Categories
мэдээ нийгэм

Үндэсний үзлийн талаар эрдэмтэн судлаачид хэлэлцэж байна

 “Үндэсний үзэл-Үндэстэн улсын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” танхимд болж байна. Шинжлэх ухааны академи, Монгол үндэсний ардчилсан нам хамтран зохион байгуулж буй уг хэлэлцүүлгийг нээж Монгол үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайхан үг хэлэв. Тэрбээр “Иргэншил ба үндэстэн, төр улс” илтгэлээ танилцуулсан байна.  

Энэ удаагийн арга хэмжээнд ШУА, МҮАН, МУИС зэрэг байгууллагаас холбогдох эрдэмтэн, судлаачид оролцож байгаа бөгөөд “Монгол иргэншил, Монгол Улсын хөгжлийн хандлага”, “Үндэсний үзлийн мөн чанарын асуудалд”, зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алдарт уяач Д.Ууганбаяр унаач хүүг морин дээрээс нь үсдэж буулгаад зоджээ

-Сунгаанаас түрүүлж эргэлээ гэж уурсахдаа унаач хүүхдийг бэрттэл нь зодсон байна-

Хөхөө өвлийн хүйтэнд хуруун чинээ хүүхдээр хурдан морь унуулж зугаагаа гаргадаг уяачид одоо бяцхан үрсийг минь зодож, бахаа хангадаг болжээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр аймгийн алдарт уяач Д.Ууганбаяр гэгч унаач хүүг сунгааны гараанаас дутуу эргэлээ гэж морин дээрээс нь үсдэж буулгаад өшиглөн зоджээ. 

Дорнод аймгийн Матад сумын төвд зургадугаар сарын 1-ний өдөр аймгийн алдарт уяач Д.Ууганбаяр уяаныхаа морьдыг сунгаанд уралдуулахаар болж. Сунгаанд тэдний уяаны голдуу 18 морь уралдсан байна. Хохирогч С тухайн үед Д.Ууганбаярын морийг унаагүй, харин саахалтынх нь хурдыг унаж явсан аж. Ингээд сунгааны гараанаас уралдаад барианд ойртох үед Д.Ууганбаяр жийп машинтайгаа давхиж ирээд үгийн зөрүүгүй хүүг морин дээрээс нь үсдэж буулгаад, өшиглөж зоджээ. Д.Ууганбаярын уурсч, жаахан хүүхдийг зодож, тамласан шалтгаан нь сунгааны гараанаас дутуу эргэлээ гэдгээс үүдэлтэй. Хүү ч “Дутуу эргээгүй. Бүгд зэрэг эргэсэн шүү дээ” гэж тайлбарлаад дахиж зодуулсан байна.  Зургадугаар сарын 1-нд Матад суманд бүгчим халуун өдөр байсан. Халуунд хаа холоос уралдаж ирээд зодуулж, тамлуулсан хүү тухайн үед ухаан алдсан талаар хүмүүс ярьсан. 

Д.Ууганбаяр гэгч хэн бэ?

Сумын сунгаанд дутуу эргэлээ гэж өөрийнхөө охинтой чацуу хүүг нэвширтэл зодсон аймгийн алдарт уяач өдгөө “Сонин хэвлэлээр нэр хүнд гутаавал эргээд заргалдана шүү” гээд зарга хийгээд давхиж явах юм. Алдар хүндээ тэргүүнд тавьж байгаагаас өөрт нь зодуулсан хүүгийн биед санаа зовж байгаа шинж алга. 

Д.Ууганбаяр Дорнод аймгийн Алдарт уяач цолтой. Бас Матад сумын заан цолтой. Дунд эргэм насны эр. Том биетэй, нутгийнхны яриагаар бол сумын атаман аятай юм. Д.Ууганбаяр дөрвөн хүүхэдтэй. Том охин нь зодуулсан С хүүтэй чацуу. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тэдний хүүхдүүд аймгийн төв рүү баяраа тэмдэглэхээр явсан байж. Хохирогч хүү цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөлдөө “Надтай адилхан хүүхэдтэй байж ингэж зодсонд гомдолтой байна” гэсэн байна лээ. Үнэхээр ч хүний хүүхдийг жилийн дөрвөн улиралд шахам морь унуулж, талхилчихаад баяр наадмаар үгээр байсангүй гэж зоддог, гарынхаа чилээг гаргадаг алдарт уяачдын нэг нь Д.Ууганбаяр гэдгийг нутгийнхан нь ярьсан. 

Д.Ууганбаяр зуны улиралд ихэвчлэн баруун аймгуудын наадам хэсдэг. Түүний Гоё саарал нь 2011 онд Дорнод аймгийн 80 жилийн ойд шүдлэн насандаа гуравт давхиж байжээ. Үүний дараа аймгийн Алдарт уяач цол хүртсэн байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд болсон Хатагины хар сүлд цэнгүүлэх Их тахилгад түүний бор соёолон түрүүлж байсан юм. Дорнод аймгаар овоглодог Алдарт уяач Д.Ууганбаяр аймаг, сумынхаа уяачдын холбоонд бүртгэлгүй юм билээ. Уяачдын холбооны хуралд оролц гэсэн нутгийнхаа нэгнийг зодож тэр хавьдаа хэл ам болж байсныг нутгийнхан нь ярьсан. 

Хүүгийн ээж н.Ганчимэг: Ууганбаяр заанд гомдолтой байна

Хохирогч хүү аймгийн төвд гурав хоног эмчлүүлжээ. Түүний өвөө “Хүүхэд юм болохоороо тоглоод л гүйж явна. Хамар нь мурийчихсан байгаа. Дахиж морь унахгүй биз дээ. Томчууд чинь хүүхдээр зугаа цэнгэл хийхдээ гаршчихсан байдаг бололтой юм. Дутуу эргэлээ гээд бариад зодчихсон байна. Цагдаагийн байгууллага тэр нөхөрт хариуцлага тооцно биз дээ” гэлээ. 

Хүүгийн ээж н.Ганчимэгтэй утсаар холбогдож ярилцлаа.

-Хүүгийн тань бие гайгүй юу?

-Хамрынх нь яс цуурч, мурийсан байна лээ. Эмнэлгийн дүгнэлтийг цагдаагийн байгууллагад өгчихсөн байгаа. Гурав хоног хамрандаа чихээс хийлгээд эмнэлгээс гарсан. Одоо аймгийн төвд байгаа. 

-Олон жил хурдан морь унаж байгаа хүүхэд үү?

-Хүү минь долдугаар ангид орно. Долоон жил хурдан морь унаж байгаа юм. Жижиг биетэй болохоор энэ жил бас хурдан морь унана гэж байсан юм.

-Одоо бол хурдан морь унахгүй гэж байна уу?

-Тэгж ярихгүй байгаа. Хүүхэд юм болохоор гомдох нь гайгүй бололтой.

-Аймгийн алдарт уяач Д.Ууганбаярын морийг унадаг байсан юм уу?

-Тэдний морийг унаж үзээгүй. Өөрийнхөө морьдыг унадаг байсан юм. Тэр өдөр (Зургадугаар сарын 1-нд) саахалт айлын морийг унасан юм билээ. Тухайн үед бид дэргэд нь байгаагүй. Сунгаанаас дутуу эргэлээ гэж л зодсон гэсэн. 

-Унаач хүүхдийн эрх зөрчигдөж байгааг ярьдаг ч уяачид хүүхдээр зугаагаа гаргасаар байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ч уяачид сунгаа хийж, хүүг тань зодлоо.

-Томчууд хүүхдээр зугаагаа гаргаж байгаа нь үнэн байх. Үнэндээ тэр өдөр хүүгийнхээ дэргэд байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Д.Ууганбаяр заанд гомдолтой байгаа. Тийм ч учраас цагдаагийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллага асуудлыг нэг талд шийдэх байх. Хүүг минь хөнгөвтөр гэмтсэн гэдэг дүгнэлт гарсан.  Гэхдээ сэтгэл санааны хохирол гэж бас бий байх. Өөрийнхөө хүүхэдтэй адилхан хүний үрийг барьж зодоод, өшиглөж тамлана гэдэг байж болшгүй авир баймаар юм. Гэтэл хүмүүсийн яриагаар бол хүүг минь айхавтар зодсон байна лээ. Азаар л хөнгөн гэмтсэн. Том биетэй, уур нь оволзчихсон хүн аминд нь хүрчихсэн бол яах билээ. Хот айлын сунгаа гэдэг чинь тийм том баяр наадам  уу. Сунгаанд дутуу эргэлээ гээд нялх амьтныг барьж зодно гэдэг санаанд багтахгүй юм гэлээ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Ази, Европыг холбосон эдийн засгийн чөлөөт бүсийг хөрөнгө оруулагчид сонирхож эхэллээ

Ази, Европыг холбосон эдийн засгийн томоохон бүс Алтанбулаг боомтыг худалдааны чөлөөт бүс болгох асуудал 1996 оноос яригдсан ч үйл ажиллагаа нь саяхнаас эхэлсэн. Тус чөлөөт бүсийн захирагчаар сар гаруйн өмнө томилогдсон Ч.Чимэдсүрэн ажил байдлынхаа тухай ийн өгүүлсэн юм. “Өнгөрсөн хугацаанд Алтанбулаг худалдааны чөлөөт бүс бий болгох ажилд нийт 23 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Үүний дийлэнх хувийг цэвэр, бохирын шугам, цахилгаанд холбох зэрэг дэд бүтцийн ажилд зарцуулсан. Гэхдээ энэ тоо бол ирээдүйд олох орлого, ашгийн маш бага хувийг эзлэх учраас үүнд санаа зовох хэрэггүй. Би уг ажлыг аваад удаагүй байгаа ч гэрээ, хэлцэл, бичиг, цаасны бүх ажлыг жин тан болгож амжлаа. Мөн худалдааны чөлөөт бүсийн хамгийн чухал зүйл болох боомтоор тусгаарлагдсан хоёр улсын хилийг хязгаарлаж байсан 30 метр хашааг буулгаж, чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь нээгээд байна. Зөвхөн энэ хашааг авч чадалгүй олон жилийн нүүр үзсэн байсан. Түүнчлэн чөлөөт бүсийн хаалга, тусгаарлагч, зам, мод суулгах, хашаажуулах гээд бусад зардалд тэрбум гаруй төгрөгийн ажил хийгдээд байна. Арай эрт томилогдсон бол Чөлөөт бүс байнгын ажиллагаанд шилжих үед өнөөдрийнхөөс өөр дүр төрхтэй байх байж дээ гэж бодогддог” гэв. Тэрбээр түүнчлэн “2015  онд ОХУ, БНХАУ-тай 100 тэрбум ам.доллартай тэнцэх худалдаа хийх стратегийн гэрээ  байгуулсан. Ирэх онд БНХАУ-ын Манжуур  хотод 20 тэрбум доллартай тэнцэх худалдаа  хийх юм. “Алтанбулаг” худалдааны чөлөөт  бүс ашиглалтад орсноор Манжуур хотын  худалдааны ачааллаас таван хувийг өөр  дээрээ авч, нэг тэрбум долларын худалдаа  хийнэ. Монгол Улс “Алтанбулаг” худалдааны  чөлөөт бүсээс 10 хувийн татвар авах тул ирэх  онд улсын төсөвт 100 сая доллар орж ирнэ. Манай улсын эдийн засаг ядруу байгаа энэ  үед дээрх 100 сая доллар гадаад валютын нөөцийн хомсдолыг арилгаж, эдийн засгийн  хямралыг давах хөшүүрэг болох юм. Тиймээс бизнес эрхлэгчид, пүүс компаниудыг чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулахыг  урьж байна. Одоогоор манай бүсэд нэг сая доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн найман аж ахуйн нэгж байна. Цаашид нэмэгдэх байх” гэсэн юм. Энэ нь зөвхөн эхлэл бөгөөд ирээдүйд Монголыг тэжээх томоохон бүс нутгийн нэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа  ч ярьж байв. 

Эхний таван жилд бараа бүтээгдэхүүнээс татвар авахгүй

Худалдааны бүсийг хөгжүүлэхдээ ойр орчмоор 15-20 мянган хүн амьдрахад зориулж суурьшлын бүс бий болгох юм байна. Суурьшлын бүсэд шаардлагатай  дэд бүтэц, газрын харилцаа асуудалгүй бол төр засгаас авто замын сүлжээнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа ажээ. Худалдаа, наймааг өргөжүүлэхэд жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцох нь нээлттэй, харин аж ахуйн нэгж байгууллагууд Захирагчийн ажлын албанд хандах хэрэгтэй гэнэ. Худалдаа, наймаа эрхлэгчдэд үзүүлэх гол таатай зүйл бол эхний таван жил хуулиар хориглоогүй зөвшөөрсөн бүх бараа, бүтээгдэхүүнийг нэг ч төгрөгийн татваргүйгээр худалдаалах боломжтой юм байна. 

Засгийн газраас “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд ОХУ-ын иргэд визгүй,  БНХАУ, Япон, БНСУ зэрэг гуравдагч орны  иргэд Монгол Улсаар дамжин өнгөрөх 10  хоногийн визээр зорчих журам баталжээ.  ОХУ-¬ын иргэд хилийн чанад дахь манай  улсын ЭСЯ, Консулын газарт зорчих хүсэлт  гаргах, бусад улсын иргэд дамжин өнгөрөх  виз хүссэнээр чөлөөт бүсэд нэвтрэх боломж бүрдэх аж. Чөлөөт бүсэд гадаадын иргэдийг нэвтрүүлэх журмыг хилийн чанад дахь ЭСЯ,  Консулын газарт хүргүүлжээ.

Д.Батбаяр: Цементний хамгийн том эрэлт ОХУ-д байгааг бид судалсан

Энэ үеэр Чөлөөт бүсийн захирагч болон бусад албан тушаалтантай уулзаж, цементний худалдаа хийхэд зориулсан барилгын зөвшөөрөл, холбогдох бичиг баримтаа цэгцлэхээр ирсэн “Алтан үрэл, энх трейд” компанийн ажилтан Д.Батбаяртай уулзлаа. 

-Үйл ажиллагаа нь эхлээгүй энэ бүсэд ямар учраас худалдаа хийхээр зорьж байна вэ. Ойрын хэдэн жилд ашиг өгөх болов уу?

-Бид Худалдааны чөлөөт бүс бий болгохоор ажиллаж байгааг жил гаруйн өмнө мэдэж, судалж эхэлсэн. Учир нь энэ бол маш том зах зээл. Тэгээд шаардлагатай бичиг, баримтуудыг зэхэж явсаар саяхнаас зөвшөөрлөө авлаа. Одоо бидэнд цемент агуулах байр, худалдаалах байраа барих ажил л үлдээд байна. Бид ирэх сарын 1 гэхэд ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд байна. Ашгийн хувьд бид тооцож үзсэн. Маш том эрэлтийн цэг дээр обьектоо байгуулах гэж байна. Хамгийн наад зах нь Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахаар барилга байгууламжаа барих аж ахуйн нэгж, байгууллагууд хямд, чанартай манай цементийг сонгоно. Мөн энэ бүсийг түшиглэн суурьшлын бүсийн орон сууц, худалдааны төвүүд, бусад барилга байгууламжид зардал багатай, хямд, чанартай цемент хэрэгтэй. Мөн ОХУ бол хамгийн гол эрэлт нь юм. Эхний ээлжийн 50 вагон цементээ нааш нь ачуулахад бэлэн болсон. 

-Энд худалдаа эрхлэхээр зэхэж байгаа хүн бүхэн л ОХУ-д гол найдвараа тавьж байна. Энэ нь хэр зөв шийдэл юм бол. ОХУ өнөөдрийг хүртэл Алтанбулаг боомтоор бараа бүтээгдэхүүнээ бараг оруулахгүй байна шүү дээ? 


-Бараа бүтээгдэхүүн оруулах тухай асуудал бол Засгийн газар, холбогдох газруудын хийх гол ажил. Гэхдээ хямд мөртлөө чанартай, олон төрлийн, сонголт сайтай бараа, бүтээгдэхүүн хаана байна хүмүүс тийшээ л явна. Зөвхөн цемент ч биш цахилгаан бараа, бусад эдлэл хэрэглэл ялангуяа модны бизнесийн ирээдүй энд хэдхэн жилийн дотор хөгжинө. Бид эрэлт байгааг нь судалсан. Томоохон хийгээд алсаа боддог бизнесмэн бүрийн алдаж болохгүй боломж гэдгийг хүн бүр мэдэж, хөдөлж эхлээд байна шүү дээ. 

-Барилга байгууламжаа барих зэрэг бусад ажилд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдахаар байна вэ. Мөн хаанахын цемент вэ?

-БНХАУ-аас цементээ оруулж ирдэг. Манай компани үйл ажиллагаа явуулаад долоон жил болж байна. Нийт зардалд урьдчилсан байдлаар 40 гаруй сая төгрөг зарцуулагдах байх. 

Энэ мэтээр нэлээд хэдэн аж ахуйн нэгж эхний бараагаа буулгаж, зарим нь зураг төслийн ажлаа хийж байсан юм. Энэ бүс нутагт хүнд хэрэгцээтэй юу байдаг бүх зүйлийг бий болгохоор зорьж байгаа юм байна. Чөлөөт бүсээс гадна зэрэглэл бүхий зочид буудлууд, зоогийн газар, үдшийн цэнгээний газрууд, брэндийн болон жижиг, дунд үйлдвэрлэл, машины эд, ангийн сэлбэг, үйлчилгээний бусад байгууллагыг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүний нэг нь хайрга, дайрга боловсруулах, замын боржур бэлтгэх үйлдвэр ажиллалаад эхэлсэн байна. Мөн япон, солонгос машины үзэсгэлэн худалдаа хийх байгууллага ч зөвшөөрлөө аваад байгаа гэнэ. Зөвшөөрлөө авсан болон байнгын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүд энэ долоо хоногийн сүүлчээс эхлэн талбайгаа эзэлж, зарим аж ахуйн нэгж барилга, байгууламжаа барьж, угсарч эхлэх юм байна. 

Мөн биднийг байх үед Дархан-Уул аймгаас Худалдааны чөлөөт бүсэд дэлгүүрийн нэг га газар авахыг хүссэн нэгэн иргэн ирсэн юм. О.Хосбаяр “Бид энд брэндийн хувцас, барааны дэлгүүр байгуулах сонирхолтой байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш зургаа дахь удаа энд ирж байна. Газрын зөвшөөрөл авахад нэлээд түвэгтэй байна. Учир нь, иргэн, аж ахуйн нэгж газар авах бол барьж, байгуулах зүйлийнхээ төслөөс гадна зарцуулагдах төсвийг харилцах дансанд байршуулж байж газрынхаа эрхийг авах юм байна. Энэ нь бас зарим шаардлагыг хангах ёстой. Тухайлбал, худалдаа, үйлчилгээний зориулалттай бол тэдэн давхар, тийм хэмжээтэй гэх мэт заалт орж байгаа бололтой. Энэ журмыг хараахан батлаагүй ч энэ нь жижиг бизнес эрхэлдэг энд худалдаа эрхлэх хүсэлтэй хүмүүст нэлээд өндөр шалгуур болоод байна. Гаднын томоохон бизнесмэнүүд ихэнх газрыг худалдан авсан гэх мэдээлэл ч байна” гэв. 

Чөлөөт бүсийг төмөр замаар холбовол хөгжил хэдэн жилээр урагшилна

Худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаа жигдрэхтэй холбоотой нэлээд асуудал шинээр хөндөгдөхөөс гадна томоохон саналууд ч ирж байгаа гэнэ. Тухайлбал, гадны нэгэн компани Алтанбулаг сумын урдхан талд нефть боловсруулах үйлдвэр байгуулах санал, төслөө ирүүлээд байгаа гэнэ. Энэ нь монголчуудыг хямд шатахуунаар хангах маш том боломж гэдгийг Захирагчийн албаныхан онцолж байв. Түүнчлэн Концессийн гэрээгээр 23.8 км төмөр замаар Худалдааны чөлөөт бүсийг төмөр замтай холбох асуудал нэлээд дэмжигдэж байгаа аж. Концессийн гэрээг баталсан тохиолдолд Худалдааны чөлөөт бүс төмөр замаар холбогдож, мянга мянган ачаа барааг галт тэргээр тээвэрлэж, худалдааны эргэлтэд оруулах нь өөрөө маш том зах зээл, боломж юм. 

Юутай ч бараг 20 жил дуншсан Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийг байнгын ажиллагааны горимд шилжүүлэхээр холбогдох хүмүүс цаг наргүй ажиллаж байна. Одоогоор барилга, байшин сүндэрлээгүй тал газар байгаа ч хэдхэн жилийн дараа Эрээн хотоос ч том эдийн засгийн бүс болох найдвар бий гэнэ. 

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Уяачид хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж эхэллээ

Яг нэг сарын дараа наадам болох нь. Улсын гарьд Б.Гончигдамбаар ахлуулсан Завхан аймгийн бөхчүүд нутагтаа бэлтгэлээ хангаж байгаа сураг дуулдсан. Харин уяачид уржигдраас наадамд уралдах хурдан морьдоо барьж эхэллээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Долоон гэх газар бий. Хотоос 60 гаруй км-ийн зайтай. Тэнд ихэнх уяач зусландаа буужээ. Өчигдөр гахай өдөр байсан болохоор уяачид хурдан мориныхоо ёслогоог хийсэн юм. Долооноос баруун урагш аймгийн алдарт уяач Н.Алтанхүүгийн уяа байв. Өглөө эрт очиход адуу руугаа явчихаж. Гэрийн эзэгтэй хүүхдүүдийнхээ хамтаар үлдсэн байв. Ёслогооны үеэр идээ будаа засдаг болохоор охид нь цай чанах, хоол хийх, сүүгээ хөөрүүлж өрөм загсаах гээд ажил ихтэй байлаа. Удалгүй Н.Алтанхүү тэргүүтэй залуус адуугаа туугаад хүрээд ирэв. Эдний уяа аль нэг галд хамаардаггүй ажээ. Тиймээс бие даан хурдан морио уядаг юм байна. Өнөө жил азарганаас бусад насны арав гаруй морь уяж байгаа гэсэн.

Ихэнх нь улсын наадамд уралдах битүү морь. Бас энэ жил Төв аймгийн олон сумын тэмдэглэлт ой тохиож байгаа болохоор тэдгээрт очиж уралдахаар төлөвлөж буй гэнэ.

Н.Алтанхүү морь уях эрдэм ухааныг ааваасаа өвлөж авсан гэнэ. Түүний аав Нанжид нутаг усандаа нэртэй уяач байж. 1997 онд улсын наадмын их насанд хонгор морь нь түрүүлж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж байсан түүхтэй. Бас 1998 онд хонгор даага нь улсад түрүүлж байжээ. Улсын наадамд түрүүлж байсан хонгор дааганы үр төл одоо уралдаж байгаа юм байна. Аав нь амьд сэрүүн байхдаа хүүдээ өөрийн морь уях арга ухаанаасаа зааж өгсөн, бас багаасаа хурдны морь унадаг байсан болохоор наадам дөхөөд ирэхээр нойр хоолоо умартдаг болоод удаж байгаа гэнэ. Тэрээр адуугаа хурааж ирээд энэ жил уях арваад морио барьж уялаа. Эднийхийг морио ёсолж байгаа сургаар тэр хавийн эрчүүд цуглажээ. Уяан дээр байгаа морьдыг шинжсэн шигээ тойроод алхаад л байх юм. “Их эмнэг байна шүү” гэлцэнэ.

Морин цагт эхлэх байсан ёслогоо хойшлоод л байв. Учрыг асуувал хотоос лам ирэх байсан ч автомашины дугаар нь явдаггүй байж таараад ирэх боломжгүй болжээ. Тиймээс аймгийн төвийн хийдээс лам залахаар болов. Ингээд хонь цагт ёслогоогоо эхэлсэн юм. Лам моринд ээлтэй ном уншаад, Н.Алтанхүүгийн адууны хурдыг хангай дэлхийд даатгалаа. Мөн уяан дээрээ хийморийн дарцаг хийсгээд уяагаа, уралдах морьдоо арцаар ариулах ажээ. Харин унаач хүүхдүүд наадмынхаа хувцсыг өмсчихөж. Цэнхэр, улаан өнгөтэй өмд цамц өмсөж, эмээлээ бариад гэрээсээ гараад ирэв. Аавынхаа хоёр талд гарч гүйгээд “Би өнөөдөр ямар морь унах юм бэ” гэж шална. Ингээд цугласан хүмүүс уяаны дэргэд зассан идээ будаанаас идэж, хүүхдүүд мориндоо мордон уяагаа тойрон морины тарни аялгуулан уншаад гийнгоолж гарав. Хүүхдүүдийн ч хийморь сэргэсэн бололтой уяагаа тойрох тусам хоолой нь цээл болж чангаар гийнгоолох ажээ. Үүний дараа идээ, будааныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөөд уясан морь нь хурдан, унасан хүүхэд нь аюулгүй наадахыг сүслэн бодож залбираад ёслогоо өндөрлөв.

Н.Алтанхүүтэй уулзахад “Гахай өдөр морио барин ёсолж байна. Ер нь уяачид нохой, гахай өдөр морио барьдаг. Гахайг сүмбэр уулын оройд гарсан ганц амьтан гэдэг. Тэр ч үүднээсээ хүчтэй гэж бэлгэшээдэг. Тиймээс гахай өдрийг сонгон морио барьж байна. Ёслогооны гол бэлгэдэл нь адууныхаа хийморь сүлдийг сэргээж уралдах мориныхоо хурд, унаач хүүхдээ хангай дэлхийдээ даатгаж байгаа юм” гэлээ. Тэрээр сүүлийн хэдэн жил аймагтаа уралдаж байгаа ажээ. Айраг, түрүү олон удаа авч байсан юм байна. 1998 оны улсын наадмын дааганы түрүү алтан медаль, Төвийн бүсийн “Дүнжингарав-2013” уралдааны айргийн дөрвөөс эхлээд энд тэндхийн аймаг, сумын наадамд түрүүлж айрагдаж байжээ. Бас “Их хурд-3” уралдааны мандат гээд амжилтыг нь илтгэх медалиуд ярайтал өрөөтэй. Гэрийнх нь хойморт улс, бүс, аймгийн чанартай уралдааны хорь гаруй медаль байсан. Уяачдын тухайд хурдан морио уяад л байдаг. Гэтэл наадам дөхөх тусам унаач хүүхэд олдохгүй хэцүү байдаг гэнэ. Уралдаад сурчихсан хүүхдүүд тогтмол цалинтай байдаг болохоор барагтай бол олддоггүй ажээ. Тиймээс уяачид хурдан морио уяхаас гадна сайн унаач хүүхэд олох гэж санаагаа чилээдэг юм байна.

Төв аймгийн Долооны хөндий Цагаан хөтөлөөс тийм ч хол биш учраас уяачид энэ хавиар зусдаг юм байна. Монгол Улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэн, Ц.Батсайхан тэргүүтэй уяачдын гал Долооны хөндийн урд руу гарсан гэнэ. Удахгүй Д.Онон тод манлай Дорнодоос адуугаа аваад ирэх сураг дуулдаж байна. Өнгөрсөн жилийн улсын наадамд их насны морио түрүүлгэсэн “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн гал Цагаан хөтөлд буужээ. Уяачид одоо наадам гээд тун ч завгүй. Долдугаар сар дөнгөж гараад сунгаанууд эхэлнэ. Тэр болтол уралдах мориныхоо уяа сойлгыг тааруулах, хүүхэд морь хоёроо дасгах гээд ажил ихтэй байгаа аж.

Д.ДОРЖДЭРЭМ

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
гадаад мэдээ

ДАШТ-ий үеэр дайныг зогсоохыг уриалав

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны Ерөнхийлөгч Зепп Блаттер 2014 оны ДАШТ-ий үеэр дэлхий нийтээр дайны галаа зогсоохыг уриаллаа.

Тэрээр өчигдөр хэвлэлийн хурал зарлан “Олон улсын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчид, бүх хөлбөмбөгчдийн нэрийн өмнөөс хамгийн агуу баяр цэнгэл ДАШТ-ий үеэр дэлхийн өнцөг булан бүрт дайны галыг зогсоохыг уриалж байна. Спортын хаан хөлбөмбөг хүмүүсийг нэгтгэдэг. Мянга, мянган хөгжөөн дэмжигч Бразиль улсад зочилж, ДАШТ хэмээх түүхэн баярыг нүдээр үзэх болно. Мөн хүн төрөлхтөн зөвхөн ДАШТ-ий үйл явдал, өрнөл, тоглолтыг чих тавин анхаарах болно…  Тиймээс дэлхий нийтээр дайны галаа зогсоохыг уриалж байна” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Тайландын гоо бүсгүй титмээсээ татгалзав

Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Тайландад болсон “Ертөнцийн гоо бүсгүй-2014” тэмцээний ялагч 22 настай Велури Дитсаябут титмээсээ сайн дураараа татгалзжээ. Хоёр долоо хоногийн өмнө “Facebook”-ээр улс орондоо болж буй үйл явдлын талаар үзэл бодлоо илэрхийлсэн нь олны бухимдлыг төрүүлснээс ийм шийдвэр гаргасан гэнэ. “ВВС”-ийн мэдээлснээр  В.Дитсаябут огцорсон Засгийн газрыг дэмжигч улаан цамцтануудын үйлдлийг буруушаан, тэднээс залхаж байна гээд цаазлах хэрэгтэй гэж бичсэн нь хэл ам дагуулаад буй. Үүнд бухимдсан интернэт хэрэглэгчид түүнийг элдвээр доромжлон, бүр амь насанд нь хэд хэдэн удаа халдахыг оролдсон гэнэ. Үүнтэй холбогдуулан В.Дитсаябут хэвлэлийн бага хурал зарлажээ. Тэрээр болчимгүй үйлдлээсээ болж сэтгэл зүйн хүнд дарамтад орж, шөнө унтаж чадахаа больсон гэжээ. Мөн Ертөнцийн миссийн титмээсээ татгалзаж буйгаа мэдэгдсэн байна. Мөн тэрээр “Ертөнцийн гоо бүсгүй-2014” тэмцээний үеэр өөрийг нь сонгож дэмжсэн шүүгчид болон үзэгчдэд талархлаа илэрхийлжээ.

Categories
гадаад мэдээ

Оросын гурав дахь эмэгтэй сансрын нисгэгчийг бэлтгэж байна

ОХУ  гурав дахь эмэгтэй сансрын нисгэгчээр Елена Серова шалгарчээ. Тэрбээр  есдүгээр сарын 25-нд “Союз ТМА-14 М” хөлгөөр хөөрөх бөгөөд бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Тэрээр Оросын нисгэгч Александр Самкутяев, Америкийн Барби Уилмор нартай хамт нисэх гэнэ. Хатагтай Елена Серовагийн орлон нисгэгчээр Анна Кикиня сонгогдоод байгаа юм байна. Сануулахад, Е.Серова нь Сочигийн өвлийн олимпод Оросын далбааг өргөж явах таван сансрын нисгэгчийн нэгээр сонгогдож байжээ. 

Categories
мэдээ нийгэм

Энэ онд ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоов

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2014 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг баталлаа.

Түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болж хатсан болон унанги модыг цэвэрлэж ойн байгалийн аясаараа нөхөн сэргэх нөхцөлийг хангаж, ойн эрүүл ахуйн орчныг сайжруулдаг ойн аж ахуйн арга хэмжээний нэг бол цэвэрлэгээний огтлолт юм. Ойд байгаа хатаж хуурайшсан, унанги моддыг цэвэрлэснээр ойг түймэр болон хортон шавжид өртөх аюулаас сэргийлэх бөгөөд ойн хэвийн өсөлт хөгжлийг хангах, ойн ариун цэврийн байдал дээшлэх ач холбогдолтой. Энэ цэвэрлэгээг жилд нэг удаа хийдэг. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2014 оны 01-р сарын 04-ны өдрийн А-06 дугаар тушаал гаргаж, “2014 онд ойгоос бэлтгүүлэх модны дээд хязгаар батлах тухай” шийдвэрт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн ойгоос бэлтгүүлэх модны дээд хэмжээг цэвэрлэгээний огтлолоор 760м3 ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх хэлбэрээр унанги, гишүү мөчир олгох хэмжээг 5000м3 байхаар тогтоожээ.

Нийслэлийн ногоон бүсийн ойн санд байглийн аясаар, түймэр хөнөөлт шавжийн нөлөөгөөр хатаж хуурайшсан, салхинд булгарч иш нь хугарсан мод бүхий цэвэрлэгээ хийх шаардлагатай 3359 га талбайд 25260м3 хатсан, 3528 га талбайд 65 320м3 унанги модны нөөц байгааг тогтоосон байна. Эдгээрээс “Нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Өвөр гүнт, Майхан толгойн ам, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Ар гүнтийн амны ойн сангийн нойтон цас, хүчтэй салхины нөлөөнд их хэмжээгээр нэрвэгдэж  гол ишээрээ хугарч  унасан, хатсан моддыг цэвэрлэн ойн ариун цэврийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагтай болжээ.  Ойн цэвэрлэгээний огтлолоор 480м3  хэрэглээний мод, 280м3 түлээний мод, ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний  зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 5000м3 бэлтгүүлэхээр төлөвлөөд байна. НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн нутаг дэвсгэрийн ойгоос 2014 онд бэлтгэх модны хэмжээг 5760 м3 байхаар тогтоолоо. Үүнээс нийслэлд 33 сая 244 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

65 хороонд амьдрах орчны зураглал хийнэ

Нийслэлийн орон сууцны 65 хороонд амьдрах орчны зураглал хийнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран 2013 онд 6 дүүргийн гэр хорооллын 87 хороонд амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой хийсэн. Эдгээр газрын зураглалуудыг багтаасан цахим газрын зураглалын сан бүхий www.manaikhoroo.mn вебсайтыг ч бүтээсэн. Энэхүү цахим хуудаснаас иргэд, холбогдох албан тушаалтнууд гэр хорооллын хороодын нийтийн үйлчилгээний хангамж, хүртээмжийн талаар хүссэн мэдээллээ цахим хэлбэрээр харж, дүн шинжилгээ хийх боломжтой болсон юм.

Харин удахгүй үлдсэн орон сууцны 65 хороонд амьдрах орчны газрын зураглалыг хийх гэж байна.  Эдгээр хороодоос  55 нь орон сууцных, үлдсэн 10 нь байшин,гэр хороолол бүхий холимог бүтэцтэй. Эдгээр хороодод газрын зураглалыг хэрхэн хийх, ямар үндсэн индикаторуудыг сонгож авах талаар санал солилцох уулзалт Захирагчийн ажлын албаны хурлын зааланд боллоо.

Хуралд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүд  оролцсон. Хурлын үеэр Manaikhoroo.mn вэбсайтны онцлогийг танилцуулсан. Энэхүү сайтанд google газрын зурагт хэрэглэгчтэй харилцах интерфэйсийг суулгаж өгснөөр хэрэглэгч газрын зураглалд тэмдэглэгдсэн үзүүлэлтүүдийг өөрийн хүссэн сонголтоор, олон хэлбэрээр харах боломжтой болсныг онцолсон. Газрын зураглалыг нийслэлийн 152 хороонд хийж дууссанаар иргэдийн оролцоотой хийсэн амьдрах орчны үндсэн үзүүлэлтүүдийг Улаанбаатар хотын ирэх таван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах боломжтой болж байгаа юм.

 Энэ ажлын хүрээнд дүүргүүдийн мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдэд 2014 оны 06 сарын 13-нд “Газарзүйн мэдээллийн системийг ашиглан газрын зураглал хийх нь” сургалт зохион байгуулна. Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд амьдрах орчны газрын зураглалыг цаашид баяжуулан иргэдийн саналыг газрын зурагтаа тусгаж тэмдэглэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана.

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

 “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

Газрын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

Мөн энэ өдөр ажлын хэсгүүдийн хуралдаан болно.

1. “Монголын кино урлагийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00-12.00 цагт “Б” танхимд;

2.  Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

3.  “Оюу толгой” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтэй танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

4.  Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;

5.  Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;

6.  Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

7. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд тус тус болно.