Categories
мэдээ спорт

Өсвөрийн хөлбөмбөгчид өрсөлдөж байна

  Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй өсвөрийн улсын
аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (09.09) Цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Тэмцээний гурван насны (U-13, U-15, U-17) ангилалд хөвгүүдийн 37, охидын
25 багийн нийт 892 тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний аваргууд энэ
сарын 13-нд өндөрлөнө гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/MongolianFootballFederation -с аваарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Батбаяр сайдын далд хүч нь ивээгээд байгаа юм болов уу?

Эдийн засгийн хөгжлийн  сайд Н.Батбаярыг огцруулах тухай яригдаад удлаа. УИХ-аар огцруулах асуудал хэлэлцэгдэх байсан ч  хоёр ч удаа хойшлогдов. УИХ энэ удаа шийдэхэд амаргүй асуудалтай тулгарав бололтой. 

Хэвлэлийнхэн мань сайдыг бөө гэдэг. Бөөгийн зан үйл хийдэг энэ тэр  гээд багагүй шүүмжлээд авсан. Өөрөөс нь асуугаагүй болохоор үнэхээр бөө эсэхийг нь батлаж чадахгүй. Үнэхээр бөө бол УИХ-ын гишүүд айхгүй ч аягүй гэдгийн үлгэр болов. Хэрэв мань бөөг огцруулчихвал ард нь байгаа Монголын арван мянган бөө хэц хэнгэрэгээ шүүрээд, өдөр шөнөгүй буугаад, манай муу гишүүдийг хэцүүдүүлэх юм биш байгаа. 

Гишүүний зам мөр, дараагийн сонгуулиар дахин нэр дэвших энэ тэрд нь баахан бөө нар саад болчих вий. Ийм их далд хүчний эсрэг хөөрхий гишүүд зогсох хэрэгтэй болох нь.

Бөө хүчтэй эсэхийг УИХ-ын гишүүд ийнхүү биеэрээ мэдрэх болоод байна. Тийм ч учраас эдийн засгийн хямралын гол буруутнаар тодруулаад, баалж, муулаад байгаа хүнээ барьж авахаас халгаад байгаа бололтой. 

Б.Эгшиглэн      

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар Монгол банкны Ерөнхийлөгчийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана

С.Ганбаатар нарын УИХ-ын бие даагч гишүүд УИХ-ын даргад хандаж Монгол
банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг ажилдаа хариуцлаггүй хандсан, мөнгөний
бодлогыг алдаатай хэрэгжүүлсэн учраас огцруулах ёстой гэсэн шаардлагыг
хүргүүлсэн билээ. Харин үүнд УИХ-ын тамгын газраас хууль зүйн тайлбар
хүргүүлжээ. Тодруулбал УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга
Б.Болдбаатарын хүсэлтийн дагуу УИХ-ын хууль эрх зүйн экспертийн
албанаас дүгнэлт гаргаж “Монгол банкны Ерөнхийлөгчийг хуульд заасны
дагуу зөвхөн УИХ-ын дарга чөлөөлөх санал гаргаснаар асуудлыг хэлэлцэх
боломжтой” гэсэн хариуг хүргүүлсэн байна. Ингэснээр Монгол банкны
Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар
хэлэлцэхгүй болж байгаа юм. Харин С.Ганбаатар гишүүн үүнийг Үндсэн хууль
зөрчсөн гэж үзэж байгаа тул Монгол банкны ерөнхийлөгчтэй холбоотой
асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Шилэн дансны тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  Шилэн дансны тухай хуулийн төслийг дахин боловсруулсанаа өргөн барилаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр /2013-2017/-ийн 2.11-д “Төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн байдлын ил тод “Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлнэ”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 176-р зарлигаар батлагдсан “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг”-т уг хуулийн төслийг боловсруулах зорилтыг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр лүү” санаачилгыг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 52/32 дугаар зөвлөмжид үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Өнөөгийн төсвийн удирдлагын тогтолцоо нь Засгийн газраас шууд хамаардаг, хэт төвлөрсөн шинжтэй бөгөөд орон нутаг дахь засаг, төрийн төлөөлөгч болсон Засаг даргын эрх хэмжээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээнээс давж хурлын зүгээс хуульд заасны дагуу хяналт тавих боломж үндсэндээ алдагдсан байна. Иймд хяналтын сул орон зайг нөхөж, иргэний нийгмийн үндсэн нэгж болсон иргэдийн хяналтын тогтолцоог хөхиүлэн дэмжих замаар татвар төлөгч төсвийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн тогтолцоог иж бүрэн бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Энэхүү хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх шилэн дансны тогтолцоог бүрдүүлж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл батлагдсанаар улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзэж буйгаа дуулгасан хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар юу хэлэлцэв

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндсэн чиглэлийн төслийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, засаглал, эрх зүйн орчин, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 91 бодлогын арга хэмжээтэй бөгөөд эдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, үр дүн, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, бусад хөтөлбөр, бодлогын баримт бичгийн уялдаа болон зорилт, арга хэмжээг хариуцах яам, байгууллагыг мөн тусгажээ. Үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан гишүүн санал хэлээгүй учраас санал хураалт явуулж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учраас чуулганы хуралдаанд шилжүүллээ.

Үүний даа Уагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хэсэг Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулан тухай УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны 27-р тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж ажлын хэсэг санал оруулсныг УИХ-ын Д.Ганбат танилцуулсан юм.  Ажлын хэсгийн санал буюу Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн саналаар санал хурааж, байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ. Ингэснээр Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн саналтайгаар УИХ-ын чуулганы хуралдаанд төслийг шилжүүллээ. Мөн төслийн нэрийг Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай гэж өөрчлөхийг гишүүд мөн дэмжсэн юм.  

Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

Үхрийн мах кг нь 8500 төгрөгийн үнэтэй байна

Сүүлийн үед тэнгэрт хадаад байсан махны үнэ бага ч гэсэн тогтворжиж байна. Учир нь урин дулааны цаг ирж мах элбэгшсэнтэй холбоотой төдийгүй нөөцийн мах элбэг байгаатай холбоотой аж. Ямартай ч “Шонхор” захад сүүлийн хэдэн өдөр махны үнэ 500-1000 төгрөгөөр бууж хямдарчээ. Тодруулбал, үхрийн цул болон ястай мах кг нь 8000-8500 төгрөг бол хонины цул мах кг нь 8000 төгрөг, ястай нь 7500 төгрөг аж. Ямааны мах кг нь 6500 төгрөг бол адууны цул мах кг нь 6000 төгрөг. Ястай ямааны мах кг нь 5800 төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл тэмээний мах кг нь 6400 төгрөгийн үнэтэй байна.

Э.Анужин

Categories
мэдээ нийгэм

Монгол төмс кг нь 1000 төгрөгөөр худалдаалагдаж байна

Зарим томоохон худалдааны төв болон захуудаар шинэ ургацын төмс, хүнсний ногоо зарагдаад эхэлжээ. Тодруулбал, “Шонхор” захад Монгол төмс кг нь 1000-1200 төгрөг бол лууван кг нь 2000 төгрөг гэж байна. Харин Хятад лууван кг нь 1500 төгрөг аж. Манжин кг нь 1500, сонгино кг нь 1200, байцаа кг нь 1200 төгрөгийн үнэ худалдаалагдаж байна. Харин сармис  кг нь 3500 бол боодол нь 1000 төгрөг аж. Кг-ын өргөст хэмх кг нь 3500 бол улаан лооль кг нь мөн 3500 төгрөг байна. Харин нарийн ногоо болох улаан, ногоон, шар чинжүү кг нь 3000-3500 төгрөгийн үнэтэй аж.

Э.Анужин

Categories
мэдээ нийгэм

Цагаан будаа 2000 төгрөгийн үнэтэй байна

Дэнжийн 1000 дахь “Шонхор” худалдааны төвд зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүний үнийг сонирхлоо. Тус захад “Алтан тариа”, “Улаанбаатар”, “Милл хаус”, “Атар” зэрэг компанийн нэгдүгээр гурил 25 кг нь 21000-22000 үнэтэй бол кг нь 880-900 төгрөгийн үнэтэй. Хоёрдугаар гурил 750-800 төгрөгийн үнэтэй. Харин цагаан будаа 25 кг нь 48000 төгрөг бол нэг кг нь 2000 төгрөгийн үнэтэй байна. элсэн чихэр кг нь дунджаар 1600 төгрөгийн үнэтэй. Хөц будаа кг нь 1500 төгрөг, гурвалжин будаа-2000 төгрөг юм байна.  Харин шар будаа 1700 төгрөг бол савхан болон 5 кг-аар савласан гоймонгууд 2600-3000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Тэгвэл наран цэцгийн буюу ургамалын тос үйлдвэрээсээ хамаарч мөн л 2600-3000 төгрөг ажээ. Давс нэг кг нь 500 төгрөг бол 500 грамм нь 250 төгрөг гэж байна. 

Э.Анужин 

Categories
мэдээ нийгэм

Траншейнаас цогцос олджээ

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Энэрэл” эмнэлэгийн урд 39 дүгээр байрны хажууд траншейнд хүн унаж нас барсан талаар цагдаагийн газарт дуудлага иржээ. 

Дуудлагын дагуу  Аврах ангийн аврах шуурхай салбарын бүлгийнхэн очиж ажиллахад нэр хаяг тодорхойгүй 40 орчим насны эрэгтэйн цогцос байсныг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баялаг бүтээгчдийнхээ эцсийн зоосыг шавхах социалист уралдаан

Татварын байцаагчдыг орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлбэл мөнгөн дүнгийнх нь 30 хувьтай тэнцэх төгрөгөөр шагнадаг гэнэ. Мөнгөнд дургүй хэн байхав. Бүгд л орлогын төлөвлөгөөгөө ахиулан биелүүлэх социалист уралдаанд улаан тугаа ман­дуулаад идэвхийлэн оролцдог байж таарна. Төр нь “Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн эцсийн ганц зоосыг ч үлдээлгүй сэгсэр” гэсэнтэй агаар нэг урамшуулал амлачихаар ёстой нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж гардаг гэ¬дэгт эргэлзэх юм алга. Чө¬лөөт зах зээлийн энэ цагийн өнгөнд бол ойлгохын аргагүй урамшуулал. Татварын бай­цаагч­дад хэдэн саяар нь өгч байгаа урамшууллыг эрхэм төр халааснаасаа мөнгө гаргаад өгнө гэж байхгүй. Тэгээд ч төрд мөнгө байхгүй. Мөнгө олдог, баялаг бүтээдэг газрыг төр гэдэггүй, компани гэдэг. Төр бол баялаг бүтээгч¬дийнхээ мөнгөөр амь зуудаг л нэг байгууллага. Сургууль, цэцэрлэг шиг. Тэгэхээр со¬циа­лист уралдаанд ялсан байцаагчдыг баялаг бүтээгч¬дийн, та бидний олсон хэдээ¬сээ өгсөн мөнгөөр шагнадаг  гэсэн үг. 

 Гэтэл улсын төсөвт олс­ны¬хоо овоо хэдийг өгч төрийг түмэнтэй  юутай хээтэй нь тэжээж байгаа татвар төлөгчдөд ямар урамшуулал байдаг билээ.  Үсрээд л тат­варын байгууллагаас шилдэг татвар төлөгч гэсэн жаазтай бичиг өгдөг. Өөр урамшуулал энэ тэр огт байдаггүй. Ха­рин ч урамшуулахын оронд шийтгэхээ нэгдүгээрт тавьдаг нь нууц биш. Сүүлийн жи¬шээ гэхэд л АТГ-ын хар дан­санд орсон бизнесмэний тоо гэрлийн хурдаар өсч байгаа. Иргэд нь “муусайн баячууд” гэсэн соц үеийн сэтгэлгээнээсээ одоо ч салаагүй. 

Зах зээл хөгжсөн, тэр жа¬маараа дажгүй урагшилж яваа улсуудад бол бизнесмэнүүдээ дэмжсэн бодлого явуулдаг. Татвар дээр гэхэд л айхавтар улсууд бизнесээ эхэлж яваа хэддээ өсч томрох боломж өгдөг. Нөгөөдүүл нь томорч чадвал улс нь ядах юмгүй сэхээд ирнэ гэдгийг мэддэг учраас тэр.  Гэтэл манайд эсрэгээрээ компани байгуулж бизнес эхэлсэн цагаасаа төрийн төмөр нүүртэй тулдаг. Уг нь манайх шиг зах зээлийг сонгосон улсад татварыг  бизнесээ дэмжсэн тэтгэсэн агуулгаар хөгжүүлдэг юм билээ. Хөгжингүй орнуудыг хараад байхад татвар дээр үр хүүхдээ хайрлаж өсгөснийхөө дараа хариуцлага нэхдэг  эцэг, эхийн хандлага, жишгийг барьдаг юм билээ. 

Тэгэхээр татвар дээр сэт­гэл­гээгээ өөрчлөх цаг болжээ. Эхлээд татвар төлөгчдөө дайсан мэт харахаа больё. Төр, түмний  хэн хэн нь. Адалж харж, байцааж шийт¬гэхийнхээ оронд улсын хөгж¬лийг нуруундаа авч яваа, төр, түмнийг тэжээж байгаа баялаг бүтээгч гэсэн өнцгөөс харж яагаад болохгүй гэж. Тэгж байж л улс хөгждөг. Ингэхгүйхээр урагшилсан түүх цэнхэр гаригийн хаана ч байдаггүй. Шагнадаггүй юмаа гэхэд хамгийг нь хамах социалист уралдаанаа ядаж болимоор байх юм. 

Ц.БААСАНСҮРЭН