Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр таван байнгын хороо хуралдана

1.Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр, анхны хэлэлцүүлэг/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай, хэлэлцэх эсэх/;

“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.

3.Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол хэлний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, А.Бакей, Г.Батхүү, Л.Гантөмөр, Н.Энхболд нар 2014.5.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн 2014.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, далай аварга цолыг хасах тухай, анхны хэлэлцүүлэг/.

5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан хамтарсан хуралдааны дараа “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайлан сонсох;

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай.

Categories
мэдээ соёл-урлаг

“Миний хайр” УСК энэ сарын 16-нд нээлтээ хийнэ

Хосуудын хайр дурлал, атаа жөтөө, үл ойлголцолын тухай өгүүлэх “Миний хайр” инээдмийн мелодрам уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь. Тус кино энэ сарын 16-нд “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театруудад нээлтээ хийх аж. Киноны гол дүрүүдийг A-Capella хамтлагийн дуучин Э.Мөнхтөр болон “Ийм нэгэн дурлал” киноны дүрээр танигдсан жүжигчин Б.Баярмаа бүтээжээ. Уг кино “Single Ladies” киногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авсан найруулагч Ц.Золжаргал, кино зохиолч А.Миеэгомбо нарын хамтарсан бүтээл юм байна.  Киноны дууг “UFO” хамтлаг, дуучин Г.Тэнүүн, залуу дуучин Ж.Оюунтүлхүүр нар дуулжээ.

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Итали үйлдвэр эмээгийн боорцгийг чанана

Явж ирээд явсан идсэн хоёрынхоо алиныг түлхүү ярьснаас сайн, муугаараа хэлүүлдэг зүйр сэцэн үг бий. Энэ удаа I хороолол хүртэл нийтийн автобус хөлөглөснийг эс тооцвол хол холхид явдал суудал бололгүй ээлжит “өнжөө”-гөө хийв. Харин хэвлэлд нийтлэх сэдэв маань зөвхөн идэх юмны тухай. Хаашаа ч булзахгүйгээр “Муу хүн идсэнээ…” ярих үйлийн үртэй тав дахь өдрийн тэр сурвалжлагыг Нэгдэх-Өдөрсүрэн бичиж, Хоёрдахь-Өдөрсүрэн зургийг нь дарна билээ. Оюуны талх үйлдвэрлэгчид гэгдэх сониныхон “Талх чихэр” компаниар ороод гарах бас сонин л юм. Өглөөний цайны хажууд шинэ талх, сонин хоёр сэнгэнээд байж байхгүй бол нэг л юм дутагдаад байдаг гэгээлэг амьдралын хэв загвар олон айлд бий.Энэ өдөр Монгол Улсын тэргүүлэгч, ууган, хүнсний үйлдвэр гэх тодотголтой “Талх чихэр” ХК дээр үйлдвэрээ шинэчилж өргөтгөсөн ёслолын ажиллагаа болсон юм. Тэнд уригдан очсон дотоод гадаадын зочид, хэвлэл мэдээллийнхэн “Нээг, хоёр, гурваа” хэмээн тоолмогц хөгжим эгшиглэн, тууз хайчлагдан шинэ үйлдвэр нүргэлэн ажиллаж эхлэв. Үүсгэн байгуулагдсанаасаа хойшхи 30 дахь жилийнхээ босгон дээр энэ айл хөгжил дэвшлээрээ барууны тех­нологийг гүйцэж очин сүүл­чийн гар хөдөлмөрөөсөө салснаа ийнхүү зарлалаа. Тийм ч бага биш үйл явдлын гэрч бологсод шинэ үйлдвэр хэрхэн ажиллаж буйг бахдан харцгааж бүтээгдэхүүний анх­ны дээжээс амсаж үзэцгээв.

Эдийн засгийн хямрал нүүрлэн төлөвлөж төсөвлөсөн бүтээн байгуулалтууд халуун зунаар царцлаа гэж байхад Хөтөлд цементийн, хотод “Талх чихэр”-ийн үйлдвэр  шинээр нээгдлээ гэх нь хамгийн гэгээтэй сайхан мэдээ байлаа. Бодоод байхад талхаа хүчрэхээ больтлоо хямартал хаа ч юм. Тэгэхлээр талх, өргөн хэрэглээний хүнс үйлдвэрлэгчид цочир хонжоо олдоггүй ч баргийн зуд турханд ажирдаггүйг саяын тууз хайчлалт илэрхийлэв. Өчигдөрхөн нисч явсан компани тэнд дампуурч байхад өнөөдөр энд будаанаас талханд хувирч идүүлсэн бут соёолон тэлж буй нь зөв менежменттэй ч холбоотой байх.

Морин цагт нээлтээ хийсэн ёслолын ажиллагаа төд удалгүй өндөрлөж, зочид ч буцацгаав. 

-Үгүй ээ ингэхэд та нар явах болоогүй юм уу? хэмээн компанийн маркетингийн дарга Наранцацрал гайхасхийхэд

-Болоогүй ээ. Өнөөдөр энд өнжих даалгавартай. Хоол унд ч сайтай газар байна. Аягүй бол хонож ч магадгүй. Гурил зуурах мэтийн ойр зуур ажил байвал хэлээрэй хэмээн наргиан болцгоов.

-Энд удаан байвал бараг уйдна даа. Та нарын хийдэг талхнаас өөр. Бид ч заримдаа юу хийхээ олж яддаг шүү гэсэн нь үнэн байв.

-Сая нээлтэн дээр танай даргын онцлон хэлсэн: “…700 гаруй ажиллагсадтай, 60 гаруй нэр төрлийн талх, нарийн боов, бялуу, чихэр үйлдвэрлэн 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг, хамгийн том…” гэсэн нь тэгээд алив?

-Тэр нь ч үнэн л дээ. Гэхдээ яг энэ үйлдвэр дотор тийм олон хүний хэрэг байхгүй. Гадуур талхаа ачаад зарах гээд явж байгаа жолооч, ачигч, нярав, менежер гээд худалдаа дагнагсадын хамт олны ихэнх бүрэлддэг.

-Үйлдвэр шинэчлэгдэж, автоматчилагдсан гээд цомротгол болоогүй. Үе үе гаднаас түр хугацаагаар туслах ажилтан авдаг байснаа дуудахаа больчихсон төдий. Цагаан сарын хэвийн боов хийх төхөөрөмжийг барууны үйлдвэрлэгчид яах ч аргагүй хийж барсангүй. Тийм учир туслах ажилчид сар шинэ болон бусад онцгой үеүдэд ирж бэмбий нухаж өгдөг хэвээрээ л байна гэв.

Зах зээлийн нийгмийн тогтолцоо гэдэг маань биднийг ийм л болгочихоод байгаа юм. Энэ замыг сонгосон маань зөв  байх л даа. Товчхон хэлэхэд  хэдхэн хүн техникээр зодон баахан талх үйлдвэрлээд тавьчихдаг. Энийг нь идэх ам мундахгүй ч гэрт нь гарт дөхүүлж өгөхгүй л бол тэндээ овоороод хэн ч ирж авахгүй.Тэгэхлээр аль ч газар ялгаагүй сонинд хүртэл бараагаа хэрэглэгчийн гарт аваачиж өгөх л хамгийн чухал ажил.  Социализмийн үед нийтээрээ ямар нэгэн үйл мэтгэцгээдэг харин түүнээ зарж борлуулах дээр төдийлөн ач холбогдол өгдөггүй байсансан.  Дэлгүүрт ойрхон хашаа байшин хамгийн эрэлттэй байсан бол одоо дэлгүүр ба ченжүүд өөрсдөө гүйлдэн ирж  улам л бэлэнчилдэг болгожээ. Өнөөдөр улс орон тэр аяараа арилжаа наймаан дээр тогтож ямар нэгэн юм гар дамжуулан зарж амьдралаа залгуулдаг. Малчин ресторанд орж ирээд үхрийн стейкний үнийг сонсоод толгойгоо бариад гарч ирж байна. Манайхаас авч явдаг мах мөн биз дээ гэж дуу алдсан удаатай.

Өглөө эртээ өнөөдөр хэрэглэх гурилыг хорин тоннын даацтай, шуудайгүйгээр тээвэрлэх зориулалттай герман машинаар зөөж ирээд подваль дахь бункер луу тусгай шахуургаар юүлжээ. Тэр гурил нь “Милл хаус”-ын нэг, Оросын “Алейка”-ийн дээд гэнэ. Өөр гурил цавуулаггүй, чанар тохирохгүй учир талхны хөрөнгө исдэггүй аж. Уг гурилыг нисдэг тавга шиг төхөөрөмж сорж аван сэгсчин шүүж дотроос нь өчүүхэн төмрийн үртэс байсан ч ялгаж цэвэрлэж өгөөд гадуураа пургих ямар ч боломжгүйгээр трубагаар дамжин зуурмагийн тогоонд очиж байна. Тэр битүү тогоо руу бүдүүн нарийн баахан хоолойнуудыг залгажээ. Компьютер дээр суусан мэргэжилтэн ус, давс, чихэр, исгэгчний тогтоож өгсөн хэмжээ тоог бичээд “ок” товчийг дармагц эдгээр орц порц тогоотой гурил руу хоолойгоор урсан орж ирж угаалгын машин шиг хэсэг нүжигнэн зуурчихав бололтой. Ажилчин хааяа нэг шилэн цонхоор нь шагайхаас бус ханцуйгаа шамлаад нухаж барих юм байхгүй. Зуурмаг савтайгаа гурван цаг гаран амарч сагаж исэж гүйцэхээр нь түрүүчээс авчран үйлдвэр рүү хийхэд автоматаар нэгэн жигд тасдан дотор нь цагаан даавуу дэвссэн тавагнууд  дээр тавилаад гаргаад ирэв. Тэрнийг нь харин нэг ажилтан жигнэх машин дээр нямбай гэгч нь өрж тавив. Хил гаалийн цүнх сав шалгадаг камер машин шиг хэлбэртэй тэрнийг бодвол арав хорин метр урт битүү жигнэх машин руу талх ёстой 24 цагийн турш тасралтгүй орсоор л урд амаар нь хэмжээ нь хоёр дахин томорч болчихсон халуун талх эгнээгээрэ минут тутамд сархийн унана. Талхыг тасралтгүй үйлдвэрлэхийн тулд яваан дунд нь жигнэчихдэг юм байна. Цахилгаан зууханд гучин минут урсахдаа бүрэн болно.

-Хааяа хэвлэлээр “Атар” талхан дотроос тийм ийм юм гарлаа гээд байдаг. Ийм бив битүү юмны хаагуур нь мод чулуу орчихдог хэрэг вэ?

-Харин тийм байгаа биз. Мэдээллийнхэн манайхаас ямар нэгэн хүсэлт тавихаар нь татгалзсаны маргааш л тийм мэдээ бий болдог гэж захирал хэлэв.

“Талх чихэр” компанийн менежер залуус ноднин Итали, Европын орнуудаар явж өөрийн орны уламжлалт боов боорцогнуудыг үйлдвэрлэх шилдэг тоног төхөөрөмж хайж олоод захиалсан юм билээ. Тэр нь явж явж өнгөрдөг хавар хөлөөрөө орж ирсэн ба угсарч туршаад сая л дуусав. Италийн хүнсний салбарын алдарт “CANOL” фирмийн үйлдвэрээр  монгол эзэгтэйн ганпанз дээр хэрчдэг савхан боорцог, шөлөнд дүрдэг бин, танзуур, “пярааник”-уудыг ардын дууг “хип хоп”-д оруулан дуулдаг шиг орчин үежүүлж их хэмжээгээр чанадаг боллоо. Мөн л түрүүний “Атар” талх шиг битүү конвейр рүү автоматаар хэрчигдсэн чимхэгдсэн гурилууд эгнээгээрээ жагсан орцгоож байнгын буцлаастай тосон дотор урссаар нөгөө хаалгаар гараад ирнэ. Тосонд чанаж байгаа болохоор хурдан урсаад гараад ирэх юм. Болсон эсэхийг нь амтлаад байх юмгүй 700 хэдэн градус гэнэ үү тэр халууны хэмжээнд төдөн минут хөвсөн гээд л мэдээд авчихна. Өмнө нь галаа тааруулах, том жижиг хэрчих гээд байсан, түлэх түүхийрэх, боовчины авьяас сонирхлоос шалтгаалан чихэр нь ихдэх багадах бүх проблемийг базаад компьютерт хадгалчихсан. Энэ цех дээр хоёр гурван нөхөр юмыг яаж мэдэхэв гэсэн байдалтай хараад суухаас өөр ажил алга. Энэхүү шаргал өнгөтэй дотно үнэртэй идээнээс аваад цайнд хөшиглөөд идсэн чинь яах аргагүй хүүхэд байхдаа ганц өл залгуулж байсан эмээгийн гарын боорцгийг санагдууллаа. Тосонд чанасан боорцгийг хээр хөдөө хөргөгчгүй газар хаттал нь аваад явахад муудахгүй байгаль цаг ууртаа тохирсон уламжлалт шалгарсан арга гэдэг. Бусад талх хөөмөлийн хувьд гурав, цаад тал нь 21 хоног гэж заадаг. Ер нь жаахан удвал муудчих гээд байгаа нь химийн элдэв хамгаалах бодисгүй эко бүтээгдэхүүн шүү гэдгийг л шударгаар хэлээд байгаа болохоос бид муу юм хийчихээгүй гэж байна. Тэр ч үнэн байх шүү.

 Малайзаас гэв үү тусгайлан захиалж авчирдаг “есийн тос” хэрэглэдэг гэсэн. Тэрнийгээ машины мотор лугаа “шүүп”-ийг нь татаж үзээд дундарсан эсэхийг л шалгана. Тосыг нэгширч муудах завдал өгөлгүй буцалж байх явцад нь тусгай зориулалтын шүүдэг цаасан дээр хамаг түлэнхийг нь шүүгээд цаастайгаа цуг хогийн сав руу хаягдах тул үргэлж шинээрээ. Энэ танхимд боов боорцог хайрсан шинж, үнэр хиншүүгүй, хөлс урсгасан халуун ч байхгүй. Үйлдвэрийн цонхнууд хаалттай, гаднаас хотын их утаа тоосыг ариутган цэвэршүүлдэг төхөөрөмж байрлуулахад олон тэрбумыг зарцуулсан гэв.

Ингээд зах зээл дээр өртөг багатай, амт, экологи стандартын бүх шаардлага хангасан эрүүл хүнс гээч нь он сар өдөр минуттайгаа савлагдан гараад ирж байна.

Зочид явсны дараа боорцогны уут савлагч машинд алдаа гарч гялгар уут задарсан факт гарлаа. Тэрнийг хэвийн болгохын тулд бусад дамжлагуудыг кноп даран бүгдийг нь зогсоосон. Иймэрхүү жижиг сажиг саатал дээр нэг нь л хариуцлага алдвал нийтээрээ ажлаа түр зогсоохоос өөр аргагүй юм билээ. Тэглээ гээд учиргүй уурлаж бачуурсан юм ч болсонгүй. 

Үдээс хойш оройхон тийшээгээ менежерүүд захиалгын тоогоо утсаар өгцгөөж маргааш зарагдах талх боовны багцаа ч босоод ирлээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Төв аймгийн хоттой ойрхон суурингуудад маргааш зооглох хүнсний хэмжээ ч тодрон түүнд тохирсон орц поорц батлагдсанаар энэ өдрийн ажил үндсэндээ жигдрэв. Эдийн засагчид, нягтлангууд бүтээгдэхүүн илүүдэж буцаж ирэхээргүй жаахан дутмаг тоо дарж хэлэн үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрөх шиг болов. Хотынхон хэр зэрэг идэж уудгийг тэд ёстой андахгүй.Хорь гучин жилийн турш судалчихсан юм билээ. Одоогийн байдлаар 300 мянган өрхтэй. Үүний 100 мянга нь манай талхыг найдвартай гээд авдаг. 2500 том жижиг дэлгүүр рүү тавь гаран тонн талхыг өдөр бүр зөөж аваачна. Хотын журмын дагуу бага даацтай машинаар хүүхэд тоглож байгаа юм шиг тээвэр хийдэг. Тэр бичил тээврийн хэрэгсэл сая гаран хүн амтай хотын хувиараа эрхлэх аж ахуйд л таардаг байх. Түргэн муудах хүнсийг өмнө нь өөр сонголтгүй цаг үед “ЗИЛ-130”-аар тээвэрлэдэг байсан. Одоо ядаж тийм машиныг том үйлдвэрт зөвшөөрвөл хотод ч иргэдэд ч ашигтай юмсан. Дээрээс нь хүнсний тээвэр хийж байгаа унаа ноймерийн хязгаарлалтад хамрагдана. Машин гардаггүй өдөр гээд талх боовоо зөөхгүй өнжилтэй биш. Үүнээс болоод авто паркаа өргөтгөн одоо бүр 70 машинтай болж түгжрэл утаа хоёрт хөөрхөн нэрмээс болчихсон юм байна. Хөдөлгөөн сийрсэн шөнийн цагаар бараагаа өгчихмөөр. Гэтэл ихэнх дэлгүүр стандарт бус үйлчилгээтэй хулхины газрууд тул худалдагчаа ч хийдэг босс нь ч болдог товарищууд нойроо харамлаад хаалгаа нээхгүй. Зарим нь өглөө арав өнгөртөл онгойхгүй. Тэгээд л бөөн түгжрэлийн цагаар хэдэн талхаа ачин амьтан царайчилсаар өдрийг бардаг ажээ.

-Энэ хот хөдөөгөөр дүүрэн байгаа жижиг дунд гарын цехүүд танай дэргэд ч ёстой боов хийнэ гэж гурилддаг юм байна л даа. Тэднийг дэмжих хэрэг байгаа юм уу?

-Холбогдох хууль хяналт талаасаа бол ч хэцүү шүү. Эрүүл мэнддээ анхаардаг хэрэглэгчид олширч байна. Хаа сайгүй л хүнс бэлтгэгчийг хардах сэжиглэх хандлагатай болчихсон. Манай жижиг үйлдвэрлэгчид бидэнд төвөг учруулаад байгаа биш. Тэртэй тэргүй суманд ганц байгаа цехээсээ өөр хаанаас талх боов авах юм.   

-Та нар энэ их хүнсэн дээр ажилласных харихдаа хоосонгүй биз дээ.

-Яалаа гэж тийм юм байхав. Хулгай хийсэн гээд хэрэгт орох байлгүй.

-Тэгээд гэр орныхон чинь дэлгүүрээс талхаа очиж авах уу. Энэ их үйлдвэрлэлээс ганц нэг хазгай мурий гологдол гарсныг нь аваад явчихаж болохгүй гэж үү?

-Их хэцүү асуулт байна. Та нар манайд сайхан л өнжлөө ш дээ. Одоо удахгүй шөнийн ээлж эхэлнэ. Ингэс гээд өндөрлөвөл яасан юм. 

“Танайд өнжсөн” сэтгүүлч 

Д.ДАВААсүрэн, Ц.МЯГМАРсүрэн, Г.ЛХАГВАдорж, 

Ж.Гангаа нар 

БААСАН гаригт сурвалжилж 

БЯМБА, 

НЯМд амрав. 2014 он

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сая үзэгчийн өмнө “Хэн эх оронч вэ” реалити шоунд оролцож байна

УИХ-ын чуулганыг телевизийн хоёр сувгаар шууд дамжуулж байна. Сая үзэгчийн өмнө хүн өөрийнхөөрөө байж чадах уу. Чаддаггүйг нь бид хангалттай харлаа. Жүжиг тавихаас өөр арга байхгүй юм байна. Уг нь УИХ-ын гишүүдтэй хоёулхнаа уулзахаар “Тэр нь болохгүй байна, тэрийг тэгмээр байна” гэхчлэн зөв юм ярьдаг. Гэтэл тэгж бодож байгаагаа яагаад чуулган дээр хэлж болдоггүй юм бэ. Яагаад гэвэл нэг сая үзэгч өөрсдийг нь харж байгааг мэдэж байгаа болохоор “эх оронч” зүйл ярихгүй бол болдоггүй. Болох гээд ч болдоггүй юм шиг байна. Энэ зовлонгоос нь Их хурлын гишүүдийг ангижруулж УИХ-ын чуулганыг хаалттай хийдэг болгоё. Тэгэх нь хэн хэндээ амар байна, эх оронд минь хэрэгтэй байна. Чуулганыг хаалттай болгох талаар өмнө нь бичиж байсан, одоо ч бичиж байна, цаашид ч бичих болно. Ингэж л хаалттай болгохгүй бол энэ төр засагт үнэн юм гэж алга болж, баахан жүжигчдээр дүүрсэн төрийн эрх барих дээд байгууллагатай болох нь. Жүжиг бол зохиол. Амьдрал бол бодит байдал. Жүжиг, бодит амьдрал хоёр засаглалын орчинд байж болохгүй. Байсаар, газар авсаар байх юм бол тэгээд л сүйрэл. 1700 төгрөг хол давчихсан байсан ам.долларыг 1300 төгрөгт барьж улсын төсвөө зохиосон нь жүжиг биш үү. 

Хэн ямар жүжгийг, ямар тавилттай тавьдаг нь өнөөдөр хэний ч өмнө ил болж. Энэ Их хуралд сайдыг огцруулах тухай асуудал бол жүжгийн хамгийн чухал хэсэг нь. Яагаад гэвэл үзэгч, уншигч олон түмэн их анзаарч хардаг учраас. Жүжгийн энэ хэсэг дээр л популист гишүүд жүжиглэлтийг өндөр түвшинд тавьж байна. Бараг урьдчилаад сургуулилт хийчихсэн, найруулагчтай, тавилттай, хүртээмжтэй  жүжиг дэглэдэг болж. Камер руу нүд буландсан, чухал царайлсан гишүүд эхлээд асуулт тавина. Сүр сүр асууна. Асуулт нь урт, удааныг яана. Тэгж тэгж үг хэлнэ. Хэлэлцэж буй асуудлаас хол хөндий, огт холбоогүй, хамаагүй үгийг хэлдэг. Хэлэлцэж байгаа хуультай холбоотойгоор судалгаа хийж, нухацтай суусан гишүүд байхгүй нь ярианаас нь шууд ойлгогдоно. Хамгийн чухал, хэрэгтэй хэсэг рүүгээ одоо л орох нь дээ гэж бодтол яг тэр хэсэг дээрээ хэдхэн секундын үг хэлсэн болоод дуусчихаж байгаа юм. Энэ нь эх оронч үгээ хэлж, эх оронч жүжгээ тавьж, эх оронч дүрдээ орж байгаа хэлбэр нь. 

Одоогоор “Хэн эх оронч вэ” реалити шоуны хамгийн сайн оролцогч бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэр хамгийн түрүүнд, бусдаас өрсөн үг хэлдэг. Ганцхан зүйлийн тухай л ярьдаг. Тэр нь Оюутолгойг болиулахаар цуг тэмцэж явсан нөхөд минь намайг хаялаа. Тэд одоо хаана байна хэмээн хэдэн гишүүдийн нэрийг дурддаг. Та нар бол урвагч, би л ганцаараа үлдлээ гэсэн утгатай үгийг бас хэлнэ. Цааш халбал уул уурхай улс орон, байгаль дэлхийг мөхөөлөө гэнэ. Ингээд л болоо. Энэ нь бөөн оноо авчирна. Хамгийн эмгэнэлтэй нь Б.Бат-Эрдэнэ аваргад очсон оноо Монгол Улсын эдийн засагт бөөн хор хохирол авчирдаг. Парламент дахь энэ мэт “эх оронч” гишүүдийн жүжиг улс орны эдийн засаг, гадны хөрөнгө оруулалтыг урьд онуудынхаас 50, 60 хувиар бууруулж байгаа юм. Телевизийн дэлгэцээр хүмүүст таалагдаж харагдах гэсэн жүжиглэлт нь үнэндээ санаанд багтамгүй том гамшиг дагуулж байгаад одоо цэг тавих цаг болчихоод байна. Дараа нь босоо Ганбаа гишүүн орно. Түүнийг телевизээр эх орноо аврах тухай бэлдсэн үгээ хэлж эхлэхтэй зэрэгцээд ОУ-ын хөрөнгийн биржүүд дээр манай хувьцааны ханш унаж, хөрөнгө оруулагчид Монголоос улам дайждаг. 

Эдний дэргэд бол Ц.Нямдорж гишүүний хэлж байгаа үг гайхамшигтай. Ингэж хэлэхээс өөр арга алга. Аль ч талаараа ард түмнийг ангайтал үг хэлж байгаа юм. Түүний сүүлд хэлсэн үг нь “Оюутолгойн хөрөнгө оруулалтын эсрэг та нар найман жил шүлсээ үсчүүллээ. Ард түмэн та нарын шүлсээр хооллох юм уу” гэсэн. Энэ бол улс төрд хат суусан, ухаажсан, ухаантай хүний үг юм. Яагаад гэвэл энэ цаг үед уул уурхайг л дэмжвэл ард түмэн намайг дэмжинэ гэдгийг тэр хэдүйн мэдэрчихсэн, олоод харчихсан байна. Жүжиг тавихдаа ядаж Ц.Нямдоржийн хэмжээнд, түүний хэрийн нийгмийн сэтгэл зүйг мэдэрч сур л даа. Хэзээ нэгэн цагт ард түмэнд уул уурхай таалагдахаа байвал Ц.Нямдорж мөн л өрсөөд мэдэрчихсэн, өөр хүн болчихсон “Уул уурхай улс орныг минь аварна гээд шүлсээ үсчүүлээд байсан яасан. Улс орны минь онгон байгалийг сүйд хийж дууслаа шүү дээ” гээд ард түмэнд таалагдаад зогсож байна. Ямар цаг үед, яаж ард түмнээс оноо цуглуулах вэ гэдгийг улс төрч ухаантай юм бол Ц.Нямдоржийн хэрийн мэдэрч байж та бүхэн улс төрд өгсөж барилдана. 

Агуу жүжигчид Их хуралд өөр ч байгаа. Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Оюунбаатар, Д.Дэмбэрэл, Цог… эд бас агуу жүжиглэх юмаа. Өсч торниж буй залуу жүжигчид гэвэл  Батзандан, Баасанхүү, Уянга… гэхчлэн бас байна. Тэд олигархиуд, албан тушаалын хэнээтнүүд ард түмнийг шулаад гэж ангийнхаа тохой залган суугаа нөхөд рүүгээ дайрдаг. Өөрсдөө эрх баригчид биш юм шиг жүжиглэдэг. Тэднийг харахаар гудамжнаас орж ирээд Их хурлын индэр дээрээс үг хэлж байгаа мэт. Өөрсдөө та бүхэн эрх баригчид болчихсон шүү дээ гэдгийг энэ нэг хэдэн хүнд хичнээн удаа хэлэх юм бэ. Ерөөсөө эрх баригч болж төлөвшихгүй юмаа.

Ердөө ийм л жүжиг тавьдаг тайз нь УИХ-ын чуулган болчихоод байна. Энэ тайзан дээр тоглогчдын зорилго нь тодорхой. Тэдний сэтгэл зүрхэнд эх орон, ард түмэн ч байгаа юм биш. Дараагийн сонгуульд яаж ялах нь л чухал. Энэ зорилго нь тэднийг мундаг жүжигчид болгож, хүмүүст таалагдах л үг хэлж байвал улс орны ирээдүйн хувь заяанд энэ ямар үр нөлөөтэй тухай бодохыг ч  хүсэхгүйд байгаа юм. 

Ийм хөгийн байдлаас Их хурал өөрийгөө хэрхэн авч гарах ёстой вэ. Улс орны амин чухал шийдвэр УИХ дээр гардаг. Өнөөдрийн хагаралдаан яахав, хоёрхон өдрийн дараа эх оронд минь хэрэг болж, эерэг үр дагавар авчрах шийдвэр гаргадаг газар гэдгээ нэн түрүүнд ухамсарламаар байна. Тийм болохоор үнэн үгээ хэлдэг гишүүдтэй, үнэн шийдвэр гаргадаг парламент байхын тулд өнөөдөр шууд дамжуулалтыг хаая. Хоёр сувгаар шууд дамжуулдгаа зогсооё. Ийм л эрс тэс шийдвэр гаргахгүй бол Их хурал гэдэг байгууллага чинь үнэн бөгөөд хатуу үг хэлдэг, тас хийтэл алгадаад авдаг эцэггүй болсон айл шиг боллоо. УИХ-ын чуулган дээрээс л үнэн үг сонсож, үнэн нүүр царайг ард түмэн харж байхгүй бол өөр хаанаас харна гэж. Өөр юунд итгэж найдна гэж. Төрийн эрх барьж байгаа хүмүүс нь бүгд нүүрэндээ багтай жүжигчид болчихоор энэ улс орон чинь жүжгийн тайз болох нь байна шүү дээ. Бүх зүйл нь хуурамч болчихсон улс оронд мөхлөөс өөр хувь тавилан байдаг юм уу. Энэ бүхэнд одоо л цэг тавихгүй бол гадныхны олз болж хоёр хөршийнхөө нөлөөнд бүрэн автах нь. 

УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны хувьд зөвхөн ирцээ л албан ёсоор, үнэн бодитой мэдээлчихэж бай. Энэ л байхад болно. Сөрөг намууд нь тэртэй тэргүй гарч ирээд юу болсон талаар хангалттай ярьчихаж байна. Ганц сөрөг ч гэлтгүй аль ч Их хурлын гишүүнд ямар ч мэдээллийн суваг нээлттэй байгаа. Зүгээр л чуулганы үйл ажиллагаа, хэлэлцэх асуудлын порцессыг шууд дамжуулахаа больё. Улс төр дэх худал хуурмагаас сэргийлэх эхний дорвитой алхам энэ л байна. “Эх оронч” нэртэй реалити шоуг энэ мөчөөс эхлэн үзмээргүй байна.  

Б.НЯМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөдрөгөөр харвал амьдрал өөрөө амралт

Билл Гейтсийн хэлсэн үг цахим ертөнцөөр нэг таржээ. “Амьдрал жилийн дөрвөн улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн “би”-гээ олоход тусална, үүнийг ч хувийн чөлөөт цагаараа амжуулах ёстой” гэж тэрээр хэлж.  

Түүний үг Монголд их тохирсон санагдлаа. Өвлийн хахир хүйтэнд угаас бүтээн байгуулалт хийх биш дээ. Зуны дэлгэр цагт амарлаа гээд ид ажил хийх дулаан сайхан үед биеийн амрыг бодоод алга болчихдог. Амармаар байвал өвөл ч амарч болно шүү дээ. Үүнийг өөрчилж зуны дэлгэр цагт ажлаа амжуулж, өвөл амардаг болгож солимоор байгаа юм. Ажил олгогч нар ч ажилчдынхаа амралтыг иймэрхүү маягаар зохион байгуулж болно шүү дээ. 

  Цаг наргүй ажилладаг, өөрт амралт гэж байдаггүй Билл Гейтс шиг хүмүүс бол амьдралыг аль нэг улиралд хуваадаггүй учраас л амжилтанд хүрсэн биз. Ажлаа зөв зохицуулж чадвал амрах цаг гарч л байдаг. Амьдралыг өөдрөгөөр харж чадвал тэр чигтээ амралт шиг санагдаж болно.  Ажиллана гэдэг бол ял үүрэхтэй адил зүйл биш. Заавал амрах ёстой бол яагаад заавал зун гэж. Ид хүйтэнд амарчихаад зун зугаатайхан ажиллая л даа. 

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
мэдээ спорт

О.Гүндэгмаа “Дэлхийн цом”-д түрүүллээ

Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа буудлагын спортын “Дэлхийн цом”-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны дасгалд алтан медаль хүртжээ. Тэрээр “Дэлхийн цом”-ын тэмцээнээс нийтдээ долоо дахь алтан медалиа хүртэж байгаа нь энэ аж. Түүний аваргалсан төрөлд нийт 95 буудагчаас МУГТ О.Гүндэгмаа, МУГТ Д.Мөнхбаяр нар аваргын төлөө халз буудаж О.Гүндэгмаа 8:0 оноогоор ялжээ.  Харин III байранд Хятадын буудагч дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга Занг Жиан, дөрөвдүгээр байранд Бээжингийн олимпийн аварга Чень Ин нар орсон байна.

Мөн манай тамирчин Т.Баярцэцэг 578 оноогоор 22-р байрт, Ц.Мөнхзул 573 оноогоор 34-р байрт оржээ.

“Дэлхийн цом”-ын тэмцээнд ОУХМ Э.Даваахүү, О.Янжинлхам, С.Адилбиш, Ж.Ганхуяг нарын 12 тамирчин цэц мэргэнээ сорьж байгаа аж.

Д.Сүрэн

Categories
мэдээ соёл-урлаг

“Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай” киноны хөгжмийг өөрчиллөө

 “Монгол кино HD” төслийн хүрээнд “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай” киноны хөгжмийг дахин бичиж, үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Жил жилийн наадмаар монголчуудын хүртээл болдог монгол наадам, ёс заншил, монгол зан чанарын талаар өгүүлдэг эдгээр киноны хөгжмийг Төрийн хошой шагналт Н.Жанцанноров бичсэн.

Харин дахин бичлэгийн хөгжмийг Улсын филармонийн “Морин хуур”-ын чуулга тоглож, удирдаачаар АЖ Ц.Батчулуун ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр зам дагуу их цэвэрлэгээ хийлээ

 “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу БЗД-ийн 14 дүгээр хорооноос санаачлан их цэвэрлэгээ хийсэн байна.

Их цэвэрлэгээнд төмөр зам дагуу байрладаг тус хорооны аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцжээ.

Тодруулбал, 33 аж ахуйн нэгж, байгууллага, хорооны ажилтан албан хаагчид болон иргэд идэвхитэй оролцсон байна. Харин “Мон тээх”, “Алон”, “Тэлмэн Оргил”, “Сорлог сүрэг” зэрэг  аж ахуйн нэгж байгууллага их цэвэрлэгээнд оролцоогүй аж.

Categories
мэдээ нийгэм

“ДЦС-3”-ыг өргөтгөн, туршиж эхэллээ

”ДЦС-3” ТӨХК-ийг үе шаттайгаар шинэчилж, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгох зорилгоор Шинэчлэлийн Засгийн газар тогтоол гаргаж,  “Дулааны III  цахилгаан станц” ТӨХК-ны суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөхөөр шийдвэрлэсэн юм.

Энэ тогтоолын дагуу төслийн ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компани шалгарч өнгөрсөн оны долдугаар сард ажлаа эхэлсэн юм. 

Чингис бондын хөрөнгө оруулалтаар Хөгжлийн банкны З5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд үндсэн барилгыг өргөтгөх, хөргөлтийн цамхаг, эргэлийн усны төхөөрөмж шинээр барих 50 МВт-ын турбин-генератор шинээр суурилуулах, цахилгааны хуваарилах байгууламж , трансформатор суурилуулах, дулааны сүлжээний ус халаах байгууламж барих болон бусад тоноглолын барилга угсралтын ажлуудыг үндсэндээ хийж дуусчээ.

Өнөөдөр Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв болон ЭХЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга нар, Диспетчирийн үндэсний төвийн удирдлага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч хариуцсан мэргэжилтнүүд “Дулааны III  цахилгаан станц” ТӨХК-д очиж төслийн явцтай газар дээр нь танилцаж,  50 МВт-ын турбин-генераторыг асааж, туршилт тохируулгын ажлыг эхлүүлсэн байна.

“ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдсэнээр нийтдээ Багануур дүүргийн орон сууцны хороололд оршин суудаг айл өрхийн хэмжээнд дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэх аж.

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв “ДЦС-3” ТӨХК –д ажиллах үедээ тус станцын удирдлага, төслийн нэгжийн хамт олонд болон гүйцэтгэгч компанийн холбогдох хүмүүст туршилт тохиргоог анхнаас нь горимын тохиргооны дагуу тогтмол хянаж ажиллахыг үүрэг болголоо. Суурилагдсан тоног төхөөрөмжтэй ажиллах инженер техникийн ажилтнуудыг богино хугацаанд сургаж дадлагажуулахыг гүйцэтгэгч компани БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компанитай хамтран богино хугацааны дадлага сургалтыг Хятадын ижил төрлийн ДЦС дээр зохион байгуулахыг дэд сайд Д.Доржпүрэв хүслээ. 

ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөлийг албан ёсоор хүлээн авах ёслол энэ сарын 16-нд болох юм байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болно

МАН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн маргааш, нөгөөдөр хоёр өдөр Тусгаар тогтнолын ордноо болно.  Зөвлөгөөний нээлт маргааш 09.40 цагт эхлэх бөгөөд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нээж үг хэлэх ба МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, МАН-ын УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт нар тайлан илтгэл тавих юм байна. Тус намын XXVII Их хурлаас гаргасан шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэх, эв нэгдлийг эрхэмлэж, гишүүд дэмжигчид, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний итгэл дэмжлэгийг нэмэгдүүлэн, ард түмэнтэйгээ хамтарч ажиллах чиг үүргийн чухалчилсаны дагуу намын удирдах ажилтны зөвлөгөөнийг хийх шаардлагатай байгаа гэлээ.

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын удирдлагуудаас гадна  21 аймаг, есөн дүүргийн нийт 500 гаруй намын удирдах ажилтан оролцоно.  Намын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнгөрсөн жил Дархан-Уул аймагт болсон бөгөөд энэ жил “Нэг зорилго, нэг баг” уриан дор зохиогдох аж. Зөвлөгөөнөөр шинэчлэлийн бодлого, эв нэгдлийг эрчимжүүлэхэд түлхүү чиглэнэ гэж зохион байгуулагчид онцоллоо.