Categories
мэдээ нийгэм

Иргэний үнэмлэхээ ТҮЦ машинаар захиалдаг болно

Шинэчлэлийн Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ыг Улаанбаатар хотын хүн ам төвлөрсөн хэсгүүдэд болон орон нутагт байршуулаад нэлээд хугацаа өнгөрлөө.

Тус автомат машинаар дамжуулан 10 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Тодруулбал, Иргэний бүртгэлийн ерөнхий газраас авдаг төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт, цуцлалтын бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа болон аж ахуйн нэгж, байгууллагын татвар төлөлт, татварын өр, үлдэгдэл, тайлан тушаалт, татвар төлөгчийн бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт, иргэн, хувь хүний татвар төлөлт, бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт зэргийг авч үйлчлүүлж байгаа.

Үүний зэрэгцээ ир­гэний цахим үнэмлэхийн захиалгыг ТҮЦ машин болон интернэт орчинд авдаг болох зорилгоор бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.  Ингэснээр ту­хайн иргэн харьяа иргэний бүртгэлийн байгууллагад заавал очихгүйгээр өөрт ойр ТҮЦ машинаас захиалга өгч иргэний үнэмлэхээ дахин авах боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Цаан сүрэг төллөж дууслаа

Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал болох цаан сүргийг өсгөн үржүүлэх талаар төр засаг, орон нутгийн иргэд ихээхэн анхаарч хамтран ажилласны үр дүнд Цагааннуур сумын баруун зүүн тайгын иргэд 1670 гаруй толгой цаатай болжээ. Энэ жил 350 цаа төллөхөөс 80 гаруй хувь нь төллөж  янзаганууд сайн бойжиж байна. Тайгын иргэд энэ онд цаан сүргийнхээ тоог 2000 хүргэхийг зорьж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаан пальто“ орлогоороо тэргүүллээ

Зургаан сард өнөөдрийн байдлаар таван кино дэлгэцэнд гарч байгаа
бөгөөд 6 сарын эхний долоо хоногоос Тэнгис кино театрт “Улаан пальто”,
“Хан хүү нь аль вэ” кинонууд шинээр гарч эхлээд байна. Өнгөрсөн долоо
хоногийн жагсаалтын дүнгээр “Улаан пальто ” уран сайхны кино тэргүүлсэн
бол удаахад нь инээдмийн уран сайхны “Хүүгүй ломбард” уран сайхны кино
жагслаа. 

Mollywood Box Office

1. Үргээлэг 8.046.716 4,475,573
2.  Хүүгүй ломбард 20.538.272 10,722,668
3.  Луйвар 10.246.245 2,769,955
4.  Улаан пальто 19.251.649 23,420,000
5. Хан хүү аль нь вэ 175,000 3,372,000
Categories
мэдээ нийгэм

Эмийн шинэ үйлдвэр байгуулна

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Монголэмимпекс Концерн ХК болон БНСУ-ын Донг А Холдинг компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Эдгээр компани хамтран Монголдоо GMP шаардлага хангасан эмийн үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн юм.  

Эрүүл мэндийн сайд тус уулзалтын үеэр, Монгол хүний эрүүл мэндийн төлөө тус хоёр тал хамтран ажиллаж, манай улсад эмийн үйлдвэрийг байгуулахаар ажиллаж буйд талархал илэрхийлээд, өнөөдөр Монгол улсын “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулж, УИХ-д хэлэлцэгдэж байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалттай Үндэсний үйлдвэрийг байгуулах ажлыг эхлүүлснийг сайшаан үзэж байна гэдгийг тэрээр илэрхийлсэн юм.

Энэхүү эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь хэрэглэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангахад төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох үндсэн баримт бичиг болох юм. Мөн дээрхи уулзалтын хүрээнд эмийн чанар, үнийн асуудлыг талууд хэлэлцэв.

Эрүүл мэндийн сайд онцлохдоо, энэ үйлдвэр байгуулагдсанаар дотоодын зах зээлд чанартай, харьцангуй боломжийн үнэтэй эмээр ард иргэдийг хангах боломж тодорхой хэмжээгээр бүрдэнэ гэж үзэж байна. Мөн нэг талаас эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт, нөгөө талаас Монголын хүн амын эрүүл мэндэд чиглэсэн сайн үйлс болно гэдэгт итгэж байна гэсэн юм.

Харин БНСУ-ын Донг А Холдинг Др Шин-Хо Кан хэлэхдээ, Эмийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний хөрөнгө санхүү зарцуулж байгаа ч гэсэн Монгол улс нь өөрөө зардал бага, мөн эмийн үнийг нөхцөл байдалдаа таарсан боломжийн байх талыг ч анхаарна. Монголдоо олон улсын стандартад нийцсэн эм бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашлаад олон улсын зах зээлд хөрш орнууд руу нийлүүлэх боломжийг ч судална гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн даргын Л.Эрдэнэчимэгт өгөх хариу цохилт

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Тамхины хяналтын тухай”  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барьжээ. Уг төсөлд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах асуудлыг тусгасан аж. Ингэхдээ тамхи татах зориулалт бүхий тусгай бэлтгэсэн талбайг гадаа эсвэл агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай тасалгаан дотор байхаар төсөлд оруулжээ. Мөн нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуй нэгж байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Харин тамхи татах цэг нь тусгай тэмдэглэгээтэй байх аж. 

Д.Эрдэнэбат гишүүн тамхичдын эрх ашгийг хамгаалахаар ажиллаж эхлэв. Тэр тамхи татдаг хүмүүст зориулсан тусгай газар байх нь зүйтэй гэж үзэж. Харин хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тамхины өрөөг эрс эсэргүүцэж байгаа. Тэрбээр тамхичдыг гишгэх газаргүй болгох нь зүйтэй хэмээн үзэж, санаачилсан хуулиа цээжээрээ хамгаалж буй. Тиймдээ ч бүлгийн даргаа торгуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагад албан бичиг илгээж байсан удаатай. Тамхины хяналтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж, төсөл боловсруулаад буй АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өрөөндөө тамхи татсан хэмээн ам алдсанаасаа болж, Л.Эрдэнэчимэг гишүүнээс зэм хүртээд зогсоогүй торгуулахаар болсон. Харин энэ удаа АН-ын бүлгийн дарга хариу болгож, хуулийг нь засварлахаар шийджээ. Мянга мянган тамхичид бас өөрийнхөө хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс хуулиар хориглосноос бусад нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөгдсөн цэг байгуулах нь зүйтэй хэмээн хуулийн төсөлд тусгаж. Харин хуулийн эзэн энэ засварыг хэрхэн хүлээж авах нь сонирхууштай л зүйл.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс эхэлнэ

Шөнийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдөр буюу 6 сарын 14 өдрөөс эхлэхээр болжээ.  Улаанбаатар хотын иргэд, зорчигчдын хүсэлт, шөнийн цагаар зорчих эрэлт хэрэгцээг Нийслэлийн Тээврийн газраас судалсанаар шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр болсон байна.

Үүнд троллейбусны Тр:2 буюу ”Ханын материалын комбинат-Офицеруудын ордон”, их багтаамжийн автобусны М/ШҮ/: “7 буудал-МУБИС” чиглэл, М/ШҮ/: “Нисэх-МУБИС” чиглэлүүдийн нийт 8 тээврийн хэрэгсэл 22:00-02:00 цаг хүртэл нийслэлчүүддээ үйлчлэх бөгөөд том хүн 1000 хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм.

Categories
мэдээ нийгэм

Наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа

-Наадмын бэлтгэл ажлыг 7 сарын 7-ноос өмнө дуусгахыг үүрэг болголоо.-

Өчигдөр(06.13) Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Засгийн газрын 2014 оны 6 сарын 7-нд болсон хуралдаанаар наадмын төсвийг баталсан. Тиймээс 7 сарын 7-ноос өмнө наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангасан байх шаардлагатай гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагва хэллээ. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн зүлэгжүүлэлт, тохижилт, наадамчдын тав тухтай наадамлах нөхцөлийг хангахад онцгой анхаарч ажиллахаар болсон байна.

Тухайлбал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг бүрэн шинэчилэн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн байна. 

Хүй долоон худаг буюу Монгол наадам цогцолборт энэ жилийн баяр наадмаас өмнө наадмын үйлчилгээний талбайг холбосон 4м өргөн, 2 талдаа тус бүр 1.5 м өргөн хайрган хөвөөтэй 2.7 км авто зам, 800 метр урт, 3 метрийн өргөнтэй явган зорчигчдод зориулсан зам, 500 машины хатуу хучилттай зогсоолыг шинээр барина. Мөн Хүй долоон худаг руу Railbus буюу төмөр замын автобусыг явуулна. Наадамчдыг тээвэрлэх Railbus нь Давааны өртөөн дээр зогсох бөгөөд энэ зогсоолоос наадмын талбай хүрэх 2 км орчим зайд хайрган түр зам хийж, нийтийн тээврээр иргэдийг наадмын талбай руу тээвэрлэнэ. Дараа жилээс энэхүү хайрган түр замыг хатуу хучилттай зам болгохоор төлөвлөж байна. Тиймээс Хүй 7 худагт автозам, зогсоол, үйлчилгээний талбайг холбосон автозамын ажлуудыг эхлүүлэх, хяналт тавьж ажиллахыг баяр наадмыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо.

Мөн Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалт, Улаанбаатарын үдэш цэнгүүний бэлтгэлийг хангаж, хөтөлбөрийг батлуулах , наадмын нэгдсэн хөтөлбөрийг 6-р сарын 20-ны дотор бэлэн болгох, Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам болтол элдэв уралдаан тэмцээн, сунгаа , аливаа арга хэмжээ зохиохгүй байхыг хариуцсан салбар хороодын дарга нарт үүрэг болгов гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Бүх цэргийн наадмын барилдаантай

Цэргийн цол чимэг олгодог Бүх цэргийн наадам өнөөдөр 14.00 цагаас
Монгол бөхийн өргөөнд болно. Цэргийн наадамд аймаг цэрэг, сумын цолтой
256 бөх зодоглоно. Энэ жилийн наадамд спорт хороодоос:

1. “Алдар” спорт хороо                96 бөх

2. “Хилчин” спорт хороо               64 бөх

3. “Аврагч” спорт хороо                48 бөх

4. “Эрч” спорт хороо                     24 бөх

5. “Соёмбо” спорт хороо             24 бөх тус тус зодоглоно.


1990 онд Монголын Үндэсний Бөхийн Холбоо байгуулагдан улмаар Цэргийн
цол, чимэг олгох Бүх цэргийн наадмыг жилд нэг удаа хийж байхаар
шийдвэрлэж, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд оруулж өгсөн юм. Ингээд
1992 онд анхны Бүх цэргийн наадмын барилдааныг Үндэсний соёл амралтын
хүрээлэнд зохион явуулж, 128 бөх барилдуулахад цэргийн арслан, заан,
начин цолтнууд төрснөөр одоо жил бүр Улсын баяр наадмын өмнө цэргийн
болон хүчний байгууллагын бөхчүүдийг хамарсан томоохон наадам болон
явагдсаар байна. Энэ наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд бүгд эдүгээ
улсын цолтой бөхчүүд болжээ. Тийм болохоор цэргийн наадам нь “босго
өндөртэй”, “булган сүүлтэй”  наадам юм.

Он       Бөх тоо               Түрүүлсэн                                         үзүүрлэсэн


1992    128        ц.з С. Дэлгэрбат у/н  (Булган)                з.б Ч.Ганбаатар ц.з (Архангай)
1993    128        а.н У.Сүхбаатар у.н (Өвөрхангай)        з.б И.Доржсамбуу у.г (Булган)
1994    128        ц.з И.Доржсамбуу у.г (Булган)                з.б Г.Өсөхбаяр даян ав (Архангай)
1995    128        а.а Г.Өсөхбаяр даян. ав (Архангай)        ц.н Ч.Батзориг у.з (Ховд)
1996`    128        а.з С.Мандах у.н  (Өвөрхангай)                ц.н У.Балжинням у.н (Завхан)
1997    128        а.з Ц.Мягмарсүрэн у.з (Ховд)                     з.б Д.Энхтөр ц.з (Төв)
1998    128        ц.н Ц.Цэрэнчимэд у.н  (Архангай)            а.а Б.Ганбат у.а (Увс)
1999    128        а.н Б.Бадам-Очир у.н (Төв)                        з.б Ш.Уламбаяр у.н (Завхан)
2000    128        з.б Д.Цогзолдорж у.н (Дорнод)                з.б Т.Амартүвшин у.х (Ховд)
2001    128        ц.а Д.Цогзолдорж у.н (Дорнод)                а.н И.Ёндонсамбуу у.н (Булган)
2002    128        ц.н Т.Мөнгөнцоож у.х (Архангай)               ц.з Т.Амартүвшин у.х (Ховд)
2003    128        а.н М.Батжаргал у.х (Архангай)                 а.з Ж.Гансүх у.н а (Дорнод)    
2004    128        з.б Д.Лхагвадорж у.н (Говь-Алтай)            зб Н.Нямаа ц.з (Архангай)    
2005    128        а.з А.Бямбажав у.х  (Увс)                           а.а Т.Санчир у.з(Өвөрхангай)
2006    128        а.а Н.Ганбаатар у.г  (Говь-Алтай)            з.б Ж.Бат-Эрдэнэ у.г (Говь-Алтай)
2007    128        ц.а А.Бямбажав у.х (Увс)                            з.б Б.Батмөнх у.н (Төв)
2008    128        а.н Ч.Санжаадамба  у.з(Архангай)         а.а Н.Батзаяа у.н (Ховд)
2009    128        а.з С.Мөнхбат  у.ав  (Увс)                           а.а Ө.Бат-Орших у.х (Увс)
2010    256        ц.а Ч.Санжаадамба у.з (Архангай)         с.з Э.Тулга  ц.з(Сэлэнгэ)

2011     256     а.а Ч.Батчулуун а.х.а /Төв/                а.х.а Ш.Мөнгөнбаатар (Сүхбаатар)

2012     256     а.з Б.Ганзориг  (Увс) ц.а                        а.а Б.Пүрэвсайхан у.н (Ховд)

2013     256    а.а Л.Цэрэнтогтох у.н                         а.х.а А.Алтанхуяг

2014      256      Босго өндөртэй, Булган сүүлтэй наадмын түрүү, үзүүр хэн бэ?

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-д “Хөлсний алуурчид” бий болжээ

Мөнгө аваад  муу муухай зүйл хийлгэдэг хүмүүсийг хөлснийхөн буюу хөлсний алуурчид гэж нэрлэдэг. Үүнтэй адил УИХ-д эрх ашгийн  төлөө юу ч хамаагүй хийдэг бүлэг хүмүүс байдаг болж. Өөрийн идэх халбага хоолны төлөө иргэдийнхээ идэх тогоо шөлөнд хор хийхээс буцахгүй хүмүүс хууль санаачилж, баталдаг эрх мэдэлтнүүдийн  талаар сүүлийн үеийн хэд хэдэн жишээ байна л даа. 

Саяхан баахан дуулиан болж,  амтай болгон ярьсан давхар дээл тайлах асуудал байна.  Бүх л шатанд хэлэлцээд чуулганы эцсийн хэлэлцүүлгээр уначихсан. УИХ-ын дарга “Түүхэндээ эцсийн хэлэлцүүлгээр хууль унаж байгаагүй. Бодолцоорой,  та нар” гэж хэлж байсан даа. Ерөнхийлөгч 2016 оноос дан дээлтэй болгохоор оруулж ирсэн хуулийг 2014 оноос болгоё гэж МАН-ынхан  Н.Алтанхуягийн Засгийн газрыг  унагахаар өөрчилж, тэр санал нь Ардчилсан намын Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт болон О.Баасанхүү, Л.Цог, З.Баянсэлэнгэ нарын саналыг тохирч авснаар эхний хэлэлцүүлгээр дэмжигдээд явчихсан.   

Харин эцсийн хэлэлцүүлгээр  энэ хуулийг  бүрмөсөн  унагасан. Угтаа Ерөнхийлөгчийн санаачилснаар 2016 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр оруулж ирж баталж болох байв. Угтаа  МАН 2016 онд өөрсдөө  хэрэв сонгуульд  ялбал давхар дээлтэйгээ байх хүсэлтэй байсан. Тиймээс хуулийн хугацааг нааш татаж буй нь давхар хонжоо хайсных.  Засгийн газрыг унагах эхний сонирхол мөн  АН-ыг дотор нь хагалах, цаашлаад АН 2014 он болгох саналыг унагалаа гэхэд муу нэр нь МАН-д биш АН-д ирнэ.    Энэ захиалгыг нь хөлсний хүмүүс нь гүйцэтгэчихсэн. Үр дүнд нь МАН дан дээлтэй болохыг хүсээд АН давхар дээлтэй байхыг хүсээд байгаа гэж ойлгуулж чадлаа. Хэдийгээр эцсийн хэлэлцүүлгээр 2014 болгож оруулж ирсэн хуулийн төсөл дэмжигдээгүй унасан ч  МАН өөртөө оноо авлаа. 

Ийнхүү анх байснаасаа буцаж эрх бариагүй намынхантай нийлж  ямар нэгэн эрх ашиг байна. Даваадуулж хэлэхэд энэ бүхнийг хөлсөөр хийсэн гэж харж байнам. Юугаар, ямар хөлсөөр, ямар тохироогоор хийснийг амьдрал яваандаа харуулна биз. 

Казиногийн хууль байна. АН,  МАН-аас  хэн ч санаачлаагүй. Мэдээж аль эрт санаачилсан гишүүд нь шоронгийн хаалга татаж, нэлээд ч үгүй хэл ам дагуулсан. Энэ  хууль яагаад дэмжигддэггүй гэвэл казино байгуулах, байгуулахгүй байх хоёулаа захиалагчтай. Хоёр талын ашиг сонирхол зөрчилддөг учраас энэ хууль гарахгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс ч дараагийн сонгууль дөхөж байхад яагаа ч билээ, хэл ам таталсан энэ хуулийг хэрэгтэй гэж үзсэн ч санаачилж оруулж ирэхгүй өдийг хүрсэн. Гэтэл МАХН-ын Ц.Оюунбаатар гэнэт санаачилж, УИХ-ын Тамгын газраар сэтгүүлчдийг дуудуулж ирээд л ярилцлага өгч  сүйд болов. Энэ нөхөр гэнэт яагаад энэ хуулийг санаачилж,  тэр байтугай хэвлэлийнхнийг цуглуулж сурталчаад эхлэв. Өөрөө ч гэсэн хөлсөөр л хийж байгаа гэж биз хардахад хүргэж байна. Хэвлэлийн дайснаар тодроод, хэвлэлийнхнийг үзэж чадахгүй байсан тэрээр  Казиногийн хуулиа лүндэгдэж байж сурталчлуулаад санаачилсан хуулиа муулуулахаас урьдчилан вакцин хийж байгааг эрхэм уншигч гадарлах буй за.

     Шилэн дансны хууль байна. Хэдийгээр ялихгүй шалтаг хэлж буцаасан ч Ерөнхийлөгчийн зүгээс дахин өргөн барьж  байгаа. Аль хэдийнээ хэлэлцээд баталж болох байлаа. Төсвийн мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг олон нийтээрээ хянах боломжтой энэ хууль их л хэрэгтэй юмсан. “Нэр нь зөв үү, буруу юу, олон улсын жишгээр үнэхээр ингэж нэрлэж болдог уу, судалмаар байна” гэсэн шалтгаар буцаачихаж байгаа юм. Төрийн мөнгийг хэрхэн өөрсдөө ашиглаж зувчуулдгийгаа нуух гэж эмээж л буцаасан хэрэг. Тэрнээс биш ийм хууль хэрэгтэйг улстөрчид мэдэхгүй л байв гэж дээ.  

Энэ мэтээр хүчээр шийдвэр гаргуулдаг гишүүд УИХ-д байна. Унагах хуулиа зориуд унагана.  Өөрсдөд нь хэрэгтэй гэж үзвэл  олон нийтэд хэрэггүй байсан ч баталж орхино. Дээрхээс харахад хууль тогтоох байгууллага шан харамж, хөлс авч ажил гүйцэтгэдэг байгууллага болж. 

УИХ-д шантаажчид рекетчид олон гэж олны ярих үг ортой бололтой.  Тэд бизнес эрхлэгчид Засгийн газар, гадны хөрөнгө оруулагчдыг ажил хийлгэхгүй шантаажилдаг. Төрийн бүх институциуд нь улстөрчдөд барьцаалагдаж ажил хийх боломжгүй болсон. Монголын лидерүүд нь бодлого гаргагч, шийдвэр гаргагчид шиг харагдавч фракц,  бүлэглэлийнхэндээ  таалагдах гэдэг.  Тэднийг дагагчид  нь бас удирдлагадаа таалагдах гэдэг. Ард түмэн харин тэс  өөр зүйл хүсдэг.  Гэтэл эрх ашигтаа барьцаалагдсан улстөрчид нь  “Тэр  илүүг хүртэх гээд байна, би яагаад  бага идэв” гээд л хомхой сэтгэлээр асуудалд хандсаар. 

Энэ мэтээс болж, үйлдвэржилт, төмөр зам, цахилгаан станцууд гацчихсан. Овоо нэг юм бүтэх нь дээ гэхээр л нэг хөлсний хүн гараад ирнэ. Нэг хэсгээрээ болоод эсэргүүцнэ.  Хэний захиалга вэ. Захиалагчийн сэтгэлд нийцэх гэж өөрийн эрх ашгаа бодож нийтийн эрх ашгийг уландаа гишгэж байгаа улстөрчдийг ийм л учраас “Хөлсний алуурчид”-тай зүйрлэв. Тэд өөрсдийн хүслээр биш дохиураар л  ажлаа гүйцэтгэж байна. Ингэж гаргасан  шийдвэр чинь нэг хүнийг захиалгаар буудаж хороосноос илүүтэй үр дүнг нийт монголчуудад авчирч байгаа шүү. 

М.СҮЛД

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн миссийн тэмцээнд зөвхөн хөөрхөн хүүхнүүд очоод түрүүлчихдэггүй

Мисс Батбаатарын Батцэцэгтэй ярилцлаа. Тэрээр 2009 оны Дэлхийн
миссийн тэмцээнд оролцож байсан бөгөөд Сингапурт гэрээгээр ажиллаж байгаад
саяхан эх орондоо ирээд байгаа юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

 -Монголд
ирснээсээ хойш юу хийв. Зураг авалт, янз бүрийн шоунд оролцов уу?

-Үгүй ээ. Эх орондоо ирээд хэд хоног сайхан амарлаа. Монголдоо
ирэх сайхан байна.

-Сингапурт
нэлээд олон жил ажиллалаа. Тэнд ямар газартай гэрээгээр ажилладаг байсан бэ?

-”Carrie Models” агентлагтай гэрээ байгуулж 12 жил хамтарч
ажиллаад ирлээ. Энэ хугацаанд Хонгконг, Шанхай зэрэг олон орноор явж загварын
томоохон шоунд оролцсон. Мөн Сингапур дахь Их Британийн салбар их сургуульд
магистр хамгаалаад ирсэн.

-Ямар
чиглэлээр?

-Анх би чинь “Хөхтэй хан” дээд сургуулийг төгссөн. Тэгээд Санхүү
эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр сурч байгаад сая
бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан.

-16
настайгаасаа гадны байгууллагатай гэрээ хийнэ гэдэг загварын ертөнцөд хөл тавьж
буй охидод тэр болгон олдоод байх боломж биш байх. Таны хувьд гадны ийм том
агентлагтай гэрээ байгуулах завшаан яаж олдсон юм бэ?

-Би 15 настайгаасаа загвар өмсч эхэлсэн. Тэр үед “Шилмэл загвар”
агентлаг л байдаг байлаа. Тэгээд “Шилмэл загвар”-ын Р.Байгаль багшийн гарын
шавь болж дараа нь Эрдэнэтуяа, Болормаа багшид харьяалагддаг байсан. “Шилмэл
загвар” агентлагаас 50 орчим хүүхдийн зургийг Сингапур дахь “Carrie Models”
агентлаг руу шалгаруулалтад явуулсан юм. Тэгээд ердөө гурван охин тэнцсэн нь
одоогийн топ модель Д.Пүрэвсүрэн, Ж.Энхмаа бид гурав.

-Яг
Монголд ажилладаг шиг сэтгүүлийн нүүр царай болж, зураг авалтад оролцох зэрэг
ажил хийх үү?

-Тэгнэ. Гэхдээ тухайн агентлагаас зохион байгуулж буй шоу бүрт
оролцоно. Өөр оронд болох загварын шоунд мөн шалгуулж бусад агентлагуудтай
хамтран ажиллана. Томоохон шоунд оролцохын тулд шалгаруулалтад оролцдог. Сар
гаруй хугацаанд өдөрт 5-6 шалгуурт орох тохиолдол бий. Алхаа гишгээ, биеэ авч
яваа байдал зэрэг. Хэрвээ шалгаруулалтад тэнцэх юм бол ажилтай боллоо л гэсэн
үг. Агентлагаас хэзээ, хаана, ямар шоунд орохыг мэдэгддэг.

-Гадны
загварын шоунд оролцож явахад монгол охидтой таардаг уу?

-Тааралгүй яахав. Сүүлийн хоёр жил хичээл ном гээд цөөхөн шоунд
оролцсон. Гэхдээ ихэвчлэн надаас насаар бага охид таарна. Одоо би чинь мооднаас
гарч миний дараагийн эрэн үе эхэлсэн шүү ээ. Монгол охин таарахаараа сүйд
болно. Тэр болгонд л сайхан яриа өрнүүлж, ингэ, тэг гэж заавар зөвлөгөө өгнө.

-Гадаадад
нэг загварын шоунд моделиор оролцоход дунджаар хэдэн төгрөг авдаг байсан бэ?

-Моделийн зэрэглэлээс хамаардаг. Анх удаа гэрээ байгуулж очиж
байгаа болохоор дунджаар 300 ам.доллар. Гэрээний дагуу тухайн шоундаа
оролцсоныхоо дараа цалингаа авна. Үүний 35 хувийг нь агентлаг авдаг байсан.

-Танай
сургуулийнхан өөрийг тань модель гэж мэддэг байсан уу?

-Эхэндээ мэдээгүй байсан. Магистрын оройн ангид сурч байсан
болохоор өдөржин сургууль дээр байгаад байхгүй. Тэгээд ч амралтын өдрөөр
ихэвчлэн шоунд оролцдог байсан. Тэгсэн нэг загварын шоуг сургуулийнхан тэр
аяараа үзсэн юм билээ. Дараа нь сургууль дээр таарахаараа л “Чи загвар өмсөгч
байсан юм уу. Тийм байхаа даанч их өндөр байсан юм” гэнэ. Сингапурынхан чинь
ерөнхийдөө нуруу намхантай хүмүүс шүү дээ. Харин Монголын охид тэнд очихоор
өндөрт ордог юм билээ.

-Одоо
Монголд суурьших уу, эргээд явах уу?

-Би олон жил, олон ч газраар тэнэсэн/инээв/. Одоо харин эх
орондоо бүр мөсөн ирсэн.

-Монголын
загварын тайзнаа гарах уу?

-Загварын тайзнаа мэргэжлээрээ ажиллахгүй. Тэмцээн уралдаан гээд
оролцоод байхгүй гэсэн үг. Харин “Гоёл” зэрэг томоохон загварын шоу наадамд бол
урилгаар оролцох байх. Яагаад гэвэл би Монголын тайзан дээр бараг гарч
байгаагүй. Нэг удаа л “Гоёл” наадамд оролцож байсан. Мөн дажгүй зураг авалт,
хамтарч ажиллах санал ирвэл хүлээж авна. Гол нь энэ олон жил гадаадын загварын
ертөнцөөс сурч мэдсэн зүйлээ залуу загвар өмсөгч охиддоо заахыг хүсч байна.
Манай Монголын загвар өмсөгчдийн ур чадвар тийм ч муу биш.

-“Дэлхийн
мисс-2014” тэмцээн ирэх ар­ван­хоёрдугаар сард болно. Тус тэмцээнд Монголоос
оролцох загвар өмсөгчийг тодруулах ажлыг ерөн­хийдөө та гардаж ажиллаж байгаа
гэж сонссон.  Энэ талаар дэлгэрэнгүй
мэдээлэл өгөхгүй юу?

-1951 оноос Эрик Мор­лигийн анх санаачилсан Дэл­хийн мисс /Miss
World/ тэм­цээний  финалын шоуг жил бүр
хоёр тэрбум гаруй хүн шууд хү­лээн авч үздэг бөгөөд бусад ижил төстэй
тэмцээнүүдээс хамгийн олон үзэгчтэй, хам­гийн олон улс орнууд оролц­дог, мөн
хүмүүнлэгийн үйл ажиллагаагаараа дэлхийн нийтийн анхаарлыг татаж чадсан
зэргээрээ онцлогтой. Монгол Улс 2005 онд тэм­цээний зохион байгуулагч “Miss
World Limited” компанитай гэрээ хийснээс хойш өдгөө “Дэлхийн мисс” тэмцээнд
нийт есөн удаа оролцоод байгаа юм. Харин энэ жил “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд
оролцох үндэсний ялагч шалгаруулах “Miss world Mongolia” тэмцээнийг зохион
байгуулах комисст ажиллаж байгаа. Энэхүү тэмцээнд оролцох сонирхолтой охидыг
энэ сарын 1-нээс бүртгэж эхэлсэн. 

-Шалгаруулалтыг
ямар журмаар явуулах бол?

-“Дэлхийн мисс” тэмцээнд усны хувцастай, спортлог мисс,
авьяаслаг мисс зэрэг таван төрлөөр шалгаруулалт явагддаг. Яг энэ төрлөөр
шалгаруулалтыг хийнэ. Бидний зүгээс одоохондоо өндөр заагаагүй, мэдээж биеийн
харьцааны стандарт байх ёстой. Miss World гэдэг утгаараа хүнтэй суугаагүй,
хүүхэд гаргаж байгаагүй охидыг бүртгэнэ. Долдугаар сар гэхэд “Miss world
Mongolia” тэмцээний шалгаруулалт дуусч, Монголоос Дэлхийн миссийн тэмцээнд
оролцох загвар өмсөгчийн нэр тодорхой болох болно.

-Таны
хувьд 2009 оны дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан туршлага бий.
Шалгаруулалтад тэнцсэн загвар өмсөгчид мэдээж заавар зөвлөгөө өгнө биз дээ?

-Тэгэлгүй яахав. Тэмцээнд оролцох загвар өмсөгч шалгарсан
тохиолдолд шууд бэлтгэлдээ орох болно. Учир нь шаргуу бэлдэх ёстой. Дэлхийн
миссийн тэмцээн болохоос сарын өмнө тэмцээнд болох газраа очдог. Сарын турш маш
олон шалгуурыг давна. Өглөө 07 цагаас босоод үдшийн 12 цагийн үед унтана. Энэ
хороонд байнга ажиглагчдын хяналтад байдаг. Дэлхийн мисст дэлхийн өнцөг булан
бүрээс хамгийн шилдэг гэсэн бүсгүйчүүд ирдэг. Тэднийг хэн нь хэн бэ гэдгийг
хөндлөгөөс харна гэсэн үг. Байнга л цэх сууж, бусадтайгаа сайхан харилцаа
үүсгэж, өдөржин хөөрхөн байх шаардлагатай. Тиймээс зарим орны охид үүрээр 04
цагт босч нүүрээ буддаг байсан. Би 121 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж шилдэг
25-д шалгарч байсан.

-Энэ
жилийн оролцогчид хандаж ямар зөвлөгөө өгмөөр байна?

-Миний хувьд нүүрээ нэг их буддаггүй болохоор амар санагдсан.
Гэхдээ л байнга цэх сууж, биеэ зөв авч явах ёстой шүү дээ. Мөн дэлхийн мисс
болно гэдэг хөөрхөн охин очоод түрүүлчих юм биш. Оюунлаг, үзэсгэлэнтэй,
ухаалаг, боловсролтой гээд бүхий л зүйлийг агуулсан байх ёстой. Мөн сайн
үйлсийн арга хэмжээнд хэр оролцдог болох гээд олон шалгуураар дэлхийн гоо
бүсгүйг тодруулдаг.Тиймээс загварын ертөнцөд хөл тавьж буй монгол охидод хандаж
хэлэхэд хэлний мэдлэг, боловсролдоо сайн анхаараарай гэж хэлмээр байна.

-Одоогийн
байдлаар аль орны бүсгүйчүүд дэлхийн загварын өнгө төрхийг тодорхойлох
хандлагатай байгаа вэ?

-Fashion талдаа ази царай гадны томоохон агентлагуудын анхаарлыг
татах болсон. Харин дэлхий мисст бол тэр энэ орны хүүхнүүд хөөрхөн гэхгүй.
Латин Америкийн бүсгүйчүүдийг царайлаг гэдэг ч яг тэмцээний үед бол энэ
хамаагүй. Би түрүүн хэлсэн шүү дээ. Сайхан бие, хөөрхөн төрхтэй ч боловсрол,
хэлний мэдлэг чухал гэж. Ер нь дэлхий нийт хэт туранхай загвар өмсөгчдөөс
татгалзах болсон. Сүүлийн үед өсвөр үеийн охид томоохон сэтгүүлийн нүүрэн дээр
гарсан моделиудыг дуурайж хоолоо хэт сойж эрүүл мэндээрээ ихээхэн хохирох явдал
их гарах болсон. Ямар ч сэтгүүл дээр гарсан зургийг photo shop ашиглаж
гаргадаг. Тэгэхээр сэтгүүлийн нүүрэн дээрх хүн амьдрал дээр яг тийм
харагддаггүй ч байж болно шүү дээ. Харин одоо бол биедээ зохицсон галбиртай
байх нь чухал болсон үе.

 Д.ДАВААСҮРЭН