Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: Улс төрийн намуудын доторх ашиг сонирхлын зөрчлүүд нь хэтэрчихээд байна

Эдийн засгийн байн­гын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Гарам­гайбаатартай
ярилцлаа.

 -Өнөөдөр
(өчигдөр) танай байнгын хорооны хуралдаанаар Эдийн зас­гийн хөгжлийн сайд Н.Бат­баярыг
огцруулах эсэхийг хэлэлцэх байсан ч хойшиллоо. Даруйхан шийдээд явчихаж болохгүй
юм уу?

-Нэг хүнийг огцруулснаар бүх зүйл сайхан болчихдог бол түүн шиг сайхан
юм алга. Харамсалтай нь тэгдэг­гүй гэдгийг амьдрал өөрөө нотолчихсон. Байнгын хо­рооны
хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хэ­лэлц­сэн ч МАН-ын
зү­гээс огцруулахаар өргөн барьсан бичигт тусгагдсан саналуудыг тодруулах, баталгаажуулах
шаардлага байна гэж үзээд тодорхой хугацаагаар хойшлуулахаар боллоо. Үүнийг гишүүдийн
олонх дэмжсэнийг би хувьдаа зөв гэж үзэж байгаа. Нэгэнт огцруулна гэж байгаа бол
түүнийг нь баталгаажуулсан зүйлийг нүдээр харах хэрэгтэй байна. Тийм болохоор л
хойшилчихлоо.

-Таны
хувьд Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллах ёстой гэдэг дээр санал нэгдээд байна
гэж ойлгож болох нь ээ?

-Жаахан юм хийж байгаа хүнийг өөнтөглөх хандлага бий болчихсон. Н.Батбаяр
сайд алдаж онож байгаа ч гэсэн ажил хийж байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна.
Тийм болохоор тэд Батбаяр гэдэг хүнийг оролдоод байгаа юм.

-ҮХАА-н
сайдад нэр дэвшигчийг хам­тар­сан байнгын хороо дэмж­чихлээ. УИХ-ын гишүүн Зас­гийн
газрын гишүүний албыг хавсран хашихаар болчих гээд байна даа. Та ямар байр суурьтай
байна вэ?

-Их хурлын гишүүний хувийн бодол гэхээсээ илүүтэй намын бүлгийн шийдвэр
чухал.

 Улс төрийн нам бол сонгуульд орж Засгийн газар, парламентыг бүрдүүлэх
байдаг. Тиймээс бүлгийн шийдвэр хувь гишүүний шийдвэрээс үнэтэй байдаг тул би бүлгийн
шийдвэрийг дагаж байгаа.

Ш.Түвдэндорж гишүүн ах дүү нартайгаа ардчиллыг анхнаасаа дэмжиж явсан
хүн. Улс төрд ч олон жил болчихсон туршлагатай улс төрч. Сайдын албан тушаал гэдэг
улс төрийн томилгоо байдаг.

-Эдийн
засгийн байнгын хорооны даргатай уулзсаных эдийн засгийн нөхцөл байдлын талаар асуумаар
байна. Дээрдэх өнгө аяс харагдаж байна уу?

-Эдийн засгийн талаар хүмүүс янз бүрийн байр суурийг илэрхийлж байна.
Хөдөө орон нутагт эдийн засгийн нөхцөл байдал иргэдийн сэтгэл санааг зовоогоод байгаа
юм алга. Миний харж байгаагаар улс төрийн хүрээнд л эдийн засгийг хямарсан, хямраагүй,
дээшилсэн, доошилсон гэсэн тоглолтууд явагдаж байна. Энэ нь хот газрын хүмүүст цохилт
болж очдог. Манай орон үйлдвэрлэгч улс биш тул гаднаас ихэнх зүйлсээ авдаг. Тиймээс
валютын хэрэгцээ бий болох үед нь улс төрийн тоглолтууд хийгддэг л дээ. Эдийн засгийг
бүр сайжирчихсан гэж хэлэхгүй ч ажил хийх боломж хангалттай байгаа. Эдийн засгийг
сэргээх үү, үгүй юу гэдэг нь туршлагатай нам, улс төрчдөөс ихээхэн шалтгаална. Өөр
хэнээс ч шалтгаалахгүй.

-Эдийн
засгийг идэвх­жүүлэх 100 хоног нэлээд явчихлаа. Үр дүн гарах янз нь хэр байна?

-Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг анх ярилцахдаа эдийн зас­гийг
идэвх­жүүлэхэд хууль эрх­зүйн талаас ийм өөрчлөлтүүд оруулъя гэж ярьсан. Хамгийн
гол нь богино хугацаанд эдийн засгийг сайжруулж болох зогсонги байдлаас гарах, идэвхжлийг
сэргээх, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх, ялангуяа хөрөнгө оруулагчдын
итгэлийг нэмэгдүүлэх, эргэлзээг тайлах арга хэмжээ авъя гэсэн юм. Энэ давхар дээлийн
асуудал шиг болсон л доо. Сөрөг хүчин болон зарим нэг хүмүүс өлгөж аваад 100 хоногт
эдийн засгийг орвонгоор нь эргүүлэх гэж байна гэсэн ухуулга явуулаад байна. Сайн
үзэх юм бол үндэс сууриар нь өөрчлөх асуудлууд их байгаа. Үүнийгээ бид өөрчилж чадвал
хүссэн хүсээгүй эдийн засгийг эрүүлжүүлэх, бидний хүсэн хүлээсэн тийм нөхцөл бий
болно. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдыг татах орчныг бүрдүүлэх нь чухал. Хүнд
хэцүү ч гэсэн эхний хуулийн төслүүд орж ирээд хэлэлцэгдээд явж байна. Ойрын үед
эдийн засаг сайжрах байх аа гэсэн хүлээлттэй байгаа. Бид ямар тусгаар тогтносон
улс гэдгээ ямагт санаж өөрсдөө эдийн засгаа сайжруулах тал дээр анхаарал хандуулах
ёстой. Улс төр хийж байгаа намууд ч гэсэн хэлж ярих үгэндээ нухацтай хандаж байх
хэрэгтэй. Эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцүүлэх
гэтэл өнөөдрийг хүртэл хэлэлцэж чадахгүй байна.

-Яагаад
ингэж цаг алдаад байгаа юм бэ?

-Энэ бол Ашигт малт­малын хуулиндаа бус улс төрийн хүрээнийхний тэмцлээс
болоод байна гэж хувьдаа онош тавиад байгаа. Хуулиндаа асуудал байхгүй юм байна
гэдэг нь өдөр ирэх бүр мэдрэгдээд байгаа юм. Ухаандаа улс төрийн намуудын доторх
ашиг сонирхлын зөрчлүүд нь хэтэрчихээд байна. Үүнээс болоод хуулийг гаргахгүйн тулд
ямар нэгэн байдлаар гацаах үйлдлүүд яваад байна л даа. Уг нь бүлгийн шийдвэр гарчихвал
цаашаа амархан явчихна. Гэтэл МАН өнөөдрийг хүртэл бүлэг дээрээ тохиролцож чадахгүй
байгаа нь харамсалтай.

-Гуравдугаар
сард та бид хоёр ярилцаж байхад “Зургадугаар сарын сүүл­чээс ам.долларын ханш суларна”
гэдгийг хэлж бай­­сан. Өнөөдөр гэтэл эсрэ­гээрээ л яваад байдаг…

-Тэгэхэд зургадугаар сард ам.долларын ханш тогт­вор­жино гэж шууд
хэлээгүй шиг санагдаж байна. Харин сайн цаг ирнэ гэдэгт хариулт өгч байсан. Өнөөдөр
бид ч гэсэн хүлээлттэй байгаа. Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн
тухай хууль гэх мэт гол хуулиуддаа өөрчлөлтүүд хийж байгаа тул хөрөнгө оруулагчдын
итгэлийг буцааж сэргээх тал дээр анхааран ажиллаж байна. Харамсалтай нь тэр нь бидний
санасан хэмжээнд идэвхжиж өгөхгүй байна. Энэ нь олон удаагийн огцруулна гэсэн үйл
ажиллагаа, улс төрийн бодлогогүй тоглолтуудаас болоод байгааг хэлэх хэрэгтэй. Ийм
байдал нь нэг хэсэг хүмүүст ашигтай л байгаа байх. Олонхио дагахаар энэ нь тийм
ч сайн зүйл биш. Үнэхээр харамсалтай цаг үеүд өнгөрч байна. Манайх чинь гурван сараас
хойш бү­тээн байгуулалтын бэлт­гэлийг ханган ажлаа хийдэг. Гэтэл энэ үе дээр нь
байнга Засгийн газраар ороолдоод улс төр хийхдээ бизнес эрхлэгчдийн сэтгэл санааг
хувиргасан зүйл их явагдаж байгаа тул үл итгэсэн байдалтай өдийг хүрлээ. Улс төрийн
хүрээнийхэн хэдийд яаж тоглолт хийх вэ гэдгээ бодож байх шаардлагатай. Тэгэхгүй
бол улс орноо эвгүй байдал руу түлхээд байна. Ард түмний нэрийг барих дуртай улс
төрийн хүчинд таатай үзүүлэлт биш л дээ.

-Ам.долларын
ханш яах бол?

-Би ам.долларын ханшийг мэддэг хүн биш. Доллар гэдэг чинь гадны валют.
Үүнд хариулт өгөх Засгийн газрын гишүүн, Монголбанкныхан байгаа. Ерөнхийдөө төг­рөгийн
ханш тогтвортой байж бараа бүтээгдэхүүний үнийг боломжийн хэмжээнд байлгахын тулд
ажиллаж байна. Ам.долларын ханшийг ярихдаа хүмүүс тоо л ярих юм. Энэ бол аль ч оронд
байдаг үзэгдэл. Манай орон гадны валютуудаас ам.долларыг онцолж үздэг бол төгрөгтэй
харьцах харьцааг олон жилийн дундажтай харьцуулж хараад явах ёстой. Энэ замаараа
л явж байгаа гэж ойлгодог. Манайхан өнөөдөр бүх зүй­лийг ам.доллартай харь­цуулж
бодоод байна. Доллар Америкийн мөнгөн тэмдэгт болохоос Монголын мөнгөн тэмдэгт биш.
Яагаад хүмүүс долларыг шүтэж, ганцхан доллар асуугаад байдгийг гайхдаг. Яагаад евро,
иен, рубль, юанийг асуудаггүй юм. Эдийн засаг хэдий хугацаанд дээшилнэ тэр хэмжээгээрээ
долларын ханш буурах л байх.

-Манай
орны нутгаар ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойн шугам тавих сураг гараад эхэллээ.
Энэ хэр ашигтай бол. Засгийн газар төмөр замын төслөө эргүүлэн татсанаас болж хэл
ам гарч байна?

-Хэвлэлүүд өөрсдийн байр суурийг илэрхийлээд эхэлчихлээ. Манай орны
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт нөлөө бүхий албан тушаалтнууд хоёр хөрштэйгээ
богино хугацаанд уулзалтууд хийсэн. Цаашид гаднаас манайд хүмүүс ирэх төлөвтэй байна.
Хийн хоолой Монголоор дамжих гэх мэт асуудлууд яригдаж байгаа. Би хэвлэлээс л мэдээлэл
авсан. Төмөр замын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тодорхой заалт
л бий. Монгол Улсын төмөр замын сүлжээ өргөн царигтай. Голлох уул уурхайн бүтээгдэхүүн
экспортлох чиглэлийг тухай бүрт нь УИХ-аар оруулж шийднэ гэсэн заалттай. Энэ дагуу
ажил явагдах ёстой.  Төмөр замын асуудал байнгын
хороогоор орж амжаагүй байхад засаг эргүүлэн татсан. Төмөр замын асуудлыг нэг тийш
шийдэх нь хийх ёстой ажлуудын нэг мөнөөсөө 
мөн. Гэвч холбогдох яамд нь сонирхохгүй байгаа нь харагдаад байна. Нэг сайд,
төрийн нарийн бичгийн даргын үзэл бодлоос болоод бүхэл бүтэн улсын ажил гацаанд
орж байгаа нь буруу. Үүнийгээ ойлголцоод шийдэж чаддаггүй юм бол Их хурлаар оруулаад
шийдүүлэх боломж бий. Гэтэл үүнийг ашиглахгүйгээр нэг хэсэг нь өргөн барьж, нөгөө
нь тасалдаг байдал олон хүнийг эргэлзүүлж байгаа дүр төрх л байна. 

-Хаврын
чуулганы хуга­цаанд дорвитой хууль бат­лахгүй байсан эдийн засгийг идэвхжүүлэх хүрээнд
гай­гүй хэдэн хууль гарах нь гэсэн хүлээлт байна. МАН-ын зарим гишүүд Засгийн газрын
арга барсан үйлдэл нь 100 хоног гэсэн?

-МАН-ын тэгж хэлж байгаа нь үзэл бодлын зөрүүтэй намын үйлдэл л байхгүй
юу. Тэд өнгөрсөн хугацаанд юу хийсэн юм. Алдаатай бодлогуудаа баллуурдах арга нь
л болохоос сөрөг хүчний үгээр яваад байдаг зүйл байхгүй. Улс төрийн бүхэл бүтэн
үе солигдож байгаа энэ үе нь тодорхой хэмжээний хүндрэлүүдийг дагуулж байна. Үүн
дээр гайхшраад байх зүйлгүй. Аливаа ажлыг тухайн хүн яг салбарт нь ороод хийхээрээ
зовлонг нь мэдэрдэг. Түүн шиг Их хурал дээр ямар хүнд замыг туулж нэг хууль, тогтоолын
төсөл гардаг вэ гэдгийг жирийн хүмүүс ойлгоход бэрх.

-Гэхдээ
45 хоног Х.Тэмүү­жин, Х.Баттулга сайдын асуудлыг хэлэлцсэн нь арай л хэтэрхий санагдаад
байгаа юм. Бүхэл бүтэн улс орон сайдын асуудалд хамаг хүчээ хаялаа шүү дээ?

-Ажил хийхэд садаа болж байгаа зүйл нь хэсэг байж байгаад сайд огцруулна
гэсэн бичиг оруулж ирж байгаа нь аюул тарж байна. Аливаа ажлыг ул суурьтай оруулж
ирэхгүй бол шоу хийж, хүмүүсийн анхаарлыг татах гэсэн үйлдэл хийгээд байгаа. Яг
үнэндээ тухайн сайдыг огцруулах хүсэл байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд шүү дээ.
Бондын  асуудал яриад байгаа хэрнээ үнэн чанартаа
МАН-ын угшилтай томоохон бизнесмэнүүд л үүнийг чинь авч байгаа. Томоохон бүтээн
байгуулалтуудыг тэр хүмүүс хийж байгаа учраас яах аргагүй тэр л хүмүүсийг дэмжих
гэж яваа. Түүнээс биш АН-ын гарал угсаатай бизнесийнхэн байдаг ч энэ зээл тэдэнд
хүрэхгүй байна. Монполимет, МАК гэх мэт компаниуд бондын мөнгөнөөс хүртээд эхэлсэн.
Энэ бол улс төр биш. Харин Монгол Улсад хэрэгтэй бүтээн байгуулалт. Үйлдвэрлэлийн
ажлууд хийгдэж байгаа тул хэн байх нь хамаагүй дэмжих шаардлагатай. Ардын намынхан
бүх бурууг манайхан руу чихлээ гэдэг. Эргээд харахад тэд ч гэсэн бүх бурууг бидэнд
чихэж байгаа. Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхаад яахав дээ.

-Эдийн
засгийн өршөө­лийн хуулийг Засгийн газар боловсруулж байна. Хуульд ямар заалтууд
орох бол. Манай сэхээтний дав­харгынхан цагаан захтны хэр­гээр аавын хаалга тат­сан.
Эдгээр хүмүүсийг хам­руулах болов уу?

-Манай оронд иймэрхүү дүр төрх айхавтар харагдаж байна. Эрсдэлтэй
ч гэсэн жаахан юм хийх гэж байгаа хүмүүсийг барьж хорьдог, дарамталдаг. Тиймээс
эх орондоо хүртэл хэрэгтэй зүйл хийхээс хүмүүс айдаг болсон. Цаг төрийг ажиглаж
зүгээр суухыг илүүд үзэх болжээ. Энэ бүгдийг засаж залруулах зайлшгүй шаардлага
тулга­раад байгаа нь үнэн. Хэсэг гишүүд Өршөөлийн хуулийг санаачилсан байсан тул
уг хуультай нэгтгээд хэлэлцэх нь зөв. Монголын 
төр Мон­гол Улсынхаа иргэнийг өршөөж болох хэлбэрээр нь хууль гаргах нь зөв.

-Эдийн
засаг хэзээнээс гэрэл үзэх вэ. Манай ор­ны зээлжих зэрэглэл буурс­наас болов уу
эсхүл хэт улс төржилтөөс болоод гад­ныхан хөрөнгө оруулалтаа оруулахгүй байна уу?

-Нийтлэг байдлаар харвал утга учиргүй огцруулалтаас болсон эргэлзээ
одоо болтол үргэлжилж байна. Монголчуудыг олон улсад “Тогтворгүй төр засагтай, тогтворгүй
хууль тогтоомжтой” гэдэг болсон. Үүнээс болж эргэлзээ тайлагдахгүй бай­гаа. Харилцан
ашигтай хө­рөн­гөө оруулъя гэсэн олон хөрөнгө оруулагчид манайхныг онилсон хэвээрээ
байгаа гэдгийг хэлье.

-Сүүлийн
үед цахим сайтаар “Гарамгайбаатар гишүүний зам там болжээ. Олон осол гарч байна”
гэсэн мэдээлэл гарах боллоо. Үнэхээр тийм муу зам тавьчихсан юм уу?

-Хүн тухайн ажлыг хийж байж зовлонг нь мэддэг болохоос өөр хүн хөндлөнгөөс
нь хараад ойлгохгүй гэдгийг дахин хэлье.

 Э.ЭНХБОЛД

Categories
гадаад мэдээ

Эцэг Буш өнөөдөр 90 нас хүрлээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан эцэг Буш өнөөдөр 90 нас хүрлээ. Тэрээр төрсөн өдрийнхөө баярыг Мэн мужийн Кеннебанкпорт хот дахь харшдаа тэмдэглэх гэнэ. Америкийн 41 дэх Ерөнхийлөгчид баяр хүргэхээр 200-аад зочин хүрэлцэн очих гэнэ. Ж.Бушийн гэр бүлийн албан ёсны төлөөлөгч үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ  Ж.Буш ийм их зочид хүрэлцэн ирэх болсонд баяртай байгаа. Учир нь экс Ерөнхийлөгчийн зуны харш нэлээд хол байдаг аж. Өнгөрсөн ням гаригт Ж.Бушийн эхнэр Барбара Буш 89 насныхаа ойг тэмдэглэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш Монголд айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлалаа эхэлж байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзиншийг угтах ёслол Чингэсийн талбайд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

Дараа нь  хоёр орны Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээр болон ганцаарчилсан уулзалт хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно.

Өнөөдөр 14.30 цагаас    Латви-Монголын Бизнес форум болно.

Латвийн Ерөнхийлөгч мөн   Занабазарын нэрэмжит  Дүрслэх урлагийн музейд Бүгд Найрамдах Латви Улсын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг нээх ёслолд оролцоно.

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй дугуй ширээний ярилцлага хийнэ.

Мөн “Гандантэгчинлэн” хийдэд зочилохоор төлөвлөсөн аж. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Польшийн харилцаа

Баабар ингэж өгүүлэв

Монголчууд 1241 онд польшуудтай анх нүүр тулжээ. Алтан Ордын өрнө
зүгт хийсэн аян дайны эхний золиос нь Польш байсан юм. Төв Европ дахь монголчуудын
гол сонирхол нь өргөн уудам малын бэлчээр болох Унгарын тал байлаа. Ер нь эртний
Пананы энэхүү уудам тал нь Азиас нүүдэллэн очих үе үеийн нүүдэлчин дайчдын шохоорхлыг
илүүтэй татаж байв. IV зууны үед Төв Азиас очсон хүн нар чухам Пананы хөндийг юун
түрүүн эзлэн тэндээ төвлөрч, тэндээсээ цааш аян дайнаа хийж байв. Унгарууд ч мөн
Азиас нүүдэллэн Хар тэнгисийн орчимд нутаглаж байснаа IX зууны үед Пананы хөндийд
дайжин нутагласан юм. XIII зууны монголчууд ч малын бэлчээр сайтай Пананы хөндийг
илүүтэй сонирхов.

Тэр үед Польш Унгар хоёр холбоотон байв. Бат хааны цэргүүд Унгарыг
байлдан дагуулахын өмнө гол холбоотон Польшийг эхэлж цохин айлгах зорилго тавьжээ.
Тэд Полшийн нутгийг эзлэн түйвээж нийслэл Краковыг түймэрдсэн байна. Польш – Унгар
– Германы нэгдсэн хүчин Легницэд монголчуудыг тосон байлджээ. Энэ тулалдааныг Монголын
талаас Мандухай жанжин толгойлж эсрэг хүчнээ хиар цохисон юм. 

Легницийн тулалдаан
нь дэлхийн дайны урлагийн түүхэнд дээгүүр бичигдсэн домогт байлдаан билээ. Монголчууд
хэдийгээр Легницэд ялалт байгуулсан боловч цааш давшсангүй, зорилго болгосон Унгар
руу урагш байлджээ. Монголчууд Польшийг эзлэн үлдсэн ч үгүй, цаашид вассал болгон
татвар гувчуур ч авсангүй тэр чигт нь орхижээ. Гэвч энэхүү богино хугацааны эзлэн
түрэмгийлэл Польшийн түүхэнд гүн гүнзгий мөрөө үлдээсэн юм. Тэнд үлдсэн хэсэг монголчууд
өнөө хүртэл найман зууны турш зарим зан заншлаа авч хоцорсон байдаг. Мон­голчуудын
гэх нэгэн жижиг тосгон төв Польшид өнөө хүр­тэл байдаг ба тэд хэдийгээр польшжиж
ууссан боловч гэр байшингаа урагш нь харуулж барих зэрэг зарим заншил нь одоо хүртэл
хаягдаагүй. 2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Польшид айлчлахдаа энэ тосгоноор зочилсон
юм. Польш хэлэнд “улаан”, ”хар”, ”жад”, “баатар” гэх мэтийн монгол үг бас нэвтэрсэн
байна.

Гүегийг хаанчилж байх үед Ромын пап Монгол руу Карпини санваартныг
элчээр илгээсэн байдаг. Карпинитай ханьсаж польш санваартан Бэнэдикт хэдэн мянган
км алс замд мордон Монголд ирж их хаантай уулзсан байдаг. Карпини энэ аяллынхаа
тухай ном бичсэн нь  буй. Харин Бэнэдикт санваартны
тухай өөр мэдээ баримт олддоггүй. XIX зууны сүүлчээр Краковын их сургуулийн профессор
Котвич монгол судлалаар ихээхэн амжилт олж тухайн үедээ хамгийн том монгол судлаачдын
нэгд тооцогдож байлаа. Алтай овгийн хэлээр мэргэшсэн тэрээр тухайн үедээ Ураал-Алтай
хэлний бүлэг гэж тооцдог байсан ангиллыг үгүйсгэж, унгар, эстони, фин хэлийг багтаасан
ураал хэл нь тусдаа бүлэг байх ёстойг баталсан юм. 

Тэр байтугай Котвич Алтай овгийн
хэл гэх нэгдсэн бүлгийг ч гарал үүслийн хувьд нэг биш гэж үзэж байлаа. Манж овог,
монгол овог, түрэг овог нь үүслийн хувьд тусдаа ба хожим биендээ ойртож таваарын
солилцоо буй болсон үеэс хоорондоо ижилссэн гэж үзсэн юм. Энэ асуудал өдгөө ч нэг
талдаа гарч шийдэгдээгүй байгаа. Гэхдээ үнэхээр энэ гурван овгийн хэл анхдагч гэгдэх
үндсэн үгийн хувьд нийтлэг үгүй, үүнээс гадна манж-монгол хэлний нийтлэг болон монгол-түрэг
хэлний нийтлэг их байдаг ч манж-түрэг хэлний нийтлэг бараг байдаггүй учир уг хэлүүд
анхлан тус тусдаа үүссэн гэж үзэхэд хүргэжээ. Чухам эндээс үүдэн эдгээр овгуудын
гарал үүсэл, анхлан амьдарч байсан газар нутгийг цаашид судлан тодорхойлж болох
юм.

Монголын талаас Поль­шийг сонирхон судалсан хүн бол одоо мэдэгдэж
бай­гаагаар профессор Ренчин билээ. Тэрээр Польшийн утга зохиолын эцэг гэгддэг Адам
Мецкевичийн “Пан Тадеуш” зохиолыг монгол хэлнээ хөрвүүлсэн юм. Үүнээс гадна ч тэрээр
нэлээд уран зохиол, шүлэг найраглал, үлгэр домгийг польш хэлнээс монгол руу орчуулсан.
Поль­шид ихээхэн нэр хүндтэй, эрдэмтэн судлаачдын хүрээнд та­нил болсон монгол хүн
гэвэл чухам Ренчин профессор. Магадгүй түүний нөлөөгөөр Варшавын их сургуульд мон­гол
судлалын танхим одоо хүртэл ажиллаж байгаа байх. Тус сургуулийн монгол хэлний тэнхим
нь зуугаад жил ажиллахдаа олон хүнийг монгол судлалд хөтөлжээ. Далаад оны үед эрдэмтэн
Дашцэрэн Варшавын их сургуульд Монгол хэлэнд олон тоо байдаггүй талаархи бүтээлээрээ
докторын зэрэг хамгаалсан нь монгол хэл судлалд нэгээхэн том үзүүлэлт болсон. Тэрээр
монгол хэлний –ууд, -үүд дагавар нь олон тоог заадаггүй харин нийтлэгээс тасалсан
хэсгийг заадаг болохыг анхлан тодорхойлсон юм.

ХХ зууны эхээр Монгол Польшийг холбосон бага сага холбоо бас ажиглагддаг.
1911 онд Монгол Улс тусгаар тогтноод үүнийхээ хөшөө болгон наян тохой Жанрайсаг
бурхан Ганданд босгожээ. Үүнээс гадна Хятадад 10 мянган, Германд 10 мянган Аюуш
бурхан захиалж бүтээлгэсэн байна. Үүнийг Германы Брислау хотод цутгасан ба энэ хот
нь өнөөгийн Польшийн Вроцлав хот юм. 1921 оны хувьсгалын үзэл санааг халдаасан Хүрээний
хэдэн орос хүн хэмээн олон жил бичиж алдаршуулж байсан большевикуудын нэг болох
Гембержевский нь польш үндэстэн аж. Ер нь 1928 онд гадаадын капиталыг шахан зайлуулах
хүртэл Хүрээнд нэг бус польш хүмүүс бизнес эрхэлж байсан мэдээ бий.

Геостратегийн хувьд Монгол ба Польш нь адилхан зовлонтой тухай бас
их яригддаг. Польш нь Герман ба Орос гэсэн хоёр аварга хөрштэй ба тэдгээр нь түүхийн
турш нэг бус удаа байлдаж байсан. Тэгэх болгондоо Польшийн нутгийг дайран түвээж
байжээ. Орос, Герман хоёр найрамдах үедээ Польшийг гэрээ хэлэлцээрээр хуваан авч
байв. II Екатрина хатан хаан, II Фридрих нар гурван удаагийн хэлэлцээрээр шат дараалан
Польшийг хувааж газрын зурагнаас арчиж байлаа. Орос, Германд хуваагдсан Польш дэлхийн
нэгдүгээр дайн хүртэл 150 жилийн турш тусгаар тогтнолоо алдсан юм. Дэлхийн хоёрдугаар
дайны үед ч Гитлер, Сталин нар мөн л Польшийг хуваан авч байхгүй болгож байв. Гэхдээ
түүхийн туршид польшууд ч зүгээр байгаагүй. Грүнвальдын тулалдаанаар Германы газар
нутгийг булаан авч байсан. Мөн Украин ч нэг хэсэгтээ Польшийн мэдэлд байлаа. Польшууд
Догшин Иваны дараа Москваг эзэлж байв. Ер нь энэ түүх нь Монголынхтой нэлээд төстэй
гэж хэл болохуйц.

Монгол Польшийн харилцааны шинэ үе дэлхийн хоёрдугаар дайны дараагаас
эхэлсэн юм. Аль аль орон нь коммунист дэглэмд хамаарах болсноор найрамдалт хамтын
ажиллагаатай болжээ. 1949 онд дипломат харилцаа тогтоож Варшав, Улаанбаатарт Элчин
сайдын яамаа байгуулсан байна. Монголын элчин сайдын яам Варшавт тасралтгүй ажилласаар
байгаа. Харин Польшийн Элчин сайдын яам 1990 оноос хойш хоёр удаа татагдаж хоёр
удаа дахин байгуулагдсан билээ.

1989-1990 оны Монголын ардчилсан хувьсгалд коммунизмыг анхлан халсан
Польшийн туршлага ихээхэн нөлөөлсөн. 1990 оны эхээр Солидарношч байгууллагын төлөөлөгчид
Монголд айлчилж, хэвлэл ухуулах хуудасны хэвлэх тоног төхөөрөмжөөр туслан, түүнээ
ажиллуулах мэргэжилтэн нарыг илгээж байв. Шилжилтийн үеийн зовлон бэрхшээлийн талаар
сургахаар анхлан польшууд л монголчуудыг өөрсдийн зардлаар нутагтаа урин сургаж
байлаа.

Польш хэл мэддэг польш биш үндэстэн улсын доторх хувь процентоор
Монгол нь их дээгүүр орох болов уу. Учир нь сүүлийн 60 жилд маш олон оюутан, мэргэжилтэн
тэнд сурч, дадлагажиж, амьдарсан юм. Энэхүү хувь хүн хоорондын солилцоо хамтарсан
сонирхол 1990 оноос хойш тун их идэвхжсэн юм. Коммунизмыг халсан анхны орны хувьд
польшууд чөлөөтэй зорчих болсноор наяад оны сүүлчээр тэд Хятад Польшийн хооронд
ганзагын наймаа ихэд өрнүүлжээ. Энэ наймааны гол зам нь Транс Сибирийн төмөр зам
учир тэд Монголоор их дайрдаг болов. Үүний дараахан монголчууд мөн чөлөөтэй зорчих
эрхтэй болон Польш руу ганзагачид цувах боллоо. Энэ нь олон монгол хүний бизнесийн
гараа болсон юм. Ардын болон Дорно дахины эмчилгээ Польшид ихэд моодонд орсноор
тийшээ хэдэн зуун монгол эмч очин амьдралаа залгуулах болсон ба тэднээс нэлээд олон
нь амжилттай бизнес хийн байнга оршин суух болсон байна. Польш нь өнөөдөр Европын
хамгийн эрүүл эдийн засагтай орны нэг бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь харьцангуй
хямд юм. Тиймээс Польшоос лаазалсан ногоо, гахайн мах, барилгын материал асар ихээр
импортлох болсон ба сүүлийн гурван жилд хоёр орны худалдаа 40 саяас 100 сая доллар
хүртэл огцом өсчээ.

 

2014.5.14

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийнхээ гарыг угаах нь гэдэсний халдвараас сэргийлнэ

Урин
дулааны улиралд гэдэсний халдварт өвчин нэмэгддэг учраас  6-р сарын 2-р долоо хоногийг “Гэдэсний
халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх 7 хоног” болгон зарлаж, аян өрнүүлжээ.

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх
бүрэн боломж бий
” хэмээн
мэргэжилтэнүүд зөвлөж байна
. Хамгийн
энгийн арга
нь гарын ариун цэврийг сахиж, гараа савантай усаар угаах аж.
Суулгалт халдвараар өвдөх эрсдэлийг гар
аа угааснаар  30-50%-иар, усан хангамжийг сайжруулсанаар
25%-иар, ариун цэврийн нөхцлийг сайжруулснаар 32%-иар тус тус бууруулах
боломжтой болохыг судалгаагаар тогтоосон байна.

Дэлхийн
эрүүл мэндийн байгууллагаас хүнсийг аюулгүй хэрэглэх 5 түлхүүр арга хэмжээг
зөвлөмж болгодог. Үүнд:


Ариун цэврийг эрхэмлэх


Хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угааж хэвших


Бие засах газарт орсны дараа гараа заавал угаах


Хүнс бэлтгэхэд ашиглах гал тогооны хэрэгсэл, тавцан гадаргууг сайтар, угааж
ариутгадах болох


Хорхой шавьж, амьт
наас гал тогоог хамгаалах


Болсон хоол хүнсийг  түүхий хүнсний
бүтээгдэхүүнээс тусгаарлах


Мах, махан бүтээгдэхүүн, далайн хүнсийг бусад хүнснээс тусгаарлах


Болгоогүй түүхий хүнс, бүтээгдэхүүнийг бэлтгэх гал тогооны хэрэгслийг тусад нь
гаргах


Болсон ба болгоогүй түүхий хүнсийг тусад нь хадгалдаг байх


Хоол хүнсийг гүйцэд болгох


Хоол хүнсийг ялангуяа мах, өндөг, далайн хүнсийг гүйцэд болгож хэрэглэх


Шөлийг 70-с доошгүй хэм хүргэн буцалгах. Махыг ягаан шүүс гарахгүй болтол
болгох.


Болсон хоолыг дахин хэрэглэхдээ заавал халааж байх.


Хүнсийг тохирсон хэмд хадгалах


Болгосон хоол хүнсийг тасалгааны хэмд 2 цагаас илүү байлгахгүй байх


Болгосон хоол хүнс болон амархан муудах хүнсийг шууд хөргөгчид хадгалж байх (5
ба түүнээс доош хэмд)


Болсон хоолыг 60 ба түүнээс дээш хэм хүртэл халааж хэрэглэх


Хөргөгчид хүнсийг хэт удаан хадгалахгүй байх


Хөлдөөсөн хүнсийг тасалгааны хэмд гэсгээхгүй байх


Цэвэр ус, аюулгүй түүхий эд ашиглах


Цэвэр ус хэрэглэглэх, эсвэл аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах (шүүх,
хлоржуулах)


Шинэ, бүрэн бүтэн байдал нь алдагдаагүй бүтээгдэхүүн сонгох


Пастеризаци хийгдсэн сүү гэх мэт аюулгүй байдлыг хангах боловсруулалт хийгдсэн
хүнс сонгох


Түүхийгээр нь хэрэглэдэг жимс, хүнсний ногоог угааж байх


Хугацаа хэтэрсэн хүнс хэрэглэхгүй байх. 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гар утсаар шинжихүй

Харц ноёд ялгаагүй адилхан хувцаслачихаад байхад л нийгэмд ямар байр суурь эзэлдгийг мэдчихээд байх юм. Даргаасаа бүдүүн гүзээтэй аахилж байхад хүртэл андуурахгүй шүү.

Урьд цагт алганы хээ, нүүр хараад нэр асуултгүй шинждэг байсан. Одоо гар утасны ноймер танихгүй хүнд их олон юм ховлодог боллоо. Хотынх уу, хөдөөнийх үү, оюутан, босс, гэр хороолол, эр эм, хөгшин залууг утасны дугаараас нь мэдээд авчихна.

Цаашлаад зан “хараактэр”-ийг нь сонжихоор бол залгахад өөдөөс “Таны дуудлагыг миний туслах хүлээж авлаа” гэсэн нарийн бичиг эмэгтэйн дуудлага утсандаа хийсэн байгаа бол утасны эзэн мэдээж удирдах ажилтан биш. Харин их юм мөрөөддөг, амбицтай, жижиг гар байж таараа. Ямар ая эгшиг суулгаснаар нь үндсэрхэг, шалиг, тэнэг маанагийг нь хүртэл ханатай таамаглаж орхино. Бүх юмаа, дугаараа хүртэл нууцалсан байвал үл бүтэх этгээд, эсвэл хүчний байгууллагынхан. 

Гар утасны  үүрэн телефоноос алийг сонгосноор нь төрийн албан хаагч, манаач “сэкрийт”, малын хулгайч эсэхийг ч төвөггүй тогтооно. 

Хамгийн сүүлд харилцагч­тайгаа ярилцах ярианы өнгө нь ажилгүйчүүд, тэтгэврийнхэн, махны ченж, ачааны машины жолооч, сантехникийн слесарийн аль нь гэдгээ тэр өөрөө ойр хавийнханд хангинатал зарлана.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Хөлбөмбөгийн дэлхий аварга маргааш эхэлнэ

Хүн төрөлхтний хамгийн том спортын баярын нэг ДАШТ маргааш эхэлнэ. Бүхий л төрлийн спортоос хамгийн их үзэгч, шүтэн бишрэгчтэй гэгддэг хөлбөмбөгөөр сарын турш дэлхий дахинаар амьсгалж, даган догдолж, доргих мөч ирлээ. Латин Америкийн галзуу фенүүд энэ тэмцээнд эртнээс бэлдсэн. Самба бүжгийн цоглог карнавал наадмаараа алдартай Бразилийн Сан-Паулу хотноо өнөөдөр (Улаанбаатарын цагаар үүрийн 04.00 цагт) талбайн эзэн Бразил Хорватын шигшээ багийн хамт “Арена Коринтианс” цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд гарснаар Мундиал нэртэй гайхамшигт шоу хөшгөө нээх гэж байна. 20 дахь удаагийн Мундиалыг “пентакампионе” буюу цорын ганц таван удаагийн дэлхийн аварга Бразил 58 жилийн дараа дахин нутагтаа хүлээн авч байгаа юм.

6Урьдчилсан шатнаас шалгаран үлдсэн дэлхийн шилдэг 32 орны шигшээ баг сугалаа татан дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдан өрсөлдөхөд бэлэн болоод байна. Хэсэг тус бүрт эхний хоёр байрт орсон баг шөвгийн 16-нд үлдэн хасагдах журмаар тоглосоор долдугаар сарын 13-нд Рио-де-Жанейро хотын алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд үзүүр түрүүнд үлдсэн хоёр баг дэлхийн цомын төлөө хүч үзнэ.

Сонирхуулахад, Италийн алдартай уран барималч Силвио Газзанигийн загвараар бүтээсэн, дэлхийн бөмбөрцгийг түшиж буй хоёр хүнийг дүрсэлсэн цом 36 см өндөр бөгөөд таван кг цул алтаар цутгагджээ. Дэлхийн цомыг урьд өмнө гардаж байсан найман баг бүгд энэ удаагийн Мундиалд оролцохоор шалгаран үлдэж чадсан юм. 

Дэлхийн цомыг гардах баг алтан медаль, 35 сая ам.долларын бай авах бол үзүүрлэсэн баг мөнгөн медаль, 25 сая ам.доллароор шагнуулах юм. Харин хүрэл медалийн эзэн 22 сая, дөрөвдүгээр байрт орсон баг 20 сая ам.доллар тус тус хүртэнэ. Түүнчлэн шөвгийн наймд үлдсэн баг тус бүр 14 сая, шөвгийн 16-д шалгарагсад тус бүр есөн сая ам.долларын урамшуулалтай. Хэсгээсээ дараагийн шатанд гарч чадаагүй багууд ч хоосон буцахгүй бөгөөд тус бүр найман сая ам.доллар авах юм. Энэ нүсэр тэмцээний шагналын сан дөрвөн жилийн өмнө ӨАБНУ-д болсон Мундиалаас даруй 37 хувиар өссөн гэнэ. Бразилийн 12 хотын цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий 64 тоглолтын 3.3 сая тасалбар хэдийнэ борлогдож дуусчээ. Тасалбарын үнэ байрлалаасаа хамааран 50-990 ам.долларын үнэтэй байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС-ийн захирлын өрөөнд гал гарав

Хэдхэн минутын өмнө ШУТИС-д гал гарлаа гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Гал тус сургуулийн захирлын өрөөнд гарсан байна. Ямартай ч гал цаашаа газар авахаас нь өмнө унтраасан аж.  Одоогоор юунаас бол гал гарсан шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн шүүгчид, улсын яллагчаас татгалзсан хүсэлтийг хүлээж авсангүй

Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хэлэлцлээ. Талийгаачаас гадна “Тэнгэри Холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Ц.Чандмань, менежер Н.Отгонболд нарыг шүүсэн юм. Шүүх хурлын эхэнд Х.Анхбаяр болон шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүн, улсын яллагчаас татгалзлаа. Хэргийн оролцогч Д.Амарсайхан Урьдчилан хорих 461 дүгээр ангид амиа алдсан байхад түүнийг батлан даалтад гаргаагүй хяналтын прокурор өөрөө яллах байр суурьнаасаа татгалзах хэрэгтэйг өмгөөлөгчид үндэслэл болгосон юм. Тэр хүмүүсийн дотор 461 дүгээр ангийн эмч, Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Н.Мөнхбаяр болон хяналтын прокурор О.Сарангэрэл нар байгаа. Эрүүгийн хэрэгт шалгагдах гэж байгаа прокуророор энэ хэргийг шийдүүлэх ямар ч боломжгүй гэсэн юм. 

Харин шүүх бүрэлдэхүүн зөвшилцөөд өмгөөлөгчдийн шүүгчид, улсын яллагчаас татгалзсан хүсэлтийг хүлээж авсангүй. 

Өмгөөлөгчид “Нас барсан хүнийг яаж шүүх вэ. Хэргийг нь тусгаарлах уу. Шүүхийн практикт ийм асуудал гарч байгаагүй. Яахаа шийдээд хуралдаанаа үргэлжлүүлэх үү” гэж тодруулсан ч Монголын шүүх талийгаачийг шүүлээ. Биеийн байцаалтыг нь уншихдаа “Д.Амарсайхан … онд төрсөн. Эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг…” гээд эхэлсэн бол улсын яллагч Д.Амарсайханыг гэм буруутайд тооцож яллаж байна гэж яллах тогтоол уншлаа. Шүүх хуралдаан одоо үргэлжилж байна. Шүүх хуралдааны дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-оос уншаарай.

Categories
мэдээ улс-төр

Ш.Сүхбаатар БНХАУ-ын Гуандун мужид ажиллажээ

Макаотай байгуулсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай Засгийн газар хоорондын  хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх асуудлаар Макаогийн Аюулгүй байдлын газрын удирдлагуудтай тодорхой тохиролцоонд хүрсэн ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар энэ сарын 10-нд БНХАУ-ын Гуандун мужийн Ардын засгийн ордны Гадаад харилцааны газрын дэд дарга Ху Вэйтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

Гуандун муж нь манай өмнөд хөршийн эдийн засгийн гол төв бөгөөд Хятадын эдийн засгийн дөрөвний нэг, төсвийн орлогын долооны нэгийг дангаараа бүрдүүлдэг, 100 сая хүн амтай хүчирхэг муж юм. Энэ мужийн төв Гуанжоу хотод гадаадын 49 орны консулын газрууд ажиллаж байна. Монгол Улс харилцан өсөн нэмэгдэж байгаа худалдаа, эдийн засгийн харилцаа, зорчигчдын урсгалыг харгалзан Гуанжоу хотод консулын төлөөлөл нээх боломжийг судалж байгаа бөгөөд энэ хүрээнд Ш.Сүхбаатар захирал Дэд дарга Ху Вэйтэй тодорхой асуудлуудаар санал солилцлоо.

Консулын газрын захирал Гуандун мужид ажиллах үеэрээ тус мужийн эмэгтэйчүүдийн төв хорих болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн Стэнли хорих газарт ял эдэлж байгаа иргэдтэйгээ уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна.