Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншийн Монгол Улсад
хийж буй албан ёсны айлчлал эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдорж Их эзэн Чингис хааны талбайд угтав авлаа. 

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгчийг дагалдан тус улсын
Парламентын дэд дарга Андрейс Клементьев, Гадаад хэргийн сайд Эдгарс
Ринкевичс, Боловсрол, шинжлэх ухааны сайд Ина Друвете, Хөдөө, аж ахуйн
сайд Янис Дуклавс, Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайд Ингрида Левренс болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
Гундарс Даузе тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид айлчлалын бүрэлдэхүүнд
багтаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хүндэт зочноо угтан
авахад Монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Латви Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн
эрхт Элчин сайд А.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны
сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн Тамгын
гаүзрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад
бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын тэргүүтэй албаны хүмүүс байлцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хүндэт зочноо угтан
авсны дараа Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш Их
эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн хүндэт зочны дэвтэрт гарын
үсэг зурав.     

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах
Лавти Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш нар Төрийн ёслол хүндэтгэлийн
гэр өргөөнд ганцаарчлан уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн
үгэндээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч таныг манай оронд айлчлан ирж буйд
чин сэтгэлээсээ талархаж Монголд тавтай морилохыг хүсч байна. Манай хоёр
орон олон талаараа адил төстэй, жаргал зовлон нэгтэй улс. Хорь гаран
жилийн тэртээ бид ардчилсан хувьсгалыг ганц ч цонх хагалалгүй, ганц ч
дусал цус урсгалгүй хийж чадсан. Монгол Улсын хувьд хоёр хөрш оронтойгоо
найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Монгол, Латви
хоёр оронд нийтлэг үнэт зүйл бий. Хоёр талын харилцаа болон олон талт
хамтын ажиллагааг улам идэвхижүүлэхэд Таны энэхүү айлчлал үнэтэй хувь
нэмэр оруулна гэж бодож байна. Монгол Улс далайд гарцгүй орны хувьд
танайд байгаа далайн боомтоор дамжуулан Латви Улс болон Европын
Холбоотой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол байдаг.
Энд хамтран ажиллах өргөн боломж бий” гээд “Бид АОХН-ийг амжилттай
удирдаж өнгөрсөн онд даргалах эрхээ шилжүүлэн өглөө. Бид бүс нутагтаа
болон дэлхийд харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагааг
хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллах болно” хэмээн
онцолсон юм.

Дараа нь Бүгд Найрамдах Лавти Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш
хэлэхдээ “Та бүхнийг халуун дотноор угтан авсанд чин сэтгэлээсээ
баярлалаа. Таны хэлдгээр бидэнд адил төстэй нийтлэг үнэт зүйл бий.
Монголд ирээд сэтгэгдэл өндөр байна. Балтийн гурван орон болох Польш,
Финланд, манай улс Европын Холбооны зүүн хил болдогийн хувьд Европын
Холбооны томоохон талбар мөн. Хамтран ажиллах таны байр суурийг бид
бүрэн дэмжиж байна хэмээв. Ийнхүү хоёр орны төрийн тэргүүн нарын
ганцаарчилсан уулзалт найрсаг дулаан уурь амьсгалд амжилттай өндөрлөж
хоёр талын хэлэлцээнд орсон юм.  

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж “Ш.Түвдэндорж уг нь нэрээ бодсон бол дээр байсан юм даа” гэв

Давхар дээлтэй болох гэсэн биш Ш.Түвдэндорж мөн ч их юм дууллаа.   Ц.Нямдорж гишүүн ээлжит хатуу үгээ түүнд хаяглав.  “Нэр хугарахаар яс хугар гэдэг. Ерөнхийлөгч ийм бодолтой. Өмнөх сайд нь тийм байдлаар ажлаа өгсөн байхад Ш.Түвдэндорж уг нь  нэрээ бодоод татгалзах хэрэгтэй байсан юм даа. Мөн ч их дуртай юм даа. Хариуцлагагүйн жагсаалт гаргах юм бол Ш.Түвдэндорж нэгдүгээрт бичигдэх хүн.  Жагсаалтаар орж ирээд, УИХ-д хоёр жил суулаа. Нэг жил харагдаагүй. Х.Баттулга хариуцлагагүй хүн. Ш.Түвдэндорж Х.Баттулгаас долоон дор хариуцлагагүй хүн. АН энэ яаманд яагаад мэргэжлийн хүн тавьж болдоггүй юм бэ. УИХ-аас гадуур энэ яамыг толгойлчих мэргэжлийн хүн Монголд зөндөө л байгаа шүү дээ. Гэтэл мал мэдэхгүй, хөдөө мэдэхгүй, газар тариалан мэдэхгүй хүн оруулж ирэх юм. Монголын өмчийг нэг гэр бүлийн мэдэлд шилжүүлэх нь.  Хотын өмчийн газрыг Ш.Түвдэндоржийн дүү удирддаг. Одоо ҮХАА-ны өмчийг энэ хүнд өгөх нь л дээ. Энэ луйврыг чинь эсэргүүцэхийн дээдээр эсэргүүцэж байна гэж тэр хэлсэн юм. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан гишүүдийн асуулт хариултаар өндөрлөв. Үдээс хойшхи хуралдаан 14:00 цагт эхлэнэ.        

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Бразил, Хорватын тоглолт 2:2 гэж дууссан гэв

Хэдийгээр хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр биш маргааш үүрийн 04.00 цагт эхлэх ёстой ч гэлээ зарим хүн,албан байгууллага тун яарч өнөөдөр л эхлүүлчих гээд байгаа бололтой. Нэг хэсэг нь бүр багуудыг тоглуулаад албан ёсоор дүнгийг нь нийтэлчихэж. ОУХХ-ны албан ёсны хуудас дээр маргааш тоглох Бразил, Хорватын багууд 2,2 оор тэнцлээ гээд нийтэлчихсэн байснаа  хэсэг хугацааны дараа арилгав. Гэхдээ одоо ч гэсэн “тоглолт дууслаа” гэсэн бичиг арилаагүй байж л байна.

Скрин страницы матча Бразилия — Хорватия на официальном сайте ФИФА

Categories
мэдээ нийгэм

Сэлхийн замын хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаатай хаалаа

Сэлхийн 4.5 км авто замыг шинээр барих ажлыг “Пи Си Эф” ХХК он дамжуулан гүйцэтгэж байна. Өнгөрөгч онд 1.7 км авто замын хучилтыг хийсэн. Зам барилгын ажлын хүрээнд 2014 оны 6 дугаар сарын 12-ны 08:00 цагаас 6 дугаар сарын 30-ны 12:00 цаг хүртэл 2.8 км авто замын цементбетон суурь, асфальтбетон хучилт, явган хүний замын ажлыг хийхээр боллоо. Зам хаалттай үед эхний 600 метр замд түр зам гаргах боломжгүй байгаа бөгөөд үргэлжлэл хэсэгт баруун, зүүн талын түр замаар зорчино гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар Хүй долоон худаг руу Railbus үйлчилнэ

НИТХ-ын Тэргүүлэгчид  өчигдөр хуралдаж, “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэсэн  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  Бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 2,45 тэрбум төгрөгийг  шийдвэрлэхээр НИТХ-ын тогтоол гарчээ. Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолбор байгуулахтай холбоотойгоор  өнгөрсөн  жил  энд шинээр хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоол 361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозамыг барьж ашиглалтад оруулсан. Харин энэ жилийн баяр наадмаас өмнө Хүй долоо худгийн наадмын үйлчилгээний талбайг холбосон 4м өргөн, 2 талдаа тус бүр 1.5 м өргөн хайрган хөвөөтэй 2.7 км авто зам, 800 метр урт, 3 метрийн өргөнтэй явган зорчигчдод зориулсан зам, 500 машины хатуу хучилттай зогсоолыг шинээр барих юм. 

Түүнчлэн энэ жилээс эхлэн Хүй долоон худаг руу Railbus буюу төмөр замын автобусыг явуулахаар болсон. Наадамчдыг тээвэрлэх Railbus нь Давааны өртөөн дээр зогсох бөгөөд энэ зогсоолоос наадмын талбай хүрэх 2 км орчим зайд хайрган түр зам хийхээр боллоо. Энэ замаар Railbus-аар үйлчлүүлсэн иргэдийг наадмын талбай руу эко автобусаар тээвэрлэхээр төлөвлөж байна. 

Энэхүү бүтээн босголтын  хөрөнгийн асуудлыг нийслэлийн төсвийн тодотголд тусгаж, шийдвэрлэсэн байна. 

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг итгэл үнэмшлээ илэрхийлэв

УИХ-ын гишүүн  Ш.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар
томилогдох эсэхийг яг одоо УИХ-аар хэлэлцэж байна. УИХ, Засгийн газрын гишүүний
албыг давхардуулан хашихыг болиулах асуудлаар маш их хэлэлцүүлэг дээр доргүй
өрнөсөн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийгэмд яваа эсэргүүцэл шүүмжлэлийг үл
хайхран давхар дээлтэй сайд төрүүлэх болсон шалтгаанаа “Миний итгэл үнэмшил”  гэдгээр тайлбарлав.  “УИХ-ийн гишүүнээр бүтэн дөрвөн жил суусан хүн
сайд суувал сайн болно” гэж Н.Алтанхуяг бодож явдаг гэнэ.  Ш.Түвдэндорж сайд байж үзсэн, УИХ-ийн гишүүн
байсан, одоо байгаа учраас Ерөнхий сайдын дээрх энгийн шалгуурыг торохгүй давж
байгаа бололтой. “Давхар эрх мэдлийг дан болгох асуудлыг харин 2016 онд хэн гардаг
юм. Тэр нь анхаарах байлгүй” гэсэн утгатай юм Ерөнхий сайд ярьж байна даа. “Өнөөдрийн
байгаа хуулийн хүрээнд бүгдээрээ байж болох учраас нээлттэй явж байна” гэж
Н.Алтанхуяг ярьсан болохоор УИХ-ын гишүүдэд уг нь бүгдэд нь боломж бий
бололтой.

“Бүх нам эвслийн бүлгүүд давхар дээлийг 
буруу гээд хүлээн зөвшөөрсөн. Тэгсэн мөртлөө буруугаа одоо засахгүй.
2016 оноос засна гээд байгааг ойлгохгүй байгаа”-гаа Ё.Отгонбаяр гишүүн сануулж
байна лээ. Тэрбээр уг нь эр зориг гаргаад давхар дээлнээс татгалзаж чадах уу
гэж нэр дэвшигчээс асуух гэж байсан ч тийм бодолгүй байгаад нь урам хугарчээ.     

Categories
гадаад мэдээ соёл-урлаг

Lone Survivor буюу Маркус Лутрэлийн түүх

2005 оны 6 дугаар сарын 27-ны шөнө Талибуудын толгойлогч Ахмад Шахыг
баривчлах даалгавар авсан АНУ-ын Тэнгисийн дөрвөн цэргийг Афганистанд түүний орогнож
байсан газар хүргэсэн байдаг. Тэд Ахмад Шахыг баривчлан авчрах тушаалтай байсан
юм. Гэсэн ч даалгавар бүтэлгүйтэж багийн гурван гишүүн амиа алдсан билээ.Энэ даалгавраас
амьд үлдсэн Маркус Лутрэл Lone Survivor дурсамж номоо 2007 онд хэвлүүлснээс сэдэвлэсэн
Lone Survivor киног өнгөрсөн онд Юниверсал кино компани бүтээсэн юм.

Нью-Йорк Таймс сонины борлуулалтаараа тэргүүлсэн Lone Survivor номоор
кино бүтээх санааг найруулагч Питэр Бэрг гаргаж, номын зохиогч Маркус Лутрэлд кино
зохиол бичих санал тавин ханджээ. Холливудын олон студи энэхүү номоор кино бүтээх
эрхийг авахаар оролдож байсан бөгөөд Юниверсал кино компани тэрхүү эрхийг 2007 оны
8 дугаар сард авч, кино зохиолыг найруулагч Питэр Бэрг өөрөө бичсэн байна. Ингэхдээ
даалгаврын үеэр амиа алдсан гурван цэргийн ар гэрийнхэнтэй биечлэн уулзаж тэднийг
ямар хүмүүс байсан талаар тодорхой ойлголттой болжээ. Lone Survivor номонд Маркус
Лутрэлийн бүхий л амьдралыг өгүүлдэг бөгөөд кино зохиол болгохдоо Афганистанд болсон
даалгаврыг голлон өгүүлжээ. Питэрийг зохиол бичих хугацаанд Маркус тэднийд сар гаруй
хамт амьдарч, кино зохиолд нь зөвлөгчөөр ажиллаж байсан гэдэг.

Кино зохиолыг уншсаныхаа дараагаар Марк Уолбэрг гол дүр Маркус Лутрэлд
тоглох хүсэлтэй буйгаа илэрхийлж энэхүү дүрийг авчээ. Киног 40-50 сая ам.доллараар
бүтээсэн ч найруулагч Америкийн найруулагчдын холбооноос баталсан хамгийн доод цалингаар
буюу долоо хоногийн 17000 ам.долларын хөлсөөр л ажилласан гэнэ. Ийм бага мөнгөөр
ажилласныг нь Питэрийн энэхүү киног бүтээх чинхүү хүсэл сонирхолтой нь холбон тайлбарлаж
болох юм.

Lone Survivor киног дэлгэцэнд гарахаас өмнө 2012 онд дэлхий дахинд
гаргах эрхийг 30 сая ам.доллараас худалдсан бөгөөд одоогийн байдлаар тус кино
149 сая ам.долларын ашиг олоод байна. Тус кино энэ жилийн Оскарт “Шилдэг дууны эвлүүлэг”,
“Шилдэг дууны найруулга” хоёр төрлөөр нэр дэвшсэн ч шалгарч чадаагүй юм.

Lone Survivor

(Universal Pictures)

Америкийн цэргийн хүчнийхэнд тусалсан тосгоны иргэд болон АНУ-ын
Тэнгисийн хорь гаруй цэргийг хөнөөсний хариуд Афганистан дахь Талибуудын тэргүүн
Ахмад Шахыг баривчлах нууц тушаалыг дөрвөн цэргээс бүрдсэн багт өгчээ. Багийн толгойлогчоор
Murph-г томилж, мэргэн буудагч Marcus, Matthew, холбоочин Danny нарыг дагалдуулжээ.
Алан хядагчийг баривчлах энэхүү даалгавар бүтэхийн даваан дээр бүтэлгүйтэн багийн
гурван гишүүн амиа алдаж, ганц нь л амьд үлддэг.

 

Anchorman 2: The Legend Continues

(Paramount
Pictures)

Телевизийн үдшийн мэдээний хөтлөгч Mack тэтгэвэрт гарч, халаагаа
үзэсгэлэнт хөтлөгч Veronica-д өгч, харин түүний нөхөр Ron-ыг чадваргүй хэмээн халжээ.
Үүнд уурссан Ron гэр бүлээ орхин явав. Зургаан сарын дараа Ron дэлхийн анхны 24
цагийн мэдээний сувагт хөтлөгчөөр ажиллахаар болов. Түүнтэй хамт Champ, Brian,
Brick гэсэн хуучны андууд нь ажиллана. Бүтэлгүй боловч нэгэн хүсэл сэтгэлээр нэгдсэн
тэд сувгаа амжилтанд хүргэж, урьд өмнөхөөсөө ч илүү нэр хүндтэй болно.

Snowpiercer (CJ Entertainment)

2014 онд дэлхийн дулаарлын эсрэг авсан арга хэмжээ нь буруугаар эргэж,
мөстлөгийн эринийг авчрав. Амьтай бүхэн хөлдөж үхсэн мөстлөгийн эринд
Snowpiercer хэмээх зогсолтгүй эргэх галт тэргэнд суусан цөөн тооны хүн л амьд үлджээ.
Галт тэрэгний толгой хэсэгт баячууд, харин сүүл хэсэгт ядуус сууна. Цаг хугацаа
өнгөрсөөр 2031 он боллоо. Хүмүүс байгаа газар эсэргүүцэл, тэмцэл өрнөж байдаг хойно
Snowpiercer галт тэргэнд ч мөн бослого үймээн өрнөх ажээ.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын найруулагч нар Холливудтай хамтран
томоохон бүтээлүүд дээр ажиллах болсны нэг нь энэ кино юм. Дүрүүдэд Крис Эванс,
Жон Хөрт, Оскарын шагналт Тилда Свинтон, Октавиа Спэнсэр нарын шилдэг жүжигчид тогложээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Хоёр улсыг төлөөлж монгол бүсгүйчүүд буудлагаар өрсөлдлөө

Германы Мюнхен хотноо зохиогдож буй буудлагын спортын “Дэлхийн цом”-ын
тэм­цээнээс гавьяат тамир­чин Отрядын Гүндэг­­маа алтан медаль хүртлээ. Тэрээр уржигдар
эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд түрүүлж, ийн аваргаллаа. Түүний
өрсөлдсөн төрөлд Германыг төлөөлж оролцсон Д.Мөнхбаяр хоёрдугаар байрт орсон. Харин
гутгаар байрт Хятадын тамирчин Занг Жиан, дөрөвт мөн урд хөршийн буудагч  Чень Ин нар орсон байна. Гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн
хувьд “Дэлхийн цом”-ын тэм­цээнээс ийн долоо дахь алтан медалиа хүртэж байгаа гэнэ.

Монголын мэргэн буудагч О.Гүндэгмаагийн өрсөлдсөн төрөлд нийт 95
буудагч цэц мэргэнээ сорьсноос манай тамирчин урьдчилсан дасгалд 584 оноо авч шигшээ
наймд шалгарчээ. Ингээд хагас шигшээ тэмцээний үеэр 21 оноо авсан аж. О.Гүндэгмаагийн
хувьд хамгийн шийдвэрлэх тулааныг алтан медалийн төлөөх буудлагын үеэр хийсэн гэж
болно. Учир нь тэрээр Германы тамирчин Д.Мөнхбаяртай халз буудалцаж 8:0 харь­цаатай
буулган авсан юм. Д.Мөнхбаярын хувьд хэдий Германы иргэншилтэй, тус улсын нэрийн
өмнөөс тэмцээнд оролцож байгаа ч Монголын шилдэг тамирчдын нэг гэдгээ батлан харууллаа.
Цус нэгтэй хоёр монгол бүсгүй хоёр тивийг төлөөлөн дэлхийн хэмжээний тэмцээнд алт,
мөнгөн медалийг хар­шуу­лан зогсохыг хараад үнэ­хээр огшиж, омогшиж бай­лаа. Аргагүй
л агссан нум сумныхаа цэц мэргэнээр хамаг Монголоо нэгтгэж, шинэ төрийг байгуулсан
Мандухай сэцэн хатны үр сад гэлтэй. Бас эрэмгий дайчин гэдэг нь өмнөө өөр орны тамирчдыг
гишгүүлээгүйгээс харж болох юм.

Монголын эмэгтэйчүүд буудлагын спортод дэлхийн цээжинд яваа гэдгээ
энэ удаа дахин нотоллоо. Монгол Улсын хөдөлмөрийн баатар  гавьяат тамирчин О.Гүндэгмаа болон гавьяат тамирчин
Д.Мөнхбаяр нар 2008 оны Бээжингийн олимпийн тавцанд хамт зогсч байсан нь ард түмний
сэтгэлд тод бууж байгаа болов уу. Бээжингийн олимпийн наадмаас хараахан алтан медаль
зүүж чадаагүй ч О.Гүндэгмаа мөнгө, Д.Мөнхбаяр хүрэл медалийн тавцанд хамт зогсоход
мон­голчууд хоёр мэргэн буудагчаараа бахархаж байлаа. Тухайн үед гавьяат тамирчин
Д.Мөнх­баяр Германыг төлөөлж тэмцээнд оролцсон ч нутаг нэгт бүсгүйн амжилтад мон­гол
түмэн омогшиж бай­сан. Энэ бол мэргэн буудагч­дын маань мөрөөдөл бай­лаа. О.Гүндэгмаагийн
дасгалжуулагч Л.Ундралбат  хэвлэлд өгсөн ярилцлагадаа
“Гүндэгмаа, Мөнхбаяр хоёр буудлагын спортоор хичээллэсэн цагаасаа л хүн төрөлхтний
спортын их наадам болох олимпод хамтдаа оролцож, хамтдаа амжилтын өндөрлөгт хүрэх
юмсан гэж мөрөөддөг бай­сан” гэсэн байдаг. Тэгвэл тэд мөрөөдөлдөө аль хэдийнэ хүрсэн
төдийгүй дэлхийн буудлагын спортын тамирчдын магнайд явна. Магадгүй тэднийг
2016 оны Бразилийн олимпийн наадмын медалийн тавцан хүлээж байгааг ч үгүйсгэх аргагүй.
Гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн хувьд энэ удаагийн тэмцээн Лондонгийн олимпийн
дараа амаржиж хоёр ихэр хүүхэд төрүүлснээс хойш орж буй олон улсын чанартай томоохон
тэмцээн байлаа.  

Манай бусад тамирчдын хувьд Т.Баярцэцэг 578 оноогоор 22 дугаар байрт,
Ц.Мөнхзул 573 оноогоор 34 дүгээр байрт оржээ. Харин үлдсэн арваад тамирчин энэ сарын
13-н хүртэл цэц мэргэнээ сорих юм байна. Манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар
Л.Ундралбат,  А.Энхтөр нар ажиллаж байгаа
аж.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Гуравдугаар эмнэлэг дэх өнгөт өдөр

П.Н.Шастины нэрэмжит гурав­дугаар эмнэлгийн хурлын танхимд өнгөт
өдөр болов. Энд хэвтэн эмчлүүлж буй 40 өвчтөн зургийн хичээл хийлээ. Өнгө будгаар
ялгаж будах ажлыг хүмүүс хичээнгүйлэн гүйцэтгэв. Учир нь тэдний зураг эмнэлгийн
ханыг чимэх учиртай. Энэхүү “Өнгөт өдөр”-ийг АНУ-ын “Хоспитал арт” сан, Монголын
Урлагийн зөвлөл хамтран санаачилжээ. Эндхийн эмчлүүлэгчид “Өнгөт өдөр”-ийн гол дүр.
Танхимын хаалгаар ормогц П.Дуламсүрэн гуайн уран бүтээл нүдэнд тусав. Тэрбээр их
л эв дүйтэй, цэвэрхэн ажиллаж байлаа. “Өмнө нь зураг зурж байгаагүй. Харин хатгамал
их оёдог. Амьтны дүрс их хатгаж оёдог байсан” гэж эмээ ярилаа. Тэрбээр жолооч хүн.
1957 онд 18 насандаа жолооч болсон. Залуудаа ачааны тэрэгний жолоо мушгиж, хожим
нь так­синд “гүйжээ”.  Өдгөө зүрхний тасагт
хэвтэн эмчлүүлж байна. “Бие их сайжирсан, өвчин намдаж сайхан боллоо. Аръяа­сүрэн
эмчдээ, эмч суви­лагч нартаа баярласнаа илэрхийлж, олон түмнийг эм­чилж эдгэрүүлэх
ажилд нь амжилт хүсье” гэж эмээ хэлсэн юм. Тэрбээр  78 настай ч сайн зураач байлаа.

“Хоспитал арт” сангийн захирал Скотт Фейт биднийг инээмсэглэн угтав.
“Эмнэлгийн хоосон хананууд бидний ажлын үр дүнд өнгөлөг болно” гэж тэр хэлсэн юм.
Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс ихэнхдээ өвчнөө л боддог. Харин урлаг тэднийг болон
эмч ажилтнуудыг сэргээж, урам зориг өгдөг. Бидний зорилго дэлхийн эмнэлэг бүрийн
хананд эвлүүлсэн зургаа байрлуулах” гэж Скотт ярив.

Өвчтөнүүд уран бүтээлээ дуусгаад, өөр өөрийн хэсгээ эвлүүлэхэд эрээн
мяраан дүрсүүд амьтны дүрс, мод, цэцэг болон амиллаа. “Зураг зурах дургүй хүн байж
болно. Гэсэн ч тэд хүүхэд насандаа очсон мэт мэдрэмж авна. Сэтгэл өөдрөг болдог.
Хүн нэг дор хоёр юм бодож чадахгүй. Зурангаа өвчнөө мартдаг” гэж Скотт хэлсэн юм.
Хожим тэд хийсэн уран бүтээлээ харж баясах болно. Эмнэлгийн ханан дахь зургууд эмч,
ажилтнуудад ч таатай мэдрэмж төрүүлнэ.   Ийнхүү
эмчлүүлэгчид урлагаар дамжуулж сэтгэл зүйн засал хийлгэлээ.

“Хоспитал арт” сангийн түүх жаахан охиноос эхлэлтэй. Скотт Фейтийн
аав зураач биш ч зураг зурах дуртай хүн байжээ. Тэрбээр нэг удаа эмнэлгийн хананд
зураг зурж, өвчтөнүүдэд бэлэг барихаар шийджээ. Гэтэл жаахан охин дэргэд нь ирээд
“Би зурж болох уу” гэжээ. Дараа нь түүний аав, ээж, хамаатан садан, эмнэлгийн эмч,
сувилагчид зурах ажилд татагдан оржээ. Эндээс л “Хоспитал арт” сангийн санаа төрсөн
гэнэ. Скотт Фейт өөрөө уран бүтээлч хүн. Сангийн ажлыг залгамжлах нь эцгийн хүсэл
байсан уу, өөрөө сонголт хийв үү хэмээн сонирхоход “Би багаасаа зурах дуртай байсан.
Аавын маань хийсэн ажил миний зүрхэнд хүрсэн учраас энэ ажлыг залгамжилж авсан”
гэлээ. “Хоспитал арт”-ынхан 1984 оноос хойш дэлхийн 195 орны  4000 гаруй эмнэлэгт хүрч очсон аж. “Би баян хүн
биш. Манай санд цалин авдаг хүн олон биш. Бид дэлхийн хаана ч очсон сайн дурынхны
дэмжлэгтэйгээр ажилладаг” гэж энэ залуу ярьсан юм.

Энд зураг зурж суусан У.Эрдэнэ-Очир хичээнгүй зураачдын нэг. Төмөрлөгийн
үйлдвэрийн инженер тэрбээр “Зураг зурж байгаагүй, хүүхэд байхдаа л зурж байсан байлгүй”
гэнэ. “Гэхдээ маш зөв юм байна. Салж чадахгүй, цаг гаруй сууж байна” гэж тэр хуучлав.
Хүн бүр л сайн зурж байна. Хараад байхад будаг нь усан будаг шиг урсдаггүй, онцгой
эв дүй шаардахгүй, хичээл зүтгэлтэй байхад л сайхан зураг амилахаар юм билээ. Урлагаар
анагаах эмчилгээний хэлбэр Монголд ийнхүү “импортлогдлоо”.

 Эмнэлэг дэх өнгөт өдөр  харин хананд үлдэнэ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Хэдэн зуун саяар нь наадамд зарцуулдаг ч эмнэлгийн машин нь шатахуунгүй

8Түрүүч нь
¹140(4780), 
141(4781) дугаарт8-

ЗАСАГ ДАРГА
НАР ЗОЧИД БУУДЛЫН ЗАРДЛЫГ ТӨСВИЙН ХӨРӨНГӨНӨӨС ГАРГАДАГ ГЭНЭ-

Өмнөговь аймгийн бүх сумдад, 2014 онд Сэлэнгэ, Завхан, Ховд, Хөвсгөл
аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Засаг даргын захирамж, Засаг
даргын Тамгын газрын даргын тушаал, шийдвэрүүд, явсан, ирсэн албан бичгүүдийг хянажээ.
Хяналтаар хуульд заасан нийтийн албан тушаалтнуудад тавигдах хориглолт, хязгаарлалтыг
зөрчсөн шийдвэрүүд гаргах, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарах явдал их гарсан байна.
Тэмдэглэлт ой, баяр наадамд төсвийн хөрөнгөөс гарган тэмдэглэж буй байдлаараа Сэлэнгэ
аймгийн Засаг дарга манлайлсан судалгаа гарчээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Засаг
дарга төр засгийн өндөр албан тушаалтнуудыг орон нутагт нь ирэхэд  тэдгээрийг дагалдан явсан албан хаагчдыг хооллох,
зочид буудлын төлбөрийг  төсвийн хөрөнгөөс
гаргасан нь  тогтоогджээ. Мөн өнгөрсөн жил
улсын аварга болсон Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх, шагнах, түүнд зориулсан наадам
болон үндэсний их баяр наадам зэргийг зохион байгуулахад орон нутгийн төсвийн хөрөнгөөс
гаргасан байна. Баяр наадамд зарцуулсан хөрөнгө нь   орон нутгийн нийт төсвийн хөрөнгийн багахан хувийг
эзэлж буй ч  шагнал урамшууллыг  төсвийн хөрөнгөөр  хавтгайруулан олгожээ.

Тухайлбал, зөвхөн улсын
аварга Г.Эрхэмбаярыг шагнах, түүнд зориулсан баяр наадам зохион байгуулахад зориулж  Сэлэнгэ аймгийн Засаг дарга таван удаагийн захирамжаар
нийт 52 691 700 (тавин хоёр сая зургаан зуун ерэн нэгэн мянга долоон зуу) төгрөгийг
зарцуулжээ. Уг хөрөнгийг шийдвэрлэхтэй холбогдуулан гаргасан дээрх захирамжуудаа
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр
зүйлийн 29.1.5 буюу “хүн амын нийгэм соёлын үйлчилгээ, нийгмийн хамгааллын талаар:
а/нутаг дэвсгэртээ боловсрол, соёл, эрүүл мэнд, биeийн тамир, спортын талаархи төрийн
бодлого, хууль тогтоомж, тухайн хурлын шийдвэрийн биeлэлтийг хангах ажлыг зохион
байгуулах” гэсэн заалтыг үндэслэн олгосон гэж тайлбарлажээ.

 ЗАСАГ ДАРГЫН ЦАГ ҮЕИЙН ШИНЖТЭЙ ГАРГАДАГ ЗАХИРАМЖ НЬ НААДАМД ЗОРИУЛАГДДАГ

  Түүнчлэн Сангийн сайдын
2012 оны №239, “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын
2.3 ба “Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн
шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэх мэт журмыг үндэс болгон захирамж гаргасан
гэжээ. Г.Эрхэмбаяр нь улсын аварга болсон тохиолдол нь цаг үеийн шинжийг агуулсан
гэж болох ч үүнтэй холбогдуулан наадам зохион байгуулж, хөрөнгө зарцуулах нь Засаг
даргад хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт гэж ойлгох
боломжгүй хэмээн холбогдох байгууллагууд үзэж байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга 
баяр наадмаар хавтгайрсан шагнал урамшуулал иргэдэд олгосон гэнэ. Шагналуудад
дагалдах мөнгөн шагналын хэмжээ Засгийн газрын 1997 оны 54 дүгээр тогтоолоор баталсан
хэмжээнээс 10000-80000 төгрөгөөр илүү байсан нь аудитын дүгнэлтээр илэрчээ.  Мөн үндэсний болон олон улс, тив, дэлхий, олимпийн
аварга болсон Сэлэнгэ аймгийн уугуул, харьяат иргэн-тамирчинд олгох мөнгөн шагналыг
аймгийн Засаг даргаас тогтоож, шагнаж урамшуулж байгаа нь орон нутгийн төсвийн хөрөнгийг
үргүй зарцуулсан гэж үзэх үндэслэл болсон байна.

 ХАВТГАЙРСАН ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

 Жишээ нь  улсын наадамд барилдаж
түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөх, түрүү, аман хүзүү, айргийн гурав, дөрөв, тавд
орсон морьдын уяач, 1, 2, 3 дугаар байрт шалгарсан харваачид төсвөөс олгох шагналын
хэмжээг Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолоор баталсан байтал, аймгийн Засаг
дарга тогтоож, орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргажээ. Үндэсний их баяр наадам зохион
байгуулахтай холбоотой төсвөөс гарах санхүүжилтийн жишиг дээд хэмжээг Засгийн газраас
10 000 000 (арван сая) төгрөг байхаар тогтоосон байтал тус аймаг нь иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 85 дугаар тогтоолоор 50 615 060 (тавин сая зургаан
зуун арван таван мянга жаран) төгрөгөөр баталж, Засаг даргын 2013 оны а/214, а/225
дугаар захирамжаар зарцуулсан байна. Ийнхүү үндэсний их баяр наадмын арга хэмжээнд
зориулан гаргах зардлын хэмжээг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор
баталсан нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 буюу
“баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой төсвийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурлаар батлуулан зарцуулах” гэснийг давхар зөрчсөн хэмээн үзэж буй аж. Өөрөөр хэлбэл,
төсвийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал биш Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид
тогтоосон байна.

 Мөн төсвийн хөрөнгийг бусад
аймгийн Засаг дарга нар гадаад, дотоодын зочид төлөөлөгч болон албан томилолтоор
яваа хүмүүсийн унаа, хоол, буудалд, элдэв баяр ёслол, хүндэтгэлийн хүлээн авалтад
зарцуулах, шагнал урамшуулал олгох, төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг өгөх,
уул овоо тахих, гэх мэт төсөвт тусгагдаагүй ажил, үйлчилгээнд зарцуулах нь элбэгшжээ.
Ялангуяа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан
авах ажиллагаатай холбоотой  зөрчил бүхий
шийдвэрүүд даамжирч байгаа нь төсвийн хөрөнгийг зарцуулах талаар төсвийн бүх шатны
захирагч нарын үүрэг, хариуцлага сул, тэдгээрт тавих хяналт хангалтгүй байгаатай
шууд холбон үзэхээс өөр аргагүй юм.

 ХЭДЭН ЗУУН САЯАР НЬ НААДАМД
ЗАРЦУУЛДАГ Ч СУРГУУЛЬ НЬ ХАЛААЛТГҮЙ

 Энэ мэтээр ач холбогдол багатай үйл ажиллагаанд хэдэн зуун саяар
нь төсөв зарцуулсан хэрнээ эмнэлгийн машин нь шатахуунгүй, сумын сургууль нь халаалтгүй.
Сумын Засаг даргын Тамгын газрын барилга нь нурахаа шахсан  нь  зориулалт
бусаар зарж байгаа олон зуун сая төгрөгийг бодит хэрэгцээнд  зарцуулж болохоор юм. Дээрх жишээнүүдээс харахад
орон нутагт төсвийн зарцуулалтын ажиллагаанд тавих олон нийтийн хяналт тодорхой
бус, санхүүгийн байгууллага нь жил бүр шалгалт хийх ёстой ч хийдэггүй. Нутаг ус,
садан төрөл, улс төрийн нам, найз нөхдийн хандлагаар ямар нэгэн зөрчил гарсан ч  хариуцлага тооцдоггүй, албан тушаалтан дураараа
авирлах явдал нийтлэг байгааг  холбогдох байгууллагууд
тогтоожээ. Иймд төсвийн болон хөрөнгө мөнгөний зарцуулалтад  байнгын хяналтыг бий болгох зайлшгүй шаардлагатайг
мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт болон дээрх үйлдлүүд харуулж байна. Өнөөдөр Монгол
Улсад төрийн үйл ажиллагааны ил тод байдлын эрх зүйн үндсийг тодорхойлсон нийтлэг
болон нарийвчилсан зохицуулалтын хэм хэмжээ тусгалаа олсон олон хууль тогтоомжууд
хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэтэл иргэдэд хүссэн мэдээллээ олж авах нөхцөлийг
бүрдүүлэх талаар нутгийн захиргааны байгууллагуудаас гарах санаачилга, хүчин чармайлт,
хүсэл зориг дутмаг байгаа нь  тэдэнд иргэдийн
хяналтаас хол байх, шударга бус явдлаа нуун дарагдуулах хүсэл эрмэлзлэлтэй  нь холбон тайлбарлах хүн ч байгаа юм.

 ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО ҮГҮЙЛЭГДЭНЭ

 Орон нутгийн удирдлагад эрх мэдэл шилжиж байгаа нь тухайн орон нутгийг
хөгжүүлэх гэсэн гол агуулга байгаа  нь ойлгомжтой.
Гэтэл хяналтын тогтолцоог нь сайн бэхжүүлж өгөөгүйгээс дураараа авирлах явдал маш
их гарах болжээ. Хуулийг хэрхэн сахих вэ гэхээсээ илүү хуулийн цоорхой нь хаана
байна гэж ажиллах хандлага түгээмэл байгааг албаны хүмүүс онцлон хэлж байв. Иймд
аливаа хууль гаргахдаа эрх мэдэл олгохын хамт тэрхүү эрх мэдлээ хуулийн хүрээнд
хэрэгжүүлж буй эсэхэд нь хяналт тавих тогтолцоог хамтад нь тодорхойлох нь нэн чухал
байгааг Засаг дарга нарын гаргаж буй хууль бус шийдвэр, журам гэрээнээс харж болохоор  аж.

Г.ЯЛГУУН