Categories
мэдээ цаг-үе

Угтаалцайдамд бүтээн байгуулалт өрнөж байна

Төв аймгийн Угтаалцайдам сум өнөө жил 90 жилийн ойгоо тэмдэглэнэ.
Ойн бэлтгэл ажил тэнд ид өрнөж байна. Хүн бүр эрвийх дэрвийхээрээ гар бие оролцож
байлаа. Уушиг уулын үзүүрээр тойроод сум руу ордог хэсэг дээр дөрвөн хүчтэнтэй том
хаалга хийхээр бэлтгэж байна. Үүнийг “Уушги 
хайрхан” компани ивээн тэтгэж байгаа гэнэ. Тэндээс сумын төв хүртэл гурван
км газар 500 мод тарьжээ. Замаа сайжруулж, энхэл доголыг нь зассан байна.  Цаашилбал сумын төвд их ажил ундарч байна. 

Соёлын
төвийн засвар бараг дуусах тийшээ хандаж. Ард нь барьж байгаа 20 айлын орон сууц
ашиглалтад ороход тун дөхжээ. Сургууль, цэцэрлэгүүд амарчихсан.  Харин төрийн албан хаагчид ойн бэлтгэл ажилдаа
ханцуй шамлан орцгоосон байлаа.  Ойрдоо Угтаалд
хур бороо үзэгдээгүй учраас газар хуурай. Гэхдээ иргэд наадмаас өмнө зуншлага сайхан
болох байх гэсэн найдлага дүүрэн ажиллацгааж байна лээ.  Ингээд сумын Засаг дарга Н.Гантулгатай цөөн хором
ярилцсанаа хүргэе.

-Ойн
бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Манай сумын 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 12-15-ны өдрүүдэд
болно. Ойг угтаж  2014 оныг “Түүхт ой иргэдийн
оролцоо, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэд идэвхтэй оролцож
байна. Угтаалцайдамаас төрсөн түүхт хүмүүс, уугуул, суугуул иргэд маань хандив тусламж
өгч байна. 

Ер нь ойгоо баяр наадам болгон тэмдэглэхээсээ илүү суман­даа үлдэцтэй  бүтээн байгуу­лалт өрнүүлэхэд түлхүү ан­хаарч
байна. Тиймээс сумын­хаа бүх төсвийн бай­гуул­лагыг автомашины зог­соолтой болгож
байна.  Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй
уялдуулж, зам харгуйгаа засах зэрэг ажлуудыг хийж байна. Нийт 3.5 км сайжруулсан
шороон зам татлаа. 1961 онд Угтаалын САА байгуулагдах үед Үлэмжийн ам гэдэг нэртэй
хогийн цэг бий болсон байдаг. Тэр их хур хогийг цэвэрлэж, бэлчээрийн газарт шилжүүллээ.

-Угтаалчууд
хогоо хаана асгах уу?

-Шинээр 0.5 га газарт нүх ухаж, орчин үеийн хогийн цэг бий болгосон.
Тэр нүхэнд хогоо  хаяад булшилдаг болж байна.
Ер нь хуучирсан барилга байгууламжуудын өнгө үзэмжийг сайжруулах тал дээр ихээхэн
анхаарч байна. Соёлын төвийн спорт заалыг бүрэн заслаа. Гадна фассадыг нь янзалж
байна. Гэр хорооллын айлуудын хашаа­ны өнгө үзэмжийг сэр­гээж байна. Наадмын тал­байгаа
засварлаж бай­на. Баянхангай сумаас Угтаал­цайдам руу ордог хэсэг дээр самбар байрлууллаа.
Уушиг хайрханаа тойроод орж ирдэг зам дээр чулуун хаалга хийж байна.  “Мөнх шижиг тариа” компани сумын төвийн хуучин
усан оргилууртай хэсэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна.

Соёлын төвийн өмнөх талбайд “Чандмань дөл” компани хүүхэд залуучуудын
чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсны талбай,  ахмадуудын
чийрэгжүүлэх төвийг байгуулж байна. “Уушги хайрхан” 20 сая төгрөгийг наадмын бай
шагналд хандивласан. “Элсэн цагаан” компани хүндэтгэлийн өргөө барина. Мөн орон
нутгийн хөгжлийн сангаас 30 сая төгрөг гаргаж, атарчдын талбай хийж байна. Тэнд  атарчдынхаа хөшөөг шинэчлэн байршуулна. Бүтээн
байгуулалтын ийм ажлууд өрнөж байна. Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө чадах чинээгээрээ
ажиллана гэдэг урам зоригтой явж байна.  Түүнчлэн
сумандаа бид Иргэний танхим байгууллаа.  Энд
иргэд олон нийтийнхээ үгийг сонсдог байх юм. Сум орон нутаг маань өдрөөс өдөрт сайхан
болж байна. Тиймээс бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа бүх хүнд  баярлаж талархсанаа илэрхийлэх нь зөв байх. 

-Өнөөдөр
Сонинхангай уулын тахилга болох шиг боллоо…

-Тийм. Жил бүр Засаг даргын ивээл дор энэ тахилгыг хийхээр болж байгаа
юм. Мөн өчигдөр манай Иргэдийн хурал 
2013 оныхоо ажлын гүйцэтгэлтэй танилцаж, 
2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн шугамаар хийх ажлаа ярьсан. Японы
“Өвсний үндэс” хөтөлбөртэй хамтарч 50 хүүхдийн цэцэрлэгийг гэр хороололд байгуулахаар
болж байгаа. Үнэндээ манай суманд асуудалтай байгаа нэг зүйл цэцэрлэг шүү дээ.  Дээр нь 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн
шугамаар ямар ажил эрэмбээ тодорхойлж саналаа гаргалаа. 

-Төрөлх
нутгийнхаа ойд зориулж иргэд, аж ахуйн нэгжүүд нэлээд хандив өгч байгаа дуулдсан.
Энэ тухай яривал… 

-Сумын 90 жилийн ойгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа
нутгийн компаниуд сэтгэл, зүтгэлтэй ажиллаж байгаад талархаж байна. Жишээ нь  “Акума” төв, “Эссо” компани тус тус 20 сая,
“UB авто центр” компани 13 сая, “Авто ойл” компани арван сая, “Өдрийн сонин” арван
сая төгрөг хандивлаад байна. Мөн  “Гурван
гал” худалдааны төв хандив өргөж, нутгийнхаа ойн арга хэмжээнд оролцож байна. 

-Ойн
өдрүүдэд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Найман насны морь уралдана. Мэдээж эрийн гурван наадмаа хийж, дэнж
хотойтол сайхан наадна. Зохиолын дуучдын тоглолт, шоу арга хэмжээ зохион байгуулна.
Явуулын циркийн үзүүлбэр сонирхуулна. Манай сумаас төрсөн авъяаслаг циркчин олон
бий. Тэдний тоглолтыг зохион байгуулна.

-Нутгийнхандаа
хандаж хэлэх үг бий байх?

-“Бид ойгоо тэмдэглэх гэж байна хандив өг” гэж албан байгууллага,
иргэдийг шахаж, шаардахгүй.  Нутгаа гэсэн
сэтгэлтэй энэ суманд төрж, өсч, ажиллаж, амьдарч байсан иргэд, аж ахуйн нэгж ойн
арга хэмжээнд идэвхтэй оролцоорой гэж уриалах байна. Сумынхаа хөгжлийн төлөө гэсэн
сэтгэлтэй хүн бүр Угтаалцайдамын хөгжлийн төлөө сангийн Хаан банкны 5745104531 данс
руу хандив өргөвөл бид бүхний ажилд ихээхэн тус дэмж болно гэж л хэлье.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Далай аварга цол хасагдаж, “Цагаан суварга”-ын ордын асуудлаар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Үндэсний их баяр наадмын
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Уг хуулийн
төслөөр “бөхийн далай аварга” цолыг хасах саналыг  тусгасан байсан. Хууль санаачлагч Р.Гончигдорж
“Харцага, гарьд цолыг зургаа, наймын даваанд өгөөд, Ерөнхийлөгч зарлигаар олгодог
болсон. Тэр дунд “далай аварга” цол бий болгосон. Өнөөдөр үндэсний бөхийн өрсөлдөөн
чанга болсон. Тав дараалан түрүүлнэ гэдэг бол чанга заалт. 1991 оноос хойш “дархан
аварга” төрөөгүй байна.” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Энэ танхимд бөх мэддэг
хүн цөөхөн. Тэд сонирхлын зөрчилтэй гээд хуралдаанд оролцсонгүй. Гэхдээ анхны хэлэлцүүлгээр
батлах нь зөв үү. Хэрвээ анхны хэлэлцүүлгээр нь баталчихвал хэдхэн хүний эрх ашигт
нийцсэн хууль болчих вий” гэсэн саналыг хэлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд “Баяр
наадам дөхөж байна. Энэ удаад Үндэсний баяр наадмын хуулийг өөрчлөхөд цаг хугацаа
бага байна. Цаашдаа бөх, сур, морины цолыг хороодод нь хариуцуулах хэрэгтэй” гэв.
Ингээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал хураалт явуулахад
87 хувийн саналаар дэмжигдэв. Ийнхүү Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж,
“далай аварга” цол хасагдлаа. Түүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын
төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хөтөлбөр батлагдсанаар олон улсын хөтөлбөрийн
хүрээнд байгалиа хамгаалах, ойжуулалтыг нэмэгдүүлэх, салбар бүрт ногоон хөгж­лийг
хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны
хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тог­тоолын төслөөр санал ху­раа­хад гишүүдийн
80.4 хувь нь дэмжсэнээр батлагдсан юм. Мөн Малын индексжүүлсэн даатгалын тухай болон
холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Малын индексжүүлсэн
даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах санал хураалтыг
гишүүдийн олонхи дэмжин баталлаа. Мөн Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг
тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Цагаан суваргын зэс-молибдений орд нь Дорноговь
аймгийн Мандах сумын нутагт оршдог. “МАК” ХХК нь 2001-2008 онд өөрийн хөрөнгөөр
нарийвчилсан хайгуулын ажил хийж гүйцэтгэжээ. Ашигт малтмалын тухай хуулиар  “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг
нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн
ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд
уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиг­лах гэрээгээр
тодорхойлно” гэж зааснаар тус төслийн нийт хөрөнгө оруулалт болох 1031.2 сая ам.долларын
34 хувь болох 350.6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар, төр 34 хувийн хувьцааг
эзэмших УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Мөн тогтоолын төсөлд тус ордын төрийн
эзэмшлийн 34 хувьтай тэнцэх хувьцааг тухайн ордод оруулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн
оруулсан хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны хоёр­дугаар
улиралд Зас­гийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгажээ. Мөн төрийн эзэмшлийн
хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-нд эзэмшүүлж, Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл
эзэмшигчтэй хамтарсан компани байгуулах талаар тусгажээ. Ажлын хэсэг уг хуулийн
төслийг судалж үзээд төр 34 хувийг эзэмших шаардлагагүй гэж үзсэнийг байнгын хороо
дэмжсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авлаа.

УИХ-ын
гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Та нар стратегийн орд газарт хамаарагдах нөхцөл
бололцоог хангаагүй ордыг гаргах гээд байна. “Оюутолгой”-г сайжруулна гэж хэлээд
төрийн оролцооны 34 хувь, Эрдэнэтийн 51 хувийг байхгүй болгохоор хэлэлцэж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн төслийг эдийн засгийн хямрал нэрээр үндэсний эрх ашгаа
бодохгүй батлах гээд байгаа. Ашигт малтмалын хууль батлагдахгүй байгаа учир оруулж
ирлээ гэж байна. Эхлээд Ашигт малтмалын тухай хуулиа батлах хэрэг­тэй.

УИХ-ын
гишүүн Д.Ганбат:
-Энэ хуулийнхаа дагуу явж байгаа юм. “МАК”-ийн ажил
өнөө маргаашгүй эхлэх болсон.  Гэтэл хуулийн
хүрээнд асуудал нь шийдэгдэхгүй байгаа. Хэрвээ бид Цагаан суваргад хөрөнгө оруулбал
350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж 34 хувийг эзэмших болоод байна. Тийм
болохоор асуудлыг яаралтай оруулж, шийдвэрлүүлэх болоод байна. Д.Ганхуяг сайд ажлаа
хуулийн дагуу хийж байгаа.

Уул
уурхайн сайд Д.Ган­хуяг:
-Цагаан суваргын зэсийн ордын бүтээн байгуулалтын
ажил нэлээд идэвхжсэн. Тус компани төслийн санхүү­жилтийн зээл авах гэж байгаа учир
төр хувь эзэмших, эсэхийг яаралтай шийдэж өгөхийг Засгийн газраас хүссэн. Төр хувь
эзэмшинэ гэдэг хамтарсан компани байгуулах ёстой болно.

УИХ-ын
гишүүн Ж.Энх­баяр:
-Зарим уурхай нь стра­тегийн орд газарт орох гээд,
эсвэл нэг хэсэг нь болих гээд хөөцөлдөөд эхэллээ. Уул уурхайн яам яагаад ийм эсрэг,
тэсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ. Эрдэнэс Тавантолгой 850 тэрбум төгрөгийн
өртэй байна. Одоо Цагаан суваргад 350 сая доллар хэрэгтэй гэнэ. Ийм хөрөнгө оруулалт
хийх мөнгө байгаа юу. Улсад юмаа зарах гэсэн сонирхол нэлээд байна. Ийм үнээр хувь
эзэмшлээ гэхэд улсад ямар ашигтай вэ. Төр ингээд авчихвал гаднын хөрөнгө оруулагчид
орж ирэхгүй. Улстай өрсөлддөг хувийн компани гэж байхгүй шүү дээ гэсэн бол УИХ-ын
гишүүн С.Дэмбэрэл “Цагаан суваргын орд газарт төр хувь эзэмших шаардлагагүй гэж
Эдийн засгийн байнгын хорооны хурлаар шийдсэн. Учир нь хөрөнгө оруулалт хийлээ гэхэд
ойрын арван жилдээ хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй тооцоо гарч байгаа”-г сануулав.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Төрийн өмчийн оролцоотой компаниудыг асар их байгуулж
байна. Энэ бол буруу. Татвар төлөгчдийн мөнгийг төр эрсдэлд оруулж болохгүй. Уул
уурхай гэдэг эрсдэлтэй салбар” гэв. Ийнхүү ги­шүүд асуулт тавьж дуусахад УИХ-ын
гишүүн З.Баянсэлэнгэ “Ма­най  бүлэг Цагаан
суваргын ордод төрийн оролцоог дэмжих­гүй байгаа. Тиймээс энэ асуудлаар зав­сар­лага
авч байна” гэлээ. Ийнхүү Цагаан суваргын ордын асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг
тав хоногийн завсарлага авлаа. Тиймээс УИХ-ын чуул­ганы нэгдсэн хурал­даа­наар Аж
ахуй нэгжийн орлогын албан татварын ту­хай хуулийн төслийг үргэлж­лүүлэн хэлэлцэхээр
болсон ч дараагийн долоо хоног хүртэл хойшлууллаа.

Монгол хэлний тухай хуулийн төслийг энэ өдрийн чуулганы сүүлд хэлэлцэв.
Хууль санаачлагчийн болон байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд
асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн дийлэнх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж
буйгаа илэрхийлж байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт
“Энэ хуулийг яг одоо хэлэлцэхэд эрт байна. Хуулийг хэлэлцэх эсэхийг шийдээд дараагийн
шатны хэлэлцүүлэг хийхийг хүлээж, Улсын Их Хурлын гишүүд, иргэд, олон нийтийн дунд
санал асуулга явуулж байж энэ хууль бүтэн болно. Одоо хуулийн төслийг баталбал иргэдийн
дунд кирилл бичигтэй дээр нь үндэсний монгол бичгийг давхар хэрэглэнэ гээд шинээр
сурах болон дахин сурах хүмүүст ойрын хэдэн жилд үүсэх хүндрэлүүд харагдаж байна.
Дээрээс нь латин үсгийг галиглаад хэрэглэх ёстой. Амьдрал дээр бүх хүн латин үсгийг
хэрэглэн сошиал ертөнцтэй харьцаж байна. Иймээс бид босоо бичиг рүү шилжих үү үгүй
юу гэдгээ хэлэлцүүлэг өрнүүлж, нухацтай ярилцаж байж шийдвэр гаргах хэрэгтэй. гэсэн
бол Л.Энх-Амгалан ги­шүүн “Монгол бичгийн талаар сүүлийн хорь гаруй жил яри­лаа.
Төрийн албан ёсны хэл­ний тухай хуулийг гаргасан. Төр өөрөө санаачилга гаргаад монгол
бичгээ хэрэглээ бол­гох хугацаа болсон уу гэвэл болсон. Тэгэхдээ бусад гишүүдтэй
санал нэг байна. Энэ асуудлыг хэлэлцэхэд үндэсний зөвшилцөл зайлш­гүй байх шаардлагатай”
гэсэн санал хэлэв. Ийнхүү гишүүд өөрсдийн байр суу­рийг илэрхийлсний дараа гишүүдийн
олонхи дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлт­гүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлснээр
чуулганы хуралдаан өндөрлөв.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

Ш.Түвдэндорж: Х.Баттулга намайг дэмжихгүй гэсэн ч бид хоёр тангараг тасраагүй

УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржтой ярилцлаа.

 -ҮХАА-н
сайдаар томи­логд­чихлоо. Яамны сайд хүн бодлого гаргах үүрэгтэй. Таны хувьд салбараа
хэрхэн удирдаж, яаж хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа вэ. Та шинэхэн албандаа ямар зарчмаар
ажиллах вэ?

-2012 оны сонгуулийн Ардчилсан намын, Шинэч­лэлийн Засгийн газрын
мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Үүнд багт­сан хүнд ба хөнгөн үйлд­вэрийн
асуудлыг шийдэх тал дээр анхаарна. Ямартай ч асуудлуудыг шийдэхийн тулд хөрөнгө
мөнгийг хэрхэн шийдвэрлэх тал дээр ан­хаа­рах шаардлагатай. Сал­барын төслүүд амьдралд
хэр нийцэж байгаа талаар танилцаад цаашид ажил хэрэг болгоод явахад хүндрэл хэр
байгааг судлах ёстой. Газар тариалангийн салбар мэдээж манай орны хувьд чухал ач
холбогдол бүхий салбар. Тиймээс “Атрын гуравдугаар аян”-ыг үргэлжлүүлэн ажил­лах,
Монголынхоо хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо­гоор ард түмнээ хангах тал дээр
хатуу зогсоно. Төрөөс олгох нөхөн олговорын тал дээр анхаарч ажиллах зайлш­гүй шаардлага
байна.  Монголын ард түмэн хэдэн зуунаараа
өлсөж цангаагүй ирсний гол шалтгаан нь мал аж ахуйн салбартай шууд холбоотой. Амандаа
мөнгөн халбага зууж төрсөн хүмүүс бол монголчууд. Ийм буянтай ард түмнийг цаашид  сайн сайхан явуулахын тулд мал аж ахуйгаа дэмжиж,
буянт малынхаа ашиг шимийг хүр­тээдэг малчдынхаа нийг­мийн асуудалд анхаарал хандуулна.
Өнөөдөр (баасан гаригт) Малын индексжүүлсэн даатгалын хууль батлагдлаа. Ингэснээр
ган, зудад мал их хэмжээгээр хорогдсон бол малаа даатгуулсан малчид хохиролгүй байх
талаар Монголын төр анх удаа үүнийг шийдэж өглөө. Хүнсний болон хөнгөн үйлдвэрийн
салбарт аль болох саад болохгүй дэмжлэг үзүүлж, Монголын нэг ч гэсэн иргэн ашиг
орлоготой байх тал дээр анхаарна. 

-Эдийн
засаг хүнд байгаа энэ үед голлох яамны сайд боллоо. Эдийн засагт ямар өөрчлөлтүүдийг
авч ирэх вэ. Малчид, тариаланчид, үйлдвэр эрхлэгчид таны үгийг сонсохыг хүлээж байна?

-Эдийн засагт өөрчлөлт гаргая гэж байгаа бол хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн
салбарыг дэмжиж олон хүний ажлын байрыг бий болгох шаардлагатай. Түүхий эдийг боловсруулах
үйлдвэр давхар шийдээд явах хэрэгтэй. Арьс шир, ноос ноолуурын нөхөн олговрыг олгох
шийдвэр гарсан ч хөрөнгө нь шийдэгдээгүй байгаа. Үндэсний мал аж ахуй гэсэн баялгийнхаа
түүхий эдийг улс орондоо үйлдвэрлэж нэмүү өртөг гаргах нь ч чухал. Олон хүнд ажлын
байр бий болж компаниуд хөл дээрээ бат зогсох боломж бүрдэнэ. Энэ нь мэдээж улс
орныхоо эдийн засагт нэмэрлэх нэ­мэр болно. Мөн газар тариалан­гийн салбарт хөрөнгө
оруу­лалт хийж техник тоног тө­хөө­рөмжийн шинэчлэлийн асуудлыг хийнэ. Энэ хүрээнд
барууны орнуудын чанартай техник хэрэгслийг нэвтрүүлэх юм. Ургац хураалтаас өмнө
зээлийг нь шийдээд өгөх ёстой гэж бодож байна. Энэ нь мэдээж тариаланчдад асар том
дэмжлэг болно. Ургацаа алдчихалгүй хурдан хугацаанд ургац хураах, хүн хүчний асуудлыг
хэрхэн зохион байгуулахыг судлах ёстой. Төр засгаас энэ тал дээр анхаарч бодлого
баривал хуучны хэмжээнд хүрдэггүй юм аа гэхэд улс орныхоо хэрэгцээг бүрэн хангаж
болох юм. Мал аж ахуйн салбарт мах сүү, нөөцийн 
махыг үргэлжлүүлэн хийнэ. Эрчимжүүлсэн мал аж ахуйн үйл ажиллагааг эрчимжүүлэх
хэрэгтэй. Монгол Улс хэдэн сая хүн амтай билээ. Хэдэн сая толгой малтай билээ. Гэтэл
яагаад манайхан сүүний асуудлаа дотооддоо шийдэж чадалгүй гаднаас сүү оруулж ирээд
байгааг олон нийтэд ойлгомжтой болгоно. Гурван сая хүн амтай, 50  сая толгой малтай Монголд мах яагаад магнаг болоод
байгааг судална.

-Аж
үйлдвэрийн цог­цолборыг Сайншандад барина гэж байсныг сүүлийн үед буруу гэх боллоо.
Харин Дархан, Эрдэнэт хотуудад баривал үр дүнтэй гэж байна. Хүнд үйлдвэрийн салбараа
хаана барихаар төлөвлөөд байгаа вэ?

-Эхний ээлжинд төслүүд­тэй танилцана. Манай оронд хүнд үйлдвэрлэлийн
салбарын хамгийн чухалд тооцогдож байх ёстой. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэж байж улс тодорхой хэмжээний мөнгөнтэй болно. Ингэснээр улс дэд бүтцээ
хөгжүүлж чадна. Боловсрол, эрүүл мэндийн салбарт өөрчлөлт гарна. Сайншандын цогцолбор
байгуулагдаад үйл ажиллагаа нь жигдэрбэл улс оронд хамгийн хэрэгтэй. Байгаль орчных
нь нөхцөл байдал ямар байгааг сайтар судлах шаардлагатай.

-Таны
хувьд сайд болсон тул Хуульзүйн байнгын хороогоо өөр гишүүнд шилжүүлж таарна. Уг
байнгын хороог даргалаад явах дараагийн хүн бэ?

-Үүнийг нам л шийднэ. Намайг сайд болгоно гэхэд Гүйцэтгэх зөвлөл
хуралдаад Түвдэндоржийг сайд болгоё гээд шийдчихсэн. Түүний дараа намын бүлэг дээр
намайг сайд болгохыг дэмж­сэн. Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд Их хурлаар оруулж баталсан.
Түүнтэй адилхан намын бүлэг дээр байнгын хорооны дарга хэн болох вэ гэдгийг шийдэх
байх. Миний бодож байгаагаар манай байнгын хороонд харьяалагдаж буй Ардчилсан намын
гишүүдээс нэг нь болох болов уу. Байнгын хороон дотор хөдөлгөөн хийхэд түвэгтэй.
Тиймээс дотроосоо томилогдох байх. Гэвч намын шийдвэрийг л харах учиртай.

-МоАХ
таныг дэмжээгүй гэдгийг Х.Баттулга гишүүн мэдэгдэж байсан. Түүний хувьд давхар албан
тушаалд ажиллахаас татгалзсан. Таныг сайд болгох дургүй байгаагаа ч ярилцлагадаа
дурдсан байна лээ. Та хоёрын хооронд үл ойл­голцох асуудлууд гарсан юм уу?

-Х.Баттулга гишүүн хувь хүний сонголтоор сайдын албан тушаалаа өгсөн.
Тиймээс үүнийг дүгнэж ярих нь илүүц. Намын шийдвэрээр намайг сайд бол гэхэд нь намынхаа
шийдвэрийг би дагасан. Энэ миний шийдвэр. Үндсэн хууль яривал УИХ-ын гишүүн Засгийн
газрын гишүүнээр ажиллаж болно гэсэн заалт бий. УИХ-ын гишүүн үндэсний хэмжээний
асуудлыг танхим дотор хэлэлцэж санал өгч баталдаг. Үүний хэрэгжилт нь Засгийн газар
байдаг. Засгийн газар дээр ч үндэсний хэмжээний шийдэл гардаг. Нэг утгаараа бодлого
боловсруулахад нь оролцоод илүү мэдээлэлтэй хүмүүс хэрэгжилтэд нь оруулах нь УИХ-ын
гишүүн Засгийн газрын гишүүн байхын ач холбогдол энэ. Үүнийг сайн, муу аль ч талаас
нь ярьж болно. Юмыг туйлшруулж ойлгохгүй байх хэрэгтэй. Амьдралд хэрэгтэй зүйл л
хийх ёстой. Түүнээс биш дан давхар дээл яриад байх шаардлагагүй. Зарим нь түүнийг
нь шийдэхгүй бол үхэх гээд байгаа юм шиг санагдах юм. Эцсийн бүлэгт энэ асуудлыг
хэдэн хүн сонирхож байгаа гэдгийг бодох ёстой. Ард түмэнд юмны үнэ нэмэгдэхгүй цалин,
тэтгэвэр нь нэмэгдэх нь л чухал байгаа. Их хурлын хэдэн гишүүн хэрэлдээд нэг нь
сайд болно болохгүй гэдэг бол ард түмний сонирхож буй асуудал биш. Их хуралд байгаа
гишүүд нэгнээсээ нэг юм сонсохоороо түүнийг нь тийм л юм байна гээд итгээд ярьдаг.
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гээд нэг асуудлыг л тойроод байх
нь утгагүй л дээ.

-Х.Баттулга
гишүүн танд тааламжгүй байгаагаа илэрхийлсэн. Та хоёрын хооронд үл ойлголцох асуудал
гарсан уу?

-Тэр бол хувь хүний л бодол. МоАХ-г ганц хүн төлөөлөхгүй. МоАХ-ын
олон мянган гишүүд, салбар зөвлөлийн дарга нар, Удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр
гараагүй. МоАХ-ны дарга Х.Баттулга гэдэг хүн намайг дэмжихгүй байж болно. Түүнээс
биш хоорондоо маргалдаад танга­раг тасрахдаа тулсан зүйл байхгүй.

-Та
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахаар боллоо.  Албан тушаалдаа түүртээд явах юм биш биз дээ?

-Түүртэх зүйл байхгүй. Их хурлаас гарсан бодлогыг л Засгийн газар
дээр хэрэг­жүүлнэ. Их хурал дээр яригдсан асуудлыг яамныхантайгаа ярилцаж яаж хэрэгжүүлбэл
зүгээр байна. Сул тал нь аль вэ гэдгийг мэдрэх боломж бүрдэнэ.

-Өмнөх сайдынхаа ажилд ямар дүн тавих вэ?

-Өмнөх сайд, Зас­гийн газрын мөрийн хөтөл­бөрүүдийг үзэхэд бодлогын
бичиг баримтын талаар ба­га­гүй зүйл хийсэн нь хараг­даж байна. Их хурлаас дэм­­жээд
гаргасан бичиг баримтыг хэрэгжүүлэх тал дээрээ доголдолтой байгаа нь анзаарагдсан.
Заримыг нь бид шинэ шүүлтүүрээрээ оруулах ёстой. Үүний дүнд ҮХАА-н салбарын өнөөгийн
жин улам л нэмэгдэнэ. 2016 он гэхэд манай ард түмэн махаар гачигдчихгүй, хөнгөн
хүнсний үйлдвэрүүд нь боломжтой ажиллачихдаг. Хүнд үйлдвэрлэлийн шав нь тавигдчихсан,
мал аж ахуйн салбарт дээшилж малчид түүнээс ашиг шимийг нь хүртчихдэг ийм салбар
болно. Хамгийн гол нь мах, сүү, гурилын асуудлыг бүрэн шийдчихсэн байх юмсан гэж
бодоод байгаа.

-Ерөнхийлөгч
ҮХАА-н сайдад таны нэрийг дэвшүүлэхэд дэмжихгүй саналтай байгаагаа хэлсэн. ҮХАА-н
сайдад Ерөнхийлөгч хориг тавьж магадгүй хэмээн Ардын намынхан ярьж байна. Хэрэв
тийм зүйл болбол яах вэ?

-2012 оны сонгуулийн да­раа Ерөнхий сайдыг л бат­лахад МАН-ын гишүүд
оролцсон. Бусад бүх сайдын томилгоо явахад тэд орол­цоогүй. Тэр үеийн нөхцөл өнөөдөр
өөрчлөгдөөгүй. Тэр үүднээсээ ҮХАА-н сайдыг томилох асуудал дээр Ар­дын намынхан
санал хураал­тад оролцоогүй. Өмнө нь Ерөн­хийлөгч бүх сайд нарт давхар ажиллахыг
дэмжихгүй гэдэг саналаа хэлж байсан. Тэр саналаа л надад илэрхийлсэн. Ариун сайхан
сэтгэлээр бодож явсан зүйлийг Засгийн газрыг унагах башир арга болгон гуйвуулсан
тул уг хууль унасан. 2016 оны долдугаар сарын нэгнээс хууль хэрэгжинэ гээд явсан
бол батлагдаад гарсан байгаа. Гэтэл Ардын намынхан хугацааг нь наашлуулаад түүн
дээр нь тоглолт хийгээд явсан. Ерөнхий сайдаас гадна чиглэлийн яамны сайд нар давхар
ажиллаж болно гээд оруулчихсан. Үүнээс харахад гишүүд өөрсдийн амбицыг хийж л байна.
Энэ нь нэг талаасаа дараагийн Засгийн газартаа бэлдэж байгаа гэсэн үг. Улаан цайм
ашиг сонирхлын зөрчилтэй зүйл орж ирсэн тул хууль унасан. Түүнээс Ерөнхийлөгчийг
эсэргүүцсэн зүйл нэг ч байхгүй. МАН-ынхан тийм л сүрхий юм бол үүн дээр нь хориг
тавьчих гээд байна. Үүнийг хоёр янзаар ойлгож болно. Өмнөх хүмүүс дээр нь хориг
тавиагүй байж над дээр хориг тавихаар хувь хүний асуудал болж ирнэ. Ш.Түвдэндоржид
асуудал байхгүй гэж Их хурлын гишүүд бүгд хэлээд байгаа. Харин Ц.Нямдорж гишүүн
л үгүй гээд байгаа. Ц.Нямдорж гишүүн хүн болгоныг доромжилж, элдвээр хэлж ярдаг
нохой шиг болсон болоогүй зүйл ярьж явдаг. Өөрийнхөө толгойд орж ирсэн үмхий санаагаа
тэгж гаргадаг. Тэр хүн үргэлж хувийн сонирхлын үүднээс Их хурал дээр юм ярьдаг.
Улстөрч хүн улс төр хийдэг ч гэсэн ноён нуруу жудагтай байх хэрэгтэй. Олон жил Их
хуралд сууж сайд хийчихээд “Би давхар дээл өмсөж байсан юм чинь яаж давхар дээлээ
тайл гэж хэлэх юм” гэж хэлж байсан хүн. Өнөөдөр гэнэтхэн төрөл арилжсан юм шиг зөрүүлээд
“Давхар дээл өмсгөчихлөө. Хориг тавих юм байгаа биз” гэж хэлснийг нь бодохоор нэг
арьсан дотор энэ хүн хэд хувирч байна гэдэг нь харагдаж байна. Ц.Нямдорж гишүүнд
хандаж зориуд нэг үг хэлмээр байгаа юм.

-Яг
юу гэж хэлэх гэсэн юм?

-Хүн болгон руу дайрч толгойдоо орсон үмхий бод­лоо амаараа гаргаж
байдаг. Ц.Нямдорж гишүүний сайхан муухайг хүн бүр мэднэ. Улс төрийн асуудлыг хувь
хүний асуудал болгож битгий хувир­гаарай гэж хэлмээр байгаа юм.

-Таныг
чуулгандаа суудаггүй хэмээн гишүүд нэлээд шүүмжлэнгүй хэлж байсан. Сайд болчихсон
юм чинь асуудалд арай өөр өнцгөөс хандаж төрийн албыг цалгардуулахгүй аваад явж
чадах уу?

-2013 оны хаврын чуул­ганд би тааруу суусан нь үнэн. Тухайн үед анзаарсан
бол би нэлээд ядарчихсан байсан. Миний хувьд эрүүл мэнд тааруу байсан тул зуны саруудад
эмчилгээ хийлгээд намрын чуулганаас хойш хав­рын чуулганы өнөөдрийг хүртэл таслаагүй.
Ц.Нямдорж гишүүн эрүүл мэндийн шалт­гаантай байсныг “Хуралдаа суухгүй хаачсан юм”
гээд байсан. Их хурлын даргын “Биеийн байдал чинь болохгүй байгаа бол байнгын хорооны
даргынхаа ажлыг өг” гэсэн шаардлага нь шударга шаард­лага байсан гэж боддог. Одоо
миний бие өвчин эмгэггүй болсон тул эргээд ажиллахад асуудал байхгүй гэдгээ би харуулж
байгаа юм. Би чуул­гын байнгын хорооны хуралдаандаа цагтаа ирээд ажиллаж байна.
Сайд бол­лоо гээд алга болохгүй. Миний үндсэн ажил УИХ. Их хурал дээрээ ажлаа сайн
хийчих юм бол ажил цаашаа явчихна. УИХ дээр бодлогыг нь гаргачихаж байгаа юм чинь
гүйцэтгэх ажлыг хийгээд явчих бүхэл бүтэн аппарат байна. Завтай цагтаа хөдөө аж
ахуйн салбарынхаа үйл ажиллагаатай танилцаад явна. Эдийн засгийг идэвх­жүүлэх
100 хоногийн хүрээнд түүнээс цааш ч гэсэн хүн бүр л ачаалалтай ажиллах шаардлагатай.

-Таныг
хөдөө аж ахуйн салбарыг мэдэхгүй гээд байх юм. Таны төрсөн нутаг хаана вэ. Уг салбараа
судлахад хичнээн цаг хуга­цаа зарцуулна гэж бодож байгаа вэ?

-Би Улаанбаатарт төр­сөн ч Завхан аймгийн Алдар­хаан сумын харьяат
гэж явдаг. Салбарынхаа ажил­тай танилцахад надад асуу­­дал алга. Их хурлаас гарсан
шийдвэрүүд байж бай­­гаа. Түүнтэй бол ямар ч үед танилцчихна. Унаган Улаанбаатарын
хүн гэж байх­гүй. Би хүүхэд байхдаа Төв аймгийн Баянцогт суманд ам­рал­таараа очиж
мал хуйтай но­цолдож өссөн. Малаа мэддэг­гүй монгол хүн гэж байхгүй. Бидний цусанд
байдаг зүйл. Би Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хойд талын сумдаар нэр дэвшиж байсан.
Маш олон малчин, тариаланчидтай уулзаж явлаа. Тийм болохоор тэдний зовлонг мэднэ.
Мөн хүний өөрийнх нь олж авсан боловсрол, мэдлэг, эцэг эхээс сурч мэдсэн зан заншил
гээд бодоод үзэхээр би хөдөө аж ахуйн салбараас хол хүн бол биш. Ганц хүн заавал
бүх салбарыг мэдэх ёсгүй л дээ. Уурхайд амьдарч байсан уурхайчин хүний хүүхэд Уул
уурхайн сайд болно гэсэн зүйл байдаггүй биз дээ. Түүнтэй л ижил байхгүй юу.

-Таны
ах Ш.Төмөрбаатар Нийслэлийн өмчийн харил­цааны газрын даргаар ажил­ладаг. Таныг
сайд болсноор ашиг сонирхлын зөрчил үйлчилж эхэлнэ гээд байх юм. Ж.Батзандан гишүүн
ахыгаа ажлаас халуулж байсан шиг та бас тэгэх юм биш биз?

-Ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. УИХ, Засгийн газар нийслэлтэй
огт хамаа байхгүй. Нийслэлийн бүхий л зүйл тусдаа байдаг. Бид ах дүү тавуулаа анх
1989 оноос хойш МоАХ-г дэмжиж ирсэн. Миний хоёр ах МоАХ-ын нийслэлийн тэргүүлэгчээр
ажиллаж байсан. Нэг ах маань биднийг ардчилалд уриалан дуудсан. Би МоАХ-ын даргаар
ажиллаж байсан хүн. Ардчилалд байгуулсан гавьяагаараа шагнал авна гэж байхгүй. Гавьяагаа,
хүнээ таних чадвараа бодох юм бол Э.Бат-Үүл дарга манай Төмөрбаатар ахтай ойр байдаг
тул тэр үүднээсээ хамтарч ажилласан байх. Би нам дээр л Бат-Үүл даргатай ганц хоёр
жил хамт байсан бол Төмөрөө ах байнга л дэргэд нь явдаг байлаа. Э.Бат-Үүл дарга
Төмөр­баатар ахыг дуудаад агентлагийнхаа даргаад тавь­сан. Энэ нь надаас ямар ч
хамаагүй. Энэ бол тэр хоёрын хоорондын асуудал. Одоогийн тохиолдолд ҮХАА-н яаманд
Төрийн өмчийн харьяалагдаж байгаа тул түүнийг төрийн өмч, нийслэлийн орон нутгийн
өмч хоёрыг нэг гэр бүлд оччих­лоо гэж Ц.Нямдорж гишүүн хэлсэн. Яахав хардах эрх
нь байдаг л байх. Гэхдээ нийслэлийн газар, өмч хоёр нь удахгүй тусдаа салаад явна.
Удахгүй Төрийн өмчийн хороо татан буугдаж сан болно гээд байгаа. Төрийн өмчийн хороо
сайдын үгээр ажлаа явуулаад ч байдаг байгууллага биш. Ц.Нямдорж гишүүнд хандаж хэлэхэд
санаа зоволтгүй тайван байж болно.

-Таныг
гэр бүлээрээ МоАХ-ны төлөө зүтгэсэн гэдгийг мэднэ. Ах дүү нар бүгд улс төрийн сонголтоо
хийгээд явж байхад хэцүү байдаг байв уу. Танай ах дүү нар одоо юу хийцгээж байгаа
вэ?

-Ах маань МоАХ-ны хурал цуглаан болох гэж бай­гааг бидэнд дуулгаад
бид ахыгаа дэмжээд явсан. Яахав тухайн үед аавыг “Танай хүүхдүүд бүгд ардчилсан
холбоонд орсон байна” гээд донгодсон юм билээ. Ах дүү тавуулаа үхэхээс ч буцахгүй
хувьсгалын шалгуурт оролцож явсан болохоор МоАХ-ныхан бид­нээр бахархдаг байсан.
Харамсалтай нь гурван ах маань хорвоогийн мөнх бусыг үзсэн. Үлдсэн ганц ах маань
Ш.Төмөрбаатар ах л даа.

-Таныг
цахим сайтуудаар сархад нэлээд хүртдэг хэмээн шүүмжилж байна. Ийм хүн яаж сайдын
ажлыг хийнээ гэж хэвлэлээр гарах болж?

-Би архи уудаггүй. На­майг ҮХАА-н сайдад нэр дэвшээд явахаар
хэлэх үг нь олдохгүй янз бүрийн зүйл гаргаж байна. Энэ янз бүрийн дайралт давшилт
Ц.Нямдорж гишүүнээр отголж байх шиг байна даа. Хүнийг юу гэж муулж болохыг бичиж
байгаа хүн нь нэрээ нууцалж байгаад энэ сайтууд гаргаж байгааг харсан. Архи уудаг
энэ тэр гэж байгаа нь зүгээр л өрсөлдөгчөө намнах арга. Надад өс санаж явдаг хүн
байдаг л юм байлгүй. Манай журмын нөхдөөс над руу тэгж дайрахгүй. Манай нам болон
сөрөг хүчин хувь хүний тал дээр юу ч ярихгүй гээд байгаа. Ганцхан Нямдорж гишүүн
л балай юм ярьсан. Зүгээр гаднаас л нэг нөхөр ийм зүйл тараагаад байгаа. Түүнээс
би ерөөсөө архи уудаггүй.

Э.ЭНХБОЛД

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Жиргээчдэд талархъя”

-ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР
ТОГТНОЛ, ҮЗЭЛ БОДЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТЫГ ШИНЭЭР ЭРГЭЦҮҮЛЭХ ЦАГ БОЛСНЫГ ЖИРГЭЭЧДИЙН ҮЙЛДЭЛ
ХАРУУЛЖ БАЙНА-

Хүн төрөлхтний түүхэнд интернэт орж ирснээр шийдэгдсэн  асуудлыг тоочивч баршгүй. Интернэтийг дагаад шинээр
бий болсон олон арга, технологиуд бий. Бас үүнтэй зэрэгцээд сул талууд нь ч цөөнгүй.

Монгол  цоорхойтой цоорхойгүй
гэж сайн муу шүүмжлэх ч хуультай, бас тэрхүү хуулиа дагадаг төрт ёстой улс. Харин
сүүлийн үед хуулинд үл хамаарагдах, хуулиас гадуур орчин үүссэн нь твиттер, фэйсбүүкийн
орон зай. Үзэл бодлоо илэрхийлэх боломж, мэдээлэл, туршлагаа солилцох давуу тал,  сонирхол хүсэлтэй хүмүүсийн нэгдэл зэрэг сайн
зүйл их ч, дагалдагч  хэд хэдэн асуудлыг орхигдуулж
боломгүй байгаа юм. Мэдээллийг түргэн шуурхай түгээдэг энэ орон зайг бид хэвлэл
мэдээллийн хэрэгсэл гэж үзэх үү. Хэрэв тэгж үзэх бол хариуцах эзэн нь хэн байх вэ.
Энэ орон зайд хэн нэгэн түрүүлж мэдээлэл тавиад түүнийхээ үнэн зөв эсэхэд ямар нэгэн
хариуцлага хүлээдэггүй. Хэрэв буруутлаа гэхэд би тэгж дуулсан нь буруу байж, эсвэл
би тэгж бодсон юм гээд бичсэнээ устгачихдаг жишиг бий. Гэвч үүнээс нь үл хамаараад
өнөөх буруу мэдээлэл нь аль хэдийнэ түгчихдэг. Мэдээлэл түгээж байгаа зарчим нь
адил учраас энгийн иргэдийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл худлаа мэдээлэл түгээдэг
гэсэн сөрөг ойлголт давхар явчихаад байгаа тал бий. Хэрэв энэ маягаар үргэлжилбэл
хүмүүс хэвлэл мэдээллийн салбарт итгэх итгэлгүй болж, ардчиллын тулгуур чанар болсон
энэ салбарыг татаж унагах аюул байна. Ингэвэл тусгаар тогтнолд халтай байдал ч хөндөгдөнө.

Цаашлаад хувийн үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй ч, эрхээ эдэлж
байна гээд бусдын эрхэнд халдах байдал ч түгээмэл болсон. Нэгэнт нийтийн сүлжээнд
хандаж байгаа болохоор мэдээллийн үнэн байдал, ёс зүйн хэм хэмжээ, бусдын нэр хүндэд
халдахгүй байхыг нэхэхээс аргагүй. Гэвч үүнийг чөлөөт ертөнц гэж үзэгсэд дэндүү
олширсон учраас хуульгүй, засаг захиргаагүй давхарга үүсчихээд байгаа нь үнэн. Дэлхий
дахинд 140 сая хэрэглэгч твиттерийн ертөнцөд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна
гэсэн тоо байдаг. Хоёр жилийн өмнөх үзүүлэлтээр өдөрт 340 сая жиргээ эргэлддэг гэсэн
тоо нь өдгөө хамаагүй өссөн гэж байгаа.  Манайд
ч твиттер хэрэглэгчдийн хүрээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Нийгэмдээ дуугаа хүргэж
чаддаг гэж өөрийгөө тоодог, тэгэх хүсэл тэмүүлэлтэй, эсвэл бусдаас түрүүлж мэдээлэл
дуулгаж, олж авах сонирхолтой гээд олон мянган хүн энэ орон зайд амьдардаг. Монголын
гэх онцлогтой жиргээний гал тогоо дэлхийн хэмжээний твиттерийн ертөнцөд орон зайгаа
тэлсээр байна. Ажаад байхнээ нь хэд хэдэн таагүй зүйл эндээс харагдана. Хэрэв хэн
нэгэн хүн ярианы гол сэдэв болох юм бол тэр хүн рүү бөөнөөрөө боорлож аваад дайрчихна.
Яг л цөөвөр чонын сүрэг шиг. Цаана нь хүн байгааг, тэр хүн өөрийн гэсэн ажилтай,
амьдралтай гэдгийг мартан үгүй болтол нь хэмлэцгээнэ. Хэрэв асуудалд олонхийн барьж
байгаа өнцгөөс өөрөөр хандах юм бол нийлж байгаад дарж авна. Сүүлдээ буруутнаар
тодорсон нөхрийг өмөөрч өөрийгөө үгүй хийх зоригтон ч алга болсон нь харагдана.
Заримдаа тэр байдлыг нь харахад цаанаасаа дохиогоор хөдөлдөг, захиалгын гэмээр байдал
анзаарагддаг. Үнэндээ твиттерийн хувьд дурын хүн ямар нэгэн үнэ төлбөргүйгээр нээх
боломжтой. Нэг хүн хэдийг ч, ямар ч хамаагүй хуурамч нэрээр нээх боломж нь нээлттэй
байдаг. Монгол твиттерчдийн дунд зураг хөргөө тавиад, өөрийнхөө нэрээр нээсэн хүмүүсээс
гадна элдэв хуурмаг нэр өгч, алдартнуудын зургаар гоёсон хүмүүс цөөнгүй байдаг.
Хэрэв хэн нэгэн рүү бөөнөөрөө боорловол голдуу нэр ус нь тодорхойгүй тэр л хүмүүс
байх вий. Өнгөрсөн цагаан сарын үеэр нэг тавгийн боовыг арваар өрсөн хэрэг дээр
манай жиргээчид ёстой жиргэлдэх шиг болсон. Мэдээж, баяр ёслолын үеэр сэжиг сүжгээ
боддог монголчуудын хувьд үүн дээр яаж хандах нь тодорхой. Гэхдээ жинхэнэ шуугих
шиг болсон доо. Бүгд л зургийг нь тавьж, бүр улаанаар тойруулж зурж ирээл жиргэцгээсэн.
Тэглээ гээд хариуцлага хүлээсэн хүн нь дарга даамлууд биш үйлчилгээний гурван ажилтан
ажилгүй болж хоцорсон. Хоёр нь ч бил үү удахгүй тэтгэвэртээ гарах хүмүүс байсан
гэнэ лээ. Насаараа төрийн албанд зүтгэсэн тэр хүмүүсийн амьдрал яасан нь, хэрхсэн
нь тэдэнд хамаагүй л үлдсэн. Үнэндээ тэр боовыг арваар өрлөө гээд тэр жиргээчдийн
амьдрал яаж өөрчлөгдсөн юм, харин төрийн албаны 
хар бор ажилд зүтгэсээр ирсэн тэр эмэгтэйчүүдийн амьдрал хэрхэн орвонгоороо
өөрчлөгдсөн бол. Бодох л асуудал. Бас жиргээний ертөнцөд дуулиан болсон нэг сэдэв
байна. БШУЯ-ны хариуцлагатай албан тушаалтай нэг эмэгтэй телевизээр яриа өгөхдөө
уран зохиолын хичээлийг хасах гэж байгаа тухай мэдэгдсэн хэрэг маш удаан хугацаанд
хэлэлцүүлэг дагуулсан. Яг бодит байдал дээр уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс
хасах гэсэн үү гэвэл үгүй. Телевизийн сэтгүүлч олон минутын ярианаас тэгж ойлгогдохоор
хэсгийг монтажлан авч хүргэснээс энэ хэрэг мандсан гэж байгаа. Өнөөх дарга нь ч
гэж адилхан. Хариуцлагатай алба хашдаг хүн байж таслан авахад буруу ойлголт төрүүлэхүйц
ярьчихсан байдаг. Ингээд л жиргээгээр өнөөх Насанбаяр даргыг намнах ажил эхэлсэн
дээ. Ингэхдээ киноны төсөөллийн баатрын бие дээр толгойг нь аваачиж залгаад л, сүүлдээ
тэр эмэгтэйд нэр ч гэж байхгүй болсон. Мүүн л гэж жиргээгийнхэн тэр аяараа чичилсэн.
Яамны дарга эмэгтэй эхэн үедээ жиргээгээр хариу тайлбар хийх гэж оролдсон ч тэрнийг
сонсохыг хэн ч хүсээгүй, монгол жиргээчдээс. Албан тушаалтных нь хувьд ч, бүсгүй
хүн, бас эх хүнийх нь хувьд ч түүнд ямар байхыг хэн ч бодоогүй. Нэр хүндэд нь халдахын
дээдээр халдаад сүүлдээ шашин шүтлэг рүү нь ороод дууссан даа. Шашин шүтэх, эс шүтэх
нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Монголын хууль үйлчилдэггүй  жиргээнийхэн дунд Х.Тэмүүжин сайдын асуудал орж
ирэх үед өмөөрөх ажиллагаа маш сүрхий явагдсан. Хамгийн сүүлд гэхэд НИТХ-ын төлөөлөгчид
Бразил руу явах асуудлыг будаа болгосон доо. Хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн гэгдэж
муучлуулсан өнөө хэд нь ичсэндээ Бразил явахаа цуцалж ч байх шиг. Анхнаасаа явах
шийдвэр гарах үед ичээгүй юм бол сүүлдээ тэгж маяглаж яадаг байна аа. Тэгж яривал
онгоцны тасалбараа цуцлаад ихэнх хувиараа торгуулаад төсөвт эргэн орж мөнгө бараг
байх биш нэг ч гэсэн монгол Өмнөд Америкт хөл тавиад ДАШТ газар дээрээс нь үзээд
ирсэн бол аштай байхгүй юу. Нэг талд шүүмжлэх хүмүүс байх ч нөгөө талд нь арай өөрөөс
харах хүмүүс манай жиргээчдийн дунд байхгүй нь сэжиг төрүүлээд байгаа юм. Жаахан
өөр өнцгөөс харах гэхээр харлуулж байгаа хүнтэйгээ нийлүүлээд хуничихдаг болохоор
айгаад байдаг юм болов уу. Гэхдээ энэ нь илүү зохион байгуулалттай, захиалгаар хөдөлдөг
бүлэг хүмүүс олноор үүрлэж, жиргээг ашиглаад байна гэсэн харыг батлаад байх шиг.

Сүртэй үйл явдлууд өрнөхөөс бусад үед жиргээнд шар айраг ууж, цуйван
идэх тухай бас тэгээд бүсэлхийнээс доош зүйлийг жиргэх нь элбэг байдаг юм. Энгийн
сайхан мэдээлэл түгээдэг хүмүүсийн дагагчдын тоо нэмэгдэнэ гэж байдаггүй гэж байгаа.
Харин бүсэлхийнээс доошоо жиргээд эхэлбэл гэрлийн хурдаар нэмэгддэг талаар архаг
жиргээчин ярьж байсан. Үнэндээ ч жиргэж байгаа сэдэв нь халуухан, бусдыг уриалан
дуудсан залуу бүсгүйчүүдийн аккаунт хаяг элбэг. Тэд жиргээг янз бүрийн зорилготой
ашиглаж байх шиг. Оройн цагаар бусдыг илэрхий өдсөн, урин тачаангуй үгс энд их өрнөдөг
гэх. Зарим хүнтэй дайрект мессэж буюу хоёулхнаа харьцдаг хэсгээр нь элдвийг бичилцсэнээ
олонд дэлгэнэ гэж сүрдүүлэх хэрэг ч гарах болжээ.

Яг үнэндээ сайхан бүсгүйн хаягийн цаана эрчүүд ч байдаг гэлцэнэ.
Эр хүн дэнгийн эрвээхэй хоёр гэнэдэж дуусах биш нэгнийхээ гох дэгээнд орчихоод элдэв
сүрдүүлэгт нь орж байгаа талаар жиргээнийхэн ярилцацгааж л байна лээ. Тэгэхээр энд
бас л гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүд яваад байгаа биз дээ. Бас хүнийг гүтгэх
доромжлох гэмт хэрэг энд үйлдэгдсээр. Засгийн газар, Ерөнхий сайд, Фортуна эд нарыг
бол амиар нь гүйцээнэ. Шүүмжилж болно, доромжилж болохгүй гэдэг сэн дээ. Бусдыг
гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан хэргээр хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
шүүхийн өмнө буруутдаг. Харин нэгнээ тал талаас нь цөөвөр чоно мэт боорлож аваад
хэн ч биш болгодог, нэгнээ дайрч давшилдаг энэ ертөнцөд хуулийн зохицуулалт гэж
байна уу. Онлайн ертөнцийн хамгийн аюултай нь хүний нэр хүндэд халддаг, бусдыг гүтгэдэг
тэгсэн атлаа хариуцлага хүлээдэггүй явдал гэж дэлхий нийтээр үзэж байгаа. Зарим
улс орнууд үүнийг тусдаа хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бол зарим
нь бүр наяад оны хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж асуудлыг шийдсэн байх жишээтэй.
Онлайн ертөнцийн сул талууд зөвхөн манайд ч байгаа юм биш. Англид болсон нэг хэрэг
твиттерийн эзэн бие нь тодорхойгүй нөхөдтэй хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн яриаг
улам даамжруулсан юм. Их Британийн уран гимнастикч Бет Кимберлей Твидл бол гимнастикийн
дамнуургын төрөлд улсдаа анхны Олимпийн медалийг нь авчирч байсан, гурван удаа олимпийн  утаа үнэртсэн, дэлхийн аваргын гурван удаагийн
аварга, олимпийн хүрэл медальт тамирчин юм. Тэрбээр “Скай Спортс Ньюс”-ийн асуулт
хариултын нэвтрүүлэгт оролцох үед нэвтрүүлгийнхэн твиттерт түүнээс асуух асуултаа
ирүүлэхийг хүссэн байна. Харин асуултууд нь гэж ямар юм ирсэн гэж бодно. Бет Кимберлейн
хувьд жаахан ам томтой, магнай уужимтай монголчуудын дүрсэлдгээр морин толгойтой
гэгдэхээр бүсгүй л дээ. Гэвч асуулт нь түүнийг аль шүдний эмнэлэгт очдогоос эхлээд
өөрийгөө царай муутнуудын аль ангилалд оруулах вэ, амандаа теннисний цохиур чихэж
чадах уу гэхчлэн нүүр царайтай нь холбоотой доромжилсон өнгө аястай байв. Уг явдлын
дараа ийм тохиолдолд твиттерийн хэрэглэгчдэд хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар
багагүй ярилцжээ. Хамгийн гол нь хуурамч нэрээр нээсэн хүмүүс хэний ч өмнө буруутаж
хариуцлага хүлээдэггүй, ёс зүйн ичгүүр хүлээдэггүйд асуудал байдаг. Гадныхан ч хэрэглэж
байгаа хуулийн хүрээнд уг асуудлаа шийдээд эхэлсэн. Бас Англид болсон нэг хэрэг
бий. Их Британийн доод танхимын спикерийн гэргий твиттерээр хүн гүтгэсэн хэрэгт
унаж, 50 000 паунд төлсөн явдал гарсан. 2012 оны арваннэгдүгээр сард хатагтай Берков
Лорд МакАлфайныг асрахаас авсан хүүхдээ бэлгийн мөлжлөгөд ашигладаг гэж шүүмжилж,
өнөөх нь шүүхээр заргалджээ. Хэдийгээр хаягаа хааж үзэж, уучлалт гуйсан хэдий ч
бусдыг гүтгэсэн хэрэгт буруудан шүүхээс шийтгэл ногдуулсан юм. Манайд харин анхны
гомдлууд нь цагдаагийн байгууллагад очиж байх шиг. Нэг жиргээч А.Гансүх сайдын талаар
твиттерт бичсэнийг сайд гүтгэлэг гэж үзэн зохих байгууллагад нь хандаж улмаар түүнийг
гүтгэсэн нь нотлогдсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэгдсэн. Хэдийгээр гүтгэснийг
нь нотолсон ч хариуцлагын ямар тогтолцоо байгаа талаар юу ч дуулдаагүй.

Зөвхөн Монголынхоо жиргээний хүрээнд байдаггүй зарим жиргээч ярихдаа
“Манайхны жиргээ гэж монгол зан нь тэр чигээрээ үнэртсэн, хоосон хийрхэж шүүмжилсэн,
улстөржсөн зүйлс байх юм. Гадныхан танин мэдэхүйн чанартай, бусдадаа хэрэг болохуйц
мэдээлэл өгсөн зүйлс жиргэдэг”  гэцгээж байсан
билээ. Манай нэг жиргээч “Гагарины тухай кино гарлаа. Манай Гүррагчаагийн тухай
нэг ч дурдсангүй. Хамт ниссэн биз дээ” гэж бухимдан бичээд бусдаасаа банга дуулж
байгаа харагдсан. Юмаа мэдэхгүй хоосон хийрхдэг залуусаар дүүрсний нэг жишээ болов
уу. Дээрээс нь жиргээнд манай улстөрчид, өндөр албан тушаалтнууд олноороо бий. Тэд
яагаад ч юм жиргээчдийг тэр чигээрээ ард түмэн маань гэж ойлгоод байх шиг байдаг.
Мэдээж түмэн олны төлөөлөл мөн ч твиттерт саатдаггүйчүүд  монголчуудын үлэмж нь. Сүүлийн үед улс төрийн
намууд твиттерт бүлэг байгуулж, янз бүрийн нэрээр нам намаа хамгаалж, бусдыгаа үгүйсгэж
үүндээ бас санхүү төсөвлөх болсон гэдэг. Тэгэхээр өөрсдийгөө ард түмнийхээ дуу хоолойг
твиттерээр сонсдог гэж улстөрчид маань тайлбарлавал худлаа болов уу. Хуурамч хаягаар
нэг асуудлыг мянга давтаж үнэн болгож магадгүй шүү.

Одоогоос хэдэн жилийн өмнө хувьсгалыг гудамжинд биш гэрээсээ хийдэг
болсон талаар шуугиж байлаа. Үнэндээ ч Арабын хувьсгалыг нийгмийн сүлжээгээр хийж,
гэр гэртээ байсан олон залуусыг фэйсбүүкээр уриалсаар гаргаж ирж чадаж байв. Тухайн
үедээ баатарлаг явдал мэт, гайхалтай түүх мэт санагдаж байсан эргээд бодохнээ тэнд
юу болов. Цус нулимс, үхэл хагацал, ядуурал хоосрол, үнс нурам. Удирдагчдын дарангуйлал
тэднийг зовоож байсан гэх боловч тэр ард түмэн өнөөдөр юуг хожсон юм бэ гээд бодохоор
бас л харьцангуй ойлголт юм даа. Танкийн гинжний хяхтнаан, нисдэг тэрэгний нүргэлээн,
пуужингийн дэлбэрэлт үргэлжилсээр байна. Амьдрал мэдэхгүй залуучуудын хөөрөл, худлаа
донгосолт арай энэ бүгдийг авчирсан юм биш биз дээ. 2009 оны Үрэмчийн бослогыг гаргасан
залуус фэйсбүүкийг ашиглаж байсан болохоор Хятадад хаачихсан байгаа, мөн Египет,
Иран, Мавритан, Сири, Бангладеш, Мароккод ч хаасан.

Мэдээж, эдгээр улс шиг хаана гэж юу байхав. Гэхдээ хэлсэн үгэндээ,
бичсэн постондоо эзэн болохгүй, доромжлолоо шүүмжлэл гэж ойлгодог, бусдыг гүтгэдэг
гүжирддэг энэ байдалд ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол болохгүй байна. Хэн ч намайг
мэдэхгүй гэж хөнгөн бичсэн хурууны өндөгний цаана хүний амь амьдрал, улс орны тусгаар
тогтнол гэж байдаг юм шүү. Эрх чөлөө, тусгаар тогтнол, үзэл бодлын тухай ойлголтыг
шинээр эргэцүүлэх цаг болсныг жиргээчдийн үйлдэл харуулж байна. Энэ утгаар нь “Жиргээчдэд
талархъя”.

Ш.САНАА

Categories
мэдээ нийгэм

Кино театрт үндэсний кино 50-иас доошгүй хувь байхаар хуульчлав

Солонгосын савангийн дуурьт монголчууд  хэт автаж байгаа талаар шүүмжлэл өрнөдөг. Соёлын яамныхан үндэсний ухамсарт сөргөөр нөлөөлж мэдэх энэхүү байдалд анхаарлаа хандуулахаар шийдэв бололтой. Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газрын бямба гаригийн хуралдаанаар уг төслийг дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хуулийн төсөл батлагдсанаар үндэсний соёлыг хамгаалах хэрэгцээ өсч, үндэсний уран бүтээлчдийн эрэлт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ хэмээн тус яамныхан үзэж байгаа гэнэ.

Телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгох, хэрэглэгчийг үндэсний эрх ашиг, хэл, соёл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээлээр хангах, үндэсний соёл, зан заншлыг дэмжих зорилгоор хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан аж. Тодруулбал, Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Бусад Монгол Улсад бүртгэлтэй эфирийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Мөн кино театр, үзвэрийн цэгүүдийн дэлгэц тус бүрээр түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь 50-аас доошгүй байхаар тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

100 айлын гүүрэн гарц лифттэй болно

Нийслэлийн Авто
замын газраас Зам барилгын ажлын явцыг танилцуулав.

Хувьсгалчдын гудамж. Зурагтын шинэ эцсээс баруун тийш 2.4 км замыг өргөтгөн
хашлага суурилуулж, 3 цэгт зам доогуур ус зайлуулах хоолойг цутгаж угсраад
байна. Газар чөлөөлөлтийн асуудал энэ зам дээр анхаарал татаж байгаа хэвээр бөгөөд эзэмшигч
нь олдохгүй байгаа байшин, хашааг олон нийтэд зарлахаар төлөвлөж байна.
Тус зам дээр ус зайлуулах 4 дэх хоолойгоо угсарч байна.

Сэлхийн 4.5 км авто зам. “Пи Си Эф” ХХК он дамжуулан гүйцэтгэж
байгаа. Гэрээний дагуу Сэлхийн замыг энэ онд ашиглалтад өгнө.  Өнгөрсөн онд 1.7
км авто замыг хучсан бол энэ онд үлдсэн 2.8 км замын цементбетон суурь, асфальтбетон хучилтын
ажлыг хийхээр зам хаагаад байна. Замыг усалж тоосжилтоос сэргийлж байгаа бөгөөд 6 дугаар
сарын 30 хүртэл дээрх замыг гурав хувааж хаах болжээ.

100
айлын гүүрэн гарц.
Өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын дам нурууг байрлуулж, лифтийн суурь хийж байна. Явган хүнд зориулсан энэхүү гүүрэн гарцыг 6 дугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэж өгөх гэрээтэй бөгөөд ажлын явц 70 хувь байна. 
Бээжингийн гудамжинд ажил эрчимтэй
явагдаж байна. ШУТИС-ийн уулзвараас 11-р хорооллын уулзвар хүрэх авто замыг бүтэн хаахаар төлөвлөн ажиллаж байна. 6 дугаар сарын 13-ны 23:00 цагаас эхлэн
нэг сарын хугацаатай энэ замыг хаасан бөгөөд инженерийн шугам сүлжээний туннелийн
ажил хийх юм.
 Улсын баяр наадмаас урьтаж хойд урсгалаа шинэчлэн нээхээр төлөвлөж байгаа. Шугам сүлжээний туннелийн цементбетоны бэхжилтийн
хугацаанаас
шалтгаалан ийнхүү нэг сар хааж байна. 
120 мянгатын автобусны буудал дээр
баригдах явган хүний гүүрэн гарцын ажлын хүрээнд  шөнө 00:00-06:00 цагуудад зам хааж, гүүрэн гарцын дам нуруу байршуулах ажил хийхээр төлөвлөсөн. Гүүрэн гарцыг 6 дугаар сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн тээврийн үйлчилгээ бий боллоо

Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн иргэдийн хүсэлт, шөнийн цагаар зорчих эрэлт хэрэгцээг үндэслэн шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг  6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ. Эхний ээлжинд троллейбусны  ”Ханын материалын комбинат-Офицеруудын ордон”, их багтаамжийн автобусны “7 буудал-МУБИС” чиглэл, “Нисэх-МУБИС” чиглэлүүдэд нийт 8 тээврийн хэрэгсэл  22:00-02:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Харин том хүн 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино гэв.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Францчууд шинэ технологийн ачийг мэдэрлээ

ДАШТ-ий
дөрөв дэх өдөр гурван тоглолт болов. Энэ тоглолтуудын эхнийх нь шөнийн
00.00цагт эхэлсэн бөгөөд Швейцарь, Экваторын багуудын халз тулаан байлаа.

 Швейцарь-Эквадор 2:1 (0:1, 2:0)

Гоол:
0:1 – 22 Э. Валенсиа, 1:1 – 48 Мехмеди, 2:1 – 90 Сеферович.

Энэ хосын тоглолт эн тэнцүү өрнөж тооны харьцаа ч адилхан
дуусах тийшээ хазааж байсан ч сэлгээгээр орж ирсэн Сеферович “энхийн гэрээ”-тэй
санал нийлсэнгүй сүүлчийн хоромд гоол хийснээр “бяслагны эх орныхон” яллаа.

Франц
– Гондурас 3:0 (1:0, 2:0)

Гоол:1:0
– 45, торгуулын цох. Бензема, 2:0 – 48, автогоол Вальядарес, 3:0 – 72 Бензема.

Бенземаг
тогтоох хүч Гондураст байсангүй. Түүнчлэн энэ ДАШТ-д анх удаа шинэ технологийг
ашиглан гоол орсон эсхийг баталгаалж шалгав. Францын хоёр дах гоол орсон эсэх
талаарх мэдээлэл шүүгчийн бугуйнд байгаа цаг дээр секундын дараа ирж байгаа тул
урд цагийн маргаан ул болох үе иржээ.

Аргентин – Босни Херцоговин 2:1

Гоол:1:0 – 3, автогоол Колашинац, 2:0 –
65 Месси, 2:1 – 84 Ибишевич.

Аргентин
оруулсан бөмбөг нь илүү байсан уу гэхээс бусдаараа Боснигоос ялгарсангүй. Месси
анхны гоолоо хийлээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мэдмээр юм байна

Хүн бүр хуульч байх шаардлагагүй. Харин хуулийн наад захын мэдлэгтэй болмоор юм байна. “Таван сая фунт хожлоо” гэсэн захидал хүлээж авсан залуу 50 сая төгрөгөөрөө хохирсон талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн. Цаад нөхөр нь үнэмшил төрүүлэхүйц баримт харуулчихаад л татвар болох арван хувь, банкны данс нээх мянган фунт, банкны шимтгэл 12 мянган фунт явуул гэх мэтээр захидал илгээж мөнгө аваад байсан гэдэг. Хохирогч орлогоос нь татвар, шимтгэлийг суутгаад авдгийг мэдсэн бол юу гэж 50 сая төгрөгөө алдах билээ. Манай хуульд ч ингээд заачихсан байдаг. Дэлгүүрийн азтанаар шалгараад хожсон мөнгөө авахад арван хувийг нь татварт суутгаад авчихсан байдаг шүү дээ. Байгууллагаасаа 300 мянган төгрөгөөр шагнуулсан бол 270 мянга нь гар дээр нь ирдэг. Ийм энгийн зүйлийг анзаардаггүй, мэддэггүйгээсээ бусдад олз болж байна. Бас цаадах нөхдүүд “Шаардсан мөнгийг хугацаанд нь шилжүүлэхгүй бол Олон улсын шүүхэд хандана” гэж айлгадаг. Эх орондоо байгаа хүнийг гадаадын хуулийн байгууллага шалгах, байцаах бол эхлээд тухайн улсын хуулийн байгууллагаас албан ёсоор зөвшөөрөл авдаг. Өөрөөр хэлбэл, эхлээд манай улсын хуулийн байгууллага иргэнээ дуудаж асуудлыг тодруулдаг. Энэ мэт энгийн зүйлсийг мэдмээр юм байна шүү. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

“Цэцэг” төвийн уулзварын хучилтыг хийхэд бэлэн болжээ

Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх бүтээн байгуулалт өрнүүлж буй “Гудамж” төсөл энэ онд нэлээд олон чиглэлд шинээр зам барихаар төлөвлөж, зураг төсөл, бэлтгэл ажлуудаа хийж байна. Эдгээрээс тун шинэлэг нэг санаачилга нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалтай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудыг холбосон 0.45 км шинэ зам барих ажил юм. Тэгвэл тус уулзварын шинэ замын суурийн үе шатны ажил дуусч, хучилт хийхэд бэлэн болжээ.

Энэхүү шинэ замыг барьснаар Цэцэг төв болон Нэгдүгээр сургуулийн урд байгаа гурван замын уулзварууд дөрвөн замын уулзвар болж, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний замууд шууд холбогдох шинэ сүлжээ үүсч замын хөдөлгөөний ачаалал буурах боломж бүрдэх юм. Ингээд энэхүү ажлын явцын зургуудаас сонирхуулъя.