Categories
мэдээ нийгэм

Зээлээр байртай болсон ч тооцоолоогүй зардлууд гардаг

Олон залуус  орон сууцны зээл авахыг хүсдэг. Хэн нэгний туршлага судлахыг хүсдэг. Банкнаас зээл авч, байртай болсон нэгний  туршлага хувцаалцсан “ноу хауг” хүргэж байна. Банкны зээл бүтсэн ч тооцоолоогүй бусад зардлуудад зориулсан мөнгө бэлтгэх хэрэгтэй гэнэ шүү.  www.mongo.mn  дээр гарсан нэгэн түүхийг хүргэж байна.

 Эхнэр бид 2 байртай болохоор төлөвлөж, байрны зээл авахын тулд нилээд эртнээс урьдчилгаа мөнгөө цуглуулж эхэлсэн юм. Оны дараахан урьдчилгаа бараг бүрдсэн тул байраа олоод, банкнаас зээл авахаар хөөцөлдөж, банкинд материал бүрдүүлж өглөө. 

Таны, танай гэр бүлийн насны мөрөөдөл болсон байрны зээл бүтсэн тухай банкнаас утасдах тэр мөч ямар байх талаар та төсөөлж байсан уу? Байрны зээл бүтлээ гэж утасдахад төрсөн үнэхээр сайхан мэдрэмжийг биеэрээ мэдэрсний хувьд танд ч бас тохиолдоосой гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний хувьд анх удаа өөрийн гэсэн байрандаа орох болсондоо туйлын баяртай байлаа. Харин зээл бүтсэний дараа ч багагүй мөнгө хэрэгтэй болдог гэдгийг мэддэггүй байснаасаа болж, байраа алдах шахсан юм. 

Зээл бүтсэний дараа хаана дахин мөнгө хэрэгтэй болох вэ?

1. Зээлийн гэрээг нотариатоор батлуулах

2. Харьяа аймаг, дүүргийнхээ ЭХЭУБА /Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн албан/-д байраа банкинд барьцаалснаа бүртгүүлэх

3. Зээлийн үйлчилгээний хураамж

4. Орон сууцны даатгал

5. Бусад жижиг зардал 

Хэдэн төгрөг хэрэгтэй болсон вэ?

Би урьдчилгаа 30%-д 27 сая төгрөг өөрөө төлөөд, банкнаас 63 сая төгрөг зээлж, нийт 90 сая төгрөгөөр жижгэвтэр 2 өрөө байр авсан юм. Яг зээлээ авах хүртэл хүртэл миний тооцоогоор 960,000 төгрөг гарсан байдаг. Дор сийрүүлэв.

– Зээлийн гэрээг нотариатоор батлуулах

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 7-р сарын 5-ны өдрийн 123 тоот тушаалын дагуу 25,0 саяаас 100,0 сая төгрөгийн зээлийн гэрээг батлах үйлчилгээний хураамжид 50,000 төгрөг байдаг гэсэн тул төлсөн.

– ЭХЭУБА-д байраа банкинд барьцаалснаа бүртгүүлэх

Би 63 сая төгрөг зээлсэн тул зээлийн дүнгийн 0,1% буюу 63,000 төгрөг барьцаалбарын үнэ 6,000 төгрөг төлсөн. Барьцаалбарын үнэ нь зээлийн дүнгээс хамаардаггүй, тогтмол юм байна.

– Зээлийн үйлчилгээний шимтгэл

7 хоногийн дараа гэрээгээ аваад, банкнаас зээл авах болоход зээлийн дүнгийн 0,5% буюу 315,000 төгрөг суутгасан.

– Орон сууцны даатгал 

Орон сууцыг заавал даатгах ёстой байдаг гэсэн тул 2 төрлийн даатгал төлсөн. Эд хөрөнгийн даатгалд орон сууцны үнэ 90 сая төгрөгийн 0,3% буюу 270,000 төгрөг, гэнэтийн ослын зээлийн даатгалд дүн буюу 63 сая төгрөгийн 0,3% буюу 126,000 төгрөг нийт 396,000 төгрөг хураалгасан. Энэ мөнгийг зээлээ төлж дуустлаа жил бүр төлж байх ёстой гэж гэрээнд бичсэн байна лээ.

– Бусад жижиг зардал

Такси, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр хуулбарлах, байрны зээлтэй эсэх тухай лавлагаа авах гээд бусад жижиг, сажиг зардал ойролцоогоор 130,000 орчим төгрөг зарцуулсан. 

Ингээд тооцож үзэхэд урьдчилгаа 27,0 сая төгрөгөөс гадна нийт 50,000+63,000+6000+315,000+396,000+130,000=960,000 төгрөг зарж байж, 2 өрөө байр авсандаа одоо ч баяртай байдаг. Одоо надад 20 жилийн турш сар бүр зээлэндээ 527,000 төгрөг, жил 1 удаа даатгалд 396,000 төгрөг төлөх ажил л үлдсэн. Та өөрийнхөө зээлийг энд тооцож болно

Үүнтэй харьцуулахад гэр бүлийн аз жаргал минь надад илүү үнэтэй билээ. Иймээс зээлээр байр авахаар зорьж байгаа бол урьдчилгаанаас гадна багагүй мөнгө хэрэгтэй болдог тул үүнийг эртнээс тооцож байх хэрэгтэй гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Миний алдааг бүү давтаасай, бусдад сургамж болоосой гэж бодсондоо үүнийг бичлээ. 

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхий сайдын халагдах өргөдөл

-МАРКСИСТ ЛЕНИНИСТ ҮЗЭЛ СУРТАЛГҮЙ ТҮҮХЭН ТЭМДЭГЛЭЛ-

Коминтерний элдэв хавчлага мөрдлөг дор Монгол төрийн Ерөнхий сайдын
албыг зургаан сар хашсан Бодоо төрийн ажлаас халагдах өргөдлөө өглөө. Коминтерний
алан хядагчдын үндсэн нэг арга бол төрийн албанаас халагдах өргөдлийг нь өөрөөр
нь өгүүлдэг юм. Дараа нь өөрийн буруугаа өөрөө хүлээж өөрийгөө илчлэх.

Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоогийн хувь заяа ч гэсэн энэ дарааллаас
хаашаа ч зайлаагүй.

 

ЕРӨНХИЙ САЙД БОДООГИЙН АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ АНХНЫ ӨРГӨДӨЛ

 

Өчүүхэн Бодоо хичээн­гүйлэн сөгдөж Ардын намын Төв хорооноо гаргав.
Тушаалаас чөлөөлж биеийг сувилуулан амьдруулахыг гуйн мэдүүлэх учир:

Өчүүхэн хүн угаас ихээхэн хэрэг албан өнгөрүүлж явсан зүйлгүй. Гагцхүү
өчүүхэн сургагч бичээчийн алба хааж явсан төдий. Төрөлхөөс гадаадын эрдэм сургуульд
боловсорсонгүй ба гадаад улсын нарийн ухааны зүйлийг үл мэдэх байтугай, сонссон
газар үгүйн дээр эзэрхэг түрэмгий ба эрх хэмжээ, өөрийн бусдын алин болохыг ялгаварлан
үл чадах ядмаг ухаан мөхөс мэдлэгтэй боловч ертөнцийн олон улсын ёсон эргэж хөрвөж
байгаа энэ цагт, Ардын засгийг байгуулах санаа үүсэхээс нь эхлэн, их хэрэгт тэнүүчлэн
чармайн явж, харин гадаад Монголыг Хятадын эрхнээс ангижруулан тогтнохыг үзсэний
тул одоо өчүүхэн хүний эрдэмгүй ба эмгэг ядралтай болсон биеийг тушаалаас чөлөөлж
санаа амруулан сувилуулах зэргээр амьдрал олгохын хүсч үүний тул өргөв.

Бодоо гэжээ.

(МАХН-ын төв архив)

Эл өргөдлийг 1921 оны арванхоёрдугаар сарын 18-ны МАН-ын төв хорооны
13 дугаар хурлаар ийн хэлэлцжээ.

Ерөнхий сайд Бодоо чөлөө олгоно уу хэмээсэн тухайг хэлэлцээд “Ерөнхий
сайдын тушаалыг түлхэж, мэдүүлсэн төдийгөөр чөлөө олгуулахыг хэрэгсэхгүй болгон
хойш явуулаад аливаа бэрхийг засч, будлианыг арилгаж, засч залруулан шийтгэвээс
зохих тушаалын доторхи хэрэг тул тушаалыг хэвээр агуулан шийтгүүлье” гэсэн хариу
өгч Бодоогийн анхны өргөдлийг хүлээн аваагүй байна.

Бодоо Ерөнхий сайдын албаа өгье гэснээс хойш 20-иод хоногийн дараа,
халагдах өргөдлөө дахин өгсөн  байна.

 

БОДООГИЙН БҮХ АЛБАН ТУШААЛААСАА ТАТГАЛЗСАН ХОЁР ДАХЬ ӨРГӨДӨЛ

 

Намын Төв
хорооны орлосон дарга Бодоогоос

Монгол ардын засгийн хэргийг бүгд захиран шийтгэх газарт өргөсөн
бичиг.

“….Ядуу биеийн өвчнийг сувилуулж тэнхрүүлэхийг гуйн мэдүүлэхийн
учир. Өчүүхэн хүн арваад наснаас эхлэн, сургууль албанд хорь гаруй жил явж бие махбодь
доройтсон ба, уул санаа тогтворгүй болсны дээр, өнгөрсөн жил халуун хүйтэн газар
тэнүүчлэн явж, бөөр нуруу өвдөх зэрэг өвчин олсон хийгээд эдүгээгийн байгуулсан
Ардын засгийг үүсвэрлэхээс эхлэн ихэмсэг хүнд тушаалын асар зузаан үүрэгт дарагдаж
эгнэгт зовиуртай болсны тулд ийнхүү учрыг Монгол ардын намын Төв хороо Засгийн газар
өргөн мэдүүлэн гуйх нь :

Өчүүхэн хүний ядуу биед давхар давхар оногдсон Ерөнхий сайд ба гадаад
яамны тэргүүн сайд, Намын төв хорооны орлосон дарга, гишүүнээс бүрэнмөсөн чөлөө
олгуулж, үүрд улс төрд их бага албан хэрэгт татагдахгүй болгон миний ардын хувьд
бүхий л эрх чөлөөг бататгах ажаамуу” гэжээ.

/МАХН-ын төв архив. Ф-4, д-1, хн-130/

Бодоогийн өргөдлийн дагуу 1922 оны нэгдүгээр сарын 8-нд Засгийн газрын
өргөтгөсөн хуралдаан болж, 33 дугаартай тогтоол гарчээ. Засгийн газрын өргөтгөсөн
хурлаар Бодоогийн асуудлыг авч хэлэлцээд “албан тушаалаа түлхэх” өргөдлийг ёсоор
болгон бүх албан тушаалаас нь чөлөөлснийг онцлон тэмдэглэсэн байна. Бодоог өөрийнх
нь хүсэлтээр Ерөнхий сайдын албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гарахаас өмнө дараагийн
албан тушаалыг нь Монголд  Бодоо өөрөө биш
Эрхүүд Шумяцкий шийдчихсэн байжээ.

Шумяцкий “Москвад суух Монгол Улсын Элчин сайдаар Бодоог явуулна
уу” гэсэн бичгийг Бодоог анхны халагдах өргөдлөө өгөөгүй байхад Монгол Улсын Гадаад
яамны нэр дээр ирүүлсэн байв. Угийн зөрүүд зантай Бодоо үүнд уур нь хүрээд хэгжүүрхээд
ажлаас халагдах өргөдлөө өгсөн гэж зарим түүхчид бичсэн байна билээ. Ерөнхий сайд
Бодоо “Зүгээр ажлаа хийж байхад эд нар ингэдэг юм. Гэрлээгүй байхад хуримлууллаа
гэгч болоод байх шиг байна” гэж их уурлаж байжээ. Харин Бодоо бүх албан тушаалаа
“түлхээд” бие өвчтэй гэж сул иргэн болж Шумяцкийн өгсөн элчин сайдын ажлаас татгалзжээ.
Зарим судлаачдын үзэж байгаагаар намын дарга Данзан Бодоод өс санасандаа Бодоог
зайлуулж байгаа юм биш, Сүхбаатар Ерөнхий сайдад санаархан Бодоогоор оролдсон юм
биш ерөөсөө л Ринчино, Шумяцкий  нар холиож
явжээ.

Шумяцкий Данзан тэргүү­тэй Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг
Москвад /Ленинд/ танилцуулахдаа Сүхбаатарыг Монгол Улсын Ерөнхий сайд, Данзанг Сангийн
сайд гээд “андуурчихаж”. Москвад Монголын төлөөлөгчдийг хэн нь Ерөнхий сайд, хэн
нь Сангийн сайд гэдгийг даанч мэдэхгүй. Шумяцкий ингэж “андуурах” шалтгаан байсан
юм. Шумяцкий Монгол Улсын Ерөнхий сайд Бодоог нэр зааж энэ удаад Москвад ирэх Монголын
төлөөлөгчдийг ахалж ирнэ үү гэж бичиг ирүүлсэн. Харин Бодоо “их ажилтай” гээд очоогүйгээр
барахгүй төлөөлөгчдийн ахлагчаар Намын дарга, Сангийн сайд Данзанг өөрийнхөө оронд
явуулсан нь цаанаа их учиртай байжээ. Бодоо Данзанг өөрийнхөө оронд  явуулахдаа зүгээр нэг явуулаагүй мөнгө олж ир
гэж явуулсан байдаг. За одоо л Сангийн сайдын хэрэг гарна даа. Ардын засаг улаан
мөнгөгүйг та бид хоёр мэдэж байгаа. Тэр Шумяцкий та хоёр хуучин тооцоогоо тааруул.
Чагдаржав, Шумяцкий та гурав түрүү Орос явахдаа Ардын намд өгсөн зэр зэвсэг тусламжийн
мөнгийг Шумяцкий л мэдсэн. Оросын большевик намаас мөнгө өгсөн л юм гэсэн. Данзан  шинэ засаг байгуулагдахад 1000 алтан зоос өгсөн
өөр мөнгө өгөөгүй. Оросуудын өгсөн нөгөө их зэр зэвсэг Шумяцкий л мэдсэн гэсэн яриа
гарчээ. Ерөнхий сайд Бодоогийн Шумяцкий, Данзан нарыг мөнгөнд хардсан хардлагын
үгийг Шумяцкийд дуулгах төлөөлөгчид тэр үед Бодоогийн дэргэд олон байсан. Шумяцкий
бол тэр үед коминтернээс Монголд явуулах ажиллагааг удирдаад зогсоогүй  Азийг эзлэх бүх ажиллагааг гардан удирдаж байв.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Танилцсаны 40 жил буюу 16 насандаа очсон нь

Архангай. Энэ нэрийг сон­сохоор цагцаахай бага насны минь гэгээн дүр тодорч, цаг хугацааны үнэнд гүйцэгдэж яваа үеийн хэдэн анд минь төсөөлөгдөнө. Бид “хархан” залуу насандаа энэ нутагт ирж дээ. Алс баруун хязгаараас Авданы охин, Самбуудорж гэж урианхай хүүтэй ирсэн. Байтаг богдын их уулсаас  Идэшийн Батсуурь, Зэргийн жижиг жижиг элсэн манхны өврөөс Дамдины хөвгүүн, Идэшийн охин хоёр хөтлөлцөөд л ирж байлаа. Тэртээх Увс нутаг хоёр охиноо илгээсэн. Түргэнээс алаг нүдэн Оюуныг, Тэсээс идэр жавхлан Минсэлийг би¬дэн­тэй нөхөрлө дөө гээд явуулсан байлаа. Их Монголын элсний баруун хаяанаас энэхүү дурсамжийг тэрлэж суугаа миний бие. Завханы Алдархаанаас Батсүхийн том охин хөх цэмбэн дээлтэйгээ, жавар хүйтэн хургасан Их-Уулаас Базар захирлын хүү, Улиастайгаас  чимээгүй  инээсэн  охин ирсэн нь  Нямсүрэнгийн Эрдэнэсувд гэх… Хөвсгөлөөс Завханы уугуул Жигжидсүрэнгийн нүд хөмсөг болсон охин ир¬лээ… Загийн голоос манай Алимаа хэзээний намба зааж зал­бирсаар, Шинэжинстээс цବ¬хил­сан зээр шиг цагаан охин ирсэн нь Доржийн Сарангэрэл бай­сан. Өвөрхангайн Хайрхан¬дулаанаас нэг мазаалайн зулзага шиг нөхөр ирсэн. 

Нэрий нь асуувал  Бурам гэж арааны шүлс гоожууллаа. Тэгснээ  би чинь бас  ганцаараа ч Өврийн сайхан хангайгаас ирээгүй шүү… Бат-Өлзийн ширэнгэнээс хоёр согоотой ирсэн гэсэн нь Энхтуяа Жигмэдмаа хоёр байлаа.  Говийн би  согоо үзсэн биш. Согоо гэдэг нь ийм л юм байдаг байх даа гэж бодлоо.  Булганыхан Могодоосоо хоёр охин илгээсэн нь  тэмээ ямаа шиг юм.  Уранцэцэг гэж ургаж байгаа ногоо шиг булцайсан  улаан хацарт,  Долгор гэж  иссэн айраг шиг  тэвхгэр цагаан охин.  Бид Архангайд ирж Архангайгаас бидний сүрэгт нийлсэн нь  нүдний шил зүүж жимбийсэн цагаан охин. Нуруу намхан сэтгэл өндөр.  Алдар асуувал Оюунцэцэг л гэнэ. Хөвсгөлөөс  гаралтай  гэх…Алиман улаан хацартай  Амарбаатарыг Жаргалантаас, автын жолооч Дашнамжил гуай ганц охиноо,  алдарт Цагаан давааны араас гүйж ирсэн нь Нямжав байлаа… За тэгээд  та нарт нэг “эгчмэдхэн” хэрэгтэй гэх шиг  нуруу туруу, бие хаа дүүрэн Шагдаржавын охиныг бас энэ нутгаас  бидэнтэй танилцуулсан. Дошин дээрээ  атаман гэдэг шиг Арын сайхан хангайхан  манай ангид хамгийн олон нь…Бас ч эргээд дурсахад манай ангийнхны уулзах бүртээ дурсан ярьдаг Дарьхүү маань Ховдоос ирсэн юм. Дарьхүү бол манай ангид ирсэн нэг том “үзэгдэл” байлаа. Балчирхан бидэндээ олон зүйлийг ухааруулсан.  Сайхан дуулна.  Үйтэн хуаран дээлийг анх л бидэнд  өмсөж үзүүлсэн. Цагаан гутлыг хараар будаж болдгийг хүртэл зааж өгсөн …”Болно болно, болохгүй юм байхгүй” гэж агуу их  дуун хөрвүүлэгч  зохиолч Мишигийн Цэдэндоржийн шүлэглэсэнчлэн Дарьхүү маань бидэнд   болохгүй юм байхгүй гэдгийг олон талаас нь зааж өгсөн ч олхиогүй бид хэд тэгтлээ суралгүй  Архангайдаа, багшийн сургуульдаа шигдсээр дөрвөн жил болсон.  Дарьхүү маань  сайхан сэтгэлтэй сайхан эжий болсон сураг дуулдсан. Тэр хичээл тасалж болдог, гадуур явж болдог, сургуулиа орхиж, амьдрал хөөгөөд  одож болдог гэдгийг ийнхүү заасан билээ… Дарьхүүгээ дурсахын учир нь  эргээд уулзахын түмэн хүслэнтэй явдаг шүү гэж ангийнхан чинь урьж байгаа урилга юм шүү… Өөр нэг үзэгдэл бол манай ангийн цөөнхийг  нэмж ирсэн Батдоржийн Баттогоо байлаа. Цэргээс ирсэн ах  орос хром жийнэ.  Яриа хэлээ нь цэгцтэй, өвөртөө намын батлахтай өнгөлөг “хар” нөхөр. Түүнийг манай хэдэн хөвгүүд  нэг их удалгүй  “унаашруулж”, өөрсдийнхөө зэргэмжид аваачсан. Төгсөхдөө адилхан л  хөвгүүн болсон байлаа. Ингэж бид түүнийг  гурван насаар залуужуулж гудиггүй марзан  нөхөр болгосон ачтай.  

Манай анги бусад ангиа бодвол тогтвор суурьшил сайтай байсан. Нэг охин замаасаа  хадуурч өөр зам сонгосныг эс тооцвол, нэг хөвгүүн  хот шилжиж зүг буруулсныг авч хэлэлцэхгүй бол, нэг залуу ирж бүл нэмснийг суурьшилгүй  гэхгүй бол өөр ийш тийш болсон зүйлгүй. Бүгдээрээ л ангидаа бужигнасаар өвөл хавартаа шалгалтын “хөөрхөн” дарамттай, намартаа баян  цуг­лаж, зундаа нутаг гүйж амарсан дөрвөн жилийг үдэж угтсан.  

Энэ дөрвөн жил бидэнд  алдаа оноо ажил амьдрал  бүхнийг зааж өгсөн.  Цэцэрлэг хотын орон сууцнуудын гаднах амбаар дээр амьдрал сайжирсан айлуудын илүүдэл болж “гадаалсан”  төмөр орыг  үүрч дүүрсэн,  Булган гуанз, хоёрдугаар гуанзанд  арван хоёр мөнгөний  нимгэн дэвтэр хувааж өрийн данс нээсэн өдөр хоногуудтай  түүхийн  шарласан хуудсанд үнэгчлэн байгаа.  

 Энэ дөрвөн жилийн явдал суудал орон сууцны  халаасны  өрөө, оюутны дотуур байр,  хөлсний шавар байшин  тохилог орон сууцны тансаг амьдрал гээд янз бүрээр үүц болон үлдсэн. Энэ дөрвөн жилийн түүх Ихтамирын ногоо бригад, алдарт цагаан байшин, мэргэн Богд-Уултайгаа, Цэцэрлэг сум Хануйн голын хөвөөнд шохойн бааюутай, тэнгэрийн дуу,  Алимаагийн залбираастай, Аюуш тогоочийн адууны махан цуйвантайгаа,  могойноос айдаг  багштайгаа, Ингэттолгойн САА, Сэлэнгэ мөрний хөвөөнд  дэрвэлзсэн хөх майхантайгаа,  дэгж дэрвэсээр үлдсэн. 

Энэ дөрвөн жилийн түүх  Хоолтын давааг  засаж,  анхны сонгууль өгч, сонгуулийн баярын бөхийн барилдаанд   хэдүүлээ аманд гарч,  Батсуурь маань хоёр давж өмдөө урсан түүхтэй  үлдсэн. 

Энэ дөрвөн жилийн түүх  Архангайн Цэцэрлэгээс,  Жаргалантын Хоолтын даваанаас хөвгүүдээ цэрэгт мордуулж, Сосорбурамыгаа мэлхий толгойгоос нэг удаа  цэргээс авч үлдсэн он жилийн түүх, хөвгүүн болсны түүх болон үлдсэн.  

Энэ дөрвөн жилийн түүх  Энхээ Чука хоёрын гитарын гоцлолтойгоо, Алтаа Тоогоо хоёрын цангисан дуутайгаа,  үдэшлэг наадмын танхимд  үлдсэн.  

Энэ дөрвөн жилийн түүх үсээ машиндуулсан “лам”  хөвгүүдийнхээ өмднийхөө шуумгийг жимбийтэл хассан дүртэйгээ, сийрсэн малгай, цэнхэр хилэн өмдөөр жигдэрсэн  охидынхоо зуны ажлын гоёлтойгоо үлдсэн.  

Энэ дөрвөн жилийн түүх  ангиасаа ханиа сонгосон азтай Соокогийн, сургуулиасаа  ханиа олсон Урнаа, Чука, Алтаа, Сувдаа, Мөнхөөгийн амьдралын алтан шар зам болж үлдсэн.  Бид ингэж  нэг ангийн халуун бүлээ  Маагаа,  Баатар, Дорж, Дашка, Ариука нараар  сэлбэсэн  түүхтэй… Бид ингэж гучуулаа болсон. 

Энэ дөрвөн жилийн түүхийн алтан хуудсыг ангийн багш Мангалжав маань ямар сайхан эмх цэгцтэй бичүүлснийг хэлж яаж барна.  Халзан  Мангаагийн хэдэн хүүхэд, халзан Мөнхөөгийн хэдэн анд  ийнхүү  Архангайд наргиж даргиж,  наадаж цэнгэж, дуулж хуурдаж,  инээж хөхөрч,  илч илчиндээ дэм дэмэндээ явцгаасан.  Бидэнд эрдэм ном заасан  олон сайхан  эрдэмт  багш нар маань одоо ч сэтгэлийн өмнө  дүр дүрээрээ, ааш аашаараа, зан зангаараа  тодрон байдаг. Бид тэднийгээ энэхэн зайд дурсах учиртай. 

Ангийн багш маань физик  гэдэг хичээлийг  ёстой нүдэнд харагдаж,  гарт баригдтал заана. Дээр нь бидэндээ фото зургийн сонгон хичээллүүлнэ. Батхүү бид хоёр сүрхий сайн зурагчин болох дөхлөө. Халтар хултар хар цагаан зураг мөн ч их угаасан даа… Одоо ч саран доторх шиг тэр зургууд  бүгдийн минь зургийн цомогт  түүх гэрчлэн дурайсаар л байгаа даа. Манай ангид нэг том  ширээ байх. Бодвол физикийн лабораторийн л ширээ гэж тийм юм байсан байлгүй. Багш маань ширээнийхээ ард арын өрөөнөөсөө гарч ирээд л зогсоно. Нэг удаа Батхүүг ширээн доогуур голын хөндийд нь оруулчихсан байсан  гарч чадалгүй багш ирээд зогсчихсон хөгөө тарьж л байлаа. Сүүлийн хоёр жил анги маань хойд  хүрэн  дүнзэн байшингийн   зүүн мухарт орсон. Хүйтэн лаврин байсан даа. Цонхоор нь цас шуурчихсан ч байх шиг. Тэр бүхнийг залуу халуун насаараа л туулж байсан.  Ангийн багшийн эхнэрийг Цагаан гэнэ. Хэдэн шар хүүхэдтэй.  Манай ангийн Тунгаатай ах дүүгийн хамаатай.  Цэцэрлэг сум нутаг нь. Нутагтаа биднийг дагуулан очиж зуны ажил хийж байлаа… Яриад байвал ам мурийхааргүй олон сайхан дурсамж байна даа.  

Бүх багш нараа нэг бүрчлэн дурсвал цаг хугацаа их орох учир бурханы хутгийг олсон хэдэн буурал багшаа цухасхан дурсъя.

Сэнгэжав багш. Бидний сэтгэлийн орон зайд хамгийн тодоор үлдсэн хүний нэг.  Монгол хэлний хичээл заана.  Шингэн шингэн дуугараад нүдээрээ зальжин нээж  бид хэдийгээ  ч  “явуулж” өгнө дөө.  Тэр Алимаа гэж нэг тэмээний сүүл… Энэ  хэн гэж нэг  махан боодог… хэлэхгүй шоолохгүй  хүн түүнд байгаагүй. Тэгсэн хирнээ хамгийн хүн чанартай сайхан  багш минь байсан даа. Архангайдаа атаман нэгэн. Цагдаагийн мөрдэс хүртэл хуу татсан гэмтэй. Жилэн  дээрээ багш нь болдоггүй юм гээд инээж суусан дүр нь тодхон.  Хөглөж  явсан паянгаа инээд алдан ярьдаг сан. Сэнгэжав багштайгаа хожим  олон  уулзсан. Нэг удаа давхиад иртэл Тамирын голын хөвөөнд хэдэн малтай хэзээний хөдөөний өвгөн болсон байлаа.  Би ч сурвалжлагын  хураагуураа нээж байгаад задгай сайхан хуучилсан. Багш надад хүүхэд явуулсан юм гээд  виски задалсан. Радиодоо харьж ирээд “Цахирын задгай цагаан” гэж нэг хөрөг найруулал бичсэн дээ…Сүүлд  сураглахад  сонссон л гэж дуулдсан. 

Бадам гэж атан тэмээ шиг том ёнхигор хөгшин байлаа. “Алаг гарт” Бадам гэж алдартай. Түүхийн хичээл заана.  Хэн нэг маань хичээл дундуур бие засах хүсэлт гаргаж, Бадам багш хичээлээ заагаад л чимээгүй. Хариугүй завсарлах дөхөж байтал багш нэг эргэж харснаа  чамайг би аль түрүүн л  бие зас гэсэн шүү дээ.  Тэгтэл багш самбар дээр хичээл заах хоорондоо  самбарын нэг буланд  хоёр тэг зурчихсан юмсанж.  Түүнийг мань мэт нь яаж ухаарах вэ…Ингэж хүртэл мадлуулж л байлаа. Сайхан багш. Архангайдаа залуудаа нэртэй л явсан хүний нэг дээ. 

Чулуун багш гэж нэг үс болсон хүн. Орос хэлний багш. Оросоор ярьдаг хүн л ийм их үстэй байдаг юм байх даа гэж гарынх нь шууг хараад санагддаг байж билээ. Алтай нутгийн хүн л дээ. Хичээл сайхан заана. Манай ангийн  Камесхан, Оюунцэцэг хоёр орос хэлэнд биднээсээ илүүрхэнэ. Тэгж байтал Баттогоо гээд  бидэндээ бол “цул” орос нөхөр орж ирээд л…Түүх болж дээ. Сургууль төгсөөд  Баттогоо маань аргагүй л  Орос хэлний багш болсон. Сүүлдээ  англи хэл заадаг болсон гэсэн. Хэлний авьяас  аа гэж… 

АШМО / Анхан шатны математикийн онол/-гийн багш  анх очиход захирал байсан  буриад эрийг Алексей багш гэнэ. Ёжтой гэж жигтэйхэн.  Шуудайны амыг  цэцэг зангидаад боочихсон юм шиг л гэх… Нүдээ зураас таттал инээгээд л сүрхий сүрхий… Одон бөмбөг сүрхий нударч тоглоно. Нэг иймэрхүү.  

Дэмбэрэл багш маань цаг баримтлахын амьд жишээ байлаа. Геометрийн хичээл заана. Гоё ч заана гэж жигтэйхэн.  Хичээл дундуур  хэн нэгэн  хорь гучин секунд уулзан цагаас нь хороовол хонх цохиход “За жаахан  үлдлээ. Дараагийн хичээлийн эхэнд  заая.” гээд л гардаг сан. Тэгээд дараагийн хичээлийн эхэнд   хорь гучин секундэд  үлдсэнээ хэлээд шинэ хичээлдээ ордог байж билээ. Бас  биднийг Ихтамир суманд намрын  ажилд авч явахдаа  хөвгүүдтэйгээ хамт охидын үүдний өрөөнд унтдаг. Өглөө эртлэн босоод хувцсаа өмсөж,  гараад гар нүүрээ угаагаад,  сахлын баадуутай машинаараа сахлаа авч дуусаад биднийг сэрээдэг байлаа. Бид ч багшийн сахлын машины дуу гараад дуусахаар аяндаа сэрээд босдог болсон байлаа…Ийм л цагийн толь явлаа даа. Дэмбээ багш маань…

Гарам-Очир багш. Солгой гараараа зурна ч гэж сийлнэ дээ. Зургийн багш маань байлаа. Сүүлдээ Цэдэндагва  багш залгасан.  Би бас солгой  зурах гэж оролдоно. Дөч шахам жилийн өмнөх ангийхныхаа дурсамжийн дэвтэр нээвэл миний зурах ч гэж дээ гэж инээд хүрэх шиг санагдсан шүү… Гэхдээ л нэг шүхэр доор алхаж яваа хос хоёрын зураг их зуржээ… Бас Алтайгаа, цэцэг энэ тэр сүрхий зурсан байх нь зурах сонирхолтой л байсных юм байлгүй. Ангийнхаа Баасанжавыг гүйцэж зурахгүй л дээ. Гармаа багш маань бид­нийг зураач болгоогүй ч, зураг ойлгодог, зургийн хи¬чээл хүүхдүүдэд заах дад­лага чадвартай болгоод л төгсгөсөн. 

Дамба-Очир багш.  Чөрчгөр  туранхай энэ нөхөр их хатуу… Сургуулийн коридорт бидэнд биеийн  тамирын хичээл заана.  Нэг удаа  манай хөвгүүд өлгүүрийн хүүхэн  Отгонд   ахмад хөвгүүнийхээ  хайрын захиаг атгуулах гэж хөглөж билээ. Арай овсгоотойгоор нь Сосорбурамыгаа урдаа бариад сүрэг турлиах шиг юм  өлгүүрийн цонхон дээр очиж билээ. “Май” гээд авахгүй болохоор нь  өлгүүртийн цонхоор захиагаа шидчихсэн. Тэгтэл  Дамба-Очир багш маань аль хэдийн гарч ирээд охидыг жагсаасан байна. Бид ч гүйж ирээд жагсаалд ортол Дамба-Очир багшийн хөлд өнөөх захиа маань араас нисэн ирж уналаа. Ингээд ахмад хөвгүүнийхээ хайрын захиаг багшид олзлуулсан  сонин түүх өнөөдөр гэгээн дурсамж болон үлджээ. 

Халтарын Билэгжаргал. Хөгжмийн зохиолч  төрийн шагналт энэ сайхан авьяастны залуу нас Архангайд бидний дунд  нэг хэсэг нь үлдсэн. Бид шинэ,  багш шинэ.  Очсон намраа  Батхүү бид хоёр Билгээ багшийг  хичээл заах гээд ороод ирэхэд  хамгийн арын ширээнд суучихсан байлаа. Та хоёр  урагшаа суу.  Яагаад хойгуур суугаад байгаа юм гэхэд нь “айгаад” гэдэг үгийг  амнаасаа санамсаргүй унагасан нь санаатай мэт болж, анхны хичээл дээрээсээ  журналын хүснэгт тоолон улирлын дүн гарах тэр цонхонд хоёр гэдэг тоог томоор тавиулан  эхний хичээл дээр “муу” гэдэг дүн тавиулж  л байлаа.  Багш шинэ, бид  шинэ…Тэр ёсоор болоогүй л дээ… Билгээ багш маань  хорин дөрвийн чихэр халааснаасаа салгахгүй… Хоёр гараа үрчээд л… хөгжилтэй. Сургуулийн үүдэнд байх муурын байшин шиг цагаан байшинд байна. Төгөлдөр хуурын дуу шөнө дөл болтол  хангинуулсан. Одоо бодоход онгод гээч нь л тэгэхэд ид оргилж байж дээ… Гэрт нь орвол  төгөлдөр хуурынхаа дээр  Самбын Гончигсумлаа гэдэг алдарт хөгжмийн зохиолчийн зургийг тахьчихсан…. За товчдоо  нэг иймэрхүү.

Ванчигсүрэн багш гэж байлаа.  Цэгцтэй, шинжлэх ухаанч тун ч сүрдэн айдаг багшийн нэг. Хичээл сайхан заана. Орос хэл, сэтгэл сурган заана. Пулькин гэдгийг анх бидэнд  нээж өгсөн. Орос хэлний дөртэй болох ухаанд хөтөлж,  үг цээжлэх энэ тэрийг жинхэнэ шахаанд оруулсан багш байлаа. 

Арын сайхан хангайд  Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай,  Завхан,  Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Архангай аймгаас хуран цугласан тэр  намар 40 жилээр алсарчээ….Цаг хугацааны хүлэг морин  дөчин жил довтолгожээ.  Алиахан хүүхэд насаараа  гар барин золгож, анги танхимдаа  инээд хөөр болон орсон тэр намар  сэтгэлийн гэгээн толинд  тэр л янзаараа.  Цовоо цолгин бага насыг минь  өлгийдөн авсан Арын сайхан хангай,   зул бадамласан Булган уул, багшийн сургуулийн  цагаан байшин, дотуур байр,  жижүүрийн дэлгүүр гээд хуруу даран тоолох олон зүйл бидний сэтгэлд одоо  улам ч тодорч байна. Нэг л мэдэхэд дөчин жил өнгөрч.  Үр хүүхэд ач зээгээ дагуулсан өвгөн шувууд болж…Арын сайхан хангайгаас өд сөдөө дэвэн дэвсээр нутаг нутгийн зүг ниссэн хорин таван шувуу өнөөдөр өнөржин сэтгэлийн цэнхэр нуурынхаа мандал юуг дүүргэжээ… Энэ нуур амгалан цэлийж алс энгээрээ давлан давлан байхын ерөөл өргөе. 

Бид энэ дөчин жилд  таван бэр арван найман хүргэнтэй болж, Монгол Улсын  голомтонд  хорин дөрвөн өрх нэмжээ.  Нэмсэн өрх бүхэн нь аз жар­галаар дүүрэн байж, үр ачаа тойруулсан өнөр өтгөн өрх айлууд болжээ. 

Бид энэ 40  жилд  хүн амынхаа  тоог  46 хүү 44 .охиноор  нэмж, өөрсдөө 29 хүргэн 28 бэртэй болон салбарлаж 44 ач 44 зээтэй болон өргөжжээ.  Ингээд бодохоор  бид  салаа зандан мод шиг салбарлаж,  сайхан модны жимс шиг үржжээ. Эхнэр нөхрөө тооцоод үзвэл  40 жилд бид 259 болсон тоон үзүүлэлт бэлхнээ гарч байх юм.

Бид энэ дөчин жилд ард түмний алдрай жаахан 20 гаруй мянган үрсэд эрдэм номын хөтөч А  заасан байна.  Эх орны дөрвөн зүг найман зовхист ангаахай жаахан шавь нар нь ажиллаж хөдөлмөрлөж, алдар гавьяагаа дуудуулж нэр төртэй аж төрж байна. Багш хүн шавиараа бахархахын сайхныг эдэлж яваа андууд минь та нар болжээ. 

Бид энэ дөчин жилд хийж бүтээснийхээ төлөө алдар гавьяаны эзэд болцгоосон. Ардын боловсролын тэргүүний багш цол тэмдгийн эзэн 19, тэргүүлэх зэрэгтэй багш 20, ахлах багш 22, Алтангадас одонтой 6, Хөдөлмөрийн хүндэт медальтай 7, доктор цолтой 2, Ардын хувьсгалын ойн медалиудтай 24, салбарын  болон бусад яамны хүндэт жуух бичигтэй 24 аймаг дүүргийн аварга цолтой 24 сум, сургуулийн аварга 24, боловсролын салбарын ойн медальтан 20, бусад салбарын тэргүүн 7 тус тус төржээ. Энэ бол бидний хүн явсны, хэн явсаны баталгаа нотолгоо буюу…

Бид  энэ дөчин жилд халуун дулаан   эгнээнээсээ ангийнхаа анд  сайн багш  Бадрайн Нямжаваа тэнгэрийн оронд үдсэн харуусал бас байна.  Даржаагийн  Энхтуяа,  Мэндийн Амарбаатар, Маналын Долгор, Идэшийн Туяа дөрөв  маань хайрт ханиа алдсан харамсал бас байна. Энэ бүхний төлөө бүгдээрээ гүн хүндэтгэл үзүүлж, андуудаа орлоод үлдсэн  хүүхдүүд  ач зээ нар нь байгаа шүү гэж хорвоогийн жамыг ухаарахыг  захиж байна.  

Бид энэ дөчин жилд  ийм л сайхан багш нар болж, ардын үр хүүхдийн эрдмийн аяны хөтөч болцгоожээ. Одоо  алдар гавьяаныхаа амралтанд түрүүчлээд гарцгааж байна.  Аз жаргалтай амьдрал  хүлээж байна. Алс ирээдүй гэрэлтэй байна. Төрүүлж өсгөсөн үр хүүхдийнхээ сайн сайхнаар амьдрах цаг хугацаа хүлээж байна. Хийж сурсан ажил  сургаж хүмүүжүүлсэн шавь нарынхаа  амжилтаар бахархах он жилүүд эхэлж байна. 

Өнөөдөр бид дөчин жилийн өмнөх шигээ бага залуу насандаа эргэн  аялахаар энэхүү дурсамжийг хөглөж байна.  Хэн нь хэн болсноо сонирхон хөгжиж,   хууч дэлгэн баясахаар хуран цуглаж байна. Алиахан багын зангаа гээгээгүй алтанхан үеэ цуглуулж баярлахаар цуглаж байна.  Хожим эргээд  дурсахад  хөтөч болох гэрчийн судар  баринтаглаж байна. Хурай  хурай хурай… 

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Хэлбичгийн ухааны доктор, ангийн дарга  Бэсүд овогт Лханаагийн  МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Н.Мөнхбат: АТГ-ынхан хэний хүсэлтээр, ямар үндэслэлээр шалгаж байгаагаа хэлээгүй

Хөгжлийн банкны гүй­цэтгэх захирал Н.Мөнх­бат­тай ярилцлаа.

-Хөгжлийн
банкийг тойрсон яриа, шүүмжлэл их байдаг. Төсвөөс гадуур, хяналтгүй мөнгө зарцуулдаг
гэх мэтээр. Хөгжлийн банк өнөөдөр ямар хэм хэмжээнд ажиллаж байна?

-Манай банкны хүлээсэн үүрэг бол нэг талаасаа санхүүжилтийг татах
нөгөө талаасаа санхүүжилтийг хэрэгжүүлэхэд оршино. Тэр утгаараа манай банкны үйл
ажиллагаа маш сайн байгаа. Манай байгууллага өнгөрсөн онд анх удаа Хөгжлийн банк
шиг ажиллалаа.  Тоогоор ярихад 2012 оны эцсээр
900 хүрэхгүй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байсан бол 2013 оны эцэс гэхэд нийт хөрөнгийн
хэмжээ 3.2 их наяд төгрөг болж, одоо 4.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн жилийн
өмнө нэг их наяд төгрөгийн зээл олгосон байсан бол өнөөдөр 2.7 их наяд төгрөгт хүрсэн
байгаа. Бодитой хийгдсэн ажилд л манайх санхүүжилт өгдөг учраас ийм хэмжээний ажил
хийгдсэн гэж дүгнэж болно.

-Танай
санхүүжилтээр босч байгаа үйлдвэр, бүтээн байгуулалтуудыг нэрлэ гэвэл?

-Хөтөлийн цемент шохойн үйлдвэр байна. Энд тодорхой хэмжээний санхүүжилтийг
өгсөн бол III цахилгаан станцын өргөтгөл ч бондын хөрөнгөөр хэрэгжсэн. Нэг­хэн жилийн
дотор Дархан хотыг цахилгаанаар хан­гах хэмжээний бүтээн бай­гуулалтыг өрнүүлж чадлаа.
Багануурын уурхай дээр хү­чин чадлын өргөтгөл хийж 4.5 сая тонн нүүрс
үйлдвэрлэх хүчин чадалтай болсны зэрэг­цээ Монгол Улс өөрийн гэсэн онгоцтой боллоо.
Ажил хийгээд дууссан тө­сөл, хөтөлбөрүүдийг танил­­цуулахад ийм байна. Тэрчлэн бондын
хөрөнгийн тодорхой хувь нь арилжааны банкуудаар дамжаад хувийн хэвшилд шууд очиж
байгаа.

-Засгийн
газраас зарла­сан 888 төслийг танайх санхүүжүүлэх бил үү. Энэ асуудал яагаад чимээгүй
болчихов?

-Банкуудтай санамж бичиг, гэрээ байгуулж ажилласан. Банкууд эхний
ээлжинд зарим төслийг батлаад ирүүлж байх жишээтэй. Одоогийн байдлаар 20 орчим төсөл
батлагдсан. Хөгжлийн банкны бүх хөрөнгө татвар төлөгчийн хөрөнгө учраас арилжааны
банкаар дамжуулан санхүүжүүлсэн нь илүү оновчтой хувилбар болсон.

-Төслийн
эзэд хэзээ мөнгөө авч, ажлаа эхлүүлэх юм бол?

-Бид тавдугаар сараас эхлэн санхүүжилтийг нь олгоно гэсэн төлөвлөгөөтэй
байсан.  Гэтэл тодорхой хэмжээний удаашрал
гарснаас санхүүжилтийг одоог хүртэл өгөөгүй байна. Тун удахгүй мөнгийг нь шилжүүлж
эхлэх байх.

-Чингэс
болон Самурай бондын зарцуулалтын тайланг гаргахгүй байна гэсэн шүүмжлэл их байгаа.
Нарийн задаргааг нь танилцуулах боломж бий юу?

-Бидний ямар ажил хийж байгааг хүмүүс гэрээсээ гараад л харж байгаа
байх. Орон нутгийн иргэдийн хувьд хатуу хучилттай замаар холбогдлоо. “Гудамж” төс­лийн
хүрээнд замын түгжрэл ихээхэн буурлаа. Хөгжлийн банк өнгөрсөн жил 930 км хатуу хучилттай
замыг шинээр тавьсан. “Буянт-Ухаа” хороолол ашиглалтад орлоо. Бидний хийж байгаа
ажлууд хүн бүхний нүдэн дээр ил байгаа гэж ойлгож байгаа.

Чингэс бондын тухайд гэвэл бондын хөрөнгөөс санхүүжилт хийлгэхээр
Зас­гийн газраас 11 багц төсөл, хөтөлбөрийг баталсан. Харин өнөөдөр Хөгжлийн банкин
дээр бон­дуудын зарцуулаагүй үлдэгдэл гэж 1.6 их наяд төгрөг бий. Үүнийг банк хоорондын
зах зээл буюу арилжааны банкуудад богино хугацаатай, үр ашигтайгаар байршуулчихсан
байгаа.

-Ойрын
үед Монгол Улс бонд босгох уу. Тийм шаардлага бий юу?

-Удахгүй ОХУ-ын Хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний санхүүжилтийг
авахаар ажиллаж байгаа. Ингэхдээ хууль тогтоомжийнхоо хүрээнд ажиллаж байгааг хэлмээр
байна. Би эдийн засагч хүнийхээ хувиар хэлэхэд үнэхээр хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Бонд байна уу, гадны шууд хөрөнгө оруулалт байна уу бүгд хэрэгтэй. Саяхан бид буурай
хөгжилтэй орны тоонд байхдаа донор орнуудаас санхүүжилт авдаг байсан. Харин
2012 онд НҮБ биднийг дундаж орлоготой орны тоонд оруулсан учраас асуудлаа өөрсдөө
шийдэх шаардлага бий.

-Оросоос
ямар зээл хүсч байгаа гэсэн үг вэ?

-IV цахилгаан станц дээр 123 МВт-ийн хүчин чадалтай өргөтгөл баригдаж
байгаа. Ажил нь удахгүй дуусна. Тус станцын технологи нь Орос учраас ОХУ-ын компаниар
түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр ажлыг хийлгэж байгаа. Тэр орны экспортыг дэмжиж
байгаа учраас ОХУ-ын Хөгжлийн банктай хэлэлцээр хийгээд гэрээг урт хугацаа, бага
хүүтэйгээр санхүүжүүлэх тохиролцоонд хүрсэн. 

-Хөгжлийн
банкны өрийн хэмжээ ямар байна. Хэдэн орны банктай харьцаж байгаа юм бол?

-Анхны гаргасан 580 сая ам.долларын буюу Евро бонд бий. Бас Самурай
бондоос гадна Германаас 13 сая ев­рогийн санхүүжилтийг ав­сан. Удахгүй Оросоос авах
санхүүжилт нэмэгдэх байх. Удахгүй бид банкныхаа зээл­жих зэрэглэлийг тогтооно.

-Өнгөрсөн
мягмар гаригт АТГ-аас танай байгууллагыг шалгалаа. Ямар үндэслэлээр?

-Хоёр хоногийн өмнө АТГ-аас шалгалт орж ирсэн. Ямар хүнтэй холбоотой,
ямар асуудлаар шалгаж байгааг нь одоогоор тодорхой мэдэж амжаагүй байна. Анхан шат­ны
шалгалт байна гэж ойлгосон. Ер нь бид шал­гуулсандаа олзуурхаж байгаа. Яагаад гэвэл
манайх их хариуцлагатай ажил хийж байгаа. Манайхыг шалгаж болох бүх байгууллага
шалгах ёстой. Тэр утгаараа байнга хянуулж, шалгуулдаг. Жил бүр Үндэсний аудитын
газрын санхүүгийн шалгалт орж ирдэг. Өнгөрсөн гур­ван жилийн хугацаанд сан­хүүгийн
аудит хийлгээд “зөр­чилгүй, сайн байна” гэсэн дүгнэлт гаргасан. Олон улсын санхүүгийн
аудитыг ч орууллаа. Тэгэхэд олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулсан
байна, зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан. Өнгөрсөн жил мөн гүйцэтгэлийн аудит хийгдсэн
бол Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг ч шалгалт хийсэн. Одоо АТГ-ын шалгалт
орж байна. Энэ бол зөв зүйтэй хийгдэх ёстой ажил гэж ойлгож байгаа.

-Хэний
хүсэлтээр, ямар үндэслэлээр шалгаж байгаагаа АТГ-ынхан хэлээгүй гэсэн үг үү. Гадуур
таныг шалгахаар болжээ гэж мэдээлээд байсан?

-Тусгай нэр заасан зүйл байхгүй байгаа. Харин намайг шалгах болсон
гэдгийг нь гайхаад байгаа. Яагаад тийм мэдээлэл гараад байдаг юм бол. АТГ-ынхан
“Танд ийм асуудал байна” гэж огт мэдэгдээгүй. Миний мэдэж байгаа зүйл бол манайх
дээр АТГ-ын шалгалт л орж ирсэн.

-Эдийн
засгийн хөгжлийн сайдыг АТГ-аар шалгуулна гэж байсан. Үүнтэй холбоотой юм болов
уу. Гол асуудал нь “Гудамж төсөл”-ийн санхүүжилттэй холбоотой юм биш үү?

-Тийм байж магадгүй. Үнэнийг хэлэхэд хэнийг ямар асуудлаар шалгаад
байгаа нь тодорхойгүй байна. “Гудамж” төслийн санхүүжилтийн хувьд манайх чиг үүргийнхээ
дагуу ажилласан. Бид санхүүжилтээ хийсэн. Тухайн төслийг хэрэгжүүлэгч байгууллага
нь яаж гүйцэтгээд тайлан төсөлдөө хэрхэн тусгаж байгаа нь тэдний хэрэг. Ямартаа
ч ажил нь хийгдсэн байх ёстой. Хийгдээгүй ажилд мөнгө өгөөгүй гэдгийг би баттай
хэлж чадна.

-Тэр
асуудлаар шалгаад байна уу гэсэн таамаг байна уу. Та чинь Н.Батбаяр сайдын хүн гэгддэг
биз дээ?

-Би бүх ажлаа хуулийн хүрээнд хийж байгаа. Ямар нэгэн таамаг хэлж,
дүгнэлт хэлэх ч эрт байна. Аль болохоор ажлаа сайн хийгээд л явж байна. Шалгах ёстой
юм бол бид шалгуулна. Сая бол хүнийг бус банкийг шалгалаа.

-АТГ-ынхан
юу илрүүлэв. Баримт материал авч явав уу?

-Одоогоор юм илрүүлсэн эсэх нь мэдэгдэхгүй л байна. Ажлын зарим материалуудыг
аваад явсан болохоор шалгалтаа хурдан дуусгаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл бүтээн
байгуулалтын улирал эхэлж, санхүүжилт хүчтэй хийгдэж байгаа үед ажлаа сааталгүй,
хэвийн явуулмаар байна.

-Ямар
материал авч явсан гэж?

-Энэ тухай ярьж болох, болохгүйг би хэлж мэдэхгүй байна.

Л.МӨНХ

Categories
гадаад мэдээ

Украины Ерөнхийлөч Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцов

Украины Ерөнхийлөгч П.Порошенко болон тус улсын Гадаад хэргийн сайд П.Климкин нар Брюссель хотноо болж буй Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцсон байна. Энэ үеэр Европын холбоо Украинтай хамтран ажиллах тухай  гэрээний нэг хэсэг болох эдийн засгийн хамтын ажиллагааны тухай баримт бичигт  гарын үсэг зуржээ. Гэрээг үзэглэсний дараа П.Порошенко  хэлэхдээ “Энэ бол тогтвортой болон аюулгүй байдал өнөөдөр юунаас ч илүү чухал байгаа Украины хувьд түүхэн мөч” хэмээн онцлон дурджээ. Украины шинэ эрх баригчид Европын холбоотой нягт хамтран ажиллаж ирээдүйд түүний гишүүн болох бодлогыг баримтлан ажиллаж байгаа билээ.

Гэтэл Украины зүүн нутагт байдал ээдрээтэй хэвээр байна.  Тус улсын Ерөнхийлөгч салан тусгаарлах үзлийг баримтлагчидтай хэлэлцээ хийсний эцэст түр гал зогсоохоор тохиролцсон юм. Энэ хугацаа нь өчигдөр буюу баасан гаригийн 10.00 цагт дууссан боловч хоёр тал одоо болтол тодорхой тохиролцоонд хүрээгүй байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зуучилж өчигдөр Украины эрх баригчид болон салан тусгаалах үзлийг баримтлагчидтай дахин уулзахаар болсон. Гэвч энэ нь ямар үр дүнтэй болсон нь тодорхойгүй байна.  

Categories
мэдээ нийгэм

Дуучин Болд бэлэг хүлээж авчээ

Дуучин Болд өөрийн фэйсбүүктээ “Япон улсын хувцасны дизайнер Chizuko Yahagi гэдэг хүн надад бэлэг явуулжээ. Энэ хүн Японд өөрийн улсын үндэсний хувцас болох кимоно хийдэг материалаар орчин үеийн хувцас хийж, дэлхийн зах зээл дээр гаргаж улсынхаа үндэсний брэндээ сурталчилахын төлөө явж байгаа хүн юм байна. Миний хийж бүтээх гэж зорьж байгаа үндэсний урлагаа орчин үеийн хөгжимтэй хослуулсан Монгол Поп урсгалыг дэмжиж байгаагаа илэрхийлээд миний ажилд амжилт хүсэж кимоно хийдэг материалаар хийсэн энэхүү хувцасыг өгчээ. Алс холын япон улсын нэгэн миний зорьж байгаа ажлыг ойлгон сэтгэлээсээ дэмжиж байгаад миний сэтгэл их хөдөллөө.Түүний ажилд томоос том амжилт хүсье. Монгол Поп хэзээ нэг цагт дэлхийд цуурайтах болтугай!!!!!” хэмээн бичжээ.

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун пуужингийн туршилтыг удирджээ

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун пуужингийн туршилтыг өөрийн биеэр удирдан явуулсан талаар ЦТАК агентлаг мэдээлжээ. Тус улсын эрдэмтэд шинэ пуужинг бүтээхдээ Оросын X-35 загварын пуужинг ашигласан бөгөөд туршилт амжилттай болсон гэнэ. Зарим эх сурвалжид Хойд Солонгос Японы тэнгисийн зүүн өмнөд хэсэгт ойрын тусгалтай гурван пуужин хөөргөсөн талаар мэдээлж байна.  

АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас тус улсад шинээр боловсруулсан пуужингийн туршилтыг буруушаан, Ким Жөн Унг дахин ийм төрлийн туршилт явуулахгүй байхыг сануулжээ. Ирэх долоо хоногт БНХАУ-ын дарга Өмнөд Солонгост айлчлах юм. Умард Солонгосын төрийн тэргүүний уг үйлдэл нь Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг дахин хурцатгаж болох юм хэмээн ажиглагчид онцолжээ.  

Д.Цэрэндолгор

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засгийг эрчимжүүлэх үеэр УИХ завсарлаж болох уу?

“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” зүгээр л шоу байсан юм биш байгаа. УИХ долдугаар сарын 1-нээс завсарлана гэхээр ийм бодол төрөв. Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд УИХ-д өргөн барьсан  хуулийн төслүүдийг хэр түргэн батлахаас эрчимжүүлэлтийн ажил шалтгаална гэдгийг  Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан.  Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр 20-иод хуулийн төсөл УИХ-д хүргэгдсэн гэсэн тоо бий. Гэтэл УИХ бизнес эрхлэгчдийн тэгтлээ их хүсэн хүлээгээд байгаа Эдийн засгийн өршөөлийн хууль, татварын шинэчлэлийг багцаар нь хийгээгүй, Ашигт малтмалын  тусгай зөвшөөрөлийг олгож эхлэх шийдвэрийн алийг нь ч  гаргаагүй  мөртлөө наадах тухай бодож эхлэв. 

Үнэхээр 100 хоногт эдийн засгаа эрчимжүүлэхээр шийдсэн бол УИХ, Засгийн газрын гишүүд  орондоо орох завгүй л баймаар юм.   Гэтэл эдийн засгийг эрчимжүүлэх бодлогуудыг хурдан шийдвэрлэхийг хэн шаардаж байна вэ.  Сөрөг хүчнийхэн ч гэж таарсан таар шуудайнууд байх юм. МАН-ын дарга М.Энхболд хүртэл жижигхэн юм ярьж байна лээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэхгүйгээр чуулган завсарлачих гээд байгаа юм байх. Наана чинь эдийн засаг хямраад  ард түмний авдаг цалин мах гуриланд нь хүрэхгүй байхад ядаж санаа зовсон дүр үзүүлээч, улс төрчдөө. Үнэндээ  сайдын суудлаас хэн бууж, хэн суух нь ард түмэнд бол тийм ч сонирхолтой сэдэв биш. Яахав сайд солигдоод эдийн засаг сэв хийтэл босоод ирдэг бол сонирхож болох юм. Түүнээс биш та бүхний дандаа дандаа яриад байгаа сандал суудлын тухай хэрүүл  чинь Солонгосын  савангийн дуурийн дайтай  эд.  

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн 50 нь өнгөрч байгааг  Ё.Отгонбаяр гишүүн  твитертээ сануулжээ. Улс төрчид зөвхөн хугацаа тоологчийн үүрэг гүйцэтгэвэл хэн  шийдвэр гаргах юм,  хэн эдийн засгийг эрчимжүүлэх юм.    Хэнтэй хариуцлага тооцох вэ? 

50  хоногийн дараа  ямар драм  өрнөхийг таамаглахад  мэргэн түргэн байхын ч хэрэг алга.  Сөрдөг хүчнийхэн болохоор Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлж чадсангүй гээд Н.Алтанхуягийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаар гүйлдэнэ. Н.Алтанхуяг нь болохоор УИХ  эдийн засгийг эрчимжүүлэхэд шаардлагатай хуулиудыг  батлаж өгөөгүй гээд гүрийнэ. УИХ, Засгийн газар хэн нь томоо үзэх гээд ард түмэн баахан үнэгүй шоу үзнэ. Үнэн хэрэгтээ эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног шоу төдий зүйл байсныг ухаарсан олон нийт бухимдана.  Наадмын дараа намар болохоор өвлийн бэлтгэл, хүүхдийн сургууль цэцэрлэг, халаалт дулаан, хотын утаа, махны үнэ яригдаж,  хэтэвч нь хоосорсон иргэд  бухимдаж бослого тэмцэлдээ хүрэх биз. Хямралын үед олон нийтийн бухимдлыг хуримтлуулж, тэслэмээргүй л байгаа юм даа.   Шийдвэр гаргагчид ажиллаж байна, хичээж байна гэсэн мессеж нийгэмд очиж байгаа цагт ирээдүйдээ итгэх массын итгэл алдрахгүй.  Төр сайн засаглаж  чадахгүй бол  өөрсдөө тэд  нийгмийн бухимдлын  том шалтгаан нь  болно. Цөс нь хөөрсөн олон Засгийн газраа, УИХ-аа байтугай улс орноо тараачихаад байгаа ойрын жишээнүүд бэлээхэн байна. Олон түмний бухимдал дээр дөрөөлөн ашиг хонжоо олдог мэргэжлийн тэмцэгчид, жагсаал удирдагч баатрууд тодорч ядах юмгүй!

Наадам дөхлөө. Монголчууд баярлах эрхтэй. Учир нь жирийн хүмүүс улстөрчдийг бодвол маш их ажил хийдэг юм шүү.  Харин С.Дэмбэрэл гишүүний хэлсэнчлэн УИХ ажил хийдэггүй мөртлөө амрах тухай яриа байж таарахгүй. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног талдаа орлоо.   УИХ  юу хийв, Засгийн газар юу хийв. Шаардлагатай хууль, шийдвэрүүдээ хэдийг нь  батлав, батлаагүй бол юу саад болсон, яах учиртайг  улстөрчид тайлагнах ёстой. Хэн нь хаанаа гацаагаад байгаа юм шийдлээ хэлж, шийдвэрээ гаргах учиртай.  “Уул шугамандаа бол” Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт шийдвэр гаргагчид  хагас цэрэгжсэн байдалтай л ажилламаар байгаа юм даа.   

Б.Янжмаа

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн анхны орон сууцны ажил эхэлжээ

Увс аймагт анх удаа 7 давхар цахилгаан шаттай 105 айлын орон сууц баригдаж байна.  “Бумномин” ХХК, “Мөнхийн Ундраа” ХХК, “Дэвшил Увс” ХХК тус бүр 35 айлын 7 давхар орон сууцыг барьж ирэх арванхоёдугаар сарын 25-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажлаа эхлүүлжээ. 

Мөн аймгийн хуучин халамжийн байрыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байр болгохоор “Зүчилика” ХХК засварын ажлыг хийж эхэлсэн бөгөөд одоо 90 хувьтай явагдаж байгаа ажээ. 

Түүнчлэн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн хичээлийн байрны барилгын их засварын ажлыг “Цагаан хөшөө трейд” ХХК Улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруултаар засч байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэг төвийн уулзвар 4 замын уулзвар боллоо

Улаанбаатарын түгжрэл ихтэй уулзваруудыг 4 замын уулзвар болгох ажил өнгөрсөн жилээс эхэлж, Чингис бондын хөрөнгөөр санхүүжиж байгаа юм. 2013 онд 18 уулзвар шинэчилсэн бол энэ жил 12-ыг шинэчлэхээр төлөвлөжээ. “Гудамж” төслийнхөн энэ оны эхний ажлаа дуусгаж, Цэцэг төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замыг өчигдөр /06.27/ хүлээлгэж өглөө.

Ерөнхийлөгчийн өвлийн ордон, Төрийн тусгай хамгаалалтын газрын хаалттай байсан энэ газрыг нээлттэй гудамж болгосноор Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч, иргэд цаг, мөнгөө хэмнэх, тав тухтай зорчих боломжтой болж байна.

Цэцэг төвийн 4 замын уулзварын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, “Хаана түгжрэл ихтэй, шатахуун их зарцуулж, цаг хугацаа алдаж, хөрөнгө урсч байна тэнд “Гудамж” төсөл хэрэгжинэ. Ирэх долоо хоногт 100 айл болон III, IV хорооллын Энэбишийн өргөн чөлөөний уулзварыг өргөтгөж хүлээлгэн өгнө” гэж хэллээ.

Энэхүү шинэ гудамж, замын зураг төслийг “Гудамж” төслийн захиалгаар “Эйч Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж, Японы Си Ти Ай инженеринг интернэйшнл компани зөвлөхөөр ажиллажээ. Эдгээр компанийн хамт олонд Ерөнхий сайд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Цэцэг төвийн уулзварыг шинэчлэхэд 2 тэрбум төгрөг зарцуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.