Categories
гадаад мэдээ

Харрисон Форд кино зураг авалтын үеэр бэртжээ

Холливудын нэрт жүжигчин Харрисон Форд “Оддын дайн VII” киноны зураг авалтын үеэр бэртжээ. Өвдгөө гэмтээсэн түүнийг нисдэг тэргээр яаралтай эмнэлэгт хүргэсэн тухай мэдээллээ. Зураг авалт Лондон хотын ойролцоо болж байсан бөгөөд Х.Фордын хөлөн  дээр төмөр хаалга унасан гэнэ. Гэхдээ энэ нь  кино зураг авалтын явцад нөлөөлөхгүй хэмээн мэдэгдэв. Харин нэрт жүжигчний бие төлөөлөгчид энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй. 

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар АНУ-д авто осолд оржээ

УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар Вашингтон ДС хотод авто зам гарч яваад  машинд дайруулсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан байна. Ослын улмаас тэрбээр гар, хөлөндөө гэмтэл авч Вашингтон хотын нэгэн эмнэлэгт ухаангүй хүргэгджээ. Одоогоор түүний биеийн байдал сайжирч ухаан орсон гэдгийг ойрын эх сурвалж нь мэдээллээ.

 АНУ-ын Вашингтон хотод Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дэд дарга тэргүүтэй хүмүүс очсон байна. Г.Занданшатар тэдэнтэй уулзаад орой авто замын гарцаар, ногоон гэрлээр гарах гэж байхад нь машин хурдтай жолоодож явсан нэгэн залуу ирж дайрчээ.  Г.Занданшатартай хамт хоёр америк иргэн зам гарах гэж явсан бөгөөд тэд ч мөн машинд дайруулж хүнд гэмтэл авсан байна. Хурд хэтрүүлэн машин жолоодож явсан залууг цагдаагийнхан саатуулсан бөгөөд түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ машин жолоодсон гэж буруутгаж байгаа  гэнэ. 

 Г.Занданшатар  АНУ-ын Вашингтон хотод гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд “George Town” –ны их сургуульд суралцаад  зургаан сар болж байсан юм байна. Энэ талаар МАН-ын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Г.Занданшатар осолд орсон нь үнэн. Бие нь гайгүй байгаа” гэсэн товчхон хариултыг өгсөн юм.

Г.Ялгуун

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засагтөр ажилсаг болох нь сайны шинж биш


Нэг. Эгэл эдийнзасагч ба эгэл бус эдийн засаг

Уул нь, амьзуулгаа мэдэх гэдэгтэй агаар нэгэн боловч “Эдийнзасагч” гэж ихээхэн нарийн мэргэжил бий. Тэд л улс орны хөгжлийн учрыг мэдэж, жолоодож, хүн ардыг аварч байдаг. Яаж гэдгийг жирийн хүн ойлгох аргагүй. Ойлгох аргагүй учраас тэдний буруу зөвийг шүүх аргагүй. Тэд “Ер нь эдийн засаг ч цаанаа ихээхэн нарийн л даа…” гэж ирээд баахан тоо томъёо, гадаад голдуу нэр хэлээд толгой эргүүлчихнэ. Яг л зарим хувраг “…бурханы ном ч нарийн л даа” гэж ирээд ухахуйяа бэрх, “ухаарах гэж зовж байснаас олон таван үггүй шүтвэл барав” гэж бодогдмоор юм ярьдаг шиг.Тийм болохоор эгэл бид чинь эдийнзасагчдын хэлж байгааг нь ойлгохгүйгээс хойш хэлснийг нь дагасхийгээд л явахаас өөр замгүй. Одоо ч гэсэн манай  засагтөр  баахан ойлгомжгүй ярьж ярьчихаад “Ингээд харахаар эдийн засаг сайжирч байна” гэж мэтгээд байгаа биз дээ. Бид чинь цаад юмыг нь ойлгоогүй болохоор дүгнэлтийг нь үгүйсгэж дийлэхгүй. Дэмий л “Энэ эдийнзасаг ч мөн нарийн эд юмаа. Заримдаа сайжрах тусмаа хүндээр тусч, үе үе өсөлтөөрөө нидэрчих гээд хэцүү ажгуу”  хэмээн толгойгоо гашилган суухаас өөрцгүй болно.

Харин судлаач мэргэд “Эдийн засаг бол хүн бол­гоны төрөлх мэргэжил” гэж тайлбарлан хэлдэг. Амь, амьд­ралаа аваад явах тө­рөлх зөн, үйл ажиллагааны цогц л юм гэнэ. Хэрвээ чи эдийн засагч биш төрсөн бол аль эрт өлсгөлөнгөөр, эсвэл осгоод мажийсан байх учиртай. Өрх гэрээ аваад яваа бол, үр хүүхдээ тураалд оруулчихаагүй бол, ерөөсөө өнгөрсөн өвөл хувцас муутайгаасаа болоод осгоод мажийчихаагүй бол чи бо­ломжийн эдийн засагч гэсэн үг. Яалт ч үгүй нөлөөлдөг юм бий, улс орны эдийн засгаас эхлээд. Яг л дэлхийн дулаарал хүн төрөлхтний хөгжилд нөлөөлж, нарнаас үүдэлтэй соронзон шуурга ямар ч арчаатай хүний эрүүл мэндийг янз болгож дөнгөдөг шиг.

Улсын эдийн засаг бол өрхийн эдийн засгийн томсгосон хувилбар гэдэг. Ганцхан зүйлээр ялгаатай нь  мөнгө төгрөг үйлдвэрлэх. Хувь хүний хийсэн ямар ч сайхан төгрөгийг хууль бусад үзэн шийтгэнэ. Гэхдээ ор боломжгүй гэх ч хаашаа юм бэ?  Танайх, хүүхдүүдийнхээ сурлага хүмүүжил, аяга шаазан угаах байдал зэргийг үнэлэн богийн шагай тараагаад, цуглуулсан хэрээр нь хувцас, роликтой тэшүүр авч өгөх маягаар өрхийн хүрээний валюттай байж яагаад болохгүй гэж.

Харин эдийн засаг илүү өргөн хүрээтэй болж, улс орны хэмжээнд очихын хэрээр на­рийн томъёолол, нэршилтэй болно. Тэр нь л зөвхөн эдийн засагч болж мэргэшсэн этгээд л халтарлахаас өөрцгүй ха­рагдуулна. Танд зам зааж өгөхдөө “Тээр харагдаж байгаа даваанд хүрэх хоёр зам бий. Нэг нь  хойт овооны араар тойроод урагш даялан хүрнэ. Нөгөөх нь эгцээрээ очно.  Эгцээрээ очдог нь бартаатай боловч дөт, овоо ороодог нь цагаан боловч тойруу. Хүнд ачаатай машинтай хүн даялах нь зөв” гэхийн оронд “А цэгээс В цэг рүү шууд очихоос гадна С цэгээр дайран очиж болно. Тэгш өнцөгт гурвалжны катетуудын нийлбэр нь гепотенузаас урт гэдгийг сануулах юун. Механикийн алтан дүрэм мэддэг хүн бол… Хүч хожвол зам алдана, зам хожвол хүч алдана. Масс ихтэй тээврийн хэрэгслэл” гэхчлэнгээр яриад  “шинжлэх ухаанжуулаад” хаяж болно. Тэр мэт гэлцэнэ. 

Ерөөсөө ард түмэн нь “эдийн засаг” гэж тэнгэрийн юм байдаг гэсэн ойлголттой байх нь засагтөрд ашигтай. Бодит байдлыг янз бүрийн “тэнгэрийн” үл ойлгогдох юм­саар тайлбарлах байдлаар нийгмээ төөрөгдүүлж болно. Манай засагтөрийн зарим сайд энэхүү “тэнгэр”-ийн гэ­сэн томьёоллыг механик ут­гаар “тэнгэртэй шууд ярих” байдлаар ойлгож хэрэгжүүлдэг. Хачирхалтай нь, эдийн засаг бол эгэл хүний ойлголтоос нэгэнт хэдийдсэн гэж үздэг олон түмэн нь мөн л “тэгдэг л ёстой юм байлгүй” гэсэн хүлээн авч байгаа.

Хоёр. Доллар ерөөсөө өсөөгүй

Санаж байгаа болов уу, Оюутолгойн олборлолт зогсохтой зэрэгцээд архи тамхины хатуу чанд хууль яригдаж эхэлсэн. Долларын ханш 2000 шүргэх үес архи тамхины хуулийн улам чанга хувилбар яригдаж эхлэв.   Энэ завсар америк мөнгө 1500 орчим монгол төгрөгтэй тэнцэх цагаар “замын бууд­луудад стандарт тогтоон ат­тестатчилж, тэнцээгүйг нь хаах тухай сэдэв хөндөөд авсан.

Үнэ хэрэгтээ доллар өсөөд бай­гаа юм биш төгрөгийн ханш унаад байгаа юм. Ер нь бол доллар байрандаа л байгаа. Дэлхийн  арилжаа наймааны гол хэрэгслэл учраас төгрөг долларыг хамгийн түрүүн харьцуулдаг. Тэрнээс биш төгрөгийг евротой, вонтой, юаньтай, иентэй харьцуулаад харахад уналт мэдэгдэнэ. Үнэхээр л доллараас болж төгрөг унаад байгаа юм бол тооцоогоо еврогоор хийгээд үзээч.  Ерөөсөө гадаад валют монгол төгрөгийг хорлоод байна гэвэл “хонины мах”-ийг төлбөрийн нэгж болгоод хараач. Байрандаа байгаа юмыг унаж байгаа юмтай харьцуулахад өндөрсөж ха­рагддаг. Доллар өсч харагдаад байгаа нь тийм л учиртай.

(Дашрамд нэг юм зөв­лөчихөөд цаашаа явна аа. Юмны сайн талыг хармаар байвал харьцуулах юмаа өөрчил гэдэг юм. Намхан хүнийг ишигтэй, тарган хүнийг усны үхэртэй харьцуулахад  бас ч гэж өндөр, гоолиг болох нь мэдэгддэг. Түүн шиг төгрөгийг Зимбабвей доллартай харьцуулахад сэтгэл сэргэм тоо гарна. Бараг триллион нь нэг төгрөг болох байх. Яг ийм аргыг эдийн засагчид  хэрэглэх дуртай. Тэд “нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ” гонсоймоор харагдаад эхэлбэл “дотоодын нэг бүтээгдэхүүнд ногдох нийт хүн”-ээ тодорхойлох замаар сэтгэл сэргээсэн статистик гаргаад ирдэг юм)

Энэ бүхэн нь үлгэрлэвээс өвчилсөн хүний хажууд мөрөөрөө яваа хүн улам эрүүл мэт харагддагтай агаар нэг. Өөрийгөө өвчилснийг хүлээн зөвшөөрч эмчид очихын оронд хөршийнхөө эрүүлжээд байгааг шүүмжилж, тэр хэтэрхий эрүүлжсэнээс болоод өөрөө өвчтэй мэт харагдаад байгаа тухай ярихтай мөн л утга нэг нэг.    Хэрвээ “Би өвдсөн байна” гээд шинжилгээ өгөхийн оронд “Хамар хашааны Доржийн эрүүл мэнд хэрээс хэтэрлээ. Хөрш Доржийн галзуурсан эрүүл мэндийг зогсоох арга юу байна” гэж яриад явбал ямар байх вэ?

Үндэстэн бүрийн тайтгарах арга тусдаа.  Манайхан бусдыг буруутгаж байж санаа амардаг. Энэ бүхэн надаас болоогүй гэж бодохын хэрээр сэтгэл онгойж, тайтгардаг хэрэг. Буруу ч юм биш, сэтгэл зүйдээ хийж байгаа менежмэнт, тайвшрах бясалгал. Сэтгэл амрах түвшинд очоод л зогсож байвал болохгүй нь юусан билээ. Ихэнх тохиолдолд “тайтгарах бясалгал” маань хязгаараа давж, өөрийгөө буруугүйд тооцоод зогсохын оронд зөвтгөх томоохон ажиллагаа болоод явчихна.

Засаг төр нь  ч иргэнийхээ хардамтгай чанарыг сайхан ашиглана. Төгрөгийн ханш унаснаас болоод түүнтэй харьцах гадаад валют чангараад байгааг хэзээ ч хэлэхгүй. Харин ч амыг дагуулан “Чухмаа чухам, доллар өсөөд манай төгрөгийг ч ганц алж байна аа” хэмээн уухайлна. Ингээд бодохоор дараахь дүгнэлт гарч байна.  Америк доллар чангарснаас болоод төгрөгийн худалдан авах чадвар суларч байгаа аж. Төгрөгийн худалдан авах чадвар буурснаас болоод юмны үнэ өссөн хэрэг. Юмны үнэ өссөнөөс болоод бидний худалдан авах чадвар буурч байна. Худалдан авах чадвар буурахаар амьдрал доройтох нь аргагүй.  Эцсийн дүндээ бидний амьдрал Америкаас болоод доройтож эхэлжээ. Нэгэнт Америкийг дийлэхгүйгээс хойш эдийн засгийн уналтыг бид яаж ч чадахгүй юм байна. Ингээд харахаар Засгийн газарт ямар ч буруу алга. 

Үнэн хэрэгтээ өнөөгийн манай эдийн засаг элгээрээ хэвтсэн.  Эртүүд  харин хэн нь хэлчихвээ, төгрөгийн ханш унаж байгаа нь эдийн засгийн уналтын шалтгаан биш.  Харин эдийн засаг унасны шинж тэмдэг болох тухай. Үнэхээр сугандаа хийгээд гаргаад иртэл 39 градус зааж байгаа халууны шил чамд ханиад хүрсний буруутан биш. Харин чамд халуун ханиад хүрсний л шинж байдаг шиг. 

Хадлан өвсөө муу бэлд­сэнээс болоод Батын хонь арьс яс болтлоо тураад арай гэж онд орж. Харин мөнөөх Дорж намаржингаа найр хэсэхийн оронд хэдэн бухал өвс хадаж авсан тул сүрэг нь тарга тэвээрэг сайн орж.  Хоёул хаврын хахир цагаар хэдэн цаас олчих санаатай Шар хөвийн дөрөлжний тэнд хонио туугаад ирсэн байна. Хүмүүс Доржийн тарган хонийг аваад Батынхыг голов. Бат уурлан бухимдаж Доржийн тарган хонийг зүхнэ. “Доржийн хонины тарга хэтэрлээ” гэж хараах ба гачигдал дүүрэн гэрийнхнээ “Доржийн хонины таргыг хазаарлах цаг болсон”, “ноён Доржийг тарган хонийг номхоруулцгаая” гэхчлэнгийн уриа лоозонгоор цатгахыг оролдоно. Уул нь Батын хонь туранхай учраас л хүмүүс авахгүй байгаа билээ. Ма­найх­ны дуртай нэгэн дуунд “Би монголтойгоо адилхан” гэж гардаг. Монгол төр ч бас монголтойгоо адилхан билээ л. 

Гурав. Засагтөр ажилсаг харагдах нь сайны шинж биш

Засаг ямар нэгэн юм хийж байхгүй бол болдоггүй. Ард түмэн муу засагт бус зүгээр суудаг засагт дургүй. Үнэнийг хэлдэг засагт бус гоё юм ярьдаг засагт дуртай. Нэгэнт эдийн засаг гэдэг бол засагтөр л мэддэг, ойлгодог зүйл учраас амьдрал янз бүр болоод байгаад засаг төрөө буруутгах үндэслэл иргэнд тэр бүрий олдохгүй. Харин зурагтаар ямар нэг юм хийж харагдахгүй л бол уурлана. Юу хийх нь гол биш, хийж л харагдах учиртай.

Ийм учраас хямралын үеийн Засгийн газар хэтэрхий ажилсаг байдаг. Тэр тусмаа хүсэл  мөрөөдлийн шинжтэй. Монгол Улс хиймэл дагуултай болох тухай ч яригдаж мэднэ. Яригдахаар барагдахгүй хийгдэж ч болно. Иргэн хүн  амьдралынхаа доройтлыг хиймэл дагуул хөөргөх хэмжээнд очсон улс орныхоо хөгжилтэй жишиж хараад өөрийгөө л буруутгахаас аргагүйд хүрнэ.

Түүнчлэн, төр засгийн хийх ажлын дэс дараа алдагдана. Эрүүл ертөнцөд эхлээд хоол олж идэх, дараа нь цадталаа идэх, улмаар хоргүй хоол идэх, хойно нь эмтэй, эрүүл мэндэд ашигтай хооллох гэхч­лэнгээр явна. Хэрэв засагтөр олж идэх, цадталаа идэх хэ­мээх эхний алхмуудыг хийж хүчрэхгүйд хүрвэл шууд л “хортой хоолтой” хатуу тэмцэл явуул­на. Үлдсэн жаахан хоо­лыг вимаминжуулсан бай­хыг шийдвэртэй шаардаж эхэлнэ.

Засагтөр хүн ардаа эхлээд амьд байлгаж, улмаар өмсөх зүүхтэй явуулж, цаашлаад буруу зуршилгүй, эрүүл амьд­руулах нөхцөл рүү хөтөлнө. Хэрвээ нийтээр нь хоногийн хоолоор бүрэн, өмсөх хув­цас хангалттай байлгах алх­муудыг барахгүй бол тэдгээрийг алгасаад гурав ба дөрөв дэх алхам руу орж, амьдралын буруу зуршилтай тэмцэхдээ тулна. Архи там­хитай тэмцэхийг буруу гэж байгаа юм биш. Засагтөр цаашлаад гудамжинд нусаа нийх, гэр бүлийн ариун ёс журмыг эвдэх мэттэй өргөн фронтоор дайтна. Ойрноос манай засагтөр иргэн бү­рийн зөв бичгийн дүрмээр яриулж сургах кампанит ажил эхлүүлэв. Хямрахыг хямрав, зөв бичгийн дүрэмтэй хямарвал аштай юу даа.

Нэг талаас хэнд ч ийм тэмцлийг буруушаах арга байхгүй учраас засгийн ажил олны дэмжлэгийг хүлээнэ. Нөгөө талаасаа төр засаг ажил хийж харагдана.

Ер нь засаг төр“эх орноо хамгаалаад эдийн засаг руу анхаарах завгүй” байж болно. Амьжиргааны түвшинг сайжруулах тухай бодохоос өмнө “хятадын аюулаас хамгаалах нь чухал” болсон ч байх юм бил үү? Гоншигносон юмнууд гараад ирвэл “ Эх орны дайсан”, “хятадын тал” болгоод хаячих ч юу байхав. 

Нөгөө талаас засгийн хөтөлбөр улам бүр үндэстний мөрөөдлийн шинжтэй болно.  Эх орондоо машин угсрахаас эхлээд айфон утас хийх, өөрийн гэсэн тойрог замын станцтай болох, экологийн сүйрлээс дэлхийг аврах, чад­вал оддын дайнд орох гэхчлэнгийн тулгамдсан хэ­рэгцээ гэхийн аргагүй ч буруушаах боломжгүй санаа­гаар бялхана. Засагтөр ойрын үед урьд хожид байгаагүйгээр хөгжих юм яриад эхэлбэл өнөөдрийн хөгжил холдоод эхэлснийх гэх юм билээ. Хүний, өөрийн ямар ч засаг ингэдэг номтой гэдэг.  Ингэж ч явсаар ирж. Хүнд хэцүү үед итгэл найдвар л хүнийг авардаг юм хойно. Нэг ийм үг байдаг юм. “Бурхан минь танаас ухаалаг хүнийг ажилсаг болгоод аль гэж гуйхгүй ээ. Харин тэнэг улсыг залхуу болгох арга, тал юу байна”

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадын хумхаан шумуул Монголд аюулгүй гэв

Хятадын өмнөд бүсийн Гуанду мужид  өнгөрсөн зун сая гаруй хүн хумхаа өвчин тараагч шумуулд хазуулан амиа алдаж байжээ. Тэгвэл уг хумхаан шумуул Монгод орж ирсэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр гарч буй. Тодруулбал,  “Хумхаан шумуул болон түүний авгалдай нь  Хятадаас оруулж ирж буй жимс, хүнсний ногоогоор дамжин Монголд орж ирсэн байх магадлалтай. Саяхан “Барс” хүнсний захад зогсдог нэгэн эмэгтэй ийм шумуулд хазуулсны улмаас эмнэлэгт хандлаа” гэсэн албан бус мэдээ цахим сүлжээгээр тархсан юм. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Уртнасан “Манайд хумхаан шумуулд хазуулсан, өвдсөн хүн бүртгэгдээгүй байна. Хумхаан шумуул Хятадаас орж ирсэн ч манайд аюул байхгүй. Учир нь тус шумуул хумхаатай хүн хазсан тохиолдолд л бусад хүнд хумхаа тараах боломжтой байдаг. Энгийн үедээ аюулгүй. Харин манайд хумхаа өвчин байхгүй. Өмнө нь ч гарч байгаагүй. Энэ төрлийн шумуул Сэлэнгийн тариан талбайд ч байж л байдаг. Гэхдээ одоогоор хүн өвчилсөн юм алга” гэлээ. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Манайд энэ талаар мэдээлэл ирээгүй байна. Мэдээллийг тараасан эх сурвалжаас нь тодруулах хэрэгтэй болов уу” гэсэн бол Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дуудлага, хяналтын жижүүр эмч Л.Насанхишиг  “Манайд хумхаа тараагч шумуулд хатгуулсан гэсэн ямар ч дуудлага ирээгүй. Энэ төрлийн шумуул орж ирсэн гэдэг нь худал мэдээлэл” гэсэн юм.

Э.Номин

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө юуг анхаарах вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд нэг хоног үлджээ. Шалгалтын бүртгэл дууссан ч анхаарах зүйлс бий аж.  Энэ жилээс эхлэн шалгалт өгөхийн өмнө заавал суудлын хуваарь буюу шар хуудас хэвлэж авсан байх шаардлагыг хүүхдүүдэд тавьж байгаа билээ. Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудас руу орж, бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас шар хуудсыг хэвлэж авах бөгөөд өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгэлийн хуудсан дээр тамга даруулж баталгаажуулаагүй бол  өнөөдрийн 17.00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн байранд ирж бүртгэлийн хуудсан дээрээ тамга даруулж болох гэнэ. Одоо хамгийн чухал зүйл бол шалгалтад орохдоо бичиг баримтаа бүрдүүлэх юм. Бүрдүүлэх бичиг баримтад, нэгдүгээрт иргэний үнэмлэх, хэрвээ насанд хүрээгүй хүүхдүүд шалгалт өгөх бол төрсний гэрчилгээ сургуулийн захирлын тодорхойлолт, эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын тодорхойлолт, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зургийн хамтаар авч очих ёстой. Хоёрдугаарт, бүрэн дунд боловсролын гэрчилгээний эх хувь, бүртгэлийн хуудсаа авчирна. Бүртгэлийн хуудас нь баталгаажсан байх ёстой. Үүний тулд тухайн  сургуулийн захирал, харьяа дүүргийн  болон аймгийн ерөнхий шалгалт хариуцсан мэргэжилтнээр гарын үсэг зуруулж баталгаажуулах гэнэ. Дөрөвдүгээрт суудлын хуваариа авчирна. Суудлын хуваарийг өмнө нь хэвлээд, сургуулиар нь дамжуулж тараадаг байсан бол энэ жил тавдугаар сарын 15-наас хойш бүртгүүлсэн шалгуулагчид өөрсдөө Боловсролын үнэлгээний төвийн цахим  сайтаар нэвтэрч ороод, суудлын хуваариа хэвлэж авах юм. Тавдугаарт, сонгосон хичээлүүдийн шалгалтыг өгөхдөө монгол хэл бичгийн шалгалт өгснийг гэрчлэх боловсролын үнэлгээний төвөөс гаргасан таних тэмдэг наалгасан байх ёстой юм байна. Эдгээр бичиг баримтыг бүрдүүлсэн нөхцөлд шалгалтандаа асуудалгүй орох юм. Эцэг, эхчүүд багш нар хүүхдүүдийнхээ бичиг баримтын бүрдүүлэлтэд анхаарахгүй бол өмнөх жилүүдэд эдгээр бичиг баримтын аль нэг нь дутуу, хаясан гээсэн шалтгаанаар шалгалтад орж чадахгүй байх тохиолдол  гарч байсныг сануулж байв. 

Шалгуулагчид заавал монгол хэлний шалгалт өгнө

Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд орсон өөрчлөлтөөр энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүх хүүхэд монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгсөн байх шаардлага тавьж байгаа. Улсын хэмжээнд зэрэг зохион байгуулагдах тус шалгалт маргааш 12.00-13.40 цагийн хооронд болно. Шалгуулагчийн материалыг Улаанбаатар хотод төвлөрүүлж,  багш нарын тусламжтайгаар гараар засах гэнэ. Гэхдээ энэ жилийн монгол хэл, бичгийн  шалгалтын дүн улсын ерөнхий шалгалтын дүнд нөлөөлөхгүй аж.  Монгол хэл бичгийн хичээлийн шалгалтын явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран суурилуулж байгаа бөгөөд шалгалт авах байранд Боловсролын үнэлгээний төвөөс томилсон зохион байгуулах комисс ажиллаж хяналт тавих юм байна. 

Шалгуулагч нэг цагийн өмнө ирсэн байх ёстой 

 Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургууль дээрээ шалгалт өгөх бол өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон орон нутгийн шалгалтын байранд шалгалтаа өгөх гэнэ.  Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд тусгайлан бэлтгэсэн танхимд сууж өгөх нь. Шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагыг тавьж байгаа аж. Улмаар шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзлэх бөгөөд хэрвээ хожимдсон бол шалгалтад оруулахгүй гэнэ. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, дуу хураагуур болон бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямарваа нэг зүйлийг авч орохыг хоригложээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, харин монгол хэл бичгийн шалгалт болон монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байхаар зааж. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөх учраас үзэг балаа  ч бас бэлдэж ирэхийг санууллаа. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудсыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд хүн орж, гарахыг хориглох бөгөөд хэрвээ  биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгөхөөр журамлажээ. Шалгалтыг зохион байгуулах комиссын гишүүд хариултын хуудас, гэрээний хуудсыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйд хийж битүүмжлэн авах гэнэ.

  Шалгалтын дүн мэдээ 

Бүх шалгуулагчдын гэрээний болон хариултын хуудсыг Боловсролын үнэлгээний төвд төвлөрүүлэн, шалгагч машинаар засаж дүн, оноог гаргах бөгөөд машинаар засагдсан нийт хариултын хуудасны таваас доошгүй хувийг санамсаргүй байдлаар сонгон дахин хяналтад оруулж баталгаажуулахаар болжээ. Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх бөгөөд хүүхдүүд бүртгэлийн дугаараа тус цахим сайт руу орж үзэх боломжтой. 

Харин дүнгийнхээ батламжийн хуудсыг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах гэнэ. Хөдөө орон нутгийн шалгуулагчид дүнгийн батламжийн хуудсыг аймгийн Боловсролын газрын элсэлтийн шалгалт  хариуцсан ажилтнаас авах гэнэ. Шалгалтын дүн болон бусад мэдээллийг  электрон сан бүрдүүлэн архивлах бөгөөд шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй гэнэ. Хэрвээ шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа,  даалгаврын хариулттай холбоотой өргөдөл гаргахаар бол бичгээр шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын таван өдөрт багтаан Улаанбаатар хот, Сүхбаатар  дүүрэг, зургадугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, XVIII  байр гэсэн хаягаар Боловсролын үнэлгээний төвд ирүүлж болох гэнэ.

Шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, бусдад тусалсан, тусламж авсан, хоорондоо ярилцах зэргээр саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгохыг анхаарууллаа.  Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтыг хүчингүй болгох гэнэ.  

Шалгалтын хуваарь

Сар/Өдөр

Цаг

Хичээл

06 сарын 14 өдөр

12:00 – 13:40

Монгол хэл бичиг

06 сарын 16

10:00 – 11:20

Орос хэл

13:00 – 14:40

Хими

16:00 – 17:20

Англи хэл

06 сарын 17

08:30 – 09:50

Монгол Улсын Түүх

11:30 – 13:10

Математик

14:30 – 15:50

Биологи

17:00 – 18:20

Монгол хэл

06 сарын 19

08:00 – 09:40

Физик

11:30 – 12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20 – 15:40

Газарзүй

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
булангууд мэдээ томилолт

Хөх хотод байр авахад ажлын газрын тодорхойлолт л хангалттай

Хөх хотод байр нэг метр квадрат нь хоёр сая төгрөгийн үнэтэй. Өөрсдөө ихэнх материалаа үйлдвэрлэдэг болохоор хямдхан байх болов уу гэж бодсон ч манайхаас нэг их ялгаагүй юм. Сүүлийн үеийн орон сууцны хороолол нь хотынхоо зүүн зах руу сүндэрлэх ажээ. Дандаа хо­рин хэдэн давхартай хавтгай байшин барих юм. Манайхан шиг хувийн хаус ер нь ха­рагдаагүй. Орон сууцны хороолол барихад цэцэрлэгт хүрээлэнтэй байх шаардлага тавьдаг гэсэн. Оршин суугчид нь дуртай цагтаа гараад гүйчихэж болохоор, хөгшид хүүхэд нь нарлаад суухад тохитой байвал болоод яв­чихдаг ажээ. Барилгын ча­­нарын хувьд ярилтгүй. Угаасаа ба­рилгаа сайн барьдаг боло­хоор чанарын талаар санаа зоволтгүй. Чанартай юу ч гэж асуугаад хэрэггүй. Хэрэв ингээд асуучихвал яасан хэрэггүй юм ярьдаг нөхөр вэ гэж бодно. Сүүлийн хэдэн жил дандаа орон сууцны томоохон хороолол барьж байгаа гэсэн. Хорин давхар өндөртэй, арван барилга барилаа гэхэд манайхан шиг эхэлж барьсныгаа ашиглалтад оруулдаггүй юм байна. Аюул­гүй байдал талаасаа бүгдийг нь барьж дуусаад айлуудаа оруулдаг ажээ. Байрууд нь голдуу 70 м/кв-аас дээш талбайтай. Гуч, дөч, тавин м/кв-тай байр бараг байдаггүй гэсэн. Залуучууд нь сургуулиа төгсөөд нэлээн хэдэн жил ажиллаж байгаад гэр бүл болдог болохоор тодорхой хэмжээний хуримтлал цуг­луулчихна. Түүгээрээ урьд­чилгаа төлбөрөө төлөөд бай­ранд орчихдог байна. Банк­тайгаа тохироод лизингэд хамрагдаж болно. Шаардлагыг нь сонсоод байхад манайхаас хамаагүй амар юм билээ. Бараг л ажлын газрын болон цалингийн тодорхойлолт байхад болохоор. Дундаж цалин таван мянган юань. Манайхаар 1.5 сая орчим төгрөг. Албан тушаал болон ажилласан жил нэмэгдэх тусам авдаг хэд нь өснө. Тиймээс залуучууд нэг газраа тогтвор суурьшилтай ажиллахыг эрмэлздэг ажээ. 

ӨМӨЗО-ы “Өдрийн сонин”

Хөх хот манайх шиг хоёр зах руугаа нэлээн тэлж байгаа гэнэ. Ялангуяа зүүн зах руугаа орон сууцны томоохон хороолол босож байна. Бас залууст зориулан чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөж болох төвүүд нэмэгдэж байгаа гэсэн. Кино театр л гэхэд хэд хэд бий. “Ванда” их дэлгүүрийн дэргэд “iMax” нэртэй кино театртай. Тавдугаар сарын дундуур очиход “Сарtain America”, “Spider man” кинонууд гарч байсан. Шинэ кинонуудыг нээлттэй нь зэрэгцээд гаргадаг ажээ. Залуучуудад зориулсан төвд кино театраас гадна усан бассейн, спорт заал, үсчин, хоолны газруудтай. Бас гэрэл зургийн студи заавал байдаг гэсэн. Тэнд хосууд очиж үерхлээ батлах зураг авахуулдаг байна. Залууст иймэрхүү зориулсан төв нь томоохон худалдааны гудамжиндаа байрладаг. Тэдгээрт нь дэлхийд танигдсан брэнд дэлгүүрүүд байх ч барааны сонголт муутай. Энгийн загвартай хувцас байхаас цахим хуудсанд байдаг гоё, гоё бараа байхгүй. Ер нь худалдааны гудамжтай байх ч голдуу Хятадын өөрсдийнх нь брэнд дэлгүүр ихтэй. Тиймээс манайхан Хөх хот руу дэлгүүр хэсэхээр, эсвэл зарах бараа авахаар бараг явдаггүй юм байна. Харин эндхийн гудамжаар хүн бүрийн унаж яваа мопедонд нүд унаад болдоггүй. Цагаан, ягаан, хөх, хар, шар гээд төрөл бүрийн өнгөтэй. Эмэгтэй хүн унахад тохиромжтой, загварлаг мопедноос ганцыг аваад харьчих юмсан гэж бодогдлоо. Үнэ ханшийг нь судлахаар зах дээр очив. Хямд нь 1200 юань, үнэтэйдээ 2500 юань хүрэх ажээ. Дан тогоор цэнэглэдэг, хосломол гэсэн хоёр янз байдаг юм байна. Хосломол гэдэг нь дөрөөтэй. Тогоор цэнэглэчихээд цэнэг нь дууссан тохиолдолд дугуй шиг жийгээд явчихдаг юм байна. Дан тогоор цэнэглэдэг, хамгийн сүүлийн үеийн загварынх бол хоёр мянган юанийн үнэтэй юм. 40 км/цаг хурдалдаг. Тогонд залгаад бүрэн цэнэглэчихвэл 80 км зам туулах чадалтай. Нөөц зайтай учраас холын замд явахдаа аваад явчихаж болно. Цэнэг нь дуусвал бүрэн цэнэгтэй зайгаараа солиод 160 км зам туулна. Гар утастай адил хоёроос гурван цаг тогонд залгахад бүрэн цэнэглэгддэг юм байна. Зах дээр зарж байгаа мопедноос унаж үзэв. Мотоцикль шиг баруун залуур дээрээ хаазтай. Зүүнээрээ тоормослоно. Анх удаа унаж байгаа ч дажгүй яваад байх шинжтэй. Ер нь унаж сурахад амархан юм байна. Ардаа, эсвэл урдаа жижигхэн багаажтай учраас цүнх сав, ойр зуурын ачаа тээшээ хийгээд явчихаар юм. Дугуйнаас хурдан, тогоор ажилладаг ийм унааг манайхан оруулж ирвэл сайн зарагдах байх даа. Ганц нэгээр аваад ирвэл хил гаалиар ямар ч асуудалгүй оруулдаг гэсэн. Хөх хотод иймэрхүү мопед, дугуй хоёр ямар ч албан тушаалтай хүний хөл залгах унаа болдог ажээ.

Дэлгүүрийн гадаа мопедоо ингэж цэнэглэдэг

Хөх хотод “Өдрийн сонин” гэж бий. 1948 онд байгуулагдсан гэнэ. Хориод давхар байшинтай юм. 14 цаг арай болоогүй байхад тус сонинтой танилцахаар редакц дээр нь очлоо. Нэг ч хүн байдаггүй шүү. Нүүгээд явчихсанаас зайлахгүй, хэзээ байтлаа сонины редакц ийм нам гүн, эзгүй байлаа гэж бодоод гарахаар явж байтал өөдөөс нэг залуу ирж байна. “Өдрийн сонин”-ы дэргэдэх “Солонго” мэдээллийн төвийн редакцийн албаны дарга Б.Хурцаа гэж хүн ажээ. Аль ч албан газрын цайны цаг 12-14 цагийн хооронд үргэлжилдэг гэнэ. Хүмүүс гадуур гарч хооллохоос гадна ширээгээ дэрлээд хэсэгхэн зуур дуг хийдэг юм байна. Тиймээс нэг ч хүн байхгүй мэт анир чимээгүй болдог ажээ. Эндхийн “Өдрийн сонин” дотроо “Амьдрал гаригийн сонин”, “Багачуудын сонин” гэсэн хоёр сонинтой. “Солонго”, “Сонин мэдээний судлал” гэсэн хоёр сэтгүүлтэй. Бас “Солонго” сүлжээ, “Дундад улсын монгол хэлний сонин мэдээний сүлжээ гэх хоёр вэб сайттай юм байна. Зөвхөн “Өдрийн сонин”-доо зуу гаруй хүн ажилладаг гэнэ. Долоо хоногт найман хуудсаар таван дугаар гаргадаг. Хагас сайнд “Амьдрал гаригийн сонин”, бүтэн сайнд “Багачуудын сонин” нь хэвлэгддэг ажээ. Нам гүм байсан редакц 14 цаг жаахан өнгөрөхөд хөдөлгөөн ордог юм байна. Гэхдээ манай редакц шиг “буцлахгүй”. Сэтгүүлчид нь орж ирээд өөрсдийнхөө ширээний ард суугаад чив чимээгүй урдах ажлаа хийнэ. Хүүе, хаая гэх хүн байхгүй. Хэтэрхий гунигтай юмаа гэж бодогдож байлаа. Операторын алба буюу сонин барлах төв нь 22 цагт ирж ажилладаг гэнэ. Тэгээд шөнийн 02-03 цагийн үед ажлаа дуусгаж хэвлэлтэд явуулдаг ажээ. 66 жилийн түүхтэй, Өмнөд Монголын хамгийн том сонины спортын албаны сэтгүүлч ганц, нэг юм лавламаар байна гэхээр нь уулзлаа. “Санжаадамба Монгол Улсдаа ямар цолтой вэ. Одоо хэн гэдэг тамирчин хамгийн алдартай байгаа вэ” гээд асууж гарав. Хамгийн их сонирхож байгаа нь сумогийн хэдэн бөх. Учир нь хоёр жилийн өмнө Өмнөд монголоос гурван хүүхэд Японы сумод барилдахаар явжээ. Одоогоор ямар нэгэн амжилт гаргаагүй байгаа юм байна. Хүний нутагт очиж барилдахаар хэцүү. Хэл усыг нь ч яахав сурч л байгаа байх. Гэхдээ нутгийн бөхчүүд байна даа, тусалж дэмжээч гэж аваргуудад захимаар байна гэлээ. Хакухо М.Даваажаргал тэргүүтэй сумод амжилттай барилдаж байгаа бөхчүүдэд захиж өгөөч гэж байгаа нь тэр. “Сумочид нутагтаа очоод хамгийн түрүүнд хэвлэлийнхэнтэй уулздаг юм байна лээ. Тэр үед нь Өмнөд Монголоос хэдэн хүүхэд байгаа гээд хэлээч өгөөч” гэж байна. Бас олимпийн аваргуудыг маань асууж байна. Н.Түвшинбаярын өвдөгний бэртэл бүрэн эдгэсэн үү, наадмаар хэн түрүүлэх бол гээд л. Ер нь манай тамирчдыг ямар амжилт гаргаж байгаа, олон улсын тэмцээнд хэрхэн оролцож байгаад тэд чих тавих болжээ. Өнгөрсөн өвлийн “Сочи-2014” олимпийн наадмын тухай ч ярилаа. Монгол Улсад цас их ордог. Өвлийн спортоор хичээллэх бүрэн боломжтой байхад яагаад сайн тамирчин төрөхгүй байна вэ гэж байна. Бас хамтарсан бэлтгэл хийгээд Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд гаргах боломж бий шүү дээ гэж ярилаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

“Цэргүүд зодуулсныг нуун дарахын тулд шүүх эмнэлэгт ч үзүүлээгүй”

– Хүү минь яагаад гэмтсэнийг ангийн захирагч, Зэвсэгт хүчний  жанжин штабаас асуу-

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Номин констракшн” компанийн барилга угсралтын ажлыг хийж байсан БНАСАУ-ын иргэд монгол цэргүүдийг зодсон хэрэг саяхан гарчээ. Тус барилгад Хойд Солонгосын 80 гаруй иргэн, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн арав орчим цэрэг ажиллаж байсан байна. Тэд хоорондын үл ойлголцох байдлаасаа болж муудалцсаны улмаас БНАСАУ-ын иргэд өнгөрсөн сарын 28-ны өдөр монгол цэргүүдийн байрлаж байсан байр руу шөнийн цагаар дайрч  орж зодсон гэнэ. Энэ үеэр  цэргүүд хүнд гэмтэл авсан аж. Цэргүүдийг Зэвэгт хүчний 016 дугаар ангийн захирагч хууль бусаар ажиллуулж байсан тул энэ хэргийг хууль хяналтын байгууллагынхан нууцалжээ.  Зэвсэгт хүчнийхэн  болон ангийн захирагч нь цэргүүдийг энэ талаар ар гэрийнхэндээ хэлж болохгүй шүү хэмээн дарамт үзүүлсэн талаар албаны эх сурвалжууд хэлж байна. Энэ тухай  Батлан хамгаалах яамны Зэвэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээс тодруулсан юм.

-Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн цэргүүдийг  Хойд Солонгосын иргэд зодсон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм?

-Хугацаат цэргийн алба хаагчдыг ангийн захирагч нь “Номин констракшн” компанийн барилга  угсралтын ажил хийлгэхээр явуулсан  юм байна. Ангийн захирагч    холбогдох албаны хүмүүст мэдэгдэлгүйгээр дур мэдэн  цэргүүдээр ажил хийлгэсэн аж. Энэ нь өөрөө хууль зөрсөн явдал. Сүүлийн үед ангийн захирагч нар цэргүүдээр ажил хийлгэх явдал хавтгайраад буй юм. Энэ талаар хэлж ярихаар нууж хаах, хэвлэлийнхэнд хэлбэл хариуцлага тооцно гэх мэтээр сүрдүүлэх болсон. Иймд би дахин ийм зүйл битгий давтагдаасай хэмээн  энэ талаарх мэдээллийг өгч байгаа юм. Байлдагч Б.Отгонзаяа, М.Баатаржав, Г.Эрхэмбаяр, Г.Амгалан нарын цэргийн албан хаагчдыг  2014 оны хоёрдугаар сарын 10-наас зургадугаар сарын 02-ны  өдөр хүртэл дөрвөн сарын хугацаатай ажиллуулсан байна.

-Чухам юу болсон юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байна уу?

 -Өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдрийн 01.24-01.50 цагийн хооронд Хойд Солонгосын 80 гаруй иргэн цэргийн алба хаагчдын байрлаж байсан амралтын байрны цонхыг хагалан хаалгыг нь эвдэн орж, мод, төмөр, тоосгоор  зодож биед нь ноцтой хүнд гэмтэл учруулсан байгаа юм. Ослын улмаас байлдагч 23 настай Б.Отгонзаяа толгойн хэсэгтээ,19 настай Г.Амгалан  бүсэлхий нурууны баруун хэсэг, толгойдоо, 20 настай  М.Баатаржуу нь толгойдоо тус тус гэмтэл авч оёдол тавиулсан. Байлдагч Г.Эрхэмбаяр мөн толгойдоо бэртэл авч зургаан оёо тавиулсан. Тэдний гэмтэл хүнд хэлбэрийнх. Одоохондоо эмчилж байгаа ч цаашид тэдний биед ямар нэгэн сөрөг үр дагавар гарахыг хэлж мэдэхгүй байна. Гэмтэл гэдэг чинь зүгээр оношлоод болчихдог зүйл биш үү дээ.

 -Зодоон болсны дараа тэднийг эмнэлэгт үзүүлээгүй, хэргийг дарах гэж нэлээн оролдсон гэж сонссон юм байна?

-Одоо ч энэ хэргийг дарах гэж нэлээн оролдож байгаа. Ар гэрийнхэнд нь ч гэсэн сонин хэвлэлд мэдээлэл өгөхгүй байхыг ангийн захирагчийн зүгээс сануулсан гэсэн. Ар гэрийнхэн нь гомдолтой байгаа ч Зэвсэгт хүчний жанжин штабт гомдол гаргаж чадахгүй байгаа  юм билээ. Зодоон болсны дараа  байлдагч нарыг шүүх эмнэлэгт үзүүлээгүй цаг алдсан гээд олон зүйл бий. Гэмтэл авсан цэргийн аав нь хүүгээ эргэхээр анги дээр нь иртэл байгаагүй гэсэн. Тэгээд өөрийнхөө шугамаар  хүүгээ гэмтсэн болохыг нь мэдээд зэвсэгт хүчний жанжин штабын шуурхай жижүүрт мэдэгдсэн хэдий ч тухайн өдрийн жижүүр дэд хурандаа Д.Батсуурь, туслах хошууч Хүрлээ нар нь Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад танилцуулаагүй байсан.

-Цэргүүд бэртчихээд байхад  энэ талаар нууж хаах ямар хэрэг байгаа юм бол?

-Анхнаасаа цэргүүдийг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дэд ахлагч Ц.Лхагва-Очир, М.Нуржал нар хариуцан барилга дээр ажиллаж байсан бололтой. Тэд зодооны талаар ангийн удирдлагадаа мэдэгдэх гэтэл “Эрдэнэт орчлон” компанийн захирал Султан гэдэг хүн “Би энэ талаар мэдэгдэнэ” гэж хэлээд зодуулсан цэргийн алба хаагчдыг хувийн эмнэлэгт үзүүлсэн байгаа юм. 

-“Эрдэнэт орчлон” ком­панийн захирал Султан нь ямар учиртай энэ явдалтай холбогдчихов. ”Номин констракшн” компанийн ба­рилга дээр цэргүүд ажилласан биз дээ? 

 -Тэдний мэдүүлснээр “Эрдэнэт орчлон” компанийн хяналтын камерт Хойд Солонгосын иргэдэд бүлэглэн зодуулсан байлдагчдын бичлэг үлдсэн байгаа юм. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёр офицерт байлдагч нар мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгт  “Эрдэнэт орчлон” компанийн захирал Султан нь хугацаат цэргийн алба хаагчдыг бусдад төмөр, мод, чулуу зэргээр зодуулсан шалтгааныг мэдсэн  атлаа хулийнхнаас нуун даргадуулсан болж таарсан. Тэрбээр камерт бичлэг бий гэдгийг мэдээд тав хоног энэ мэдээллийг нуусан байгаа юм. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон юм билээ. ”Эрдэнэт  орчлон” компани нь ”Номин констракшн” компанийн дэргэд байрладаг  юм болов уу гэж би ойлгосон. Мөн “Эрдэнэт орчлон” компанийн БНАСАУ-ын ажилчид энэ хэрэгт холбогдсон юм билээ.

-016 дугаар ангийнхан юу гэж байх юм. Тус ангиас зодооны дараа удирдлагуудаас нь очсон байдаг юм болов уу?

-Зодоон болсноос тав хоногийн дараа буюу 2014 оны зургадугаар сарын 2-ны өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар ангиас  Мото буудлагын батальоны захирагч хошууч Баттүвшин  очиж захирал Султантай уулзан цэргийн алба хаагчдыг ангийн автобусаар авч ирсэн байдаг. Үүнийг нь тэр үед ангийн жижүүрээр гарч байсан Бодьхүү, туслах ахлах дэслэгч Сүхбаатар нар  хүлээж авсан байдаг. Ангийн удирдлагууд бол цэргүүдийг барилга дээр ажиллуулаагүй  гэх мэт олон янзаар тайлбарлаж байгаа. Эцэстээ энэ зодоон болоогүй, цэргүүд гэмтээгүй гэсэн дүгнэлтэд хүрэх төлөвтэй байна. Цэргүүд болон ар гэрийнхэн нь энэ талаар ам ангайхгүй байгаа.

-Ангийн захирагч хууль зөрчиж цэргүүдийг явуулсан гэж та түрүүн хэлсэн. Тэр талаараа тайлбарлаач?

-Ангийн захирагчийн “Цэргийн албыг зохион байгуулах тухай” тушаалаар  ангийн жижүүрүүдийг томилдог юм. “2014 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш барилга угсралтын ажилд ангийн удирдлагыг томилон  ажиллуулсан цэргийн ал­ба хаагчдыг Ерөнхий зо­риулалтын цэргийн команд­лалын шуурхай жижүүрт илтгээгүй нуун дарагдуулсан байдаг. Мөн Мото буудлагын батальоны орон тооны дэвтэрт  цэргүүдийг байгаа мэтээр бүртгэж байсан нь тогтоогдсон. Энэ бүхэн нь хууль зөрчсөн үндэслэл болж байгаа.

 Гэмтэл авсан цэр­гүүдийн ар гэрийнхэнтэй нь холбогдож энэ талаар мэдээлэл авах гэсэн боловч тэд энэ талаар ярихыг хүссэнгүй. Тухайлбал, байлдагч  Г.Амгалангийн аав Ганхүү ийн ярив.

-Хүүгийн чинь биеийн байдал ямархуу байна. Яагаад гэмтчихэв ээ?

-Одоохондоо гайгүй байна. Яагаад бэртсэнийг нь  ангийн захирагч Зэвсэгт хүчний  жанжин штабаас асуу. Яагаад ийм болсныг нь  хэлэх хүн би биш.

-Та нарыг энэ талаар ямар нэгэн зүйл ярихгүй байхыг сануулсан гэсэн. Тэгээд та ярихгүй байгаа юм уу?

-Би юугаа ярих вэ. Миний хүү цэргийн алба хааж байсан. Албаа хааж байгаа гэж л бодож байсан. Ийм зүйл болно гэж би яаж мэдэх вэ. Гэмтэл гэдэг хэцүү дараа нь яаж ч илэрч гарч ирэхийг нь мэдэхгүй. Үнэндээ яагаад  гэмтсэнийг нь би өөрөө ч сайн мэдэхгүй юм. Хүү маань ч энэ тухай ярихгүй байна.

-Танай хүү хэзээ цэргийн албанд татагдсан юм бэ?

-Өнгөрсөн намар татагдсан. Энэ намар халагдах юм. Энэ хооронд олон зүйл яриад яах вэ дээ.

-Хүү тань гэмтчихээд байхад ангийн удирдлагуудыг нь хамгаалах хэрэг байгаа юм уу?

-Удахгүй цэргээс халагдана байх. Энэ талаар яримааргүй байна. Одоохондоо эмнэлгээр яваад бид завгүй байна. 

-Амгалан таны хэд дэх хүү вэ?

-Хоёр дахь хүү минь байгаа юм. Би уг нь байнга л хүүгээ эргэж  тойрч байсан. Нэг өдөр  эргэхээр анги дээр нь очиход ийм зүйл болсон байна гэв.

 Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Эдийн засгийг идэвхжүүлж байна гээд хуулийг халтуурдан баталж болохгүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа. 

-Эдийн засгийн хөгж­лийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай асуудал хэлэлцэхийг холбогдох байнгын хорооноос хойш­луулсан. Түүний дараа танай намын бүлэг Эдийн засгийн байнгын хорооны даргад хариуцлага тооцно гэх юм. Хариуцлага гэхээс өөр хийх ажилгүй болоо юу даа, танай нам?

-МАН-ын бүлгээс өнөөд­рийн нийгэм, эдийн засгийн амьдралд болж буй үйл явдлыг сайтар нягтлан эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг хариуцаж буй Н.Батбаяр сайдад хариуцлага тооцон огцруулах санал оруулаад 14 хонож байна. Уг нь хуулиараа ажлын долоо хоногт Их хурал асуудлыг шийдэж санал дүгнэлт гаргах ёстой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хууль биелэгдэхгүй явсаар байгаа юм. Эдийн засгийн байнгын хороо хуралдан хуульд заагаагүй үндэслэлээр сайдыг огцруулах асуудлыг хойшлуулахаар болж олонхиороо хүч түрчих­лээ. Хууль эрхзүйт нийгэмд амьдарч байж УИХ-ын бүтцийн байгууллага болох байнгын хороо, эрх баригч намын бүлэг өөрөө хууль зөрчсөн үйлдэл рүү парламентыг чирч байгаа нь буруу. Холбогдох байнгын хороо нь хууль зөрчсөн үйлдэл гаргаад байгаа тул хуулийн дагуу хуульд заасан хугацаанд санал дүгнэлтээ Их хуралд хүргүүлэхийг шаардаж байгаа юм. Эдийн засгийн байнгын хороо, Ардчилсан намын бүлгийн дарга нарын энэ үйлдлийг Үндсэн хуулийн цэцээр хянуулахаар болоод байна. 

-Н.Батбаяр сайдыг огцруулснаар эдийн засаг сайхан болчих юм шиг ярих нь зохимжгүй санагдах юм. Сайд огцруулна гэж байхаар эрх баригчидтайгаа хамтраад ажиллачихаач дээ?

-Монголын нийгэм, улс төрд тэр дундаа Ардчилсан намд хариуцлагын асуудал хэр байгааг эргэн санах учиртай. Энэ нам хариуцлага тооцох чадамжтай юу, үгүй юу. Монголын эдийн засаг 17 хувьд хүрч байсан бол өнөөдөр нэг оронтой тоо руу унагачихсан. Валютын ханш 30 гаруй хувиар өсчихсөн, гадаадын хөрөнгө оруулалт 70 гаруй хувиар татчихсан, 20 гаруй мянган аж ахуй нэгж хаалгаа барьчихсан, олон мянган хүмүүс ажлаасаа халагдсан, зээлжих зэрэглэл буурч гадаад нэр хүнд шалан дээр уначихлаа. Эрх баригчид хоёр жилийн дотор ингэж л ажилласан. Тийм болохоор хэн нэгэнд хариуцлага тооцох ёстой биз дээ. АН дотроосоо хүртэл Р.Амаржаргал гишүүн “Хариуцлага хүлээх хүн байхгүй бол би өмнөөс нь хариуцлага хүлээе” гэж мэдэгдэж байсан. Эрүүл тогтолцоотой байсан бол заавал сөрөг хүчин нь асуудал тавихгүйгээр олонх дотроо асуудлаа шийдээд явчих хугацааг олгож, нэлээд харлаа. Нэмэр алга. Сайд нь ч гэсэн ухамсраараа ажлаа өгчих ёстой л доо. Харамсалтай нь сандал суудалтайгаа зууралдахаас эхлээд улс төрийн тоглолтуудыг хийгээд байгаа юм. Үүнээс харахад Ардчилсан нам дотроо хариуцлага ярьж чадахаа больж, мөнгөний, фракцын зөрчил нь дээд цэгтээ хүрчихсэн тул хэн нэгнийгээ барьцаалах байдалд орчихсон гэдэг нь харагдаж байна. 

Эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд барьж, байнга өсөлтийг хангаж явна гэдэг амаргүй. Сүүлийн 10 гаруй жил олон ажил хийж байж олон улсад манай орны нэр хүнд өссөн. 2012 он гэхэд манай орон дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай, хамгийн сайн хөрөнгө оруулалттай зээлжих зэрэглэл нэмэгдсэн улс болсон байв. Эдийн засгийн таамаглал дэвшүүлдэг олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг гэрэл гэгээтэйгээр төсөөлж байлаа. Энэ хурдаар бид арав ядаж таван жил явсан бол Европын дундаж орны хэмжээнд хүрэх байсан юм. Даанч алтан боломжоо бид алдчихлаа. 

-Энэ боломжуудаа эргэн нээхийн тулд биднээс ямар хүчин зүйл шалтгаалах вэ?

-Нийгмийн харилцааны мөн чанарыг ард түмнээрээ ойлгох түүн дундаа улс төрчид сайтар ойлгох нь нэн чухал. Хүндэрсэн байдлын угшлыг нь аваад үзэхээр хэд хэдэн асуудал гараад ирж байгаа юм. Үүнээс бид ухаарч чадах зүйл нь нийгмийнхээ мөн чанарыг хэр таньсан бэ гэдэг асуудал байх болно. Ардчилал, зах зээлийн цаад талд нь итгэлцэл байх ёстой. Төр ард түмний холбоос нөгөө талдаа хүн хоорондын итгэлцэл, улс төрчид болон улс төрийн намуудын ойлголцлыг том утгаар нь авч үзвэл ардчиллын үндсэн суурь байхгүй юу. Зах зээлийн харилцаан дээр итгэлцэл чухал үүрэгтэй байдаг. Итгэл байхгүй болоод ирэхээр Хөрөнгийн бирж дээрх хувьцаа унаж эхэлдэг. Тийм болохоор хөрөнгө оруулалт татардаг. Хүн хоорондын итгэлцэл нүдэнд харагдаж, гарт баригддаггүй хэрнээ нэлээд чимхлүүр амаргүй ажил байдаг л даа. Монголоос хоёр тэрбум шахам ам.дол­лараа татаад явчихсан гадаа­дынхныг “Монголд та нарын мөнгө өснө. Монголд мөнгөө оруулж ирж бизнесээ хийгээч” гэдэг итгэлийг бий болгохын тулд маш олон уулзалт, ажил хэргийн яриа өрнүүлэх шаардлага бий. Үүн дээр нэмэгдээд засаглалын хямрал манайд нүүрлэчихсэн. Улстөрчдөөс угшилтай, улс төрийн намуудаас гаралтай засаглалын хямрал нь цаашлаад эдийн засагтаа нөлөөлчихсөн юм. Улс төрдөө итгэх нийгмийн сэтгэл зүй багасчихсан. Түүнийгээ да­гаад төрөөс гарч буй шийд­вэрийн хэрэгжилтэд үл итгэн, хариуцлага хяналт нь алга болоод улсаараа хариуцлагагүйн зуд нүүрлэ­чихсэн. Үүнээс гарах гурван зам бий гэж бодож байна. 

-Яг ямар арга замууд байна гэж?

-Үндсэн хуулиндаа өөрч­лөлт оруулах ёстой. Манай Үндсэн хууль 1992 онд бат­лаг­дахад маш сайн болсон л доо. Гэхдээ өнөөдрийн өөрч­лөгдөж буй энэ нийгэмд өөрчлөх шаардлагатай зүйлс гараад ирчихлээ. Үндсэн хууль үүргээ сайн биелүүлсэн. Мөн улс төрийн намууд болон хүн хоорондын итгэлцлийг сэргээхийн тулд иргэд болон хоёр хөрштэйгээ жижиг ч гэсэн зүйл дээр итгэлцлийг бий болгох нь чухал. Гадныхан ямар нэгэн зүйлд дугаарлан зогсдог бол манайхан ар хударгаар нь ямар нэгэн байдлаар түрүүлж орохыг хичээдэг. Гадныхан бид ингэж орно гэж боддог болохоос хэзээ ч туулайчилж, хэн нэгэнд авлига өгч орно гэж боддоггүй. Буурай хөгжилтэй орнуудад бол тэгж дугаарлаж зогсохгүй хэн нэг нь туулайчилж, танил талаараа орж байгаа юм чинь би ч гэсэн тэгж орно гээд нэг нэгэндээ итгэхгүй байгаагаа харуулдаг. Хэн нэгэндээ итгэх итгэлгүй болохоор бид дугаарлаж орж чадахгүй байна л даа. Хоёр хөрштэйгээ Засгийн газрын түвшинд харилцан ойлголцож байж эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцэх юм. Түүнчлэн манайд шаардлагатай хууль тогтоомжуудыг яаралтай бат­лах шаардлагатай байна. Баялаг бүтээгчид “Дэмжээд сүйд болдоггүй юм аа гэ­хэд хийх зүйлд битгий гай болооч ээ” гэдэг байр суурийг илэрхийлсээр байгаа. Өөрөөрөө явж буй бизнест төр битгий оролцооч ээ гээд байна л даа. Төрийн гох дэгээ болсон зүйлсээ суллахаас эхлээд маш их ажил хүлээж байна. 

-ҮХАА-н сайдад Ш.Түв­дэн­дорж гишүүнийг томилох үгүйг өнөөдөр Их хурал чуулганаараа хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсран гүйцэтгэх гээд байдаг…

-Улс төрд өрнөж буй аливаа томилгоо, шийдвэр хувь хүний гэхээсээ илүү зарчмынх байдаг. Намууд өөрсдийн үнэт зүйл, зарчмаа баримталсан шийдвэрүүд гаргавал алсдаа тэр нь зөв байдаг юм. Зөв зүйл дээр зөв шугаманд зогсож байсан, үнэт зүйл зарчимдаа үнэнч байсан улс төрийн нам ирээдүйд ялалтад хүрдэг. Өнөөдрийн улс төрд өрнөж буй олон үйл явц төлөвшлийн шатандаа байгаа бөгөөд эрх баригчид нялхсын өвчнөөсөө салаагүй байна. Ирээдүй, үнэт зүйл рүүгээ хандсан зүйл хийж чадахааргүй улс төрийн тоглолтууд шат дараалан явагдаад байгаа юм. УИХ Засгийн газрын гишүүний албыг давхар хашуулах уу, Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох уу гэдгийг олонхи шийднэ. 

-Танайхан эдийн засаг элгээрээ хэвтчихлээ гээд байгаа хэрнээ холбогдох хуулийг нь хэлэлцэх гэхээр завсарлага аваад суучих юм аа. Танай бүлгийн гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй болохоор саналаа нэгтгэж чадахгүй байгаа юм биш үү?

-Улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой хууль эрхзүйн асуудлуудаасаа эхлээд парламентад байгаа намууд зөвшилцөж, ойлголцох хэрэгтэй. Томоохон хуулиуд дээрээ хоёр  том нам зөвшилцье гэдэг уриалгыг гаргаж байгаа. Харамсалтай нь намууд тодорхой асуудлууд дээр нэгдсэн байр суурьт хүрээгүй байна. МАН эдийн засгийн идэвхжүүлэх, хямралт байдлаас гарах тогтоолыг батлахад хамгийн идэвхтэй ажилласан. Тогтоолыг батал­сан ажлын хэсгийн 50 хувь нь манай намын гишүүд байсан. Анхны төслийг нь 50 хувь бараг өөрчилж баталсан юм. 

-Танайхан бүгд асуудлыг болохгүй нүдээр харж эсрэг кноп дараад байгаа биз дээ?

-Тэд сайд дарга нарын асуудал ярихад л ирцээ 100 бүрдүүлж байгаа бол манай бүлэг хаврын чуулганы туршид ирц 100 хувь байсан гэхэд болно. Түүнээс биш 26 гишүүн эсрэг кноп дараад асуудлуудыг унагаагүй. Хяналтын хууль дээр санал хураахад Н.Алтанхуяг нь өөрөө байхгүй байсан тул шургуулсан карт нь эсрэг саналаар тооцогдоод явсан. Ерөнхий сайд нь өөрийнхөө өргөн барьсан салбарынхаа том хуулийг өөрөө унагаад явж байна. Газрын тосны хууль дээр ч гэсэн тийм л зүйл болсон. 

Ардын намын үед, Ард­чилсан намын үед ч хөрөнгө оруулагчдад сөрөг нөлөө үзүүлэхүйц хуулиуд баталсан. Стратегийн ач холбогдолтой салбарыг зохицуулах тухай хууль, Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, Урт нэртэй хуулийн хэрэгжилттэй холбоо­той асуудлуудад аль аль нам нь хамаатай. Уул уурхайн салбарын эрхзүйн орчин савлагаатай байгаагаас уг салбарт хүндрэл бэрхшээл бий болж хөрөнгө оруулалт татарсан. Эдийн засгийг идэвх­жүүлж байна гээд хуулийг халтуурдаж баталж болохгүй. 

Э.ЭНХБОЛД

Л.ГҮНДСАМБУУ

Categories
мэдээ цаг-үе

Монголын нүүрсний уурхайн метан хийг судалж, нөөцийг нь тогтоох судалгаа хийжээ


Монголын байгаль орчны консорциум төрийн бус байгууллага энэ сарын 18-нд Монголын нүүрсний уурхайн метан хийг судалж, нөөцийг нь тогтоосон тухай судалгааны тайлангаа танилцуулах хурлыг Уул уурхайн яаманд хийнэ.  Тус төрийн бус байгууллага Америкийн байгаль хамгаалах агентлагийн санхүүжилтээр Монголын нүүрсний уурхайн метан хийн нөөцийг судлаж, түүнээс ялгарч буй хүлэмжийн хийд үнэлэлт өгөх төсөл хэрэгжүүлсэн байна.Энэ сэдвээр Монголын байгаль орчны консорциумын захирал М.Бадарчтай ярилцлаа.

-Метан хий гэж ямар хий вэ?

-Метан хий нь намгийн хий гэсэн үг. Даян дэлхийн дулааралд нөлөө үзүүлж байгаа хүлэмжийн гол хийнүүдийн нэг. Метан хий нь нүүрс, байгалийн хий, нефть зэргийг олборлох, үйлдвэрлэх, тээвэрлэх  явцад нилээд их хэмжээтэй ялгардаг. Нөгөө талаар, бусад хийнүүдийн нэгэн адил түлшинд хэрэглэх боломжтой. Шинж чанарын хувьд, хортойгоос гадна  шатна, дэлбэрнэ. 1996 онд, Налайхын нүүрсний уурхайд метан хий  дэлбэрсэн ньуурхай  хаагдах нэг шалтгаан болсон.Уурхайг зөв хаах хэрэгтэй юм билээ. Хэрэв  Налайхын нүүрсний уурхайг зөв хаасан бол 1996 оноос өнөөг хүртлэх 18 жилийн дотор тэнд хуримтлагдсан метан хийгээр эрчим хүч үйлдвэрлэх боломж байсан юм билээ.

-Цагаан хоолтонгууд мал аж ахуйг метан хий ялгаруулдаг гээд махнаас татгалздаг юм билээ. Тэр нь бас  таны яриад байгаа хий юу?

-Биологийн гаралтай метан хий, уурхайн метан хийн нөлөөлөл нь адилхан л даа. Малын ялгадаснаас ч метан хий гаргаж авахын тулд исэлдэх процесс явах ёстой. Өвөлдөө тийм боломжгүй. Хот суурингийн хатуу хог хаягдал булсан газрууд,  мал амьтны ялгадас, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл,  хот суурингийн бохир ус цэвэрлэх системд байгаа органик бодисийн задралаас ч метан хий ялгарч байдаг. Хэдийгээр метан хий нь хортой ч бас эрчим хүч ялгаруулах боломж олгодог сайн талтай.

-Метан хий дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлдөг гэсэн?  

-Метан хийг бууруулах арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд метаны ялгарал 45 хувиар нэмэгдэж, байгаль орчин, дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлнө.Метан хий нь дэлхийн дулааралд нөлөөлдөг шалтгаан нь хурдан задардаггүйтэй холбоотой. Нүүрсний олборлолт бусад үйл явцын үед чөлөөлөгдсөн метан агаар мандалд 15 жил задрахгүйгээр хадгалагддаг гэсэн тоо бий. Америк, Хятадаас гадна  Украйн, Австрали, Орос, Энэтхэг метан хийн үндсэн ялгаруулагчид багтдаг. Метан нь бусад хүлэмжийн хийнээс илүү аюултай, дэлхийн дулааралд нүүрс хүчлийн хийнээс 21 дахин нөлөөлдөг гэж судлаачид тогтоосон байгаа.

-Та байгаль орчны судлаач хүн байж яаж яваад нүүрсний уурхайн метан хийтэй холбогдчихов?

Нарийн сухайтын уурхайн метан хийн судалгааны баг

-2007 онд би АХБ-ны шугамаар Уул уурхайн метан хийн асуудлаар олон улсын хуралд оролцсон юм. Уг хуралд оролцсон  АНУ-ын эрдэмтэнээс Олон улсын “Даян дэлхийн метан хийн санаачлага” түншлэлийн хөтөлбөрт яаж хамрагдах вэ гэж асуусан. Монголын Засгийн газар Америкийн байгаль орчныг хамгаалах агентлагт хүсэлт тавьсаны дараа төсөлд хамрагдах боломжтой гэж зөвлөсөн юм.  Олон улсын “Даян дэлхийн метан хийн санаачлага” түншлэлийн хөтөлбөрт  Монгол Улсыг оролцуулах санаачилга гаргаж, холбогдох арга хэмжээг Байгаль орчны яамны тусламжтай хэрэгжүүлсний үр дүнд манай Засгийн газар  2008 оны гуравдугаар сарын 27-нд “Даян дэлхийн метан хийн санаачилга”хөтөлбөрт  24 дэх гишүүн болон нэгдсэн орсон юм. Даян дэлхийн метан хийн санаачилга нь дэлхийн хэмжээнд метан хийн ялгарлыг бууруулах, метан хийг  цэвэр эрчим хүчний эх үүсвэр байдлаар ашиглах, олборлох, боловсруулах зорилготой сайн дурын байгууллага юм. Ингэснээр цаашид  нүүрсний метан олборлолт, ашиглалтыг боловсронгуй болгоход Олон улсын байгууллага, гадаад орнуудын  санхүүгийн болон, техникийн туслалцааг авах боломжтой болсон. Энэ чиглэлээр бид Уул уурхайн яамны Ашигт малтмалын газар, Эрчим хүчний яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам,  ШУТИС, Монгол Алт Корпорацийн эрдэмтэн, мэргэжилтэнүүдтэй хамтарч ажиллаж, анхны үр дүнд хүрээд байна.  Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголын байгаль орчны консорциум “Налайхын нүүрсний уурхайд метан олборлох, ашиглах боломжийг илрүүлэх судалгаа”, “Монгол орны нүүрсний метан хийн нөөц, хүлэмжийн хийг тодорхойлох” хоёр жижиг төслийг боловсруулан Америкийн байгаль хамгаалах агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Энэ хүрээндээ  Нарийнсухайтын нүүрсний уурхай, Багануурын нүүрсний уурхайд метан хийн нөөцийн судалгаа явууллаа. Нарийн Сухайтын орд, Багануурын нүүрсний уурхайд 300-400 метрийн гүнд өрөмдлөг хийж, метан хийн нөөцийг урьдчилсан байдлаар тогтоосон.Нарийн Сухайтын уурхайд 700 сая  шоо метр, Багануурын уурхайд 124 сая шоо метр нөөцтэй гэсэн урьдчилсан судалгаа гарсан.Нарийн сухайтын уурхайд 8,5 мегаваттын хүчин чадалтай хийгээр ажилладаг цахилгаан станц барих боломжтой гэсэн тооцоо гарсан. 7,7  сая долларын хөрөнгө оруулалт хийгээд, зургаан жилийн хугацаанд зарцуулсан хөрөнгөө эргүүлэн төлөх боломжтой юм билээ.Багануурын уурхайд мөн ийм судалгаа хийсэн. Зургадугаар сарын 18-нд болох хурлаар энэ судалгаануудын үр дүнг хэлэлцэж, цаашдын зорилтыг тодорхойлно.

-Таныг уурхайн метан хийг олзворлох, ашиглах чухал ажлыг санаачлан эхлүүлсэн “Загалмайлсан эцэг” гэдэг юм билээ?

– Тэр ч юу юм бэ? Та чинь харин хүнийг явуулдаг сэтгүүлч байна даа. 

-Метаны хийг олборлох, ашиглах талаар Монголын нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Монгол Улс 20  гаруй тэрбум тонн нүүрсний батлагдсан нөөцтэй, нүүрсээр баян орон. Сүүлийн жилүүдэд манай Засгийн газар,  болон нүүрсний салбарынхан  нүүрсний давхаргын метан хий(НДМХ)нүүрсний уурхайн метан хийг(НУМХ)  олборлох ашиглах талаар ач холбогдол өгч эхэлсэн.  Нүүрсний уурхайн метан хий нь  нүүрстөрөгчийн давхар ислээс 25 дахин хүчтэй хүлэмжийн хий юм. Метан хий нь байгалийн хийг бүрдүүлэгч үндсэн хэсэг бөгөөд эрчим хүчинд хувиргаж болдгоороо бусад хүлэмжийн хийгээс ялгаатай. Метан хийн ялгарлыг бууруулах нь хүлэмжийн хийг бууруулах зардал багатай арга гэж тооцогддог. Газрын тосны газар 2004 онд Нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийх, бүтээгдэхүүн хуваах гэрээг Сторм Кат, Энержи компанитай байгуулж байсан юм. Харин нүүрсний уурхайн метан хийн  хайгуул ашиглалтын талаар ийм төрлийн гэрээ хэлцэл хийгдэж байгаагүй ч Ашигт малтмалын газрын  мэдээлснээр  нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь өөрсдийн тусгай зөвшөөрлийн талбайд  зөвхөн нүүрсний нөөцийг үнэлээд зогсохгүй  нүүрсний давхарга, болон ойр орчмын үе давхрагад агуулагдах метан хийн нөөцөд үнэлгээ хийх заалтууд байдаг юм билээ. Ашигт малтмалын болон Газрын тосны тухай хууль шинэчлэгдэж байгаа. Шинэ хуульд эдгээр асуудал тусна гэж найдаж байна. 

-Хэрэв метан хийг нөөц баялаг гэж үзвэл эзэмшлийн асуудал гарч ирэх байх. Бусад улс оронд яаж зохицуулдаг юм бэ?

-Энэ бол маш чухал асуудал. Манайх шиг нэг уурхайд олон эзэмшигч байгаа нөхцөлд нүүрсний хийн эзэмшлийн асуудал бүүр чухал. Хятад, Украйн, Мексик, Герман зэрэг орнуудад ашигт малтмалын нөөц баялаг  түүний дотор нүүрсний уурхайн  метан хийн нөөцийг Засгийн газар эзэмшдэг. Австралид бол төр болон муж улс нь эзэмшиж, Харин АНУ, Канадад муж улсын болон хувийн өмчлөлд байдаг. Тухайлбал Хятад улсад нүүрс болон нүүрсний давхаргын метан хийг ашиглах тусгай зөвшөөрлийг тус тусад нь олгох боловч давхардуулж олгож болдог. Олон улсын туршлагаас харахад Нүүрсний давхаргын метан хий, Нүүрсний уурхайн метан хийн эзэмшлийн тодорхой дүрэм байхгүй, ялангуяа нүүрс болон байгалийн хийн лиценз давхардаж байгаагаас үүдсэн зөрчил маргаан их юм билээ. Нүүрсний уурхайн метан хийн төсөл хэрэгжүүлэхэд нүүрсний уурхайн оролцоо шаардлагатай байдаг. Нүүрс­ний уурхайнууд ч ийм төслийг ихэвчлэн санаачилдаг. Нүүрс­ний уурхайн метан хийн хайгуул, төсөл боловс­руулахад Украйн, Герман зэрэг улсуудын адил нүүрсний уурхайнуудад нэн тэргүүний ач холбогдол өгөх нь эзэмшлийн асуудлыг шийдэх, хамгийн чухал арга.

-Тухайн уурхайн метан хийг ашиглаж эрчим хүч үйлвэрлэх талаар Олон улсын ямар туршлага байдаг вэ?

-2006 онд АНУ-ын Байгаль хамгаалах агентлагийн дэмжлэгтэйгээр Америкийн Катерпиллар компани, БНХАУ-ын Сихэ уурхайд эрчим хүчний генероторын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгуулсан. Энэ уурхай бол нүүрсний давхаргын метаны эрчим хүчний дэлхийн хамгийн том станцын төсөл юм. Сихэ уурхайн төсөл нь нүүрсний давхаргын метаныг хэрэглэж болохуйц энергийн эх үүсвэр болохыг үзүүлсэн амжилттай жишээ. Дэлхийн метаны санаа­чилгаар нүүрсний дав­хар­гын метаны хийн  төсөл дэлхийн 16 оронд явдаг. Орхигд­сон уурхайнуудад олон төсөл хэрэгждэг. Шинэ Зеланд, Энэтхэг, Өмнөд африкт нүүрсний уурхайн агааржуулалтад метан гаргах сувгийг суурилуулсан. Италид нөөц нь дууссан уурхайд гадагшлуулах төхөөрөмжийг сууриулуулан ТЭЗҮ-ийн судалгаа хийж байна. Энэ бүхний үр дүнд агаар мандалд хортой хүлэмжийн хийн хаягдал гаргахыг бууруулж, хаягдал биш харин эрчим хүч болгон ашиглаж байна.  Генераторын иж бүрдлийн тусламжтайгаар нүүрсний давхаргын метаныг багасгах нь уурхай өмчлөгчдийн хувьд орч­ноо бохирдуулахгүйгээр хөрөнгө оруулалтаас үр ашиг олж авах боломж олгож байгаа.

Нарийн сухайтын уурхайн метан хийг тодорхойлох өрөмдлөг

-Энэ талаар Монголд юу хийх боломжтой вэ? 

-Монголд нүүрсний уур­хайн метаны агуулгыг тодорхойлох хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт уурхайгаас нүүрс олборлох явцад тодорхой хэмжээний метан хий ялгарч байдаг. Олборлолт нэмэгдэхийн хэрээр метаны ялгарал улам ихсэнэ. Энэ метаныг ашигласнаар агаарт метан дэгдэхгүй. Улмаар хүлэмжийн хий багасна. Нүүрсний уурхайн метаны агуулгыг нарийвчлан тодорхойлсноор  хүлэмжийн хийн тооллогын чанар сайжирна. Мөн улсын хэмжээнд метаны нөөцийг тогтоох боломжтой болох юм. Метан бол эрин зууны түлш гэж тооцогддог. Нөөц маш ихтэй. Монголд нүүрс олборлох явцад уурхайгаас их хэмжээний метан ялгарч ашиггүй хаягдаж байна. Манай том хотууд, аймгийн төвүүдэд барилга орон сууцыг халаах зорилгоор  түүхий нүүрс шатааж, агаар орчныг их хэмжээгээр бохирдуулж байна. Түүхий нүүрсний оронд метаныг хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй арга байж болно. Хийн түлш хэрэглэдэг зуухнуудын үр ашиг нүүрсний зуухнаас ямагт өндөр байдаг. Метаны дулаан гаргах чадвар нүүрснийхээс 2,5 дахин их. Олборлолт ба түгээлтийн зардал хямд байдаг онцлогтой. Гүний уурхайг аюулгүй ашиглахын өмнө тэнд байгаа метан хийг сорж гаргах ёстой. Иймд метан хийн нөөц, түүнээс ялгаран гарах хүлэмжийн хийг тооцох ажлыг цаашид  улам эрчимжүүлж, энэ талаархи хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх шаардлагатай байна. 

Эцэст нь нүүрсний уурхайн метан хийг олзворлох, ашиглах асуудлаар дэмжлэг, тусламж үзүүлж байгаа АНУ-ын Засгийн газар тухайлбал Байгаль хамгаалах агентлагт гүн талархал илэрхийлье. 

Б.Эгшиглэн

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Твиттерчдэд хууль хамаагүй юм уу?

Сүүлийн хоёр жилийн турш энэ зураг цахим сүлжээгээр аялж “Юун хөөрхөн юм бэ” хэмээн дамжуулцгааж байна. Монгол хүүхэд ишиг, хургатай тоглож өсдөг. Харин энэ бол монголчуудыг доромжилсон, үндэстнийг гутаасан хэрэг. Үүнийг хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигласан хэрэг биш байгаа хэмээн эмзэглэж сууна. Твиттерчид, фэйсбүүкчид олны анхаарлыг татсан юм олж, кайф авдаг болсон. Үүндээ бүр үр хүүхдээрээ тоглохдоо тултлаа донтсон юм биш байгаа. 

Энэ зургийг харсан зарим эрчүүд “Монголчууд малтай явалддаг гэж харагдахаар юм байна” гэж ундууцаж байна лээ. Арай ч ийм насны хүүхдэд гаж донгийн тухай ярих эртдэх байх. Гэхдээ ийм маягаар тоглоод байвал хүүхэд хэн ч болж хувирч мэднэ. Хоёр нялх амьтнаар зугаагаа гаргахдаа яахав дээ. Томчууд л олны анхаарлыг татсан содон гоё зургийн зохиомж хийх гэж хүүг хүнд байдалд оруулсан байлгүй. Хүүг том болохоор үеийнхэн нь шоолно доо. Тоглоом тоотой нь дээр гэдэг.  

Эцэг эхчүүд охин хүүхдэдээ илүү анхаарал тавьж, бусдын нүдний хор шингэхээс айж, хамгаалдаг. Үнэндээ бага насны хөвгүүд ч бэлгийн мөлжлөгт ашиглагдаж байгааг хүчирхийллийн байгууллагын ажилтнууд ярьдаг.  

Одоо бүр зарим нь интернэтэд томчуудыг баясгахаар гаж байдлаар зургаа даруулахад хүрсэн байна. Твиттерчид ээ, хүүхдийн эрхэнд халдахыг хуулиар хориглодог юм шүү. 

Б.Эгшиглэн