Categories
мэдээ эдийн-засаг

Дадлага хийх оюутнуудын 70 мянгыг гурван сараар олголоо

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн оюутны тэтгэлэг 70200 төгрөг 4-р сараас хойших 5,6 сарын мөнгө  олгож байгаа юм. Зуны сард дадлага хийх оюутанууд нийт гурван сарын тэтгэмжээ авч, харин дадлага хийлгүй амарч байгаа оюутанууд хоёр сарын тэтгэмж авч байгаа юм. Энэ удаад 98 их, дээд сургуулийн 145 мянган оюутанд энэхүү тэтгэлэгийг олгож байгаа аж. Ирэх шинэ хичээлийн жилээс онц, болон сайн сурсан оюутанууд тэтгэлгээ авах юм байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн өргөн барьсан хуулийг хэлэлцдэггүй

Долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар ард түмний эрх ашигт нийцсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн батлахын тулд УИХ дахь бусад нам эвслийн бүлгүүдтэй уулзаж тохиролцох ёстой гэсэн саналд байр сууриа нэгтгэжээ. Парламентийн цөөнх болсон МАН-ын бүлгийн зүгээс санаачлан өргөн барьсан олон хуулийн төслүүдийг УИХ-д хүлээж авдаггүй, хүлээж авсан ч хуулийн төслүүдийг хэлэлцэлгүй уддаг зэрэг олон шалтгааныг хэлж байлаа. Тухайлбал, 2011 онд өргөн барьсан Бүсийн нэмэгдлийн тухай хууль, мөн 2011 онд өргөн барьсан Хувь хүний орлогын албан татварын тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, түүнчлэн хамгийн сүүлд өргөн баригдсан Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж жил бүр нэмэгдүүлэх, Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зэрэг хуулийн төслүүд одоог хүртэл хэлэлцэхгүй хүлээгдэж байгаа нь олонхийн бүлгийн нөлөөлөл гэж үзэж байгаа ажээ.

Түүнчлэн МАН-ын бүлгээс Засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн төслүүд нь УИХ-ын босго давахааргүй дутуу боловсруулагдсан хуулиуд байдаг гэсэн юм. Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн төсөл, Газрын тухай хуулийн төсөл зэргийг нэрлэлээ. Гэсэн хэдий ч намын бүлгүүд харилцан ойлголцож чадвал Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг аль болох дэмжиж ажиллана гэдгээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, УИХ дахь нам, эвслийн бүлгүүд харилцан ойлголцож чадвал УИХ-ын үйл ажиллагаа цаашид хэвийн явах боломжтой гэлээ.

Харин Газрын тухай хуульд МАН-ын бүлгийн зүгээс бэлчээрийн газрын асуудлыг тухайлан хөндсөн бөгөөд бэлчээрийн газрыг хувьчлах боломжгүй гэдгийг хэлсэн юм. Тиймээс малчдын дунд ихээхэн гардаг бэлчээрийн маргааны асуудлыг зохицуулахын тулд Бэлчээрийн тухай бие даасан хууль гаргах хэрэгтэй гэдгийг Д.Оюунхорол гишүүн хэллээ.

МАН-ын бүлэг цаашид үргэлжлүүлэн хуралдаж дотоод асуудлаа хэлэлцэх ажээ.

Categories
мэдээ улс-төр

А.Гансүх сайд ажлаа тайлагнана

Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газраас “Бүтээн байгуулалтын цаг” мэдээллийг сэтгүүлчдэд өгдөг. Уламжлалт энэхүү мэдээллийн цаг өнөөдөр 15.00 цагт Төрийн ордны “А” танхимд зарлагдсан бөгөөд Зам тээврийн сайд А.Гансүх оролцохоор болжээ.

Засгийн газраас энэ жил зургаан аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбох ажлыг компаниудаар гүйцэтгүүлэхээ мэдэгдээд байгаа. Өнгөрсөн жил мөн зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөсөн ч хоёр аймгийн ажил удааширч энэ жил үргэлжлэхээр болсон юм. Тэгвэл дээрх ажлууд энэ жил ямар шатанд яваа, мөн төмөр зам барих ажил хэрхэн урагшилж байна вэ зэрэг цаг үеийн мэдээллийг авах боломжтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФИФА 2014: ДАШТ-ийг өнжих одод

2014 оны ДАШТ-ийг хөлбөмбөгийн ногоон талбайн чимэг болсон одод өнжихөөр болж байна. Эдгээр одод ДАШТ-ий эрхээ авч чадаагүйн улмаас, мөн гэмтэл бэртлийн улмаас өнжиж байгаа юм.  

Златан Ибрагимовыч


Шведийн шигшээ баг ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас хасагдсан. Ингэснээр Шведийн шигшээ болон Францын “Пари Сейн Жермен” багийн ахлагч Златан Ибрагимовыч ДАШТ-ийг үзэгчийг суудлаас үзэх болсон. 2014 оны ДАШТ Ибрагийн уран гоё техник, гоёмсог чамин гоолоор дутах болно. Златан Ибрагимовычийн хувьд 2014 оны ДАШТ шигшээ багаа ахлан оролцох сүүлийн жил нь байсан юм.

Радамель Фалкао


Колумбийн шигшээ багийн од Радамель Фалкао гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. 2014 оны Францын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний үеэр дөрөвдүгээр лигийн “Шассле” багийн хамгаалагч Сонер Эртек Фалкаог гэмтээсэн билээ. Өдгөө Сонер Эртекийг занаж, амийг нь хорооно гэсэн сүрдүүлэг 7000 даваад байгаа гэнэ. Сонер Эртек ч цагдаагийн тусгай хамгаалалтад амьдарч байна.

Кака


Бразилийн дасгалжуулагч Луйс Филипе Сколари 2007 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Какаг шигшээ багтаа дуудсангүй. 2002 оны ДАШТ-ээс хойш Бразилийн төвийн хагас хамгаалалтын цөмийг бүрдүүлж байсан Какагийн оронд залуу тоглогчдыг дасгалжуулагчи нь илүүд үзсэн юм.

Самир Насри


Францын дасгалжуулагч Дидие Дешам шигшээ багтаа Самир Насрийг дуудаагүй нь ДАШТ-ий өмнөх хамгийн том дуулиан байлаа. Самир Насри энэ жил тун гайхамшигтай сайн тоглож “Манчестер Сити” багийнхаа хамт Английн “Премьер лиг”-т түрүүлсэн юм. Жигүүр, төвийн хагас хамгаалалтын довтолгоог удирдан тоглодог Самир Насрийн үзүүштэй тоглолт 2014 оны ДАШТ-д үгүйлэгдэх нь гарцаагүй.

Марко Ройс


Германы шигшээ багийн залуу хагас хамгаалагч Марко Ройс шагайндаа бэртэл авсны улмаас ДАШТ-ийг өнжих нь тодорхой боллоо. Марко Ройс ДАШТ-ий өмнө Арментай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр шагайгаа бэртээсэн юм. 2014 оны ДАШТ-д түрүүлэх магадлалтай багуудын тоонд Герман зүй ёсоор багтана.  Ройсын оронд Германы шигшээн дасгалжуулагч Иохим Лёв Италийн “Сампдори” багт хүчин зүтгэдэг Шкодран Мустафи дуудсан байна.

Франк Рибери


2013 оны Европийн шилдэг хөлбөмбөгч, Францын шигшээн түлхүүр тоглогч Франк Рибери нурууны гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжих нь тодорхой боллоо. 2006 оны ДАШТ-ий үеэр хэний ч танихгүй, сорвитой залуу Франк Рибери авьяас чадвараа дэлхий нийтэд харуулсан. 2006 оноос хойш Францын шигшээн гол тоглогч байсан Рибери ийнхүү гэмтлийн улмаас тун харамсалтайгаар ДАШТ-ийг өнжих нь. Түүний орон зайг нөхөн тоглох Самир Насри шигшээдээ дуудагдаагүй учир Франц хагас хамгаалалтдаа тун асуудалтай ДАШТ-д оролцох төлөвтэй.  

Роман Широков


ОХУ-ын шигшээн ахлагч Роман Широков гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. 2012 оны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээр шигшээ багийнхаа гол тоглогч гэдгээ баталсан Широков өнгөрсөн дөрөвдүгээр сард өвдөгтөө бэртэл авсан. Түүнээс хойш удаа дараа хагалгаанд орсон ч ДАШТ-ийг нь өнжих нь тодорхой боллоо. Широковыг ОХУ-ын шигшээн дасгалжуулагч итали мэргэжилтэн Фабио Капелло ДАШТ-ий мэдүүлгээс хасчээ. Широковын оронд дасгалжуулагч Капелло “Рубин Казан” багийн хагас хамгаалагч Павель Могилевецийг дууджээ.

Рикардо Монтоливо


Италийн шигшээн хагас хамгаалагч Рикардо Монтоливо гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. Рикардо Монтоливо ДАШТ-ий өмнө Ирландтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр бэртэж, яаралтай хагалгаанд орсон. Гэсэн ч Монтоливогийн гэмтэл илааршаагүй учир ДАШТ-ийг өнжихөөр болсон юм.

Виктор Вальдес

Испанийн шигшээ багийн хоёрдугаар хаалгач Виктор Вальдес гуяны дотор шөрмөсийн гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. Виктор Вальдес өнгөрөгч гуравдугаар сард Испанийн лигийн тэмцээний үеэр бэртсэн юм.

Тео Уолкотт


2006 оны ДАШТ-д 17 настайдаа Английн шигшээн бүрэлдэхүүнд багтаж байсан Тео Уолкотт мөн л гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжиж байна. Хурдтай, тэсрэлттэй Тео Уолкотыг Английн шигшээн дасгалжуулагч Рой Хожсон дуудах нь тодорхой байсан юм. Гэсэн ч Тео Уолкотт өнгөрөгч нэгдүгээр сард лигийн цомын тэмцээний үеэр хүнд бэртэл авч, ДАШТ-ийг өнжих хөлбөмбөгчийн жагсаалтад орсон юм.

Рафаель ван дер Ваарт

Нидерландын шигшээн хагас хамгаалагч Рафаель ван дер Ваарт өвдөгний зөөлөн эдийн гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. Хэдийгээр энэ жил төдийлөн сайн тоглоогүй ч “Уран зураач” хочтой ван дер Ваартын тоглолт ДАШТ-ий үеэр үгүйлэгдэх нь тодорхой.

Эдгээр хөлбөмбөгчдөөс гадна Германы шигшээ багийн хамгаалалтын ноён нуруу Холгер Бадштубер, Испанийн залуу од Тиагу Алкантара, Японы шигшээ багийн ахлагч Макото Хасебе, Хорватын найруулагч Нико Кранчар нар ДАШТ-ийг гэмтлийн улмаас өнжинө.

Categories
мэдээ нийгэм

Буриад хүрэх дугуйчид замдаа гарлаа

Монгол, Буриадын нутгаар аялах “Найрамдал -2014” дугуйн аялагчид өнөөдөр Чингисийн талбайгаас хөдөллөө. Энэ сарын нэгнээс Сүхбаатар аймгаас гараагаа эхэлсэн таван дугуйчин хоёр сарын хугацаанд Монгол, Буриадын нутгаар аялах юм байна.  Тэдний аялал Баруун-Урт, Улаанбаатар Хатгал, Ханхын нутгаар дайран Монголоос гарч, цааш Монды, Байгаль нуур, Улаан Үд, Чита, Агинское гэсэн маршрутаар үргэлжлэх аж. Ш.Энх-Амар ахлагчтай, Н.Гантөмөр, М.Бямбадорж, Б.Тэгшбаяр, Э.Мөнх-Эрдэнэ гишүүдэй дугуйн багт ССАЖЯ, Монголын дугуйн холбоо, Адал явдалт аяллын холбоо, Төрийн банк, Бодь даатгал Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын хороо дэмжлэг үзүүлж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шивээхүрэн- Сэхэ боомтын ачааллыг багасгана

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомт БНХАУ-ын  Сэхэ боомттой хиллэдэг. Нийт боомтуудад Монголын гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтарсан ажлын хэсэг шалгалт хийх үеэр Шивээхүрэн- Сэхэ боомтын ажиллах цагийн хуваарийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын боомтод ажиллаж байгаа хяналтын байгууллагын ажилтнууд өдрийн цайны цаггүй ажиллаж байгаа ч БНХАУ-ын Сэхэ боомт дахь хил хяналтын байгууллагууд өдрийн цайны цагтай ажиллаж буй нь хил дээрх бөөгнөрөл үүсэх шалтгаан болдог ажээ. Тиймээс талууд энэ асуудлыг хэлэлцээд, цайны цаггүй болгож, хоёр талд харилцан хүндрэлгүй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн талаар албаныхан онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Хорионы хугацаа дуусахад зургаа хоног үлдлээ

Загасчлах хорионы хугацаа дуусахад зургаа хоног үлдлээ. Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгнээс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог аж. Энэ үед загас түрсээ шахдаг учраас барихыг хориглодог юм байна. Харин хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгууль төлнө. Зэвэг барьсан тохиолдолд ширхэг тутамд 34 мянган төгрөг, Сибирь, Хадран баривал нэг ширхэг тутамд 8000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлөхөөс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлдөг юм байна.

Categories
гадаад мэдээ

Хамгийн өндөр настай эрэгтэй таалал төгслөө

АНУ-д 111 насандаа химич, сэтгэл судлаач Александр Имич хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард манай дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хэмээн Гиннесийн номонд бүртгэсэн юм. Тэрээр 1903 онд тухайн үеийн Оросын эзэнт гүрний Ченстохова хотод төрж, 1950-аад оны эхээр гэр бүлийнхээ хамт АНУ-руу цагаачилжээ. 

Categories
мэдээ нийгэм

“Оюутолгой”-н экспортын цагийн хуваарийг сунгана

 “Оюутолгой” ХХК  өдөрт 70 мянга орчим тонн зэсийн баяжмалыг Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтоор гаргаж Ганц модны боомтод нийлүүлж буй. Энэ хэмжээг өсгөхийн тулд хил гаалийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай ажээ.  БНХАУ-ын Ганц модны боомт уурхайн бүтээгдэхүүн оруулж ирэх, зорчигч тээврийн автомашин нэвтрүүлэх гарц нэг тул 17.00 цагаас хойш “Оюутолгой”-н зэсийн баяжмалыг авахгүй байгаа. Тиймээс Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын хил гаалийн байгууллагынхан зөвшилцөлд хүрч, ойрын хугацаанд цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Лас-Вегаст гурван хүнийг буудан хороожээ

АНУ-ын Лас-Вегас хотноо өчигдөр өглөө цагдаагийн хоёр ажилтанг буудсан хэрэг гарсан байна. Гэмт этгээдүүд пиццаны газраас гарч ирээд гэнэт гал нээжээ. Дараа нь “Wal-Mart” худалдааны төвд орж нуудагдахдаа бас нэгэн хүнийг буудаж амийг нь хороогоодп хоёр хүнийг шархдуулсан байна. Гэмт этгээдүүдийг барьж авч чадаагүй бөгөөд яагаад ингэх болсон нь тодорхойгүй аж.