Categories
мэдээ нийгэм

Зуун айлд гүүрэн гарц барина

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй газруудад явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц барьж эхэлсэн. Энэ жил Нийслэлийн Автозамын газар хоёр байршилд гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 айлын орчимд буюу Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн автобусны буудлын дэргэд гүүрэн гарц барихаар болсон байна. Зуун айлын гүүрэн гарцыг барих ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ” ХХК ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд нөгөөдөр буюу  12-ны шөнийн 00:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд 100 айлын уулзвараас зүүн тийш автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг хааж, гүүрэн гарцын дам нурууг байрлуулахаар болсон байна. Харин гүүрэн гарцыг энэ сарын 30-нд ашиглалтад өгөх аж.

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Сан-Паулу хотын нийтийн тээврийнхэн цалингаа голов

Өнөөдөр Сан-Паулу хотын нийтийн тээврийн ажилчид тэр дундаа метроны ажиллагсад болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болов. ДАШТ-ий эхний тоглолт болох энэ хотын нийтийн тээврийнхэн цалингаа 12% нэмэхийг шаардаж байгаа бөгөөд  шаардлагыг эс биелүүлбээс удаан хугацаанд ажил хаяна, цэнгэлдэх рүүгээ явган яваарай хэмээн айлгаад байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Цагаан ордонд байхдаа өрөнд орсон гэнэ

2001 онд Билл Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлаа өгсөн билээ. Хиллари Клинтон энэ тухайгаа дурсан ярихдаа  “Манайх Цагаан ордонд ирэхэд ямар ч мөнгөгүй байсан. Тиймээс барьцааны мөнгөө төлөх,  охиныхоо сургалтын төлбөр гээд нэлээд хэцүү байсан. Харин Цагаан ордноос  явахад мөнгөгүй төдийгүй өрөнд орсон ” гэжээ. Тиймээс ч төрийн тэргүүний ажлаа өгснөөсөө хойш Б.Клинтон төлбөртэй лекц унших болсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх  Билл Клинтон 106 сая ам.долларын ашиг олжээ. Хиллари Клинтон ч Төрийн нарийн бичгийн бичгийн даргын ажлаа өгсөнөөсөө хойш санхүүгийн байдал нь илт сайжирсан аж. 

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд жолооны үнэмлэхээ гардан авлаа

Монголын анхны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Цаг үргэлж” авто сургууль анхны төгсөгчдөө бэлтгэжээ. Тэд өнөөдөр төгсөгчиддөө сургууль дээр нь үнэмлэхийг нь гардуулж өгсөн юм. Тус сургуулийг нийт 18 хүн төгсчээ. Өмнө нь манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд машин барихыг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Түүнчлэн тэдэнд  зориулан тоноглосон машин байгаагүй аж. Харин “Цаг үргэлж” авто сургуулийн захирал А.Цэрэнпунцаг хоёр машиныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургахад зориулж тоноглосноор тэдэнд сурч, жолоо барих боломжийг нь бүрдүүлсэн юм. Тус сургуулийн сургалт өнгөрсөн гуравдугаар сараас эхэлжээ. Цаашид ч тогтмол үйл ажиллагаа явуулах аж. 

Э.Номин 

Categories
гадаад мэдээ

“Боко-Харам” дахин эмэгтэйчүүд хулгайлжээ

Нигерт дэх “Боко-Харам” лалын бүлгийнхэн дахин эмэгтэйчүүд хулгайлсан тухай мэдээллээ. Тус улсын хойд нутагт орших Чибок хотын ойролцоох газраас 20 бүсгүйг хүчээр авч явжээ. Гэрчийн ярьснаар цэргийн хувцастай зэвсэглэсэн хүмүүс буу тулган эмэгтэйчүүдийг хүчээр машинд суулгасан гэнэ.

“Боко-Харам” нь үүний өмнө 200 гаруй сургуулийн сурагчийг хулгайлсан. Тэднийг чухам хаана барьцаалж байгааг  одоо болтол тогтоож чадаагүй байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт галзуу чоно айлын мал руу дайрчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Шар хоолой”, “Ёлтын даваа”-ны орчимд нутагладаг айлуудын мал руу энэ сарын 6-ны  өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 чоно дайрч мал урсан байна. Улмаар НОБГ-аас чоныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд тус дүүргийн Засаг даргын 2014.06.09-ний өдрийн А/260 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоож, 22 нохой, 6 муур устгаж ариутгал халдвэргүйжүүлэлт хийгээд байна.

Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Д.Ганхуяг Бразилд айлчилж байна

 Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад хийж буй айлчлал 2014 оны 6 дугаар сарын 9-нд Бразилийн Гадаад харилцааны сайд Луиз А. Фигуэйрэдотой уулзсанаар эхэллээ.

Дэд сайд Д.Ганхуяг уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Л.Болдын мэндчилгээг уламжлаад Монгол, Бразилийн харилцаанд монголын тал чухал ач холбогдол өгдгийг нотлон хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан санал солилцов. Сайд Л.Фигуэйрэдо хоёр орны харилцааг өргөжүүлэх өргөн бололцоо буйг онцлоод Монгол Улс Бразилд ЭСЯ-аа нээж буй нь харилцаанд шинэ хуудсыг эхлүүллээ хэмээн мэдэгдэв. Талууд 2007 оноос хойш зохион байгуулж ирсэн ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт нь үр дүнтэй механизм болж чадсан гэж дүгнээд улс төрийн яриа хэлэлцээг дээд, өндөр түвшинд ч явуулж байх боломжийг эрэлхийлж ажиллахаар ярилцав.

Үүний дараа Д.Ганхуяг айлчлалын хөтөлбөрийн дагуу Гадаад харилцааны дэд сайд Хосэ А. Г. Лиматай хамтран ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг удирдан хийв. Монголын талаас Монгол Улсаас НҮБ-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч, Америк, Африкийн газрын захирал Б.Чулуунхүү нарын ГХЯ-ны төлөөлөгчид, бразилийн талаас тус улсын ГХЯ болон Геологи, уул уурхай, эрдэс боловсруулалтын яам, Спортын яам, Боловсролын яам, Хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, худалдааны байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцсон уг уулзалтаар харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшний ололт амжилтыг дүгнэн цаашид өргөжүүлэн хөгжүүлэх салбар, чиглэл, арга замын талаар санал солилцов.  

Талууд хоёр орны Засгийн газар хооронд байгуулахаар тохирсон спорт, боловсролын салбарт тус тус хамтран ажиллах тухай, хоёр орны бүх төрлийн паспорттай иргэд тодорхой хугацаанд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрүүдийн ач холбогдлыг онцлон ярилцаад Бразилийн хууль, журмын дагуу гарын үсэг зурах эрхийн асуудал шийдэгдмэгц ойрын хугацаанд байгуулахаар тохиров.    

Мөн уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэх үүднээс холбогдох яамд хоорондын хэлхээ холбоог дэмжих, харилцан айлчлал хэрэгжүүлэн туршлага солилцоход бэлэн буйгаа талууд цохон тэмдэглэв. Түүнчлэн олон улсын байгууллагын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалаа улам бататган хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Дэд сайдын айлчлал 6 дугаар сарын 10-нд Бразилийн Конгресс дахь Бразил, Монголын бүлгийн удирдлага, гишүүдтэй уулзах, тус улсын Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх судалгааны корпорацид зочлох зэргээр үргэлжилнэ. 

Categories
мэдээ нийгэм

Багануурт живсэн хүүгийн цогцсыг Хэнтий аймгаас олжээ

Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар Хэрлэн
голын усанд 17 настай, эрэгтэй осолдсон гэсэн дуудлагыг НОБГ-т Эх
үрсийн баяраар буюу энэ сарын 1-ний өдөр өгсөн. Улмаар Онцгой байдлын
хэлтсийн 9 албан хаагч, 1 автомашинтайгаар, нийслэлийн Онцгой байдлын
газрын Аврах ангийн эрэх хайх аврах салбарын 6 албан хаагч, 1
автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг 6 хоног зохион байгуулж энэ сарын
06-ны өдрийн 14:41 цагт Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум Согоот бригадын
нутаг Баянгол амралтын газрын зүүн урд Хэрлэн голын уснаас цогцсыг олж
дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.Урин дулааны
цаг ирэхээр иргэд аль болох голын эрэг хавиар амарч зугаалахыг хүсдэг.
Тэгвэл энэ үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулсанаас
усанд осолдох тохиолдол гардаг. Тиймээс НОБГ-аас иргэд дор бүрнээ
анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Орос гурав дахь эмэгтэй нисэгчээ сансарт хөөргөнө

Оросууд гурав дахь эмэгтэй сансрын нисэгчээ ирэх есдүгээр сарын 25-нд
“Союз ТМА-14 М” хөлөгөөр хөөргөхөөр бэлтгэж байна. Энэ бүсгүй бол Елена
Серова юм. Түүнтэй хамт Александр Самкутяев, Америкийн Барби Уилмор нар
нисэхээр болжээ. Елена Серовагийн орлон нисэгчээр Анна Кикиня сонгогдсон
байна. Серова нь Сочигийн өвлийн олимпод Оросын далбааг өргөж явах
таван сансрын нисэгчийн нэгээр сонгогдож байжээ.

Categories
мэдээ спорт

“Найрамдал-2014” дугуйн аялал эхэллээ

Монгол-Буриадын нутгаар дайран өнгөрөх “Найрамдал-2014” дугуйн спорт
аялалынхан аялалдаа гарлаа. Энэ сарын 1-ээс Сүхбаатар аймгийн Баруун-Урт
сумаас гараагаа эхэлсэн “Шилийн богд” дугуйн клубийнхэн өчигдөр
нийслэлээс хөдөллөө.

Аялалыг ССАЖЯ, МҮОХ, МАЯСАХ, Монголын дугуйн холбоо, Сүхбаатар аймгийн
ИТХ, Засаг даргын тамгын газар, ССАЖГ-ын хамт олон дэмжин ажиллаж байна.

“Найрамдал 2014” дугуйн аялал энэ сарын 1-нээс Сүхбаатар аймгаас
эхэлсэн бөгөөд Монгол-ОХУ-ын нутгаар хоёр сарын турш үргэлжилнэ. Монгол
Улсын нутгаар 2100 км, ОХУ-ын Буриадын нутгаар 1500 км замыг тус тус
туулах аж. Аялалын маршрутыг Монголын адал явдалт спорт аялалын холбооны
удирдлага, шүүгчийн зөвлөл баталсан байна. Сүхбаатар, Хэнтий,
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгийн нутгаар аялж,
Ханх-Мондын боомтоор хил нэвтрэх аж. Аялалын багийнхан Буриадын Түнхийн
район, Байгаль нуур хүрч, улмаар Улаан-Үд хотноо очиж, буцахдаа Дорнодын
Эрээнцаваар хил нэвтэрч, Сүхбаатар аймагт ирснээр аялалаа өндөрлүүлнэ.

Энэхүү дугуйн аялалыг МҮОХ-ны гишүүн, Сүхбаатар аймгийн Биеийн тамир,
спортын газрын дарга, дугуйн аялалын “Шилийн Богд” клубын тэргүүн,
дугуйн спортын мастер Ш.Энх-Амар ахалж байгаа бөгөөдорчуулагч
Намжилсамбуугийн Гантөмөр, техникч засварчин Мэндбаярын Бямбадорж, залуу
тамирчин Батсайханы Тэгшбаяр, Энхмөнхийн Мөнх-Эрдэнэ нарын тамирчид
багтаж буй. Багийн гишүүд олон жил дугуйн спортоор хичээллэж, улсын
аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль авч байсан, холын замд
дугуйгаар аялж байсан дадлага туршлагатай тамирчид юм. Буриадын талаас
мөн тодорхой тооны тамирчид оролцох аж.