Categories
мэдээ нийгэм

Долоон буудлын эцсийн зогсоолыг “Зунжин” руу шилжүүлэх ажил эхэллээ

Зуслангийн улирал эхлэж байгаа тул авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Долоон буудал орчмын зогсоолын талбайг шинэчлэн өөрчлөх, эцсийн буудлыг шилжүүлэх саналыг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс гаргасан билээ. Энэ дагуу Нийслэлийн Авто замын газраас “Наранбулаг Хан” ХХК-тай гэрээ байгуулж, “Зунжин” худалдааны төвийн баруун талбайд 3150 м.кв талбай бүхий автобусны эцсийн зогсоол, чиглэлийн автобус зогсоод хөдлөх дундын хоёр зогсоол, дөрвөн хэсэгт хүлээлгийн зогсоол буюу явган хүний 3 м өргөнтэй, 130 м урттай зам барих ажлыг эхлүүлээд байна. Ирэх сарын 1-нд зогсоолыг иж бүрэн хүлээлгэн өгөх аж. 

Categories
гадаад мэдээ

Женнифер Лопес хөлбөмбөгийн ДАШТ-ий дууг дуулна

Маргааш Бразилд хөлбөмбөгийн дэлхийн  аварга шалгаруулах тэмцээн эхлэнэ. Уг тэмцээний нээлтийн ажиллагаанд дээр Америкийн зуучин Женнифер Лопес, куба гаралтай Америкийн рэп дуучин Питбул, Бразилийн иргэн Клаудиа Лейта нар сүлд дууг дуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Бага сургууль, цэцэрлэг барих газруудыг чөлөөлөв

Энэ онд  Нийслэлийн төсвийн  хөрөнгө оруулалтаар 16 бага сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад 35,2 тэрбум төгрөгийг баталсан.  Үүнээс 10 барилгыг барих газрыг чөлөөлөх шаардлагатай байснаас  зургадугаар сарын 09-ний өдрийн байдлаар долоон байршлын газрыг чөлөөлжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бэрэн констракшн” ХХК нь  нэг бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн бол Хан-уул дүүргийн 10,14,15 дугаар хороо,  Сонгинохайрхан дүүргийн 24,25 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 19,23 дугаар хороо  Чингэлтэй дүүргийн 12,17дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт бага сургууль, цэцэрлэг барих компанийг шалгаруулах тендерийг  Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас  зарласан байна.

Categories
гадаад мэдээ

Анжелина Жоли бэлгийн хүчирхийлэлттэй тэмцэхээ мэдэгдэв

Лондон хотноо зэвсэгт мөргөлдөөний үер гарч буй бэлгийн хүчирхийллийн асуудлаарх олон улсын чуулган болж байна. Уг арга хэмжээг Их Британийн Гадаад хэргийн сайд  Уильям Хейг, Холливудын нэрт жүжигчин, НҮБ-ын сайн санааны элч Анжелина Жоли нарын санаачлагаар зохион байгуулж байгаа юм. Тус чуулганыг нээж Анжелина Жоли үг хэлсэн бөгөөд дэлхийн 140 орны төлөөлөгч оролцсон байна.

Categories
мэдээ спорт

“Сан Антонио” “Майами”-г бут ниргэв

 

НБА-гийн финалийн
тоглолтод шалгарсан хоёр баг өнөөдөр Майами хотод гурав дахь тоглолтоор
цувралаа үргэлжлүүлэв. Тоглолтын харьцаа 1:1 гэсэн үзүүлэлттэй байсан учир илүү
гарахын тулд хоёр баг ширүүн өрсөлдлөө. “Сан Антонио” багийн Ленард, Грин нар
өнөөдөр онцгой сайн тоглосны ачаар тэдний баг өрсөлдөгчдөө талбай дээр нь19
онооны зөрүүтэй илт давамгай ялж цувралд тэргүүлж эхэллээ. Дараачийн тоглолт
баасан гаригийн өглөө 09.00 цагт эхэлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаалтын гэрээ хийлгэхгүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийг боомилсон Ц.Оюунбаатар гишүүн өөрөө хаалтын гэрээ хийлээ

Сонин, телевиз, сайтуудыг хаалтын гэрээ хийлгэхгүй гэж анх дуугарсан улстөрч бол УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар.  Хэвлэлд нэг ч төгрөг өгөхгүйгээр төр ажлаа сурталчлуулах ёстой гэж идэвхийлэн ярьж УИХ-аар шийдвэр гаргуулсан  энэ эрхэм саяхан казиногийн хуулийн төслийг зохион байгуулалттайгаар сурталчлав. УИХ-аар мундагдуулж байж өчнөөн сэтгүүлч өрөөндөө дуудаж байгаад  санаачилсан хуулиа ил тодоор рекламдав. Энэ бол Ц.Оюунбаатар гишүүний яриад байгаа хаалтын гэрээ гэх зүйлийн нэг хэлбэр яах аргагүй мөн. Бүх хэвлэл, сайтын сэтгүүлчийг өрөөндөө дуудаж авчраад казиногийн хуулийн төслөө баахан магтсаны цаана энэ төслийн талаар муу мэдээлэл гаргуулахгүй гэсэн далд санаа байгааг ямар ч уншигч гадарлана. Тэгэхээр эрхэм гишүүн өөрийнхөө санаанаасаа зохиож гаргаж ирсэн хаалтын гэрээ гэх зүйлээ өөрөө амьдрал дээр жинхэнэ утгаар нь хэрэгжүүлчихэж байгаа юм биш үү. Түүнийг News агентлаг саяхан “хэвлэлийн дайсан”-аар өргөмжилсөн. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч үүнтэй санал нэг байгаа. 

Гэхдээ сонин бүр дээр Ц.Оюунбаатарын ярилцлага гарсан нь яах аргагүй эмзэглэж харахаар өнцөг.  Монголын сэтгүүл зүй эрх баригчдын далласан газар нь ил гарч, далайсан газар нь дальдирдагийн баталгаа бол энэ.  Хонийг муулахаар дээшээ харуулахад хонь “Ашгүй дээ, эзэн маань намайг тэнгэр харуулах нь” гэж сүсэглэн боддог гэсэн үлгэр бий. Эрх баригчдын  хэлсэн болгоныг дагаж жиргэх хэвлэл мэдээллийн хэрэгслийг харахаар хөөрхийлөлтэй гэнэн хонины үлгэр лугаа санагдах юм даа. 

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Монголын баруун нутагт газар хөдөлжээ

Монголын баруун нутагт, Оросын хилээс 20 километрийн зайтайт нутагт Рихтерийн шаталбараар 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 8 цагт болсон байна. Энэ тухай ОХУ-ын Геофизикийн албанаас өнөөдөр өглөө мэдээллээ. Тус бүс нутагт өмнө нь нэг бус удаа нэлээд хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Нээлтийн тоглолтыг япон шүүгчид шүүнэ

ОУХХ нээлтийн тоглолтыг Юити Нисимура тэргүүнтэй Япон улсын шүүгчид шүүн явуулахаар боллоо гэдгийг өнөөдөр зарлав. Бразил-Хорватын тоглолтыг шүүхээр томлигдсон энэ эрхэм 42 настай ,2004 оноос эхлэн ОУХХ-ын шүүгч гэсэн хэргэмийг хүртсэн, 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр нийтдээ дөрвөн тэмцээн шүүж “сайн” гэсэн үнэлгээ авч байсан шүүгч гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Унадаг дугуйтай Улаанбаатар”-т Чэжү дэх монголчууд нэгджээ

Монголын Залуучуудын Холбооноос  зохион байгуулж буй “Спирт үү, спорт уу” аяны нэг хэсэг болох “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг гадаадад амьдарч, сурч буй монгол залуус дэмжиж эхэлжээ. Үүний нэг эхлэлийг МЗХ-ны салбар зөвлөл болох Чэжү дэхь залуучуудын зөвлөл тавьжээ. Тэд  “Унадаг дугуйтай Улаанбаатар” аяныг дэмжиж, нэгдэж байгаагаа илэрхийлэн Чэжүгийн Юунг-Ду-Ам гэдэг газраас Чэжүгийн хойд далайн эргээр унадаг дугуйн парадыг хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголд 9D кинотеатр нээгджээ

Хүүхэд, залуус 3D, 4D кино үзэхээр “Тэнгис”, “Өргөө” кино театруудыг зорьдог байсан. Тэгвэл саяхнаас Улсын их дэлгүүрийг зорих болжээ. Учир нь тус дэлгүүрийн зургаан давхарт 9D кино театр нээгдчихэж. Тиймээс энэ удаа 9D кино театраас сурвалжлага бэлтгэхээр Улсын их дэлгүүрийг зорив. Дэлгүүрийн зургаан давхарт гараад цахилгаан шатнаас буун чигээрээ алхсаар баруун урд буланд байрлах “9D cinema” гэсэн хаалгаар орлоо. Их цомхон юм. Хүлээлгийн танхимд хорь гаруй насны залуу угтаж аваад “Яг одоо үйлчлүүлэгчтэй байна. Манай кино найман минутын дараа дуусна. Уучлаарай та тэнд суугаад түр хүлээж байх уу” гэж байна. Тус кино театрын ажилтан Т.Аскербай биднийг угтаж авсан нь энэ. Удсан ч үгүй театраас тав, зургаан хүүхдүүд гарч ирэв. Бөөн инээд хөөр болчихсон, зарим нь царай нь цонхийчихсон хоорондоо “Тэр могой нь ямар аймаар юм бэ. Хөл доогуур явж байгаа юм шиг эрвэгнээд”, “Үгүй ээ хамгийн аймаар нь хаднаас доошоо унах байсан”, “Бороо орох нь бодит юм шиг” гэж ирээд л их л хөгжилдөцгөөж харагдав. Тэд нэг ангийн хөвгүүд аж. Хичээлээ тараад кино үзэхээр энд иржээ. Тэдэнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Кино театр хэр таалагдав? 

-Ёстой гоё.

-Өмнө энд ирж байсан уу?

-Манай хоёр найз өмнө нь энд кино үзсэн ёстой гоё гээд яриад байсан юм. Тэгээд өнөөдөр бид нарыг дагуулж ирсэн. Үнэхээр таалагдлаа.

-Ихэвчлэн хаана кино үздэг вэ?

-“Тэнгис”, “Өргөө” кино театруудад ангиараа кино үздэг. Долоо хоногт гурван ч удаа кино үздэг. “Өргөө”-гийн 3D киног үздэг. Энэ театр шиг бороо орж, салхилдаггүй. Гэхдээ “Тэнгис”, “Өргөө” зөндөө гоё тоглоомуудтай.

-Хэддүгээр анги вэ?

-Долдугаар анги. 

-Ер нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг бол?


-Янз бүр ээ. Кино үзнэ, парк орно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эсвэл талбай орж дугуй унана. Өмнө нь бол РС тоглоомын газар орж өдөржин тоглодог байсан. Одоо харин кино театр их ордог болсон гэв. Ингээд өнөөх хөвгүүд хоорондоо элдвийг ярьж хөгжилдсөөр гарч одлоо. Энд нэг кино үзэхэд 5000 төгрөг. Театр 12 хүний суудалтай бөгөөд аймшгийн, инээдмийн, хүүхдийн зэрэг найман төрлийн 80 гаруй киноноос сонгож үзэх боломжтой аж. Гол нь тус театрын хамт олон үзэгч­дэд дуу дүрсний дэвшилтэт технологийг бүрэн мэдрүүлэх гэнэ. Одоохондоо Монголд 9D үүнээс өмнө орж ирээгүй бөгөөд хамгийн сүүлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 6D суурилуулсан аж. Мөн зарим аймагт 7D  нэвтэрчээ.  9D гэдэг нь цас, бороо, цахил­гаан, хөөс, утаа униар, гал зэрэг есөн өөр эффект мэдрэхийг хэлж байгаа юм. Эдгээр мэдрэмжийг төрүүлэх зориулалттай төхөөрөм­жүү­дийг театрын тал бүрт байрлуулжээ. Нэг кино 5-15 минут үргэлжилнэ. Сонгосон киногоо үзэх явцад хөл доогуур элдэв амьтан явж байгаа юм шиг мэдрэмж төрж эрвэгнэнэ. Суудлын дор байх ганцхан утас ийм мэдрэмж төрүүлэх аж. Мөн суудал чичирдэг бөгөөд кинонд бороо, цас гарвал мөн л театрт тийм эффектийг мэдэрнэ гэсэн үг. Одоохондоо галын эффект хараахан ашиглалтад ороогүй гэсэн. Театрын бүхий л тоног төхөөрөмжийг Туркт захиалж авчирсан байна.

9D кино театрын ажилтан Т.Аскербай Туркт сурч байх­даа ийм кино театртай болох талаар боджээ. Ингээд Мон­голд ирж ахтайгаа нийлж уг театрыг хоёр сарын өмнө нээсэн гэнэ. Тэрээр зориуд Улсын их дэлгүүрт талбай түрээсэлж кино театраа нээсэн нь учиртай. Учир нь удахгүй энэ кино театрт Улаанбаатарын тухай 9D кино гарах гэнэ. Одоогийн байдлаар зураг авалт нь эхэлчихсэн бөгөөд нисдэг камераар нийслэлийг тольдож байгаа бололтой. Түүнээс яагаад нийслэлийн тухай кино хийх болсныг сонирхоход “Туркт кино театр нь хамгийн том дэлгүүрийнхээ дээд давхарт байдаг. Жуулчид ихэнхдээ ордог учраас тэдэнд хотоо танилцуулж аялал, жуулчлалыг хөгжүүлэх бас нэг боломж юм билээ. Тиймээс би их дэлгүүрийн дээд давх­раас онгоцоор буугаад Улаан­баатараар аялж байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх кино хийе гэж бодсон. Наадмаар Улаанбаатарын тухай 9D кино үзэгчдэд хүрээд эхэлчих байх” гэв. Хэдий нээгдээд удаагүй байгаа ч аль хэдийнэ байнгын үйлчлүүлэгчтэй бол­жээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ачаа­лалтай ажилласан гэнэ. Тус кино театрт гэр бүлээрээ үйлчлүүлдэг олон хүн байдаг аж. Тэд ихэвчлэн эхнэр, хүүхэд­тэйгээ хамт суугаад адал явдалт кино үзэх дуртай юм байна. Биднийг гарах үед хоёр хүүхдээ хөтөлсөн залуу кино үзэхээр орж харагдсан. 

Гэхдээ кино театр зорьсон хүн болгоныг оруулаад байхгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн болон жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, цус, тархины даралттай хүмүүс уг кино театраар үйлч­лүү­лэх хориотой. Мөн дөрвөн наснаас доош хүүхдийг оруулахгүй аж. 

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ