвэр ялжээ.

            МЧБХ, Д.ӨЛГИЙСАЙХАН

Categories
мэдээ нийгэм

Богд уулын арын замыг нээнэ

Богд уулын арын Зайсан толгойгоос “Их тэнгэрийн ам” хүртэлх 2.2 км авто замыг хааж, засварын ажил хйиж байсан. Тэгвэл өнөөдөр орой буюу төлөвлөсөн хугацаанаас дөрөв хоногийн өмнө уг замыг нээхээр болжээ.

Гэхдээ үргэлжлүүлэн “Бага тэнгэрийн ам”-аас “Хүрхрээ ам” хүртэлх 3.8 км замыг энэ сарын 07-ноос эхлэн ирэх сарын 02-ныг хүртэл 25 хоногийн хугацаатай хааж, засварын ажил хийх юм байна. Уг замыг ирэх наймдугаар сарын 01-нд хүлээлгэж өгөх гэрээтэй ч Улсын баяр наадмаас өмнө бүрэн нээхээр төлөвлөн ажиллаж буй аж.

Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Засаг нь тогтворгүй бол хэн хөрөнгөө бариад манайд ирэх билээ

МҮАН-ын дарга М.Энхсайхантай ярилцлаа. 

-Та 2006 онд өнөөдрийн МҮАН-ыг ҮШН нэртэйгээр байгуулж байжээ. Энэ цагаас хойш найман жил өнгөрсөн байна. Нам байгуулагдаж байх үеийн дурсамжаар яриагаа эхэлье?

-“Мянган жилийн явдлыг нэг өдөр болсон мэт тунгаа. Тустайг болгоо” гэсэн эзэн Чингэс хааны сургаалаар яриагаа эхэлмээр байна. XX  зууны болон Цагаан морин жилийн хувьсгалаас хойших монголчуудын улс төрийн түүхийг нэг өдөр болсон мэт хураангуйлан харвал бид өглөө нь социализм гэж байснаа орой нь либериализм гэж туйлширсан улс болж таарч байгаа юм. Аль нь ч Монголынх биш. Либериализмын тугийн дор бид “орондоо унтах завгүй… хөнжилдөө орох завгүй… “ улс төрийн хэрүүл хийдэг болсон. “Хүний эрх”-ийг бид “амиа хичээгч үзэл” болтол нь хөгжүүлсэн.  Төрийн бус байгууллага нэртэй гадаадын төрийн хэдэн зуун байгууллага Монголд бий болсон. 30 орчим төрлийн шашин Монголд нэвтэрч итгэл үнэмшил эрээн бараан болсон. Товчхондоо Монгол Монгол биш болж байгаад олон хүн санаа зовж байгаа. Тийм хүмүүсийн тоонд бид багтаж байлаа.

-Тиймээс үүнийг өөрчлөхийг хүссэн гэж үү?

-2006 он бол монголчууд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоо тэмдэглэж, үүх түүхээрээ бахархах, өвөг дээдсийн сургаалыг шинээр үзэж харахад түлхэц өгсөн сайхан жил байсан. Хөөрөл баясал, хоосон бахархал баяраасаа илүүтэй агуулга чухал байлаа. Бидний хэсэг улстөрчид өвөг дээдсийн сургааль номлолыг орчин цагийн хэллэгт оруулж улс төрийн үзэл баримтлал томъёолох тухай бодож байсан юм. Алийн болгон гаднынхны номлолоор явах билээ гэж бодсон хэрэг. Үйл явдлын өрнөл, цаг хугацааны нөхцөл байдал биднийг ҮШН-ыг байгуулах аятай бололцоог бий болгосон. Гол нь энэ нам “Үндэсний үзэл” хэмээх цоо шинэ нэр томьёог улс төрийн эргэлтэд оруулж, үндэсний үзэл, ардчилсан үзэл, шударга ёсны үзлийг тулгын чулуу гэж зарласан.  Өнгөрсөн найман жилийн хугацаанд манай намынхан “Үндэсний үзэл”, “Монгол иргэншил”, “ Монгол төрийг урлахуй”, “Үндэсний эрх ашгаар засаглахуй” гэсэн сэдвээр судалгаа хийж улс төрийн үзэл баримтлалаа боловсронгуй болгон энэхүү баримтлалаар шинэ Үндсэн хуулийн төслийг бичиж олон түмний анхааралд хүргэсэн. Энэ нь монголчуудын алсын харааг тэлэхэд тустай байсан гэж бодож байна. 

-Ж.Наранцацралт, М.Сономпил, Ж.Батхуяг та дөрвийг АН хөөсөн нь  ҮШН гэдэг намыг байгуулахад нөлөөлсөн байх л даа?

-Тэгэлгүй яахав. Энэ хүмүүс бүгд манай намын үндэслэгчид юм. Харамсалтай нь нэг нөхөр маань талийгаач болж дээ. 

-2011 онд ҮШН  МҮАН болж нэрээ өөрчилсөн. Мэдээж МҮАН-ын угшил гарвалыг хөөвөл ерээд оноос эхтэй. Тэгэхээр яагаад  энэ нэрийг авсан нь ойлгомжтой байх…

-1911, 1921 оны үйл явдлууд бүгд л үндэсний шинжтэй хувьсгал байсан. Яваандаа үндэсний гэдэг нь гээгдсэн. Социалист болсон. Үүнтэй нэгэн адил 1990 оны ардчилсан хувьсгал үндэсний шинжтэй байсан. Яваандаа үндэсний гэдэг шинжээ гээсэн байдаг. Ялангуяа энэ нь Ардчилсан намын нэрийн хувирал дээр ажиглагддаг. Өнөөдрийн эрх баригч АН өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэндээ “Монголын Ардчилсан Нам”, “Монголын Үндэсний Ардчилсан Нам” гэдэг нэртэй байлаа. Эхлээд “үндэсний” гэдэг тодотголоо гээсэн, дараа нь бүр “Монголын” гэсэн тодотголоо гээсэн. Өнөөдөр Монголд гадаад үзэл баримтлалтай “Монголын” нам их байгаа. Сонин байгаа биз. Манайд улс төрийн намууд зөвхөн “Монголын” биш “Монгол” байх ёстой гэдгээр бид намынхаа нэрийг “Монгол Үндэсний Ардчилсан Нам” гэсэн юм. 

-МҮАН үндэсний үзэл, шударга ёсны үзэл, ардчилсан үзлийг гол үзэл баримтлалаа болгосон. Эдгээр үзлийг бүхнээс эрхэмлэн дээдлэх болсон гол санаа нь юунд оршиж байна вэ?

-Монголчууд өөрийн гэсэн иргэншилтэй, өөрийн гэсэн төр засгаа байгуулах үзэл номлолтой ард түмэн. Ардчиллыг гаднаас хайгаад хэрэггүй. Эзэн хаанаа Их хуралдайгаас тодруулдаг байсан улс орон хаана ч байхгүй. Өнөөдөр дэлхий ертөнц анхны бичмэл хуулийг “Магна Карта” гэж үздэг. Гэтэл түүнээс 10 жилийн өмнө монголчууд “Их Засаг” хэмээх хуультай байлаа. Британичууд өөрсдийгөө дэлхийн анхны үндэстэн гэдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэднээс 200 жилийн өмнө монгол үндэстэн бий болсон байлаа. Орчин цагийн үндэстэн-улсын эх загвар нь Их Монгол Улс байлаа. Товчхондоо Монголын ардчилал 808 жилийн настай. Ингэж хэлэхээр тархиа гадныхнаар угаалгасан олон хүн уурладаг юм. Эхлээд уурлана, дараа нь үл тооно, дараа нь шүүмжилнэ, дараа нь хүлээн зөвшөөрнө. Хүний оюун ухаан энэ замаар явдаг тул би цуцахгүй хэлээд байдаг юм. Шударга ёс хэмээх өвөг дээдсийн сургаал баримтлал асар өргөн. “Харийнхныг дуурайвал Хөх Монгол гутмой, хахаж цацталаа баяжвал хамаг олон жигшмой” гэсэн сургаал үг бий шүү дээ. МҮАН нь хэлж ярьж байгаа үзэл баримтлалаа өмчлөх эрхгүй. Угаасаа бидний өмч биш. Монголчуудын үндэсний ухамсрыг зөв өдөөж зөв сэрээх явдлыг манай нам зорилгоо болгож байгаа юм. 

-Эргээд харахад МҮАН улс төрийн бараг бүх хүчинтэй хамтарч ажиллажээ.  МАН, АН-ын аль алинтай хамтарч Засгийн газар байгуулсан байна…

-Гоё асуулт байна. Нээрээ эргээд харсан чинь манай нам бүх л том улс төрийн хүчинтэй  эвсэлдэж байсан байдаг. МАН-тай Үндэсний эвслийн Засгийн газар байгуулж байсан. Одоо АН-тай Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ороод ажиллаж байна. Бид өнгөрсөн найман жилд Энхбаяр Ерөнхийлөгчийг, Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэмжиж ажиллаж ирсэн байдаг. Үзэл бодлын туйлшрал төөрөгдөлд байгаа Монголын нийгэмд эвлүүлэгч байж төрийн тогтвортой байдлыг хамгаалах нь манай намын үзэл баримтлалаас улбаатай юм. Манай намын анхны тунхагт нэг үг бий. “Хэрвээ та сонгох эрхээ эдэлж байгаа бол сонгогдсон төр засгаа хүндэл” гэж. 

Төрөө сонгочихоод араас нь төр засгаа нулимдаг явдал бол монгол ёс заншил биш. Дургүй байгаа бол дараагийн сонгууль болтол хүлээх тэвчээртэй байх нь өөрөө ардчиллын шаардлага юм. 

-Гэхдээ танай нам ардчилсан үзлийг эрхэмлэдэг хэрнээ яагаад зүүний чиглэлийн үзэл баримтлалтай МАХН-тай эвсчихэв ээ гэдэг асуулт ч  хуучирдаггүй… 

-Манай үзэл баримтлалыг хуваалцдаг бүх нам, улс төрчидтэй хамтарч ажиллах нь бидний зорилго. Бид дангаараа юу ч биш шүү дээ. Өөрсдийгөө жижиг гэж үзэх боловч бусдад дагаар орогчид бас биш. МҮАН-ын хүч чадал нь итгэл үнэмшилдээ байдаг юм. 

-Шударга ёс эвслийн АН-тай хамтрах асуудлууд дээр МАХН-ынхан давуу эрх эдэлдэг гэсэн яриа бий. Саяхан гэхэд л МАХН дангаараа АН-тай нууц гэрээ хийх гэж байсан нь нийтэд мэдэгдчихлээ. Та болоод танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Эмзэглэх зүйл ерөөсөө байхгүй ээ. 

-Нөгөө талаар МҮАН-ыг ҮШН байхад нь удирдаж явсан Ц.Цолмон гишүүн МАХН руу явчихлаа. Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдлээ. Г.Уянга гишүүн өөр бүлэг байгуулах нь  гэх зэрэг мэдээллүүд нь МҮАН-аас гишүүд нь нүүр буруулаад эхэлжээ гэдэг ойлголтыг төрүүлэх хандлагатай байна. Та юу хэлэх вэ?

-2012 онд сонгогчид УИХ-ын гишүүдийн төлөө саналаа өгөхдөө аль намаас нэр дэвшсэн, уг хүнийх нь чадал чансаа юу билээ гээд олон зүйлийг бодсон байж таараа. Тиймээс УИХ-ын гишүүдийн эрх сонгогчдын захиа даалгавраар хязгаарлагддаг. Үүнийг imperative mandate гэдэг юм билээ. Зарим оронд намаа, бүлгээ өөрчилсөн гишүүдийн тойрог дээр дахин сонгууль зарладаг. Манайд ийм зохицуулалт байхгүй. Зөвхөн тухайн хүний ёс суртахууны асуудал хэмээн орхигдуулжээ. УИХ-ын гишүүний “хүний эрх”  эрх мэдэлтний “амиа  бодох үзэл” цаашдаа моод болж магадгүй байгаа. Ингэвэл Монгол төрд гай болно. Үүнийг цаашдаа бодох асуудал шүү.  

-Хэдийгээр үл ойлголцол байдаг ч та яалт ч үгүй АН-ын угшилтай хүн. АН-ын лидер байхдаа өндөр албан тушаалуудад очиж байлаа. Тиймээс энэ намтай эргээд нийлье гэсэн бодол төрдөг үү.  Энэ намын талаар таны бодол, сэтгэл өнөөдөр яаж өөрчлөгдсөн бэ?

-Том нам. Томынхоо хэмжээгээр дотроо том зөрчил тэмцэлтэй. Аажим боловч үндэсний чиглэлд өөрчлөгдөж буй нам. Бидэнд хамтарч ажиллах олон нийтлэг талбар байгаа гэж бодож байна.

-АН 1996-2004 оны үе шигээ дотроо задарч, бутарч, өөрсдийнхөө Засгийн газрыг татан унагалцаж, хөлөө жийлцэхгүй байх нь одоо юу юунаас чухал гэдэг яриа хөвөрч байна. Та юу хэлэх бол?

-Засгийн газрын тогтвортой байдал онцгой чухал. Эхлүүлсэн ажлуудаа эргэлт буцалтгүй ажил хэрэг болгоход цаг хугацаа хэрэгтэй. 

-Ингэхэд  та Н.Энхбаяр даргыг суллагдсанаас хойш уулзсан болов уу? 

-Суллагдсанаас нь хойш уулзаагүй. 

-Одоо хоёулаа ажил ярья. Парламентын цөөнх болсон Ардын нам Засгийн газрыг хүчтэй шүүмжилж байна. Сайд нарыг нь огцруулах бичгээр УИХ-ыг “дарах” шинжтэй. Одоо ч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулна гэж байна.  Засгийн газар тогтворгүй байхын сөрөг талыг илүү мэдэх хүний хувьд та юу хэлэх вэ? 

-Монголын эдийн засгийн байдал гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эсэхээс ихээхэн хамааралтай. Чингэс бонд, Самурай бондыг бидний монголчууд эргэж төлнө. Буруу ашиглавал бид эрсдэлд орлоо гэсэн үг. Хойч үе маань төлнө. Гадаадын хөрөнгө оруулалтын төлөө угтаа Монгол эрсдэл үүрдэггүй. Гадныхан өөрсдөө эрсдлээ үүрээд Монголд ирдэг. Ганц хүсдэг юм нь тогтвортой эрүүл орчин. Энэ асуудалд Засгийн газрын тогтвортой байдал хамаарна. Засаг нь тогтворгүй бол хөрөнгөө бариад хэн манайд ирэх билээ дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж бүхий л орон мэрийдэг. АНУ том хэрнээ гадаадын хөрөнгө оруулалт тэдэнд чухал байдаг. Хятад гадаадын хөрөнгө оруулалт дээр босч ирсэн түүхтэй. Орос орон мөн адил ийм л асуудалтай байгаа. 

-Нөгөө талаар Ардын намын Засгийн газарт орох хүсэл их байгаагаас энэ бүхэн үүдэлтэй гэж харах хүмүүс ч бий. Та юу гэж бодож байна вэ?

-Хэсэг хүмүүсийн бодлыг бүхэл бүтэн намд нь нялзааж ойлгох хэрэггүй байх аа. 

-Сүүлд С.Баярцогт гишүүн ч МАН-тай хамтарч үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэдэг саналыг гаргасан… 

-АН-ын байр суурь биш гэсэн мэдэгдэл гарсан байна лээ. Хүн хуучнаа санагалзахад буруу юм юу байхав дээ.

-Тэгэхээр та энэ Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавьж байгаа вэ? 

-Дунд түвшинд ажлаа сайжруулмаар байгаа шүү. Ялангуяа яамд.

-Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал муудсан  нь бодит үнэн. Валютын ханш ч өссөөр байна. Дотоодын компаниуд түрүүчээсээ дампуураад эхэллээ. Энэ доройтлыг сөрөг хүчин улстөржсөн байдлаар дүгнээд, АН-тай холбож тайлбарлаад байх шиг байна. Эдийн засагч хүний хувьд та хөндлөнгөөс юу гэж харж байна вэ. Эдийн засгийн уналт юутай холбоотой вэ?

-Дэлхийн эдийн засгийн байдал, хөрш орнуудын эдийн засгийн байдал тийм ч сайн биш байгаа. Бидэнд цаагуураа сөргөөр нөлөөлж л байгаа. Манайх шинэчлэлээ төгс боловсронгуй болгож үр дүнд хүрэхийн төлөө ажиллах  л хэрэгтэй. 

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хууль ч гаргасан. Ахицтай зүйл танд ажиглагдаж байна уу?

-Гадныхан бидэнд ихээхэн болгоомжтой хандаж байгаа. Манай Монголын талаар  хөрөнгө оруулагчид болгоомжлонгуй өөдрөгөөр харж байгаа гэж дэлхийд бичиж байна. Асуудалтай байна л гэсэн үг. Ажлаа сайн хийеэ. Ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яам шуурхай мэргэжлийн байх хэрэгтэй байна. 

-Гацаанд орчихоод байгаа Оюу толгойг урагшлуулах тал дээр танд ямар санал байна.Чухам юун дээр гацчихаад байгаа талаар ямар мэдээлэл байна вэ?

-Оюу Толгойд Монголын 34 хувийн сонирхол байгаа. Дотооддоо маргаан дэгдээдэг үе ард хоцорсон шүү дээ. Хамтрагч нартайгаа маргалдах биш нэгдэж дэлхий рүү харж ажиллах хэрэгтэй байна. Шинэ хандлагаар ажиллах хэрэгтэй. 1990 оноос хойш Монголд том мега төсөл хэрэгжиж байсангүй. Оюу толгой бол үнэхээр том төсөл. Нэг мега төслийн араас нөгөө мега төслийг залгуулж түүнээсээ дараа дараачийн мега төслүүдийг хөгжүүлж хөгжил рүү хүрдэг зам байна. Үүнийг л ашиглах хэрэгтэй. 

-“Чалко”-гийн өрөн дороос босч чадахгүй байгаа Таван толгойн асуудал ч хүнд байна. Таны байр суурь, саналыг сонсох нь зөв байх?

-Буруугаа өөрсдөөсөө хайх гэдгээр явах хэрэгтэй. Хүнээс мөнгийг нь аваад идсэн нь үнэн. Түүнийг төлөх хэрэгтэй. Урд өмнөх өрөө төлөхгүйгээр, санхүүгийн сайн түүхгүйгээр “Эрдэнэс Таван толгойд хөрөнгө босгох магадлал тун бага. Би байдал дээрдэж байгаа гэсэн ойлголттой яваа. 

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан түр хязгаарлана

 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж байгаа учир цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Өнөөдөр цахилгааны түр хязгаарлалт хийх газруудыг хүргэж байна.

Чингэлтэй

10.00-11.00 10-р хороо Дэнжийн 1, 3, 24, 34-39, 43, 45, 46, 49, 50, 52, 54-68, 71, Жаргалантын 24, 25, 30, 31, Яргайтын 18-23-р гудамж, тэр орчимд,

10.00-18.00 1, 4-р хороо, Бт Хл, 13-16, 16/1-р байр, Өгөөж, Цахиур трейд, Ундецим, Урлах эрдэм, Даймонд, Ди Жи Эс, Ньюмитик, Нийслэлийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, Барилга Корпораци, Монгол Токио Техникал, Гоёл Хийц, Топ бэйс, АБЖЯ, Цагаан мөрт, Тэнгэрлэг Орчин, Дүрслэх Урлагийн Музей, ЗГБНЗ /Барилгын яам/, ХХБанк, БХХС-ын эмнэлэг, НЦГазар, Тагнуулын Ерөнхий газар, УБ хотын банк, Үндэсний түүхийн музей, ХЗДХЯ /МШУТ/, ХЗҮХүрээлэн, ШШГЕГазар, ЭЦГазар, Монгол банк, УМБГазар, УЕПГазар, ЭХТАрхив, БОХЯ тооцоолон бодох төв, УНДЕГазар, ЗХУТөв, НТЗ-ны 4-р байр, тэр орчмын хэрэглэгчид

10.30-17.30 13, 14, 15, 16-р хороо Сурагчийн 24-33, 43-47, Жаргалантын 1-6, 40, 47, 48, Булагийн 20, 22, Хайлаастын 20, Жаргалантын 41-73-р гудамж

11.30-12.30 12-р хороо Булагийн 2, Сурагчийн 20, 42-46, Хайлаастын 11-14, 16-18, 20-р гудамж тэр орчмын хэрэглэгчид

13.00-14.00 11, 12-р хороо Нуурын 22, 23, Булагийн 1-6-р гудамж тэр орчимд

Баянгол

10.30-18.00 1, 4-р хороо 2-р хороолол 3-12, 19, Т3-60-р байр, тэр орчимд

Хан-Уул

10.00-18.00 11-13-р хороо Туул тосгоны эмнэлэг, Түмэн шувуут, CFC групп, Малын удмын сан, 26-р сургууль, 144-р цэцэрлэг, Ажлын алба, АТС-47 орчимд

Сонгино-хайрхан

10.30-17.00 12, 13-р хороо 1-р хороолол 1, 2, 10, 11-р байр, 104-р цэцэрлэг, 36-р сургууль, Глоб центр, Халиун толгой эмнэлэг, тэр орчимд 12.30-13.30 9, 24-р хороо Шороотын ам, Баруун Салааны зуслан тэр орчимд 14.30-15.30 4, 26-р хороо Алтан-Овоо 2-28, ИН 9, МТЗ 9-р гудамж орчмын хэрэглэгчид

Налайх

10.00-17.00 Городок Гандан ам

Төв аймаг 

09.30-16.00 Алтанбулаг, Баян-Өнжүүл сумын хэрэглэгчид 10.00-17.00 Баянцагаан сумын хэрэглэгчид

Categories
мэдээ нийгэм

Цахимаар газар өмчлүүлэх журмыг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах журмыг хэлэлцэнэ.

Цахим хэлбэрээр 52 байршилд газар өмчлүүлэхэд бэлэн болсон ч хэрхэн зохион байгуулах журмаа хэлэлцээгүй  байсан учраас өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм.

Мөн хуралдаанаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байгуулах, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Нийслэлийн ИТХ-ын хуралдаан 10:00 цагт НЗДТГ-ын А танхимд болно.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын их амар амгалан

Мордож буй улаан дээлтэй өвгөн Монголын их амар амгалан хэмээн яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн “ Монголын их амар амгалан” шүлэг эхэлдэгсэн. Ийм л илчит нарны дор, ийм хөх тэнгэрийн дор, үндэс тэтгэсэн ийм л ариухан шороон дээр гишгэж яваагийн учир бид амар амгалан байхаас яахав ээ. Зургадугаар сар хөдөөдөө тэмүүлэх сэтгэлтэй хүмүүний нандин сэжмийг харин ч нэг атгана. Гүйгүүл морин нутгаадаа тэмцэх шиг бидний сэтгэлийг хөдөөх байгальдаа оччихсон айраг цагаа, хурдан морьдын хөлс ханхалсан уяан дээр аль хэдийнэ ирчихсэн байнам бус уу.

Мордож буй улаан дээлтэй євгєн

Монголын их амар амгалан

Морины хєлєєс чєдєр уйдаж

Шєнийн талд гуних

Монголын их амар амгалан

Модон тэрэгний хєх дугуй

Шинэ євсний солонго гишгэх

Монголын их амар амгалан

Молор саран 

Монголын их амар амгалан

Єндєр цагаан vvлс 

Монголын их амар амгалан

Гэсэр жангарын шарласан хуудас 

Монголын их амар амгалан

Гол мєрєн урсах

Монголын их амар амгалан

Гоолингоо

Монголын их амар амгалан

Эрдэнийн сормуусаа униарт дvрж

Адуу унтах 

Монголын их амар амгалан

Эр хvн ятгатай дуулах 

Монголын их амар амгалан

Алтай хангай

Монголын их амар амгалан

Арван тавны саран

Монголын их амар амгалан

Гучин гурван говь

Монголын их амар амгалан

Гучин гуравтай харцуул

Монголын их амар амгалан

Ганга агийн торгон суунаг

Монголын их амар амгалан

Ганган харцтай бvсгvйчvvд

Монголын их амар амгалан

Жаргаж гуних 

Монголын их амар амгалан

Зангирсан нулимс дотогшоо урсах

Монголын их амар амгалан

Хєх хєх аргалын дєл

Монголын их амар амгалан

Хєсєг нvvдэл 

Монголын их амар амгалан

Тооноор туссан наран дотор

Хvv мєлхєх

Монголын их амар амгалан

Тогоонтємєр хаан

Монголын их амар амгалан

Амар болоочийг ачсан

Цагаан тэмээ

Монголын их амар амгалан

Анирхан талын бvvвэй

Монголын их амар амгалан

Буурин дээр нялх ногоо цухуйх

Монголын их амар амгалан

Бурханы мэлмий

Монголын их амар амгалан

Богд шиг миний залбирсан

Наран, саран

Тэнгэрийн их амар амгалан

Болор биеийг минь нууцлах

Газар шороо

Дорнын их амар амгалан

Ижийгээр минь бvvвэй аялуулж

Эцгээр минь vнэг эсгvvлсэн

Дэрлээд нойрсох

Миний хатан євєр

Монголын их амар амгалан

Дэргэдээ дуудаж толгойгоо тvшvvлэх

Миний хаан vр 

Монголын их амар амгалан. 

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн чиглэлд том хүн 600, хүүхэд 200 төгрөгөөр зорчино

Нийслэлийн Нийтийн тээврийн газар маргаашнаас эхлэн зуслангийн долоон чиглэлд их багтаамжийн болон микроавтобус явуулахаар төлөвлөсөн байна. ы Их багтаамжийн буюу том оврын автобус нь Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, Гоодой-Тэнгис кино театр, Баянбулаг-Тэнгис кино театр чиглэлд явна. Харин бага багтаамжийн буюу микроавтобус нь Долоон буудлаас-Майхан толгой, Яргайтын богино, Яргайт, Хуурай мухарын чиглэлд үйлчилэх ажээ. ы Эдгээр зуслангийн чиглэлд явж буй автобусаар том хүн 600, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бизнесийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулна

Олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгчдийг оролцуулсан “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ыг 2014 оны 6 дугаар сарын 19-21-нд Улаанбаатарт зохион байгуулна.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Монголын эдийн засгийн форумаас санаачлан зохион байгуулж байгаа энэ чуулга уулзалтад оролцохоор гадаадын 50 гаруй банк болон хөрөнгө оруулалтын компани саналаа ирүүлжээ.

Уулзалтын төлөөлөгчдийг хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа төслүүд, бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцуулахаар төлөвлөжээ. Хөрөнгө оруулагчид  Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Төмөр зам зэрэг мега төслүүдэд ач холбогдол өгч байгаагаа мэдэгдэж байна. Бизнесийн дээд хэмжээний уулзалт нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, шинэ бүтээн байгуулалтын талаарх үнэн бодит мэдээллийг өгөх, хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх бодит нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ш.Түвдэндоржийг маргааш Байнгын хороогоор хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны маргааш болох хамтарсан хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилуулах саналыг хэлэлцэхээр болжээ. Засгийн газрын тэргүүн Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өнгөрсөн баасан гаригт өргөн мэдүүлсэн юм. Харин түүнийг томилох эсэх асуудалд сөрөг хүчин болон “Шударга ёс” бүлгийн гишүүд эсрэг байр суурьтай байгаа юм. Давхар дээлийг тайлуулах хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга давхар дээлээ тайлах үүднээс Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаасаа огцрох хүсэлт гарган суудлаа өгсөн юм. Тиймээс дахин УИХ-ын гишүүнийг сайд болгох нь буруу гэж намын бүлгүүд үзэж буй юм. Гэхдээ Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилуулах санал нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэхээс илүүтэй МоАХ-ны тэргүүн Х.Баттулгын нөлөөлөл гэдэг нь нэгэнт тодорхой болсон билээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчид гранпри хүртжээ

ОХУ-ын Улан-Үүд хотноо болсон “Дэлхийн гэр бүл” олон улсын шатарчдын анхдугаар тэмцээнээс манай өсвөрийн шатарчид Гранпри шагнал хүртлээ. Тэмцээнд 27 багийн 100 орчим тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Н.Түвшинтөгс ахлагчтай “Урамтай шатар” клубын шатарчид анхны гранпри шагналыг авлаа. Манай багийн бүрэлдэхүүнд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга Е.Төгстөмөр, “Зууны шатар” клубын шатарчин Ц.Ашид нар оролцсон юм. Түүнчлэн 12 хүртлэх насны ганцаарчилсан төрлийн тэмцээн болоход Ц.Ашид тэргүүн байр эзэлж, Е.Төгстөмөр мөнгөн медаль хүртлээ.    

Зохион байгуулагчид “Дэлхийн гэр бүл” тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохиохоор болсон байна.