Categories
мэдээ соёл-урлаг

Япончууд “Чебурашка” 3D-гээр бүтээв

 

Оросын брэнд болсон хүүхэлдэйн кинонуудын нэг “Чебурашка”-г япончууд 3D-гээр дахин бүтээжээ. Уг хувилбарт 40 жилийн өмнөх Чебурашка, Гена матар хоёр яг хэвээрээ байгаа гэнэ. Харин хүүхэлдэйн киноны өнгө, дүрс сайжирч, Гена тамхи татахаа больсон аж. 

Шинэ “Чебурашка”-гийн найруулагчаар Японы кино зохиолч, найруулагч Макото Накамура, зураглаачаар “Союзмультфильм” кино студийн зургийн дарга Михаил Алдашин ажиллажээ. Зургаан жилийн хугацаанд бүтээсэн уг кино “Чебурашка ба цирк”, “Чебурашка амьтны хүрээлэнд очсон нь”, “Шапоклякийн зөвлөгөө” гэсэн гурван хэсэгтэй гэнэ. 

1966 онд “Гена матар ба түүний нөхөд” үлгэр гарснаар Чебурашка анх хүмүүстэй “танилцсан” бөгөөд үүнээс гурван жилийн дараа уг үлгэрийг хүүхэлдэйн кино болгосон юм. Чебурашка нь Орост төдийгүй дэлхий дахинд алдаршсан дүр бөгөөд 2000-аад онд япончууд түүнийг “Hello Kitty” брэндийн нэгэн дүр төрх болгон ашиглаж байжээ.

Categories
гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгчийн шинэ санаа

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко улс орныхоо эдийн засагт жаахан ч гэсэн нэмэр болох нэгэн шинэ саналыг дэвшүүлсэн байна. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялалт байгуулснаар хоёр дахь шатны санал хураалт явуулах шаардлагагүй болсон. Тиймээс улсын төсвөөс нэлээд мөнгө хэмнэгдсэн юм. Тодруулбал ойролцоогоор 600 сая гривен хэмнэсэн байна. Тиймээс энэ мөнгийг зэвсэгт хүчин тодруулбал террористуудын эсрэг ажиллагаанд оролцож буй цэргүүдэд зарцуулах саналыг дэвшүүлжээ.   

Categories
мэдээ нийгэм

“Гудамж” төслийн бүтээн байгуулалттай танилцлаа

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллаа. Тэд  “Чингис” бондын эх үүсвэрээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн Баянгол дүүрэг дэх замын бүтээн байгуулалттай танилцаж, дүүргийнхний зүгээс нэмж бариулахаар хүсэлт гаргасан шинэ замуудын маршрутаар явж, газар дээр нь зөвшилцөн, тодорхой чиглэл өгсөн байна. Тус дүүргийн хувьд “Гудамж” төслөөс өнгөрсөн жил 25-р эмийн сангийн уулзвар, 10-р хорооллын уулзвар, Саппорогийн уулзвар, Гурвалжингийн уулзвар, “Өнөр” уулзвар, Өргөөгийн уулзвар, Хорооллын эцсийн уулзвар, Тасганы уулзвар, Тээврийн дээд сургуулийн уулзваруудыг тус тус өргөтгөн шинэчилсэн. Тэгвэл төслийн бүтээн байгуулалтын хүрээнд энэ жил Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар, Гандангийн дэнж дэх гэр хорооллын дундуурх чулуун замын ажлыг Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа аж.

Түүнчлэн 10-р хорооллын арын зам болон хорооллын дэнж дэх айл өрхүүдэд зориулан барихаар төлөвлөж буй шинэ замын одоогийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, “Гудамж” төслийнхөнд зохих үүрэг чиглэлийг өгсөн юм. Эдийн засгийн хөгжлийн сайд маргааш буюу зургадугаар сарын 12-ны өдөр мөн 06.00 цагаас эхлэн “Гудамж” төслийн Сонгинохайрхан дүүрэг дэх бүтээн байгуулалт болон 2014 оны төлөвлөгөөнд багтсан замуудын нөхцөл байдалтай  танилцах юм байна.

Categories
мэдээ спорт

З.Ганбаатар пара буудлагын “Дэлхийн цом”-д түрүүллээ

АНУ-ын Форт Бенин хотод болсон пара буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс “Аварга” клубын тамирчин спортын мастер З.Ганбаатар 50 метрийн сонгомол гар бууны төрөлд алтан медаль хүртлээ. Манай тамирчин З.Ганбаатар арван шатны нийлбэр дүнгээр 178.2 оноогоор алтан медаль авсан байна.

Спортын мастер З.Ганбаатар 2014 оны дэлхийн цомын тэмцээнээс хос медальтай эх орондоо ирнэ. Тэрээр 10 метрийн гар бууны дасгалд хүрэл медаль хүртээд байсан юм. З.Ганбаатар  10 метрийн гар бууны дасгалд есөн сум тавьж 170.2 оноогоор гуравдугаар байр эзэлсэн юм. 10 метрийн гар бууны дасгал төрөлд Норвегийн буудагч Жаоким 198.6 оноотой шилдэг найман тамирчдыг хол тасархай орхин түрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Эмч нарын хувийн бизнесийг илрүүлжээ

Өнгөрсөн сарын 26-наас хойш ажлын зургаа хоногт МХЕГ-аас Гэмтэл согог судлалын үндэсний төвд шалгалт хийжээ. Шалгалтыг дөрвөн чиглэлээр зургаан байцаагч хийсэн бөгөөд хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна. Тухайлбал ГССҮТ-ийнхөн 2013 оны нэгдүгээр сараас 2014 оны зургадугаар сар хүртэл долоон даргын нүүр үзсэн нь тухайн байгууллагад хүний нөөцийн бодлого алдагдахад хүргэсэн гэсэн дүгнэлт гарчээ.

 Мөн тус байгууллагад ажиллагсдын 90 хувь нь хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй байжээ. Учир нь эмнэлгийн Хүний нөөцийн албаны дарга нь 1998 онд томилогдсоноосоо хойш ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж чадаагүй байна гэж МХЕГ-ынхан үзжээ.

 Хамгийн чухал нь тус эмнэлгийн эмч нар нь улсын эмнэлэгт ажилладаг нэрийн дор өөрийн хувийн компаниа байгуулсан байжээ.  Тодруулбал үе түнхний хагалгааг ГССҮТ-ийн нэг давхарт 4600 доллар, өөр давхар нь  3600 доллараар хийдэг байсан байна. Ингэхдээ эмч нь хувийн аппаратаа ашиглаад, “Би БНСУ-д сурч ирээд хувийн аппаратаа ашиглаад ард түмний сайн сайхны төлөө үүний хийж байгаа” хэмээн өөрийгөө зөвтгөж буй аж.

 Мөн ГССҮТ-д дурангийн хоёр аппарат байдгаас нэг нь хувь хүнийх, нөгөө нь байгууллагынх байжээ. Түүнчлэн Мөнхбаяр, Батзориг, Өлзийбаатар, Сүхбат, Мөнхсайхан, Жаргалсайхан зэрэг мэс заслын эмч нар нийлж өрөөндөө имплант буюу хиймэл үе хадгалдаг байсан нь илэрсэн бөгөөд түүнийгээ өвчтөнүүдэд зардаг байсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчдийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх  заалтыг тус тус үндэслэн зарлиг буулгаж, дараах хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо.

Уг зарлигт, Жамсранжавын Эрдэнэчимэгийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Буянтогтохын Сугиржавыг Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Гончигсумын Сарантуяаг Сум дундын 22 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Лхүндэвийн Наранбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Пандийн Долгормааг Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Бадамдоржийн Ариунбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Буурайн Баттөрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Пунцагийн Золзаяаг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Нодын Болормааг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Тогооборын Бямбажавыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Лувсаншаравын Даваасүрэнг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Бямбаагийн Мөнхтуяаг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томилов.

Ерөнхий шүүгчдийг томилон, үнэмлэх гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Шүүгчээр ажиллаж буй хүний хамгийн эрхэм үүрэг бол хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалах баталгаа байх ёстой, хуулийн дагуу, хараат бусаар, ёс зүйтэй шударга шийдвэр гаргах нь хүний эрхийг хамгаалах гол зарчим юм” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

Галт зэвсгийн хуулийн төслийг долоо хоногийн дараа хэлэлцэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдав. Уг хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулах шийдвэр гаргалаа.

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаснаар автомат болон хагас автомат бууг ангийн зориулалтаар ашиглахыг бүрмөсөн хориглож байгаа юм байна. Ийм заалт оруулсан нь энэ төрлийн буугаар ан хийх нь ан биш хядлага болж хувирч буйтай холбоотой гэнэ. Нөгөө талдаа бууны зохицуулалтыг нарийвчлах шаардлага үүсч байгаа ажээ.

Холбогдох газраас гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 46 мянга гаруй буу бүртгэлтэй байдгаас 5000 орчим нь автомат болон хагас автомат бууны төрөлд хамаардаг аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар “Ан хийх зориулалтаар худалдан авсан галт зэвсгийг ашиглахыг хориглох нь нэг талдаа хүний хувийн өмчид халдсан үйлдэл болж хувирах гээд байна. Нэгэнтээ хэрэглээг нь хязгаарлаж байгаа бол төрөөс нөхөн төлбөр олгодог ч юм уу, тэр талын зохицуулалт шаардлагатай” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Төсөв хүндрэлтэй байгаа үед татвар төлөгчдийн мөнгөөр буунд нөхөн төлбөр олгох нь зохисгүй. Түүний оронд татварыг нь нэмж, зохицуулах арга байна гэлээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат “Татвар нэмж иргэдээ дарамталж болохгүй. Нэгэнтээ судалгаагаар 5000 орчим автомат болон хагас автомат буу байгаа нь тодорхой болсон тул энэ төрлийн бууг импортоор оруулж ирэхийг хориглох хэрэгтэй” гэсэн.

Эцэст нь Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажлын хэсэг дахин ажиллаж, шийдлийг олон Хууль зүйн байнгын хороо эл асуудлыг дахиж хэлэлцэхээр болсон юм. Хэлэлцүүлгийн хугацааг долоо хоногоор хойшлуулаад байна. Энэ хооронд УИХ-ын гишүүд дунд галт зэвсгийн талаарх мэдээллийг өгөх шаардлага бас үүсч байна гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Латви улсын Ерөнхийлөгч манайд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш энэ сарын 11-13-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Латви улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш нар албан ёсны хэлэлцээ хийх аж. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Латви улсын Ерөнхийлөгч Андрис Берзинштэй уулзах юм байна. Энэ айлчлалын үеэр Монгол, Латвийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт болон хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны тухай дугуй ширээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрээн рүү нэвтрэхэд хураамжгүй болжээ

Замын-Үүдийн боомтын захиргаа энэ сарын 1-нээс эхлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Тус боомтын захиргаанаас БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай хоёр улсын талаас авдаг олон төрлийн төлбөр хураамжийг цэгцлэх, хөнгөвчлөх талаар албан уулзалтыг хийсэн байна.

 Уулзалтын үр дүнд Эрээн хотруу зорчих монгол иргэн бүрээс 5 юанийн хураамж авдаг байсныг өчигдрөөс эхлэн хүчингүй болголоо. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр ямар нэгэн хураамж, татвар төлөхгүй Эрээн хотруу нэвтрэх эрхтэй болж байгаа аж. Эрээн хотруу нэвтрэхэд жилд дунджаар Монгол улсын иргэд 12 000 000 юань буюу 2 000 000 долларын хураамж төлдөг байсныг ийнхүү хүчингүй болголоо.

Цаашид Замын-Үүдийн боомтын захиргаа нь Монгол Улсын хилээр иргэднэвтрэхэд олон төрлийн 5-6 байгууллагад төлбөр хураамж төлдөг асуудлыг шийдвэрлэхээртөлөвлөжээ.МөнШинэчилсэн Засгийн газрын бодлогын хүрээнд Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж, ард иргэдэд учруулдаг байсан хүнд суртлыг бүрэн арилгах гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Газрын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан.

Харин хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Газрын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Учир нь хуулийн төслүүдийн талаар МАН-ын бүлгээс тодорхой саналуудыг өнөөг хүртэл ирүүлээгүй байгаа аж.

Үүний дараа “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй даатгагч нь малчдад малын даатгалын нэмэлт бүтээгдэхүүн санал болгох үүрэгтэй бөгөөд уг харилцааг даатгалын хуулиар зохицуулна. Энэ хуулийн хүрээнд төрөөс үзүүлж буй дэмжлэг нэмэлт бүтээгдэхүүнд хамаарахгүй” гэсэн саналыг гаргасан юм.

Уг саналаар санал хураалгах эсэх асуудлаар чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.1-д заасны дагуу санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь дахин санал хураалгах шаардлагагүй гэж үзлээ.

Ингээд Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулахаар болов.