Categories
мэдээ цаг-үе

Олон улсын хөдөлмөрийн чуулга уулзалтаар Монголыг онцлов

Дэлхийг удирддаг гэгдэх Швейцарь улсын  Женев хотноо болсон олон улсын хөдөлмөрийн дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцоод ирлээ. Түүний ямар ажил амжуулж юу ярьж явсан талаар хүргэж байна. Женев хотоос дэлхийг удирддаг гэсэн шалтгаан нь НҮБ-ын хоёр дахь том төв энд бий. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас  жил бүр зохион байгуулдаг  хөдөлмөр эрхлэлт ба хөгжил дэвшлийн талаарх дээд хэмжээний чуулга уулзалт энэ сарын  4- 12 –ны өдрүүдэд болж өнгөрлөө. “Ажилтай хөгжил дэвшил-Хөдөлмөр эрхлэлт 2014” нэрийн дор болсон чуулга уулзалтад 183 орны таван мянга гаруй зочид төлөөлөгчид оролцсон юм. Дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож байгаа орнууд  жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжиж ажиллаж байгаагаа тайлагнадаг байна. Мөн  цаашид хөдөлмөр эрхлэлтийн талаар ямар зүйлд анхаарах ёстой зэргийг хэлэлцэж  ерөнхий чиг баримжааг гаргадаг ажээ. Тус байгууллага 1919 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл Олон Улсын Хөдөлмөрийн Ерөнхий Бага хурлаараа нийт 188 конвенц, 199 зөвлөмжийг батлан гаргажээ. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орж байгаатай холбогдуулан энэ удаагийн чуулга уулзалтаар ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх талаар онцлон ярьсан юм. Эдийн засгийн хямралын үед байгаа ажилтнуудаа халалгүйгээр авч үлдэн даван туулах арга замын талаар зөвлөмж өгч байсан юм. Тухайлбал, санхүүгийн хямралыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлбэрээр даван туулахыг онцолсон байна. Төр болон ажил олгогч, үйлдвэрчний эвлэл нягт хамтран ажиллах ёстойг сануулж байв. Ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийг хамтдаа асуудлаа ярилцаж шийдвэрлэх, ялангуяа үйлдвэрчний эвлэл  цалин нэм  гэдэг арга хэлбэрээ өөрчлөхийг зөвлөсөн юм .

 Дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Монгол Улсыг онцолсны учир…

“Ажилтай хөгжил дэвшил- Хөдөлмөр эрхлэлт 2014”  нэрийн дор болсон дээрх чуулга уулзалтад Монгол Улсыг  онцолж байв.  Манай улсыг онцлох болсон шалтгаан нь  Олон улсын хөдөлмөрийн байгууллага Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Ажилтай орлоготой Монгол хүн”  хөтөлбөр хэрэгжүүлж,  хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан яам байгуулан ажиллаж байгааг зөв замаар явж байна хэмээн үзсэнтэй холбоотой ажээ.  НҮБ-ын Женев дэх төв байранд болсон 103 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг урилгаар оролцож илтгэл тавьсан юм. Мөн тус хуралд манай улсаас Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Монголын үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогчдын холбооны тэргүүн Х.Ганбаатар зэрэг 20 гаруй төлөөлөгч оролцов. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тавьж байгаа шаардлага, нөхцөлд нийцсэн бодлого хэрэгжүүлж байгаа  хоёр орныг сонгон авч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын аль нэгийг урилгаар оролцуулдаг юм байна. Өнөө жилийн хуралд  Ерөнхий сайд Н.Алтанхуягт дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож, илтгэл тавих урилгыг  Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Гайя Райдер  албан ёсоор өгсөн аж. Тэрээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үеэр Ерөнхий сайдыг  угтан хүндэтгэл үзүүлж, тусгай уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр  “Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан яам байгуулан ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Мөн Монголын  Шинэчлэлийн Засгийн газраас барьж байгаа хөдөлмөрийн харилцааны эрх зүйн үндэсийг шинэчлэх, боловсронгуй болгох, мөн цалин хөлс, нийгмийн халамжийн тогтолцоонд шинэчлэлт хийхэд дорвитой хувь нэмэр оруулсныг тэмдэглээд зохистой эдийн засгийг дэмжих, боловсон хүчний чадавхийг сайжруулах талаар авч, халамжийн системийг халж, хүмүүстээ хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын барьж байгаа бодлоготой нийцэж байгаа гэдгийг онцлон хэлсэн юм. Мөн 103 дахь удаагийн чуулга уулзалтын сэдэв нь “Ажилтай хөгжил дэвшил- Хөдөлмөр эрхлэлт 2014”.180 гаруй орны хэрэгжүүлэхээр шийдсэн бодлогыг гарахаас хоёр жилийн өмнө Монголын Засгийн газар “Ажилтай орлоготой монгол хүн” гэдэг  хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь манай улс бусад орнуудаас нэг алхмын өмнө явж байгаа гэсэн юм ажээ. 

НҮБ-ын индэр дээрээс дэлхийн 180 гаруй орны таван мянга гаруй  төлөөлөгчийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Хөдөлмөрийн яамыг шинээр үүсгэн байгуулж, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанаас гадна жижиг, дунд үйлдвэр, хоршоо, мэргэжлийн боловсрол, сургалт зэрэг иргэдээ ажилтай, орлоготой байхад дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлуудыг тус яаманд хариуцуулсан. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт-нийлүүлэлт тэр дундаа ЖДҮ-ийн хүний нөөцийн асуудал цогцоор шийдэгдэхэд чухал алхам боллоо. Мөн ажил олгогчийн захиалга, ажил хайж буй иргэдийн мэдээллийн бүртгэлийн нэгдсэн систем бий болгоход ихээхэн дэмжлэг болсон. Зах зээлд өрсөлдөх чадвар сул иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хангах зорилгоор “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх” зэрэг хэд хэдэн дэд хөтөлбөр, төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол оронд хөдөлмөр, нийгмийн олон асуудлыг гурван талт гэрээ хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэж, орон нутаг, салбар, аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн түншлэл амжилттай хөгжиж байна” гэж хэлсэн юм. 

“Монголыг дэмжээрэй”

Ерөнхий сайдтай  НҮБ-ын Женев дэх төвийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Майкл Мөллер уулзсан юм. Тэрээр “Монгол Улс НҮБ-д хэд хэдэн чиглэлээр, хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрх үүргийг бэхжүүлэх, хоршооллын хөгжил, бүх нийтээр бичигтэн болох, зэвсэг хураах, ардчиллыг бататгах, энхийг сахиулах зэрэг чиглэлээр санаачилгатай ажиллаж байна” гэж хэлсэн юм. Мөн энхийг сахиулах цэргийн ажиллагаанд хувь нэмрээ оруулж, НҮБ-ын гишүүний үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нь олон улсад Монголын нэр хүндийг өргөж байгаа явдал гэдгийг цохон тэмдэглэж байв. Манай улсын  хувьд 2015 онд болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгууль, 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүний сонгууль болон удахгүй Найроби хотноо болох НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ассамблейн Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэрээ дэвшүүлж байгаа аж. Иймд уулзалтын үеэр  Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён Майкл Мөллерт  хандан “Манай сайхан оронд зочлохыг албан ёсоор урьж байна, “Монголд итгэж болно. Монголыг дэмжээрэй” хэмээн хэлсэн юм.


 ЖДҮ-ийг нэмэгдүүлэх боловсон хүчин бэлтгэх төсөл хэрэгжүүлэнэ 

Монгол Улсын Засгийн газар ОУХБ хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Хөдөлмөрийн сайд  Я.Санжмятав, ОУХБ-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Ёшитэрү Урамото нар гарын үсэг зурав. Үүний хүрээнд ОУХБ-аас томоохон ажлын хэсэг манай улсад ирэх наймдугаар сард зочлох гэнэ. Тэд жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулахад анхаарч, төсөл хэрэгжүүлж ажиллахаар болжээ. Ерөнхий сайд Женев хотод ажиллах үеэрээ Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж байгаа өрсөлдөх чадвар бүхий хариуцлагатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн SCORE (Sustaining competitive and responsible enterprise), Эдийн засаг, худалдааг төрөлжүүлэхэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн STED (Skills for Trade and Economic Diversification) хөтөлбөрийн танилцуулга уулзалтад оролцож, эдгээр хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах асуудлаар санал бодлоо солилцсон юм.  

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Отрядын Гүндэгмаа

Монголын буудлагын спортын нүүрийг олон жил тахалж яваа ганц бүсгүй бол Отрядын Гүндэгмаа. Хамгийн сүүлд Германы Мюнхен хотноо зохиогдсон буудлагын спортын дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд түрүүлж аваргалсан юм. Дэлхийн цомын алтан медаль түүний хувьд долоо дахь нь. 2012 оны Лондонгийн олимпоос хойш олон улсын чанартай томоохон тэмцээнд оролцоогүй байсан хэдий ч медаль “зулгаагаад” ирнэ гэдэгт нь итгэлтэй байсан юм. 

Бээжин-2008 зуны олимпийн наадмыг эргэн саная л даа. Олимп эхлээд тав хонож байхад манайхнаас медалийн чимээ сонсогдохгүй л байв. Наймдугаар сарын 13-нд спортын гар бууны 25 метрт өрсөлдөж буй шилдэг тамирчдаас найм нь үлдсэн. Медалийн төлөө, олимпийн аваргын төлөөх өрсөлдөөнийг О.Гүндэгмаа оноогоороо тэргүүлж байлаа. Бууны сум нь гацлаа, үндсэн буудлагадаа 590 оноо авлаа гэхтэй зэрэгцээд мөнгөн медаль дээр буужээ. Ямар ч байсан 15 наснаасаа эхлэн буудлагын спортоор хичээллэсний үр дүнг гаргав. Тэрээр 1978 оны тавдугаар сарын 23-нд Улаанбаатарт төрсөн. Аав нь уулын болон шүхрийн спортын олон улсын хэмжээний мастер Д.Отряд. Ээж нь ч бас шүхрийн спортын мастер. Д.Отряд гуай Гүндэгмааг бага байхад 50 метрийн троссонд дүүжлээд нисдэг тэрэгтэй наадмаар үзүүлэх тоглолт хийдэг байсан гэнэ. 

Спортын гэр бүлд төрсөн болохоор арван жилээ төгсөөд шууд л Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш, дасгалжуулагчийн ангид оржээ. Харин түүний амжилтын буухиа 1996 оны Атлантын олимпоос эхэлсэн. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж шагналт тавдугаар байрт шалгаран олимпийн медаль надад ойрхон бий шүү гэдгээ харуулсан. Дараагаар нь буюу 1998 онд дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэнээр олон улсын тавцанд хүчтэй өрсөлдөгч байж чадна гэдгээ баталсан. Харин 2000 оны Сиднейн, 2004 оны Афины олимпийн наадамд зургадугаар байрт орж байв. Олимпийн наадмын даагаа 2008 оны Бээжингийн олимпоос нэхэж мөнгөн медаль аваад байгаа билээ. Дэлхийн аваргуудаас гэвэл зөндөө л медаль авсан. 2002 онд Азийн аваргын хүрэл, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл, 2006 оны дэлхийн аваргын хүрэл гээд түүний амжилтуудыг тоочоод дуусахгүй. Товчоор оролцож үзээгүй тэмцээн, авч үзээгүй медаль байхгүй биз. Ганцхан олимпийн аварга болох л дутаад байгаа. Ирэх олимпод аваргын төлөө зүтгэнэ гэдэгт олон хүн найдаж байна. 

О.Гүндэгмаа анх өөрийн багш, дасгалжуулагч Л.Ундралбаттай гэр бүл болж охинтой болсон. Одоо харин хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартай ханилж дөрвөн хүүхдийн ээж аав болжээ.

Д.СҮРЭН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Онгоцны 42 зорчигчийн амийг аварсан гавьяатай анги

Нэг. Байлдааны анги байгуулагдсан түүх


Хилийн цэргийнхэн болон гадаадад үүрэг гүйцэтгэхээр явж буй дайчдын тухай л биз гэж бодож байна уу. Үгүй юм аа. Хүмүүс тэр болгон мэдээд байдаггүй, өөрсдөө ч бид хилээ манаж байгаа гэж цээж дэлдээд явдаггүй, гэхдээ эх орны өгсөн тушаалыг биелүүлэн цэнхэр тэнгэрээ нүд цавчилгүй харуулдаж “байлдсаар” байгаа цэргийн анги байдаг юм. Бүр 50 жил байлдааны үүрэг гүйцэтгэсээр байгаа гээч. Түүх сөхвөл 1960-аад оны эхээр олон улсын байдал их хурцадсан тухай ахмад үеийнхэн мэднэ байх. Манай өмнөд хөршид соёлын хувьсгал гарсан жил л дээ. Улаан хамгаалагчид улс орноо шинэчилнэ хэмээн бужигнуулж, бас манай улсын дархан хилийг удаа дараа зөрчихийн зэрэгцээ дотооддоо ч үймээн самуунтай байсан цаг. Төр засгийнхаа өндөр албан тушаалтнуудаас эхлээд албан байгууллагын дарга эрхлэгч нарыг хүртэл, цаашлаад их дээд сургуулийн багш, профессорууд, үндсэндээ сэхээтнүүдээ бараг толгой дараалан баривчилж, хөнөөхийг нь хөнөөн шоронд хорихыг нь хориод ёстой л нөгөө хөл толгойгоо алдаж байсан эгзэгтэй, эмгэнэлтэй мөч. Батлан хамгаалахын сайд байсан Пэн Ди Хуа гэж генералаа хүртэл зодож нүдээд хөлийг нь хугалан, улаан нялга болгочихсон гудамжаар чирээд явж байсан гээд бодохоор ямар аймшигтай явдал болсон нь төсөөлөгдөж байгаа биз. Энэ үймээн самуун манай улсын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд нөлөөлсөн нь мэдээж. Ямар ч гэсэн өмнөд хил дагуу Хятадын олон мян­ган цэрэг байрлаж өдөөн хатгалт тасрахаа больсон гэдэг. Тэр ч бүү хэл зарим өдөөн хатгагчид “Хятадын цэргүүд хил давж орж ирээд хөвөнтэй өмднүүдээ тайлаад шидэхэд Монголыг бүхэлд нь дарж хүрэлцэнэ” гэх бор шувуу нисгэж байсныг санаж байна.

Түрүүчийн шуугиан ид өрнөж байхтай зэрэгцээд Карибын тэнгисийн эрэг орчим мөн л дайны сүүдэр хүүшилсэн сураг гарлаа. Куба Америктай дайтахдаа тулсан түүхийг хэлж байна. Дэлхий нийтээрээ түгшиж байхад манай улс яаж зүгээр суухав. Цэрэг армиа бэхжүүлэх шаардлага гарч. Тэр үед манай улс ардын армиа татан буулгаад ганц хоёрхон барилгын батальон үлдээж, Батлан хамгаалахын сайд Ж.Лхагвасүрэн генералыг Биеийн тамир спортын Улсын Хорооны даргаар томилсон, их л тайван байсан цаг шүү дээ.

Цэрэг армиа цэгцэлж амжаагүй шахам байтал хойноос орос (ЗХУ-ын) цэргүүд зэвсэг, техникээ агсаад хил дээр бөөгнөчихлөө. Хоёр улсын гэрээ хэлэлцээр ёсоор манай улсын өмнөд хилийг хамгаалах гэж тэр. Монгол цэргүүдийг орчин үеийн байлдааны зэвсэг техникт сургах мэргэжилтнүүд нь ирчихсэн байдаг. Барилгын ганц хоёр ангиасаа аравдугаар анги төгссөн цэрэг цуглуулсан чинь арав хориос хэтэрсэнгүй. АИХ-ын тэргүүлэгчид яаралтай хуралдан тогтоол гаргаж, их дээд сургуулийн оюутнуудыг цэрэгт татахаар болов. Ийнхүү 1964 оны долоогоос аравдугаар сарын хооронд голдуу оюутан залуучуудаас бүрдсэн Ардын Армийн 065, 028 дугаар ангиуд байгуулагдсан түүхтэй. 065 гэдэг нь радио локаторын, 028 нь пуужингийн анги. Эхний нэг жил манай хоёр анги Улиастайд нэг дороо байсан юм. Нэг гал тогоонд ээлжээр хооллож, нэг клубт үзвэр үзэж, нэг хашаанд байрлах боловч дарга нар нь тус тусдаа байлаа. Үе үе өөр зуураа хөөрхөн тэмцэлдэнээ.

Ялангуяа нэг анги хоол­лож дуусаад нөгөө анги хоо­лондоо орох үед аяга хал­багаа булаацалдахаас эхлээд хоолоо ч шидэлцэх нь байх. Өлссөндөө биш л дээ. Залуучуудын дунд байдаг л нэг гэм хоргүй өрсөлдөөн юм даа. Оюутан цэргүүдийг голдуу барилгын ангиас ирсэн харьцангуй хуучин цэргүүд даргалдаг байлаа. Бага дарга нар гэсэн үг. Салааны дарга нар хүртэл Цэргийн Ерөнхий сургуулийн төгсөх ангиасаа шууд томилогдож ирсэн, халимагаа ч ургуулж амжаагүй залуухан бага дэслэгчүүд.

Нөгөө барилгын цэргээс ирэгсэд маань бас ч гэж цэргийн карантинд 45 хоног нухлуулсан болохоор юм үзэж нүд тайлсан, нэг ёсондоо цэрэг хэрхэн дэглэдэг талаар анхны мэдэгдэхүүнтэй. Тэд л асуудлыг өдөөлгүй яахав. Яриад байвал сонин сонин хууч зөндөө дөө зөндөө. Ямар ч байсан бид Халх голын дайны домогт жанжин Лхагвасүрэн, Б.Цог нарын удирдлагад цэргийн алба хааснаараа бахархаж явдаг. Бас их дээд сургууль, техникумаас цэрэгт татагдсан анд нөхдөө хэзээ ч мартдаггүй. Арга ч үгүй биз бүтэн гурван жил нэг казарма (цэргүүдийн байрыг ингэж нэрлэдэг)-д амьдарч нэг тогооноос хооллож, хөл нийлүүлэн жагссан юм чинь. “Ээжийн бор аяга”-ын Нанзадын Чулуунхүү бид хоёр давхар орон дээр зэрэгцэн унтдаг байлаа. Чулуунхүү, Ядамсүрэн, Равдан бид хэд ойролцоохон офицер болцгоосон юм. Манай Чулуунхүү тэр үед ингэж сайн дуулдаггүй байж билээ. Хүүхэд байхдаа уртын дуу дуулдаг байсан гэсэн. 1970 онд байх бүх ард түмний урлагийн үзлэгийн нэгдүгээр шат эхэлж, цэргийн анги бүр концерт бэлтгэдэг юм. Тэр уралдаанд манай ангийн концерт армидаа тэргүүн байр эзэлж иж бүрэн хөгжмөөр шагнууллаа. Манай хөгжмийн салааны ахлагч Жогоогийн Төмөрбаатар, улс төрийн ажилтан Дамбын Мятав бид гурав цирк дээр очиж, тэдний хөгжмүүдийг иж бүрнээр нь хүлээж авсан юм даг. Манай концертонд Цэвээнравдан (яагаав нөгөө ангийн байцаагч) “ гэрийн гадаа пид пад…” гээд л шүлэг уншина. Өөр нэг цэрэг ард нь зогсож суган доогуур нь гараа оруулаад хөдөлгөөн хийнэ. Харин найруулагч Доржсамбуу хөдөөгийн салбарт байсан болохоор оролцож амжаагүй. Цэргийн ансанбелиас манай ангид хоёр сайн бүжигчин холбоочин болохоор ирсэн үе ч таарсан. Долгор, Баярсайхан гэж. Манай ангийн бүжиг их сайн байсан нь энэ хоёртой холбоотой. Манай Мятав, Төмөрбаатар хоёр баян хуур хөгжим сайхан тоглоно. Готовын Нямаа (цэргийн ансамбельд дуучин байгаад хойшоо сургуульд явж зохиолч болсон), Барамбай (цэргийн ансамбелийн 60 харын нэг шүү дээ), Хашчулуун, Батмөнх (Дарханы чуулгын дуучин болсон МУСТА), Цэндсүрэн, Дуламсүрэн гээд мундаг авьяастай залуусыг нэрлэж болно. Хөдөөгийн салбаруудад олон авьяаслаг залуус байсан л даа. Тэр болгоныг татаад авчрах боломж хомс. Яагаад гэхээр тэд маань байлдааны үүрэг гүйцэтгэж байсан болохоор тэр. Баавгайн Цэрэндорж гэж гоё дуулдаг байлдагч байлаа. Хожим нэртэй дипломатч болсон. Барамбай Мятав бид дөрөв гитардаж байгаад л орос дуунууд дуулдагсан. Үүнээс гадна манай анги Монголдоо анх удаа КВН буюу АСК-ийг телевизээр явуулсан түүхтэй. Архивт байдаг эсэхийг мэдэхгүй юм. Эвлэлийн төв хороо (тэр үеийн нэрээр)-ны байранд урьдчилж бичээд тэр жилийн наадмаар гарсан юм. Өрсөлдөгч баг маань 028 дугаар ангийн баг. Манай Чулуунхүү ангийн уран сайханд бүжиглэдэг байсан чинь хожмоо гитар тоглож сураад, улмаар дуучин, ая зохиогч, гавьяат болчихдог байгаа. Миний доод талын орон дээр Гаваадайн Гомбожав гэж Налайхын хүү байрлах. Одоо ч бид найз нөхөд хэвээр. Тэр маань ахмад уурхайчин, бас бэлтгэл офицер, хошууч байх. Цаашаа үргэлжлүүлээд Үлэмжийн Чангаа (хүний их эмч), Ален (их эмч), Жумай (эм зүйч), Шархүү (эрүүл ахуйч эмч), Эрдэнэбаатар, Батнасан (гэмтлийн алдарт эмч болсон), гээд л Нэргүй, Буджав (сайн боксчид болсон), Санжжав гээд л цуварна даа. Манай ротынхон ихэнх нь хожмоо цэргийн том том дарга нар болсон доо. Ядамсүрэн бригад, дивиз командлагч хурандаа, Налжир хурандаа Ерөнхийлөгчийн зөвлөх, ОХУ-д цэргийн атташе байсан, Чулуунхүү хурандаа, Дашзэвэг хурандаа Армийн улс төрийн Газрын дэд дарга асан, Тунтуу хурандаа Армийн эвлэлийн ажлын Хэлтсийн дарга асан, Даваасамбуу хурандаа ПВО-ийн дарга асан, Доржпалам хурандаа химийн цэргийн командлагч асан, Наранбаатар, Батцэнгэл, Үрстэмийн Хусаан, Дуламын Бямбаа, Цэрэнтогоочийн Бямбаа, Дамбын Мятав, Маднет гээд хурандаа, дэд хурандаанууд.

Хоёр. Эх орноо хамгаалан “байлдах” тушаал авсан нь

Дээр дурдсан хоёр ангийн дайчид бид нэг жил Зөвлөлт (тэр үеийн нэрээр)-ийн мэргэжилтэн офицеруудаар цэргийн эрдэм заалгасныхаа дараа буюу 1965 оны зургаан сард шиг билээ, АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар байлдааны үүрэг гүйцэтгэх даалгавар авч Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн нутагт анхны салбаруудаа нээснээс хойш өнөөдрийг хүртэл 50 жил улсынхаа агаарын хилийг хамгаалах байлдааны үүргийг гүйцэтгэсээр байдаг. Манай салбар тэр жил Өвөрхангай аймгийн төвөөс урагш тав зургаан км зайд Дайрганы голын хөвөө орчим байрласан юм. Бид 45-уул байсан юм. Анхны дарга нар маань Цэрэнтогоочийн Бямбаа, Чадгаа, өндөр Бадам, Кавкай, эмч Санги, ахлагч Таяийн Дэмбэрэл, Батчулуун, Жаграй гэж сайхан залуус байлаа. Тэр өвөлдөө байр баригдаж дуусаагүй тул дан майханд өвөлжиж билээ. Өвлийн хүйтэнд гадаа хооллох л их хэцүү санагддагсан. Тэр үед голдуу л шар будаатай хярамцагтай шөл иднэ. Амандаа хийж амжаагүй шахам байхад л царцана. Зарим шөнө цас шуураад, салхинд майхан маань хийсчихнэ. Босохоосоо түвэгшээгээд тэр чигтээ л хөнжилдөө шургаад, нэхий дээлээрээ хучаад, цасанд даруулаад хоночихно доо. Залуу насны аагаар л даарч хөрөхийг тоолгүй л өвлийг давсан байх. Увсын Авгаан гэж бүдүүн бор цэрэг тогооч хийнэ. Дарга нар маань ч гэсэн дээ, дан бүрээстэй гэрт л даарч хөрөн өвөлжсөн дөө. Салбар маань идэшний хэдэн хоньтой. Сант сумын нутагт нэг цэрэг хариулдаг. Дараа жил нь манай ангийн хоньтой саахалт Лоохууз гэж малчных буулаа. Сураг сонсвол нам төрийн эсрэг хуйвалдсан эсэргүү, нутаг заагдаж ирсэн нь тэр гэх. Хониндоо явахдаа хурганы уутанд дүүрэн ном хийж аваад явдаг гэж хоньчин цэрэг хуучлах. Хожмоо цагаадаж, АИХ-ын орлогч дарга хүртэл болсон алдарт Лоохууз гуай шүү дээ. Бид ээлжээр станц дээр жижүүрлэнэ. Локаторын цэргүүд болохоор станц бүхий машиндаа тухтайхан сууна. Харин морзчин цэрэг дан бүрээстэй гэрт станцынхаа өмнө сууна даа. Ээлжинд гарахдаа хоёр хөнжил авч гарна. Нэгээр нь толгойгоо, нөгөөгөөр нь хөлөө ороож аваад суудагсан. Хоёр цаг болоод нэг мэдээ дамжуулна. Долоо хоногийн бямба гаригт нэг жаргана. Дарга нар маань дагуулаад аймгийн төв орж халуун усанд мулз угааж аваад, дараа нь бүжгэнд ор­но, заримдаа бөхийн ба­рилдаан үзнэ. Манай салбараас гурав дөрвөн цэрэг барилданаа. Баянхонгорын Дуламын Бадарч гэж залуу сайн барилдаж дараа жил нь аймгийн начин болсон юм даг.

Нутгийнхан биднийг ни­сэхийн цэргийн анги л гэдэг байлаа. Анх 1965 оны тэр нэг өдөр хотоос үүр шөнийн заагаар л түргэн авч машин машиндаа суугаад гурван тийш гарсансан. Улиастайгаас Говь-Алтай аймгийн Гуу­лингийн талд байрлах ангитай хамт урт цуваа болж гараад бид замдаа үлдсэн юм. Тэр дороо л том нуувч ухаад машин техникээ далдалж, өөрсдөө майхан, палаткаа барин тухалчихав. Бямбаа дарга аймаг давхиад айраг, хэдэн шуудай өргөст хэмх олж ирээд дэргэд тавьж байгаад өдөр шөнийн дотор л машин техникээ далдалж билээ. Хожим нутгийнхан гайхдагсан. Нэг өглөө харсан зөндөө олон машин техник зогсож байсан маргааш нь алга болоод хэдэн ногоон дов болчихсон байсан гэж. Тэгээд л байлдааны үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсноо төвд дамжуулснаар “байлдаж” эхэлсэн гэсэн үг. Салбарын дарга маань Цэрэнтогоочийн Бямбаа цэргийн хүн ийм л байдаг гэж хэн ч бодохоор, гялалзсан дэслэгч залуу байлаа. Баянхонгор нутгийн уугуул. Зөвлөхөөр нь Бабаев гэж дээд урууландаа сахалтай, ахмад очлоо. Хотод би энэ ахмад, бас Яремчук гэж хоёр метр гаруй өндөр түрүүч хоёрын орчуулагч хийдэг байсан болохоор Бабаев ахмад намайг энд дагуулж очсон хэрэг. Бабаев ахмад радио техникийн, Яремчук түрүүч морзын хичээл заана.

Өвөрхангайд үлдсэн хоёр жилийн албаа хаасан манай салбар одоогийн 103 дугаар салбар болсон аж. Бид бол энэ салбарын анхны цэргүүд гэсэн үг. Уг нь бүх цэргүүдээ овог нэр, нутаг усаар нь мэддэг байж билээ. Одоо нилээдийг нь мартчихсан байх юм. Лав л Отгивийн, Оригийн, Бадиагийн, Надмидын гээд дөрвөн Батсүхтэй байсныг мартаагүй. За тэгээд Хорлоогийн Сумьяа, Санж-осорын Пүрвээ (хожим хурандаа болсон), Намжилын Лхагвасүрэн, Үрстээмийн Хусаан, Аятбайн Аманбай, Жүжингийн Үрчээн, Дүүдэйн Сорогжоо, Жалцангийн Найдан, Жүгдэрийн Даваахүү, Өжөөгийн Нямаа, Жахирхааны Казбек, Нямбуу, Дашийн Бямбаа (хожим Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ-ын дарга асан),Нурдаан, Хүрэлчулуун, Жамьянгийн Чулуун, Цэрэнпилийн Бааяа, Пүрэвдорж, Хусмаан, Аманбай, Нурдаан, Чулай, Сумьяа гээд санаанд орж ирж л байна. Үрстээмийн Хусаан, Намжилын Лхагвасүрэн, Цэрэндоржийн Өлзийбат бид гурав Анагаах ухааны дээд сургуулиас хамт цэрэгт татагдаж очсон нөхөд. Өлзийбат бид хоёр бүр арван жилээ хамт төгссөн гээч. Нэр нь бичигдээгүй үлдсэн дайчин андууд минь битгий гомдоорой. Мартаагүй шүү. Тэр үед зургийн аппарат ховор байсан болохоор эргэн дурсахаар зураг хөрөг ховорхон үлдэж.

1965 онд Аймгийн наадмаар анх удаа цэргийн парад алхсан нь бид хэд. Дарга нар урд талд нь араас нь АК (тэр үед дөнгөж ирж байсан автомат буу) буу элгэндээ авсан бидний дөчин цэрэг, алхаад л… Бүгд нэг дороо болохоор жижүүрт гарах ч амар. Орноосоо нойрмог босоод станцынхаа ард суучихна. Нойр хүрээд байвал цэргүүд унтаж байгаа байранд ороод нөхдийгөө шоглоно доо. Өглөө босоход бүгд л сахалтай, урт сормостой алиалагч шиг л эрээн алаг болчихсон, бөөн инээд наадам болно. Шоглуулсан нөхөд дараа нь хариугаа янз бүрийн хэлбэрээр авна даа.

Гурав. Олон зорчигчийн амь насыг аварсан манай даргын гавьяа

Манай анги их сайхан, өвөрмөц анги байлаа. Манай салбарынхан нэг гавьяа байгуулсан юм байна. Манайхан иргэний агаарын тээврийн бүх онгоцыг маршрутаар дагуулан бичиж, том самбар дээр зураад тэр дагуу төвд мэдээлдэг байлаа. Яг үүнтэй зэрэгцээд пуужингийн ангиуд хяналтанд орж, пуужингууд онгоцны чигийг даган онилдог байсан гэсэн үг л дээ. Дайсны онгоц байвал шууд устгахад бэлэн байдаг гэж ойлгож болно. Тэгсэн иргэний тээврийн онгоц Өвөрхангайд дөхөж ирээд төвтэйгөө холбоо тасарч бөөн сандрал үүсэхгүй юу. Тэгсэн манай локаторынхон явж буй маршрутыг нь мэдэж байсан болохоор холбоо тогтоож, шатахуун нь дуусан, бас дугуй нь буухаа больсон онгоцыг аймгийн төвөөс урагш 30 гаруй км зайд байх, говийн элсэн дунд элгээрээ гулсаж буух боломж олгосон юм. ИЛ-18 онгоц байсан биз, одоо санавал 42 зорчигч байсан нь эсэн мэнд газардаж, нэг ёсондоо онгоц болон тэдгээр 40 гаруй иргэний амь насыг аварсан гэсэн үг л дээ. Бид яахав үүргээ л гүйцэтгэсэн цэргийн албан хаагчид болохоор ямар нэг гавьяа байгууллаа гэж төсөөлөө ч үгүй л өнгөрсөн юм даг. Гэхдээ мэдээж арай ч зүгээр биш ээ. Нисэхийн зүгээс талархал илэрхийлж баяр хүргэсэн л дээ. Бас яамнаас, төр засгийн зүгээс манай зарим дайчдыг шагнаж урамшуулсан байх. Харин гол үүрэг гүйцэтгэсэн манай салбарын дарга дэслэгч (одоо бол бэлтгэл хурандаа) Бямбаа маань зүгээр л магтуулаад өнгөрсөн шиг билээ. Магад ч үгүй тухайн ослыг (одоогоор бол осолд тооцогдох байлгүй) нэг их дэлгээд зарлаад байхыг хүсээгүй л болов уу. Улсын нэр хүндийн асуудал гэж үздэг байсан цаг шүү дээ. Уг онгоцонд голдуу л Өвөрхангай, Баянхонгор аймгийн иргэд зорчиж явсан гэдэг. Сураг сонсвоос зарим нэг зорчигч нутагтаа энх тунх амьдарч байгаа гэх юм билээ. Манай Бямбаа дарга ч жинхэнэ эр хүн тэр тусмаа цэргийн хүн байсан. Одоо ч тэр л хэвээрээ тэв тав хийгээд л гялалзаж яваа шүү. Бэлтгэл хурандаа. Тэтгэвэрт гарсан хойноо ч гэсэн хилийн цэргийн Зэлтэрийн заставт сайн дураараа очиж хэдэн жил гэрээт үүрэг гүйцэтгээд ирсэн гэж байгаа.

Дөрөв. 50 дахь жилдээ “байлдсаар” байгаа ангийн алдар үл мартагдмуу

Монголын мянга мянган хөвгүүд Зэвсэгт хүчний 065 дугаар ангид цэргийн албаа нэр төртэй хааж, байлдааны үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Харин тэдгээр дайчдын гавьяа зүтгэлийг төр засгийн зүгээс анзааран үнэлж байсан нь ховор талдаа. Буудалцаагүй болохоор анзаардаггүй биз ээ. Хилийн цэргийнхэн халагдахдаа “Онц хилчин” тэмдгээ зүүгээд буцна. Гадаадад тэр дотроо Ирак, Афганистанд, Чад гээд улс орнуудад алба хаасан дайчид бараг бүгд эх орноо хамгаалсан гэх тодотголтой төрийн одон медаль шагнуулна. Харин 065-ынхан өргөсөн тангарагтаа үнэнчээр “байлдсаар” л, халагдсаар л.

Одоо бол манай анги 103 дугаар салбар гэдэг нэртэй, Баянхонгор аймгийн Баянлиг суманд үүргээ гүйцэтгэж байна. Хугацаат цэргүүд алба хашихаа больж гэрээт дайчидтай болсон гэсэн.

Ангийнхаа тухай бичээд байвал бүхэл бүтэн хэдэн боть ном ч багадах байлгүй. Харин тавин жил байлдааны үүрэг гүйцэтгэсэн энэ алдартай ангийг яам, төр хэрхэн анхаарахыг мэдэхгүй юм. Халх голын дайнд оролцсон дайчдад ”Цагаан морь” гэх дурсгалын тэмдэг өгөөд хожим нь гучин жилийн дараа төрийн одон болгох зарлиг гаргасан байдаг. Тэгвэл 065, 028 дугаар ангид алба хаасан дайчдад байлдааны үүрэг гүйцэтгэснийх нь хувьд дурсгал болон үлдэх төрийн одон үгүй юм гэхэд нэг сайхан дурсгалтай “тэмдэг” үлдээх талаар Батлан хамгаалахынхан санаачилга гаргаасай гэж бодох юм. Лав л манай Чулуунхүү нэг сайхан дуу хийх байлгүй. Яруу найрагч СГЗ Б.Хүрэлбаатар үгийг нь бичих байх. Яагаав нөгөө “Цэцэгт нуурын хөвөөнөөс цэргийн албанд мордлоо доо .. “ гээд бичдэг. Ийм л түүхтэй, алдартай анги. Эх орноо хамгаалан 50 жил байлдсан, одоо ч байлдсаар байгаа дайчид шүү дээ.

Олхонууд ШААБАР

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Дейли Блинд гэж хэн бэ

Голландчууд
дэлхийн аварга багийг шоглоом болгоход Ван Перси, Роббен хоёр гол үүрэг
гүйцэтгэсэн гээд байх юм. Магадгүй. 
Гэхдээ Нидерландын багийн эхний ба хоёр дахь гоолын дамжуулалтыг төгс
гүйцэтгэж тоглолтын төгсгөлд Торресын гоол оруулах боломжийг торгон ирэн дээр
зогсоосон  Дейли Блинд гэх хамгаалагч
залуу яах аргагүй энэ өдрийн баатар байлаа. Энэ юун залуу билээ. Блинд одоо
24 настай, “Аякс”-т тоглодог, 180 см-ийн өндөртэй хамгаалагч. Ван Гаалын
авчирсан долоон “шинэков”-ын нэг энэ залуу талбайг сайн хардаг, сандардаггүй,
мэдрэмж сайтай гээд ДАШТ-ий өмнө магтаад байсан, үэнэ л юм байна. Дахиад ганц
хоёр тоглолтод энэ чигээрээ тогловол мөн ч олон баячуул араас нь гүйнэ дээ

Categories
гадаад мэдээ

Украйнд 49 цэргийн албан хаагч амь үрэгдлээ

Өнгөрөгч шөнө зүүн өмнөд
Украйны салан тусгаарлагчид Луганск хотын ойролцоо тээврийн ИЛ-76 онгоцыг
буудан сөнөөжээ. Reuters агентлагын мэдээлснээр энэ онгоцонд ээлж солигдох
үүрэгтэй десантын 40 цэргийн албан хаагч, онгоцны есөн ажилтан гээд нийтдээ 49
хүн нисч явсан байна. Хожим нь энэ мэдээг Украйны ерөнхий прокурор баталсан
бөгөөд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн гэмт этгээдүүдийг
илрүүлэн устгах болно гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэг төвийн уулварыг дахин төлөвлөнө

 Манай улсад хотын төвд тохирсон өргөн гудамж байдаггүй аж. Харин буруу  төлөвлөлттэй “Т” хэлбэрийн  үргэлжилсэн байгууламж л бий. Тэгвэл нийслэл хотод  зориулсан төв гудамж нэлээд хэдийг бий болгох зорилготой ажиллаж байгаа гэж Нийслэлийн Зам тээврийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга Л.Байгаль хэллээ.

Тодруулбал, тавдугаар сарын 31-нээс энэ сарын 20-нд Цэцэг төвийн уулзварын замыг   баруун дөрвөн зам, Сөүлийн гудамжтай холбох  төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Ингэснээр автомашины элэгдэл, хоргодол , замын түгжрэл багасна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Тэгвэл энэхүү шинэ замын ажлын гүйцэтгэгчээр “Экспресс  зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд төрөөс 2.6 тэрбумыг төсөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

“11 11 төв”-д 1027 иргэн хандлаа

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д энэ 7 хоногт 1027 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Эдгээрээс дийлэнх нь буюу 488 нь нийслэлтэй холбоотой асуудал байна. Зам засварын ажил хийж байгаа компаниуд түр зуурын тэмдэг, тэмдэглэгээ тавьж жолооч нарт анхааруулга өгөх хэрэгтэйг иргэд сануулжээ.

Мөн гурав дахь ээлжийн татварын буцаан олголт хэзээ хийгдэх вэ? гэж иргэд асуужээ. Татварын Ерөнхий газраас “Нийслэлийн санхүү, төрийн санд гурав дахь ээлжээр хүргэгдсэн 2800 гаруй иргэний татварын буцаан олголтыг олгоогүй байгаа. Дээрх иргэдийн татварын буцаан олголтыг энэ жилийн батлагдсан төсөвт багтаан 6 дугаар сард, зарим хэсгийг нь төсөвт тодотгол хийсний дараа олгоно” гэсэн хариултыг өгчээ.

80 м.кв дээш талбайтай орон сууц худалдаж авч байгаа хүмүүсийг 0,8 %-ийн хүүтэй ипотекийн зээлд хамруулж өгнө үү гэж олон иргэд ханджээ. “Хөнгөлөлттэй зээлийн журамд 80 м.кв буюу энэ хязгаарыг байхгүй болгох, 80 м.кв-аас дээш талбайтай орон сууц худалдан авбал хүүг нь тодорхой хэмжээгээр нэмэх буюу 0,9% болгох зэрэг хэд хэдэн хувилбаруудаар санал оруулсан боловч энэ санал дэмжигдээгүй бөгөөд эхний ээлжинд анх орон сууц худалдаж авах гэж буй иргэд болон дундаж орлоготой иргэдрүүгээ чиглэсэн бодлогоо үргэлжлүүлж 80 м.кв-ийн хязгаарыг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзсэн” гэж Барилга, Хот байгуулалтын яамнаас хариулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжим бүжгийн коллежийн урд замын сарын хугацаатай хаалаа

Бээжингийн гудамжны зам, гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд ШУТИС-ийн уулзвараас 11-р хорооллын уулзвар хүртэлх авто замыг бүтнээр нь хаалаа. Өчигдөр оройн 23.00 цагаас эхлэн энэ чиглэл дэх замын хөдөлгөөнийг бүрэн хааж, нэг сарын хугацаанд шугам сүлжээний туннель, зам барилгын ажил хийх аж.

Зам засварын ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Бээжин констракшн инженеринг групп” компани гүйцэтгэж буй бөгөөд дөрөвдүгээр сараас зам барилгын ажил эхэлж, энэ хэсгийн замын хойд урсгалыг хаасан байгаа.  Харин Улсын баяр наадмаас өмнө хойд талын урсгалыг шинэчилж нээхээр төлөвлөж буй ажээ. Энэ чиглэлд хуучин дөрвөн эгнээтэй зам байсан бол өргөтгөл шинэчлэлийн ажлаар хоёр урсгалд тус бүр гурван эгнээтэй, нийт зургаан эгнээ бүхий зам болгон шинэчилж байгаа бөгөөд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам байх юм. Бээжингийн гудамжийн зам барилгын ажил арваннэгдүгээр сарын 30-нд бүрэн дуусч, ашиглалтад орох төлөвлөгөөтэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нууранд живж нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших  “Гүнжийн нүд” нууранд хүүхэд живлээ гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Эрэн хайх аврах салбарын тасаг очиж, живж нас барсан 10 настай эрэгтэй хүүхдийг цогцсыг гарган Цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Сурагчдын зуны амралт эхэлсэн болон амралт зугаалга ихсэж буй энэ үед эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны орчим зорчуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Диего Коста шүгэлдэгсдийг тоохгүй гэв

Испанийн шигшээ багийн үндсэн довтлогч Диего Коста өнөө өглөө тоглосон Сальватор хотоос холгүй орших тосгонд төрсөн бразил хүн. Хоёр улсын иргэншил бүхий паспорттой тул цаг нь ирэхэд Испанийг сонгосон тул унаган нутгийнх нь түүнд тун харшилтай байгаа. Энэ тухай Коста хэлэхдээ “ямар ч хүнд сонгох эрх бий. Энэ шүгэлдээд байгаа хүмүүс ч өөрсдийнхээ сонголтыг л баталгаалжуулж байгаа биз дээ. Би Испани улсын төлөө тоглож байна гэдгээрээ бахархаж байна. Энэ миний сонголт ” гэжээ.