Categories
мэдээ улс-төр

Татварын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.06.09 / өргөн барилаа.

“Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-ийн хүрээнд Монголын Банкуудын холбооноос тодорхой саналууд ирүүлжээ. Үүнд арилжааны банкууд гадаадын хөрөнгийн зах зээлээс зээлийн эх үүсвэр татахад хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчийн зүгээс хүүгийн орлогодоо ямар нэг татварыг Монгол улсад суутгуулахгүй байхаар хатуу шаарддаг. Үүнээс үүдэн банкууд өөрийн зардлыг нэмэгдүүлэн тооцож, хуулийн дагуу татварыг улсын төсөвт төлж өртөг нэмэгддэг. Цаашлаад банкууд тухайн эх үүсвэрийн өртөгт нэмэгдсэн татварыг зээл авч буй бизнес эрхлэгчдийн зээлийн хүүд тодорхой хувиар шингээн хүүг тогтоож буй нь бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа тул Монгол улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондын хүү болон арилжааны банкны гадаадын банк санхүүгийн байгууллагаас авсан урт хугацаатай зээлийн хүүгийн орлогод 0 хувиар, Монгол Улсад оршин суугч бус иргэний Монгол улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондын хүү болон арилжааны банкны гадаадын банк санхүүгийн байгууллагаас авсан урт хугацаатай зээлийн хүүгийн орлогыг тус тус чөлөөлөх саналыг ирүүлсэн байна. Саналыг судлан үзсэний дагуу зээлийн хүүгийн орлогыг татвараас чөлөөлөх нь “нимгэн капиталжуулалт”-ыг бий болгож, ашгаа зээлийн хүү нэрээр татваргүйгээр гадагш шилжүүлэх эрсдэл бий болохоор байна. Иймд банкны салбарын хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор гадаад, дотоод гэж ялгалгүй хөрөнгийн биржид гаргасан бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах нь татварын тэгш шударга байх зарчмыг хангаж байна. Харин Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар оршин суугч болон оршин суугч бус этгээд нь зээлийн хүүгийн орлогод 10 хувиар албан татвар ногдуулж байх тул хуульд өөрчлөлт оруулах шаардлагүй юм хэмээн хууль санаачлагч үзэж байгаагаа дуулгасан.

Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2-т “Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах” гэснийг нэмэх өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Мөн барьцаа хөрөнгөө өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд бүртгэн авсанаар эдгээрийг татвар ногдох зүйлд тооцон нийт 37.5-47 хувийн урамшуулал, татварын зардал гарч байх тул өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татваараас чөлөөлөх, улмаар зээлийн эрсдэлээс хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардалд хамруулахаар санал ирүүлсэн байна. Саналыг судлан үзвэл банк, банк бус санхүүгийн байгууллага зээл төлүүлэх зорилгоор түр эзэмшиж, худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг дэмжих боломжтой гэж үзэж байгаа юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын хөгжлийн хуулийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Олон Улсын Хөгжлийн Хуулийн Байгууллага /IDLO/-ын тусгай элч доктор В.Патон, байгууллагын Монгол дахь төлөөлөгч К.Р.Эскудеро нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн шүүхийн шинэтгэлийн асуудлаар ярилцаж, тулгарч буй сорилт, шүүгчид болон хуульчдын давтан сургалтын чиглэлээр туслалцаа үзүүлэх талаар санал солилцов.

Тус байгууллагын тусгай элч доктор В.Патон Монгол Улсын хувьд Олон Улсын Хөгжлийн Хуулийн Байгууллагын гишүүн болох боломж нээлттэй байгааг уламжиллаа.

Олон улсын хөгжлийн хуулийн байгууллага нь Монгол Улсад 2012 оноос Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай хамтран Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл, 2013 оноос Эвлэрүүлэн зуучлалын төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

“Өглөөний цай” клубынхэн Ашигт малтмалын талаар ярилцжээ

УИХ-ын зарим гишүүд нэгдэн “Өглөөний цай” клуб байгуулсан билээ. Тэд товолсон ёсоороо өнөөдөр өглөөний цайгаа хамт уулаа. “Өглөөний цай”  уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, О.Баасанхүү, Д.Батцогт, Г.Уянга, Р.Бурмаа, Х.Болорчулуун, Л.Цог, Ц.Даваасүрэн нар ирсэн юм. Клубын гишүүд Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр санал солилцсон бөгөөд УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Одоогийн хэрэгжиж байгаа Ашигт малтмалын тухай хуулинд  стратегийн орд буюу үндэсний бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхүйц томоохон баялагтай ордууд дээр төрийн эзэмшлийн хэмжээ 34-50 хувь гэж байгаа. Энийг эзэмшинэ гэдэг нь төр өөрөө хөрөнгө гаргаж тухайн компанидаа мөнгө төлж байж худалдаж авах гэсэн хуулийн төсөл явж байгаа. Агуулгаар нь харвал баялаг нь Монголынх. Энийг бид худалдаж аваад 50 хувийг эзэмшинэ гэдэг ойлголт байж болохгүй. Энэ баялаг өөрөө үнэтэй, энийг стратегийн ордууд дээр тодорхой оруулж ирэх ёстой” гэсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Ураныг эсэргүүцэгчид жагсч байна

“Цацраг идэвхт ашигт малтмалын эсрэг нэгдэгтүн” уриатай жагсаал Чингисийн талбайд болж байна. Монголд уран олборлох, цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцсэн уг жагсаалд Босоо хөх Монгол ТББ, Гал үндэстэн холбоо, Ногоон Хас ТББ, Голомт цөмийн эсрэг хөдөлгөөн, Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн зэрэг байгууллагууд нэгджээ. Тэд “Монгол ураны 101 хайгуулын лиценз өгсөн. Одоо бүр цөмийн хаягдал булшлах гэж байна. Хүн малгүй хүнд хэцүү, дайны байдалд орлоо” хэмээн мэдэгдэж байна. Мөн Ногоон хөдөлгөөний тэргүүн А.Саруул тэдэнтэй нэгдэж, урангүй Монголын төлөө нэгдэхийг уриалж байна. Жагсагчид Чингис хаан, Галданбошигт, Хатанбаатар Магсаржав нарын хэлсэн газар шорооны тухай үг болон Үндсэн хуулийн зүйл заалтаас иш татсан лоозон барьж, 2400 жилийн дараа задардаг цөмийн хаягдлыг Монгол булшлахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна.

Categories
мэдээ нийгэм

ӨМӨЗО –ны 200 орчим бизнесийнхэн монголд ирнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимтай хамтран Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол Улс – ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2014” уулзалтыг 2014 оны 7 дугаарын сарын 2-4-ний өдрүүдэд МҮХАҮТ дээр зохион байгуулах гэж байна.

Энэхүү уулзалтанд БНХАУ-аас эрчим хүч, зам тээвэр, барилга, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, худалдаа, банк санхүү, байгаль орчины салбарын нийт 200 орчим хөрөнгө оруулагчид, бизнес төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд уг чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулалт шаардагдаж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн түншээ олох боломжтой тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг манай дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцох боломжтой.

Уг арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа бөгөөд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Хөрөнгө оруулалтын газар болон МҮХАҮТ дээр бүртгэж байна. 

Categories
мэдээ нийгэм

Галзуурсан чоныг устгалаа

БЗД-ийн 20 дугаар хороо Шар хоолойн ферм Ёлтын давааны урьд өвөрт зусч долоон өрхийн хотонд чоно орсон байна. Мал руу дайрч ямар ч юмнаас айж эмээхгүй байсан тул малчид галзуурсан байж болзошгүй гэж буудаж устгаснаа мэдээлжээ.

Үүний дагуу дүүргийн онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын газар хамтран үзлэг шинжилгээ хийн эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгийг үндэслэн “галзуу” өвчин байж болзошгүй гэж урьдчилан оношложээ. 

Ингээд  чонын толгойг нь УМЭАЦТЛ-ийн лабораторийн шинжилгээнд авч, холбогдох зааврын дагуу устгал хийлгэж /шатаасан/, ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан байна.  

Categories
мэдээ нийгэм

Бүх цэргийн наадам болно

 

Цэргийн цол чимэг олгодог  Бүх цэргийн наадам хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Зургаадугаар сарын 14-ний бямба гарагт 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болох цэргийн наадамд аймаг цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглоно. Үзэгчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Намын өмчийн асуудал нэлээд маргаантай байна


Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ дахь АН

-ын бүлгийн дарга  Д.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа.

-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилох асуудалд намын бүлгийн байр суурь хэвээрээ байгаа юу?

-Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдын суудалд Ардчилсан намын байр суурь хэвээрээ байгаа. Хуваарийн дагуу энэ долоо хоногт асуудал хэлэлцэгдээд явна.

-Зургаан аймгийг хатуу хучилттай авто замаар холбохоос хоёрынх нь төсвийг танасан гэх мэдээлэл байна. Эсвэл бүгдийг нь ингэж танаж байгаа юм уу?

-Аймгуудыг авто замаар холбож дуусах Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэвээрээ хэрэгжиж байгаа. Концессийн тендерийн үйл ажиллагаа долоодугаар сарын 1-нд дуусна. Замын ажил цаашид хэвийн үргэлжлээд явна.

-Сонгуулийн хуулийг энэ долоо хоногоос идэвхижүүлнэ гэлээ. Ямар, ямар асуудал дээр тогтож ярих вэ?

-Сонгуулийн хуульд бидний баримталж байгаа бодлого яг хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, бид холимог системээ цаашид хадгалж явах нь зүйтэй гэсэн байр суурин дээр байгаа. Пропорцианаль нь 50 хувь, можаратор нь 50 хувь байх ёстой гэсэн зарчмын байр сууриа Ардчилсан нам илэрхийлсэн. Энэ байр суурь дээрээ өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа.

-Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогт ахалж байгаа. Ажлын явц ямар байгаа вэ?

-Намын тухай хуульд ганц зүйл дээр тохиролцохгүй байх шиг байна. Тэр нь намын өмчийн асуудал нэлээд маргаан дагуулж байгаа юм байна. Гишүүнчлэлтэй байх, байхгүй тухай асуудал мөн маргаан дагуулж байгаа юм байна. Тийм учраас маргаантай байгаа асуудлыг УИХ-д татаж оруулах нь ямар байх бол гэсэн эргэлзээ байгаа. Үүнийг нэг тийш нь болгож чадвал энэ асуудал УИХ-д яригдана.

-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг Засгийн газар боловсруулсан байгаа юу. Цензурийг нь хэрхэн тавих вэ?

-Эдийн засгийн ил, тод байдлын тухай хууль гэж нэрлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж өнөөдрөөс эхлээд өөрийнхөө байгаа санхүү болон хөрөнгөө ил тод мэдээлээд цаашид бүх зүйлээ тунгалаг болгох ёстой гэсэн хууль юм. Хүнийг гэмт хэрэг талаасаа илүү эдийн засгийн зөв либералчлал иргэн хүн өөрийнхөө өмч хөрөнгийг нээлттэй мэдээлж цаашаа авч явах боломжийг нээх гарааны хууль гэж ойлгож байгаа. Ямарваа нэгэн эрүүгийн хуультай холбоотой асуудлаар ямар, ямар заалт орж ирэх талаар өргөн баригдсаны дараа Хууль зүйн яам тодорхой тайлбарыг хийх байх.

Categories
мэдээ спорт

Камеруны хөлбөмбөгчид шагналаа голж, онгоцонд суухаас татгалзав

Камеруны шигшээ багийн хөлбөмбөгчид Дэлхийн аваргад оролцсоных нь төлөө олгох шагналаа голж, өчигдөр өглөө Бразил руу нисэх онгоцонд суухаас татгалзаж, зочид буудлаасаа гарсангүй. Ийнхүү хөлбөмбөгчид нь эсэргүүцэл илэрхийлсэн тул Камеруны Хөлбөмбөгийн холбоо, Спортын яамтайгаа дахин ярилцаж, тэдэнд олгох шагналын хэмжээг нэмэхээс өөр аргагүй байдалд хүрчээ.

Тоглогч бүрт Дэлхийн аваргад оролцож буйнх нь төлөө 125 мянган ам.доллар амласнаар хөлбөмбөгчдийн эсэргүүцэл өндөрлөж, тэд өчигдөр онгоцондоо сууж Бразилийг зорьсон байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаярыг МАН-ын бүлгийн дэд даргад нэр дэвшүүллээ

МАН-ын удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар тус намын УИХ-дахь бүлгийн дэд даргад Н.Номтойбаярыг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус намын бүлгийн дарга С.Бямбацогт өмнө нь дэд даргын ажлыг хашиж байсан бөгөөд түүнийг албан тушаал дэвшснээс хойш Д.Оюунхорол гишүүн ганцаараа энэ албыг хашиж байсан юм. МАН-ын удирдах зөвлөл хуралдаж Н.Номтойбаярыг МАН-ын бүлгийн дэд даргаар томилох болсноор тус бүлэг хуучнаараа хоёр дэд ахлагчтай ажиллах болж байна. Өнөөдөр үдээс хойш хуралдах МАН-ын бүлгийн хуралд удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулж санал хураалт явуулах бөгөөд энэ үеэр бусад гишүүдээс бүлгийн дэд даргын өрсөлдөөнд саналаараа өрсөлдөж нэр дэвшиж болох ажээ.