Categories
гадаад мэдээ

Нейросайнсын олон улсын ахндугаар чуулган болно

Хүний насыг уртасгах, сансарт уураг тархийг хамгаалах, хиймэл оюун ухаан бүтээх зэрэг шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүд нь Нейросайнсын шинжлэх ухааны хөгжлйин үр дүн юм. Уг шинжлэх ухаан нь дэлхийд 1960-аад онд байгуулагдсан бол одоо 2014 онд “Монголын Нейросайнсын Нийгэмлэг” албан ёсоор үүсгэн байгуулагдлаа.

АШУИС, СЭМҮТ-тэй хамтран Нейросайнсын шинжлэх ухаан Монголд албан ёсоор үүсгэн байгуулагдсан талаар мэдээлэв.

Хэвлэлйин хурлыг МУИС-ийн математикч багш А.Ганбат, Анагаах шинжлэх ухааны доктор Л.Энхсайхан, Л.Баттүвшин, Б.Дамдинсүрэн, Швед улсын профессор Mark Gilbert  нар удирдан зохион байгууллаа.

Нейросайнсын шинжлэх ухаан нь хүний тархи, мэдрэл сэтгэхүйн тогтолцоо, түүний зохион байгуулалтыг судалдаг олон салбар шинжлэх ухааны огтлолцол юм.

 Тэд хэлэхдээ “Уг шинжлэх ухаан Монгол улсад нэвтэрснээр одоохондоо эмчлэх боломжгүй байгаа олон өвчний шалтгааныг олж болно” гэж мэдэгдсэн юм.

Тус шинжлэх ухааныг хөгжүүлэхэд  техникийн хэрэгсэл, гадаад улсын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг хэрэгтэй байгаа талаар тэд бас онцолсон.

Маргааш Баасан гарагт Улаанбаатар хотноо АШУҮИС,СЭМҮТ-тэй хамтран “Нейросайнсын олон улсын анхдугаар чуулган”-ыг АШУҮИС-ын эрдмийн өргөөнд зохион байгуулах бөгөөд Швед улсын Каролинска институтын нэрт профессор Mark Gilbert ирж лекц уншихаар болсон байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ш.Түвдэндорж сайд боллоо

УИХ-ын үдээс хойшхи чуулганд 40 гишүүн оролцож, 34 нь зөвшөөрч, 6 нь татгалзаж, 85 хувийн саналаар Ш.Түвдэндорж давхар дээлтэй боллоо. 

Уг нь УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх гэсэн нийгмийн санаа бодолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тун ч ширэн нүүртэй, дүлий чихтэй хандаж байгаа талаар МАН-ынхан өдөржингөө шүүмжилсэн юм. УИХ энэ өдөр 12 асуудлаар хуралдах ёстой байсан ч зөвхөн Засгийн газрын гишүүнийг томилох асуудлаар хуралдсаар өдрийг өнгөрөөсөн. Товчхондоо бол Ш.Түвдэндоржийг томилох эсэх асуудлыг өдөржин хэлэлцэхдээ УИХ дахь МАН-ын гишүүд давхар эрх мэдлийг дан болгох Ерөнхийлөгчийн саналаар бамбай барьж, Ерөнхий сайд  Н.Алтанхуяг Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хориглоогүй гэдгийг олонтаа  давтав. Н.Алтанхуяг “Хэн нэгнийг буруутгаад яах юм. Раман дотроо яажигнаад асуудлаа шийдье. Ш.Түвдэндоржийг томилоод өгчих л дөө. Энэ хаваржингаа ярьсан юмыг одоо яриад яах юм” гэж хэлж байлаа. Ө.Энхтүвшин гишүүн 2000 гаруй хүний дунд явуулсан судалгаагаар 87  хувь нь давхар эрх мэдлийг дэмжихгүй байгааг дуулгасан. Гэсэн ч Ерөнхий сайд УИХ социологийн судалгааны дүн ярихгүй гэсэн нь сөрөг хүчнийхнийг ихэд бухимдуулав. Сонгуулийн үеэр олон нийтийн санал хамаагүй гэдэг үгээ хэлээрэй хэмээн сүрдүүлсэн дуу хоолой ч сонсогдсон.  Ц.Нямдорж “Сөрөг хүчнээ сонсох тухай ярихаа байг гэхэд та нар өөрсдийгөө ч сонсохоо байсан. Эрүүл дуу хоолойтой гишүүдээ ч сонсохоо байсан. Ерөнхийлөгчөө ч сонсохоо байлаа. Давхар дээлээ тайлахыг дэмжсэн интернетийн санал асуулгын дүнг ч тоохгүй байна. Ш.Түвдэндоржийг томилогдвол Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэж найдаж байна. Ингэж та нар Ц.Элбэгдоржийг хүнд байдалд оруулж яах юм” гэсэн юм.  Юутай ч 16,37 цагийн үед Засгийн газрын гишүүнийг томилох асуудал шийдэгдлээ.    

Categories
гадаад мэдээ

П.Мушарафыг гадаадад зорчихыг нь зөвшөөрөв

Эх орноосоо урвасан гэх хэргээр буруутгагдаад байсан Пакистаны Ерөнхийлөгч асан, генерал Первез Мушараф хилийн дээс алхах боломжтой болжээ. Тус улсын  Синд мужийн шүүхээс пүрэв гаригт түүний Нэгдсэн Эмират Улсад амьдарч буй өвчтэй эхийгээ эргэх хүсэлтийг авч хэлэлцсэн байна. Шүүхийн шийдвэрээр гадаад руу зорчихыг хориглох хүмүүсийн жагсаалтаас нэрийг нь хасахаар болжээ. 2013 оны хавар Пакистаны Гадаад хэргийн яам түүнийг уг жагсаалтад албан ёсоор оруулсан юм. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард П.Мушараф дээрх хүсэлтийг гаргасан ч тус улсын шүүхээс уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулаад байсан аж. Ямартаа ч Пакистаны Засгийн газар Синд мужийн шүүхээс түүнийг хилийн чанад руу явах зөвшөөрлийг нь болиулж болох гэнэ. Тэд 15 хоногийн дотор Дээд шүүхдээ зарга мэдүүлж болох аж.  

Дашрамд дурдахад, генерал П.Мушарафыг Пакистанд 2007 онд |болсон үймээний үеэр онц байдал зарлаж, Дээд шүүхийн хоёр ч шүүгчийг үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан хэмээн буруутгасан. Тэрээр эл үйлдлээрээ эх орноосоо урвасан  гэж тус улсын шүүх үзсэн юм. Хэрэв буруутай нь тогтоогдвол түүнд ялын дээд хэмжээ эсвэл бүх насаар нь  хорих ял оноож магадгүй аж. 

Д.Цэрэндолгор

Categories
мэдээ нийгэм

Хүрээ Майдар бурханыг Дашчойлин хийдэд хүлээн авах ёслол болно

Зүүн Хүрээ Дашчойлин хийдийг 1990 онд дахин сэргээснээс
хойш хүрээнд байсан Майдар бурхныг дахин сэргээн бүтээх ажлыг эхлүүлсэн билээ.  Олон жилийн хугацаанд бүтээн босгосон уг
бурхныг ард түмэнд сурталчилан таниулах, залах ёслолын талаар албаныхан
мэдээллээ. Маргааш буюу зуны эхэн сарын шинийн 15-ны “Бурхан багшийн их
дүйчсэн” өдөр Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд
Майдар бурхныг  хүлээн авах ёслол болох
аж.  Улмаар аравдугаар сарын 15-ны дотор
бурхнаа барьж угсран, сүсэгтэн олондоо өргөн барих юм байна. Хүрээ Майдар
бурхныг анх  1834-1837 оны хооронд бүтээж
байжээ. Гэвч бурхан шашныг дарсан хэлмэгдүүлэлтийн үед буюу 1942-1943 онд
устгасан байдаг. Хуучин бурхан нь долоон алд 
буюу 50 тохой өндөр байжээ. Харин одоо босгож буй   Майдар бурхан нь 23 метр өндөртэй аж.         

Б.Уранчимэг

Categories
гадаад мэдээ

Дэлхийн аваргын үеэр 7 хотод жагсаал болох нь

Хөл бөмбөгийн ДАШТ-ий нээлтийн өдөр
Бразилын долоон хотод жагсаал болж магадгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж
байна. ДАШТ-ий нээлт болох Сан-Пауло хотын зүүн хэсэгт нээлтийн өдрийн өглөөний
10:00 цагаас ДАШТ-ыг эсэргүүцсэн нийгмийн хөдөлгөөнүүдийн нэгдсэн жагсаал болох
төлөвтэй байна. Жагсаалд гурван мянга орчим хүн оролцох бөгөөд тэмцээний нээлт
болох Коринтианс цэнгэлдэх хүрээлэнг чиглэн гудамжаар жагсах аж. Түүнчлэн тус
өдрийн 14:00 цагт нийгмийн ядуу давхаргын толгойлсон жагсаал болох юм. Үүнээс
гадна нийслэл Бразилиа, Белу-Оризонти, Форталеза, Ресифи, Порту-Алегри,
Рио-де-Жанейро хотод ДАШТ-ий нээлтийн өдөр жагсаал болох бололтой.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг Латвийн төрийн тэргүүнд бараалхав

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншид Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхав. Бараалхах үеэр Ерөнхий сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Латви Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж байгааг дурдаад энэ айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.  

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид эдийн засгийн салбарт тэр дундаа тээвэр ложистикийн салбарт хамтарч ажиллах боломж өргөн байна гэлээ. Бүгд Найрамдах Латви Улс нь далайн боомтууддаа түшиглэн дамжин өнгөрүүлэх транзит тээврийг түлхүү хөгжүүлж байна. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг Европ руу чиглэсэн өргөн төмөр замаар тээвэрлэн, Латвийн далайн боомтуудаар Европын аль орон руу гаргах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

МоАХ-ны анхдагчдын “Дугуй заал” клуб байгуулагдлаа

МоАХ-ны анхны  ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүд, салбар зөвлөлийн зохицуулагчдаас бүрдсэн “Дугуй заал” клуб байгуулагдсан тухай өнөөдөр мэдээлэв. Хэвлэлийн хуралд тус зөвлөлийн гишүүн Д.Нямхүү, Р.Занаа, Д.Бямбаа, С.Эрдэнэцэцэг, В.Энхболд, Х.Энхбаяр нар байлцсан юм.

 “Дугуй заал” клуб нь өнгөрсөн тавдугаар сарын 15-нд албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой, зөвхөн МоАХ-ын анхдагчдын  ашгийн төлөө бус ТББ юм байна. 

 МоАХ-нд ардчилсан хувьсгал гараад, ялах хүртэлх үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан 150 гаруй гишүүн байдаг гэнэ. Хуралд хүрэлцэн ирсэн гишүүд 90-ээд оны их цомхотголын анхны хохирогчид болсон гэдгээ хэлээд цаашдаа өөрсдийн сэвтсэн нэр төрийг сэргээх, хойч үедээ ардчилсан хувьсгалын сайн сайхныг таниулах ажлыг хийж бүтээнэ гэв. Мөн МоАХ-г үндэслэн байгуулсан анхдагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн бодлого үгүйлэгдэж байгааг онцолсон юм.

О.Тэгшбуян

Categories
мэдээ нийгэм

Хугацаа нь хэтэрсэн бараа бүтээгдэхүүнийг устгажээ

Хүнсний зах, дэлгүүр, супермаркетуудад зарж байгаа хугацаа хэтэрсэн, шинжилгээний бичиггүй, чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас хураан авч, устгажээ. Барааг өчигдөр зориулалтын хогын цэгт аваачин устгалд оруулсан аж. Харин шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн зарж байсан аж ахуйн нэгж байгууллагад хариуцлага тооцсон юм. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

ДЦС-3-ыг удахгүй өргөтгөж дуусна

Одоогоор улсын хэмжээнд ажиллаж буй цахилгаан эрчим хүчний станцууд нийтдээ 950 мВт хүчин чадалтай ажээ. Үүн дээр одоо хийх эх үүсвэрүүдийн өргөтгөл нэмэгдэх бөгөөд үүний нэг нь гуравдугаар дулааны цахилгаан станц. ДЦС-3-ын 50 МВт, дулааны 100 Гкал хүчин чадлын өртгөтгөл энэ сарын 16-нд ашиглалтад орох юм. Ингэснээр төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал энэ хэмжээгээр өсөхөөс гадна Багануур дүүргийн орон сууцны хорооллыг дулаанаар хангах боломжтой талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Уг ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын компани ажиллаж буй бөгөөд одоогоор цахилгааны хуваарилах болон дулааны сүлжээний ус халаах байгууламж барих, барилга угсралт, трансформатор суурилуулах ажлыг хийж дуусч байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдрийг тохиолдуулан дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдалд анхаарлаа хандуулжээ. Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдрийг 2002 оноос тэмдэглэх болсон байна. Энэ жилийн Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрөөр Монголын хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэн нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулах гэнэ. Үүний нэг нь өнөөдөр болох “Хөдөлмөр эрхэлж буй хөвгүүдийн хөл бөмбөгийн тэмцээн” юм. Тэмцээнд нийт 12 баг оролцоно. Уламжлал болсон уг тэмцээн зургаа дахь жилдээ зохиогдож байгаа аж.

ҮСХ-ноос хийсэн Хүүхдийн хөдөлмөрийн үндэсний түүвэр судалгаагаар 2011-2012 онд  Монгол улсад 5-17 насны хүүхдийн 15,9 хувь (93,968 хүүхэд) нь ажил эрхэлж байна. Ажил эрхэлж байгаа хүүхдийн 88,9 хувь нь ХАА-н салбарт ажиллаж байгаа бөгөөд уул уурхай, барилга, худалдаа зэрэг салбар дахь хүүхдийн ажил эрхлэлт нэмэгдсэн байна. Хүүхдийн хөдөлмөр хөдөө орон нутагт их байгаа бөгөөд хөвгүүдийн хөдөлмөр эрхлэлт охидынхоос илүү, нас ахих тутам хүүхдийн ажил эрхлэлт нэмэгддэг аж. Нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн  11 хувь нь буюу 10,398 хүүхэд хориглосон ажлын байранд, уртасгасан цагаар, эсвэл хүнд хортой нөхцөлд ажиллаж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах зорилго тавьсан. Үндэсний нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгох, эрүүл ахуйн баталгаат байдал нь хүүхдийг хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлнэ. Нийгмийн даатгалын тогтолцоо нь “хүүхдийн мэдрэмжтэй” байх ёстой. Хүүхэд төрөх үедээ болон гэр бүлд тохиолдсон ямар нэг асуудлаас болж эмзэг, эрсдэлтэй болох магадлалтай. Үүнийг нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулан шийдвэрлэх шаардлагатай. Нийгмийн хамгааллыг хүүхдүүдэд ялангуяа ХДХВ/ДОХ-ын халдвар авсан, цагаач, үндэсний цөөнх, эдийн засаг, нийгмийн хөгжлөөс алслагдсан бүлгийн хүүхдүүдэд илүү хүртээмжтэй байдлаар зохион байгуулах нь чухал гэж Хүүхдийн төлөө газар, Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах сүлжээнээс зохиосон хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.  

Хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай хэлэхдээ: Гэр бүлийн боловсролыг багаас нь олгох хэрэгтэй.  Хүүхдийн төлөө үндэсний газар, ХАХНХЯ хамтран Гэр бүлийн боловсролын модуль хийгээд дуусаж байгаа гэлээ.“Хүүхдэд аюултай ажил”  богино хэмжээний киног өнөөдөр телевизүүдээр гаргах юм байна. Цаашид аймаг орон нутгуудтай видео хурал зохион байгуулж, санал солилцох юм байна. 

Г.Агиймаа