Categories
мэдээ улс-төр

Зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, Колумби улсын Гадаад яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 5-6-нд Богота хотноо амжилттай болж өндөрлөв. Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Колумбийн талаас Гадаад хэргийн дэд сайд Патти Л.Харамилио нар тэргүүлэн оролцсон уг уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын хөгжлийн боломжийн талаар ярилцан санал солилцов.

Уулзалтад Колумбийн уул уурхай, хөдөө аж ахуй, төлөвлөлт, худалдаа, аж үйлдвэр, аялал жуулчлал хариуцсан яамдын өндөр албан тушаалтнууд оролцон мэдээлэл хийж, тухайн салбартаа хуримтлуулсан туршлагаа Монголын талтай цаашид хуваалцан хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн буйгаа илэрхийлэв.

Хоёр тал дэд сайд Патти Л.Харамилиогийн 2012 онд Монгол Улсад хийсэн айлчлалаас хойш хоёр орны харилцаа идэвхжиж, уул уурхайн яамд хооронд ажил хэргийн хэлхээ холбоо тогтсонд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчноо хамгаалах, соёл урлаг, боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтойг талууд мөн онцлов. Иргэд хоорондын харилцааг дэмжин ажиллахаа харилцан илэрхийлж, Колумбийн тал хоёр орны хооронд байгуулсан Дипломат, албан паспорттай иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг соёрхон баталсан тухай ноотыг гардуулав.

Түүнчлэн чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын талаар холбогдох яам, байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх, туршлагаа хуваалцахаар ярилцав. Колумбийн ГХЯ Зүүн Ази, Латин Америкийн орнуудын форум (ФЕАЛАК)-ын шугамаар хэрэгжүүлдэг Испани хэлний сургалтдаа Монголоос эхний ээлжинд аяллын хөтөч, сэтгүүлчдийг хамруулахад бэлэн буйгаа мэдэгдэв.

Талууд улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, олон улсын байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж ажиллахаар мөн тохиролцов.

Зөвлөлдөх уулзалтад манай талаас Америк, Африкийн газрын захирал Б.Чулуунхүү, Колумбийн талаас Ази, Африк, Далайн орнуудын газрын захирал Сандра С. Росас, Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Андреа Албан, Соёлын харилцааны газрын захирал Наталиа Суескан нар оролцов.

Categories
гадаад мэдээ

Оростой цөмийн асуудлаар хэлэлцээ хийнэ

Иран ирэх долоо хоногт Америк болон Оростой өөрийн орны цөмийн асуудлаар хэлэлцээ хийнэ. Учир нь Ираны төлөөлөгч энэ сарын 9-10-ны өдрүүдэд Америкийн төлөөлөгчтэй Женевт дэд сайдын хэмжээний хэлэлцээ хийж, 11-12-ны өдрүүдэд Ромд Оросын төлөөлөгчтэй мөн ийм хэлэлцээ хийх аж.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ сарын 16-ны өдөр Ираны асуудлаар Америк, Англи, Франц, Орос, Хятад, Герман зэрэг зургаан орон Венад шинэ хэлэлцээр хийсний дараа Иран эдгээр зургаан оронтой хэлэлцээ хийх юм байна.

Иран өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Ираны асуудлаар эдгээр зургаан оронтой Женевт хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө тохиролцсон юм. Төлөвлөгөө ёсоор зургаан сарын хугацаанд Иран цөмийн зарим үйл ажиллагаагаа зогсоох, Өрнөдийн орнууд тавьсан хоригоо цуцлах ёстой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Махан бүтээгдэхүүний долоон үйлдвэр, цехийг хаав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн дүнгээ танилцууллаа. Шалгалтыг оны эхнээс өнгөрөгч тавдугаар сар хүртэл хийсэн бөгөөд үүнд нийт 18 аймаг, нийслэлийн 239 аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулсан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Зөвлөлийн хурлаар үүнээс 118 аж ахуйн нэгжиийг шалгасан дүнг хэлэлцжээ.

Шалгалтаар мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн барилга, байгууламжид тавигдах шаардлагуудаас бусад үзүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 28 хүртэл хувиар дээшилсэн байна. Тодруулбал, хүн ам ихтэй нийслэл, Дархан-Уул, Орхон, Дорнод, Хөвсгөл дэх үйлдвэр, цехүүд ажлын байраа зориулалтын дагуу өөрчлөн сайжруулсан, ажиллах нөхцлийг бүрдүүлсэн, цэвэр, бохир усны сүлжээнд холбогдсон, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллаж байгааг шалгалтынхан онцлов.

Шалгалтаар улсын байцаагчид 835 зөрчил илрүүлэн 26 хувийг нь шууд арилгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Ноцтой зөрчилтэй нь тогтоогдсон долоон үйлдвэр, цехийн үйл ажиллагааг зогсоон, эрүүл ажуй, чанарын шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ. Хяналт шалгалтын дүн, танилцуулга, шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам, Стандарт, хэмжил зүйн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд хүргүүлэх юм байна.

Цаашид улсын байцаагчийн гаргасан акт, албан шаардлагыг хэрэгжүүлж, зөрчлийг арилгах, шалгалтад хамрагдаагүй бусад үйлдвэр, цехийг энэ оны гуравдугаар улиралд багтаан шалгах талаар албаныхан мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Швейцарьт ажиллаж байна

Швейцарь улсад болж буй Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар өнөөдөр Женев хотод ажиллаж байна. Тэд өчигдөр Улаанбаатар хотоос мордсон юм.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурван талын хамтын түншлэлд үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага аж. Жил бүр дээд хэмжээний чуулган зохион байгуулж, хөдөлмөрийн салбарт үр дүнтэй ажиллаж байгаа гишүүн орны төрийн тэргүүн, ерөнхий сайдыг хүндэт зочноор урьж, илтгэл тавиулдаг уламжлалтай юм байна. Харин энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын хөдөлмөр, нийгмийн салбарт авч хэрэгжүүлсэн туршлагын талаар илтгэл тавиулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан ёсоор урьжээ. Энэ жилийн дээд хэмжээний уулзалт нь НҮБ-ын Женев дэх салбарт “Ажилтай хөгжил дэвшил-хөдөлмөр эрхлэлт 2014” нэрийн дор болж байгаа юм байна.

Засгийн газрын сайдууд ирэх пүрэв гаригт Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм.

Categories
мэдээ спорт

NBA: “Майами Хит” хожлоо

АНУ-ын NBA-гийн 2013-2014 оны улирлын аваргын төлөөх цувралын хоёр дахь тоглолтод “Майами Хит” ялалт байгууллаа.

“Сан Антонио Спөрс”-ийн талбай дээр болсон энэхүү тоглолтод зочин баг 98-96 онооны харьцаатай хожсоноор цувралыг 1:1 болголоо. “Майами Хит” багаас “Хаан” ЛеБрон Жэймс 35, Крис Бош 18 оноо авсан бол “Сан Антонио Спөрс”-өөс Тони Паркер 21, лидер Тим Данкен 18 оноо авч багаа тэргүүллээ.

Аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт “Майами Хит”-ийн талбай дээр зургадугаар сарын 10-ний өглөө 08.00 цагаас /Улаанбаатарын цагаар/ болно.

“Сан Антонио Спөрс” болон “Майами Хит” багууд өнгөрсөн жилийн NBA-гийн аваргын төлөө шалгарч байсан. Хоёр багийн аваргын төлөөх өрсөлдөөн цуврал долоон тоглолтод шийдэгдэж, “Майами Хит” түрүүлсэн түүхтэй.

Categories
мэдээ цаг-үе

​Какүрюү М.Ананд: Ёкозуна болохын тулд би Японы иргэн болохгүй

Японы мэргэжлийн сумод өндөр амжилт гаргаж яваа Какүрюү М.Анандыг Японы иргэн­шил хүссэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гараад байгаа юм. Энэ тухай түүнтэй утсаар холбогдож ярилцлаа.

 -Сүүлийн үед Какүрюү М.Ананд, Токитэнкү А.Хүчит­баатар нар Японы иргэн болох хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл гараад байна. Үнэхээр Японы иргэн болох шийдвэр гаргасан юм уу?

-Харин ийм мэдээлэл цацагд­сан байна лээ. Японы иргэн болох гэж байгаа тухай мэдээллийг эрс няцаамаар байна. Юунаас болж, яагаад ийм мэдээлэл цацагдах болсныг мэдэхгүй юм. Монголын цахим сайтуудаар Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээ гарсан гэж байгааг нийтэлсэн байсан. Японд иймэрхүү мэдээлэл гараагүй.

-Токитэнкү А.Хүчитбаатартай холбоо барив уу. Өөрөө юу гэж байх юм?

-Токитэнкүтэй уулзаж энэ та­лаар асуугаагүй л байна. Токитэнкүгийн ямар бодолтой явааг мэдэхгүй байна.

-Таныг Японы иргэн болоод ояката буюу дэвжээний эзэн болооч ээ гэсэн санал тавибал яах вэ?

-Надад тийм бодол алга. Дэлгэр сайхан Монгол орныхоо үзэгчдэд уран, сайхан барилдаан харуулъя гэхээс өөр бодсон зүйлгүй байна.

-Таныг гуравдугаар сарын башёд 13 болон түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол олгохоор сумо бөхийн хол­боо­ноос мэдэгдсэн. Магадгүй ёкозуна болохын тулд Японы иргэн бол гэсэн шаардлага тавьсан юм болов уу?

-Надад японы иргэн болоод ёкозуна болох ёстой гэсэн шахалт үзүүлээгүй. Холбооны зүгээс 13 болон түүнээс дээш давж түрүүлэх юм бол ёкозуна цол олгоно гэдгээ л мэдэгдсэн. Тэгээд ч ёкозуна болохын тулд би Японы иргэн болохгүй.

-Сумочдыг хараад байхад дараагийн башёд тэд давчих юм бол цол олгоно гэдэг. Гэтэл тэр нь нэг талаараа сэтгэлзүйн да­рамт болоод байх шиг санагддаг. Таны хувьд ирэх башёд хэрхэн барилдах вэ?

-Башё эхлэх үед энэ тухай бүр ч илүү яригдах байх. Тэр үед нь аль болох анхаарлаа төвлөрүүлж, тайван байж, чөлөөтэй барилдъя гэсэн бодолтой байгаа.

-Таны сумод явах болсон шалтгаан юу вэ?

-Сумод явах хүүхдүүдийг шал­гаруулж байгааг анх аав мэдээд “Сумод хүүхэд авч явах юм байна. Хоёулаа хамт очиж шалгуулъя” гэсэн. Тэгэхэд 2000 он байсан юм. Аварга биеийн тамирын дээд сургууль дээр хүүхдүүдийг хооронд нь барилдуулсан. Тэгэхэд анх удаа зодог шуудаг өмсөж байлаа. 14 настай хүү тэнд барил­даж тав давж байв. Аав маань бөхөд их дуртай, бөхчүүдэд ч хүндэтгэлтэй ханддаг байлаа. Тийм ч болохоор аав маань багш хүн хэдий ч намайг бөх болгоно гэж шийдсэн байх. Тухайн үед Н.Цэвэг­ням, Д.Батбаяр ах нар дээд зин­даанд гараад ирчихсэн байсан тул зурагтаар хараад бахархдаг бай­лаа. Ах нарыгаа зурагтаар харчи­хаад сумо барилдаж болмоор санагддаг байсан. Энэ гэхдээ хүүхэд байхын бодол юм шүү. Магадгүй тэд бай­гаа­гүй бол би сумоч болоогүй, өнөөдөр энэ амжилтаа гаргаагүй байх байсан биз. Тэр үед аавын нэг шавь Японоос сумогийн ном явуул­сан юм. Би захиагаа аавынхаа сургуу­лийн япон хэлний багшаар орчуу­луулаад номон дээр байсан хоёр хаяг руу явуулчихсан. Номон дээр байсан хоёр хаягийн нэг нь сэт­гүүлчдийн холбооных байсан юм билээ. Тэндээс “Манайх сэт­гүүлч­дийн холбоо учраас сумотой ямар ч холбоогүй” гэсэн хариу ирүүлсэн. Нөгөө захидал маань “Изүцү” дэв­жээнд очсон байсан. Манай баг­шийн эхнэр хариу бичсэ­нээр би таван сарын дараа буюу 2001 оны есдүгээр сард Япон явж, арваннэг­дүгээр сараас нь сумод барилдаж эхэлсэн юм.

-Сумод явна гэж анх догдолж байсан мөчөө эргэн дурсахад сайхан байдаг биз. Хөөрч догдлохоос гадна хэцүү, бэрхийг даван туулна гэж бодож байв уу?

-Мэдээж тухайн үеийн хүүхэд зангаар хөөрч догдолж байсан минь, сумоч болно гэж зориг шулуудсан минь алдаа байгаагүй байжээ гэдгийг мэдэрч байна. Хүнд хэцүү гэдгийг анхнаасаа мэдэрч байсан.

-Сумо бөх эр зориг, тэвчээр шаардсан спорт шиг санагддаг. Таны хувьд халирч шантрах зүйл тохиолдов?

-Ёстой шантрах зүйлтэй нүүр тулж байсангүй. Нэгэнт л би өөрийн­хөө байгаа бүхнийг зориу­лан ирсэн болохоор ямар ч бэрх­шээл саадыг даван туулна гэсэн бодолтой байлаа. Хатуу ширүүн бүхнийг ч шүд зуун давж чадсан. Миний зорилго дээд зиндаанд гарч ирж, цол авч барилдах байсан юм.

-Монгол бөхчүүд сумо бөхөд амжилт гаргаад байгаа тул япончууд монголчуудад дургүй болсон гэх юм?

-Учиргүй дургүй нь ч юу юм бэ. Япончууд дэмждэг бөхөө дэмжээд л явдаг. Мэдээж дургүй хүн байдаг л байх.

-Дэвжээнд гарахынхаа өмнө өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ. Харумафүжи аварга гэхэд аавынхаа тангаргийн шүлгийг уншдаг юм билээ?

-Миний хувьд тайван байж, барилдаандаа анхаарахыг бод­дог. Хамгийн гол нь өөртөө итгэл­тэй, хүссэн барилдаанаа гаргахыг хүсдэг. Тэгж давсан даваа бүр амттай байдаг. Миний хувьд дэв­жээнд гарахынхаа өмнө уншдаг тарни бий.

-Сумод ороод хамгийн анх яаж баярлаж байсан бол?

-Дохён дээр гарч давсан анхны даваанаас эхлээд сайхан дурсамж олон бий. Хамгийн их баярлаж бай­сан нь жүрёо зиндаанд гарч ирчи­хээд нэг их баярлаж байсан юм даг. Жүрёод гарч ирнэ гэдэг нь зорил­гын минь бас л нэг том алхам байсан.

-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?

-Бусдын дээр гарч онгироогүй ч, бусдын доор оролгүй явдаг байлаа. Би Улаанбаатарт төрсөн болохоор хотын хүүхэд ямар бай­даг тэр л замаар явсан. Өнөөгийнх шиг олон янзын тоглоом байгаагүй тул сагс их тоглодог байсан юм.

Таныг чөлөөт бөхөөр хичээл­лэж байсан гэх юм билээ?

-Тэр яахав ээ. Чөлөөт бөхөөр хичээллэж сүйд болоогүй юм. Чөлөөт бөхийн спортыг сонирхож хоёр удаа бэлтгэлд нь очиж байс­наас хэтрээгүй.

-Японд анх очиход тань ямар хүмүүс дэм болж байсан бэ?

-Монгол бөхчүүд бие биедээ амь шүү дээ. Д.Батбаяр, Н.Цэвэг­ням, Энхбат ах нар надад их тусалдаг байсан. Ошима дэвжээ манай дэвжээтэй ойрхон байв. Анх хэл ус ч үгүй нөхөрт хэл заахаас эхлээд гадуур, дотуур авч гарна. Одоо ч гэсэн манай бөхчүүд доо­роос гарч ирж буй залуустайгаа ойр байдаг. Барилдааных нь тухай ярилцаж, хэрхэн барилдахыг зөвлөдөг.

-Японы сумочид манайхныг давахаа болиод ирэхээрээ гадуурхах хандлага гаргаад байна уу?

-Монголоос гурван сайхан ёкозуна цолтон төрчихлөө. Япон бөхчүүд унаад байна гээд биднийг гадуурхаад байх зүйл байдаггүй байх аа. Тэд дотроо ямар бодол тээж явдгийг сайн мэдэхгүй байна.

-Таны өндөр, жин хэд байна вэ?

-Миний өндөр 186 см, жин 150 кг байна. Ойрын хэдэн жилдээ жин нэмэх бодол алга. Хэт тарган, хэт өндөр чинь бас хэцүү шүү дээ.

-Нас хэд хүрч байна вэ. Сумод бөхөд амжилт гаргах нас хэдээс хэдэн насны хооронд байдаг бол?

-Би энэ жил 29 хүрнэ. 29 нас гэдэг сумод залуу ч биш. Ахмад ч биш дундаж нас байгаа юм. Сумочид 34-35 нас хүрэхээрээ зодог тайлдаг.

-Цол дагаж бяр нэмэгддэг гэдэг хэр үнэний ортой вэ?

-Үнэн юм шиг байгаа юм. Ма­най монголчууд аливаа зүйлийн голыг нь олоод хэлчихсэн санагддаг.

-Таны дархан мэх юу вэ?

-Тэгж сүрхий дархан гэж нэрлээд байх мэх алга. Дэвжээн дээр гараад барилдаж байхад дархан мэхээ хийх үү, өөр мэх хийх үү гэдгийг бодох ч зав гардаггүй.

-Сумод анх орж байхдаа хэн шиг бөх болохыг мөрөөддөг байв?

-Сумод хөл тавьчихаад Аса­шёорюү Д.Дагвадорж, Таканохана, Чиёнофүжи аварга шиг бөх бо­лохсон гэж боддог байлаа. Эдгээр аваргуудын бие хаа минийхтэй төстэй байсан болохоор энэ авар­гууд шиг ёкозуна болох боломж бий гэж боддог байсан юм. Тийм ч болохоор барилдаануудыг нь их үздэг байлаа шүү дээ.

-Анх жин багатай сумод очиж байсан байлгүй. Жингээ нэмэ­хийн тулд түүхий загас идэхээс эхлээд бараг л шийтгэл шахуу зүйлс хэр тохиолддог байв?

-Хамгийн хүндрэлтэй асуудал хэлний бэрхшээл байсан. Мон­голоос Японд очихдоо түүхий загас идэж үзээгүй байсан тул хэцүү байлаа. 100 кг хүртлээ жин дорх­ноо нэмэгдчихдэг юм билээ. Тар­галахын тулд загас идэх хэрэгтэй гэж багш маань хэлж байсан тул идэхээс аргагүй байдалд хүрсэн. Загас идсэнээс хойш жин үнэхээр нэмэгдсэн.

-Сүүлийн жилүүдэд япон бөх­чүүдээс ёкозуна цолтон төрсөн­гүй. Үүний нэг шалтгаан нь мон­гол бөхчүүдийн ноёрхлоос болж байна гэж боддог…

-Үнэхээр ч монгол бөхчүүдийн амжилт гаргаж байгаа нь япон бөхчүүдэд амжилт гаргах орон зайг багасгаж байгаа гэж боддог. Япончууд ч гэсэн өөрсдийн бөхчүү­дээ “Манай бөхчүүд муу байна. Том амжилт гаргахгүй байна” гэдгийг хэлж байсан. Гэхдээ манайхны амжилт гаргаж байгаа нь нэгэн цаг үеийн асуудал юм. Түүнээс биш мөнхөд ийм байна гэдгийг хэн ч таашгүй. Өнөөдөр манай бөхчүүд урамтай сайхан барилдаж байгааг харахад надад ч гэсэн сайхан л санагддаг юм.

-Өнгөрөгч нэгдүгээр сарын башёгийн тухай ярихгүй юу. Сүүлийн өдрийн барилдаанд та Хакухог давснаар нэмэлт барил­даан гарсан ч харамсалтай нь ялагдсан. Энэ башёгийн талаар ямар бодолтой байна вэ?

-Барилдаанууд ерөнхийдөө сайхан болсон. Сүүлчийн өдөр Хакухо аваргатай барилдахад бэргэх зүйл байгаагүй тул үнэн хүчийг үзэж барилдъя гэж бодсон. Сумо бөхөд үндэсний бөх шиг тайван барилдаан байдаггүй тул барилдааны тухай бодохоос өмнө бие маань хөдөлчихсөн байдаг.

-Башёгийн дараа Хакухо аваргатай уулзав уу. Уулзсан бол юуны тухай ярилцсан бэ?

-Аваргатай тухтай уулзаж чадаагүй. Цагаан сарын шинийн хоёрны өдөр монгол бөхчүүд Хакухо аваргатай очиж золгосон. Золголтын үеэр барилдаан ярих цаг зав гараагүй.

-Эх орондоо цагаан сарыг тэмдэглэхийг хүсдэг байх. Хамгийн сүүлд хэзээ Монголдоо шинэлсэн бэ?

-Мэдээж эх орондоо сар шинээ тэмдэглэхийг хүсдэг. Харамсалтай нь цаг хугацааны хувьд таарч өгөхгүй юм. Энэ жил сар шинийг Монголд угтах боломжтой байсан ч маргааш нь барилдаантай байсан тул ирж чадсангүй.

-Таны төрсөн нутаг аль аймаг бол. Уул ус, төрсөн нутаг хүүгээ дагаж явдаг гэлцдэг шүү дээ?

-Би Улаанбаатарт төрсөн. Аав маань Сүхбаатар аймгийн харьяат. Тиймээс би аавынхаа нутгаар овоглодог. Аав “Миний хүүг хаана ч явсан уул ус нь түшиж явдаг юм” хэмээн хэлж байсан. Тиймээс нутгийнхаа уул усыг гэрийнхээ хойморт залсан байгаа. Алтан овоо, Шилийн Богддоо хамгийн сүүлд гурван жилийн өмнө очсон. Дахин нэг очиж хийморь лундаагаа сэргээх хүсэл байлгүй яахав. Озэки буюу арслан цол авахынхаа өмнө нутаг усандаа очиж байсан минь ивээлээ өгсөн гэж боддог. Тэмцээн дуусаад долоо заримдаа бүр тавхан хоног амардаг. Тиймээс Монголд ирэх боломж бага байдаг. Харин долдугаар сарын башёг дуусгаад Монголдоо ирэх боломж тохиодог. Жилдээ ганц удаа л Монголд очдог.

-Таныг гэр бүлтэй болж амжаагүй байгаа тул япон бүсгүйтэй суучих юм биш биз гэж чих тавих хү­мүүс байна. Хэзээ гэр бүлтэй болох вэ?

-Би монгол бүсгүйтэйгээ гэрлэнэ. Ямар ч байсан эхний ээлжинд амжилт гаргаж дээшээ явж барилдъя гэсэн бодолтой байгаа. Тэр үед сайхан мон­гол бүсгүйтэйгээ гэрлэнэ дээ. (инээв)

-Ганц бие хүн хувцас угаах хоол хийхээс эхлээд ар гэрийн ажил хийхэд амар­гүй байдаг уу?

-Туслахтай бо­ло­хоор энэ бүхэнд санаа зовоод байдаггүй. Ганц бие хүн чинь дэвжээнийхээ хоолыг л идчихдэг юм.

-Таныг солонгос кинонд дуртай. Солонгос кино үзэж тайвширдаг гэх юм?

-Гурван жилийн өмнө нэг солонгос кино үзэж байсан юм. Тэр үед надаас юу хийж амарч байна гэхээр нь “Гэртээ солонгос кино үзэж байна” гээд хэлчихсэн. Тэгсэн чинь л намайг солонгос кинонд дуртай гэчихсэн байна лээ. Ер нь бол кино үзэх дуртай. Шинэ гарсан монгол кинонуудыг интернэтээр үзчихнэ.

-Таны хувьд зодог тайлаад юу хийх вэ?

-Зодог тайлаад ингэнэ дараа­гийн амьдралаа тэгж эхлүүлнэ гээд бодсон юм алга. Өнөөдөр би ба­рилдаж байгаа болохоор өнөө­дөртөө л санаа зовох хэрэгтэй юм болов уу.

-Манай сумочид сан байгуу­лаад эх орондоо хэрэгтэй зүйлс хийж байна. Таны хувьд өөрийн нэрэмжит сантай юу?

-Нэрэмжит сан байгуулах та­лаар ах, эгч нартайгаа ярилцаж, судалж байна. Мэдээж Монгол Улсдаа хэрэгтэй зүйлийг бий бол­гохын тулд өөрийн чадах зүйлсээ хийнэ.

-Аав, ээжээс хэдүүлээ вэ. Танай удамд барилддаг хүмүүс байв уу?

-Би дээрээ нэг эгчтэй. Аав маань залуудаа боксоор хичээллэдэг байсан юм билээ. Манай ойрын талд бөх хүн байхгүй. Өвөг эцгийн үед л байсан. Энэ тухай би сайн мэддэггүй юм аа. Аавын талд арслан цолтой бөх байсан гэсэн. Ээжийн талаас анх удаа чөлөөт бөхөөр Азийн аваргаас алтан медаль авч байсан хүн байсан гэж дуулсан.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн автобусууд явж эхэллээ

Урин дулааны улирал болж нийслэлийн иргэд зусландаа гарч байгаатай холбогдуулан зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн ажлын өдрүүдийн оройн цаг, амралтын өдрүүдэд ачаалал ихтэй болдог. Тиймээс Нийслэлийн Тээврийн газраас өнөөдрөөс  зуслангийн долоон чиглэлд их багтаамжийн болон микро автобусуудыг явуулж эхэллээ.

Автобусууд Гүнт-Жигжид- Тэнгис кино театр, Гоодой- Тэнгис кино театр, Баянбулаг- Тэнгис кино театр чиглэлүүдэд Долоон буудлаас  Майхантолгой, Яргайтын богино, Яргайт, Хуурай мухарын чиглэлд бага багтаамжийн автобус үйлчилнэ. Зуслангийн автобусаар том хүн 600 төгрөгөөр, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгост байгаа иргэдийн нийгмийн даатгалын журмыг шинэчиллээ

Валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын БНСУ дахь нийгмийн даатгал төлөгчдөд зориулсан шинэчилсэн тушаал гарчээ. 

БНСУ-д сар бүр 40.000 воны тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдэд 2014 оны зургаадугаар сарын нэгнээс эхлэн сар бүрийн эхний даваа гарагийн өдрийн Монголбанкны ханшаар тооцон даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж баталгаажуулахаар болсон байна.  

Энэ сарын хувьд Монголбанкны 2014.06.02-ны өдрийн БНСУ-ын вонын ханш 1.78-тай байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл 71.200 төгрөг, цалин 1.017.143 төгрөгөөр бичигдэхээр болж байгаа аж.

Дашрамд дурдахад, БНСУ дахь Нийгмийн даатгалын алба 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2013 оны нэгдүгээр сараас БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болон өргөжин тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн тэтгэврийн даатгал, гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудалд анхаарал тавин ажиллаж байна. Тус төв Сөүл хотын Жүнггү дүүрэгт байрладаг ба метроны Тундэмүн ёгса Мүнхва буудал буюу Dongdaemun History and Culture Station-ны дөрөвдүгээр гарц, замын эсрэг талд White Horse байрны есөн давхарт байрлаж байгаа ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Утгын чимэг” бүтээлээ авч эхэллээ

МЗЭ-ээс “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг жил бүр зохион явуулдаг.

1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохиогдож байсан эл наадам маань 1993 онд “Утгын чимэг” болж өнөөг хүртэл 18 удаа амжилттай зохиогдсоор ирсэн.

Энэ жилийн наадмын бүтээлийг 6 сарын 20-ны өдөр хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авна.

Наадамд оролцогч та бүхэн өөрсдийн бүтээлээ явуулахдаа А4 форматаар, Arial шрифтээр, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-аар, 3 нүүрээс хэтрэхгүй байхаар явуулах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд 50 тэрбумыг юунд зарцуулснаа тайлагнав

-Түүнээс сөрөг хүчин 18 тэрбум төгрөг нэхлээ-

Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилсан 50 тэрбум төгрөгийг юунд хэрхэн зарцуулсныг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн  Н.Ал­танхуяг тайлагнав. УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаан  түү­ний мэдээллийн цагаар үргэлжилсэн юм. Тэрбээр эхэнд нь 47.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар долоон төрлийн ажил гүйцэтгэсэн гэлээ.

Замын цагдаагийн торгуу­лийг бэлнээр төлдөггүй, та­сал­барын систем нэвтрүүлэхэд 1.7 тэрбум төгрөгийг нь зар­цуулсан байна. Энэ мөнгөөр 350 ширхэг гар компьютер, хэвлэгч машин худалдан авч, программ хангамж сүлжээг бий болгожээ. Мөн шуудангийн үйлчилгээг иргэ­дэд хүртээмжтэй, шуурхай болгох ажилд 1.9 тэрбумыг зарцуулсан байна. Тэгвэл 9.7 тэрбум төгрөгөөр Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад худалдаа үйлчилгээний би­түү зах барьжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэхэд 5.3 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэсэн гэнэ. Энэ мөнгөөр спорт цогцолбор, дугуйн зам, хөлбөмбөгийн, талбайн теннисний болон сагсан бөмбөгийн талбай, 2.6 км урт дугуй, цана, гүйлтийн хосолсон зам барьжээ. Мөн тэнд дугуйн зогсоол байгуулсан байна. 

Хүүхэд, залуучуудын төвийг иргэд чөлөөт цагаа гэр бүлийн хамт өнгөрөөх үйлчилгээний төв болгох зорилгоор зайлшгүй тоног төхөөрөмж худалдан авахад зориулан 3.1 тэрбумыг, Улаан­баатар хотын Эх нярайн тусламж үйлчилгээний төвд тоног төхөөрөмж, антиграфийн аппа­рат худалдан авахад 2.2 тэрбумыг зарцуулжээ. 

Дээрхээс гадна 11 аймагт оношилгооны төв байгуулахад 23.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин иргэдэд шаардлагатай лавлагаа, мэдээлэл өгөх 120 автомат машиныг Улаанбаатар хот болон 21 аймагт байрлуулах ажил бүрэн хэрэгжээгүй болохыг Ерөнхий сайд тодотгов. Учир нь тендерийг хоёр дахь удаагаа зарлаж “IT Zone” Ххк-д гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн ч гомдол гарч Сангийн яам хянан шалгаж байх явцад тендерийн хүчинтэй хугацаа дууссан хэмээн тэрбээр тайлбарлалаа. Энэ мэтчилэн 32 төсөл арга хэмжээнд Ерөнхий сайдын багц дахь 50 тэрбумын 47.9 тэрбум төгрөг нь дуусчээ. 

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж сөрөг хүчний зүгээс дүгнэлт хийж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Тэрээр “Ерөнхий  сайдын мэдээллээс дүгнэхэд 50 тэрбум төгрөгийг нийт долоон багц арга хэмжээнд зарцуулжээ. Гэхдээ 50 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 34 төсөл, арга хэмжээнээс 32 төсөл, арга хэмжээ буюу нийт 44.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, ажлыг хүлээлгэн өгсөн гэжээ. Үүнээс 2013 оны төсвийн жилд Сангийн яамнаас ирүүлсэн мэдээллээр 26.342.659.844 төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжүүлсэн байх бөгөөд үлдсэн зөрүү болох 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2014 оны төсвийн жилд хэрхэн санхүүжүүлсэн нь тайлбар шаардаж байна. Өөрөөр хэлбэл, үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг вексел буюу нэг төрлийн өр болгосон байх бөгөөд энэ нь анхнаасаа 50 тэрбумын хөрөнгө оруулалтыг 2013 оны эхний улиралд багтаан байнгын хороогоор батлуулах үүргээ Засгийн газар биелүүлээгүй зөрчсөн. Ерөнхий сайд буюу уг төслийн төсвийн ерөнхийлөн захирагч Н.Алтанхуяг “хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах” үүргээ хангалтгүй биелүүлсний үр дүн гэж үзэхэд хүргэж байна” гэлээ.

Улмаар 2014 оны төсөвт тусгагдаагүй үлдэгдэл 18 тэр­бумын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар Үндэсний аудитын байгууллагаар тусгайлан дүгнэлт гаргуулна гэж тэрбээр мэдэгдлээ. Тендерийн хууль тогтоомж зөрчсөн байх үндэслэлтэй асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай албан тушаалтанд хариуцлага ногдуулахыг УИХ дахь МАН-ын бүлэг шаардав.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Долоон буудалын Должин эмээгийнд хамтдаа очиж амьдралтай нь танилцах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа.

Энэ тухай С.Бямбацогт гишүүн “Ерөнхий сайд та цөөнхийн бүлгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлэхээр “Та нар бүх юмыг харлуулж байна” гэж хардаад байна. Уг нь бид Засгийн газар алдаагаа засаасай, өмнөхөөсөө илүү эрчтэй ажиллаасай, ард олноо илүү ажилтай, орлоготой болгож, Монгол Улсыг хөгжүүлээсэй гэж бодож шаардлага тавьдаг, зөвийг нь дэмждэг, бурууг нь шүүмжилж ирсэн. Тэгэх ч ёстой болов уу. Гэтэл та “Амьдрал сайхан байгаа” гэж ярьсаар байтал ард иргэдийн маань амьдрал хүндэрлээ. Гэдэс нь өлсч, мөр нь нүцгэрлээ. Хамтдаа Долоон буудалын Должин эмээгийнд очъё. Тэндээс амьдрал болж байна уу гэдгийг харъя. Тэвчээр барагдаж байна, өчигдөр би танд энэ тухай хэлсэн.  Ер нь тэгээд бид супер Ерөнхий сайдыг томилсон юм байна, сайд нар ажил хийж чаддаггүй учраас Ерөнхий сайд өмнөөс нь ажлыг нь хийдэг юм байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын өмнөөс, Ц.Оюунгэрэл сайдын өмнөөс олон ажил хийжээ. Цаашдаа бид сайд нарын багцад хөрөнгө оруулалт тавьж батлахаа больё. Шууд Ерөнхий сайдын багцад бүх хөрөнгө оруулалтыг тавьчихъя, маш гоё ажил хийсэн байна. 1.3 их наядын ажлыг Ерөнхий сайд ганцаараа хийг.

Уг нь бол 50 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг “Ланд-200 авах мөнгөөр 469 машин авчихсан байна шүү” гэдгийг л анхааруулж хэлсэн. Тендэрийн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг Авлигатай тэмцэх газар гаргаад Засгийн газарт хүргүүлсэн. Холбогдох албан тушаалтнууддаа хариуцлага тооц гэхэд  та өнөөдөр “Бид хууль зөрчөөгүй” гээд сууж байна. Буруу шүү дээ. Зорилго нь аргаа зөвтгөхгүй” гэв. 

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагийн дарга нарт хандаж “Та нар хийсэн ажлаа олон нийтэд сайхан тайлбарлаарай. 50 тэрбум төгрөгөөс хэдэн тэрбум төгрөг цохьсон хүмүүс шиг харагдаад байна. Авсан төхөөрөмж юмнуудаа хэдэн төгрөгөөр авсныгаа тоо ширхэгтэй нь нэгбүрчлэн мэдээлээрэй. Үр ашгаа өгсөн олон ажил бий, иргэд ч баяртай байгаа” гэв. Үүгээр УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаан өндөрлөсөн юм. 

М.МӨНХ