Categories
мэдээ улс-төр

“Шударга ёс” эвслийн бүлэг маргааш хуралдана

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг уламжлалтай ч “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаагүй байна. Тус бүлгийн хуралдаан яагаад хуралдахгүй байгаа талаар тодруулахад “Намын арга хэмжээтэй учраас бүлэг хуралдахгүй” гэж эх сурвалж мэдээллээ.

“Шударга ёс” эвслийн бүлгийн хурал маргааш болох бөгөөд энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэх юм байна.

Categories
гадаад мэдээ

Украйны ерөнхийлөгч тангараг өргөлөө

Украйны ерөнхийлөгчөөр сонгогдсон Порошенко  энэ сарын 7-ны өдөр нийслэл Киевт тангараг өргөн ажилдаа орлоо. Тангараг өргөх ёслол Украйны Парламентийн байранд болж, ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байсан Украйны Парламентийн дарга Турчинов ёслолыг удирдлаа. Ёслолоор ерөнхийлөгчийн үнэмлэх болон ерөнхийлөгчийн бэлэг тэмдэг болох очирт таяг, тамга, медаль зэргийг гардуулан өгчээ. Украйны Ерөнхийлөгчийн сонгууль орон нутгийн цагаар тавдугаар сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилсэн юм. Сонгуульд 21 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд улсын хэмжээнд нийт 33 мянга 600 гаруй санал авах цэг ажиллажээ.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандана

УИХ дахь бие даагчдын зөвлөл энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа нэгтгэж, мэдээлэл хийлээ.

Бие даагч гишүүд Ашигт малтмалын тухай болон Газрын тосны тухай хуулийн төсөл түүнчлэн Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогод байр сууриа нэгтгэжээ.

Тухайлбал, Ашигт малталын тухай хуулийн хөрөнгө оруулалтын гэрээнд орон нутаг дахь иргэдийн оролцоо, баялгийг үнэлэх зэрэг асуудлуудыг тусгасан байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн төслийн ажлын хэсэгт Стратегийн орд газрыг байхгүй болгох талаар яригдаж байгаа талаар хэллээ. Манай улсын хөрөнгө оруулалтаар хайгуулыг нь хийгээд орд газрыг нь тогтоосон бол манай талын эзэмших хувь 50-иас доошгүй байх ёстой. Гэтэл ингэж стратегийн орд газруудыг хувьд шилжүүлбэл тэрхүү хувь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас дамжаад цаашлаад гадаадын аль нэг улсын өмч болох магадлалтай гэж үзэж буй ажээ. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын Монголын талын эзэмших хувийг гадаадын аль нэг улс эзэмшинэ гэсэн үг аж.

Үүнээс гадна бие даагч гишүүд боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг хүүхэд бүрийн авьяасыг нээхэд чиглэсэн байх ёстой бөгөөд гадаадын аль нэг улсын боловсролын бодлогыг хуулах бус харин уламжлалт тогтолцоог шинэчлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа ажээ.

Харин Газрын тухай хуулийг газрыг эргэлтэд оруулъя гэдэг нэрийдлээр УИХ-д оруулж ирэн хэлэлцүүлэх гэж байгаа нь ард иргэдийг луйвардах гэж байгаа хэрэг гэж УИХ-ын бие даагч гишүүн С.Ганбаатар онцлоод уг хуулийн төслөө эргүүлэн татахыг хүсч буйгаа хэлсэн. Тэрээр мөн баяр наадам дөхөөд хүмүүсийн анхаарал суларсан ийм үед эрх баригч нөлөө бүхий зарим гишүүд өөрсдөдөө ашигтай Газрын тухай хууль зэрэг хуулиудыг батлуулахаар улайрч байна гэдгийг хэлсэн юм.

Бие даагч гишүүдийн зүгээс хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын даргад валютын ханшийг тогтвортой барьж чадаагүй, эдийн засгийн байдалд нөлөө үзүүлж чадаагүй зэрэг шалтгааны улмаас Монголбанкны Ерөнхийлөгчийн огцруулах санал тавьсан. Гэвч УИХ-ын дарга энэ талаар тодорхой хариулт өгөхгүй байсан юм. Харин өнөө өглөө УИХ-ын дарга З.Энхболд С.Ганбаатар гишүүнд УИХ-ын гишүүн УИХ-аас томилогддог байгууллагуудын ажилтны талаар байр сууриа илэрхийлэх эрхтэй боловч, Монголбанкны Ерөнхийлөгчийг халах, солих тухайд эрх байхгүй гэсэн тайлбарыг хүргүүлсэн байна. Энэ талаар С.Ганбаатар гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандана гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн чулууг хил давуулдаг бүлэглэл бий болжээ

Сүүлийн жилүүдэд байгалийн төрцөөрөө чулууг их хэмжээгээр хил давуулах явдал газар авч байгааг албаныхан онцоллоо. Улаанбаатар, Дархан-Уул зэрэг төв суурин газруудад байгалийн чулууг түүдэг, наймаалцдаг, хууль бусаар хил давуулдаг бүлэглэл бий болсон тухай ч мэдээллээ.  Анар, хаш зэрэг чулууг хагас үнэт чулуунд тооцдог бөгөөд эдгээрийн ханш урд хөршийн зах зээлд өсч байгаа аж. Тухайлбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 13-нд солир чулууг урд хөрш рүү хууль бусаар хил давуулах гэж байгаад баригджээ. Энэ нь БНСУ-д нэг сая ам.долларт хүрдэг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний сургагч багшийн сургалт эхэллээ

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Спорт бүхний төлөө” Олон улсын холбоо /TAFISA/, Монголын Үндэсний Олимпийн хороо, ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төв хамтран Олон Улсын Олимпийн хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу нийтийн биеийн тамирын арга зүйчдийн сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Үндэсний сургагч багш бэлтгэх, нийтийн биеийн тамирын арга зүйчдийн сургалт зургадугаар сарын 09-13-ны өдрүүдэд МҮОХ-ны Хурлын танхимд болох юм. Сургалтад аймаг, дүүрэг, харьяа байгууллага, спортын хороод, их, дээд сургуулиас сонгогдсон 30 арга зүйчийг хамруулж, “Үндэсний сургагч багш” сертификатыг гардуулах ажээ.

Сургалтанд TAFISA олон улсын байгууллагаас ХБНГУ-ын иргэн, доктор, Профессор Капустин Петер Константин /KapustinPeterKonstantin/, Австрали улсын иргэн Диксон Бэлинда Жэин /Dixon Belinda Jane/ нар оролцох бөгөөд ССАЖЯ-ны харьяа СБТ-ийн Биеийн тамир, спортын албаны дарга Ж.Тунгалаг, МҮОХ-ны мэргэжилтэн П.Тунгалаг нар сургалтыг удирдан зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил 32 га талбайд өвлийн хүлэмж барина

Хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэглээг бүрэн хангахаар Засгийн газраас өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжихээр болсон. Энэ чиглэлийн төсөл “Эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоног” ажлын хүрээнд импортыг дэмжих төслүүдэд багтсан бөгөөд улсын хэмжээнд энэ жил 32 га талбайд өвлийн хүлэмж байгуулахаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Үүнээс 20 га –г нийслэлд, үлдсэнийг орон нутагт барих бол одоогийн байдлаар найман га талбайд хүлэмж байгуулах ажил эхэлсэн байна. Өвлийн хүлэмж байгуулах төсөлд “Чингис” бондоос нийт 17.4 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ. Хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, чинжүү, гүзээлзгэнэ, саладны байцаа зэрэг ногоо нарийн ногоо тарих бөгөөд ингэснээр импортын 20 хувийг орлох боломж бүрдэхээс гадна хүнсний нарийн ногооны үнэ буурах, ажлын байр нэмэгдэхийг албаныхан онцлов.

Categories
мэдээ нийгэм

“Охиныхоо инээхийг, хүүгийнхээ дуулахыг, ханийнхаа аргадаж зэмлэхийг ганц удаа ч гэсэн сонсох юмсан”

Монгол Улсын иргэн Намсрайн Буянжаргал элэг нэгт ахан дүүсээсээ тусламж хүсч байна. Тэрбээр өдгөө 34 настай бөгөөд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг юм аж. 2013 оны долдугаар сард Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт тархи мэдрэлийн тасагт хагалгаанд орсон гэнэ. Учир нь мэдрэлийн судсанд наалдсан хавдар гэсэн оноштойгоор хагалгаанд орсон ч мэс заслын явцад хавдарыг судаснаас салгаж авах боломжгүй наалдсан байсан тул судастай нь хамт  хавдрыг  давхар авчээ. Түүнээс хойш бүрэн сонсголгүй болсон аж. Түүний сонсголыг сэргээх боломж бий бөгөөд Австралийн “Cochlear Implant фирм”-ийн “Таг дүлий хүнд сонсгол оруулах дунгийн суулгац”-ыг авч яаралтай суулгах шаардлагатай болоод байна. Уг суулгацыг  баруун чихэндээ нэн яаралтай суулгахгүй бол цаашид хэл ярианы чадвараа бүрэн алдана гэж эмч нар хэлжээ. Хагалгаа,  эмчилгээний төлбөр 50 орчим сая төгрөг болох юм байна. Тэрбээр одоогоор эхнэрийнхээ цалингаар амьдарч байгаа бөгөөд группынхээ мөнгөөр эм тариагаа аваад дуусдаг тухай хэлсэн юм. “Эрүүл байхад дуу чимээ гэдэг төвөгтэй санагддаг байсан.  Хүүхэд шуугиах, машин дуут дохиогоо хангинуулах, хүмүүс чанга ярихад хүртэл төвөгтэй мэт бодогддог байлаа. Харин одоо тэр бүхнийг ганцхан удаа ч гэсэн сонсохыг хүсэж байна. Охиныхоо инээхийг, хүүгийнхээ дуулахыг, ханийнхаа аргадаж зэмлэхийг ганц удаа ч гэсэн сонсох юмсан” гэлээ. Хандив өргөх мессежний тусгай дугаар: 150850

Хандивын данс: Хаан банк – 5071108290, Голомт банк – 1109219104

Харилцах утас 96665883, 99616467

Categories
мэдээ нийгэм

Амрагч хүлээж авах эрх өгөх шалгалт маргааш эхэлнэ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангууд ажиллаж эхэлдэг. Өнөөдрийн байдлаар Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт энэ жил хүүхдийн 22 зуслан үйл ажиллагаа явуулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Хүсэлтийн дагуу холбогдох албаныхан хүүхэд хүлээн авах орчин нөхцөл бүрдсэн эсэхэд шалгалт хийж, тэнцсэн тохиолдолд амрагч хүлээж авах эрх үүсэх юм. Шалгалтыг  06 дугаар 10-12-ны өдрүүдэд хийх бөгөөд Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллана. Эдгээр зуслангаас Улаанбаатар хотоос хамгийн хол зайд 110 километрт буюу Төв аймагт байрлаж байгаа. Одоогоор Янзага, Нарлаг, Нарс, Ундраа, Мөрөөдөл гэх зуслангууд үйл ажиллагаагаа явуулахад бэлэн гэсэн мэдэгдэл ирүүлсэн байна. Харин үнийн хувьд  үйлчилгээ, насны ангиллаас хамаарч янз бүр байгаа ч  дунджаар долоо хоног амрахад 140-160 мянган төгрөгийн ханштай байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зуслангуудыг хуулийн дагуу ажиллах, холбогдох албаынхан хяналт, шалгалтаа сайжруулах нэгдсэн үүрэг, даалгаврыг нийслэлийн Засаг дарга “Хүүхдийн зуслан ажиллуулах тухай” А/461 дугаар захирамжаар өгсөн юм гэж Нйислэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны өргөн чөлөөнд такси зогсоолыг нэмэгдүүллээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний 4 буудлыг шилжүүлсэн. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлд Улаанбаатар их дэлгүүрийн  болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийн  баруун урд талд, “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучнаар ХААЯ-ны урд шинэ зогсоол гаргасан юм. Мөн баруун дөрвөн замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун тууш үйлчилдэг чиглэлүүдийг шинэчлэн Баруун дөрвөн замаар ИЙ, ИВ хороолол руу Амарсанаагийн гудамжаар эргэдэг  “Армада” зочид буудлын баруун талд шинээр автобусны зогсоол хийж ашиглалтад оруулаад байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар Их дэлгүүр, Хүнсний 20, Хүч бөөний төв зэрэг автобусны хуучин зогсоолыг такси зогсоол хэлбэрээр ашиглахаар Нийслэлийн тээврийн газраас шийдвэрлэсэн байна. Дээрх зогсоолуудад энэ сараас  эхлэн  такси зогсон иргэддээ үйлчилж эхэлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлийн хэрэг шүүхэд шилжжээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” гэж цоллуулаад буй Г.Сарангэрэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид  өнгөрсөн гуравдугаар сараас хойш саатуулагдаж байна. Г.Сарангэрэл охины хүсэлт гаргасаны дагуу өмгөөлөгч Г.Батбаяр түүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Г.Батбаяр нь “Хэрвээ Сарангэрэлийн өмгөөлөгчөөр ажиллавал О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжилнэ” хэмээн ярьж байсан билээ. Түүнээс гадна нэг өмгөөлөгч байгаа аж.

Өмгөөлөгч Г.Батбаяр одоо хэргийн материалтай танилцаж байгаа бөгөөд Г.Сарангэрэлийн хэрэг өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 192.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ зүйл ангид “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн заасан байдаг аж. Энэ зүйл анги Эрүүгийн хуулийн 17.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд ордог юм байна.

Г.Сарангэрэл хоригдоод гурван сар болчихсон бөгөөд хорих хугацааг нь ирэх сарын 2-ныг хүртэл сунгасан байна. Тиймээс ямар учраас үргэлжүүлэн хорьж байгаатай танилцаж, гомдол гаргаж батлан даалтад гаргахаар хөөцөлдөнө гэдгээ өмгөөлөгч нь хэлсэн юм.